2025年7月23日水曜日

Идсэн нь

6 сард томилолтоор монгол яваад ирсэн дээ. Ахлах ангийн сурагчидтай явсан юм. Саяхан нэг сургуулийх нь сурагчид монгол явсан тухайгаа бусаддаа тайлагнана, боломжтой бол ирээрэй гэж урьсан байсан.  

Томилолтоор явах дуртай юм болохоороо би ч баярлаад, уухайн тас зөвшөөрөөд, сэтгэл хөөрөөд очиж үзсэн. Ажлынхаа нэг ажилтантай хамт. Ажилтантай ч гэж дээ, яг миний дээд талын дарга. Хэ хэ. 

Захиалгаа өгчихөөд хүлээх зуур ирдэг зууш. 

Зүгээр явахгүй ээ. Томилолт бичүүлээд, нийтийн унаагаар, унааныхаа мөнгийг байгууллагаасаа гаргуулаад л явсан. Ингэхдээ сурагчдад бас нэмэр болоосой гэсэндээ монголынхоо ганц нэг зүйлсээс авч явав. 

Морин хуурь жижиг гэр, шагай, монгол хэлээр орчуулагдсан ном, дээл, хантааз гээд л. Далбаагаа ч авч явсан. 

Гэснээс унааны мөнгө маань сүүлд дансанд минь орж ирнэ ээ. Бараг сарын дараа л орж ирвэл их юм. Хэ хэ. 

Одэн буюу тусгай амталсан шөлөнд чанасан ногоонууд, өндөг гэх мэт

Орой нь хамт явсан багш нартай томчууд нэгэн уушийн газар цуглаж идэж уув. Мөн монгол явсан тухайгаа дурсан ярьцгаав. Хөгжилтэй байлаа. Дахин явцгаах юмсан гэж ярилцав. 

Жаал инээлээ, жаал уулаа, жаал идлээ. Монголд байхдаа ингэж томчуудаараа ууж идэж чадаагүй байна аа л гэцгээсэн улс байв. Монгол Чингис шар айраг уулгамаар л байсан гэлээ. 

Сэтгэгдэл маш өндөр байлаа. Би ч эх орныхоо нэр төрийг эрхэмлэн, аятайхан авч гарах гэж хэрэндээ хичээнэ ээ. 

Юу ч билээ нэртэй төмсний салат. Хэлбэр нь өвөрмөц санагдсан.

Аяга угаагчаасаа бэлэглэв. Мөн нэг нэг чацарганы охь, нэг нэг хушхан самар хамт хийж уутлаад, бэлэглэсэн. Бүгд их баярласан. Явах өдөр шийдэгдэнгүүт л нэхэж бэлдэнэ. Бас бус өгөх зүйлс юу байна? гэж бэлдэнэ. Хийж бэлэглэх уутаа худалдаж авна гээд л хэрэндээ хөөрхөн догдлон бэлдээд, хүлээнэ. 

Хүн тэгээд өөрийн гэсэн нэг брендтэй байх зүгээр юм тийм ээ? Чаддаг зүйлтэй байх нь ч мөн адил. Юу байна түүгээрээ дайлна гэдэг шиг юу чаддаг байна түүгээрээ эх орноо болон өөрийгөө олны газар аятайхан аваад л гарчихдаг байхад нэн тустай...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年7月22日火曜日

Цул мөнгөн гүүр

7 дугаар сарын төлөвлөгөөт ном. Өмнөх номнуудаа тувт дараагийнх нь сард чүүтэй айтай багтааж уншаад байсан хүн чинь нимгэн, жижигхэн ном уншихаар урамтай нь аргагүй уншигдах юм аа. Сардаа багтааж дуусгасандаа додьгор гэгч нь үүнийг бичиж сууна. Вино шимсэн шиг ээ...

Сардаа багтаагаад уншчихсан хүн чинь дараагийнхаа номыг гаргаад ирсэн, ширээн дээрээ "цэцэглүүлж" байна. Цэцэглүүлэх гэдэг нь их л гоё утгаар нь хэлж байгаа юм шүү. Түүнээс хөглөрүүлэх гэсэн утгаар хэрэглэдэг манай гэрт. 

Сөрөг үг амнаасаа унагахгүй байх санаатай. Хи хи. 

Зохиолч залуу надаас дүү юм аа. Зургийг нь харахад "хөөрхөн бор хүү" байх шиг байна лээ. Нас нэмээд одоо ч "хөөрхөн боловч эгчмэд бүсгүй" гэдэг дуу шиг л болж байна дөө. Ха ха. 

Энэ сарын "Цул мөнгөн гүүр" ном хөөрхөн гэгээлэг байлаа. Дурсамж ном. Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрж өссөн Ц.Гончиг зохиолчийн бага ахуй насных нь дурсамж зохиол. 

1 сард уншсан "Голын тэртээх гацааны хавар" номтой төстэй, хөөрхөн. 

Сүүлийн үед ингэж хөдөө төрж өссөн хүмүүсийн бага насны, нутгийнхаа тухай дурссан дурсамж ном уншихаар бяцхан атаархал төрөөд байх болжээ. Тэдгээр хүмүүст цаанаасаа нэг монгол ахуй, монгол соёл, монгол сэтгэлгээ бат бөх, цусанд нь шингэчихсэн байдаг шиг санагдаад л тэр байх. 

Би бээр хэдийгээр эх оронч, монгол ахуй соёлоо гэсэн сэтгэлтэй байв чиг зарим нэг зүйлийг мэдэхгүй, мэдэрдэггүй шиг байна лээ. Хажуу дахь хүний дүгнэлтээр. 

Тэгэхээр нь зэвүү дургүй хоёр зэрэг хүрнэ гэж юүхэв. "Би яачихаав? Адилхан л эх орноо гэсэн сэтгэлтэй, хөгжөөсэй, дэвжээсэй гэж боддог дог" гэж шаралхана. Хэ хэ. 

Хоёр ч шүлгийн түүвэр хэвлүүлсэн гэж байна. "Цул мөнгөн гүүр" ном гурав дахь бүтээл нь гэнэ. Сүүлийн үед гарч ирж буй монгол залуусынхаа бүтээлийг түлхүү уншаад, танилцаад, дэмжээд яваа өөрөөрөө бахархав. 

Өнгөрдөг жил 8 дугаар сард энэ номыг дэлгүүрээс худалдаж авах гэсэн чинь байдаггүй. Буцах дөхчихөөд, нэгэн найздаа захиад л үлдээлээ. Тэгсэн найз минь зохиолчтой нь холбогдоод хаа байсан Хөвсгөл аймгаас "шуудан"-гаар илгээж авсан. Зохиолч нь өөрөө гарын үсгээ зураад шүү. 

Маш их баярлалаа. Дараагийнх нь ном хэвлэгдсэн байсан тийм ээ? Авч уншина аа. Цаашдаа ч олон олон зохиол бичиж уншигч биднийхээ оюуныг баясгаарай. 

Зохиолын агуулга нь зохиолчийн бага насны дурсамж. Цаанаа л нэг тийм гэгээлэг. Цаанаа л нэг өхөөрдөм, цаанаа л нэг хайрламаар, цаанаа л нэг гэнэн цайлган агуулгатай байлаа. 

Хэдийгээр надаас дүү ч гэсэн тийм ч хол зөрүүтэй биш тул түүний багад тохиолдсон ганц нэг зүйлийг блог бичигч би бээр ч амссан, туулсан. 

Тог тасардаг хэсэг, шил түүж тушаадаг хэсэг, кино театрт кино үздэг хэсэг гээд л. 

Мэдээж хот хөдөөгийн ялгаа бий. Тэр бүх бага насны дурсамжаа энэ мэт зохиол болгоод хэвлэмээр ч санагдах шиг...

Гэснээс хотод төрж өсөөд, "хотын дурсамж?"-аа бичдэг нэг залуугийн номыг найздаа захьчихсан байгаа. Энэ сарын сүүлээр ирнэ. Уншина даа, тэсэн ядан хүлээнэ. Таньж мэддэг нэр ус гарахаар цаанаа л нэг гоё уншигдана гэж бодож байгаа. 

Хэдийгээр би хөдөө өсөөгүй ч хөдөө нутагт хайртай, малчин ардаа хүндэлдэг, биширдэг тул хөдөө нутаг, тал нутаг гардаг зохиолд дуртай. 

Нутгийн хөгшид, нутгийн уулс, нутгийн гол горхи, нутгийн нутгийн гэсэн өгүүлбэрүүд, дүрслэлүүд яагаад ч юм цаанаа л нэг дотно санагддаг. Багадаа аавынхаа төрж өссөн суманд очиж амарсан дурсамж, авга талынхаа хамаатныд очиж бяцхан горхины боргио сонсож, сарлагийн зузаан өрмийг шинэхэн барьсан талхан дээр түрхэн идэж амарсан тэр нэг сайхан зун цагийн дурсамж үүнд нөлөөлдөг байх. 

"Хүн дурсагдаж эхэлсэн цагаасаа дахин амьдараг."

Цавууны тухай бичсэн дурсамжийг уншаад цагаан цавуугаар туйлж өссөнөө эргэн дурсав. Аав минь хэвлэх үйлдвэрт ажилладаг тул багадаа цагаан цавуугаар тоглож өссөн дөө. Найзууддаа, багшдаа ч өгдөг байлаа. 

Бэхний саваар дүүргэж аваад л ангидаа ирнэ. Найзуудтайгаа гарынхаа алганд нимгэн түрхэж, хатсаных нь дараагаар хуулж тоглоно. Хэ хэ. 

Манайх ч мөн адил гэрийн нэг хана дүүрэн ном өрөөстэй байлаа. Уран зохиолын номонд дуртай байжээ. 

Зэвэг загас барьдаг, голын усанд шумбаж тоглодог, морь унаж давхидаг нь хотын биднээс ялгаатай ч гэнэн цагаахан хүүхэд нас. Бид хэрхэн тоглож, цагийг хэрхэн  өнгөрөөдөг байснаа нэг дурсаж бичнэ ээ. 

Цахим ертөнцгүй хүүхэд нас аюулгүй, эрүүл байж дээ гэж бодогддог л юм.

Ямартай ч хөөрхөн өнгө аясаар бичдэг залуугийн зохиолтой учирсандаа баяртай байна өө. "Тойром" романыг нь захиж авна аа.  

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年7月21日月曜日

Нэгдүгээр биеийн ганц тоо

Халуун байна аа. Бүгчим халуун байна аа. Нозоороод л, урсаад л, алхаад л, гүйгээд л, уншаад л, үзээд л...

Клубынхны маань 6 дугаар сарын төлөвлөгөөт ном. Өмнөх саруудынхаа номнуудыг хоцорч уншиж дуусгаад сар нэлээд гарчихсан хойно уншиж эхэлсэн ч дуусгачихлаа. Хаа очиж нимгэвтэр ном байлаа. Тэгээд л хажуугаар нь жижиг бөгөөд жинтэй номоо уншаад л явна. 

Мөн богино өгүүллэгийн ном тул, гарчигнаас нь харж байгаад сонирхолтой санагдсанаасаа уншина. Ингэхээр хурдан дуусах нь гарцаагүй. 

2020 онд хэвлэгдсэн номыг дор нь орчуулаад гаргачихсанаас харахад уг зохиолчийг сонирхон уншигчид олон байдаг нь тодорхой...


Мүраками Харүки "Нэгдүгээр биеийн ганц тоо" гэдэг ном. 

Мүракамигийн хоёр дахь номыг уншиж дуусгав. Нэлээд дээхэн "Норвегийн ой"-г нь уншиж байсан. 

Нэг их таалагдаагүй юм. Тэгээд л дахиж уншихгүй байх гэж бодож явсан юм. Тэгсэн чинь манай номын клубынхан минь уншина гэж товлоод. 

Далимд нь бас нэг ном авчихсан байгаа. Төлөвлөгөөт номнуудынхаа хажуугаар уншина даа. 

За номынхоо тухай бичье даа. 

Уншиж байх явцдаа зохиолч өөрийнхөө тухай, өөрийн дурамсжуудаас цуглуулан, дэлгэрүүлэн, уран яруугаар найруулан өөрийн тухай л бичсэн шиг санагдсан. Зохиолчийн төрөлх нутагт амьдарч буйн хувьд танил дүр төрх их тул яагаад ч юм тэгж бодогдсон. 

Мөн өмнө нь уншсан түүний ганц номынхоо агуулгаас харахад ч гэсэн иймэрхүү өнгө аястай бичих нь ч ойлгомжтой мэт санагдсан. 

Дурсамжаа бичсэн номтой их учирч, сүүлийн үед уншсан номнууд дурсамж, бодлогошрол дүүрэн ном дийлэнх хувийг эзлээд байх шиг...

Зүрх сэтгэлд тод үлдсэн, мартагддаггүй, үл арилдаг нэгээхэн хэсэг цаг мөч байдаг даа. Түүнийгээ уран яруу найруулаад биччих ч бас нэг бодлын тун аятайхан юм гээч. 

За тэгээд хүн нас ахих тусам өнгөрснөө дурсан санаж, түүнийгээ юм л бол бусдад ярьчих гээд байдаг шиг. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад. Хэ хэ. Би ч нас залуу л даа. Гэсэн ч дурсах, санах, бодлогошрох зүйл ихтэй ихтэй...

8 өгүүллэг дотроос хамгийн сонин содон санагдсан нь "Шинагавагийн сармагчны наманчлал" гэдэг өгүүллэг байлаа. Хөдөө нутгийн жижигхэн халуун рашааны дэн буудалд ажилтан нь гээд сармагчинтай тааралдана. 

Сармагчинтай шар айраг хувааж уунгаа "жаргал зовлон"-гоо хуваалцана. Сармагчны зовлонг унших нь ээ, инээдэмтэй ч юм шиг, аргагүй ч юм шиг, эвий ч юм шиг санагдав. 

Сармагчин эмэгтэй хүнд дурлаад, тэглээ гээд яаж ч чадахгүй. Тэгээд нэг арга олсон нь тухайн дурласан эмэгтэйнхээ "нэрийг хулгайлдаг", тэгээд тэр нэрээ хэлээд л дурсан санагалздаг. 

Мөн эмэгтэй хүнтэй уулзаж учирч явсан, тэдгээрийнхээ тухай дурсамжийг бичсэн нь нэлээд илэн далангүй байх шиг санагдсан. Хэдий зохиол гэж хүлээж авах хүн байв чиг, Мүраками өөрийнхөө тухай бичсэн гэж бодож буй хүмүүст бол ил тод бичсэн мэт санагдах нь гарцаагүй. 

Мөн бас нэг зүйл. Сонгодог болон жазз хөгжим нэлээд сонирхдог бололтой. Сонсож дуулаагүй хөгжмийн зохиолчид, хөгжимчдийн тухай их гарна. 

"Бид цаг хугацааг ямар ч тохиолдолд нандигнаж явах учиртай. Цаг хугацаа гэдэг зүйлтэй эвлэрч, зохицож, аль болох нандин дурсамж үлдээх нь юу юунаас илүү чухал."

"...үзэсгэлэн төгөлдөр биш ч, өөрөөсөө ямар нэгэн сэтгэл ханамж, гэрэл гэгээ олж харж чаддаг бүсгүй л жинхэнэ аз жаргалтай байдаг юм шиг."

"Би угийн нэг уншиж эхэлсэн номоо дуусгахгүй орхих дургүй хүн. Магадлал бага ч гэсэн" төгсгөлд нь гэнэт сонирхолтой юм гарч ирэх ч юм билүү?"

"Бид ч гэсэн ялгаагүй янз бүрийн баг зүүж л амьдардаг. Угтаа баггүй бол энэ хатуу ширүүн хорвоод" амьдрах боломжгүй. Буг чөтгөрийн баг дор сахиусан тэнгэрийн бодит дүр байдаг бол сахиусан тэнгэрийн баг дор буг чөтгөрийн амилал байх нь бий. Нэг нь нөгөөгүйгээр байх боломжгүй. Бид үргэлж л тийм байдаг."

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2025年7月20日日曜日

Мод чухал юм аа

Наадмаар бидний хэдэн монголчууд ууланд очиж мах шарж идсэн. Ой модтойгоо ойрхон, ойрхон ч гэж дээ модон дунд. Сайхан, зугаатай, хөгжилтай байлаа...

Доор хотын төвд "маш халуун" байхад ой модон дунд зүгээр л "халуун" байлаа. Тэгэхээр мод ямар чухал үүрэгтэй байх нь  вэ? Түүнийг айхтар айлын хүүхдүүд судлаад мэдчихсэн, тарьж ургуулаад байна аа.  

Уул руугаа явж байх замд. Битүү мод харагдаж байгаа биз? Заримдаа харахаар брокколи ногоо шиг харагдаад байдаг юм, энэ моддынх нь орой. Намар шаргалтаад ирэхээрээ бүр ч төстэй санагдана. 

Модон дундаа хорхой шавьж ихтэй. Үе үе буга, зэрлэг гахай ч гарч ирнэ. Сүүлийн үед баавгай айл хот руу дайрч, хүн гэмтээсэн гэдэг мэдээ их гарах болсон. 
Майхнаа босгох газраа сонгох гэж хөөрхөн удсан. Хажуудаа жижигхэн горхитой газрыг сонгосон. Байнга л уншиж байдаг, дэлгэц ширтэж байдаг бид тархиа, нүдээ амраачих санаатай хажуугаар нь. 

Наадамлаж байна гээд идэж уухдаа гол нь биш амрах санаатай байсан хэдий ч идэж уусаар байгаад л таарсан. Хэ хэ. Гэхдээ нэг өдөр сайхан мод, усны хажууд өнжиж, хоносон тул сэтгэлд өег байлаа. 

Заримдаа боддог юм, манай баярууд их ажиллагаатай, нүсэр, идэж уух нь дийлддэггүй гэж. Хоолнууд нь ч ажиллагаа ихтэй тийм ээ. Япончуудын будаагаа агшаагаад л багахан хольцтой аваад гарчихдаг нь нэг бодлын их амар санагддаг. 

Миний санаа бол зүгээр л горхины хажууд, модны сүүдэрт сайхан хавтаад, суугаад номоо дэлгэх. Нэг бол буу халж сууснаа зүүрмэглэх. 
Бид гэр гэртээ хуушуур хийж идсэн. Ууландаа ирж мах шарж идсэн. Мартаж санасан зүйл ихтэй, түүнийгээ хэд хэд очиж авч ирсэн. Блтгэлээ жаахан муу базаалаа. 

Дараа дараагийн цугларалтлаа анхаарна аа. 

За хамгийн гол хэлэх гэсэн санаа минь ой мод гээч зүйл ямар их хэрэгтэй болохыг л биеэрээ мэдэрсэн тул эндээ бичиж үлдээмээр санагдав. Ирээдүйд мод тарих гэсэн мөрөөдлөө мартчихаж магадгүй тул. Хэ хэ. 

Эх орондоо харихдаа ганц нэг мод тарина даа гэж мөрөөддөг юм өө. Зүгээр биз дээ? Нас ахих тусам алт мөнгө гэхээсээ илүү байгаль руугаа тэмүүлдэг гэж ярьдаг нь үнэн бололтой дог шүү. 

Та бүхэнд ч гэсэн мод тарих боломж, мөрөөдөл байдаг бол заавал мод тариарай гэж хүсье. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年7月19日土曜日

Чөтгөрийн бясалгал

Саяхан томилолтоор явахдаа галт тэргэнд уншсан ном. 6 сард ажлаар эх орондоо очихдоо авчирсан жижигхэн номнуудын нэг. Өнгөрдөг жил бас харьчихаад ирэхдээ "Хол биш" номыг нь авчирч байлаа. Сонгосон шалтгааны нэг нь жижигхэн. Цүнхлээд явахад амар. Яаж ийгээд л ачаа илүү гарчихдаг тул аль болох жижиг ном сонгоно. 

Харин ажлаар ч юм уу? Аялалаар ирж буй найз нөхөд, танилдаа зузаан том ном дайна.

Муухай "чөтгөрлөг" байгаа биз? Ийм муухай чөтгөрлөг зан гаргадаг нь байна аа даа? Тэд ачаа багатай ирдэг юм аа.

Эндээс худалдаа хийнэ гээд монголоос аль болох хоосон цүнхтэй ирдэг юм аа. Хэ хэ.  
За тэгээд номын агуулга аяа бас л зэвүүн гэж хэлэх ч багадахаар. Монгол хүмүүс минь уужуухан, гүндүүгүй, хүний мөс, хүнлэг зан чанараа хаана гээчихсэн юм бол? 

Хүн ийм муухай байж болох уу? Чаддаг л юм байх даа? 

Хүний наймааны золиос болсон охид, охиноо алдаад, олон хоног хайсны эцэст олоод, хариуцлагыг нь, шийтгэлийг нь хүртүүлэх гэж ганцаараа тэмцээд чадалгүй, хэн нэгний гарт амиа алдчихдаг аав. 

Сайн найз гэж итгэж явсан "найз"-даа хамаг үнэнээ ярьж, зовлонгоо хуваалцдаг байсан нь өөрийг нь маш эмгэнэлтэй хувь зохиолд хүргэх эрсдэл ч нуугдаж байдаг байх нь... 

Чихэндээ ч нүдэндээ ч итгэмээргүй зүйл олон байлаа. Араатанлаг. 

Араатанлаг гэдэг үг ч гоёдохоор юм байна аа. Бид нүдэн балай, чихэн дүлий байсаар сурчихаж. Яг өөрт минь тохиолдоогүй тул мэдэхийг ч хүсдэггүй юм байна. 

Өөрийн охидоо, өөрийн хүүгээ тэдгээр олон олон "золиос болсон хүүхдүүд"-ийн оронд гээд төсөөлөөд үзэх гэж оролдов. Төсөөлмөөргүй, чадмааргүй, бүр яагаад ч оронд нь тавьж бодмооргүй байлаа. Үнэхээрийн чадамгүй юм билээ. 

Өөрийн бие, эрүүл мэнд, цаг хугацаагаа золиослон байж монголд болж буй аймшгийн, зэвүүцмээр, ёс бус, хүний ёсноос гажууд, чөтгөрлөг, хүний мөсгүй үйлдлийн талаар бидэнд мэдүүлэх гэж, бидний сонорт хүргэх гэж, биднийг ойлгоосой гэж, биднийг тэмцээсэй гэж хүссэндээ л байх даа...

Та бүхнийг заавал нэг уншаасай гэж хүсч байна. Уншаад л өнгөрөх биш дор бүрнээ бага багаар өөрийн хэмжээнд тэмцээсэй гэж хүсч байна. 

Би эндээс хамаатан садныхаа хүмүүст хүүхдүүдээ, охидоо анхаарлаасаа алхам ч  холдуулж болохгүй гэж захиж хэлж байна аа. 

"Чөтгөр гээд байгаа маань чөтгөр ч биш, ерөөсөө л бидний өөрөө өөрөөсөөнуусан үнэн дүр төрх. Яаж ч нуусан байж л байдаг, мартъя гэвч мартаж чадаагүй тийм л зүйл. Түүнээс зугтах тусам зүрхэнд ирнэ. Түүнд ойртох тусам ходог одно. "

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. Амьдадаа бие биенээ хайрлацгааяа. 

2025年7月18日金曜日

Хааны зуслангийн ордон

Японы Цог жавхлант эзэн хаан эх оронд минь айлчлан буйтай холбоотой би ч бас эндээ ганц нэг өгүүлбэр тэрлэх гээд л. 

Гэж эхлээд бичиж оруулах гэсээр байтал эзэн хаан минь буцаад, халуухан сэдэв өндөрлөчихлөө. 

Мөн наадмын шүүмжүүд ч эхэлчихсэн. Би ч юугаар дутахав. Гаднаас нь харж буй тул бид асар их мөнгөөр баярлаад байна аа. Үргүй зардал их гаргаж байна өө. Яг хэрэгтэй зүйлдээ мөнгөө зарж чадахгүй байна аа. 

Тунгааж бодно биз дээ? 

Нэлээд дээхэн эзэн хааны зуслангийн ордны гадаах цэцэрлэгт хүрээлэн. Үүнийг тогтмол арчилдаг, тусгай цэцэрлэгч ажиллуулдаг. Цөөрөмд нь мөрөг загас байдаг. Хаа нэгтээ түүхэн кино авахдаа ашигладаг гэж дуулсан. 
1907 онд баригдсан ордон. Тухайн үеийн ханхүү ирж буудалладаг байсан. Хожмоо эзэн хаан болсон. Орчин үед элдэв арга хэмжээ зохион иргэддээ үйлчилдэг. 

Энэ өдөр хоёр дахь зулзагын сургууль хорооны оршин суугчдад зориулсан дуу, бүжиг, найрал хөгжмийн бяцхан тоглолт үзүүлсэн. 

Яг энэ цагаан ордон засвартай байсан. 

Энэ удаагийн суугуул нутгийн эзэн хааныг сайхан хүлээж авсанд тун их баяртай байна өө. Тусламжийг нь зөндөө л хүртэж байгаа улс. Ингэж хэлэхээр тархиа угаалгачихаж гэж хэлэх хүн байдаг. 

Дотроо байгаа сонин сонин "олны танил"-даа тархиа угаалгаад байгаа шүү л гэж хэлмээр байдаг даа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年7月9日水曜日

Софийн ертөнц 3

Үргэлжлэл. Энэ удаад гоё гоё ишлэлүүдээс нь ганц нэгийг түүв.

"...хэрэв хүмүүс өөрсдийн дотоод эргэцүүлэн бодох чадвараа ашиглах юм бол хүн бүр философийн үнэн мөнд хүрч болно. Эргэцүүлэх чадвараа буюу логик ухаанаа ашиглана гэдэг нь өөрийнхөө дотоод руу өнгийж, тэнд байгаа бүхнийг дайчлан ашиглана гэсэн үг юм." 

"Философич гэдэг нь жинхэнээрээ "мэргэн ухаанд дурлагч" гэсэн утгатай үг."

 "Жинхэнэ философич гэж маш багыг мэддэгээ сайн мэддэг учраас жинхэнэ сэхээрэлд, жинхэнэ ойлголтод хүрэхийн төлөө байнга чармайж явдаг хүнийг хэлдэг юм."

"Философич гэж олон зүйлийг ойлгож амжаагүй яваагаа мэддэг, үүндээ сэтгэл нь зовдог хүнийг л хэлдэг юм." 

Философич Плато нь "Эмэгтэйчүүдээ сургаж боловсруулдаггүй улс гүрэн бол зөвхөн баруун гараа л дасгалжуулдаг эрчүүдтэй адил." хэмээсэн нь үнэхээрийн супер байлаа. Гэхдээ өдгөө эрчүүдээ бас сургаж боловсруулмаар л болчихсон тийм ээ? 

"...Өнөөдрийн би өчигдрийнхтэйгөө адилгүй. "Энэ бол минийх" гэж юуг ч би хэлж чадахгүй. "Энэ бол Би" гэж би бас хэнийг ч хэлж чадахгүй гэж Будда хэлсэн. Өөрөөр хэлбэл, "Би" буюу хувирч өөрчлөгдөшгүй "Би" гэж үгүй."

"Философийн хүлээдэг гол үүргийн нэг нь хүмүүсийг яаран дүгнэлт хийхгүй байхыг сануулах юм. Энэ нь олон янзын мухар сүсэг рүү хөтлөх талтай учраас тэр."

"Дээр минь одот тэнгэр, дотор минь моралийн хууль." Э.Кант

"...Шинэ бүхэн сайн байх албагүй, хуучин болгоныг авч хаях ч учиргүй."

"Өнгөрсөн үеийнхээ үнэт зүйлс гэж үзэж байсан зүйлийн талаар жаахан шүүмжлэлтэй хандах нь чухал шүү."

Гэх мэтчилэн ухаж төнхвөл нэлээдийг бодогдуулах, эргэлзээ төрүүлэх онол, санал, үзэлтэй зөндөө таарна. Нэг бүрчлэн ухаад суувал цаг ч их орохоор, толгой ч их эргэхээр...

Ажилдаа ирж очихдоо алхангаа уншиж буй номынхоо тухай эргэцүүлнэ. Энэ алхах чинь их зүгээр юм өө. Заримдаа дуу аялана. Өдөр бүр 30 хэмээс дээш халаад, дуу аялангаа алхаж байна гэхээр цоглог байна уу? Хэ хэ. 

Аливааг харах өнцөг шүү дээ. Халуун байна гэвэл халуун, сэрүүхэн байна гэвэл сэрүүхэн. Ядарч байна гэвэл ядарна, цоглог байна гэвэл цоглог болно. Тархи гээч эрхтэн чинь их амархан хууртагдагддаг гээ биз дээ? 

Гэснээс номын төгсгөл их сонирхолтой байсан. Софи охин болон философич хоёр Хилде охины аавын бичсэн номын баатар болж хувирсан. Сүүлдээ энэ үе тэнгийн охидын яг хэн нь бодит, хэн нь номын дүр болох нь толгой эргүүлсэн ч гэсэн амжилттай уншиж дууссандаа баяртай байна өө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年7月8日火曜日

Чавганы дарс

6 дугаар сард хийсэн л дээ. Энэ жил үмэ буюу ногоон чавга сайхан арвин ургасан жил боллоо. Хэд хэдэн таньдаг өвөө нар үмэ жимс хэрэгтэй юу гэж асуусан. Би чинь энэ жил ургац арвинтай, өө тэр өвөөгөөс авчихсан гэж даналзаж энэ тэр. Хэ хэ. 

Ургаагүй жил нь царай алдаад л асуудаг юм байж. Хо хо. 

За тэгээд үнэгүй зүйлд нугасгүй, шуналтай хүн чинь очиж модноос нь арвин ихийг түүсэн. 

Жигмэд Тогмид хоёр жимсэнд хамт явжээ. 

Түүсээр байгаад бидний сав нь дүүрээд буцжээ. 

Гэж дууланхан, биесийнхээ шуналтайг гайхан гайхан түүсэн. Бид гэдэг нь хань ижил, би, гуравдахь зулзага гэсэн бүрэлдэхүүнтэй. Хоёрдахь зулзага бидэнтэй хамт явахаа байсан, өөрийн гэсэн ертөнцдөө умбанхан шумбанхан яваа. 

Модонд нь авираад түүсэн зураг бий л дээ. Түүнийгээ оруулах гэхээр зориг хэрэгтэй. Ха ха. 

Үүнээс ч олон шил байсан. Заримыг нь хоосон чигээр нь үлдээсэн. Учир нь миний монгол явах ажил давхцаад. Дахиж уулнаас түүж ирээгүй. Бага зэрэг үлдсэнийг нь хань ижил л гүйцээж, дарс, жимс болгосон. 

Яг гардаж дарс хийхийг нь ихэвчлэн хань ижил хийдэг юм өө. Би хийдэг гэж худлаа хэлээд яахав. Гэхдээ бэлтгэл ажлыг бол би сайн хангана өө. Жишээ нь шилээ угаах, түүж авчирсан жимсээ угааж хатаах, дэлгүүр хоршооноос мөсөн чихэр зэргээ худалдаж авах гээд л. 

Энэ бүгд арын ажлыг нь мэдэхгүй хүмүүс хань ижлийн л ажилсагийг гайхаад байхыг яана. Ха ха. "Ингээд л миний нэр байдаггүй" гэгч болно дөө, хаая ч.  
Монгол цагаан архиар ногоон чавга жимсээ дарахаар илүү гоё амттай болно. Уухад зөөлөн. Тийм болохоор бид манайд ирсэн найз нөхдийнхөө, зочдынхоо өгсөн цагаан архийг маш сайн цуглуулдаг. 

Угаасаа цагаан архи уудаггүй л дээ. Хаа нэгтээ л монголоос ирсэн гийчидтэйгээ хальт амсдаг. Би бол огт уухгүй ээ. Улаан дарсандаа үнэнч. Шар айраг ч нэг их уухгүй. 

Энэ зураг дээрх архины тоо бол зүгээр л наад захын жишээ шүү. Өөр зөндөө байсан. Бүгдийг нь "үмэ шю" буюу ногоон чавганы дарс болгочихсон. Амттай сайхан болог ээ. 

Овоо хэдэн шил суллаж хаялаа, архиа хадгалдаг газар минь овоо цэгцэрлээ. Дахин архины цуглуулгаа үргэлжлүүлнэ дээ. Сая монголоос наашаа ирэхдээ бас ганц нэг архиа үлдээчихсэн. Ачаа ихдээд. Дараа авчирна, аавыгаа битгий уучихаарай гээд байгаа юм аа. Наргиа шүү. Ха ха. 

Манайд ирвэл дарстай л угтах нь байна, та нарыг. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年7月7日月曜日

Софийн ертөнц 2

Энэ зузаан номыг үргэлжлүүлж бичихгүй бол алдас болох байх тийм ээ? 

Софи охин ээжээсээ нууцаар захидлаар харилцах гэж хөөрхөн л юм болно. Ээж хүн тэгээд агуу юм дөө. Үр хүүхдийнхээ нэг л биш, нэг л догдлонгуй байгааг мэдэрч л орхино. 

Тэгээд л ургуулан бодоод хардаж эхлэнэ. Нийлж буй найзууд нь, уулзаж учраад буй хөвгүүн нь гээд л ургуулан бодоод санаа зовнино. Хэ хэ. Би ч ээж хүн тул хамгийн түрүүнд Софийн ээжийн бодож буйг бодно, хардаж буйтай нь адил хардана. 

Захидлаар ирсэн асуултуудын эхэнд

1. Чи хэн бэ? 

2. Дэлхий хаанаас үүссэн бэ? 

3. Амьдралд юу хамгийн чухал вэ? 

Эдгээр асуултыг уншаад, тухайн цаг үеийн философичдын үзэл бодол, итгэл үнэмшлийг унших их сонирхолтой байлаа. 

Өдий насандаа уншихад шүү дээ. "Аан ийм өнцгөөс харахад ийм юм, аан тэр өнцгөөг харахад тийм юм" гэж өөрийн эрхгүй бодогдоно. Учир нь энэ асуултуудын тухай ингэж философич сэтгэлгээгээр хандаж, эргэцүүлж байсан удаа байхгүй. 

Ямартай ч нэлээд шашинлаг эргэцүүлэл бол хийж байсан. "Зүүний үзүүр дээр будаа тогтсонтой адил зүйрлэшгүй ховор хувь тохиол болох хүмүүн заяаг олж төрсөн тул утга учиртай амьдрахгүй бол" гэдэг ч юм уу?  

Бид тэр бүр философич сэтгэлгээгээр аливааг эргэцүүлж, тунгааж чаддаггүй, энэ тухай хүүхдүүдтэйгээ ярилцаж чаддаггүй тул энэ номыг хамтдаа уншаад, хамтдаа ярилцаж болох юм тийм ээ? 

Хоёр дахь зулзагатаа санал болгосон. Япон хэлээр унших тул, шууд очоод зээлсэнгүй. Номын санд бол байдаг шиг байна лээ. Нэг зээлж ирээд, ширээн дээрээ хэсэгтээ "хөглөрүүлнэ"-дээ. 

"Сайн философич болохын тулд бид аливааг гайхах чадвартай байх хэрэгтэй." 

"Чамайг би мэдлэгт тэмүүлсэн, оюун ухаантай, түүнийхээ үр шимийг хүртэж, утга учиртай амьдралаар амьдраасай гэж хүсэж байна."

Эртний философичдын үзэл бодол, гаргалгаа зэргийг дарааллаар нь тайлбарлаж бичсэн тул их л олон үе үеийн философичдын тухай гарна. Өмнө нь уншиж байсан хүн ч гарна. Нэрийг нь огтоос дуулж байгаагүй хүн ч гарна. 

За тэгээд зөндөө л гоё гоё үндэслэл, онол гарна. Бүгдийг нь л бичиж үлдээмээр блогтоо. Ямартай ч номон дээрээ шараар тодруулаад орхив. Чадвал үе үе сөхөж харна аа. 

Гэснээс ингэж сөхөж харна гэсэн ном зөндөө. Одоогоор нэгийг ньч сөхөж хараагүй. Учир нь шинэ ном олноороо өрөөстэй байна өө. Тэтгэвэрт гарахаараа сөхөж харах ч юм билүү? гэж мөрөөдсөөр. 

Дараагийн асуултууд. 

Хувь тавиланд итгэдэг үү?

Өвчин бурхдын гэсгээл мөн үү?

Түүхийн явцыг ямар хүчнүүд удирддаг вэ? 

За та нар юу гэж хариулах вэ? Би ч заримдаа хувь заяанд итгэнэ, заримдаа ч үгүй. Мөн өвчин ч ямар нэгэн үйлийн гэсгээл мэтээр хүлээж авах тохиолдол ч гарна. Хүн л болсон хойно. Сэтгэл санааны хувьд олон юм бодож, ухаан санаа орно оо гарна аа. Ха ха. 

Бас нэг зэвүүн бөгөөд гүн ухааны асуулттай таарна. 

Төрөлхийн даруу байж болох уу? 

Мэдэхгүйгээ мэддэг хүн хамгийн ухаантай...

Жинхэнэ ойлголт дотроосоо бий болдог.

Зөв гэж юу болохыг мэддэг хүн л зөв хийдэг.

Та нар бас л юу гэж боддог вэ? Гэх мэтээр баахан асуулт, түүний хариулт, эдгээр асуултуудын тухай эргэцүүлэл хөврөнө. Унших тусам толгой эргэнэ. Хэ хэ. 

Дараа дахин үргэлжлүүлнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年7月6日日曜日

Суугуул нутгийн аялал жуулчлал

Суугуул муж минь хүн ам цөөтэй, жижигхэн муж. Хүн амын тоо нь ч цөөрсөөр. Залуус нь хот газар явахаараа буцаж ирэх нь ховор. 

Гэсэн хэдий ч би энэ нутагтаа дуртай, хайртай. Олон л шалтгаан бий. Байгалийн гамшиг цөөн. Даисэн гэдэг өндөр хайрхан нь хар шуурга гэх мэт байгалийн гамшгаас хамгаалдаг гэж үздэг. 

Хүнсний бүтээгдэхүүн нь амттай. Жимс нь илүү амттай. Зураг хөргийг минь үзсээр байгаад та бүхэн ч мэдэх байх дөө. Би чинь жил бүр л жимсний зураг оруулдаг даа. 
Лийрний музей дэх лийр жимсний сахиус Нашший. 7 сарын 4-нд төрсөн өдөр н тохиосон. Хэ хэ. Тэр өдөр лийрний орцтой мөхөөлдөс 100 иенээр хямдарсан байв. 

Худалдааны жимсийг заримдаа голдог.Үнэн цамаан байна уу? Оригоор нь газар дээрээс нь аваад идээд байхаар бусад газрын худалдааны жимс цаанаа л нэг амт муутай санагддаг болчихдог шүү. Ойлгоорой. 

Жишээ нь хойд нутгийн Аомори мужийн алим гэвэл их амттай байдаг. Энэ мэтээр нутгийнхаа бүтээгдэхүүнийг брэнд болгочихдог юм.

Эх орон минь тун удахгүй ийм болох байх өө. Тэр аймагт үйлдвэрлэсэн, тариалсан бүтээгдэхүүн гээд л. Төв аймгийн, Булган аймгийн, Сэлэнгэ аймгийн гээд л тийм ээ? 

Би та нарт их гоё бизнес санаа өгөөд л байгаа шүү. Хэ хэ. Нэг зүйл уншаад, түүнээсээ санаа авдаг, суусан газраасаа шороо атгадаг байгаарай. Би шороо байтугай чулуу атгах гэж хичээгээд л яваа шүү. Хо хо. 

Саяхан шинээр ажилд орсон гадаад ажилчдаа аваад мужийнхаа аялал жуулчлалын газруудыг үзүүлсэн. Би ч яахав өмнө нь зөндөө үзсэн ч дахин үзмээр байна гээд хамт явсан. 

Аминдаа шинэ соргог зүйл олоод сонсчих санаатай. Мөн шинэ ажилчидтайгаа дотно танилцчих санаатай. Тэгсэн солонгосчууд нь дуу муутай. Хятадууд нь гайгүй. Би л ганцаараа аманцар нь. Хэ хэ. Сүртэй ярьж хөөрсөнгүй ээ. 
Лийрний музей жилийн турш 3 төрлйн сортын лийрний амталгаа үзүүлдэг үйлчилгээтэй. Тусгай хэмд хадгалдаг гэсэн. 

Жижигхэн муж минь аялал жуулчлалынхаа салбараар л орлого олж, жуулчдыг татах гэж үзэж тарж байна. 

Та бүхэн ч манай нутгаар заавал ирээрэй. Надтай уулзмаар байвал уулзаж болно шүү. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年7月4日金曜日

Софийн ертөнц

5 дугаар сарын маш хөөрхөн ном. 700 шахам хуудастай. Тэгсэн ч маш урамтай уншигдана. Удахгүй дуусгана даа. Тэгэхгүй бол 6 дугаар сарын ном хүлээгээд байна. Хэ хэ. 

Гээд бичиж эхлээд орхисон байв. 6 дугаар сар дуусаад бүр 7 сар гарчихлаа. 6 сарын ном энэ номыг бодвол арай нимгэндүү ном байсан тул энэ сар хоёр ном унших ёстой болов. 6 дугаар сарынхаа номыг, 7 дугаар сарынхаа номыг. 

Дундуур нь дугаар дайрч урдуур орох гэж зүтгэдэг ганц нэг номыг уншина. Ингээд бичихээр би ч яаж амжуулаад байна аа тийм ээ? Гэхдээ амжуулдаг хүмүүсийн хажууд өчүүхэн шүү дээ. 
Энэ ном байна аа даа нуль философи. 10 жилд байхдаа нийгмийн хичээлдээ тийм ч муу байгаагүй, тийм ч сайн байгаагүй. Гэхдээ багш нь надад тун дажгүй ханддаг байсан. 

Дурсамжаа эргэн санахад оюутан болохоор конкурс өгөхдөө нийгмийн шалгалтандаа бүтэн оноогоо авсан буюу 3 шалгалт дундаас хамгийн өндөр нь байж билээ. 

Мөн үе үе суут хүмүүсийн мэргэн үгсийг энд тэнд их бичиж, ярьдаг болсон доо. Мэддэг хүний тухай ч гарна. Нээрээ нэг ийм философич хүний тухай үзэж байсан даа, уншиж байсан даа гэж бүдэг бадаг л санах. 

700 гаран хуудастай зузаан ном тул тувт цүнхэлж явна. Янз бүрийн л газар хамтдаа зураг дарсан. Бүр монгол явахдаа хүртэл цүнхлээд явчих санаатай байсан ч ачаа минь яаж ийгээд л дүүрчихдэг болохоор орхисон. 

Харин сэтгэл санаа бол Софитой хамт л философийн ертөнцөд л явсан. 

Олон зүйлийг тунгаан бодоход хүргэнэ. Ялангуяа Софитой нас чацуу залуухан охид, хөвгүүд уншвал ихээхэн ач холбогдолтой, их зүйлийг эргэцүүлэн бодоход хүргэх агуулгатай ном байлаа. 

Эцэг эхчүүдэд, сурагчдад уншихыг зөвлөх номны нэг байлаа. Агуулгыг нь ярих илүүц мэт боловч хожим өөрөө санаж байхаар ганц нэг зүйлийг бичнэ ээ.

Тун удахгүй 15 нас хүрэх гэж буй Софи охинд үл мэдэх нэгнээс нэгэн захидал ирнэ. Тэрхүү захидалд "Би хэн бэ?" хэмээх асуулт бүхий. Асуултын тухай эргэцүүлэн бодох багахан хугацаа өгнө.

Хариулт нь маргааш өдөр нь ирнэ. Мэдээж хариулт нь яв цав доторхой хариулт биш хэд хэдэн өнцгөөс харж тайлбарласан байна. 

Ийнхүү Софи охин болон түүнд захидал илгээх философич хоёрын аливааг эргэцүүлэн тунгаах, ярилцах, мэтгэлцэх, хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх гэсэн аян эхэлдэг. 

Софи охиноор уншигч биднийг төлөөлүүлсэн мэт. Өдөр алгасалгүй ирэх захиагаар философийн адармаатай агуулгыг энгийнээр, хамгийн гол  нь уйдаахгүйгээр тайлбарлаж, ойлгуулах гэж, ухуулах гэж, эргэлзэнгүйгээр хандуулах гэж  бичсэнээрээ тун догь ном санагдлаа. 

Явцын дунд бас нэгэн охин гарч ирнэ. Энэ тухай үргэлжлэл бичвэртээ бичнэ ээ.  

"...бодит амьдралд бидний итгэж үнэмшиж ирсэн олон ойлголт дутуу дулимаг, худал хуурмаг, утгагүй байх магадлалтайг харуулна. Эгэл жирийн, гүндүүгүй сайхан гэж бодсон яриа хүртэл маш аюултай солиорол байж болдог нь ч үүний жишээ." 

"Философич болох нь мэдэхгүйгээс эхтэй. Асууна гэдэг нь мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрнө гэсэн үг."

"Гол нь аливааг мэдэхгүй байх нь муу биш, харин мэдэхгүйгээ мэдэх, үүн дээрээ үндэслээд цааш хэрхэн хөдлөх нь л чухал."

"Философийн хэлийг нутагшуулахын тулд бид амьдралд философичоор хандар хэрэгтэй. Бид бүгдээрээ асуух хэрэгтэй. Яагаад? гэж. Цааш ахин дахинасуух хэрэгтэй."

Оршлыг уншихад л асар их философи үнэртэж байгаа биз? 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年7月3日木曜日

Амжилттай

30 минутын минь яриа дажгүй болсон. Хүмүүсийг инээлгэж, аяга угаагчаа бэлэглэж, хэрэндээ л хичээлээ. Миний нэр ус яахав ээ? Монгол гэдэг 6 үсэгний минь нэр төр хаа юм бэ дээ, тийм ээ? 

Ядаж байхад сүүлийн үед энд Япон улсад элэг нэгтнүүд минь хулгай зэлгий, дээрэм тоноон, зодоон цохио их үйлдээд байх болжээ. Уур хүрч уушги савсайх л юм. 

Эцэс сүүлд нь 3.5-хан сая хүмүүсийг аятайхан амьдруулчихаж чадахгүй байгаа төр засагтаа буруугаа чихэх юм дөө. Яалтай? 

Нүүр номоос аваад ирсэн. Уншиж чадсан юм чинь. Хэ хэ. 

Гэснээс төрийн албан хаагчдын нэрийн хуудас крилл үсэг, хуучин монгол бичгээр гээд ар өвөрт нь бичсэн байсан. Би сая ганц хоёр хүнтэй нэрийн хуудсаа солилцсон юм. 
Өөрийн нэрийн хуудастаа нэммээр санагдав. Хо хо.

Ажлаа амжилттай гүйцэтгэсэн би сэтгэл ханамж 200 хувь. Энэ тухайгаа блогтоо мөнхлөх санаатай орж ирсэн юм аа. 

Халууныг эс тооцвол гурван хятад, хоёр солонгос хүмүүст хичээл заачихсан гээд бодохоор "монгол хүн өөр шүү" гэж омогших уу? 

Энэ айхтар халуунаас зугтаад дахин нэг монгол явчихаад ирэх юмсан дөө...

Ханэда нисэх онгоцны буудал. Наашаа ирдэг өдөр дарааллаа хүлээж нэлээд удсан байдаг юм. Дотоодын, гадаадын гээд л ээлжилж нисээд байсан. 

Аяга угаагчаа тараасан. Бүгд баярлалаа гээд авсан. Бүр болоогүй даргадаа, даргын туслахдаа ч өгөөд амжсан. Дараа бусад ажилчиддаа ч нэхэж өгнө дөө гээд бодчихсон яваа. 

Өдөр бүр нэхдэг, зав л гарвал хоёр зүйл барьж авдаг. Нэг нь энэ аяга угаагчийг нэхэх, нөгөөх нь ном унших. Энгийн дадал минь болчихсон. Энгийн бус дадалтай болно доо тэгж байгаад. 

Та бүхний энгийн бөгөөд гайхамшигт дадлыг чинь сонсмоор л байна шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年7月2日水曜日

Шинэ сартайгаа мэндлэе

7 сар гарсан тул мэнд мэдэв. Энэ сар ямартай ч наадамлана. Хорхог хийх үү? Хуушуур хийх үү? Ярилцаж л байна, манай фракцынхан. Ха ха. 

Наана нь хувьсгалын ажил нэлээд бий. Нэг дээр нь би 30 минутын яриа хийнэ. Дараагаар нь эндхийнхээ аялал жуулчлалын газруудаар явж танилцана. Угтаа мэддэг газрууд боловч ажлаар яваагүй уджээ. 

Шинэ соргог зүйл олж сонсоод, хойшдынхоо ажилд тусгаад явна гэсэн үг. Мөн зураг хөрөг ч дарна. 

Ирэх 7 хоногт мужийнхаа захирагчтай уулзана. Надаас гадна хоёр солонгос ажилтан. Шинээр ажилд орсон бидэн гурвыг мужийн захирагч хүлээж авч уулзах юм. Юу ярьж хуйхаа маажна аа. Хэ хэ. 

Нэг их олон юм яриулахгүй л дээ. Хичээгээрэй, хичээе ээ гээд л дуусах байх. 

Хамгийн их хүлээлттэй, бүр тэсэн ядаж буй нь сая хамт монгол явсан хэдтэйгээ уулзах өдөр. Өдрийн арга хэмжээ дуусгаад орой нь томчууд бид шар айраг тулгана. 

Дуртай гар чинь одооноос догдлоод, хоног тоолоод л сууж байна. Мөн тэдэндээ өөрийн нэхсэн аяга угаагчаасаа бэлэглэнэ гээд бэлдээд тавьчихсан. 

Гэснээс би энэ аяга угаагчаа ойрд маш олноор нь хүмүүст бэлэглэж байна. Монгол руу бараг 100 ширхэгийг авч явсан. Хүсэн хүлээдэг та нартаа баярлалаа. 

30 минутын яриа хийх арга хэмжээндээ ч мөн адил нэхээд, бэлэгний уутанд хийгээд бэлдчихсэн. 10 уут, нэг уутандаа 3 ширхэг. Үнэн хоббитой байна уу? Дуртай зүйлээ хийхээр цаанаасаа бүр нэг аз жаргалын даавар ялгараад байгаа юм. 

Дандаа ууж иднэ ч гэж юу байхав дээ? Тийм үү? Монгол улсынхаа, монгол хүний нэр төрийг цэвэр цэмцгэр авч явах гэж хичээж л явна дөө. 

Төр ариун бол...

Охид ариун бол... 

Хо хо. 

Болдог бол бүх уншигчиддаа ч гэсэн нэхэж бэлэглэх юмсан. Энд тэнд таарвал блогийг чинь уншдаг, аяга угаагчнаасаа гээд нэхээрэй. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.