2024年5月20日月曜日

Шинэ савалгаа

Эх орноос минь үе үе дотно сайхан амт манайд ирнэ ээ. Эргэн тойрныхон минь өгнө өө. 

Дунд нь хөөрхөн санагдсан, аятайхан санагдсан зүйл их. Хөөх, ингэж хийдэг болж, хөөх ийм хөөрхөн савлагаатай болчихсон байна гэх мэт. 

Өтгөрүүлсэн шүүс. Нэг удаагийнх. Хамгийин таалагдсан нь аймгууд эхнээсээ өөрсдийн гэсэн ийм нэрийн бүтээгдэхүүнтэй болж буй нь. Мөн онгойлгоход амархан байсан. 

Зарим нэг бүтээгдэхүүн онгойлгох гэж хэцүү, хайчлахаар хайч минь муухай болчих гээд байдаг байлаа. Ихэд олзуурхав.

Араас нь харахад. Яахав тайлбр нь жижигхэн бичээстэй байсан ч, томруулж байгаад уншчихсан л даа. Угаасаа гадны бүтээгдэхүүнүүд ч жижигхэн бичээстэй байдаг. Би үүнд нь их бухимдана аа. Хо хо.

Ийм өтгөн. Үнэр гэж бас л тансаг тийм ээ? Ажил дээр уухад жаахан тохиромгүй. Би ч ихэвчлэн гэртээ л хааяа оройн цагаар уудаг юм. Энэ удаад ганцхан байсан тул ажил дээрээ байж байхдаа уусан. 

Нэг их юм бодолгүй задалснаа гэнэт үнэр танарыг нь санасан. Ямар буцаагаад наалтай биш, уусан.

 
Шингэлсний дараах байдал. Идсэн ууснаа ингэж а б-гүй зураг дарахаар зарим нэг хүмүүс эгдүүцдэг шиг байна лээ. Хэ хэ. 

Яахав ээ яахав, цаадах чинь хааяа эх орноо танилцуулна, тэр үед заримдаа их сонин сонин зураг хэрэг болдог юм. Ойлгоорой. 

Хүнээс гуйхаар, өөрт нэг иймэрхүү зураг байвал хэрэгтэй шүү дээ. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年5月18日土曜日

Хүүхдийн хүмүүжил 2

Нэг бүрчлэн л бичмээр санагдах, хажуугаар нь залхуу хүрэх. Онгод минь бууж ирээрэй. Заримдаа ч зүгээр л уншаад, уншаад, дуусахаар нь дараагийн номоо эхлүүлээд л явчихмаар байдаг. 

Тэгэхээр энэ хүмүүсийн уншсан номынхоо тухай бичсэн тэмдэглэлийг уншихаар, дотроос нэг хүн "бич, бич, бичээч ээ" гэж хатгаад, өдөөд байх юм гэхгүй юу? Хи хи. 

За юун дээр зогслоо? 

2. Хүүхэдтэйгээ өдөр тутамдаа маш энгийн зүйлээр ярилцдаг байх. Ингэж чадвал хоорондын итгэлцэл аяндаа л бий болно. 

Миний хувьд хүүхэд бага байхад бол үүн шиг амархан зүйл алга дөө. Томроод ирэхээр, шилжилтийн насанд бол нэлээд төвөгтэй асуудал болж ирнэ. За энэ хэсгийг даваад гарчихвал бас ч гэж гайгүй. 

Одоо дунд зулзага яг шилжилтийн нас нь ирчихэж. Хаяанд биш бүр тулж ирээд, хаалга тогшоод ороод ирсэн. Ядардаг байх, нэг л их ууртай, хэг ёг гэсэн охин байна энд. 

Өөрт нь таалагддаг юм, амттайхан идэх юм гэх мэт байвал ааш гэж хайлсан тугалга шиг. Өөрийн дургүй, өөрт таалагдахгүй юм бол за тэгээд хамарт нь баас наачихсан аятай л байна шүү дээ. 

Ингэхэд уншигч олны өсвөр насны, шилжилтийн насны зулзагууд хэр ааш гаргаж байна даа? Туршлага судлах юмсан. Ганцхан манайд ийм байвал ч ээж миний арга барил, хатан ижий ухаан энэ тэрд асуудал байна тийм үү?

О.зулзага бас иймэрхүү зан ааш, авир гаргаж л байсан байх даа? Блогтоо бичиж байлуу? Олж унших хэрэг гарах нь...

3. Хүүхдийнхөө өнгөрсөнд инээмсэглэлийг хангалттай дүүрэн үлдээх. Өөрийн эрхгүй инээмсэглэн дурсахаар дурсамжийг ихээр үлдээх юм болов уу даа. 

Би ингэж чадаж буй билүү? Аз жаргалтай дурсамж гэж яг юуг хэлэх үү? Ойрд зулзагуудаа, ялангуяа шилжилтийн насандаа яваа зулзагаа дагуулан орж гарч чадахгүй л байна. Тэгэхээр бага сургуульд байхад нь сайн дагуулж ийш тийш явах хэрэгтэй шүү. 

4. Хүүхэд тань инээж байвал амар амгалан байна аа л гэсэн үг. 

Нээрээ л хүүхэд багадаа их инээнэ. Томрох тусам хэр баргийн зүйлд инээхээ байчихдаг шиг. Найз нөхөдтэйгөө байхдаа бол инээдэг байх. Гэртээ бол багынх шигээ инээх тоо нь цөөрсөн байна шүү. 

Яавал инээдийнх нь тоог гэртээ нэмэх вэ? Бодолцоно оо. Огт инээхгүй бол биш шүү. Намайг аашлаад, огт инээлгэдэггүй, токсик ээж гээд ойлгочихов доо. Хо хо. Гэхдээ токсик ээж талдаа байх шүү. Энэ тухай номыг бид ирэх жил уншихаар сонгосон байгаа юмсан, наана нь унших хэрэг гарч магад шүү, энэ янзаараа ч...

5. Хүүхдэд тань хэрэгтэй зүйл бол дэмжих биш хүлээн зөвшөөрөх явдал. Эцэг эхчүүд хүүхдээ дэмжиж байна гээд илүү их хичээхийг шаардаад байдаг. Үгээрээ хэлэхгүй ч үйлдэл нь тэгж шаардаад байдаг. 

Түүнийхээ оронд хүүхдийнхээ яг одоо цагт хичээж байгаа зүтгэлийг нь үнэлэх, хүлээн зөвшөөрөх. 

6. Бусад хүүхэдтэй харьцуулахгүй байх. Бусад хүүхдийг мундаг гэж хэлэхгүй байх. Өөрийн хүүхдийнхээ өнгөрсөн болон одоог харьцуулж хэлж ярих. Өмнө нь чаддаггүй байсан зүйлээ одоо чаддаг болсон байна шүү дээ гэж хэлж ярьж, магтах. 

7. Зүгээр л, зүгээрээ гэж хэлсэн мөртлөө танд ямар нэгэн байдлаар хандах. Үүний цаана "зүгээргүй шүү, ямар нэгэн зөвлөлдөх зүйл байна шүү, таны туслалцээ хэрэгтэй байна шүү, таны дэргэд тантай хамт баймаар байна шүү" гэсэн дохиолол нуугдаж байдаг. 

8. Хүүхдийнхээ нүдний өмнөх амжилтыг бус дараа дараагийн амжилтыг нь хүлээгээд байгаа юм биш биз? Энэ бол бидний гэм биш зан болчих гээд байдаг. Хэрэв иймэрхүү зүйл ажиглагдвал өөрөөсөө асуух хэрэгтэй. Яг одооных нь амжилт, өсөлтийг харж бахархах, хүлээн зөвшөөрөх. 

9. Хүүхдэдээ зугтаах (хойшуулах) зам, завсарлах газрыг олгож өгөх. Хүүхэд өөрийн ядарсныг, амралт хэрэгтэй байгаагаа тэр бүр мэддэггүй. Ядарсан бол унтаж амрах, түр хойшлуулах хэрэгтэй гэж хэлж ойлгуулах. 

Хэт хичээж өөрийгөө зовоохгүй байх гэдгийг ойлгуулах. 

10. Хүүхдээ хүндлэх хүндлэл үгүй бол тоглоом дууслаа л гэсэн үг. Энэ нь хүүхдээ үл хүндэтгэх аваас захиргаадсан, тушаасан, хүч хэрэглэсэн хандлага ихсэн, хүүхэд та хоёрын харилцаанд ан цав үүснэ. 

Хэдийгээр таны хүүхэд ч гэсэн хүн гэдэг үүднээс хандаж, хүндлэн харьцах. 

Өнөөдөртөө ингээд дуусгая. Энгийн юм шиг мөртлөө, бас өөртөө үе үе сануулж байх хэрэгтэй гэж үзсэнээ түүж бичлээ. 

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.  

2024年5月17日金曜日

Ээжийн өдөр

Сая өнгөрдөг бүтэн сайнд энд "Ээжийн өдөр" болоод өнгөрөв. Ямар ч бэлэг авахуулаагүй, бороотой өдөр таараад гадагшаа ч гараагүй. 

Харин музей үзсэн. Хүн 2 ширхэг тасалбар өгсөн юм. Сүүлийнх нь өдөр байсан тул бороотой ч гэсэн гарч үзэв. Бага зулзагад агуулга нь жаахан ахдаад, залхуу нь хүрээд байснаа, сүүл хэсэгт бага зэрэг нүд нь сэргэсэн. Хэ хэ. 

Үхрийн элэг шаруулж идсэн. Би бага зэрэг ханиад хүрээд, нэг л сонин санагдаад, хөдөлмөөргүй болоод, хэвтээд л байсан. Баярын өдөр шүү гэж байгаад гэрийнхээ харчуулыг зарсан. 

Хань ижилдээ хошуугаа унжуулж байгаад гарынх н хоол буюу энэхүү үхрийн элгийг шаруулж идсэн. Хэ хэ. 

Гэснээс сармисанд дуртай юу? Би түүхийгээр нь ч идэж чадна. Ха ха. 

Хааяадаа бас ингээд өөх идчихдэг шүү. Монголд нэг очихоороо сэмжинд нь ороож чанасан элэг иднэ гэж мөрөөдөж байгаа шүү. Өнгөрдөг жил яалаа? Идсэн идсэн. Авга эгч маань гараа гаргаж шарж өгсөн шүү дээ. Баярлалаа. 

Зээ, баярын өдөр цэцэг, бренд гэлгүй ингэсгээд "эгэлхэн" тэмдэглэчихдэг бүсгүйчүүд байвал бахархалтайгаар шэйр хий гэж мэгээд л. Хо хо. 

Бүгдэд нь амжилт хүсье өө. Түр баяртай. 

2024年5月16日木曜日

Олоогүй ээ

Зээ, би түрийвчээ олоогүй ээ. Хайр зарласан цагдаагийн газраас утасдсангүй. Хи хи, олдохоосоо өнгөрсөн биз?

Бэлэн мөнгөгүй байсан, баахан каартнууд байсан гэсэн дээ. Жолооны үнэмлэхээ авчихсан гэж бичсэн дээ. 

Саяхан гадаад иргэний үнэмлэхээ бас очиж авлаа. 100 хэдэн км зайд байрладаг Ёнаго Китаро нисэх онгоцны буудалд байрладаг юм. Алтан 7 хоног дуусаад л нөгөөдөр нь явлаа. Учир нь энэ үнэмлэхээ алдсан бол 14 хоногийн дотор дахин гаргуулах ёстой гэнэ шүү.

Утасдаж лавласан нь болж. Гэнэт л нээрээ юу билээ? Хугацаа заачихдаг тал бий шүү гээд л зөв сонин татаад байсан юм. Тэгсэн өөдөөс 14 хоногийн дотор шүү дээ гэж байна шүү. 

Амралт өнгөрөөгөөд очно оо л гэлээ. Харьцангуй ааш сайтай хүн таараад, за тэг дээ, аль болох хурдан ирэхийг бодоорой л гэж байна лээ. 

 
Энэ гайхлын нэрийг Китаро гэдэг. Гэ гэ гэгэ но Китаро гээд дуу ч бий. Нутгаасаа төрөн гарсан манга зохиолчийнхоо алдартай бүтээлийн гол баатраар нэрлэчихсэн. Мизүки Шигэрү гээд хайгаад үзнэ биз дээ? 
 
Явсан ажил бүтэмжтэй бүтэмжтэй. Олон асуулт асуусангүй, харин түрийвч чинь олдоод хуучин үнэмлэх чинь гараад ирвэл дахин ирж, хуучин үнэмлэхээ цоолуулаарай гэсэн. 
 
Олдсон ч очихгүй гэж бодож байгаа. Ажлаа алдаад хэн дахин ирдэг юм. Ха ха. Эсрэгээрээ битгий олдоосой гэж залбираад байгаа юм биш үү? Ккк.

Ажлаасаа нэг өдрийн чөлөө аваад явсныг эс тооцвол бусдаар гайгүй, торгууль энэ тэр гэж төлөөгүй. Нэг хуучин цээж зураг олоод аваад явсан чинь хуучных энэ тэр бас шалтаг хэлэлгүй хүлээгээд л авчихна лээ.

За тэгээд, элдэв үнэмлэх, бичиг цаас гээх чинь л ажил уддаг юм байна. Мөнгө бол яахав, ээ халаг гээд л өнгөрнө. 

Гэснээс кредит каарт маань алтан 7 хоног эхлэхийн өмнөхөн хүрээд ирсэн, шуудангаар. Их тооцоотой байгаа биз? Амралтын өдрөөр орж гарахаараа мэдээж хэрэглэхийг бодно шүү дээ, цаад газар нь ч каартаа ашиглуулахыг бодно. Хо хо. 

Каартаа ашигласан ашиглдасан. Холоос найзууд зорьж ирснийг ч хэлэх үү? Каартыг бол уншуулаад уншуулаад явчихсан. Одоо ирэх сарын төлбөрийн тооцоо л айлгаж байна даа. Хи хи

Ядаж байхад энэ 5 сард чинь их олон юмны төлбөрийн хуудас ирдэг сар. Манайх 4 машины татвар төлнө. Ооё, дөрвийн дөрөв шүү. Энд бас сондгой тэгш гэж хязгаарладаг болохоор олон унаатай болчихсон юм аа гэж худлаа ярихгүй юу. Ха ха. 

Хань ижлийн насаараа мөрөөдсөн мотоцикль нь бас хөөрхөн татвар төлдөг юм билээ. Гэхдээ хамгийн хямдхан нь өө, хөөрхий...

Амьдрал баян, энэ мэт азгүйтэл байх л асуудал тийм ээ? Хүний л амьдрал...

Түр баяртай. Эд юмсаа гээж болохгүй шүү, дахин сануулав.

2024年5月15日水曜日

Хүүхдийн хүмүүжил

Өдөрт цайныхаа цагаар орж суудаг нэгэн жижигхэн газар байдаг юм. Үнэгүй кофегоор дайлна, гол нь нам гүм. Хааяадаа хүмүүс цуглаад, яриа хийгээд байдгийг эс тооцвол тун аятайхан газар. 

Тэнд бас номтой. Хүний эрхийн талаарх голцуу номнууд. Би хүүхдийн хүмүүжлийн тухай номыг нь зээлж уншаад байгаа. Энэний өмнөх хүүхдийн хүмүүжлийн тухай номыг бас эндээс зээлж аваад удаан уншсан. 

Дунд нь хугацаа нь хэтэрчихээр нь байнгын үйлчлүүлэгч гэдэг утгаараа давуу эрх эдлээд сунгачихна. Хэ хэ. 

Энэ удаагийнх бас хөөрхөн агуулгатай. Үг үсэг нь амархан, ханзнууд нь ч гэсэн мэдэхгүй ханз ховор. 

Миний хэл ус сайжраад байна уу? Эсвэл угаасаа хэцүү ханз хэрэглээгүй ном байв уу? За за миний хэл ус сайжирсан байх аа, тийм ээ? Хориод жил л энэ хэлээр уншлаа даг, сайжрахгүй бол алдас болно биз дээ, энэ чинь одоо. Ха ха. 

Гэхдээ "гавал гавал" хүмүүсийн дэргэд ч ичмээр л золиг л доо. Тэд нар л битгий уншаасай, миний энэ бичвэрийг. Хи хи. 

Агуулгаас нь хөөрхөн санагдсаныгаа бичиж үлдээлээ. Өөрт минь ч, та нарт ч санаа оноо өгч магад. 

Номын нэр "Хүүхдийн шархлахдаа амархан зүрх сэтгэлийг хамгаалах арга". Зохиогч нь Кодо кан. 

Кодо сувилагч гэх юм уу нэг бол. Бичгийн нэр нь. Жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна. Хайж үзнэ ээ. 

Олон жил хүүхдийн сэтгэлзүйтэй тулж ажилласан хүн гэнэ. Ялангуяа хүүхдийн шилжилтийн насанд тохиолддог сэтгэл зүйн асуудалтай хүүхдүүдтэй ажилласан шиг байна. 

Тэрхүү олон жилийнхээ туршлагыг ном болгон бичсэн, мөн ютүб суваг ажиллуулдаг юм байна. Цаг зав гарвал сонсож үзэхийг хичээнэ ээ. 

1. Хүүхэдтэй харьцах нууц үг:  "ОСҮШИСАИКООЁ". Япон үгнийх нь товчлол шүү. 

О: Айлгахгүй байх. Энэ гарчгийг уншаад шууд өөрийгөө олж харсан. Учир нь би байнга бага зулзагадаа хэлдэг байсан. "Хоолоо идэхгүй бол тоглохгүй шүү", "үгэнд орохгүй бол мээмээ бариулахгүй шүү" гэх мэт. Бүр өдөр бүр ингэж хэлдэг байсан бол яах вэ? 

Бага багаар дээрх айлган сүрдүүлэх үг хэллэгээ болих гэж үзэж тарж л байна. Заримдаа ч хэлчихсэн л байдаг. Хэлснийхээ дараагаар гэнэт санан, гэмшинэ ээ. 

СҮ: Шууд л зөвлөгөө өгөхгүй байх. Хүүхэд чинь ямар нэгэн зүйл оролдоод, хийгээд сууж байвал томчууд бид хажуунаас нь ингэвэл дээр, тэгвэл дээр гэж хэлж зөвлөх гээд байдаг. Үүнийгээ түр орхиод, хүүхэд өөрөө гол дүрд тоглох нэг боломж гэж харвал зүгээр шүү гэнэ ээ. 

ШИ: Үглэхгүй байх. Мэдээж осолтой үйлдэл хийвэл загнана. Гэхдээ үргэлжлүүлээд л яншаад, үглээд байхгүй байх. Урд нь ч ийм үйлдэл гаргаа биз дээ? Хэд хэлүүлэх юм? гэдэг ч юм уу, энэхүү үглээгээ зогсоох. Тэгэхгүй бол хүүхэд айдаст автаад, эцэс сүүлдээ том хүний үгийг сонсохоо больчихдог. 

СА: Яриаг нь дуустал нь сонсох. Хүүхдээ ярьж байхад дуустал нь сонсолгүй, дундуур нь орох, өөрийн зүгээс буюу том хүний өнцгөөс үнэлэлт өгөх нь туйлын буруу. Хүүхэд томчуудыг "хүүхэд бидний хэлж ярихыг сонсдоггүй, өөрнийхөө бодлыг тулгаад байна гээд бодчихдог. 

И: Хүслийг нь дорд үзэхгүй байх. Хүүхдийнхээ "гэнэн цайлган, байгаагаар нь" хэлсэн хүсэл мөрөөдлийг шоолохгүй байх, доош нь хийхгүй байх. Хүүхэд бодсон санаснаа чөлөөтэй хэлдэг орчинг бүрдүүлэх. Тэртэй тэргүй хүүхдийн хүсэл мөрөөдөл өөрчлөгдөж байдаг. 

КО: Хүүхдийнхээ хэрэглэдэг үг хэллэгийг хэрэглэж ярих. Томчуудын нийгэмд өдөр тутамдаа хэрэглэдэг үг хэллэг нь хүүхдэд бага зэрэг ойлгомжгүй байдаг. Тиймээс хүүхдүүд ямар үг хэрэглэн ярьж байна, хүүхдэд ойлгогдохоор үг хэллэг хэрэглэж ярих. 

Ү: (О) Хардаж сэрдэлгүйгээр, итгээд үзэх. Жишээ нь хүүхэд тань тоглож дуусаад усанд орно гэсэн бол түүнд нь итгэх. Яахав заримдаа хэлсэн үгэндээ хүрэлгүй худлаа хэлсэн байж магад. Тэр болгонд нь хардаад, сэрдээд байх хэрэггүй. Хүүхэд өөрийг нь хардахад маш их эгдүүцдэг зантай. 

КА: Сэтгэлийн хөөрлийг нь үгүйсгэхгүй байх. Иймхэн зүйлд уйлаад байхдаа яадаг юм, тиймхэн зүйлд гутраад яахав дээ гэх мэтээр сэтгэлийн хөдлөлийг нь үгүйсгээд байвал ирээдүйд өөрийн сэтгэл хөдлөлөө дарчихдаг болно. Тухайн хүүхдийн өөрийгөө илэрхийлж бүй илэрхийлэл, сэтгэлийн хөдлөлийг хүндэтгэн хүлээж авах нь чухал. 

Ё: Шаардлагагүй, хэрэгцээгүй зүйл хэлэхгүй байх. "Хэлээ биз дээ? Эртхэн хэлэхгүй яасан юм бэ?" гэх мэт онцын шаардлагагүй зүйлийг хэлэхгүй байх нь зүгээр. Мэдээж хүүхдэдээ санаа зовоод, хүүхдээ мэдэхийн дээдээр мэдэж байгаа болохоор л амнаас гарчихдаг үг. 

Гэхдээ энэ нь хүүхдийн үзүүлээд өгнө дөө, хийнэ дээ, хичээнэ дээ гэсэн эрмэлзлэлийг унтраачихдаг сул талтай. 

Нэг иймэрхүү. 1-70 хүртэлх жижигхэн гарчигтай. Би дөнгөж нэг дэх гарчгийг л бичлээ. Мэдээж бүгдийг бол бичихгүй нь ойлгомжтой. Аятайхан юм болов уу гэснээ түүж бичнэ шүү. 

Зулзагатай ээж аавуудад амжилт хүсье. Түр баяртай. 

2024年5月6日月曜日

Шар шувуу

Японд шар шувууг бэлгэ дэмбэрэлтэй гэж үздэг. Учир нь нүд болон чих нь маш соргог, ямарваа нэгэн бизнес, худалдаа, боломжийг алдалгүй олж хардаг, олж сонсдог гэж үзэн дээдэлдэг. 

Шар шувууны зураг, дүрстэй зүйлс их зардаг. Бүр амттанг хүртэл ингээд шар шувуутай хийчихэж байна шүү. 
Үүнийг авч идэв. Хөөрхөн байгаа биз? Нэгэн бүсгүйтэй булагнаад. Иймэрхүү төрлийн амттанд дуртай дуртай.

Бас нэгэн ийм төрлийн бэлэгшээдэг амьтан бий. Тэр нь "муур". Баруун урд хөлөө өргөсөн нь алт мөнгө, зүүн урд хөлөө өргөсөн нь хүн, зочин дууддаг гэж үздэг. 

Дараа зураг оруулна, мартахгүй бол. Та бүхэн "манэки нэко" гэж англиар ч юм уу бичээд хайвал гараад ирнэ дөө, миний зураг оруулахыг хүлээлгүй. 

Манайд ийм төрлийн амьтан чинь юу билээ? Могой, чоно, буга гээд цааш нь санадаггүй ээ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2024年5月5日日曜日

Зайрмаг

Угтаа би амттангаа хасаж байгаа. Энэ өгүүлбэрийг байнга л хэлж бичдэг ч миний эргэн тойрныхонд нэг их хамаатай биш байна өө. Ха ха. 

Шагж Гэлэн гэдэг хүний бичсэнчлэн "мариалаг эхнэртэй байхын давуу тал" гэж ирээд л бичсэнтэй агаар нэг болчихлоо шүү. 

Гэхдээ хань ижил жингээ хас, хөвсгөр байна, бүдүүн байна гэж хэлээд л байгаа. Би өөдөөс нь сөрсөн базааг бол сайн хийнэ. Хо хо. 
Зайрмагт дуртай улсууд байна шүү. Аавдаа эрхлэлдээд, гарахдаа зайрмаг гэсэн жаалууд. Би болохоор жингээ хасах гэсэн туйлын зорилготой тул яг өөртөө авахгүй, бусдынхаас амсдаг болсон, хорхойгоо дарж.
Охид их хөөрхөн, ягаан өнгөнд дуртай тийм ээ. Гүзээлзгэнэтэй. Тэгснээ бүгдийг нь идэхгүй, дундаас нь цадчихлаа гээд үлдээчихдэг тийм ээ. 
Алтан долооо хоногийн эхний өдөр. Шиманэ мужийн Санбэ хэмээх дархан цаазат уул. Бэлд нь бяцхан кафе бий, өдрийн хоол, энэ мэт амттан зарна. Бид олон жаалуудыг баясгах зорилготойгоор зайрмаг авч өгсөн. 

Мэдээж жаалууд тун сэтгэл хангалуун, хамгийн сүүлд зайрмгаа авсан нь хамгийн түрүүнд идэж, бид өхөөрдөж баахан инээв. 

Гэснээс энд алтан долоо хоног болоод, би маш их ууж, маш идэж өнгөрөөж байна. Сонирхолтой, зугаатай өнгөрөөв. 

Бага багаар тайлан зургаа орууламз. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2024年4月30日火曜日

Япончуудын бүтээсэн боловсрол 2

Уншаад дуусгалаа. Бас ч гэж усыг нь ууж, хоолноос нь хороож буй газар юм болохоор мэддэг нэр ус, үйл явдал гардаг учраас тэр байх, нэг их цаг зарцуулалгүй, боссон ч суусан ч барьж гүйсээр дуусгав.  

Аан ийм учиртай байх нь, хөөрхийс минь, бас л юм юм үзэж туулж буй ард түмэн шүү гэж бодон бодон уншлаа. 

Бидэнтэй адил охид бүсгүйчүүдийн эрхэм ёс, хөвгүүд эрчүүдийн эрхэм ёс гээд л сургадаг байж. 

Японы боловсролд түүхэндээ 3 том "хар хөлөг онгоц" ирсэн гэж зохиогч үзнэ. 

1. Перригийн хар хөлөг онгоц. Энэ нь үгийн үндсэн утгаараа Бакүмацүгийн үед Үрага хэмээх газар үзэгдсэн хөлөг онгоц.  

2. Америкийн эрхшээлд орсон нь буюу удаах "хар хөлөг онгоц". 

3. Хөөсөрсөн эдийн засгийн төгсгөл ба даяаршлын цаана буюу гуравдахь "хар хөлөг онгоц". 

Бидний оросын боловсролыг хуулбарласан шиг япончууд мөн л америкийг хуулбарлахаас өөр аргагүйд хүрч байсан бололтой. Америкаас хяналтын баг ирж "санаа оноо" хэлж "зохицуулдаг" байж. 

Яг л "орос ах" нар шиг. 

"Японы боловсролын тогтолцоог хянах бодлого" гэгчийг хэрэгжүүлж, "ёс суртахуун, японы түүх, газар зүй" гэсэн 3 хичээл нь милитарист идеологийг ард түмэнд түгээх гол хэрэгсэл болж байсан тул уг хичээлүүдийг хааж, сурах бичгүүдийг татан авч байжээ. 

Мэдээж энэ бүхэнтэй сөргөлцөж, уламжлалт боловсрол хүмүүжлийн аргыг хослуулах хэрэгтэй гэж үздэг зүтгэлтнүүд байсаар ирсэн. 

"...Нобелийн шагнал хүртсэн япончуудын дийлэнх нь хуучны япон маягийн их сургуульд боловсрол эзэмшсэн гэдгийг бодсон ч, одоогийн Их сургуулиудын шинэтгэл үнэхээр Ядон улсад үр өгөөжтэй байж чадах уу гэдгийг эргэж харах шаардлагатай..." 

Хэмээн тэртээ 20 жилийн өмнө бичиж байж. Эдүгээ хөрхэн өөрчлөгдсөнийг би сайн мэдэхгүй л байна л даа. Боломж гарвал олж унших хэрэгтэй шиг бодогдов. 

Хүүхдийн тоо илт цөөрөн, цэцэрлэг сургуулийн төлбөрийг хөнгөлөх, төлбөргүй болгох гэх мэт шийдлүүдийг хэрэгжүүлж эхлээд буй ч яг бодлого, хэтийн төлөв нь хэрхэн өөрчлөгдөв гэдэг нь сонин.

"..."Хүүхэд бол эцэг эхийн тусгал" гэдэг үг бий. Үүнийг "хүүхэд бол эх орны тусгал" гэж өөрчилсөн ч болно..." 

Хэмээн номын төгсгөл хэсэгт шигтгэжээ. Өнөөгийн манай эх орны минь нөхцөл байдалд ч ихэд тохирох үг шиг санагдаад...

Хүүхдийг ганц сургууль биш нийгмээрээ, тосгоноороо, нийтээрээ хүмүүжүүлж, боловсруулах арга, шийдлийг хослуулах хэрэгтэй гэж үздэг шиг байна. Энэ ч үнэний ортой үг тийм үү? 

Дан ганц сургуульд найдна гэвэл нэлээд өрөөслгөл л дөө. Бид ч нэг асуудал гарвал дан ганц багшийг, сургуулийг буруутгах гэдэг. Олон өнцгөөс нь харах чухал...

"...Ижимэ буюу дээрэлхлийг алга болгох нь багш ч, эцэг эх ч, цагдаагийн байгууллага ч биш, үнэндээ хүүхдүүд өөрсдөө билээ. Хүүхдүүдэд дээрэлхлийг үл тэвчих ухамсар суулгахын тулд ардчиллын суурь зарчим руу буцаж очих шаардлагатай..."

Энэ асуудал одоо ч нэг мөр шийдэгдээгүй л байна. Яг яах ёстойг хэлж мэдэхгүй ч, хүүхдүүдтэйгээ тулж ажиллах ёстой байх даа, эцэг эхчүүд. Миний өөрийн зулзагууд иймэрхүү асуудалтай мэр сэр тулгардаг...

Уншиж дуусаад, америкийг "зэвүүцэх" сэтгэл төрөв. Түүхэндээ эд ч өөрсдөө хүн шиг байгаагүй тул америкчууд япончуудыг байранд нь тавьсан гэж үздэг ч хамгийн их хохирдог нь "хүүхдүүд" юм аа. 

Өнөө үед ч бидний гэм буруу, тэнэг шийдлүүд, сонголтын уршгаар ирээдүй хойч үе-хүүхдүүд минь хохироод, биднийг тусгалаа болгоод яваад эмзэглэнэм. 

Дор бүрнээ л хичээх нь чухал цаг үе тулгарчихаад байна шүү, тийм үү? 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2024年4月29日月曜日

Япончуудыг бүтээсэн боловсрол

Зээ ийм нэг ном уншиж байна өө. Ном бэлэглэсэн найзууддаа маш их баярлалаа. Аль л түрүү жилийн намар авсан болов чиг хувьсгалын тохиргоо нь одоо л бүрдэж байна. 

Зохиогч нь болох багш нь Доошишя их сургуулийн багш гэнэ. Энэ сургуульд миний мэдэхийн хоёр ч хүүхэд төгссөн. Эндээс явсан хоёр сайхан залуу бий. Хувийн сургууль. 

Ер нь японд сайн сургалттай хувийн сургууль олон. Энэ номд ч мөн тэр тухай өгүүлсэн байна билээ. Яахав хувийнх гэдэг утгаараа төлбөр нь жаахан өндөр л дөө. Төлбөрөөс нь айгаад о.зулзагаа улсын сургуульд л орж үзээрэй гэж захьсан. Ээжийн тааллаар болсон. Одоо дүү нарыг нь бас тааллаараа явуулчих санаатай, үзэж тарж буй...

Мөн мэдэхгүй үг хэллэг, боловсролын тогтолцооны тухай их гарна байх. Сонирхлыг минь ихээр татсан тул гарсан даруйд нь авлаа. 

Орчуулагч нь Майнбаярын Тэмүүлэй. Хянасан нь М.Тулгат. Энэ Тулгат гэх хүний блогийг уншдаг байлаа, цагийн сайханд. Монгол яваад ажил төр, улс төр гээд завгүй болоод бичихээ байсан. Танихгүй л дээ. 

Зээ, япон орчуулгын ном унших бүртээ л амны уншлага мэт бичдэг нэг зүйл бол япон хэлээр нь бас уншихыг хичээх юм шүү гэдэг үг. Ха ха. Санаж явбал бүтнэ ээ. 

Түүхийнх нь хувьд ч мэддэггүй зүйлээ олж уншлаа. Сонин сонин үгтэй ч их таарлаа. Маш олон хүний нэр ус, газрын нэр ус гарна. 

Күнзийн сургаал, Жузийн сургаал зэргээр хятадын соёл, үзэл сурталтай салшгүй холбоотой, нөлөө нь ч их аж. 

"Бие минь Мүсашигийн хөрсөнд шингэвч, язгуурын Япон зүрх үүрд үлдэнэ". Ёшида Шёоин

"Сурахад хэцүү байх тусмаа сонирхолтой. Зовлон бэрхшээлд ч сайн сайхан бий, их байх тусмаа сайн гэсэн бодлоор амьдарч байв". Фүкүзава Юкичи

"Чин хүсэл байвал нөлөөлөх боломжгүй зүйл гэж үгүй". Шёонан

"Нас богино аваас тэнгэрийн доорх дөрвөн далайн баялгийг хураагаад ч ашиг үгүй. Эд баялгийг уул шиг овоолоод ч тусыг олохгүй. Харин зөв замаар эрүүл мэндээ хамгаалж, урт наслах шиг их аз үгүй". Каибара Экикэн

"Хүүхэд 7 нс хүртлээ бурхны мэдэлд байдаг". 

Япон орныг судалдаг, сонирхдог, мөн японы боловсрол судлалаар суралцдаг бол уншихад илүүдэхгүй санагдав. 

Өнөөдөр энэ хүргээд өндөрлөе. Угаасаа дөнгөж талд нь хүргээд л явж байна. Яагаав, өнөөх түрийвчээ алдаад, унших, нэхэх дур хүсэл, онгод бууж ирэхгүй байна өө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年4月28日日曜日

Түрийвч мину зэ

Түрийвчээ алдаад хэд хонож байна өө. Олдоггүй. Хайгаад л байдаг. Гэрээ орвонгоор нь эргүүлэхээ шахав. Алга. 

Унагаасан байжмагад  гэсэн дэлгүүрийн хогийг хоёр удаа онгичов. Явсан замаараа хэд ч алхав даа. 

Ядаж байхад их эрээн хээ хуартай. Ялгуун билүү? Үндэсний хувцастай хүүхний зураг бүхий, хар хөх, усан цэнхэр өнгө хосолсон. Дөрвөлжин, цахилгаантай. Хэн билээ дээ, найзуудын нэг л бэлэглсэн юм. 

Охидод бэлэглээд, охид хэт эрээн мяраан байна гээд ээжид "гулгуулсан" шиг санаад байна. Хэ хэ. 

Дотор нь баахан каартнууд. Хамгийн чухал нь жолооны үнэмлэх, гадаад иргэний үнэмлэх, кредит каарт. Энэ гурав л чухал байлаа. Бусад нь энд тэндхийн дэлгүүрүүдийн онооны каарт. 

Бэлэн мөнгө байгаагүй. Гэхдээ номын дэлгүүрийн худалдан авах эрхийн каарт байсан шиг санаад л байна. Мартааский. 

Мартааский гэснээс хүн чинь ой санамж нь их орж гардаг юм байна шүү, ялангуяа юм хумаа гээхэд. 

За тэгээд алдсан хүн арван тамтай гэгчээр элдэв л зүйл ургуулан бодно. 

Ямартай ч мөнгө алдаж магадгүйгээр нь виза картаа хаалгав. Мөн хурдны замд ашигладаг төлбөрийн каартаа хаалгав. 

Хамгийн түгшүүртэй байсан нь жолооны үнэмлэхгүй машин жолоодох. Эз нь таараад замын цагдаа зогсоовол тэгээд л будаа. Дүрэм зөрчилгүй хүн шиг яваад, энэ жилийн 2 сард үнэмлэхний хугацаагаа сунгуулаад, эднийхний хэлдгээр "алтан үнэмлэхтэй" болчихсон гээд л их маадгар байсныг яана? 

Цагдаагийн газарт мэдэгдэв. Утасдахыг нь хүлээгээд л, цагдаад үгүй ээ мөн их хайртай болохыг шахав. Ха ха. 

Жолооныхоо үнэмлэхээ дахин гаргуулав. Мэдээж зардалтай. Цээж зураг хэрэгтэй, зургаа авахуулсан. Үнэмлэхний төлбөр гэж 2,250 иений хураамж төлсөн. Харьцангуй гайгүй л дээ, гэхдээ л...

Одоо хамгийн том ажил нь гадаад иргэний үнэмлэхээ дахин гаргуулж авах. Ойрхон бол ч хамаа алга. Гол нь зайтай, нэг өдрийн ажил болдог. Ажлаасаа чөлөө авах хэрэг гарна. Угтаа ингэж чөлөө авмааргүй байгаа юм. 

Учир нь бага зулзага өвдөнө, хавдана. Ээж л амарч харна гэх мэт надад амрах өдөр мундахгүй. 

Өмнө нь түрийвчээ энд тэндхийн дэлгүүрийн лангуун дээр тавьчихаад, эргээд очиход байж л байдаг, нэг бол дэлгүүрээс нь утасддаг гэх мэт паян надад мундахгүй их л дээ. 

Бүр ингэж таг алга болгож гээгээд, бухимдсан нь анхных. Яагаад ч юм гараад ирэх байх гэсэн горьдлго тасардаггүй, япончуудын ухамсарт итгээд л явлаа. 

Хань ижил "муу хүний гарт орчихож ээ" гэхээр нь сэтгэлээр унасан гэж юүхэв. Хи хи. 

Жолооны үнэмлэхтэй болсон хүн чинь хөлд нь хий орно гэдэг шиг машинд нь хий орчихсон л байна. Орж гараад л. Хо хо. 

Блогоо бичих гэсэн ч гар хөл нэг л эвлэж өгөхгүй л явлаа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年4月23日火曜日

Оройн ганц мод

Зээ, энэ 4 сарын бидний номын андуудын уулзаж ярилцах ном маань "Оройн ганц мод" байлаа. 

Би бүр 2018 онд найзуудаасаа бэлгэнд аваад, 2019 оны намар уншсан байна. Гэхдээ тухайн үедээ зөвхөн үйл явдлаа л сайхан хөөж уншаад, дууссаных нь дараагаар тэгсгээд мартсан байна лээ. 

Бичсэн тэмдэглэлээ харсан чинь ёстой нөгөө миний өөрийн хэлдгээр "ямартай ч уншсан даа, гэрийн номын тавиурт бий дээ, дахиад монголоос захьчих вий дээ" гэж болгоомжилсны үүднээс зөвхөн зураг л оруулсан байна билээ. 

Номын тухай, агуулгын тухай ганц ч үг ганхийгээгүй байдаг шүү. Ха ха. 

Энэ удаад ядаж гол гол дүрийн нэрсүүдийг, ерөнхий үйл явдлыг бичнэ гэж хатуу шийдэв. Хо хо. 

Уншчихсан юм чинь санах байлгүй гэж томроод, дундуур нь нэг япон ном уншаад гүйгээд байсныг яана. Аан тийм "1984" гэдэг номыг бас эхлүүлчихсэн. Хи хи. 

Уншаад явсан чинь хөөрхөн хальт санаад байна лээ. Аан тэгээд байсан байх шүү гэж бодоод цааш явахаар яг л тэгсэн байна лээ. Хэ хэ. 

Их өвөрмөц нэртэй дүрүүд гарна. Ялангуяа тэр бүсгүйчүүдийн нэрс. 

  • Заадасгүй цаг хугацаа: Ийяа бүсгүй багаасаа дутагдах гачигдах зүйлгүй өснө. Харин ээжийн хайр, аавын хайрыг үл мэднэ. Өвөөгийн хайрыг амсана. Эмээгийн хайр нь дотроо хал нь гаднаа хүн байсан шиг санагдана. Эмээгийн нэр Гүнүеэ. Ээжийнхээ төрсөн дүү болох хачин царайлаг нагац ах Төмөрт үхэн хатан дурлачихдаг. Байгаа бүх зүйлээсээ уйдаад, сэтгэл нь хоосроод "үхэх газраа хайж" аялалд гарна. Замдаа сонин сонин хүмүүстэй учрана. Эрүүл саруул ухаантай нь үл мэдэгдэх зураач өвгөн?
"Бага насны дурсамж бүхэн ер бусын сайхан байдаг нь амар амгалангийн туяанд гэрэлтэх хүүхдийн нүд, тэр цагт итгэж найдаж, хүлээж чаддаг байсан ирээгүй цагийн сайн сайханд байжээ."
  • Жинчид: Жингийн даамал Борх өвгөн. Түүнийг даган жинд гарсан Сийлэн, Баярт. Умбаа лам. Хөөвч, Мэнгэт. Мөн замын дундаас зам нийлдэг нууцлаг эгч дүү хоёр. Дүүгийн нэр Ашид. Сийлэн бүсгүй зайлуул цэрэгт татагдчихсан хойд хошууны хайртай залуугаа олох гэж жин дагана. Яаж олдохов дээ. Нутгийн залуу Буянт их тус болно. 
Тэд замдаа олон ч үйл явдалтай учирна, Хасагуудтай үзэлцэнэ, нэгнийгээ тэдэнд алдана, Сийлэн бүсгүй хар хувцастай эмэгтэйг дагаад харь орон луу явна. Ихээхэн золиос төлөн байж нутгийнхаа барааг харна. Сэтгэл уярам...

Ийяа бүсгүйн аав Хуяг гэж өрөвдөлтэй нэгэн зураач. Бас л ээдрээтэй амьдрал туулна. Түүнийг дагуулж оргодог Далантай. Ийяа аавыгаа олно. Амьд сэрүүнд нь уулзаж чадна. Энэ хэсэг их сайхан байлаа. 

Баян тарган эцэг эх, тарчиг ядуу эцэг эх гээд өнөөгийн нийгмийн нэгээхэн хэсэг. Гүжир гүтгэлэг, хараал ерөөл.
Хэдийгээр уран зохиол хэдий ч ихийг бодогдуулж, ихийг тунгаахад хүргэдэг ном байлаа. 

Үгийн хүч гэж ааяа бас айхтар эд юм. Сайхан сайхныг бодож, амнаасаа бэлгэ дэмбэрэлтэй үгс унагаж байя даа гэж өөрийн эрхгүй бодно. 

"Нэг аяга цай олдоход үүнийг уух надаас илүү цангасан хүн байгаа болов уу гэж бддог, нэг хонины арьс олдоход үүнийг хэрэглэх налаас илүү ядарсан хүн бий болов уу гэж боддог болсон цагт бүх ертөнц амгалан жаргаландаа умбана." 

"Сүслэн дээдлэх юмгүй болохоор сэтгэл хоосон явдаг."

"Угаас манай монголчууд идэж уухаа урьтал болгоод байдаггүй, "өлсөх"гэдэг үгийг хэрэглэхээс цээрлэдэг улс." 

"Далд ухамсар бүхнийг толь мэт тусгаж байдаг." 

Гэх мэт сайхан сайхан хэлц их таарна. Мэдээж өмнөх удаагийн уншилтаар тэмдэглэж авсан зүйл ч байна. Энэ удаагийн дахин уншилтаар нэмж тэмдэглэсэн зүйлс ч байна. 

Аливаа учрал, тохиол, хагацал, гуниг, гэмшил, баяр хөөр, сэтгэлийн амар амгалан чинь цаанаа их учир жанцантай, мөн асар дээрээс буюу өнө эртнээс л хоорондоо учиг холбоотой гэдэгт бүр л итгээд байх шиг байна. 

Өө тийм, зүүдлэхээрээ зүүдээ бичиж тэмдэглэж байдаг юм билүү гэж хальт бодсон. Санахгүй нь их л дээ. 

"Сондгой цагаан сувд" номд бас ийм эртний өвөг дээдсийн удам угсаа, нүгэл буян, үйлийн үр гэж гардаг юм. 

За тун удахгүй "Тунгалаг хөх асар" номыг нь уншихаар шийдлээ. Одоо эхлүүлснүүдийгээ дуусгаж байж тэгэхдээ. Хэ хэ. 

Тзр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年4月17日水曜日

Улаан цэцэг

Өнөөдөр улаан цэцэгний зураг орууллаа. 

Үүнийг нэг юм мэддэг болсон. Учир нь жил бүр өдийд тариалдаг учраас. Жил бүр л тааралддаг учраас. Алтанзул цэцэг. Энд ирэхээсээ өмнө мэддэггүй байсан. Тухайн үед сарнай л гэхээс иймэрхүү төрлийн цэцэг бас ховор байсан санагддаг. 

Яг энэ хавар цагаар энд тэндхийн цэцгийн хүрээлэнгүүд өнгө өнгийн алтан зул цэцгээр гангарч, гадаад дотоодын жуулчдыг татдаг. 

Харин үүний нэрийг хэлж мэдэхгүй. Зулзагаа албанаас нь аваад харьж явах замд таарсан айлын гадаах цэцэг. Дур мэдэн зураг дарсан. Учиргүй хаяг усыг нь дараад, цахимд байрлуулчихгүй л бол уурлахгүй байх гэж том зүрх гаргаад. Хэ хэ. 

"Миний нэр Улаан" номд улаан өнгийг бүх зүйлийн эхлэл гэж хэлдэг. Амьд байгаль, амьд бие организм нь улаан өнгөнөөс бүрдэнэ, түүнтэй салшгүй холбоотой байгаа биз? 

Өөр өнгийн, бусад цэцэгний дарсан зурагнуудаасаа оруулахыг бодно оо. Мартана, санана...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年4月16日火曜日

Ягаан цэцэг

Ирж яваа цаг тул дулаараад сайхан л байна. Мэдээж үе үе жиндүү салхилна, бороо шивэрнэ. Энд бороо орохоор уянгалж, эморохгүй ээ. Орж гарахад нороод, угаасан хувцас хатахгүй, амьдралд жаахан тав тух алдуулаад байдаг юм. Хэ хэ. 

Хүн гэдэг чинь их дасамтгай, уйдамтгай, өөр юу билээ? Мөрөөдөмтгий, уярамтгай...

Үүгээр түүгээр зугаалахдаа цэцэгсийн зургийг л их дарах юм даа. 

Энэ гэхэд нэр усыг нь мэдэхгүй. Төгөлдөр хуурын багшийн гэрийн гадаах цэцэг. Өмнө нь байгаагүй. Сая очиход байж байна шүү. Мэдээж зураг дарна. 
Дэлбээг нь ойртуулаад харахад их гоёмсог өө. Сэтгэл сэргээм. Надтайгаа тувт хэлхээтэй байдаг зулзага хүртэл ээж ээ, гоё цэцэг гэдэг болсон байна лээ. Хэ хэ. 
Цаанаа л нэг тийм тансаг. Эмзэг... Их өвөрмөц ягаан өнгөтэй. 

Хорвоо дээр чинь хэдэн төрлийн өнгө байдаг юм бэ дээ? Урлагийн хүн бол ч бүр зүрх сэтгэлээрээ мэдрэх байх даа. 

Би чинь цэцэг тарьж мэдэхгүй ч харж бол баясаж чада өө. Боломж гарвал нэр усыг нь асуудаг л юм. Тэмдэглэж авахгүй бол мартчихна бас. 

Өдөр тутмынхаа амьдралаас жаахан ч гэсэн баяр баясал олж мэдэр гэж уншаад, хэрэгжүүлдэг ухаантай юм. Юу ч байж болно. Цэцэг, зулзагуудын инээд хөөр, мөн тэдний эсэн мэнд оршихуйд гээд л. 

Болоогүй ээ, номынхоо хуудсыг ганц хуудас уншсан ч сэтгэлд таатай санагддаг болсон. Огт уншаагүй, бас ч гэж нэг нүүр, нэг хуудас уншаад амжлаа гээд л. Хи хи. 

Аан тийм, жаахан бага ярих санаатай. Хань ижил "чи хэтэрхий их бураад байна, хааяа сонсож сур" гэж айлдсан. За л гэлээ. Хо хо. 

За тэгээд эх оронд минь, төрөлх хотод минь шороон шуурга, цасан шуурга, дээрээс нь сонгуулийн хэнээ...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.