2021年12月31日金曜日

Үдийн хоол

Амарч байна. Ихэнх төрийн албанынхан 12 сарын 28-нд тухайн жилийн сүүлийн ажлын өдөр байх нь их. Би ч бас хальт төрийн албанд ажиллаж байгаа юм болохоор 28-нд ажиллаад, хэд хоног сайхан амарна. 

Гал тогоо, тогоо шанага хавиар эргэлдэнхэн л байна. Энд бол их  гоёор "эргэлдэнхэн" гэж бичсэн ч бодит байдал нэлээд ширүүн шүү. ккк. 

Бушуухан шиг ажил эхлээсэй гэж бодоод эхэлсэн. Хааяадаа өдрийн цайныхаа цагийг зөвхөн өөртөө зориулж, "тансагхан" өдрийн хоол зооглодог юм. Түүнийгээ санаад эхэллээ шүү, энэ чинь одоо юуны цондон бэ? Хи хи. 

Ажлын газрын ойрхон байдаг хямдхан хоолны газар. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилладаг. Хааяа ингэж тэднийг дэмжингээ хоолонд ордог. Түүнээс дэмжиж байна гээд шууд мөнгөн хандив энэ тэр болохгүй...

Энэ болохоор хүнс ногоогоо цуглуулангаа хальт идсэн хөнгөн хоол. Даливс? гэдэг ногооны салад. Тэр цаана байгаа нь наймаалжтай ороомог? гэх юм болов уу? 

Наймаалжийг жижигхэн хэрчээд, тэр хэрчмээсээ ганцыг хийгээд л шарчихдаг. 

Үүнийг гэхдээ зун идсэн байх. Өвөл хүйтэнд халуун бүлээн идчих санаатай үзнэ.

Дунд зулзагатайгаа хамт идсэн каритай будаа. Нэг газар байдаг юм. Хямдхан өдрийн хоол гаргадаг. Оройдоо уушийн газар болдог. Тэнд ажлын өдөр, өдөр бүр өөр цэстэй хоол гардаг. 

Энэ нэг дэх өдрийнх. Би бүгдийг нь идээд үзчихсэн. Тэр бүр идээд байдаггүйгээр нь түүхий загастай өдөр очих дуртай. Гэм нь тэр бас их эрэлттэй. Заримдаа очиход дуусчихсан байдаг. 

Орц ихтэй, мисо шөл, будаа нэмж болдог. Би гэхдээ нэмж байгаагүй ээ, өмнөхөө барахгүй шахам. Эрчүүдэд зүгээр байх. Дараа хань ижилтэйгээ болзож даалгуулна гэж бодож байгаа. Хэ хэ. 

Ухаалаг утсан дээрх зургаа цөөлөх санаатай, үе үе ийм хаа хамаагүй зураг оруулдгийг байнгын уншигчид минь андахгүй тийм ээ? 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2021年12月30日木曜日

Цаас эвлүүлэв

Түрүү сард хотынхоо олон орны соёлын ялгааг таниулах арга хэмжээнд очоод. Зөндөө л улс байсан. Монгол байгаагүй ээ. Хааяа эндэх оюутнууд оролцдог л доо. 

Чи ороогүй юм уу? гэх байх. Би ч заримдаа ганц нэг зүйлээс дутах минь гэж боддог юм өө. Хүмүүс ч ганц л намайг хараад уйдна биз дээ. Ккк. 

Эдгээр олон орноос хамгийн идэвхитэй нь Тайвань шүү дээ. Энэ зураг дээрх зүйлийг ирсэн хүүхдүүдээр хийлгүүлээд суулгачихаж байгаа юм. Голцуу хүүхдүүд. Бага насны хүүхэд бол ээж аавтайгаа хамтарна. 

Хүүхдүүд нь үүнийг хийж байх зуур завтай ээж аав нь Тайвань хүмүүстэй буу хална. Тайваны танилцуулгыг үзнэ. Цай цүү гэх мэт бараа зарна. Оролцож буй тайваньчууд нь ч их идэвхитэй. 

Хоёр зулзага үүнийг гэртээ авч ирээд хийсэн. Бага зулзага зүгээр л хараад суусан л даа. Мэдээж хошуу бол нэмэрлээстэй. 

Энэ гэхдээ бэлэн материалыг тооны дагуу нугалаад, таслаж аваад, эвлүүлээд л явна. Сүүлд нь гэрэл тогтоож өгнө. Гэрэл нь асна. Бас их хөөрхөн сэтгэсэн байгаа юм аа. 

Хятадтай асуудалтай болохоор улсаа гадныханд зөвөөр ойлгуулах, тэдний зүрх сэтгэлийг татах гэж их чармайдаг бололтой. 

Хуучин хамт ажиллаж байсан тайвань хүүхэнтэй уулзаж жаал буу халав. Зулзагуудынхаа тухай л голцуу. Охид минь багадаа их тоглодог байсан юм. Дунд нь нутаг буцаад холбоо тасарсан байсан. 

Аминдаа дунд зулзагынхаа нүд, мэдлэгийг тэлэх гэж дагуулж явсан. О.зулзагыгаа бас уйгагүй дагуулдаг байлаа. Чихээр сонсох нэг өөр. Яг өөрийн нүдээр харах, биечлэн уулзах гэх мэт чинь шаал өөр шүү дээ тийм ээ? 

За одоо энэ хийсэн тоглоом? нь хэсэгтээ гэрт хөглөрнө. Тэр болгонд Тайвань улсан яриа болно. 

Хаягдахаас нь өмнө зураг дарж, блогтоо оруулж буй нь энэ шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт. Шинэ он гарахад хоёрхон хоног?

2021年12月29日水曜日

Цас цас цас

Энэ жилхийн анхны цас нэвсийтэл ороод. Цас орохоор хүүхдүүд л баярлах юм даа. 

Гарч олаф хийв. хамаг хувцас нь норов. Энд нойтон цас ордгийг ч хэлэх үү. 

Бага, дунд хоёр зулзага минь. Нүүр царайг нь хараахан оруулчихаж зориглохгүй. Нүүр номдоо бас нэг их оруулахгүй ээ. Яахав долоон булчирхайгаа тоочих нь холгүй зураг хөрөг оруулдаг ч яг эгцээс нь оруулахгүй ээ. Хи хи. 

За нэг сонин гэвэл бага зулзагын куртка багадсан бөлгөө. Энэ өмднийх нь курткаг хайгаад олсонгүй. Монгол явуулчихсан юм байх даа гэж бодож сууна. 

Өмсөхгүй жаахан удсан л бол монгол явуулчих уу? гээд хайрцаглачихдаг, би. Дунд зулзага бараг айдаг. Хо хо. Болохгүй шүү гэнэ заримдаа. Дуртай зүйлийг нь явуулчихна гэж айдаг шиг. 

Хөглөрөөд, хураахгүй байхаар нь монгол явууллаа шүү гэж айлгадаг байхгүй юу. Ккк. 

Харин дунд зулзага гутлаас бусад нь о.зулзагын багадсан хувцас. Хэмнэлттэй юу? Энэ цэнхэр хүрэм бас энэ жил л өмсөнө. Ирэх жил бол өмсөхгүй юм билээ. Өвөл дуусангуут хайрцганд хийнэ дээ. Хи хи. 

Саяхан эгчинхээ өрөөг ухаж төнхөж, үлдээсэн хувцаснаас нь өмсөхөөр зүйл байна уу? гэж яваад, ёстой хөөрхөн малгай олж авсан. Салахаа байсан. 

Харсан хүн болгон хөөрхөн байна, зохиж байна гээд, өнөөх чинь бүр хөөрөөд. Angelina Jolie-гийн тоглосон Salt дээр гардаг шиг л байгаа. Тэгэхээр чинь хөөрхөн байна уу? Ккк

За энэ хийсэн олаф нь. Адилхан болж уу? Маргааш өглөө нь харсан чинь толгой нь нураад, их бие нь далдартал цас орсон. 

Цасаа арилгах гэж махийсан. Ажлын газрын гадаах цасыг арилгасан. 3 машины зогсоол. Даргатайгаа, бас нэг ажилтантайгаа гурвуулаа. 

Харьж ирээд гадаах цасаа бас арилгасан. Маргааш нь гар хөндүүр болсон байсан. 

Энэ өдөр болсон нэг паня? гэвэл ажилдаа очоод машинаа зогсоох гэсэн миний хоёр талын машин ёстой машинаа хайш яайш зогсоогоод, би зогсоож чадалгүй өөр газар зогсоов шүү дээ. 

Хүмүүс өглөө нь яараад тэгж зогсоосон байж магад ч бусдыг бодолгүй муухай санагдав. Энэ олон хүнтэй газар над шигээ хайш яайш хүн байна аа байна. 

Цасны тухай бичих гэснээ юу ч бичив? Ойлгоод уншаарай.Цасны тухай бичнэ гэхээр бас юу бичих билээ? тийм ээ? Хэ хэ. Цас будран оров, цас хөвсийн оров. Цас хайлан урсана, шалбааг болно гэх мэт. 

Мэддэг хүмүүс нь химийн найрлага талаас нь бичих байх шүү...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. Удахгүй шинэ он гарлаа даа...

2021年12月25日土曜日

Сантагийн бэлэг

Уламжлалт бичлэг шүү. Ам мөчид бэлэг минь ирж, очиж авч бэлдэв. Гэртээ байгаа хоёр минь бэлгээ задлаад, хөөр баяр дүүрэн л байна, түүнийг нь хараад санта эмээ, санта өвөө хоёр ч малийгаастай л байна. 

Аз жаргал юм даа, өөр юу ч хүсэхэв дээ тийм ээ? гэж эморно. Хи хи. 

Дунд зулзага пс тоглоом, segway гээч юм гэж хэлж үзсэн. Ээж шууд л өө бүтэхгүй, санта тийм бэлэг өгдөггүй юм гэж хэлсэн. 

Эгчид нь хэлсэн чинь тэр мэдээж, ном нь л дээр, ядаж уншаад тархи нь хөгжинө гэсэн. Ер нь манайд о.зулзагын үг бас л хүчтэй нөлөөлнө шүү дээ. 

Дээрх зүйлийг дандаа л япон айлд, найзындаа очихдоо харсан үзсэн байдаг. Айлууд албатай юм шиг авч өгчихөөд, хичээлээ хийхгүй байна, цаг нараа баримтлахгүй байна, бла бла гээд л үглэх юм билээ. 

Манайд бас тиймэрхүү явган хэрүүл гарцаагүй гарч л таараа гэж бодоод, би ч шууд үгүй үгүй гээд хэлчихдэг. 

Нэг ээж хэлсэн. "Аль болох оройтож авч өгсөн нь дээр". Үнэн үнэн. 

Гэхдээ бас нэг гаргалгаа байна. Юу вэ? гэвэл эрэгтэй хүүхэдтэй айлууд дээрх зүйлсийг яаж ийгээд л аваад тавьчихсан байдаг юм билээ. 

Эрэгтэй хүүхдийн анхаарал тэр бүр аар саархан тоглоомонд сатаараад байдаггүй болохоор ээж аавууд хүүхдээ сатааруулах гэж тэр болов уу? 

Бас эрэгтэй хүүхдээ техник энэ тэрд мэдлэгтэй байг гэж боддог юм болов уу? Тэгээд л их эртнээс, багад нь аваад өгчихдөг шиг. 

Сайн мэдэхгүй л байна. Бага зулзага одоогоор жаахан, ээж л хажууд нь үзэгдэж харагдаж байвал юугаар ч хамаагүй тоглож байна. Ном уншдаг болгочих юмсан гэж бодож сууна. 

Мөн зурдаг, дуулдаг, ганц нэг хөгжим дарчихдаг болгочихвол ч. Ингээд бичсэн чинь бүгдийг л чаддаг супер дупер л болгочих санаатай энэ ээж. Хэ хэ. 

За юу бичиж явлаа? Аан тийм бэлэг. 

О.зулзагат хувцасны даавуун шкаф. Дунд зулзагат Харри Поттерын 3 ном. Зөндөө л Х.П харагддаг юм. Тэгсэн бас л дутуу гэнэ шүү. Бага зулзагат хувцас. Авч өгнө дөө гэж бодож байсан гарцаагүй хэрэгтэй гэсэн зүйлээ л санта өгсөн болгочихлоо. 

Тэртэй тэргүй томроод өөрөө мэдэн хүсдэг болох учир. Одоохондоо бол данга. Ккк. 

Бас нэг бодсон зүйл хүүхдүүдээ хэт их айл хэсүүлэх дэмий юм. Сонин сонин юм харж ирчихээд, манайд бас байдаг бол гэж боддог шиг. Корона гээд ашгүй айл хэсэхгүй байгаа ч гэсэн, сургууль дээрээ бас л мэдээлэл солилцоод байна аа. 

Нэг онцлог нь ганц ч амттан өгөөгүй. Бэлгэнд нь бэлдээгүй гэсэн үг. Бага зулзага модтой чихэр гэж л байсан. Зургийн дугуйлангийн багшийн өгсөн бэлгэнд элдэв амттан байсан тул би бэлдсэнгүй. 

Энэ япончууд бас л хүүхдүүдэд элдэв амттан их өгөх юм аа. Би ч заримдаа битгий өгөө гээд хэлчихмээр санагддаг. 

Бялуу чинь амттан биз дээ? Бялуу идсэн тул тэгээд  хавааск.

За та нар минь ямар бэлэг бэлдэж өгөв дөө? Үр зулзагуудад нь таалагдсан гэж найднам.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年12月23日木曜日

Санта эмээ

За 25 болох гэж байна шүү дээ таминь ээ? Санта эмээ өвөө нар бэлгээ бэлдэж амжсан уу? 

Би яахав, дунд зулзагынхаа захианы дагуу хүссэн зүйлийг нь ам мөчид л захиаллаа. Одоогоор шуудангаа хүлээгээд л сууж байна. 

Ядаж байхад сантад явуулах захиагаа их орой бичнэ ээ. Би тэрийг нь шууданд хийх гэж бас удна. Хэ хэ. 

Шууданд хийнэ гэж авч гарна л даа. Мэдээж юу гээд л учир зүггүй шууданд хийхэв дээ? 

Зулзагатаа болохоор хамгийн үнэтэй буухиа шуудангаар явуулсан шүү, эртхэн өгөхөд яадаг юм? Тэгээд ч цагийг нь тулгаж өгөхөөр амжих эсэх нь мэдэгдэхгүй биз дээ? гэж үглэнэ. Яаж дуугай байхав. 

Ажил дээрээ ирээд л ажлын хүүхнүүдтэйгээ хамт захиаг нь задлана. Учир нь хэдэн жилийн өмнөх захиаг нь уншчихаад манай ажлынхан өхөөрдөөд. Өгүүлбэрийн бүтэц, найруулга ийм жаахан гэхэд ёстой мундаг байна гэж шагширцгаагаад. 

Тэрнээс хойш уламжлал шахуу болчихсон. Жил бүр захиаг нь тэсэн ядан хүлээдэг хүн ч байна. 

Яахав томроод нэг их урт захиа бичихээ байсан л даа. 

Энэ жилийн захиагаа англиар бичсэн. Интернетээс нэг нэг өгүүлбэр бүрээр нь шалгаж байгаад л бичээд байх шиг байсан. 

Ээж бас л үглэхээ шахсан. "Ийм үг мэддэггүй юм уу? Тийм ч үг мэддэггүй юм уу?" Гэхдээ хэлээ хазаад, дотроо "англиар бичих гэж оролдож байна гэдэг чинь өөрөө маш том дэвшилт. Ээж гуай та хэт яараад байна, хүүхэд бүр өөр шүү." гэж хэлээстэй...

Маргааш нь дунд зулзага асууж байна аа.

-Айл бүр өөр өөрөөр сантатай холбогдох юм аа, тийм ээ ээж ээ?

-Яасан, миний зулзага аа.

-Ангийн охин болохоор гацуур модон дээрээ захиагаа тавьчихдаг гэнэ ээ. Тэгээд санта ирж авдаг гэнэ. 

-Хүүе, ямар сонин юм? Хоёр ажил болгоод. Санта чинь дэлхийн бүх хүүхдүүдэд бэлэг бэлдэх гэж завгүй байхад нь захиагаа авахуулах гэж нэг ирүүлнэ. Дараа нь бэлгнээ өгүүлэх гэж нэг ирүүлнэ. 

Ээж нь тэгж хоёр ажил болгож сантад төвөг удахыг хүсэхгүй байна. Тийм үү?

-Нээрээ тийм ч юм уу? Та миний захиаг шууданд хийж амжсан биз дээ? 

-Амжсаан амжсан. Өдрийн цайны цагаараа явуулсан. Эртхэн бичсэн бол хамтдаа шуудан орохгүй юу, амралтын өдрөөр...

Нэг ийм харилцан яриа болсон. Ээж бол үнэн үнэмшилтэй жүжиглэж байгаа биз дээ? 

Хамтдаа шуудан орохгүй юу гэчихэжээ. Яг хамтдаа шуудан орвол юу болох бол? Шуудангийн ажилчид "Канад улс дахь миний Сантад" гэж хаягласан захиаг нь авахгүй л дээ...

Уг нь сантагийн бэлгийг ээж аав нь бэлддэг гэж мэдэхээр насан дээрээ ирсэн ч, мэдэхгүй царайлаад байна. Заримдаа ч үнэхээр санта байдаг гэдэгт үнэмшчихсэн мэт яриад байна. 

Ээж дотроо бас бодоостой. "Хэн нь илүү үнэмшилтэй жүжиглэж, хэн нь илүү урт хугацаанд жүжиглэх нь үү гэдгээ үзнэ ээ, хоёулаа..." Ккккк.

Бага зулзага одоогоор крисмас гэж хэлж сурч байна. Санта ирнэ ээ гэчихнэ ээ бас. Хэ хэ. 

Бага зулзагын өмнөөс ээж нь хүснэ. 

О.зулзага нэлээд дээр "ээж ээ, энэ жил над дээр санта ирэхгүй биз?" гэж асууснаа авмаар байгаа зүйлийнхээ зургийг явуулчихаж ээ. Ха ха. 

Аавд нь хэлсэн чинь за санта нь очьё оо л гэсэн. Энэ аавууд наанаа ээжид худлаа арай л их мөнгө үрээд байгаа юм биш биз? энэ тэр гэж үглэснээ цагаа тулахаар нэг их сайхан сэтгэлт аав болчих юм аа.

Ээж болохоор нэг их гэнэн цайлган хүн, аавын санааг зулзагуудад нь ойлгуулчих санаатай үглээд, яншиад, ад болох жишээний...

За тэгээд захиалж бэлдэх гэх мэт ажлыг хөөрхий муу санта эмээ л гүйцэтгэх юм даа. О.зулзагат амазоноос хүссэн юмыг нь захиалж явуулсан. 

Өнөөдөр цайныхаа цагаар гарч бага зулзагынхаа захиасыг биелүүлнэ. 

Өөрөө өөртөө амжилт. Мөн уншигч олон санта эмээ өвөө нарт ч амжилт шүү. Түр баяртай.

2021年12月20日月曜日

Охин

"Илчлэх" гэдэг номны тухай оруулсан даа. Зохиолчийнх нь бас нэгэн зохиолыг сонгоод зээлчихлээ. 

Би нэг иймэрхүү, Дэрриктэй номонд дуртай юм шиг байна шүү. Шинэ нээлт хийлээ. Хэ хэ. 

Нэг зохиолчийн номыг дарааллан сонгож уншиж байгаагүй санагдаж байх чинь. Юу Билээ? 

Ямартай ч нетээс зохиолчийнх нь тухай хальт харсан чинь зохиолууд нь ч сонирхол татаад.

Номын санд байснаас нь үүнийг эхлээд зээлчихдээ. 

Нэр нь "Охин" гэж орчуулах уу? Нэг тийм гоё, уран цэцэн орчуулж чадахгүй байна өө. 

Агуулга нь нэгэн ахлах сургуулийн охидын тухай гарч байна, яг одоогоор. 

Зуныхаа амралтаар Ацүко настангуудын асрамжийн газар сайн дурын ажил хийхээр болно. Юки  бага насны хүүхдүүдэд, өндөр настны асрамжийн газарт очин ном уншиж өгдөг сайн дурын ажил хийхээр болдог. 

Ингэж сайн дурын ажил хийх болсон шалтгаан нь тэдний ангид шинээр шилжиж ирсэн нэгэн охины ярианаас үүдэлтэй. Шилжиж ирдэг охины өмнөх сургууль нь нэлээд нэртэй сургууль юм байх. 

Тэр сургуулиас шилжиж ирнэ гэдэг цаанаа л нэг "но"-той гэж охид бодно. 

Шилжиж ирдэг охины өмнөх сургуульдаа дотно найзалдаг байсан найз нь амиа хорлочихсон. Тэгээд тэр сургуульдаа байхад хэцүү байсан уу? сайн мэдэхгүй ч дээрх хоёр охины сургуульд шилжиж ирнэ. 

Найзынхаа үхэлтэй нүүр тулгарсан тухайгаа, үхлийг, үхсэн хүнийг ойроос харсан гэдгээ Ацүко, Юки хоёрт хэлнэ. Үхлийн тухай сонссон хоёр найз, өөрсдөө ч бас үхлийг, ойр дотныхныхоо хэн нэгэн үхэхийг харах юмсан гэж бодно. 

Мэдээж энэ тухайгаа бие биедээ хэлэхгүй, нууна. Тэр бодол, хүсэл нь биелэж магад гэж үзсэн өөрсдийн төсөөллийн дагуу дээрх сайн дурын ажлыг хийхээр болдлог.  

Охидын ар гэрийн байдал нэлээд ээдрээтэй. Юкигийн эмээ нь зөнөөд, сургуулийн захирал байсан үеийн дүрдээ орчихдог. Өвчин нь хөдлөхөөрөө гэрийнхнийгээ жагсааж байгаад шугамаар цохино, хэдэн цагийн турш сургааль айлдана. 

Юкигийн гарт нэгэн сорви байна. Тэр нь эмээгийнх нь өвчин нь хөдөлсөн үедээ хийсэн үйлдлээс үүдсэн сорви. Мэдээж түүнийгээ, эмээгээ үеийнхнээсээ нууна. 

Охид цаанаа л нэг айдастайгаар сургуульдаа явна. Сургуулийн арын? цахим хуудаст өөрсдийг нь муулж бичсэн байх вий? Бусад хүүхдүүдээс ялгараад "ижимэдүүлэх" вий гэх мэт. 

Хэрэв тэд үхэлтэй нүүр тулж, хэн нэгэн ойр дотныхоо хүний үхлийг харах юм бол хүчтэй болох болов уу? гэсэн бодол тээнэ. 

Энэ япончууд нээрээ сонин сонин зүйл сэтгэж бичнэ шүү. Амиа хорлолт, үхлийн тухай их бичих юм аа бас л...

Өөрөө албатай юм шиг уншчихаад уу? Хэ хэ. 

За одоогоор нэг иймэрхүү хэсэг дээр явж байна. Уншиж дуусаад үргэлжлүүлж бичих эсэхээ мэдэхгүй л байна. Таалагдвал бичнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年12月16日木曜日

Хөршийн холбоо

Ойрд хөршийн холбоогоо бичээгүй байх юм. Түүнээс өгч авалцаад л яваа бид.

За үүнийг нэг их холын биш хөрш маань хань ижилд минь өгөөд явуулжээ. Би нэг л удаа уулзаж байсан. Одоо царайг нь сайн санахгүй байна өө. Хэ хэ. Хань ижил л сайн танина. 

Дэлгүүрээс нэг ууттай худалдаж аваад л хоёр өдөр дуусдаг байхгүй юу. Ашгүй гадаанаа мандарины модтой хөрштэй боллоо. Зузаан найзлах юм шүү. Хи хи. 

Муухай ашигч байна уу? Хөөрхий минь наанаа л ингэж хэлээд, бичээд байгаа юм шүү дээ. Цаагуураа бол нэрэлхүү золиг шүү дээ би. Тоглоом наргиа хийгээд буйг минь ойлгож уншиж буй гэж найднам.

Сая бүтэн сайнд хоёр монгол сурагч охин манайд сууж байв аа. Хонх дараад л алтан хөрш минь оруулж өгөв. Эгчийнх нь хөршийн холбоо гэж ирээд л оруулдаг зурагны эзэн хөрш шүү дээ гэж танилцуулав. Охид л болсон хойно бяслагтай бялуунд дуртай байсан. 

Хүний тоогоор ингэж 4 ширхэгийг өгсөн ч 2 зочдоо дайлаад, үлдсэнийг нь эвтэй найртай хуваагаад идсэн. Балын бага нь амттай, олзыг олуулаа. Өөр юу юу гэдэг билээ дээ. 

Японы хойд нутгийн алим. Жижгэвтэр нэг ширхэгийг нь зургийн дугуйлангийн багш өгсөн. Үлдсэн 2 ширхэгийг нь ажлын газрын хүүхэн өгсөн. Хамаатан нь Аомори мужид байдаг, явуулсан гэнэ ээ. 

Эд нар ингээд тэр бүр уулзаж учирч амжихгүй үедээ суугаа нутгийнхаа амттан, бренд бүтээгдэхүүнээс бие бие лүүгээ явуулна аа. 

Багад хөдөөнөөс ааруул, тос гээд л ирдэг байсан санагдав. 

Нэг иймэрхүү хөршийн холбоо минь бат бөх үргэлжилж л байна. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年12月15日水曜日

Ваар

Бага байхад цэцгийн ваар гэхээр л болор ваартай айл их байдаг байлаа. Ганц цэцгийн ваар ч биш л дээ. Чихэрийн тавагнаас авахуулаад л ямар нэгэн болор сав суулгатай айл баянд тооцогддог байж.

Энд харин үгүй юм аа. Икэбана буюу амьд цэцгийн урлаг нь сонин хачин хэлбэртэй, чамин нь аргагүй саванд цэцгээ суулгана шүү дээ. Өмнөх блогтоо бас хөөрхөн хөөрхөн савтай цэцгийн зураг оруулсан санаад байна.

Икэбана нь цэцгийнхээ савны ёроолд тусгай хатгагч тавьдаг. Хадааснуудыг ирийг нь дээш нь харуулаад хадчихсан юм шиг, үзүүртэй зүйл. Түүндээ цэцгээ хатгадаг.

Ажлын газрын нэг давхарт үе үе ийм бүтээлийн үзэсгэлэн болдог. Заримдаа санан санан зураг дарна. Ихэвчлэн цагтай уралдаж гүйдэг надад яг энэ дэргэдэх сайхныг харж баясаж амжилгүй өнгөрөөчих гээд байдаг талтай.

Энэ удаагийн тайлан үзэсгэлэн нь ганцхан цэцгийг олон төрлийн вааранд донжийг нь олж амилуулах байсан бололтой. Цэцгийн нэрийг "сэрүү цэцэг". Англи нэр нь нарцис. 

Өнгөрдөг жил нэгэн найзындаа данх цай хоослонгоо буу халж суухад энэ цэцэг бас л өдөөс хараад мишээхэд нь нэрийг нь хайгаад л сүйд болж байсан юм. Нэрийг нь мартчихаад дахин хайв шүү дээ. 

Хүн гээч амьтан мартах ёсгүй зүйлийг мартаад, мартчих нь дээр зүйлийг санаад л явдаг хохьмой толгойтой юм аа. За за энэ өгүүлбэр үнэн авцалдаагүй болчихлоо. СБА шүү. Ккк.

Энэ ваар их таалагдсан. Харж зогссоноо угаахад хэцүү юм байна гэж бодож амжсан. Уг нь хадгалахад амар байгаа биз? Дээрх ваарнуудыг бодвол зай эзлэхгүй. 

Хүний өмнөөс санаагаа чилээнээ гэж...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. Удахгүй шинэ он гарлаа даа...

2021年12月13日月曜日

Үлэг гүрвэл

Граунд гольф тоглодог толгод минь мөлжүүр сайтай толгод шүү дээ. Тэмцээн дууссаны дараагаар бид зулзагуудаа баясгаад, зугаалаад амжсан. 

Бага зулзага минь машинаас буугаад л анхаарал нь энэ гайхлууд руу явчихсан. Бусад нь болохоор тэмцээнд түрүүлчих санаатай л ирж байгаа шүү дээ уул нь. Хэ хэ. 

Энэ цаад талдаа шаттай. Шатаар өгсөөд, хүзүү хэсэг рүү авираад, амаар нь царай нь харагддаг. Гэхдээ тийм ч сайн харагдахгүй, харанхуйлаад байсан. 

Гэхдээ доторх шат нь жаахан маамаа нарт бол авирахад хэцүү л юм билээ. Шат гэж хэлэхэд оновчгүй юм байна аа. За за та нарын төсөөлөлд даатгасугай. Хэ хэ. 
 

Биднийг тэмцээндээ орчихсон ана мана үзэлцэж байхад бага зулзага минь бүр уйдаад, ингээд хэвтчихсэн харагдсан. Хэ хэ. 

Ирэх жилээс хамгийн бяцхан тамирчин болгоод бөмбөг цохиулна аа. Тэгвэл уйдахгүй байж магад. Яах бол? Эсрэгээрээ бас залхуутай санагдаад, нэг газар очоод шомбойгоод суучих болов уу? 

Дахин үлэг гүрвэлтэй газар очмоор байна л гээд байгаа. Машинаар цаг гаран явж хүрэх учраас тэр бүр завдахгүй л байна. Ойрноос дахин нэг очихыг хичээнэ ээ. 

Үлэг гүрвэл л ярьдаг хүнд сонирхолтой байсан бололтой. Эрэгтэй хүүхдийн үздэг хардаг зүйл нь цаанаасаа л нэг өөр байдаг юм байна тийм ээ? Би энд бас давхар суралцаад л явж байгаа шүү. Амжилт хүсээрэй. Хи хи. 

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2021年12月12日日曜日

Алтран шаргалтаад

Ойрд дулаахан, нарлаг өдрүүд үргэлжилж байна. Ажын хажууханд нэгэн ийм талбай бий. Доторх ганц нэг мод нь ёстой миний дуртай алтран шаргалтаад, сэтгэл гижигдээд...

МУИС-ын хажуугийн зам дагуух модод яг ингэж шаргалтаад, найзуудтайгаа алхдаг байсан санаанд орно оо гэж...

Оюутан цагаа эргэн дурсах ч сайхан шүү. Хөгжилтэй байж ээ. Сурахаасаа илүү зугаалах л гоё байж гэхгүй юу. Ккк.

Алт шиг харагдаж байна уу? Наранд гялтаганаад сайхан байсан. Гэм нь гоё дарж чадаагүй байна өө. Мэргэжлийн аппараттай явсан бол ч...

Удахгүй цас ороод, нэвсийх байх даа? Бага л ороосой гэж бодож байна. Цас ихтэй үед яадгийг байнгын уншигчид минь мэднэ тийм ээ. 15 минут давхиад очдог газар нэмж 15 минут зарцуулаад, нийтдээ 30 минут. 

Улаанбаатарт 3 цаг түгжирдэг та нараараа бахархдаг шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年12月11日土曜日

Гацуур мод ба амттан

Гацуур модоо зассан биз дээ? Бид аль хэдийн засчихсан. Нэг орой нь модоо угсраад. Ажлын өдөр аавыгаа дайчлаад. Тэгэхгүй бол амралтын өдөр нь эсрэгээрээ завгүй гүйгээд байгаа ойрд. 

Дараагийн өдрүүдэд нь хоёр зулзага өөрсдөө тоглоом болон саагаа чимсэн. Бага зулзага нэг нэгээр нь тоглоомоо барьж үзээд л, сонирхол нь буурахаар өөрийг барьж үзээд л. Нууцаар авч тоглоод л яваа. 

Ээж мэдээгүй царайлаад л. Хэ хэ.

Хотын маань үүд болсон галт тэрэгний буудлын ойролцоох гацуур модны дэргэдэх цаа буга. Арын тэргэн дээр хүмүүс сууж зургаа авахуулаад байсан байх. 

Гэхдээ охид хөвүүд голцуу. Би ч нас яваад тэр юм уу? Гарч суусангүй ээ. Хэ хэ. 

Энэ гацуур мод нь. Том газруудынхыг бодвол жижигхэн л  дээ. Гэхдээ л байгаадаа сэтгэл хангалуун байхад л болно тийм үү? 

Дэлхийн ихэнх охидын дийлэнх нь юун гацуур мод харж баясах? Өдрийн ганц ногооноор амьдралаа залгуулах гэж хичээж байхад миний энэ цамаан зан бол илүү л ажил юм шүү дээ. Хо хо. 

Яагаав өмнөх бичлэгийн номын агуулгыг санаж байгаа биз дээ? Хажууд нь би аз жаргалтай. Талархаад ханашгүй... 

Гурван охин нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэсэн нь гэдэг зураг. Эндхийн нэгэн ахлах сургуульд сурдаг 2 охины нэгнийх нь төрсөн өдөр тохиогоод. 

Гэрт минь үе үе ирж хооллодог болохоор энэ удаад би жаахан залхуураад. гадуур амттан идэхээр гарцгаая гэсэн  чинь дуртай байсан манай хоёр. Охидоо гэж, хөөрхөн шүү.


Үүнийг би идсэн. Дандаа л чоко иддэг болохоор, арай өөрийг сонгосон. Аягатай нь ч бас арай өөр. Өдөр бүр тувт л хар боргол уудаг хүн энэ удаад кабучино сонгосон. 
Сонголт миний гарт, хэхэ. 

Дараагаар нь хамтдаа зургаа авахуулав. Одоо ч зураг хөргийг их амархан аваад, гаргаад ирдэг болжээ. Соёлыг гайхаж байгаад л ирэв. 

Будаж шунхдаагүй байхад ингэж хөөрхөн, бүлтгэр, булбарай гарч байгаа юм чинь будсан бол ургаад өгөх байжээ гээд л жуумалзав би чинь. Өөрийгөө ийм хөөрхөн билүү ч гэж бодож энэ тэр. Ккк. 

Ингэж хөөрхөн гараад байдаг бол зураг хөргийг бол авахуулаад л баймаар. Зураг авахуулах дургүй хүн шүү дээ. Уг хүн ямар байна тэгж л гарна гэгчээр, онцгүй гардаг хүн байна өө. Хи хи. 

За за амттан, гацуур бичиж байсан хүн хадуурч байна. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年12月10日金曜日

Би эмэгтэй учраас

Эмзэг сэдэвтэй нэг ном уншаад эхэллээ. Угтаа дунд зулзагыгаа уншиг гэж бодож зээлсэн. Уншсан эсэхийг мэдэхгүй. Өөрөө унших гээд эхлүүлсэн чинь нэлээд хүнд сэдэвтэй. 

Дээрээс нь үг хэллэг нь ч хүнд талдаа, толгойд нэг л бууж өгөхгүй л байна.

Орчуулагч нь Какүта Мицүё. Япон хүн. 

7 зохиолч өөр өөрсдийн үзсэн харсанаа буулгасан ном. 

Tim Butcher-Английн зохиолч.

 Guo Xiaolu-Хятадад төрсөн английн зохиолч. 

Joanne Harris-Английн зохиолч. 

Kathryn Lette-Австралийн зохиолч. 

Deborah Moggach-Английн зохиолч. 

Marie Phillips-Английн зохиолч. 

Irvine Welch-Скотландийн зохиолч.

За ийм 7 хүн тус бүрнээ нэг нэг нийтлэл? тэмдэглэл? бичсэн байна.

Буурай орны охидын ахуй амьдраль, хувь заяаны тухай гарна. 

Охидыг бага байхад нь хэлүүг нь тайраад авчихдаг газар байх.  2000-5000 жилийн уламжлалтай зан заншил нь гэх. 

Энэ тухай бас нэг иймэрхүү номноос уншиж байсан юм байна. Хэцүүе ээ, анх уншаад гайхахын ихээр гайхаж билээ. 

Шалтгаан нь охидыг сэрэлгүй, сексийн дур сонирхолгүй болгох?, цэвэр ичимтгий? гэдгийг нь батлах гэсэн байх шүү. Охидыг хамгаалах олон улсын байгууллагуудын ачаар энэ заншлаасаа татгалзаж байгаа тосгодууд олширч байгаа гэнэ. 

Бодлоо, манайхны охидынхоо даахийг үргээдэгтэй утга ижил байхдаа гэж...

Мөн багаасаа дайнаас өөр зүйл мэдэхгүй, буу барин "дайсан"-аа зөндөөг хороосон, цэрэг эрсийн зугааг гаргагч арван хэдхэн настай охид...

Арван хэдхэн настайдаа уран чамин үгээр үлгэрийн үлгэрийн амлалт өгөх эрчүүдэд хууртагдан жирэмсэн болоод хоцрох охид...

Гэр бүл дэх хүчирхийлэл, гэр бүл салалт, ганц бие ээж...

10-хан нас гарантай охидоор бэлгийн дур хүслээ хангагч зэвүүн зэвүүн эрчүүд, мөн дур хүслээ хангахаар ирдэг зэвүүн зэвүүн жуулчид, хойд эцэг, гаж донтон эрчүүд, гаж донтой аавуудаг тэнгэр ниргэг.

Бичихээс ч аймар. Бага насны охидоо зардаг өвөө, аав. Гэртээ тэр бузар үйлдлээ хийлгэдэг гэхээр л яачихсан хорвоо вэ гэж бодох... 

Эдгээр зохиолчид нь "Plan International" төрийн бус байгууллагын хүсэлтээр, "Because I am Girl" хөтөлбөрийн хүрээнд тухайн оронд, тосгонд очиж нөхцөл байдалтай танилцаж, төсөөлшгүй дүр зургийг нүдээр үзэж харснаа дэлхий нийтэд түгээх зорилготойгоор энэ номыг хэвлүүлж гаргасан болно. 

Орчуулагч ч бас "Plan International Japan"-ы хүсэлтээр 2009 он, 2011 онд Өмнөд Африкийн Мали улсад очиж дээр бичсэн охидын хэлүүг тайрахыг эсэргүүцэх хөдөлгөөн, Энэтхэгийн охидын биеийг үнэлүүлэхийн эсрэг хөдөлгөөний хоргодох байр зэргийн тухай сурвалжилж, нийтэлж байсан.

Эх оронд минь ч бага насны охид, эмэгтэйчүүд элдэв халдлагад их өртдөг, энэ тухай уншиж, сонсох бүртээ их тавгүй болдог. Сүүлдээ уншихаас зайлсхийдэг. Угтаа бол надад л тохиолдоогүй бол яамай гэж бодох нь буруу ч...

За ингэсгээд энэ сэдвийг өндөрлөе дөө. Бичээд байвал дуусахгүй байх тийм үү?

Ойрд ч номыг идэж байна тийм үү? Баабарын хэлснээр. Тэгсэн саяхан Батжин гэх залуугийн хэлсэн бас санагдаад болдоггүй. Ха ха. 

Юу гэж хэлсэн гэхээр? Өөрсдөө олж сонсоо. Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年12月9日木曜日

Япон тэнгис

Япон тэнгисийн эрэг дээр 

Янаг бид зугаалсаар овоо хэдэн жилийг ардаа үджээ. Эхнээсээ эрдэм сурахаар үүрнээсээ нисээд...

Энэ зураг үнэхээр сэтгэл хөдлөм байгаа биз? Яг дэргэд нь шахуу айлууд байх юм аа. Нэг бодлын рамаанчик, нэг бодлын сүрдмээр. Цүнами ирэх аюул багатай нь сайхан...

Граунд гольф тоглосон тэр нэг бүтэн сайны өдөр үнэхээр сайхан өдөр байсан. Япон тэнгисийн эрэг дээрх нэгэн толгод дээр бидний хэдэн гадаад "тамирчид", япон тамирчид хоорондоо тулалдсан гэж байгаа.

Тамирчид гэж албаар онцлоод байгааг минь ойлгож уншиж буй гэж найднам.

Далайн эргийн машин замаар хурдалж буй дүрс кино зэргээс их хардаг даа. Багадаа ингэж давхиж үзэх юмсан гэж хүсдэг л байлаа. 

Манай эндхийн зам гэхдээ нэлээд мушгиралдсан тул, дотор муухайрах үе байна. Харин Японыхоо нэлээд хойд нутгийн эрэг бол сайхан шулуун хурдны замтай юм билээ. 

Олон жилийн өмнө давхиж байхад рамаанчик байсан. Гэхдээ хань ижил их хурдтай давхиад зүрх амаар гаргачих гээд байсныг саначихлаа. Залуу ч байж дээ. 

Яг ингээд эрэг дээр амьдардаг айлууд. Машин тэрэг нь амархан зэвэрдэг гэж сонсож байсан. Далайн давс зэрэгт. Бодвол байшин сав нь ч бас зүгээргүй байдаг байх.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.