2020年8月31日月曜日

Шинэ долоо хоног

Шинэ долоо хоногийн мэнд ээ. Зиак ингээд 8 сар дууслаа гэж.

Айхтар халуун нь өчүүхэн хэмээр буурсан. 1 хэмээр буухад л бас ч гэж гайгүй болж байна гэж баярлах. Хэ хэ. Гэхдээ л 35 хэмтэй шүү дээ. 37, 38 хэмийг бодвол сэрүүхэндээ орж байна, нутаг нэгтнүүд минь.

Тэгэхэд та нар эх орондоо даараад л байна уу? 

Өө тийм өнөөдрөөс бараг хичээл эхэлчихэж байгаа байх тийм үү? Нет хэсэж мэдээ энэ тэр харъя даа.

Худалч хүнд бараг нэг жил яваагүй хүүхдүүд нь Тарзан болохоо шахаж уу? Ардын багш нар л хэцүү дээ. Айлын эрх танхил хүүхдүүдийг нэг зүгт залж чиглүүлэх  гэж...

Нэг дүү найзтайгаа буу халлаа. Төр засгийнхаа тэнэгийг л гайхаж жаал мууллаа. Ясли цэцэрлэгийн талаар, хүүхдүүдийнхээ боловсрол, ирээдүй. Бүр цаашлаад том маамаатайгаараа би хүргэн бэрийнхээ талаар хүртэл санаа зовлоо шүү дээ. 

Хүүхдийнхээ боловсрол ирээдүйд анхаардаг ээж аавууд, тийм биш ээж аавууд. Анхаарах гээд ч чадал чансаа нь хүрэхгүй ээж аавууд. 

Солонгос савангийн дуурь, Халтар царайт дээр гардаг шиг л ирээдүй харагдаад болж өгдөггүй. 

Идэрээгийн подкастын нэг оролцогчын хэлснээр Зайсанд амьдардаг, төгөлдөр хуур, бассейнаар хичээллэдэг, бүр цаашлаад амралт болгоноороо гадаад дотоод явж амардаг айлын охин Хулан, аль нэг захын гэр хорооллын өнөө маргаашаа л болгодог айлын Батаа хоёр ирээдүйд дурлалцаад суух барих дээрээ тулахад бидний ээжүүд аавууд зөвшөөрөхгүй дээ, юу билээ гэж бодно. 

Гэж мэгээд л зөндөө л зүйл ярилаа.

Тэр дүү маань сая одонгоо авсан, одонтой ээж. 

Хэдийгээр олон өгч урамшуулаад байгаа ч... Цэцэрлэг сургуулийнхаа асуудлыг шийдээгүй байж, одон энэ тэрхнээр хичээж буй ээж нарыг хуураад байгаа төр засагт угаасаа би дургүй хүрдэг. 

Хэрэвзээ энэ Японд ингэж одон өгөөд эхэлбэл ард иргэд нь өөрсдөө эсэргүүцээд эхэлнэ. 

Тэрнийхээ оронд цэцэрлэгийн орчинг сайжруул, цэцэрлэгийн багш нарын тоог нэм. Ийм хэрэггүй зүйлд бидний татварыг зарцууллаа... Хүүхдээ аятайхан тоглуулчих тоглоомын талбай гарга. Сургуулийн бие тамирын талбайг өргөсгө. хөгжлийн бэхшээлтэй хүүхдийн нийгэмтэй харьцах, тэдгээрийн боловсол хүмүүжилд анхаар...

Гээд л эсэргүүцнэ. Парламент дахь сөрөг хүчин нь ч энэ талаар маш эрчимтэй асууж шалгааж,байцаана. Шаардлага тавина.

Тэгсэн манайд яаж байна. Хэлэх үг ч олдохгүй юм. 

Тавилан юм даа гээд дуугай суумааргүй л байгаа юм тэ? Одонгийнхоо оронд өөр зүйл хийгээч ээ. Дүүрэг болгонд нэг нэг яслийн ангитай цэцэрлэг нээгээч ээ. Ээжүүд минь ч гэсэн ерөнхийлөгчөөсөө одон авлаа гээд тайвшраалд байлгүй, шаардлага тавиач ээ. 

Би чинь энд хоёр багыгаа бүр 4 сартайгаас нь эхэлж яслид өгсөн болохоор. Ажлаа хийхэд амар байсан хүн болохоор гадныхан чадаад байхад бид бас чадах л ёстой гэж бодогдоод, бухимдаад байдаг юм өө.

Өөр юу билээ? Өөр онц зүйлгүй шив дээ. Бага насны хүүхэдтэй ээжүүд минь хичээгээрэй гэж л хэлье дээ...

2020年8月30日日曜日

Хөнгөн хооллох

Суугуул нутаг улс даяараа маш их халж байна. Өдөр бүр 35 хэмээс дээш. Энд тэнд хүмүүс наршаад, халууны цохилтонд? өртөөд настай хүмүүс унаад өгч байгаа тохиолдол ч их байна. 

Бид бас хайлж урсаж байна. Энэ их халуунд гал тогоондоо шарагдах нь холгүй байх бас л алаан байхгүй юу. Хэ хэ. 

Хажуугаар нь бага зулзага хормойдож гүйгээд... Заримдаа ч маш олон гартай, гар болгондоо гэрийнхээ бүхий л амжуулдаг зүйлсээ барьчихсан ээжийн зураг яваад байдаг даа? Тэрэн шиг л байна, хааяадаа ч...

Хажуугаар нь бас зуны улиралд гардаг, боловсордог ногоо цагаа аваад идчих санаатай. Зээ энэ бол окра. Монгол нэрийг нь мэддэггүй ээ. Хүн төрөлхтний ололт болох ухаалаг утсаа ашиглан ямар хоол хийвэл илүү амттай болох тухай уншиж бариад л. 

Гэх мэт хөнгөн хоол хийж идэж байна. Үүний хажууд агшаасан будаа гарна. Аан тийм бас мах гарна. Ногоотой хольж хуурсан, дангаар нь шарсан гэх мэт. 

Ээжийг оролцуулаад охид бол хөнгөн хооллож болоод байна. Харин хань ижлээс эхлээд бага зулзага гэсэн эрчүүд болохоор мах нь байхгүй бол "Өнөөдөр манайх ямар хоол хийсэн бэ?" гэж асуух нь холгүй. Хо хо.

Өөр ямар хоол хийлээ? Завгүй гэсэн мөртлөө зураг энэ тэр дараастай тийм ээ? Күүл үү би? Хэ хэ.

За яахав ээ яахав. Амьдралын өчүүхэн зүйлээс баяр баясал олж харах гэж хичээж байна дөө. Тэгэхгүй бол орж гарах минь хязгаарлагдасан энэ үед сэтгэл санаа ч хэцүүднэ биз дээ?

Бүгдэд нь амжилт хүсээд, амралтын өдрийн бичлэгээ дуусгая даа. Маргааш ажилтай, ажилтай байгаа минь аз завшаан юм даа...

2020年8月29日土曜日

Ажил минь

Жаахан ажил ярих уу? Тувт л идэж уусан бичлэг. Муу хөөн би... Хэ хэ.

Энэ жил гайтай вируснээс болж хаа хаанаа хэцүү байна тийм үү? Харин миний ажил нэмэгдэх сурагтай. 

Ямар ажил вэ? гэхээр. Бага сурууль явж улсаа танилцуулдаг ажил минь. Өмнөх жилүүдэд гаднаас гадаад иргэдийг их явуулдаг байсан. Гаднаас гэдэг нь манай ажлын гадаад ажилчид биш, хотын гадаад иргэдээс явуулдаг. 

Ингэхдээ манайд сайн дурын ажлын бүртгэлтэй хүмүүсээс сонгон явуулна аа. Мэдээж тухайн хүний цаг нар, хүсэлт гаргасан сургуулийн цаг нар зэргийг тааруулж зохицуулна.

Харин энэ жил аль болох ажлынхаа гадаад ажилчдыг л явуулах шийдвэр гаргаж. Тэгэхээр улсын тоо ч хязгаарлагдаад ирнэ. Гарын таван хуруунд л багтана. 

Миний явах сургуулийн тоо нэмэгдэнэ гэсэн үг. Жил бүр миний нэрийг цохож хэлээд, урьж залдаг сургуулиуд ч байна. Шинээр монгол хүнийг сонгох сургууль ч гарна. 

Одоогийн байдлаар хоёр сургууль тодорсон. Хаа байсан 10, 11 сард. Нэг нь миний улаан фен сургууль. Нэг нь шинэ сургууль. Гэхдээ би энэ сургуульд хэдэн жилийн өмнө очиж л байсан юм билээ...

Нэг хүндрэл тулгарсан нь шагайгаа тоглуулж болохгүй. Учир нь вирусны халдвараас сэргийлж. Аль болох сурагчид хоорондоо зайтай сууна. Хоорондоо аль болох хүрэлцэхгүй байх ёстой. 

Одоогоор би хуруудахыг зааж өгнө гэж бодож байна. Мэдээж наана нь 40 минут орчим яриа хийнэ. Бага насны сурагчид олон цагаар сууж сонсох чадвар бага тул, төгсгөл хэсэгт нь ихэвчлэн шагай тоглодог байсан юм. 

Нэг бол дээл малгай өмсгөж, зургийг нь авахуулдаг байсан. Энэ жил энэ загварын шоу маань ч байхгүй...

Өөр шинэ нэг мэргэн санаа нь, монгол хэлээр зурагт ном уншиж өгөх. Монголын тухай хэвлэгдсэн хөөрхөн хөөрхөн зурагт ном олон. Тэдгээрийг монгол хэлээр уншиж өгч, монгол хэл гэж нэг ийм хатуу хөтүү дуудлагатай хэл байдаг юм байна гэдгийг амьдаар сонсгох. За за тоглосон юм. Чихний чимэг болосн аялгуу сайхан монгол хэлийг амьдаар нь сонсгох. Хэ хэ. 

Өр мэргэн санаа оноо төрвөл сэтгэл гаргаад сэтгэгдэл үлдээгээрэй. Хичээнгүйлэн хүсье өө. 

Бүгдэд нь амжилт шүү...

2020年8月28日金曜日

Боргол ба бялуу

Эртээдийн доргилт гэх үү? Булагналт гэх үү? Бичлэгийнхээ үргэлжлэлийг бичих гээд л. СБА шүү журмын олон минь...

Том зулзага ээж хоёр ижил амттан, хань ижил дунд зулзага хоёр ижил амттан. Бага зулзага мэдээж арай өөр амттан захиалсан. 

Нэг нэр бүлийн гишүүдийн дурлах амттан ихэнхдээ ингэж хоёр хуваагдах үе бий бий.

Зээ энэ ээжийн боргол ба амттан. Нэг нь том зулзагын ундаа ба амттан. Том зулзага зураг дарж өгсөн. Зулзага тааламжтай нь аргагүй номоо гаргаж ирээд тухлан сууж хүртсэн. Түүхийнх нь сурах бичиг байсан...

Ээж болохоор бага зулзагаа үе үе зүгээр үү гэж харангаа хүртсэн. Бага зулзага аавтайгаа жаахан цаана суучихсан, заваарч өгч байсан. Ер нь ингэж гадуур гарахад аав зулзагаа маллана. Мээмнээс гаргасны нэг давуу тал ийм гоё...

Дунд зулзагын захиалсан амттан ба ундаа. Гэхдээ ундаагаа ууж бараагүй. Зулзагууддаа ундаа уулгаж сургаагүйн нэг давуу тал. Хааяа ингэж булагнахаараа ундаа авна аа, сонирхоод. Нэг бол амт нь таалагдахгүй, нэг бол барахгүй хэт нялуундаад. 

Мөн бялуугаа барахгүй, би далимдуулж амссан. Хэ хэ. Ингээд л би хөвсгөрөөсөө салдаггүй юм аа. Тавилан юм даа гэж.

За ингээд хэсэгтээ ингэж тансаглахгүй, бүсээ чангалаад урагшаа. Гэснээс бид ирэх жил нэг оюутантай болно гэж мэдэж байгаа тийм ээ? Байнгын уншигчид минь. Бага багаар мөнгөө хэмнэх гэж үзэж тарна. Гэхдээ одооноос. Ха ха. Жаахан орой юу? Үгүй юу?

Нэг иймэрхүү. Үе үе тансагланхан, булагнанхан шиг ээ хичээнэ дээ. Бүгдэд нь ч бас амжилт шүү.

2020年8月27日木曜日

Боргол ба толь

Өнгөрдөг бүтэн сайнд бид гэрээрээ хотын захиргаа яваад. 

Хэдэн жилийн өмнөөс Японд хувийн дугаар гээч зүйл нэвтрээд, бүх хүмүүс хувийн дугаар бүхий каарттай болсон юм. 

Иргэний үнэмлэх шиг каарттай болгох нь төрийн зорилт байсан ч ихэнх хүмүүс тийм каартаа авалгүй, захиргаанаас мэдэгдэж ирсэн цаасан хуудсаараа байсан. 

Бид ч бас каартаа авалгүй яваад байлаа. Тэгсэн хаягийн өөрчлөлт хийлгэх гэсэн чинь шинэ хаяг бичигдсэн каарттай болсон нь дээр гэж зөвлөсний дагуу өргөдлөө өгсөн. 

Бэлэн болсон каартаа авахад заавал эзэд нь байх ёстой гэсэн тул ганган дээлээ өмсөн аваад л баяр ёслолын байдалтай очлоо. Хотын захиргаа онгойдог ээлжит бүтэн сайны өдөр нь 8/23 байсан. Зулзагууд ажлын өдөр албатай учир, ингэж амралтын өдрөөр хөтлөлцөөд гарсан нь энэ л дээ.

Тэгсэн каарт хийсэн сэйф нь онгойдоггүй ээ, эвдрэл гарлаа уучлаарай. Өнөөдөр нууц дугаар энэ тэр гэсэн зүйлээ бичиж бүрдүүлээд, сүүлд шуудангаар явуулж болох уу? гэж авдаг юм даа. Хо хо. 

Тэрүүхэн хэсэг хугацаанд юу билээ? Япон улсад бас иймэрхүү зүйл тохиолдоно оо? гэж бодоод амжсан. За тэгээд баахан бичиг цаас бөглөөд, нэг цаг гаран болсон байх.

Гараад нэг л доргимоор санагдаад болдоггүй. Учир нь том зулзагатайгаа ойрд гарч зугаалаагүй байсан учраас. Гэнэт толгойд мэргэн санаа оров. Ойрхон Старбакс байдгийг санаад, гэрийн бусад гишүүдээ дагуулаад л цоглог гээч нь алхсан.  

Том зулзага бол дуртай байна аа. Учир нь тэр бүр ороод байдаггүй, ялимгүй тансаг газар орох гэж байгаадаа. Дунд, бага зулзага хоёр юугаа ч мэдэхгүй, ээж аавтайгаа л цугтаа байвал жаргал учир, инээмсэглээд л дагаастай.

Хань ижил боргол уудаггүй тул, би яах юм? гэсэн царайтай. Хэ хэ.

За энэ ээжийн авч уусан боргол. Хажуугийн ном болохоор том зулзагын англи хэлний өврийн толь. Би уг нь байнга ном цүнхэлж явдаг ч, машинд цүнхээ орхисон тул ном байдаггүй, энэ толийг жаал харж суулаа.

Том зулзага ингэж өнгө өнгийн наадаг цаасыг хашраадаг юм байна. Бараг бүх үгэнд ингэж наадаг юм байна. Цээжлээд өөрийн болгосон үгнийхээ цаасыг дотогш нь оруулж наадаг гэнэ. 

Энэ харин ч цаасаа дотогш нь оруулаад, ийм байгаа гэнэ шүү. 

Тэгээд л бодлоо. Би багадаа хальт франц хэл үзэж байхдаа үгээ хэрхэн яаж цээжилдэг байсан юм бол доо гэж. Яахав байнга сөхдөг байсан болохоор хуудас нь өлөн хир сууж бага зэрэг сааралтсан л харагддаг байв.

-Толь бичгээ сөхөж харсаар байгаад толь хаагаастай үеийн хуудас харласан байхад дуртай шүү дээ, ээж ээ. 

-Ээж нь арван жилд байхдаа л орос хэлний том цэнхэр толь, франц хэлний толь минь тийм байлаа.

-Старбаксаас ийм үнэтэй зүйл авч ууж, идэж байгаа нь анх удаа. Найзуудтайгаа хааяа л нэг орохдоо мөнгөндөө тааруулаад, хямдхан зүйл авдаг. Баярлалаа, ээжээ.

-Хэ хэ, тийм үү? Зүгээр ээ миний охин...

Том зулзага ээж хоёрын хооронд ийм яриа болсон. Цаана нөгөө гурван гишүүд авсан бялуу, амттанаа идэх, идүүлэх гэж үйрүүлээд л бяцхан хөглөөстэй. 

За тэгээд өрсөлдөгч минь үгээ цээжлэхдээ дээрх аргыг хэрэглээрэй. Хэ хэ. 

Би ч өөрөө ингэж үг цээжилтэл өдий байна өө. Наад зах нь өнгийн наадаг цаасаа худалдаж авна, ингэж авах гэхээр хамгийн түрүүнд хэрэгтэй зүйлс юу билээ? Талх тариагаа авах минь...

Мөн цаг зав. За энэ бол зүгээр л шалтаг байх тийм үү?

За бүгдэд нь амжлт...

2020年8月26日水曜日

Дуусдаггүй зуны даалгавар...

Яасан байх нь уу? Ингэсээн.

Орой нь унтах дөхөөд л шүд амаа угаа гээд л ээжийн ээлжит үглэлт, загналт хосолсон базалт яваад эхэллээ. 

Дунд зулзага тэнд

-Ааваа? 

-Өөв, миний охин?

-Энэ номыг өнөө шөнө унталгүй уншаад, энэ хуудсанд сэтгэгдлээ бичээдхээрэй...

-Юу? Яахаараа шөнө унталгүй унших болчихов оо?

Миний хардах сэтгэл бадраад л, шууд тагнуулын ажилдаа оров оо. Гэхдээ нэлээд тэвчээр гаргаад, шүдээ угаагаад л зогслоо...

Дунд зулзага аавыг гуйгаад нэмэргүй юм байна. Ээжид л загнуулаад ч болох нь ээ үнэнээ хэлээд гуйя даа гэж сэтгэл шулуудсан бололтой. 

-Ээж ээ? Багш уг нь энэ даалгаврыг заавал хий гэж хэлээгүй байхгүй юу? Тэгсэн өнөөдөр заавал хий гэж хэлсэн гээд байх юм. Шударга бус байна уу? Би л лав тэгж хэлснийг нь санахгүй байгаа.

-...

Асар их тэвчээр зааж, унш гэсэн номыг нь унших гээд үзлээ. Уг нь тийм ч хэцүү ном биш байна. Гэхдээ миний нойр хүрээд болдоггүй. 

-Эртээд чиний зээлсэн, ээж нь уншсан номноос бичиж болохгүй юу?

-Өө би сэтгэгдлээ биччихсээн. Тэгэхээр та дуугуй л унш...

Овоо хэдэн хуудас уншлаа. Дундуур нь дуг хийж үзлээ. Нэг сэрээд л сонсохоор манай хоёр унтаагүй, сагсныхаа бэлтгэл дээр болсон зүйлсээ яриастай...

Дахиад л хэдэн хуудас уншлаа. Сүүлдээ ч за за өглөө унших минь гээд унтаад өгсөн. Өглөө нь мэдээж жаран чавганцын ажилтай хүн уншаагүй. 

-Энэ даалгавараа маргааш өг, ээж нь өнөөдөр орой гэхэд уншаад дуусгахыг бодъё. Багшдаа ээж сэтгэгдлээ бичиж өгөөгүй гэж бурууг ээждээ тох.

л гэлээ. Яахав дээ, үнэн л юм чинь. Гэхдээ багш шударга биш, мань хүн өөрөө л багшийн хэлснийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргасан учраас бид ингэж гэрээрээ сандарч байна даг. Хэ хэ.

Ээж дотроо хайр хүрээд, хүүхэд л юм даа гэж бодсон ч ил гаргаагүй. Ажилтай хүн одоо тэр номыг нь яаж уншиж амжих вэ дээ. Энэ бичлэгийг гялс биччихээд, уншиж дуусгана. 

Агуулга энэ тэрийн талаар зураг хөрөгтэй нь дараагийн бичлэгээр оруулна аа. Мөн яг ямар учиртай даалгавар болох тухай ч бас бичнэ ээ. 

Түр баяртай. Өөрөө өөртөө амжилт хүсье...

2020年8月25日火曜日

Ура

 Өнөөдөр бага дунд сургуулийн хичээл эхлэв. Дунд зулзага ачаатай тэмээ шиг л цүнхээ үүрээд, хоёр гартаа ууттай элдэв зүйлсээ бариад л гарсан. 

Ээжүүдийн бүлэгт энэ ачааных нь талаар саналаа солилцсон байсан. Би ч дундыг баримталдаг, энэ тал дээр. 

Мөн сүүлийн үед сурагчдын энэ их ачааны талаар шүүмжлэгдээд, ганц нэг ном, хэрэгслээ ангидаа үлдээдэг болсон.

Зуны даалгавараа урд өдөр нь арай хийж нэг юм дуусгасан. Би ч эхний хэдэн өдөр тэссэн, үглэлгүй. Бас ч гэж том болж байна, өөрөө мэдээд хийг, төлөвлөг гэж бодсон.

Хараад байсан нэг л биш ээ. Тэсэлгүй сүүлийн хэд хоног үглэж эхэлсэн. Тэрний хүчинд урд орой уйлаан майлаан бололгүй маш эвтэй найрамдалтай орондоо орцгоосон. Хэ хэ. 

Өглөө нь, аав нь өдрийн хоолны үеэр жижүүрийн ээлж таарсан хүүхэд өмсдөг халаадыг нь индүүдэж өгсөн. Халаад угаадаг ээлж нь таарсан байсан юм. 

Ханз бичиж нүдлэх, нэмэх хасах, үржих хуваах, өөр ямар бодлого байсан бэ? гэх мэт даалгавар. Чанга, яруу тодоор унших уран уншлагын даалгавар. Гэрийн ажилд туслах даалгавар. Нэг өдрийн тэмдэглэл бичих, зураг зурах, дүрслэхээр ямар нэг зүйл хийх, чөлөөт судалгаа гэх мэт даалгаврууд. 

Зургийн дугуйлангаасаа нэг зураг бэлэн болгож авчраад, аваад явна гэж байсныгаа больсон. Оронд нь дээр үед ээжийн хийгээд илүү гарсан байсан сонингийн цаасаар хогийн сав? жижиг сагс хийгээд, тэрийгээ аваад явсан. 

Зураг дарна гэж байгаад мартсан байна. Өөрөө нарийхан хуйлж, нааж, сүлжиж, сүүлд нь өнгөгүй лаакаар лакдсан. Бүгдийг өөрөө хийсэн тул их сэтгэл хангалуун байсан. Хөөрөөд л, бушуухан хичээл эхлээсэй, үүнийгээ л авч явмаар байна гэсэн хүн.

Ээжийн нүдээр харахад бол сүлжээ нь сул санагдсан. Сэтгэлийг нь бодоод дуугай л байсан. Ёстой хөөрхөн болж гэж магтсан. Магтаж, урамшуулж хөгжүүлнэ.

Гэрийн ажилд туслах даалгаварт дүүгээ маш сайн харж өгдөг тул, өнгөөр өнгөөр дугуйлаад, бичээ л гэлээ. Маш дуртай байсан. Нээрээ л дүүгээ онц сайн хар өгдөг. Хөөрхөн тоглодог. Хааяа муудалцана аа, яаж зүгээр байхав...

Өнөөдөр эрт тарна, үдийн хоолоо идчихээд. Үдээс хойш гэртээ зурагт үзсэн шиг л өнгөрөөх байх даа. Хэ хэ. Орой сагсны бэлтгэлтэй.

Уулзаагүй удсан хүүхдүүд шаагиад, халууцаад, хичээлийн цаг хурдан өнгөрөх байх даа...

Эх оронд минь бас хичээл эхэллээ дээ, тийм ээ? Бүтэн жил шахам уулзаагүй анги танхим сайхан байх байх даа?

Бүгдэд нь амжилт...

2020年8月24日月曜日

Минималист болмоор...

Гэрийнхээ цэгцэрдэггүй, эмхлэгддэггүй зүйлсээ яадаг вэ, ээжүүд минь. 

Би монгол руу байс гээд л том том цаасан хайрцаг явуулдаг. Ихэвчлэн энд өмсөхөө байсан, багадсэн гэсэн хуучин хувцас хунараа явуулдаг. Дундуур нь ганц нэг шинэ зүйл байвал хийнэ. 

Монгол ямар хогийн сав уу? гэж хэлэх хүн гарах л байх. Мэдээж хэт хуучирсан хувцас явуулахгүй шүү дээ. 

Тэр бүр бэлэн мөнгөтэй байгаад, хот суурин ороод байдаггүй хөдөөний садан төрлийн хүүхдүүдэд очдог гэсэн, явуулсан зүйлс минь.

Бас охидынхоо тоглохоо байсан тоглоомуудаас явуулна. Одоо ч ганц нэг тоглоом байна. Яахав дүү нь ганц нэг тоглог гээд үлдээсэн. Хүүхэлдэйн тэрэг, нэг хүүхэлдэй гээд л. 

Хөвгүүд гэхээрээ л заавал буу сэлэм, машин тэрэг гэж байх ёстой биш тийм ээ? Ганц нэг удаадаа хүүхэлдэй тэврэг л дээ. Даан ч өнөөх нь ээжийн хүссэнээр тэвэрч харагдахгүй ээ. Үснээс нь барьсан харагддаг. Хэ хэ.

Өнгөрдөг сар 4 том хайрцаг явуулсан. Тэгсэн ч дахиад л хайрцаг дүүрэн хувцас. Охидын усны гуталнууд гарч ирээд. Харанхуй өрөөгөө янзалсан чинь. Хүүдээ өгөх гэхээр энд тэндээ зүрхтэй, ягаан өнгөтэй. Хэ хэ. 

Бага байхад ээж аав минь яаж болдог байсан байна аа? гэж бодсон оо. Тухайн үед хүмүүсийн хэрэглээ танагтай, минималист байжээ гэдгийг олж мэдэв. Хи хи. 

Маш цөөхөн хувцастай, нэг хувцсаа хэдэн өдөр ч хамаагүй өмсдөг. Амар байж. Одоо тэгсэн, өнөөдөр өмссөн хувцсаа маргааш нь өмсөхгүй байх жишээний. 

Мундаг минималист хүмүүсээс суралцаад, бага багаар хэрэгжүүлэх гээд үзэж тарж л байна. 

Хамгийн гол нь юу вэ гэхээр, болсон болоогүй зүйл худалдаж авахгүй байх. Онцын шаардлагагүй бол дэлгүүр хоршоо хэсэхгүй байх. Хямдрал гэсэн үгэнд толгойгоо мэдүүлэхгүй байх. 

Нэг ч гэсэн хүн байгаагаа арчлаад өмсчихдөг, шунал багатай байвал эргээд байгал орчинд ээлтэй юм даа гэж боддог болсон. Охиддоо бас үе үе үглэдэг, үлгэрлэдэг болсон. 

Энэ коронагийн нэг ашигтай нь хамаагүй гадуур хэсэхгүй тул дэмий зүйлс худалдан авах цаг зав гаргалгүй, гэрт минь бүгүүлж байна. Хэмнэлттэй. 

Амралтаараа нэг хайрцаг дүүргэж тавьлаа. Одоо скочдоод л бэлэн шахуу. Бас нэг хайрцагт дээр хэлсэн усны гуталнууд, ганц нэг сандаал, өмд. Дунд зулзагын өмсдөггүй, ирэх жил гэхэд багадахаар зуны хувцаснуудыг угааж хатааж хийхэд бараг дүүрэх байх.

Тэгж байтал өвлийн хувцаснууд гарч ирнэ. Бас л багадсан, нэг бол жаахан голсон зүйлс яаж ийгээд л гарч ирнэ. Охидоо гэж, ганган нь дийлдэхгүй янзтай заримдаа ч.

Гэснээс би өвөл, олон ороолтноосоо цөөлнө өө. Өнгөрдөг жил их дулаахан өвөл болсон. Энэ жил яах бол? Олон ороолттой юм билээ? Нэг хүнд тийм олон ороолт дэмий санагдсан тул, ижийдээ өгч явуулна аа. Ганц нэг нооруулан ороолтоо л авч үлдэх минь. 

Та нар минь бас олон олон хэрэггүй? зүйлсээ хэрэгтэй нэгэнд нь өгөөрэй...

Бүгдэд нь амжилт...

2020年8月23日日曜日

Хөршийн холбоо

 Ойрд хөрштэйгөө өгч авалцаад сайхан байна . Авах нь их юм даа зайлуул.

Хятадын алмонд жерри буюу японоор 杏仁豆腐 гэдэг амттан. Энд тэндхийн хоолны газар гардаг нь маш нялуун тул би иддэггүй, дургүй.

Тэгсэн хөрш эмээ та нар чихэрлэг зүйлд дургүй тул чихэрийг нь бага хийсэн шүү гэсэн. Дээр бас өгсөн, санаж байгаа биз ээ? Би нэр усыг нь бичээгүй байх. Өөрөө ч сайн мэдээгүй, хэхэ. Учир нь чихэрлэг бус байсан болохоор өөр амттан буюу цэлцэгнүүр гэж бодсон юм.

 Энэ удаад өгсөн нь дээрээ ийм жимстэй байсан. Дунд зулзага ямар жимс гэж асуусан. Хөрш эмээ, күко но ми гэж хэлсэн. Би монголоор мэдэхгүй тул сүүлд нетээс хайсан. 

Хятадаараа гожи гэдэг гэнэ. Мэддэггүй хүмүүс хайж үзээрэй. Гожи жимс гээд хайхаар гараад ирнэ. Бас нэг өөр хэллэг нь чоно жимс гэсэн. Гэхдээ гожи нь илүү түгээмэл хэрэглэгддэг бололтой. 

Хатаасан нь дажгүй санагдсан тул авч идэж байна аа, хааяа. Гэснээс энэ японд хатаасан жимс их үнэтэй. Ямар сайндаа ээж минь, та нарт үзэм явуулж байна аа, ямар үнэтэй юм бэ гэж байхав дээ. Хэ хэ. 

Жимсээ хатааж биш улирал улиралдаа гарахаар нь аваад идчихдэг улс шүү дээ. Хатаасан жимсийг голцуу дээрх шиг амттан, бялуу энэ тэр хийхдээ ашигладаг улс.

Би ч усан үзмийг хашрааж байгаа. Нээрээ ойрд самар авч идээгүй юм байна. Гадуур үнэтэй зарагддаг учраас онлайнаар жаахан ихээр нь авчихдаг. Энэ гожи жимсийг бас онлайнаар авч иддэг ч юм билүү? 

Түрийвчин дэх хэд минь юу болж байна? Түрийвчтэйгөө зөвлөлдөнө өө. Энд түрийвчтэйгөө зөвлөлдөнө гэж ярьдаг, санхүүгээ жаахан бодоодхоё гэх үед ээ. Хэ хэ.

Ирэх долоо хоногт бага, дунд сургуулийн хичээл эхлэнэ. Гоё доо гоё...

Бүгдэд нь амжилт шүү...

2020年8月22日土曜日

Оролдвол...

 Оролдвол чаддаг би. Оролдохгүй бол чаддаггүй би.

Мэдээжийн зүйл хэлчихсэн үү? Хэ хэ. Юу оролдоод, хийгээд чадчихснаа яруу тодоор бичих гээд л сууж байна. 

Мантуу хийгээд ээ. Гайгүй амархан юм билээ. Хийж чадахгүй, яаж хийдэг юм бол гээд л хойш тавиад, дөлөөд гүйгээд байсан чинь. Ёстой амархан санагдсан. Хэ хэ.

Том зулзага, та нэг мантуу хийгээч гээд л байдаг байсан юм.Дунд зулзага сонирхоод, элдэж, тос түрхэж, бас ингэж мушгиж өгсөн. 

Хэдэн яс чанаад, шөлтэй хоол хийж идлээ. Мантуугаа дүрээд. Хань ижил, өнөөдрийн бэлэг мантуу байлаа гэсэн. Хо хо. Өдөр бүр бэлэг барих ёстой юм уу? Хайшаа юм?

Ямартай ч олон жил дөлж, зугтаж явсан нэг зүйлээ хийж санаа амарлаа. Сардаа нэг, эсвэл хоёр сардаа нэг хийж идэж байна аа. Байнга бол дэмий...

Та нарт бас ингээд л зугтаад, дөлөөд явдаг зүйл байвал яг одоо хийж үз гэж хэлье. Оролдоод, хийгээд үзвэл заавал чадах ёстой. Хи хи.

Өөр юу, ямар хоол хийж үзмээр санагддаг билээ? байз. Санаж байгаад оролдож үзнэ ээ гайгүй. 

Бүгдэд нь амжилт. Намар болоосой...

2020年8月21日金曜日

Гүйцэхээ байлаа шүү...

Юуг гүйцэхээ байсан бэ гэхээр? Шил шилээ даран гарч байгаа олон олон подкастыг. 

Эхэндээ ганц Идэр-Одын подкастыг сонсдог байлаа. Ганц нэг оролцсон хүмүүсийг эс тооцвол дажгүй. 

Найзын санал болгосон "Хүлээлгийн өрөө" гэдгийг сонслоо. Одоогоор ганц хоёрыг л сонссон. Хоолоо хийх явцдаа сонссон. Манайд жаахан нээлттэй бус сэдэв. Бэлгийн боловсрол, харилцаа, хамгаалалт энэ тэрийн талаар хоёр бүсгүй ярилцдаг юм шиг байна. Зочин урьж оролцуулдаг шиг байна лээ бас. 

Өнөөдөр Мандуул гэдэг залуугийн подкастыг сонслоо. Одоогоор хоёр дугаарыг сонслоо. Хэрэгтэй зүйл их ярьж байна өө. Мэддэг хэрнээ мэддэггүй, хэрэгжүүлдэггүй, хайхардаггүй, тоодоггүй зүйлсийг минь ярьж, ярилцаж...

Нэлээд дээхэн "Битгий сонс" гэдгийн нэг дугаарыг сонсож үзсэн. Жаахан сэтгэлд хүрээгүй шиг байгаа юм. Дахиж сонсоогүй, сонсъё гэж бодоогүй...

Өөр чинь юу билээ? Аан тийм, "Үтрээний хүүрнэл" гэж байдаг тийм ээ? Гэхдээ нэгийг ч сонсоогүй. Тэгж байгаад дур хүрвэл нэг сонсоно оо.

Сүүлийн хэдэн өдөр нүүрномоор нэлээд шуугисан Цэцэгээгийн нэг нэвтрүүлгийг үзсэн. Идэрээ, Осоржамаа хоёр ордгийг, бас өөр нэг дугаарыг. Яг ямар нэртэй дугаар байлаа даа, мартжээ. Уучлаарай...

Та нар юу сонсож байна? Санал болгомоор подкаст, нэвтрүүлэг байвал хэлээрэй...

Гар утсаа бага маажих гэж бодоод байгаа ч, энэ мэт зүйлсийг сонсоод, хааяа бас мэдээ уншиж нээрвтээд. 

Утаснаас холдуулж чадаж байгаа ганц хүн нь бага зулзага шүү дээ. Гар утас нэхэж үзэж байсан. Бид ухаалаг утсаа их маажвал зулзагууд бас маажих хандлагатай. Тийм болохоор гар утсаа гэртээ аль болохоор маажихгүй байх. 

Хоол хийхдээ л сонсох санаатай. Тэгэхээр бас заримдаа хоолондоо анхаарал яваад, ганц нэг хэрэгтэй зүйлээ өнгөрөөчих гээд байна. 

Нүүрномд бас хэрэгтэй гэсэн зүйлээ түгээнэ ээ түгээнэ. Хи хи. Яаж ийгээд л цаг гаргачихаад байх юм, энэ нүүрном гуайд. 

Та бүхэн яаж байна? Надтай агаар нэг байна уу? Эсвэл ухаалаг утаснаасаа хамааралтай байна уу? Огт хамааралгүй байна уу? Амжилт шүү бүх зүйлд нь...

2020年8月20日木曜日

Өчигдөр

Том зулзагын хичээл өчигдөр буюу лхагва гарагт эхлэв.

Хавар хэд хоног карантийлсныгаа нөхөж байна гээд энэ зуны амралт маш богино хугацаатай байлаа. 

Хараад байхад хүүхэд шиг амарч, тоглож чадсангүй шүү, том зулзага минь. Нэг тийм номын охид байдаг даа, монголд ч гэсэн. Яг л тийм охин байна, манайд. Нүдний шилтэй. Хэ хэ. 

Бага байхад аавын нэг найзын охин тийм байсан. Нүдний шилтэй, тооны сонгонд явдаг, бараг орж гардаггүй. Би гэнэт цоорчих санаатай ганц нэг өдөр тоо заалгаж байсан. Цоороогүй л болохоос.

Өрөөндөө бүгээд, хичээлээ ч хийгээд байсан. Мэдээж тувт цагдаж бариагүй учраас хичээлээ хийгээд  суугаад байсан гэхээр бас л хэлж мэдэхгүй. Дунд нь гар утсаа оролдож байгаа, найз нөхөдтэйгөө чаталж байгаа гэх мэт.

Хичээл хийгээд, төвлөрч байгаа хүнд бид их шуугиантай хэцүү л байх шиг. Бага зулзагаа жаахан л хөөрхөн үйлдэл хийхэд нь хөөрч алгаа ташиж буй улсууд чинь. Хэ хэ. 

Өнөөх нь бас огт дуугай байна гэж байхгүй, уйлна, чарлана, орилно, хашгирна. Хань ижил ч тийм намуухан дуутай хүн биш, ярих тусам дуу хоолой нь чангардаг. Байсхийгээд л хүүе дуугаа намсга гэж анхааруулга авдаг. 

Бас зурагт гэж асар том дайсан байна. Султгаач гэж загнана. Дунд зулзага зурагт үздэг насандаа явж буй тул үе үе зурагтны өмнө нам сууж эгчдээ загнуулна.

Ямартай ч хичээлдээ халуун байна аа? Яаж явна аа гэсээр л гараад явсан. Дугуйтай явна. Уулзаагүй хэд хоносон найзууд, нэг ангийхан уулзаад сайхан буу халах байх даа? 

-Өдөр юм авч идэх мөнгөтэй юу?

-Мөнгөтэй.

Эргээд хүүхэд насандаа нэг очих юмсан гэж бодогдох...

2020年8月19日水曜日

Монгол амт

Монголын амт минь дуусах нь дуусаад, багасах нь багасаад байсан юм. Дээхэн өөхтэй борцныхоо сүүлийхийг идсэн. Банштай цай хийж уусан. Дунд зулзагын захиалгаар.

Ааруулаа ч аль дээр дууссан. Ганц нэг чацаргана бий. Хар халуунд уух хүсэл төрөхгүй л байна. 

Ганц уут жамц давс бий. Хил нээгдтэл ч өдий байна даа. Гэж бодож байтал...

Ингээд л монгол амт минь давхиад ороод ирсэн. Яаж ирснийг нь яруу тодоор бичих үү? Хэ хэ. 

Монголд 6 сар гацсан нэг өвөө нутагтаа харьж ирээд. Өвөө ч гэж дээ, хальт монгол заалгадаг хүн л дээ. Нэг ёсондоо шавь гэсэн үг. Гэхдээ надад шавь орохоосоо өмнө өөр хүний шавь байсан, үг их сайн мэддэг, уншиж чаддаг. 

Хажуугийн муж л даа. Ирээд Токиод 14 хоног сайн дураараа карантийлсан, зочид буудалд. Төрөлх муждаа харьж ирээд бас хэсэг хугацаанд орж гарахаа хянасан. 

Манайд ирж буу халмаар байдаг, баба вируснээс болоод хоёр талд их л тэвчлээ. Сүүлдээ ч тэвчээрийн утас тасраад, ир ир, очлоо очлоо болсон. Хэ хэ.  

Биднийг эх орноосоо юу голцуу захидгийг мэдэх тул, давс авчирсан. Намайгаа чоконд дуртайг мэдэх тул Алтан говийн чокотой ирсэн. Хань ижилд нэг шил архитай. 

Нэг оройг буу халж, шар айраг ууж өнгөрөөв өө. Улаанбаатарыг маниас илүү нүхэлчихсэн. Тэнд тийм ч газар, энд ийм ч хоолны газар гэж ирээд л ярьсан. 

Гэснээс би нэг харихаараа занаж байгаад төрж өссөн хотоо хөндлөн гулд нь алхана гэж бодлоо. Бүр нүхэлж ирээд л. Зураг хөрөг дарж, бичиж тэмдэглэж...

Ашгүй хэсэгтээ жамц давстайгаа. Дараа надад ном авчирч өгнө гэсэн. Гэхдээ япон дахь гэрт нь байгаа, япон хэл дээрх ном. Ямар ном болохыг нь хэлнэ ээ.

За түр баяртай. Удахгүй хичээл ч эхлэх нь...

2020年8月18日火曜日

Амралт ба даалуу

 Нэг өдөр нь арван жилийн хэд маань хийцгүйрээд гэж мэссэж бичээд, манайд ирсэн. 

-Эгч ээ, та хэд гэртээ байна уу?

-Өө тэх, гэр зуур л байна. 

-Бид хийцгүйрээд л байж байна. Танайд очиж болох уу?

-Хүрээд ирдээ.

-Эгч ээ, ямар нэг юм авч очих уу?

-Хэрэггүй, зүгээр л өөрсдөө ир.

-За, эгч ээ. Одоо очлоо.

Хань ижил ойрхон гарч зайрмаг авч ирсэн. Элэг шарж, талхтай өгч дайлсан. Дуртай идсэн. 

-Сургуулийн хоол амтгүй шүү, яаж иднэ ээ. (Сургуулийнхаа гуанзанд нийтээрээ хооллодог. Дотуур байрны хүүхдүүд.)

-Зүгээр шүү дээ, ногоо цагаа  ихтэй (би).

5 гар сууж, муушгидсан. Хоёр тоглоод, сүүлийхэд нь би гарсан. Хоёр тоглолтондоо үсэрсэн бас. Хэ хэ. Гэхдээ ингэж гарахдаа бас хөөрхөн булхиа орсоон орсон. Өнжсөн хүүхдүүд нь газрын модноос өгөхдөө гого-ноос нь өгч байж гарав шүү дээ. 

Орой нь дунд зулзагаа баясгаж даалуудав. Мэдээж бага зулзага дутахгүй шүү дээ. Хольж өгсөн. Хи хи. 

Хоёулхнаа даалуудахаар моднуудаа мэдчихэж байгаа тул. Маргааш нь аавыгаа дуудаж суулгаад даалуудсан. Гурвуулаа болохоор овоо сонирхолтой. 

Том зулзага болохоор энэ хэдэн завтай гарууд гэсэн харцаар харчихаад л, өрөөндөө бүгэж хичээлээ хийгээстэй. Завсраар нь бас утсаа маажсан л байх. Хараагүй болохоор хэлж мэдэхгүй юм өө.

Үе үе зулзагуудтайгаа даалуудаж байна аа. Хааяа шагайдна аа. Эртээд шагай нясласан. Бага зулзага бага багаар юм юмтай танилцаад л явж байна. Хааяа ам руугаа явуулж л танилцаад байгаа болохоос...

10 жилийн хүүхдүүдийг ирэхээр " Яая олон ойрхон хүүхэдтэй ээжүүд яаж эд нарынхаа учир начрыг нь олдог бол?" гэж бодогдохоор шүү дээ. Хэ хэ. 

За маргааш болтол баяртай. Маргааш ямар зураг оруулах вэ? Утас дүүрэн зураг байх юм уг нь. Хи хи.

2020年8月17日月曜日

Зураг

 Ажил эхэллээ. Одоо 9 сарын дараалласан 3 хоногийн амралт хүртэл урагшаа...

Амралтаар дарсан ганц нэг зурагнаасаа оруулах гээд л. Сонирхолгүй бол СБА шүү дээ, таминь ээ. Хэ хэ.

Майжигахан бяцхан зулзагаа элсэн дээр тоглуулав, аав нь. Эгчийнх нь тоглож байсан элсний тоглоом нь муудаад, хагараад, хаясан. Шинээр авч өглөө. Ийм минион?-ны хэвтэй юм билээ. 

Үүнийг нь би сайн мэдэхгүй, дунд зулзага маш энгийнээр тайлбарлаж өгсөн. Хүн гэдэг шиг нэг төрлийн амьтан. Дотроо бүгд өөр өөр. Бүгд нэр устай за юу гэсэн. Би болохоор энэ шар, шилтэйг нь минион гэдэг юм байх гэж олон жил бодож явсан шүү дээ. Хи хи.

Хань ижлийн яриа, бичлэгийг үзсэн чинь бага зулзага бол элсийг хайр найргүй базаж, атгаж, амандаа хийж, хувцас энэ тэр элс болох юу ч биш, нэлээд хээгүй тоглож байна лээ. 

Тэгсэн хажууд байсан ээж аавууд цэмцэгнээд л сүйд болоод байх юм гэнэ. Тэгж цэмцэгнэх байсан юм яах ч гэж элсээр тоглуулах гэж ирдэг юм, тийм ээ? За миний л бодол шүү. 

Зулзагын минь хөлийг элсээр булж тоглоод, өнөөх нь хөлөө хайгаад өөө, өөө гээд дуугараад байсан. Хэ хэ. Унаннана, бөөн эгдүү. Тэр бичлэг нь. Саначихлаа байна. Хи хи. 

Өнгөрдөг долоо хоног тувь 35 хэмээс дээш халж, бүгд л хайлж урссан байх. Бид ч гэрээс бараг гарсангүй. Гадаа бассейнаа хийлж жаал тоглосон, зулзагууд. Аав л зулзагуудаа баясгаж гадаа өнжсөн. Би хүний урманд тэр усаар тоглоход нь толгойгоо ч цухуйлгаагүй ээ. Гал тогоондоо эргэлдээд, овоо жин нэмсэн. Хо хо.

Амраад л ажилдаа ирэхээрээ бондойчихоод ирэхээр манайхан гайхдаг байх даа. Ккк.

За түр баяртай, гарах ажилтай болчихлоо. Ёстой л ганцхан зураг орууллаа. Бусдыг нь дараагийн бичлэгээр...

2020年8月16日日曜日

Сүүлчийн өдөр

Миний зуны амралтын сүүлчийн өдөр. 4 хоног л амарлаа. Гэхдээ энэ дөрвөн хоног чинь эндээ бол овоо урт амралтдаа орно за юу. 

Тэнд монголд ижий аав минь нутаг нуга руугаа гүйдэлтэй болчихоод. 7 сард зугаалж зугаалж ирсэн юм байж энэ сар дахиад л яваад өгөв. Одоо бараг буцаж ирсэн байх шүү. Хэ хэ. Нэг залгая байз...

Хань ижил, яасан ч сайхан юм, хадам аавтайгаа нутаг нугад нь очоод далимдуулж жаал хүндлүүлж байгаад ирэх юмсан гэсэн. Хэ хэ.

За 4 хоног бужигналдаж л өнгөрөөх шив дээ. Өглөө босоод л өдөр оройн хоолондоо санаа тавьж эхлэнэ. Ямар хоол хийх вэ? гээд л. Ёс болгож бусад гишүүдээсээ асууна. Гэхдээ гал тогооны боссоороо дур мэдээд нэг юм хийнэ. 

Үүнийг яг амралтаараа хийгээгүй ч нэг иймэрхүү л хоол хийж идэх нь элбэг байна. Аль болох ногоо ихтэй хоол хийх санаатай ч. Дунд, бага хоёр зулзага олигтой идэж өгөхгүй л байна.

Өнгөрдөг нэг дэхийн амралтаар олборлож ирсэн. Цөөхөн юм шиг харагдаж байгаа ч 10-д ширхэг бол байсан шүү. Бид чинь нэг дор 5-г нь шардаг болохоор хоёр өдөр иднэ гэсэн үг.

Загасаа шарсан байдал. Энэ удаад шинэ оролдлого нь хүрэн манжингийн салат. Ютүбээс хайсан чинь алим энэ тэр хийдэг юм байна. Гэрт бэлэн байгаагүй тул луувантай л холиод хийчихсэн. 

Гэснээс манай эндхийн ганц нэг худалдааны төвд хүрэн манжин зардаг болсон. Анхных гэхэд дажгүй. Гурван том гишүүд л амтархан идлээ. Хоёр бага иддэггүй шүү. Хэ хэ.

Тэгж байгаад иддэг болох л байх дөө. Цаг хугацааны асуудал. Ээж жаахан ухаан шаардах хэрэгтэй, жижиглэн хэрчээд мах зэрэгт холих гэх мэтээр. 

За нэг иймэрхүү. Ажилдаа явна гэсэн чинь...

Бүгдэд нь амжилт шүү.

2020年8月15日土曜日

Хэлд...

Бага зулзага хэлд орох гээд байна аа, цаана чинь. Ой таван сар хүрсэн саяхан.

Дөхүүлж хэлээд байгаа үгс? Эсвэл бид тааж сонсоод байгаа үгсийн тоо нэмэгдээд байх шиг. 

Япон үгсийн тоо шүү. Дуудлага амархан, багш нартай цагийг их өнгөрөөдөг болохоор? гэж таагаад. Гэртээ аль болох монгол хэлээрээ л ярьдаг шүү. Загнаад унав аа. Хэ хэ. 

Гадаадад амьдардаг бид чинь эх орондоо байгаа та нараас илүү эх орноо, соёлоо гэж боддог шүү. Энэ завшааныг ашиглаад хэлчихье зүгээр...

Ямар нэгэн үг хэлээд "~та" гэж хэлээд байгаа. Энэ нь өнгөрсөн цагийн ярианы хэллэгийн төгсгөл. Жишээ нь атта-байсан, ятта-чадчихлаа, ашгүй дээ гэсэн үгийг хэлээд байх шиг байна. 

Номоо олж авснаа атта, ямар нэг зүйл хийж чадахаараа ятта гээд л. Бид наана нь баярлаж алгаа ташаад л. Өөрөө ч бас өөртөө алга ташаад л.

Улам эгдүү болж байна. Жүжигчин гэж юүхэв. Хүн аргалж амттай зүйл авч иднэ, хүссэн зүйлээ авна, номоо уншуулна. 

Бас ааштай, ууртай. Уурлахаараа зөөлөн гэгч нь арагшаа савж унаад, уйлна. Доошоо харж хэвтээд худлаа уйлна. 

Нэг харахаар номоо өөрөө уншчихсан сууж байна. Аан уун гэсэн авиа гаргаад. Гитарын утас татаж дуулж харагдана. Гялс утсаа шүүрч аваад л бичлэг хийдэг гэж байгаа. 

Бүх хүнийг ааваа гэж дуудна. Хэ хэ. Аав бол үнэн баярлаастай, ааваа гэж дуудахад нь. Угаасаа ээж гэлэг үг хэлэхэд хэцүү байдаг гэсэн дөө. Охид ч сүүлд л ээж гэж хэлж сурсан санагдана. 

Ямартай ч  зурдаг, номонд дурладаг хүүхэд болгох ээжийн таактик амжилттай л явагдаж байна одоогоор. Миний энэ таактик эрэгтэй эмэгтэй хүйс огтоос хамаагүй бололтой. 

Жаахан томроод 2 нас, 3 нас гээд яаж өөрчлөглөх нь үү? Цаг тухайн үед нь бичээд явна аа.

Жаахан зулзагатай ээж аавуудаа амжилт шүү. Хүүхдүүдийн минь ирээдүй биднээс ихээхэн шалтгаална шүү...

2020年8月14日金曜日

Хүүхдийн ном 9

Өнөөдрийн ном нь Madame Curie-и намтар ном. Энэ хүний тухай том зулзага уншдаг байхад хальт мэддэг болсон л доо. Харин тухайн үед ингэж дэлгэрэнгүй уншиж байгаагүй бололтой. Эсвэл хоолтойгоо холиод мартсан?

Бас л хүн болгон мэдэх байх? Madame Curie 2 ч удаа Нобелийн шагнал хүртсэн. Эхнийх нь нөхөр Пьертэйгээ хамт, хоёр дахь удаагийнх нь ганцаараа хүртсэн.

Нөхөр нь золгүй явдлаар нас барчихдаг юм байна. Харамсалтай. Уг нь сэтгэл санаа, зорилго ижил гэр бүлийн хоёр хамтдаа өч төчнөөн амжилт гаргах байсан байх аа?

Том охин нь бас нөхөртэйгөө хамт Нобелийн шагнал авч байсан юм байна шүү дээ...

Төрсөн нутаг болох Польшийн тусгаар тогтнолд ихээхэн санаа зовдог, тосгоны хүүхдүүдэд польш хэл үнэгүй заадаг байсан гэнэ.Тухайн үед Польш Оросын эрхшээлд олон жил явсан бөгөөд, эх хэлээрээ ярих, эх хэлээ сурах хориотой байжээ. 

Сургуульд орос хэл заадаг, оросын шалгагч нар үе үе сургуулиар явж гэнэтийн шалгалт хийдэг байсан гэнэ. 

Олон жил радиумын судалгаа хийсэн болохоор бие нь бага багаар муудсаар байсныг тухайн үедээ хүн төрөлхтөн мэддэггүй байжээ.

Иймэрхүү намтар уншихаар бас гоё юм аа. 
 
Хараад байхад ихэнх мундаг хүмүүс хувийн ашиг сонирхол НОЙЛ байжээ. Нийтийн эрх ашиг, хүн төрөлхтний сайн сайхны төлөө явж ирсэн байх юм өө. 
 
Гэтэл манайд хувийн ашиг сонирхол нь дээд цэгтээ тулчихсан хүмүүс ихтэй тийм ээ? Тавилан юм даа! билүү?
 
Бултаараа хувийн эрх агшаа бага зэрэг хязгаарлаад, байгаль орчноо хайрлан хамгаалж, үрсдээ сайхан газар нутгаа үлдээчих юмсан тийм ээ?
 
Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай...

2020年8月13日木曜日

Амттан

 Амттан идэх гоё тийм ээ? Байнга л идмээр байдаг, гэхдээ бас жин мин, эрүүл мэнд зэндээ бодоод хязгаарлалт тогтооно.

Үүнийг найз өгөөд. Тоор жимс. Яг одоо улирал нь. Хөөрхөн үнэтэй. Амт гэж тансаг. Дуртай гэж юүхэв. Баярлалаа найз аа, уншиж байгаа бол. Хэ хэ.

Бид уг нь жил бүр өдийд уулынхаа хэдийнд очиж энэ жимсийг ханатлаа иддэг байхгүй юу. Энэ жил гайтай вируснаас болоод явж чадаагүй. 

Гэхдээ хөөрхийс минь шуудангаар явуулсан. Энэ жил борооны улирал урт байсан болохоор гоё гараагүй. Ганц нэг нь дотроосоо муудсан байж магад шүү гэсэн. Бидэнд бол дотроо жаахан муудсан, нялцайсан энэ тэр бол огтоосоо ч хамаагүй. 

Энэ жимс чинь өөрөө маш эмзэг. Жаахан ширүүхэн гар хүрчихээр хөхөрчихдөг байхгүй юу. Тэгээд тэр хөхөрсөн хэсэг нь томроод мууддаг юм билээ. 

Бага зулзага маш сайн хөхөж идэж байгаа. Шүүсийг нь сорж уучихаад л жимсийг нь хаяад, тэрийг нь ээж түүж идээд л. Ккк. 

Гоё гоё жимс их гарч байна лээ. Усан үзэм гараад эхэлчихсэн байсан. Авч иднэ ээ. Гоё чоко ч авч иддэг юм билүү? За за чоко бол жилийн 4 улирал байж л байдаг хойно, улирлын жимсээ авсан нь хамаагүй дээр юм байна.

Монголд айраг амттай байгаа даа, шүлсээ залгимой...

2020年8月12日水曜日

Хүүхдийн ном 8

Энэ удаагийн ном нь Аннэ Франкийн намтар. 

Шавж судлаачийн тухай номны цуврал хэсэг тул ном нь хоёр талаасаа уншиж болно. Ар талаас нь уншихаар таавар маягаар, онцлох үйл явдлыг он жилийн дарааллаар шууд жагсаасан. 

Эхнээс нь уншихаар энгийн байдлаар бичигдсэн.

За тэгээд энэ охины тухай мэдэхгүй хүн ховор биз дээ? Өдрийн тэмдэглэл нь нэлээд эрчимтэй уншигдсан байх. 

Би олж авч чадаагүй ээ. Балай вируснээс болоод амьтан хүн ирж очихгүй, шуудан энэ тэр ч тоотой болчихсон болохоор юун ном авахтай манатай.

Германы Майны Франкфурт хотод 1929 онд төрсөн. 1945 онд буюу 15 насандаа "Берген-Белзен" дэх еврейчүүдийг олноор хорих лагерьт нас барсан. Дайн дууссаны дараа гэрээсээ ганцаархнаа амьд үлдсэн аав Отто Франк нь өдрийн тэмдэглэлийг нь олж хэвлүүлсэн. 
 
Сонирхолтой санагдсан тул тэсэлгүй японоор уншихаар шийдлээ.
 
Тэгээд л бодлоо. 2 жил гарангийн хугацаанд гадны ертөнцтэй огт харьцалгүй, жижигхэн умгар өрөөнд олуулаа орогноно гээд л. Төсөөлөхөөс ч айдастай.
 
Бид карантийлаад хэдийгээр эрх чөлөөтэй ч орж гарахад хэцүү байна, чөлөөгүй байна гэж гомдоллоод, хааяа ч галзуурах нь холгүй байхад тийм ээ? 

Дайн дуусаад 75 жил. Сая энд ч Хирошима болон Нагасаки-д атомын бөмбөг хаясны 75 жилийн ой болсон. Ой гэхэд хаашаа ч юм тийм ээ? Дахин ийм гамшиг бүү тохиогоосой гэж л залбирах юм даа. 

Аннэг охидтойгоо адилтгаад л бодлоо. Шилжилтийн насны охид ч бас л ааш нь олдохгүй хэцүү шүү дээ. Өөрийн өрөөтэй тулдаа л хааяа өрөөндөө бүгчихээд, гэдэс нь өлсөхөөрөө, уур нь гарахаараа гарч ирнэ. Хэ хэ. 

Аннэ энэ хоёр жилийн хугацаанд ээжтэйгээ нэлээд тэрсэлддэг байсан гэсэн. Үүниийг үнэхээр сайн ойлгож байна. Охид ер нь энэ шилжилтийн насандаа ээжтэйгээ илүү зөрчилддөг юм шиг ээ, тийм үү? 

Би бас багадаа зөрчилддөг л байсан санадаг. Урдаас нь хэг ёг гээд л...

Хэлтэй устай та нар минь нэт гуайгаас хайж уншина биз дээ? Намтрыг нь сонирхож байвал шүү дээ. Өдрийн тэмдэглэлийг нь авч эсвэл зээлж уншина аа. 

Гэснээс орогнож байсан барилга нь тэр хэвээрээ хадгалаастай байдаг гэсэн. Нидерландын нийслэл Амстердам хотод. Нартай сайхан өдөр очиж үзэх боломж тохиох болтугай...

Ээжүүд минь охидтойгоо бага тэрсэлдээрэй, тэвчээд л гарахыг хичээгээрэй. Хи хи. Бүгдэд нь амжилт шүү...

2020年8月11日火曜日

Сонин сайхан?

Өглөөний мэнд ээ. Бүгчим халуун, саунд байгаа юм шиг л байна аа.

Хагас, бүтэн сайн, нэг дэхэд амраад өнөөдөр ажилдаа ирж байна. Хоёр өдөр ажиллачихвал дөрвөн өдөр амарна. Миний зуны амралт. Богинохон байна уу? Хэ хэ. 

Мэдээ уншаад л хямардаг болж. Ашгүй гурван өдөр титэм нэмэгдээгүй. Одоогоор 21 хүн туссан байна. Эртээд 20 гэж бичсэн дээ. Орой нь нэгээр нэмэгдээд 21 болчихсон. Харин энэ амралтын өдрүүдэд нэмэгдсэнгүйд нь баярлаад байгаа. 

Эсрэгээрээ осол нэлээд болж, 4 хүн нас барсан. Нэг нь суугуул мужийн оршин суугч. Гэрээрээ далайд сэлэхээр явсан. Хоёр охин нь давалгаанд татагдаад живж байхад нь аав нь аврах гэж яваад. 

Эхлээд том охиноо аварсан. Дараагаар нь багыгаа аврах гэж ороод, хоёулаа живээд. Хүмүүс авраад, аав нь эмнэлэгт нас барчихсан. Охид нь амьд.

Хажуугийн мужид бас  далайд шумбаж тоглохоор ирсэн залуус. Нэг нь амиа алдаад, нэг нь олдоогүй. 

Хүмүүсийн анхааралгүй, анзааргагүй үйлдлээс л болоод байна. Далайд шумбаж тоглож болдог газар гэж байна аа. Тусгай зөвшөөрөлтэй. Тийм газарт биш, аврач энэ тэр байхгүй, зөвшөөрөлгүй газар очиж тоглож яваад осолдоод байх юм аа. 

Халуун гэж жигтэйхэн байна. 37.1 хэм хүрсэн. Япондоо хоёрт орсон. Бид титэм энэ тэрээс айгаад гэрээсээ толгойгоо ч цухуйлгаагүй.

Монголд бас нэг сайхан гэр бүл ослоос болоод сүйрчихлээ тийм ээ? Яасан ч хэцүү юм бэ дээ? Яг юу болсныг сайн мэдэхгүй ч, томчууд бид л анхаарал, боломж дутаад байх шиг?

Эх оронд минь зам тээврийн ослоос эрдэнэт хүний амь их осолдох юм аа. Үүнийг багасгаж болох юм шиг санагдаад... 

"Яараад яахав дээ" гэдэг уриаг сайн баримталж жолоо баримаар байна аа. Энэ жил ээжийгээ аавыгаа, ах дүү нараа хөдөө гадаа зугаалахаар явахад сэтгэл тайван бус байсан. Гэртээ хариад ирэхээр нь л нэг санаа амарсан. 

Дор бүрнээ болгоомжтой байна шүү. Би бас машинаа сонор сэрэмжтэй жолоодно оо. Хааяа ч бас осол гаргахаа шахдаг шүү. Дараа нь бодоод, гэмшдэг. Азтайгаа гайхна. Сонор сэрэмж чухал гэдгийг мэдээ унших, сонсох бүрдээ мэдэрч байна аа.

Уншигч та бүхэн бас анхаарал, боломж, сонортой байгаарай. Бүгдэд нь амжилт хүсье ээ.

2020年8月10日月曜日

Хөршийн болон найзын холбоо

Ойрд чимээгүй байсан хөрш минь хонх дараад хүрээд ирсэн. Тэгсэн дараах зүйлийг өгсөн. 


Цэлцэгнүүр? Царцаамаг? Яг юу гэдгийг нь хэлж мэдэхгүй л байна. Амт бол таалагдсан. Хэт нялуун биш, бага зулзага бас амтархан идсэн. Нэг дор бүгдийг нь өгч бас болохгүй. Хоёр хувааж өгсөн.

Чихрийн хэрэглээг нь хянаж байгаа ухаантай. Тэртэй тэргүй хоолноосоо, бас бус амттнаас авч буй чихрийн хэрэглээ өндөр гэж үзэж буй тул. Одоогоор ундаа өгөөгүй, чихэр өгөөгүй, чоко өгөөгүй. Эгч нар нь хааяа харуулж байгаад л зайрмаг иднэ. Өнөөх нь одоохондоо зайрмагийг ямар амттайг мэдэхгүй болохоор нэхэж барихгүй, амар. 


За үүнийг найз өгсөн. Найзад минь холоос ирсэн. Австриас. Энэ чоког нэлээд дээхэн бас найзууд Австри билүү Итали билүү явж ирэхдээ авчирч өгч байсан. Би зураг хөрөг оруулсан болов уу? Яасан бол? Мартчихаж. 

Архиваа хайвал гарч ирж магад. Ингэж болсон болоогүй , идэж уусан зургаа авч оруулах их зүгээр санагаад л оруулдаг юм шүү. Түүнээс гайхуулж байгаа зүйл огтоос биш шүү. Хэ хэ. 

Хэдэн жилийн хойно уншихад гоё шүү дээ. Дурсамж сэдрээд л. Аан, нээрээ тэр үед тэгж ингэж яваад идэж уусан байх нь. Ингэж тэгж зугаалж байсан байх нь гэж эргэн дурсаад л. Тийм үү? 

Тэр найз минь үүнийг өгч байсан байх нь гэж бас санана. Хүн гэдэг амьтан чинь авснаа мартчихдаг юм болохоор. Олон хүмүүсээс сэтгэл санааны болон эд материалын бэлэг авч, өдий зэрэгт хүрчээ гэдгээ байнга санан талархаж явах ёстой гэж хаанаас ч билээ уншсан шүү.

 Та нар ч бас бүх л зүйлд талархаж сураарай. Амжилт хүсье өө...

2020年8月9日日曜日

Зурсаар л...

Бага, дунд зулзага бид гурав зурсаар л байгаа шүү. Орой бүр. Амралтаар бол өдрийн цагаар ч зурна. 


 Гайгүй зурчихдаг эгчтэй шүү бага минь. Их л тус болох юм даа гэж.

Эгч нарынхаа шийрийг хатаагаад зурдаг болчих санаатай араас нь элдээд л явна. Зургийн хичээл, дүрслэх урлагийн хичээлд түүртүүлэхгүй байх санаатай ээжийн бодлого. Мэргэжлийн зураач болохгүй ч эвлэгхэн зурчихдаг байхад болно дөө тийм ээ.

За үүнийг бол зурдаг хүмүүс л ойлгох байх. Нэг бол асар өндөр мэдрэмжтэй хүн. Хэ хэ. 

Ингэж сараачиж зурахыг маш сайн чадна шүү дээ. Дугуйлж сараачихдаа ч мундаг гэж байгаа. 

Зүүн гар нь бас сайн зураад байдаг шүү. Солгой болж магад гэж бодоод л. Гэхдээ баруун гарыг нь аль болох ашиглуулах гэж оролдож л байна.

Хүүе энэ гүүглийн блогийн тохиргоонуудад өөрчлөлт орчихож тийм үү? Зурагнууд минь өмнөхөөсөө өөрөөр ороод байна. Засаж залруулах гэсэн зарим нэг зүйлийг нь ойлгохоо байж. Яваандаа дасаад, мэддэг, чаддаг болоод явах байх даа тийм ээ? 

За жаахан мааматай ээж аавууд минь тулж ажилладаг юм шүү дээ. Тэгвэл ямар ч хүүхэд эвтэйхэн зурчихдаг болох байх аа.

2020年8月8日土曜日

Унш унш бас дахин унш

Хоёр том зулзага номын сантай сайн нөхөрлөнө өө. Мужийн харъяа номын санд нь илүү дуртай гэсэн. Номын тоо их, төрөл их гэсэн.

Би болохоор ажилтай ойрхноор нь хотын харъяа номын санг нь сайн ашиглаж байна даа.
Энэ хичээл амрахаас долоо хоногийн өмнө мужийн харъяа луу нь орж ном зээлсэн байдал. Титэм вирустай холбоотойгоор нэг удаад 30 ширхэг ном зээлж байгаа юм билээ.

Бид 13-ыг л зээлсэн. Эдгээр зээлснийгээ ихэвчлэн бие даалтандаа ашиглах ном. Үүнээс нь би сонгож байгаль судлаач Фабрын тухай уншссан болно. Мэдлэгийн сан минь нэмэгдсэн шүү. Ямартай ч ийм хүн байжээ, тийм ном бичжээ гэж мэдэж авлаа.

Бага зулзагаа жаахан томроод хорхой шавж сонирхоод ирэхээр нь шавжны тухай ном зээлж уншина даа. Блогтоо бас бичихийг хичээнэ ээ.

Уншмаар ном зөндөө байна аа. Хэсэгтээ япон номоо завсарлаж монгол ном унших санаатай. хаа байсан Шизүока мужаас нэг зузаан ном давхиад ороод ирсэн байгаа. Хальт эхлүүлээд орхичихсон.

Өөрийн ном биш тул шууд номон дээрээ тэмдэглэж болдоггүй. Бас цаасаа бэлдээд тухтай уншчих санаатай...

За бүгдэд нь амжилт шүү... Удахгүй хичээл эхлэлээ дээ. Тарзан болчихсон хүүхдүүдээ хүн төрхөнд нь оруулах гээд л сандарч байна уу? Хэ хэ.

2020年8月7日金曜日

20 дахь титэм

За өнөөх гайхал титэм чинь 20 боллоо. 19 дэх удаагийнх нь цэцэрлэгийн насны хүүхэд. Аав нь хэд дэх ч гэнэ үү? титэмтэй гарсан байсан байна. Тэгээд аавынхаа ойрын хавьталт учраас эерэг гарч дээ.

20 дахь нь одоогоор тодорхойгүй байна. 30-д насны эрэгтэй л гэж гарсан.

Ер нь бид ч хэдийд тусах нь мэдэгдэхээргүй ойрхон, хаяанд ирээд хаалга тогших өдөр ойртоод байгаа ч юм шиг. Түй түй, муу ёр...

Бас нэг сонин гэвэл? 10 жилийн нэг сурагч туссан гэж хэллүү? Тэр нь манай ажил байрладаг байшингийн 2 давхарт бүжгийн дугуйланд явдаг байсан юм байна.

Тэгээд хагас сайнд барилга тэр чигээрээ хааж байгаад ариутгал хийсэн. Бүтэн сайнаас нь хэвийн үйл ажиллаж байна.

Нэг өөрчлөлт гэвэл хойд хаалгаа барьсан. Би ихэвчлэн хойд хаалгаар орж гардаг юм. Төв хаалга руу алхах гэж бас л урт зам шүү. хэ хэ. Гол нь халуунд урт санагдаад. Түүнээс алхаж байхад илүүдэхгүй л дээ.

Мөн үүдэнд гараа ариутгаад, халуунаа хэмжүүлнэ. Хуванцар нүүрний хамгаалалттай хүн зогсоод орж гарч буй бүх хүмүүсийн халууныг үзнэ. Халууны шил нь духанд ойртуулахад л хэмжээд гаргаад ирдэг халууны шил. Гэртээ нэгийг авдаг ч юм билүү гэж бодож энэ тэр...

Гэх жишээний, титэмтэйгээ эвлэрч эхэлж байх шиг байна энэ япончууд. Төв газраар их л байна гэсэн. Холуур холуур гэж бодсон чинь ойр ойр болчихлоо. Хэ хэ.

Хөрш айлын самганы охин нь өдийд зээг нь дагуулаад эмээ өвөө дээр нь ирдэг юм. Тэгсэн энэ жил ирж чадахгүй. Хавраас хойш хичээлдээ явахгүй багаа, их ойрхноос нь халдвар гараад, карантийн удаан явагдаж байгаа гэсэн. Хоёр тэрсхэн банди бий. Одоо ч овоо том болоо доо.

Зуны амралтаар өглөө хийдэг дасгалыг манай багийнхан цуцалсан. Дунд зулзагат их амар байна. Ээжид ч мөн адил, өглөө жаахан хэвтэх гээд байдаг хүнд.

20 титэм минь цаашид битгий нэмэгдээсэй гэж залбарин залбарин энэ бичлэгээ өндөрлөе дөө.

Түр баяртай, бүгдэд нь амжилт шүү...

2020年8月6日木曜日

Хүүхдийн ном 7


19-р зуунд амьдарч байсан Жан Анри Фабр гэх франц хүн. Түүний бичиж гаргасан 10 боть “Шавжны тэмдэглэл” ном нь одоо ч чухалд тооцогддог. Хамгийн гол нь тэрээр байгаль дээр амьдаар нь судалж, ажигладаг байж.

Багадаа их сониуч хүүхэд байжээ. 3 настайд нь эмээ өвөө нь харна. Байгалийн сайхнаар хүрээлүүлсэн бяцхан тосгонд бага насаа үднэ.  Маш ядуу байсан ч сурлагаар тэргүүлж улсын зардлаар сурсан.

Багшлангаа шавжны судалгаагаа хийдэг байж. Сурагчдадаа, эцэг эхийн дунд их нэртэй хүндтэй багш байсан.

Байгаль судлаач гэдэг үүднээсээ эх орон нь түүнийг тухайн үед нэг их үнэлдэггүй байж. Харин герман хэлтэй орнууд, Голланд хэлтэй орнуудад өндрөөр үнэлэгдэж нэрд гарсан. Мөн японы шавж судлалын хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.

Мөн дуу шүлэг их бичсэн гэж байна. 91 насандаа таалал төгсчээ...

Jean-Henri Casimir Fabre гээд хайгаад үзвэл дэлгэрэнгүй уншиж мэдэх боломжтой шүү.

За тэгээд хүүхдийн ном тул аль болох сонирхолтой татахаар бичжээ. Номыг хоёр талаас нь уншиж болно. Араас нь эхэлж уншиж болно гэсэн үг. Араас нь уншихад зурагт таавар маягаар бичигдсэн байсан.

Хөдөө гадаа явахдаа ЖИРХРЭЭ гээч шавжтай таарвал мөн чадвал зураг авахыг бодоорой хүмүүсээ. Энд ЖИРХРЭЭ чарлаад? сонсголонтой л байна. Хэ хэ.

Саяхан энэ жирхрээ гэдэг үгийг олж мэдээд ээ. Яг өдийд гарч ирдэг сэми гэдэг шавжийг монголоор жирхрээ гэдэг юм байна. Өдий олон жил энд байхдаа анх удаа л сонирхож хайсан, ашгүй олдлоо. Хэ хэ.

Иймэрхүү хүүхдийн танин мэдэхүйн ном ихээр хэвлэгдэж гардаг бол тийм ээ? Манай монгол хүүхдүүд? хүмүүс хараад байхад хорхой шавжинд дургүй тийм ээ? Орилж чарлаад сүйд болдог тийм ээ? Хэ хэ.

Ялангуяа аалз харахаараа муухай чарлаад байдаг, охид. Бага байхад аалз албал арван тамтай гэдэг байсан билүү? Юу билээ? Ккк

Энэ хүний бичсэн "Шавжны тэмдэглэл" Souvenirs entomologiques номыг орчуулж хэвлээд, сургуулийн номын сан зэрэгт өгвөл олон хүүхэд сонирхох байх даа? Эсвэл гарсныг нь би мэдэхгүй байж ч мэднэ...

За бүгдэд нь амжилт шүү...

2020年8月5日水曜日

Дугуй ба банзал

Энд дугуй гэдэг чинь маш чухал унаа шүү дээ. Багаасаа унадаг болохоор маш сайн унана. Ээжүүд нь бүр ардаа урдаа зулзагуудаа суулгачихаад л жийж өгнө.

Тэгсэн би яасан? Огтоосоо чадпахгүй. 23-тайдаа анх дугуй унаж сурсан. Анх бол гудамжинд овоолгоостой хог руу хэд хэд унаж, өвдгөө шалблаад л...

Сүүлийн 10-д жил харин унаагүй. Жолооны үнэмлэхтэй болсноос хойш. Мартсан мартсан.

Юу бичих гээд оршил нуршаад байна гэхээр?

Өчигдөр ажлаасаа гараад машиныхаа зогсоол хүртэл алхаад. Унаандаа суучихаад л хөдлөх гэсэн зам таглаад нэг охин дугуйтайгаа ноцолдоод байна аа. Эхэндээ нэг их удахгүй байх гэж бодоод машиндаа суугаад байлаа. 5 минут орчим боллоо. Цагаа харсан чинь бага зулзагаа авах цаг минь яваад байна шүү.

Тэсэхгүй зүгээр үү? гээд буугаад очлоо. Тэгсэн урт банзлынх нь хормой дугуйтай нь орооцолдоод.

Хоёулаа үзэж тарлаа. Тэгсэн охин тэгж байна аа. Яадаг юм билээ? Тайлж болохгүй...

Нээрээ л ямар тайлалтай биш. Би бол дотроо машинд хайч яваа юмсан, бүр болохгүй хайчилдаг юм билүү? гэж бодов.

Ноцолдож ноцолдож санаандгүй дугуйг нь хойшоо түрсэн чинь хормой нь гайгүй салаад гараад ирсэн. Өнөөх охин баярлалаа гээд л бөхөлзөж өгсөн. Би ч болгоомжтой яваарай гээд зулзага руугаа яарсан.

Багахаан хожимдож очсон. Гэхдээ яахав, нэг хүнд тус хүргэж яваад хоцорсон юм болохоор сэтгэлд таатай байв.

Тэгээд бодлоо? Дугуй унахдаа өмд, богино өмд гэх мэт нь зүгээр юм байна даа гэж. Богино банзал бол бас гаагаа энэ тэр нь харагдаад байдаг тийм ээ? Тийм болохоор эдний арван жилийн охид дүрэмт хувцасныхаа банзал дотуур заавал шоорт өмсөөд байдаг юм билээ.

Охиддоо сайн хэлэх юм шүү. Том зулзага урт банзал өмсөөд байдаг юм...

Бүгдэд нь амжилт...

2020年8月4日火曜日

Амралтын эхний өдөр

Зуны амралт эхлээд хэд хоночихлоо. Эхний өдөр нь хагас бүтэн сайн таарсан тул, аав нь зулзагуудаа хөгжөөх гэж хэрэндээ хичээлээ. Хэ хэ.

Том зулзага болохоор өдөрт 15 цаг хичээл хийхгүй бол амжихгүй гэсээр номын сан явсан. Бүтэн сайнд нь харин гэртээ. Биднийг чимээ шуугиан ихтэй байна гэж загнасан. Хэ хэ.

Хоёр багыгаа хөгжөөх уг нь ч амархан л даа.
Далай явж чадахгүй байх гээд ийм зүйл авсныгаа гаргаж ирж тоглууллаа. Нэлээд том тул ус их орох юм билээ. Гэрээрээ яваад орсон ч болохоор. Даанч би ми явж орно гэхээр жаахан ичээд л байна. Бондгор хөөн би...

Нэг юмтай болохоор өөр нэг зүйл хэрэг болоод байх юм тийм ээ? Дээрээ нарнаас хамгаалах саравчтай болохгүй бол зулзагууд минь нарших юм гэж онош гаргасан. Удахгүй авах юм гэсэн хань ижил.

Үүнийхээ хажууд жижиг майхнаа зоогоод л, мах шарж илэх бэлтгэлээ хийчихвэл ч хөдөө гадаа гарч зугаалсны дайтай л болох гээд байна. Хэ хэ.

Айхтар халж буй тул, санаагаар болдог бол ой модтой газар л очиж сэрүүхэн, хүчилтөрөгч ихтэй л амармаар байдаг.

Өгөр муу вируснаас ч нэг болж байна шүү. Тийм ээ?

Ажлын өдрүүдэд багыгаа албанд нь өгчихөөд, хоёр эгч нь манай ажил дээр ирж хичээлээ болон даалгавраа хийж байна. Дунд зулзагыг даалгавраа хий гэж үглэх гэж том ажил байна шүү.

Өдрийн цайны цаг болоогүй байхад л өлсөөд гэж гүйж ирээд, инээд хүргээд байх юм. Ажлынхан бас өхөөрдөж инээгээд л.

Хичээл эхлэх хаа ч байсан юм. Гүрийнэ дээ.

За бүгдэд нь амжилт...

2020年8月3日月曜日

18 титэм

Шинэ сар, шинэ долоо хоногийн мэнд ээ.

Амралт сайхан биз дээ? Миний амралт сайхаан. Гэр зуур л амарлаа.

Гэснээс хоёр гуравхан хоногийн дотор өнөө гайхал титэм чинь 18 боллоо. Бүгд л өмнөх титмүүдийн хавьтлууд.

Мужийн, хотын захирагч нар шуурхай л байх шиг байна. Хуралдаад л, хэвлэлийн бага хурал хийгээд л. Иргэддээ уриалга, санамж өгөөд л...

Яамаар ч юм? Сүүлдээ сэтгэл санаа ч сонин болох янзтай шүү. Азаар сургууль амарч таарав.

Нэг нь бүр дунд сургуулийн сурагч гэсэн. Сургуулийнх нь 460 гаран хүн шинжилгээнд хамрагдана гэсэн. Хариу нь сөрөг гараасай л гэж залбирахаас. Өөр юу чадах билээ дээ?

Өө тийм, нэлээд дээхний титмийн нэг болох цэцэрлэгийн эрэгтэй багш гэж байсан даа. Тэрний тухай цуурхал их явж байна аа, хөөрхий минь. Хүмүүс гэр орных нь гадаа зураг хөргийг нь наагаад корона гэж чичлээд л гэнэ. Эхнэрээсээ салж байгаа л гэнэ.

Гол нь мань хүн НУА-тайгаа уулзаж яваад титэмтэй болчихсон гэж цуураад байна. Тэгээд эхнэр нь мэдээд салж байгаа л гэнэ. Цаад НУА нь хүртэл би уйдаад, уулзмаар байсан юм аа гэж хэлсэн л гэнэ.

Үнэн эсэхийг сайн мэдэхгүй ч... Эрчүүд минь ээ, бас НУА нь болж байгаа хүүхнүүд минь ээ? Жаахан бодолтой бай л даа. Өөр юу ч хэлэх вэ дэ, тийм ээ?

Энэ бүхний үр дүнд хүүхэд л хэцүү лээ. Гурван ч хүүхэдтэй гэр бүл гэсэн. 2 нь ид шилжилтийн насан дээрээ явж байгаа гэсэн. Сэтгэл санааны хувьд их хэцүү байгаа гэж бодож л сууна.

Муухай вирусын нөлөөгөөр олон хүний ахуй амьдрал, ажил үйлс хэцүүдэж байна аа тийм ээ?

Эрдэмтэн мэргэд минь бушуухан л нэг дарах арга чарга гаргаж ирээсэй...

Бүгдэд нь амжилт хүсье...

2020年8月2日日曜日

Бороо бороо

Бороо бороо битгий ороосой гэж дуулмаар байна. Төвөгтэй юм өө. Угаасан хувцас хатахгүй, орж гарахад шүхэр дэлгэх гэж. Амны хаалттай адил л төвөгтэй юм.

Амны хаалт ч бас л ядаргаа байна шүү тийм ээ. Заримдаа мартчихаад буцаад л гутлаа тайлж орох гарах гэж. Яарч байхад бүр ч...

Урд хойд нутгуудаар үер болоод л, мэдээ сонсохоор сэтгэл санаа ч тогтворгүй болчих гээд. Тэгэхээр чинь одоо дархлаа энэ тэр муудна биз дээ? дагаад...

Ганц тоохгүй, баяаж байгаа хүн бол бага зулзага л байна. Эгч нар шигээ гутал нь норно гэхгүй, тэврүүлээд л унаандаа суучихаж байгаа тул.
Ийм хөөрхөн шүхэртэй. Худалч хүнд бараг төрөхөөс нь өмнө авч өгсөн байх шүү. Хэ хэ. Худлаа худлаа, төрөөд удаагүй байхад нь авсан юм өө. Уг нь эгчийнх нь ягаан шүхэр бий л дээ. Бас л хөөрхөн паянтай, үнэтэй авч байсан.

Ягаан, дээрээс нь гүнж энэ тэрний зурагтай тул монгол явуулах гээд хайрцаглачихсан.

Ингэхэд бяцхан үр минь майга байна уу? Хэ хэ. Хүмүүс майга л гээд байна. Эрэгтэй хүн зүгээр шүү дээ, бага зэргийн майга тийм ээ? Ээж аавыгаа дуурайвал майга болохгүй ээ. Мэдэв үү? Хи хи.

Гэснээс шүхрээ даахгүй, хажуу тийш нь унагаагаад л, өөрөө нороод. Эгдүүтэй...

Багыгаа харж баяссан хүн л байна дөө. Бүгдэд нь амжилт...

2020年8月1日土曜日

Баяртай 7 сар минь

За  ингээд 2020 оны эхний хагас дууслаа гэж. Маргаашнаас зуны амралт эхэлнэ. Охид бөөн баяр. Би ч баяр, гэрээрээ л баяр. Хэ хэ.

Энэ жил цөөхөн хоног амрана. Ээж яагаад баяртай байна вэ гэхээр? Мэдээж өдөр хоолны асуудалд тоглойгоо гашилгах өдөр цөөн учраас. Яахав эхний хэд хоног бол сайхан ааштай дээрээ тавиастай, охидоо хайрлан хайрлан дуртай зүйлсээр нь хооллоно.

Түрийвчин дэх хэд минь нимгэрээд ирэхээр өөрийн эрхгүй сургууль цэцэрлэгийн үүрэг өндөртэйг магтан дуулан, хурдан хичээл эхлээсэй гэж чин сэтгэлээсээ хүснэ.

Дунд зулзага найзтайгаа хамт тоглох өдрөө, хамтдаа номын сан орж ном зээлэх өдрөө гээд төлөвлөгөөгөө аль хэдийн гаргаад, хуанли дээр биччихсэн, үзүүлээд байсан. 

Том зулзага хичээлээ нухаад л байна. Эндхийн жюкү, монголоор нэмэлт төлбөртэй хичээлд суудаг гэж байсан даа. Тэрнийхээ зуны хөтөлбөрийн нэмэлт хичээлд сууж байгаа. Төлбөр нь асар өндөр юм билээ. Гэхдээ одоо яая гэхэв. Конкурсанд бэлтгэх журмаар суулгаж буй тулдаа л нүдээ аниад явуулж байна.

Хүүхэд томрохоор зардал нь ч томордог юм байна. Хүүхэд шуухдаа бага дээр нь хадгаламж нээлгэж үзээрэй дээ, залуу ээж аавуудад зөвлөхөд. Боловсролд нь хөрөнгө оруулж буйдаа өөрөөрөө бахархаад л сууж байна. Хэ хэ.

Дундуур нь ганц нэг найзуудтайгаа орж гарах л байх. Одоогоор юм хэлээгүй. Гэнэт гэнэт л хэлнэ шүү дээ.

Бага зулзага, цэцэрлэг нь амрахгүй. Энэ бол асар их ач холбогдолтой. Ажилтай эцэг эхчүүдэд. Дундуур нь обон буюу нас барагсдыгаа дурсан санах өдүүдээр ганц нэг хоног амраана. Хэрэв ээж аав нь ажилтай бол цэцэрлэг хүлээж авна. Багш нар наана нь хүүхдүүдээс амрах өдрүүдийг нь асууж байгаад хүүхэд цөөн бол багш нарыгээ ээлжээр амраана.

За ирэх сар хүртэл баяртай. Хэ хэ. Хичээл эхлэнэ гэсэн эцэг эхчүүд зөв буруу гэж маргаад л байх шиг байна тийм үү? Мунхаг миний бодол зөв. Хүүхдүүд чинь Тарзан болох гээд байна. Ха ха.

Хувийн ариун цэвэр, ариутгалыг сайн сахиулаад, орчны агааржуулалт, ариутгалыг ч мөн чандлан сахиад явахад боломжтой ч юм шиг санагдаад байна л даа. Бүгдэд нь амжилт шүү...