2023年2月13日月曜日

Үлэг гүрвэл

Бага зулзага бидэн хоёр үлэг гүрвэлээ ярьсаар л, ном зээлсээр л байгаа шүү. 

Дэлгүүрт явж байсан чинь дуугардаг үлэг гүрвэл олоод харчихсан. Барьж гүйгээд, "та халаасаа уудал даа, мөнгө байна уу? Үзье".

"Та надад дуугардаг үлэг гүрвэл авч өгөхгүй бол би танд маш их хайртай байхаа больчихно шүү". 

"Ааваа, та надад тэр нэг дуугардаг үлэг гүрвэлийг авч өгөхгүй бол би ээж та хоёрт маш их хайртай байхаа больчихно шүү".

"Э эгч рүү залгая аа, мөнгө байна уу гэж асууя аа". 

Э эгч гэдэг нь нагац эгч нь. Хо хо. Зүгээр байсан хүн үлэг гүрвэлийн өрөнд орчих шиг болсон. Ха ха. 

Саяхан зээлсэн нэг номонд Огава гэдэг хүний тухай байна. Сэтгэл хөдлөөд, энэ япончууд яахаараа ийм эх оронч юм бэ? гэж бодогдоод.

Энэ Allosaurus-ын тухай ном. Багачуудад зориулаад хөөрхөн яриа болгочихсон. Сүүлийн хэдэн хуудсанд болохоор танилцуулга нь, хэд дэх зууны ямар галавын үед байсан. 

Ямар тэжээлтэй, бие эрхтэн нь ямар бүтэцтэй, хаанаас олдсон, хэд олдсон гэх мэт. 

Америкийн баруун хэсгийн муж улс болох Ютад олдсон олдворыг ухах ажлыг санхүүжүүлж, оронд нь эх нутагтаа хэдэн чулуужсан олдворыг нь авах эрхийг авсан япон хүн байх. 

Нэр нь Огава Юүкичи (1988-1972). Залуудаа америк руу гарч, элдэв бэрхшээлийг туулан амжилтанд хүрсэн. 68 насандаа эх орондоо "айлчилж". 

Тэгсэн хүүхэд багачуудад зориулсан музей зэрэгт үлэг гүрвэлийн бүтэн биеийн чулуужсан үзмэр нэг ч байгаагүйд сэтгэл нь эмзэглэж, энэ тал дээр бодит ажил хийсэн нь дээрх Allosaurus-н олдвороос эх орондоо авчрах.

1962 онд ориг чулуужсан олдворыг нь эх орондоо авчирч, 1964 онд музейд тавигдаж, олны хүртээл болсон.

Хүүхэд багачуудынхаа танин мэдэхүйд асар их хувь нэмэр оруулсан...

Гэтэл манайхан яасан билээ дээ. Үлэг гүрвэлийн олдоворын тоогоор дэлхийд 3-т ордог юм байна. 

Тэгээд үнэт ховор олдвороо ашиг хонжоо хайгчдын харгайгаар гадагш нь алдчихсан тохиолдол их байдаг гэнэ. Харамсалтай тийм ээ?

Бага зулагын зээлсэн эдгээр номнуудаас "монгол" гэж олж уншихаараа цаанаас нэг тийм бахархал төрдөг юм билээ. Зулзагууддаа бахархалтай нь аргагүй "монгол" гэнэ ээ, ерөөсөө тоолох уу? гэж ирээд л уншдаг.

Дараа яг ямар ямар үлэг гүрвэлүүд олдсон байдаг тоог нь нэр устай нь эндээ бичнэ ээ. Санаж байхын тулд...

Нутаг усаа хайрлах, эх оронч гэдэг үзэл нь бидний төсөөлж боддогоос маш өөр хандлага, үзэл баримтлал бололтой...

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2023年2月12日日曜日

Сүши & бууз 2

Эртээдийн бичвэрт буузныхаа зургийг оруулаагүй байна лээ. Хэ хэ. 

Хормогчоо өмсөж аваад л гурилаа элдэв. Цугласан япончуудын нүд орой дээрээ гарч байна өө. Мэргэжлийн гурил эллдэгч байна аа л гэцгээв. Хо хо.

Өө энэ чинь манай нутагт мэдээжийн хэрэг ээ л гэлээ. Хань ижил бас мэргэжлийн чимхэгч боллоо. Манай нутагт эрчүүд нь их ажилсаг аа л гэлээ. Хэ хэ.

За энэ хундага их учиртай. Болор хундага. 4 ширхэг байсан гэнэ. Нэгийг нь хагалчихсан гэнэ. Үнийг нь сонсоод хагалсан хүн нь муужирч унахаа шахсан гэнэ. 

Бид ч сонсоолд ухаан алдах шахав. 20-д жилийн өмнөх ханшаар нэг нь 150 мянган иен, одоогийн ханшаар 300 мянган иен. Та хэд өөрсдөө төгрөгт шилжүүлж бодоод үзнэ биз дээ? 

Улаан цагаан дарс амтархан ууж байсан улсын гар нь чичрээд, салгалаад ирсэн. Хагалчих вий гээд, ерөөсөө зүгээр л энгийн хундагаар ууцгаая болцгоогоод байсан. Хи хи. 

Би ч уугаагүй болохоор дараа би энэ хундагаар чинь ууна шүү, гар минь салганах нь уу? Үзнэ гэж тохиров. Хо хо.

Буузныхаа зургийг амжиж дарсан. Хүмүүст маш их таалагдсан. Бүр уламжлал болгоцгооё гэсэн. Жил бүрийн 2 дугаар сарын эхний долоо хоногийн хагас сайныг бууз идэх өдөр болгоцгооё гэж авсан. 

Өөрсдөө чимхэлцэхгүй байж. Бид л эх орныхоо нэрийг бодоод, ганц ч болтугай хүн эх оронд минь дурлаж, аялаасай гэж чармайх байх даа тийм ээ? Хааяа ч ажил ихтэй үед гурил зуурч элдэх, чимхэх ч төвөгтэй санагддагийг нуухгүй ээ. 

Надтай өнгө ижил бүсгүйчүүд их юм билээ шүү. Муу ээж, залхуу ээж гээд бухимдаад унав даа. Хүн бүр адилгүй шүү дээ. Хэ хэ.

Гэснээс амралтын өдрүүдээр бууз чимхэж хөлдөөнө дөө. Хэдэн сурагчид, залуус ирж бууз жигнүүлж идэх байх...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2023年2月11日土曜日

Хайтани Кэнжиро

Хайтани Кэнжиро зохиолчийн бас нэг ном. Өнгөрдөг оны зун зээлж уншсан. Хүүхдэд зориулсан тул нэг их хүнд ханз, үг хэллэг гарахгүй. Амархан уншигдсан. Хэ хэ. Энэ 6-р ангийнханд зориулсан зохиолуудтай. 

Завтай болохоороо 1-5-р ангийнханд зориулсан зохиолуудыг нь ч уншина гэж бодож байгаа. 

Бага сургуулийн 6 ангийн 8 сурагчийн тухай гарна. Яг ар гэрийнх нь амьдрал гарахгүй. 

Тэдний үйлддэг "дэггүй, сахилгагагүй" зүйлийн тухай гарна. Гэхдээ нэг тийм гэгээн, цагаан, тусч сахилгагүйтэл, бүтэлгүйтэл.

Тэдний нэг нь биеэр ч, оюун ухаанаараа ч үеийнхнээсээ бага зэрэг хоцрогдолтой. Түүнийгээ өнөөдүүл нь ч орхихгүй. Буруу зүйлдээ ч, сайн зүйлдээ ч дагуулаад явна. Хөөрхөн.

Хамгийн сэтгэлд хоногшсон нэг яриа нь. Зохиолд обан гэж гардаг хөрш эмээгийн тухай. Обан нэг хүүтэй. Тэр хүү нь гадаадад ажилладаг. Завгүй тул харьж ирэх нь ховор. 

Өнөөх 8 жаал эмээгээс асууна. 

-Хүүтэй чинь бид ерөөсөө уулзаж байгаагүй шүү дээ. 

-Аргагүй шүү дээ, та нарыг хичээлдээ явчихсан хойгуур ирээд явчихдаг юм чинь.

Нэгэн өдөр эмгэн утсаар ярихыг нь сонсчихно, тэд. Хүүтэйгээ бололтой. 

-Ямар галт тэрэгний буудал аа? Аан за...

Хүү нь ажил ихтэй тул ойрхон өртөөгөөр дамжин өнгөрөх гэнэ. Эмээг хүүтэй нь хальт ч болов уулзуулчих юмсан хэдүүлээ...

Өөрсдөөсөө хэдхэн насаар л ах бас нэгийгээ гуйж машин бариулаад, галт тэрэгний өртөө рүү жирийлгэнэ. Өнөөх нь мэдээж жолооны үнэмлэхгүй. Амьжиргаа цагаан юм шиг байгаа юм. 

Өнөө 8 чинь бас явчихмаар байдаг, ачаан дээр нь гараад суучихна. Хэрэв цагдаа таарвал эмээг мухар олгой нь өвдөөд яг үхлээ гэж хэлнэ шүү гэж үг зааж өгнө. Хэ хэ.

Эмээ хүүтэйгээ уулзана, уйлаад л уйлаад л... 

Хүүгийн гарт даавуу бүтээлгээтэй, түүний дор төмөр гялтаганана...

Нэг нь, хүүгийн гарт байгаа юу вэ гээд асуучихна, нөгөөдүүл нь сандарна...

"Завгүй хүүтэйгээ уулзаж амжлаа шүү, гадаад луугаа явчихлаа шүү" гэж эмээг тайтгаруулна...

Гэнэн цайлган, сахилгагүй бага насаа дурссан. Дэггүй ч байж, аманцар ч байж хэхэ. Ороочээ гэж дуудуулж орно, нэг гарахаараа. Юу хийдэг байсан юм бол нээрээ? Хэ хэ. 

Дунд ангид ороод томоожиж эхэлсэн шиг байгаа юм. 

Дараа бусад зохиолыг нь зээлж уншихаараа танилцуулна аа. Хүүхдүүдийг жаахан дэггүй байж, түүнээсээ суралцдаг гэдгийг ойлгуулахыг хүсдэг зохиолч бололтой. Дуртай сэдэв...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年2月10日金曜日

Хэлхээгүй сувд

Өрөөстэй номнуудаасаа бага багаар уншиж эхлэв. Жижгээс нь түүж.

Их зохиолч Д.Нацагдоржийн дуусгаж амжаагүй нэгэн тууж, хэд хэлэн өгүүллэгтэй бяцхан ном. Бяцхан ном уншихад урамтай тийм ээ? 

Хайран сайхан зохиолчоо идэр залуугаар нь алдчихдаг азгүй улсаа даа бид. Дуусгаагүй туужийг нь уншиж дуусаад ийм бодол өөрийн эрхгүй төрсөн. 

Үргэлжлэлийг нь хүсээд, уншмаар байна. Уншигчдын энэ хүслийг хэн биелүүлэх вэ?

Энэ ном цуврал бөгөөд 1 дүгээрхийг нь би худалдаж авчээ, өнгөрдөг жил...

3 дахь байгаа юм байна. "Тэнгэрийн цаг болоогүй" гээд. Дашийн Оюунчимэг зохиолчийнх. 

2 дахь нь "Кокоро" гээд Нацүмэ Соосэки зохиолчийн ном юм байна. Кокорог бол уншсан. Яг энэ номыг биш. "Сэтгэл" гэдэг өөр нэгэн хэвлэлийг. Япон хэлээр нь унших гэж нэг үзсэн. Бараагүй орхисон, олон жилийн өмнө. Сүүлд нэг сөхөж үзнэ ээ. 

Өгүүллэгүүдэд нь багадаа уншиж байсан "Хуучин хүү", "Шувуун саарал", "Ламбугайн нулимс" тэргүүтэй шилдгүүд нь орсон байсан. Ихэд олзуурхсан. 

Тухайн үеийнх нь аялга? хэллэгээр нь бичсэн. Жишээ нь -дор, -ахуй, -үгүй гэх мэ.

"Хуучин хүү"-г уншсан чинь шууд 10 жилийн анги танхим, ширээ сандал нүдэнд харагдаж байна лээ. Хэ хэ. 

Бас хань ижилдээ чанга дуугаар уншиж өгсөн чинь эхний өгүүлбэрийн хамтаар "Тавхийтэл мориноосоо буун, тасхийтэл жолоогоо сойгоод тосон дор дарагдсан урд хормойгоороо наран дор шарагдсан нүүрийн хөлсөө арчин нусаа хүрхийтэл нийгээд гэр дор оров". Гэсэн өгүүлбэрийг цээжээр мэдэж байна лээ шүү дээ. Айлын хүүхэд ийм айхтар. Хэ хэ. 

Би гэтэл эхний нэг өгүүлбэрийг л цээжээр мэдэж байсан. Бодвол бас л ингээд цээжилж л байсан байх даа. Байхдаа ч гэж дээ цээжилсэн цээжилсэн. Олон юм уншаад, эхнээс нь мартаад явсан гэж өөрийгөө зөвтгөх үү дээ. Хэ хэ.

31-хэн насандаа энэ хорвоогоос явчихсан гэхээр үнэхээрийн харамсалтай тийм ээ? 100 насалж зургаадай таяг тулсан бол ямар их бүтээл туурвих байсан бол...

Яруу найраг, шүлгийг нь багадаа мөн ч их уншдаг байжээ. Нэрлэвэл олон, гэснээс яруу найраг, шүлгийн түүвэр бүхий номыг нь олж авна аа. 

Цаг үе нь ч нөлөөлсөн байх лам нарт нэлээд шүүмжлэлтэй ханддаг байсан шиг байна. Би ч бас тэгж ханддаг. Одооны лам нар тухайн он цагын түүхэнд гардаг лам нараас нэг их дээрдээгүй санагддаг, ард иргэдийг шулдаг...

За элдэв зүйл бурахаасаа өмнө дуусгая даа. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年2月9日木曜日

Сүши & бууз

Юу ч хийхгүй ном уншаад л суугаагүй шүү. Ээж, эхнэр хүн болсон хойно гал тогоогоо эзэгнэхэн оршино оо бас. Хэ хэ. 

Нэг япон танилдаа нэг их сайн хүн болоод бууз жигнэж өгнө гээд хэлчихсэн биш, шалаад салдаггүй. За өдөр судраа тогтлоо. Тэгсэн чинь цаг нар, буузны орц, дан ганц бууз жаахан хүрэлцэхгүй байх гээд байн байн мэссэж бичээстэй. Сүүлдээ залхах ч шиг. Хи хи. 

Япон хүний гэм биш зан юм даа гэж уужуу загнаастай. Дээрээс нь бас мэргэжлийн, ажлын онцлог нэмэгдчихэж байгаа юм...

Ууж идэх өдрөө цагийн өмнө дэлгүүрийн гадаа уулзаж иймэрхүү савлагаатай сүши хэдийг худалдаж авав. Уух юм, бусад амттан гэх мэтийг худалдаж аваад бэлдчихсэн байсан.

Энэ самган нь хийсэн байх. Далайн зөөлөн биетийг даршилсан байсан. Дажгүй амттай санагдсан. Шар айраг уухдаа даруулга болгоход дажгүй байдаг гээд сүүлд гаргаж ирсэн. Цугласан япончууд өөрсдөө дуртай идэж байсан. 

Би тэр өдөр жолооч хийсэн тул уугаагүй, их даруухан байсан. Хо хо.


Энэ манго жимсний цэлцэгнүүр. Бүсгүйчүүдэд бэлдсэн байсан. Манго жимсэнд дуртай ч иймэрхүү цэлцэгнүүрт нэг их дуртай биш. Би өөрөө дэлгүүрээс авдаггүй. Хүний өгсөн зэргийг бол амсаж үздэг. Хэ хэ. 

За буузныхаа зургийг дараагийн бичлэгтээ оруулна аа. 

Гэснээс бичвэр гэж хэлдэг шиг байна лаа. Сая хайж үзлээ. Бичвэр гэж бичиж байна аа, хойшид. 

За түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年2月8日水曜日

Өлсөцгөөе

За энэ номыг хэний билээ нүүрномноос харж байсан? Эсвэл эндээ хаа нэгтээ харж байсан? Сайн санадаггүй ээ. 

Уншихаар шийдсэн. Учир нь хөвсийгөөд байна гэж хэлсэн дээ. Хөвсгөрөөсөө салчих санаатай. Хэ хэ. Мөн анагаахын шинжлэх ухааны мэдлэг мэдээллээ тэлэх зорилготой. 

Ойрд анагаахын чиглэлийн цаас шагайсангүй, цээжилсэн хэдэн үгээ мартсан байх. Учиргүй үг цээжлээд гүйхгүй ч иймэрхүү төрлийн ном уншвал ганц нэг үг сэргээгдэх юм даа тийм ээ? 

Хэдэн жилийн өмнө Autophagy гээд шуугьсан даа. Нобелийн шагнал хүртсэн. Хэдэн жил ч гэж дээ, 2016 он гэхээр даруй 6 жил өнгөрчээ. 

Энэ Autophagy гэдэг нь  "өөрийгөө идэх" гэсэн утгатай эртний Грек үг гэнэ. Энэ талаар зөндөө л энд тэнд бичээстэй байгаа байх, энэ удаад номыг бичсэн эмчийн аргаас түлхүү бичнэ шүү. 

Өөрийнхөө нэг алдаа гэх юм уу? Сул талыг олж мэдлээ. Гарсан номнуудыг дандаа олон жилийн хойно олж уншдаг. Хэ хэ. 

Яг цаг тухайн үед нь олоод уншаад, судлаад явчихгүй. Тийм ээ? Уншина даа гэж бодож явсаар цаг хугацаа алддаг гэдгээ мэдээд л байгаа. Тохироо бүрдэхгүй их удах юм өө...

Autophagy гээч зүйлийг ашиглан, өөрт таарсан эмчилгээ буюу нэг ёсондоо эрүүл хооллох аргыг олж авсан тухайгаа энэ номд бичсэн байна, зохиолч нь. 

Аоки Ацүши. Дотоод шүүрлийн бодисын солилцоо болон чихрийн шижин өвчний чиглэлээр мэргэшсэн эмч. Чихрийн шижин өвчний хувийн эмнэлэгтэй. 40 насандаа хэлний хорт хавдраар өвдсөн. Хавдрын голомтыг бол мэдээж хагалгаагаар авсан. Харин хорт хавдар энд тэнд үсэрхийлж, дахин илрэхгүй байх тал дээр анхаарч олон судалгаа, ном товхимол уншиж судалсан. 

Эцсийн үр дүнд энэ энэхүү "өлөн байх", "өслгөлөн байх" гэдэг аргыг хэрэглэхээр шийдсэн. 

"Би өөрөө эмч хүн, тодорхой хэмжээгээр хоолондоо, эрүүл мэнддээ анхаарч ирсэн гэж боддог байсан ч өөрийн мэдэлгүй, санамсартай санамсаргүйгээр буруу хооллодог, сахарын хэмжээгээ ихдүүлдэг байжээ" гэжээ.   

Бид ч, би ч яг ийм л байгаа. Аминдаа олон зүйл уншаад, сонсоод яваа ч өдөр тутмын амьдралын хэв маяг, хооллонтонд минь "сахар" гэгч хор асар ихээр нуугдаад байдаг. Түүнийг нь мэдэхгүй, нэг бол мэдсээр байж ам руугаа хийж байна. Тийм ээ? 

Энэ зурагт гэхэд л хамгаас дуртай хоёр амттан минь байж л байх...

"Япон хүний нэг өдрийн сахарын хэмжээ 170 гр гэгддэг. Жишээ нь нэг аяга агшаасан цагаан будаа нь 50 гр сахар агуулдаг. Өглөө, өдөр, орой гээд гурван удаа будаа иддэг гэхээр авах ёстой хэмжээгээ бараг авчихаж байна. Гэтэл дээрээс нь элдэв амттан болон бусад хүнснээс авдаг сахарын хэмжээг нэмэхэд л хэтрүүлж хэрэглээд байгаа нь нэгэнт тодорхой".

Манайх гэхэд л өдөрт хоёр удаа будаа иддэг. Цэцэрлэг сургууль, ажил, орой нь гэртээ. Өглөө будаа иддэггүй. Талх иддэг. За тэгээд хажуугаар нь ёсон жорын амттан иднэ. Хань ижилтэйгээ оройдоо шар айраг, улаан дарс шимнэ. 

Энэ бүхний цаана нуугдаж байгаа далд сахарыг нэмэхээр талийж өгөх нь ээ...

"Сахар", "Идэх эмгэг" гэх мэт ном уншаад аминдаа багасгах гэж үзэж тарж байна. Ноён нуруу хугарах үе нь их. Гэхдээ ийнхүү уншсанаар дэлгүүр хоршооны амттаны тасгаар аль болох шагайхгүйг хичээдэг болсон.

Мөн хүнсээ цуглуулахдаа зулзагуудаа дагуулж явахгүйг хичээдэг болсон. Тэд чинь өөрсдийн идмээр байгаа амттанаа яаж ийгээд л сагс руу хийчих гээд байдаг улс... 

Ундаа харин уудаггүй, өдөр тутамдаа. Түүнээс хааяа энд тэнд явахад хүмүүсийн өгснийг, мөн хаа нэгтээ гадуур хооллоход сонирхоод авч уудаг. Гэхдээ бүгдийг нь ууж чадалгүй орхисон байдаг.

Тэгэхэд монголд хүүхдүүддээ кола гэх мэт ундааг ихээр уулгадаг юм билээ. Тиймэрхүү хүмүүстэй таарахаараа тэсэлгүй хэлж "ад болно оо" заримдаа. Зарим нэг ухамсартай нь биднээс үлгэр дуурайлал авч харагддаг. Ооё.

За тэгээд сахар нь хүний биед ихэдхээрээ яадаг тухай, ямар эрсдэлтэй тухай номын эхэнд гарна. Энэ тухай сүүлийн үед харьцангүй ихээр ярьж, бичдэг болсон тул би эндээ бичихгүй ээ. 

"Өлөн байх, өлсгөлөн байх цагаа уртасгах. Идэхгүй байвал цусан дахь сахар бага багаар бууна, дотор эрхтнүүд амарна. Сүүлд юм идээд 10 гаран цаг өнгөрөхөд элгэнд хуримтлагдсан сахар алга болж, өөх задарч энерги болно. 16 цаг өнгөрөхөд биед дээрх Autophagy гээч зүйл ажиллаж эхлэнэ".

Эмчийн өөрийнх нь хооллолт нь ажлын өдөрт өглөө 7 цагт чанасан өндөг, ногоо гэх мэт өглөөний цай, орой 9 цагт оройн хоол. Энэ хооронд юу ч идэхгүй. Хэт өлсөөд байвал төрөл бүрийн самар идэж болно.

Амралтын өдөр буюу хагас бүтэн сайны аль нэгэнд өглөө, өдөр идэлгүй зөвхөн оройн хоол л иддэг. 

Нэг ёсондоо ажлын өдөр 13-16 цаг, амралтын өдөр 24 цагийн мацаг? барьдаг байх нь. 

Гэх мэтээр уншсанаа бага багаар бичээд явна аа. Өнөөдөртөө ингээд дуусгая.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2023年2月7日火曜日

Цаг төрийн үймээн3

Тэмдэглэж авсан үг, хэллэгүүд их байна өө. Дуусах яагаа ч үгүй байна. Гэхдээ тэндээсээ түүгээд л эндээ бичье дөө. Бүгдийг нь бичих гэхээр миний залхуу хүрээд байна аа. Хэ хэ. 

Дараагийнхаа номондоо төвлөрмөөр байна өө. Энэ удаад дан өвөрмөц хэллэг, зүйр үг зэргийг түүлээ. Их ховор сонсож байсан, өмнө нь сонсож байгаагүй, уншиж байгаагүйгээ шүү. 

"Түүх бол өнгөрснийг хэлэх боловч тэр улсын зан чанарыг илчилнэ. Ирээдүйн зам мөрийг ч заана". 

"Сүүнд халсан хүн тараг үлээнэ гэгчээр".

"үхсэнийг газартаа, амьдыг явдалдаа гэж байдаг".

"Монголын хүү тогоогоо, хятадын хүү галаа".

Дуугардаг сэтгэлээс дуугардаггүй сэтгэл түмэн зовлон эдэлнэ".

"Амиа хорловол хүн алсны адил нүгэлтэй гэдэг".

"Ус урсах нь уруугаа боловч уусан бүхэнд унд болон тэнхрүүлэхийн төлөө"-Хятад зүйр үг.

"Хүн ганц амьтай, мөнгө мянган амьтай"-Хятад зүйр үг?

"Барс сургагчийн төгсгөл барсдаа бариулахад байдаг"-Зүйр үг.

"Хоолойд дүүжлүүр, хонгонд шулуур".

"Баян хүн таван хаанд нүүртэй".

"Монгол хүмүүс бол өгөгчид бөгөөд өгснийхөө хариуг горьдогчид биш билээ. Гэвч өгснийг заавал авдаг ёстой". 

За тэгээд цагаан сарын тухай гарна. Бид дээрээс л их ач холбогдол өгдөг байж уг баярт. Өр шир тавиад л, байдгаа бараад л. Өдгөө ч тийм гэхээр. Уламжлалт баяр, уламжлалаа авч үлдэх тухайд бол дэмжээд байгаа. 

Гол нь нэг л их сүрийг бадруулаад, баахан хадаг яндар, архи, бэлэг сэлт, ширээ дүүрэн мах, ул боов (гурил). Багад ч гэсэн нүсэр л санагддаг байсан. Цай самрах л гар их өвддөг байж билээ. Хөдөөнөөс хөлдөөсөн сүү ирдэг байсан юм. Тэгээд л жижигхээн плитка дээр, жижигхээн данханд самраад л, хүмүүсийг хүлээлгэлээ гэж томчууд ундууцаад л. Хэ хэ. 

Өөр нэг огтоос өөрчлөгдөөгүй зүйл нь зэрэг дэв, жинс гээч юмны төлөө үхэн хатан зүтгэх явдал. Улс эх орноо худалдаад л... Одоогийн одонгийн төлөөх тэмцэл, нүүрсний хулгай энэ тэр агаар нэг санагдаад байх юм...

Зохиолын дунд харамсалтай, гэнэн үхэл хагацал гардаг ч төгсгөл нь зарим нэг баатрын хувьд сайхан төгсөнө. 

Бидний цөөхөн монголчууд их гэнэн цайлган, муу муухай санаагүй, цаанаасаа л билэггүй зүйл амнаасаа унагаах дургүй улс байжээ. 

Иймэрхүү түүхийн ном уншихаар жаахан бухимдах гээд байдаг тийм ээ? Хэд хэдэн дээхний роман авчихсан юмсан. Нэг их удаалгүй уншина аа. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2023年2月6日月曜日

Цаг төрийн үймээн2

Уншаад дууссан шүү. Хоёр он дамжиж уншив. Нүүр номдоо нэг иймэрхүү зураг хөрөгтэй оруулж, олон нийтэд зарлаж ирээд, амттан идсэн шиг сүрийг бадруулсан бадруулсан. Хэ хэ.

Мөн 1 сарын сүүлээр бид номныхоо тухай ярилцсан. Энэ бүсгүйчүүд үнэн гайхалтай өнцгөөс харж унших юм аа. Би "хурдан дуусаасай" гэж бодон уншсан. Хэ хэ. 

Аргагүй л зууны шилдэг роман. Нэг тийм цаанаасаа л сэтгэлд тааламжтайгаар уншсан. 3 бүлэгтэй. Бүлэг дотроо жижиг жижиг гарчигтай. За өнөөдөр энэ гарчгийг унших юм шүү гэж төлөвлөснөө нэг мэдэхэд дараагийн гарчгийг уншчихсан явна. Сонирхолтой байсан гэсэн үг тийм үү?

Зохиолч маань өөрөө бас л их ээдрээтэй амьдрал туулжээ. Хэлмэгдсэн, цагаатгагдсан, хань ижил, үр хүүхдээ алдсан гээд л. 15-хан насандаа Герман улсад суралцахаар нисчээ. Тэр нь сүүлд өөрийг нь хилс хэрэгт гүтгэгдэж олон жил шоронд суух шалтаг нь болчихдог. Харамсалтай... 

"Учиртай гурван толгой" дуурийг Д.Нацагдоржтой хамтран бичсэн юм байна. Дан ганц Д.Нацагдоржийн бүтээл гэж боддог байлаа...

Намтрыг нь дэлгэрэнгүй сонирхож байвал арван хуруугаа ажиллуулахад л гараад ирнэ шүү. Амжилт хүсье.

Гэснээс ингэж франц, германд сургадаг байсан нь асар ач холбогдолтой байсан тийм ээ? Үндэстний сэхээтэн төрөн гарч байж. Сүүлд л тэнэгтээд тагнуул энэ тэр гэж солиороод явчихсан болохоос. 

Өөрсдийнх нь бодлогыг эсэргүүцэх магадлалтай сэхээтнүүдийг минь "хороох" нэг арга нь байжээ. Зэвүүн...

Энэ тухай бичвэл дуусахгүй, тэгээд ч миний мэддэг сэдэв биш. Ер нь түүх маруухан мэддэг, он сар өдрийг нь мартчихдаг.

Тэмдэглэж авсан мэддэггүй монгол үгнүүдээ түүж оруулав. Сүүлд би өөрөө эргэж харахад хэрэгтэй. Тэгээд ч сүүлийн уншсан номнуудад "УНШ УНШ, БИЧ БИЧ" гэдэг өгүүлбэртэй их таарсан...

Хивдэс (хэвдэс)-Хэвэгч амьтны хэвээд амнаасаа унагасан сэвс. Малын хэвдэс. Малын сэвс.

Цэрлэгэр-Олдсонгүй ээ. Мэддэг хүн байвал хэлж өгөөрэй.

Тэгжгэр-Тэгдгэр. Мал амьтны бахим эрүүл шүд.

(Хярууг) унагалах-Юмыг зэрэг зэрэг унагах.

Үзүүрсгэн дээл-Намар алсан хонины арьсаар хийсэн нягталхан үстэй дээл.

Хүвэрдэх-Хөвөрдөх.

Үйсэн-Хус модны гадаад хальс.

Хунз-Юм агуулах томхон араг, сэвэг. Цайны сав.

Дэнчингалба-?

Даачуу тэрэг-Ачаа бараа тээвэрлэх том морин тэрэг.

"Үзээгүй юмаа үзэж үхэр цамаа харайх".

Үхэнхий-Дорой буурай, сул, үлбэгэр, үхээнц.

Хохинг-Хохинго гэдгийг алдаж бичжээ. Жишээ нь Цаг төрийн үймээн номноос авч. Утга нь маш ядуу зүдүү, дорой. Эцэнхий, туранхай.

Гурдгархан залуу-? Горзгор, өндөр горзойсон гэж ойлгосон. Хэ хэ.

"Ягтсан эрд ядуу хүнээс илүү ачтан үгүй".

"Үүдэн дээр ганц нарийхан бургасан саваа түшүүлэн тавих нь нэг талаар эзгүйн тэмдэг. Нөгөө талаар гадны хүн орохыг чандлан цаазалсан сүрхий хорио тэр болдог байжээ".

Сарьст (хүрээ)-Хоны ямааны арьсыг боловсруулж хийсэн нимгэн илэг.

Янпай-Муу юмсыг үргээн зайлуулахаар сүмийн өмнө босгосон гурван хавтастай хаалт. Хааны зарлигатай сүмийн өмнө босгодог зарлигийн самбар.

Тунтуй-Боодол.

"Хов живийг хүлээн авах, хов живч нөхдөөр биеэ тойруулах бол төрийн хүний шинж биш, тэнэг мунхгийн явдал".

Балданцэрэн гүнг крашлаад байсан бүсгүйчүүд маань. Хэ э. Хятад манж хэлтэй. Хянуур, няхуур, аливааг тунгаан бодох чадвартай. Гэм нь хайр сэтгэлийн асуудалд жаахан "хойрго" ханддаг. Хо хо.

Дээхний төрийн хүмүүс их чадалтай, алсын хараатай, өөрийн гэсэн бодолтой, ухаант хүмүүс байжээ. Дор хаяад л хөрш хоёр орныхоо хэлийг төгс эзэмшсэн, эх оронч, шударга, хувийн шуналгүй...

Ирээдүйд төрд зүтгэнэ дээ гэж хүсдэг залуус нэгийг бодууштай...

Бөгтрүүлэх-Юмыг голоор нь нугалуулан юман дээгүүр тохуулах.

Сунтаг-Тарни тогтоолын утас, таван өнгийн утсаар томж хийсэн бүдүүн утас.

Тэрмэн дээл-Тэрмээр хийсэн дээл. Тэрэм гэдэг нь Төвөдийн гар үйлдвэрлэгчид хонины ноосоор нэхэж хийдэг байсан нэг зүйл бүдүүн ширхэгтэй бөс.

Хуалан-Аялгуулан хэлж, өөрийн хуруугаар гаргасан тоог, тоглогч хүний гаргасан тоотой нийлүүлэн таалцаж наадах.

Ял янганд унагаах-Ял янх гэдэг үг болтой. Шийтгэл цээрлэл.

Шодон (буурал гэзэг)-Богино болоод нарийн, годгор.

"Үнэн үг үнэтэй, худал үг хортой".

Шоотгор-?

Шударга хөгжим-Шанз хөгжим.

Царил-Газар, шороо, чулуу зэргийг ухах, онгилох, сэндчих үзүүр бүхий төмөр зэвсэг.

Эехэн-? Эв э?, эе зүй гэсэн утгайтай болов уу?

Луугар-Хүнд нүсэр. Гол зам, аян жингийн их зам. Түрэмгий зан авиртай, дээрэлхүү этгээд, нутгийн овгор.

"Хавхнаасаа гинж нь".-

"Нохой зоолох тусмаа сүүл агсах, хүн баяжих тусмаа хамар шантайлгах".

Үргэлжлэлийг дараагийн бичлэгт.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2023年2月3日金曜日

Leverage Reading 3

"Ээнээгийн тэмдэглэл" хуудас аргагүй олны танил ажээ. Блогтоо бичсэн бичлэгээ танилцуулсан чинь тэр өдөртөө дээд амжилт тогтоох шиг боллоо. Их олон хүн "зочилж" уншжээ. 

Хойшид ч зочлоорой. Хувийн чанартай зүйл бичдэг ч үе үе ингэж онгод орно. "Хүнд хэрэгтэй юм буу хална" гэдэг шиг л хүнд хэрэгтэй ганц нэг зүйл биччихдэг шүү. 

"Сайн номыг харин байн байн сөхөж унших. Жишээ нь Дейл Карнегийн "Хүнийг хөдөлгөх чадвар". 

Монгол хэл дээр юу гэж орчуулсан байдгийг хэлж мэдэхгүй байна. Би оюутан байхдаа нэг номыг нь уншиж байсан. Одоо санах юм алга. Нэг зээлж уншина даа. 

Гэснээс одоогоор зээлж л уншиж байна, япон номнууд. Монгол хэл дээрх хэвлэгдсэн номыг харин яаж ийгээд худалдаж аваад уншиж байна. 

Жилд 400 гаран ном уншдаг хүн "сайн ном унших цаггүй болчихно" гээд байна цаана чинь. Тэгэхэд огт уншдаггүй хүмүүс яах вэ? Дэндүү харамсалтай юу тийм ээ? 

Тийм болохоор л унших хурдац, чанар, бүтээмж, орлогоо дээшлүүлэхэд энэ Leverage Reading гээч их чухал юм байна. 

"Энэхүү Leverage Reading-д унших хурдаа нэмэх, хасах үйлдлийг ээлжилнэ. Хэрэгтэй гэсэн зүйл дээр хараа чинь очвол удаан, анхааралтай уншина. Онцын шаардлагагүй гэсэн зүйлээ гүйлгэж хурдан уншина".

Өмнөх бичлэгт 3-5 мөртийг нэг дор гялс уншина гэсэн дээ. Хөндлөн гүйлгэж уншина гэсэн дээ? Ингэж унших явцад "Юу билээ? шинэ үг байх чинь?" гэсэн тохиолдолд унших хурдаа сааруулна. Хэрэв тэр мөртөө өнгөрөөд явчихсан бол буцаж очно гэсэн үг. Энэ нь өнөөх color bath effect гэдэг арга чинь гэнэ шүү, нөхөд минь.

"Юуны түрүүнд 7 хоногтоо нэг ном уншиж дадахаас эхлэх. Амьдралынхаа өдөр тутмын хэв маягт "ном унших" үйлдлийг оруулж өгөх. Яваандаа 3 хоногт нэг ном, сүүлдээ өдөрт нэг ном уншиж дадах".  

Бидний номын клубынхан маань сард нэг ном уншиж ярилцаад байгаа юмсан. Мэдээж дундуур нь амжуулаад өөр ном уншчихдаг "овоо гарууд" бий бий. Хэ хэ. 

"Тухайн 7 хоногтоо унших номоо төлөвлөх. Өдрийн төлөвлөгөөгөө гаргаад түүндээ ном унших гэж заавал оруулах. Оройдоо амжууүлсан зүйлсээ эргэн нэг шалгаад, амжаагүй зүйлдээ дүгнэлт хийж, цагаа зохицуулах. Сул цаг гарвал л номоо унших".

"Дээрх аргуудыг хэрэгжүүлээд ном уншдаг дадалтай болчихвол танд тааламжтай санагдах нь гарцаагүй. Ном унших чинь ийм сонирхолтой билүү? гэж бодогдоно. Ажилдаа, амьдралдаа хэрэгжүүлчихээр шинэ санаа оноо ургана. Эргэлзээ бэрхшээлээс гарах шийдлүүд ч олж юуны магад".

"Уншсан л бол болно гэж санаа амарч хэрхэвч болохгүй. Хүн гэдэг чинь мартамхай амьтан. Ар араасаа шинэ мэдээлэл тархинд орж ирээд, хуучныгаа мартана.Үүнээс гарах арга бол бичиж тэмдэглэх. Уншсаныгаа мартахад хүргэдэг 2 хүчин нөлөө байдаг. Нэгт чухал хэсгүүдээ тэмдэглэж аваагүй. Хоёрт Хэрэгжүүлээгүй".

"Номон дээрээ бичиж сараачсан тэмдэглэлүүдээ компьютерт бичиж хадгалах. Өөрийн гэсэн "Эцсийн үр дүн"-гийн ном бүтээх. Тодорхой хэмжээнд тэмдэглэлүүд чинь нэмэгдээд ирэхээр төрөлжүүлж ангилна. Үүнийгээ хэвлэж гаргаад байнга авч явах. Энд тэнд цаг л гарвал сөхөж унших. 

Мэдээж ингэж дахин бичих явцад чинь за энэ ч дээ гэсэн тэмдэглэл гарч ирнэ. Түүнийгээ бичилгүй орхино. Сүүлд харин өөр санаа оноо нэмж болно. Аль блох өөрийнхөө үгээр бичвэл зүгээр".

Би бас бичнэ дээ гэж тэмдэглэж авсан хэсгээ заримдаа бичдэггүй, хаячихдаг. Тухайн үедээ хэрэгтэй ч юм шиг санагдсанаа эндээ бичээд суухаар за за мэдээжийн зүйл байна гэж бодоод алгасчихдаг.

"Хүн болгонд өөр өөрийн арга бий дээ. Түүнийгээ олох. Хэрэв бичиж хадгалах цаг зав гарахгүй бол хүн цалинжуулаад бичүүлж болно, гэрийнхээ хэн нэгэн завтай хүнийг гуйж болно". 

Хүүе, намайг цалинжуулаад бичүүлж болно шүү. Хэ хэ. 

"Нэг уншсан номоо дахин уншихгүЙ. Учир нь уншаад хэрэгтэй гэснийгээ тэмдэглээд авчихсан шүү дээ. Дахин уншаад юм гарахгүй л байх. Тэрний оронд шинэ ном уншсан нь хамаагүй дээр. Харин шилдэг ном бол өөр шүү. Уншсан цаг, нийгмээсээ хамаараад шинэ мэдрэмж төрүүлнэ. Жишээ нь Дейл Карнегийн "Зам нээгдэхүй"? унших бүрт өөр өөр мэдрэмж, сэтгэгдэл төрүүлдэг". 

"Мэдсэн, ойлгож авсан зүйлээ бусадтай хуваалцах, ярилцах, саналаа солилцох нь амжилтын хамгийн том эх үүсвэр". 

Мэдсэнээ ерөөсөө хуваалцдаггүй хүмүүс байдаг тийм ээ? Хэ хэ. Албагүй л дээ. Гэхдээ л мэдэж байсан юм хэлчихгүй дээ гэж бодох үе гарна шүү дээ. 

"Олж мэдсэнээ хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Унших дадал, бичиж тэмдэглэх дадал, хэрэгжүүлэх дадлын нийлбэр нь таныг амжилтанд хүргэнэ. 1500 иений ном чинь 100 дахин үржигдээд буцаж ирнэ". 

Төгсөв.

Жич: Ганц нэг бичсэн зүйлээ өөртөө үлдээлээ. Заримыг нь нуршаад байх шиг санагдаад алгасчихлаа. Ганц нэг номны нэр бичиж авлаа. Сүүлд уншихыг хичээнэ ээ. Мөн Дейл Карнегийг уншия даа.

Бүгдэд нь амжилт. Түр баяртай.

2023年2月1日水曜日

Leverage Reading 2

За ихэнх агуулгыг нь бичсэн хэдий ч төгсгөл хэсэг рүүгээ илүү нарийн зөвлөгөөнууд нь гарч ирээд. 

Тэсэлгүй үргэлжлэлийг нь бичиж сууна. Өөрт минь ч хэрэгтэй. 

"Нэг номноос 16 хувийг нь ойлгоход хангалттай. Үлдсэн хэсэгт гол, чухал зүйл агуулагдаж байх ч юм билүү? гэж хэлэх хүн байх. Тэр мэдээж. Магадлал өндөр. Гэхдээ олон цаг, олон өдөр зарцуулж унших нь эхэлж уншсаныгаа мартана, хамгаас илүү үнэтэй цагаа ч дэмий үрнэ".

"Аль нэг номонд 100 чухал зүйл бичээстэй байлаа гэж үзье. 100-ланг нь биелүүлэх боломжтой юу? гэвэл үгүй. Тэгэхээр хэрэгжүүлж чадахаар, гүйцэтгэж чадахаар, боломжтой ганц хоёрыг л тогтоож унших. Чадахгүй, боломжгүй 100 зүйл уншчихаад түүнийгээ хэрэгжүүлэх гэж үйлээ үзэлгүй, ганц зүйлийг тултал нь хэрэгжүүлж чадвал илүү үр өгөөжтэй, ашигтай".

Үнэний ортой тийм ээ? Хүний хөгжлийн ном уншихаар эсрэгээрээ бухимдаад байдаг минь энэ шүү дээ. 

"Leverage Reading гэдэг нь унших гэсэн үйлдэл бус хөрөнгө оруулалт учраас хэрэгтэй гэснээ авна, хэрэггүйг нь хаяж сурах. Тухайн номноос олж авна гэсэн мэдээлэл, мэдлэгээ олоод авчихсан гэж үзвэл уншилгүй шууд "хаях". Энэ бол Leverage Reading гэдгийн эхний алхам".

"80/20 дүрмийг ашиглах. Энэ дүрмийг Италийн эдийн засагч Вильфредо Парето үйлдвэрлэлийн ашгийн 80% нь борлуулалтын 20 хувиас бүрддэг гэдгийг тогтоосон бөгөөд энэхүү 80/20 дүрмийг ном уншихдаа ашиглана гэсэн үг. Тухайн номныхоо 20%-г л уншихад л хэлэх гэсэн санааных нь 80 %-г ойлгох нь байна тийм үү? Жишээ нь би жилд ойролцоогоор 400 ном уншдаг гэсэн дээ. Тэрхүү 400 номноос бусдад танилцуулаад санал болгох ном ердөө 80 л байдаг".

"За ингээд унших зорилгоо тодорхойлчихлоо, цагаа тогтоочихлоо. Дараагийн чухал алхам бол номоо "судлах". Номын хавтас, номын бүслүүр дээрх танилцуулга, өмнөх үг, төгсгөлийн үг, зохиогчийн тухай гүйлгэж унших. Ингэснээр тухайн номын тухай ерөнхий ойлголттой болно".

"Сонирхолгүй, үр өгөөж багатай санагдвал шууд орхих, зогсоох. Учир нь 1500 иенээс илүү цаг нь үнэтэй. Эхний 10 хэдэн хуудас уншаад доогуур нь зурж, тодруулж тэмдэглэх зүйл гарахгүй бол цаашид ч гарахгүй гэж үзэж болно. Тэгээд ч Leverage Reading гэдэг нь дуустал нэг бүрчлэн уншина гэсэн ойлголт биш. Хөрөнгө оруулалт учраас иймэрхүү шийдвэр гаргах зоригтой байх ёстой".

"Унших номоо үргэлж бэлэн байлгах. Хэд хэдэн ном цүнхэлж явах. Сул цаг гарах л юм бол номоо барьж авах. Хэд хэдэн ном бэлэн байлгах гэдэг нь сонирхолгүй санагдаад орхих, тухайн үеийн сэтгэл санааны байдал зэргээс хамаарч өнөөдөр энэ сэдвээр уншмаар санагдах, эсрэгээрээ уншмааргүй санагдах гэх мэт явдал гардаг учраас".

"Хэрэгтэй гэсэн санаа, үг өгүүлбэр зэргийнхээ доогуур зурах. Зураас нь ямар ч байж болно. Заавал өнгө ялгаж, зураасаа ч ялгах гэсний хэрэггүй. Заримдаа түүндээ түүртээд, орхичих явдал ч гардаг. Яахав нэлээд чухал гэж үзвэл бөөнд нь тойруулаад дөрвөлжилчихдөг. Нэг бол өмнө нь од (☆) зурна. Мөн унших явцад "ёнк" гээд л орж трсэн санаагаа яг тэр хэсэгт нь бичиж тэмдэглэх. Сүүлд дэвтэрт бичнэ гэвэл мартах нь их".

"Уншиж буй номныхоо дүрд өөрийгөө орлуулж тавьж унших. Энэ тохиолдолд би яах байсан бэ? Ямар шийдвэр гаргах байсан бэ? гэх мэт. Мөн би энэ номноос юу олж авах вэ? Юуг нь бодитоор хэрэгжүүлэх вэ? гэж төсөөлж унших. Энэ явцад төрсөн санаа оноогоо шууд номон дээрээ бичих, муухай бичдэг байсан ч хамаагүй".

"Номын сангаас зээлж авсан ном чинь хэрэгтэй ном гэж үзвэл шууд худалдаж аваад, "эрээчих". Бүр хуудасныхаа буланг нугалах. Эргээд сөхөхөд амар. Нэг ёсондоо номоо "муухай болтол" унших".

За энэ нь миний багадаа олсон хүмүүжил, ойлголттой харшлаад байна. Яах уу? Хэ хэ. Бидний багад дэвтэр ном чинь ямар гоё цэвэрхэн, цэмцгэрхэн байдаг байлаа даа? Булан тохой эргэсэн бол багшид, ээж аавд загнуулна.

"Өөрийн уншдаг хэв маягаа таягдан хаях. Хуудас бүрийг нэг бүрчлэн, а б-гүй уншихгүй. Зарим нэгэнд жаахан онцгүй санагдаж магадгүй. Жишээ нь хоолны тухай ном байлаа гэхэд бид яг хийж үзмээр байгаа хоолныхоо тухай бичээстэй хуудсыг л уншдаг даа, тэрэнтэй агаар нэг гэж ойлгох хэрэгтэй. Бусад сонирхоогүй зүйлээ тэгсгээд л орхино гэсэн үг".

"Хөндлөн буюу хажуу тийш хазайлгаж унших. Нэг ёсондоо гүйлгэж унших. 3-5 мөртийг нэгэн зэрэг уншина гэсэн үг. Ингэж унших явцад "юу билээ?" гэсэн зүйл гарч ирвэл түр зогсоод унших хурдаа сааруулж нухацтай, анхаарч уншина. "

За энэ хэсэгт жаахан нэмэлт тайлбар бичих үү? Япон хэлтэй хүмүүс бол мэднэ. Бусад хэлтэй хүмүүст зориулав. 

Япон номнууд ихэнх нь босоо бичигдсэн байдаг. Ингэхдээ баруунаас зүүн тийш чиглэсэн. Тэгэхээр энэ зураг дээрх шиг гэсэн үг. 

Энэ хараар сум заагаад тэмдэглэсэн шиг л гүйлгэж гэх юм уу? 3-5 мөртийг нэгэн зэрэг хөндлөнгөөр нь хараандаа багтааж унших гэсэн санаа юм шиг байна. 

Хэрэгжүүлж үзнэ ээ. Өөрийн болгоод дадчихвал ч жилд 400 ном унших нь байна шүү дээ. Ямарав дээ? Хэ хэ. 

Өнөөдөр ингэсгээд дуусгая. Маргааш үргэлжлүүлнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2023年1月31日火曜日

Leverage Reading

Шуналыг минь хөдөлгөдөг бас нэгэн бүсгүй бий. Мэдэхгүй хүн, уншдаггүй хүн бараг байхгүй байх тийм үү? "Ээнээгийн тэмдэглэл" хуудсаараа алдартай. Бичсэн болгон нь хөөрхөн, ухаарал хайрласан, зоригжуулсан, сэдэлжүүлсэн байдгаараа онцлог. 

Олон ч залуу ээжүүд уншдаг шиг байна лээ. Би залуу ээжийн тоонд орохгүй ч, зулзага минь жаахан гэдгээрээ бас уншина шүү. 

Тэгээд санал болгосон япон номыг нь чадлынхаа хэрээр олж уншихыг хичээдэг. 

Энэ удаад бүр зорин, санан байж энэ номыг зээлж уншив. Оны өмнө зээлсэн ч дуусгаж амжилгүй, хугацааг нь дуусгаад, дахин зээлсэн. 

Угтаа уншихад амархан, мэдэхгүй ханз цөөн, дажгүй байсан ч би барьж авалгүй явсаар өдий хүрчээ. 

Ерөнхий санаа нь бас л миний сүүлийн хэдэн бичлэгт ч "улиг болох"-оо шахсан "УНШ УНШ бас дахин УНШ" байв. Бүр өдөрт нэг ном унших гэж байна шүү. Энэ удаагийнх гэхдээ нэг онцлог нь бизнесийн ном унших. 

Сайто багшийн хэлсэнчлэн мөнгөө төлж, худалдаж авч унших. Хэрэгтэй гэсэн санаа оноогоо доогуур нь зурж, тэмдэглэж, номоо элэгдтэл нь л эдлэх гэжээ. 

Номыг бичигч Хонда Наоюки нь их завгүй хүн тул өглөөд ваннтай усанд суухдаа ном уншдаг гэнэ. Ном чийг аваад, хуудас нь муухай болно гэж хэлэх хүн бий ч энэ хүний хувьд бол огтоос хамаагүй гэнэ. 

Жилд 400 гаран ном уншдаг гэнэ шүү. Ёстой нөгөө "ном уудаг" гэдэг шиг л.

Ном нь уншсан эсэх нь мэдэгдэхгүй, шинээрээ шахуу өрөөстэй байх тохиолдол их, энэ бол хангалтгүй гэжээ. 

Энэ хэсэг намайг хэлээд байгаа юм шиг л санагдсан. Хэ хэ. Нэг хэсэг тийм байсаан байсан. Одоо харин дээр нь тодруулаад, наадаг наалт наагаад явдаг болсон шүү. Уншсан тухайгаа блогтоо ядаж зураг оруулдаг...

Аятайхан санагдсан агуулгаас нь дор хаалт нээж хаагаад бичлээ. Та бүхэн ч гэсэн хаалт нээгээд, хаалтаа хаагаад гэж ирээд л уншаарай. Хэ хэ. 

"Ном унших бол өөртөө хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Номыг үнэтэй гэж хэлдэг ч тухайн номноосоо өөртөө нааж, хэрэгжүүлж чадах юм бол тухайн ном танд 100 дахин илүү үр өгөөжөө өгнө". 

"Өнөөдрийг хүртэл уншиж ирсэн өөрийн ном унших арга барилаа өөрчлөх. Нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх арга буюу color bath effect аргыг дадал болгох. Энэ арга нь ямар арга вэ гэхээр, жишээ нь өнөөдөр улаан өнгийн юмсыг л олж харна гээд гадаах буюу өөрийн эргэн тойрон дахь улаан өнгөнд төвлөрөх. Ингэснээр санасныг бодоход маш олон улаан өнгө эргэн тойронд чинь байдаг, түүнийг анхаарлаа төвлөрүүлснээр олж харна гэсэн үг. Энэхүү color bath effect аргыг эзэмшиж чадвал тухайн хуудаснаас өөрт хэрэгтэй гэсэн зүйлээ шууд олж чаддаг болно. Бусад онцын шаардлагагүй гэсэн мөртүүдийг уншилгүй орхино гэсэн үг ".

Энэ аргыг тусгай мэргэжлийн үгээр хэлдэг байх тийм ээ? Мэддэг хүн байвал хэлж өгөөрэй. Хичээнгүйлэн хүсье. 

Нэг зүйл санаанд орчихлоо. Багадаа хотын машинуудын азын дугаарыг олж харах гэж, олж харахаараа тэр өдрөө азтай байна гэж хөөрдөг байлаа. Энэ нь одоо энэ color bath effect арга гэгч байх нь. Тийм үү? Одоо ч үе үе энд азын дугаар байна даа гэж хардаг...

"Зөвхөн унших гэж уншилгүй, хөрөнгө оруулалт, эдийн засгийн эрчимтэй үйл ажиллагаа гэж үзэн унших. Ойролцоогоор 1500 иенээр авч уншсан ном чинь эргээд чамд 100 дахин үржигдэж, ашгаа өгөх ёстой".

"Бизнесийн ном уншихдаа ихэвчлэн амжилт олсон туршлагаа, алдаагаа бичсэн номнуудыг сонгож унших. Онолын чанартай, сургасан маягийн, зузаан ном жаахан дэмий. Харин хүмүүсийн өөрийн туршлагаа бичсэн ном нь илүү богино хугацаанд их зүйл ойлгож авахад дөхөм. Цаг ч хэмнэдэг".

"Уншсан номд чинь бичигдсэн ноүхаүг өөрийн арга барилд тохируулан, өөрийнхөөрөө ашиглаж гэмээнэ эргэн 100 дахин ашгаа өгнө."

"Амжилтанд хүрсэн хүмүүс бүгд уншдаг. Ном унших тусам цаг гардаг. Ном унших цаг гардаггүй гэж хэлдэг хүмүүс бий. Үнэндээ уншдаггүй учраас цаг гардаггүй".

Энэ мөрт яг үнэн гэж бодсон. Унших цаггүй гэж хэлдэг хүмүүсийг хараад байхад гар утсаа л маажаад байгаа харагддаг. Мөн зурагт үзээд л...

"Ном унших зорилгоо тодорхойлох. Аль болох өөртөө уншихад амар ном сонгох. Зузаан, хэцүү номыг сүүлд ном унших чадварт суралцсан үедээ сонгож уншихад болно. Мөн өөрийн эргэн тойрны, өөрт ойрхон сэдвээсээ эхэлж унш. Нэг сэдвээр дагнаж унш, эхний ээлжинд".

"Өөрт тохирсон ном унших таатай орчныг бүрдүүлэх. Эсвэл тийм таатай орчинг олох. Намуухан кофены газар, гэрийнхээ аль нэг булан гэх мэт".

"Ном уншдаг тогтмол цагтай болох. Өглөөд завтай бол өглөөдөө, оройд завтай бол оройдоо. Унших цаггүй гэлгүй аль болох яаж ийгээд ном унших санаа сэдэл олох, хэрэгжүүлэх. Өөрийн амьдралын хэв маягтаа тааруулж унших".

Би өдрийн цайныхаа 1 цагийг уншихад зориулах гэж оролддог. Хувийн хөөцөлдөх ажил гарсан үед амждаггүй. Ийм өдрөө жорлон орохдоо авч ордог. Хэ хэ. 

"Бизнесмэн хүн завгүй явдаг тул 1 номыг уншиж дуусгах цаг хугацаагаа тодорхойлох. Мэддэг, чаддаг зүйлсийнхээ тухай, хүмүүсийн туршлага, амжилт, эдийн засаг, өөрийгөө хөгжүүлэх гэх мэт сэдэвт 1 цаг зарцуулна. Харин огт мэдэхгүй, зузаан, өмнө нь уншиж байгаагүй шинэ сэдэв бол 2 цаг гаран зарцуулна гэх мэт".

Өнөөдөртөө ингээд дуусгая. Урт бичлэг болчихлоо. Энэ удаагийн зөвлөгөө нь бизнесмен, орлогоо нэмэгдүүлэх гэсэн зорилготой хүмүүст зориулсан ном юм байна. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2023年1月26日木曜日

Урлан бас бус

Юу бичих үү? Хэсэг баахан номны тухай биччихлээ. Гэгээрсэн гэлтэй. Хэ хэ. Дан ганц ном уншаад л суудаг уу гэхээр үгүй ээ. 

Сүүлийн үед аяга угаагчаа л их нэхэж байна. Нэхэж тавиад л, хүнд бэлэглээд л. Угтаа зарж борлуулах хэтийн санаатай ч... 

Эндхийн "мэрүкари" гээч сайтанд байрлуулаад зардаг гэсэн. Би нэг л учраа олохгүй байгаа. Шуудан орно, зураг хөргийг нь авч байрлуулна гэх мэт. Блог бичиж чадаад байгаа юм чинь, нүүрномд зураг хөрөг оруулаад болоод байгаа юм чинь чадна аа гэсэн хүн байна. Хань ижил. Миний л "зориг хүрэхгүй" байна. 

Хэрэв үүнийг уншиж байгаа бөгөөд японд байдаг хүмүүс байвал энд сэтгэгдэл бичээрэй. Хямдхан зарна шүү. Хи хи. 

Японоос өөр газарт амьдардаг уншигчид минь япон дахь найз нөхөд, хамаатан садандаа бас бэлэглэж болно шүү дээ, надаасаан худалдаж аваад. Хо хо. 

Ойрд маш их хүйтэрч, оноор ороогүй цас оров. Санасныг бодоход хөвсийтөл хунгарласангүй. Өглөөдөө цас арилгана гэдэг ажил гарахгүй амар байлаа. 

Ажлаасаа яг тардаг цагтаа гарсан. Тэгэхгүй бол бага зулзагаа авах ёстой цагаас нь хоцорчихно. Түүнээс гарах бэлтгэлээ хийсээр байтал 10 минут зоолттой өнгөрөөдөг юм. 

Манайхан намайгаа ойлгоно. Түүнээс дарга хариагүй байхад цэрэг харьж болохгүй гэсэн хуучинсаг үзэлгүй. Төрийн албан хаагчид бол аль болох илүү цаг ажиллахгүй байх, илүү цагаар ажиллуулахгүй байх гээд арга хэмжээ авч эхэлсэн. 

Гол нь хувийн компаниуд. Заримдаа илүү цагийн мөнгө өгөлгүй ажиллуулчих санаатай. Аавуудад нялх нярай хүүхдээ харах амралтыг нь тэр бүр өгөхгүй байх гэх мэт. 

Мэдээж бүгд биш л дээ. Шинэлэг сэтгэдэг, эрэлхийлдэг даргатай захиралтай бол ч өөрчлөгдөж байгаа газрууд бий бий. 

За тэгээд эх оронд минь бүр хасах 40 хүрч хүйтрээд байхад би энд хасах 5 руу ч ороогүй байхад, даарлаа, хөрлөө гэхээсээ санаа зовдог юм өө. Тэнд буй ижий аав, ах дүү амраг садангууд минь бүр л хүйтэн орчинд болгоод байхад тийм ээ? 

Ядаж байхад хотын утаа тийм ээ. Дээдсүүд нь идээд уучихсан тэр мөнгийг жинхнээсээ утаагаа багасгахад зарцуулсан бол гэж бодохоор л... 

Бидний тавилан хаашаа л яваад байна даа...

Цасан шуурга ихтэй гээд бага сургууль амарсан. Учир нь нэг том голын цаанаас ирдэг сурагчдын аюулгүй байдлыг бодолцсон. Гүүрэн дээгүүр машинтай явахад л машин ганхдаг юм, салхи ихтэй үед. 

Бусад бага сургуулиуд амраагүй гэсэн. Зөвхөн манайх л амарсан юм байх. Зулзага бөөн баяр, унтаад хоцорсон. Дүүг нь нэг үлдээх гэснээ эгчийгээ элэг бариад зурагтнаас салахгүй байх гэж бодоод албанд нь өгсөн. 

Яг цасаар шуурч байхад бол урдах зам харагдахгүй байсан. Айгаад тэр оройдоо гэрээсээ цухуйгаагүй. Маргааш нь яасан бол гэсээр л цонхоор харсан чинь ашгүй гайгүй. 

Шавь болон хуурай дүү нар гоё монгол амт амсуулсан. Бас дулаахан оймс бэлгэнд авсан. Бид өнгөрдөг жилээс монгол бэлгээр тасрахгүй л байна. 2023 ондоо ч бас амьдралаа "бэлгийн зам"-аар сайхан аваад явчихдаг юм шүү. Хэ хэ.

Өө тийм хэдэн бууз чимхэх юм байна шүү, тийм ээ. Мэдээжийн зүйл бичсэн үү? Ул боов энэ тэр гэж сүржигнэлгүй жижигхэн дугуй хэлбэртэй жигнэмэгээр тавгаа засчихдаг болсон тул их урамтай байгаа. 

Өмнө нь заавал л ул боов байх ёстой юм шиг санаад, тавгийн идээ гэж засдаггүй байлаа. Мөн ирсэн хүүхдүүдэд бэлэг гэж өгдөггүй, тавагтай идээнээсээ атгаад л өгчихдөг. 

Энэ жил 3 шинэ залуус ир золгох байх. Дадлагажигчаар ирсэн. Хэл ус тааруу, хэдий ч ажиллаад л байдаг сурагтай. Хэл ус шаарддаггүй тулдаа л тэр байх. Тамүра гэдэг хүнийг Тамираа л гэчихсэн тууж явсан. Ха ха. 

Бодоод байсан сүрхий дөхүүлсэн байна лээ. Ккк.

Шинээр нэг ном уншиж байгаа. Түүнийхээ зургийг оруулахын өмнөхөн зүгээр суухаар зүлгэчихлээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье ээ.

2023年1月24日火曜日

Сүүлийн 7

Өнгөрдөг жил худалдаж авсан номнуудыхаа сүүлийн 7-г эндээ аваад ирсэн шүү. Аваад ирсэн ч гэж дээ, шавьдаа төвөг удаад өө. Монгол харьчихаад ирсэн юм. Аваад ирээрэй гэсэн за л гэсэн. Баярлалаа. 

Зураг хараад ойлгомжтой тийм үү? Ийм номнууд худалдаж авсан. Дүү маань "Ген" гэдэг ном өгнө гэсэн чинь амжихгүй болчихоод оронд нь нэг номны нэр хэлээрэй гэхээр нь зохиолч Болор-Эрдэнийн "Үлгэр дуустал хайрлана" гэдгийг захьсан. 

Гэснээс миний "Гүйж яваа эмэгтэй" номыг маань зээлж авсан хүүхдүүд дундаа дамжуулж уншаад, олдохоо байсөөн. Хо хо. Ийм болохоор л би хүнд номоо зээлэх дургүй байдаг...

Энэ жилийн хямдралаар бас баахан ном авна даа. Мөнгөө цуглуулж байгаа тэнд. Хэ хэ. Хямдрал чинь бас зүгээр, олон ном авчихдаг. Гол нь нааш нь авчрах л хэцүү. 

Гандан буурахгүй амьтан хүнд дайна өө, яадаг юм. Мэдээж зүгээр дайхгүй шүү дээ. Эргээд тусалчих гээд л, бас хөөрхөн бэлэг өгчих гээд л үзнэ. 

За тэр ч яахав, би энэ олон номоо бүгдийг нь гялс уншмаар байна аа. Бурхан минь надад цаг зав хайрла. Бурхан биш ээ, гэрийнхэн минь ээ ээждээ цаг зав хайрла. Хэ хэ. 

2023 оныг та бүхэн минь ч гэсэн "УНШИХ" жил болгоорой. Өөрт таалагдсан, уншмаар санагдсан номноосоо л эхэл. Яван чангарна шүү дээ. 

Үглэхээсээ өмнө ингээд бичлэгээ дуусгая. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.