2020年7月31日金曜日

9, 10 дахь титэм

Зээ хө, Маш эрчимтэй тархах шинжтэй. 9 дөх нь, 10 дахь нь гээд эерэг гарчихсан шүү.

9 дөх нь 7 дахь титмийн ойрын хавьталт гэсэн.  50-д настай, эмэгтэй.

10 дахь харин одоогоор яг хаанаас титэмтэй болсон нь тодорхгүй. 40-д настай эрэгтэй.

Өчигдөр илэрдэг 8 дахь нь хавьталт байсан. Хавьталт болох хүн титэм туссан нь анхны тохиолдол байж. Тэгсэн 9 дөх нь гарснаар хоёр дахь боллоо.

Мөн энэ 10-ыгаа харсан чинь эрэгтэй хүмүүс 8, үлдсэн хоёр нь эмэгтэй. Эрэгтэй хүмүүс бүр цаанаасаа нэг өвчлөмтгий юу үгүй юу? Хэ хэ.

Гэснээс энэ хавьтал гэдэг үг их сонин санагдчихлаа. Хэ хэ. Хавьталт гэх үү? хавьтагч гэх үү? Бүү мэд...

Цэцэрлэг 10 дахь титэм гарсны маргаашнаас буцаад л цэцэрлэгийнхээ гадаах үүднээсээ хүүхдүүдээ өгч авалцаж эхэллээ. Бүр шөнө тийм мэссэж ирсэн шүү дээ. Илрэнгүүт л тэгж шуурхай арга хэмжээ авч байна. Ямарав?

Гэтэл манайд? Нэг л их худлаа айсан улс. Гадаа хүүхдүүд нь амны хаалтгүй бөөнөөрөө л тоглож байна гэсэн шүү дээ.

Ямартай 14 хоног тэгж үүднээсээ өгч авалцаа. Танихгүй багш тосохоор багш дээрээ очихгүй гэж ээждээ наалдана. Уйлна. Бушуухан шиг дарагдаасай, вазцин гараасай...

Эх орноо гээд гүйгээд ирсэн бээлийн чинээ охиныг оруулчихаж чадахгүй, дүлэгнээд. Гэнэтийн ийм жишээнүүд гарч магад гээд гарах шийдлээ, авах арга хэмжээгээ шийдчихсэн л байх ёстой шүү дээ.

Гаргалгаа бол ганц л байх ёстой. Мэдээж иргэнээ эх орон нь иргэнээ хүлээн авна...

Морь нутгаа гээд гүйгээд ирэхээр чухам л уярч хайлаад, дуу шүлэг зохиогоод байдаг улс биз дээ?

Вакцин л бушуухан шиг гараасай. Тэгэхгүй бол юм юм үзэх  нь. Хи хи.

За түр баяртай. Амралтаа сайхан өнгөрөөгөөрэй.

2020年7月30日木曜日

7 дахь, 8 дахь титэм

Зээ хө, суугуул мужид минь 7 дахь, 8 дахь титэм вирустай хүн тодроодохов оо.

7 дахь нь Кобэ хотоос ирсэн нэг найз нь ирээд, нэлээд хэдүүлээ ууж идээд. Хэд хоног ажилдаа яваад. Эндхийн тэндхийн идэш уушны газар орж хэдэн найзуудтайгаа идээд уугаад явсан гэнэ.

Түрүүчийн долоо хоногийн эхээр. Тэгсэн энэ долоо хоногт халуураад, үе үе ханиалгаад, толгой нь өвдөөд, үнэрлэх мэдрэмж муудаад гэсэн шинж тэмдэг илэрсэн. Тэгсэн ч ажилдаа яваад байгаа юм золиг чинь. Нэлээд сүүлд амт мэдрэхээ байгаад, юу билээ? гээд титэмтэй холбоотой дуудлага авах төв рүү утасдаж асуугаад, очиж шинжилгээ өгөөд эерэг гарчихав аа гэж.

Хамт амьдардаг ээж аав нь сөрөг гарсан. Хамгийн ойрын хавьталт болох найз хүүхэн нь эерэг гараад 8 дахь халдвартай хүнээр тодорлоо гэж... Түрүүчийн долоо хоногийн 4 хоногийн амралтаар наалдан пад байсан хоёр шиг байгаа юм. Ха ха.

Сонин дээр 7 дахь залуугийн орсон гарсан, явсан ирсэн гэсэн маршрут нь гараад. Тэнд нь 22-25 хүртэл 8 дахь хавьталттай хамт өнгөрүүлсэн гээд бичигдсэн байхаар чинь өөрийн эрхгүй л наалдан пад байсан байна золигнууд чинь гэж бодогдоод. Хи хи.

20 хэдтэй залуу гэсэн. Ид залуу нас, найз хүүхэнтэйгээ зүү орох ч зайгүй л байдаг нас. Туулсан юм болохоороо аягүй ойлгоод байгаа ч...

Халдварын тоо нэмэгдээд байхаар бас урамгүй юм аа.

Өөрсдөө төв суурин газар луу яваагүй ч ирж буй зочдоосоо халдвар авах эрсдэл байх нь. Цаадуул нь ч ийм цаг үеэр орж гарахгүй тэвччихгүй тийм ээ?

Ямартай ч болгоомж сэрэмжээ сулруулахгүй л байх хэрэгтэй боллоо. Хэдий болтол гүрийх бол? Бушуухан шиг л вакцин энэ тэр гарч ирээсэй.

Бүгдэд нь амжилт...

2020年7月29日水曜日

Амралтын гал тогоо

Амралтын өдрөөр л идэш уушны хэм хэмнэл алдагдаад, ноён нуруу хугарчих гээд байх юм.
Хань ижлийн нэрэмжит гарын хоол. Өөрийн агнаж ирсэн зэрлэг гахайн элэг бөөр зүрх. Харин тэр дээр харагдаж байгаа нь үхрийн гэдэс дотор, өөх. Шарж идэхэд үнэн тансаг амттай. Дуртай гэж юүхэв.
Эртээд уух үед. Айлын эзэгтэй хийсэн гэсэн. Түүхий хиам, Zingiber mioga гэж нэг ургамал байна аа. Тэрийг ороочихсон хиам. Дажгүй санагдаад зураг дарсан. Заримдаа тэр myoga-г яаж идэх учраа олдоггүй байсан юм. Нимгэн хэрчсэн мах зэрэгт ороож идэж болох нь.

Салаат ногоонд хийдэг ч бага дунд зулзага идэхгүй болохоор бас авахгүй, хажуугаар нь өнгөрөөд байдаг байлаа. Хойшид ганцаараа ч хамаагүй ингээд идчихмээр санагдав.

Орчуулга нь япон цагаан гаа юм болов уу? Мундагууд хэлж өгөөрэй.
Хаш болон чинжүү. Чинжүүг ингэж бүтнээр нь шараад, мисогоор амтлаад идэх дуртай. Дунд, бага зулзага хоёр бас л идэхгүй. Томчууд иднэ ээ...

Гал тогооны ажилдаа мундаг болх юм сан гэж боддог ч чадахгүй л явна. Гар минь ном руу л яваад байх юм. Хоол хийнэ гэдэг чинь бас асар их цаг, энергийг минь авчихдаг болохоор. Хүмүүс шиг гоё хоол хийх гэж байна нэлээд мунгинадаг болохоор...

Бүгдэд нь амжилт шүү. Хичээл ном цаг хугацаандаа эхлээсэй...

2020年7月28日火曜日

Шартаад өө

Шартаад өө. Сүүлийн хоёр жил гаран шартталаа уугаагүй юм байна шүү. Хаха. Заавал л шартталаа уух ёстой ч юм шиг тийм ээ?

Яасан гэхээр? Дунд зулзагын сагсны дугуйлангийн эцэг эхчүүд нийлж ууж идээд ээ. Шинээр орсон хүүхдийнхээ ээж аавыг цуглуулж. Титэм вирус гарсантай холбоотойгоор гадуур хооллолгүйгээр, нэгнийх нь гэрт цугласан. Хоол захиалсан.

Уух зүйлээ өөрсдөө авч ирсэн. Өөрсдийнхөө уудаг зүйлсийг, уух хэмжээгээрээ авч очсон. Их зүгээр.
Япончууд л болсон хойно энэ зурган дээрх шиг жоохон жоохон юм идээд л. Цадсаан цадсан. Хэ хэ.

Би таван лааз ундаа авч очсон. Яг ундаа юу? Алкохолын хэмжээ нь 9. Тэгсэн дооз ихэдсэн байв. Бүр нэгийг нь сагсны дасгалжуулагчид долигонож өгөөд шүү дээ. Ха ха.

Дооз ихдээд, жаахан л манарсхийгээд л үдэшлэг тарсан. Даварч барилгүй бүгд гэр гэрийн зүг гэдэн годон.

Маргааш нь толгой манас манас... Босох тэнхэлгүй, хэвтээстэй...
Том зулзага
- Та нас яваад даахаа байж байгаа юм биш үү?

Аягүй мэддэг гэнэ ээ, ээжийгээ. Хо хо. Том зулзагыгаа дагуулахдаа дагуулаад, орхихдоо орхиод л уудаг байлаа шүү дээ. Харин одоо нас ч явж байна, боломж ч цөөрч. Ккк.

Бага зулзага ээж нь өндийхгүй байсан чинь уур нь хүрээд учиргүй уйлсан. Бүр яачихав аа гэмээр. Энд тэнд нь өвдчихөөгүй байгаа гэж бодогдтол. Өдрийн унтлагаа их орой утсан, уйл уйлж. Сэрээд бас зөндөө уйлсан.

Ээж, дахиж тэр архийг чинь амсахгүй ээ гэж өөртөө амлалт өгч энэ тэр. Зулзагаа авч гадаа гарав, хамтдаа жаахан алхаж байж сэтгэл санаа нь тайвширсан байх шүү. Маргааш нь зүв зүгээр. Гэхдээ өдөр унтах цаг нь их орой байсан. Агаар дутаад байна гэж ойлгоод байгаа.

Амралтын өдөр сайхан уул хадаар зугаалах юмсан гэж ярилцав. Шарталт ч ерөнхийдөө гайгүй болов.

Байнга ууж шартдаг хүмүүс яаж тэсдэг? нэг бол яаж даван туулдаг байна аа тэ? Зарааг зулзагатай нь залгисан үеийг. Туршлага энэ тэр судална аа ч гэх шиг...

За түр баяртай. Бүгдэд нь амжилт шүү...

2020年7月27日月曜日

Хүүхдийн ном 6

За энэ удаагийнх нь бидний сайн мэдэх хүний тухай ном. Хэдийгээр сайн мэддэг гэдэг ч японоор уншихаар бас л үг хэллэг нь хэцүү байсан. Аргагүй шүү дээ. Харьцангуйн онол энэ тэр гээд физикийн нэр томъёо гарахаар тийм ээ?

Алберт Айнштайн. Бид буруу нэрлээд хэвшчихсэн юм билээ. Орос ах нарын хэллэгээр.

Физик гэснээс нэг зүйл санаанд их тод үлдсэн юм даг.

90 он гараад, тоо энэ тэрийг нэг хэсэг хаяад, гадаад хэл моодонд орсон доо. Би бас тойроогүй, дайрч гарсан юм.

9 билүү 10 дугаар ангидаа гэнэт ухаан ороод физик тоогоо жаахан хичээе дээ гэж бодоод л, нухаж нухаж, овоо ойлгоод. Гар хөлөө өргөж байгаад л самбарт гарч бодлого бодов оо.

Тэгсэн эх орны алтан гурав тавьдаг гэнэ ээ. Дотроо муухай уур хүрч билээ. Урмыг минь ёстой нэг хугалах шиг болсон доо. Тэрнээс хойш физикт дурлахаа ч байсан. Тэгс ингэсхийж байгаад л сайн гараад байдаг байсан байх.

Тэгэхээр байна шүү дээ, ардын багш нар минь ээ? Нэг удаадаа хуулсан ч бай яадаг юм? Хүсээд байгаа дүнг нь тавиад л өгөх хэрэгтэй шүү дээ. Юмыг яаж мэдэхэв, огцом сайжраад Айнштайны араас явах ч юм билүү?

Бас нэг гоё санагдсан нь энэ жүүдүүд чинь долоо хоногт нэг удаа гэртээ гадаад оюутныг урьж цугтаа хооллодог гэж байна. Яг манайх шиг үү? Хэхэ.

Гэхдээ манайх долоо хоног бүр биш л дээ. 2 долоо хоногтоо бол нэг удаад монгол сурагчдаа дайлчихаад л байдаг юм. Саяхан хоёр монгол охинтойгоо дэлгүүрт таараад дуртай чоког нь авч өгсөн. Охид л болсон хойно амттанд дуртай.

Мөн миний охидоос ялгаа юу байхав, гэрээсээ хол тийм ээ? Ирэх жил бид бас том зулзагаа оюутан болгож үднэ. Бодохоор л чанга санагдаж байна шүү.

За тэгээд энэ хүний тухай бол хэлүүлэлтгүй биз дээ. Мэддэг хэл усаа ашиглаад хайж уншина биз дээ.

За түр баяртай. Бүгдэд нь амжилт шүү...

2020年7月26日日曜日

Элдэв

Амралтын өдөр онц хийсэн зүйлгүй л байх шив дээ. Ганц нэг зураг оруулах уу дөө.
Ажлын газрын ЖАЙКА-гийн ажилтан өгсөн. Одоогоор ЖАЙКА-гийнхан гадаадад буй бүх? ажилчдаа, сайн дурынхаа хүмүүсийг татаад авчихсан. Ихэнх ажил нь зогсонги байгаа гэсэн.

Энэ борголыг ажлынханд минь тарааж байсан. Амт дажгүй байсөөн. Борголд дуртайг ч хэлэх үү?
Үүнийг аль 5 сард нэгэн нийгэмлэгийн хуралд оролцохдоо завсарлагаанаар нь идсэн. Амттай байсөөн. Хэ хэ. Гэснээс ойрд амттанаа багасгаж байгаа. Бүр ор тас идэхгүй байна гэхээр чадахгүй л байна.

Хэзээ билээ нэг хүний юүтүбийг үзсэн чинь элчин чихэрийн хэрэглээгээ маш сайн хянадаг юм билээ. Бүр элдэв ногоо салат амтлагч ч хэрэглэдэггүй гэж байсан. Сүрхий юм аа л гэж бодон суув.
Энэ чоког санаж байна уу? Хаана зардгийг нь мэдээд авсан. Гэхдээ худалдаж аваагүй. Өөрийгөө ялан дийлсэн нь тэр. Худалдаж авахгүй, ёстой л өнөөх гуравхан секунд тэвччихвэл идэх хүсэл ч төрөхгүй, түрийвчин дэх мөнгө минь ч үрэгдэхгүй сайхан.

Хойшид ч энэ гуравхан эсвэл тавхан секундийг тэсээд өнгөрөөж сурвал их зүйлд сайнаар нөлөөлөх байх шүү. Туршиж үзнэ ээ.

За маргааш ажил эхэлнэ гэж бодсон, шууд лазантэрий хөдөлж байна. Ажилдаа ч биш л дээ, энэ халуун, ядаж байхад усан бороо үе үе уур хүргээд байна.

Бүгдэд нь амжилт...

2020年7月25日土曜日

4 хоног амарна

Пүрэв, Баасан, Бямба, Ням гээд дөрвөн өдөр амарна. Сайхаан сайхан.

Амралтын эхний өдөр нь үдээс өмнө дунд зулзага төгөлдөр хууртай. Уг нь тав дахь өдөр л дөө. Багш нь хувийн ажилтай болсон тул наашлуулсан. Орой нь сагстай.

Баасанд, үдээс өмнө сагсны тэмцээнтэй. Гэнэт л зохион байгуулахаар болсон. Гадны хоёр ч багтай хамтарч нөхөрсөг тэмцээн зохиосон. 3 сараас хойш тэмцээн уралдаан бүгд хойшилсон байсан. Энэ удаад хэдий хүртэл айж бэмбэгнэж явахав, ариун цэврийн, ариутгалаа сайн хийгээд тэмцээн зохиож бяцхан тамирчдаа хөгжөөе гэж бодсон бололтой.

Бага зулзага тэмцээнд жаахан дургүй, сайн чадахгүй болохоороо тэр байх. Ормооргүй байна аа гэсэн мөртлөө л аавыгаа дагаад явсан.

За өнөөдөр буюу хагас сайнд хань ижил ажилтай. Би гэр сахингаа ганц нэг өмсдөггүй, багадсан хувцас энэ тэрийг ялгаж хайрцаглах ажилтай. Монгол явуулна. Хөдөө гадааны маань хамаатнууд дуртай авдаг гэсэн болохоор эндээ хаячихаж бас чадахгүй. Эндхийн бага ангийн сурагчид үүрдэг ганц нэг дөрвөлжин цүнх хийнэ.

Том зулзага шалгалттай. Их дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлдээд л сууна. Ямар их сургуульд орох юм байгаам, өөрөө дотроо ганц нэг сургууль товлосон л бололтой...

Бага зулзага ээж нь дэргэд байвал л болох нь тэр гэсэн хүн байна. Бүгдийн хайрыг хүргээд, майжига майжига гээд л өрөө хэсч алхаад л байна байна. Монгол дахь хүмүүс харчихаад майгыг нь гайхаад байсан. Хэ хэ. Элсэн дээр тоглуулаад засарчихна өө за юу...

Угтаа бид гурав хоног дараалласан амралт таарвал л уул явдаг байсан чинь энэ жил чадахгүй нь ээ. Нэгт титэм вирус, хоёрт том зулзага шалгалт шүүлэг гээд. Ганцааранг нь орхих гэхээр бас айгаад байх юм өө. Ирэх жил оюутан болоод үүрнээсээ нисэхээр нь яах улс юм бүү мэд? Хэ хэ.

За тэгээд том маамаатай ээж аавуудад амжилт хүсье өө.

2020年7月24日金曜日

Гялгар уут

7 сарын 1-нээс бүх дэлгүүрийн гялгар уут төлбөртэй болсон. Том нь 5 иен, жижиг нь 3 иен.

Нэлээд дээхнээс хэсэг дэлгүүрүүд уут нь үнэтэй болсон л доо. Хэсэг дэлгүүр нь үйлчлэгчээ татахын тулд үнэгүй уутанд хийж өгдөг байсан юм. Энэ жилээс бүх төрлийн дэлгүүр уутаа үнэлсэн. Хуванцар хогны хэрэглээг багасгах гэсэн зорилготой. Монголд ч бас төлбөртэй болсон гэж сонссон.

Гэрийн минь гялгар уут овоо цэгцрэх янзтай болоод явчихлаа. Үнэгүй өгдөг газраас авсан уутнуудаа хаяхгүй хадгалаад л байдаг, хадгалаад л байдаг. Хэрэг болно гэж бодоод. Хаяж чаддаггүй. Гоёоос нь монгол руу бэлэг энэ тэр хийгээд явуулчихдаг. Хэ хэ.

Гялгар уутны хэрэглээ ер нь асар их юм аа.

Бага зулзага өдөр бүр нэгийг авч явна. Хоол идэхдээ хэрэглэсэн нойтон алчуур, хормогчоо хийж ирдэг. Дунд зулзага мөн бассейны хичээлтэй өдрөө гялгар уут авч явна. Норсон усны хувцас, алчуур зэргээ хийж ирдэг.

Өдөртөө хэрэглэсэн уутыг нь хаячихдаг байлаа. Гэрт хагалсан уут цөөрөөд ирэхээр нэг уутаа угааж хатаагаад дахин хэрэглэдэг юм билүү? гэж бодож байна. Гэхдээ цөөрөөд ирэхээр нь. Тэгж гэрийнхээ гялгар уутыг цөөлнө өө. Цөөлөх гээд цөөлж чаддагүй зүйлийн минь нэг шүү дээ.

Хэмнэх зорилготой над шиг хүнд даавуун тороо мартах үе гарна аа. Ялангуяа санамсаргүй  явж байгаад худалдаа хийх үед. Түүнээс зориод гарахдаа бол тороо байнга авч явна л даа.

Ганцхан удаа уут авахад 5 иен, бага мөнгө шиг санагдах ч дуслыг хураавал далай гэдэг шиг. Дэлгүүр орсныхоо тоогоор 5 иен цааш нь хийж үздэг юм билүү? Хэдэн жилийн дараагаар овоо хэдэн цаас хураах байх даа, тийм ээ?

Цаасан тор бас зөндөө хадгална. Хүмүүст ойр зуур бэлэг өгөхдөө хийнэ. Бэлэг гэдэг нь сүртэй зүйл биш шүү. Хань ижлийн агнасан загас, хураасан жимс гэх мэтээсээ хөршийнхөндөө бэлэглэх зэрэгт ашиглана.

Цаасан уут бас төлбөртэй болсон газар байна лээ. Арвилан гамнаж, хэмнэж хэрэглэнэ ээ. Та бүхэн ч гэсэн ирээдүйгээ, байгаль орчноо бодон бодон хэмнээрэй.

Бүгдэд нь амжилт...

2020年7月23日木曜日

Цэцэг

Айлын гадаах цэцгийг ч тайван байлгахгүй зураг дарна. Хэ хэ.
Төгөлдөр хуурын багшийн гадаах үүдэнд байдаг цэцэг. Бага зулзага бид хоёр эгчийгээ хүлээх зуур, цаг агаар сайхан үед гадаа зугаалангаа хүлээнэ. Ингэж хүлээх зуураа зураг дараастай.
Энэ дээрх зурагны эсрэг талд байрлах цэцэг. Иймэрхүү савтай цэцгийг гадаанаа их тавьдаг, япон айлууд. Үе үе бичдэг дээ, япон айлууд гадаахаа, эргэн тойрноо их гоё цэмцгэр байлгадаг. Гэр доторх бол энгийн. Олон хүүхэдтэй айл бол манайх шиг хөглөрөөд л байж байх нь их. Мэдээж гоёмсог, цэмцгэр айл бий бий...
Сармисны цэцэг гэсэн. Сармисанд дуртай ч цэцгийг нь анх удаа л харж байна. Айлын гадаа биш, дээр очиж нүдээ баясгасан гарьхан цэцэгний хүрээлэнд ганцаараа ингээд цойлоод ургачихсан байсан.

Тарьж ургуулдаг эмээ нь сармисны цэцэг гэж хэлсэн. Түүнээс би мэдэхгүй шүү дээ. Аан тийм үү? гээд гар шууд ухаалаг утас руугаа явсан.

За бүгдэд нь амжилт шүү. Маргааш болтол баяртай...

2020年7月22日水曜日

Хүүхдийн ном 5

Дунд зулзагынхаа зээлсэн номнуудыг буцааж өгөх замдаа уншаад байгаа гэсэн дээ. Энэ удаагийнх түүхэн хүний тухай.

Сакамото Рёома. 1836-1867 ны хооронд амьдарсан нэлээд алдартай самүрай байсан хүн. 33-хан насалсан. 1868 оны Мэйжигийн шинэчлэл болохын нэг жилийн өмнө алуулчихдаг, харамсалтай.

Тухайн үеийн Тоса муж? одоогийн Коочи мужид төрсөн. За тэгээд түүний хөшөө, нэртэй буудал гэх мэт зүйлс их байдаг гэсэн.

Бид нэлээд дээхэн хальт очиж байсан. Тухтай аялж амжаагүй. Цаг сайхан болохоор явна аа л гэчихсэн байна.

Аан тийм, Аса аваргын сурч байсан Мэйтокү гижюкү гэдэг ахлах сургууль Коочи мужид байна аа.

Багадаа бол нэлээд уйланхай хүү байсан гэдэг. Нэг эгч нь их өмөөрдөг, түүний талд бат зогсдог байсан гэнэ.

Юугаараа алдартай вэ гэхээр? Тухайн үеийн нийгмийнхээ засаглалыг эсэргүүцсэн, шинэчлэлийг хүссэн, гадны соёлтой танилцах, суралцах ёстой гэж үздэг шинэлэг сэтгэлгээтэй самүрай байж. Ардчилалын эхлэлийг тавьсан гэж үздэг юм уу даа.

Мөн тархай бутархай байсан омог бүлгүүд, засаглалыг нэгтгэх гэж зүтгэсэн, тархай бутархай байвал бид гадны идэш ууш болно оо, тиймээс хүчээ нэгтгэх хэрэгтэй гэсэн үзэлтэй хүн байж.

Түүхэн хүмүүсийнх нэр ус, газрын нэр ус зэрэг нь хэцүү байлаа. Тэр бүр тогтоохгүй, байн байн юу билээ гэж өмнөх хуудсаа сөхөж харан уншлаа. Нэлээд цаг орсон.

Эргэн тойрных нь хүмүүсийн тухай бас товчхон танилцуулгууд байсан. Ганц нэг самүрайн тухай олж уншихыг хичээнэ ээ. Үе үе түүхэн ном уншиж байхгүй бол энэ нэр усыг нь цээжлэх янзгүй шүү.

За бүгдэд нь амжилт. Маргааш болтол баяртай...

2020年7月21日火曜日

Халуун гэж юүхэв

За халаад эхэлчихлээ. Борооны улирал дуусаагүй. Энэ долоо хоногт дуусах юм гэсэн.

Цаг агаарын өөрчлөлтөөс хамгийн түрүүнд горыг нь амсаж байгаа нь далайтай хиллэдэг орнууд, арлууд гэж уншсан. Ойрын хэдэн жил бүр батлагдаад л байх шиг байна.

Японы өмнөд хэсэг болох Кюүшюү арлын хэдэн мужууд бороо ихтэй, үер болов. Хойд нутгаар ч мөн адил хур ихтэй, зарим нэг жижиг хот тосгон үерт автав. Олон ч хүн орон гэргүй болов, настай голцуу хүмүүс өртөж, бурнхны орондоо залрав...

Суугуул муж маань ч бороо ихтэй л байна. Хаа очиж үер болсонгүй. Гэхдээ юмыг яаж мэдэхэв болгоомжтой л байхгүй бол тийм ээ?

Өчигдрөөс эхэлж халж байна. 35 хэм хүрсэн бололтой. Бүгчим, чийгтэй болохоор энэ халуун гэдэг чинь бас л давшгүй даваануудын нэг. Гэхдээ л яаж ийгээд давчихсан л байдаг л даа. Хэ хэ.

Бага зулзага бид хоёр ар шилэн хүзүүгээ маажаад байгаа. Хэ хэ. Минийх нэг тийм ширүүндүү арьстай хүн яваад байна. Аминдаа маажихгүйг хичээгээд байгаа ч нэг мэдсэн л гар явчихсан байх юм.

Бага зулзага минь харин үе үе маажаад улайлгаад, бид сандарч пудр түрхээд л гайгүй болчихдог гэж байгаа. Гэснээс хөлснөөс болоод улайгаад, загатнаад байгаа бол хүүхдийн арьсны нуралт энэ тэрд түрхдэг пудр их зүгээр шүү. Би бас хүзүүндээ цацчихдаг.

Дунд зулзага болохоор борви нь улайж загатнана. Түүнийгээ маажаад бас хүрэн улаан болгоод амжсөөн. Том зулзага харин одоохондоо гайгүй. Гэхдээ орж ирээд л сэнсний өмнө юбкаа сөхөж ирээд л халуун байна халуун байна гээд л хэсэг зогсдог. Хэ хэ. Зовлонг нь мэдэх юм болохоор инээд хүрнэ ээ. Би ч  бас машиндаа суухдаа юбкагаа сөхөж гуя хасаа гялалзуулдаг. Ха ха ха.

Хар халуунд нарны илчээс бас биеэ хамгаалах хэрэг гарах юм. Ажлын нэг хятад хүүхэн бол бүр иж бүрэн зэвсэглэнэ гэдэг шиг л нүүр ам нь хүртэл бив битүү явдаг. Асар их тэвчээр, зүтгэл ээ. Би бол байхгүй ээ, амралтын өдөр бүр тос ч түрхэлгүй орж гарчихаад, дараа нь түрхдэг байж гэж өөрийгөө зэмлээд л...

Одоо цаана нь чилийсэн 2 сар гарангийн хугацаанд энэ саунд сууж байгаа мэт халууныг тэснэ гэсэн аяа тавилан юм даа л гэж бодогдож байна шүү.

Тэгсэн эх оронд минь хүмүүс үзэсгэлэнт сайхан газруудаар аялаад, цаанаа л нэг тийм сэрүүхэн зураг оруулаад байх юм. Шөнөдөө даарч байгаа даа гэж өөрийн эрхгүй бодож энэ тэр.

Түрүү жилийн өдийд зуны амралт эхэлж байсан байна лээ. Энэ жил карантийлсан хугацаагаа нөхөж зуны амралтын хугацаа богиноссон. Нэг бодлын амар. Би ч баяртай байгаа.

За ямартай ч халууныг үе үе хүйтэн тарвас идэж давна даа. Тарвас бас хальт үнэ нь нэмэгдчихсэн байна лээ.

Бүгдэд нь амжилт...

2020年7月20日月曜日

Бага зулзага ойрдоо

Багынхаа тухай бичнэ ээ. Хайр хүргээд байгаа хүнийг яах юм? Энэ цаг үеийг нь ой тойндоо хадгалаад үлдээмээр байна.

Ойрд нүүр номыг хэт ухаад, жаахан нервтэх гээд байна.

Энхрий охинтойгоо уулзаж амжилгүй, ээждээ баярладгаа, хайртайгаа хэлж амжилгүй хорвоогоос явчихсан тэр бүсгүйг бодохоор... Охидын минь бага насны хөөрхөн булцгар хацар, шулганаа үг бүхэн нүдний өмнүүр жирэлзээд, өөрийн эрхгүй нулимс хацар дагаад л урссан...

Том зулзагынхаа ид хөөрхөн 1-3 нас хүртэлх цаг мөчийг бидэн хоёр, монголын олон залуу хосуудын нэгэн адилаар гадаадад, охиноосоо хол өнгөрөөсөн.

Өглөө нь нисэх рүү гарахдаа унтаж буй хөөрхнийхөө жаахан онжоог нь, бяцхан хөлийг нь үнэрлээд гарч билээ. Хайртай гээд л хэлээ хазан утасны цаанаас хэлэхэд өөрийн эрхгүй мэлмэрдэг байж билээ.

Азаар бид олон мянган залуус шиг удаан хол багаагүй, охиноо авчирсан. Элэг бүтэн, бөөнөөрөө байх шиг жаргал гэж үгүй ээ...

Тэгсэн одоо яаж байна? Тэр жаахан охин минь шилбэлзээд л байна, хэхэ. За тэр ч яахав, жам юм даа. 18 нас хүрэхээрээ аавынхаа гэрт тогтохоо болилоо гэж дуу хүртэл байдаг байх, ямар сайндаа л...

Бага минь? Ганц нэг үг хэлээд, тэрийг нь бид ойлгохгүй уурыг нь хүргэж орьлуулна аа. Хи хи. Гэхдээ их айхтар, зарим нэг зүйлээ шууд гар хөлөөд оролцуулаад дохионы хэлээр ойлгуулчихдаг гэж байгаа.

Жишээ нь дахин идмээр байгаа зүйлээ тавганд хий гэж хуруугаараа заана. Өгөхгүй гэвэл хоёр нүдээ даран худлаа уйлж буй дүр эсгэнэ. тэгснээ хуруун завсраараа харж биднийг ажиглана.

Бидний үйлдлийг маш сайж ажиж байгаад дараа нь дуурайна. Сая хагас сайнд дунд зулзагын хүсэлтээр банштай цай хийгээд. Гурил элдэж өгөх нь холгүй л байдаа. Их эвлэгхэн гурилаа, элдүүрээ бариад байсан.

Гар утсыг маашаад байвал яах уу? Маш сурмаг, долоовор хуруу бол. Хэзээ язааны дэлгэцийг нааш цааш гүйлгээд байна. Аль болох утас өгөхгүйг хичээж л байна.

Том том цаасыг харин ч нэг хөглөрүүлж байна. Утас нэхэхээр нь шууд л зурагаа зураарай гэхээр бал бариад л дайрна шүү дээ. Одоогоор маш сайн сараачна. Дугуйлж сараачихдаа ч мундаг.

Шумуулнаас сэргийлж хүж асаах гээд шүдэнз зураад унтраахаар хөөрөөд алгаа ташна. Ээжийгээ мундаг гэж байгаа нь тэр. Хэ хэ.

Өө тийм ээжийгээ гэрийин бүх гишүүнээс харамлаад эхэлчихсэн. Хоёр даам гарчихсан хүн эрхлэлдэхийг үзүүлж өгнө.

Улаан лоолийг шүүсийг нь сороод л хаяна. Тарвасыг мөн адил. Хоол иднэ гэж эргэн тойрныхоо ширээ, сандал, шал гээд бүгдийг давхар хооллоно. Дараа нь арчиж зүлгэх л жаахан хэцүү.

Тоторогийн номыг олоод гаргаад ирчихсэн чинь өдрийн хэд уншиж өгөх ажилтай болсон шүү. Хуудсыг нь алгасаад, яг Тоторотой сонирхолтой хэсгийг нь ярьж өгөөд байгаа тулдаа л нэг юм амжиж байна даа. Түүнээс ч тэр зузаан номыг өдөр бүр уншина гэвэл ч... Хи хи.

За нэг иймэрхүү. Нүүрномоор гунигтай зүйл бага уншихыг хичээнэ ээ...

Та бүхэнд ч амжилт шүү.

2020年7月19日日曜日

Хүүхдийн ном 4

Номын санд буцаах гэсэн, хоргодоод. Хэ хэ. Энэ удаагийх нь бидний ч сайн? мэдэх суут хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховений тухай.

Кино ч байдаг байх тийм ээ? Багадаа Моцартын тухай киног бол үзээд байснаа санаад байдаг.

Харин нэг нохойны тухай кино л санаанд ороод болдоггүй. Нохойндоо Бетховен гэж нэр өгөөд л.

За тэр ч яахав. Та нар англиар, германаар, японоор, оросоор гээд л олон хэлээр хайвал гараад л ирнэ. Тэгэхээр агуулгыг нь надаар энд бичүүлэлтгүй олоод уншина биз дээ?

Мөн охид төгөлдөр хуураар хичээллэдгийн ачаар ганц нэг хөгжмийн зохиолчийн нэр мэднэ. Харин тэр бүрийнх нь аяыг таах гэвэл харин чадахгүй, мэдэхгүй.

Бага зулзагаа чадвал төгөлдөр хуураар хичээллүүлнэ гэж ярьсан улс л байна. Хичээнэ ээ. Дуутай номоо сонсоод найгаад л байдаг хүн. Сурах байгаа. Ккк

Бүгдэд нь амжл хүсье. Урлагийн ямар бурхан билээ? Аан тийм Янжинлхам бурхан ивээх болтугай...

2020年7月18日土曜日

Цэцэг

7 сарыхаа цэцэгний зургийг оруулаагүй байна. Хэ хэ.

Бага зулзагатайгаа үүгээр иүүгээр зугаалж явахдаа дарсан зурагнаасаа оруулна аа.
Нил ягаан өнгөнд дуртай шүү. Өөрөө тарьж ургуулдаггүй болохоор тэр бүр хараад шууд энэ тэр гэдэг цэцэг байна гэж хэлж мэдэхгүй байна өө.
Нэр нь их ойрхон, хоолой дээр тээглэчихээд гарч ирдэггүй ээ. Хэ хэ. Ногоо тарихдаа хажууд нь жаахныг суулгчихдаг цэцэг мөн байх аа. Хорхой шавж ирдэггүй гэсэн байх шүү, үнэрээс нь зугтаад.
Мандлыг ингээд нэлэнхүйд тарих бас гоё харагддаг юм билээ.

Гэснээс эдгээрийг хэсэг эмээ өвөө нар нийлж сайн дураараа тариалдаг. Хөөрхөн, хэдүүлээ нийлчихсэн, цай цүү уунгаа буу халаад л суудаг юм билээ. Бид бас санаа авмаар тийм ээ?

Нас ахиад, тэтгэвэрт гарахаараа ингэж эмээ өвөө нарыг уруу татна аа. Хэ хэ.

За бүгдэд нь амжилт, амралтаа сайхан өнгөрөөгөөрэй...

2020年7月17日金曜日

Хүүхдийн ном 3

Дунд зулзагын уншиж дуусаад буцаачихаарай гэсэн номыг дундаас нь шагайгаад л явж байна.

Нэг урамтай нь үсэг томтой, ойлгомжтой тул амархан ч уншигдана.

Японы 1000-тын иений дэвсгэрт дээр зураг хөрөг нь байдаг хүн. Нэр нь Ногүчи Хидэё.

Багадаа ядуу тариачин айлын ууган хүү болон мэндлэнэ. Ой хэдэн сартайдаа гэрийнхээ ил зууханд унаад, түлэгдээд. Ядуугийн туйл байсан тул ээж нь эмнэлэг дагуулж явах мөнгөгүй, зүүн гарын хуруунууд нь тэнийхгүй, атгасан чигт нь бороолуулчихна.

Ээж нь өөрийгөө буруутгаж бурханд залбирахаас өөрийг хийж чаддаггүй.

Аав нь балгачихдаг, ажил хийх дургүй байсан. Ээж нь борви бохисхийлгүй ажиллана. Ээжийгээ их өрөвддөг, ээжийгээ жаргаах юмсан гэж санаж явдаг хөвгүүн болж өснө.

1876 онд төрсөн. 51 насандаа 1928 оны 5 сарын 21-нд таалал төгсөнө. Шар халуун өвчний шалтгааныг олж тогтоохоор Африк яваад, тэндээ өөрөө тухайн өвчнөөр нас барсан гэнэ.

Гол судалгаа нь тэмбүү өвчний нян, шар халуун өвчний шалтгааныг олох. Нобелд гурван ч даа нэр дэвшээд авч чадаагүй байх юм.

Багадаа хуруунаасаа болоод ангийнхандаа шоолуулаад сургуульдаа явахгүй таслаад байгааг ээж нь олж мэдээд
-Ээжийгээ уучлаарай, шар чинь хөдлөөд байвал хичээлээ сайн хийж, тэдэнд үзүүлээд өг.
Толгойд нь ёнк гэж ороод л хичээлдээ шамдан, сургуульдаа сурлагаараа номер нэг болно.

Ахлах сургуульд ороод хагалгаа хийлгэж хуруунууд нь тэнийдэг болно. Анагаах ухааны гайхамшгийг мэдэрч, эмч болохоор шийднэ.

Нян судлалаар дагнахад хүргэсэн явдал бол ажиллаж байсан эмнэлэг нь германы микроскоп дурантай болсон нь гэж байгаа.

За тэгээд түүнийг тойрсон хүмүүсийн хүрээлэл, түүнд нөлөөлсөн хүмүүсийн тухай гээд агуулгаар маш баялаг ном. Далимдуулаад хэд хэдэн хүний тухай ч мэдэж болно.

Тухайн үеийн япончууд маш ядуу байсан байж эх орныхөө төлөө гэсэн гал халуун эрмэлзлэлтэй хүмүүс их байжээ гэж. Өнөөгийн Монголд дутагдаад байгаа зүйл. Жишээ нь өөрийн зугаа цэнгэлд биш, эмнэлэгт тоног мөхөөрөмж авахад мөнгөө зарцуулснаар Хидэё нян судлалаар дагнахад хүрсэн гэх мэт.

Мөн судалгааны ажил өөрөө нэлээд мөнгө төсөв шаарддаг тул түүнд спонсор болдог баячууд гэх мэт.

Хамгийн авууштай нь, атаархууштай нь японд хүүхэд, сурагчдын анхаарлыг татахуйц, сонирхолтой комик, манга, ном их байх юм. Болдог бол яг энэ чигээр нь орчуулаад хэвлэдэг бол ч гэж бодогдох...

Япон хүмүүсийхийг нь байг гэхэд дэлхийн нэртэй алдартай хүмүүсийхийг тийм ээ?

2020年7月16日木曜日

Охидоор сонин сайхан?

Уламжлалт бичлэг.

Сургууль цэцэрлэгийн багштай уулздаг өдөр байдаг. Сургууль цэцэрлэг зохион байгуулна. 2 өдөр болно. Боломжтой өдөр судар, цаг нарыг асууж хуудас тараана. Түүнийг бөглөөд явуулахаар эргээд хариу нь ирнэ.

Өнгөрдөг долоо хоногт дунд зулзагын сургуулийн багштай уулзсан. Ажлаа тараад багыгаа албанаас нь аваад, цугтаа явсан. Эгч нь дүүгээ харсан, яг намайг багштай нь уулзах хооронд.

Хамгийн сүүлд авсан шалгалтын дүнг танилцуулсан. Тоо гайгүй үнэлгээ авч. Ханз жаахан тааруу. Ганц нэг зураас, цэг буруу бичихэд л алдаанд тооцогдох тул алдаа ч их, үнэлгээ ч доогуур байв.

Ханзаа цээжил гэж үглэх ажил нэмэгдэж байх шиг. Уг нь ном их уншдаг тул гайгүй байх гэж болсон үгүй бололтой. Тулж ажиллахаас...

За тэгээд бусад тал дээр магтаж өгч байна лээ. Ангиа сайн цэвэрлэдэг ч гэх шиг. Гэрээ цэвэрлэе ээ гэж дотроо хэлээд л сууж байлаа. Найзуудтайгаа эвтэй найртай тоглодог. Гараа өргөж идэвхитэй хариулдаг. Бие даалтыг маш сайн хийдэг. Их чанартай, сайн хийдэг...

Өчигдөр том зулзагын багштай уулзав. Бас л багыгаа аваад, эгчид нь харуулсан.

Нэг их магтаад байсан юм бол байхгүй. Хэ хэ. Шууд л дүн энэ тэрийг нь ярилцаад л. Ямар их сургуульд ормоор байгаа нь ерөнхийдөө тогтсон гэнэ. Хоёр ч улсын сургууль сонгосон байна.

Тэнцэх эсэхийн хувьд бага зэрэг хичээвэл болох байх, гэртээ хичээлээ хийж байна уу? Өө хийгээд л байх шиг байдаг, яг сайн мэдэхгүй байна өө.

Гадаад гэдгээрээ далимдуулж жаал багшийг нь шалгаалаа. Элсэлтийн шалгалтын хуваарь, төрөл, төлбөр гэх мэт. Гэхдээ өөрсдөө бас сайн судлах л хэрэгтэй гэж...

Би өөрөө энд их дээд суралцсан туршлага байхгүй тул бүх зүйлийг өөрт нв даатгаж байгаа. Ямар чиглэлээр суралцмаар байна? Ямар их сургуульд ормоор байна?

Ганц л зүйл дээр хатуу байр суурьтай байгаа. Улсын сургуульд орох. Төлбөр нь хамаагүй хямд, хувийнхыг бодвол.

Энэ талаар үе үе бичихийг бодно оо. За том зулзагатай ээж аавуудад амжилт хүсье...

2020年7月15日水曜日

Тэнэмэл сар

Саяхан уншсан номны нэр "Тэнэмэл сар".

Гол агуулга:

Сараса гэдэг охин ээж аавтайгаа эрх дураараа амьдарч байна. Гэнэт л хамгаас хайртай аав нь нас барна. Хэсэг ээжтэйгээ амьдарсан ч ээж нь нэг хар юм дагаад арилж өгнө.

Ээжийнхээ эгчийнд амьдарч эхлэнэ. Нагацынх нь банди гэж зэвүүн гар, шөнө болгон охины өрөөнд орж сүрдүүлж байгаад 9-хөн настай охины бие хааг илж таална.

Сараса хичээлээ тараад, нагацынх руугаа алхах хөл нь үргэлж л хүнд оргино. Шөнө болохыг үзэн ядна. Дэлхий сөнөөсэй, нагацын банди үхээсэй гэж бодно.

Нэг өдөр гэртээ харилгүй цэцэрлэгт хүрээлэнд ном уншиж сууж байтал бороо орно. Тоолгүй номоо үргэлжлүүлэн уншиж суутал хажууд нь нэгэн залуу шүхэр барин зогсоно.

Энэ залуу нь тэр цэцэрлэгт хүрээлэнд өдөр болгон шахуу ирж ном уншиж суудаг. Охидын хооронд "бага насны охин сонирхдог, гаж донтон" гэсэн яриа шивэр авир гэхийг Сараса сонсож байсан.

Залуугийн нэр Фүми. 19 настай оюутан.Фүми охиныг гэртээ урина, Сараса ч дуртай зөвшөөрнө. Гэртээ харимааргүй санагддаг Сараса юу ч бодолгүй хичээлийн цүнхээ сандал дээр тавьсан чигтээ л Фүмиг даган гэрт ч очно. Тэндээ бүр 2 сарын хугацаанд амьдарна.

Зурагтаар өөрийг нь алга болсныг зарлана.

Нэгэн амралтын өдөр гармаар санагдаад амьтны хүрээлэн явна. Тэндээсээ хоёул баригдаад, нэг нь эмнэлэг, нэг нь засан хүмүүжүүлэх рүү явна.

Үнэн бодит байдлыг мэдэхгүй хүмүүс Фүмиг л буруутай, бага насны охиныг уруу татаж барьцаалсан, садар самуун хийсэн гаж донтон гэж үзэн ядна.Үнэндээ бол тэрхүү 2 сарын хугацаанд хүний урманд гар ч хүрээгүй бөлгөө. Зүгээр л тэр хоёр ар гэрийн? бие бялдрын асуудалтай, сэтгэлийн дуудлагаар холбогдчихсон.

Үргэлжлэлийг дараагийн бичлэгээр. Түр баяртай. Бүгдэд нь амжилт...

2020年7月14日火曜日

5 дахь хүн

К гуай чинь бага багаар нэмэгдээд явах янзтай шүү.

Уржигдар 5 дахь хүн тодроод. Суугуул мужийн баруун хэсэг дэх жижиг сум. Ажлаар Токиогоос ирсэн залуу. Наашаа ирэхээсээ өмнө Канагава мужид найзтайгаа ууж идсэн байгаа юм.

Энд ирээд хоёр дахь өдөр нь тэр хамт ууж идсэн найз нь К туссан гэж мэссэж ирсэн гэнэ. Тэгэхээр нь эндхийн эмнэлэг рүү утасдаж, шинжилгээ өгсөн. Эерэг гарсан.

Гол нь наашаа ирэхээс өмнө нь нэг өдөр халуурсан. Маргааш нь халуун нь буусан. Тэгээд л наашаа гарчихсан.

Энд ямар арга хэмжээнд оролцсон гэх мэт үйлдлийг нь сонин дээр гарсан. Одоогоор биднээс хол байгаа ч, тэр арга хэмжээнд оролцсон хүмүүс нь бидний ойр хавьд амьдардаг байхыг үгүйсгэхгүй тийм ээ?

Токио бүр хэдэн өдөр дарааллаад халдвар авсан хүмүүсийн тоо 200 даваад талийсан. Хэвлэл мэдээллээр шуугиад л байна. 

Эхэндээ ч холуур холуур гэж бодоод тоохгүй байсан чинь, онц байдал зарлаагүй болохоор ингээд бага багаар ойртоод л...

Өө тийм , бас нэг сонин. Амьдралын маш их идэвхитэй 4 дэх залуутай бага зулзагын цэцэрлэгээс бас хавьтсан хүн байсан юм шиг байна лээ. Цуцэрлэгээс нь ирдэг захидалд "шинжилгээ өгөөд, сөрөг гарсан тул санаа зоволтгүй" гэсэн байсан.

Яг хэн хавьтсаныг бол бичээгүй байсан. Багш юм уу? Хүүхэд юм уу бүү мэд. Би бодохдоо, зурагт ном уншиж өгөх арга хэмжээнд нь нэг хүүхэд ээжтэйгээ оролцсон байх гэж.

К гуайг тойроод нэг иймэрхүү сонинтой. Токиод ажиллаж, сурч, амьдардаг эх орон нэгтнүүд минь болгоомжтой л байгаарай даа...

Бүгдэд нь амжилт хүсье ээ.

2020年7月13日月曜日

Хуушуурны зураг

Шинэ долоо хоногйн мэнд ээ.

Амласан ёсоороо хуушуурныхаа зургийг оруулчих уу? Хэ хэ. Сонирхолгүй л байх л даа. Нүүр номоор нэг хуушуурны зураг тийм ээ? Дугуй хуушуур их байсан. Би ч анхнаасаа хийхгүй л байгаа тэр дугуй хуушуурыг нь.
Бүхэл үрийн гурил хольж зуурсан. Бага зэрэг нялцайсан. Үдээс өмнө нь нэг санаандгүй зочин ирсэн. Хуушуур өгсөн, амттай байна гэсэн.

2 цагт оюутан хүүхдүүдийн эхний ээлж ирсэн. Бүгдийг нь хайрч амжаагүй байсан тул бөөндөө хийсэн. Чимхэлт өөр болсон. Амт бол мэдээж дажгүй.

Хүүхдүүдийг завтай бол үе үе ирүүлж бууз хуушуур чимхэж ажилд сургамаар л санагдаад байдаг шүү. Өөрийнхөө зулзагуудыг хичээхгүй байж уу, ккк.
За энэ юун бялуу энэ тэр болоод явчихав гэхээр? Тэмцээн уралдаанд амжилт гаргасан, хөнгөний хоёр нь монголын өсвөрийн рекордыг эвдэж, шинэ рекорд тогтоосон гэх мэт амжилт гаргасан тул. Сэтгэл хөдлөөд, гэрийн ойрхон бялууны газраас сэмээрхэн гарч очоод худалдаж авсан.

Мөн нэгнийх нь төрсөн өдөр саяхан болсон. Бүгдийх нь төрсөн өдрийг хамтатгалаа шүү болоод л явчихсан сүүлдээ ч. Хэ хэ.

Хөвгүүд голцуу тул шууд нэвтрүүлсэн бөхөө үзсэн. Хоёр бөхийн нэртэй хоцрох шив. Удахгүй хоолтойгоо хольчхино оо өнөөх чинь.

Сүүлдээ ч найр хавтгайрав гэдэг шиг таван гар муушгидав. Би нэг үсэрч өгөөд л нэг их гавьсангүй. Хо хо. Бага нь юм гэсэндээ манай шавь гарсан.

Аан тийм, хэн хурдан тарвас идэх вэ гэж хоёр нь хүчээ үзэв ээ. Тэгсэн хуувилдаад, нэгнийхийгээ араас нь гялс сольж энэ тэр. Хоёр ч удаа тэгж олноороо нийлж нэгнийгээ ялсан байдаг юм.

Сүүлд бичлэгээ үзэж баахан инээлдэх шив. Хавь ойрын хөрш нар гайхсан байх аа. Бүдүүн бүдүүн дуу хадаад унахаар. Ккк.

Түрүү жилийн наадам ижийтэйгээ хамт амттанд бялуурсан наадам байсан бол энэ жилийнх ч бас олуулаа бужигнасан хөгжилтэй наадам боллоо.

Ирэх жилийн наадам даанчиг хол байна даа...

Хотоос гарч зугаалсан та нар минь болгоомжтой яваарай. Бүгдэд нь амжилт шүү.

2020年7月12日日曜日

Наадмын мэнд ээ

Монгол хүн байна даа. Наадмы мэнд ээ.
Ноёдын наадам сайхан уу? Хөөрхийлөлтэй иргэд минь.

Хүлцэнгүй ард иргэдийг яаж ч болно гэдэг зэвүүн төр засагтай даа бид. Би ч тэр хүлцэнгүй иргэдийнх нь нэг.

За баярын өдрөө билиггүй зүйл ярьлаа гэж загнуулахаасаа өмнө зогсооё дөө.

11-нд хань ижил ажилтай тул хуушуур хийсэнгүй ээ. 12-нд гэрээрээ гангар гунгар гэж байгаад хоолоо хийх гоё тэ гэж байгаад хийнэ. Өдөр тийшээ. Үдээс хойш 10 жилийн хэдэн хүүхдүүдийг ирээрэй гэж хэлсэн байгаа юмсан, ирэх нь үү? яах нь уу?

"Цар-"ын 4 дэх хүн илэрсэн болохоор хамаагүй гадуур орж гарахыг нь бас хорьсон байгаа гэсэн.

Уг нь 2-3 ч гэр бүл бий. Жаахан коллектив муутай. Зарим нэгэнд нь хэтэрхий сайн хүн болж байгаад уурыг нь хүргэсэн. Зарим нэгтэй нь хөндлөнгийн хүнийг өмөөрч, 10 жилийн хүүхдүүдэд гаргаж буй зан нь таалагдахгүй холбоогоо тасалсан гээд шалтгаан мундахгүй. Гэснээс хоёр ч айл нь бүл нэмсэн сурагтай, баяр хүргэе. Монголын минь үрс маш олон болтугай...

Дунд зулзагынхаа сагсыг амраачихсан. Бас бид ээлжтэй байсныгаа сольсон. Учир нь хуушуур хийж идэхийн тулд. Ккк. Хүүхдүүд ирж магад гэхээр нь л тэр. Тэгэхгүй би бол ганцаараа амжихгүй л дээ. Жаахнаа минь ч тухтай хийлгэхгүй...

Мах, ногоо зэргээ өмнөх өдөр нь бэлдсээн. Тэгэхгүй бол яаж ийгээд л амжихгүй, хүүхдүүдийн харих цаг нь дөхчихдөг тул. Хэсэг хүүхдүүд нь 9 цагаас хаалгаа барина, ганц хоёрынх нь 10 цагаас хаалгаа барьдаг. Тэгэхээр 10-15 минутын өмнө гарч явна. Хаа очиж сургууль, дотуур байр нь манайхтай ойрхон...

Өө тийм, би ойрд хүнд махан хоол бага идэж байгаа юм сан. Хуушуур идээд -1 маань буцаад +1 болох байх даа. Гэснээс хавагнад, хөөгөөд байна. Юуных вэ? гэж бодоод л сууна...

За наадамчин олондоо амжилт хүсье. Бишээ наадамчин олон гэхээр ноёд болчихоод байна тийм ээ? Наадам үзэгч олондоо шүү. Хи хи.

Өө тийм, хуушуурныхаа зургийг оруулна аа. Дугуй хуушуур биш ээ, зүгээр л гэрийн хуушуур шүү...

2020年7月11日土曜日

Зурна аа

Оройд хоол хийхтэйгээ зэрэгцээд бага зулзага бид хоёр зураг зурна. Бага зулзага бол сараачаад л сараачаад л. Ээжийг янз бүрийн дүрс зур гэж тушаагаад л...
За энэ хулсны баавгай. Нээрээ зулзагадаа панда гэж зааж өгөөд байгаа юм байна. Хулсны баавгай гэж заах юм байна шүү.
Туулай. Урт чих байхад л болно гэж бодсон чинь үгүй гэнэ ээ. Дунд зулзага зааж өгсөн.

Ээжийн зураг эрс сайжирсан байгаа биз дээ? Ялангуяа хамар ам.  Нууц нь дунд зулзага аягүй чухал царайлж ирээд зааж өгсөн юм аа.
Нохой. Гөлөг ч юм уу?Дунд зулзагын зурсныг хараад, дуурайлгаж зурлаа. Хараад зурсан чинь болох ч юм шиг...

Энэ мэтээр оройд арваад том цаас цааш нь харуулж байна. Өнцөг буланд нь шаар, гурвалжин дөрвөлжин дүрс, бөмбөг гээд зурна. Мэдээж бага зулзага сараачна. Балныхаа үзүүрээр цаасаа цоолно.

Ингээд цугтаа зараад байхаар жаахан ч гэсэн эв дүйтэй болох байгаа. Итгээд найдаад л. Аавп бас тушаана аа бидэн хоёр. Өмнө нв цаасаа дэлгэнэ. Балаа барьж гүйнэ.

Нээрээ дараа  аавын зурсан зурагнаас оруулна аа...

Жаахан маамаатай ээж аавуудад амжилт хүсье. Монголын ирээдүйг бэлдэнэ шүү, хамтдаа. Хи хи.

2020年7月10日金曜日

Хөршийн холбоо

Сардаа нэг удаа хөршийн холбоодчихоод байна шүү. Хэ хэ.

Бага зулзага нартай өдөр гэртээ орохгүй, гадаа л байж байх санаатай шүү дээ, албанаасаа харьж ирээд. Ээлжит зугаалгаараа бидэн хоёр олз омог ихтэй. Хи хи.
Энэ өчигдөрхөн өгсөн царцмаг? Бага зулзага бид хоёр гэрийнх нь урдуур алхсан юм. Тэгсэн самган нь инээд алдаад л, тортой зүйл барьж гарч ирсэн. Торонд нь энэ байсан. Баярлалаа гээд л алгаа тосон авсан.

Болоогүй ээ, бага зулзага бас тонголзоод байвал яах уу? Өнөөх хөрш самган минь бүр нас барна биз дээ? Ккк. Тэгээд бодлоо. Хөршийн холбоодох үйл ажиллагаа минь жаахан холдох гээд байвал багыгаа дагуулаад урдуур нь гунхмаар юм байна. Багыгаа тонголзуулмаар юм байна гэж. Хо хо.

Наадмаар хуушуур хийвэл оруулж өгнө өө, ерөөсөө.

Санаандгүй байж байгаад амттан идсэндээ баяртай байна өө. Идэхийн тулд амьдраад л тийм ээ.

Амралтаа сайхан өнгөрүүлээрэй. Би гого номоо уншина, сайхан зан хөдөлбөл хуушуур хийнэ ээ...

Ноёдын наадмыг эсэргүүцээд эсэргүүцээд зогсоож чадсангүй еэ, хүлцэнгүй, хонин сүрэг ард түмэн бид. Тавилан юм даа...

2020年7月9日木曜日

Бусдын гутлыг өмсөж үзэх

"Хэн нэгний гутлыг өмсөж үзэх". Англи хэлний хэлц үг. 6 сард уншсан номын ерөнхий агуулгыг базаад үзэхэд энэ хэлц үгэнд багтаад байгаа ч юм шиг. https://saruul-uhaan2.blogspot.com/2020/06/blog-post_27.html шүү.

Бусдын оронд өөрийгөө тавьж үзэх гэдэгтэй агаар нэгэн хэлц үг гэж ойлголоо.

Мөн empathy, sympathy гэдэг англи үгнүүд мэдэж авлаа. Хэ хэ. Энэ үгнүүдийг хэлүүлэлтгүй мэдэх биз ээ? Одоо ч залуус мундаг хэлтэй устай болж байна дөө. Өөрөөсөө ичих шиг...

Хүүхэд өсгөнө, хүмүүжүүлнэ гэдэг чинь асар их ухаан, энерги, заль шаарддаг гэж боддог.

Нийгэм дэх олон асуудлын талаар юу гэж тайлбарлах, тэдний оюун санаанд хамгийн их нөлөө үзүүлдэг гэдэг утгаараа ээж хүний үг, үйлдэл чухал юм даа гэж бодон бодон харьцдаг.

Гэхдээ заримдаа бодоод, эргэн санаад аан энэ зүйл дээр алдчихаж дээ, тэгдэг байж, ингэдэг байж гэж харамсах? үе зөндөө.

Бусдын оронд өөрийгөө тавьж үзэж бай гэж үе үе үглэхдээ хэлдэг юм байна. Жишээ нь нэг ном уншаад л африкийн тэр улсад тэгдэг гэнэ, азийн тэр улсад ингэдэг гэнэ, тэгэхэд жаргал даахгүй бла бла гээд л хээ.

Монголд усанд явдаг, түлээгээ хагалдаг, сургуулиас завсарддаг, энэ японд ч гэсэн сүүлийн үед хүүхдээ өлсгөж алах, орхиж явах, зодох, гээд л олон асуудал гарч, зурагтаар мэдээллэдэг.

Тийм ч гадаад хүүхдийг тэгж хэлэв, гадаад дадлагажигчийг ингэж гадуурхав гэж сонсогдоно. Тэр үед зулзагууд минь яг юу бодож санадаг нь сайн мэдэгдэхгүй. Том зулзага бол бүр л чимээгүй, багынх шигээ элдэв зүйл шулганахгүй байна.

Дунд зулзага, харин сургууль дээрх яриа үйл явдал, найзтайгаа муудсан, найзынхаа хэлсэн бүдүүлэг үгс зэргийг хэлнэ. Тэр бүрд нь ямар хариулт өгч, хэрхэн ярилцахаа хэсэгхэн секунд бодох ч тохиолдол гарна.

Зарим нэг ээж аавууд, хүүхдэдээ өөрт нь ямар ч гэм хийгээгүй, зүгээр л өөртэй нь холбоогоо тасалсан хүнийг муу хүн гэж ойлгуулаад, өнөөх нь тэрийг нь найзууддаа хэлэхийг хоёр чихээрээ сонсож байлаа. Цагийн сайханд долоочих гээд, зөндөө ашиглаж байсан хүн ээ шүү. Өөрсдөө тэр муу хүн гээд байгаа хүнийхээ хувьд бас л муу хүн нь байгаа даа.

Хүүхдэдээ хорвоогийн эрээн барааныг заахдаа нэг их өөрсдийн бодлоо тулгаад байх хэрэггүй л санагддаг. Хүүхэд чинь өөрөө ойлгоод, мэдрээд л явна гэж боддог. Мэдээж ерөнхий чигийг бол өгнө.

За тэгээд бусдын оронд өөрийгөө тавьж үзэн, үг үйлдлээ хянаад явчихвал тийм ээ? Тэгвэл ялгаварлал байхгүй болчих юм шиг санагдаад. Хэ хэ.

Өө тийм, хоёр жилийн өмнө нэг том сургамж авч билээ. Дахин айл гэрийн дотоод асуудалд нэг их том зөвлөгч болж том том дуугарахгүй гэж өөртөө амласан. Ха ха. Өөрсдөө зөвлөмж хүсэж ирсэн учраас л тэгж том том дуугарч ихийг мэдэгч царайлсан. Сүүлдээ бид өөрсдөө буруутан нь болоод, холбоогоо тасалсан даа...

Олон л янзын хүн байна. Уулын мод урттай богинотой, хүн бүр арван хуруу тэгш байхгүй гэх мэт үгсийг амны уншлага болгомоор санагддаг болсон доо.

За жаахан бурчихлаа. Бүгдэд нь амжилт хүсье.

2020年7月8日水曜日

7 сарын ном

За сардаа нэг ном уншдаг боллоо. Япон хэл дээрх номыг бол заримдаа бүр хоёр сар унших тохиолдол ч байна. "Хөөрөх мөч"-өө саяхан л уншиж дууссан.

 Үүнийг нэгэн сүрхий, мундаг коохай нүүр номдоо заавал уншаарай гэж оруулсан байхаар нь очоод худалдаад авчихлаа. 6 сард.

Хүмүүсийн сэтгэгдэл энэ тэрийг уншилгүй шууд ав гэсэн байсан. Юу ч уншилгүй авсан, үгэнд нь ороод. Хэ хэ.

Номын нэр "Тэнэмэл сар" гэж мунхаг би буулгаад...

Уншаад эхэлчихсэн. Өдөрт 5-10 хуудас уншина гэсэн зорилттой ч сонирхолтой санагдаад өдөрт 30 хуудас уншиж байна. Өдөрт ч гэж дээ, эхлээд хоёр өдөр л дөө.  Хи хи.

Миний бас нэг зан байна аа. Өнөөдөр тэдэн хуудас уншина гээд наадаг цаасаар тэмдэглэдэг. Шуналтаад их олон хуудас унших гэж үзнэ. Мэдээж амжихгүй. Түүндээ хааяа стрессдэх гээд байдаг ч...

Тэгсэн энэ номыг болохоор шуналтаад уншаад байна. Агуулга нь хоёр ч охинтой надад нэлээд ойрхон санагдаад. Бас ар гэрийн асуудалтай хүүхдийн сэтгэл зүйн байдал, насан туршид нь даган салдаггүй, сэтгэлийн шарх...

Олны цуу яриа, цахим ертөнц дээрх хүмүүсийн таамаг, онол, дүрс бичлэг гээд бүхий л зүйлийн хор уршгийг уншигчдад мэдрүүлэх гэсэн зорилготой юм болов уу? гэж бодлоо.

Агуулгын хувьд дуусахаараа бичихийг бодно оо. Уг ном нь, номын дэлгүүрүүдийн ажилтнуудын уншигч өргөн түмэнд санал болгодог номын шалгаруултад тэргүүлсэн.

Номын дэлгүүрт ажилладаг хүмүүс өөрсдийн уншсан, бусад уншигч ч гэсэн заавал уншаасай гэж хүссэн номоо ингэж шалгаруулдаг юм байна. 2005 оноос эхлэн үйл ажиллагаа нь эхэлсэн гэж байна.

Мөн чанартаа цахим ертөнцийг энэ мэт бие биенээсээ суралцдаг, мэддэггүй мэдээлэл зэргээ олж авахдаа ашиглавал асар хэрэгтэй тийм ээ? Муу муухай зүйлд ашигладаг асар завтай хүмүүс байх юм даа гэж...

За за хүн хэлэлтгүй би ч ухаалаг утсаа бага шиг оролдож, улс төржихөө жаахан багасгана аа. Хи хи. Овоо багассаан багассан. Ккк

За бүгдэд нь амжилт шүү. Номоо сайн уншаарай, удахгүй хил гааль нээгдэхээр ном захина даа. Надад ном өгмөөр байгаа хүмүүс нүүрномд минь мэссэж үлдээгээрэй. Хи хи.

2020年7月7日火曜日

Борголчин

Борголчин болох гээд л. Энэ нь уухаа хэлээд байгаа юм биш шүү. Найруулахаа хэлээд байна. Хэ хэ.

Солонгост буй найзаас ирсэн борголыг бутлах гэсэн бутлагч нь байдаггүй. Угтаа бол их л дээрээс худалдаж авна даа гэж бодсон. Завдахгүй гэх юм уу? Нэг бол гэр бүлийн гишүүдийн хэрэгцээг өмнөө тавиад л гээд ээжийн шалтаг мундаг биш.

Тэгсэн ашгүй найз, үрлэн? боргол өгч явуулаад, бутлагч авахаас өөр аргагүй болно биз дээ. Хэ хэ. Би бас тойроод гүйгээд байсан чинь хань ижил нэг дэлгүүр орохдоо аваад ирсэн. Яг хажуугаар нь өнгөрсөн гэнэ ээ, тэр лангууны. Хэд хэдэн төрөл байсан, угааж арчих зэргийг нь бодолцоод үүнийг авчихлаа гэсэн.
За энэ наана харагдаж байгаа нь. Харин тэр ууттай нь найзын явуулсан боргол. Хөөрхөн жижиг, авсаархан. Бас шил нь тусдаа тагтай. Бутласан борголоо таглаад хадгалчихна.

Яг бутлах болсон чинь охид хажууд шаваад. Бутлаж үзье, ээж ээ. Мөрөөддөг байсан гэсэн. Хи хи.
Грамлаж энэ тэр болж их л сүртэй үзсэн. 50 грамыг бутласан. Охид ээлжээр эргүүлсэн. Ээж хажуунаас нь хайр хүрээд л харжээ суув. 50 грам чинь бас хөөрхөн хэмжээтэй болдог юм байна лээ. Амралтын өдрөөр хоёр найруулаад, цаана нь жаахан үлдсэн. Энэ амралтраар дахин бутлана даа.

Ажлын өдрүүдээр ажил дээрээ инстант боргол уучихдаг юм. Гэснээ ингэж үрэл энэ тэрээр нь аваад өөрөө бутлаад найруулаад уухаар энд тэндхийн инстант боргол амтгүй санагдаад эхэлдэг гэсэн.

Аан тийм бас халуун усаа боргол дээрээсээ хийх нарийнхан урт цорготой сав хэрэгтэй болсон. Хэхэ. Ус буцалгагч минь жижигхэн, хурлан буцалдаг ч гоожуулахад сүл пал гэж гоожно оо. Түүнийг ирэх сарын төсвийг харж байгаад авах эсэхээ шийднэ дээ. Хөөрхөн үнэтэй хайрхан билээ шүү дээ. Хальт үнийг нь харсаан харсан. Хэ хэ. Хямдрал энэ тэр байна уу? хайна даа...

Тэр савныхаа зургийг оруулна аа. Олон жилийн дараа уншихад дурсамжтай тийм ээ?

За энэ амралтаар чинь хуушуур хийж идэх юм байна шүү. Ганц нэг хүүхэд цуглуулж байгаад. Гол нь сургууль нь гаргах нь уу?

Ноёдын наадам ч болдгоороо болох янзтай шүү тийм ээ? Овоо гүргэр ноёдтой яана даа бид...

Бүгдэд амжилт шүү.

2020年7月6日月曜日

4 дэх хүн

Өнгөрдөг долоо хоногт суугуул мужид 4 дэх халдвартай хүн "тодроод".

30-д насны хүн, цэцэрлэгийн багш залуу. Ам бүл 5-лаа. Гээд л нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Учир нь хотын захиргаа, урдны хүмүүсийн мэдээллийг дэлгэрэнгүй цацсангүй гэж баахан донгодуулсан юм.

Тэгсэн энэ удаагийн залуугийн тухай маш дэлгэрэнгүй, сүүлдээ бүр өрөвдөх ч шиг. Эхнэр хүүхэд нь хэцүүеэ, ажил сургуульдаа явахад сэтгэл санаа нь таагүй байгаа даа. Хүүхдүүд нь эргэн тойрныхоо хүүхдүүдэд элдвээр хэлүүлж байгаа даа гэж санаа зовов. Яахав, өөрөө гурвын гурван хүүхэдтэй, нас явж байгаа хүн чинь өр нимгэн болдог шиг. Хэ хэ.

Түүнээс ч эхэндээ уур хүрээд л байлаа. Учир нь уг залуу маш амьдралын идэвхитэй хүн байсан. Токио луу хувийн ажлаар яваад, явахдаа онгоцоор, ирэхдээ хурдан галт тэргээр харьж ирсэн. Ирснийхээ дараагаар хажуугийн хэд хэдэн муж бас явчихсан. Машинаар. Ингэхдээ найз нөхдөө дагуулаад явсан.

Халуурч эхэлтлээ ажлаа хийгээд явсан, хотын захиргаанаас зурагт ном уншиж өгөх арга хэмжээнд багшаар оролцсон. Тэгсэн бүр дунд зулзагын сургуулийн 5 дугаар ангийханд хүртэл зурагт ном унших сайн дурын арга хэмжээнд оролцоод, 10 минут орчим ангид нь байсан гэсэн. Сургуулиас гар утсанд тийм мэссэж ирсэн. Ингэхдээ мэдээж амны хаалттай байсан, хоорондын зайгаа чанд барьсан, шинж тэмдэг илрэхээс 2 долоо хоногийн өмнө тул сурагчдад халдвар тархах эрсдэл бага гэсэн байсан.

Мөн элдэв дэлгүүр хоршоо, хоол цайны газар, халуун рашаан гэх мэт газраар орсон байгаа юм.

Залуу хүнийхээ хувьд ингэж нийгмийн идэвхитэй байх нь маш чухал ч, цаг үе ямар байгаа билээ? Токио явах зайлшгүй шаардлага байсан эсэх? Ажлынх нь онцлогоо бодож үйлдлээ жаахан хянасан бол гэж бодоод гомдоод байна. Хэ хэ.

Зүгээр ч нэг цэцэрлэгийн багш биш, хөгжлийн бэрхшээлтэй? хүүхэд хүлээж авдаг цэцэрлэгт ажилладаг гэж байгаа. Эрүүл саруул жаахан хүүхэд ч гэсэн дээ, дархлаа сул, элдэв өвчинд өртөхдөө амархан эмзэг гэдгийг бодолцоогүйд нь уур хүрээд...

За за гомдлоо ингээд зогсооё дөө. Ойрын хавьтагч нар нь одоогоор сөрөг гарсан. Санаа зовж байгаа бол байнгын хороо? энэ тэр лүү утасдаж асууж, зөвлөгөө аваарай гэсэн.

Ямартай ч хоёр долоо хоног нэлээд анхаарал сэрэмж хэрэгтэй болчихлоо. Цэцэрлэг яаж байна гэхээр? Анги ангид нь оролгүй, бүр гадаа үүдэнд хүүхдээ өгч авна. Өнөө өглөө л гэхэд танихгүй багш хүлээж авсан чинь бага зулзага уйлж үзсэн. Хэ хэ.

Мөн энэ сарын 20 хүртэл арга хэмжээнүүд цуцлагдах нь цуцлагдаад, хойшлогдох нь хойшлогдов. Бага сургууль бас хэсэг хугацаанд чангарах байх. Ахлах сургууль одоогоор мэдэгдээгүй л байна.

Ажил дээр амны хаалтаа сайн зүүгээд, гараа сайн ариутгаад явна.

За нэг иймэрхүү, та нар наадмаа хийх гээд л байна уу? Үгүй ээ, ноёдын наадмыг зурагтаар харах гээд л байна уу? Хэддүгээр зуунд амьдраад байна даа?

Бүгдэд нь амжилт шүү.

2020年7月5日日曜日

Урлан

Нэг хэсэг охидынхоо зурсан зурагны зургийг их оруулдаг байсан тийм ээ? Нүүр номдоо ч тэр, блогтоо ч тэр.

Сүүлийн үед охид нэг их зурахаа ч байж, ганц нэг зурсныг нь би тоохоо ч байж. Хэ хэ.

Гэтэл бага зулзага үргэлжлээд зурж эхлэх гэж байна. Одоохондоо хүмүүсийг зур гэж шаардаад. Өөрөө зурсныг нь харж баясаад л сууж байна. Зурдаг эгч нар хөөрхөн амьтан энэ тэр зурж өгнө өө.

Ээж л жаахан асуудалтай. Одоогоор балчир юм болохоор, зурсан болгон минь таалагдаж байна. Алга ташиж энэ тэр. Хо хо.
За энэ ногоон өнгийн тосон харандаагаар зурсан нь ээжийн бүтээл. Шувуу. Ха ха. Харин хажуугийн бүдэг ягаан нь аавын бүтээл. Тоторо зурсан нь. Жаахан сонин болчлоо гэсэн. Намайгаа бодвол зурчихдаг хүн...

Дунд зулзага зурсан. Шаал өөр байгаа биз дээ? Хөөрхий минь хичээл ном, дугуйлан секц гээд зурах зав нь гарахгүй ээ. Харин дүүгээ цаас дэлгээд суухаар, гүйж ирээд ямар нэгэн юм зурж өгчихөөд байгаа. Ээждээ үглүүлнэ ээ, үгүй ээ чи минь даалгавараа хий гэж...

Манайхаар дүүрэн цагаан цаас. Хаях гэж байсан хуанли энэ тэрийн цаасыг цуглуулчихдаг. Тэгээд оройдоо, амралтын өдөр ингэж том том цаасаа дэлгэж байгаад зурдаг. Аминдаа ээжийн нэг арга барил. Зургийн хичээл, дүрслэх урлагийн хичээлд түүртэлгүй, өөрийгөө болгочихдог болох. Би чинь багадаа их түүртдэг байсөөн. Зурдаг хүмүүсийг гуйж энэ тэр. Хэ хэ.

Гэснээс солгой гар нь их явах юм аа, багын минь. Баруун гарт харандаа, халбагыг нь бариулаад л байгаа. Солгой хүн гарч энэ тэр...

За тэгээд бүхий л насны зулзагатай ээж аавуудад амжилт хүсье ээ. Бидний ирээдүй бидний гарт. Цагаахан цаасыг хэрхэн яаж хүмүүжүүлэх ч бидний гарт. Хи хи.

2020年7月4日土曜日

Хулуу

Эртээд хань ижил хөдөө яваад ирэхдээ авчирсан. Хулууг ингэж нунтаглаад, уутлаад тавьчихсан. Би хулуунд дуртай, шөлтэй хоолонд хийнэ, дангаар нь шарж иднэ, заримдаа хулууны зутан шөл хийнэ.

Өөрөөсөө чихэрлэг амттай, ерөнхийдөө гоё ногоо.
Хөдөөнийхөн маань тарьсан хулуугаа ингэж хадгалалтыг нь уртасгах, нэг бол шинэ бүтээгдэхүүн болгож худалдаанд гаргах зорилготой туршиж үзэж байгаа юм шиг байна лээ.
Бас даалгавартай өгч явуулсан байсан. Ямар хоолонд яаж хэрэглэснээ хэлээрэй, боломжийн байна уу? Яамаар байна? энэ тэр гээд.

Би бантан хийхдээ хийж хутгаад, буцалгасан. Ёстой дажгүй болсон. Том зулзага бантан идмээр байна гээд. Дунд зулзага би бантанд дургүй шүү, гэсэн. Хэзээдээ ч дургүй болчихов? Бүү мэд. Саяхан л монгол явахаараа эмээ өвөөдөө зайрмаг, бантан идмээр байна гэж хэлээд л идчихнэ гэсэн хүн байсан чинь.

Бага зулзага дажгүй идчихсэн. Гэснээс багыгаа бантангаар бараг хооллоогүй юм байна. Ёстой тоотойхон хийж өгсөн.

Одоогоор яс чанаад шөлөнд нь будаа хаяхдаа энэ хулуунаас хийж идээд байгаа. Шаргал өнгөтэй шөл болоод, амт нь ч дажгүй. Өөрөөр туршиж үзээгүй л байна. Дараа очихоороо дахин авчраад будаа агшаахдаа хийж үзье гэж бодоод байгаа.

Буянтай сайхан хүмүүсийн буянаар багаасаа идэж өсөөгүй, яаж хэрхэн хоол хийж идэх тухай мэддэггүй ногоо иддэг гэж. Төрлийг нь арвижуулаад явах санаатай ч, бас амжихгүй ээ. Элдэв л шалтгаан байна. Зулзагууд идэхгүй, би өөрөө бас жаахан дургүй, ажиллагаа ихтэй гээд л. Хэ хэ.

За ээж нарт амжилт хүсье. Гал тогоо бидний гарт, хи хи...

Өө тийм, үзэгчгүй, төсөв өндөртэй наадам хийх зөв ч юм уу? Бод бод бод...

2020年7月3日金曜日

Хүүхдийн ном 2

Энэ бас хөөрхөн, уншихад хялбар байсан.

Ганц нэг таалагдсан хэсгээс нь товчлоод орууллаа.

1. Нэгэн хотын? бага сургуулийн сурагчид, өндөр настай хүмүүс голлон амьдардаг байрны өндөр настангуудын хогийг гаргаж хаяхад нь тусалдаг. Хог хаядаг өдөр нь өглөө эртлэн очиж, хаалгыг нь тогшоод хогийг нь аваад гардаг.

Учир нь тэр байр нь цахилгаан шатгүй, ганц бие настангууд, хөл гар муутай, ямар нэгэн өвчтэй гэсэн настангууд голцуу оршин суудаг бөгөөд энэ арга хэмжээ нь маш их тустай, настангууд бөөн баяр болдог гэнэ.

2. Аомори мужийн жижигхэн арал? дээр япондоо ховордсон сармагчин нутгийн иргэдтэй хамтран оршин суудаг. Тэрхүү сармагчны зургийг олон жилийн турш зургийн аппаратны хальсанд буулгаж буй гэрэл зурагчин Мацүока гуай.

Нэг өдөр хотын захиргаанаас хамтарч ажиллах санал хүлээн авна. Агуулга нь иргэдийн тариан талбайг сүйтгээд байгаа "муу" сармагчинг таниж, зааж өгөх. Нэлээд удаан эргэлзсэний дараагаар, ажлынг хүлээн авна. Олон жил сармагчны зураг авч, нэг бүрт нь нэр өгөн дотносож, идээшин дассан сармагчингуудаа устгуулахаар барьж өгнө...

Энэ хоёр ном нь NHK эрхлэн гаргасан хүмүүнлэгийн нэвтрүүлгийг эмхтгэж гаргасан цуврал юм билээ. Дараа номын сан орохоороо бусдыг нь зээлж уншина аа.

Ээж аавууд минь хүүхдийнхээ уншиж буй, сонирхож буй зүйлсийг гүйлгэн харчихаж байгаарай. Их хөөрхөн хөөрхөн ном явж байдаг юм байан шүү...

Морины хүүхдүүд амны хаалттай уралдана гэв үү дээ? Өө ярьшиг, дураараа болцгоо, гарах үр дүн нь маньд хамаагүй шүү...

Хайран мөнгө, төсөв... Манай суугуул муж зуны баяр наадмаа бүгдийг цуцалсаан.

2020年7月2日木曜日

Асгана цутгана

Манайд нэг л их асгаж цутгасан хүн байна. Ямар ч зүйл хийж өгсөн асгана, гараа дүрнэ, заримдаа толгой дээрээ тавгаа хөмрөөд тавьчихна.
Зээ, энэ бол миний гараа гаргаж бүрсэн таргийг минь асгасан байдал. Хашраад жижигхээн аяганд багахаан шингэж зүйл хийж өгсөн ч дээрдээгүй. Хэ хэ. Гэхдээ яахав, хүүхэд бүр ийм л байдаг, ингэж байж хөгжинө гэж уужуухан хандаж байгаа л даа.

Үе үе ноён нуруу хугарчих гээд л байдаг болохоос биш, бусдаар бол тайван дөө.

Гэрийн минь дэл сул зүйлийг туугаад байна аа. Нэг газраас нөгөөд аваачиж тавиад, бид дараагаар нь хэн нэгнээ хардаад, хэрэглэсэн бол буцааж хураагаач ээ энэ тэр гэж бие биенээ загнасан хүмүүс. Сүүлдээ, нээрээ хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур нь энэ хүн байна гэж таана. Ха ха.

Мань хүн бол юу ч болоогүй мэт паацаганан алхаад, шулганасан шигээ л...

Коршоонкоо гаргаж ирсэн. Эгчийнх нь хэрэглэж байсан коршоонк. Би нээрээ их сайн хадгалж уу? Дахин маамаалах гээд л байж, гэж хань ижил явуулаад байгаа, намайгаа. Коршоонкноосоо айгаад, суулгасан чинь уйлаад байсан. Ямартай ч дасгаж байгаад, шээлээ баалаа гэж хэлдэг болгох нь ойрын зорилт.

Өө тийм, мээмнээсээ амжилттай гарсан. Үе үе хөөрхөн гар нь мээм рүүгээ явна.
Саяхан бүр амаа явуулсан. Үнссэн, өрөвдмөөр...

Анпа гэж хэлж сурсан. Анпанман гэсэн үг. Хүүхэлдэйн киноны баатрын нэр. Манмма гэж сайн хэлнэ. Үдээс өмнө, үдээс хойш өгдөг цайнаараа иддэг жигнэмэг гэх мэт зүйлийг ерөнхийд нь манмма гэдэг юм.

Ачю гэж дөхүүлээд байна. Ацүй гэж халуун гэсэн үг.

Дандаа япон үг хэлээд, монгол хэлээ заагаач гээд загнаад унав аа. Мэдэж монгол үг зааж байгаа. Аав аа, ээдээ-ээж ээ, өөр юу билээ? Кккк. Санадаггүй ээ. Загнуулсаан...

Сонсоод ойлгоно шүү, харин. Нүд чих, хамар, ам, пүү баабаа өмхий гэх мэт. Мөн надаа, машин, бөмбөг, гутал гээд л хэлэхээр ойлгоно оо ойлгоно.

За жаахан маамаа нартай ээжүүдэд, аавуудад амжилт шүү...

2020年7月1日水曜日

Амтат гуа

Жил бүр ганган нэртэй амтат гуа хүлээж авна аа бид. Нэгэн эмээ дэлгүүрээс нь шууд бидэнд хүргүүлчихдэг.

Нээрээ энд амар шүү дээ. Зарагдаж буй газар, дэлгүүр хоршооноос нь шууд өгөх хүнийхээ хаягийг бичиж өгөөд л мөнгөө төлөөд л явуулчихдаг. Бид бас хааяадаа ганц нэг хүмүүст тэгж явуулна аа. Нэг ёсондоо хүргэлттэй үйлчилгээ. Гол нь шуудангийн, хүргэлтийн компани дунд нь чухал үүрэг гүйцэтгэнэ.
Элизабет гэдэг нэртэй шүү. Энэ амтат гуа чинь бас төрөл сорт их юм билээ. Ногоон өнгөтэй ч байна.

Том зулзага нэг их дуртай биш. Бусад гишүүд бол иднэ. Анх нэг их дурлаагүй. Өвөрмөц амттай. Тэгээд ч ямар монголд идэж байсан биш. Бага зулзага яалаа? нээрээ. Жимсэнд муу хүн шүү дээ. Шүүсийг нь сороод байсан юм байна.

Энэ жимсээ эд нар томчуудын жимс, тансаг зэрэглэлийнхэн иддэг жимс энэ тэр гэх юм билээ. Харин сүүлийн үед тариалалт, сорт нь олшроод, үнэ өртөг нь ч боломжийн болоод, энгийн иргэд ч иддэг болсон гэсэн байх шүү.

Эмээдээ баярлалаа гэж утасдсан чинь эмнэлэгт хэвтээд гарсан, удахгүй та нарыг нэг цуглуулна аа гэсэн.

Аан тийм, эд нар бас эмнэлэгт хэвтсэнээ, өвдсөнөө, эдгэрснээ тэр бүр зарлаад байхгүй. Их сонион. Эхэндээ гайхдаг байлаа, ганц нэг эмээ өвөө эмнэлэгт хэвтэхээр нь очиж эргэдэг байлаа.

Тэгсэн эргэлт маань тэдэнд эсрэгээрээ төвөг болдог гэдгийг мэдээд, эргэж очихоо байсан. Хэ хэ. Яагаад төвөг болдог гэхээр, хүний тусыг бага ч атугай хүртсэн бол хариу барих ёстой гээд, эргээд яаж туслах уу? юу өгөх үү? гээд толгойгоо гашилгачихдаг юм билээ шүү дээ.

Сонин байна уу? Манайд яадаг билээ дээ? Хэвтээгүй байж зарлаад л, эргэлт авах өдрөө товлоод л, ямар хоол, юу авахаа бас бичээд л. Тийм ээ? Хэ хэ.

Эргэж очоогүй бол гомдоллоод л. Утсаа авахгүй, за ер нь Жавхландчих гээд байдаг даа. Ха ха.

Эдний философиор бол эргэж буй хүндээ төвөг болно, хүний өмнөөс өвдсөн биш, эргээд хариуг нь барих гэж хэцүү? эмнэлэгт байгаа гундуухан төрхөө харуулмааргүй байна энэ тэр гэж боддог шиг...

Амтат гуа ярьж байсан хүн юу яриад унав аа?

За ирээд удаагүй хүмүүс байвал сонин байж магад гэж бичлээ шүү. Эмээдээ уулзахаараа дуртай гамбирыг нь хийж өгнө өө.

Бүгдэд нь амжилт аа...