2021年4月21日水曜日

Гоё уу?

Энэ гурван номыг саяхан биш ээ, 3 сарын сүүлээр гартаа оруулсан. 

Зургийг нь бас ингэж авсан нь учиртай. Том дэвтэр, Гурав дахь худал, Нотолгоо, Бичиг үсэггүй хүн, Амраг зэрэг номыг орчуулсан, нүүр номын найз Доржийн Болортуяа эгч Мэнд-Оёо гуайн гурван номыг ингэж улаан туузаар уяад, хажууд нь ваартай цэцэг тавиад авчихсан, нүүрномдоо оруулсан байхаар нь шар гозойгоод. Ха ха. 

Аймар шартай байна уу? Шартай, шуналтай хүн чинь шууд захиж авчруулаад, ингээд зургийг нь авчихсан. Хааяа шунал чинь их зүгээр юм билээ. Ккк. 

Үнэндээ цаг нь их гоё тохироод оо. Үргэлж намайгаа баярлуулж номоо захиарай гэдэг нэг эгч бий. Тэр эгчдээ л эрхэлж, гурван ном захьсан хэрэг. Монголоос ирэх тул, шуудангийн төлбөр энэ тэрийг нь бодоод би цөөхөн ном захьсан. 

Нэг хүнд байнга тэгж төвөг удах чинь бас муухай шүү дээ, тийм ээ? Түүнээс зөндөө л ном гарч байна цаана чинь. Зургийг нь хадгалсаар...

Ном авмаар байна аа гэвэл зөндөө хүн авч өгнө л дөө, гол нь нааш нь явуулах л жаахан тийм байна. Онгоц бага, ирж очих хүн танихгүй гээд л. Хил гааль нээгдэхээр бүр анаж байгаад бүгдэд нь нэг нэг ном захих юм шөө. Ккк.

Та нар сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай, эртхэн хэлчихье. Хо хо.

За гайхуулж бичихэд нэг иймэрхүү. Хи хи. 

За баахан ккк, хо хо, хи хи гэж инээсэн бичлэг болчихлоо. ХА ХА гэж хөхрөхөөсөө өмнө өндөрлөе дөө. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年4月20日火曜日

Ойрын сонин сайхан

Онц сонин зүйлгүй ээ. 

Энэ сарын эхэнд оюутан зулзагаа гаргаж өгснөөс хойш нэг их өөрчлөлт алга. Угаасаа сүүлийн нэг жил өрөөндөө бүгж, хичээлээ хийж байна гээд, байгаа үгүй нь мэдэгдэхгүй л байсан болохоор. Хэ хэ. 

Худлаа худлаа өрөө нь хоосон оргиод эвгүй л байна. Дунд зулзагаа ор гэсэн чинь одоохондоо ээж аавтайгаа цуг баймаар байна гэсэн. Тэгэхээр нь нэг их хүчилсэнгүй. Ээж хааяа орж ном уншиж байгаа. Ширээг нь ашиглаж. 

Аан тийм орыг нь бас ашиглаж хагас бүтэн сайн гэх мэт амралтын өдөр бага зулзагаа унтуулж байгаа. Гол нь орхиод явсан томоо гэгч pooh баавгай байгаад, тэрийг нь дүү нар нь орж ноолж байгаа. Байхад нь айгаад чаддаггүй байсан юм. Ккк.

Ингээд харахаар айлын томууд жаахан ааштай тийм ээ? Би ч бас ааштай л байсан. Миний юманд зөвшөөрөлгүй гар хүрвэл за тэгээд бас л дөвчигнөж өгдөг байлаа. Ха ха.

Номын санг нь цэгцэлж өөрийн ганц нэг номоо оруулж өрлөө. Гэхдээ тувт япон ном. Дунд зулзага нэг их удахгүй тэр өрөөнд эзэн суух тул бас номноос нь оруулж өрлөө. Харри Поттерийн хэдэн ном, толь бичиг гэх мэт.

Ээжийн монгол номнууд тусдаа тавиуртай, нэг жижиг буланд нь бурхан тахилын жижиг булан бий. Нэг их шүтдэггүй ч, хааяа нэг маань уншина аа уншина, яаж зүгээр байхав. Хи хи.

Бага зулзагын ном бас арвижиж байна аа. Эгч нараасаа өвлөж авсан дуут номнуудыг ихэнхийг нь нугасаар нь салгасаан. Энэ эрэгтэй хүүхдийн чинь гар хөл арай чанга байдаг уу? Эсвэл санаа дагаад байна уу? 

Бид хааяа нэг оюутан зулзагатайгаа лайн гээч эндхийн цахим сүлжээгээр ярьж байна. Аав нь голцуу оройтож тараад буй тул ярьж амжихгүй, ээжээс сураг ажиг сонсоостой. 

Дүү нар нь эгчийнхээ царайг харж жаал баясана. Бага дүүгээ л санаж байна, бусдыг нь бол нөү шүү дээ гэсэн. Гомдмоор уу? Хэ хэ.  

Ойрд гэрийнхээ нөөтбүүкийг асаахгүй байгаа тул, блогоо ч бичихгүй байна. Урд нь улаан идэвхи байж тийм ээ? Тэгж байгаад онгод буух байх аа. Хоёр ч ном уншаад дууссан. 

Гуравдахаа, дөрөвдөхөө уншиж байна. Тэгж байгаад зураг орууламз. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年4月13日火曜日

Бялуугаар бялхсан сар 2

Бялууны зурагны үргэлжлэл шүү. СБА шүү таминь ээ.Сүүлд дурсаж байх гэж оруулж байгаа юм шүү. Хэ хэ. 

Ажил дээр идсэн бяслагтай бялуу. Би ихэвчлэн чокотойг иддэг. Энэ удаад жаахан өөрчилж үзсэн. Тун дажгүй.

Үүнээс би идээгүй. Миний оронд оюутан зулзага, дунд зулзага хоёр идсэн. Оюутан зулзага яваагүй байсан. Ажлын газрынханд минь нэг амттан авж ирж, жаахан байхаас минь харж хандаж тусалдаг байсанд баярлалаа гэж хэлээд явсан. 

Нээрээ л анх сургуульд элсэн ороход нь ээж энэ ажилдаа орж байсан. Зуны болон өвлийн амралтаараа ажил дээр минь ирж даалгавраа хийдэг байсан. Сэтгэл санааны болон бас бус зүйлээр их л харж ханддаг байлаа. Буянтай сайхан хамт олон шүү. 

Их сургуульд тэнцсэн гэж Сүхбаатар өвөө, шавь өвөө хоёр барьж ирсэн. Хөөрхөн. Ёстой бахархаж байна, монгол дахь эмээ өвөө нар нь тэнцсэн их сургуулийг нь хэр зэрэг мундаг гэдгийг мэдэх үү? Хэлсэн үү? гэж ирээд л миний өмнөөс онгироод байсан. Хи хи. 

Та нарын хорхой хүрч байна уу? Хэ хэ. Энэ сараас гайгүй, элдэв амттан идэх нь гэж бодсон ч үгүй бололтой. 

Энэ мэтчилэн бид чинь эргэн тойрныхоо их олон хүмүүсийн дэмжлэгээр хүний газар эх орныхоо нэрийг нэг их өндөрт өргөөд байхгүй ч газар дор ортол нь шороотой гутгалгүй, эгэл жирийн эгэл борхон амьдарч байна дөө гэж.

Амттан бичлэг хэсэгтээ үргэлжлэх байх шүү. Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2021年4月9日金曜日

Бялуугаар бялхсан сар

3 сар ёстой нэг бялуугаар бялхсан сар байсан. Дунд зулзага, бага зулзагын төрсөн өдөр. Оюутан зулзагын төгсөлт, их сургуульд тэнцсэнийг тэмдэглэж найзууд, танилуудын барьж ирсэн бялуу.  

Энэ болохоор ажлын газрын нэг хятад хүүхэн гэрээрээ Токио нүүж байгааг тэмдэглэж идсэн бялуу. Корона гээд энд тэнд бөөнөөрөө сууж идэж ууж болохгүй болохоор ажил дээрээ ингэж бялууддаг болсон.

Үүнийг хөдөөний эмээ минь өгсөн. Бид оюутан зулзагаа явахаас нь өмнө гээд хөдөөх эмээ өвөөд нь очиж уулзуулаад. Цаг сайхан бол монгол дахь эмээ өвөөд нь бас очмоор л байдаг.

Үүнийг суугуул хотын минь ганц монгол найз авчирч өгсөн. Оюутан зулзагат минь баяр хүргэж. Бусадтай нь уулзах биш дээ ямар. Хөлөө олоод, унаа унштай болохоороо тэгээд таг болдог юм дөө. 

Ирээд удаагүй байхад нь бүх л зүйлд нь явж өгдөг байлаа гэж. Сайн сайхан яваа бол болох нь тэр дээ...

За тэр ч яахав. Бялуу ярьж явсан хүн шүү би чинь. Хэ хэ. Их олон бялууны газар байдаг гэдгийг мэдэж авлаа. Бид гэрийнхээ ойрхон гурав дөрвөн газрыг нь л мэддэг, ганц нэг мэддэг хол газар луу  нь явдаггүй л болохоос.

За энэ бичлэг үргэжлэлтэй шүү. Сонирхолгүй бол алгасана биз дээ? 

Түр баяртай, бүгдэд нь амжил хүсье.

2021年4月7日水曜日

Сакүра

Жил бүр сакүра цэцэгддэг дээ, бид. Энэ жил элдэв ажил ихтэй, гэрээрээ тухтай цэцэгдэх зав гарсангүй. 

Машинаараа зугаалахдаа л харж баяссан. Оюутан зулзагаа явахын урд өдөр жил бүр очиж зураг авдаг газраа очиж зулзагуудынхаа зургийг дарж амжсан. Хань ижил ажил ихтэй тул ирж амжаагүй. 

Ганц нэг зураг оруулах гээд л оршилдоод байгаа шүү. СБА. хэ хэ. 

Энэ бид зугаалах явцдаа машины цонхоо онгойлгож байгаад дарсан зураг. Хөдөө явах замд.

Ажлын газрын хойд хаалганы хажууд байдаг сакүра. Гэснээс энд корона нэмэгдээд, хойд хаалгаа хаачихсан. Урд төв хаалгаар орж гарахад бас хөөрхөн цаг аваад байх юм өө. Үнэн залхуу, тавхан алхам л илүү алхах газар л даа уг нь.

Орой, харанхуй болохоор дэнлүү асаана. Бас л сэтгэл хөдөлгөм шүү. Хосууд зугаалбал рамаанчик. Би ч хойд урдах 60 чавганцын ажилдаа санаа зовоод, хурдхан шиг харих минь гэж бодоостой л явсан.

Уламжлал болгож зураг орууллаа. Хагдраад эхэлчихсэн байна лээ. Чадвал энэ хагас сайнд хоёр зулзагаа дагуулаад нэг голын эргээр алхах санаатай. Тэнгэр хангай ямар байх нь уу?

За бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2021年4月3日土曜日

Толин дахь ганцаардлын ордон

Ойрд номны зураг оруулаагүй байна тийм үү? Их ажлын хажуугаар бас болоогүй ээ, монгол япон хольж уншаад л яваа шүү. Гол нь бичих завдал болдоггүй. Оюутан зулзагын ачаа барааг янзлах, явуулах, ганц нэг үлдээсэн зүйлийг нь хурааж цэгцлэх гээд л гэрт ажил мундахгүй юм өө. 

Өнөөдөр хагас сайн, аяга борголоо хийж уунгаа бичих санаатай. Энэ 2 сард уншиж эхлээд 3 сарын сүүлээр дуусгасан. 

Хааяа жаахан үглэхээрээ 
-Би номоо уншмаар байна аа?
-Унших хурдаа нэмэгдүүлээч.
гэсэн охид. 

Эх хэлээрээ хурдан л уншдаг л даа. Гадны хэлээр яаж ч хурдан унших гээд чадахгүй байна л даа. Мэдэхгүй ханз, үг, хэллэг таарна. 

Сүүлийн үед харьцангуй бага таардаг болсон л доо. Урд нь харсан нэгийгээ хоолтойгоо холиод идчихээр ямар хэрэг байхав. Дахин дахин сөхөж хардаг ханз ч байна. Хэ хэ. 

За оршил их урт болчихлоо. Энэ ном нь 2018 оны "Номын дэлгүүрүүдийн нэрэмжит шагнал"-ын тэргүүн байрыг эзэлсэн ном. 2019, 2020 онуудын тэргүүн байрны номнуудыг уншаад зураг оруулсан санаж байгаа биз дээ? 

Агуулга нь их хөөрхөн санагдсан. Дунд сургуульдаа ямар нэгэн шалтгаанаар явж чадахгүй болчихсон, явахыг хүсдэггүй 7 хүүхдийн тухай гарна. Нэг өдөр өрөөнд нь байсан толь гэрэлтэж, толинд уусан, нэгэн өвөрмөц ордонд ирчихдэг. Тэгээд л өдөр бүр шахуу тэр ордондоо очно, хоорондоо найзууд болно. 

Сургуульд явахгүй болсон шалтгаанууд нь бүгд өөр өөр. Ар гэрийн нөхцөл байдал, сургууль дээрх таагүй явдал гээд л. Хамгийн сонирхолтой нь тэд ихэнх нь шахуу өөр өөр цаг үед амьдарч байсан хүүхдүүд болж таарсан. Ганц нэг нь л нэг үеийнх. 

Төгсгөл хэсэгт учиг нь тайлагдаж, бүгд сургуульдаа эгэн явах шийвдэр гарган, өнгөрсөн үеэс ирсэн нь сургуулиа төгсөөд, эргээд сургуулиас завсардах гэж байгаа болон завсардчихсан хүүхдүүдэд тусладаг ажил эрхэлдэг болсон байдаг. 

Том зулзагаа дунд сургуульд байх үеийг эргэн дурсан дурсан уншсан. Ер нь дунд сургуульд байхдаа хүүхдүүд их сэтгэл санааны өөрчлөлтөд орж, нэгнийгээ дээрэлхэх, бөөрөлхөх зэрэг зүйл ажиглагддаг юм билээ. 

Мөн ганцаардах, дүрсгүйтэх, уурлах, уцаарлах гээд л янз бүрийн ааш авир гаргадаг үе нь. Энэ үед эргэн тойронд нь ойлгодог, ярилцдаг найзууд, томчууд байх ёстой юм гэж энэ номыг уншаад бүр ч ихээр ойлголоо. 

Зохиолчийн нэр Цүжимүра Мизүки. Он жав юм билээ. Дуртай хүмүүс их байдаг гэнэ. Би эндхийн яг тэрний зохиолчид дуртай гэсэн зүйл байхгүй, олдсоноо л уншаад байдаг хүн. Дараагаар бусад ганц нэг номноос нь авч уншина аа. 

Энэ жилийн шагналт байрын эзэн удахгүй тодорно. Тэр шалгарсан номыг бас авч уншиина даа. Уншигдах ном их, унших би ганц болчихоод л байгаа болохоос биш. Хэ хэ. 

Хэлтэй устай хүмүүс уншмаар санагдвал авч уншина биз дээ?  Нэг их суртэй танилцуулга хийлгүй, ингэсгээд л орхичихдог болсныг минь мэдэж байгаа тийм ээ? Байнгын уншигчид минь. Хи хи. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年4月2日金曜日

Их сургуульд ороход 5

Удаан алга болсонд уучлаарай. Оюутан зулзагаа дагаад золтой л их сургуульд орчихсонгүй. Хэ хэ. 

Оюутан зулзага минь "Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү эрдэм өвөртөлж ирнэ" гээд ниссэн шөө. 

Угтаа бол ижий аав нь цугтаа яваад, хичээлийн нээлтэнд нь очдог гэсэн. Муухай вируснээс болоод хөөрхий зулзагаа ганцааранг нь л явуулчихлаа. 

Гол нь буцаж ирээд 14 хоног гэртээ сууна, ажилдаа явахгүй байх гэдэг нь асуудал болоод. Би конкурсны үеэр цугтаа явсан даа. Ирээд 14 хоног гэртээ суусан. Яахав гадуур дэлгүүр хоршоо орно л доо. Ажилдаа л явахгүй. Хи хи.

Өнөөх гайхал зардлын талаарх бичлэгээ үргэлжлүүлэх санаатай. Урт настай удаан жаргалтай зардал шүү. 4 жил үргэлжлэнэ гээд бодохоор ч...

Унааны зардал талдаа 10500 иен болсон. Дотуур байрныхаа сэнпай нарт гээд нутгийн амттан авсан. Мөн манай ажлынханд "Жаахан байхаас минь л харж ханддаг байсанд баярлалаа, талархлаа" гээд амттан авч өгсөн. Нийлээд 5000 иен болсон.

Урьдчилан том жижиг нийлсэн 4 хайрцаг шуудандсан. Өнөөдөр өглөө нэгийг хань ижил аваад гарсан. Одоо бас нэг дунд зэргийн хайрцаг бий. Маргааш шуудандана. Гуталнууд. Ээжээс олон гуталтай ч байх шиг. Ха ха. Хань ижилд 10000 иен өгсөн. Түүгээрээ л явуулаад байгаа. 

Айхтар том нүүдэл суудал гэж зардал гараагүй тулдаа бас ч гэж энэ төрлийн зардал хэмнэгдсэн. Шуудан зэргийн зардал бол хамгийн хямддаа орно гэж мэд, журмын олон нөхөд минь. Ккк.

Аан тийм, зун болохоор зуныхаа хувцаснуудаас авна гэсэн. Шууданг мэдээж ээж төлнө. Хэ хэ. Байгаа олон хувцсыг нь явуулна, учир нь илүү дутуу хувцсанд мөнгө битгий зараасай, уул овоо шиг хувцсаа хараад яг одоо яаралтай хэрэггүй шүү дээ гэж бодог гэж бодоод байгаа. 

Түүнээс тэндээсээ авчихгүй юу гэж хэлэх байх л даа. Мэдээж охин хүүхэд, чамин ганган зүйл хараад авах л байх л даа. Түүнийг үгүйсгэхгүй. Гол нь хэмжээ дамжаатай байвал гэж санаад л...

Хөнжил гудас, цээж зураг, бас нэг зүйлийн шимтгэл гэх мэт жижиг сажиг мөнгө 10000 иен.

Инээдтэй нь явахын урд өдөр цээж зураг хэрэгтэй гэнэ, нэг шимтгэл төлөх ёстой гэж утасдсан гэх мэтээр ажил их байлаа. Гол нь өөрийнх нь буруу, бичиг цаасаа сайн хараагүй, нэг л их тэнцсэн гээд шоудсан хүн байсан тул. Дуугай байсангүй, бага зэрэг үглэсэн. 

Гэрээс гараад иймэрхүү зүйлээ өөрөө хариуцаж явна, ээж аав а б-гүй тэгсэн үү? ингэсэн үү? гэхгүй бла бла. Толгой дохиж л сууна лээ, хөөрхий минь.

Болоогүй ээ, тэр их ажлын хажуугаар бас сакүрадаад амжсан. Хань ижил ажил ихтэй, их оройтоод байгаа тул бусад гишүүд л цэцэг харж баяслаа. 

Орой нь аавыгаа эрт гарч ир гэж утасдаад, гадуур хооллочихсон. Ээж жаахан залхуураад. Хи хи. 

Аан тийм, хагас жилийнх нь төлбөрийг дансанд нь хийсэн. Шимтгэл төлж байхаар гэж бодоод. Шимтгэл нь ижил банк хоорондоо шилжүүлэх болохоор хямд л даа. 100 иен. Хо хо. 

100 иен ч гэсэн хэмнэнэ гэж үзнэ шүү дээ, энэ ээж. Дуслыг хураавал далай. Хагас жилийн төлбөр нь 283000 хавьцаа. Наана нь үрчихгүй байгаа гэж санаа зовж энэ тэр. Гайгүй байгаа? 

Би чинь энэ тал дээр туршлагатай хөөн. Төлбөрөө тушаачихаарай гээд өгөөд явуулсан, өгсөн гэж хэлсэн, төгсөлтийн шалгалтанд оруулахгүй байна гэж уйлж хаа байсан гадаадад байгаа над руу уйлж утасдсан. Би энэ холоос яалтай тийм ээ? Ха ха.

Одоо ч тэр жилийн энэ асуудал бүрхэг хэвээрээ. Оньсого таагдаагүй. Ха ха. 

За түр баяртай. Амьсгаа авахтайгаа болж л байна. Ойр ойрхон бичихийг хичээнэ ээ. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年3月22日月曜日

Их сургуульд ороход 4

Зардлын тухай үргэлжлэл шүү. 

Энэ амралтаар үрсэн мөнгөө тайлагнах гээд. 

Сургуулиас нь баахан л бичиг цаас ирсэн юм. Түүн дотор хослол авахад 20 хувь хямдрах бичиг байсан. Элсэлтэндээ өмсөнө, төгсөхдөө ажлын ярилцлаганд орохдоо өмсөнө гэнэ. 

Банзал, пиджак, хар гутал авлаа. Гутал нь хальт өсгийтэй. Залуухан хүүхнүүд ажилдаа өмсдөг, даруухан ч загвар нь нэг их таалагддаггүй надад. Тэгсэн том зулзага нэг хөөрхнийг олоод өмсөөд үзэж байна шөө. Тэгээд л авчихлаа. 

Нийт 22000 иен болсон. Цагаан сорочкон цамц аваагүй байгаа. Тун удахгүй авна. Хэ хэ. 

Үсний сэнс, индүү авсан. Өөрийнхөө мөнгөөр. 7000 иен болсон. Өөрт нь баяр хүргэж хүмүүсийн өгсөн мөнгөнөөс. Нэг мээмчик, турсик авсан. Өөрөө төлсөн. Ээж дотроо баяртай байлаа. Хэ хэ. 

Хамгийн том наймаа нь юу гээч. Ноотбүүк, принтер, флаш, анагаахын мэргэжлийн хэд хэдэн толь бичиг бүхий бяцхан тархи толь бичиг. Өөр юу юу байсан бэ?

Эхлээд л принтер энэ тэрээр яадаг юм, нетээс гайгүй ноотбүүк, толь бичиг хараад захиалъя гээд л үглэж үглэж, хань ижилтэй хагас сайнд цахилгаан барааны дэлгүүр ороод. 

Байнга шахуу ордог цахилгаан барааны дэлгүүрийнхээ, очих бүртээ элдвээр шалгаадаг залуугаасаа асуулаа. Их сургуулиас нь ирсэн каталогио үзүүллээ. Цаашаагаа яваад л, шалгаад л судлаад л байсан. 

Ирснээ "ер нь их сургуулиас нь заасан зүйлсийг авсан нь дээр юм байна. Нарийн ширийн үзүүлэлт нь маш өндөр юм байна. Гадуур бол нэг их зарагддаггүй, зүйлс байна." гэв ээ. 

Үргэлжлүүлэн "Ёстой мундаг их сургууль байна, анагаахын салбар гэхээр мэргэжлийн үг хэллэг нь ч чухал байх, энэ заасан үнэ нь ерөнхийдөө барагцаа байна." гэлээ. 

Маргааш нь захиалгын сүүлийн өдөр байсан тул, орой нь том зулзагатаа бууж өгөөд, захиал л гэлээ. Өнөөх чинь шоолоод л жуумалзаад л аавдаа ховлоод байсан. Хо хо. 

Би өөрийгөө өмөөрөнгүй "Хорвоогийн бүхэл ээжүүд ийм, ийм үнэтэй, их мөнгийг чинь нэг дор гаргах гэж байгаа юм чинь дув дуугай байна гэж байхгүй" л гэлээ. Миний зөв биз дээ? Журмын олон нөхөд өө. Хи хи. 

За тэгээд хэд болсон гэж бодож байна. 318000 хавьцаа болсон. Хүргэлтийн төлбөр энэ тэр багтаад. Шууд дотуур байрандаа хүргүүлнэ. Эндээс авч явах, дахин шуудангаар илгээх гэж бүр л илүү зардлын нэмэр. 

Яг одоогоор үүнийг төлөөгүй байгаа. Эд юмс нь очсоны дараагаар төлөх юм болов уу? Ямартай ч эндхийн шуудан банкаар төлөх юм гэсэн. 

Ирэх долоо хоногт үүрнээсээ нисэх хүртлээ дахин хэдийг үрэхийг би таашгүй. Өө тийм, унааны зардал нь үлдсэн байна. Мөн сар бүр төлөх байр, ус тог гаазных нь мөнгө үлдсэн. 

Очоод, хэрэгтэй зүйлсээ бичээд явуулаад байх юм гэсэн шөө. Бурхан гончигсумъяа миинь. 

Өө тийм, анагаахаас бусад салбар нь харьцангуй бага байдаг юм билээ, элдэв даатгал, сурах бичиг энэ тэр нь. 

За тэгээд монголд байдаг улсууд төгрөгөөр үржүүлээд тооцно биз. Эндхийн ээж аавууд мөнгөө цуглуулж эхлээрэй. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт. 

2021年3月19日金曜日

Их сургуульд ороход 3

Энэ удаад эцэг эхийн хамгийн их сонирхдог сэдэв байх тийм үү? 

Японд нэг хүүхэд төрүүлж өсгөөд, эрийн цээнд хүргэхэд гарах зардал их өндөр байдаг тул цөөн хүүхэдтэй байх нь их. Төрөлтийн тоо цөөрөөд, хүн ам багасаад байна гэж их ярьдаг. 

Зардлын хувьд үнэн бололтой дог шүү. Цэцэрлэг нэлээд үнэтэй, бага дунд сургууль төлбөргүй, гэхдээ хоолны бас бус сурах бичгийн мөнгөө төлдөг. Ахлах сургууль төлбөртэй, улсын сургууль харьцангуй гайгүй. Мөн дүрэмт хувцас, сурах бичиг, бас бус зардалтай. 

Дээрх бол нэг дор бөөн бөөнөөрөө урсаад явах нь гайгүй байсан. Хичээлийн эхэнд мэдээж дүрэмт хувцас, сурах бичиг гээд зардаг ч үсрээд л 100 мянган иенд багтсан санаад байна. 

Гэтэл их сургуульд орох болсон яаж байна? Ахлах сургуульд байхдаа орохыг хүсэж буй их сургуулийнхаа загвар шалгалтыг өгөхөөс эхлэнэ.Том зулзага 2 шалгалт өгсөн, яг одоо орох гэж байгаа тэнцсэн их сургуулийнхаа. 2 удаагийнх нийлээд 10 мянга хавьцаа болсон. 

Бүртгэлийн мөнгө. 2 их сургуульд бүртгүүлсэн. Нэг нь л гэхэд 20 мянга хавьцаа. Үүнд материалаа баталгаат шуудангаар явуулах зардал орсон байгаа. Ерөнхийд нь базаад биччихлээ. 20 мянгаа хоёроор үржүүлээд 40 мянга. 

Эхний шалгалт орон нутагтаа болдог юм билээ. Үүнд мөнгө төллүү? Яалаа мартсан байх чинь. Дараа асууж лавлаад нэмж бичнэ ээ. 

За их сургуульдаа очиж өгөх шалгалт. Унаанд 47 мянга. Ээж цуг явсан тул хоёр хүний ирж очих зардал.

Буудаллах зочид буудлын мөнгө. Хоёр хүний 40 мянга. 2 өдөр ч болов чимээгүй орчинд байж байгаад конкурсаа өгөг гэж бодоод тусдаа өрөө захиалж орсон. Тэгэхгүй бол гэрт бид амандаа ус залгичихсан юм шиг байна гэж байхгүй тул.

Тэнцсэн. Эндээс ажил ундарна. Хэрэв тэнцээгүй бол өнөөх хоёр дахь их сургууль руугаа явдаг. Ингэвэл мэдээж энд бичигдэж буй зардал нэмэгдэнэ. Харин дээр бүртгүүлсэн 20 мянган иен бол тэр сургуульд хандив болчихож байна гэсэн үг. Хэ хэ. 

Элсэлтийн мөнгө бараг 300 мянга. Үүнд өөрсдөө төлж авахаар ирдэг бас бус бичиг цаасны зардал, шуудангийн мөнгө гэх мэт орсон.

Дотуур байранд тэнцсэн. Хэрэв тэнцээгүй бол гадуур үнэтэй байр хайна. Азаар бид бас л энэ зардлыг хэмнэлээ. Дотуур байр харьцангүй хямд. 

Дотуур байранд тэнцэнгүүт бас баахан бичиг цаас ирнэ. Элдэв янзын даатгал, өдрийн хоолны талон, сурах бичгийн мөнгө гэх мэт нийлээд 200 мянга. Өдрийн хоолны талоноо хамгийн багыг нь л захиаллаа. Өдрийн цагаар сургуульдаа хоолоо иднэ. Энэ нь бас мөнгөний хэмжээтэй. Охин хүүхэд тул багаар л тогтоолоо. Хэ хэ. 

Өө тийм, тамга хийлгэсэн. Өөрийн нэр дээр данс нээхийн тулд. 3300 иен.

За дээрх зардлуудыг нэмээд гаргахаар 627,300 иен болж байна. 

Үүн дээр төв газраас ирэхдээ багш нартаа, бас бус дэмждэг хүмүүстээ нутгийн бэлэг авсан. Төв газар өдөр оройн хоол гээд тансагласан. Нэг өмд, нэг цамц авсан. 

Эдгээрийн мөнгөө нэмээд 655,000 гэж тооцлоо. Он гараад өнөөдрийг хүртэл бид ийм хэмжээний мөнгө үржээ. Хэ хэ. 

Одоо цаана нь сургалтын төлбөр, сар бүр төлөх байр, ус тог гааз, өглөө оройн хоол, нөөтбүүк, мэргэжлийн үг хэллэгтэй цахим толь бичиг. Нээлтээрээ өмсөх хослол, үсний сэнс, их сургууль руугаа явах унааны зардал, араас нь явуулах хэд хэдэн хайрцагны шуудангийн мөнгө гэх мэт үлдсэн. 

Энэ тухай бас тусад нь бичнэ ээ. 

Тэгэхээр зөвхөн их сургуульд оруулж, үүрнээс нь нисгэхийн тулд дор хаяж 1 сая 500,000. Чадвал түүнээс дээш хадгаламжтай байх шаардлагатай байх нь ээ.

Ингээд бодож сууна. Ямар азаар хол зайтай төрүүлээ вэ ? гэж. Ойрхон бол сэхэл авч чадалгүй л дараагийх нь их сургууль гээд явах нь байна шүү дээ гэж. 

За японд сурах, сургах сонирхолтой хүмүүс багцаа авна биз дээ. Энэ улсын сургууль тул хямддаа орно шүү. Хувийн сургуульд орох гэж буй бол үүнийг 2 эсвэл 3-аар үржүүлж бодох хэрэгтэй гэсэн шүү. 

За тэгээд том маамаатай ээж аавуудаа амжилт хүсье. Түр баяртай.

2021年3月18日木曜日

Төгссөний дараа

Энэ удаагийнхаа бичлэгээр ахлах сургуулиа төгссөн хүүхдүүдийн тухай бичнэ ээ. 

Эндхийн сургууль цэцэрлэгүүд дотоод дүрэм журам ихтэй, чанга байдаг. Жишээ нь үсээ будаж болохгүй, хумсаа будаж болохгүй. Чихээ цоолж болохгүй. Охидын банзлын урт өвдөгнөөс ялимгүй доош байх ёстой ч гэдэг юм уу? 

Өөр чинь юм билээ? Төв газраар охидын дүрэмт хувцасны банзал нь богино байвал тэр нь сургуулиасаа гарангуут банзлаа дээш нь шуучихдаг шиг байна лээ шүү. Хэ хэ. 

Арван жилд байхад ангийн хэсэг охид бас тэгдэг байсан. Тухайн үедээ аальгүй охид л тэгдэг гэж боддог байлаа. Одоо ч бас адил дөө. Эндхийн гуя хасаа гайхуулсан зарим нэг охидыг хараад тэгж боддог. Ингэж бичээд ялгаварласан хэрэгт орох вий дээ. Хо хо. 

Оршил нэг иймэрхүү. Том зулзага үсээ арай ч будчихсангүй. Хэ хэ. Харин чихээ цоолуулсан. Эмнэлэгт 3000 иенээр цоолдог юм байна. Энэ мөнгөө өөрөө гаргасан. Өөрт нь баяр хүргэж мялаасан мөнгөөр. 

Хүмүүс хэрхэн баяр хүргэж, мялаадаг тухай дараа бичнэ ээ. 

Мөн сургуулийн чанга дүрэм журмаас ангижирсан охид, залуус ёстой л уяа нь алдуурсан нохой гэдэг шиг, шоуддаг бололтой. 

Том зулзагын ангийн нэг охин караокед орж үзээгүй гээд оюутан болоод явахаасаа өмнө найзуудтайгаа орж, доторх засал чимэглэл, дуугаа захиалах арга зэргийг мэдэж авна гэсэн гээд хамтдаа нэг өдөр караокедсон.

Мөн боулинг тоглосон. Хэ хэ. 

Хувцаслалт нь бас чөлөөт хувцас их болж ирсэн чинь хувцасгүйгээ гайхсан хүн байна. Урд нь дүрэмт хувцсаа өмсчихдөг байсан тул их амар байжээ. Одоо ойрхон гарсан ч чөлөөт хувцас, шкаф дүүрэн хувцаснаас нь өмсөх юм олдохгүй гэх мэт. 

Охин хүүхэд юм даа аргагүй гэж л бодож сууна даа. 

За том зулзагатай эцэг эхүүд минь хичээгээрэй. Амжилт хүсье. Түр баяртай.

2021年3月16日火曜日

Их сургуульд ороход 2

Энэ удаад эцэг эхийн зүгээс юу бэлдэх, анхаарах талаар товчхон бичнэ ээ. Улам дэлгэрүүлж мэдмээр байвал өөрсдөө нетээс сайн хайж унш, орохыг хүсэж буй их сургуулийнхаа цахим хуудсаар сайн зочил гэж хэлнэ дээ. 

Мэдээж эхний удаадаа бол хүүхдээ сайн сонсох, ямар чиглэлээр явах хүсэлтэй байгааг нь асууж, ярилцах. Танд таалагдахгүй ч хүүхэд чинь сонирхож байвал хүндэтгэн сонсох, ярилцах. 

Нэг их хүчээр биш ч номын сангаас, зурагт болон бусад мэдээллээр ирээдүйд эрэлт хэрэгцээ ихтэй ч юм уу, хүүхдэд чинь таарч тохирох байх гэсэн ажил мэргэжлийн талаар ном товхимол зэргийг санамсаргүйгээр нүдэнд нь өртөхөөр, сонорт нь хүртэхээр байлгах. 

Өөрөө уншиж үзэх, судлах. Уншихгүй байсан ч уншиж буй дүр эсгэх хэхэ. Би бол сүүлийнх нь байсан шөө.

За тэгээд хичээлээ хийхэд нь саад болохгүй байх. Бүхий л зүйлээр нь дэмжих. Гэрийн ажилд ч бага оролцуул, бага хийлгэ. Хэ хэ. Харин наана нь бол сайн хийлгэж сурга, зааж өг. 

Төгсөх ангид нь л юу ч битгий хийлгэ. Яахав өөрөө хийх хүсэлтэй бөгөөд, хичээл гэрийн ажил хоёрыг зохицуулж чадаж байвал хамаа алга, хийлгээрэй. 

За тэгээд мөнгөө сайн хэмнэ. Бүр тусад нь нэр дээр нь данс нээж сар бүр хадгалдаг бол бүр сайн. Би энд тэгж данс нээгээгүй л дээ. Яахав байнга гүйлгээ хийгддэгээс тусдаа, тэр бүр салбар нь олон биш банкинд хадгаламжийн данс нээгээд, хадгалдаг байсан. 

Аан тийм зулзагууд бага үед бол сайн цааш нь хийдэг байсан. Томрох тусам, гэр бүлийн гишүүд нэмэгдэх тусам цааш нь хийж хадлагалах тоо багасна. Бүр боломж ч гарахгүй. 

Сүүлийн хэдэн жилд бол бид хадгаламжийн данс руугаа нэмэх нь битгий хэл, авах нь олшрох тийшээ байсан. Тэгэхээр зулзагуудаа бага дээр нь сайн хадгал гэж хэлье дээ. 

Тансаг хэрэглээг тана!!!

Эцэст нь хэлэхэд хүүхдээ аль болох бага байхад нь сайн тулж ажиллаад, ширээний ард хэдэн цагаар ч хамаагүй хичээлээ нухаад суудаг болгоод сургачихсан байхад болох юм шиг санагдсан. 

Одоо хоёр дүүтэй нь тулж ажиллах л үлдлээ. Дунд зулзагаа сууж сургах нь эхний шат. Бага зулзага одоохндоо хөдөлж л байг. Ккк.

За дараагийн бичлэгт юу юунд хэдэн төгрөг зарж буй талаар бичнэ ээ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年3月14日日曜日

Их сургуульд ороход

За юуг их анхаарах вэ гэхээр? Их л эртнээс чиглэлээ сонгоод, бэлдээд, хичээлээ хийгээд явах ёстой шиг байна. Хүүхдийн хувьд. Бүр дунд сургуулиас нь бага багаар чиглүүлж өгсөн. Өгсөн ч гэж дээ, багш болон сургуулийн үүрэг асар өндөр байсан.

Өөрийн сонирхол, нийгмийн эрэлт хэрэгцээ гэх мэтийг ерөнхийд нь сургууль чиглүүлээд өгчихсөн. Том зулзагын хувьд. Ээж аав хоёртой бол "Тэгвэл ямар уу? ингэвэл ямар уу?" гэж хальт асуух, тандах маягтай л ярилцсан. 

Өөрийнх нь сонголтыг хүндэтгэн, ганц нэг санал бодлоо бол хэлсэн. Түүнээс учиргүй тэг ингэ гэж заагаагүй, зааварлаагүй. Өөрийн л амьдрал, өөрийн сонголт учир, сүүлд өөрөө л хариуцлагаа үүрнэ гэдэг хандлагатайгаар хандлаа би ч.

Сүүлийн нэг жилийн хугацаанд бол гадуур дотуур нэг их зугаалалгүй, тэнэлгүй, сургууль-гэр-тооны нэмэлт хичээл гэсэн маршрутаар л явлаа. Ашгүй гэх юм уу? Корона гарч, орж гарах дуртай ээж аавын үйлдлийг ч хянаад, томоотой болгож өгсөн. Хэ хэ. 

Бэрхшээлийг боломж гэж харна гэдэг нь энэ үү? Одоо юу гэх үү? Ха ха. 

Мөн манайхаар ирэх дуртай өвөө эмээ нарыг ч энэ корона бас хязгаарлаад. Гэхдээ энд, конкурсны зулзагатай айлаа маш их хүндэтгэж хүлээж авдаг гэж хэлсэн дээ. Хичээл хийхэд нь саад болж орж гараад байхгүй, эсрэгээрээ чимээгүйхэн дэмжээд явдаг. 

Үүдний бариуланд шинэхэн талх, шинэхэн өөрсдөө хийсэн бялуу гэх мэт зүйлсийг өлгөчихөөд л яваад өгнө. Явсынхаа дараагаар мэссэж бичнэ. Тэгэхээр хэнээс ирж гэдэг нь мэдэгдээд, баярласнаа хэлнэ. Хи хи. 

Манай хөдөөгүүр ийм байлаа. Хот газрынхныг сайн мэдэхгүй шүү. Том том орон сууцныхан чинь хөршүүдээ мэдэхээ байсан гэж ярих юм билээ. 

За тэгээд хүүхэд л их мэрийж, мэдээлэл сайтай, зорилготой, их суудаг байх ёстой юм байна шүү. Номтой, сурах бичигтэйгээ сайн нөхөрлөх. 

Бас нэг том нөлөөтэй санагдсан зүйл нь багшийн нөлөө. Том зулзага дунд сургуульд байхдаа хими физикийнхээ багшид дуртай байлаа. Ахлах ангид ороход анги даасан багш нь тооны багш байлаа. Мөн л энэ багшдаа хайртай дуртай байлаа. 

Ингэж багшдаа дурлах нь хичээлдээ дурлах, тухайн хичээлээ хийх, шамдахад асар их нөлөөлдгийг энэ удаагийн туршлагаараа мэдлээ. Одоо хоёр дүүд нь бас ажиглалтаа хийгээд, багшийг нь муулалгүй, эсрэгээрээ магтаад, ээж нь ч хайртай шүү багшид нь гээд явна даа. Хо хо.

Өөр нэг хүчин зүйл бол ээж аавын үндсэн чиг хандлага. Зөв л байх ёстой санагдлаа. Өөрсдөө үг үйлдэл буруу бол хичнээн хүүхдэдээ зааж зөвлөөд бол нэмэргүй тийм үү. Түүнээс ээж аав нь бас заавал толгойтой, мундаг их сургууль төгссөн байх албагүй. Амьдралын үндсэн чиг хандлага, гэртээ зулзагууддаа үзүүлэх үлгэр дуурайлал зөв байх. Ккк. 

Хань ижил бид хоёр энд хүмүүс шиг мундаг их сургууль төгсөөгүй, мастер доктор хамгаалаагүй. Хүмүүсийн шуугиад байдаг шиг том том газарт ажилладаггүй. Эгэл жирийн ажил л хийдэг, ажилчин анги өө...

Аая өөрсдийгөө магтчихлаа. За яахав ээ яахав. Тэгж яривал японд их дээд сургууль төгсөөд харьсан хоёр дүү найзууд утасдаад "Яаж та хоёр шиг болох уу? Хүүхдээ японы их сургуульд, япон хүүхдүүдтэй өрсөлдүүлээд тэнцүүлчихдэг" гэж магтсан шөө. Хи хи. 

Мөн конкурсны маамаа нарт зөвлөхөд ээж аавыгаа бодож байна гээд, тэр байнга шахуу явагддаг их дээд сургуулийн төлбөртэй шалгалтнаас хойш сууж болохгүй. Хэрэгтэй гэсэн ном сурах бичиг байвал нэрэлхэлгүй хэлээд авахуулж байх. 

Асуух зүйл байвал сэтгэгдэл үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр үргэлжлүүлнэ ээ. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年3月12日金曜日

Гүзээлзгэнэ

Төв газрын амттан. Шалгалтаа өгчихөөд том зулзага бид хоёр бага зэрэг санаа амраад, амттан идсэн нь гэдэг зураг. Хэ хэ. 

Төв газраар яваад байна гэдэг маань конкурсаа өгөх гэж явсан юм аа. Гадарлаж л байсан байх тийм ээ? Зарим нэг уншигчид маань. Хариу энэ тэр гартал нь нууц байлгах санаатай л. 

Тэгсэн мөртлөө бас бичээд л. Яг яах гээд байгаа юм тийм эээ?  Хэ хэ. 

Явсан газрын төвөөр гүзээлзгэний баяр болоод, олон газар гүзээлзгэнэтэй амттан гаргасан байсан. Хүүхнүүд л болсон хойно, амттанаас буцахгүй...

Ингээд тавьчихаар идмээр санагдана биз дээ? Гэснээс суугуул нутагт минь ч гэсэн гүзээлзгэнэ улирал нь. Жаахан үнэтэй л болохоос дэлгүүрүүдэд их зарагдаж байна аа. Гэхдээ төв газрынхыг бодвол хямд шүү. 

Бид сая төрсөн өдрөөр авч идсэн. Бага зулзага нугасгүй. Дуусахаас нь өмнө гээд л авч идээд байсныгаа түр зогсоосон. Элсэлтийн мөнгө энэ тэр гээд л мөнгө их урсаж байгаа болохоор. Хи хи. 
Амттай байсөөн. Гүзээлзгэнээ дангаар нь идэх нь илүү эрүүл, биеийн минь хаа нэгтээ өөх болоод наалдчихгүй гэж мэдээд байгаа хэрнээ л иймэрхүү амттан олоод идчихдэг ээдээ энэ хүүхнүүд үү? 

Дараагаар нь хөвсгөр болсноо гайхаад л тийм ээ? Ха ха. 
Миний идсэн амттан. Хажуунаас нь дарсан байдал. Гайхуулчих уу? Ккк. За за тоглосон юм аа, гайхуулаагүй шөө. Амттан хийдэг хүмүүс байвал санаа аваарай л гэж. 

Ажлын газрын маань амттан хийдэг хятад ажилтан байдаг гэсэн дээ. Иймэрхүү амттаны зураг их авдаг юм билээ. Санаа авах гэж тэр гэсэн. Хааяа хажуугаар нь өнгөрөхөөр амттаны зураг энэ тэрийг нетээр шалгаж харагддаг юм.

Тэгээд хийдэг хүмүүст иймэрхүү зураг шинэ санаа оноо өгдөг юм байна гэж ойлгосон. 

Их ажлынхаа хажуугаар бас блогоо бичих гэж хичээж байгаа шүү. 
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.