2023年2月28日火曜日

Ном ба буу

Бага зулзагынхаа тухай бичих үү дээ? Томроод байна. Сахал үс нь ургаад байна. Ха ха. Нэг мэдсэн дуу хоолой нь баргилтаад ирэх юм шиг байна. Найзуудын яриагаар бол мөдхөн гэнэ. 

Ай хорвоо минь, одоо л сайн үнгэж, базаж, тэвэрч, энгэртээ нааж, мөөмдуулж авах юм шүү...

Энэ зураг бид хоёрын хэсэгхэн мөчийн тоглоом. Тэр шар гонзгой буу хагарсан. Өвөөдөө үзүүлж буу захина гэсэн. Аав нь нааж өгсөн. Одоохондоо болгоод л байна. 

Тэр жижиг хар буу нь сумтай. Гэхдээ сумнууд нь хаана яваан бүү мэд. Өвөө тэнд сумтай буугаар байлдсанаас хойш нэхсэн. Нэг дэлгүүр орсон чинь хаанаас ч юм олоод тэвэрчихсэн, "өвөө тэнд сумтай буутай, байлдаад би ялагдаад байна" ухааны юм ярьж, ээжийг хуга панаалдаад авахуулсан. 

Ээж хариад өвөөгөөс нь бууных нь мөнгийг нэхсэн. Одоогоор мөнгөө олж аваагүй л байна. Ха ха. Утасны хоёр талаас буугаар, нэг бол сэлмээр байлддаг хоёр шүү дээ.

За тэр сэлэм хэд дэх нь юм бүү мэд. Яахав, 108 иений дэлгүүрээс авдаг тулдаа л дампуурчихалгүйхэн шиг болгоод байна. 

Дээхэн 1080 иений сэлэм авч өгсөн чинь маргааш нь л цуулаад хаячихна лээ. Модон, тэгсэн мөртлөө хариугүй юм, зугаалж явахдаа л сэтгэлийн хөөрлөөр аав нь авч өгсөн. 

Цуулчихаар нь аавыг л жаал загнах шив дээ. Хэ хэ. Цуулсан хүнээ огтхон ч загнаагүй. Энэ одоо ариун явдал уу?

За тэгээд үлэг гүрвэлүүдийнх нь ганц нэг нь харагдаж байна. Өөрөө хамгийн хүчтэйг авна, бидэнд өвсөн тэжээлтэйг нь өгч тулалдана. Ойлгомжтой биз дээ, хэн ялах нь. Энэ одоо ариун явдал уу?

Хамгийн чухал хэсэг нь энэ шар шар том номнууд. "Хүүхдийн явуулын цаасан жүжиг буюу камишибай" гэж орчуулдаг юм байна. Хөөрхөн модон жижиг тайз хүртэл байдаг.

Би ээжийгээ ажилладаг байхад нь өгч байсан. Ээж минь дуурайлгаж 4 ширхэгийг хийгээд, жаалуудад уншиж өгдөг байлаа. Одоо байгаа эсэхийг нь асууя байз...

Монгол харихаараа хамаатныхаа бяцхан жаалуудад уншиж өгнө дөө гэж бодож явсаар байтал өнөөдүүл нь дэнхийчихлээ. Хэ хэ. 

Энэ камишибай-г уншуулах маш их дуртай. Үлэг гүрвэлтэй нь тэр бүр таарахгүй. Тэгэхээр энэ үлэг гүрвэл гээчид хөвгүүд ихээхэн дуртай нь харагдаж байгаа биз? Би номын сан орох болгондоо хардаг юм. Байхгүй шүү. 

Ээж амьтан болгоных нь дүрд хувилж дуу хоолойгоо өөрчилж уншдагт дуртай юм шиг байна лээ. Аавыгаа уншихаар голоод байдаг юм. 

Нэг өдөр бүр ядраад 

-Чихиро багш нь ядраад байна түр завсарлах уу?

-Чихиро багш ядарлаа гэж хэлдэггүй шд.

-...

Цэцэрлэгийн багш сурагч болж тоглож байсан юм. Би Чихиро багш болж ном уншиж өгөөд л, өнөөх маань өөрийгөө тойруулж үлэг гүрвэл тэргүүтэй тоглоомуудаа суулгачихаад, томоотой сонсоорой гэчихэж байгаа юм аа бас. 

Хамгийн томоогүй нь өөрөө л байсан. Янз бүр болж хөдлөөд, үг болгон дээр наадах чинь тэгдэг ингэдэг гэж яриа тасалж орж ирээд л. Хэ хэ. 

Цэцэрлэгийн багш нарыг ад үзэх гээд байдаг хүмүүс минь ээ, тэд нарыг хүндэтгэж, ажлыг нь ойлгож байгаарай. Би бол тэднийг биширдэг. Өөрийнхөө эрх ганцынхаа ая эвийг олох гэж зүдэрч байхад түмний тэр олон эрх жаалуудын ая эвийг олоод байдаг гэж бодохоор л...

Хүүхдүүдийнхээ өмнө ядарлаа гэж хэлэхгүй ч гэртээ хариад л ядарснаа мэддэг байх даа зайлуул...

За нэг ийм эрх зулзагатайгаа өдөр хоногийг нүд ирмэхийн зуур өнгөрөөж байна даа. 

Түр баяртайг бүгдэд нь амжилт хүсье.

2023年2月27日月曜日

Бэлэг 2

Шавь авчирч өгсөн бэлэг. Өвөл 12 сард монгол хариад он гаргаад ирсэн юм. Буцмааргүй санагдсан гэсэн. Хэ хэ. Яг тэгдэг шүү. Ингээд үлдчих юмсан гэж бодно. 

Жаахан хатуу байдаг юм билээ. Би тас хазчихаад байсан. Хэ хэ. Түүнээс бас хөөрхөн бэлэг болох юм билээ. Харин яаж хатууруулахгүй байх вэ? гэдгийг судлах хэрэгтэй байх...

Ийм үрэлнүүд дажгүй санагдсан. Охин бол дуртай нь аргагүй идсэн. Чёкотой нь жаахан онцгүй санагдсан. Хэт нялуун...

Нэг хөөрхөн нь "Алибаба" гээд ууттай чёко байдаг даа. Тэрийг сонин болгож авчирсан байсан. Багадаа өөрөө бас иддэг байсан гэж байна лээ. 

Ингээд бодоход багадаа маш их сахар иддэг байжээ. Шүдээ оройд угаадаг байсан эсэхээ санахгүй л байгаа юм даа. Одоо бол зулзагуудаа тувт сайн угаа энэ тэр гэж үглээстэй. 

Охид хорхойтой шүд байхгүй. Бага зулзагын үүдэн шүдэнд ээж хариуцлагагүй загнаад, насан туршийн шүд нь ургахаар маш сайн анхаарна даа, одоо ч анхаарсаар л даа...

Таныг аарууланд дуртай болохоор, жаахныг л авчирлаа. Ачаа их байсан гэсэн. Аргагүй шүү дээ. Би л гэхэд том жижиг 7 номоо дайгаад заавал авчир гээд хэлчихээр чинь тийм ээ? 

Яахав өөрөө надаас хааяа ном авч уншдаг юм. Гэхдээ халхын сайн эр мэр гардаг зохиол голцуу л зээлж уншдаг. 

Гэснээс энэ бөөрөнхий ааруул нь гурилтай санагдсан. Аманд орчихоод нэг тийм зунгааралдаад, бутарч өгөхгүй сонин. Хань ижил бид 2 энэ яг гурилтай байх аа л гэж ярилцсан. 

Шавь хөөрхий, худалдаанаас л авсан гэсэн...

Хатуу ааруул гоё байсан. Усанд дүрээд тавьчихна. Зөөлрөхөөр нь мэрнэ. Хэ хэ. Шүүсийг нь уучихна. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年2月26日日曜日

Бэлэг

Монголоос авсан бэлэг. Дүү нар бэлэг өгмөөр байна гээд, ноолууран ороолтны зураг явуулсан, өнгөө сонго гээд. 

Бушуухан шиг л "хүүе, ороолт хэрэггүй ээ, ер нь ноолууран юм юу ч хэрэггүй ээ" гэж хариулсан. Учир нь ороолтноос их юм алга. Ноолууран ороолт ч хэд хэд бий. Барагтаа зүүхгүй, гараад л машин, жаахан алхахаараа халууцаад байдаг юм энд.

Тэгээд ч ноолууран эдлэлийг тултал нь арчилж, хамгаалж чадахгүй хорхойд идүүлчихээд байдаг би л лав. Энэ гоё ганган хүүхнүүдийн хөдөлмөрийг үнэн биширдэг. Хэ хэ. 

Тэгээд бодож бодож энэ оймснуудыг захьсан. Хань ижилд их таалагдаад. Дулаахан гэж юүхэв гэж байсныг нь гэнэт санаад. 

Түүнээс яг юу захих уу? гэхээр нь тулгамдаад мартчихдаг. Мөн тэр холоос төвөг удаад юм хум захиад яахав гэдэг үзэлтэй. Хэ хэ.

Ном бол тусдаа шүү. Сүүлийн үед өөрөө номоо авчихаад, зүгээр л дайгаад, аваад ир тэгэх үү? гэж хүсдэг болсон. Бас нэг дэвшил мөн биз дээ? Хаа хаанаа эдийн засаг хэцүү байхад, юмны үнэ нэмэгдээд хэцүү байхад албатай юм шиг ном авахуулахгүй байх санаатай...

Хүүхнүүд болон бага зулзагад ирсэн оймс. Охин бол шууд өмссөн. Би хайрлаад, цагаан сараар гаргаж ирсэн өмссөн. Шинэ дээл хувцас өмсөх ёстой гэдэг билүү? Дээл гэж өмсөх биш, оймсоо л өмсчихсөн. 

Амттан. Дандаа л "Алтан говь" гэж байхаар, арай өөрийг өгч явууллаа шүү гэсэн. Маш их сэтгэл шүү. Дотроо 2 янз юм билээ. Томчууд хар чёког нь таалсан. Багачууд борыг нь таалсан. 

Бор нь арвайн гурилтай юм билээ. Гашуун амт арай бага. Тэгээд л багачууд таалсан байх. Би ч аль болох какао өндөртэйд нь дуртай. 

Дүү нар хэлсэн "та нар бидний идэж үзээгүй монгол амтыг аль хэзээний л олоод амсчихсан байх юм аа" гэж. Хэ хэ. Үнэн үнэн. Гадаад явахдаа хүмүүс мэдээж аль монгол л гэсэн зүйлсийг авч ирдэг. Бид тэрнээс нь яаж ийгээд олоод амсчихдаг. Хо хо. 

Ингээд бодохоор миний харилцаа холбоо өргөн байгаа биз дээ? Уг нь гайгүй нийтэч, мэдээж үе үе солонгон аашаа гаргаж зарим нэг хүнд бухимдана. Дандаа л хайлмаг шиг явна гэж юу байхав. Хи хи. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 
 
Гэснээс та бүхний ходоод гэдэс гайгүй юу? Хэхрэхээр бууз, нийслэл салат амтагдаж байна уу? Ха ха.

2023年2月25日土曜日

Цуглуулсан алт мөнгө минь

Алт мөнгөнөөсөө ганц нэгийг танилцуулах уу? Суугуул нутгийн баруун бүсийн харъяа "манга" зохиолчийн баатрын зурагтай амттан. 

Мизүги Шигэрү гээд хайхаар гараад ирэх байх. Өвөрмөц баатруудтай манга бичдэгээрээ алдартай. Өндөр насыг зооглоод 93-тайдаа өөд болсон. За за өөрсдөө гүүглэдчих. Маш дэлгэрэнгүй байх ёстой.

Гаднах боодол цаас нь. Энэ нэг зохиолынх нь гол баатар. Нэг нүдтэй хүүг Гэгэгэ но Китаро. Наана байгаа жижиг өндөн толгойтыг Мэдама ояжи. Ингээд бичээд хайвал бас л гараад ирнэ шүү. 

Үнэн залхуу байна аа би. Нэг юм бичих гээд байгаа юм бол дэлгэрэнгүй танилцуулчихгүй тийм ээ? 

Гэхдээ би бас та нарт бэлэнчлэх сэтгэлгээ суулгамааргүй байна л даа. Ха ха.

Дотроо бас ийм гялгар ууттай. Овоо хэдэн ширхэгтэй. Зураг авахын зуургүй шүүрээд л авна лээ нэг хүн.

Уутыг задлахад ийм хэдэн янзын баатрын зурагтай. Дундаа кремний хавчуургатай. Бутарч унасан жигнэмэг байлаа. Хар борголтой хамт идэхэд амттай байсан. Дангаар нь идвэл нялуун.

Гэснээс энэ жил нүүрномоор их сэвснийх үү? Бэлгэнд мөнгө бэлэглэх айл их байсан гэж дүү хэлсэн. Олзуурхсан. Цуглуулж байгаад хэрэгтэй юм аа худалдаад авчихна тийм ээ? 

Монгол харьж шинэлмээр санагдсан. Мөнгөнд дуртай золиг чинь. Ха ха.

Түр баяртай. Алт мөнгөнийхөө сонин сайханг хуваалцаарай. Бүгдэд нь амжилт хүсье.

2023年2月24日金曜日

Сар шинийн мэнд ээ

Үзэсгэлэнтэй болгодог жил гарч байгаа гэсэн тийм ээ? Нэг их хөдөлмөр заралгүйгээр хөвсгөрөөсөө салчих юм биш биз дээ? Хэ хэ.

Бяцхан хөөрхөн тавгийн идээ засдаг болоод 3 дахь жилтэйгээ золгож байна.

Энэ хөөрхөн идээг минь нэгэн хөөрхөн эгдүү чинь хуурайлаад, үрэлнээс нь хүний нүд хариулж байгаад ам руугаа явуулаад байсан. Ха ха. Мэдээгүй л гэж бодож байгаа байх даа, буруу зүйл хийчихлээ дээ гэхээрээ эдний нүд, нүүрний хувирал харваас андашгүй тийм ээ.

Шинийн нэгэнд бид айл хэссэн. Мэдээж айл хэссэн улс чинь алт мөнгөтэй харьсан. Тавгийн идээ амттай байсан. Хайлмагийг нь би хуурайлж, ааруулыг нь зулзага хуурайлсан. Хэ хэ. Уучлаарай.

Буузны дараагаар бид найзынхаа гараа гаргаж хийсэн амттанг амтархан идсэн. Зулзагууд зайрмагнаас нь нэммээр байсан гэсэн. Хо хо. Нэрэлхээд хэлээгүй шиг байна лээ. 

Эгч нь даалгавраа хиймээр байна аа гэж ярвайгаад тухтай суулгаагүй. Гайгүй ээ, дараа жилээс чамайг айл хэсэхдээ дагуулж явахгүй мэдэв үү? Алт мөнгө цуглуулж чадахгүй л хоцорно шүү дээ, тийм ээ? Хи хи. 

Энэ жил өргөн шинэлгээ болж байх шиг байна тийм ээ? Би ч ээжийнхээ өмнөөс ядраад л байгаа. Гал тогоо, аяга шанага. Аавынхаа өмнөөс бас эрүүл мэндэд нь санаа зовоод л суугаа. 

Бууз, архи. Яахав би нүүрномдоо элдэв юм түгээж ад болдгийн хувьд архи барьж золгосон хүмүүс харьцангуй цөөн байсан гэсэн. 

Настан буурлууддаа, нэг нэгэндээ хор хөнөөл нь их цагаан архи өгчихөөд, өвдөхөөр нь худлаа халаглаж суудгаа больмоор санагдаад байдаг юм. 

Үглэхээсээ өмнө үтэр түргэн энэ мэндчилгээгээ өндөрлөв. 

Түр баяртай, сайхан шинэлээрэй. Бүгдэд нь амжилт хүсье.

2023年2月20日月曜日

Зүгээр л

Өнөөдөр жаахан хөнгөн зүйл бичнэ ээ. Дан ном бичсэн чинь ядарчихлаа. Хэ хэ. 

Уншиж буй та нар минь ч бас ядарч байгаа биз дээ? Нэг бол бяцхан атаархаад. Энэ нэг юм одоо ямар их ном уншдаг юм бэ? гээд л. Ха ха. 

Номноос бусдаар ч нам тайван дөө. Нам тайван ч бас биш юм аа. Хэд хэдэн удаа сургууль оров. Төгсөлт, элсэлт. Дахиад л хичээлийн бэлтгэл...

Гэснээс төгсөлтийн арга хэмжээндээ сурагчид амны хаалтгүй оролцож болно. Харин гадны зочид, эцэг эх, асран хамгаалагчид амны хаалттайгаа оролцоно. 

Засгийн газрын шийдвэр нь иргэдээ амны хаалт зүүх эсэхээ өөрсдөө мэд гээд хувь хүнд хариуцуулчихаж байх шиг байна. Эмнэлэг, настангуудын асрамжийн газраар явахдаа амны хаалтаа зүү гэсэн. 

Энэ 2 болон 3 сард зарим нэг хагас бүтэн сайнд ажиллана. Уг нь бүтэн, бүх өдөр ажиллах гэсэн чинь заавал нэг өдөр амарсан байх ёстой гээд, 7 хоногт. Би чинь таван цаасаа бодоод алаад өгье гэж бодсон юм. Хо хо. 

Монголоос ажлаар ирсэн хүмүүстэй танилцаж нэг өдөр хамтдаа ойр зуур гарав. Монгол чёко бэлгэнд авав. 

Хайрцаг сав харьцангуй сайжраад л байна тийм ээ? Одоо амтанд нь бага зэрэг дэвшилт гаргавал гэж боддог. Ёс болгоод амсдаг. Их нялуун санагддаг. За хэдэн грамм сахар идчихэв дээ гэж өөрийн эрхгүй боддог болчихсон байна лээ. 

Хэлбэр ч хөөрхөн санагдсан. Түр гарчихаад ирэх хооронд дүү нь хоёрхныг үлдээсэн гээд жавтий хүртсэн байсан. 30 минут ээжээ гэж уйлсан гэсэн. Ха ха. Уг нь бүгд нэг нэгийг амссан юм, мань хүн эгчийн нүдийг хариулж байгаад идчихсэн хэрэг.

Гэснээс би ойрд дан ганц ном аваагүй, өөр бэлэг зөндөө авсан. Зураг оруулъя байз. Энэ зүгээр, энэ ч дээ ч гэдэг юм уу? санаа оноогоо хэлээд. Та нар санаа авцгаана биз? Хэ хэ. 

Гэхдээ өөрөө захиж авдаг болохоор, энэ ч дээ гэсэн бэлэг бараг байхгүй дээ. Юу захих вэ? гэж асуудаг хүмүүстээ их баярладаг шүү. Үргэлж талархнам...

Хавар айсуй гэсэн чинь бороотой сэрүүхэн байна. Эртээд бүр цас хаялсан.

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年2月19日日曜日

Яруу найраг

Яруу найрагч, шүлэгч охинтой болохоо шахсан шүү дээ. Хэ хэ. 

Одоо гэхдээ юун шүлэг байна л даа. Хичээл ном гээд. 

Өнгөрсөн онд нэг шагнал авсан юм. Нэг ч биш л дээ, нэлээд хэд. Тэгэхээр нь ээж яахав улам давраад, улам ихийг хүсээд баахан ном зээлж ирсэн. 

Бага ангийнханд зориулсан Хайкү шүлэг тэрлэх тухай, Танка буюу богино дуу? шүлэг зохиох тухай номнууд зээлж ирээд хүчээр унш гээд л өгчихсөн. Нүд нь орой дээрээ гараад л, за гээд л авсан. 

Уншсан л юм шиг байна лээ. Би буцааж өгөхийнхөө өмнө сөхөж харах санаатай хоёр өдөр цүнхэлж явснаа амжилгүй буцаагаад өгчихсөн. Бүр сүүлд унших ном олдохгүй, хийцгүйрэх үедээ зээлж уншина гэж бодов. 

Тэгэхдаа санаж байхын тулд эндээ зураг оруулав. Энд байдаг, бага ангийн хүүхэдтэй ээж аавууд миний блогийг олж уншвал хүүхдэдээ зээлж уншаалаарай. Сонирхолтой санагдаж магад. 

Насны ангилаллаар шүлгийн уралдаан явуулдаг юм билээ. Шагнал гардуулах ёслол нь цомхон болсон. Сонинд нэр ус нь гараад, таньдаг эмээ өвөө нар олоод уншчихсан. Баяр хүргээд л байсан. 

Өөрөө бол ичээд, их даруухан загнасан. Гэхдээ ирэх жил оролцоно оо гэчихсэн явна лээ. Бас нэг цайны компанийн шалгаруулалт бичиж өгөх юм гэсэн. Өгсөн эсэхийг нь мэдээгүй л явна. Хэ хэ. 

Аав нь урамшуулж мөнгө өгсөн. Бөөн баяр байсан. Бараг дахиж тэгж мөнгө авах санаатай л уралдаанд орох гээд байх шиг санагдсан. Ха ха. 

Хүүхэд томроод мөнгөнд дуртай болж ирсэн. Дуртай юмаа авна гэдэг болсон. Дуртай юмыг нь сонсоод ээж бас дуугай байхгүй ээ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年2月18日土曜日

Өлсөцгөөе 3

Энэ бичвэрээр ингээд энэ номыг дуусгана шүү. Зарим нэг хэсгийг "Сахар" номыг уншихад болох байх. Бүр уншмаар хорхойсоод байвал монгол хэлээр "Мацаг" гээд хайгаад үзнэ биз дээ? 

Өлсөнө, мацаг барина гэхээр "өө тэр бүтэхгүй, чадахгүй" гэх хүмүүс бий. Гэхдээ миний танилцуулах энэ арга харьцангүй хялбар. 

Нэлээд уншиж, судалж, өвчтнүүдээ ажигласны үндсэн дээр 16 цаг өлөн байх буюу юм идэхгүй байх нь хамгийн тохиромжтой. Ингэхдээ унтаж буй цагаа хамт тооцоод  оролцуулчихвал бүр хялбар. 


Ажлын өдөр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, боломжгүй гэж үзвэл амралтын өдөр хэрэгжүүлж болно. 

Яагаад заавал 16 цаг гэж? Учир нь сүүлд юм идсэний дараа 10 цаг өнгөрөхөд элгэн дэх сахар алга болж өөх задарна. Ингэснээр энерги үүснэ. 16 цаг өнгөрөхөд Autophagy явагдана. Хүний биед ойролцоогоор 60 их наяд? эс байдаг. 

Эс нь ихэвчлэн уургаас бүрддэг. Ямар нэгэн байдлаар гэмтсэн уураг гадагшилдаг. Гадагшилж чадаагүй эс нь хүний биед муугаар нөлөөлдөг. Нэг ёсондоо өвдөж эхэлдэг. 

Бид хоол шим тэжээлээр уураг авдаг. Уураг авч чадахгүй болсон үед бидний бие уургаа өөрөө бүтээх гэж үздэг. Тэгээд хуучирсан, гэмтсэн эсийн доторх уургийг цуглуулж, задалж, тэдгээрээс уураг үүсгэх гэдэг. 

Эс болгонд mitochondrion гэж байдаг. Гээд зөндөө зүйл бичжээ. Би нь мэргэжлийн энэ үг хэллэг сайн мэдэхгүй, орчуулж хайя гэсэн үнэндээ төвлөрөхгүй байна өө. Уучилна биз?

Энэ Autophagy-н тухай дэлгэрэнгүй бичсэнийг уншмаар байвал ийшээ орж уншаарай. Дэлгэрэнгүй тайлбарлажээ. Аль 2016 онд.

https://medium.com/@MandakhnaranDavaadorj/2016-оны-нобелийн-шагналыг-анагаах-ухааны-салбарт-авсан-бүтээлийн-тухай-a9d7aa14762e

Өөрөөр хэлбэл Autophagy нь хуучин эсийг бие дотор нь шинэ эс болгон өөрчлөх үйл явц гэж ойлгож болно. Шинэ эс бий болоход хүн мэдээж эрүүл байна, залуу байна. 

Энэхүү Autophagy-н нэг онцлог нь шим тэжээл их байвал явагддаггүй. Яагаад гэвэл бие болон эс нь хүчтэй стрессдэхээр л амьд үлдэхийн төлөөх хүний биед үүсдэг тогтолцоо тул эс н өлсгөлөн байдалд орсон нэг бол бага хүчилтөрөгчтэй үедл хөдөлгөөнд орж эрчимждэг. 

Товчхондоо хамгийн сүүлд юм идээд 16 цаг өнгөрч Autophagy- байж ажиллаж эхлэнэ гэсэн үг. 

Ядаж долоо хоногтоо нэг удаа ингэж 16 цаг юм идэхгүй байвал дотоод эрхтэн амрах, өөхлөлт багасах, цусны эргэлт сайжрах гэх олон сайн талтай. Мөн дээрээс нь бид шинэ эстэй болно. 

Хамгийн энгийн арга нь хэрэв та хоногт 8 цаг унтдаг бол тэр цагаа оруулаад унтахын өмнөх болон сэрсний дараах 2-3 цаг юм идэхгүй байх. Өлсөөд байвал самрын төрөл идэж болно. 

Мөн ингэж өлөн байсны дараагаар амттан идмээр, гурилан юм идмээр санагдаж магад. Аяндаа дасаад ирэхээр цаанаасаа дээрх зүйлийг идэх дур бууна. 

За тэгээд хүн бүрийн амьдралын хэв маяг, ажлын онцлог өөр өөр тул өөрсдийнхөө хэв маягт тохируулаад л 16 цаг юм идэхгүй байх юм байна. Эмч өөрөө ганц хоёр цагийн ялгаатай арга бичсэн байсан. 

Жишээ нь өглөө 6 цагт босоод өглөөний цайг уулаа. Тэгснээ бүр оройны 22 цагт оройн хоолоо идээд, 24 цагт унтах гэж байсан. Энэ арга жаахан тохиромжгүй санагдав. Доорх зураг шиг.

Нэг хэсэг манайхан мацаг гэж шуугисан даа. Ер нь бол мацаг юм байна гэж ойлгосон. Яахав эмч өөрөө мацаг гэдэг үг хэрэглэхгүй өлөн байх гээд юм идэхгүй байх цагаа уртасгах гэж бичээд явсан байна лээ. 

Хагас бүтэн сайн гэсэн амралтын өдрүүдэд 24 цаг юм идэхгүй байх нь бас их зүгээр. Харин 24 цагаас дээш өлсөх гэж байгаа бол заавал эмчийн зөвлөгөөний дагуу хийх ёстой шүү. 

Ингэж өлсөхийн сайн тал гэвэл тоочоод баршгүй. Дотор эрхтний үйл ажиллагаа сайжирна, өтгөн хаталт арилна, алерги үгүй болно, ядаргаа арилна. Өөх задарч цусны эргэлт сайжирна, амьдралын хэв маягаас шалтгаалж үүсэх өвчин багасна. Цусан дахь сахарын хэмжээг 20%-р бууруулж чадна. Хавдар зэрэг өвчин тусах эрсдлийг багасгана.

Мөн залуу байдлаа удаан хадгална. Альхаймер хэлбэрийн зөнөгрөх өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Арьс толийж сайхан болно. 

За бас хэд хэдэн мэргэжлийн үг хэллэгтэй сайн тал гэж бичсэн байсан. Орчуулж дийлшгүй нь. Өөрсдөө олж уншигтий...

Сул талыг нь дурдахгүй өнгөрч болохгүй. Жин хасаж, өөх задарсантай уялдаатайгаар булчин ч бас сулардаг. Тэгэхээр амархан, өөрт хүндрэлгүй дасгал хөдөлгөөн хийх ёстой. 

Ялангуяа настай хүмүүс анхаарах хэрэгтэй. Дасгал хөдөлгөөнийг тусгай зориулалтын танхимд хичээллэхгүй бол болохгүй гэж хүндээр хүлээж авалгүй өдөр тутмын амьдралдаа л оруулаад өгөхөд болно. 

Жишээ нь шатаар өгсөх уруудах. Гэдэсний таталт, гар дээр суниах, squat хийх. 60 кг жинтэй хүн 20 минут шатаар өгсөж уруудахад 100 ккалор шатаадаг. 

Сахарын тухай бичсэн байсан. Орчин үед бол бидний сахарын хэрэглээ асар өндөр юм байна өө. Энэ талаар өөрсдөө олж уншина биз дээ? 

Ингээд урт настай удаан жаргалтай номныхоо тухай дуусгана аа. Аль болох энгийн хэллэгээр бичих гэж хичээлээ. Эсрэгээрээ ойлгомжгүй болчих шиг боллоо. 

Өнгөрдөг жил баахан ном авчирсан хүн чинь, уншиж барахгүй байж л дараагийнхаа номыг захиастай, төлөвлөөстэй. 

Залхаасанд уучлаарай, ном ярьж. Хэ хэ. Гэхдээ дугуй дугуйгаа олж нөхөрлөдөг гэдэг дээ, блогийг минь ч номонд хорхойтой хүмүүс уншдаг байх тийм үү? Хо хо. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

Жич: Зураг1-Оройн хоолоо 18 цагаас өмнө идээд маргааш өглөөний 10 цах хүртэл юм идэхгүй.

Зураг2-Өглөөний 6 цагаас оройн 22 цаг хүртэл юм идэхгүй. 22 цагт оройн хоолоо иднэ.

2023年2月16日木曜日

Өлсөцгөөе 2

Номныхоо нэрийг бичээгүй байна лээ тийм ээ? Хэ хэ. 

"Өлөн байх нь хамгийн хүчтэй эм" гэдэг гарчигтай шүү. Монгол хэл дээр "Мацаг" гэдэг гарчигтайгаар орчуулагдсан байсан. Сонирхож байвал олж уншаарай. 

Японд ч энэхүү өдрийн 3 удаа хооллох заншил нэлээд сүүлд дэлгэрсэн гэнэ. 1657 оны үе буюу Эдогийн засаглалын үед барилга, бүтээн байгуулалт ид өрнөж, ажилчдад олгодог өглөө оройн хоолноос гадна өдрийн хоол гэж олгодог болсон.

Мөн Мэйжигийн шинэчлэлийн дараа засгаас цэргүүдийг өдөрт 3 хооллодог болсон зэрэг нөлөөлж өдөрт 3 хооллох заншил үүссэн гэж үздэг гэнэ. 

Энгийн ард иргэд өдөрт 2 л удаа хооллодог байсан гэнэ шүү. Манайхан чинь бас дээхэндээ нэг их олон хооллоод байдаггүй л байсан гэж ярилцдаг тийм ээ? 

Мөн 1935 онд япон эрэгтэй хүний өдрийн авах ёстой илчлэгийн хэмжээ 2500-2700 гээд тогтоочихож. Угтаа энэ их тоо гэнэ. Учир нь өдгөө ихэнх гэрийн ажил, унаа унаш гээд автомат болчихсон. Харьцангуй бага хөдлөөд байна, хүмүүс. 

Бодсон чинь нээрээ л тийм. Угаалгын машин, тоос сорогч гэдэг сайхан зүйл гарчихаж. Мөн гурил зуурч элдэх нь ч цөөрч. Гэрэл, зурагт гээд л бүгд шахуу удирдлагатай. Ер нь гэртээ бол бараг хөдлөхгүй байх шиг байна тийм үү?

Тэгсэн хэрнээ л ядраад байгаагаа гайхаад л би ч...

30-49 насны эрэгтэй хүн 1500, эмэгтэй хүн 1170,50-69 насныхан 1350, 1110, 70-с дээш насныхан 1220, 1010 хэмжээтэй байхад болох юм. Харин хүнд хүчир ажил хийдэг, тамираар хичээллэдэг хүмүүс 1800-2200 орчим байханд хангалттай гэжээ. 

Хооллосны дараагаар ядардаг, нозоордог, нойр хүрдэг гэх мэт шинж илэрдэг хүмүүс анхаарах хэрэгтэй. Хэтрүүлж идэх нь дотоод эрхтнүүдийг цуцаадаг. Өлсөөгүй байж ар араас нь хивэхгүй байх. 

Гурил будаа, гоймон талх хэтрүүлэх нь сая хэлдэг, нойр хүрэх, ядрах гэсэн шинжүүд илүү элбэг. Мөн эдгээр хүнсний хэрэглээ их байх тусам цусан дахь сахар огцом ихэсдэг. Улмаар цөс нь инсулин ялгаруулж цусан дахь сахарын хэмжээг бууруулах гэж үзэж  тарна. 

За сүүлийн үед энэ "инсулин" гээчийн талаар их ярьж бичдэг болсон тул та бүхэн өөрсдөө хайж уншаарай...

"Буруу дадал зуршил, үлбэгэр хайнга байдлаа таягдан хаяж, өөрийн биеийн дууг хоолойг чагнах. Энэ бол өөрийгөө хайрлах, гамнах эхний алхам".

  • Эртнээсээ л ийм байсан, ингэж дадсан гэх бодол, баримтлалаа эргэн нэг харах. Жишээ нь өдөрт 3 удаа хооллоод л ирсэн шүү дээ, муудчихаагүй байна гэх үзэл.
  • Хаа нэгтээ ууж идэхээр очихдоо гарсан болгоныг хэнэггүй гэгч нь амандаа хийх.
  • Гэрийнхнийхээ үлдээсэн хоол хүнсийг хайран юм гээд идэх.

За энэ 3 үйлдлийг хийдэг хүмүүс анхаарлаа хандуулах хэрэгтэй шүү. 

Нас ахих тусам идэх хэмжээ, чанарт анхаарах. Өдөрт заавал 3 удаа хооллох шаардлагагүй.  Өдөрт 3 хооллох нь дотоод эрхтэнд амрах хугацаа өгөлгүй, сульдаадаг. 

Хоол боловсруулахад 2-3 цаг, тос өөх ихтэй хоолыг боловсруулахад 3-4 цаг орчим ходоодонд байж, зарцуулдаг. Нарийн гэдсэнд 5-8 цаг орчим зарцуулж байж боловсруулдаг. 

Бүдүүн гэдсэнд нарийн гэдсэнд шимэгдээгүй ус нь 15-20 цаг зарцуулж байж шингэдэг.

Ингээд цагаар тооцоод үзэхэд бидний гэдэс ходоодонд орсон хүнс буюу хоолыг бүрэн боловсорч, шингэж, гадагшилж амжаагүй байхад дээрээс нь нэмж идээд оруулаад байхаар бүхий л дотоод эрхтэн ядарч сульддаг. 

За тэгээд ходоод муу байх нь хүний арьс болон үсэнд муу нөлөөтэй. 

Хамгийн их ачаалалтай байдаг эрхтэн нь "элэг". Бид элгийг зөвхөн архи уусан үед, шартсан үедээ л ачаалалтай байна, муудна гэж үздэг. Гэтэл бидний элэг маш хичээнгүй, ажилсаг эрхтэн юм. Маш олон үйлдлийг зэрэг хийдэг эрхтэн. 

Боловсруулах, хуримтлуулах, задлах, ялгаруулах, задлах гэх мэт. 

"Бидэнд амралт хэрэгтэй байдгийн адилаар эрхтнүүдэд маань ч амралт зайлшгүй шаардлагатай".

Тогтмол нэг цагт хооллох нь эрүүл бөгөөд зөв мэт санагдаж магад. Гэвч хүний бие тухайн өдөр өдөртөө өөр өөр байдаг. Жишээ нь урд өдөр нь нэлээд илчлэг ихтэй хоол идсэн, их хэмжээгээр идсэн гэж үзэхэд маргааш нь тогтсон цагтаа идэх нь зөв гэж хэлэхэд бэрх. 

Харин хоолоо бүрэн шингээд, өлслөө гэж мэдэрсэн үедээ идэх нь илүү зохимжтой. 

Хэтрүүлж идэх нь ДНХ болон эсийг ихээхэн гэмтээдэг. Мөн "Reactive Oxygen Species, ROS" нэмэгдүүлдэг. Энэ "Reactive Oxygen Species, ROS" -нь хүний биеийг хүчиллэг болгох буюу зэврүүлдэг чадалтай. Тэгснээр хүний бие дэх вирус гэх мэтийг дардаг ч эсрэгээрээ ДНХ-г гэмтээдэг аюултай.

Энэ хүчилтөрөгч ихэсдэг нэг шалтгаан нь стресс, нарны хэт ягаан туяа, вирусын гаралтай бактери, элдэв хортой зүйлийн хэрэглээ. Мөн хэт их хөдөлгөөн гэх мэт олон шалтгаан байдгийн нэг нь "хэтрүүлж идэх". 

Энэ даамжирвал хөгшрөлт эрт явагдах, үрчлээ ихсэх, сэвхтэх, улмаар хорт хавдар тусах эрсдэл дагуулдаг.

За мэргэжлийн үг хэллэгээ эмч дүүгээсээ асуудаг юм. Уриалгахан гэгч нь дэлгэрэнгүй хэлж өгдөг дүүдээ баярлалаа. Хойшид ч болгоогоорой. 

Яг "Reactive Oxygen Species, ROS"-ын тухай яг нарийн ойлгож чадсангүй. Монгол орчуулгыг нь авах билүү? гэж бодоод л сууж байна.

Өөх тос, сахарын хэрэглээнээс үүсэх хор уршгийг бас тайлбарласан байсан. 

Жишээ нь өөх нь 2 янз байна. Арьсан дорх өөх, дотоод эрхтний өөхлөлт. Өөх нэмэгдсэнээр цусны болон тунгалагын эсийн эргэлт муудна. Хэдийгээр бид өөхийг жин хасахад туйлын хэрэгцээгүй лайсан мэтээр үздэг ч үнэндээ сайн тал ч бий. 

1. Энерги хурилмтлуулна.

2. Биеийн дулааныг хадгална.

3. Дотоод эрхтнүүдийн байрлалыг хадгална.

4. Зөөлөвч болж хүний биеийг гадны ямар нэг гэмтлээс хамгаална.

5. Даавар болон цөс ялгарах эс үүсвэр нь болдог.

6. Төрөл бүрийн витаминыг шингээхэд хэрэгтэй. 

Нэг ёсондоо хүний биед зайлшгүй байх ёстой хүчин зүйл байх нь.

Мэдээж ихэдхээрээ сөрөг нөлөөтэй. Жин нэмнэ. Хөл, нурууны ачаалал ихсэнэ. Хүзүү хавиар өөх нэмэгдвэл нойр муудна, унтаж байхад амьсгал түгжрэх аюултай. Улмаар цусны эргэлт муудах, тунгалагын эс дарагдах, зүрхэнд ачаалал өгөх, даралт ихсэх, зүрхний хэм алдалт, хавагнах гээд олон сөрөг талтай. 

Зээ, энэ талаар хайхаар илүү дэлгэрэнгүй гарч ирэх байх, хайж уншаарай...

Дараагийн нэг бичвэрээр энэ номоо дуусгана аа. Нэг амттай ном эхлүүлчихсэн чинь энэ өлсөх мөлсөх чинь "цаашаа шүү" гээч л болчихлоо. Хэ хэ. 

Түр баяртай. бүгдэд нь амжилт хүсье.

2023年2月13日月曜日

Үлэг гүрвэл

Бага зулзага бидэн хоёр үлэг гүрвэлээ ярьсаар л, ном зээлсээр л байгаа шүү. 

Дэлгүүрт явж байсан чинь дуугардаг үлэг гүрвэл олоод харчихсан. Барьж гүйгээд, "та халаасаа уудал даа, мөнгө байна уу? Үзье".

"Та надад дуугардаг үлэг гүрвэл авч өгөхгүй бол би танд маш их хайртай байхаа больчихно шүү". 

"Ааваа, та надад тэр нэг дуугардаг үлэг гүрвэлийг авч өгөхгүй бол би ээж та хоёрт маш их хайртай байхаа больчихно шүү".

"Э эгч рүү залгая аа, мөнгө байна уу гэж асууя аа". 

Э эгч гэдэг нь нагац эгч нь. Хо хо. Зүгээр байсан хүн үлэг гүрвэлийн өрөнд орчих шиг болсон. Ха ха. 

Саяхан зээлсэн нэг номонд Огава гэдэг хүний тухай байна. Сэтгэл хөдлөөд, энэ япончууд яахаараа ийм эх оронч юм бэ? гэж бодогдоод.

Энэ Allosaurus-ын тухай ном. Багачуудад зориулаад хөөрхөн яриа болгочихсон. Сүүлийн хэдэн хуудсанд болохоор танилцуулга нь, хэд дэх зууны ямар галавын үед байсан. 

Ямар тэжээлтэй, бие эрхтэн нь ямар бүтэцтэй, хаанаас олдсон, хэд олдсон гэх мэт. 

Америкийн баруун хэсгийн муж улс болох Ютад олдсон олдворыг ухах ажлыг санхүүжүүлж, оронд нь эх нутагтаа хэдэн чулуужсан олдворыг нь авах эрхийг авсан япон хүн байх. 

Нэр нь Огава Юүкичи (1988-1972). Залуудаа америк руу гарч, элдэв бэрхшээлийг туулан амжилтанд хүрсэн. 68 насандаа эх орондоо "айлчилж". 

Тэгсэн хүүхэд багачуудад зориулсан музей зэрэгт үлэг гүрвэлийн бүтэн биеийн чулуужсан үзмэр нэг ч байгаагүйд сэтгэл нь эмзэглэж, энэ тал дээр бодит ажил хийсэн нь дээрх Allosaurus-н олдвороос эх орондоо авчрах.

1962 онд ориг чулуужсан олдворыг нь эх орондоо авчирч, 1964 онд музейд тавигдаж, олны хүртээл болсон.

Хүүхэд багачуудынхаа танин мэдэхүйд асар их хувь нэмэр оруулсан...

Гэтэл манайхан яасан билээ дээ. Үлэг гүрвэлийн олдоворын тоогоор дэлхийд 3-т ордог юм байна. 

Тэгээд үнэт ховор олдвороо ашиг хонжоо хайгчдын харгайгаар гадагш нь алдчихсан тохиолдол их байдаг гэнэ. Харамсалтай тийм ээ?

Бага зулагын зээлсэн эдгээр номнуудаас "монгол" гэж олж уншихаараа цаанаас нэг тийм бахархал төрдөг юм билээ. Зулзагууддаа бахархалтай нь аргагүй "монгол" гэнэ ээ, ерөөсөө тоолох уу? гэж ирээд л уншдаг.

Дараа яг ямар ямар үлэг гүрвэлүүд олдсон байдаг тоог нь нэр устай нь эндээ бичнэ ээ. Санаж байхын тулд...

Нутаг усаа хайрлах, эх оронч гэдэг үзэл нь бидний төсөөлж боддогоос маш өөр хандлага, үзэл баримтлал бололтой...

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2023年2月12日日曜日

Сүши & бууз 2

Эртээдийн бичвэрт буузныхаа зургийг оруулаагүй байна лээ. Хэ хэ. 

Хормогчоо өмсөж аваад л гурилаа элдэв. Цугласан япончуудын нүд орой дээрээ гарч байна өө. Мэргэжлийн гурил эллдэгч байна аа л гэцгээв. Хо хо.

Өө энэ чинь манай нутагт мэдээжийн хэрэг ээ л гэлээ. Хань ижил бас мэргэжлийн чимхэгч боллоо. Манай нутагт эрчүүд нь их ажилсаг аа л гэлээ. Хэ хэ.

За энэ хундага их учиртай. Болор хундага. 4 ширхэг байсан гэнэ. Нэгийг нь хагалчихсан гэнэ. Үнийг нь сонсоод хагалсан хүн нь муужирч унахаа шахсан гэнэ. 

Бид ч сонсоолд ухаан алдах шахав. 20-д жилийн өмнөх ханшаар нэг нь 150 мянган иен, одоогийн ханшаар 300 мянган иен. Та хэд өөрсдөө төгрөгт шилжүүлж бодоод үзнэ биз дээ? 

Улаан цагаан дарс амтархан ууж байсан улсын гар нь чичрээд, салгалаад ирсэн. Хагалчих вий гээд, ерөөсөө зүгээр л энгийн хундагаар ууцгаая болцгоогоод байсан. Хи хи. 

Би ч уугаагүй болохоор дараа би энэ хундагаар чинь ууна шүү, гар минь салганах нь уу? Үзнэ гэж тохиров. Хо хо.

Буузныхаа зургийг амжиж дарсан. Хүмүүст маш их таалагдсан. Бүр уламжлал болгоцгооё гэсэн. Жил бүрийн 2 дугаар сарын эхний долоо хоногийн хагас сайныг бууз идэх өдөр болгоцгооё гэж авсан. 

Өөрсдөө чимхэлцэхгүй байж. Бид л эх орныхоо нэрийг бодоод, ганц ч болтугай хүн эх оронд минь дурлаж, аялаасай гэж чармайх байх даа тийм ээ? Хааяа ч ажил ихтэй үед гурил зуурч элдэх, чимхэх ч төвөгтэй санагддагийг нуухгүй ээ. 

Надтай өнгө ижил бүсгүйчүүд их юм билээ шүү. Муу ээж, залхуу ээж гээд бухимдаад унав даа. Хүн бүр адилгүй шүү дээ. Хэ хэ.

Гэснээс амралтын өдрүүдээр бууз чимхэж хөлдөөнө дөө. Хэдэн сурагчид, залуус ирж бууз жигнүүлж идэх байх...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2023年2月11日土曜日

Хайтани Кэнжиро

Хайтани Кэнжиро зохиолчийн бас нэг ном. Өнгөрдөг оны зун зээлж уншсан. Хүүхдэд зориулсан тул нэг их хүнд ханз, үг хэллэг гарахгүй. Амархан уншигдсан. Хэ хэ. Энэ 6-р ангийнханд зориулсан зохиолуудтай. 

Завтай болохоороо 1-5-р ангийнханд зориулсан зохиолуудыг нь ч уншина гэж бодож байгаа. 

Бага сургуулийн 6 ангийн 8 сурагчийн тухай гарна. Яг ар гэрийнх нь амьдрал гарахгүй. 

Тэдний үйлддэг "дэггүй, сахилгагагүй" зүйлийн тухай гарна. Гэхдээ нэг тийм гэгээн, цагаан, тусч сахилгагүйтэл, бүтэлгүйтэл.

Тэдний нэг нь биеэр ч, оюун ухаанаараа ч үеийнхнээсээ бага зэрэг хоцрогдолтой. Түүнийгээ өнөөдүүл нь ч орхихгүй. Буруу зүйлдээ ч, сайн зүйлдээ ч дагуулаад явна. Хөөрхөн.

Хамгийн сэтгэлд хоногшсон нэг яриа нь. Зохиолд обан гэж гардаг хөрш эмээгийн тухай. Обан нэг хүүтэй. Тэр хүү нь гадаадад ажилладаг. Завгүй тул харьж ирэх нь ховор. 

Өнөөх 8 жаал эмээгээс асууна. 

-Хүүтэй чинь бид ерөөсөө уулзаж байгаагүй шүү дээ. 

-Аргагүй шүү дээ, та нарыг хичээлдээ явчихсан хойгуур ирээд явчихдаг юм чинь.

Нэгэн өдөр эмгэн утсаар ярихыг нь сонсчихно, тэд. Хүүтэйгээ бололтой. 

-Ямар галт тэрэгний буудал аа? Аан за...

Хүү нь ажил ихтэй тул ойрхон өртөөгөөр дамжин өнгөрөх гэнэ. Эмээг хүүтэй нь хальт ч болов уулзуулчих юмсан хэдүүлээ...

Өөрсдөөсөө хэдхэн насаар л ах бас нэгийгээ гуйж машин бариулаад, галт тэрэгний өртөө рүү жирийлгэнэ. Өнөөх нь мэдээж жолооны үнэмлэхгүй. Амьжиргаа цагаан юм шиг байгаа юм. 

Өнөө 8 чинь бас явчихмаар байдаг, ачаан дээр нь гараад суучихна. Хэрэв цагдаа таарвал эмээг мухар олгой нь өвдөөд яг үхлээ гэж хэлнэ шүү гэж үг зааж өгнө. Хэ хэ.

Эмээ хүүтэйгээ уулзана, уйлаад л уйлаад л... 

Хүүгийн гарт даавуу бүтээлгээтэй, түүний дор төмөр гялтаганана...

Нэг нь, хүүгийн гарт байгаа юу вэ гээд асуучихна, нөгөөдүүл нь сандарна...

"Завгүй хүүтэйгээ уулзаж амжлаа шүү, гадаад луугаа явчихлаа шүү" гэж эмээг тайтгаруулна...

Гэнэн цайлган, сахилгагүй бага насаа дурссан. Дэггүй ч байж, аманцар ч байж хэхэ. Ороочээ гэж дуудуулж орно, нэг гарахаараа. Юу хийдэг байсан юм бол нээрээ? Хэ хэ. 

Дунд ангид ороод томоожиж эхэлсэн шиг байгаа юм. 

Дараа бусад зохиолыг нь зээлж уншихаараа танилцуулна аа. Хүүхдүүдийг жаахан дэггүй байж, түүнээсээ суралцдаг гэдгийг ойлгуулахыг хүсдэг зохиолч бололтой. Дуртай сэдэв...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年2月10日金曜日

Хэлхээгүй сувд

Өрөөстэй номнуудаасаа бага багаар уншиж эхлэв. Жижгээс нь түүж.

Их зохиолч Д.Нацагдоржийн дуусгаж амжаагүй нэгэн тууж, хэд хэлэн өгүүллэгтэй бяцхан ном. Бяцхан ном уншихад урамтай тийм ээ? 

Хайран сайхан зохиолчоо идэр залуугаар нь алдчихдаг азгүй улсаа даа бид. Дуусгаагүй туужийг нь уншиж дуусаад ийм бодол өөрийн эрхгүй төрсөн. 

Үргэлжлэлийг нь хүсээд, уншмаар байна. Уншигчдын энэ хүслийг хэн биелүүлэх вэ?

Энэ ном цуврал бөгөөд 1 дүгээрхийг нь би худалдаж авчээ, өнгөрдөг жил...

3 дахь байгаа юм байна. "Тэнгэрийн цаг болоогүй" гээд. Дашийн Оюунчимэг зохиолчийнх. 

2 дахь нь "Кокоро" гээд Нацүмэ Соосэки зохиолчийн ном юм байна. Кокорог бол уншсан. Яг энэ номыг биш. "Сэтгэл" гэдэг өөр нэгэн хэвлэлийг. Япон хэлээр нь унших гэж нэг үзсэн. Бараагүй орхисон, олон жилийн өмнө. Сүүлд нэг сөхөж үзнэ ээ. 

Өгүүллэгүүдэд нь багадаа уншиж байсан "Хуучин хүү", "Шувуун саарал", "Ламбугайн нулимс" тэргүүтэй шилдгүүд нь орсон байсан. Ихэд олзуурхсан. 

Тухайн үеийнх нь аялга? хэллэгээр нь бичсэн. Жишээ нь -дор, -ахуй, -үгүй гэх мэ.

"Хуучин хүү"-г уншсан чинь шууд 10 жилийн анги танхим, ширээ сандал нүдэнд харагдаж байна лээ. Хэ хэ. 

Бас хань ижилдээ чанга дуугаар уншиж өгсөн чинь эхний өгүүлбэрийн хамтаар "Тавхийтэл мориноосоо буун, тасхийтэл жолоогоо сойгоод тосон дор дарагдсан урд хормойгоороо наран дор шарагдсан нүүрийн хөлсөө арчин нусаа хүрхийтэл нийгээд гэр дор оров". Гэсэн өгүүлбэрийг цээжээр мэдэж байна лээ шүү дээ. Айлын хүүхэд ийм айхтар. Хэ хэ. 

Би гэтэл эхний нэг өгүүлбэрийг л цээжээр мэдэж байсан. Бодвол бас л ингээд цээжилж л байсан байх даа. Байхдаа ч гэж дээ цээжилсэн цээжилсэн. Олон юм уншаад, эхнээс нь мартаад явсан гэж өөрийгөө зөвтгөх үү дээ. Хэ хэ.

31-хэн насандаа энэ хорвоогоос явчихсан гэхээр үнэхээрийн харамсалтай тийм ээ? 100 насалж зургаадай таяг тулсан бол ямар их бүтээл туурвих байсан бол...

Яруу найраг, шүлгийг нь багадаа мөн ч их уншдаг байжээ. Нэрлэвэл олон, гэснээс яруу найраг, шүлгийн түүвэр бүхий номыг нь олж авна аа. 

Цаг үе нь ч нөлөөлсөн байх лам нарт нэлээд шүүмжлэлтэй ханддаг байсан шиг байна. Би ч бас тэгж ханддаг. Одооны лам нар тухайн он цагын түүхэнд гардаг лам нараас нэг их дээрдээгүй санагддаг, ард иргэдийг шулдаг...

За элдэв зүйл бурахаасаа өмнө дуусгая даа. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.