2023年11月21日火曜日

6 ном ба 10-с дээш зүтгэл

Суугуул нутагт минь монголоос хүн ирнэ гэж найз хэлээд. Би ч ширлэн нүүрлэж номоо дайгаад. 

Эхлээд бэлэн байсан нэг номоо аваачаад өгчихөөр нь бас нэгэн танил минь би хэлээд өгье, номоо нэм нэм гэхээр нь уухайн тас за  гээд нэмээд 5 ном аваачаад өгүүлчихсэн. 

Түүнийгээ гартаа оруулчихсан, үнэн кайфтай сууж байна л даа. 

Хотод цас орчихсон, халтиргаа гулгаа ихтэй, түгжрээ бүр ч гаарч байна гэж уншаад байсан тул гэрийн нь ойролцоо номын дэлгүүртэй, худалдааны төвтэй хүн хайв. 

Тэгсэн ашгүй нэг хамаатных байж таараад. Сансрын түнээлийн интерном дахь салбараас номоо авахууллаа. 

Шууд очоод авчихгүй ээ бас. Тэрүүхэндээ хөөрхөн адал явдалтай. 

Өглөө нь дэлгүүр онгойход нь гүйж очоод номоо авчихаад залгана гэсэн сурагч охин залгадаггүй ээ. Тэгсэн яасан байх нь уу? Гар бөмбөг хөөгөөд явчихсан. Хэ хэ. 

Өөрөө ч хэлээгүй, ээж нь санаа зовоод бичиж байсан. Би ч хүн гуйж байгаа хүн зүгээрээ гэж хэлсэн мөртлөө номондоо санаа зовоод л. Хи хи. 

Санаа зовсны дагуу зарим нэг номнууд нь байгаагүй. Дахин явуулж өөр ном авахуулсан. 

Залгахыг нь хүлээх зуураа цахим хуудсаар нь мэссэж бичээд асууж байгаа юм. Тэр салбарт чинь тийм ийм ном бий юу гээд л. 

Яг ийм тулсан, сандарсан үед яараад буруу сонголт хийх эрсдэлтэй. Тэгэхээр номоо худалдаж аваад бэлэн байлгах л чухал болж таарна. 

12 сард найз явж ирнэ гэсэн. Одооноос эртхэн захиалаад хүргүүлнэ ээ. 

За тэгээд энэ 6 номыг нааш нь авах гэж нийтдээ 10-с дээш шахуу хүний оролцоо шаардсан байна лээ, тоолсон чинь. Хо хо. 

Бэлэн байсан нэг номыг минь хүргэж өгсөн найз, ийм тийм ном байна уу гэдэг асуултанд хариулж өгсөн дэлгүүрийн ажилтан, сонирхолтой ном санал болгосон номын клубынхан минь, номонд гүйж өгсөн охин, мөнгийг нь төлж өгсөн ээж аав 2 нь, хүн ирэх гэж байгаа шүү гэж хэлж өгсөн найз, мөн сүүлд номоо нэмээрэй, би хэлээд өгөмз гэж хэлсэн найз, номны төлбөрийг шилжүүлж өгсөн хань ижил, хотын нэг захаас хотын төв хүртэл хүргэж өгсөн аав минь, энэ хүртэл зөөж авчирсан шинэхэн танил бүсгүй, хамгийн сүүлд би өөрийгөө оролцуулаад гээд тооцохоор 10-с дээш гарчихаад байгаа юм л даа. Хо хо. 

Түгжрээ гайгүй байдаг бол ч гэж их бодно оо. 

Би өмнө нь нэг их тоолгүй гуйдаг байсан. Зун харьж ирчихээд замын хөдөлгөөнд оролцоно гэдэг чинь Улаанбаатар хотод бол асар их энерги шаарддаг, нерв барсан ажил байдаг гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн хүн чинь одоо хүн гуйхдаа ингэж санаа зовдог болсон.

Бүгдэд нь маш их баярлалаа. Буян нь бум түмээрээ үржиг ээ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

Жич: Интерномын цахим хуудасны сагсанд 16 ширхэг ном хадгалаастай байна даа. Зарим нь төв салбартаа л зөвхөн байдаг бололтой байсан. Тэгэхээр онлайнаар захиалаад хүргүүлсэн нь амар...

2023年11月20日月曜日

Хүн болсон нь

Энэ олон жил хамгийн ойрхон байдаг томоохон хотын нэг Осака хот дахь нэгэн том аялал жуулчлалын газрыг үзэж амжилгүй өдий хүрчээ. 

Энэ жил бүр зорин очиж үзлээ. Гэхдээ бас оройтож гарсан тул хажууд нь байдаг музейг үзэж амжаагүй. Дараа зорьж очиж үзнэ ээ. 

Окамото Таро гэдэг уран бүтээлч хүний бүтээл. Уг хүн нь өөрөө бас нэлээд алдартай нэгэн. 1970 онд баригдаж дууссан. Тухайн онд зохиогдсан Осака хотын экспод зориулж баригдсан. 

"Нарны цамхаг" гэж япон түмэндээ хайрлагддаг. Гадаад дотоодын аялал жуулчлалынх нь томоохон хэсэгт тооцогддог. 

"Урлаг бол тэсрэлт" гэж хэлсэн Окамото Тарогийн үг нь ч өөрөө нэлээд алдартай юм билээ. 

Дэлгэрэнгүй сонирхож байвал англиар, японоор хайгаад үзвэл гараад л ирнэ. Өдгөө ч амар болж дээ. Хурууныхаа үзүүрээр л олон олон мэдээллийг олж чадна. 

Ямар нь ингээд хөшөөгөө олон олон жил дамнуулаад алдаршуулж чадаад байна аа тийм ээ? Манайхан ч сая нэг хэсэг хүүхдүүд баримлын шавраар шаваад хаячихсан юм шиг хөшөөнүүд их харж шооллоо тийм ээ? 

Угтаа чанартай, үүх түүхтэй хөшөө барьчихвал хагас зуундаа л мөнгө "саагаад" байж болдгийг уг нь 21-р зуунд мэддэг л баймаар... 

Зүгээр ч нэг зураг оруулчихгүй, үглээд тийм ээ?

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2023年11月19日日曜日

Урлагийн үзлэг

Уламжлалт бичвэр шүү? Жил болгоны өдийд зохиогддог арга хэмжээний тухай. 

Дунд сургуулийн урлагийн үзлэг болов. Ажлын өдөр зохиогдов. Надад бол жаахан тиймхэн. Учир нь зун монгол яваад ирсэн болохоор амралт тун бага үлдсэн. 

Тэгэхээр ажлын өдөр зохиогддог арга хэмжээнүүд бол заримдаа төвөгтэй. Чөлөө авах гэж үлдсэн өдрөө тооцоолоод л. Дээрээс нь бага зулзага халуурч бариад өвдвөл бас л би нь чөлөө авч хүүхдээ харна. 

Эмэгтэй хүнээ гэж ажил нь барагдахгүй. Гэхдээ намайг ном уншаад л, юм нэхээд л суудаг гэдэг ойлголттой хүн их. Хи хи. Арга ч үгүй байх даа, байсхийгээд л тав зургаагаар ном захиад байхаар тийм ээ? 

Мужийн харъяа урлагийн ордны тайзнаа болсон. Сургуулийн ойр байдаг, харъяалал бүхий газар тул сургуулийнхаа зааланд бус, бүхэл бүтэн том тайзнаа урлагийн үзлэгээ хийчихдэг, сүрхий "ашигч" сургуулиа. Ха ха.  

Өглөө эртлэн явна. Өдрийн хоол буюу бэнтогоо бэлдэж авч явна. Сүүлийн үед бидний бэнто хийх арга их амар болсон. Будаагаа агшааж бөөрөнхийлөөд, шөнийн нэрийн барааны дэлгүүрээс бэлэн шарсан тахиа авчихдаг болсон. 

Зулзага өөрөө дуртай тул, захиалгаа тэгж өгдөг болсон. Залхуу ээж надад бол амар л байна. 

Ээж бас эцэг эхийн зөвлөлд томилогдсон тул ажлаасаа бүтэн чөлөө аваад, ажлаа амжилттай гүйцэтгэсэн. Үдээс өмнөдөө хийх ёстой ажил минь дууссан тул зулзагынхаа оролцсон бүхий л үзүүлэн тайланг сонирхож чадсан. 

Эгчтэйгээ адил үлээвэр найралд орсон ч хөгжим нь өөр. Лимбэ хөгжим. Анх өөр хөгжим байсан чинь сүүлд солигдоод лимбэ болсон. Хэцүү байна л гээд байгаа. Сурах байгаа, 3 жил гаран нүдүүлэх юм чинь. 

За тэгээд дунд сургуулийн сурагчид гэлтгүй мэргэжлийн төвшинд хуурдана шүү дээ. Ёсолгоо, найрал дуу энэ тэр бол их сүрхий.  

Хэнхэг охин минь сурагчдын зөвлөлд бас байдаг тул үүрэгт ажил нэлээд их. Мөн галзуу талдаа тул дуу хоолой чанга. Хэ хэ. Арзаганах талдаа, гайгүй байгаа? Хэнийгээ дуурайсан ийм юм бэ? Манай удамд лав... Ха ха ха.

Анги нь гялалзаж байна өө, найрал дуугаараа түрүүлсэн. Тамирын өдөрлөгтөө бас түрүүлж байсныг санаж байгаа биз дээ? 
Мөн төгөлдөр хуурын төрөлд ангийх нь охин түрүүлсэн гээд л гялалзав. Харьж ирснээ, би зун монгол яваагүй бол энэ төгөлдөр хуур дарах уралдаанд хүчээ үзэхээр анхан шатны шалгаруулалтанд орох байсан гэж хошуугаа цорвойлгосон. 

Би юм хэлээгүй ч дотроо бусаддаа ч боломж олгох хэрэгтэй гэж мэгж бодсон шиг. Ирэх жил орох эсэхийг бүү мэд. Учир нь дунд сургуулийн 2 дугаар ангиасаа эхлээд сурагчдын буюу хүүхдүүдийн ааш авир, зан чанар, сэтгэл санаа ихээхэн өөрчлөгддөг. Нэг ёсондоо шилжилтийн нас гээд харьцахад маш төвөгтэй болдог гэж эд нар ярьдаг.

Биднийг ч бас энэ шилжилтийн нас гээч зүйл тойрч бус дайрч л байна. Ааш зан эрс өөрчлөгдсөн. Эцэг эх нь тэсэх ёстой гэдэг юм билээ. Хүчээр биш эвээр үзчих санаатай л сууна. Заримдаа ч тэсэхгүй үглэх юм...

Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг чинь асар их ухаан, ёстой л нөгөө нэг хатан ухаан нь энд л хэрэгтэй шиг байна. Нөхрийн хүмүүжилд хатан ухаан зарах нь чухал ч үр хүүхэддээ ч бас яасан ийсэн хатан ухаан бас чухал л бололтой шүү. Ха ха.

Одоо ирэх сард бага зулзагын урлагийн үзлэгийг аятайхан даваад гарчихвал ч тэгээд Санта өвөөгөө хүлээгээд хэвтчихнэ. Элдэв арга хэмжээг нь аятайхан давна гэдэг ч бас хүч хөдөлмөр шаардана. 

Ажил амралтаа зохицуулна, ханиад томуу хүргэчихэлгүй, хүн шиг оролцуулна гэх мэт. Юун сүртэй юм гэж бодож байвал том эндүүрэл шүү. Хи хи. Жишээ нь бэлдэж бэлдэж байснаа яг болох өдөр нь ханиад хүрээд халуурчихдаг явдал нэг биш удаа тохиолдож л байсан. Тэгэхээр бүр цаанаасаа нэг харамсаад, оролцчихсон бол гэж хэд хоног бодогддог юм.

Дунд сургуулийн урлагийн үзлэгийн тухай эгчийнх нь үед нэлээд дэлгэрэнгүй бичиж байсан байх. Санахгүй л байна. 

Захирал багш товч бөгөөд тодорхой мэндчилгээний үг хэлнэ. Англи хэл, япон хэл дээр 1, 2, 3 ангиудаас шалгарсан нэг нэг сурагч тайзан дээр илтгэлээ уншина. 

Үлээврийнхэн 2 ая тоглоно. Энэ жил эхний аяыг багш нарын уран сайхны төлөөлөлтэй хамт тоглосон. Үзэж буй сурагчид маш өндөр хүлээж авдаг юм билээ. Өдөр тутмынхаа багш нарынхаа бас арай өөр дүр төрхийг, авъяасыг олж хараад тэр байх. 

Үзэж буй сурагчид гэдэг нь бүх сурагчид тэр том тайзныхаа нэг давхрын үзэгчдийн суудалд анги ангиараа бөөгнөрч сууна. Мөн багш нар, шүүгчид сууна. 
Тайзны хөшиг
Эцэг эх, бусад үзэхээр ирсэн жирийн иргэд хоёр давхар, гурван давхрын суудлаас үзэцгээнэ. Тэгэхээр хонь хурга нийлсэн шиг зүйл болохгүй их амар. Мөн ажлын өдөр тул зөвхөн хүүхдийнхээ үзүүлбэрийг үзчихээд л явчихдаг ээж аавууд бий тул суудлын тоо хүрэлцэхгүй гэж санаа зовохгүй амар байдаг. 

Сурагчид ангийх нь үзүүлбэр болонгуут зарлагч сурагч зарлана, сурагчид шалмаг гэгч нь босч алхаад тайзнаа гарна. Сүр сар хийсэн чимээ анир бараг гаргахгүй. Ер нь их зохион байгуулалт сайтай, арга ч үгүй байхдаа, бүр цэцэрлэгээс нь жагсах, алхах, ёслох гэдгийг заагаад эхэлдэг тул. 

Төгсгөлд нь найрал дуу, төгөлдөр хуур зэрэг үзүүлбэрээр нь шалгаруулчихдаг. Шилжин явах цом гардуулдаг. 

Ямартай ч ханиад томуу хүрчихэлгүйхэн шиг байж байгаад албаа амжилттай хашсан охиндоо баяр хүргэе. Мөн өөртөө ч бас.

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай. 

2023年11月13日月曜日

"Анд"-н монгол хоол 2

Өмнөх бичвэрийн үргэлжлэл. Боорцог идээд л дууссан уу гэхээр үгүй шүү. Мэдээжийн хэрэг. Хэ хэ. 

Гурван хуушууртай шүү. Нэгийг нь идчихсэн. Амт дажгүй байсан. 

Хорхог. Намрын баяраар бас хорхог, таван цулын шөл, хуушуур, бууз гээд зарж л байсан л даа. Найзууд намрын баяраар ороогүй тул бид монгол хоолны газар орсон хэрэг. 

Хажуунаас нь дарсан зураг. Тавагных нь зургийг харуулах гээд л тал талаас нь дардаг шүү, зураг хөргийг. Хо хо. 

Бууз. Нэг ийм модон жигнүүртэй болмоор ч юм шиг санагддаг. Байнга бууз хийж иддэггүй тул бас дэмий ч юм уу гэж бодоод. Зориглож авахгүй л байна. 

Гэснээс гэрийн маань хэрэглэдэггүй эд хогшил их байна. Хаях гэхээр болдоггүй, байлгаад байхаар заримдаа "ядраад" байдаг. Хи хи. 

Нээрээ ирэх гахас бүтэн сайнд нэгэн зочид ирэх байх. Манайхаар ороод гарах нь тодорхгүй ч бууз хийж хөлдөөх санаатай. Хоёрдугаар хоол болгож. 

За гарч гурил худалдаж авая. Гурилыг яг монгол хоол хийх үедээ л худалдаж авдаг. Будаагаа бол шуудай шуудайгаар нь бэлддэг. Өдөр бүр будаа агшааж иднэ шүү дээ. 

За баахан хоолны тухай бичээд, та нар өлсөв үү?. Хэ хэ. Хоолондоо...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. Бууз хийж идээрэй.

2023年11月12日日曜日

"Анд"-ын монгол хоол

Идсэн хоолныхоо зургийг оруулав. Сонирхолгүй бол алгасаарай. Хаалт нээгээд СБА шүү. Хаалтаа хаав. Ккк.

Цэсийг нь харсан боорцог байна гэхээр нь захиалцгаав. Бага зулзагат их таалагдсан. Овоо хэдэн боорцог идчихсэн. Гэснээс бид монголд энэ зун очихдоо боорцог бага идсэн юм байна. 

Хар талх их идсэн. Тэр бүр энд идэж чадахгүй тул. Боорцгийг бол сэтгэл гаргаад, онгод бууж ирвэл хийчих болохоор. Онгод нь бууж ирэх гэж л удна өө. 

Таваг нь ийм. Бөөрөн дээрээ хуучин бичгээр "Монгол улс" гээд бичээстэй. ийм модон тавагтай болдог ч юм билүү гэж бодоод амжсан. Ха ха. Гэхдээ сэтгэлийн хөөрлөөр худалдаа хийхгүй байх гэдэр уриатай би өөртөө. 

Сүүтэй цайнд боорцог дүрж идсэн, хань ижил. Хөөрхий хөдөө өссөн юм. Хо хо. Би нэг их сүүтэй цай гэдэггүй болохоор. Би чинь борголоо л ууна, алиныг нь уух уу гэж сонгохоор бол. 

Миний хийж зараад байсан боорцогноос ялгаатай нь яг л монголын боорцог шиг. Би болохоор нэлээд чихэрлэг, бутарч унасан боорцог хийж зардаг байсан. Байнгын зочид минь мэдэж байгаа тийм ээ? 

Нэг хэсэг жилдээ нэг боорцог хийж зардаг байсан даа. Монгол doughnut гээд л. Ойрын хэдэн боорцог хийсэнгүй ээ. Ажиллагаа их ороод, дорхноо дуусчихдаг тийм ээ? 

Тэгсэнд орох нь ээ өрөөстэй олон номноосоо унших минь гээд залхуурдаг болжээ. Муу зан их сууж байна өө. Хөдлөх дургүй, тэгэхээр чинь яаж жин хасагдах вэ дээ?

Ирэх жилийн нэг том зорилго нь алхах гэж төлөвлөөд байна. Хэрэгжүүлэх л чухал...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. Боорцог хийж идээрэй. Хэ хэ. 

2023年11月11日土曜日

Монгол хоолны газар "Анд"

Тайлан маягийн бичвэр шүү. Эргэн дурсахад хэрэгтэй. 
Намрын баяраа дуусгаад найзуудтайгаа монгол хоолны газар орсон. 

"Анд" гэдэг нэртэй.  Төв газар бид чинь хаана яваад байгаагаа сайн мэдэхгүй л яваад байсан. Найзуудаараа зам заалгаад л. Хэ хэ. 
Гаднаас нь харахад ийм. Хөөрхөн хаягтай байгаа биз? Эзэн нь өвөрмонгол. Ажилчид нь монгол. Дундуур нь хөөрхөн монгол дуунуудыг гитартай амьд тоглоод байсан. 
"Улаанбаатарын үдэш"-ийг дуулаад. Хөдөөнөөс очсон надад Улаанбаатар хотод оччихсон юм шиг санагдаад, хальт дагаж дуулсан. Хо хо. 
Морьтон монголчууд гэдэг утгаар таваг нь хүртэл ийм. Яг монгол морь биш ч...
Шийдэл нь хөөрхөн санагдсан. 

Бас бидний өрөөнд байсан монгол бичгийг гаргаж уншиж чадаагүй. Урнаар таталгаад бичсэн тул. Гэснээс монгол бичгээ ойрын хэдэн жил уншаагүй, уншиж чадахаа байсан шиг байна лээ. Үсэглээд л байна лээ. Жавхлан юм аа. 
Савхны цаас нь хүртэл рестораныхаа нэрийг бичсэн. Нэлээд хөрөнгө зарсан нь харагдаж байгаа биз? 

Доторх зохион байгуулалт нь ч тохилог. Бид цаана нь нэг өрөөг эзэгнэнхэн тухлаад, ойрд уулзаагүй улс чинь биенээсээ уралдаж ярьцгаав. Нэгэн шинэ танилтай ч болов. Үе тэнгийн сүрхий залуу байсан. 

Дараа дахин уулзаж, тухтай ярьж хөөрөхөөр болсон. Учир нь бүгд л цаг заваар бага, маргаашийн ажил үйлс гээд л. Бид ч яахав, нэгэнт ирснийх бас олон хүнтэй уулзаж авах гээд л. Дараагийн хүнтэйгээ уулзахаар марш...

Энэ өдөр монгол хоолоороо амьсгалсан өдөр байсан. Маргааш нь ч найзуудынхаа гарын цуйвангаар дайлуулсан. Зураг хөргийг тэгж байгаад орууламз. Хэ хэ.

Аан тийм, үнийн хувьд чамгүй хөөрхөн үнэтэй шүү. Мөнгөтэй яваа үедээ ороорой, энд "Анд"-аар. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2023年11月10日金曜日

Эрдмийг эрхэмлэх ухаан

Зээ энэхүү номыг хэрхэн гартаа оруулсан тухайгаа бичнэ ээ. 

Хань ижлийн минь найз ном өгч явуулна аа, захиарай гэхээр нь би дур мэдэн захиад өө. Хань ижил ямар ном уншмаар байгаа нь, захимаар байгаа нь огтхон ч хамаагүй. Ха ха. 

Тэгээд сая ирдэг найзууддаа дайгаад, болоогүй ээ, гоё гашуун ааруултай хамт явуулсан байсан. Үл таних залуу чамд их баярлалаа. Амтархан уншаад, амтархан иднэ ээ. 

Энэхүү ном нь бүр хаа байсан 2012 онд орчуулагдан хэвлэгдсэн байдаг. 11 жилийн дараа уншиж ч байх шиг. Гэмшив. Орчуулагч нь Очирхүүгийн Жаргалсайхан. 

Гэснээс нь сайн уншигчид чинь хэн орчуулсан, хэн хянан тохиолдуулсныг нь их хардаг юм билээ. Би барагтаа харж байгаагүй ээ. Одооноос анзаарч харж байна аа. 

Эх хэлээр нь уншдаг баатар болж номын сангаас зээлж байсан удаатай. Болхи надад ахдаад, эхний хэдэн хуудсан дээр л гацчихсан юм. Тэгээд шантраад буцааж өгснөөс нь хойш олон жил өнгөрөөд, наагуур нь өөр ном уншиж гүйгээд. 

За за, орчуулга нь байж байхад орчуулгыг нь захиж авчруулаад унших минь гэж зориг шулуудсан хэрэг. Түүнээс ч о.зулзага япон хэлээр нь унш, япон хэлээ улам сайжруул гэж зэмлэдэг юм. 

Зулзагууд томроод, эргээд биднийгээ шүүмжилдэг, загнадаг болж байна өө. Хүүхэд томрох ч лүд юм дөө, гэж ижий аав минь хэлдэгсэн...

Фүкүзава Юкичи (1835-1901)нь японы соён гэгээрүүлэгчдийн нэг. Кэйо Их сургуулийг үндэслэгч. Тийм ч утгаараа хамгийн том дэвсгэрт бол 10.000-ын дэвсгэрт дээр хөрөг нь байдаг. Түүний тухай мэдэхгүй хүн гэж байхгүй байгаа биз? 

Гадныхан ч мэднэ. Би бол тэр мөнгөнд дуртай дуртай. Хэ хэ. 

Гэхдээ ажлын газрын 2 ч хүүхэн энэ номыг уншаагүй гэж байсан. Арга ч үгүй биз дээ? 120 жилийн өмнөх ном шүү дээ. Тухайн цаг үедээ бол энэ номыг л уншиж япон хүмүүс хүмүүжиж байсан гэж үздэг юм билээ. 

 

За тэгээд агуулгын хувьд гарчгаас нь харахад ойлгомжтой. 

Чадварлаг бөгөөд оюунлаг хойч үеийг бэлтгэхэд үндсэн суурь зарчмуудыг бодит жишээ татан, төр засгийнхаа бодлоготой уялдуулан бичсэн. 

Мэдээж тухайн цаг үе нь өөрөө японы шинэчлэлийн үе байсан тул алдаа оноотой байж. Иргэд нь бүгд биш ч түүнийхээр бол гэгээлэг бус, эрдмийг эрхэмлэдэггүй, дүр хөөсөн байж. Үүнд санаа зовсон тэрбээр үүсгэн байгуулсан Кэйо Их сургуулийнхаа оюутан залууст хандан өгүүлжээ. 

Хамгийн алдартай ишлэл нь "Тэнгэр бурхан хүний дээр хүн бүтээгээгүй, хүний доор ч хүн бүтээгээгүй". Япондоо ч энэ ишлэлийг мэдэхгүй хүн үгүй. 

Мөн "иргэдийн бие даасан байдал"-ыг их л дэлгэрэнгүй бичсэн байна. 

Бодоод байсан, иргэн хүний бие даах нь их чухал юм байна өө. Тийм ч болохоор энд бүр багаас нь цэцэрлэгт байхаас нь хамгийн наад захын жишээ гэхэд л өөрийн цүнхээ өөрөө барих, энгийн амьдралынхаа өөрийн хийж чадах зүйлсээ өөрөө хийх, аливаа хүнд төвөг удахгүй байх гэх мэтээр сургадаг байх. 

Күнзийн сургаальд нэлээд шүүмжлэлтэй хандсан байна билээ. 

Шар өнгөөр тэмдэглэж авсан онц мэргэн үгс зөндөө...

-Хүнд элдэв зиндааны ялгаа үгүй, харин суралцсан, суралцаагүйн ялгал их. 

-Эрх чөлөө гэдэг "өөрийн дураар авирлах" гэсэн үг биш. 

-Төр улс ичгүүр сонжуурт унах үед бол Япон улсын ард түмэн нэг ч хүн үлдэлгүй цөмөөр, амь насаа үл хайхран төр улсынхаа нэр сүрийг хамгаалахын төлөө босох нь эрх чөлөө, тусгаар тогтнолын баталгаа мөн билээ. 

-Харанхуй бүдүүлэг ард шиг хөөрхийлөлтэй, нөхөрлөхөд хэцүү зүйл гэж барагтай л бол хорвоод үгүй. Тэд ичгүүр гэдгийг мэдэхгүй. Юм мэдэхгүйдээ санаа зовних чадвар тэдэнд байдаггүй тул баячуудыг зүхэж, зарим үед хэсэг бүлгээрээ эд баялагтай хүмүүсийг дээрэмдэн довтлоно. 

-Мулгуу ардын дээр хатуу засаг. (Европын зүйр үг)

-Оюутан хүн олон ном зохиолыг уншиж, сэтгэлийн хөөрөлд авталгүй, тогтуун тайвнаар эргэцүүлэн шийдэж, мэдлэгээ тордож, бодитой үнэнийг мөшгин, мөрдөн судлах ёстой. Өчигдөр итгэж байсан хэрэг явдал өнөөдөр томоохон эргэлзээг төрүүлж, маргааш тэрхүү сэжиг дамжигийг тайлан шийдэх ёстой билээ. Тийм болохоор л оюутан хүн суралцахгүй бол ердөө ч болохгүй ээ. 

-Маргаашийн аз жаргалыг мөрөөдөж л байвал өнөөгийн азгүй байдалд уудам сэтгэлээр хандаж сурах.

-Ард түмэн байвч "улсын иргэн" байхгүй нь гачлантай. Улсын иргэн гэж дор хаяж өөрөө өөрийгөө аваад явах чадвартай иргэнийг хэлэх биз?

-Тус бүртээ өөрийн үүргээ ухамсарлаж хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Төр засгийн хүч, ард иргэдийн хүч тэнцүү байх ёстой буюу иргэний хяналтыг хүчирхэг бие хүмүүс л бий болгодог. 

Нэг иймэрхүү. Яг ондоо шал өөр зузаан ном эхэлчихсэн учир энэ номоо мартав. Ха ха. Ийм амархан уу? 

Ямартай ч хөөрхөн санаа, агуулгатай санагдсан. Манайхан ч энэ номыг уншиж энэ япон хүмүүс ер нь юу уншихаараа, юуг судлаж, өөрийн болгоод ийм их амжилтанд хүрчихэв гэж мэдэхэд илүүдэхгүй санагдсан. 

Цаг үеийн зөрүүнээс үүдээд бага зэрэг зөрчилтэй ч гэх юм уу? Санаа нийлэхээргүй зүйл гарахыг үгүйсгэхгүй шүү. 

Бүгдэд нь амжилт хүсье. Бултаараа бие даасан иргэн болцгооё. 

Түр баяртай.

2023年11月7日火曜日

Намрын баяр Осака

Өнгөрдөг хагас бүтэн сайнд Осака хот яваад ирлээ. 

Кансай бүсийн намрын баяр. Хавар Токиод зохиогддог "Хаврын баяр"-ын нэг хувилбар. Мэдээж хэмжээний хувьд бэсрэг л дээ. Гэхдээ сүүлийн 7, 8 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж буй байх шүү. 

                              1人、テキストの画像のようです

Бид энэ хугацаанд 2 дахь удаагаа л очиж байна. Жилээс жилд очих юмсан, найз нөхөдтэйгөө уулзах юмсан гэж бодож явсаар, шийдэж ядсаар байтал нэг мэдэхэд арга хэмжээ нь дуусчихсан байдаг. Хэ хэ. 

Энэ жил бас л шийдэж ядсаар байтал цаг хугацаа нь тулаад, олон хүмүүс ирэхгүй юм уу гэж асуугаад, гэгэлзээд, тэгээд л өглөө нь эртлэн гараад давхичихсан. 

Хурдны зам харьцангуй түгжрээ бага, зорьсон газрынхаа хотод хурдан хүрсэн боловч хурдны замаас буугаад л ерөнхийдөө түгжирч эхлэнэ. Аргагүй л хөл хөдөлгөөн ихтэй, том хот. 

Гэхдээ төрөлх хотын минь түгжрээ шиг нам түгжрэхгүй ээ. өдрийн 12 цагт наадмын талбайд хүрэв. Уулзмаар байна гэсэн 2 хөгшинтэйгөө уулзав. Бэлгээ солилцов. Хэ хэ. Бэлэгнийхээ зургийг жич орууламз. 

                             写真の説明はありません。

Наадамлаж яваа улс юун түрүүнд хуушуур идэцгээв. Нагоя нутгаас зорьж ирсэн "ЭРНА" гэдэг хоолны газрынхан. 5 цулын шөл уув. Хань ижлийн хуурай дүү нь биднийг дайлсан. Маш их баярлалаа. Амттай сайхан монгол хоол идэж, цадав шүү дээ. Ха ха. 

Маш идэвхитэй, цоглог танил бүсгүйчүүдтэйгээ уулзав. Ажлын амжилт хүсэв. Бүгд л зохион байгуулалтын багт "асаалттай танк" гэдэг шиг "гүйж" байдаг улс. Гүйж гэдэг үгийг хаалтанд хийсэн нь "Гүйж яваа эмэгтэй" номыг дуурайв. Уншсан хүмүүс ойлгох байх...

Хараад байхад эмэгтэйчүүд иймэрхүү ажилд их зүтгэлтэй оролцох юм өө. Мэдээж эрчүүд нь барилдаад л, хуурдаад л оролцсон л доо. Гол ажлуудыг хүүхнүүд л нугалаад байна л даа. 

Асар барих, хураах, хүнд хүчир ажлыг нугалсан байх л даа, эрчүүд минь. Та нарын хүчин зүтгэлийг дутуу үнэлээгүй шүү. Нийгэм дэх идэвхи зүтгэлийн тухай л яриад буй хэрэг. 

Асрууд дээрх номын худалдаа, ноос ноолуурын худалдаа, гар урлал гээд л. Мөн шагай тоглуулах, хүүхдэд зориулсан арга хэмжээ зохион байгуулахад ч хариуцаж буй хүн нь бүсгүйчүүд.

Бахархаж байна өө. Ямарваа нэг ажил зохион байгуулна гэдэг чинь бэлтгэл ажлаас эхлээд л цаг зав их ордог. Алдаа оноо дагалддаг.

Жилээс жилд өргөжөөд, туршлагажаад яваа гэж боддог. Танилууддаа түгээж, нэг ч гэсэн япон хүн очиж танилцаасай гэж хүсээд, сурталчлах нь миний үүрэгт ажил юм дөө. Хо хо.

Гэснээс нэг ном уншиж байгаа юм, түүн дээр ч иргэн бүр нийгэмдээ идэвхи зүтгэлтэй байхыг уриалсан байсан шүү. 100 жилийн өмнө бичигдсэн ном шүү дээ...

Өө тийм, шинэ консул залуу таалагдаад явчихсан шүү. Хальт мэнд мэдээд, нэрийн хуудсаа л солилцсон төдий. Гадаад үзэмж таалагдсан хэрэг. Яриа хөөрөө ч дажгүй санагдсан. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2023年11月2日木曜日

Дахиад хазсан

Уржигдар зулзагыг авахаар очсин чинь, багшийн өөдөөс хараад манай хүн, бас нэг хүү хоёр их л чухал царайлсан, дээрээс нь доошоо хараад их л гэмшсэн байртай зогсож байна аа. 

Нэг хэрэг тарьж дээ гэж бодоод хүлээсэн. Жаахан байзсанаа багш нь гарч ирээд, хүүхэд хазсан гэж хэлэв. 

Энэ удаад тарах үеийн мэндчилгээ, цуглаан гээд багш нь яг өөдөөс нь хараад сууж байсан гэнэ. Манайх ээж нь удахгүй ирнэ гээд цүнхээ үүрчихсэн, харих бэлтгэлээ хийчихсэн сууж байсан гэнэ. 

Тэгсэн нэг жаал  өмнүүр нь орж ирээд л хоёр гараа хөдөлгөөд, байлдах гэж байгаа хөдөлгөөн хийсэн шиг байна. Тэгсэн манай хүн гарыг нь барьж авснаа хазсан гэнэ. 

Энэ удаад багш нь зэмлээд, дахин хазаж болохгүй гэж хэлсэн, найзаасаа уучлал гуйсан гэнэ. 

-Уучлаарай, шомбойгоод урвайсан чигээр нь гэрт нь хариулж байгаад...

-Өө зүгээр, зүгээр. Хазуулсан хүү зүгээр үү? Уучлаарай гэж дамжуулж хэлээрэй. 

-Гайгүй ээ, хөргөж мөсөөр жин тавьсан. 

Жин тавьсан гэхээр нэлээд хүчтэй хазсан бололтой шүү. Мөр үлдээгүй л байгаасай, бурхан минь. 

Замдаа жаал үглэлээ. Нэлээд ширүүн. Дахин хазахгүй гэж ам өчгийг нь авлаа. Орой аав нь бас хэлж байгаа харагдсан. Нэг их ширүүн бус хэлээрэй гэж нүдээрээ хань ижилд айлдлаа. 

Аавын чанга дуутайг хэлэх үү? Уурлахаараа нэлээд ширүүнийг хэлэх үү? Хүүгээ өрөвдөөд, хэхэ. Ингэхэд хүүхдүүддээ уурлахдаа бие биенээсээ харамладаг тийм ээ? Ккк

Харилцах дэвтэрт нь дахин уучлал гуйж бичлээ. Хариуд нь "хамгаас хайртай ээжийнхээ үгэнд орох байх аа" гэж бичсэн байна лээ. 

Маргааш нь очиж авсан чинь "өнөөдөр найзыгаа хазаагүй" гэж угтсан. Ха ха. Хазаж байх ёстой юм уу? Өнөөдөр бас аажуухан гэгч нь "хазаагүй" гэсэн. 

Аав нь багадаа нэлээд хөдөлгөөнтэй, сахилгагүй байсан гэдэг. Яахаараа дандаа "мууг" нь дуурайдаг байна аа. Манай удамд лав... Хэ хэ. Идэр-Одын нэг хошин яриаг дуурайсан юм шүү. 

Нэг иймэрхүү, ёстой жинхнээсээ чих халууцуулна гэдэг нь болох гээд байх шиг шүү. 

Өөрийнх нь ямар нэгэн зүйлд анхаарлаа төвлөрүүлж буй зүйлд садаа хийхэд дургүй шиг байгаа юм. 

Өөр чинь юу билээ? Аан тийм, хамраа ухаж байснаа ухаж байсан хуруугаа ам руугаа явуулаад, нусаа идээд байх шиг байгаа юм. Хэлэхээр идээгүй гээд гүрийгээд. Ха ха. 

Ингэхэд нусаа идэж байсан уу? Та нар. Ккк. 

Охид харьцангуй гайгүй байсан шиг санаад байх юм. Мартсан ч байж магад. Гэхдээ хаа нэгтээ хананд хатсан нус наалдсан явж байдаг байсан. Бодвол идэлгүйгээр хананд наачихдаг байсан юм болов уу? Ха ха. 

Хүүхэд томрох тусам асуудал нь хамт томордог гэж үнэн шүү. Нялзрай байхад бол амар. Уйллаа, мөөмөө ам руу нь. Тэгээд л хөөрхөн унтаад өгдөг. 

Одоо ч...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2023年11月1日水曜日

Эргэн тойрны улбар өнгө

11 сарын мэнд ээ. 

Сүнсний баяр болоод өнгөрөх шив дээ. Тэмдэглэх биш дээ, бид. Монголд их л өргөн дэлгэр болж буй сурагтай. Эхлээд ч нэлээд бэлтэй айлуудын байрныхан тэмдэглэдэг сураг байсан чинь яваандаа борчуудын байрныхан хүртэл тэмдэглэж байна гэнэ ээ. Хи хи. 

Яахав нэг хэсэг дэлгүүр их хэсдэг байх үед дэлгүүрийн зар сурталчилгаанд автаад улбар шар өнгөтэй, хулууны зураг хөрөгтэй амттан авч иддэг л байлаа. 

Одоо бол өөрсдөө авахгүй, хаа нэгтээ хүн зулзагуудад минь өгвөл амсчихдаг болсон. Хэмнэлт хэмнэлт бас дахин хэмнэлт...

Цэцэрлэг харин улирлаа дагаад элдэв янзын уран бүтээл туурвих нь их. Бага зулзага ч бас хийж ирсэн. 

Цэцэрлэгийн үүдний чимэглэл. Хамгийн хөөрхөн нь үүнийг нэхээд тавьчихсан байгаа юм. Эрхлэгч багш нь нэхдэг байх. Өөр зөндөө хөөрхөн зүйлс нэхсэн байсан. Би бүр зорьж асуугаад, энийг хэн нэхээд байдаг байна аа? Эрхлэгч багш нэхдэг юм өө гэж билээ. 

Цонхыг нил ягаан өнгийн нимгэн цаасаар бүтээснээ ингээд цаасаар сүнс хийгээд наачихсан байсан. Зулзага бид хоёр түүгээр явж өнгөрөх бүрдээ айж бүр дүр үзүүлж жүжиглэнэ. Хи хи.

Ангиараа хийж өлгөсөн байсан. Зарим нь хар нүд сахалтай. Таазнаас олноор нь өлгөчихөөр бас л хөөрхөн харагддаг юм билээ. Авах болгонд л би хийсэн, ээжээ та хардаа гэж зааж өгдөг юм. 

11 сарын 1 гээд л энэ чимэглэлүүдээ аваад хураачихна. Зулзагын хийсэн бүтээл анги дэвших үеэр нь бусад бүтээлүүдтэй хамт ирнэ. Дурсгал болгож хадгална гэж том ажилтай. Цаасаа дийлэхээ байж л байна. 

Ийм сальфетка хүртэл байна. Авч ирсэн. Зураг авах гэсэн чинь ингэж буугаа тавиад байсан. Аминдаа буугүйгээр дарчих гээд амжаагүй. Хэ хэ. Саяхан найзуудтай дэлгүүр хэсэхэд авахуулсан. 

Ээж авахгүй гэж гүрийгээд, аавыгаа панаалдаж байгаад, аавын найзаар авахуулж, бэлэглэсэн болгоод. Муу юмандаа тархи нь сайн ажиллана тийм ээ? Хичээл хийх, зурах гэх мэт зүйлд хойрго гэж...

Бүр ингээд иж бүрнээр нь нэхсэн байсан. Мөн их хөдөлмөр өө. Би ч иймэрхүү жижиг мөртлөө ажиллагаа ихтэй зүйл нэхэхдээ халшраад байдаг юм. Одоо бүр ч нэхэхээ байсан. 

Зээ нэг иймэрхүү. Залуу гэр бүл, хүүхдүүд олонтой айлууд нийлээд чихэр гэх мэт тараадаг гэсэн. Мөн дугуйлан секцнийхэн эцэг эхүүд нийлээд амттан авч тараадаг гэсэн. 

Сагсны дугуйланд явдаг байхад тарааж л байсан. Би ч нэг их дуртай байгаагүй ээ. Хүүхдийнхээ элдэв амттанг хянаж, танах гэж ядаж байхад ингээд тараахаар далимдуулаад идчихээд байдаг болохоор, зулзагууд. 

Мэдээж огт бол хорихгүй л дээ. Гол нь хэмжээ хязгаар хэрэгтэй. Энэ япон ээжүүд бас их амттан тараадаг санагдсан. Далд бол их хянадаг байж магад, түүнээс гэрийн төсөв зэрэгтээ их л тооцоотой байдаг гэж сонсож байсан.

Улбар шар өнгөний баяр нэг иймэрхүү. Дараагийн баяр юу билээ? Аан тийм зул сар. Тэрнээс наана хань ижлийн төрсөн өдөр гээд л баярууд эхлэх нь дээ. Улам л хөвсийх нь ээ. Яах вэ таминь ээ. Ккк. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.