2023年6月30日金曜日

Норгой

Өнгөрдөг жил авсан номнуудаасаа бага багаар уншиж л байна гэсэн дээ. 

Ойрдоо гэхдээ жаахан хойрго байна. Ажил ихтэй, сэтгэл санаа тэр ажлаа бодож, ярих зүйлээ төсөөлж...

Ямартай ч энэ сонирхол татаад байсан номоо эхлүүлээд орхилоо. Байнга цүнхэлж яваа. 

Нэг хэсэг баахан мөнгө уншсан чинь мөнгө зүүдлээд болох юм биш. Ха ха. Арай хийж жаахан мөнгөтэй болохоороо ном авчихаад, юун хуримтлал үүсгэх. 

Гэснээс энд ирчихсэн 3 ном, монголд эзэндээ ирэх гээд хүлээж буй 8 ном байна. Арай л уу? Гэхдээ бүр аймар улсыг бодвол маш бага юм билээ. Огт уншдаггүй хүний хажууд бол гололтгүй гололтгүй. Хэ хэ. 

Норгой гэж зохиолын гол баатрын нэр. Бас л жаахан юмтай гар шиг санагдаад байгаа, одоогоор. Хи хи. 

Эргэн тойрных нь бас цоо эрүүл бол бас шиг. 

Бас их орчин үеийн хэллэгтэй таарна. Уншаад юу билээ? гэж гайхна. 
 
Норгойгийн дотор их олон дүр оршдог. Тэдгээр нь Норгойд их үглэнэ ээ, өөр өөрийн өнцгөөсөө харж. Тэр олон дүрийн үглэл дунд санаа нийлэх үглээтэй их таарна өө, уншигч би. Инээдтэй. 

Бас нэг хөөрхөн нь Норгой танил, найз нөхдөө дан хочоор нь нэрлэнэ. Гаднах дүр төрх, эрхэлж буй ажил, зан чанараар нь нэрлэчихнэ. 

Сүүлийн үед л нэг их хоч өгөхгүй байгаа байх тийм ээ? Хүүхдүүд, томчууд хоорондоо. Дээхэн чинь хөдөөний хүмүүс бол бүгд л шахуу хочтой, түүгээр нь хүмүүс анддаггүй. Жинхэнэ нэрийг нь бараг мэдэхгүй...

Үйл явдал бол нэлээд орчин үеийн үйл өрнөнө. Норгой дотроо боло бичих дуртай, хүмүүсийн хэлдгээр маанаг ч юм шиг нэгэн. Анхны хайр гэдэг нь сайн мэдэгдэхгүй ч дурлаж, үерхэж явсан бүсгүй нь гэнэт алга болчино. 

17 жил түүнийгээ хүлээнэ. Гэнэт өнөөх нь гарч ирнэ. Биес рүүгээ тэмүүлнэ. 

Зохиолд гардаг дүр бүр их өвөрмөц. Зэвүүн нь ч бий, овсгойтой нь ч бий. Өрөвдмөөр нь ч бий...

За тэгээд үйлд явдлыг яриад өгчихөөр онцгүй тийм үү? Уншмаар байвал өөрсдөө олж уншина биз дээ? 

Миний хувьд дажгүй л санагдсан. Тархи амраасан, уран зохиолын ном байсан тул. Хэ хэ. 

Заавал нэг зүйл хэрэгжүүлэхгүй бол болохгүй, энэ их зүгээр ишлэл байна энэ тэр гэж тэмдэглэж барихгүй, амар. Хо хо. 

За түр баяртай. 7 сардаа гялалзуулаад өгөх юм шүү, номнуудаа. Өрсөлдөгч чинь наадмын, ойн хуушуур эргүүлж суухад, би ч номнуудаа машиндана аа. Ха ха. 

Ингэхэд надад өрсөлдөгч бий билүү? Байхгүй байхгүй, би ч хүнтэй өрсөлдөхгүй... Зүлгэн дээр гэрээд бариад зүгээр л нэг амьдармаар байна. 

Энэ олон инфлүүсерүүд ядардаггүй юм байх даа тийм ээ? Зарим нь ч учиргүй амьдрал заасан улс байх юм өө. Насыг нь харахаар би түүнээс "аниа" байх жишээний. Ккк. 

Бүгдэд нь амжилт хүсье.

2023年6月29日木曜日

Эрвээхий цахирмаа

Гоёмсог цэцэг тийм ээ. Энд тэндхийн нээлт, тансаг үйл ажиллагаанд их харагддаг юм. 

Дээхэн байнга үйлчлүүлдэг нэг хятад хүүхэн авчирч өгөөд, бид хэсэг баяссан юм даг.

Бүтнээр нь дарав. Сүүлийн үеийн зураг дарах нэг дадал маань цэцэгсийг холоос бүхэлд нь нэг авна. Ойртуулж татаад нэг авна. Аминдаа амьдаар нь мэдрүүлчих санаатай. Хэ хэ.

Ойртуулж дарсан байдал. Дэлбээнүүдийх нь бүтцийг тодруулах санаатай. Анх энэ цэцэгтэй таарчихаад хиймэл юм болов уу? гэж бодоод сэмээрхэн имэрч үзсэнээ тод санадаг. Хэ хэ.

Тэр хажуугийн чимэглэлүүд асар том үүрэгтэй. Тансаг цэцэгнүүдийг улам үзэсгэлэн гоо болгоно. Үүнийг нь цэцэгт дурлаачид андахгүй. 

Суралцмаар санагддаг ч, одоохондоо хэмнэлтийн горимд буй тул бусдын бүтээлийг харж өөрийн мэлмий болон нүүрномын хэдэн найзуудынхаа мэлмийг баясгаж байна. 

Амьд цэцгийн сургалтанд явахад хөөрхөн төлбөртэй, дээрээс нь материалынхаа мөнгийг өөрөөсөө гаргана. Хөөрхөн үнэтэй...

Түр баяртай. 6 дугаар сар өндөрлөх нь дээ, бүгдэд нь амжилт хүсье.

2023年6月24日土曜日

Өвөөгөөр дайлуулсан нь

Эдний зарим нэг өвөө аягүй дожтой тийм ээ. Жимд явчихна, шар айраг уучихна. 

Энэ 7 сард монгол явах юм. Сүүлийн минь удаа байх, уулзмаар байгаа ганц нэг бүсгүйчүүд байна өө, хэл залгуулаад өгөөч гээд. Тэгээд яахав холбогдож, хэл ус авалцаж, уулзах ам мөчгийг нь авчихаад, өвөө дээр очиж хэлээд. 

Тэгэх далимдаа халбага шар айргаар дайлуулчихаж байгаа юм. Гэр ойрхон тул алхаад очсон хэрэг. 

Очно шүү гэж өмнө нь залгасан юм. Тэгсэн сашими, сүши аваад бэлдчихсэн. Шар айраг нь ч яахав байнга шахуу л хөргөгчинд нь байдаг байх. 

Оронгуут шууд л ууна биз дээ? Гэхээр нь нэрэлхсэндээ "жаа" л гэсэн. Ха ха. 

80 гарчихсан өвөөд бас муугаа үзүүлмээргүй байна шүү дээ, тийм үү? Монгол хүн байна даа. Монголчууд архи сайн даадаг гэсэн нэр нүүрийг нь өндөрт өргөж явах гэж чармайх юм даа...

За тэгээд наргиа шүү дээ, уух дуртай юм гээд загнаад унав даа. Халуун байсан юм аа, амны цангаагаа л тайлсан шүү ухаантай...

Яаж зүгээр байхав, хадуурсан. Ха ха. 

Багад, аав уухаараа хадуурдаг байсан юм. Одоо миний энэ хадууралт тухайн үеийнхний хадууралтыг бодвол хөөрхөн, градус нь шалихгүй. Гээд барьцаад уугаад байхгүй юу? Ккк. 

Гэснээс эдний өвөө нар уугаад л. 

Монголд бол өнөө хэдийгээ ууж болохгүй шүү, бага шиг уугаарай, даралт энэ тэр чинь өндөр шүү гэж байнга үглэх жишээний. 

Эргэн тойронд настай хүн өвдөж хавдахаар айх юм өө. Эхнээсээ ч тэгээд бие бие гэдэг болж байна өө. 

80 настан бууралд уруу татагдаж халбага гар айраг ууснаа өнгөтөөр өгүүлсэн бичвэр төгсөв. 

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2023年6月23日金曜日

Морьтны хишиг явганд

Хүүе ээ, бүгд сайн биз дээ? Би болон манайхан сайн. 

Ажил алба гээд л явцгааж байна. Яаж зүгээр байхав, бага зулзага хоолойгоор илэрдэг зуны ханиад хүрээд амжсан. Бүлээрээд хоёр хоног ээж хүү хоёр амарсан. Хаа очиж хүнд тусаагүй, нэг л өдөр бүлээрсэн. Англи нэр нь herpangina. Япон нэр нь зуны ханиад гэсэн. 

Өвөл нь тусаагүй ханиадаа зун нь зооглочихдог янзын улсууд шүү. Энэ гэхдээ нэлээд хоногийн өмнөх явдал аа. 

3-4 хоног халуурах тохиолдол байдаг гэхээр нь тийм олон хоног уу? Ажил төрө, амралтын тоотой хэдэн өдөр минь дууслаа шүү дээ гэж бодоод амжина аа, эмнэлгийн танхимд. Хэ хэ. 

Хавар нэг хүн монголоос ирээд нэг япон хүнд өгсөн шоколат нь бидэнд хүрээд ирсэн. Бодвол идмээргүй санагдсан байх. Нэлээд настай улс л даа. Тэгээд эрүүл мэндээ бодоод, нэг бол биднийг монгол хүмүүс юм чинь монгол амтаа амсаг гэж бодов уу? Хэ хэ. 

Чацарганатай "Алтан говь". Дажгүй л дээ, надад бол нялуун. Намайг хар, элдэв хольцгүйд дуртайг мэднэ тийм ээ? 

Баглаа савны асуудал дажгүй л болж ирж байна тийм ээ? Бэлгэнд өгөхөд нүүр улайхааргүй...
Дотроо ийм хуванцар тасалгаатай. Цөөхөн хүнтэй албан газарт, айлд бэлэглэхэд дажгүй. 

Ганц хазахад ийм. Чацаргана амтагдсан байх аа. Сайн санадаггүй ээ. Хэ хэ. Нялуун байсныг нь л тод санаад байдаг. 

Би монголоос иймэрхүү амттан огтоосоо захьдаггүй ч худалч хүнд сардаа нэг ингээд идчихээд байдаг амны хишигтэй хүүхэн шүү. Хи хи. 

Болоогүй ээ, сүүн дарс гэсэн архитай. Сүү гэж байна шүү дээ, ууяа гэсэн чинь хань ижил "Биш ээ, шимийн архийг хэлээд байна аа" гэсэн. Тэгэхээр нь авдартаа хийчихлээ. Хо хо. 

Дараа нэг уух дуртай өвөө нартайгаа уулзахдаа авч явж амсуулна аа. 

За түр баяртай. Салхи оруулах санаатай, гялс сараачлаа шүү. 

Бүгдэд нь амжилт хүьсе. 

2023年6月14日水曜日

Гарьхан цэцэг

Уламжлалт бичлэг шүү. Энэ жилийн 6 сарын цэцэг болох гарьханыхаа зургийг оруулав. Барын чих билүү? гэж хэлэх тохиолдол ч бий гэсэн. 

Энд тэнд алхаж явахдаа дарсан зураг. Жил бүр очдог цэцэрлэгтээ очиж амждаггүй ээ. Яаж ийгээд л ажил гарч ирээд. Гандахаас нь өмнө очиж зургаа дарна аа. 

Бас л өвөрмөц өнгөтэйнүүдтэй нь таарлаа. Энд тэнд гудамжинд л ургаж байх юм. Зарим нэг айлын гадаа ч ургах юм. 

Саяхан очиж идэж уусан айлын ширээн дээр хүртэл чимээстэй байсан. Гадаах цэцэгнээсээн тайрч аваад л вааранд хийчихсэн, ширээ бол ургаад л өгнө биз дээ. 

Би энэ цэцэг ногоо тарих ажлаас их хөндий байна аа. Тэтгэвэрт гарахаараа л... Ха ха. 

Энд тэнд хүмүүсийн цэцэг навч, ногоо цагааны ажил эхлээд, завгүй байх шиг...

Зуны амралт эхлээд хүүхдүүд л зугаатай байх шиг. Энд болоогүй ээ, дахиад сар хагасын зай байна. Их л ядарсан хүн орж ирээд цүнхээ нуруунаасаа авбуу үгүй юу шууд л хэвтэж харагдах юм. 

Унтав аа гэж үглээд л байж байна. Хоёрын хооронд унтчихаар шөнө нь нойр нь хүрэхгүй, өглөө сэрэхгүй...

Халаад ч эхэллээ, борооны улирал ч эхэллээ. Чийгтэй, бүгчим халуунаас зугтаад эх орондоо харьчихаад ирэх юм сан. Энэ МИАТ-ынхан үнээ бага зэрэг хөрсөн дээр буулгахгүй юм байх даа? 

За түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2023年6月12日月曜日

Хөдөлмөрийн хичээл

Бага байхад хөдөлмөрийн хичээл гэж ордог байсан даа. Цагаан цавуугаар туйлдаг охин байлаа шүү дээ. 

Гарынхаа алганд нимгэхэн гэгч нь түрхэж байгаад хатахаар нь хуулж авдаг, арьс хууларч байгаа юм шиг санагддаг байж билээ. 

6 сарын эхний хагас сайнд бага зулзагын алба нь "нээлттэй хичээл" зарлаад. 

Хүүхдүүдийн өдөр тутамдаа хийдэг зүйл, гаргаж буй ааш зан, өсөлт дэвжилтийн тухай яриад. Дараагаар нь цугласан ээж аавтайгаа хамт тусгайлан бэлдсэн цаасыг хайчлаад, нэг удаагийн цаасан тавган дээр наагаад бүтээл туурвих. 

Санаа аваад, гэртээ хийж үзэв. Баахан цаасны өөдөс, оригами өнгөт цаасаа яаж ашиглахаа мэдэхгүй байсан юм. Хааяа л ганц нэг онгоц нугалж өгөөд, нинжагийн од нугалж өгч тоглохоос өөр юм мэддэггүй хүнд ёстой хөөрхөн санаа байлаа. 
Мөн гэрт яваад л байсан, хаяж чаддаггүй ийм зүрхэн хэлбэртэй цаасан тавгийг ашиглав. 
Яг өнгөн тал нь ийм хөөрхөн гүзээлзгэний зурагтай. Ээж уг нь арын цагаан хэсэгт нь цаас наалгах гэсэн юм. Нээлтэй хичээл ч бас тийм л байсан. Тэгсэн зөрүүд зулзага ийм том том хайчлаад, нөгөө талд нь наасан. Заримдаа зөрж үнэхээрийн чадаад байна, миний тэвчээрийг шалгаж байна. Ха ха. 

Оригами цаасыг бол гялгар, гялгар бус зэргийг тоож байгаа ч юм алга. Үнэн өөртөө итгэлтэй хайчлаад, наасан. Сүүлд бас зөндөө л цаас хайчилсан. Би асар их тэвчээр зааж, хайран юм гэж үглээгүй. Хи хи. 
Ийм цоолтуураар гаргасан 3 янзын дүрс ийх байна өө. Охидтой хамт хийгээд хадгалж. Заримдаа охид найз нөхөддөө захиа занаа бичих, ханын сонин гаргах зэрэгтээ ашигладаг байлаа. 

Эрэгтэй хүүхэд барагтаа л ашиглахгүй байх, тийм үү? Дурлаж бариад захиа бичихдээ ашиглах юм болов уу? 

Аминдаа дэлгүүрээс бэлэн зэлэн юм авч байхаар, гарын дорх материал ашиглаг гэж боддог юм. Тэгээд л баахан цаасны өөдөс хадгалаад, заримдаа цааснуудаа харахаараа чухам хаядаг баатар болсноо тэгээд л чадахгүй. Ха ха. 

Нэг иймэрхүү 6 сарын эхний хоёр долоо хоногийн хагас бүтэн сайныг энэ мэт маягаар цэцэрлэгийн багшийн ажил хийлээ. Боддог юм, монголд буй хамаатныхаа жаахан маамаа нарыг цуглуулаад нэг мөсөн л цэцэрлэгийн багш хийчихмээр. Хо хо. 

Би тэдгээр жаалуудыг зугаацуулж байх хооронд ээж аавууд нь ажлаа амжуулаад л. Мөрөөднө өө өнөөх чинь...

Номын сан орж эгчийн захиалсан нэг номыг, баахан үлэг гүрвэлийн номтой зээлж ирсэн юм байна. Өөртөө ном зээлээгүй, гүрийсэн. Нэг зээлсэн номоо уншчих санаатай уужуу тайван...

За тэгээд жаахан маамаатай ээжүүд аавуудад амжилт хүсье. Түр баяртай.

2023年6月9日金曜日

20 хүртлээ уншсан байх

Сүүлийн үед заавал уншсан байх ёстой номын жагсаалт их гарсан даа. Уншаад байгаа хэрнээ л ганц нэгхэнийг нь л уншсан байдаг юм. Хүмүүс яаж амьдраад байна аа гэдэг шиг, энэ хүмүүс яаж уншаад байна аа?

1. Jonathan Livingston Seagull. Richard Bach

2. The Little Prince. Saint-Exupery.

3. Толгодын дээрх үүл. Шиба Рёотароо.

4. As A Man Thinketh. James Allen. (ジェームズ・アレン:「原因」と「結果」の法則)

5. Totto-chan's Children. Kuroyanagi Tetsuko (黒柳徹子:窓ぎわのトットちゃん)

6. マザー・テレサ: 愛のことば.

7. Алхимич. Пауло Коэльо.

8. 住井すゑ:橋のない川.

9.宮沢賢治:銀河鉄道の夜.

10. Sherlock Holmes. Canon Doyle.

11. 梨木香歩: 西の魔女が死んだ.

12. 日本戦没学生記念会編:きけ わだつみのこえ.

За энэ Хонда Кений санал болгосон номнууд шүү. Уншсан нь ганцхан. Хэ хэ. Зөндөөг л зөвлөмөөр байвч үлдсэнийг нь цахим хуудаснаа танилцуулав гэж бичсэн байна лээ. Би орж үзэж амжсангүй ээ...

Дараагийн номнууд бусад томчуудын санал болгосон номнууд. 

1. 「ユダヤ人大富豪の教え」本田健

2. Баян аав ядуу аав. 

3.  「人を動かす」デール・カーネギー

4. 「思考は現実化する」ナポレオン・ヒル

5. Алхимич.

  「道は開ける」デール・カーネギー

6. 「竜馬がゆく」司馬遼太郎

7. 「ソース」マイク・マクマナス (Sourse гэдэг ном.)

8. 「きっと、よくなる!」本田健

  「情熱思考」是久昌信

   「ザ・シークレット」ロンダ・バーン(Нууц)

Залхуураад англи нэрийг нь оруулсангүй. Цаг их авах юм. Өөрийнх нь бичсэн хоёр ч ном байна. Эдгээрээс уншсан нь 2. "Алхимич", "Нууц". 

Нууц номыг маш эрт уншиж байсан юм. Одоо ч мартаж дээ. Ямартай ч бодол бодлоо дагадаг гэсэн утгатай байсан санаад байна. Талархах, баярлалаа гэж хэлж байх, өөдрөг байх, хүний сайн сайхныг олж харах гэх мэт санаа агуулсан шиг санаад байна. 

За ингээн нэгэн мөлжүүр сайтай номыг ёстой жинхэнэ дуусгалаа. 10 хэдтэй дүү нар минь орж ирж уншвал заавал хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Хэзээ нэгэн цагт үр ашгаа өгөх болтугай. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2023年6月8日木曜日

Багадаа хийх байж гэж харамсдаг зүйл?

Өмнөх уншсан номны арын хуудсанд байсан асуултын хариулт.

Томчуудаас багадаа буюу 10 хэдэн насандаа ингэдэг байж, тэгдэг байж гэж боддог зүйл юу вэ? гэдэг асуултын хариуг хамгийн өндөр санал авсанаар нь доош нь жагсааж бичлээ шүү. 

1. Дурлах, хайрлах, үерхэх. Бүтэлгүй дурлал ч үүнд багтана. 

2. Гадаад явж үзэх. Аялах, сурах гэх мэт.

3. Дотны найзтай болох. Харилцан мөрөөдлөө ярилцдаг, мэдээж заримдаа хэрэлдэж муудалцдаг. 

4. Ном унших. 

5. Дуртай зүйлээ олж, түүндээ улайран зүтгэх.

6. Олон зүйлийг оролдож үзэх. 

7. Цагийн ажил хийх үзэх.

8. Олон хүнтэй уулзаж, ярилцах.

9. Ганцаараа аялах. Гадаад, дотооддоо аль нь ч хамаагүй. 

10. Англи хэлийг сайн сурах. 

11. Мөнгөний талаар судлах, суралцах. 

12. Сайн дурын үйл ажиллагаанд оролцох.

      Ээж аавдаа талархах. 

14. Спортын дугуйлан гэх мэтэд идэвхитэй оролцох.

15. Хангалттай тоглох, зугаацах. 

      Хичээж мөнгө цуглуулах.

      Эмээ өвөөтэйгөө ярилцах.

Гэж бичсэн байна. 13 гэсэн тоо алга. Мөн 12,15 дугаарт байгаа зүйлс нь адил тооны саналтайгаар жагссан байна. 

Хамгийн гол нь зулзагууд томчууд ийм зүйлд харамсдаг байх нь, ингэж боддог байх нь гээд санаа аваад хэрэгжүүлдэг бол сайхан аа. Даан ч, "яагаад хүчлээд байгаа юм? Яагаад тулгаад байгаа юм? Яагаад итгэхгүй байгаа юм?" гэж ирээд л өөдөөс цор цор хийдэг болсон. 

О.зулзага арай ч ийм хэлэмгий доломгой байгаагүй санагдаад, нэг эхээс төрсөн байж бүгд л өөр өөр гэж хүмүүсийн ярьдгийг одоо өөрийн биеэр амсаад л сууж байна дөө. 

Гэснээс би бас багадаа тэгдэг байж, ингэдэг байж бодох зүйл ихээ их. Жишээ нь энэ англи хэлийг сурдаг байж, үерхэл, спорт. 

Одоогийн өндөрлөгөөс маш их харамсаж буй нь "мөнгө, санхүүгийн тухай мэдлэг". Хамаагүй мөнгө үрэхгүй байх, хэрэггүй зүйлээ худалдаж авах гэж улайрахгүй байх, мөнгөө гамтай хэрэглэх, мөнгө хадгалах". 

Маш томоотой дүрмүүд байгаа биз? Мөнгөө гамтай хэрэглэх гэдэг сургаалиас нь өөртөө хэрэгтэй зүйлдээ ч хааяа мөнгө зарж мэдэхгүй байх жишээний. Хамгийн тод жишээ гэвэл эмэгтэйлэг сүнсээ алдчихсан, будаг шунханд мөнгө зарж мэддэггүй. Ха ха. 

Орой нь угааж арилгах гэж бөөн ажил, тэгснээс будах хэрэг байна уу? гээд тоохоо болиод удаж байна өө. Будахаасаа илүү арилгах нь чухал гээ биз дээ? Хэ хэ. Хумсаа ургуулж мэддэггүй, хумсны будаг шал дэмий зүйл санагддаг болоод удаж байна өө. 

Хадгаламж сайн? Хадгалж хадгалж байснаа "жаахан өвдсөн, жаахан хэцүүдсэн" гэсэн хүмүүс мөнгө асуухаар нь юу билээ? гэж хүн чанар зулгаагаад өгчихдөг. Буруу юм гэдгийг тээр хойно өгчихсөн хойноо ухаараад, өөртөө хэрэглэнэ гэж ам тангараг өгөх нь холгүй, тэгснээ баахан ном л худалдаж авдаг. Ха ха. 

Яахав мөнгөө хэмнэх үүднээс болсон болоогүй элдэв зүйл худалдаж авах нь багассан. Минималист чиглэл рүү явж байгаа хэдий ч зулзагууд жаахан болохоор, одоохондоо хэрэгжүүлэхэд хэцүү. 

Номын жагсаалтыг нь дараагийн бичвэрт шүү. Нэг дор бичихээс залхуу хүрээд байна өө. Хэ хэ. 

2023年6月7日水曜日

10 насандаа хийх 17 зүйл үргэлжлэл 4

11. Насан туршдаа нөхөрлөх найзтай болох.

Найз болгон чамд аз жаргалыг хүсдэг үү гэвэл үгүй. Хүний зүрх сэтгэл гээч нь их сонин. Бусдад аз жаргал хүсэхээр бүтээгдээгүй байдаг. Найз чинь амжилттай бөгөөд аз жаргалтай байвал чи түүнийг нь хараад сэтгэлээр унах, атаархах, өөрийнхөө чадахгүй байгаад гутрах, өөрийгөө буруутгах зэрэг үйлдэл нь их байдаг. 

Ялангуяа 10 хэдэн насанд бол тэр бүр найздаа аз жаргалыг хүсээд байж чаддаггүй, хэцүү зүйл. 

Тийм ч учраас ямар нэгэн баярт явдал тохиолдоход найз чинь санасныг бодоход нэг их баярлаагүй бол хэт шоконд ороод хэрэггүй.

Мэдээж олон хүн дотор үнэхээрийн гайхалтай хүн бий шүү. Чиний амжилт, аз жаргалыг найз чинь жинхнээсээ баярлан хүлээж авч, хуваалцаж байвал тэр найзыгаа алдаж болохгүй.

Анхнаасаа миний найз юм чинь намайг хүндлэх ёстой, надад эелдэг сайн хандах ёстой гэж хэт их хүлээлт, итгэх юм бол сүүлд хууртагдсан мэдрэмж авах тохиолдол гарч ч мэднэ. 

Энэ нас бол өөрийнхөө тухай л боддог, өөрийгөө яая гэж байдаг тийм нас учраас "найз минь юм чинь тэгэх ёстой, ингэх ёстой" гэх үзлээсээ болоод бухимдах, найздаа хууртагдсан мэт мэдрэмж авах болдог. 

Дунд, ахлах, их сургуульдаа сайн найзтай болох тохиолдол 10-хан хувь л байдаг гэж томчуудын дунд явуулсан судалгаа харуулдаг. Хэрэв олж авч чадсан бол нөхөрлөлөө улам бататган, цэцэглүүлээрэй. 

Мөн найзуудын ятгалгаар "болчимгүй" зүйл хийх тохиолдол их байдаг. Олноороо доргиод, чи тэгж чадах юм уу, хамтдаа тэгье л даа, гэх мэт хөөрсөн, онгирсон сэтгэлээр буруу зүйл, ичгэвтэр зүйл хийгээд, дараагаар нь эвгүй байдалд орох, бүр хамаг хариуцлагыг нь чи үүрэх хэрэг ч гарч магад. 

Ийм үед болгоомжтой хандах хэрэгтэй...

12. Дурлах, хайрлах. 

Хэн нэгэнд дурлах, хайртай болох нь гайхамшиг. Хэн нэгэнд дурлах нь хүнд байгалиас заяасан хэвийн л өсөлт, хөгжилт. Айх хэрэггүй, сандрах хэрэггүй. 

Хэн нэгэнд дурлах нь өдөр тутмын хэв маягийг гэгээлэг, хөгжилтэй болгодог. 

Сургуулийнхаа хэн нэгэнд дурлах, татагдах нь ямар ч сонирхолгүй хичээл сургуулийг хөгжилтэй, хичээлдээ явахыг тэсэн ядан хүлээдэг болгоно. 

Хамгийн ихээр дурлах боломж олддог нас бол энэ л нас юм. Анхны хайр, шохоорхолтойгоо учирсан уу? 

Хэн нэгэн таалагдаад, шохоорхоод, анхны хайр, анхны үерхэлтэй учрахаараа гэнэт спорт болон хичээлдээ сайжирдаг, хичээдэг хүн ч бий. 

Дурлахаараа өөрийгөө танихаа байчихдаг, өөрийгөө мэдэхээ байчихдаг тийм мэдрэмжийг амсахыг хүсч байна, энэ насандаа. Хүний амьдралд хамгийн нандин дурсамж болж үлддэг учраас тэр. 

Дурлачихсанаа мэдэлгүй, ууртай болох, бухимдуу болох, хичээл толгойд нэг л үлдэж өгөхгүй байх, ээжийн авч өгсөн хувцас таалагдагүй байх, үүнээсээ болоод гэрийнхэнтэйгээ ч таарамжгүй харьцах гээд л. Бүгд энэ насанд л амсах мэдрэмж, дурсамж юм шүү дээ. 

Хичээл, спорт зэрэг нь хичээх тусам үр ашгаа өгч сайжирдаг байхад, хайр дурлал хичээх тусам алдах нь их байдаг хачирхалтай зүйл... 

Дурласан хүн чинь чамайг тоохгүй байх, хичнээн хичээгээд өөртөө татаж чадахгүй байх гээд л...

Дотны найздаа дурлалт хүнээ алдах... 

Энэ тухайд нэг зүйл нэмж хэлэхэд энэ насандаа амссан бүтэлгүй дурлалын түүхээсээ болж ирээдүйн амьдарлаа дэмий үрэхгүй байх, цаад хүндээ өөртөө ч сэтгэлийн шарх үлдээхгүй байх. 

Учир нь энэ нас бол хараахан санхүүгийн эрх чөлөөнд хүрээгүй байдаг, ялангуяа охид болгоомжтой хандах...

13. Гадаад хэл сурах. 

Ямар нэгэн гадаад хэл сурах. Мэдээж гадаад хэл сурлаа гээд аз жаргалтай болчихгүй. Болж өгвөл 1 долоо хоног ч байсан хамаагүй гадаадад гэрээсээ хол амьдарч үзэх. 

Гадаад найз нөхөдтэй болох. Захидлаар? харилцдаг байх.

Гадаад хэл мэддэг байх, гадаад найзтай байх нь хязгаарлагдмал хүрээллийг чинь тэлж өгдөг. Ажил, амьдралын аль алинд нь шүү дээ. 

14. Амьдралд чинь асар том нөлөө үзүүлэх ном, кино, зохиолтой учрах.

Хүний амьдралд нөлөөлдөг 3 зүйл байдаг гэж үздэг. 1. Гүн шоконд оруулсан үйл явдал тохиолдох. 2. Гайхалтай хүнтэй учрах. 3. Гайхамшигтай ном болон кинотой таарах.

Аль болох олон ном унших, олон кино үзэх. Таалагдсан, онцгой мэдрэмж төрүүлсэн ном зохиол, киноныхаа хэлэх гэсэн санааг толгойдоо, зүрхэндээ хадгалах.

Түүхэн хүн, түүхэн баатартай учрах, нэг ёсондоо тэдний тухай унших. Дэлхийн түүхэнд онцгой нөлөө үзүүлсэн, түүхийг өөрчилсөн гэх мэт хүмүүсийн тухай унших. 

Амжилтанд хүрсэн хүмүүс юу гэж бодож, ямар үйлдэл хийж байсан тухай унших, тэдний алдаа, ололт, амжилтаас ямар нэгэн санаа оноо олж авч байх, мэдрэх. 

Энэ насандаа аль болох олон төрлийн, төрөл бүрийн салбарын ном унших. 

Мөн үзсэн киноныхоо сэтгэл хөдөлгөсөн тэр мэдрэмжийг марталгүй, үргэлж санаж явах. Аль болох олон кино үзэж сэтгэл хөдөлгөм тэр мэдрэмжийг ихээр амсах. Учир нь томрох тусам сэтгэл хөдлөл нимгэрч байдаг...

15. Мөнгө болон бизнесийн талаар суралцах.

Энэ насанд ээж ааваас өгдөг мөнгө, хэрэв цагийн ажил хийдэг бол түүний цалин гээд бага хэмжээний л мөнгөнд эргэлдэнэ, ойлгомжтой. 

Ирээдүйн амьдралаа хангалуун, сайхан амьдрахын тулд мөнгө, санхүүгийн тухай мэддэг байх хэрэгтэй. 

Өнөөгийн нийгэм нь мөнгөнд, ашгинд суурилж эргэлдэж байдаг. Ирээдүйд хийх зүйл чинь ашигтай юу? Хэрэв ашигтай бол үргэлжлүүлэн хийхэд болно. 

Харин ашиг өгөхөөргүй зүйл бол мянга дуртай байгаад ч удаан үргэлжлэхгүй л болов уу? 

Сургуульд ямар их сургуульд орох уу? Ямар ажилд орох уу? гэдэг л зүйлийг заадаг, зөвлөлддөг. 

Мөнгөнөөс болоод амьдралаа үрэн таран хийх хүн ч бий. Мөнгөний төлөө юу ч  хийхээс буцдаггүй хүн ч гэж бий. Тийм болохоор мөнгөний тогтолцоо, мөнгөний гүйцэтгэх үүргийн тухай, мөнгөний урсгалыг гээд л сайтар ажиглаж, суралцаж байх хэрэгтэй. 

Цалин бол чиний бусдад олгож буй ажил үйлчилгээний чанар болон хэмжээний чинь хариу гэж ойлгох хэрэгтэй. Чи чанартай бөгөөд сайн ажлаа хийвэл цалин чинь өсөх, нэг бол бизнес чин амжилттай явна гэж мэддэг байх нь чухал. 

Мөн чи мөнгөний төлөө ажиллах уу? Эсвэл мөнгө чиний төлөө ажилладаг баймаар байна уу? 

16. Хувь заяаны тухай тунгаан бодох.

Баян айлд төрсөн, царайлаг, үзэсгэлэнтэй, хичээлдээ сайн, спортын дөртэй гээд л ангид чинь ийм хүүхдүүд байдаг л байх тийм үү? 

Чи тэдгээрт атаархдаг уу? Би яагаад тэдний оронд байж болоогүй юм бол оо? гэж ээж аавдаа уурлах уу?, бурханд гомдох уу? Ингэж гомдлоо гээд ямар ч арга байхгүй шүү дээ. 

Энэ хорвоод хүн өөрийн гэсэн хувь заяатай, үйлийн үртэй байдаг. Баян хүн ч бий, ядуу хүн ч бий. Авъяастай нь ч бий, огтоосоо авъяасгүй нь ч бий. 

Төрөхөд л байсан тэр орчин, байр байдлыг "хувь заяа" гэдэг. Энэхүү хувь заяаг бид өөрсдийн хичээл зүтгэлээр өөрчлөх боломж байдаг. 

Учир нь мянга авъяастай төрсөн ч түүнийгээ буруу ашиглах, хөгжүүлэхгүй байх, гаргуунд нь хаяхад л хүний хувь заяа төсөөлснөө өөр тийш эргэж байдаг. Эсрэгээрээ огтоос авъяасгүй гэж бодон, чадлынхаа хэрээр хөдөлмөрлөхөд төсөөлж байгаагүйгээр хувь заяагаа өөд нь татдаг хүн ч бий. 

Би энэ хорвоод яах гэж төрсөн, юуны төлөө амьдрах вэ гэдгээ тунгаан бодох. Энэ бол хүмүүний насан туршдаа л өөртөө тавих асуулт гэж боддог. 

Хүний амьдралын зорилго бол "өөрийн онцлогийг олж мэдэн, авъяас чадвараа зүлгэн, хүмүүсийг баярлуулах зүйл хийж, үр бүтээлтэй, бүтээлч амьдрах" гэж хэлэх байна. 

Мэдээж хүний амьдралд даван гарч чадахааргүй хана туурга, гаталж гарч чадахааргүй гол мөрөнтэй таарч л таараа. Тийм тохиолдолд "заавал болно, бүтнэ, болгоно" гэж шантралгүй хичээгээд үзээрэй. 

Хувь тохиолоо сайжруулах арга бол чиний өөрийн авъяас чадварт нуугдаж байдаг. Чи юу чадах вэ? Яавал хүмүүсийг баярлуулж аз жаргалтай болгох вэ? Нэг бол би өөрөө хэрхэн аз жаргалтай болох вэ? Эдгээрийн хариултыг олж, өөрийн хийх зүйлсээ олсон цагт хувь заяагаа сайнаар эргүүлж чадна. 

Өндөр хүсэл тэмүүлэлтэй, эргэн тойрныхоо хүмүүсээр дэмжүүлдэг байхад л хувь заяа чинь өөдрөг, эерэг байна. 

Мөн хүний насны хязгаар, наслалтын тухай ч тунгаан бодох. Хэдийгээр чи одоо залуу байна, хойшид олон зүйлийн туршлага суугаад ирэхээр, эргэн тойрны чинь хэн нэгэн тэнгэрт халих ч явдал гарна. 

Урт наслах хүн ч бий, богино насладаг хүн ч бий гэдгийг мэддэг байх. 

17. Мөрөөдлөөрөө амьдрах.

Мөрөөдөлтэй хүн гялалздаг. Мөрөөдөл том ч байж болно, жижиг ч байж болно. Ямартай ч энэ чухал гэсэн зүйлийнхээ төлөө зүтгэдэг байх нь өөрөө гайхалтай юм. 

"Нэгэнт бүтэхгүй, нэгэнт өнгөрсөн" гэдэг бодлыг толгойноосоо авч хаях. Хүн жаахан юманд шантрахаараа "одоо нэгэнт өнгөрсөн, угаасаа бүтэхгүй" гэж болох нь их. Ялангуяа энэ насанд гутранги үзл давамгайлах гээд байдаг талтай. 

Өмнө чинь олон сонголт, хязгааргүй боломж дэлгээтэй байна гэж хэлсэн дээ. Хэдийгээр ээж аавын хараанд эрх чөлөөгүй мэт санагдаж болох. Одоо байгаагаараа л өсвөр насаа хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрөөхийг хүсч байна. 

За ингээд энэ ном өндөрлөв. Сүүл хэсгийг нь жаахан халтуурдчихлаа. 

Энэ номонд мөн "Баян аав ядуу аав" номын зохиолчийн нэр гарсан. "Алхимич" ном унших номын жагсаалтанд байсан. 

Гэснээс томчуудаас авсан "энэ насандаа тэгдэг байжээ, ингэдэг байжээ гэж боддог зүйл юу вэ?" гэдэг асуултын хариултыг жагсааж бичих үү? Дараагийн бичвэрт. Уншсан байвал зүгээр гэсэн номын жагсаалттай хамт. 

Би ч өөрөө ганц нэгээр нь зээлж уншихын тулд санаж байх хэрэгтэй тийм үү?

За түр баяртай. Зулзагууддаа үглэхдээ ашиглаарай. Хэ хэ. Бүгдэд нь амжилт хүсье.

2023年6月2日金曜日

Баян аав ядуу аав

Зээ, энэ номыг санаандгүй худалдаж авсан. Японд сурдаг охиноос. Хэд хэдэн ном худалдаж авснаас ганц нэгээр нь уншиж эхэлж л байна. 

Номын баяр болоод хүмүүс цаана чинь чемодан дүүрэн номтой буцаж байна шүү дээ. Бүр нэг атаа жөтөө төрнө биз дээ. Ха ха. 

Ямар сайндаа номын сандаа өрсөн номнуудаа нэг харж санаа алдаад уншаагүй номнуудаасаа ганц нэгээр нь гаргаж ирэв шд. Хо хо. 

Хажуугаар нь бас япон хэлээр уншчих санаатай үзэж тарах юм. Хүнд бичлэгтэй ном байна. Нэг орчуулгын ном унших гэсэн бардаггүй. Орхичихлоо. Сүүлд дахин нэг зээлж унших гэж оролдоно оо. 

За тэгээд энэ ном их л олон жилийн өмнөөс яригдсан тул, агуулгыг нь нуршихгүй ээ. 

Гэснээс зулзагууддаа юу гэж заах билээ? Хичээлээ хий, даалгавраа хий гэж үглэдгээ болих билүү? 

Ямартай ч хадгаламж чухал шүү гэж хэлдэг. 

Чи мөнгөний төлөө биш, мөнгийг чиний төлөө ажилладаг байлгах хэрэгтэй гэж хэлэх юм шүү, нэг тохироо нь бүрдэхээр. Мөн япон орчуулгыг нь зээлж ирээд ширээн дээрээ хэсэг "хөглөрүүлнэ" ээ. 

Санаандгүй барьж аваад уншиг, хүчлэхээр гөжүүд зан нь хөдөлдөг нас нь ирсэн...

Өөрийнхөө л уншмаар санагдсан номоо уншиж байна. Түүнээс ээжийн хэлсэн номыг унштлаа цаг орох шинжтэй...

Уншаад байгаа хэрнээ л барагдахгүй гарч ирээд байх юм, энэ номнууд. Болж өгвөл бүгдийг нь л уншмаар байх юм. 

Нэг ахицтай нь би хүний хөгжлийн тухай, эрүүл мэндийн номноос айж зугталгүй ямартай ч уншиж байхаар шийдсэн. Заавал бүгдийг нь хэрэгжүүлэх гэж зүдрэлгүй, ганц нэгийг толгойдоо хийгээд, үе үе тэр номнуудаа гаргаж ирж, сөхөж байх...

1997 онд хэвлэгдээд, 2003 онд монгол хэлэнд орчуулагдсан энэ номыг би олон жилийн дараа уншихаар ямар хэрэг байна аа ч гэж бодох шиг. Их сургуулиа төгсөөд, аль хэзээний ээж болчихсон үе байж. 

Тухайн үед уншсан бол өдийн нэг бизнес эмэгтэй явж байхгүй юу тийм ээ? Ха ха. 10 жилдээ, оюутан байхдаа юм нэхэж зардаг байсан юм. Улам бүр хөгжүүлээд явах байсан ч юм билүү. Хэ хэ. 

Гэхдээ одоо тэр зарж байсан юмнуудээ эргэн санахаар инээдтэй санагдаад, ичээд байдаг юм. Хо хо. Худалдаж авдаг байсан хүмүүс нь ч ангийн минь найзууд гэж бодохоор, гэнэн цайлган сэтгэлийг нь үнэхээр ашиглачихсан юм шиг санагдаад. 

Дараа нэг уулзаад, хөөрөлдөх боломж гарвал асууна аа. Хэ хэ. 

Ядуу аавын нэгэн адилаар, зах зээл эхлээд овсгоотой нэг нь хөлжиж байхад, маш их айдастай эжий аав хоёр минь айсаар л яваад, өдийд тэтгэврээс өөр орлогогүй, үр хүүхэд бид нь бас айдастай, хэрэгцээний шуналтай л үлдэж дээ. 

Яахав нэг үеэ бодвол зээлийн картаар болсон болоогүй юм худалдаж авахаа больсон ч зээлийн картын төлбөр минь их гардаг хэвээрээ л байна. Үүнийгээ бас одооноос жаахан хянаж сурна аа. 

Худалдаа хийхдээ яг одоо гарцаагүй хэрэгтэй юу гэж асуудаг юм өөрөөсөө. Ид өсөж яваа, сурч яваа зулзагуудтай хүнд бол яаж ийгээд мөнгөний хэрэгцээ их гарч байна. 

Түүнээс би өөртөө шинэ хувцас сүүлийн хэдэн жил бараг аваагүй. Ганц нэг дотуур хувцсыг эс тооцвол. Даавуун тороо үүрээд л, охидынхоо голоод үүрэхгүй байгаа хуучирсан үүргэвчийг үүрээд л жирийж байна дөө. Болоод л байна. Хэ хэ. 

Энэ номд өгүүлэгдээд буй хөрөнгө, өр төлбөрийг ойлгоод байгаа ч хөрөнгө оруулах санхүү нь хэцүү юм даа. 

Зарим нэг хүмүүсийн баяжсаныг хараад байхад дандаа л бидний татварын мөнгөөр сураад, туйлаад, идээд уугаад явсан байхаар чинь ямар ч утгагүй санагдаад, хэсэгтээ бухимдав. 

Монголд хөрөнгө оруулчихаар олигтой салбар юу байна гэж судлах уу дөө одооноос...

Уншиж дуусгаад, чухал хэсгүүдээ дахин нэг сөхөж хараад, хойшид ч ийм төрлийн ном уншина даа. Зарим нэг амжилтанд хүрч баяжсан улсууд чинь 50, 60 гарчихсан хойноо л байдаг биз дээ. Хэ хэ. Бадрангуй байна уу би?

Бадрангуй иргэдээсээ их суралцах юм дөө. Нүүрном их ухахаар чинь бадрангуй зүйлс их олж унших юм байна шүү дээ...

Дараагийн бичвэр хүртэл түр баяртай. Бүгдэд нь амжилтын дээдийг хүсье.

2023年6月1日木曜日

10 насандаа хийх 17 зүйл үргэлжлэл 3

7. Ирээдүйд юугаар хоолоо олж идэх вэ? гэдгээ бодох. 

Ямар ажил хиймээр байна вэ? Ингэж бодож байсан уу? Жишээ нь багш болмоор байна, өмгөөлөгч болмоор байна? Бизнес эрхэлмээр байна? Нийгмийн ажилтан болмоор байна? Төрийн албан хаагч, төрд ажилламаар байна?

Эдгээрээс аль нь вэ? 

Өөрийн авъяас, ур чадвар зэргээ аль хэзээний олж хараад, энэ чиглэлээр явбал зүгээр юм байна гээд төлөвлөчихсөн, шийдчихсэн ч байж магад.

Эсрэгээрээ энэ тухай хараахан бодож амжаагүй, ирээдүйд ямар ажил хийхээ шийдэж амжаагүй ч байж магад юм. 

Мэдээж яг одоо энэ тухай шийд гэж хэлэхгүй. Гэхдээ ирээдүйд юу хиймээр байна? Ямар ажил хиймээр байна? гэж бодож үзэх, энэ тухай тунгаах, бодож үзэх дадал суулгах хэрэгтэй. 

Бага багаар өөртөө ирээдүйнхээ тухай бодох дадал, өөрийгөө олох гэж эрэлхийлж байвал хэзээ нэгэн цагт өөрийн тань антеньд нэгэн бодол, сонголт ороод ирнэ гэдэгт найднам. 

Өөрөөр хэлбэл "хайгаад байсан зүйл минь энэ байна шүү дээ" гээд нэг л өдөр мэргэн санаа, оноо, шийдэл ургаад гараад ирнэ. 

Өдөр тутамдаа энэ сонирхолтой, энэ дажгүй, энэ онцгүй, энэ таалагдахгүй байна гэж өөртөө үнэнчээр мэдэрч, үнэлж, дүгнэж байх хэрэгтэй. Энэн дадал нь ирээдүйн чиглэлээ олох нэг арга болно. 

Энэ хорвоод маш олон төрлийн ажил, мэргэжил бий. Чиний мэддэг мэргэжил, ажил бол чи өдгөөг хүртэл эргэн тойрноосоо сонсож, харж байсан мэдээлийн хүрээнд л эргэлдэж байдаг.

Энэхүү мэдээллийнхээ хүрээг байнга тэлж байх хэрэгтэй. Мэдлэг мэдээллийн хэмжээ ихэсвэл мэдээж сонголт ч өргөн болно. 

Янз бүрийн салбарт цагийн ажил хийх үзэх. Ингэж цагийн ажил хийж үзсэнээр ном зохиолд заадаггүй, хүмүүсийн зааж өгдөггүй туршлагыг өөртөө хуримтлуулж чадна. 

Цагийн ажил хийх явцад бусад ажилтны хэлж зааж буй зүйл нь, зөвлөгөө нь, хүмүүс хоорондын харилцаа зэргийг олож харах нь үнэт зүйл юм. Ирээдүйд гарцаагүй үр ашгаа өгөх туршлага болж үлдэнэ шүү. 

Өөрийн хүндэтгэж явдаг хүнд шавь орох. 

"Энэ хүн шиг болмоор байна, энэ хүн шиг амьдармаар байна" гэж бодсон хүнтэй учирвал тэр хүндээ шавь орох төлөвлөгөө гаргаж болох юм. 

Нэг бол ирээдүйд ийм ажил хиймээр байна гэж шийдсэн үедээ тухайн ажил мэргэжлийн хүнтэй ойр байхыг эрмэлзэх хэрэгтэй. Ингэхдээ цалин хөлс, шан харамжийн тухай бодож болохгүй. 

Учир нь шавь нь болсон хүнийхээ дэргэд байж суралцах, тэр хүнийхээ энергиэс авч байна гэдэг нь өөрөө шан харамж болно.

Ингэж хэн нэгэн "гайхалтай" хүнд шавь ороход насны хэмжээ байна. 25 нас хүртэл. 25-с дээш насыг бол ажил төрөлд ороод, нийгмийн нэгэн гишүүн, насанд хүрсэн гэж тооцно. 

25 нас хүртэл эргэн тойрны чинь хүмүүс ч чамд зааж өгөхдөө дуртай, урамтай байх болов уу? Хэнийг багшаараа, ментороороо сонгох вэ гэднээ ирээдүйд ямар чиглэлээр явмаар байна? гэдгээсээ хамаарч сонгоно. 

Сайн дурын ажил ч байж болно шүү дээ, тухайн орчны уур амьсгалыг өөрийн биеэр мэдрэх, амсах нь чухал. 

Ажил мэргэжлээ сонгохдоо жаахан байхдаа юунд дуртай байсныгаа эргэн санаад үзээрэй. Жишээ нь зураг зурах дуртай байсан, жаахан хүүхэд харахдаа сайн, дуртай, хөгжилтэй байсан, хүүхэлдэйнийхээ болон хүний үс самнаж тоглох дуртай байсан, ээжийнхээ хоол хийж байгааг харах дуртай байсан, үсэг мэддэггүй байсан ч ном унших, үзэх дуртай байсан гэх мэт. 

Энгийн, жаахан зүйл санагдаж магад ч ирээдүйн амьдралыг чинь шийдэх "түлхүүр" нуугдаж байх нь ч бий. 

8. "Үзэл бодол, сэтгэл хөдлөл" хоёр нь хүний амьдралыг хөдөлгөж байдгийг мэдэх.

Өөрийнхөө бодож төсөөлж байгаа шигээ хүн болоорой. Бид дадал зуршлынхаа дагуу л амьдарч байдаг. Тэрхүү дадлыг хянаж байдаг нь бидний үзэл бодол, сэтгэл хөдлөл байдаг. 

Өдөр тутмын амьдралдаа мэдэрч байдаг зүйл, бодож байдаг зүйлийнхээ нөлөө, үр дүнгээр амьдардаг. Оюутан цаг үеийн мэдрэмж, сэтгэл хөдлөл, ажил болон санхүүгийн мэдрэмж, хайр дурлал нь бүтэмжтэй болох эсэхийг чиний үзэл бодол чинь шийдэж байдаг. 

Өөрийнхөө хүссэн шиг хүн болох хэрэгтэй. Сайн дүн авмаар байвал хичээлээ сайн хийхэд болно. Ингэж шилдэг нь байхдаа ханамж аван, түүнийгээ хадгалахын тулд байгалиасаа л зүтгэл гаргах биз ээ? 

Хичээлдээ сайн дүн авдаг хүн "сайн дүн л авах ёстой" гэж бодон хичээлээ хийдэг. "Сайн дүн авах юмсан" гэж боддог ч түүнийгээ үйлдлээрээ үзүүлдэггүй хүн одооныхоосоо өөрчлөгдөхгүй, муу дүн авсан хэвээрээ л байх болов уу? 

Энэ нь ч ирээдүйд ажил дээр гарахад ч нөлөөлнө. Ажилдаа сайн хүн зүтгэлтэй байдаг. Өөрийн хүчээ шавхаж дайчилдагт байдаг. 

Мэдрэмж, сэтгэл хөдлөл нь ч бидний амьдралд хүчтэй нөлөөлж байдаг нь гарцаагүй. Сэтгэл хөдлөлийн тухай зориуд бодож үзээгүй байж магад, хүн төрөлхтөн өөрийн мэдэлгүй л дотоод мэдрэмжийнхээ нөлөөгөөр ямарваа нэгэн үйлдэл хийдэг. Чи мөн адил, сэтгэл хөдлөлөөрөө аливаа зүйлийг хийдэг байж магад ч, сэтгэл хөдлөлийн нөлөөлөх хүчийг мэддэг байх хэрэгтэй. 

Сэтгэл хөдлөлөөрөө муу зүйл хийчихдэг, хэрэггүй зүйл худалдан авчихдаг шүү дээ. Энгийнээр хэлэхэд тэр хүнд дургүй учраас уулзахгүй, тэр дэлгүүр таалагддаггүй учраа явахгүй гэх зэрэг нь сэтгэл хөдлөлийн нэг илрэл юм. 

Нас ахих тусам хүний сэтгэл хөдлөл аажимдаа багасаж байдаг. 20, 30, 40 гээд л нас явах тусам хүний баярлах, туних, гомдох, уурлах гэх мэт сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлэх, гаргах зэргээ мэддэг болно. 

Сэтгэл хөдлөл мэдээж энэ хорвоод байх ёстой зүйлийн нэг. Харин түүнийг хэрхэн ашиглах, хянах, мөн золгүй үйл явдал, бүтэлгүйтэл зэрэг ч сэтгэл хөдлөлөөс үүдэх нь бий гэдгийг мэддэг байх хэрэгтэй гэсэн үг. 

Өөрийн амьдралын өчүүхэн бүтэлгүйтэл, бухимдал, гонсойлт зэргийг эцэг эх, нийгмийн буруу гэж үзэхгүй байх. Нэг ёсондоо тэдгээрт бурууг тохохгүй байх. 

Учир нь чиний өмнө сонголт байна шүү дээ. Чи ямар хүн болох, ямар ажил хийх гээд л дандаа чиний сонголт гэсэн үг. 

Энэ насны нэг онцлог нь бүхий л зүйлд сэтгэл дундуур, эсэргүүцэж ханддаг талтай. Энэ нь юунаас болоод байна гэдгийг олж мэдэх хэрэгтэй. 

9. Юу сурах тухайгаа бодох, тунгаах.

Сургуульд заалгасан зүйлийн чинь 80 хувь нь бодит амьдралд нэг их хэрэг болдоггүй. Энэ тухай чи бараг гадарлаж байж ч магад юм. 

Яахав, сургуульд заасан зүйлийг сууриа болгоод, улам дэлгэрүүлж судлан,  хичээллэн түүнийгээ ажил амьдралдаа хэрэгжүүлж буй хүн ч бий. Гэхдээ маш цөөхөн хувьтэй гэж хэлэх байна. 

Хүний оюун ухаан ерөнхийдөө дараах 7 зүйлээс бүрддэг гэж үздэг. Хэл яриа, логик тооны ухаан, орон зай, биеийн хөдөлгөөн, дуу хөгжим, хүнтэй харьцах, дотоод сэтгэл. 

Эдгээрийг бүгдийг нь сургуульд зааж чаддаггүй. Хэл яриа, логик тооны ухааныг л заадаг. 

Мэдлэгээс илүүтэйгээр ур чадвар, мэргэн ухааныг эзэмших хэрэгтэй. Орчин үед интернет, компьютер байхад л мэдлэгийг олж авч чадахаар болчихлоо. 

Янз бүрийн тохиолдолд хэрхэн шийдвэр гаргах вэ? Хэрхэн хурдан уншиж сурах вэ? Мэдээллийг хэрхэн хурдан цуглуулж сурах вэ? Эмх цэгцтэй орчинг хэрхэн бүрдүүлэх вэ? Гэх мэт ур чадварыг энэ л насандаа эзэмшсэн байх нь ирээдүйн амьдралд чинь асар том үүрэгтэй. 

Миний бодож байгаагаар хүний амьдралыг жаргалтай болгох дараах 12 зүйл бий. Эрүүл мэнд, хүмүүсийн хоорондын харилцаа, сэтгэл судлал, санаачлагатай байдал, найз нөхөдтэй болох арга ухаан, мөнгө санхүүгийн зохицуулалт, бизнес, зорилгодоо хүрэх арга барил, эмх цэгцтэй байж сурах, хурдацтай унших арга барил, мэдээллийг зохицуулах арга барил. 

Юуг сурах нь хэдийгээр чухал ч гэсэн хэнээс суралцах вэ гэдэг нь үүнтэй зэрэгцэн чухалд тооцогдоно. Нийгэмд дээгүүр байр суурины хүнээс суралцвал тэр хүндээ дөхөж очно. 

Ном, интернетээс суралцахаас илүүтэйгээр хүнтэй харьцаж, амьд харилцаанаас хүний ой толгойд үлдэх нь хамаагүй үр дүнтэй гэж өөрийн туршлагаас хэлэх байна. 

Чиний эргэн тойронд чинь нийгмийн багш маань сонирхолтой гоё хүн байсан тул нийгмийнхээ хичээлд дуртай сайн байсан, англи хэлний багш минь их сайн заадаг хүн байсан учраас дуртай бөгөөд сайн суралцсан гэж ярьдаг хүн бий биз дээ. Энэ чинь л амьд харилцаа буюу хүнээс сонсож, ярилцаж сурахын давуу талыг хэлээд байна гэсэн үг. 

Энэ хүнээс л юм олж мэдмээр байна, энэ хүнээс л суралцмаар байна гэж төлөвлөж суралцах нь сайн суралцахын нэгэн нууц юм. 

10. Анхны "аялал"-д явах.

Мэдээж бага ангийн хүүхдүүдийг аялалд гар, аял гэж хэлэхэд хэцүү. 

Өөрийн мэдэхгүй газар, орчинд ганцаараа алхаад явахад догдолдог доо. 

Аялалын нэг сайхан нь чамайг хэн ч таньж мэдэхгүй ертөнцийн амтыг мэдрэхэд оршдог. Хэн ч чамайг таньж мэдэхгүй газраар аялахад маш их эрх чөлөөг мэдэрдэг. 

Хажуугаар нь айдсыг ч мөн мэдэрнэ. 

Хэрэв гадаад улсад аялж байвал тухайн орны хэлээр өөрийнхөө мэддэг хэмжээнд яриад, ойлголцоод, чамд эелдэг хандахад л өөрийгөө том болчихсон мэт мэдрэмж төрдөг. Энэ л мэдрэмж аялалын хамгийн тансаг амт юм. 

Аялалын явцад олон сайхан зүйлс, хөгжилтэй зүйлстэй тааралдахын хажуугаар аюултай, амь дүйсэн тохиолдлууд ч таарна. 

Хорвоод сайн хүн ч бий, саар хүн ч бий гэдгийг өөрийн биеэр мэдэрнэ. 

Аялалд гарч азаа турших, адал явдалтай учрах нь 10 хэдэн насны давуу эрх гэж хэлж болно. Учир нь залуу байна, маш их эрч хүч амтагдаж байна. Тийм үү? 

Гэхдээ энэ эрч хүчээ хэрхэн хаана, яаж зарцуулах вэ гэдгээ мэддэг байхгүй бол, уур бухимдал болж гарч мэднэ. 

Хэт их идэвхитэй болж ч мэднэ. Эдгээрийг зөв хянаж, зохицуулж, энергийн төвшингөө ахиулах хэрэгтэй. 

Заавал гадаад гэлтгүй, өөрийн очиж байгаагүй хажуугийн хот, аймаг, сум ч байж болно. Дугуйгаар жаахан зайтай газар жийгээд ирсэн ч болно шүү дээ. 

За үлдсэн 7-г нь дараагийн бичлэгээр нэг мөсөн бичээд дуусгахыг хичээнэ ээ. 

Намайг багад ийм ганц нэг ном байсан бол гэж бодох. Хэ хэ. 

За түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2023年5月31日水曜日

10 насандаа хийх 17 зүйл үргэлжлэл 2

Шууд эхлэнэ. 

3. Хорвоо ертөнцийн жам ёс, эцэг эхийн ярьж хэлж буйг нэг удаадаа эргэлзэн, тээнэглэзэн хүлээж авах. 

Юу ч боддоггүй хүмүүс дийлэнх хувийг эзэлдэг. Жишээ нь найзаас чинь захидлын хариу ирдэггүй, дугуйлангийн чинь холбоо харилцаа муу байх, амлалтаасаа биелүүлэхгүй байгаа нөхдийг хараад чи "энэ одоо юу бодож явдаг нөхөр вэ?" гэж боддог л биз дээ? 

Томчуудын хувьд ч энэ асуудал байж л байдаг. Найз нөхөд, ажлын хамтрагч, дарга, цэрэг, үйлчлүүлэгч гэх мэт хүмүүстэй харьцаж байхад "энэ хүн ер нь юу бодож байдаг байна аа?" гэж бодох явдал өдөрт дор хаяж 10 удаа гардаг. 

Ийм тохиодолд би "энэ хүн юу ч боддоггүй л хүн байна даа" гэж боддог болсон. Яагаад гэвэл үнэхээрийн хүмүүс юу ч бодолгүй, ямар ч бодолгүй л амьдарч байдаг. 

Ихэнх хүмүүс зөвхөн хариу үйлдлээр л амьдарч байдаг. Сэрүүлгийн дуунаар сэрж, ажилдаа явах, сургуульдаа явах, хийхгүй бол болохгүй дээ гэсэн зүйлээ л хийдэг. Алдвал уучлал хүсдэг, амжилттай байвал баярладаг, амжилтгүй байвал сэтгэлээр унадаг, аятайхан, хөөрхөн гэсэн хүн лүүгээ дөхдөг, үгүй гэж хэлэхээр сэтгэлээр унадаг, дотносхоороо баярладаг гэх мэт. 

Гэрлээд хүүхэдтэй болно, хүүхэд нь уйлахаар ядаргаатай юм гэж бодно, инээхээр нь өхөөрдөнө, өдөр хоногийг яаж ийгээд нэг юм өнгөрөөнө. Энэ бол өнөөгийн чиний гэр бүл. Ингэж л ихэнх хүмүүс амь зуудаг. 

Чи бодож, тунгааж амьдардаг уу? Эсвэл эргэн тойронд чинь болж буй зүйлд хариу өгөх гэж л амьдардаг уу? 

Энэ мэт боддоггүй хүмүүсийн дунд ганц нэг боддог хүмүүс амжилтанд хүрдэг. Ердөө 5-хан хувь нь л. 

Жишээлбэл бизнес эрхэлдэг бол "ийм үйлчилгээ байвал зүгээр юм даа" гэж бодон түүнийгээ хэрэгжүүлдэг хүн. 

Хайр дурлалд ч мөн адил. Найз охин минь ингэж бодох байсан даа, найз залуу минь ингэж бодох байсан даа гэж санаа тавьдаг хүн.

Хүмүүс хоорондын харилцаанд ч мөн адил. Ингээд хэлчихвэл гомдчихно доо, ингэж хэлбэл баярлана даа гэх мэт тунгаан бодож үйлдэл хийдэг хүн бусдыг өөртөө татдаг. 

Юу ч боддоггүй хүмүүстэй хэрхэн харьцах вэ? Тэдгээр хүмүүс нь нүдээ боочихоод л газраа онож ядан алхаж буй хүмүүс юм гэдгийг мэддэг байх. Тэгээд гэнэт мөргөлдвөл уурлалгүйгээр тэдний амьдрал ч хэцүү байгаа даа гэж бодох. 

Тэдний төлөө өөрийн сэтгэлийн амар амгалангаа алдах шаардлагагүй билээ. 

Хүмүүсийн 90 хувь нь эргэлзэнгээ амьдарч байдаг. Миний бие 40-өөд ном бичсэн. Тэдгээрийг уншсан хүмүүсээс ирдэг захидалд "өөрийн амьдралдаа би яг юу хийх гэж байгаагаа мэддэггүй" гэж бичсэн байдаг. 

Насны хувьд 20, 30, 40, 50, 60 настангууд. 10 хэдэн настай чиний өнцгөөс харахад томчууд улам л ухаантай болдог гэж бодож байгаа байх. Томчуудын амьдрал ч үнэндээ хэцүү, ажил, гэр бүл, мөнгө, хайр дурлал, хүүхэд өсгөх гээд л хийх зүйл асар их. 

Үнэхээр гүйлгээ ухаан сайтай бол чи өөрийн эргэн тойрны хүмүүсээ ажиглаж л байгаа байх. Өөрийн ээц аавыг оролцуулаад ихэнх нь буюу 90 хувь нь эргэлзэнгээ амьдардаг. Дараагийн 5 хувь нь "би зүгээр" гэж андуурдаг. Үлдсэн 5-хан хувь нь үнэхээрийн аз жаргалтай амьдардаг. 

Ажилдаа эргэлзэнэ, хайр дурлалд эргэлзэнэ, мөнгөнд эргэлзэнэ гэх мэт. Эргэлзээд байх юу байна аа, ажлаа солиход л болох юм биш үү гэж бодож магад. Гэхдээ томчуудын нийгэмд энэ нь бас л тийм амархан чадах зүйл биш. Яагаад гэвэл энэ нийгэм тийм төгс төгөлдөр бус.

Томчуудыг сайн ажиглах хэрэгтэй. Хэрэв юу ч бодолгүй амьдрах юм бол ийм болох нь гэдэг жишээ олныг цуглуулцгаая. Энэ бол энэ насны онцгой эрх юм. 

Хичээх л юм бол яаж ийгээд л болно доо гэдэг зүйл томчуудын ертөнцөд тийм ч  амар зүйл биш. Ажилдаа маш их хичээж зүтгэл гаргахаас илүүтэйгээр, олны итгэлийг олсон, олонд хүндлэгдсэн, олонд дэмжигдсэн хүн л амжилтанд хүрдэг гэдгийг мэддэг байх. 

Тэгвэл хичээхгүй байхад л болох юм биш үү гэж бодвол бас л эндүүрэл. Үлгэн салган ажиллах бус, өөрийн ажилдаа чин үнэнчээр зүтгэж буй хүнийг эргэн тойрон нь дэмжих сэдэл төрдөг. 

Мэдээж томчууд хичээж ажилладаг. Өөрийн ээж ааваа ажиглаад үзээрэй. Гэртээ юу ч хийхгүй, идэвхигүй байвал тэр чинь гэрээс гараад гадаад ертөнцөд маш их, бүр ядартлаа хичээжээ гэсэн үг. 

4. Аз жаргалтай, гайхалтай томчуудтай уулзаж танилцах. 

Хүний амьдрал ямар хүнтэй уулзаж танилцах, нөхөрлөхөөс ихээхэн хамааралтай. Жишээ нь хүн залилан байж мөнгө олдог хүнээр хүрээлүүлбэл тун удалгүй чи ч бас тийм л хүн болно. 

Хүн баяруулангаа ажилладаг бол хүн баярлахад баярладаг хүн болж, амжилтанд хүрэх нь элбэг. Хайраар дүүрэн хүмүүстэй хамтардаг бол мөн л хайр түгээсэн хүн болно. 

10, 20 насандаа ямар хүнтэй уулзаж нөхөрлөнө, тэднийхээ нөлөөнд маш амархан аввдаг. Маш амжилттай яваа хүнтэй учирвал юмыг яаж мэдэхэв амжилтанд хүрнэ, муу хүнтэй таарвал бас л нөлөөлөл нь муу уршигтай. 

Ямар хүн болмоор байна? Хүндэтгэл хүлээх хүнээ олж уулзах, ярилцах, нөхөрлөх. 

Ингэхдээ томчууд дунд ч аз жаргалтай хүн, аз жаргалгүй хүн байдгийг мэддэг байх. 

Аз жаргалтай гэгдэх томчуудын 3 болзол, нөхцөл. 1. Өөрийн хамгийн дуртай зүйлээ өдөр тутамдаа хийж буй хүн. 2. Хүмүүстэй найрсаг, сайхан харилцаатай байдаг хүн. 3. Өөрийгөө хэн бэ? гэдгийг мэддэг хүн. 

Мөн амжилттай яваа, аз жаргалтай хүмүүсийг хэрхэн олж уулзах вэ? Ядаж сардаа нэг удаа сайн дурын ажилд оролцох. Захидал бичих. Мэдээж тэр дороо хариу ирэхгүй нь ойлгомжтой. 

Ямартай ч энэ тухай өөрөө сайтар тунгааж бодож, эрэлхийлэх хэрэгтэй. Энэ аргыг өөрт чинь үлдээлээ. Нэг ёсондоо даалгавар...

5. 10 хэдэн настайдаа ээж аав чинь ямар байсныг төсөөлөх.

Чи яг одоо өөрийн ээж аавын үглээ, мөнгөний талаарх бодол, үйлдэл, биеийн галбир гээд л ямар нэгэн юманд нь сэтгэл дундуур байж магад. Энэ бол угийн та нарын дайраад гардаг жам. 

Гэхдээ ээж аавд чинь гэсэн 10 хэдтэй явсан үе бий гэж бодож үзсэн үү? Төсөөлөөд үздээ. Мөн асуугаад үз, ямар хүүхэд байсан тухай нь. Хамгийн ойрын жишээ шүү дээ. 

Хэрэв чи ээж аавдаа уур чинь хүрээд, эсэргүүцээд байвал чиний өөрийн дотор төстэй зан чанар байгаад, чи түүнийг хүлээж авмааргүй санагдаад байна аа гэсэн үг. 

Хэрэв тийм биш байсан бол "аан, иймэрхүү хүмүүс байдаг тэ" гэж бодоод л өнгөрөх байсан. 

Ээж аавынхаа хүүхэд насны тухай сонсоод хачин санагдаж магад. Гэхдээ л шантралгүй хойшид өөрөө яах ёстойгоо, юу хийх ёстойгоо тунгааж бодож болох юм. 

Удмын ген гээч зүйл чамд ч өвлөгдсөн учраас, хэрэв ээж аавын зан чанар таалагдахгүй бол чи өөрийн зуршлаа өөрчлөх, нэг бол авъяасаа хөгжүүлэх хэрэгтэй. 

Ээж аавынхаа багын мөрөөдлийг асууж үзэх. Юу бодож, ямар бэрхшээл тулгарч, бэрхшээлийг хэрхэн даван туулсан, мөрөөдөл нь биелсэн эсэх зэргийг нь асуух. 

Энэ мэт яриануудаас өөрийн явах зам, хийх ёстой зүйлээ тунгаан бодох хэрэгтэй. 

Мөн ээж аавынхаа сул тал, сайн чанарыг судалж үзэх. Өөрийн мэдэлгүй тэр сайн муу чанаруудыг нь чи дуурайх, өвлөсөн байж магад шүү дээ. Тэд аз жаргалтай байна уу? Тэдэнд сайн найз нөхөд байна уу? Тэдний мөнгөнд хандах хандлага гээд л...

Сайн муу чанарыг нь байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадвал чиний сэтгэл санаа ч амар, амьдрал амгалан тайван болно.

6. Дуртай зүйл, дургүй зүйлээ ялгаж салгаж, мэддэг болох.

Аз жаргалтай амьдарахын нэг үндэс бол өөрийн юунд дуртай, юунд дургүйг мэддэг байх. 

Хүмүүсийн 90 хувь нь эргэлздэг гэсэн дээ. Үнэндээ тэд багадаа дуртай зүйл дургүй зүйлээ мэдэж аваагүйгээс болсон гэж боддог. Японы боловсролд дургүй зүйлдээ аль болох дуртай бол гэж заадаг. Японы соёлын нэгэн өвөрмөц ухагдахуун. 

Дургүй зүйлдээ дуртай болно гэдэг нь дуртай зүйл нь алга болж эхлэнэ гэсэн үг. Хүн ямар нэг зүйлд дурлах, ямар нэгэн зүйлд дургүй байх нь байх л хэвийн үзэгдэл. Энэ хоёрыг эрт мэдэж авснаар дуртай зүйлдээ цаг зарцуулж жаргал мэдрэх хугацаа төдий чинээ урт байна гэсэн үг шүү дээ. 

Амьдралынхаа турш үргэлжүүлнэ дээ гэсэн дуртай зүйлээ олоорой. 

Ийм зүйлд дуртай, ийм зүйлд дургүй гээд шулуухан хэлчихдэг байна гэдэг зоримог занд татагддаг хүн их. 

Аз жаргалтай амьдрахын бас нэгэн үндэс бол "сэтгэл догдлуулсан зүйлс"-ийг сонгож хийх хэрэгтэй. Хэрэв ийм догдлуулсан зүйл олдохгүй бол "хамгийн аймар" гэсэн зүйлийг сонгож хийгээд үзээрэй. 

Нүдний чинь өмнө 5 хаалга бий. 1. Аюулгүй хаалга. 2. Эрсдэл өндөртэй хаалга. 3. Хөгжилтэй зүйл тохиолдож магад хаалга. 4. Хүсэл эрмэлзлэлээ алдаж магад хаалга. 5. Алдвал бүгдийг алдчихаж магад хаалга. 

Эхний буюу аюулгүй хаалгыг л сөхөөд байвал хэдийгээр эрсдэл багатай ч уйтгартай байх болно. Тэнд ямар баяр баясал, өөрчлөлт байхгүй. Хүн гээч нь өөрөө уйтгартай зүйлээс ямагт зугтаж байдаг шуналтай. 

Нэг л амьдрах амьдралдаа олон хаалгыг татаж үзээсэй гэж хүсэх байна. 

Хүний амьдралын 4 хэв маяг бий. 

1. Дуртай зүйлээ хийгээд, мөнгөтэй байх.

2. Дуртай зүйлээ хийгээд, мөнгөгүй байх. 

3. Дургүй зүйлээ хийгээд, мөнгөтэй байх. 

4. Дургүй зүйлээ хийгээд, мөнгөгүй байх. 

Ихэнх хүмүүс дуртай зүйлээ хийх амьдралыг сонгодоггүй. Учир нь багаасаа "цамаан" байж болохгүй гэдэг сургаалийг сонсож ирсэнд байдаг. 

Ажил бол угаасаа л хэцүү, сонирхолгүй зүйл, тэвчих ёстой гэж боддог хүн цөөнгүй...

Яагаад дуртай зүйлээ хийн амьдарч болохгүй гэж? Аливаа бүхний эхлэл нь дуртай зүйлээ хийх л байдаг шүү дээ.

Өнөөдрийн бичвэрийг ингээд дуусгая. Бүтэн ном орчуулаад эхэллээ, цаадах чинь. Хэ хэ. 

Үргэлжлэлийг нь сонирхолтой гэвэл бичиж оруулна аа. Нэг ч гэсэн хүн сэтгэгдэл бичсэн байвал шүү. Хи хи. 

Хүн уншдаг үгүй нь мэдэгдэхгүй, ганцаараа л ингээд бичээд байх заримдаа сонин санагддаг ч, дуртай юм даа бичих. 

Дуртай зүйлээ хийх нь аз жаргалыг мэдрүүлдэг гэж үнэн шүү. 

За түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье ээ.

2023年5月29日月曜日

10 хэдэн насандаа хийх 17 зүйл үргэлжлэл

Шууд сэдэвтээ орох уу? Үгүй ээ, оршил бичилгүй боломгүй санагдаад байна. Хи хи. 

Сүүлийн үед уншихгүй байна тийм үү? Гэхдээ нэлээд олон жилийн өмнөөс л би тэгж дүгнээд байгаа. 

Ажлын шугамаар үе үе ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зохион бичлэгийг япон хэлэнд хөрвүүлэх шаардлага гардаг юм. 

Тэгээд л боддог юм, оршил явсаар л төгсчихдөг. Өрнөл гэж барагтаа л бичигдэхгүй, нэг бол баахан он сар өдөр бичээд л "төгсөв" болчихдог. 

Заримдаа ч өөрөө санаа оноо нэмээд, урд хойно нь оруулаад орчуулчихдаг л даа. Заримдаа ч үнэнийг нь хэлээд буцаадаг. "Энэ нэг л орчуулж боломгүй байна аа" гээд л...

Би өөрөө тийм гоц гойд байгаагүй л дээ. Гэхдээ чинь одоо цаг үед, хэрхэн сайн зохион бичлэг бичих вэ? Хэрхэн эссэ бичих вэ? гэх мэт зааврууд их болчихсон тийм ээ? 

Тэр мэт заавруудыг уншихад л болох юм угтаа. Түүнээс бүр википедиагаас улаан цайм хуулмааргүй л байгаа юм. Тийм үү?

За сэдэвтээ орох уу даа?

1. Хүний амьдралд зөв хариулт гэж байдаггүй.

100 хүн байвал 100 янзын л амьдралын хэв маяг бий. Баян ядуу, их сургуульд сурсан сураагүй, эмч, багш, гэрлэсэн гэрлээгүй, гадаадад амьдарсан, байр худалдан авсан аваагүй гэх мэт. 

Өмнө чинь үй түмэн сонголт бий. Хязгааргүй тэр сонголтоос алийг нь сонгох нь өөрийн чинь дур. Чи л өөрөө шийднэ. 

Гэр, сургууль, ажил, компани, хамтдаа хооллодог дотно хүн гэхэд л 10 хүрэхгүй л хүн байдаг гэсэн судалгаа бий. 

Чи том болоод өөрөө л хичээхгүй бол ерөнхийдөө дээрхтэй адил л байх болов уу? За 20-иод найз нөхөдтой байлаа гэхэд 10 нь чамайг илүү сайн мэднэ. Тэрхүү 10 хүн нь хэн байх вэ? Ямар хүн байх вэ? гэдгийг чи л сонгоно. Энэ маш чухал сонголт байх болно. 

Тэрхүү чиний сонгосон 10 хүн нь ямар  нэгэн байдлаараа чамтай төстэй байх болов уу? Амьдралын хэв маяг, үзэл бодол гэх мэт. 

Хаана, ямар хүрээлэлд харъяалагдах вэ гэдгээс шалтгаалж хүний амьдрал өөр өөр байх нь мэдээжийн хэрэг. Хүн гээч нь тухайн харъяалагдаж буй бүлгийнхээ нөлөөллийг ихээр хүртэж байдаг. Тийм учраас ирээдүйд хаана, ямар бүлэгт харъяалагдах вэ гэдгээ сайтар тунгааж, сонгох хэрэгтэй. 

Чи өөрөө л сонго. Яагаад гэвэл чи тэр хүрээлэлд орж амьдарна, чиний өөрийн л  амьдрал учир...

Янз бүрийн мэргэжилтэй хүнтэй уулзаж ярилцахдаа нэг зүйлийг ойлгосон нь "хүний амьдралд зөв хариулт гэж үгүй". Жишээ нь их сургуулийн багшийн гэр бүлд сургуульдаа онц сайн сурах нь зөв, тамирчны гэр бүлд биеэ бялдаржуулах нь зөв, шашны номлогчийн гэр бүлд олны өмнө чадварлаг ярьдаг байх нь зөв гэх мэт тухайн гэр бүлийн нийгмийн байр сууриас хамаараад хариултууд нь өөр өөр. 

Хүний амьдрал бол тэр чигээрээ сонголтын үржүүлэх байдаг. Ямар ахлах сургуульд орох, ямар их сургуульд орох, ямар ажил хийх, ямар хүнийг сонгож гэрлэх, ямар найз нөхдөөр хүрээлүүлэх гээд л сонголтууд өмнө чинь дурайж байна. 

Эдгээр сонголтуудаас шалтгаалж хүмүүс хоорондын харилцаа ч хамааралтай байдаг. 

Гэхдээ дээрх бичсэн зүйлд хэт их шаналж, толгойгоо гашилгаж, санаа зовох хэрэггүй. Нэг ёсондоо гүнзгий хямраад хэрэггүй. 

Бүх юм санаснаар бүтдэг, санаснаар болдог зүйл ховор шүү дээ. Тийм болохоор тухайн цаг үед төрсөн мэдрэмжээрээ л сонгоход болно. 

Шийдэж ядаад, шийдэж цөхөөд, хямраад цаг алдаж байснаас ямартай ч сонголтоо хийгээд, үзээд алдах хэрэгтэй. Энэ үед оносон нь ч их шүү дээ. 

Харин нэгэнт сонголтоо хийсэн бол идэвхитэйгээр, хүчээ дайчлаад зүтгэх хэрэгтэй. 

Томчуудын дунд зүгээр л нэг урсгалаараа амьдарсан, үлгэн салган амьдарч буй нь их байдаг. 

Нүдний чинь өмнө дурайж буй сонголтуудаас хамаарч амьдрал чинь өөр байж болдог гэдгийг санаж явах...

2. Нийгмийн бүтэц, тогтолцоог ажиглах. 

Хорвоо ертөнц, нийгэм тэр аяараа дүрэм журам, тогтолцооны дагуу хөдөлж байдаг. Ялангуяа өнөөгийн хөрөнгөтний нийгэм нь өөрийн гэсэн өвөрмөц дүрэмтэй...

Ашигтай, мөнгө их олдог салбар, ашиггүй, мөнгө барагтаа л олдоггүй салбар ч бий. Хэдэн жилийн өмнөхөн ашигтай гэгддэг байсан салбар нийгмийн өөрчлөлтөнд тэсэлгүй үнэ цэнээ алдаж байдаг. 

Нийгэм дэх мөнгөний урсгалын тухай, үнэлгээний тухай мэдэх шаардлагатай. 

Өөрийн гэр бүл, хамаатан садан нь нийгмийн ямар зэрэглэлд, ангилалд байдаг тухай мэдэх хэрэгтэй. Ээж аавынхаа хийдэг ажлыг, тэдний орлого, хамаатан садангуудын орлого хэр хэмжээний вэ? 

Нийгэмдээ ашигтай үйл ажиллагаа явуулдаг уу? Ямар арга барилаар ажилладаг вэ? Хувийн компанитай юу? Компанийн ажилтан уу? Хөрөнгө оруулагч уу? Бизнес эрхэлдэг үү? 

Хамаатан садангууд, ээж аав чинь аз жаргалтайгаар ажлаа хийдэг үү? Нийгмийнхээ сайн сайханд хувь нэмрээ оруулж байна уу? Эргэн тойрных нь хүмүүс тэднийг дэмжиж байна уу?

Гэр бүлээрээ амжилттай яваа нь ч бий, эсрэгээрээ гэр бүлээрээ хэцүүхэн байдалтай нь ч бий. Тэдгээр нэгэн удам? дотроо танай гэр бүл дээгүүрт орж байна уу? Эсвэл доогуурт орж байна уу? Хэзээнээс ийм болов?

Гэх мэт бодож тунгааж байтал өөрийнхөө гарал үүслийг мэдэх болно. 

Өнөөдөр нийгмийн доогуур байр сууринд байлаа гээд энэ муу зүйл биш. Өөрийн өнөөгийн байр байдлыг мэдсэнээр хойшид хэрхэн амьдрах арга барилаа олоход чинь тус болно. 

Мөн одоогийн байр сууриа мэдсэнээр олж авсан зүйл, золиослосон зүйлээ мэдэж, хойшид өөрийн явмаар байгаа, очмоор байгаа газартаа хүрэх арга замаа олно гэсэн үг. 

Гэр бүлийнхний чинь одоогийн байр сууринд байгаа нь ямар нэгэн шалтгаантай байж таараа. Түүнийг шалгаж мэдсэнээр чи амдьралын шинэ хэв маягийг сонгох боломж нээгдэнэ. 

Сургууль гэдэг маш өвөрмөц ертөнц. Энэ насанд чи хамгийн эрх чөлөөгүй, элдэв дүрэм журамд баригдсан ертөнцөд амьдарч буй. Хүний амьдрал дахь хамгийн эрх чөлөөгүй үе гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй л байх. 

Одоогийнхоос илүү эрх чөлөөгүй, баригдмал амьдрал гэвэл торны цаана хоригдох, нэг бол цэргийн амьдрал байна. 

Хаана амьдрах чинь ээж аавын сонголт, шаардлагаар шийдэгдэнэ. Хиймээр байгаа зүйл нь хязгаартай, мөн эдийн засгийн чөлөөт бус байдал. Хайр дурлал, өмчлөх эрх ч хязгаарлагдмал...

Дээрээс нь чиний одоо явж буй сургууль чинь нийгэм дэх хамгийн өвөрмөц ертөнц билээ. 100-гаад жилийн өмнө батлагдсан хөтөлбөрөөр багш нар хичээл заана.

Өнөөгийн нийгэмд 10 жилийн өмнөх, бүр 1 жилийн өмнөх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлбэл тэр компани тэр даруйдаа л дампуурах байх тийм үү? Ийм л хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмд огтоосоо ч өөрчлөгдөхгүй байгаа нь сургууль.

30 жилийн дараагаар л "сурах агуулгаа сонгох нь сурагч хүний эрх" гэдэг заалт орж ирэх байх, тэр болтол өнөөгийн нийгэмд дээрх эрх зөвшөөрөгдөөгүй л байна. 

Юу түгээнэ, юу өгнө түүнийгээ л авна. Энэ хорвоод олон янзын хууль үйлчилдэг. Жишээ нь дэлхийн таталцлын хууль. 

Хүмүүсийн харилцаа, мөнгө, бизнес, эрүүл мэнд зэрэгт ч энэхүү хууль үйлчилдэг. Хуулийн тухай мэдэхгүй юм чинь гээд түүнээс зугтах, тойрч гарах аргагүй. 

Зүтгэл гаргалгүйгээр үр дүн хүлээх нь утгагүй юм. Хичээл хийхгүй байж дүн дээшилсэнгүй, эелдэг харьцаагүй байж бусдаас эелдэг харьцсангүй гэж хүсэх зэрэг нь ахархан бодол юм. 

Тасралтгүй хичээллэх, зүтгэл гаргахад гарцаагүй дүн ахина. Өгөөд л, түгээгээд л байвал гарцаагүй үр өгөөж нь ирдэг гэдгийг мэдэж, түүнийг хэрэгжүүлдэг хүн амжилтанд хүрдэг. Аз жаргалтай амьдардаг. 

Миний бие үүнийг 19 настайдаа л ойлгосон. Тэгээд надад буй зүйл гэвэл олигтой зүйл байсангүй. Тэгээд эргэн тойрныхоо хүмүүст халуун дотно сэтгэл, хайрыг түгээхээр шийдсэн. 

Жишээ нь харилцаж буй хүнийхээ сайн талыг олж хэлэх, магтах. Хүний сайн талыг олж харж чаддаг хүний дэргэд хүмүүс аяндаа цугладаг. Хүний муу талыг л хардаг, муулдаг хүнээс хүмүүс дөлдөг. 

Нэг ёсондоо чи юу тараана, юу түгээнэ, юу өгнө тэр чинь л чамд буцаж ирнэ гэсэн үг. Энэ бол нэг ёсондоо таталцлын хүч билээ.

Мөн талархах сэтгэлээ ч мартаж болохгүй. Жижиг зүйлд ч талархах. 

Хүүе өнөөдөртөө өндөрлөе. Бараг бүгдийг нь орчуулаад оруулчих шиг боллоо. Дараагийн удаад маш товч бичихийг хичээнэ ээ. Нэг бол бичихгүй ч байж магад. Номоо буцаагаад өгчихвөл бичихгүй л болов уу? 

Түр баяртай. Бүгдэд нь амжилтын дээдийг хүсье.