2023年12月29日金曜日

Жаргалтай мөнгө 2

Номоо номын сандаа өрж хураахаас өмнө эндээ бага сага зүйл тэмдэглэж үлдээх санаатай. Учир нь миний номнууд тоогоо алдаад, дээрээс нь зулзагуудын номнууд нэмэгдээд, манай гэрийн номын тавиур нийт 3. Бүгд номоор дүүрэн, сүүлдээ зайгүй болоод. Ооё. 

Гайхуулсан уу? Хэ хэ. 

Бид мөнгийг хэрхэн өгч, хэрхэн авч байгаагаас хамаарч мөнгө уйлж, эсвэл инээж байдаг. 

Хэрэв мөнгийг гэмшил, уур бухимдал, харамсал, уйтгар гунигтайгаар өгвөл мөнгө "Уйлж байдаг". Харин эсрэгээрээ мөнгийг хайрлаж хүндлэн, талархаж, баяр хөөртэйгөөр өгвөл мөнгө "Инээж байдаг" юм. Учир нь өгч байгаа хүний эерэг сайхан энерги тухайн мөнгөнд шингэсэн байдаг. 

Энэ их үнэн байгаа биз? Жишээ нь би жаахан "дургүй" хүндээ мөнгө өгөхөөр уур хүрээд байдаг. Ха ха. 

Харин эсрэгээрээ "дуртай" хүндээ мөнгө өгөхөд яагаад ч юм өөрөөрөө бахархах, талархах сэтгэл төрдөг. Та бүхэнд ч бас иймэрхүү мэдрэмж ганц нэг удаадаа төрсөн байх тийм үү? 

Мөнгө бол энерги. Маш олон хүмүүс мөнгийг дайсан мэтээр боддог. Энэхүү хар хүч нь биднийг хүрэх ёстой амьдралдаа хүрэхээс хойш татдаг. Харин цөөхөн хүмүүс л мөнгө бидэнд баяр хөөр, талархал, аз жаргал авчрах боломжтойг олж харсан байдаг. Ялангуяа мөнгийг хүнд эерэг энергитэйгээр өгөхөд буцаагаад хариуд нь ирэх эерэг энерги авдгийг мэдэрсэн хүмүүс байдаг. 

Үнэн, үнэн. Би ч эхэндээ мөнгийг үзэн яддаг байлаа. Мөнгөнд дурлаад, араас нь үхэн хатан гүйдэг, хахууль авдаг, худал хэлдэг, мөлждөг улсуудыг бодохоор мөнгийг үзэн яддаг байлаа. 

Сүүлийн хэдэн уншсан номнуудаасаа мөнгийг үзэн яддаг бодол минь буруу юм байна гэж ухаараад, мөнгийг хүндлэн хайрлахаар шийдсэн болно. Хэ хэ. 

Харин тэр буруу замаар мөнгө олоод байгаа хүмүүс л хөөрхийлөлтэй гэдэг өнцгөөс хардаг болсон. Том дэвшил биз?

Хайр халамж, нөхөрлөл зэрэг эерэг энерги дунд эргэлдэж буй мөнгө бол "Жаргалтай мөнгө" юм. 

Хүмүүс мөнгөний ямар шархтайгаа, тэр шарх нь анх яаж үүссэнийг, өдөр тутмын амьдралд нь хэрхэн нөлөөлж байгааг ойлгож, тэр шархаа эдгээсэн цагтаа л эрүүл эд баялгийг бүтээж эхэлдэг. Хүн мөнгөний шархаа эдгээхэд санхүүгийн байдал нь шууд илт өөрчлөгдөж, сайжирдаг. 

Багадаа авсан нэг сэтгэлийн шарх санаанд ороод, үүнийг уншсан чинь.  "Монгол улсын их сургуулийн Олон улсын харилцаа"-ны сургуульд тэнцэв ээ. Тухайн үедээ гэр бүл, хамаатнуудын дунд энэ үйл явдал гэрэл цацруулсан юм. Учир нь "харилцаанд" орно гэдэг чинь нэг бол их толгойтой, нэг бол мөнгөтэй хүн ордог гэдгээрээ алдартай байсан юм. Тэгсэн нэг хамаатан минь баяр хүргээд мөнгө бэлэглэв ээ. Тухайн үедээ бол их мөнгө байсан. Хүүхэд байсан би ч баярлаад л хоёр гардан тосож авсан. Дараахан нь өнөөх хамаатантайгаа жаахан түр тар хийв ээ. Тэгсэн чинь хөөрхий ижий аав 2-т минь агсам тавиад, би танай хүүхдэд их мөнгө өгсөн гэж мэгээд. Тэр сонссон үг, ижий аавыг минь дайрсан үг, одоо ч сэтгэлд минь хадаастай. 

Үүнээс үүдэлтэйгээр заримдаа хүн мөнгө өгөхөөр авмааргүй санагддаг, энэ хүн дараа нь мөнгө өгсөн гээд агсам тавиад унах вий гэж айдаг болчихсон. Ялангуяа ойрын төрлийн хүмүүсээс аль болох мөнгө авахгүй байхыг хичээдэг болчихсон. 

Өөрөө хүнд мөнгө өгөхдөө бас иймэрхүү дээрэнгүй байдал гаргахгүй юм шүү гэж боддог юм. Мөнгө биш аяга угаагчаа л нэхэж бэлэглэх юм шүү гэж боддог доо. Хи хи. 

Японд "Үнэгүйгээс илүү үнэтэй юм үгүй" гэдэг үг бий. Ёстой нэг үнэн үг санагддаг. Үнэгүй олдсон юм заримдаа энэ мэт олон жил сэтгэлийн хямралд оруулдаг байх нь гэж ухаарсан юм даа. 

Энэ сэтгэлийн шархаа би хэрхэн эдгээхээ мэдэхгүй, ямартай ч ингэж бичсэнээрээ, уудласнаараа бага хэмжээгээр эдгэж магад л юм. 

Өөр олон сайхан зүйл бичээстэй байсан. Үрэлжлүүлж бичих эсэхийг мэдэхгүй л байна. 

Түр баяртай. Ирэх ондоо жаргалтай мөнгөө улам бүр нэмэгдүүлцгээе. Бүгдэд нь амжилт хүсье. 

2023年12月26日火曜日

Өвөөгийн бэлэг

За ачтай буянтай Санта өвөө манайхаар ороод гарсан шүү дээ. Зулзагууд хөөр баяр дүүрэн л байна. Ялангуяа бага зулзага. Нүд нь гялалзаад, баярлаад байгаа нь үнэн хайр татам. 

Дунд зулзага ч яахав, өөрөө захиалж бэлгээ бэлдүүлсэн болохоор нэг их сүйдтэй баярласан юм алга. Их л үнэтэй бэлэг захиалаад. Төсвөөс илүү гарсан гээд батлагдаагүй. Төсвөөс илүү гараад байна аа гэж учирлаад байхад л зүтгээд байх юм. Ээ дээ, одооны энэ хүүхдүүд үү? Хэ хэ. 

Аль хэдэн зуун жилийн өмнө л "одооны энэ хүүхдүүд үү" гэж ярьдаг байсан юм гэсэн. Яалтай. Тэгэхээр бидний хүүхдүүд бас томрохоороо дээрх үгийг хэлж үглэх байх даа? Ха ха. 

Ямартай ч бэлэг бүхний дээд бэлэн мөнгө боогоод бэлэглэлээ. Өөрийнхөө цуглуулганаас нэмж байгаад тэрхүү чухамхүү үнэтэй зүйлээ авах байх. 

Бид бялуу аваагүй, зүгээр л өөрсдийн дуртай амттанаа авч идсэн. Тэгээд ч 7 хоногийн өмнө бялуу идсэн болохоор. Гэснээс бялууны үнэ нэмэгдээд, үнэтэй болжээ. Юм юмнаас л гарахгүй бол, бүхий л хүнсний зүйлийн үнэ нэмэгдсэн. 

Хөршүүдийнхээ өгдөг амттанг л хүлээж байгаад иддэг болохоос. Ха ха.  

Хань ижил гарынхаа хоолыг хийж өгсөн. Би байцааны салат хийсэн. Нийслэл салат хийхээс залхуурсан. Одоо ч юм юм хийхээс залхуу хүрдэг болжээ. Цаг хайран, оронд нь номоо уншаад, блогоо бичээд суумаар санагддаг болжээ. Хи хи. 

Өө тийм, КФС-с тахианы мах захиалж идсэн. Би бол зүгээр л гэрийн хоолоо л идмээр байсан. Хань ижил л баяр шүү дээ гээд байх юм. Энэ эрчүүдийн шинэлэг юм хүлээж авдаггүй тархийг заримдаа ч дотор нь орж байгаад эргүүлээд эргүүлээд, холиод солиод тавьчихмаар санагддаг шүү. Ха ха.

Та нарт тэгж бодогддог уу? Ганцхан надад л тэгж санагдаад байна уу? 

Ундаа аваагүй, ундаа уулгадаггүй юм. Тэгснээ өөрсдөө шар айраг аваад уудаг. Энэ томчууд уу? 

Зулзагууд нэхдэггүй юм өө. Хүн өгвөл, хааяа энд тэнд явж байхдаа харин уучихдаг талтай. Угтаа блогоороо, нүүрномоороо дамжуулаад ундаа хэрэггүй ээ гэж бичээд л байдаг юм, ойлгуулчих санаатай. 

Гоё зурагтай стаканд ус хийгээд, хамтдаа тулгачихсан. Бага зулзагат бол тэр ус нь их л амттай байх шиг байсан. Ха ха.

Нас яваад ер нь л баярыг их энгийн, нэг их тансаг биш, төсөрхөн тэмдэглэмээр санагддаг болчихдог юм уу? Эсвэл би энд тэндээс "эсэргүү" зүйлс олж уншчихаад түүнийгээ хэрэгжүүлэх гээд байна уу? Бүү мэд. Ккк. 

За одоо 31-нийг хүлээгээд л, бушуухан шиг амраасай гэж хүсээд л, хүлээгээд л явж байя даа. Он гарах үеэр оргилуун дарс буудуулна даа. Яаж зүгээр байхав. Хаа нэгтээ орж гарахаа сайн шийдээгүй л байна. 

Албанаасаа тарж ирээд шууд л бэлгээрээ тоглож байна. Шинэхэн тул хэсэгтээ төвлөрөөд суух янзтай. Энэ завшааныг ашиглаж би блогоо бичиж сууна. Хи хи. 

Түр баяртай. Шинэ оноо сайхан угтаарай. 

2023年12月25日月曜日

Тэжээмэл

Номын сангаасаа жижиг номнуудаа түүж уншихаар шийдсэн дээ. Хамгийн ойр нүдэнд харагдсанаар нь энэ бяцхан хөөрхөн ном. 

"Тэжээмэл". Японы зохиолч Ооэ Кэнзабүроо. Нобелийн шагналт. Бас их өвөрмөц бичдэг хүн бололтой шүү. Энэхүү "Тэжээмэл"-ийг уншсан чинь. 

Зохиолч нь японы үндсэн 4 арлын нэг болох Шикокү арлын Эхимэ гэдэг мужид төрж өссөн гэнэ. Би тэр Эхимэ мужид ажлаар очиж, японы хамгийн анхны халуун рашаанд орж үзэж байлаа. Жуулчид их очдог газар байсан. 

За тэгээд дайны цаг үеийн хүүхдүүдийн тухай өгүүлсэн. Энэ утгаараа Агота Кристофын өнөөх айхтар 3 цувралтай төстэй санагдаад. Сэтэрхий уруулт жаал гэж гардаг юм. Бас их зэвүүн жаал. Хэ хэ. 

Агуулга нь ч их сонирхолтой. Олон хоног борооны улмаас тэднийг хоттой холбодог байсан гүүр нь нурж унаснаас болоод "мартагдчихдаг" нэгэн жижигхэн тосгон.

Тэндхийн оршин суугчид болох хүүхдүүдийн төлөөллийн тухай гарна. Уйтай зуны амралтынх нь нэг өдөр тосгоных нь бөглүү нэгэн ууланд "дайсан"-ы онгоц осолдож сүйрээд нисгэгчид нь амь үрэгдэнэ. 

Нэг л нисгэгч амьд үлдээд, олзлогдоно. Хар арьст хүн. Түүнийг харгалзаж, хооллож ундлах, мөн амьтны ертөнцийн амьтан сониучирхан харж буй мэт ажиглах нь зуных нь амралтыг зугаатай болгож өгнө. 

Хотын захиргаа руу тэрхүү олзны хүнээ яах тухай шийдвэр хүлээх богинохон хугацаанд болж өрнөдөг үйл явдал ч хүүхдийн сэтгэлд хэрхэн нөлөөлдөг, хүүхэд гээч нь хичнээн сониуч гэнэн болох тухай гардаг. 

Зохиолын би гэх баатар нь нэгэн үйл явдлаас хойш томчуудыг үзэн ядна. Ингээд л уншихаар хүүхдийн сэтгэл санаанд томчууд бидний "тэнэг" шийдвэр, үйлдэл үүрд хадагдан үлддэг юм байна гэж ойлгоод, зулзагуудынхаа ой санамжид арилашгүй хар толбо үлдээчихгүй юмсан гэж өөрийн эрхгүй бодогдоно. 

Мөн зохиолч маань Нобелийн шагнал авахдаа уншсан илтгэлийг орчуулж оруулсан байсан. Бас их сонин агуулга бүхий илтгэл байна лээ. Ганц уншаад ойлгохооргүй. Хаант засаглалын эсрэг үзэл бодолтой байсан бололтой. 

Энэ нь хаант засаглалын мугуйд шийдвэрээр дайн өдөөж, Хирошима болон Нагасаки хотууд атмын бөмбөгдөлтөд өртсөн хор уршигтай гэж дайныг ихэд зэвүүцэн, эсэргүүцдэг нэгэн байсан бололтой. 

Ерөнхийдөө гол зарчим, үзэл бодол нь энхтайвныг эрхэмлэгч. 

Мөн зохиолчийн өөрийн хувийн амьдрал ч ээдрээтэй байсан бололтой. Ууган хүү нь сэтгэцийн өвчтэй. Энэхүү өөрийн амьдралаасаа сэдэвлэн бичсэн нэгэн зохиол нь бас л их шуугиан тарьж байсан бололтой. Уншина даа гэсэн бодол тээв. 

Унших зохиол, бүтээл ч ар араасаа ундраад байдаг. Амжуулна даа, тийм ээ? Бусад хүмүүс амжуулаад байхад. Хэ хэ. 

Гэснээс хамаатныхаа нэгэн охинд ном унш гэж их үглэнэ ээ. Ном унших ийм тийм ач холбогдолтой гэх мэтээр нэг их үглэлгүйгээр үлгэрлэчих санаатай. Өвлийнхөө амралтаар нэг ном унших юм гэсэн. Хо хо. 

За түр баяртай. бүгдийнх нь ажил үйлсэд амжилт хүсье. 

2023年12月24日日曜日

Орно оо, хайлна аа

Орно оо гарна аа гэдэг шиг. Энд цас нэг ороод л, нэг хайлаад л байж байна. 

Хүйтэрч ч байна. Хэмийн хувьд монголын намар цаг шиг хэрнээ жиндүү байдаг шүү. Ирж үзээгүй хүмүүс гадаах хэмийг сонсчихоод дулаахан гээд байдаг юм. Дотор нь байгаа бид хөлдчих гээд.

Сэтгэлдээ бол хөдөө малчин айл, хотын гэр хороололд түлээ нүүрс хэрэглэдэг айлуудыг бодоод, тэснэ шүү, олон долоон юм ярьж гоншигонохгүй шүү л гэж бодон арлын орны жиндүү хүйтнийг давдаг даа. Хэ хэ. 

Жаргалтай мөнгөнд бүхий л зүйлд талархах гэж бичсэн байдаг. Энэ талархах зүйл дээр бол би гайгүй юм билээ. Үргэлж л талархах сэтгэлээр ханддаг шүү. 

Багахан орсон цасыг зүгээр өнгөрөөлгүй, гэрийн минь том жижиг хоёр хөвгүүн гадаанаа Олаф хийсэн. 
Ингэж бөөрөнхийлөх чинь санаснаар болохгүй юм байна гэж байсан. Зулзага яахав наана нь шулганаад л, заагаад л гүйгээд байсан. Би хааяа нэг цонхоор харж баясчихаад л. Хи хи.
Хамар бол мэдээж лууван. Нүдийг нь харин киви жимсээр хийсэн. Гэрт яваад байсан юм. Хүйтэрсэн чинь бас хүйтэн жимс идмээргүй санагддаг юм байна аа. 

Хөршүүдийнхээ өгсөн энэ киви жимсийг нэг л идэх хүсэл төрөхгүй явсаар байгаад Олафын нүд болгочихлоо. Уучлаарай. 

Энэ жил дулаахан өвөл болно гээд байсан юм. Монголд хүйтрэхээр энд хэд хоногийн дараа хүйтэрдэг юм. Монголд Сибирийн хүйтэн агаар ирдэгтэй адил. 

Эх оронд минь хүйтний эрч жаахан сулраасай тийм ээ. Ижий аав, элгэн садангуудын минь сэтгэл санаа ч уяраг. 

Түүнээс ойрд их л бухимдалтай байх шиг байна тийм үү? Нүүрс, тог цахилгаан, сургууль соёл, хулгай дээрэм. Эндээс бид бас уншаад, сонсоод бухимддаг шүү. 
Заримдаа ч хэдэн он билээ? Хэдэн жилийн өмнөх л яриа гэж өөрийн эрхгүй бодогдоно оо. 

Он гарах ч дөхлөө, наана нь энд зул сарын баяр гээчийг амжилттай давах хэрэгтэй. Бэлэг сэлтээ хальт л бэлдлээ. Өнөө орой зулзагуудыг унтсан хойно нь бооно доо. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2023年12月23日土曜日

4 номтой

Ойрын сонин гэвэл монгол яваад ирсэн найздаа 4 ном дайж авчруулах шив дээ. Болоогүй ээ, дээрээс нь монгол бэлэгтэй. Хэ хэ.

Наана нь интерномоос онлайнаар захиалаад, бас л нэг найздаа төвөг удаж мөнгийг нь төлүүлээд. Дараагаар нь би өөрийн данснаас найзынхаа дансанд шилжүүлнэ. 

Гэснээс энэ интерномынхон энэ нэг ядаргаатай төлбөрийн асуудлыг шийдээд өгчихвөл тийм ээ. Хол байгаа би заавал нэг хүн гуйж код уншуулах хэрэг гараад байх юм. 

Түүнээс ч хүргээд өгчихдөг нь амар л даа. Мэдээж хүргэлтийн төлбөр төлнө. Угтаа бас тэдээс дээш төгрөгийн ном худалдаж авбал хүргэлтийн мөнгө үнэгүй гэж байдаг бол тийм ээ? 

За тэгээд найзын минь гэрт номнууд маань хүргэгдэж очно, тэр номыг найз минь наашаа ирэх найзад минь хүргэж өгнө. Хөөрхөн хүү нь хамт аваачиж өгсөн байна лээ. Ээждээ хань болоод сайн хүү шүү. Маш их баярлалаа. 

Мөн найздаа амттай шоколат явуулсан байсан. Бид өдөрт нэгийг идэж байгаа. Хэ хэ. 

Гэх мэтчилэн би нааш нь ном авах гэж их олон хүмүүст төвөг уддаг юм. Найзууд минь зүгээр ээ, хэлж бай гэж намайгаа эрхлүүлнэ. Үргэлж талархаж явдаг шүү. Буян нь түм бумаар үржээд та нарт минь очих болтугай. 
Ийм дөрвөн ном захиалж авлаа. Энэ жил хувийн хөгжлийн ном унших санаатай. Учиргүй хэрэгжүүлээд, хөгжөөд явахгүй байх л даа. Зүгээр байснаас зүлгэж суу  гэгчээр ядаж уншаад мэдээд авах бодолтой. 

Өглөөний гайхамшиг гээд бүлгийнхэн уншаад байдаг номнууд. Дээрээс нь нэг уран зохиолын номтой. Уншиж дуусахаарээ эндээ зураг хөрөг оруулна аа. Сүүлдээ ч ямар ном захиж аваад өрөөд тавьчихсанаа мартчих гээд л байна шүү. Хэ хэ. 

Ямартай ч энэ нэг жилд бол 12 ном уншсан. Сард нэг ном уншиж ярилцдаг номын клубынхаа ачаар. Дунд нь ганц нэг номыг сайн дураараа илүү уншаад, 15 ном бол уншсан байх шүү. 

Жилд 100 гаргаж уншдаг хүмүүийн хаана нь ч хүрэхгүй ч огт уншдаггүй хүний хажууд бас ч гэж чамлалтгүй шүү гэж өөрийгөө урамшуулаад, 2023 оноо үднэ дээ. 

Он дуусахаас өмнө жижиг номнуудаасаа түүж уншина гэж төлөвлөсөн. 

Өөртөө болон та нартаа амжилт хүсье. Түр баяртай.

2023年12月19日火曜日

Жаргалтай мөнгө

Бидний 12 сард уншсан ном. "Жаргалтай мөнгө" монгол орчуулга нь. Зохиолч нь Хонда Кэн. 

Эхэндээ эх хэлээр нь, монгол орчуулгыг нь ээлжлээд л уншаад л байлаа. Сүүлдээ ярилцах өдөр маань эрт байсан тул амархнаар нь монголоороо уншаад дуусгалаа. Япон хэлээр нь заавал уншина аа. Ойрд япон хэлээр уншсангүй, хэл усаа хоолтойгоо холиод идчих шиг боллоо шүү. Ха ха. 

Агуулгыг энд дурдах илүүц биз? Ямартай ч мөнгийг өөр өнцгөөс хардаг болоход минь асар их үүрэг гүйцэтгэсэн номны нэг гарцаагүй мөн. 

Ойрын ганц хоёр жил мөнгө, санхүүгийн тухай уншаад нэг зүйл ойлгосон нь "баян хүмүүсийг үзэн ядахгүй байх, тэднээс суралцах, тэдэнтэй нөхөрлөх" гэх мэтээр уншиж ойлгоод. 

Монголд жинхэнэ цэвэр ариун хөдөлмөрөөрөө баяжсан, амжилтанд хүрсэн хүн ховор ч, дэлхийгээр нэг өөрсдийн хүч хөдөлмөрөөр "баяжсан" хүн бий тул тэднээс суралцах хэтийн зорилготой. Хо хо. 

Энэ удаагийн "Жаргалтай мөнгө"-өөр мэдэж авсан зүйлийн нэг бүхий л зүйлд талархах. Орж буй, олж буй мөнгөндөө мэдээж талархдаг бид. Харин гарч буй мөнгө, төлж буй мөнгөндөө тэр бүр талархаад байдаггүй. 

Бодлоо л доо. Заримдаа монгол руу их сонин зүйлд мөнгө хэрэг болоод, би их бухимдана аа. Зулзагуудынхаа сургалтын төлбөр зэрэгт мөнгө хадгалж байгааг минь мэдээд байдаг юм уу? 

Заримдаа ч мөнгө зээлэх, мөнгө шаардсан, мөнгө яалт ч үгүй хэрэг болсон хүмүүс яаж ийгээд гарч ирнэ. Буруу харж уйлаад, зөв харж инээгээд л өгнө. Энэ бол жаргалгүй мөнгөний нэг жишээ. 

Тэрхүү өгч буй мөнгөө тэртэй тэргүй өгч байгаа юм чинь жаргалтайгаар л өгөх хэрэгтэй гэж байна. Би чадах болов уу? Үглээд л, хэсэгтээ бас бухимдах л байх даа. Хи хи. Жаргалгүй мөнгөө жаргалтай мөнгө болгохыг хичээнэ ээ. 

Хамгийн зэвүүн нь албатай юм шиг ханддаг хүмүүс байдаг тийм ээ? Бас яг хэрэг болсон үедээ л холбогддог. Наана нь яахав дээ, мэндтэй устай байж болно шүү дээ. Ккк. 

Эсрэгээрээ хичээж буй хүнд бол би өгөх дуртай, дэмжих дуртай. Мөн наанатай цаанатай ханддаг найзууддаа зориулах дуртай, өөрөө ч тусламж хүсэх дуртай. 

Тусламж хүсэхдээ нэг их айгаад, эргэлзээд байх шаардлагагүй шүү дээ, зоригтой байх хэрэгтэй гэж бичсэн байна. 

За тэгээд худалч хүнд бараг бүх мөртүүдийг нь шар өнгөөр тодруулаад л, хуудас бүрт нь өнгийн цаас нааж тэмдэглэсэн. Байгаа бүхий л зүйлдээ талархах, баярлалаа гэж хэлэх. 

Цаг зав гарвал таалагдсан агуулгаасаа ганц нэгийг оруулахыг хичээнэ ээ. Амжихгүй ч байж магад шүү. Өнөөдөр 4 ч ном монголоос ирсэн. Нэгийг нь эхэлчихсэн. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2023年12月18日月曜日

Урлагийн үзлэг

Хүүе энэ зулзагууд чинь хөгждөг юм байна. Өнгөрдөг жилийн урлагийн үзлэгээр уйлаагүй ч нэг их зүтгэл гаргаагүй, зүгээр л орон тоо бөглөөд зогсож байсан юм. 

Тэгсэн энэ жил бүр хүн шиг оролцохыг шахав. Дунд нь нэг паянтай, яаж зүгээр байхав. Ха ха. 

Угтаа бэлтгэлийг маш сайн хийсэн. Багш нар нь магтаад л байсан. 

Зарим орой ч гэртээ аавтайгаа хамт давтана. Үүргээ давуулан биелүүлээд бүр жүжигчилсэн тоглолтоо хүртэл гэртээ давтах нь холгүй байсан. Нэлээд хөөрүү болох байх шүү гэж таамаглаад л байна. Зарим нэг хүнийг дуурайгаад, манай удамд лав... Ха ха. 

Ёстой хөөрхөн дуулсан, бүр хөгжимдсөн. Чоно болсон. "Чоно ба 16 ишиг" гэдэг жүжиг тоглов. Хэ хэ. Багш нь чоно ямар байх ёстойг заагаагүй байхад өөрөө л чоно ингэж ульдаг гэж зааж өгсөн гэсэн. 

Бодоод байсан манай монгол үлгэр домогт чоно их гардаг. Эдний үлгэрт, зурагт номонд чоно их бага гардаг юм билээ. Тэгээд л тэр байх...

Ирэх жил бүр л мэргэжлийн болох юм байна даа, овоо шүү дээ гэж ярилцав. Түрүү жилийн харилцан яриаг бодвол энэ жилийн харилцан яриа минь өөдрөг байлаа. Овоо л жүжиглэчихдэг, нэг их ичээд байхгүй л юм байна. 

За одоо паянгаа бичье. 

Жүжгийн эхний хэсэгт маш цоглог гарч ирээд тайзнаа тоглосон. Дунд нь үзэгдэл солигдоод түр зуур тайзны ард хүлээх болоод, за тэгээд чононууд гарч ирэв. Тэгсэн зулзага уйлчихсан гарч ирэв.

Тэгснээ ээжийгээ олж харсан уу яасан? Бүр эхэр татаж уйлаад, цээжилсэн үгээ хэлээгүй. Дуугаа ч дуулаагүй, бүжиглээгүй. Хөшиг хаагдав. 

Бэлтгэл ангийн жүжигчилсэн тоглолт дуусаад, 3 настнаас дээш ангийнхны найрал дууны ээлж болов. Зулзага багштайгаа хөтлөлцөж гарч ирсэн. Хамгийн захад. Дуу ч эхэллээ. 

Тэгсэн зулзага ээжийгээ олж харчихаад дахиад л нусаа татаад эхэлсэн. Хи хи. Тэгснээ нэг их чанга дуугаар "нус гоожоод байна" гэж авдаг юм даа. Багш нар сандраад л сальфетка гаргаж ирж нусыг нь арчив. 

Найрал дуу ч дуусав. Тэгсэн хамгийн хөөрхөн нь хүүхдүүд ёслоод бөхийсөн чинь зулзага бас хамт бөхийдөг гэнэ ээ. Ха ха. 

Бүр хайр хүрээд л явчихсан. Яахав дээ, бэлдэж бэлдэж ирсэн урлагийн үзүүлбэрийнх нь хамгийн сүүлийн үзүүлбэр гэдгийг мэдээд байна шүү дээ, ямартай ч ёслох ёстой гэдгийг ойлгоод байна шүү дээ, хонгор үр минь. 

Энэ найрал дуунаас өмнө үзэгчдийн суудалд сууж байсан чинь багш нь хажууд ирээд суучихсан, мөр цохиж байна. Би ч үр минь янз бүрийн юм болчихоогүй байгаа гээд л айх гайхах зэрэгцэв.

Тэгсэн багш нь "түрүүн тайзны ард хүлээж байхдаа нэг найз нь хөл дээр нь гишгэчихсэн бололтой, сүртэй шалбарч бариагүй шүү санаа зоволтгүй, таныг харин санаа зовж байгаа байх гэж бодоод. Дараагийн найрал дууны үеэр багштайгаа хамт хөтлөлцөөд гарна болох уу?" гэсэн. 

Ямар их сэтгэл вэ? гэж би ч уярчихав. Хи хи.

Урлагийн үзлэг дуусаад, очиж авахад хүүхэл бүрт нэг нэг ширхэг сэнбэй буюу амттан тараагаад, өнөөх минь тайвширсан бололтой, инээд алдчихсан л ижий аав дээрээ гүйж ирсэн. 

Нэг багш нь "ашгүй дээ, тайвшраад инээмсэглээд" гэсэн. 

Алхаад харих замдаа асуув. "Найзтайгаа мөргөлдөөд, тэгсэн чинь миний хөл шатны модонд цохигдоод өвдөөд, тэгээд би тэсэлгүй уйлчихсан" гэсэн. Шагайгаа л цохьсон бололтой. Угаасаа тэр хавьд бол өвдөнө л дөө тийм ээ?  

Ирэх жил мөргөлдсөн ч тэвчээд уйлахгүй ээ л гэсэн. 

Бусдаар ч маш цоглог, хөгжмөө ч сайн дарсан. 

Эгч нь бас үдээс хойш Ensemble contest-д оролцоод, алт авсан ч мужаа төлөөлөх багт бол шалгарсангүй. Ирэх жил даагаа нэхэх байх...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年12月15日金曜日

Сурагчдын үүрдэг цүнх

Сүүлийн үед монгол руу эндхийн бага ангийн сурагчдын үүрдэг цүнхийг их явуулдаг болсон доо. 

Миний мэдэхийн 3 ч газар явуулдаг. Хотын нэг дүүрэгт, хөдөө орон нутагт 2 газар. Нэг нь бүр их олноор нь явуулж байсан. Бас нэг нь 100-гаад ширхэгийг. Арай 100 хүрэхгүй. 

Миний бие хоёр ч удаагийнх нь арга хэмжээнд оролцсон нь болохоор цөөн тоогоор , онгоцоор явуулж байсан. МИАТ тээврийн тал дээр нь бага зэрэг хөнгөлөлт үзүүлдэг юм шиг байна лээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдэхгүй. 

Япон хүмүүс сайн дураараа ажиллаж өгдөг. Тэрхүү цүнхийг цуглуулахад нэлээд ажиллагаа ордог. Оршин суугаа газрынхаа иргэдэд танилцуулна, сурталчилна. Болж өгвөл монгол хүн уриад залаад монголын тухай яриа хийлгэнэ. Цугларсан цүнхийг хэсэгтээ хадгална гэх мэт. 

Бүр монголоос морин хуурч урьж залаад сүм хийдээр бяцхан хэмцээний тоглолт хийгээд, хандив цуглуулж байсан. Иймэрхүү арга хэмжээнд орохдоо би ч нэгэн хөөрхөн монгол хүүхэд цүнхтэй болоод, хичээл номдоо шамдаасай гээд сэтгэлээсээ хандив өргөдөг. 

Зураг оруулж, туг хайчилдаггүй л болохоос. Ха ха.  

Мөн хувиараа бас хэд хэдэн цүнхийг монгол явуулж байсан. Саяхан зулзагынхаа усан цэнхэр өнгөтэйг бас хамаатныхаа жаалд өгсөн. Айхтар муудчихаагүй, хэдэн жилдээ үүрчихээр, хөөрхөн өнгөнтэй цүнх байсан болохоор явуулсан. 

Хуучин цүнх л дээ. Гэхдээ бараг шинээрээ шахуу, дахиад хэдэн жил ч ашиглаж болохоор цүнх голцуу байдаг. Зарим нэг хүмүүс монгол ямар хогийн сав юм уу? гэж л байдаг юм. 

Мэдээж хэрэглэж болохоорыг нь явуулна. Түүнээс эндээ цугладаг цүнхэн дунд нэлээд хуучин нь байдаг. Түүнийг нь явуулахгүй шүү дээ. 

Энэ удаад цүнх гардан авсан 2 дугаар ангийн голцуу сурагчид талархлын захиа ирүүлсэн байсан. Хөөрхөн нь "хичээлдээ шамдах болно оо, бидний сурах үйлсийг дэмжсэнд баярлалаа" гэх мэт агуулга нь хүүхдийн сэтгэлээрээ бичсэн бяцхан захидлууд. 

Би түүнийг нь орчуулаад өө. Ихдээ л 3, 4 өгүүлбэр. Тэгсэн орчуулж өгөхийг хүссэн бүсгүй маань ажил дээр амттан авчирч өгөөд, захиагаа авчрахдаа. Тэрийг нь ажлынхантайгаа хуваагаад л идсэн. 

Хэд хоногийн дараагаар орчуулгаа авах гэж ирсэн. Энэ удаад надад болон зулзагууддаа өгөөрэй гэж амттан өгсөн. Хэ хэ. Ажлынхандаа өгөлгүй, гэртээ авчраад зулзагуудтайгаа идсэн. 

Ийм төмөр хайрцагтай. Доторх нь гэрийн гишүүд бүгд дуртай шоколат. Том жижиг, хэлбэр дүрсээр нь сонгоод л хэдэн өдөр сайхан амттан идсэн. Хи хи. Эгч хайрцгийг нь авсан. 

Би бас багадаа ийм төмөр лаазанд дуртай байлаа. Нарийн нандин гэсэн юмаа хийдэг байлаа. Инээдтэй зүйлс л хийдэг байсан байх даа. Хэ хэ. Тухайн үеийн наддаа бол нандин нандин. 

Амттай, ялангуяа гэрийнхэн дуртай сүүтэй нь. Би ихэвчлэн какао өндөртэйг идэх гэдэг болохоор, гэрийнхэн гашуун гээд иддэггүй юм. Гэсэн ч тэдэнд зориулж авдаг ч үгүй, миний идэхийг ид, идэхгүй бол тэр л биз гээд. Хо хо. 

Энэ арга хэмжээг дахин зохион байгуулах байх. Би ч боломжоороо оролцоно гэж бодож байгаа. Цэнхэр дээлээ өмсөөд л Дүүриймаадахад яахав дээ, тийм ээ? 

Гол нь дан ганц цүнх биш, шинэ бичгийн хэрэгсэл бас дагалддаг. Хамгийн гол нь боломж бололцоо муу хүүхдүүдэд л очоосой гэж хүсдэг дээ. 

Манайхан чинь заавал нэг цавчаа оруулчих гээд байдаг дундуур нь. Нэг газрын цахим хуудсанд очсон тоо нь 3-р ч билүү дутуу л зарлагдаж байсан. Мөн төрийн албан хаагчид нь тараахдаа өөрсдөө худалдаж аваад бэлэглэж байгаа юм шиг ойлгогдохоор бичээд л, чухам гардуулж байгаа зураг хөргөө оруулахаар нь бөгс улайна өө. 

Эх орныхоо бяцхан жаалуудад сурлагын өндөр амжилт хүсье өө. 

Өө тийм, ийм цүнх үүрсэн хүүхдийг бас шоолж гоочлох хандлага байдаг гэсэн. Хандивын цүнх үүрээд гээд. Яахаараа ийм байдаг байна аа, эцэг эхүүд минь гаднаас нь хараад дүгнэдэггүй юм гэж хэлж ойлгуулах хэрэгтэй шүү, үр хүүхдүүддээ. 

Томчууд бид тийм хандлага гаргаж байгаа учраас л хүүхдүүд амнаасаа тиймэрхүү үг унагаж, хандаж байгаа шүү дээ. 

Харин ч эсрэгээрээ энэ цүнх чинь эндээ бол сая гаран төгрөгний үнэтэй цүнх, япон найз нь бэлэглэсэн юм билээ гэж хэлж өгдөг юм уу? 

Яалтай билээ? Заримдаа ч энэ хүмүүсийн хандлага, авирыг ойлгохгүй юм дөө. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年12月12日火曜日

Эцэг эхийн хурал

Дунд сургуулийн эцэг эхийн хурал болов. Хурал ч гэж дээ, би л тэгж орчуулаад байгаа юм. Түүнээс баштай нь ганцаарчилж уулздаг. 

Хичээлийн явцын шалгалт, анги дээрх байр байдал, хичээж буй зүйлс, гэртээ хэрхэн хичээл хийх цаг гаргаж байна гэх мэтээр харилцан ярилцдаг. 

Дунд сургуульд ороод хичээлийн агуулга хүндэрдэгийг мэднэ л дээ. Эхний хэдэн шалгалт бол тааруухан л дүн хэлсээр орж ирдэг. Туршлагатай хүн шүү дээ би чинь. 

Дүрмийн дагуу л явж байна лээ. Хэ хэ. Хичээл эхлээд улирал бүр нэг шалгалт авдаг. Хамгийн анхны шалгалтаас сүүлийн шалгалт хүртэл онооны хувьд буужээ. 

Багш нь ч хэлж байна лээ. Сайхан доошоо уруудаад гэж авсан. Хо хо. 

Яалтай? Ядаж байхад ангийн дарга, сурагчдын зөвлөл энэ тэр гээд хэнхэг царайлаад. Дээрээс нь ханын сонин билүү? Дээхний хэллэгээр бол. Тиймэрхүү зүйлд зураг зурж өгч мөгөөд. 

Цагаа дэмий зүйлд зарцуулаад байгаа юм шиг санагддаг ч энэ удаад багшид хэлсэнгүй ээ. Тувт хичээл гэж гүйж байхаар гар хөлөө зэрэг өргөөд, нийгмийн идэвхи зүтгэл гаргаад явж л байг даа гэж дотогшоо өмөлзөнө. Хи хи. 

Ааш араншингийн хувьд нэлээд шулуухан хэлчихдэг, таалагдаагүй зүйлсээ заримдаа ч хэтрүүлээд нэлээд ширүүн, бүдүүлэгдүү хэлбэрээр хэлчихдэг гэнэ шүү. Угаасаа гэртээ ч бас нэг тиймэрхүү байгаад байгаа юм. 

Өөдөөс цор цор гээд. "Хийж л байгаа шд, хичээж л байгаа шд, яагаад тулгаад байгаа юм, яагаад хардаад байгаа юм?" гэдэг хариулт ихэссэн. 

Эгчийгээ бодвол арай л ширүүн байгаад байна уу даа? гэж бодсон ч, харьцуулж болохгүй, нэг эхээс төрсөн ч хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой шүү дээ гэж өөрийгөө тайвшруулаад, хүүхдийн хүмүүжлийн тухай олж уншсан, сонссон зүйлсээ тархиндаа эргэлдүүлээд л явж байна. 

Мэдээж эх хүн л болсон хойно уурлана, үглэнэ, бухимдана. 

Ном унших дадал бол сайн. Гэм нь сүүлийн үед шинэ ном гэхээсээ илүү Харри Поттер л дахин дахин уншаад байхаар нь сонирхол татахуйц ганц нэг ном зээлж авчирлаа. 

Өө тийм, бас нэг авууштай нь гэрийн номын санд буй эгчийнхээ болон ээжийн худалдаж авсан номнуудыг уншиж харагддаг, сэтгэгдлээ хэлдэг. Энэ жилийн шагналт байрын номыг худалдаж авч тавина аа, их дажгүй гэж сонссон.

Аан тийм, ангийнхан дундаа нэлээд манлайлагч талдаа гэнэ шүү. Ангийн ямар нэгэн арга хэмжээн дээр түүний амыг харах тохиолдол бий гэнэ шүү. 

Анги даасан багш нь хэлж байна лээ, японы нийгэмд бас хэт шударга хэлчихдэг хүн ад үзэгдэх гээд байдаг, арай зөөлөн аргаар хэлж сурах хэрэгтэй байгаа юм. Нэгнийхээ сэтгэлд юм хийчихэлгүйхэн шиг эвтэйхэн хэлэх хэрэгтэй гэж би болон бусад багш нар бас хэлж ойлгуулахыг хичээж байгаа" гэсэн.

Бурхан минь энэ зан нь өөрт нь нөлөөлчих вий гэж санаа зовчихлоо. Дунд сургуулийн 2 дугаар ангиас сурагчдын шилжилтийн нас гээд зан ааш, авирын хувьд ихээхэн өөрчлөлт ороод, нэгнийгээ дээрэлхэх, ад шоо үзэх явдал ихэсдэг гэж байнга л уншдаг болохоор, ирэх жил анги дэвшээд ангийнх нь хүүхдүүд хоорондоо солигдоод, тэрэн дунд нь өөр шиг нь ижил ааш авиртай нэгэн гарч ирээд үзэлцээд унах вий? Адлагдах вий гэж битүүхэн санаа зовоод өө. 

Одоогоор ядарсан ч хичээлдээ яваад, идэвхитэй оролцоод байгаад нь талархаад л байдлыг харахаас өөр аргагүй. Мэдээж харьж ирээд бас үглэлээ үглэлээ. Арай аядуухан шиг ярьж хөөрч бай гээд. 

Багаасаа л хэл ам нь гүйцэгддэггүй байсан юм, томорсон чинь бүр гаарах шинжтэй шүү. Аав нь ширүүн тулдаа нэг юм хандыг нь дарж байх шиг, одоогоор ч. 

3 дугаар ангид ороод жаахан номхрох байгаа? Ахлах сургуульд элсэх элсэлтийн шалгалтанд бэлдээд, юун тэгж хүмүүстэй зөрчилдөөд явж байх манатай болох байгаа? 

Зулзагууд нь шилжилтийн насан дээрээ яваа ээж аавуудад амжилт хүсье. Би ч хэсэгтээ энэ шилжилтийн нас гээч юмтай зууралдана, нэг нь арайхийж гараас гарахаар л дараагийнх нь. Ха ха. 

Ямар ч зүйл хоёр талтай юм даа, зайтай төрүүлсний ач холбогдол их ч энэ мэт асуудлууд нь хэсэгтээ л ундарч өгөх бололтой...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2023年12月9日土曜日

Сайхан мандарин байна даа

Цагийн сайханд урд зүгээс бэрсүүт жүрж шуудангаар ирээд л. Заримдаа ч идэж барахгүй муутгачих гээд л. Тансагладаг байлаа. 

Сүүлийн хэдэн жил харин өөрсдөө дэлгүүрээс авч иддэг болсон. Мэдээж тэр бүр байнга аваад байхгүй ээ. Үнэд ороод буйг ч хэлэх үү? 

Энд нэгэн өвөөтэй танилцсан чинь ууланд бэрсүүт жүржийн модтой, ирж идээрэй гэж хань ижилд хэлүүлсэн байхаар нь уухайн тас, тороо бариад л очсон. Ха ха. Хүний шунал аа гэж...

Нэг ийм жижигхэн модноос хөөрхөн ургац хураах юм билээ. Харахад жижигхэн ч түүхэд хөөрхөн тор дүүрээд байна лээ шүү. 

"Жигмэд Тогмид хоёр жимсэнд хамт явжээ" гэж дуулангаа түүсэн.  

Жижигхэн хөөрхөн мандарин. Энэ бэрсүүт жүрж гэж хэлэх нэг л хэцүү санагдаад байх юм. Багаасаа л мандарин гэж хэлдэг байсан болохоор тэр байх даа. 

Түүхдээ хайчаар тэрүүхэнд нь хайчилж авдаг юм билээ. Хамаагүй зулгааж болохгүй. Тэгвэл мөчиртэйгөө унаад ирэхээр. 

Гэрийнхээ гадаа ийм мод тарих уу? гэж ярилцсан. Өвөл болохоор гэрэлтүүлж асаана гэж гацуур мод тарьсан байсныгаа авч хаях гэж байгаа юм угаасаа. Учир нь их том ургадаг, эсрэгээрээ хажуу хавирганы айлууд руу орчих гээд, үндэс нь бас яадаг ч гэнэ үү? 

Хот газар мод тарих чинь бас учир жанцантай юм билээ. Тэгээд л хань ижил хяргаж хаях юм гэсэн. Тэгэхдээ оронд нь ерөөсөө мандарины мод тарихаар шийдсэн. Хэрэгжүүлтлээ хэр удах нь уу? 

Хань ижил бид хоёрын нэг гэм биш зан нь тэгэх үү? Ингэх үү? гэж их удаан ярьж явна, дуншаад л байдаг юм. Хэ хэ. Харин зулзагуудынхаа янз бүрийн зүйл дээр эсрэгээрээ маш хурдан шийдэл гаргадаг. 

Нэг нартай өдөр гэрийнхээ гадаах ургацаа хураагаад гээд бичих байх. Тэр болтол тэвчээртэй хүлээгээрэй таминь минь. 

Гэснээс энд бэлэн зэлэн юман дээр өсч буй хүүхдүүд нэг их тоохгүй юм тийм ээ? Энд амьдардаг айлуудын зулзагууд яадаг бол? Манай зулзагууд л нэг их тоохгүй, бид хоёр л багад ховрын бараа байлаа гэж яриад л иднэ. 

Монголд байгаа хэд минь л очиж идэх юмсан, яасан сайхан юм л гэх юм. Ойрхон бол ч шуудандаад л баймаар...

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай. 

2023年12月8日金曜日

Шатрын тууж

Зузаан номны дараах нимгэн ном амттай.

12 сард уншиж ярилцах номоо эхлэхээс өмнө хэдэн жилийн өмнөөс л унших юмсан гэж бодож, авчруулсан номоо уншлаа. Ёстой сонирхолтой байлаа.

Шатар гэдэг үгийг их сонсдог ч тоглож бол мэдэхгүй. Гэрт минь бол бий. Даанч бага зулзага хөлгийг нь нугасаар нь хугалчихсан. 

Хааяа даам нүүдэг юм. Хожигдож өгөхгүй болохоор уурлаад, уйлдаг. Ха ха. Тэгэхээр чинь сонирхолгүй биз дээ? 

Би ч гэсэн хааяадаа хожмоор л байна шүү дээ. Ккк.

Бас сайн нүүж мэдэхгүй ээ, зөөж өгдөг одоо ид гэж мэгээд. "Би чамд хайртай" дээр гардаг шиг л идээчээ гэхээр дүү нь ам руугаа авч хийдэг шиг л юм болдог байлаа, эхэндээ ч.

Хань ижлээ л жаал базаж байна, шатар даам тоглооч, ухааныг нь задлаач, би охидоо хүмүүжүүлсэн, чи одоо хүйс ижлээрээ хүмүүжүүлээч гэж мэгээд л. Ха ха. Би ч уншиж мэдсэнээрээ энэ хөвгүүдийг их л онгироож, магтаж өсгөх, хүмүүжүүлэх гэж үзэж тарж л байна. 

Тэсэхгүй загнана аа. Гэдээ охидоо загнаж байсан шигээ загнахгүй байгаа бололтой, эгч нарых нь хэлснээр бол. Яалтай. 

За юу бичиж явлаа? Шатрыг хүртэл хүүхдийнхээ хүмүүжилтэй холбоод биччихдэг тийм ээ? Чадаж байгаа юмыг яалтай вэ одоо. Ккк.  

Номны хамгийн таалагдсан хэсэг нь хөлөг онгоцон дээр гэнэт гарч ирдэг доктор Б. Шоронд хоригдох хугацаандаа ганцаардлыг даван туулахын тулд өөрөө өөртэйгөө шатар тоглодог байсан хэсэг. 

Амь дүйж шатрын тухай ном хулгайлдаг хэсэг, цээжилдэг, талхныхаа үйрмэг, цагаан хэрэглэлээрээ орлуулж шатрын хөлөг хийдэг байсан хэсэг гээд л сонирхолтой. 

Олуулаа хоригдох, гав ганцаархнаа умгар өрөөнд хоригдох хоёр нь өөр өөрийн онцлогтой байдаг бололтой. 

Одоо бидний энэ элдэв мэдээллийн хэрэгслээр хахсан үед ингэж хоригдвол ч шууд боож үхэх байх гэж бодсон. Хэ хэ. 

Хөөрхөн ном байсан шүү, та нарыг ч уншаасай гэж хүсэж байна. Шатар тоглож сурна аа, хэзээ гэдгийг чөтгөр бүү мэд...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2023年12月7日木曜日

Гэм зэм

Зээ, бидний 11 сард уншсан ном. Овоо зузаан ном байлаа. 624 хуудастай. Уншиж барах байгаа гэж бодсон ямартай ч ард нь гарсан. Хэ хэ. 

Би багадаа уншиж байгаагүй ном байна. Ааваасаа асуусан чинь манайд байхгүй гэсэн. Тэгэхээр уншаагүй гэсэн үг. Уг нь гэрийнхээ ихэнх номыг уншсан ухаантай, багадаа. 

Мөн орос ах нарын зохиолыг уншаад л байх шиг байсан. Санаанд үлдсэн нь ховор байна өө. Хамгийн сайн үлдсэн нь Алтан загасны үлгэр, Муурын байшин, Өнхрүүш, Орос ардын үлгэрүүд. Яагаав тэнэг Иван гэж гардаг даа. 

Гэснээс тэр олон үлгэрүүдээ одоо бас мартсан байна өө. Дараа захиж унших уу? Яах уу? Гялс хариу. Хи хи. 

Ингэхэд байна аа, багадаа уншсан номноос сэтгэлд хамгийн тод үлдсэн нь Монте-Кристо гүн. Цагаан бээлий, Хурлийз бүсгүй, Морь унасан толгойгүй хүн. Өөр юу билээ? Аан тийм Дөлгөөн Доныг уншиж байсан. Санаж байгаа зүйл алга.

Ингээд нэрлэсэн чинь дахин уншмаар санагддаг гэнэ ээ.

За тэгээд Гэм зэм маань номын гарчгаас харахад л нэлээд сонирхол татахуйц. Харин уншаад эхлэхээр нэг л сунжруу. 

Ойрд орос орон, орос хүний нэр, орос ахуй зэргийн талаар уншаагүй байсан тулдаа бас ч гэж шинэлэг санагдаад л тэсвэр заан уншаад л суув. 

Түүнээс ч эхний 300-гаад хуудас бол яг юуг хэлэх гээд, гэмт хэрэг хийчихсэн зохиолын гол баатрын сэтгэл санааны тогтворгүй байдалд уншиж буй би бас дагаад хямарчихна. 

Тухайн үеийн орос нийгэмд "оюутан" гэдэг хүн бол нэлээд дээгүүр байр суурь эзэлдэг байсан мэт. Учир нь Раскольников нь нэлээд хэдэн удаа өөрийгөө "оюутан байсан" гэж хэлдэг. Түүнийг нь сонсоод эргэн тойрных нь түүнд нэлээд хүндэтгэлтэй хандаад байх шиг...

Байсан гэдэг нь чөлөө авчихсан, мөнгөгүйгээсээ юу? Эсвэл мөнгөгүйгээс үүдэлтэй сэтгэл санааны тогтворгүй байдлаас уу? Яг сайн ойлгоогүй. Хэ хэ. 

Ээжийн дүр, дүү охины дүрүүд нэг тийм ихэмсэг орос хатагтай нарын дүр зураг бууна. Угаасаа ч дүү Дуняд нь олон эрс сэтгэл алдраад суух санал тавина. Үзэсгэлэнтэйн дээр ухаан ч сэргэлэн дүр...

Гэмт хэрэг үйлдчихээд түүндээ гэмшин өөрийгөө илчлэх үг үйлдэл гаргаад байдаг нь гэмт хүн гэлбэлзэнэ гэгч л нь байх гэж бодогдоно. Мөнгө хүүлэгч нэгэн эмгэнийг нийгмийн сайн сайхны тулд хөнөөчихдөг. Түүнд л нийгмийн сайн сайхны төлөө, хүмүүсийн төлөө санагдах ч гэмт хэрэг л бол гэмт хэрэг шүү дээ...

Танилцаад удаагүй хүндээ, түүний ар гэрийнхэнд нь туслаад, өгөөмөр зан гаргаад буян үйлдсэн ч хийсэн нүгэл нь цайралгүй, өөрийг нь дотроос нь идээд байна. 

Ээж, дүү хоёртойгоо салах ёс хийгээд, өөрийгөө илчлээд, зохих ялаа эдлэхээр Сибирьт цөлөгдөнө. Ингэхдээ өөрт нь үнэнч Соня бүсгүйтэй бие биенийхээ алдаа оноог хүлээн зөвшөөрч биесээ хайрлахаар шийдэн зохиол төгсдөг нь харин таалагдсан. 

Номоо хаасны дараа гол дүрийнхээ баатрыг хүн алчихдаг гэж харааж зүхэхгүй байгаа нь сонин. Нэг ийм хэлц санаанд орно.

 "Гэмт хэргийг нь үзэн ядна, түүнийг үйлдсэн хүнийг нь үзэн ядахгүй". Хүн ямар ч шалтгаанаар хэрэг хийсэн байж болно, тэр дунд сайн хүн ч бий шүү гэсэн санаа нуугдаж буйд тэр биз ээ. 

Олон дүр гарна. Нэрнүүд нь хэд хэдэн янзаар бичигдэнэ. Оросууд чинь биесээ өхөөрдөөд, авгайлаад янз бүрээр дууддаг даа. Тэр дунд нь хэсэгтээ хэн билээ гэж эргэлзэнэ. Хэ хэ. 

Өнчирч хоцордог жаалууд нэлээд өрөвдөлтэй, амиа хорлох гээд голын ус руу орчихдог бүсгүй ч хөөрхийлөлтэй. 

Энэ номыг унших явцад яагаад юм бүү мэд? Багадаа зурагтаар үзэж байсан Ломоносовын тухай дүр зураг хальт мулт санагдаад байсан. 

Дараа боломж гарвал " Гэм зэм ба ял шийтгэл" гэдэг гарчигтайгаар орчуулагдсаныг нь авч уншина аа. Баатар гэдэг хүн орчуулсан гэсэн. Миний энэ уншсан нь Гомбосүрэн гэдэг хүний орчуулсан нь. 

Мэддэг хүмүүс нь эдгээр хүмүүсийг "гуай" гэж авгайлдаг юм билээ. Би орчуулагчийг нь нэг их тоолгүй уншчихдаг байсан алдаагаа засах гэж хичээж, хэн орчуулсан байна гэж хардаг болсон.

Клубын гишүүд маань харин их өвөрмөц, сонин содон өнцгөөс харж, тайлбар зүүлт хийсэн. Ямар ч гүн гүнзгий номоо судалж уншдаг юм, ямар ч сүрхий бясалгаж шимтэж уншдаг юм? Биширмээр. 

Зохиолчийнх нь талаар ч өөрсдийин мэддэг хэлээрээ судалчихсан байх юм. Би ч амьдрахынхаа хажуугаар ном уншдаг тул илүү дутуу үйлдэл хийж амжихгүй л байна. 

Уншдаг хүмүүс чинь уншихынхаа хажуугаар амьдардаг бололтой шүү. Хо хо.

Дараа бусад зохиолоос нь уншина гэж бодож байгаа, зузаан ч гэсэн яахав. Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2023年12月6日水曜日

Шинэ сарын мэнд ээ

Сайн байцгаана уу? Эрхэм уншигчид минь. 

Блогоо бичих зав гардаггүй ээ. Мэдэж байгаа байх, номоо уншина, аяга угаагчаа нэхнэ. Хажуугаар нь амьдарна. Хэ хэ. 

Гэснээс аяга угаагчаасаа 40 ширхэгийг зарсан. Утасныхаа мөнгийг нөхөж олсондоо урамтай байгаа. Дахин зармаар л байна, амьдрал ахуйд минь нэмэртэй шүү дээ. Захиалга авна...

Мөн би зун монгол явахдаа 100-с дээш ширхэгийг нэхэж авч явж үнэнч хэрэглэгчдэдээ бэлэглэсэн. Хэлсэн билүү? Маш их хөдөлмөр үү? 

Сүүлийн нэг сар бол маш идэвхитэй  нэхэж байна. 12 сардаа ч нэхэхийг үзүүлж өгнө. Хөршүүддээ хааяадаа бэлэглэнэ. Зулзагуудынхаа дугуйлангийн багш нарт бэлэглэнэ. 

Сая номыг минь зөөсөн бүсгүйд бэлэглэсэн. Монголд нэгэн бүсгүйд өгөөрэй гэж дайсан. 

Ингээд бодсон чинь худалч хүнд 300-гаад ширхэгийг нэхсэн байна, 45 хоногийн хугацаанд. 

Надаар нэг иймэрхүү сонинтой. Төрд хэрэгтэй зайран л байна. Нэгэн газар очиж хөх дээлтэйгээ Дүүриймаадсан. Цалинтай ажил байсан тул уухайн тас зөвшөөрөөд л явлаа. Миний ихэнх Дүүриймаадах ажил сайн дурынх байдаг юм.

Зулзагуудаар гэвэл ээлжлэн ханиад хүрч 5 хоног гэртээ карантийлагдсан. Багыг нь гэртээ харж өнжихөөс өөр аргагүй тул миний цалинтай амралтын өдрийн тоо дууссан. Ирэх оны 3 сарыг дуустал хэрэв амрах хэрэг гарвал цалингүй амраад явна гэсэн үг. Тэгэхээр мэдээж цалин буурна. Жавхлан юм даа. 

Дунд нь би нэгэн бага сургууль явах ажилтай байсан тул хань ижил харсан. 

Өнөөдөр эгч нь бас гэртээ унтаж байгаа. Энэ 7 хоног бүтэн хичээлдээ явахгүй. 

Энэ ханиадны хэлбэр нь халдварт томууны А хэлбэр. Эхний өдөртөө нэлээд өндөр халуурдаг. 2 дахь өдрөөс харьцангуй бууна халуун нь. 3 дахь өдрөөс халуунгүй, сэргээд эхлэнэ. 

Нэг аятайхан нь энэ ханиадыг туссаны дараагаар буцаж эмчдээ үзүүлж, албандаа явж болно гэсэн эмчийн тамгатай бичиг авдаг байсан нь больжээ. 5 хоног амаад, сүүлийн 3 хоногт нь халуун нь хэвийн байвал албандаа явж болно. 

Маш том ажилл хөнгөлөгдөж байна гэсэн үг, ээжүүдийн хувьд. Эмнэлэг орох, бичих авах, дахин үзүүлэх гээд л нэг өдрийг авдаг ажил үгүй болсноор ээждүүийн сэтгэл санаа ч мөн дагаад амсхийнэ. 

За тэгээд өөр орж гарах ажил бий бий. 

Жишээ нь бага зулзагын багштай ганцаарчилсан уулзалт болсон. Удахгүй эгчийх нь болно. Зулзага хоолондоо эрс сайжирсан гэнэ. Мөн элдэв арга хэмжээнд их зүтгэлтэй оролцож буй гэнэ. 

Хөгжмийн талдаа их сайн байгаа гэсэн шүү. Удахгүй урлагийн үзэг нь болно, тэрэндээ бэлдээд сүйд гэнэ.

                              ケーキ、イチゴ、テキストの画像のようです

Санаандгүй нэгэн бүсгүйн төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэв. Зайтай байдаг тул бүр уулзалдахгүй. Яг манайд ирдэг өдөр нь төрсөн өдөр нь байж таарсан. Бууз, цуйвангаар дайллаа. 

Төрсөн өдрийн эзнээр өөрөөр нь бялуу авахуулчихсан. Хүнд гараа би ч...

За тэгээд бялуунд бялуурдаг 12 сар гарчихлаа. Хуучин оныхоо алдаа оноог дүгнээд, шинэ ондоо зөндөө зорилт тавиад л сууцгааж байна уу? Би ч одоогоор юу ч бодоогүй л сууна. Ямартай ч хорвоогийн өдрүүдийг нэг нэгээр нь давсан шиг сууна даа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.