2025年11月30日日曜日

Сайхан мандарин

Сайхан мандарин түүв. 2 долоо хоногийн өмнө л дөө. Нэг таньдаг өвөөгийн модыг ховх түүчих шиг болсон бид. Гэрийнхэн нь ч түүж амжаагүй байхад. Хэ хэ. Энэ жил ургац арвин жил гэнэ ээ. 

Бэрсүүт жүрж жимсэнд боловсордог жил, боловсордоггүй жил гэж байдаг гэнэ. Огт жимсээ өгөхгүй ч биш юм шиг байгаа юм. Бага ургац гардаг шиг байна лээ.

2 жилийн өмнө яг энэ модноос бас жимс түүгээд, блогтоо бичиж байсан. Тэр үед гэрийнхээ гадаа бэрсүүт жүржийн мод тариагүй байсан бол зулзаган мод суулгаад 2 дахь жилдээ явж байна. 

Одоогоор жимсээ өгч эхлээгүй байна өө. 
Харахад жижигхэн мод. Жимс ч цөөн юм шиг харагдана. Хэ хэ. Яг түүхээр хөөрхөн арвин ургац өгдөг юм билээ. 

Нэгэн төрлийн лийр жимс тариалдаг хүн. Лийр жимснийхээ модон дунд ийм модтой. Бидний мод хэзээ ургацаа өгөх бол? гэж ярилцаад л байж байна. 
Ойроос харахад ийм хөөрхөн өнгөтэй. Жижиг голцуу байсан ч маш амттай. Бид бүр о.зулзага руу гаа шуудандсан. Илжгэн жимс, лийр гэх мэт жимсний хамт. О.зулзага минь бөөн баяр.

Ингэхэд хүний мод их сайхан ургаад, бидний мод яагаад ургахгүй байна гэж ярилцаад, ирэх жил жаал судалж байгаад, хөрс энэ тэрийг нь жаахан бордоно оо. Тийм ээ? Айлын хоол амттай гэдэг шиг л. Хэ хэ. 

Энэ мод бол нэлээд олон жил болсон байх өө, тариад. 
Гэрийн гадаах мод зулзаган модтойгоо харьцуулаад л сууна. Хүний шунал их юм болохоор гялс л энэ мод шиг ургацаа өгч эхлээсэй гэж хүссэн шиг. Ккк. Сайн, зөв арчилбал манай мод ч ингэж ургах байх л даа. 

Морьтон монголын үр сад болохоор газар тариаланг нэг их сонирхохгүй л байх шиг өөрт минь санагдаад. Гэхдээ хүмүүсийн тарьж ургуулсныг, хурааж авч буй ургацыг харахаар дотоод хүн минь үзүүлээд өгөөч ээ, чи чадна шүү дээ, хэний үр сад болохоо харуулаад өгөөч ээ гээд байдаг, заримдаа. Ха ха. 

Тэтгэвэрт гарахаараа элдэв ногоо, жимсийг тарихыг үзүүлээд өгнө өө гэж бодоод л үүнийг бичиж сууна, зөв биз дээ? Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年11月28日金曜日

Хүлээлт

11 сард бүр овоо шүү. 3 ном уншиж дуусгаад одоо 4 дөх номоо уншиж байна. 

Ямартай ч уншсан шүү гэж санаж байхын тулд блогтоо зургийг нь оруулаад, хальт сэтгэгдэл бичихээр цаг нэлээд орой болсон хойно онгод минь бууж ирээд сууж байна. 

Хятад ард иргэдийн амьдралын тухай зохиол. Зохиолч нь Ха Жин. "Хүлээлт" гэдэг ном. Зохиолч Ха Жин нь 1985 онд нутгаасаа гарч эрдмийн мөр хөөн Америкт очсон юм байна. Нийт 8 роман, богино өгүүллэгийн 4 түүвэр, яруу найргийн 4 түүвэр хэвлүүлсэн гэнэ. 

Монгол хэлэнд ямар ямар зохиол нь орчуулагдсаныг мэдэхгүй ч энэхүү Хүлээлт роман таалагдлаа. Ойрд ч хятадын зохиолд их дуртай болж байна өө. Сонирхолтой, коммунист нийгмийн тухай уншихаар хэрэв манай улсад ардчилал гараагүй бол нэг иймэрхүү л байх байсан байхдаа гэж өөрийн эрхгүй бодогдоно. 

Эсвэл дээхэн үеийн хүмүүсийн амьдрал, хайр дурлал ийм л байсан байх гэж төсөөлж уншина. 

Хөдөө тосгонд амьдрах эхнэр охин. Суурин газар ажиллах армийн эмч нөхөр Лин. Энэ гурван дүрийн онцлог их хөөрхөн. Нөхөр Лин жаахан зориг муутай санагдах ч бас ч гэж жудагтай эр. Ажиллаж буй армийнх нь дүрэм журам ч их хатуу. Өнөөгийн үзэл бодлоор бол домбоо домбоо дүрэм ихтэй. 

Эхнэр Шуюй нь их өрөвдмөөр дүр ч бас л тэвчээрийн туйл юм аа. Лянхуа буюу шувуун хөлтэй хөөрхий минь. Гарсан эрдээ их үнэнч. Нэг л удаа нөхөртэйгөө хамт нэг оронд унтаж "ойртсон" байх. Харин ямар азаар охин төрүүлэв ээ гэж бодсон. 

Хуа охин өрөвч зөөлөн нэгэн болж өссөн нь аштайв дээ. Кон Лин эхнэртээ хайр сэтгэлгүй. Ээж аав нь хүчээр бэр авч, суулгасан тул арга ч үгүй биз? Хэдий хайр сэтгэл үгүй ч өвчтэй ээж аавыг нь хадан гэрт залартал нь асарч тойлсон тул ач санаад, түүнд хүндэтгэлтэй хандана. 

Сувилагч Ву Манна бүсгүй бас л тэвчээртэй. Харамсалтай нь нэгэн танхай залуу болох Ян Генд хүчирхийлүүлчихдэг нь өр өвдөм. Чанга хатуу дэглэмтэй нийгэм байсан хэдий ч зальхай, аргатай, хөрөнгөлөг нэгэн элдэв ёс бус үйлдэл гаргадаг байж дээ л гэж зэвүү хүрэв. 

18 жил хүлээсний эцэст Лин анхны эхнэр Шуюйгээсээ албан ёсоор салж Манна тэр хоёр гэрлэнэ. Манна хоёр ихэр хүү төрүүлнэ. Жирэмсэн байх үеийнх нь ааш араншин хөөрхөн санагдана аа. Аргагүй л жирэмсэн хүний ааш аяг даа гэж заримдаа инээд хүрээд, өхөөрдөв. Хэ хэ. 

Ихэр хүү төрсний дараах амьдрал мэдээж амаргүй байна. Лин сэтгэлийн амар амгаланг хүснэ. Удаах эхнэр Манна нь өвдөнө. Нэг их удахгүй байх гэж эмч хэлнэ. Өөрөө ч ихэд үймрээд, уймраад нөхөртөө элдэв ааш гаргана. 

Намрын баяраар Лин охин болон салсан эхнэр дээрээ очоод, амар амгалан амьдралын амтыг мэдрэхийн дээдээр мэдрээд, бага зэрэг уугаад согтоод унтчихна. Ийнхүү согтуудаа бас дуугай байхгүй, эксдээ би та хоёртоо эргэж ирнэ энэ тэр гээд бурчихна. 

Охин Хуа нь маргааш нь аавдаа "ээж таныг хүлээнэ гэсэн" гэж дамжуулна. Хо хо. 

Нэг иймэрхүү хаа хаанаа л нэг эрийг хүсэн хүлээсэн хоёр бүсгүйн тухай гарав. Мэдээж залуу ч гэсэн "хүлээлттэй" л амьдардаг л даа. Гэхдээ эмэгтэй хүмүүсийн хүлээлтийн хажууд бол юу ч биш. Мэдэв үү? Хи хи. Лин залуу Маннатай гэрлэхээр 18 жил хүлээхдээ өмнөх эхнэртэйгээ ч, шинэхэн дурлалт бүсгүйтэйгээ ч "загас наадуулалгүйгээр" бүхэл бүтэн 18 жил болдог гээд боддоо? Энэ дунд нэг удаа "нойтон зүүд" зүүдлэнэ ээ, хөөрхий минь. Түүнээсээ ихэд ичнэ. Хэнтэй ч ойртолгүй 18 жил үнэнчээр хүлээсэн түүний энэ их тэвчээрийг бол үнэлж байна өө. Түүнээс эрэгтэй хүн тэвчээргүй улаан туучийнууд гэж ирээд л ярьдаг даа. Ха ха.

Солонгос энэ тэр гээд гадаад явсан эрчүүд очоод л шууд хамтран амьдрагчтой болчихдог гээд л тэдний тэвчээргүйг гайхдаг болохоор, мөн манай дээхний зохиолуудад эрчүүд гэрийн тооно, хаяа зэрэр онгорхой л нүх сүв байвал зүтгээд байдаг гэж уншдаг болохоор Линийн тэр их тэвчээрийг үнэхээр гайхсан гайхсан. 

Дүрэм журам ихтэй, шийтгэл нь бас хатуу байсан зэрэг нөлөөлсөн л дөө, зайлуул.

Зохиолд гарах хятад хоолнууд харин их амттай санагдаад байсан. Хятад хоолны газар орж хоолломоор ч юм шиг. Саяхан бид гэрээрээ орсон л доо. Гэм нь зулзагууд дуртай их иддэг болохоор хөөрхөн үнэтэй тусна. Тийм болохоор хаа нэгтээ л орохгүй бол ч... Ккк

Сонирхолтой ном байсан шүү. Уншчихад илүүдэхгүй. Бид урд хойд хоёр хөршөө уншиж байх ёстой гэж боддог доо. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年11月27日木曜日

Япон дэн буудал ба нуурын эрэг

Ажлаар явсан ганц нэг зурагнаасаа оруулах уу дөө. Монголоос ирсэн хоёр гурван хүнтэй хамт орж гарсан юм өө. Ойрд ингэж орж гарч ажиллаагүй зугаатай байлаа. Шинэ зүйл ч мэдэж авлаа. Шинэ газар ч үзлээ. 
Козэния гэдэг нэртэй япон маягийн дэн буудал. Энд хоноогүй ч өдрийн зоог идсэн. Би ажлаа хийж явсан тул олигтой хооллоогүй, ганц нэг загас л ам руугаа хийв. Зураг ч дарж амжаагүй ээ. 
Тоогоо нэртэй нуур. Цаана харагдаж байгаа нь мөн л япон маягийн дэн буудал. Бид нэг хоног буудалласан. Орой нь халуун рашаанд жаал суув. Томчуудын хүлээн авалт байсан тул бас л зураг хөрөг дарж чадаагүй ээ. 

Өглөөний цайныхаа зургийг л дарах шив дээ. 
Өглөөний цайгаа уучихаад гадагш гарч зураг дарав. Хүмүүсийнхээ ч зураг хөргийг дарж өгөв. Амар амгалан, сайхан амралт болно шүү. Настай голцуу хүмүүс их ирж амардаг юм. Халуун рашаантай болохоор тэр. Мөн нуурын эрэг дээрх байгалийн үзэсгэлэн нь сайхан л даа. 
 
Хоёр дахь зургийг би нөгөөдрийх нь үдээс хойш очихдоо дарсан. Яагаад дахин очсон бэ гэхээр манайхны нэг нь цамцаа өрөөндөө мартсан, дүрмийн дагуу. Хэ хэ. Дараа өөр хүнээр өгч явуулдаг байх даа. Нимгэхээн цамц байсан тул аваад явах хүн олдох байгаа? 

Энд тэнд явахдаа өрөөгөө сайтар шалгаж бай л даа, манайхаан. Ккк. Жижиг сажиг зүйлээ заавал мартана шүү. Бас эрчүүд нь эмэгтэйчүүдээ бага зармаар байна аа. Яг л ээж нь, эхнэр нь мэт л зарах гэх юм. Ганц хоёрхон хоногоор гадагш явж байж биеэ даагаад явчихаж болдоггүй юм уу? Хэдий дарга цэрэг байсан ч гэсэн өөрсдийнхөө зүйлийг өөрсдөө л хиймээр байх юм. Эхнэрүүдээ нөхрүүдээ бие даалгаж сурга аа, хэдий болтол ээж нь юм шиг аяглах вэ дээ? Ха ха. 

Хэд хоног дулаахан, налгар намрын өдрүүд байлаа. Энэ 7 хоног хүйтэн, бороотой байна өө. 12 сар ч гарлаа даа, тийм ээ? Сүлд модоо засна гэдэг том ажил хүлээж байдаг...

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年11月26日水曜日

Сэтгэлзүйн тууриуд

Ээлжит ном. Монгол зохиолчийнхоо номыг унших ч аяа бас жаргал шүү. Сэтгэлийн таашаал эдэлнэ. Учир нь хэл ам сугалчих гэсэн гадаад нэр ус байхгүй. Дүр, зураглал нь дотно сайхан.

Цэнд-Аюушийн Буянзаяагийн "Сэтгэлзүйн тууриуд". Мүракамигаас дутахгүй гоёхон, соньхон санагдсан шүү. Мөн л 18 тууриудаас бүрдсэн. Мүраками цаашаа шүү гээд хэлчихбэл шүтэн бишрэгчид нь уурлах юм болов уу? Хүн хүний сонирхол, таашаал өөр шүү гэдгийг ойлгоорой. 

Үзэл бодол жаахан зөрснийгөө өстөн болгочих гээд байдаг шүү, бид. Хи хи. 

Бас л сонин хачин нэртэй тууриуд нь цаанаа л нэг егөөдөөд байгаа мэт санагдана. Өнөөгийн ахуй амьдрал, дээхний тогтолцооны тухай л ёгтоор шүүмжлээд, хүүрнэн өгүүлээд байх шиг санагдана шүү. 
Хүний дотоод нэлээд руу өнгийсөн, юу бодож сэтгэдгийг яруу тодоор харуулсан мэт... Олноороо нийлээд ирэхээрээ бас л муйхар хүч, муйхар зан ч дийлчихдэг гэдгийг хэд хэдэн тууриас нь харж болохоор. 

"Шар харганын туурь" инээдтэй ч юм шиг хэрнээ залхуу хойрго улсуудын балаг, итгэмтгий гэнэн хүмүүсийн балаг, өөрсдийг нь сүйтгээд байхад л итгэл үнэмшилдээ автаад, домог мэт худал ярианд итгээд бүгд багтраа өвчтэй болж байгаа нь харамсмаар. 

Зэрлэгээ зулгаахгүй, хашаагаараа дүүрэн зэрлэгтэй. Өөрөөс нь өндөр ургасан шарилж дундаа өлгийтэй жаахан хүүхдээ бүүвэйлээд суух юм энэ бүсгүй гэж ижий минь өмнөөс нь бухимдаад, өлгийтэй жаахныг нь бодохоор л тэр өндөр ургасан зэрлэгийг нь түүгээд өгчихмөөр санагдаад гээд л нэлээд дээхэн хажуу хавирганыхаа айлыг шүүмжлээд байсан дүр зураг л буугаад байлаа.

"Үүдэл эцгийн туурь" бас л зэвүүн. Нэгэн овог айл ирсэн зочноо хэрхэн хүлээж аваад, хэрхэн харж хандаад, хэрхэн нүд үзүүрлээд, хэрхэн хөөж туугаад зэрэг үйл явдал гарна. Энэ туурьд гарсан нэг ишлэлийг бичих үү? 

"Өнгөнд шунан, жөтөөнд сохорсон эм хүн гэдэг үнэнд биш хүссэндээ итгэдэг."

Ер нь эмэгтэйчүүд бид их олон юмны утга учир, учиг нь болж байдаг гайхалтай хүмүүс юмдөө л гэж бодов. Хэ хэ. 

"Хондогын өвөлжөөний туурь"-д бас л эмэгтэй хүний нэгэн чанарыг ингэж бичсэн байдаг. 

"Эмэгтэй хүний мөн чанар нунж дорой санагдах эр хүнийг тэсэн тэвчдэггүй бололтой."

Үнэн ч юм шиг. Эрчүүд цаанаа л нэг зоригтой, чиглүүлэгч байвал гэж санагддаг даа. Гэхдээ эм хүйстэндээ зөөлөн байх ёстой. Хо хо. 

Энэ туурь бас л хөөрхийлөлтэй. Хондогын өвөлжөөн дээр хүн боогоод үхчихсэн байхыг хараад бусдадаа хэлж мэдэгдээд, тэгсэн дараахан нь өнөөх цогцос нь алга болчихоод. Хүмүүс түүний үгэнд итгэхгүй, эсрэгээрээ хий юм харлаа, хүн амьтан үймүүллээ гэж зэмлээд гээд л үйл явдал цааш өрнөнө...

Нэлээд сонин содон, тэр бүр хэл яриандаа хэрэглээд байдаггүй үгстэй таарна. Хэрэглээд сурчихвал ч тийм ээ? 

"Хуучин юмсын туурь" бас л сэтгэл рүү ёнк гээд л явчихна. Ижий аавууд хажуудаа байлгаад л байдаг нэг хүүхэд байдаг даа. Яахав тэр нь гэр бүлтэй, өөрийн гэсэн амьдралтай бол болж байна. Харин эсрэгээрээ тийм биш, гон бие гозон толгой байвал ч энэ туурьд гардаг Энхсүхтэй л адил амьдрал туулах юм болов уу ч гэж бодох шиг...

"Хүний төлөө амьдрах нь өөрийнхөө төлөө амьдрахаас ч илүү үнэ цэнтэй."

"Хүний амьдрах хүсэл үхэх хүслээс нь илүү үнэ цэнтэй."

"Булингарт голын туурь"-ийг уншихаар яг л өнөөгийн Улаанбаатар хотын дүр төрх нүдний өмнүүр жирэлзээд, сэтгэл хөндүүрлэв. Туул гол жаахан байхад минь их том сүрлэг гол байж дээ, би ч өөрөө жаахан байж дээ гэж бодон бодон уншив.

Гэснээс би "Морин уруул" номонд нь дуртай, хайртай. Дараа боломж гарвал бусад бүтээлээс нь ч авч уншина даа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年11月12日水曜日

Намрын өнгө

Намрын налгар өдөр ховор ч юм шиг санагдаад байна өө. Бүрхэг, бороотой өдөр голцуу. Амралтын өдөр бороо нь таарна. Ажлын өдөр нарлаг өдөр нь таарахаар тэгж санагдаад байж магад. 

Ямартай ч саяын өнгөрдөг хагас бүтэнд сайнд ууланд гарав. Бүтэн нэг жил уулзаагүй уулынхаа хэдтэй уулзаж, сонин сайхнаа ам уралданхан л ярив. 
Харих замдаа эндхийн намрын өнгийг сэтгэл зүрхээрээ мэдрэхийг хичээв. Кооёо хэмээн нэрлээд моддын навчисыг өнгөө хэрхэн хувирган, байгаль дэлхийгээ хэрхэн чимж байна вэ гэдгийг үзэж харж, мэлмийгээн, сэтгэлээн баясгадаг улс аа япон хүмүүс. 

Бид ч удаж байгаагийн хэрэг юу билээ? Усыг нь уувал ёсыг нь дагаж баясна. Энд тэнд явахдаа блогтоо оруулах гэж зураг дардаг минь хэвээрээ. Уншдаг нь харин хэд бол? Гэж бодогдоно үе үе. Байнгын уншигчдадаа харин ямагт талархаж явдаг шүү. Баярлалаа. 
Уулнаас бууж, харих өдөр минь бороотой, бүрхэг өдөр таарсан. Хэдий тийм ч бууж зураг дарахаасаа халшрахгүй ээ. Хойрго зангаа засах гэж хичээж буй ч заримдаа хойрго зан минь хөдөлнө өө гэж. 

Саяхан бас Батцэцэгийн "Хойргошилд цэг тавих" гэдэг дугаарыг нь сонссон хүн байна даа. Гэснээс хойрогшил гэж бичих үү? Хойргошил гэж бичих үү? Миний бичсэн зөв байх гэж бодоод. Батцэцэгээ "хойрогшил" гэж бичсэнийгээ засаарай. 

Олж унших болов уу даа? Таньдаг нэгэн нь уншвал хэлээд өгөөрэй. Хэ хэ. 
Энэ зураг тухайн өдрийн оргил зураг байсан. Доороо голтой. Модод нь алагласан. Алсад манан татаастай. Байгалийн өнгө үзэмж хосолсон байна уу? Зураг дарах мэдрэмж, авъяас байна уу? Хэлээд өгөөрэй. Байна гэвэл мэргэжлээ солих уу? Шинэ хоббитой болох уу? Шийдмээр байна өө. Ха ха. 

Намрын өнгөний тухай бичиж явсан хүн хадуураад байна. 

Шав шаргал навч ховор таарна. Ажлын гадаах шар навчны зургийг дарах гээд л мартчихаад яваа юм байна шүү. Шаргал өнгө харахаар эх орны минь, төрөлх хотын минь гудамжны модод л санаанд буудаг даа. Гэм нь одоо ширэнгэн барилгууд нь олшроод моддыг нь сугалаад хаячихсан дүр зураг л буух гээд байдаг болж дээ. 

Дараагийн бичвэрт өөр бусад ганц нэг зурагнаасаа оруулна аа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年11月11日火曜日

Эмсгүй эрс

Сүүлийн үед номыг нэг тийм удаан уншаад байна өө гэж бичсэн тийм ээ? Номыг уудаг хүмүүсийн туршлагаас суралцмаар байх юм. Би өөрөө тийм хүмүүсийн бичсэн номыг уншаад блогтоо бичээд байсан ч билүү? Ха ха. 

Та нар жаахан амьдралтай зүйл бичиж бай л даа. Би хэрэгжүүлж чадаагүйг бодоход амьдралаас тасархай, хол зүйл бичсэн бололтой дог шүү, тийм үү? Аминдаа л хаа явсан газраа ном дэлгээд л байгаа юмсан. Зарим нэг хүмүүс худлаа хэлбэрдлээ гэж боддог байж магад л юм. Тэр хүмүүсийн юу гэж бодох нь тэдний дурын л асуудал. Би тэгж бодтол нь хэлбэрдэж чадаж байна гэдэг чинь бас л сүрхий байгаа биз дээ? Хэ хэ. 

За тэр ч яахав. Он дуусах гээд байдаг, учиргүй 50 ном уншина гэж ам өчиг өгөөд байсан чинь талдаа ч орохгүй л хуучин оноо үдэх нь. 12 сард бөөндөх үү дээ? Хи хи.  

Мүраками Харүки зохиолчийн "Эмсгүй эрс" гэдэг ном. 7 өгүүллэгээс бүрдсэн. Гарчигнаас нь харахад дээхэн уншсан "Шивэгчний үлгэр" ном шиг байх гэж төсөөлөөд байлаа. Тэгсэн чинь үгүй юм аа. Хаа байсан 2018 онд орчуулагдаж хэвлэгдсэн байх юм. 7 жилийн дараа уншдаг гэнэ ээ. Бодвол Мүракамид нэг их дурладаггүй болохоор тэр байх... 

Гэсэн хэдий ч түүний 3 дахь номыг нь уншиж байна өө. Цаашид ч унших байх өө. Хэ хэ. Тэгж байгаад өөрөөр хэлбэл уншсаар байгаад дуртай, таалдаг болчих байх өө. Хи хи. 

Япон хүмүүсийн тэр дундаа япон эрэгтэй хүмүүсийн дотоод сэтгэлийг уудалсан шиг санагдав. Нэг тийм чимээгүй, дотуур тамиртай ч юм шиг, дуугай хүмүүс. Нөгөө талдаа нэлээд ганган, гоёмсог, ихэмсэг, яриа хөөрөө сайтай хүмүүс... Тэдгээр бүхий л эрчүүд нь эмэгтэй хүнээр дутагдсан гачигдсан, эмэгтэй хүнээс амьдрал нь шалтгаалсан гунигтай ч гэмээр амьдрал туулж яваа тухай агуулга бүхий өгүүллэгүүдийн түүвэр ном байлаа. 

Үе үе зохиолч өөрийнхөө тухай хэлээд ч байх шиг санагдана. Сонгодог хөгжим, жааз хөгжимд дуртай юм билээ. Байсхийгээд л миний мэдэхгүй дууны нэр, дуучны нэр, хамтлагийн нэр гарна. Тэгэхээр өөрийнхөө л тухай биччихсэн мэт...

Эмэгтэй хүмүүсийн ааш араншинд "дарлуулаад", "дээрэлхүүлээд", "эмзэглээд", "зөрчилдөөд", "гомдоод" эсвэл эсрэгээрээ эмэгтэйчүүдийг "дээрэлхээд", "дарлаад", "гомдоосон" ч тэдэнгүйгээр нэг ёсондоо эмэгтэйчүүд бидэнгүйгээр та нар хэн ч биш болчихдог нь ер нь хаана ч адил юм биш үү, эрчүүд ээ. Зөвхөн монголд ч биш. Гадаадад ч тэр. Ха ха. 

За тэгээд ганц эрэгтэй хүн гэлтгүй эмэгтэйчүүд ч өөрсдөө эргүйгээр оршин тогтноход хэцүү л юм даа, тийм үү? 7 өгүүллэгт гардаг агуулга бүгд л эр эмийн харилцааны тухай. 

"Drive my car", "Yesterday", "Эсэргүү эрхтэн", "Шэхэрэзада", "Кийно", "Бөөрөн хэлбэрт чулуу", "Эмсгүй эрс" гэсэн гарчигнуудаас харахад л хачиг жигтэй нь уншигдаж байна уу? 

"...хэн нэгний сэтгэлийг нээж үзмээр санагдвал эхлээд өөрийнхийгөө харах хэрэгтэй..."

"Амьдрал гэж дуусашгүй замаар тойрохыг хэлнэ."

"Эмэгтэй хүн бүр гойд худлаа ярих бүхий зориулалт бүхий эсэргүү эрхтэнтэй төрдөг."  Энэ их гоё хэлсэн байна уу? Үнэн ч гэх юм уу?  Ккк. 

"Гэхдээ эрчүүдийг тэнгэрт тултал хөөргөдөг, газар доор ортол гонсойлгодог, солиоруулж бас сэргээж өгдөг, амтат төсөөллөөр бялхаадаг, заримдаа эрлэгт аваачдаг энэ эсэргүү эрхтэн байгаагүй бол хүний амьдрал дэндүү уйтгартай, бүдүүн хадуун болох бус уу. Эсвэл цутгасан юм шиг нэгэн хэвийн үргэлжилсээр удалгүй эцсээ үзэх байсан биз."

Бас нэг зүйл нэмж хэлэхэд хайр үгүй бэлгийн харилцааны тухай их өгүүлнэ. Нууц амрагууд, амьдралд утга учир нэмэх бүсгүйгээ олохын тулд олон бүсгүйг солих гэх мэт дурлалгүй сексийн өгүүлэмж. Тэдгээр эрчүүдийн тайтгарал нь бэлгийн харилцаанаас авч буй таашаал. Тийм л учраас олон бүсгүйтэй учир ургуулдаг байх нь. Мэдэж авлаа. Хо хо. 

За тэгээд уншмаар байвал уншина биз, уншмааргүй байвал уншихгүй л байхад болно. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年11月1日土曜日

Шинэ сарын мэнд ээ

Зээ, шинэ сарын мэнд ээ. Хоёрхон сарын сарын дараа шинэ он гарлаа шүү дээ. Ямар хурдан өнгөрч байна аа, энэ цаг хугацаа. 

Юу амжуулав? Ямар өөрчлөлт гарав? Гээд л хүмүүс дүгнэдэг сар айсуй. Эх оронд минь баахан шилдгүүдээ тодруулна. Суугуул нутагт маань цалингийн урамшуулал авдаг. 

Даанч миний цалингийн тогтолцоонд шагнал урамшуулал байхгүй. Худлаа юм шиг сонсогдож магадгүй, өмнөх ажил минь ч тийм байсан. 

Энэ мөнгөн шагналын тогтолцоо таалагддаг. Хүн гэртээ хэрэгцээтэй, үр хүүхдэдээ хэрэгцээтэй зүйл худалдаж авахад зориулна. Эсвэл ирээдүйдээ зориулж хадгаламж үүсгэнэ. 

Гэтэл эх оронд минь явуулдаг баахан л шилдэг гэсэн тэмдэг, жаазтай жуух бичиг нь үр ашиггүй зарлага гэж санагдаад байдаг юм. Сүүлийн үед мөнгөн урамшуулал өгдөг газрууд олширсон гэж сонссон л доо. Нүүрномоос харж байхад том том жаазтай цаас барьсан хүмүүс харагддаг болохоор, тийм л төсөөлөл байна өө. 

Зулзагууд Санта өвөө  ирнэ, ирэхгүй гэж ярилцаад эхлэв. Ангаргаас ирсэн зулзага минь үзэгний сав нь муудсан тул захиалж байх шиг байна лээ. Гэснээс энэ ангараг гарагийн улсууд юмыг "эвдэх" одонд төрсөн байдаг уу? Хүрсэн, хэрэглэсэн болгоноо эвдээд байна. Ха ха. 

Хөндлөн зураг: Галын дөл өөдөө. 

Сугараа ирсэн нь ч яахав, ижий нь өөрөө сугараас ирсэн юм болохоор ойлгоод ч байх шиг хүссэн зүйлийг нь. "Бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө" гэсэн байгаа. Би ч мөнгөнд дуртай, мөнгө ч надад дуртай. Тэгэхээр болгоно доо, амжуулна даа. 

Мөн Крисмасын баяраараа идэх бялуу, тахианы мах захиалах юм гэсэн, эртхэн шиг. 

Япон улс нь түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болж, өнөөх нь Трампыг эх орондоо дуудаад уузлах шив дээ. Хэ хэ. Гэтэл эх орон минь нэг л биш ээ. Хааяадаа гэр лүүгээ залгах юм. Тоггүй л гэнэ, бинзенгүй л гэнэ. 

Чаддаг бол бүгдийг нь энд аваад ирмээр. Ялангуяа жаахан маамаатай гэрийнхнийгээ. Ахмадууд бол ирэхгүй л дээ. Энд уйддаг, даардаг, хөрдөг, халууцдаг. Даралт нь хэлбэлзчихдэг. 

Миний хувьд тэмдэглэлийн дэвтрээ сайн хөтөлж байгаа. Яахав болсон, тохиолдсон зүйлсээ л тэмдэглэж байна. Түүнээс нарийн ширийн данс тооцоо, мөрөөдөл, дадал, санхүү, манифест гэсэн зүйлсийг алгасчихаж байна өө. Толгойгоо гашилгахаас халшраад байх шиг...

Доторх жаахан хүүхдийнхээ хүслээр хөөрхөн хөөрхөн наадаг цаасыг бол маш идэвхитэй нааж байгаа. 100 иений дэлгүүр орохдоо заавал нэг наадаг цаас авдаг болсон бнай лээ. Уг нь бол аяга угаагч нэхэх утас л худалдаж авдаг юм. 

Аан тийм, сэрүүсэх биш хүйтэрчихсэн. Айхтар халуунаас гэнэт хүйтрэх чинь хүнийг бээрэг болгодог юм байна. Даараад эхэлсэн. Нэг тийм налгар намрын өдөр барагтаа гаралгүйгээр өвөл болчих гээд байна өө. 

За тэгээд он дуустал блогоо ч бичсээр л байх юм шүү гэж зорилт тавиад,түр баяртай. 

Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年10月31日金曜日

Шидэт мухлаг

Энэ сард ёстой чиг уншихыг үзүүлээд өгнө гээд л сэрсэн юмсан, сарын эхэнд. Тэгсэн хоёрхон ном уншиж дуусгаад, гурав дахь нь талдаа ч ороогүй сэрэв, сарын төгсгөлд. 

Энэ чинь одоо ариун явдал уу? Хи хи. 

Хувь хувьсгалын ажил их байна өө. Уншлагын цаг бага гаргаж байна өө. Хүлээн зөвшөөрнө. Огт уншдаггүй хүмүүсийг бодвол амжилттай ч, уншдаг хүмүүстэй харьцуулах ёстой тийм үү? 

Хүн ер нь өөрийгөө сайн яваа, амжилттай яваа, хийдэг,чаддаг хүмүүстэй зүйрлэж, жишиж, тэднээс урам авч байж алхам алхмаар хөгжих байх. 

Харин хэт их харьцуулахгүй байх тал дээр анхаарах...

"Бүри юниверсити"-гийн нэг дугаараас энэ номны тухай олж мэдсэн. Мань хүн ч чадварлаг ярина дөө. Мөн Батцэцэг байна. Энэ хоёрын танилцуулсан номны тухай бичвэрүүдийг нь аль болох алгасалгүй сонсдог.

Мэдээж уншчихсан номны тухай байдаг, сэргээгээд нэг сонсчихдог. Хоолоо хийхэд минь хань болдог доо. Баярлалаа, та хоёрт. Миний блогтой таарч уншихгүй л байх л даа. 

Чадварлаг залуус олноор төрөн гараасай, улс эх орон минь хөгжөөсэй гэж бичдэг "аниа" нь байна өө. Хэ хэ. 

Агуулгыг бичих гэхээр залхуу хүрээд байна. Тэртэй тэргүй та нар ютүбээр танилцуулгыг нь олоод сонсчихоорой. 

Таалагдсан ганц нэг санаануудаа түүж бичих үү дээ? Уламжлал ёсоороо. 

Ямартай ч ар гэрийн хүндхэн нөхцөлд амьдардаг арван хоёрхон настай хүү их зөв хүнтэйгээ зөв цагт таарсан азтай юм даа гэж бодогдсон. 

Хэрэв буруу замын нөхөдтэй таараад, найзлаад, уруу татагдсан бол одооны хэллэгээр за тэгээд дуус дуус, дуусцан хорвоо байх байсан болов уу ? 

Эргэн тойрных нь хүмүүст азгүй явдал, золгүй явдал тохиолддог ч хүүгийн амьдрал "аз жаргалтай"-гаар? төгсөж буйд, нийгэмдээ хэрэгтэй хүн болон олон олон хүний амийг аврахаас гадна, ийнхүү ном бичин дэлхийн сая сая хүмүүст нөлөөлж буй нь талархууштай байлаа. 

Хүү гэж хэлж байгаа ч мэс заслын их эмч Жэймс Р.Доти гэдэг хүний тухай шүү. Зохиолч өөрийн дурсамж намтраараа бидэнд хэлэх гээд байгаа гол санаа нь "Хүн гээч нь дан ганц тархиа бус зүрхээ ч мөн адил сонсдог болсон цагт мөрөөдлийн хайр, жинхэнэ хайр, энэрэл, нигүүлслийн дээд оргилд хүрэх гарцаагүй" гэдэг санаа байлаа. Тархи зүрх хоёр тэгэхээр салшгүй зүйл байх нь тийм ээ? 

Тэр нэгэн зуны өдөр түүнтэй учирсан Рут хэмээх сайхан сэтгэлт эмэгтэй. Түүний хэлсэн ойлгуулсан нь түүнд хожмоо ид шид мэт үйлчилсэн тухай өгүүлнэ. Түүнийгээ "Рутийн ид шид" гэж нэрлэнэ. Тэрхүү ид шидээс дурдвал: 

1. Биеэ суллах. Энэ нь дотроо 16 зүйлтэй. Хийгээд сурчихвал нээрээ л ид шид мэт амар амгаланг мэдрүүлэх байх. Одоогоор нэг л удаа хийж үзсэн. Байнга хийвэл ч тийм ээ? 

"Амьсгал болоод тайван байдал нь оюун бодлоо хязгаарлаж сурах анхны алхам юм." 

2.Биеэ суллах. Дотроо 4 зүйлтэй. Нэгт мэдээж дээрх биеэ сууллах дасгал орно. Өдөрт 20-30 минут хийж дадвал сайн. 

"Оюун бодлоо хязгаарлаж сурсны ачаар бодол санаа тань цэлмэн гийх болно."

Би ч их олон юм бодно өө. Монголд байгаа ижий аав минь түлээ түлш нь гайгүй байгаа. Тэрний бие тэнхээ тааруухан гэж сонссон доо, гайгүй байгаа? Тэр ажлаа нэг амжуулчих юмсан. Зулзагууд минь...

Эцэс төгсгөлгүй үргэлжлэнэ. 

3. Зүрх сэтгэлээ нээх. 11 зүйлтэй. Өмнөх хоёр дасгалыг хийнгээ энэ гурав дахь дасгалыг хийнэ. 

Хүмүүсийг байгаагаар нь л хүлээх авах юм шиг байгаа юм. Тэр хүн ч чиний л адил алдаатай, оноотой, зүрх сэтгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй, мөрөөдөлтэй хүн гэдэг утгаар нь оюун санаандаа тэднийг хайрлах, хүлээн зөвшөөрөх, халуун дулаанаар булхуулах гэжээ. 

Нээрээ ч тийм дээ гэж заримдаа бодно л доо. Гэхдээ л хачин хачин үйлдэл гаргаж, сонин сонин үг хэлсэн хүмүүст уур хүрдэг ч мартахыг хичээж л явна. Яг ч ор тас мартчихаж чадахгүй л байна. Хэ хэ. 

Би ч өөрөө дэмбэрэл үг хэлчихдэг л байх л даа, санаандгүй. Бас л олон долоон зүйл ярьчихгүйг хичээж л байна. Хо хо. 

Уучлах, талархах нь маш чухал гэж сүүлийн үед их л уншиж, сонсож байна тийм ээ? Талархахын хувьд өдөр тутамдаа бүхий л зүйлдаа талархахыг хичээнэ ээ. Зарим нэг зүйлд бол үглэнэ ээ үглэнэ, ээж эхнэр хүний хувьд.  

4. Хүсэл мөрөөдлөө биелсэн мэтээр төсөөлөх, бодох. Ингэхийн тулд хүсэл,  зорилго нь маш тодорхойлох. Мөн л 11 зүйлийн тухай бичсэн байна. 

Ирэх жил эх орондоо амраад, хайртай хүмүүстэй уулзаад, хорхог боодог хийгээд, дуртай өрөм хайлмагаа идэж байна гэж маш тодоор төсөөлөөд, гол дүрд нь орчихсон, аз жаргалтайгаар эх орныхоо сэрүүхэн сэнгэнэсэн салхийг цээж дүүрэн мэдэрч байна өө. Яг хажуугаас нь ингэж өөрийгөө харан, нүүр дүүрэн инээмсэглэн зогсоно би. 

Гэх мэтээр төсөөлөх нь байна шүү. 

Цааш нь бичихдээ "тархины нууцууд", "зүрхний нууцууд" гэдэг бүлгүүд бий. 

"Зүрхний цагаан толгой"-д өгүүлдэг нигүүлсээнгүй сэтгэл, нэр төр, уужуу чанар, уучлал, талархал, төлөв даруу зан, чигч шулуун зан, шударга ёс, нинжин сэтгэл, хайр гэдэг зүйлсийн талаар бичсэн байв. 

Олон олон залуус уншаасай гэж хүссэн ном байлаа. 

"Бядуу дорой амьдрал, балгачихдаг аавтай байлаа гээд би заавал буруу замаар орох албагүй. Амьдралын нэг хэсэг нь нурлаа гээд нэлэхийдээ нурсан гэсэн үг биш". 

Үнэхээр тийм шүү. Хичээцгээе өө, бултаараа...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2025年10月29日水曜日

Хүүхдээ ойлгох ном 5

Энэ бичвэрээр төгсгөнө өө. 

"Хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдэдээ анхнаас нь хүчирхийллийг хэзээ ч тэвчиж болохгүй гэдгийг заах хэрэгтэй. Хүчирхийллийг үл тэвчих гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл, хүчирхийллээс зугтаах, хүчирхийлэгчтэй харилцаагаа тодорхой хугацаагаар ба бүрмөсөн таслах, хүчирхийлэлд өртсөн тухайгаа өмгөөлж хамгаалах хүнд хэлэх, ойр дотны хүмүүсийн өмгөөлөл хамгаалалд орох, хүчирхийллийн эсрэг ажилладаг байгууллагад мэдэгдэх эсвэл бүр цагдаа дуудах гэсэн үг юм. 

...өөрийгөө хүчирхийлэгч болгохгүй байх өөрт таарсан аргаа заавал мэддэг болох хэрэгтэй.

Хүчирхийлэлгүй амьдрах зорилго тавь..."

"Маргалдахдаа одоо цагт, ганц тоон дээр ярьж бай."

"Хүүхдээ ирээдүйн төлөвлөгөө, зорилготой байлга. Хувийн төлөвлөгөөтэй болж амжаагүй хүүхдэд "Эрүүл мэндээ хамгаална" гэдэг наад захын төлөвлөгөөний санаа өг."

"Хөдөлмөрлөж, алхам алхмаар зөв явж байж хүрсэн амжилт хамгийн нэр төртэй амжилт байдгийг сургаарай."

"Уураа гаргаж дуустал нь яриаг нь сонсоно. Ууртай үед нь буруутгаж загнахгүй, харин ч үнэхээр ойлгохыг хичээж сонсоно."

За тэгээд цааш нь "өөртөө итгэх итгэл, санхүүгийн дадлага, хувийн ёс зүй буюу дотоод торгон мэдрэмж, арчаа ба сахилга бат, нинжин сэтгэл, сониуч зан, зориг тэвчээр айдас, ялалт ялагдал, төлөвлөж сурахуй, ажил хийх дараалал, мэргэжлээ сонгохуй, интернэтийн орчинд, бие даах цаг боллоо" гэх мэт гарчгуудын дагуу бичсэн байсан. 

Сонирхож байвал өөрсдөө худалдаж аваад уншина биз ээ? Би ч эдгээр гарчгуудыг харж байгаад дахин унших хэрэгтэй гэвэл номоо сөхөн харна даа. 

Мөн ээж, аавынхаа тухай бяцхан танилцуулга бичсэн байсан. Их зарчимч улсууд байсан байна лээ. Тийм ээж аавын хүүхдүүд чадварлаг, хэрсүү, ёс жаягтай болж өсөх нь аргагүй л юм даа гэж бодон бодон уншив. 

Зээ, ингээд энэ номоо дуусган, номын сандаа өрлөө. Хамт уншсан уншигчдадаа баярлалаа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2025年10月28日火曜日

Кацүо сүм

Осака мужийн Миноо хотод оршдог “Кацүо сүм” буюу Ялалтыг бэлгэддэг сүмээр зугаалав гэж өмнө бичсэн дээ. Өнө эртний түүхтэй сүм юм байна. “Katsuo-ji temple” гээд хайгаад, уншаад судална биз дээ? Одоо ч тэгээд хурууныхаа үзүүрээр л дэлхийн мэдээллийг авдаг цаг үе шүү дээ.

Би ч ганц нэг хөөрхөн зурагнаасаа оруулах гээд л.

Өнөөх дарүма хүүхэлдэйг бол энд тэнд олноор нь өрсөн харагдсан. Үүнээс харахад жуулчдын тоо их гэдэг нь харагдаж байгаа биз? 

Манайхны Гандан хийдээр орж бүхий л зүйлээ даатгадаг шиг. Гэхдээ эдний лам нар сүсэгтэн олны өргөл барьцыг хэрхэн зөв заруулдаг нь ил тод. 

Энэхүү тансаг, байгалийн үзэмж бүхий ногоон байгууламжийг харахад л ойлгомжтой байгаа биз? Нуур. Нууранд хийсэн усан оргилуур, тэжээдэг загас зэргээс харахад л манай лам нартай харьцуулшгүй, хөдөлмөрч, бурхандаа үнэнч, сүсэгтэн олноо хүндэлдэг, байгальдаа ээлтэй байгаа биз?

Сүсэгтэн олны мөнгийг зөвхөн хувьдаа л зарцуулчхиалгүй нийтийн сайхан сайхны төлөө бас зарцуулаад сүрхий эд нар. За тэр 00 бол асуудалгүй, бэлэг дурсгалын зүйл зардаг тасаг нь ч шийдэл сайтай. 
Мөрөг загас. Бүр сурчихсан, ам нь нэг их том ангайж ирээд л, шавчихна. Хэ хэ. Өнгө өнгийн мөрөг загас. Мөрөг загас нь алдар нэр, амжилтыг урин дууддаг гэж үздэг. 

За тэгээд дахин нэг илүү үглэхэд Манзушир хийд рүү дагуулаад л явдаг юм, ойрхноор нь. Хоттой ойрхон хийдээ бас тансаг болгомоор тийм ээ? Энэ зун очоод, хоёр япон залууг морь унуулсан, үүдэнд нь хэдэн худалдаа байсан. Цаашаа явахаар хөл муутай, тэргэнцэртэй хүмүүс бол явахааргүй...

00  бол хэцүү хэцүү. Аль болох шингэн уухгүй л байх хэрэгтэй. Хэ хэ.

Өө тийм, энэхүү Кацүо сүм нь "Мянган мутарт Жанрайсаг"-ийг залсан байдаг бөгөөд Японы гучин гурван Жанрайсаг бурхдын байдаг сүмзздийн 23-т жагсдаг юм байна. 

Мөн энэхүү ялалт гэдэг нь бусдыг ялан дийлэх гэхээсээ илүүтэйгээр өөрийгөө ялан дийлэх, өөрөө өөртэйгөө харьцах, өөрийнхөө дотоод руу өнгийхийг чухалчилдаг гэсэн шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年10月27日月曜日

Хүүхдээ ойлгох ном 4

Үргэлжлүүлж бичихгүй бол санаа амардаггүй ээ. Бие минь ажил дээрээн, гэртээн мөртлөө сэтгэл санаа минь блог дотроо эргэлдээд байна. Хэ хэ. Мөн номоо номын сандаа өрж тавихгүй бол санаа амардаггүй ээ. 

Уншиж дуусаад номын сандаа номоо өрж тавих ч айдаа мөн чиг их сэтгэл ханамжийг мэдрүүлдэг тийм ээ? Уншдаг хүмүүсийн л мэдрэх сэтгэлийн таашаал байх даа...

"Гэр бүл, ойр дотны хүрээнд сайн үлгэр дуурайл байгаа бол тэр хүүхэд хамгийн азтай бөгөөд сайн хүн болох магадлал өндөр."

Үглэж дуулахаас илүүтэйгээр үлгэрлэх нь чухал гэж их ч уншиж байна дөө. Яг гэртээ ээж нь, аав нь үлгэрлэх гэхээр нэг л сэтгэлд буудаггүй ээ. Утсаа маажсан ээж аав хоёр л байгаад байдаг. 

Яахав ээж нь үе үе ном шагайж үлгэрлэдэг байх. Орсон гарсныг дайлдаг цайлдаг нь бас нэг үлгэр байж магад. Манайх оюутны гуанз шиг байна тийм ээ? гэж нэг удаа зулзага хэлж билээ. Хи хи. 

Гэрээсээ хол залуусыг өөрийн жаахан хүүтэйгээ зүйрлээд өө. Зарим нэг нь "өндөр ээж" гэж "өргөмжилсөн ч удаатай. Ооё. 

"Үнэт зүйл өвлүүлэх...

Үнэт зүйл гэдэг бол ганц таны хүүхэд төдийгүй олон хүнд хэрэг болох, аль ч цаг үед хаана ч хүндлэгдэх сайхан чанар юм."

"Хаа нэгтээ түүхийн явцад монголчууд бид хулгай хийдэггүй байсан үндэсний үнэт өвөө мартаж гээжээ."

Энэ их харамсалтай тийм ээ? Би ч хааяа малчин ахуйгаа магтаж ярихдаа өргөө цагаан гэрээ цоожилдоггүй, данхтай цай боорцог нь бэлэн, аяншиж ундаассан хүн орж цай уучихаад явчихдаг соёлтой байсан гэж танилцуулна аа. Хулгай зэлгий байхгүй шүү дээ гэж ирээд л. 

Даанч одоо цаг үед мартагдаад л байна гэж халаглахаа мартахгүй. Мөн Улаанбаатар хотод олон хөлийн газар түрийвч, мөнгө, гар утсаа алдав аа гэж байнга сануулж, бие хамгаалагч шиг нь явна шүү дээ...

Үндэсний үнэт өвөө сэргээх юмсан тийм ээ? Ядах байхад төрд байгаа ихэнх нь "хулгайч" болчихсон. Тэдгээрээс үлгэж жишээ авч буй хойч үе их гэж бодохоор...

"Хуультай танилцуулах...

Хүүхэд дагаж мөрдөж эхэлдэг анхны хууль нь Замын хөдөлгөөний тухай хууль юм. 

Хүүхэдтэйгээ хуулийн тухай ярьж бай...

Хууль ойлгож сурах нэг ноу-хау хэлэхэд заргалдаж үз."

Хөөрхөн ноу-хау байна уу? Яаж ийгээд л нэг удаадаа заргалдаад үзчихэд хэрэгтэй л юм байна. Гэхдээ л шүүх цагдаагаар явах нь манай улсад бол хохирогч нь өөрөө хэрэгтэн болчих гээд байдаг сул талтай гэж их уншиж, сонсох юм дөө. 

"Айл бүрт Моцарт бий. Тэд юу ажиглаж, юунаас суралцах вэ гэдэг нь л өөр. Гэхдээ гэр бүлийн гишүүд утсаа шагайгаад хоорондоо ярихгүйсуудаг бол хүүхэд хэнээс ч юу ч сурахгүй нь мэдээж. Харин гэрт нэгэн зүйл давтагдан болдог бол, тэр нь идэвхтэй ажил, хичээл бол хөгжмийн хичээд ажигласан гурван настай Моцарт хүү шиг л хүүхдэдээ гэрийн боловсролыг эрт эзэмшиж эхэлнэ." 

Гэртээ зулзагуудынхаа нүдэнд гар утсаа бага маажих гэж хичээж л байна. Огт маажихгүй байна гэж байхгүй л дээ. Ямартай ч олон цагаар, удаан маажихгүй байх санаатай үзэж тарж л байна. Хаа нэгтээ нүдэнд харагдахгүй газар тавьчих чинь зүгээр юм билээ. Нүдэнд ил байвал гар өөрийн эрхгүй утас луугаа явчихна...

"Айл бүхэн давтагдашгүй боловсрол олгох орчин юм. Та хүүхдээ бусдаас онцгой байлгах гэж янз бүрийн давтлага, дугуйлан, сургалтаар хэт бүү ачаалаарай. Зарим цагийг гэртээ, гэр бүлээсээ суралцахад нь үлдээгээрэй. Тэгсэн цагт хүүхэд тань жинхнээсээ бусдаас онцгой нэгэн болж чадна."

За тэгээд гэрийн ажлын чухлыг ч өгүүлжээ. Хамгийн гол нь тухайн гэрийн ажил нь нэг их түүртэхээргүй, сэтгэл ханамж төрүүлдэг байвал сайн.

"Хүүхдийн нүдийг хар. Гялалзаж, гялтганаж байна уу? Тийм бол энэ хүүхэд маш сайхан амарч, хорвоогийн бүх юмыг сонирхож, ид хөгждөг дээрээ байна. Хэрэв нүд нь гялалзахаа больсон бол ачаалал нь хэтэрч амрах, нойр авах эсвэл гадаа тоглох шаардлагатай болжээ. 

Хүүхэд гаднаа бараг ажил хийхгүй байгаа ч дотроо маш хурдацтай өсөж хөгжиж, энерги зарцуулж байдаг. Ийм учраас хүүхдэд өөрийн гэсэн цаг маш их хэрэгтэй. Энэ цаг дээр хүүхэд амарч болно, унтаж болно, тоглож болно, дуу хөгжим сонсож болно.Тэр хүүхэд зүгээр зөнгөөрөө байж болох цаг гэсэн үг."

Хүүхдийн мэдлийн цагийн тухай ингэж бичиж шүү. Зулзагуудаа хараад байхад яг  л энэ дээрх шиг байдаг. Гэртээ гэрийн ажил тэр бүр хийхгүй. Харин онгод нь буувал ёстой сайн хийнэ. Бидний бохир завааныг гайхаж ирээд л. Хэ хэ. 

Өдөрт сургууль дээрээ хамаг энергиэ зарцуулчихдаг. Гэртээ бол ёстой нэг зөнгөөрөө, залаад ирчихсэн бурхан мэт л байдаг даа. 

Ээж нь нэг иймэрхүү зүйл хаа нэгтээгээс олоод уншчихдаг тул хүлээцтэй тайван хандахыг хичээж л байна. Түүнээс миний өөрийн өссөн цаг үе чинь огт өөр байлаа шүү дээ. Хэ хэ. 

Энэ удаагийнхаа бичвэрийг үүгээр дуусгая. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年10月18日土曜日

Дарс

Аялалынхаа нэг өдөр бидний хэдэн найзууд голын хажууд очиж мах шарж идээд. Асараа бариад, жижигхэн майхнаа зоочихоод, эрчүүд нь мах шараад, гэргийнүүд нь буу халангаа ганц нэг ногоо хэрчиж туслаад. 

Ихэнхдээ хажууд нь буу халцгаагаад, үе үе дуг хийгээд. Ёстой нэг сайхан, тааваараа байсан. Агаарын теннис тоглож, жаал хөлсөө гаргав. Маргааш нь бие бага зэрэг хөндүүр болсон байсан. Ойр ойрхон тоглож байвал, жин минь хасагдах байхдаа гэж мөрөөдөв. Хэ хэ. 

Гэснээс би нь их томоотой ууж иддэг болсон шүү дээ. Ха ха. Энэ зурган дээр харагдаж буй дарсыг хамт ажилладаг тайвань хүүхэн бэлэглэсэн юм. Личи жимсний дарс. Дажгүй амттай юм билээ. 

Мөн хажууд нь харагдаж буй аялалын зориулалттай аяга нь тайвань. Зун энд айлчилж ирсэн тайваньчууд бэлэглэсэн гэсэн. Ажил дээр нэлээд олон тоотой байсан. Хүссэн хүнд нь өгөөд байхаар нь шуналтаад авчихсан. Хэ хэ. 

Гэрт байдаг төмөр аяганууд маань сэнжгүй юм л даа. Аялалын зориулалттай гэхээсээ илүүтэйгээр шар айраг уух зориулалттай юм л даа, гэрт байдаг хэд маань. Үнэгүй зүйлд нугасгүй хүн чинь хоёр гар хөлөө зэрэг өргөх нь шахуу л юм болж байж авсан. 

Хээр, хөдөө гадаатай хүн нь байна аа гэж ирээд л. Хэ хэ. Тэгээд энэ аягандаа дарсаа ч уув, халуун борголоо ч уулаа шүү дээ. Агаарт цохиулаад, гэдэс цатгалан хүн чинь яасан байх нь уу? Нойр л хүрээд байсан шүү. Хи хи. 

Тэгээд ч сэрүү ороод сайхан байна өө. Голын хажууд боргио сонсогдоод л тархи минь, нүд минь сайхан амарсан. 

Ойрд ямар нэгэн төрлийн дарс уугаагүй, найзуудтайгаа уусан "жин" амттай бөгөөд таатай гэгч нь орж байдаг шүү. Хо хо. Ойрхо ууж идэх арга хэмжээ байхгүй, жаахан онцгүй юу даа. Ккк. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年10月17日金曜日

Дарүма ба сүм

Угтаа сүм үзэхээр явсан юм аа. Гэмгүй байж байгаад л үе үе салхинд гараад, зугаалчихдаг тийм ээ. Энэ удаад бас л сонирхолтой, хөгжилтэй аялачихаад ирсэн.  

Найзуудынхаа ажиллаж амьдардаг газраар ээлжилж аялдаг юм аа. Өнгөрдөг намар Кобэ хотоор зугаалсныг санаж байгаа биз дээ? Энэ жил Осака. Экспо үзэх гэсэн тасалбар нь дууссан тул үзсэнгүй ээ. Өөр зүйл үзээд, зугаалчихсан. Зураг хөрөг оруулж тайлангаа бичнэ ээ. 

Дарүма хүүхэлдэй нь ёроолыг нь хүндрүүлсэн байдаг. Манайхаар бол "Дондогмаа" хүүхэлдэй гэсэн үг. Яаж ч түлхэж унагаасан босоод ирдэг дээ. Тэгж босоод ирдэг гэдэг утгаар нь аливаад бууж өгдөггүй, ямагт босоогоороо хэмээн "Ялалт, даван туулах, бууж өгөхгүй байх"-ыг бэлгэддэг гэнэ. 

Дарүма гардаг нэг хөөрхөн зурагт ном байдаг юм. Бага зулзага дуртай байж билээ. Өдөр бүр шахуу уншуулна. Агуулга нь хөөрхөн тул ээж ч өөрөө их дуртай. Цэцэрлэгт байхад нь тэр зурагт номоороо жүжигчилсэн тоглолт хийгээд, даанч зулзага минь урд өдөр нь халуураад, урлагийн үзлэгтээ очиж чадаагүй. 

Жүжигтээ өмсөх байсан цамцан дээр нь дарүма оёсон байсныг хадгалчихсан. Багадсан гээд хүнд өгчихдөг юм уг нь хувцаснуудыг нь. Дурсгал болгоод тэрхүү дарүматай цамцыг нь аваад үлдчихсэн байгаа. Жижигхэн хөөрхөн цамц бий. Ингээд бичсэн чинь л хайр хүрчихлээ. Босч очоод үнсээд, үлгээд орхилоо. Хэ хэ. 
Угтаа бидний очиж үзсэн "Кацүо" гэдэг нэртэй сүмийн нэг онцлог нь энэ дарүма юм билээ. Дарүмандаа "Кацү дарүма" гэдэг нэр өгчихсөн. Кацү гэдэг нь ялах гэсэн утгатай. Гадаад дотоодын жуулчдын хөл тасардаггүй юм байна. 2023 оноос гадаадын жуулчдын тоо эрс нэмэгдэж, автобус хүрэлцэхгүй гэх мэт асуудал тулгарч, сүм хүртэл явдаг автобусны тоог нэмэх, сүмийн сахиус буюу дарүма хүүхэлдэйг тавих газрыг өргөтгөх зэргээр шуурхай арга хэмжээ авч буй гэнэ.

Нэлээд том талбайг хамарсан ногоон байгууламж бүхий газартай. Байгалийн үзэмж, хараа сайтай, тайван амгалан газар байна лээ. Ойрхон байдаг найзууд маань хааяа эморохоороо ирж зугаалдаг гэсэн шүү.
Зурагт байгаа шиг жижиг жижиг дарүмаг сүм байрлах ногоон байгууламжинд энд тэндгүй тавьчихсан байдаг юм билээ. Хүсвэл нүд хөмсөг зураагүй дарүмаг худалдаж аваад нүд ам хамар гэх мэтээр царайг нь зураад, мөн биенийх нь хаа нэгтээ хүслээ бичдэг юм билээ. 

Ялалт гэдэг нэртэй тул спортынхон, бизнесийнхэн, урлагийнхан гээд л төрөл бүрийн л салбарын хүмүүс ирж хүслээ бичдэг юм байна. Шалгалтаа амжилттай өгөхийг, ажил үйлс нь бүтэмжтэй байхыг, эрүүл саруул байхыг гээд л юу ч хүсч болдог шиг байна лээ. 

Мөн төлбөрөө төлөөд ороход хүний тоогоор нэг нэг цулгуй, цагаан ил захидал өгнө. Түүнийг сүмийн байгууламжаар мөргөн, залбиран зугаалах явцдаа a, b, c... хэмээн дарааллын дагуу тамга дарна. Хамгийн сүүлийн тамгыг дарахад сүмийн хэлбэр дүрс дарүматайгаа тодроод ирдэг юм билээ.

Мөн бага зулзага бидэн хоёрын дунд өрнөсөн харилцан яриаг сонирхуулах уу?
Ээж: 100 аваасай хэмээн залбираарай, миний зулзага.
Зулзага: 100 оноо юухан байсан юм, аваад л байгаа шүү дээ.
Ээж: Одоохондоо ч авч байна л даа, цаашдаа...

Бага ангид авдаг 100 оноо ч бараг нүдээ аниад л авчихдаг "эд" гэж эгч нар хэлдэг юм. Хо хо.

Дараагийн бичвэртээ дахин ганц нэг хөөрхөн зураг оруулна аа.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.