2023年1月31日火曜日

Leverage Reading

Шуналыг минь хөдөлгөдөг бас нэгэн бүсгүй бий. Мэдэхгүй хүн, уншдаггүй хүн бараг байхгүй байх тийм үү? "Ээнээгийн тэмдэглэл" хуудсаараа алдартай. Бичсэн болгон нь хөөрхөн, ухаарал хайрласан, зоригжуулсан, сэдэлжүүлсэн байдгаараа онцлог. 

Олон ч залуу ээжүүд уншдаг шиг байна лээ. Би залуу ээжийн тоонд орохгүй ч, зулзага минь жаахан гэдгээрээ бас уншина шүү. 

Тэгээд санал болгосон япон номыг нь чадлынхаа хэрээр олж уншихыг хичээдэг. 

Энэ удаад бүр зорин, санан байж энэ номыг зээлж уншив. Оны өмнө зээлсэн ч дуусгаж амжилгүй, хугацааг нь дуусгаад, дахин зээлсэн. 

Угтаа уншихад амархан, мэдэхгүй ханз цөөн, дажгүй байсан ч би барьж авалгүй явсаар өдий хүрчээ. 

Ерөнхий санаа нь бас л миний сүүлийн хэдэн бичлэгт ч "улиг болох"-оо шахсан "УНШ УНШ бас дахин УНШ" байв. Бүр өдөрт нэг ном унших гэж байна шүү. Энэ удаагийнх гэхдээ нэг онцлог нь бизнесийн ном унших. 

Сайто багшийн хэлсэнчлэн мөнгөө төлж, худалдаж авч унших. Хэрэгтэй гэсэн санаа оноогоо доогуур нь зурж, тэмдэглэж, номоо элэгдтэл нь л эдлэх гэжээ. 

Номыг бичигч Хонда Наоюки нь их завгүй хүн тул өглөөд ваннтай усанд суухдаа ном уншдаг гэнэ. Ном чийг аваад, хуудас нь муухай болно гэж хэлэх хүн бий ч энэ хүний хувьд бол огтоос хамаагүй гэнэ. 

Жилд 400 гаран ном уншдаг гэнэ шүү. Ёстой нөгөө "ном уудаг" гэдэг шиг л.

Ном нь уншсан эсэх нь мэдэгдэхгүй, шинээрээ шахуу өрөөстэй байх тохиолдол их, энэ бол хангалтгүй гэжээ. 

Энэ хэсэг намайг хэлээд байгаа юм шиг л санагдсан. Хэ хэ. Нэг хэсэг тийм байсаан байсан. Одоо харин дээр нь тодруулаад, наадаг наалт наагаад явдаг болсон шүү. Уншсан тухайгаа блогтоо ядаж зураг оруулдаг...

Аятайхан санагдсан агуулгаас нь дор хаалт нээж хаагаад бичлээ. Та бүхэн ч гэсэн хаалт нээгээд, хаалтаа хаагаад гэж ирээд л уншаарай. Хэ хэ. 

"Ном унших бол өөртөө хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Номыг үнэтэй гэж хэлдэг ч тухайн номноосоо өөртөө нааж, хэрэгжүүлж чадах юм бол тухайн ном танд 100 дахин илүү үр өгөөжөө өгнө". 

"Өнөөдрийг хүртэл уншиж ирсэн өөрийн ном унших арга барилаа өөрчлөх. Нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх арга буюу color bath effect аргыг дадал болгох. Энэ арга нь ямар арга вэ гэхээр, жишээ нь өнөөдөр улаан өнгийн юмсыг л олж харна гээд гадаах буюу өөрийн эргэн тойрон дахь улаан өнгөнд төвлөрөх. Ингэснээр санасныг бодоход маш олон улаан өнгө эргэн тойронд чинь байдаг, түүнийг анхаарлаа төвлөрүүлснээр олж харна гэсэн үг. Энэхүү color bath effect аргыг эзэмшиж чадвал тухайн хуудаснаас өөрт хэрэгтэй гэсэн зүйлээ шууд олж чаддаг болно. Бусад онцын шаардлагагүй гэсэн мөртүүдийг уншилгүй орхино гэсэн үг ".

Энэ аргыг тусгай мэргэжлийн үгээр хэлдэг байх тийм ээ? Мэддэг хүн байвал хэлж өгөөрэй. Хичээнгүйлэн хүсье. 

Нэг зүйл санаанд орчихлоо. Багадаа хотын машинуудын азын дугаарыг олж харах гэж, олж харахаараа тэр өдрөө азтай байна гэж хөөрдөг байлаа. Энэ нь одоо энэ color bath effect арга гэгч байх нь. Тийм үү? Одоо ч үе үе энд азын дугаар байна даа гэж хардаг...

"Зөвхөн унших гэж уншилгүй, хөрөнгө оруулалт, эдийн засгийн эрчимтэй үйл ажиллагаа гэж үзэн унших. Ойролцоогоор 1500 иенээр авч уншсан ном чинь эргээд чамд 100 дахин үржигдэж, ашгаа өгөх ёстой".

"Бизнесийн ном уншихдаа ихэвчлэн амжилт олсон туршлагаа, алдаагаа бичсэн номнуудыг сонгож унших. Онолын чанартай, сургасан маягийн, зузаан ном жаахан дэмий. Харин хүмүүсийн өөрийн туршлагаа бичсэн ном нь илүү богино хугацаанд их зүйл ойлгож авахад дөхөм. Цаг ч хэмнэдэг".

"Уншсан номд чинь бичигдсэн ноүхаүг өөрийн арга барилд тохируулан, өөрийнхөөрөө ашиглаж гэмээнэ эргэн 100 дахин ашгаа өгнө."

"Амжилтанд хүрсэн хүмүүс бүгд уншдаг. Ном унших тусам цаг гардаг. Ном унших цаг гардаггүй гэж хэлдэг хүмүүс бий. Үнэндээ уншдаггүй учраас цаг гардаггүй".

Энэ мөрт яг үнэн гэж бодсон. Унших цаггүй гэж хэлдэг хүмүүсийг хараад байхад гар утсаа л маажаад байгаа харагддаг. Мөн зурагт үзээд л...

"Ном унших зорилгоо тодорхойлох. Аль болох өөртөө уншихад амар ном сонгох. Зузаан, хэцүү номыг сүүлд ном унших чадварт суралцсан үедээ сонгож уншихад болно. Мөн өөрийн эргэн тойрны, өөрт ойрхон сэдвээсээ эхэлж унш. Нэг сэдвээр дагнаж унш, эхний ээлжинд".

"Өөрт тохирсон ном унших таатай орчныг бүрдүүлэх. Эсвэл тийм таатай орчинг олох. Намуухан кофены газар, гэрийнхээ аль нэг булан гэх мэт".

"Ном уншдаг тогтмол цагтай болох. Өглөөд завтай бол өглөөдөө, оройд завтай бол оройдоо. Унших цаггүй гэлгүй аль болох яаж ийгээд ном унших санаа сэдэл олох, хэрэгжүүлэх. Өөрийн амьдралын хэв маягтаа тааруулж унших".

Би өдрийн цайныхаа 1 цагийг уншихад зориулах гэж оролддог. Хувийн хөөцөлдөх ажил гарсан үед амждаггүй. Ийм өдрөө жорлон орохдоо авч ордог. Хэ хэ. 

"Бизнесмэн хүн завгүй явдаг тул 1 номыг уншиж дуусгах цаг хугацаагаа тодорхойлох. Мэддэг, чаддаг зүйлсийнхээ тухай, хүмүүсийн туршлага, амжилт, эдийн засаг, өөрийгөө хөгжүүлэх гэх мэт сэдэвт 1 цаг зарцуулна. Харин огт мэдэхгүй, зузаан, өмнө нь уншиж байгаагүй шинэ сэдэв бол 2 цаг гаран зарцуулна гэх мэт".

Өнөөдөртөө ингээд дуусгая. Урт бичлэг болчихлоо. Энэ удаагийн зөвлөгөө нь бизнесмен, орлогоо нэмэгдүүлэх гэсэн зорилготой хүмүүст зориулсан ном юм байна. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2023年1月26日木曜日

Урлан бас бус

Юу бичих үү? Хэсэг баахан номны тухай биччихлээ. Гэгээрсэн гэлтэй. Хэ хэ. Дан ганц ном уншаад л суудаг уу гэхээр үгүй ээ. 

Сүүлийн үед аяга угаагчаа л их нэхэж байна. Нэхэж тавиад л, хүнд бэлэглээд л. Угтаа зарж борлуулах хэтийн санаатай ч... 

Эндхийн "мэрүкари" гээч сайтанд байрлуулаад зардаг гэсэн. Би нэг л учраа олохгүй байгаа. Шуудан орно, зураг хөргийг нь авч байрлуулна гэх мэт. Блог бичиж чадаад байгаа юм чинь, нүүрномд зураг хөрөг оруулаад болоод байгаа юм чинь чадна аа гэсэн хүн байна. Хань ижил. Миний л "зориг хүрэхгүй" байна. 

Хэрэв үүнийг уншиж байгаа бөгөөд японд байдаг хүмүүс байвал энд сэтгэгдэл бичээрэй. Хямдхан зарна шүү. Хи хи. 

Японоос өөр газарт амьдардаг уншигчид минь япон дахь найз нөхөд, хамаатан садандаа бас бэлэглэж болно шүү дээ, надаасаан худалдаж аваад. Хо хо. 

Ойрд маш их хүйтэрч, оноор ороогүй цас оров. Санасныг бодоход хөвсийтөл хунгарласангүй. Өглөөдөө цас арилгана гэдэг ажил гарахгүй амар байлаа. 

Ажлаасаа яг тардаг цагтаа гарсан. Тэгэхгүй бол бага зулзагаа авах ёстой цагаас нь хоцорчихно. Түүнээс гарах бэлтгэлээ хийсээр байтал 10 минут зоолттой өнгөрөөдөг юм. 

Манайхан намайгаа ойлгоно. Түүнээс дарга хариагүй байхад цэрэг харьж болохгүй гэсэн хуучинсаг үзэлгүй. Төрийн албан хаагчид бол аль болох илүү цаг ажиллахгүй байх, илүү цагаар ажиллуулахгүй байх гээд арга хэмжээ авч эхэлсэн. 

Гол нь хувийн компаниуд. Заримдаа илүү цагийн мөнгө өгөлгүй ажиллуулчих санаатай. Аавуудад нялх нярай хүүхдээ харах амралтыг нь тэр бүр өгөхгүй байх гэх мэт. 

Мэдээж бүгд биш л дээ. Шинэлэг сэтгэдэг, эрэлхийлдэг даргатай захиралтай бол ч өөрчлөгдөж байгаа газрууд бий бий. 

За тэгээд эх оронд минь бүр хасах 40 хүрч хүйтрээд байхад би энд хасах 5 руу ч ороогүй байхад, даарлаа, хөрлөө гэхээсээ санаа зовдог юм өө. Тэнд буй ижий аав, ах дүү амраг садангууд минь бүр л хүйтэн орчинд болгоод байхад тийм ээ? 

Ядаж байхад хотын утаа тийм ээ. Дээдсүүд нь идээд уучихсан тэр мөнгийг жинхнээсээ утаагаа багасгахад зарцуулсан бол гэж бодохоор л... 

Бидний тавилан хаашаа л яваад байна даа...

Цасан шуурга ихтэй гээд бага сургууль амарсан. Учир нь нэг том голын цаанаас ирдэг сурагчдын аюулгүй байдлыг бодолцсон. Гүүрэн дээгүүр машинтай явахад л машин ганхдаг юм, салхи ихтэй үед. 

Бусад бага сургуулиуд амраагүй гэсэн. Зөвхөн манайх л амарсан юм байх. Зулзага бөөн баяр, унтаад хоцорсон. Дүүг нь нэг үлдээх гэснээ эгчийгээ элэг бариад зурагтнаас салахгүй байх гэж бодоод албанд нь өгсөн. 

Яг цасаар шуурч байхад бол урдах зам харагдахгүй байсан. Айгаад тэр оройдоо гэрээсээ цухуйгаагүй. Маргааш нь яасан бол гэсээр л цонхоор харсан чинь ашгүй гайгүй. 

Шавь болон хуурай дүү нар гоё монгол амт амсуулсан. Бас дулаахан оймс бэлгэнд авсан. Бид өнгөрдөг жилээс монгол бэлгээр тасрахгүй л байна. 2023 ондоо ч бас амьдралаа "бэлгийн зам"-аар сайхан аваад явчихдаг юм шүү. Хэ хэ.

Өө тийм хэдэн бууз чимхэх юм байна шүү, тийм ээ. Мэдээжийн зүйл бичсэн үү? Ул боов энэ тэр гэж сүржигнэлгүй жижигхэн дугуй хэлбэртэй жигнэмэгээр тавгаа засчихдаг болсон тул их урамтай байгаа. 

Өмнө нь заавал л ул боов байх ёстой юм шиг санаад, тавгийн идээ гэж засдаггүй байлаа. Мөн ирсэн хүүхдүүдэд бэлэг гэж өгдөггүй, тавагтай идээнээсээ атгаад л өгчихдөг. 

Энэ жил 3 шинэ залуус ир золгох байх. Дадлагажигчаар ирсэн. Хэл ус тааруу, хэдий ч ажиллаад л байдаг сурагтай. Хэл ус шаарддаггүй тулдаа л тэр байх. Тамүра гэдэг хүнийг Тамираа л гэчихсэн тууж явсан. Ха ха. 

Бодоод байсан сүрхий дөхүүлсэн байна лээ. Ккк.

Шинээр нэг ном уншиж байгаа. Түүнийхээ зургийг оруулахын өмнөхөн зүгээр суухаар зүлгэчихлээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье ээ.

2023年1月24日火曜日

Сүүлийн 7

Өнгөрдөг жил худалдаж авсан номнуудыхаа сүүлийн 7-г эндээ аваад ирсэн шүү. Аваад ирсэн ч гэж дээ, шавьдаа төвөг удаад өө. Монгол харьчихаад ирсэн юм. Аваад ирээрэй гэсэн за л гэсэн. Баярлалаа. 

Зураг хараад ойлгомжтой тийм үү? Ийм номнууд худалдаж авсан. Дүү маань "Ген" гэдэг ном өгнө гэсэн чинь амжихгүй болчихоод оронд нь нэг номны нэр хэлээрэй гэхээр нь зохиолч Болор-Эрдэнийн "Үлгэр дуустал хайрлана" гэдгийг захьсан. 

Гэснээс миний "Гүйж яваа эмэгтэй" номыг маань зээлж авсан хүүхдүүд дундаа дамжуулж уншаад, олдохоо байсөөн. Хо хо. Ийм болохоор л би хүнд номоо зээлэх дургүй байдаг...

Энэ жилийн хямдралаар бас баахан ном авна даа. Мөнгөө цуглуулж байгаа тэнд. Хэ хэ. Хямдрал чинь бас зүгээр, олон ном авчихдаг. Гол нь нааш нь авчрах л хэцүү. 

Гандан буурахгүй амьтан хүнд дайна өө, яадаг юм. Мэдээж зүгээр дайхгүй шүү дээ. Эргээд тусалчих гээд л, бас хөөрхөн бэлэг өгчих гээд л үзнэ. 

За тэр ч яахав, би энэ олон номоо бүгдийг нь гялс уншмаар байна аа. Бурхан минь надад цаг зав хайрла. Бурхан биш ээ, гэрийнхэн минь ээ ээждээ цаг зав хайрла. Хэ хэ. 

2023 оныг та бүхэн минь ч гэсэн "УНШИХ" жил болгоорой. Өөрт таалагдсан, уншмаар санагдсан номноосоо л эхэл. Яван чангарна шүү дээ. 

Үглэхээсээ өмнө ингээд бичлэгээ дуусгая. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2023年1月23日月曜日

Шунал хөдөлгөдөг подкаст

Шунал хөдөлгөдөг нэг хүнтэй гэсэн дээ. Тэр маань подкаст хийгээд эхэлсээн. Сэдэв нь ч номтой холбоотой. Тэгэхээр чинь шунал хөдөлнө биз дээ. Линкийг нь орууллаа шүү. Сонсоорой.


Одоогоор 3 дугаар орсон хэдий ч зөндөө олон ном унших юмсан гэж санагдаад, нетээр баахан ном хайгаад, номын сангийн номоо гаргаж ирж "үнэрлээд" гээд хэсэг гайгүй байсан өвчинг маань сэдрээчихлээ. Яах уу? Хэ хэ.  

Хойшид ч зөндөө олон гоё зохиолчтой ярилцах байх. Тэсэн ядан хүлээнэ. Ютүб дээрээ оруулсан бичлэгийг нь цаг тухайд нь тэр дор нь мэдэгдэнэ үү гээд зүрх ч билүү? хонх ч билүү дарчихсан. 

Бараг эзэн нь өөрөө нүүрном, инстаграмдаа оруулж амжаагүй байхад нь сонсчихоод байх шиг байна лээ шүү. Хэ хэ. 

Сонсох хамгийн том шалтгаан гэвэл тухайн ном яаж бүтсэн, зохиолч нь сэдвээ хаанаас олсон, зохиолч өөрөө ямар хүн байна, цаашид ямар бүтээл туурвих гэж байгаа тухай, өөр бусад зохиолч, зохиол, номны тухай гээд олон зүйлийг нэг дор олж мэддэг тул.

Яагаад л ингээд ном ном гээд байдаг юм гэх хүн байх. Зүгээр шүү дээ. Өмнө нь бичсэн "Унших чадвар" номонд ер нь номыг амьдралынхаа нэг хэсэг болгоод, ойролцоогоор 4 жилийн хугацаанд 100 ном уншиж байх гэсэн байсан. 

Мөн миний бичсэнийг уншаад хүмүүс бас номонд дуртай болж би өөрөө хүний шунал хөдөлгөдөг хүн болох ч юм билүү? Ерөөл бат оршиг.
 
Мөн хэтийн зорилго нь зулзагуудаа номонд дуртай болгох. Ээж нь үргэлж ном ярьдаг, Ээнээ шиг ном цүнхэлж явдаг, номын сан дагуулж явдаг, номын дэлгүүр дагуулж явдаг, номын тухай сонсдог бол хүүхдүүд ч өөрийн мэдэлгүй дуурайх байх. Үлгэр жишээ авах байх. Тийм үү? 

За подкастныхаа тухай бичилгүй баахан оршил биччихсэн байна. Миний нэг онцлог тийм ээ? Уншигчид маань ч мэдэж байгаа дөө. Хи хи. 

Энэ удаагийн зочноор эртний блогчин, тухайн үедээ идэвхитэн бичигч байсан Эрхэмбаяр гэгч бүсгүй оролцсон байна. Блогийг нь орж уншдаг байсан болохоор цаанаа л нэг танил дотно санагдав. "Сүүтэй уулын савдаг" номыг авч уншина аа, энэ жилийн номны худалдаандаа оруулна аа. 

Шунал хөдөлгөгч бол угаасаа ойлгомжтой. Орчуулагч Болортуяа. Нүүрном, инстаграмд танихгүй хүн цөөн байх аа, одоо. Сүүлийн үед орчуулсан бүтээлээрээ олноо танигдаж буй бүсгүй.

Орчуулсан бүтээл нь гэвэл "Том дэвтэр, Нотолгоо, Гурав дахь худал, Бичиг үсэггүй хүн", "Амраг" гэх зохиолуудыг орчуулсан. Бас л өвөрмөц зохиолчийн бүтээлийг сонгож бидэнд хүргэсэн. 

Би дахин нэг гаргаж ирж уншина аа. Тухайн үедээ "пээх ямар аймар зохиол вэ? Хүүхдэд уншуулмааргүй зохиол байх чинь вэ?" гэж бодож байсан. Одооны өндөрлөгөөс уншихад өөр сэтгэгдэл төрөх нь гарцаагүй. Хэ хэ. 

За та нар өөрсдөө энэ подкастыг сонссон нь зүйтэй тийм үү? 

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2023年1月22日日曜日

Унших чадвар 2

Унших чадвараа сайжруулна аа. Хэ хэ.  Иймэрхүү "мундаг" хүмүүсийн хэлсэн ярьсан, ном зэргийг уншихаар өөрийгөө асар голох юм тийм ээ? 

"Ад үзэгдэх зориг"-оор бол өөрийгөө хүлээн зөвшөөрч сурах тийм үү? Өөрийгөө яасан гэж голоод байгаа юм чи? Юу дутагдаад байгаа юм чамд? Хо хо. 

Би нээрээ гоё ном унших газар олсон. Манай ажлын байрны 2 дугаар давхарт байрладаг. Мужийн хүний эрхийн асуудлыг хариуцаж ажилладаг газар. Яг ямар үйл ажиллагаа явуулдгийг одоогоор сайн мэдээгүй. 

Ямартай ч ороод ном уншаад сууж болно. Уух юмаар үнэгүй үйлчилнэ. Ном зээлж болдог. 

Цайныхаа цагаар хааяа орж үйлчлүүлж байгаа. Үнэгүй боргол нь ч хаа юм. Хи хи. 

Сайто багш өөр юу гэж бичсэн байсан бэ? гэвэл: 

Хүүхэддээ багаас нь ном сайн уншиж өгөх. Чанга дуугаар ном уншиж өгөх нь их чухал. Хүүхдийн хэл яриа, өгүүлбэрээр ярих зэрэгт асар өндөр үүрэгтэй. 

Энэ хэсгийг уншиж сууснаа шууд, номоо орхиод бага зулзагатаа баахан ном уншиж өгсөн. Хи хи. Номын сангаас зээлсэн хэд хэдэн том ном. 2 ширхэг үлэг гүрвэлийн тухай ном. Бумбардай цувралын эхний хоёр номыг. Бусад нь угаасаа байхгүй л дээ. Цуглуулна гэж байснаа өөртөө л баахан ном цуглуулчихсан. Хэ хэ. 

"Номыг аль болох худалдаж авч унших. Номын сангаас зээлэлгүй, худалдааж аваад өөрийн болгоод, 3 өнгийн бал, наадаг цаас гэх мэтийг ашиглан чухал хэсгээ тэмдэглэх, наах".

"Уншсан номын агуулгыг найз нөхөддөө утгыг нь, үйл явдлыг нь ярьж өгөх. Хэрэв тийм бололцоогүй бол бичиж тэмдэглэх".

Дээрх 2 арга нь уншсан номоо мартагүй байх, тогтоох, цаашлаад цагаа хэмнэх шилдэг арга гэнэ шүү.

За тэгээд ном уншихын ач тусыг их бичжээ. Жишээ нь өөрөөсөө хэцүү орчинд байгаа, өөрөөсөө хэцүү нөхцөлд байгаа, өөрөөсөө хэцүү бэрхшээлтэй, зовлонтой тулгарсан хүмүүсийн тухай уншаад, бага зэрэг тайвшрах, зориг тэвчээр хэрэгтэйг мэдэх гэх мэт. 

Бас нэг гоё нь өөрийн гэсэн номын тавиуртай болох. Түүнийгээ үе үе харж баясах гэжээ. Үүнд би их олзуурхсан. Учир нь надад зөвхөн монгол номнуудаа өрдөг бүхэл бүтэн номын тавуир бий. Хааяа нэг харахад аяа бас таатай шүү дээ. Сэтгэлийн таашаал эдэлдэг. Хо  хо.

Харин нэг жижигхэн буланд нь бурхан, хадаг, судар гэх мэт байдаг. Энэ булангийн эд зүйлсийг л нэммээргүй санагддаг. Гэм нь яаж ийгээд монголоос элдэв зүйлс ирчих гээд байдаг...

Япон ном, толь бичгүүдийн тавиур тусдаа. Зулзагуудын нэг номын тавиурын хэд хэдэн буланг "зээлддэг". Дунд зулзага нэг бүхэл бүтэн номын тавиур эзэгнэдэг. О.зулзага ашигладаг байсан. Эгчийнх нь номнууд бас гэхдээ өрөөстэй байгаа юм байна. Томроод унших байх... 

Би ч уншмаар байдаг, яаж ийгээд өөр ном гарч ирээд байдаг болохоос...

Номын тавиуртаа номоо хэрхэн өрж тавих нь их чухал гэнэ шүү. Мэдээж үүнд хавтас чухал үүрэгтэй. Мөн номнуудаа хооронд нь ямар  нэг байдлаар авцалдуулж, холбож өрж тавих зүгээр байдаг гэнэ. 

Мөн номноос хэн нэгэн шилдэг хүнийг өөрийн mentor болгоход чухал үүрэгтэй. Хүн гээч нь хэн нэгнийг үлгэр дуурайллаа болгон хүмүүждэг, хөгждөг... Үүнд нь номонд гарч буй шилдэг дүр, шилдэг хэн нэгэн их тус болдог.

Үе үе ном уншдаг газраа сольж байх. Гадаа уншсан ном сүүлд санах нь ээ сэтгэлд их тод үлддэг. Голын эрэг дээр зүлгэн дээр ном уншмаар санагдаад байдаг юм, дан тэрлэгтэй, толгойдоо тууз уясан байгаагаар төсөөлөөд...

Аялалаар явахдаа тухайн газрын, тухайн орон нутгаас гаралтай, тэнд төрж өссөн зохиолчийн бүтээлээс унших дуртай гэнэ шүү. Учир нь төрж өссөг газрын онцлог бүтээлд нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байдаг. Түүнийг нь мэдэрч уншихад сэтгэлд тод үлдэх нь их...

За тэгээд номыг, уншихыг амьдралынхаа нэгэн хэсэг болгох хэрэгтэй. Хөгжимтэй хослуулж уншвал бас зүгээр байж болох. Мэдээж намуун зөөлөн, сонгодог гэх мэт.

Нэг л төрлийн биш, нэг л сэдвээр биш, нэг л зохиолчийн биш, олон төрлөөр, олон сэдвээр, олон зохиолчийн ном, бүтээл унших. Ингэх нь нэг үзэл санаанд хэт автахгүй байх, олон талын мэдлэг, мэдээлэлтэй болоход тустай.

Чанга дуугаар унших бас их зүгээр. Гэснээс би хааяа ингэж нүдээрээ гүйлгэж биш, авиа гаргаж уншдаг. Ялангуяа япон хэл дээрх номыг. Тэгвэл заримдаа толгойд илүү үлдээд байгаа юм шиг санагддаг. Тэр ханз, тэр өвөрмөц хэлцүүд гэх мэт нь. 

Мөн өөрийн эрхгүй уйлуулдаг ном сонгсож унших гэсэн байсан. 

Гэснээс би ном уншаад уйлсан минь Д.Норов гуайн "Мөнхийн дуудлага" тууж. "Зүрхэнд шивнэсэн үг" гэдэг кино байдаг даа. Тэр киноны эх нь шүү дээ. 

Өмнө нь киног нь үзсэн байсан ч саяхан "Тэжээвэр" номонд орсон байсан "Мөнхийн дуудлага"-ыг уншаад бас л уйлсан. "Мөн ч их хүлээсэн дээ гэж ээж хэлээрэй гэсэн" гэж бяцхан охин хэлдэг төгсгөлийн хэсэг байдаг даа. Ааяа бас л өөрийн эрхгүй уйлуулдаг тийм ээ? 

Зохиолыг нь заавал уншаарай гэж санал болгох байна...

За тэгээд энэ номын гол санаа, зохиолчийн бидэнд хэлэх гэсэн гол зүйл бол тэвчээр ухаан шаардсан шилдэг гэсэн номуудыг уншиж байж л та "унших чадвар"-тай болно. 

Би ч одооноос жаахан өөр төрлийн ном бас уншихыг хичээнэ ээ. Зулзагуудад зориулсан ном бол уншчихаад байгаа. Хэ хэ. 

Хойшид жаахан философилог зохиол, санхүүгийн чиглэлийн ном, улс төрийн сэдэв гэх мэт. Мөн шинжлэх ухааныг ч гэсэн сонирхон унших...

Гэснээс өнөөдөр надад 7 ном ирнэ. Ямар ямар ном ирсэн тухай зураг үзүүлнэ ээ. Хэ хэ. 

За түр баяртай. Бүгдэд нь уншихад нь, зулзагуудаа уншиж сургахад нь амжилт хүсье. 2023 оныг унших чадвар эзэмших жил болгоцгооё...

2023年1月21日土曜日

Унших чадвар

Япон хэлээр нэг ийм ном уншиж байна. Жижигхэн, нимгэвтэр. Харин агуулга бол хачин том. Шунал хөдөлгөгч маань нүүрномдоо оруулсан байхаар нь номын сангаас зээллээ.

Хажуугийн ном нь "Цаг төрийн үймээн". Уншаад дууссан. Удахгүй номын хэлэлцүүлэг болно. 

Зохиолч нь Сайто Такаши. Боловсрол судлаач. 

Номын гол агуулга нь "унших чадвар"-тай болох тухай. Энэ чадварыг уншиж байж л өөртөө суулгана. Унших нь өөрийгөө бүтээнэ, өөрийгөө хөгжүүлнэ, өөрийгөө тэлнэ, өөрийгөө олно гэсэн үг. 

Мөн ном унших нь тухайн номын зохиолчтой хоёулхнаа ярилцаж буй мэт, тухайн суут зохиолчийн мэдлэг, мэдээлэл, чадварыг ганцаарчлан асууж, өөртөө шингээнэ гэсэн үг юм гэжээ. 

Хамгийн таалагдсан мөрт бол "УНШИХ ЧАДВАР БОЛ УЛС ОРНЫ ЧАДВАР ЮМ" гэсэн байв. 

Багш хүн учир, их сургуулийн оюутнуудыг ажигласан тухайгаа бичсэн байсан. 100 ном уншсан болон уншаагүй оюутнуудын чадвар илт өөр байдаг гэнэ. 

Энэ ч мэдээж тийм ээ? Адаглаад л ханз үсгээ уншиж чадаж байна уу? Лекцээ бүрэн дүүрэн ойлгож чадаж байна уу? гээд л.

"Ном бол дуртай нэг нь л уншдаг биш, хүн бүр зайлшгүй уншдаг байх ёстой зүйл юм". 

Санал нэг байна өө. Боломж л гарвал уншдаг болоосой, уншаарай гэж би ч бас хэлмээр байна өө. Хэ хэ. 

"Дан уран зохиолын ном унших нь хангалтгүй, дан уран зохиолын ном уншсанаараа та "унших чадвартай" гэвэл бас л учир дутагдалтай. Мэдээж уран зохиолын ном нь номонд дурлах, унших дуртай болох, номноос салахаа байх, уншихыг дадлаа болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ" гэжээ. 

Санал нэг байна өө. Би ч багадаа дан уран зохиолын ном л уншлаг байсан. Өөрийгөө хөгжүүлэх ном, шинжлэх ухааны ном ховор байсан. Улаан хавтастай "Нэвтэрхий толь 1,2,3"-ыг л уншдаг байж. 

Одооноос харин бусад төрлийн ном уншдаг болох гээд л байна. Хичээнэ ээ...

За Сайто гуайн хэлснээр бол "ном унших дуртай, ном унших чадвартай байх" гээч нь тус тусдаа ойлголт гэнэ шүү.

Мөн ямар ямар ном уншвал зүгээр тухай, ямар ямар чиглэлийн ном уншвал зүгээр тухай гээд жагсаалт байсан. Хараахан уншиж дуусаагүй тул дуусгаад, тэр жагсаалтыг нь бичиж оруулна аа. 

Өөрөө ч би үе үе санаж, ганц нэгийг нь уншихыг хүснэ, зорино оо.

Оюутан залуус нь ном уншихаа байсан тухайд нэлээд шүүмжлэлтэй ханддаг юм байна. Үүнд бага, дунд, ахлах сургуулийн үүрэг хариуцлага хангалтгүй байна гэжээ. 

Үнэний хувьтай гэж бодож байгаа. Яахав номын сан ихтэй, номын тоо олонтой улс орон хэдий ч багш нарын ачаалал ихэссэн, урдах хөтөлбөрөө цагт нь заах гэж хамаг хүчээ бардаг гэх мэт асуудал гарч ирээд. 

Сүүлийн үед зохион бичлэг бичүүлэхгүй, ядаж амралтын өдрөөр өдрийн тэмдэглэл бичүүлдэг байсан нь ч больчихоод байна. Би энэ тухай хааяа багштай нь уулзахдаа хэлдэг. Даанч тийм даалгавар өгөхгүй л байна...

О.зулзагыг бага ангид байхад их уншуулдаг, их бичүүлдэг байж. Тэгээд л тэр байх, ахлах сургуульдаа япон хэлний хичээлийн дүн сургуульдаа толгой цохьдог, зарим нэг тест нь тувт нэгт жагсдаг байсан. 

Заримдаа их өнөөх минь өөрөө хөөрчихсөн л ярьдаг байсан. "Химийн сонгоны би япон хэлэнд нэгт жагсав, хэлний сонгоныхон хаачив?" гэж мэгээд наддаа томорчихно оо. Гадагшаа бол даруухан загнана. Хэ хэ.

Мөн дунд сургууль, ахлах сургуульд байхдаа мужийн хэмжээний, улсын хэмжээний уншсан  номын тэмдэглэлийн уралдаанд түрүүлж, шагналт байранд шалгардаг байсан. 

Би хувьдаа үүнийг нь уншдаг байсны л ач гавъяа гэж боддог. Ээж бас хамт их уншдаг байсан, охиныхоо уншдаг номноос нь сонирхолтой санагдсан, уншихад амар гэснээс нь түүж. 

Дунд зулзагын санал болгосон номноос хааяа уншдаг л юм. Гэхдээ тоотой цөөхөн, энэ алдаагаа засмаар байна. Хамтдаа уншмаар байна. Бага зулзагатайгаа ноцолдсоор байтал...

Дээр бичсэн 100 ном унших гэж байсан даа. Тэр нь хугацаатай шүү. Түүнээс амьдралынхаа турш 100 ном гэвэл дэндүү цөөхөн тийм үү? Энд лав хүүхдүүд бага ангид байхдаа л нэг жилд 100 ном өлхөн уншчихдаг юм билээ.Сүүлийн үед харин айпад энэ тэр гарч ирээд ном унших нь цөөрсөн, харамсалтай.

Дунд анги, ахлах анги, их сургуульд сурч байх хугацааныхаа 4 жилд 100 ном унших гэж байна шүү. Ингэхдээ мэдээж дан уран зохиол уншихгүй гэсэн тийм ээ? 

Нэлээд оюун ухаан шаардсан, гүн гүнзгий ойлголтыг өгөхөөр номнууд байх нь чухал. Төрөл бүрийн сэдвээр л уншдаг байх хэрэгтэй гэнэ. Ямар ямар сэдвээр уншвал зүгээр? Ямар ямар ном уншвал зүгээр гэсэн жагсаалт зэргийн талаар дараагийн дугаарт бичнэ ээ.

Ооё, дараагийн дугаар гэчихэж ээ. Хи хи. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年1月20日金曜日

Сондгой цагаан сувд

2022 оны 10 сард уншсан. Бичих гэж мартаж санаж, залхуурч явсаар он дамжив. Хань ижил монгол явахдаа авч ирсэн. Шинээр хэвлэгдсэн номын тавиурт өрөөстэй байсан гэсэн. 

Ингээд л би чинь эх орондоо гарсан номнуудыг цаг тухайд уншчихдаг байхгүй юу. Хэ хэ. 

Эргэн тойрныхондоо "Чихэр жимс хэрэггүй шүү, ном ном ном л хэрэгтэй. Зулзагуудад ч элдэв амттан хэрэггүй, ээжид нь ном бэлэгэлчих, оронд нь. Ээж аз жаргалтай байвал гэрийн бусад гишүүд ч аз жаргалтай байна шүү дээ" гэж хэдэн жил үглэж, учирлаж, сурталчтилсны хүчинд энэ шүү дээ. 

Хэлээд байхад л ойлгодоггүй, хүлээж авдаггүй, шинийг эрэлхийлдэггүй хүмүүс бий бий. Албаар чихэр, амттан өгдөг байх гэж бодоод байгаа. Ха ха. Би өөрөө чихэр өгөх дургүй, сүүлийн үед бохь ч өгмөөргүй санагддаг болсон. 

Гэм нь хань ижил "чихэр чихэр чихэр, чи минь хөрсөн дээрээ буу" гээд байдаг. Тэгэхээр яг монголын хөрс бас л болоогүй байна даа гэж бодоод байгаа...

Гэсэн ч би "ад үзэгдээд ч" болов чихэр гээч нэгэн төрлийн хорыг халахыг хичээнэ ээ. Та нар ч бас оролдоорой. 

За оршил нэг иймэрхүү. Номын агуулга гэвэл бас өвөрмөц өө. Шувуу гарна. Сүүлийн үед уншсан монголын хэд хэдэн зохиолчдын номонд шувуу гардаг. Шонхор, улаан хошуут гэх мэт. 

Энэ номонд болжмор шувуу гарна. Хойд нас, үйлийн үр, нүгэл буян, сүнс, удам угсаа, хойд төрөл гээд л гарна. Унших явцад их юм бодно оо. Өөрийн хийсэн нүгэл, буян...

Ингэхэд би буян үйлддэг билүү? Хүнд гэм хоргүй амьдарч чаддаг билүү? Нүглээ тоолж энэ тэр. Хэ хэ. Мэдээж нүгэл нь их байгаа л гэж бодоод байна. 
 
Шашинд хэт муйхарлаад байдаггүй ч ямар ч шашинд хүндэтгэлтэй харьцахыг хичээдэг. Учир нь өдгөө цагт хүмүүс юунаас ч айхаа больж байна, зэрлэгшиж байна, хүн чанараа алдаж байна, хэрцгий болж байна тийм үү?

Энэ зүйлийг нь шашин л бага зэрэг дарж өгдөг шиг санагддаг. Зөв явахад нь, зөв үйлдэл гаргахад нь, зөв амьдрахад нь, энэрэнгүй байхад нь тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгээд байх шиг санагддаг ямар ч шашин.
 
Тийм болохоор энэ ном таалагдсан. Сүнс байдаг гэдэгт ер н бол итгэдэг. Энэ талаар ингэж бичжээ.
"... Гэвч хүмүүс бидний оюун санаа хийгээд сүнсний ухамсар гэдэг зүйл тэргүүлшгүй олон жилийн тэртээ, тоолшгүй олон төрлийн чанадаас өнөөг хүртэл үргэлжилж, мартаж санахын савслагаас уяатай явдаг гэдгийг шашин хийгээд шинжлэх ухаан нэгэнт баталсан билээ"

Уран зохиолоор дамжуулж биднийг сэрээсэй, ухамсарлаасай гэж ойлгуулахыг зорьсон ч юм шиг... Зохиолч "Ухамсар мөнх юм" гэх үзэл санааны тухайд дуугаръя гэж бодож, нэг гэр бүлийн эмэгтэйчүүдийн зуун жилийн амьдрал, жаргал, зовлон, үйлийн үрийг хэлхэж бичсэн. Үйл явдлын хувьд одоо цаг, зуун жилийн өмнөх өнгөрсөн хугацаа, зуурдын ертөнц гэсэн гурван орон зайд зэрэгцэж өрнөнө.

Гэж хэлсэн байсан.

"Хүнд муу зүйл хийхдээ далды ертөнцөд одсон хайртай хүмүүсээ ч бас хөлдөө чирдэг" гэдэг өгүүлбэр төгсгөл хэсэгт гардаг. 

Энэ өгүүлбэр бас л ёнк гээд л явчихсан. Би хүмүүст муу зүйл хийдэггүй л дээ, санаатайгаар бол. Санамсаргүй хийчихдэг, хэлчихдэг байж болно оо доо. Одооноос нэлээд хянуур байх ёстой юм байна дөө гэж тухайн үедээ бодсон.

Гэснээс зохиолын баатар бүсгүйчүүдийн нэрсийг дунд зулзагатаа өгөх гэж хэсэг судалж билээ. Сондор, Сувд. Япон аялгаар хэлэхээр жаахан сонин санагдаад больж байсан. Хэ хэ. 

Мөн бага зулзагын нэр дунд хэсгээс эхэлж гардаг. Нэрийг нь унших бүртээ бага зулзагын өхөөрдөм дүр төрх төсөөлөгдөнө.

Дээрх сэдвээр уншмаар санагдвал, сонирхдог бол авч уншина биз дээ? 

За түр баяртай. Өөр ямар уншсан билээ? Уншиж байгаа билээ? Зураг хөрөг оруулна аа. 

Бүгдэд нь амжилт хүсье.

2023年1月19日木曜日

Тэнгэрийн цаг болоогүй

Энэ нэг жижигхэн хөөрхөн номыг уншсан. Мэдээж 2022 онд. Хаа байсан 2006 онд бичсэн номыг би одоо л уншиж байдаг. 

Агуулга нь их хөөрхөн. Нэг тийм, гэнэн цайлган, нам жим хөдөөний амьдрал гарна. 

Хөдөө нутаг анх очиход нээрээ л нам жим байдаг тийм ээ? Ажлаар хэд хэдэн жижиг сум орж байхад, цаанаа л нэг налгар, нам жим, уйтай ч юм шиг санагдаж билээ. 

Нас ч залуу байж, сумын төвийн хүмүүс юу хийдэг бол? гэж бодож билээ. Хэ хэ. 

Дашийн Оюунчимэг зохиолчийн ном. Тэнгэрийн охин Од эх газрын Борзооныг сонгоно. 

Энэ явдал нам жим сумынхныг гайхшруулж орхино. Гэнэт гараад ирсэн Од бүсгүй анхнаасаа л хүмүүсийн ярианы гол сэдэв болно. 

Үзэсгэлэн төгөлдөр, гоо бүсгүй Одыг харах гэж нутгийн иргэд элдэв шалтаг тоочин ажил дээр нь очно. Бүр хол алсхан газрынхан хүртэл түүнийг харахаар сумын төв орцгоодог нь цаанаа л нэг хөөрхөн. Зэлүүд газар хүний мөрөөсөл болсон хүмүүс, сонин сайхнаар цангасан хүмүүс...

Таанц үдэшлэг зохион гэрийн бараа харах нь ховордоно. Хэ хэ. 

Хот газраас л ирсэн гэж үзэх гоо бүсгүйгээ нутагтаа авч үлдэхийг хичээнэ, хүргэн олж өгөхөөр шамдана. Гэтэл өнөөх нь Борзоон гэгч хоньчин залууг сонгоно. 

Нэг сонин зүйл нь гэвэл "Одон харз" хэмээх хэсэг. Энэ нь японы "Танабата" гэдэг домогтой төстэй санагдав. Тэнгэрийн охин, эх газрын хөвүүн хоёрын ариухан, цагаахан, гэгээхэн хайр дурлал...

Нэг гоё нь хөдөөний залуусын хаяагаар орж ирдэг, тооноор орж ирчихээд гоо бүсгүйг оролддог хэсэг байхгүй. Хэ хэ. Дээхний зохиол бүрт тийм хэсэг гарахаар заримдаа зэвүү хүрээд, бүсгүйчүүдээ өрөвдөөд байдаг юм. 

Жижигхэн хөөрхөн номыг та нар өөрсдөө олж уншина биз дээ? Сониноос "Шинэ монгол" ахлах сургуулийн 7 дугаар ангийнхан уран зохиол билүү, монгол хэлний хичээл дээр унших даалгавартай гэж байсан. 

Мөн би бусад зохиолоос "Оройн ганц мод"-ыг уншсан. "Норгой"- нь энд японд ирчихсэн яваа. Удахгүй эзэндээ ирнэ. Хэ хэ. "Тунгалаг хөх асар"-г нь номын сандаа өрөөд тавьчихсан. Уншина даа, нэг нартай сайхан өдөр. 

Өө тийм ганц нэг тодруулсан үгсээ оруулах уу? 

Тармаг-сийрэг, тархай, армаг тармаг. 
Майм-яг энэ үгийг хайгаад олоогүй. Зохиолд "майм муутай" гэж гардаг.
Хотил-2 настай тарвага, бозлог. 
Хахиад-хахир, яхир гэсэн утгай гэж ойлгосон. Яг ийм үг олоогүй. "Хахиад өвгөн" гэж гардаг. 
Алтан ганжирт од-гэж ямар од вэ? 
Зэрэмгэр-зэрмэгэр гэж бичдэг шиг байна лээ. Айлгүй, нүд ам нь гялалзсан цовоо байдал. 2-т мал адгуусны үргэмтгий, чих нь сэртэлзэн давдганаж байх байдал.
Янтганадаг-ямбалах, ярвалзах, тунирхах.
Шантайлдаж-яг энэ үг олдоогүй. Шантайх гэдэгтэй төстэй байж магад.
Хагдуун-?
Гүнда цэцэг-гүнд, гүмдаа, цагаан лянхуа. Номонд буруу бичигдсэн шиг байна лээ.
Сэрмүүн-шинэ, сэргэг, цэнгэг гэх мэт.
Газрын гоод-?
Ондууцаж-ундууцаж юм болов уу?
Түгчүүлж-энд 3 дахь буюу шилжсэн утгаараа орсон байсан. Тэр нь хүн аммьтныг хэцүү бартаатай замаар явуулан байн байн бүдчүүлэх. 
Цармын ус-уулын хяр, хөндий, хоолой, хөвч мэтийн өндөр газарт жавар, сэрүүн хялбар тусах газрын ус. 
Онхи-ондоо, хоосон, огт мэдэхгүй, ер гэх мэт. 
Сөлгүй-өвс ногоо гандаж шарласан, тамир тэнхээ тасарсан.
Өрөвлөгтэй-?

Нэг иймэрхүү үгнүүд байна. Матрчихалгүй дараа тааралдахад нь санаж байх юм шүү. Ингэхэд эх хэлээ их муу мэдэх юм дөө би ч...

Өөртөө амжилт хүсээд түр баяртай. Та бүхэндээ ч амжилт хүсье.

2023年1月18日水曜日

Ад үзэгдэх зориг3

Зураггүй шүү. Хэ хэ. Ном унших болгондоо гоё гоё амттан идээд л, хоол идээд л байдаггүй л дээ. Заримдаа 00 орохдоо авч орно, заримдаа банкинд дарааллаа хүлээнгээ уншина, заримдаа машиндаа хүн хүлээнгээ уншина, заримдаа кассанд дарааллаа хүлээнгээ уншина гэх мэт. 

Жижиг ном бол гадуур дотуур авч яваад уншихад амар байдаг. Том ном боломж тааруу, ном уншдаггүй хүнд бол нэг их зузаан ном тэвэрчихээд дүр эсгээд байгаа юм шиг санагдах байх гэж "айдаг" байснаа больсон. Хо хо. 

Тэр хүн юу гэж бодох нь тэр хүний л асуудал. Би эмзэглээд байх шаардлагагүй. Сүүлийн үед айлгүй номоо гаргаж ирээд 5 мөр ч байсан хамаагүй уншдаг болсон. 

Ингэж уншихдаа наадаг цаас ашигладаг. Зогссон мөрнийхөө дээхэн хэсэгт нь аваачаад наачихдаг. Дараа нь шууд тэр мөрнөөсөө эхлэнэ. Хаана зогслоо гэж хайхгүй амар...

За энэ удаагийн "Аз үзэгдэх зориг"-н 2 дахь шөнийн ярианаас бичнэ ээ. 

"Бүхий л зовлонгийн үндэс нь хүн хоорондын харилцаа" гэжээ. 

Туйлын үнэн тийм ээ. Ах дүү амраг садан, найз нөхөд, үр зулзага гээд л бидний харилцаа асар адармаатай. Өөрийн юм гээд нэг юм хэлчихдэг цаадах нь гомдчихдог, гомдоохгүй гээд дуугай явахаар их зантай, тоосонгүй, хөндий хүйтэн болчихдог. Яг яалтай? 

Мөн би энд суугуул хотод шинээр ирж сурах гэж байгаа, ажиллах гэж байгаа хүмүүсийг тоохгүй байхаар шийдсэн. Нэг хэсэг ч нэг их тусч хүн болоод унаа тэргээрээ үйлчлээд, япон хэлээ гаргаад гүйдэг байсан. Ха ха. 

Сүүлдээ тэгж тусалж гүйсэн нь хамгийн адгийн амьтан нь болж дуусдаг шиг байна лээ. Бүр би өөр дээрээ баталсан туршлага шүү. Одоо анх уулзаж учирч байсныгаа мартаад танихаа байсан улс бий бий. 

"Хүлээн зөвшөөрнө гэдэг өөрөө эрхэм суртал".

Зээ бусдыг хүлээн зөвшөөрөх, өөрийгөө хүлээн зөвшөөрөх чухал гэж сүүлийн үед их сонсож, уншиж байна өө. Бага багаар хэрэгжүүлж л байна. Зулзагуудаа, хань ижлээ хүлээн зөвшөөрч, ихийг шаардахгүй байхыг зорьж байгаа. Заримдаа ч ноён нуруу хугарчих гээд, үглэчихсэн л сууж байдаг. Хи хи. 

"Дутуугийн мэдрэмж өөрөө хэрхэвч муу зүйл биш". 

"Биеэ магтах нь дутуугийн мэдрэмж тээж буйн шинж".  

"Дутагдсан хэсгээ хэрхэн яаж нөхөх вэ? Хамгийн эрүүл арга хэмжээ бол хүчин чармайлт гаргаж, өсөж дэвжих замаар нөхөхийг хичээх. Эрдэм номд шамдах ч юм уу, бэлтгэлээ сайн базаах ч юм уу, ажилдаа сэтгэлээсээ хандах гэх мэт". 

Гэх мэтээр бичсэн байна лээ. Энэ хэсэгт бас "Давуу чанарын эрэлхийлэл" гэдэг нэр томъёо гарж ирдэг. 

Сонирхож байвал өөрсдөө уншина биз дээ? 

"Эрүүл дутуугийн мэдрэмж гэдэг бол бусадтай харьцуулсан харьцуулалтаас үүсэх бус, зорьж буй "төсөөллийн төгс өөртэй"-гөө харьцуулсан харьцуулалтаас үүсдэг". 

"Одоогийн өөрөөсөө ахин хөгжихөд л гол үнэ цэнэ оршиж байдаг". 

Зээ хө, энэ харьцуулалт гэхдээ их байх гээд байдаг тийм ээ. Жишээ нь энэ хэл усны асуудал дээр бол байнга шахуу шүү дээ. Ажлаар энд тэнд явж байхад, сэнпай нар, коохай нарын дунд гээд л чадалтай хүмүүс зөндөө. 

Тэгэхээр өөрийн эрхгүй л өөрийгөө харьцуулчихсан сууж байдаг дөө. Ойрд коронагаас болоод ажлаар орж гарахгүй болохоор энэ харьцуулалт харьцангуй бага байна. Хэ хэ. 

Та нарт ийм тохиолдол байдаг л биз дээ? Үгүй бол маш сурхий байна шүү...

"Хүмүүсийг өөрийн найз гэж мэдэрч чадвал ертөнцийг харах өнцөг тэс өөр болно". 

"Бурууг хүлээн зөвшөөрөх нь ялагдал биш". 

"Уур гэдэг эмоцыг ашиглалгүйгээр асуудлыг шийдэх аргад суралц". 

Энэ хоёр дахь шөнийн ярианд нь "Амьдралын даалгавар" гээч зүйл гарч ирдэг. Уншихаар бас их хөөрхөн. Та нар өөрсдөө уншина биз дээ? 

"Адлерын сэтгэл судлал гэдэг бол бусдыг өөрчлөхийн төлөөх сэтгэл судлал бус, өөрөө өөрчлөгдөхийн төлөөх сэтгэл судлал юм". 

Энэ их зөв хэлсэн байгаа биз? Бид бусдыг л өөрчлөх гээд байдаг тийм ээ. Зулзагуудаа, хань ижлээ, хадмуудаа гэх мэт. Хэ хэ. 

Би ч нэг хэсэг хань ижилдээ их үглэдэг байсан. Эндээ бичдэггүй л болохоос. Ха ха. Яг юу гэж үглэдэг нь нууц хэвээрээ үлдэг дээ. Хо хо. 

Сүүлийн үед, сүүлийн хэдэн жил бол үглэхээ бараг больсон. Тэр энергээ ном уншихдаа зардаг болсон. Чимээгүй номоо бариад өөр өрөөнд 5 минут суухад л хангалттай. 

Номондоо ороод, үглэх гэж байсан сэвдээ мартчихдаг. Ккк. Харин зулзагууддаа бол үе үе гарцаагүй үглэж таардаг. Энэ яваандаа багасах байх аа. Томроод ирэхээрээ угаасаа гайгүй болох гэж бодном. О. зулзага шиг. Эсрэгээрээ ч байж магад. 

Нэг иймэрхүү, үргэлжлэлийг бичих эсэхээ сайн шийдээгүй байна аа. Зав гарвал, бишээ сэтгэл төрвөл бичнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2023年1月17日火曜日

Цаг төрийн үймээн

Багадаа уншиж байсан. Агуулгыг нь бол мартсан байсан. Гадуур ч "Тунгалаг тамир", "Харуул Алтай" гэх мэт зохилууд шиг яригдаад байдаггүй болохоор тэр байх, бүр ор тас санахгүй байсан. 

Шинэ ном уншиж буй мэт л байна. Аргагүй ч биз дээ? Жаахан 10 хэдтэй байхдаа л уншиж байсан юм чинь. 

Зээ тэгээд 20 зууны шилдэг романыг чинь амттан идэнгээ тамшаалан уншихгүй бол болохгүй биз дээ? Хэ хэ. 

Зузаан мөртлөө, хэмжээ жижиг болохоор их хөөрхөн. Хуудсын тоо их хурдан эргүүлэгдэнэ. Хо хо. 

Гэхдээ энэ хэмжээнээсээ биш, агуулгаасаа шалтгаалаад хурдан уншигдаж байгаа нь ойлгомжтой. Үг хэллэг бол мэдээж яруу тансаг. Мэдэхгүй монгол үг ч зөндөө гарна. Ичмээр...

Ийм үгнүүдээ шар тодруулагчаар тэмдэглээд явсан. Дуусгаад тодруулсан үгнүүдээ толь бичгээс сөхөж харна. Тэр үгнүүдээ эндээ бичнэ ээ. Бичиж тэмдэглэх маш сайн гээд байгаа шүү дээ. 

Угтаа дэвтэрт бичиж үлдээх сайн гэсэн. Гэхдээ яахав, цахим хуудсандаа л бичихээс, одоогоор. 

Энэ хуучны романыг захиж унших болсон шалтгаан нь номын клубын энэ сарын уулзалтаар ярилцах юм. Азхур дэлгүүрийн хямдралаар ч ашгүй 10 билүү хувиар хямдарсан байсан. 

Бас бус дээхний роман худалдаж авсан, уншмаар л байдаг. Хи хи. Номын тоо олдоод, би өөрөө ганцаардаад байна. 

Энэ арын хуудасны хуучин монгол бичгээр бичсэнийг уншиж чадсан юм чинь. Хо хо. Хайр хүрээд авахгүй байгаа. Гэм нь хааяа цүнхэнд элдэв юманд татагдаад урагдчих гээд, би тусад нь жижиг даавуун уутанд хийж авч явдаг болсон. 

Угаасаа номнуудаа хийж авч явдаг даавуун ууттай л даа. Хааяа нэхмэлийн утас зүүгээ давхар хийчихээд л байдаг болохоос...

Өө тийм, хавтас нь бас их таалагдсан. Гөлгөр гялгар биш, барзгар. Үсэрхэг гэх юм уу? Биш ээ, даавуун материалтай. Уншаад байгаа хэрнээ л үгийн баялаг улам муудаад байх юм. 

Хань ижил заримдаа толгой сэгсэрч харагддаг. Уншаад л байдаг хэрнээ, зөв үг олж хэрэлдээчээ гээд. Ха ха. Худлаа худлаа хэрэлдээчээ гэдэггүй юм аа. Хэрэглээчээ гэдэг шүү. 

За за яг номынхоо агуулгыг, сэтгэгдлээ бичихгүй элдэв долоон юм бичээд. Ккк. 

Үйл явдлын цаг хугацаа нь 1915-1920 оны хооронд. Тэмээн жин, хятад пүүс, данжаад, тэдэн үеийн өр шир, Манжийн дарлал, гамин, Барон Унгерн, цагаан оросн, улаан орос, манлай баатар, Сүхбаатар, 8 дугаар Богд, тухайн үеийн цагаан сар, ард түмний сүсэг бишрэл гэх мэт зүйлс гарна. 

Гэнэн цагаан хайр сэтгэл ч гарна. Үнэхээрийн гэнээн. 

Уншиж дуусаад дахин нэг бичвэр оруулна аа.  

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

Жич: Энэ бялууг найз минь хаа байгаа Токио хотоос шуудангаар илгээсэн. Маш их баярлалаа. Амттай байсан шүү. 

2023年1月16日月曜日

Ад үзэгдэх зориг2

Зээ энэ удаагийнхаа бичлэгээр аятайхан санагдсан, санаж явахад илүүдэхгүй гэсэн ишлэл, санаануудыг оруулна аа. 

Ингэхэдээ мэдээж өөрийнхөө үзэл санааг бас хальт тусгаад бичнэ ээ. 

Зээ би анх удаагаа энэ сэтгэл судлаач хүний нэрийг уншиж байна өө. Өмнө нь энд тэнд таарсан байж магад л даа. Мартаж...

"Адлерын сэтгэл судлал бол хүнд хэцүү шинжлэх ухаан биш, хүнийг ойлгох үнэн, мөн түүнд хүрэх цэг".

Нээрээ л хүмүүсийг ойлгох хэцүү тийм ээ? Би ч өөрөө хүмүүст ойлгогдохдоо маруухан хүний нэг. Хэ хэ. Эхэндээ ч хүнд өөрийгөө ойлгуулах гэж хичээдэг байж, одоо бол тоохоо больсон. Хүн болгонд тоогдох, ойлгогдох гэж хичээх нь өөрөө асар их энерги зардаг юм билээ. 

"Адлерын сэтгэл судлалд өнгөрсөн цагийн "шалтгаанаас" бус, одоогийн "зорилгоос" хайдаг". 

Энэ бол өнгөрснийг өнгөрсөнд л орхиж сурах гэсэн ойлголт шиг байна лээ. 

"Хүмүүс бид детерминист онолыг дагасаар л байх юм бол нэг алхам ч урагшилж чадахгүй". (детерминизм-шалтгаант чанар)

"Адлерын сэтгэл судлалд сэтгэлзүйн шархыг (trauma) тов тодорхой үгүйсгэдэг". 

Үүнийг хүлээн зөвшөөрөхөд жаахан хэцүү. Тийм үү? Багадаа авсан сэтгэлийн шарх гэж их ярьдаг даа. Айхтар гүн гүнзгий сэтгэлзүйн шарх биш байлаа ч тодорхой хэмжээгээр таагүй байдлыг мэдэрсэн, тэр мэдрэмжийг дахин амсахгүйн тулд өөрийн эрхгүй эсрэг хариу үйлдэл хийх тохиолдол байдаг даа. 

"Амьдрал гэдэг бол хэн нэгнээс эсвэл гаднаас оноогддог зүйл биш, хүн өөрөө сонгодог зүйл. Хэрхэн амьдрах вэ гэдгээ хүн өөрөө сонгодог". 

Зээ энэ хүлээн зөвшөөрч болмоор. Жишээ нь эх орондоо харилгүй энд үлдэж амьдрах болсон минь миний сонголт. Эндээ бас хөдөө нутагт татагдаад, дасаад амьдрах болсон минь миний сонголт. Бүтэн цагаар ажиллахгүй, цагийн ажил хийгээд байгаа минь миний сонголт...

"Бид нар бүгдээр ямар нэгэн зорилгод хөтлөгдөн амьдарч явдаг. Үүнийг телеологи гэдэг". 

Энэ ч чухам мэдээжийн зүйл. Энэ номд олон олон шинэ үг гардаг. Жишээ нь энэ телеологи. Нихилист-үгүйсгэх үзэлтэн. Песимизм-гутранги үзэлтэн. Гэх мэт. 

Яахав сэтгэл судлалын чиглэлээр нэг их уншаад байдаггүй, уншсан ч гадаад хэлээр уншдаггүй болохоор эдгээр үгийг би мэдэхгүй байгаа байх. Түүнээс англиар иймэрхүү сэдвээр уншдаг хүмүүст бол мэдэхийн дээдээр мэддэг үгс нь байх тийм үү. 

Гол нь мартахгүй байх, мартаж санах нь их болж байна өө...

"Уур бол зохиомол. Уур гэдэг бол хурааж, гаргаж болдог багаж юм". 

Энэ хэсэгт авсан жишээ их хөөрхөн. Өөрсдөө уншаарай. Надад ч тохиолддог. Зулзагууддаа уурлаад загнаж байтал утас дуугарна. Хамгийн наалинхай хоолойгоороо ярьж дуусангуутаа буцаад ууртай хоолойгоор загнах үйлдлээ үргэлжлүүлнэ. Хи хи. 

"Бид эмоцид захирагдан хөдөлдөг амьтад биш". 

Энэ ч мөн ууртай холбоотой. Түүнээс баярласан догдолсон эмоцио бол гаргаж байх зөв байх тийм үү? Харин уур бухимдлыг захираад, дараад, зохицуулаад сурчихвал хэрэгтэй тийм ээ? 

Японд уураа бариад, "сайн том хүн шиг байх" гэдэг хэлц байдаг. Нэг ёсондоо том хүн шиг том хүн гэдэг ойлголт юм. Хүүхэд шиг уураа юмны түрүүнд барилгүй, уужуухан хандах гэсэн үг. 

"Өөрчлөгдөхийн эхний алхам бол мэдэх байдаг". 

Зээ, энэ чухам үнэн үг тийм ээ. Мэдэхгүйгээсээ болоод зөндөө л зүйлийг алдсан байдаг. Мэдсэн ч заримдаа түүнийгээ өөрчилж чаддаггүй ч гол нь мэдээд авсан байхад бага багаар өөрчөхийг оролдох байх даа...

"Хариулт гэдэг чинь хэн нэгнээр заалгаад л авчихдаг эд биш, өөрийн толгойгоороо эрж олох ёстой зүйл. Бусдаас авсан хариулт бол ердөө л эмчилгээний жор төдий, ямар ч үнэ цэнэгүй байдаг юм".

"Хамгийн чухал нь танд юу оногдсонд бус, харин оногдсон юмаа хэрхэн ашиглахад оршино". 

Ёх энэ бас л ёнк гэсэн үг. Бага залуу байхдаа их л олон зүйлийг бурхан надад өгөөгүй байна гэж гомдоллодог, ээж аавдаа гомдоллодог байж билээ. Одоо ч үе үе, ийм байсан бол, тийм байсан бол гэж бодох үе гарна гарна. 

Үүнийгээ л таягдан хаямаар байдаг. Нэгэнт заяагаагүй зүйлтэйгээ эвлэрээд, харин одоо байгаа, өгөгдсөн зүйлээ л тултал ашиглах тийм ээ? Ойлгоод байгаа ч хэрэгжүүлэх, үйлдэл болгоход бас утга учир оршино оо гэж...

"Адлерын сэтгэл судлалд зан төлөв хийгээд төрөлх шинжийг "лайфстайл буюу амьдрах хэв маяг" гэх үгээр тайлбарладаг". 

Зээ энэ амьдрах хэв маяг гэдэг үг бас их айхтар үг ээ. Одоо хэр нь амьдралынхаа хэв маягийг зөв болгочих гээд чадахгүй л яваа шүү би. Бага насны, залуу наснаас ирсэн залхуу зан дийлчихээд байна л даа. Хэ хэ. 

"Адлерын сэтгэл судлал бол хүсэл зоригийн сэтгэл судлал юм". "Аз жаргалд хүрэх зориг дутагдаад байна". 

Гэснээс "Жаргалтай болох зориг" ном ирсэн шүү дээ, энд. Японоороо ч байна. Одоо уншиж буй номоо дуусгаад эхлэхээр төлөвлөж байна. Ирэх сард уншиж ярилцах нэг номныхаа хажуугаар хамт уншаад явчих санаатай... 

"Таны амьдралыг шийдэх нь "ЭНД, ОДОО"амьдарч буй та өөрөө". 

Чухам үнэнийг хэлчихсэн байна уу? Би л өөрчилнө, би л шийднэ шүү дээ. Өөр хэн ч биш. 

За ингээд "эхний шөнө-ийн яриа хэсгээс түүж оруулахад ийм байна. 

Үргэлжлүүлнэ ээ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье...

2023年1月15日日曜日

Бага багаар нааш нь

2022 онд би чинь номын олз арвинтай байсан шүү дээ. Энэ жил ч бас хямдралаар таарвал зөндөө зөндөө ном худалдаж авахыг хичээнэ ээ. 

Номнуудаа наашаа авахад гүн туслалцаа үзүүлсэн бүх сайхан хүмүүстээ баярлалаа. Үргэлж талархнам...

12 сард ирсэн номнууд. Шинэхэн танилууддаа ширэн нүүрлээд л захьсан. Хаа очиж сайхан уриалгахан бүсгүйчүүд таарсан. 

Хэд хоног гар нийлж хамт ажилласан. Би 20-д жилийн өмнө анхны ажлын гараагаа эхэлж байсан сэдэв. Тэртээх олон жилийн өмнөх дурсамж сэдрээд сайхан байсан. 

Хамгийн сайхан нь номнуудаа авсандаа их баяртайгаар хуучин оноо үдсэн. Хэ хэ. Одоо тэр хамгийн дээр нь байгаа хүрэн зузаавтар номыг уншаад дуусах дөхөж байгаа. 

Багадаа уншиж байсан ч мартсан байна лээ. Дэлгэрэнгүй бичнэ ээ. Мөн энэ номыг энэ сард бидний хэдэн номны хорхойтнууд ярилцана. 

За энэ жилийн "Азхур"-ын хямдралаар надад үйлчилж өгөх найз нөхөд байвал хэлээрэй, хэ хэ. Би нь номныхоо мөнгийг тэр болтол цуглуулаад, хуримтлуулаад сууж байна шөө. 

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай. 

2023年1月14日土曜日

Ад үзэгдэх зориг





Зээ энэ "алдарт" номыг өнгөрдөг жил эх хэлээр нь уншиж эхлээд, дуусгалгүй орхисон. 

Монголоос орчуулга нь ирэнгүүт барьж аваад, уншсан. Уламжлал ёсоороо наадаг цаасаа наагаад л, шар тодруулагчаар тодруулаад л сүрийг бадруулж уншсан. 

Хэд хэдэн зүйлийг сүрхий ойлгосон. Хэрхэн ойлгож, тунгааж, өөртөө хэрэгжүүлэхийг амьдралдаа, өдөр тутамдаа үйлдэж буй үйлдэл минь харуулах байх даа. 

Одоогоор нэг их дэвшил алга. Гэхдээ нэг хөөрхөн ажил эхлүүлсэн. Жил гаран болж байна. Ямар ажил вэ гэдэг нь их гэгээлэг ээ. Хэ хэ. Хэлэх, бичих дур хүсэл төрвөл бичнэ ээ. Тэр болтол та нар минь хүлээгээрэй. 

Зээ тэгээд энэ ном өөрөө бүхэл бүтэн философийн ухаан шүү дээ. 10 жилийн нийгмийн хичээлээр л нэр усыг нь сонсоод, үзэл бодлыг нь хальт цээжилдэг байсан дэлхийн философичдийн нэр ус хаа нэгтээ гарна. Одоо гэхдээ тэр онол, үзэл санаанаас нь нэг нь ч толгойд үлдээгүй байдаг юм байна өө. 

Амьдралд нухлагдаад тэр үү? Эсвэл угаасаа уншаад л дуусдаг, тухайн үедээ л номоороо амьсгалаад, дараагийнхаа номыг эхлүүлчихээр өмнөх уншсан номоо мартчихдаг миний муу зангийх уу? Бүү мэд. 

Бичнэ дээ гэж явсаар жил дамначихлаа. Тэгсэн харин элссэн  номын клубынхан маань энэ номыг уншиж ярилцах санал гаргаад, би ч уншчихсан юм чинь гэж маадгар байснаа бас тэсэлгүй номын сангаасаа гаргаж ирсэн. 

2 дахь удаагаа уншихад бас л хөөрхөн хөөрхөн санаа оноо авсан. Хамгийн гол нь хүмүүс чинь уншсан номоо маш сайн өөрийн болгодог, ярилцдаг, ойлгодог, ухаж төнхдөг юм байна гэж мэдэж авсан. 

Угаасаа номын тэмдэглэл бичдэг сүрхий сүрхий бүсгүйчүүд байдаг даа, та нар ч  андахгүй байх тийм үү? Би ч тэд нарын бичсэнийг алгасалгүй уншдаг тул өөрөө бичихээс ичээд, санаа зовоод, залхуураад, хувь болон хувьсгалын ажилдаа түүртээд гээд олон л шалтаг тоочдог хүн болчихожээ. 

Ямар сайндаа ойрд блогоо бичих хүсэл ч дундарчихаад байна...

Гол ойлгосон зүйлээ бичихэд байна шүү дээ, "Хорвоо ертөнц чинь асар энгийн, тэр энгийн зүйлийг бид өөрсдөө адармаатай болгоод байдагт, тэр адармаат юмсыг нь бид өөрсдөө очоод сонгочихоод байдаг юм байна. Өөрсдийн минь сонголтоос үүдээд бид аз жаргалтай амьдарч чадах юм байна" гэдэг өнцөг.

Бодоод байсан үнэн л байна. Миний өдөр тутмын сонголт л өдөр тутмын минь амьдралыг сонирхолтой, энгийн, хэвийн, аз жаргалтай, гунигтай гэх мэт хэв маягт оруулаад байна. 

Ямар нэгэн алдаандаа өөрийгөө биш, өрөөлийг буруутгах, өрөөл л миний аз жаргал, амжилтанд нөлөөлөөд байна гэж бодоод байна, Ихээхэн танил байгаа биз? Би ч энэ номонд гардаг залуу шиг л сэтгээд, бодоод бухимдаад байх үе зөндөө, зөндөө ч гэж дээ байнга шахуу...

Зээ тэгээд гоё гоё ишлэл зөндөөг тодруулсан, дараагийн бичлэгт ганц нэгээс нь бичнэ ээ. Үе үе номоо гаргаж ирж харж байх, мөн Алфред Адлерийн тухай, бусад бичсэн номнуудаас нь унших гээд л олон олон санаа төрсөн. 

Гол нь гүйцэтгэх чухал... 2023 онд өмнөх жил авчирсан бүх номоо уншиж дуусгана даа. Ад үзэгдсэн ч хамаагүй. Хэ хэ.

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年1月10日火曜日

Шинэ оны мэнд ээ

Шинэ оны мэнд ээ, эрхэм уншигчид минь ээ. Хуучин оноо амжилтаар дүүрэн үдэж, шинэ оноо эрч хүчтэй угтсан биз дээ? 

Одоо тэгээд цагаан ногоон сар ч боллоо доо тийм ээ? Би та нарын өмнөөс ядраад байна аа. Хэ хэ. Бас та нарын өмнөөс санхүүдээ санаа зовоод байна өө. Хи хи. Баяраас баярын хооронд бла бла...

Блогоо мартах шахаж шүү. Юу билээ? Өдөр бүр бичээд сүрийг бадруулдаг хүн чинь. Хэ хэ. 

Шинэ он гарчихсан байдаг. Шинэ содон зүйл ихтэй ихтэй. Гэхдээ эндээ бичих эсэхээ мэдэхгүй байна өө. 

Баахан аяга угаагч нэхэж хүмүүст бэлэглэсэн. Зарим нэг шинэ танилуудад таалагдсан эсэхийг бүү мэд. Хуучин танилууд бол мэдээж дуртай авсан. 

Хэд хэдэн шинэ танилтай болсон. Ажлын шугамаар. Бүгдэд нь монголоос ирэхэд нь төвөг удаж баахан ном дайсан, нааш нь. Уриалгахан гэгч нь хүлээж аваад, ихэнх номоо эндээ аваад ирлээ. 

Одоо 7 ном ирэх ёстой. Маргааш өгч авалцана, монголд хүмүүс. Хэ хэ. Хүнд асар их төвөг удаж байгаагаа мэдээд байгаа хэрнээ, тэг тэг гэхээр нь бас давраад...

Авсан номнуудаасаа уншаад эхэлчихсэн. Яг одоо зууны шилдэг роман уншиж байгаа. Гэснээс уншсан номныхоо зургийг оруулах юм байна шүү. Гэрт байгааг нь мэдэхгүй, нэг ном давхар ирсэн. Хүнд бэлэглэсэн. 

Энэ жилийн гол зорилго тавилга болгосон олон номоо унших, ганц нэг шинэ ном авчруулах, хамгийн гол нь бултаараа эрүүл саруул байх. 

Зулзагууддаа цаг гаргах, бага зэрэг хөдөлгөөнтэй байх...

Морин хуурын чуулгын концерт үзсэн. Сэтгэл санаа хөдөлсөн, харьж ирмээр санагдсан. 

Насанд хүрэгчдийн баяр болсон. Бид бас нэгэн туршлага хуримтлуулсан. Дунд зулзага дээр тэр туршлагаа хэрэгжүүлнэ. Хэ хэ. 

Нүүр ном, инстаграмд идэвхитэй зураг хөрөг оруулж байна. Жагсаалыг эхэндээ сонирхов, сүүлдээ ч юу болоод явчихав даа? Хэнд итгэхээ мэдэхээ байв. Улс төр гэж заваан юм байна тийм ээ? 

Энэ өвөл цас бага оров. Одоогоор хав хар байна. Шинэ жилээр цасгүй байлаа. Санта өвөө ирсэн нээрээ. Дунд зулзагад мөнгө. Бага зулзагад баахан л үлэг гүрвэлтэй юмс ирсэн. Хо хо. 

Өөр юу билээ? Дур хүрвэл баахан идсэн уусан амттаныхаа зургийг мөн номныхоо зургийг оруулна аа ойрноос. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.