2022年7月23日土曜日

Сагсны эргэн тойронд 2

За энэ сагс гэж ядаргаатай зүйл байна шүү. Гэхдээ бид гарахаар шийдсэн. 

Тэр ахлагч хийдэг байна уу ер хамаагүй. Ядаргаа л байна. Нэг их хариуцлагаа ухамсарлаад, төгстлөө явчих санаатай байсан чинь болж өгөхгүй байна. 

Би бүр саяын өнгөрдөг 4 дөхөд нэг ээжтэй чанга чанга дуугаар хэрэлдээд авлаа. 

Өнгөтөөр бичих үү? 

Угтаа төгсөх ангийн ээж аав нар хамаг юмыг нь хийдэг гэсэн дээ. 2-хон хүүхэдтэй, тэрнийх нь нэг нь бид. Нэг нь ганц бие аав байдаг юм. 

Би тэгж хамаг юмыг нь мэдээд, эд нар шиг гүйж чадахгүй байгаа. Хань ижил ядаж байхад монгол явчихсан эзгүй.

Эзгүйд нь ийм том хэрэг тарьчихаад л сууж байна. Хүнтэй хэрэлдээд. Ккк. 

Гадаадаараа түрээ барих дургүй ч үнэндээ эдний энэ их бичиг цаас, ийш тийш нь мэйл бичих, зохицуулах ажлыг чадахгүй, яг амин дээр тулсан биш болохоор бас хүчлэж хичээхгүй байсан минь алдаа байлаа. 

5 дугаар ангийн охины 2 ээж гол чухал ажлыг амжуулаад гүйгээд байсан юм. Би ч дотроо мэдээж баярлаад, талархаад л явсан. Тэгсэн хангалтгүй санагдсан бололтой. 

Тэр өдөр нэг ээж нь ганц бие аавтай охин луу асаад, заалаар нэг чанга чанга орилоод, юм хумаа тараагаачээ, эхнээсээ хариад байна, аав чинь дараагаар гэрт гэрт нь тарааж өгч чадах уу? гээд л. 

Хүүхэд л болсон хойно томчууд бидний хүссэнээр түргэн шуурхай хөдлөхгүй шүү дээ, аминдаа л юм хумаа хураачихаад л тараах санаатай байсан биз. 

Уур нь хүрээд байсан юм бол надад л хэлчихгүй, цухалдаад л гадаа гарсан ч чанга чанга орилоод л байсан юм. Бөмбөгөө мөмбөгөө зөөгөөчээ гэж ирээд л. 

Би 6 ангийн хүүхдийн ээж юм болохоор бас дуугай байхгүй, 5 ангийнхан жаахан хөдлөөд өгнө үү, 6 ангийнхан 2хон л хүүхэд байна, гээд хэлчихсэн юм. 

Тэгсэн миний ингэж хэлсэн нь тэр ээжид таалагдаагүй бололтой. 

Загнуулаад байсан охин хөөрхий минь ганцаараа уйлаад алхаад харьсан. Нэг ээж араас нь очиж хүргэж өгсөн. 

Би "хөөрхий, чанга чанга орилоод загнаад байхаар чинь тэгнэ шүү дээ" гэж хэлээд, өнөөх ээж гэнэт над руу асаад. Бүр орилж загнаад намайгаа. 

Би бас хүн болсон юм хойно, тэсэлгүй чанга дуугаар өөдөөс нь хэрэлдээд. 

Тэгсэн зөвхөн тэр удаагийн явдлыг бус улирсан баларсан юм сөхөж ирээд, над руу дайраад. "6 ангийнхны ээж аав ер нь юу хийж байгаа юм, эртээдийн тэр нэг мэйл юу вэ?" гэж орилоод. 

Нөгөө нэг аав эртээд нэг мэйл бичсэн байсан, тэр нь бас таалагдаагүй бололтой. 

6 ангийн 2 нийлээд 5 ангийнхныг муулдаг л гэнэ, элдвээр хэлдэг л гэнэ. Мэдэхгүй ээ, одоо тогтоосон юм ховор байна. 

Би бас мөчөөгөө өгөлгүй "би хүүхдээ хүн муулж бай гэж хүмүүжүүлээгүй" гэсэн чинь "хүмүүжүүлсэн л байна шд" гэж үү. 

Дараа нь охиноосоо асуулаа, та 2 тэд нарыг яадаг юм муулаад л байдаг юм уу? 

-Үгүй шд, тэд нар чинь л өөрсдөө...

Энд бол иймэрхүү нэг босс маягтай ээж байгаад, тэрэндээ юм хэлж чаддаггүй гөлөлзөөд байдаг. Яахав хэрүүл уруул гаргаад яахав гээд тэгсгээд зайгаа бариад явдаг юм шиг байна лээ. 

Ганц энэ удаагийнх ч биш, эртээд бас нэг ээж нь ирээгүй байсан охин луу үсчээд л байсан гэсэн. 

Тэрийг нь тэгээд хараагүй юм шиг, сонсоогүй юм шиг, хэлж чадахгүй байдаг бусад ээж нар ч гэсэн мангар байгаа биз дээ? 

Бүр нэг, нэгнийгээ ижимэдүүлж байхад дуугай хараад, өнгөрөөд сурчихсан байдаг бололтой, багаасаа. 

Бид бол дээрэлхүүлж байгаа талд нь ороод үзэлцээд өгье л байдаг биз дээ? Хэ хэ. Эсвэл хань ижил бид 2 л тийм юм уу? Мэдэхгүй...

Орилж орилж байснаа цаана очоод суучихсан, хоёр ээж намайгаа сэнхрүүлэх гээд байгаа бололтой. Өнөөх дэмбэрэл ээжийнхээ талд орчихсон. Бидний төлөө их л зүйл хийж байгаа бла бла.

Мэдээд байгаа, талархаад байгаа л гэлээ. Тэгсэн нэг филиппин ээж баярлалаа гэж хэлдэг үү? гэнэ ээ. Аминдаа хэлээд л явсан ухаантай. Одооныхны хэллэгээр пялдагадах хэрэгтэй байж.

Гэхдээ гол ажлыг нь нугалж өгч байгаа нь гээд нэг их босс царайлаад л, хүн хүн лүү асаад байж болохгүй биз дээ? Шал дургүй хүрчихсэн. 

За өөр юу билээ? Хүн ер нь уурлахаараа болсон явдлыг нэг бүрчлэн санадаггүй юм байна. 

Сагсны буянаар зөндөө л хүнтэй танилцлаа, олон ааштай хүмүүстэй уулзлаа. Олон янзын гэр бүл байдгийг мэдлээ. Энэ над руу асдаг ээж ганц бие, ганц охинтой, охиныхоо төлөө бүхнээ л зориулдаг, охин нь амьдралых нь утга учир болсон хүн байдаг гэсэн. 

Өөрийн охин чухал мэдээж, гэхдээ бусдын хүүхдийг ч яг охин шигээ хайрла гэхгүй ч хүндэтгэлтэй л харьцах ётсой биз дээ? 

Ямартай ч гарна, гэж бодсон хөнгөрөөд сайхан байна. Одоо няравынхаа ажлыг мөнгө санхүүг нь цэгцлээд, аваачаад өгчихнө. Хань ижлийг аваачиж өг гэнэ, ирэхээр нь. 

Би бол тэр ээж нарын царайг хармаагүй байна. Ядаргаа биз дээ, ядаргаатай хүмүүсээс татгалзах хэрэгтэй. Тэд нар ч миний царайг харах хүсэлгүй байгаа биз? 

Амь биш заяа биш, одоо дунд сургуульдаа бэлтгэх минь, үр минь гэсэн. Зулзага хөөрхий минь больё оо ижий минь гэсэн. Угаасаа ч нэг их сайн ч биш, сагсандаа. 

Бага зулзагыг бас иймэрхүү олон нийтийг хамарсан дугуйлан секцэнд оруулахдаа их анхаарах хэрэгтэй юм байна, ялангуяа нэг үеийн олон хүүхэд байвал л оруулна аа. 

Цөөхөн бол бас энэ удаагийнх шиг ямар нэг албан үүрэгт хуваарьлагдаад, тэрийг нь эдний хүссэнээр нь тултал хийж чадахгүй бөөн хэл ам болох юм байна. Их л туршалага сууж байна даа. 

Их урт зүйл бичиж, чилээсэнд уучлаарай, японд амьдардаг бөгөөд хүүхдээ элдэв дугуйланд явуулах гэж байгаа бол өчүүхэн ч гэсэн санаа авах зүйл болсон байх гэж найднам. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2022年7月6日水曜日

Үлэг гүрвэлийн ертөнцөөр

Мужид маань үлэг гүрвэлийн музей гарсан. Нэлээд хэдэн сарын өмнөөс танилцуулга хуудас цэцэрлэг сургуулиар тараагдаад, энд тэнд хадаастай. 

Бага зулзага харахаараа л чанга дуугаар үлэг гүрвэл гэж орилоод. Бушуухан шиг үзэж санааг нь амраалаа. 


 Мэдээ орсон цагаасаа эхлээд л үлэг гүрвэл гээд, номын сангаас элдэв ном зээлж үзэж байсных, ганц нэг нэртэй. Аан энэ нь махчин, энэ нь өвсөн тэжээлтэн гэх мэт. 

Бага байхад байгалийн түүхийн музейд томоос том үлэг гүрвэлийн яс байдаг байсан тийм ээ? Тэр одоо яасан бэ нээрээ? 

Бага насанд үзсэн харсан зүйл сэтгэлд их тод үлдэх юм даа гэж. Амралтаараа үздэг байсан цирк ч мөн адил сайхан дурсамжийн нэг. Завсарлагаанаар юм авч идэхээр шатаар өгсөж ураадаад л. 

За энэ робот. Хөдөлнө, архирна. Жаахан маамаа нар айгаад уйлаад байсан. Манайх гайгүй шүү, нэлээд удаан харж зогссох. Нүд нь бас л сүртэй байсан. Ногоон, эргэлдээд л. 

Тиранозаврын тархи. Яг юу гэж байгааг уншихаасаа залхуураад зураг дарсан. Тархины хүндийн хэмжээ нь нэг ширхэг алим шиг, ойролцоогоор 218 грамм гэнэ. 
Биеийн жин 7700 кг байсан ч гэж яригддаг гэнэ. 

Үзмэрийн төгсгөлд мэдээж эцэг эхийн халаасыг хоослох хөөрхөн арга заль байна. Үлэг гүрвэлтэй тоглоом, дурсгалын зүйл гэх мэт. 

Бидэнд овоо хэдэн үлэг гүрвэл байгаа болохоор аваагүй. Зураг дээр харагдаж байгаа шиг каарт авсан. Нийлүүлж эвлүүлдэг. Ар талд нь бас үлэг гүрвэлийн зураг, тайлбартай. 

Дунд зулзага нэг түлхүүрийн оосор авсан. Ээж гэртээ наалт авсан. 

Ахлах сургууль болон түүнээс доош насныхан төлбөргүй. Ээж аавууд 1000 иэн. Гэхдээ дурсгалын зүйлс нь нийтдээ хэд болчихов оо. Хо хо. 

Одоо үе үе дарсан зургаа харж, зээлсэн номоо уншиж мэдлэгээ бататгаж байх шив дээ, нөхөр бага зулзага. 

За хүмүүс их аялж байна аа тийм ээ? Энд би татах гээд байгаа шүү, та нарын зургийг хараад. Хэ хэ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2022年7月5日火曜日

Нээлттэй хичээл

Уламжлалт бичлэг. 

Нээлттэй хичээл улиралд нэг болдог.  Корона гээд эцэг эхчүүдэд зориулсан сургалт зохиогоогүй 2 жил болсон байна лээ. 

Сошиал ертөнцийн зөв хэрэглээ, зөв хориг зэргийн талаар ярина гэхээр нь суусан. Ихэвчлэн суудаг л даа. Адаглаад япон хэлний хичээл болно шүү дээ, мөн сургуулийн тогтолцооны тухай мэдэж авна. 

Ангийн үүдэнд наасан, тухайн өдрийн арга хэмжээний дараалал. Доошоо нэлээд хувийн чанартай байсан тул тал зураг л дарсан. 

Цагдаагийн байгууллагаас ирж дээрх яриаг хийсэн, нээрээ. 

Хэдэн жилийн өмнө бол ахлах, дунд сургуулийн хүүхдүүд хэт их сошиалд автаад, бүлэг чатад бие биенийгээ муулах, ад үзэх, үл тоох, элдэв зургийг нь оруулах гэх мэтээр асуудал ихэссэн бол сүүлийн жилүүдэд бага сургуулийн сурагчдын дунд ч ихсэж буй гэнэ. 

Ухаалаг утасны хэрэглээ ихэссэнтэй шууд холбоотой. Бас их цахим тоглоом тоглох юм. Гэртээ дүрэм журам тогтоодог гэнэ. 

Манайх тийм тоглоом байхгүй. Охид бол "өө үгүй, авч өгөхгүй" гэхээр нэг их улайрахгүй, о.зулзага ч хэрэггүй шүү гэдэг. 

Бага зулзага дээрээ яах бол? гэж санаа зовоостой. Эрэгтэй хүүхдүүдийн дунд тоглоомтой байх нь заавал байх ёстой гэдэг үзэл ноёлдог шиг байна лээ. 

Ангийн хананд өлгөөтэй байсан бүтээл. Яг яаж яаж зурсан зураг ч гэлээ. Зулзага тайлбарлаад байсан. Тогтож сонсоогүй байна, уучлаарай үр минь. 

Шүлгийн түүвэр гэсэн. Олон хуудас байсан. Хамгийн эхний нүүрний шүлэг. 

"Хэсэгхэн жаргал"---Сургуулиа тариад харих нарийн замаар зэрэгцэн алхах найзуудын шивнээг тэсэн ядан хүлээдэг. 

Аялал гэдэг ханзнаас бүтсэн үг. Энэ жил уг нь аялах ёстой, корона гээч зүйл хамаг зүйлийг шийдэх гээд байна.

Аятайхан бичээд байгаа харагддаг. Багш нь уран бичлэгийн дугуйланд явдаг уу? гэж асуусан гэсэн. Өөрөө явахгүй гэсэн. Ээжийн санаа бол явуулаад, ханаараа нэг уран бичлэг хадчих санаатай. Хэ хэ. 

За тэр яахав? Хэзээнээс ухаалаг утас ач өгөх вэ гэдэг яриа өрнөөд. Ахлах сургуульд ороход нь, сонгонд орвол хамгинй үнэтэйгээс нь авч өгнө гээд амлачихсан. 

О.зулзагын замаар л яваа хөөрхий минь. Эгчтэй нь харьцуулаад байна гэж заримдаа гомдоллодог. Би ч үгүй, харьцуулаагүй гэж гүрийдэг. Хэ хэ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年7月4日月曜日

Аварга чавга

Хань ижил уул яваад ирсэн. Бид явсангүй, ажил албаа зохицуулах боломж байгаагүй. Гэнэт шийдээд, яваад өгсөн. 

Явмаар л байсан. Ууланд сайхан сэрүүхэн байна гэсэн, түүнээс энд асар их халж байна.

Өвөө эмээ нарын минь тарьсан жимс. 70 гарчихсан 2 хөгшин маш ажилсаг юм аа. Элдэв ногоо тарина. Сонгино өгч явуулсан байсан. Азны коля. Сонгино үнэд ороод байгааг ч хэлэх үү?

Энэ ёстой аварга үмэ буюу чавга байлаа. Миний нэрийг цохож ирээд л өгч явуулсан гэсэн, энэ 2 жимсийг. 

Дарс. Энэ жил дарснаасаа том шилтэйг өгч явуулах гээд байсан гэсэн. Хань ижил санаа нь зовоод, хэрэггүй ээ, бид өөрсдөө ирэхээрээ ууна гэж хэлээд оронд нь үүнийг авсан гэсэн. Хэ хэ. 

Хөдөөний нэг тийм сайхан айл байдаг даа. Зочин гийчинд байгаагаа барьж гүйгээд л, сүйд болдог хүмүүс. Манай 2 яг л тийм буурай бий. 

Корона гайгүй намжиж, ажил төрөл гайгүй болбол нэг очмоор л байна шүү. 

Нэрсээ жимсээ гэрлийн хурдаар идээд дууссан. Ганцаараа. Гэрийн бусад гишүүд идэж өгөхгүй байсан. Элсэн чихэр хийж, чанамал хийвэл идэж магад. Гэхдээ аль болох оригоор нь л идвэл сайн биз дээ? 

Тарвас худалдаанд гараад эхэлчихэж. Идэж өгнө өө. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年7月2日土曜日

Сагсны эргэн тойронд

Бага сургуулийн төгсөх анги болоод, ийм төгсөх ангийн хоёрхон хүүхэд байдаг болохоор дунд зулзага багийн ахлагчаар томилогдчихсон гэж хэлсэн дээ. 

Корона жаахан намдасхийгээд, дугуйлан секцүүдийн үйл ажиллагаа идэвхижээд. 

Сагсны дугайлан ч мөн адил 7 хоногийн 4 өдөр хичээллээд. Ганц нэг тэмцээн уралдаанд оролцоод. Ахлагчийн үүрэг хариуцлага яригдаад. 

Бусад гишүүд ахлагчийн үгийг сонсохгүй, фракц фракцаараа бөөгнөрөөд, элдэв ааш гаргаад. Бэлтгэл тарахаар л дунд зулзага гомдоллодог. 

Нэг өдөр авахаар очлоо. Нэг дасгалжуулагч нь хэлж байна аа. Ахлагч уйлаад, ахлагчийн үүргээс чөлөөлөгдмөөр байна гэсэн. 5 дугаар ангийнхан ахлагчийнхаа үгийг сонсохгүй, өөдөөс нь цор цор хийгээд, завсарлагааны дараагаар гадаа гарч зогсчихоод орж ирэхгүй, нэг нь бүр ийм утгагүй бэлтгэлд ирсний ямар хэрэг байна? Харьж болох уу?

гэсэн гэнэ. 

За тэгээд бэлтгэл тарсан чинь 5 дугаар ангийхны ээжүүд орж ирж элдэв юмсыг хурааж барих ажилд оролцоогүй. Гадаа зогсож байсан юм. Бэлтгэл тарахаар цонх, хажуугийн хаалгыг хаах, шийдийг эвхэж хураах гэх мэт томчуудын хийх ажил байдаг юм. 

Хүүхдүүд бол шалаа арчдаг, бөмбөгөө хураадаг. 

Энэ ямар нэг юм болж гэж бодоод, харихынхаа өмнөхөн гадаа байж байсан толгойлоод байдаг 2 ээж, бас нэг гадаад ээж гэсэн 3 ээжтэй ярилаа. 

Бодож явдаг зүйлсээ хэлээд тавьчихсан. Үүнд:

Ээжүүд хэт их оролцоод байгаа юм биш үү? Дасгалжуулагчдад тодорхой хэмжээгээр даатгаад явчих юмыг. Ахлагчийнхаа үгийг сонсохгүй байгаа нь үнэн, дунд зулзага оройд л гомдоллодог. Тухайн үед нь чи л олигтой үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа тул, бусад гишүүд цор цор хийгээд байгаа шүү дээ гэж загнадаг. 

Та нар ч бас хүүхдэдээ хэлэх хэрэгтэй шүү дээ, гээд л. 

Тэгсэн нэг ээж: Түрүү жил одоогийн 6 ангийнхан харин ч аймар байсан шүү дээ, тэгэхээр энэ удаагийн 5 ангийнхан аргагүй шүү дээ. 

Би: Түрүү жил бол түрүү жил, 1 жилийн хугацаа өнгөрөөд эд нар чинь өсөөд, дэвжээд явна биз дээ? Тэгээд ч улирсан баларсныг дуурайх хэрэггүй биз дээ? 

Бусад ээжүүд: Уг нь хүүхдэдээ ахлагчийнхаа үгийг сонс гэж хэлдэг л дээ. 

Би: За би ч хэлье, ахлагч юм бол олигтойхон шиг загнаад загнаад явчих гэж, харин та нар хүүхдүүддээ ахлагчийн үгийг сайн сонс, сонсохгүй бол тухайн өдрийн бэлтгэлээс гарч болно гэж...

2, 3, 4 ангийнхан баг бүрдүүлэхээр урваганачихдаг л гэнэ, уйлдаг л гэнэ. 

Дасгалжуулагч хаана байсан гэхээр? Үндсэн ажил нь ихсээд ирэхгүй өдөр нь олшроод байгаа юм. Дасгалжуулагч нь сайн дураараа ирж заадаг юм, гэхдээ мэдээж багшлах лиценз зэргээ авсан байх журамтай. 

Орой нь энд тэндээс мэссэж ирээд л байна. Зулзага ч яг юу болсныг хэлдэггүй, нэгэнт болоод өнгөрчихсөн, санахаас ч дургүй хүрч байна гээд болдоггүй. 

Сүүлдээ бүр тэвчээр алдагдаад, чи хэлэхгүй бол бусдын үгээр бид ойлгоод байна, чиний сэтгэгдлийг сонсмоор байна гээд чангахан дуугаар загнаад. 

Сагсны дугуйланг нь болиулахаар шийдэв. Хань ижил рүүгээ асав. Чи л дагуулж яваад оруулчихаад, олигтойхон шиг цаг гаргаад бэлтгэлийнх нь үеэр оччихгүй, гарга гээд. Хэ хэ. 

Яасан гэхээр? 5 ангийн хэдэн хүүхдүүд нь ахлагчийгаа муулсан гэнэ. "Ахлагчийнхаа үүргийг муу гүйцэтгэдэг, гар нь хугарснаараа далимдуулаад бэлтгэл хийдэггүй, нөгөөхөө байхгүй бол юу ч хийж чаддаггүй" гэх мэт. 

Би ч сонсоод гэнэт дургүй хүрээд явчихсан. Амь биш заяа биш, гараа сайн эдгээж авахгүй бол хэцүү биз дээ? Ээжүүд нь л тэгж ярьдаг болоод хүүхдүүд нь бас тэгж муулж ярьж байгаа  шүү дээ гээд. 

Угаасаа 6 ангийнхны эцэг эхүүдийг ирж барьдаггүй, юм хийдэггүй гэж ярьдаг юм гэсэн. Ингэж хүн муулах нь угаасаа эдний нэг чадварлаг зүйл гэж яригддаг болохоор би ч нэг их тоодоггүй. 

Нөгөө нэг 6 ангийн хүүхэд аавтайгаа л хамт амьдардаг, ганц бие аав. Харин ч хичээгээд байгаа харагддаг. Оройн цагаар уушийн газар ажилладаг, хоолыг харин ч ёстой амттай хийдэг. 

Магтуулснаас муулуулсан нь дээр гэж боддог болохоор, хэхэ. 

Дараагийн өдрийн бэлтгэл хичээллээгүй, хүүхдүүдийн тайвшрахыг хүлээгээд. Мөн нэг хуралдсан нь дээр гэж шийдсэн. 

Гэхдээ эцэг эхчүүд хуралдаагүй, дараагийнхаа бэлтгэл дээр хүүхдүүд тойрч суугаад ярилцсан. Дасгалжуулагч нарыг аль болохоор ирж байхыг хүссэн. 3 хүн байдаг юм уг нь. 

Дунд зулзага сэтгэл санаа нь илааршаагүй ч сагсны бэлтгэлд явсан явсан. Одоо хагас жилийн л хугацаа үлдсэн байгаа болохоор яаж ийгээд дуусгачих санаатай. 

Гэхдээ ээждээ бас гомдоллосон хэвээр. Би ч амыг нь асуугаад, чи л өөрөө үргэлжлүүлэх шийд гаргаа биз дээ? 

Гол дүрд тоглоод байдаг нэг ээж нэг их худлаа үрчийж ирж инээснээ хүүхэд нь тэгж муулаагүй, тэд нар багшийгаа муулж байсан гэж хэлсэн. Ха ха. 

Охидоо гэж. Бас ээжүүдээ гэж. 

Эдний ингэж цуглаж, хамтарч ажиллахдаа сайн ч гэсэн иймэрхүү жаахан доожоогүй нэгнээ хэмлэх асуудал байна байна. Эцсийн дүндээ яадаг вэ гэхээр доожоогүй нэгнүүд нь "больдог". 

Дунд зулзага бол доожоогүйдээ орохгүй. Шулуухан хэлчихдэг монгол хүний онцлог байдаг. Эд нар шир тойруугаар, худлаа инээж хэлж мэддэггүй. 

Анги даасан багш нь бас хэлж байсан. Хэт шулуухан, түс тас хэлчихдэг гэж. 

Өнөөдөр шинэ гишүүд орж ирэх болтугай гээд нөхөрсөг өдөрлөг зохиож байгаа. Хань ижил дагуулаад явсан. Ундаа, цай, боргол зэргийг бэлдээд. Хүрэлцэн ирсэн хүүхдүүд, эцэг эхчүүдэд зориулсан бага зэргийн амттан бас бэлдсэн. 

Дунд сургуульд орохоороо хэзээ ч сагсны дугуйланд орохгүй гэсэн хүн л байна. Би ч бас оруулахгүй гэж бодож байгаа. Угаасаа спортын хүн биш, урлаг уран сайханд илүү тохирсон. 

Хугарсан гар эдгэсэн ч гэсэн ойрд ашиглаагүй болоод тэр юм уу? үе үе жирвэгнээд байгаа гэсэн. 

Спорт гээч зүйл чинь гаднаас нь харахад сайхан ч дотор нь ороод буцлахаар бас л эвгүй золиг байна шүү...

За нэг иймэрхүү сонинтой. Хар халуунд бас дотроосоо уураа шатааж халахаар төвөгтэй л байна шүү. Хэ хэ. 

Өнгөтөөр бичиж чадав уу? Хожим хойно уншихад бас дурсамжтай юм даа тийм ээ? 

Бүгдэд нь амжилт хүсье, түр баяртай.

2022年7月1日金曜日

Загнахгүй? 4

Үүгээр энэ бичлэг өндөрлөнө шүү. Илүү ихийг сонирхвол япон хэлтэй нь япон хэлээр, монгол хэлтэй нь монгол хэлээр уншаарай. Хэ хэ. 

Тухайн нэг өдөр хичээсэн өөрийгөө магтаж байх. Амжуулсан зүйлээ бод, бич, хэл. Төлөвлөсөн олон зүйлээсээ ганцханыг ч амжуулсан байж болно. 

Жишээ нь өглөөд хувцсаа угаагаад, тохчихсон шүү дээ, хүүхэддээ цаг гаргаад тоглож амжсан шүү дээ. Бүр хүүхдийнхээ живхийг сольсон шүү, хүүхдээ амжилттай хооллосон шүү дээ гэж мэдээжийн зүйл байсан ч хамаагүй, өөрийгөө магт, урамшуул. 

Бусдыг магтах, бусад ээжүүдийг магтах. Ингэснээр өөрт тань сайхан сэтгэл төрөх болно. 

Хүүхдээ бусдын хүүхэдтэй, өөрийгөө бусад ээжүүдтэй харьцуулахгүй байх. Жишээ нь хөөх тэрний хүүхэд 2-хон настайдаа живхнээсээ гарчихсан гэнэ. Тэгтэл манайх 3 хүрэх гэж байж одоо болтол живхтэйгээ. 

Тэдний хүүхэд сургуульд ороогүй байж уншаад байна, манайх байдаггүй шүү гэх мэт.

Хүүхэд чинь таны өмч биш. Тухайн хүүхэд ирээдүйд өөрийн гэсэн амьдрал зохиогоод явна, би бол би, хүүхэд бол хүүхэд гэж бодож сурах. 

Ээжүүд ямар үед "ээж байхыг хэцүү" гэдэг вэ? 

1. Хүүхэд өсгөх, гэрийн ажил, ажил зэрэг нь үстэй толгойноос их байх үед. Уйлмаар болдог үе ч бий. 

2. Хэн ч өөрийнх нь талд зогсохгүй байх үед. Нэг ёсондоо ганцаардах үед. 

3. Сайн ээж байхгүй бол болохгүй гэж бодох, нэг ёсондоо эргэн тойрныхны сайн ээж байх ёстой гэсэн дарамт мэдрэх үед. 

Хүүхдийнхээ тухай хэт бардамнаж, гайхуулж ярихгүй байх. Өөрийн чинь тэгж гайхуулж ярьсныг бусад ээжүүд сонсоод өөрийнх нь хүүхэд чадахгүй байгаад сэтгэлээр унах тохиолдол ч гарч мэднэ. 

Эсрэгээгээ чи өөрөө бусдын тэгж гайхуулж сайрхаж ярьсанд эмзэглэж магад шүү дээ. 

Хүүхдээ хүүхэд байна, жаахан байна гэж гололгүй, гэр дэх үүрэг хариуцлагыг нь оноох. Гэрийн ажилд туслуулах. Ингэж тусалснаар ээж нь болон бусад гишүүд их баярлаж байгааг хэлж магтах. 

Ядарсан үедээ хүүхэддээ хэлж ойлгуулах, ядраад байна, бага зэрэг амрах хэрэгтэй байна гэж хэлэх. Амарч байх хооронд нь үүнийг хийж туслаач гэж тусламж хүсэх. 

Хүүхдийнхээ сэтгэл хөдлөл, зан авирыг байгаагаар нь хүлээн авах, хандах. Хүүхэд ч гэсэн уурладаг, инээдэг, гомддог, туньдаг. 

Дэлгүүрт явж байхад ийм ч юм хөөрхөн, тийм ч хөөрхөн гэх мэт барьж ирвэл ойлгож хандах. 

За би энэ тал дээр маруухан байж мэдэхээр юм билээ шүү. Яасан гэхээр? Төстэй зүйл байгаа биз дээ? Урдахаа дуусгаж байж бол. Нандигнаж, хайрладаггүй тэгсгээд тоохоо байчихдаг биз дээ? гэж их хэлдэг. Дараа дэлгүүр хэсэхдээ өө хөөрхөн байна гэж сэтгэгдлээс нь хуваалцана аа. Худалдаж авахгүйг хичээнэ ээ, гэхдээ. Ккк. 

Уурлахдаа 3 зүйлд анхаарах.

1. Бусдыг гэмтээхгүй байх.

2. Өөрийгөө гэмтээхгүй байх. 

3. Эд юмсад уураа гаргахгүй байх. Жишээ нь хагалах, хугалах, эвдэх гэх мэт. 

За тэгээд уур бухимдал гээч нь хүний амьдралаас баяр баяслыг үгүй хийдэг. Тийм ч учраас уур бухимдлаа хянаж сурах нь чухал байгаа биз?

За нэг иймэрхүү. Хүүхэд өсгөж, хүмүүжүүлж буй ээжүүд, аавуудад өндрөөс өндөр амжилт хүсье. 

Түр баяртай.  

2022年6月30日木曜日

Загнахгүй? 3

Уурлах, уур чинь хүрэх үедээ бичих, нэг бол халууны хэм тогтоох. 

Уураа хянаж чаддаггүй нэг зүйлийн нэг бол ууранд ямар нэгэн хэмжүүр гэж байдаггүйд оршлог. Уур нь гэрэл асааж унтраах товчлуур гэж байдаггүй тул өөрийн уурын хэм хэмжээг ойлгоод авчихбал их зүгээр. 

Жишээ нь уур хүрээгүй, тайван буй үеээ 0 хэм гэж үзээд, дээш нь нэмээд явна. Хоёр хоёроор ахиулна. 2 хэм нь бага зэрэг уур хүрсэн үе, 4 хэм нь нэлээд цухалдаад ирэх үе. 6 хэм нь зэвүү хүрсэн үе, 8 хэм нь дэлбэрэх дөхсөн үе. 10 хэм нь хүн болж төрөөд хамгийн дээд зэргийн уурлалт. 

Гэх мэт гэнэ шүү. Орчуулга нь жаахан сонин болчихлоо. Хэ хэ. Эх хэлээрээ буулгаж чадахгүй байна. Яанам бэ? 

Мөн уурыг чинь хүргээд байдаг зүйлсээ чухал, чухал бусаар нь ангилах зүгээр гэж байна. Тухайлбал тоглоомоо хураахгүй байх нь нэг их сүртэй, уурлаад байхаар зүйл биш, өнгөрөөж болно гэж үзэх. 

За тэгээд бухимдаад, ядраад, стресдээд байгаагаа мэдэж байвал нэг удаадаа хүүхдүүдээ аавд нь даатгаад өөрөө орж гарах, өөрийн дуртай зүйлээ хийх, өөртөө цаг гаргах гэх мэт арга байна. 

Хүүхдээ загнахдаа нэг зүйлд нь төвлөрч загнах. Олон юм зэрэг хэлж, олон талыг нь хэлж уурлахгүй, загнахгүй байх. 

Загнахдаа хэлдэг өгүүлбэрүүдээ цаасан дээр буулгаад нэг уншаад үзээрэй. Хоорондоо хамаарад багатай, олон утгагүй өгүүлбэр хэлсэн байх вий? Түүнийг чинь хүүхэд бүгдийг нь ойлгох нь юу л бол? 

Яагаад чаддаггүй юм гэхийнхээ оронд яавал чаддаг болох вэ? гэж хэлж загнах.

Solution Focused Approach гэдэг арга гэнэ шүү, үүнийг. Яавал чадах уу? гэдэг дөт замыг нь хайх арга юм шиг байна тийм үү? 

Загнахдаа хүүхдийнхээ төрөлх ааш араншин, байгаа байр байдлыг нь үгүйсгэсэн үг, хэллэг хэлэхгүй байх. Энэ нэг юм ерөөсөө л ийм удаан шдээ, залхуу шдээ, толгой муутай шдээ гэдэг ч юм уу? 

Үг хэлээс илүүтэйгээр биеийн хэлэмж заримдаа их чухал байдаг. Тэврэнгээ, хөтлөлцөнгөө, доош өвдөглөж суугаад хүүхдийнхээ нүдний харцтай ижил хэмжээнд очиж өөд өөдөөсөө харж ярилцах гэх мэт. 

Хүүхэдтэй том хүн дээрээс буюу зогсож харьцах нь тухайн хүүхдэд асар тайван бус, айдас хүйдэс төрүүлдэг гэж үздэг юм билээ, энд. Цэцэрлэгийн багш нар бол ихэвчлэн өвдөглөж сууж байгаад л харьцаж харагддаг. 

Чи тэгээд байх юм, чи ингээд байх юм гэхээсээ илүү би ийм байна, надад ийм байна, тэгээд өгөөч, ингээд өгөөч гэвэл үр дүнтэй байх тохиолдол ч бий. 

Мөн нийгмийн зүгээс ирдэг "ээж хүн тийм байх ёстой, ийм байх ёстой" гэдэг дарамтад бага өртөх. Сургууль цэцэрлэг, найзууд, хамаатан садан дунд нэг тийм бичигдээгүй ээж хүн ийм байх ёстой гэсэн дүрмүүд яваад байдаг даа, тэдгээрийг заримдаа тоохгүй өнгөрдөг байх. 

Энэ бас их чухал тийм ээ? Жишээ нь эх хүн, эмэгтэй хүн байж гэж ирээд л ярихаар заримдаа дотроо дургүй хүрдэг үе бий бий. Жишээ нь ээж нь юм байж тэрийг нь оёоч, угаагаач...

Хөх зүү хөндлөн барьж сураагүй хүнийг яалтай?...

Нэхэх оёх хоёр чинь шаал өөр шүү. Хэ хэ. 

За өөр юу билээ? Үргэлжлэлийг дараагийн бичлэгт. 

Түр баяртай. Бүх ээжүүдэд амжилт хүсье. Төгс төгөлдөр ээж байх гэж хэт хичээх хэрэггүй шүү. 

2022年6月29日水曜日

Загнахгүй? 2

Өмнөх бичлэгт зулзагынхаа элдэв аашны тухай хальт бичсэн дээ. Энд япон хүүхдүүд ч мэдээж элдэв ааш гаргана. Япон ээжүүд ч уурлана, бухимдана, орилно, загнана, зодно. 

  • Уурлахдаа, загнахдаа яг хэний төлөө уурлаад байгаагаа олж мэдэх, ойлгож авах. 
  • Тухайн үеийн л үйлдэлд уурлах. Улирсан баларсныг сөхөж уурлахгүй байх. Мөн ирээдүйд нь санаа зовоод, ирээдүйн төлөө нь уурлахгүй байх. 
  • Хүүхэд 100 дахин хэлж байж ойлгодог. 30 дахь удаагаа хэлээд ойлгож байвал баярлах. 
  • Дахиад л ингэчихлээ, тэгчихлээ гэж бодохгүй байх. 
  • Сайн ээж байх гэж хичээх тусам уурлаж бухимдах чинь ихсэнэ. Заримдаа хэт чухал царайлахгүй, 100 хувьд хүрэхгүй байж болно. 
  • Хүүхдэдээ тавьж буй "найдлага", "төгс байлгах" гэсэн үнэлэмжээ буулгах. Ээж хүн хүүхэд нь өөрийнх нь бодсоноор нь байхгүй бол уурладаг. Хүүхэд бол хүүхэд, би бол би гэж бодох. 
  • Тоглоомыг нь хэн ч хураасан болно. 
Өөрийн туршлагаас бичихэд. Зулзагуудын тоглоом шалаар хөглөрдөг хөглөрдөг. Тэр өдөртөө бол хураадаггүй. Хэ хэ. Хураахаар буцаагаад гаргаад ирчихсэн байдаг болохоор, тоглоомоо хураагаачээ гэж уурладаггүй. 

Хайран цаг, энерги биз дээ? Тэр цагаа ингээд блог бичихдээ зарцуулсан минь ээжид ч зулзагад ч ашигтай. 

Нэг сургалтын төвийн сурталчилгааны зар дээр "Бид таныг 100 дахин асуусан ч инээмсэглэл дүүрэн, уурлалгүй хариулна" гэсэн утга бүхий бичиг байдаг юм. Хүүхэд 100 дахин хэлүүлж байж ойлгодог гэснийг уншаад шууд л тэр сурталчилгааны самбар толгойд орж ирсэн. 

Яагаад 100 гэж боддог байсан чинь ийм учиртай байх нь. Хэ хэ. Одооноос "хэд хэлүүлж байж ойлгох болж байна аа?" гэдэг өгүүлбэрийг хэрэглээнээсээ хасна аа. 100 хэлүүлж байж ойлгоно, одоо хэд дэх нь билээ гэж бодож байтал уур маань замхраад алга болох юм болов уу? Ккк. 

Улирсан баларсныг сөхөж уурлаад байдаг талтай шүү, нээрээ. Эртээд бас л тэгээ биз дээ? гэж ирээд л. Үүнийгээ болихоос. Ингээд бичээд байсан чинь ер нь уурлаж болохоор, загнаж болохоор юм үлдэх нь үү энэ чинь одоо. Хо хо. 

Яг уурлах гээд ирэх үедээ анхаарлаа сарниулах 4 арга гэнэ. 

1. Гүнзгий амьсгалах. Удаанаар гүнзгий амсьгаа аваад, түүнээс нэг дахин илүүтэйгээр удаан гэгч нь амьсгалаа гаргах. 

2. Coping mantra. Уур чинь хүрсэн үедээ өөртөө хэлдэг үг. Нэг ёсондоо маань мэгзэм маягийн юм гэж ойлголоо. Орчуулга нь юу гэж байдаг юм бол? Уншсан хүн байвал хэлж өгөөрэй. Хичээнгүйлэн хүсье. Хэ хэ. 

Жишээ нь "баярлалаа" гэдэг үг байж болно. Мөн "зүгээр дээ зүгээр", "өө энэ бол юу ч биш" гэх мэт. Нэг бол яагаав "Үнсгэлжин"-д шидэт дагинын хэлдэг "Бибидэ бабидэбүү" ч байж болно гэнэ шүү. Ямар нэгэн ая амандаа аялсан ч болно гэнэ. 
Өөртөө таарсан, өөрийнхөө дуртай зүйлээ л амандаа үглэхэд болох юм шиг байна. 

3. Grounding. За энэ болохоор хүн уурлахдаа ар араасаа л элдэв бодол хөрвүүлчихдэг гэнэ. Жишээ нь дахиад л ингэчихлээ, эртээдхэн бас тэгээ биз дээ? ч юм уу? 

Уурлах үедаа албаар анхаарлаа яг  нүднийхээ өмнө байгаа ямар нэг юм руу шилжүүлж, түүнд төвлөрүүлэх арга. Юу ч байж болох юм байна. Үзэг, утас, ном, аяга гэх мэт. 

Мөн энэ үед өнгөрсөн, ирээдүйг бодолгүй "одоо"д анхаарлаа төвлөрүүлэх. 

4. Time out. Яг уурлах гээд байна, загнах гээд байна гэж бодсон үздээ тухайн газраас холдох арга. Ингэвэл хэлэх ёсгүй байсан үг, хэлмээргүй байсан үг зэргээ хэлчихнэ гэж айлтгүй. 

Ингэж холдохдоо 5-хан минут, яг одоо уужирч чадахааргүй байгаа тул 10 минутын дараа ярилцая ч гэдэг юм уу? гэж заавал хэлэх. 

Юу ч хэлэлгүй гараад явчихбал хүүхэд чинь ээж эргэж ирэхгүй бол яана аа гээд санаа нь зовчихно. Айдаст автана.

Гэх мэтчилэн бичжээ. О.зулзага нь томоо гэгчийн болчихсон байдаг. Жаахан оройтоод ийм төрлийн ном уншчихав уу? Яав? Хэ хэ. 

Үлдсэн 2-тойгоо үзэж тарахад бас л хэрэгтэй юм даа тийм ээ. 

Үргэлжлүүлж бичих эсэхээ шийдээгүй л байна. Уураа хэрхэн дарах гэж бас байсан. Амжвал бичнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье өө. 

2022年6月28日火曜日

Гарьхан цэцэг

Уламжлалт бичлэг шүү. СБА. Энэ жил борооны улирал нь хур бороо цөөтэй, бүгчим халуун өдрүүд үргэлжлээд, газар тариалан эрхэлдэг улсууд санаа зовьнонгүй байх шиг. 

Орох ёстой хур бороо нь цагтаа орохгүй байх нь энгийн мань мэтэд бас нөлөөлнө. Яаж гэхээр ногоо цагаа үнэд орно. 

Нэг хэсэг сонгино л гэхэд маш үнэтэй болсон. Яг юунаас болсныг хэлж мэдэхгүй ч дайн бас элдэв үнийн өсөлтөнд нөлөөлөөд байна. 

Нэг ширхэг сонгино 200 иэн, зарим дэлгүүрт түүнээс ч үнэйтэй байсан. Ганцхан ширхэг нь шүү дээ. 

Одоо овоо гайгүй болж байна. Бага зэрэг үнэ нь буусан харагдана лээ. 


Ажлын газрын гадаах цэцэг. 7 хоногийн өмнө дарсан. Бараг гандах тийшээ болсон байна лээ. Гоёмсог өнгөтэй байгаа биз? Дунд зулзага дуртай өнгө. 
Энэ бас л ажлын газрын гадаах мандал. Нөгөө буланд ийм төрөл нь ургадаг. миний дуртай өнгө. 
Ойроос дарсан нь. Сонин тийм ээ. Тансаг, гоёмсог гээд л үргэлжлэх байх даа?

Уламжлал болгон очдог гарьхан цэцгийнхээ хүрээлэнд очиж амждаггүй ээ. Яаж ийгээд элдэв ажил гарна. Дээрээс нь хар халуунд хөлс баас гоожоод, орж гарах дур сонирхол бас хүрэхгүй л сууна. 

Одоо ч бараг гандаад эхэлсэн юм болов уу? гэж бодоод. 

Монголд ч гарьхан гэдэг нэрээрээ олонд их түгж байгаа гэсэн. Барын чих гэж бас хэлээд байдаг юм билээ. 

Борооны улирал нэг иймэрхүү сонинтой. 6 сар улаан өдөр буюу амралтын өдөр байхгүй болохоор жаахан онцгүй л байна. Хэ хэ. 

Бүгдэд нь амжилт хүсье. Зуны амралтаа зугаатай сайхан өнгөрүүлээрэй. Гэснээс энд сургуулийн амралт эхлээгүй л байна. Дахиад чилийсэн сар гарангийн хугацаа байна. 

2022年6月27日月曜日

Загнахгүй?

За ийм нэг ном уншаад, дууслаа. "Хүүхэд өсгөх явцын уур бухимдалд дөрлүүлэхгүй байх тухай ном". 

Монгол хэлнээ орчуулагдсан байдаг юм билээ. "Дахиж хүүхдэдээ уурлахгүй" гэдэг ном. Зохиолч нь Шино Маки. "Anger management" гээчийн арга ухааныг заадаг багш хүн юм байна. 

Энэ тухай хэд хэдэн ном гаргасан байдаг юм байна. Мөн дээрх уур уцаараа удирдаж, эрүүл сайхан харилцааг бий болгох тухай сургалт явуулдаг гэнэ. 

Би энэ хэлээд байгаа "anger management" гээчийг нь анх удаа сонсож байна өө. Уншаад л байдаг хэрнээ мэддэгээр маруухан хүн юм гэж өөрийгөө асар голсон шиг сууна. 

Яахав түрүү жил Тич Нат Хан-ы бясалгалын, амьсгалын, талархлын, инээмсэглэлийг амьлуулах тухай номнууд уншиж байхдаа уур бухимдал, уцаараа 5 билүү хэд билээ секунд л гүнзгий амьсгал авч гаргахад л арилаад, зөөлрөөд ирдэг тухай мэдэж авсан. 

Үе үе ингэж уртаа гэгч гүнзгий амьсгал авч, гаргадаг болсон. Аятайхан санагддаг шүү. 

За тэгээд энэ номд юу өгүүлэх вэ гэхээр? Мэдээж бага насны хүүхдийн гаргадаг авир, ааш. Түүнд нь ээжүүд хэрхэн бухимддаг, уурладаг, загнадаг, үе үе орилдог болох тухай. 

Яг л манайд болдог үйлдлүүд ч гарна. 

Бага зулзагын гаргадаг ааш гэвэл:

1. Өглөөд сонгоод бэлдсэн хувцсыг өмсөхгүй гэж уурладаг, уйлдаг, зугтаадаг. 
Нэг хэсэг хар халуунд ханцуйтай цамц, өмд өмсөнө гэж уурлаад, бүр аргаа ядаад өмсүүлээд явуулсан өдөр ч бий. 

2. Хоолоо идэж өгөхгүй маяглах. Урдаа тавагтай хоолоо тавиад хэдэн цаг ч хамаагүй суух. Хүн халбагадаад өгөхөөр иддэг. Аминдаа цэцэрлэгтээ ч өөрөө иддэг болгох санаатай, халбагадаж өгөлгүй өөрөөр нь идүүлчих санаатай ч.

Энэ тал дээр дунд зулзага бас бүр яг ийм байсан. Цэцэрлэгийн багш нь яг л энэ тухай л ярьдаг, гэртээ яадаг вэ гэж асуудаг байсан. Тэгсэн дүү нь ч адил байгаад гайхаад л сууж байна. 

Харин сургуульд ороод хамаагүй дээрдээд, бүр нэмж мэмдэг гэсэн. Хэ хэ. 

Хүүхэд бүр адилгүй, өөр өөрийн гэсэн онцлогтой гэж мэдээд байгаа хэрнээ энэ тал дээр үе үе бухимдана. Дараа дараагийн ажил хүлээгээд байдаг, өнөөх маань ширээний араас босч өгөхгүй бол хар аяндаа цухалдаад ирдэг. 

3. Зураг дээрх шиг сахилгагүй үйлдэл маш их үйлдэнэ. Заримдаа ч өхөөрдөөд, хайрлаад, үнжээд даван туулна. Заримдаа ч үнэхээрийн өөрийн мэдэлгүй бухимдана, уурлана, загнана. 

Гэрээр дүүрэн цаас байхад заавал ингэж гар хөл, хувцсан дээрээ зурна. Дээр бүр амаа тойруулаад яг ийм хар палмастераар зурчихсан. "Сахал" гэж авсан. Инээд уур зэрэг л хүрнэ. 

Эгчийг нь тосох гээд гарах гэж байсан болохоор, уур нь түрүүлсэн. Хальт угаасан мэдээж арилаагүй. Тэгснээ тамирын заалны гадаа очоод орох гэсэн өөрөө ичээд орохгүй, гадаа зогсоод байдаг. 

Би болохоор орж ээжүүдэд харагдахгүй бол болохгүй байдаг. Гэснээс энэ сагсны эргэн тойронд юу болоод байгаа турхай тусад нь бичимз. Бас л төвөгтэй асуудал үүсээд байгаа. 

Гэх мэтчилэн хүүхэд өсгөх явцад олон л асуудал үүсч, түүнийг ээжүүд даван туулж байна. Энэ тухай иймэрхүү ном энэ тэр гаргаад, элдэв сургалт зохион байгуулдаг юм байна гадаад оронд. 

Эх оронд минь "одон"-гоор аргалаад байгаа нь үнэндээ таалагддаггүй. Яахав сургалт энэ тэр болдог л байх, түүнийг нь зохих байгууллага биш, сэтгэл зүйл, эмч, багш гэсэн хувь хүмүүс хаа нэгтээ зохион байгуулдаг. 

Өө тийм яагаад энэ номыг унших болсон гэхээр? Клаабхауст монгол хэлээр орчуулагдсан номыг нь уншаад, ярилцаад байх шиг байсан. Ажлын цаг таараад байсан тул, япон хэлээр нь унших сэдэл төрсөн. 

Монголоос ном авах хэцүү шүү дээ, хэцүү гэдэг нь шуудан үнэтэй тул. Наашаа ирэх гэж байгаа хүмүүсийг царай алдаад л, хэн наашаа ирэх бол, ирэхдээ хэл дуулгах болов уу? гэж горьдоод л. 

Хэл дуулгалгүй ирж очиход нь бага зэрэг гомдосхийгээд л. Тэгснээ албатай биш дээ? Би өөрөө оронд нь байсан бол ачаа бараа ихтэй, бас л хэлэхгүй л байсан байх гэж уучилж нэг үзээд л. Хэ хэ. 

За за хадуурч эхлэв. Зүгээр юм уу гэсэн аргаас нь дараагийн бичлэгт элдэв оршилгүй шууд бичнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年6月26日日曜日

Этгээд хүн

Шунал хөдөлгөгчийнхөө ютүбийг үзсэн. Энэ номыг уншихаар шийдсэн. Франц хэлээр нь уншвал сайхан л байх. Эх хэлээрээ уншвал бүр ч сайхан л байх. 

Монголоос ном авах гэсээр байтал гэж бодоод одоо ч сурсаар л буй хэлээрээ уншчихлаа. Мэдээж хэцүү байсан. Мэдэхгүй ханз, мэдэхгүй хэллэг. 

Бас нэлээд хэд хоног уншсан. Угтаа их л жижигхэн ном шүү дээ. 

За тэгээд "Этгээд хүн" гээд хайхаар зөндөө гарч ирэх байх. Уншмаар байвал тэдгээр тэмдэглэлийг уншиж байгаад шийднэ биз дээ. 

Ямартай ч "Нобелийн шагнал"-т зохиолч Албер Камю. Их л өвөрмөц хувь тавилантай, залуугаараа хорвоог орхичихдог юм байна. 

Алжир улс нь Францын колонь улс байсан юм байна. Хаана байдаг улс вэ? гэж хайж үзэв. Хойд Африкийн улс юм байна. 

Уншаад л байдаг хэрнээ мэддэг юмаар тааруухан хүн байна өө би. Хэ хэ. 

Агуулга нь бас л өвөрмөц. Сэтгэл хөдлөл, сэтгэлийн хөөрөл, өөрийгөө илчлэх гэдэгт бидний хэлдгээр нэлээд маруухан хүн болох Мерсо нь ээжийнхаа оршуулган дээр уйлаагүй байдал, ээжийгээ асрамжийн газар өгсөн зэрэг нь түүнийг цаазын ял авахад нөлөөлчихнө. 

Хачирхалтай юу? Өө тийм, ээжийнхээ царайг харахыг хүсээгүй, ээжийнхээ насыг нь хэлж мэдэхгүй. 

Мөн ээжийгээ хөдөөлүүлсний маргааш нь Мари хэмээх бүсгүйтэй голын эргээр "зугаацна". 

Раймон гээч "найз?"ынхаа нууц амраг болох хүүхнээс болоод нэг араб залууг буудчихна. Нэг биш хэд хэдэн удаа. 

Шүүх ажиллагаа явагдана. Түний хариулт "нар буруутай". Нарны гялбаанаас болсон гэнэ. 

Францын нэрийн өмнөөс цаазаар авах ял онооно. Санваартан ч ирж, нүглээ наманчилахыг хүснэ. Харин бурхан байдаг гэдэгт итгэдэггүй тэрээр эсрэгээрээ санваартанд дургүй нь хүрч бушуухан яваасай гэж хүснэ...

Сонин агуулгатай байна уу? Хоригдож байхдаа их л олон зүйлийн талаар эргэцүүлж бодно, гол дүр маань. 

За өөр юу гардаг билээ? Ямартай ч Нобелийн шагналтанг уншчилхаа. Хүн болов. Хэ хэ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2022年6月25日土曜日

Цэцэгний зураг 2

Цэцэгний зургаа дарсаар л өнөөх чинь. СБА шүү. 

Нил ягаан өнгөнд дуртай гэж. Зулзагууд маань, ажлынхан хүртэл мэдээд, ажлын хавтсыг минь хүртэл нил өнгийг захиалж энэ тэр. Хэ хэ. 

Энгийн нэг айлын гадаах цэцэг. 

Гарьхан цэцэг шиг байсан. Цагаан өнгө байдаг юм гэж бодсон. Урд нь нэг их харж байгаагүй юм. 

Нэг хөөрхөн гэр бүлийн гадаах цэцэг. Өвөө нь ач охиноо дагуулаад монгол явж байсан. Хэдэн жилийн өмнө. Одоо тэр ач охин нь томоо болчихсон. Их сургуулиа төгсөөд, ажил хийдэг. Оюутан байхдаа ганцаараа бас монгол явсан. Яг ч ганцаараа биш, их сургуулийнхаа сайн дурын ажлын хүрээнд багш болон бусад оюутнуудтайгаа. 

Эмээ өвөө нь санаа нь зовчихсон манайд ирж баахан юм асууж байгаад л явсан. Гэрийнх нь ойролцоогоор өнгөрөхөөр гарч ирээд сүйд болно. 

Ажлын газрын хятад хүүхэн ажлаа өгөөд, ээжийгээ асрахаар нутаг буцсан. Гэхдээ бүр биш. Хэдэн жилээр. 

Энэ асуудал ганц түүнд тохиолдох асуудал биш гэж л бодсон. Надад ч хэзээ нэгэн өдөр тохиох л байх. Ижий аав хоёр минь биесээ бодоод, эрүүл саруул байхыг хичээгээрй...

Гаргаж өгч энэ цэцгийг нэг дарга өгсөн. Өөрөө бидэнд талархсан сэтгэлээ илэрхийлж хөөрхөн усны сав өгсөн. Би хав дарчихсан байгаа. Өмнөх сав минь одоохондоо ашиглаж болохоор. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2022年6月21日火曜日

Цэцэгний зураг

Өнөөх чинь цэцэгний зургаа дарсаар л байгаа шүү. Цэцэг нэг их сонирхдоггүй хүмүүс нь СБА шүү. (Сонирхолгүй бол алгасаарай.) Ккк

Нэг давхарт уламжлал ёсоор байрлуулдаг цэцэг. Lily буюу сараана цэцэг мөн шиг харагдсан. 

Хорооны байрны гадаах цэцэг. Нэр усыг нь мэдэхгүй байна өө. Хорооны байрны хажууд бага зулзагын цэцэрлэг байрладаг юм. Зогсоол дүүрэн, хорооны гадаа зогсоогоод, машиндаа суух гэсэн бага зулзага зураг дар гэсэн. Хи хи .

Бас л хорооны гадаах мандлын цэцэг. Эд нар бас сайн арчилж тордож байгаа юм шүү. Зэрлэгийг нь зулгааж мулгаагаад. Би л гадаах мандлаа арчилж чадахгүй байхад. 

Хар л даа. Ажилтай туучий нар байгаа биз дээ. Миний ажилгүйг харуулчихаж байгаа юм чинь. Ингээд л айлын гадаах, албан газрын гадаах цэцэгсийг харахаараа өөрийнхөө ажилгүй, арчаагүйг гайхаж, сэтгэлээр унана. Хэ хэ. 

Хүний урманд зэрлэг гээч зүйл байхгүй байгаа биз дээ. Нүдэнд ил л зулгааж энэ тэр харагддаггүй. 

Тарьлаа барилаа, услав, зэрлэг түүв гэж лайв хийдэггүй, зураг хөрөг оруулдаггүй. Хэ хэ. 

Өөрийнхөө завтай зайтайг гайхна өө бас. Бүхий л сошалийг ашиглаж байна шүү дээ, би гэдэг нөхөр. 

Блог, нүүр ном, инстаграмм. Твиттер л ашиглахгүй байна. Үнэн завтай байна уу? Бас үнэн хоббитой байна уу? Та нар ч бас гайхдаг уу? Ний нуугүй хэлээрэй. Хэ хэ. 

Аминдаа хүний газар жирийн нэгэн айлын өдөр тутамдаа биш юм гэхэд, хаа нэгтээ болдог өвөрмөц үйл явдлыг танилцуулчих гээд л...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.