2025年11月11日火曜日
Эмсгүй эрс
2025年11月1日土曜日
Шинэ сарын мэнд ээ
Зээ, шинэ сарын мэнд ээ. Хоёрхон сарын сарын дараа шинэ он гарлаа шүү дээ. Ямар хурдан өнгөрч байна аа, энэ цаг хугацаа.
Юу амжуулав? Ямар өөрчлөлт гарав? Гээд л хүмүүс дүгнэдэг сар айсуй. Эх оронд минь баахан шилдгүүдээ тодруулна. Суугуул нутагт маань цалингийн урамшуулал авдаг.
Даанч миний цалингийн тогтолцоонд шагнал урамшуулал байхгүй. Худлаа юм шиг сонсогдож магадгүй, өмнөх ажил минь ч тийм байсан.
Энэ мөнгөн шагналын тогтолцоо таалагддаг. Хүн гэртээ хэрэгцээтэй, үр хүүхдэдээ хэрэгцээтэй зүйл худалдаж авахад зориулна. Эсвэл ирээдүйдээ зориулж хадгаламж үүсгэнэ.
Гэтэл эх оронд минь явуулдаг баахан л шилдэг гэсэн тэмдэг, жаазтай жуух бичиг нь үр ашиггүй зарлага гэж санагдаад байдаг юм. Сүүлийн үед мөнгөн урамшуулал өгдөг газрууд олширсон гэж сонссон л доо. Нүүрномоос харж байхад том том жаазтай цаас барьсан хүмүүс харагддаг болохоор, тийм л төсөөлөл байна өө.
Зулзагууд Санта өвөө ирнэ, ирэхгүй гэж ярилцаад эхлэв. Ангаргаас ирсэн зулзага минь үзэгний сав нь муудсан тул захиалж байх шиг байна лээ. Гэснээс энэ ангараг гарагийн улсууд юмыг "эвдэх" одонд төрсөн байдаг уу? Хүрсэн, хэрэглэсэн болгоноо эвдээд байна. Ха ха.
![]() |
| Хөндлөн зураг: Галын дөл өөдөө. |
Сугараа ирсэн нь ч яахав, ижий нь өөрөө сугараас ирсэн юм болохоор ойлгоод ч байх шиг хүссэн зүйлийг нь. "Бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө" гэсэн байгаа. Би ч мөнгөнд дуртай, мөнгө ч надад дуртай. Тэгэхээр болгоно доо, амжуулна даа.
Мөн Крисмасын баяраараа идэх бялуу, тахианы мах захиалах юм гэсэн, эртхэн шиг.
Япон улс нь түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болж, өнөөх нь Трампыг эх орондоо дуудаад уузлах шив дээ. Хэ хэ. Гэтэл эх орон минь нэг л биш ээ. Хааяадаа гэр лүүгээ залгах юм. Тоггүй л гэнэ, бинзенгүй л гэнэ.
Чаддаг бол бүгдийг нь энд аваад ирмээр. Ялангуяа жаахан маамаатай гэрийнхнийгээ. Ахмадууд бол ирэхгүй л дээ. Энд уйддаг, даардаг, хөрдөг, халууцдаг. Даралт нь хэлбэлзчихдэг.
Миний хувьд тэмдэглэлийн дэвтрээ сайн хөтөлж байгаа. Яахав болсон, тохиолдсон зүйлсээ л тэмдэглэж байна. Түүнээс нарийн ширийн данс тооцоо, мөрөөдөл, дадал, санхүү, манифест гэсэн зүйлсийг алгасчихаж байна өө. Толгойгоо гашилгахаас халшраад байх шиг...
Доторх жаахан хүүхдийнхээ хүслээр хөөрхөн хөөрхөн наадаг цаасыг бол маш идэвхитэй нааж байгаа. 100 иений дэлгүүр орохдоо заавал нэг наадаг цаас авдаг болсон бнай лээ. Уг нь бол аяга угаагч нэхэх утас л худалдаж авдаг юм.
Аан тийм, сэрүүсэх биш хүйтэрчихсэн. Айхтар халуунаас гэнэт хүйтрэх чинь хүнийг бээрэг болгодог юм байна. Даараад эхэлсэн. Нэг тийм налгар намрын өдөр барагтаа гаралгүйгээр өвөл болчих гээд байна өө.
За тэгээд он дуустал блогоо ч бичсээр л байх юм шүү гэж зорилт тавиад,түр баяртай.
Бүгдэд нь амжилт хүсье.
2025年10月31日金曜日
Шидэт мухлаг
Энэ сард ёстой чиг уншихыг үзүүлээд өгнө гээд л сэрсэн юмсан, сарын эхэнд. Тэгсэн хоёрхон ном уншиж дуусгаад, гурав дахь нь талдаа ч ороогүй сэрэв, сарын төгсгөлд.
Энэ чинь одоо ариун явдал уу? Хи хи.
Хувь хувьсгалын ажил их байна өө. Уншлагын цаг бага гаргаж байна өө. Хүлээн зөвшөөрнө. Огт уншдаггүй хүмүүсийг бодвол амжилттай ч, уншдаг хүмүүстэй харьцуулах ёстой тийм үү?
Хүн ер нь өөрийгөө сайн яваа, амжилттай яваа, хийдэг,чаддаг хүмүүстэй зүйрлэж, жишиж, тэднээс урам авч байж алхам алхмаар хөгжих байх.
Харин хэт их харьцуулахгүй байх тал дээр анхаарах...
"Бүри юниверсити"-гийн нэг дугаараас энэ номны тухай олж мэдсэн. Мань хүн ч чадварлаг ярина дөө. Мөн Батцэцэг байна. Энэ хоёрын танилцуулсан номны тухай бичвэрүүдийг нь аль болох алгасалгүй сонсдог.
Мэдээж уншчихсан номны тухай байдаг, сэргээгээд нэг сонсчихдог. Хоолоо хийхэд минь хань болдог доо. Баярлалаа, та хоёрт. Миний блогтой таарч уншихгүй л байх л даа.
Чадварлаг залуус олноор төрөн гараасай, улс эх орон минь хөгжөөсэй гэж бичдэг "аниа" нь байна өө. Хэ хэ.
Агуулгыг бичих гэхээр залхуу хүрээд байна. Тэртэй тэргүй та нар ютүбээр танилцуулгыг нь олоод сонсчихоорой.Таалагдсан ганц нэг санаануудаа түүж бичих үү дээ? Уламжлал ёсоороо.
Ямартай ч ар гэрийн хүндхэн нөхцөлд амьдардаг арван хоёрхон настай хүү их зөв хүнтэйгээ зөв цагт таарсан азтай юм даа гэж бодогдсон.
Хэрэв буруу замын нөхөдтэй таараад, найзлаад, уруу татагдсан бол одооны хэллэгээр за тэгээд дуус дуус, дуусцан хорвоо байх байсан болов уу ?
Эргэн тойрных нь хүмүүст азгүй явдал, золгүй явдал тохиолддог ч хүүгийн амьдрал "аз жаргалтай"-гаар? төгсөж буйд, нийгэмдээ хэрэгтэй хүн болон олон олон хүний амийг аврахаас гадна, ийнхүү ном бичин дэлхийн сая сая хүмүүст нөлөөлж буй нь талархууштай байлаа.
Хүү гэж хэлж байгаа ч мэс заслын их эмч Жэймс Р.Доти гэдэг хүний тухай шүү. Зохиолч өөрийн дурсамж намтраараа бидэнд хэлэх гээд байгаа гол санаа нь "Хүн гээч нь дан ганц тархиа бус зүрхээ ч мөн адил сонсдог болсон цагт мөрөөдлийн хайр, жинхэнэ хайр, энэрэл, нигүүлслийн дээд оргилд хүрэх гарцаагүй" гэдэг санаа байлаа. Тархи зүрх хоёр тэгэхээр салшгүй зүйл байх нь тийм ээ?
Тэр нэгэн зуны өдөр түүнтэй учирсан Рут хэмээх сайхан сэтгэлт эмэгтэй. Түүний хэлсэн ойлгуулсан нь түүнд хожмоо ид шид мэт үйлчилсэн тухай өгүүлнэ. Түүнийгээ "Рутийн ид шид" гэж нэрлэнэ. Тэрхүү ид шидээс дурдвал:
1. Биеэ суллах. Энэ нь дотроо 16 зүйлтэй. Хийгээд сурчихвал нээрээ л ид шид мэт амар амгаланг мэдрүүлэх байх. Одоогоор нэг л удаа хийж үзсэн. Байнга хийвэл ч тийм ээ?
"Амьсгал болоод тайван байдал нь оюун бодлоо хязгаарлаж сурах анхны алхам юм."
2.Биеэ суллах. Дотроо 4 зүйлтэй. Нэгт мэдээж дээрх биеэ сууллах дасгал орно. Өдөрт 20-30 минут хийж дадвал сайн.
"Оюун бодлоо хязгаарлаж сурсны ачаар бодол санаа тань цэлмэн гийх болно."
Би ч их олон юм бодно өө. Монголд байгаа ижий аав минь түлээ түлш нь гайгүй байгаа. Тэрний бие тэнхээ тааруухан гэж сонссон доо, гайгүй байгаа? Тэр ажлаа нэг амжуулчих юмсан. Зулзагууд минь...
Эцэс төгсгөлгүй үргэлжлэнэ.
3. Зүрх сэтгэлээ нээх. 11 зүйлтэй. Өмнөх хоёр дасгалыг хийнгээ энэ гурав дахь дасгалыг хийнэ.
Хүмүүсийг байгаагаар нь л хүлээх авах юм шиг байгаа юм. Тэр хүн ч чиний л адил алдаатай, оноотой, зүрх сэтгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй, мөрөөдөлтэй хүн гэдэг утгаар нь оюун санаандаа тэднийг хайрлах, хүлээн зөвшөөрөх, халуун дулаанаар булхуулах гэжээ.
Нээрээ ч тийм дээ гэж заримдаа бодно л доо. Гэхдээ л хачин хачин үйлдэл гаргаж, сонин сонин үг хэлсэн хүмүүст уур хүрдэг ч мартахыг хичээж л явна. Яг ч ор тас мартчихаж чадахгүй л байна. Хэ хэ.
Би ч өөрөө дэмбэрэл үг хэлчихдэг л байх л даа, санаандгүй. Бас л олон долоон зүйл ярьчихгүйг хичээж л байна. Хо хо.
Уучлах, талархах нь маш чухал гэж сүүлийн үед их л уншиж, сонсож байна тийм ээ? Талархахын хувьд өдөр тутамдаа бүхий л зүйлдаа талархахыг хичээнэ ээ. Зарим нэг зүйлд бол үглэнэ ээ үглэнэ, ээж эхнэр хүний хувьд.
4. Хүсэл мөрөөдлөө биелсэн мэтээр төсөөлөх, бодох. Ингэхийн тулд хүсэл, зорилго нь маш тодорхойлох. Мөн л 11 зүйлийн тухай бичсэн байна.
Ирэх жил эх орондоо амраад, хайртай хүмүүстэй уулзаад, хорхог боодог хийгээд, дуртай өрөм хайлмагаа идэж байна гэж маш тодоор төсөөлөөд, гол дүрд нь орчихсон, аз жаргалтайгаар эх орныхоо сэрүүхэн сэнгэнэсэн салхийг цээж дүүрэн мэдэрч байна өө. Яг хажуугаас нь ингэж өөрийгөө харан, нүүр дүүрэн инээмсэглэн зогсоно би.
Гэх мэтээр төсөөлөх нь байна шүү.
Цааш нь бичихдээ "тархины нууцууд", "зүрхний нууцууд" гэдэг бүлгүүд бий.
"Зүрхний цагаан толгой"-д өгүүлдэг нигүүлсээнгүй сэтгэл, нэр төр, уужуу чанар, уучлал, талархал, төлөв даруу зан, чигч шулуун зан, шударга ёс, нинжин сэтгэл, хайр гэдэг зүйлсийн талаар бичсэн байв.
Олон олон залуус уншаасай гэж хүссэн ном байлаа.
"Бядуу дорой амьдрал, балгачихдаг аавтай байлаа гээд би заавал буруу замаар орох албагүй. Амьдралын нэг хэсэг нь нурлаа гээд нэлэхийдээ нурсан гэсэн үг биш".
Үнэхээр тийм шүү. Хичээцгээе өө, бултаараа...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2025年10月29日水曜日
Хүүхдээ ойлгох ном 5
2025年10月28日火曜日
Кацүо сүм
Осака мужийн Миноо хотод оршдог “Кацүо сүм” буюу Ялалтыг бэлгэддэг сүмээр зугаалав гэж өмнө бичсэн дээ. Өнө эртний түүхтэй сүм юм байна. “Katsuo-ji temple” гээд хайгаад, уншаад судална биз дээ? Одоо ч тэгээд хурууныхаа үзүүрээр л дэлхийн мэдээллийг авдаг цаг үе шүү дээ.
Би ч ганц нэг хөөрхөн зурагнаасаа оруулах гээд л.
Өнөөх дарүма хүүхэлдэйг бол энд тэнд олноор нь өрсөн харагдсан. Үүнээс харахад жуулчдын тоо их гэдэг нь харагдаж байгаа биз?Манайхны Гандан хийдээр орж бүхий л зүйлээ даатгадаг шиг. Гэхдээ эдний лам нар сүсэгтэн олны өргөл барьцыг хэрхэн зөв заруулдаг нь ил тод.
Энэхүү тансаг, байгалийн үзэмж бүхий ногоон байгууламжийг харахад л ойлгомжтой байгаа биз? Нуур. Нууранд хийсэн усан оргилуур, тэжээдэг загас зэргээс харахад л манай лам нартай харьцуулшгүй, хөдөлмөрч, бурхандаа үнэнч, сүсэгтэн олноо хүндэлдэг, байгальдаа ээлтэй байгаа биз?2025年10月27日月曜日
Хүүхдээ ойлгох ном 4
Үргэлжлүүлж бичихгүй бол санаа амардаггүй ээ. Бие минь ажил дээрээн, гэртээн мөртлөө сэтгэл санаа минь блог дотроо эргэлдээд байна. Хэ хэ. Мөн номоо номын сандаа өрж тавихгүй бол санаа амардаггүй ээ.
Уншиж дуусаад номын сандаа номоо өрж тавих ч айдаа мөн чиг их сэтгэл ханамжийг мэдрүүлдэг тийм ээ? Уншдаг хүмүүсийн л мэдрэх сэтгэлийн таашаал байх даа...
"Гэр бүл, ойр дотны хүрээнд сайн үлгэр дуурайл байгаа бол тэр хүүхэд хамгийн азтай бөгөөд сайн хүн болох магадлал өндөр."
Үглэж дуулахаас илүүтэйгээр үлгэрлэх нь чухал гэж их ч уншиж байна дөө. Яг гэртээ ээж нь, аав нь үлгэрлэх гэхээр нэг л сэтгэлд буудаггүй ээ. Утсаа маажсан ээж аав хоёр л байгаад байдаг.
Яахав ээж нь үе үе ном шагайж үлгэрлэдэг байх. Орсон гарсныг дайлдаг цайлдаг нь бас нэг үлгэр байж магад. Манайх оюутны гуанз шиг байна тийм ээ? гэж нэг удаа зулзага хэлж билээ. Хи хи.
Гэрээсээ хол залуусыг өөрийн жаахан хүүтэйгээ зүйрлээд өө. Зарим нэг нь "өндөр ээж" гэж "өргөмжилсөн ч удаатай. Ооё.
"Үнэт зүйл өвлүүлэх...
Үнэт зүйл гэдэг бол ганц таны хүүхэд төдийгүй олон хүнд хэрэг болох, аль ч цаг үед хаана ч хүндлэгдэх сайхан чанар юм."
"Хаа нэгтээ түүхийн явцад монголчууд бид хулгай хийдэггүй байсан үндэсний үнэт өвөө мартаж гээжээ."
Энэ их харамсалтай тийм ээ? Би ч хааяа малчин ахуйгаа магтаж ярихдаа өргөө цагаан гэрээ цоожилдоггүй, данхтай цай боорцог нь бэлэн, аяншиж ундаассан хүн орж цай уучихаад явчихдаг соёлтой байсан гэж танилцуулна аа. Хулгай зэлгий байхгүй шүү дээ гэж ирээд л.
Даанч одоо цаг үед мартагдаад л байна гэж халаглахаа мартахгүй. Мөн Улаанбаатар хотод олон хөлийн газар түрийвч, мөнгө, гар утсаа алдав аа гэж байнга сануулж, бие хамгаалагч шиг нь явна шүү дээ...
Үндэсний үнэт өвөө сэргээх юмсан тийм ээ? Ядах байхад төрд байгаа ихэнх нь "хулгайч" болчихсон. Тэдгээрээс үлгэж жишээ авч буй хойч үе их гэж бодохоор...
"Хуультай танилцуулах...
Хүүхэд дагаж мөрдөж эхэлдэг анхны хууль нь Замын хөдөлгөөний тухай хууль юм.
Хүүхэдтэйгээ хуулийн тухай ярьж бай...
Хууль ойлгож сурах нэг ноу-хау хэлэхэд заргалдаж үз."
Хөөрхөн ноу-хау байна уу? Яаж ийгээд л нэг удаадаа заргалдаад үзчихэд хэрэгтэй л юм байна. Гэхдээ л шүүх цагдаагаар явах нь манай улсад бол хохирогч нь өөрөө хэрэгтэн болчих гээд байдаг сул талтай гэж их уншиж, сонсох юм дөө.
"Айл бүрт Моцарт бий. Тэд юу ажиглаж, юунаас суралцах вэ гэдэг нь л өөр. Гэхдээ гэр бүлийн гишүүд утсаа шагайгаад хоорондоо ярихгүйсуудаг бол хүүхэд хэнээс ч юу ч сурахгүй нь мэдээж. Харин гэрт нэгэн зүйл давтагдан болдог бол, тэр нь идэвхтэй ажил, хичээл бол хөгжмийн хичээд ажигласан гурван настай Моцарт хүү шиг л хүүхдэдээ гэрийн боловсролыг эрт эзэмшиж эхэлнэ."
Гэртээ зулзагуудынхаа нүдэнд гар утсаа бага маажих гэж хичээж л байна. Огт маажихгүй байна гэж байхгүй л дээ. Ямартай ч олон цагаар, удаан маажихгүй байх санаатай үзэж тарж л байна. Хаа нэгтээ нүдэнд харагдахгүй газар тавьчих чинь зүгээр юм билээ. Нүдэнд ил байвал гар өөрийн эрхгүй утас луугаа явчихна...
"Айл бүхэн давтагдашгүй боловсрол олгох орчин юм. Та хүүхдээ бусдаас онцгой байлгах гэж янз бүрийн давтлага, дугуйлан, сургалтаар хэт бүү ачаалаарай. Зарим цагийг гэртээ, гэр бүлээсээ суралцахад нь үлдээгээрэй. Тэгсэн цагт хүүхэд тань жинхнээсээ бусдаас онцгой нэгэн болж чадна."
За тэгээд гэрийн ажлын чухлыг ч өгүүлжээ. Хамгийн гол нь тухайн гэрийн ажил нь нэг их түүртэхээргүй, сэтгэл ханамж төрүүлдэг байвал сайн.
"Хүүхдийн нүдийг хар. Гялалзаж, гялтганаж байна уу? Тийм бол энэ хүүхэд маш сайхан амарч, хорвоогийн бүх юмыг сонирхож, ид хөгждөг дээрээ байна. Хэрэв нүд нь гялалзахаа больсон бол ачаалал нь хэтэрч амрах, нойр авах эсвэл гадаа тоглох шаардлагатай болжээ.
Хүүхэд гаднаа бараг ажил хийхгүй байгаа ч дотроо маш хурдацтай өсөж хөгжиж, энерги зарцуулж байдаг. Ийм учраас хүүхдэд өөрийн гэсэн цаг маш их хэрэгтэй. Энэ цаг дээр хүүхэд амарч болно, унтаж болно, тоглож болно, дуу хөгжим сонсож болно.Тэр хүүхэд зүгээр зөнгөөрөө байж болох цаг гэсэн үг."
Хүүхдийн мэдлийн цагийн тухай ингэж бичиж шүү. Зулзагуудаа хараад байхад яг л энэ дээрх шиг байдаг. Гэртээ гэрийн ажил тэр бүр хийхгүй. Харин онгод нь буувал ёстой сайн хийнэ. Бидний бохир завааныг гайхаж ирээд л. Хэ хэ.
Өдөрт сургууль дээрээ хамаг энергиэ зарцуулчихдаг. Гэртээ бол ёстой нэг зөнгөөрөө, залаад ирчихсэн бурхан мэт л байдаг даа.
Ээж нь нэг иймэрхүү зүйл хаа нэгтээгээс олоод уншчихдаг тул хүлээцтэй тайван хандахыг хичээж л байна. Түүнээс миний өөрийн өссөн цаг үе чинь огт өөр байлаа шүү дээ. Хэ хэ.
Энэ удаагийнхаа бичвэрийг үүгээр дуусгая.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2025年10月18日土曜日
Дарс
Аялалынхаа нэг өдөр бидний хэдэн найзууд голын хажууд очиж мах шарж идээд. Асараа бариад, жижигхэн майхнаа зоочихоод, эрчүүд нь мах шараад, гэргийнүүд нь буу халангаа ганц нэг ногоо хэрчиж туслаад.
Ихэнхдээ хажууд нь буу халцгаагаад, үе үе дуг хийгээд. Ёстой нэг сайхан, тааваараа байсан. Агаарын теннис тоглож, жаал хөлсөө гаргав. Маргааш нь бие бага зэрэг хөндүүр болсон байсан. Ойр ойрхон тоглож байвал, жин минь хасагдах байхдаа гэж мөрөөдөв. Хэ хэ.
Гэснээс би нь их томоотой ууж иддэг болсон шүү дээ. Ха ха. Энэ зурган дээр харагдаж буй дарсыг хамт ажилладаг тайвань хүүхэн бэлэглэсэн юм. Личи жимсний дарс. Дажгүй амттай юм билээ.2025年10月17日金曜日
Дарүма ба сүм
Угтаа сүм үзэхээр явсан юм аа. Гэмгүй байж байгаад л үе үе салхинд гараад, зугаалчихдаг тийм ээ. Энэ удаад бас л сонирхолтой, хөгжилтэй аялачихаад ирсэн.
Найзуудынхаа ажиллаж амьдардаг газраар ээлжилж аялдаг юм аа. Өнгөрдөг намар Кобэ хотоор зугаалсныг санаж байгаа биз дээ? Энэ жил Осака. Экспо үзэх гэсэн тасалбар нь дууссан тул үзсэнгүй ээ. Өөр зүйл үзээд, зугаалчихсан. Зураг хөрөг оруулж тайлангаа бичнэ ээ.
Мөн төлбөрөө төлөөд ороход хүний тоогоор нэг нэг цулгуй, цагаан ил захидал өгнө. Түүнийг сүмийн байгууламжаар мөргөн, залбиран зугаалах явцдаа a, b, c... хэмээн дарааллын дагуу тамга дарна. Хамгийн сүүлийн тамгыг дарахад сүмийн хэлбэр дүрс дарүматайгаа тодроод ирдэг юм билээ.
2025年10月15日水曜日
Алдагдсан охин
Сэрүү ороод, энэ сард ёстой ном уншихыг үзүүлээд өгнө дөө гэж бодож төлөвлөж байсан юмсан. Нэг л амжихгүй юм шиг л болоод явчихлаа шүү.
Ямартай ч уншсан ганц нэг номныхоо зургийг оруулаад, таван үг холбож бичих үү дээ. Зүгээр суухаар зүлгэж суух минь...
Угтаа "Хүүхдээ ойлгох ном"-оо бичиж дуусгаагүй байгаа юмсан. Үргэлжлүүлж бичнэ ээ. Сүүлд өөрөө блогоо сөхөж харж байхад ч хэрэгтэй. Тийм ээ? Мөн нэг найз минь хэрэгтэй зүйл байвал хэлээрэй гэсэн юмсан. Блог хаягаа л өгчихдөг хэрэг. Тэгээд авч уншихаа өөрөө шийдэх биз?
Төлөвлөгөөт ном. Яг хэдэн сард унших байсныг нь сайн санахгүй, бас бичиж тэмдэглээгүй байсан тул уншина гэж төлөвлөөд, худалдаад авчихсан номнуудаа угсруулаад уншчихая гэж бодов.Тэгээд оны сүүлээр бага сага жижиг, нимгэн ном уншина даа.
Энэ удаагийн ном минь "Алдагдсан охин". Элена Ферранте гэдэг зохиолч. Анх удаагаа мэдэж аваад, уншив.
Итали зохиолч юм байна. Монсудар хэвлэлээс орчуулж гаргасан "Ганцаардлын өдрүүд" номыг нь тэгж байгаад авч уншина аа. Учир нь энэ Алдагдсан охин ном таалагдав.
Солонгон аашт эмэгтэй хүнийхээ хувьд зохиолын гол баатрын бүсгүйн сэтгэл санааны байдлыг учиргүй ойлгон, толгой дохин байж уншив. Нээрээ л хүүхдүүд хөлнөөс чаргууцалдаад байхаар өөрийн эрхгүй бухимдаад, жаахан цаашаа байгаад өгөөч гээд хэлчихдэг үе бий л биз дээ?
Энэ ээж хүний, эмэгтэй хүний сэтгэл санааны тогтворгүй байдлын тухай сүүлийн үед ил тод бичдэг, танилцуулдаг болсон нь авууштай. Түүнээс нэг л их уянгалсан хүмүүс шүү дээ, манайхан чинь.
Дээхэн үед яахав, хониндоо явахдаа, сүү саальдаа гарахдаа, малаа маллаад, байгальтайгаа ойр байсан тулдаа даваад гарчихдаг байсан байх гэж таадаг юм. Тэгээд ч сав нь хөөрчихвөл хэцүү гэж сануулдаг, анхааруулдаг, халамжилдаг байж.
Мөн эмэгтэй хүмүүсийн тухай сэдэв нэлээд дарагдмал, хаагдмал байж дээ.
Миний бие, нэлээд сүүлд зулзагаа төрүүлсэн тул бас нэлээд бухимдсан, стрессдсэн үе бий. Эмээ өвөөгөөс нь хол болохоор орхиод хаа нэгтээ гарчихаж чадахгүй, эндхийн сонин сонин дүрэм журамд "дарамтлагдаад" өөрийн эрхгүй л уурлачихсан л байдаг байлаа.
Энэхүү стрессээ яаж тайлдаг вэ гэхээр ойлгомжтой. Ном уншина, блог бичнэ гэх мэтээр дуртай зүйлсээ хийнэ. Мөн хааяадаа орж гарна, зугаална. Халбага дарсаа ууна. Хэ хэ.
За тэгээд зэвүүн зэвүүн ишлэлүүдээс нь бичье дөө. Яг ямар үйл явдал гардгийг өөрсдөө уншаарай.
"Марта ч үргэлж л хүүхдүүддээ гомдоллох байсан юм бол яах гэж төрүүлсэн юм бэ гэх маягийн үг хэлж л байсан. Өгүүлбэр, үгс. Хүүхдүүд чинь бухимдангуй өнгө аясаар яах гэж өөрсдийг нь төрүүлснийг асуух мөч ирдэг л юм байна."
"Эмэгтэй хүний бие махбод гэдэг мөн ч олон янзын юм туулна даа...шаргуу ажиллах, гүйж харайх, сурч судлах, ургуулан бодох, бүтээх, байгуулах, өвдөх зовох гээд л. Бас болоогүй, тэр дундуур хөх томорч, бэлгийн уруул хөөнгөтөн, шинэ махбод чиний амь амьдралаар лугшиж эхэлнэ..."
"Хорин тав хүрэхэд миний хувьд бүх боломж дуусгавар болсон байлаа. Гэтэл тэдний аавд болохоор дэлхийг тойроод л нэг боломж нөгөөгийнхөө араас гарч ирж байв."
"Би хэдэн сарын турш номын ганц ч хуудас эргүүлсэнгүй. Үргэлж л ядарсан, цухалдсан мэдрэмжид хүлээстэй байх..."
"Унших бичих нь үргэлж л өөрийгөө тайвшруулах найдвартай арга зам байсаар ирсэн билээ."
"Харин охид минь хол явжээ. Өөр цаг үед харъяалагдсан тэд маань урагш тэмүүлцгээж, тэднийгээ би ирээдүйд нэгэнт алджээ."
Эдгээр ишлэлүүдийг уншихад л ойлгомжтой байна уу? Ялангуяа эмэгтэйчүүд, ээжүүд л ойлгох байх тийм үү? За гэхдээ огт бухимддаггүй, үргэлж сайхан ааштай, сайн ээж байхыг үгүйсгэхгүй шүү.
Мөн хажуу дахь хань ижлүүд нь дэмжээд өгдөг, сэтгэл санааг нь хааяадаа тайтгаруулчихдаг, шалтгаангүй уурлахад нь чимээгүйхэн хүүхдүүдээ аваад унтчихдаг байх нь чухал шүү.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2025年10月7日火曜日
Хүүхдээ ойлгох ном 3
Энэ удаад зөвхөн номноосоо түүж бичнэ. Хэ хэ. Хов живэнд дургүй хүмүүс СБА шүү. Хэ хэ.
"...харилцаж байх үедээ хүнийг дорд үзэхгүй, мэдэхгүй чадахгүйгээр нь шоолохгүй, өөлөхгүй, бас долигонохгүй, буруу зөвийг шүүхгүй, байцаахгүй, дарамтлахгүй, өөрийн бодлыг хэт тулгахгүй байхыг тэгш харилцаа гэдэг. тэгш харилцааны нууц нь харилцаж байгаа хүнээ сонсоход бэлэн байх, анхааралтай сонсох, асуулт хариулт, харилцан яриа нь нээлттэй байх явдал юм."
...тушааж, зааварлаж байхдаа ч хүүхэдтэйгээ зөв, бүрэн бүтэн ярь...
...та хүүхэдтэйгээ харилцахдаа маш тодорхой үгээр ярьж байгаарай...
...Хүүхдийн багадаа сурсан үг, багаасаа ярилцсан яриа түүний ирээдүйд өөр өөр боломж, үүд хаалгыг нээж байдаг...
"Бас тэгш харилцааны суурьтай хүүхэд өөрөөсөө ахмад хүмүүс буюу томчуудтай ярихдаа айдасгүй болсон байдаг тул сургуульд суралцах үедээ багшаасаа чөлөөтэй асуулт асууж, шинэ мэдлэг мэдээллийг түрүүлж олж чаддаг..."
"...хүүхэд хэдийчинээ эрх чөлөөтэй сонголттой байна, төдийчинээ өөрийн потенциалыг гаргаж чадах хувь хүн болно. Гэхдээ сонголт бий болгох явц удаан. Үүнийг хүүхэд өсгөх гэж нэрлэдэг."
"...Хүүхдийн гол хөгжил бусад хүүхэдтэй чөлөөтэй харилцах, тоглох, өөрийнхөөрөө цагийг өнгөрөөх үед явагдана."
"...Хүүхдийг гэртээ хөгжихөд нь тусалж, хүүхдийн хөгжилд хэрэгтэй үг яриагаар гэр бүлийн орчноо баялаг байлгаарай гэж захья."
"Хүүхдийнхээ төлөө сонирхолтой байгаарай. Бас хүүхдийн асууж буй зүйлд хариулт өгч байгаарай. Хариуг мэдэхгүй бол төвөг удлаа гэж унтраахын оронд "Би мэдэхгүй байна, чи судлаад хариу олбол надад хэлээрэй" гэж сониуч занг нь өдөөж болно."
"Хүүхэд бүр өөр өөрийн хөгжих эрх чөлөөтэй. Түүнийг бүү хайрцагла. гэр бүл, орон нутгийн орчин бол хүүхэд өөрийн гэсэн онцлогтой хөгжих "онцгой" байршил юм.
"Гэртээ эрүүл мэндийн гарын авлага, ном авч байнгын нэг байршилд байлгах хэрэгтэй."
"Эрүүл мэнд, орчны бохирдол, түүнээс гарах арга замыг байнга судалж бай."
"Нэг зүйл анхааруулахад, хүүхэд худал магтаалыг зөнгөөрөө мэдэрч эсэргүүцдэг. Хүүхдээ хэтрүүлж магтаж болохгүй. Долигоносон, аргадсан өнгөөр магтаалыг хэлж болохгүй. Матгаалийг хэт их сэтгэл хөдлөлгүйгээр, яг баримт дээр тулгуурлаж хэлж байгаарай..."
"...Магтаалыг цагийг нь олж, баримтад тулгуурлаж хэлэх ёстой бөгөөд магтаж байгаа зүйл нь яг таны ажиглаж олж харсан, аль эсвэл өөрийн тань үнэлэмжээр үнэ цэнтэй юм уу эсвэл магтууш тайчадвар шаардсан зүйл байх ёстой юм..."
"Хүүхдээ арав магтаж нэг шүүмжил. Хүүхэд шүүмжлэх эрхийг магтаж олж ав..."
"...Сургуульд сурч байх үед хүүхдийн тархи баясаж, сониуч зан нь дээд зэргээр идэвхжиж, тэр хэмжээгээрээ сургуульдаа явах дуртай болдог.
...Аав ээжүүд сургуулийг өөрчлөхөд асар их хувь нэмэр оруулж чадна. Багш нарт бэлэг өгөх нь сургууль өөрчлөх үйлдэл биш юм. Харин багш нартайгаа хамтарч хүүхдүүдийнхээ сурах орчныг сайн болгохын төлөө ажиллах нь олон хүүхдэд тусална. Хүүхэд аз жаргалтай, дарамтгүй орчинд хамгийн сайн сурдаг.
...Багшид хэт дааж давшгүй шаардлагыг сургууль ч, эцэг эхчүүд ч тавьж болохгүй..."
"...Үнэндээ багш нь стрессгүй, хүүхэд нь аз жаргалтайгаар сурч болох орчин байвал сургууль нь олон давхар байшин байна ууь ганц давхар байр байна уу, гэрт байна уу хамаагүй юм. Сайн сургуулийг төгссөн хүүхдүүдээр нь хэмждэг..."
Дөнгөж эхний 50 хуудсанд иймэрхүү гол санаанууд бичигдсэн байна. Дэлгэрэнгүй уншмаар байвал худалдаад авчихаарай. Түшигийн номноос дээр байж магад шүү. Ха ха.
Мөн эцэг эхийн сургууль дээрх оролцооны талаар ёстой чиг хэрэгжүүлмээр, бүр хэрэгжүүл гэж тушаамаар санаа байсныг бичээд энэ удаагийнхаа бичвэрийг дуусгая.
"Сургууль, ангийн номын санд жил бүр ном бүрдүүлэлт хийх. Book drive буюу ном цуглуулах ажлууд хуваарийн дагуу явагдах."
Гэж бичээд 7 зүйлийг дэлгэрүүлж санал болгосон байсан. Японы бага, дунд, ахлах, их сургуулиудад хийгддэг аргачлал ч байсан. Жишээ нь бага ангийнханд эцэг эхийн сайн дурын гишүүд сургууль дээр нь очиж ном уншиж өгдөг. Би нэг хэсэг уншиж байгаад, больсон.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2025年10月6日月曜日
Хүүхдээ ойлгох ном 2
9 сарын сүүлийн өдөр уншиж дуусгав. 9 сард маш цөөхөн ном уншлаа. Угтаа 5-6н ном уншина гэж төлөвлөж байсан хэдий ч, яагаад ч юм амжсангүй. Яагаад гэдгээ сайн мэдэхгүй ч цаг төлөвлөлтөө л буруу хийсэн байх даа, тийм ээ?
Хүн бүрт 24 цаг бий. Түүнийгээ хэрхэн ашиглах нь бидний сонголт...
Ц.Оюунгэрэл нь өнөө цагийн сэхээтэн бүсгүйчүүдийн нэг яах аргагүй мөн юм гэж дахин бодлоо. Дахин гэдэг нь угаасаа би хүндэлдэг. Эмэгтэй хүмүүсийг дээшээ ахицтай, амжилттай явахад нийгэм даяараа тийм ч дуртай биш ханддаг. Мөн элдвээр хэлдэг. Заримдаа ч маш бүдүүлгээр доромжилсон байдаг.
Тиймэрхүү зүйлийг унших бүртээ хүмүүсийн ухамсар ямар дор, ямар муухай байгааг мэдэрдэг.
Өөрсдөө үр хүүхэдтэй байж л адилхан бүсгүй хүнийг асар бүдүүлгээр доромжилсон байдаг нь заримдаа ч өмнөөс нь хэрэлдмээр санагддаг. Жишээ нь "та нарын охид ч хэн нэгний б..выг хөхөж байгаа шүү дээ, ирээдүйд хөхнө шүү дээ" гээд биччихмээр санагддаг. Ха ха.
Тэгээд ч хүн хэлснээ гүйцдэг гэдэг дээ...
Яагаад? Гадаад хүнтэй суусан эрчүүдээ элдвээр хэлдэггүй юм бол? Яагаад? Яагаад? гэж боддог. Жишээ нь чухам энд үндэсний бөхийнх нь аварга болчихсон, япон эхнэртэй тэр монгол эрээ элдвээр хэлдэггүй, доромжилж бичдэггүй юм бол? Эрэгтэй болохоор нь л тэр үү? Мөнгөтэй болохоор нь тэр үү? Хүний эрээн дотроо могойн эрээн гаднаа гэж үг байдгийг мэдэхүү?
Тэр аварга нь бас л аймар аймар паян ихтэй, нэлээд гаж донтой байж мэдэхээрм л юмс сонсогддог. Түүнийг нь сонссон ч сонсоогүй царайлаад, өмөөрөөд явдаг юм билээ. Нүдэн балай чихэн дүлий царайлаад л...
Мөн ярилцлагууд нь ч өгөөжтэй. Би оролцсон подкастуудыг нь сонссон. Огт эргэлзэлгүй сонсдог. Улс төрийн чанартай яриаг нь бол нэг их сонирхдоггүй. Учир нь би өөрөө улс төрд сонирхол бага.
Улс төрд байхдаа юу хийсэн юм? гэж хүмүүс бас их асуудаг, доромжилж бичдэг юм билээ. Овоо дэмжээд байсан хүмүүс ч улс төрд орохоороо сонин сонин зүйл яриад л явдаг. Эргэн тойрон, хажуу хавирга, сонгогдсон тойргийнх нь иргэдийн ухамсар, мэдлэг нь тийм сонин зүйл гаргахыг "шаарддаг", "хүсдэг", "аргагүй байдалд оруулдаг" байх гэж бодоод байгаа. Ха ха.
Хамгийн гоё нь энэ бүсгүй маш ухаалгаар тэр бүдүүлгүүдтэй "байлддаг". Уншаад заримдаа болж муусайн юмнуудыг гэж бодно. Заримдаа писхийтэл инээх ч үе бий. Хо хо.
За үндсэн сэдэвтээ орох минь.
Хүүхдийн хүмүүжлийн тухай үнэхээрийн авууштай, мэдүүштэй зүйлийг бичжээ. Гол нь монгол ээжийн бичсэн ном. Монгол ахуй соёлд нийцсэн, монгол соёлд нэвтрүүлж болохуйц, мөн өвөг дээдсийн минь хүмүүжүүлэх арга зэргээс танилцуулсанд байлаа.
Өнөө цагийн монгол ээжүүд минь аваад уншчихсан байхад үнэхээрийн санаа болохуйц ном шүү гэж хэлмээр байна өө. Би монголдоо байсан бол шууд л зулзагуудаа аваад малчин айлд очмоор л байна шүү.
Мөн үнэхээрийн онц сурглагатан, судлаач, нөлөөлөгч, хайгуулчин, чадалтай ээж юм аа гэж бахархав. Суралцах юмсан...
Өнөө цагийн, ирээдүй цагийн ээж аавууд бид сониуч зантай, хайгуулчин, найз нөхөд, дөмөг түшиг болж чадахуйц гээд олон чадрыг эзэмшсэн байх ётсой юм байна гэж дахин ухаарах шиг.
Авууштай, хэрэгжүүлбэл зүгээр санаа оноог нь дараагийнхаа бичвэрээр бичье дөө. Энэ удаад "зохиолч" бүсгүйг өмөөрсөн, өмгөөлсөн, бахархсан, хүндэлсэн агуулга бүхий болчихлоо. Урт ч зүйл бичээд баахан бурчихлаа байна. Хаа хамаагүй мөрөөрөө яваа хүн мүнийг оролцуулаад. Хо хо.
Урт зүйлийг хүмүүс уншихаа байсан гэж сонсоод, уншаад буй тул ингээд өндөрлөх үү дээ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2025年10月5日日曜日
Цайзын баяр
Намар цагт гадуур олон сонин арга хэмжээ болж байна өө. Бүгдийг нь үзэж амжихгүй. Зарим нь хол, зарим нь цаг нар таарахгүй, зарим нь төлбөртэй, зарим нь мөнгө шаардана гэх мэт.
Би чинь аль болох үнэгүй л зүйлд дагуулж яваад, хүүхдүүд гадаах цэцэрлэгт талбайдаа үнэгүй тоглоод, гүйж харайж байхад болно гэж боддог. Мэдээж үнэхээрийн сонирхолтой, танин мэдэхүйн чанартай бол төлбөртэй байсан ч дагуулж явна.
Өнгөрдөг хагас бүтэн сайнд ордон, цайзын баяр болов энд. 26 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Би ч эхэндээ мэддэггүй байв. Цахим ертөнц хөгжсөнөөр хүмүүсийн түгээсэн мэдээллээс мэдээ аваад очих үзэх юмсан гэж явсаар өдий хүрсэн юм.
Заримдаа мартчихна, нэг мэдсэн болчихсон гэж мэдээ гарна. Заримдаа ч бусад ажил давхцаж таарна.
Японд муж болгон ордон, цайзтай. Зарим нь он цагийн элэгдэлд хуучирч муудсаныг нь сэргээн завсарлаад, жуулчдын томоохон үзүүлэн болгон "ашиглана". Мэдээж хойч үедээ үлдээж, үндэсний онцлогоо хадгалах нь нэн түрүүнд тавигдана л даа.















