Олон жил унших юмсан гэж мөрөөссөн ном. Яг ном захихдаа яагаад ч юм хойшлуулаад, нэг бол матрчихдаг байсан ном.
Киног нь нэлээд дээхэн, бүр энд ирэхээсээ өмнө л нэг хальт үзсэн санагдаад байгаа юм. Тухайн үед залуу байж. Ид, гал халуун залуу насны хайр дурлал л сонирхож байснаас, нас тогтсон хүмүүсийн сэтгэлийн асуудал нэг их сонин биш байсан байх өө.
Жижигхэн, цүнхлээд явахад авсаархан гээд л таалагдаад эхэлсэн, гаднах төрхөөрөө ч тэр.
За тэгээд photoreading аргаараа хальт эргүүлж тойруулж харав. Үүнээс цааш тэгээд л заншил болсон уламжлалт унших аргаагаа уншиж байна өө. Үг, өгүүлбэр алгасалгүй. Хэ хэ.
Агуулгыг дурдах мэдээж илүүц.
Гэр бүлтэй, өнгөц харахад аз жаргалтай харагдах Франческагийн Робертод татагдах сэтгэл. Мэдээж ганц бүсгүй ч биш, залуу нь ч мөн л хүүхэнд татагдана. Харилцан биес рүүгээ тэмүүлэх энэ дэлхий дээрх хамгийн хүчтэй мэдрэмж...
Тухайн үед Франческа нь насны хувьд одоогийн надтай бараг чацуу байж. Ганц хоёр л эгч юм байна. Түүний мэдэрсэн мэдрэмжийг мэдэрмээр ч юм шиг. Нөхөр, зулзагуудаа хаа нэгтээ явуулчихаад, би гэртээ ганцаараа байж байсан чинь хэн нэгэн залуу гарч ирээд л. Хи хи.
Тэгснээ хамтдаа дарс шимээд л, бүжиглээд л...
Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ээ гэж.
Гэрийнхээ зургийн аппаратыг ад үзэхээ болиод, эдлэж сурна аа. Угаасаа тийм шаардлага бас гарч ирээд байгаа юм. Хо хо.
Ад үзэх шалтгаан нь, их том, их хүнд. Цүнхтэй нь үүрээд явахаар ядраад байдаг юм. Хань ижил л үүрч явдаг. Ингээд бодохоор миний Роберт хажууд минь байгаа юм байна аа. Хо хо.
За наргиа ч яахав. Толгой руу, зүрх сэтгэл рүү минь ёнк гээд л орсон гоё ишлэлүүдээсээ бичнэ ээ.
Үнэт эрдэнэс мэт ном. Үд дунд гэрийнхээ гадаа цэцэрлэгт налайн амарч
суух зуураа уншаад дуусгачих тийм л зохиол. Гэвч битгий тэгээрэй.
Чанартай дарс шимж буй мэт хуудас бүрийг нь амтыг мэдрээрэй. Хуучны хэв
маягтай энэхүү хайрын түүх таны оюун санаа, зүрх сэтгэлийг булаачихаад
буцааж өгөхгүй л болов уу.
Номын хавтасны арын хэсэгт бичээстэй үг. Үнэхээр л үг үсэг алгасалгүй уншсан. Юун тэр photoreading аргаар унших. Харин ч бүр эсрэгээрээ байсан.
Дөрөвхөн хоног хамт байсан гэхэд мөн ч агуу хайр аа. Тийм ээ.
Эмэгтэй хүний хувьд гэрлэсний дараах, хүүхэд төрүүлсний дараах амьдрал, хэв маяг их чухал юм байна гэдгийг бас ойлголоо. Гэрлэлт, төрөлт, гэрийн эзэгтэйн үүрэг хариуцлага гээч нь эмэгтэй хүнийг, түүний доторх гэнэн хонгор, дэггүй жаахан охиныг торлочихдог, хашчихдаг болохыг мэдэрлээ.
Миний өмнөх мөрөөдлүүд сайхан байжээ. Биелээгүй ч гэлээ надад ийм мөрөөдөл байсанд би баяртай байна.
Нээрээ л жаахан охин байхдаа, залуухан бүсгүй байхдаа би юу мөрөөдөж байв? гэж бодоход хүргэнэ. Миний багын мөрөөдөл тийм ч том байгаагүй юм шиг, аар саархан амьдрахын тулд наад захын хэрэгцээг л мөрөөддөг байсан мэт...
Учир нь шилжилтийн нас минь дэлгүүрийн лангуу хоосон, атар талханд уртаас урт цуваа үүсгэн дугаарладаг, томчууд нь өвгөнт уудаг тийм цаг үед өссөн хүн, нэг их тансаг мөрөөдөл үгүй байжээ...
Урлаг, уран сайхан, хүсэл мөрөөдөл гэгч зүйл тэдний ярианы сэдэвт байхгүй. Тэд мөрөөдлөө хайрцагт хадгалснаа, бодит байдалд автан хөгжмөө намсгаснаа огтхон ч анзаарахгүй.
Өмссөн хувцас, харагдаж буй байдал, дотроо мэдэрч буй бүхэн нь бүсгүйд өөрт нь таалагдана. Эмэгтэйлэг. Тэр өөрийгөө жинхэнэ эмэгтэй хүнээр мэдэрч буйдаа жаргалтай байсан юм.
Зээ, энэ эмэгтэйлэг чанараа хадгална гэдэг их чухал юм шиг. Даашинз их чухал юм байна тийм үү? Надад ганц ч даашинз байхгүй. Энэ одоо ариун явдал уу? Хүмүүс ээ, хань ижил гуай. Ха ха.
Банзал өмсөнө л дөө, дээгүүр нь нэвсгэрдүү цамц өмсөж хөвсгөрөө хальт нуучихаж байгаа юм. Хо хо.
Ерөөсөө галзуу ганц даашинзтай болно оо. Жингээ эрчимтэй хасна аа. Хэдэн ч жил ингэж бичиж буй юм мэд. Болно доо болно оо...
Сэтгэлд нь бүжиглэх орон зай үлдсэн байж.
Гэснээс сүүлийн хэдэн жил бүжиглээгүй юм байна өө. Намуухан, аятайхан ая тавиад бүжиглээч ээ, эрчүүд минь ээ, хажуудахаа тэврээд зүгээр л дороо хөдөлсөн ч болно. Төмснүүд ээ.
Чамайг харах хүсэлтэйгээ шөнө унтаж, тэр хүсэлтэйгөө өглөө сэрж явлаа.
Хоёр баатар минь учирсан тэр цаг мөчөөс хойш ямартай ч 22 жил өнгөрсөн гээд бодоход энэ их хугацаанд тэр их хүслийг хэрхэн дардаг байсан бол гэж бодохоор л...
Эрчүүдийн тэнэгийг ээ, зарим нь үгүй ээ дийлэнх нь. Үгүй ядах нь аа хааяахан брэнди шимэн сууж, гарахдаа хаалгаа зөөлөн хааж болно оо доо.
Энэ ишлэл бол, эрчүүд минь ээ хажуудах бүсгүйнхээ, гэргийнхээ юунд дуртайг, юу хүсдэгийг нь мэддэг бай л даа гэсэн жинхэнэ Юндэнгөөгөө хүний бодол. Монголчлоод, сайхан гэгдэх монгол эр хүний нэрийг биччихлээ шүү.
Эцэст нь дүгнээд хэлэхэд эрчүүд ч уншчихад илүүдэхгүй. Робертоос та нар их зүйл сурна. Мөн Ричардын эцсийн үг ч та бүхэнд нэгийг бодогдуулах вий? Тэрээр эхнэрийнхээ хав дарсан, хэн нэгэн лүү асар ихээр тэмүүлсэн тэр мэдрэмжийг зөн совингоороо мэдэрсэн байх өө.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.