2025年7月31日木曜日

Салют

Нохой гаслам, аагим халуун өдрүүд үргэлжилж байна. Зарим нэг өдөрт япондоо халуунаараа нэгт бичигдэнэ. 40 хэм хүрэх шахна. Саяхан Хёого мужийн нэгэн хотод 42 хэм хүрсэн. 

Сауны бүгчим халуунд өдөр бүр, өдрийн 24 цаг сууна гэж бодохоор тэсэхгүй юм шиг санагдаж байна уу? Бушуухан л гараад явчихмаар санагддаг даа. 

Гэхдээ гадаа тийм халуун байхаар хаашаа ч гарах билээ. Эх орон луугаа нисчихмээр санагдах нь олон. 

Ийм л халуун өдрүүдээ аятайхан даваад туулахаар хичээнэ ээ, эд нар. 

Өнгөрдөг хагас сайнд далайн эрэгт очих салют үзэв. Жил бүр очиж үздэг юм. Эртхэн очоод далайн эрэгт нар жаргахыг харан суух аяа бас л жаргал шүү дээ. Амьдралдаа жаахан зүйлээс аз жаргалыг, тааламжийг мэдрэх хэрэгтэй гэсэн шүү. 
Тоттори мужийн Тоттори хотын Ивами сум. Япон тэнгисийн эрэг.  Имй их хүнтэй билүү? гэмээр л байдаг юм. машины зогсоол дүүрэн, алхаж буй хүн их. Голцуу залуу хос, найзуудаараа, жаахан хүүхэдтэй гэр бүлээрээ алхцгаах дүр зураг. 
Дайн дажингүй, энх тайван газар амьдарч буйдаа талархдаг даа. 
Том том хотуудын салютыг бодвол хэмжээгээр жижиг, хугацаа ч богино. Хорвоогоос нэг их зүйл хүсээд хэрэггүй дээ. Ихийг хүссэнээрээ бид эргээд байгаль дэлхийгээ хохироогоод, тэр нь бидэнд аагим халуунаар бэлэг барьж, бороо хураа харамлаж байна гэж боддог болсон. 

Үнэн биз дээ? Хүмүүн төрөлхтний шунал, хүсэл л эх дэлхийгээ сүйрэхэд хүргэж буй шүү. Нэгийг бодож хоёрыг тунгаана биз дээ? Жижиг гэлтгүй шуналаа, хэрэгцээгээ бага зэрэг танахад болох шиг. Огт алхам хийхгүй байснаас л дээр...
Салютыг гар утсандаа зураг болгон буух нь хэцүү юм билээ. Хаалтых нь үргэлжилсэн буудлага нь хөөрхөн. Сүрлэг. Зарим нэг хүн бүр завинд суугаад далай дээрээс хардаг гэсэн. 

Ирэх жил усан онгоцтой өвөөгөө "найрч" байгаад, далайгаас үздэг ч юм билүү? гэж бодсон. Гэхдээ бөөлжихөөс сэргийлж эм уух шаардлага гарна. Тэгэхгүй бол дайвалзаад, дотор муухайраад тувт бөөлжсөөр л буух байх. Эх газрын сайхныг мэдрэнэ дээ. Хи хи. 

Зээ, ийнхүү 7 дугаар сарын сүүлчийн бичвэр нь салютын зураг таарав. 8 дугаар сард "халууны амралт"-аар хэдэн өдөр сайхан амрахаар амралтаа бичүүлсэн. Мэдээж орж гарах ажил ихтэй. Ажил ч гэж дээ "шоу" л даа. Ккк. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年7月30日水曜日

Вавилоны хамгийн баян хүн 2

Өмнөх бичвэрт нэг хөөрхөн 7 аргыг танилцуулсандаа. Энэ удаад ганц нэг мэргэн үгсийг нь түүж бичих санаатай. 

Бичиж дуусгаад номоо эвхэн, номын сандаа хураана. Дараагийн жижиг ном минь яг хажуунд нүдэнд тусна. Ээлжээ хүлээж буй нь тэр. Ээлжээ хүлээж буй ном ч их бий. 

Би энд ирснээс хойш эхний хэдэн жил бол хөөрхөн л мөнгө хадгалдаг байлаа. Хариад байр авах, өөрийн гэсэн орон гэртэй болох мөрөөдөл зорилготой, хичээдэг байж. Монголоос их мөнгө асууна. Зээлээч л гэнэ, энд тэнд хүн өвдлөө, шагнууллаа...

Найр цэнгээнд бол нэг их өгч байгаагүй ч гуниг зовлон, уй гашуунд нэлээд өгдөг. Үүндээ бол харамсаад байдаггүй. Үхэл хагацал, өвчин бэрхшээл хэнд ч тохиолдоно. Амьдрал баялаг. 

Одоо ч тэгээд ам бүл нэмээд, хүүхэд томроод сургууль соёл гээд хадгалах боломж бага болчихсон байсан юм.Үүнийг уншаад нээрээ л бага ч гэлтгүй хадгалах минь гэж шийдэв. 

Мөн өөрөөсөө нарийлан хадгалсан хэдэн төгрөг минь хэн нэгний сонин бөгөөд миний үл ойлгох зүйлд зарцуулагдаад, миний мөнгийг аваад үрчихээр уур хүрээд, өөрөөсөө нэг их нарийлахгүй юм шүү гэж боддог болчихсон юм. 

Тэгээд хааяа ч үрэлгэн загначих гээд байдаг байсныгаа эргэн нэг хараад, хянаад яавахаар шийдлээ. Бага гэлтгүй хуримтлал үүсгэх...

Өөртөө амжилт хүсье. Би чадна. Би болгоно оо. Эмээ болохдоо адаглаад л уншмаар байгаа номоо өөрөө авчихдаг, хааяа нэг эмнэлэгт үзүүлэхдээ зулзагуудынхаа гарыг хардаггүй л байх хэрэгтэй, тийм ээ? 

Гэснээс Вавилоны хамгийн баян хүн хэн болж таарсан бэ? гэвэл Аркад.

"Улс орны хөгжил цэцэглэл ард иргэдийнх нь аж амьдарлаар хэмжигддэг."

"Хүний баялаг түрийвчиндээ байдаггүй юм шүү дээ. Баян нэг шуурганд."

"Хөлс дусалсан газарт  хөрөнгө ургадаг юм."

"Хийсэн бүтээснийг чинь хэн ч тоож үнэлэхгүй үе бий. Гэсэн ч тэвчээртэ байж, уйгагүй хөдөлмөрлөж чадсан хүн хөдөлмөрийнхөө үр шимийг заавал хүртэнэ. Учир нь ашиг олох боломж үргэлж түүний талд байдаг болохоор тэр."

"Азийн тэнгэр ихэнхдээ боломжийн дүрээр ирдэг. Өөр бусдаар тааралдах нь бараг л үгүй."

"Үнэн гэвэл: Аз гэдэг боломжийг хүлээн авч, ашиглахын нэр юм."

"Хүссэн амжилтдаа хүрэхийн тулд ямар нэгэн алхам хийж байж л урагшилна."

"Хийх хүнд арга нь олддог."

"Хэрэв чи найздаа туслахыг хүсвэл өөрт түвэг учруулахгүй байдлаар л туслаарай."

"Тус болохыг хүссэн ч бусдыначааг өөртөө битгий ав."

"Алтны таван хууль"-ийг эндээ бичээд, номоо хаая. 

1. Ирээдүйдээ зориулан, гэр бүл, үр хойчсынхоо тусын тулд орлогынхоо аравны гэнээг багагүйг хадгалдаг хүмүүнд алт өөрөө урсаад ороод ирдэг. 

2. Алтыг өөртөө ажиллуулж чаддаг ухаалаг эзэнд алт үнэнчээр зүтгэж, тэр ч бүү хэл бэлчээр дэх хонин сүрэг адил өсөж үрждэг.

3. Ухаантай хүний зөвлөгөөгөөр хөрөнгө оруулж чаддаг болгоомжтой эзэндээ алт үргэлж үлддэг. 

4. Мэдэхгүй, чадахгүй зүйлдээ хөрөнгө оруулдаг, хүний үг сонсдоггүй хүнээс алт урсаад алга болдог. 

5. Туршлагагүй байдал, дэврүүн хүслийг чинь ашиглах гэсэн залилагч, луйварчдад итгэн, их мөнгө олох гэж санаархагчаас алт үргэн зугтдаг.

Гэнэ шүү. За олон л зүйл бичсэн байсан. Ямартай ч санаж явбал зохилтойг эндээ бичиж үлдээв. 

Тур баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年7月29日火曜日

Вавилоны хамгийн баян хүн

Энэ номыг хэдийд, хэнд захилаа даа? Мартчихаж ээ. Ямартай ч энд тэнд номын тухай тэмдэглэл, подкаст сонсож байхад их яригддаг номны нэг тул захиж авчруулсан. 

Хөөрхөн жижигхэн, дээрээс нь сонирхолтой ч юм билээ. Санхүүгийн боловсрол, мэдлэг олгох хамгийн анхан шатны ном шиг санагдсан. Их энгийн. Тогтооход хэцүү мэргэжлийн нэр томъёогүй, хөөрхөн түүхүүдээр, алтаар жишээ аваад биччихсэн байсан нь ихэд таалагдав. 

Жорж С.Клесон зохиолчийн "Вавилоны хамгийн баян хүн" гэдэг ном. Яаж хурдан баяжих, яаж хялбар аргаар баяжих вэ гэдэг сургааль биш, их амьдралтай сургаалиуд байсан. 

Нимгэн түрийвчийг эмчлэх долоон арга

Нэг. Хэтэвчээ зузаалагтун

Олсон орлого бүрээсээ 10 хувийг цааш нь хадгалдаг дадлыг өөртөө суулгах. Ямар ч хэмжээний орлого олсон бай түүнийхээ хамгийн багадаа л 10 хувийг нь цааш далд хийж хадгалах. 

Орлого бүрээсээ заавал хуримтуул.

Хоёр. Зардлаа хяна

Бидний шаардлагатай зардал гээд байгаа зүйл зааг хязгаар тавихгүй л бол орлого өсөхийн хэрээр дагаад өсөж байдаг юм. 

Амдралынхаа зуршил бүрийг сайтар ажигла. 

Хэрэгцээт зардлаа тооцоолон бод. Түрийвчийг чинь зузаатгах учиртай орлогынхоо аравгы нэгт хэзээ ч бүү хүр. 

Иөсөв тооцоогоо сайн бод, тэрхүү аугаа хүслээ гүйцэлдүүлэхэд чинь туслаөх болтугай. 

Төсөв гарган зардлаа тооцож, хэрэгцээт зүйлдээ зоосоо зарцуул. Зугаа цэнгэлд мөнгө төлж, хүслүүдээ ч биелүүлж болох ч орлогынхоо аравны 9-с бүү хэтрүүл.

Гурав. Мөнгөө үржүүл

Дараа нь эд баялгийг хөдөлгөөнд оруулж, улам бүр өсгөх ухаанд суралцах хэрэгтэй.Түрийвчинд чинь буй зоос хадгалахад урамтай... 

Хадгалсан алтнаасаа олох орлого бидэнд эд баялаг бүтээж өгөх учиртай. 

Эд баялаг гэдэг түрийвчинд буй зоос биш, харин бүтээн буй болгосон орлого, түрийвч рүү чинь тасралтгүй урсаж, зузаатгах алтан урсгал юм шүү.

Эд баялгийн урсгал үргэлж түрийвч рүү чинь хандаж байх ёстой. 

Дөрөв. Эрдэнэсээ алдахаас сэргийл

Мөнгийг бага гэлтгүй найдвартай арвилж сурна уу. 

Өөрийн эд баялгаараа ямар нэгэн зүйл хийхийн өмнө анхааралтай судал. Мөнгө тань аюулгүй эргэн ирэх баталгаа нэг бүрийг шалга. Бушуухан шиг л баян болчих юмсан гэх дэврүүн мөрөөдөлдөө бүү хөтлөгд. 

Мөнгө заран ашиг олж чаддаг, туршлагатай хүмүүсийн үгийг сонс. Ухаант мэргэдтэй зөвлөлд. 

Үндсэн хөрөнгө чинь аюулгүй байхыг тооцон хөрөнгө оруулж эд баялгаа хамгаалаарай. 

Тав. Орон гэртээ хөрөнгө оруул

Өөрийн гэсэн орон гэртэй бол. Өөрийн гэр оронтой хүнд ивээл хишиг арвин олддог. Аж төрөх зардал ч буурч, олсон орлогоо сайхан зүйлсэд кориулах боломж нэмэгдэнэ, олон олон хүсэл биелэх үүд нээгдэнэ. 

Зургаа. Ирээдүйн орлогоо бататга

Насны наран гудайх өдрүүд ирэхэд санаа зовохгүй орлоготой болчихсон байвал зохино. Өтөл буурай болохын цагтаа хүн гэгч гэр бүл нь түүнгүйгээр амьдрах нөхцлийг бүрдүүлчихсэн, санаа зовохгүй тайван одох бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Бид маргааш биш, харин өнөөдөр амьдарч байгаа учраас бүгдэд нь боломж бий.

Туулайн чинээ мөнгийг тогтмол хадгалжчадвал уулын чинээ болдог. 

Өтөл насандаа хэрэглэх хөрөнгөө эртнээс бэлтгэж, өрх гэр, үр хүүхдээ хамгаалаарай.

Долоо. Мөнгө олох арга ухаанаа сайжруул 

Аливаа зүйлийг гүйцэлдүүлэхийг хүсвэл эхлээд "хүсэх" хэрэгтэй. Хүсэл тань эрмэлзлэлээр дүүрэн, басхүү тодорхой байх ёстой. 

Өчүүхэн жижиг ч бай хамаагүй тодорхой нэгэн хүслээ биелүүлэх гэж тэмцээд сурчихвал үүнээс арай том зорилгод хүрэх шат болно гэсэн үг. 

Хүсэл энгийн болоод тодорхой байх ёстой. Хэт олширчихвол утгаа алдаж, хүний оюун санаа ч төөрч будилан, аль ч үгүй хоцроно. 

Хэрэв хүн өөрийн хийдэг зүйлээ төгөлдөржүүлж чадваас олох орлого нь ч дагаад нэмэгдэнэ. 

Мэдлэг нэмэгдэхийн хэрээр орлого ч өснө. Хийдэг ажлынхаа талаар илүүг сурч мэдэх эрмэлзлэлтэй хүн заавал шагнуулдаг.

Хүний үйл хэрэг үргэлж өөрчлөгдөж, өсөн дэвчиж байдаг жамтай. 

Хүч чадлаа нэмэгдүүл, аливаад суралцан илүү ухаантай бол, ур чадвараа дээшлүүл, өөрийгөө хүндэлж сур. 

Ямартай ч хамгийн их бичигддэг "нимгэн түрийвчээ эмлэх 7 арга"-ыг нь блогтоо хууллаа. Дараа блогоо эргүүлэн харахад бэлэн байж байг. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年7月28日月曜日

Амралтын нэг өдөр

Та нар амралтын өдрөө хэрхэн өнгөрөөдөг вэ? 

Миний зарим амралтын өдөр ихэд завгүй, зарим нэг амралтын өдөр ихэд завтай дуртай зүйлээ хийж өнгөрөөх нь бий. 

Завгүй амралтын өрдүүд нь ихэвчлэн зулзагууд, хань ижилтэй холбоотой ажил төрөл, арга хэмжээтэй өдөр байна. 

Завтай өдөр нь хань ижил ажилтай хагас сайн өдөр байх нь элбэг. Тийм өдөр аажуу уужуу босно. Өглөөний цай бэлдэхгүй. Учир нь зулзагууд түрүүлж босоод өөрсдөө иддэг зүйлсээ идчихсэн байдаг. 

Босч ус уучихаад, хааяа юм иднэ, хааяадаа идэхгүй. Шууд номоо барьж авна. Нэг бол пс-гээ асааж аваад блогоо бичнэ. Өдөржин асаалттай байлгана. Тэр хооронд би нэг босч жаал жуул, ойр зуур юм хийнэ. 

Тэгээд л буцаж суугаад бичнэ. Бичих юм олдохгүй болохоор нь зулзагатаа ном уншиж өгнө. Аяга угаагчаа нэхнэ. Монгол руу ярина. Утсаа маажна. Хөргөгч онголзуулна. 

Ганц нэг "цэцэглээд" байгаа цааснаасаа хаяна. Мөн хаа нэгтээ "цэцэглээд" байгаа хувцсаа янзална. 

Буцаад л дэлгэцийнхээ өмнө сууна. Ганц нэг өгүүлбэр бичнэ.

Оройн хоол хийх цаг дөхнө. Хань ижил харьж ирэх цаг болно. Дэлгэцээ унтраагаад сайн эхнэр, сайн ээжийнхээ дүрд хувирахаар бэлдэнэ. 

Хоолоо хийнэ, хань ижлээ хүлээнэ. 

Хамгийн их сэтгэл хангалуун болгодог зүйлс нь номоо уншсандаа, блогоо бичиж амжсандаа, аяга угаагчаа нэгийг ч болтугай нэхэж тавьсанд байдаг.

Энэ сард би жижиг голцуу номнуудаасаа уншаад, их урамтай байна. Нийтдээ 5 ном уншиж. Япон хэл дээр нэг япон хэлний сурах бичиг уншсан. Хөөрхөн агуулгатай жижигхэн текстүүд байсан юм. 

Зулзагадаа бага зэрэг зузаандуу, зураггүй ном уншиж өгч байна. Мөн бага зэрэг аймшгийн талдаа. Эгч нар их уншдаг байсан юм. Хи хи. Сургуудийн сурагч болсон гээд зурагт номыг нь бага зэрэг хүндрүүлж буй ухаантай. 

Эрэгтэй хүүхэд бодит наснаасаа дор хаяж 2 насаар бага байдаг шиг санагдаад байгаа. Тэгээд л төмс, хөлдүү гэх мэтээр хэлүүлдэг байх. Ха ха. Бид чадахгүй байх аа? гэхээс эгч нь битгий нялцайгаад бай, явуул, хийлгүүл гэж бид хоёрт үглээд л...

Аавыг ажилтай, эгчийн дугуйлантай хагас сайн өдөр бол зулзага бид хоёрын эрх дураараа эрхлэлдэж, нялуурдаг өдөр. Хэн ч бидэн хоёрыг нялуурлаа, эрхийн балай боллоо, хэт хошуугаа дэвслээ гэж хэлэхгүй. Дураараа мөөмдөнө, дураагаа үнгэлж эрхлүүлнэ. Энэ тухай нууц шүү. Ха ха. 

Амралтын өдөр мандтугай. Хааяадээ хийцгүйрэх ч зүгээр шүү.  

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.  

2025年7月26日土曜日

Халуун өдрүүд

Ойрд мужид маань япондоо хамгийн халуун өдрүүд үргэлжилж байна өө. Япон улс даяар халуун байгаа ч, муж маань хамгийн халуун нь гэхээр аяа бас л чанга байна шүү. 

Ажилдаа ирж очихдоо алхаж буй тул сайхан л урсаж байна. Яг л зайрмаг шиг. Гэхдээ жин минь хасагдахгүй нь гайхалтай. Үүний шалтгаан нь миний биеийн даавар, идэж ууж буй зүйлс минь нягт холбоотой гэж мэдээд байгаа хэрнээ л...

Хясаа. Би ийм хясаанд дуртай. Наана нь харагдаж буй нь масло. Хамтад нь идэхээр амттай юм билээ. Гэртээ бол бас худалдаж авч идэхгүй ээ. Яаж болгох, яаж шарах вэ гэдэг нь бүрхэг, бөөн л ажил болно биз дээ? 

Ухаалаг утсаа ашиглаад хайх л байх. Хайж олоод, дуурайгаад хийсэн ч чадахгүй, амттай болохгүй гэдгийг нь мэдэж буй тул. Нэлээд хэдэн жилийн өмнө оролдож үзэж л байсан. Амжилт олоогүй ээ. Хэ хэ. 
Махтай гэх боловч тэр бүр мах амтагддаггүй короккэ. Яг юу гэж орчуулах билээ? Сайн хэлж мэдэхгүй байна өө. 

Гэртээ бол ийм хоол хийдэггүй л дээ. Хийдэггүй ч гэж дээ, чадахгүй. Бөөн ажил болох юм шиг санагдаад, шууд залхуу хүрдэг. Тэгсэнд орох нь ээ номоо бариад сууж байсан нь дээр биз дээ? Нэг бол аяга угаагчаа нэхээд л суух нь дээр.

Солонгос хоол. Чижим буюу шарвин? Юм ютай холиод л хийдэг юм билээ. Багад эмээгийн хийсэн шарвин ч бас л амттай байлаа шүү дээ. Өөрөө бол хийхгүй ээ. 

Ингэхэд би өөрөө хийж иддэг хоол гэж байна уу? Бүгдийг нь би өөрөө хийдэггүй ээ л гэх. Ха ха. 

Будаагаа агшаагаад л, ногоо махтайгаа хуураад л болно шүү дээ. Нэг гоё нь япончууд будааг сайн иддэг тул гэрийхэн "өнөөдөр ч будаа юм уу?" гэж асуухгүй. 

Түүнээс багад аав будаатай хоол хийвэл дургүй талдаа байлаа шүү дээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年7月25日金曜日

Нэрийн дэлгүүрийн эмэгтэй

Ойрд ч номыг бөөндөж байна дөө. Гол нь нимгэн ном тул бөөндөөд байх шиг. Зузаан ном ч бас уншаад л байдаг, уншаад л байдаг дуусч өгдөггүй тал бий шүү. Ард нь гараад, уншаад дуусчихсан байхад нэг тийм бахархал сэтгэл төрдөг тийм ээ? Хэ хэ. 

6 дугаар сард эх орондоо очихдоо хамт явсан япончуудыг Номин их дэлгүүр дагуулж ороод, харьцангүй хүн багатай, нэг их харж хандаад, хаа явсан газар нь цуг байх шаардлага бага байсан тул хальт адил давхарт байсан номын дэлгүүрээр хэсэж явахдаа худалдаж авсан. 

3 ном авсны нэг нь "Чөтгөрийн бясалгал", "Нэрийн дэлгүүрийн эмэгтэй", "Жолоодогч" гэсэн номнууд. Бүгд хэмжээний хувьд ижил жижиг. Хуудасны тоо цөөн. 

Мүрата Саяака зохиолчийн бичсэн "Нэрийн дэлгүүрийн эмэгтэй" гэдэг ном худалдаж аваад гээд хамт яваа сурагчдадаа хэлсэн чинь бүр бишрээд, нэг нь бас худалдаж авмаар байна гээд. Хэ хэ. 

Хамт явсан багш нь тайвшруулж, сэтгэлийн хөөрлөөр худалдаа хийв дээ гэж хэлсний хүчинд монгол хэлээр бичигдсэн зурагт ном авсан байсан. Монгол хэл сурна гэсэн. Хи хи. 

Дуртай зохиолч нь гэнэ ээ. Тэгсэн чинь дуртай зохиолчийнх нь ном бүр хаа байсан монгол хэл дээр орчуулагдаад хэвлэгдээд гарчихсан байхад нь баярлаад, хөөрөөд гэсэн. 

Монгол хэл сурчихаар нь зээлж уншуулна аа л гэлээ. Хөөрхөн байна уу? Охид оо гэж. Хөөрхөн шүү. 

За номын агуулга нь байна аа даа. 

Гэнэт эхлээд л гэнэт төгсөнө. Өвөрмөц ч юм шиг. Ямар ч эхлэл, ямар оршил, ямар ч төгсгөл гэж байхгүй. Шууд л хүүрнээд эхлэнэ. Хүүрнэж буй эмэгтэй нь ч өөрөө "тун өвөрмөц". 

Өвөрмөц гэж хэлэх ч багадаж магад. Бүр хачин, зарим нэг бодол үйлдэл нь "аймар". Учир нь үл ойлгогдох. Гэрийнхэн нь, сургуулийнхан түүнийг "засах" гэж оролдоно. Энэ бүхэн нь эсрэгээрээ охинд хачин бөгөөд ойлгомжгүй санагдаж эсрэгээрээ "дуугүй байх нь, ямар нэгэн үйлдэл хийхээ байх нь" асуудал шийдэгдсэн мэт санагдана. Охин өсөж томорсон ч "Засардаггүй"...

Бага ангидаа ангийнхаа нэг хүүхдийг хүрзээр цохиод унагаачихдаг нь, дүүгийнхээ дөнгөж төрсөн жаахан маамааг уйлахад нь "бялуу хэрчиж байсан хутга нүдэнд нь тусаад, дуугай болгох ч тун амархан даа" гэж бодох нь яавч эрүүл бус...

Үхсэн шувуу олоод "оройн хоолондоо шараад идчихье л дээ" гэж хэлээд эргэн тойрныхоо хүмүүсийн нүдийг бүлтийлгэх. 

Нэрийн дэлгүүрт цагийн ажилтнаар 18 жил ажиллана гэдэг эндээ бол үнэн "өвөрмөц" л дөө. Бүр байж боломжгүй ч санагдах байх. 

Тэгсэн бас нэг хачин этгээд залуу ажилд нь орно. Бүр нэг толгой нь эргэчихсэн залуу. Гол дүрийн эмэгтэй Фүрүкүра ч нэг их гайхаж хүлээж авдаггүй ч, бусад ажилчид нь гайхдаг тул тэднийг дуурайна. 

Ер нь Фүрүкүра ажлынхаа хүүхнүүдийн өмссөн зүүсэн, ярьж хэлж буйг нэлээд дуурайж, олны хэлдгээр хүн болдог, олонхид хүлээн зөвшөөрөгдөөд явдаг. Түүнээс дотор хүн нь, дотроо бол тэс өөр бодолтой. Эргэн тойрных нь хүмүүсийн асууж залхаадаг олон асуулт, хүлээлтээс зугтаах гэж л тэр бусдыг дуурайдаг. 

Тэгсэн тэр ажилд нь шинээр ирдэг Шираха гэдэг залуу түүнийг яг таг хэлээд "Хэрэв чи надтай хамт амьдарвал олны элдэв олон асуулт, шахалт дарамтаас холдож, тэд чамайг хүлээн зөвшөөрнө, чамайг сонирхохоо болино" гэж хэлээд тэднийд ирээд суучихдаг. 

Уг залуу ч өөрөө эрэгтэй хүний тухай үнэхээрийн хачин бодолтой явдаг. Гэрлэчихээр л хамаг зүйл нь болчих гээд, гэхдээ гол нь мөнгөтэй хүүхэнтэй гэрлэх гэж хайна, гэрлэх хүн хайж л нэрийн дэлгүүрт ажилд орсон гэх ч цөөхөн хоног ажиллаад л ажлаасаа гарна. 

Зохиолч нийгмийн цөөнх, нийгэмд ад шоо үзэгддэг бүлэглэлийн тухай бичдэг бололтой юм байна. Угаасаа японы нийгэм асар дарамттай гэдгээрээ дэлхийд алдартай, сэтгэл санааны стресс их байдаг гэгддэг юм билээ. Үнэн байх магадлал өндөр...

"Хувь хүнд ямар ч болом эс олгох хачин чигжүү иргэншил, хотжил, нийгмийн дагтаршсан хэв маягт эс нийцэгчдийн тухай голчлон бичдэг." 

Гэж номын арын хавтсанд бичээстэй байна. 

Ажиллаж, амьдардагийн хувьд учиргүй ойлгож уншив. Гэхдээ би өөрөө олонхын нэг төлөөлөл тул гол дүрийн хоёр "хачин жигтэй" санагдах. Ерөөсөө л засах гэж оролдолгүй, холхон явах ёстой мэт. Хэрэв өөрийн минь эргэн тойронд ийм хүн байвал яах ёстойг бүү мэд. Засах гэж уйгагүй л үзэж тарах юм болов уу? ...

Угтаа хүлээн зөвшөөрөөд, хамтдаа л орших ёстой байх тийм ээ? 

Нэрийн барааны дэлгүүрийн нэгээхэн хэсэг болчихсон, дэлгүүрийн хүсэлтийг зүрх сэтгэлээрээ мэдэрдэг болчихсон бүсгүй Фүрүкүра хэсэг ажлаасаа хөндийрсөн ч буцаад л нэрийн дэлгүүртээ ирэх...

Хойшид нэрийн дэлгүүрээр үйлчлүүлэхдээ тун боловсон үйлчлүүлж байна аа. Хэ хэ. 

Зарим нэг "ү" үсгийг орос маягаар "у" гээд бичсэн нь, "Ирашшаимасэ" гэх үгний нэг "ш" үсгийг гээсэн зэрэг бага зэрэг алдаа олж харав. Ооё. Бас ч гэж японоор үсэглээд уншчихдаг юм болохоороо өөрийн мэдэлгүй л энэ мэт үгийг ингэж бичдэг байх аа? гэж бодсон. 

Мүрата Саяака зохиолчийн ном, зохиолоос уншина аа гэж бодов. Таалагдсан тул.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүьсе. 

2025年7月24日木曜日

Далайн өдөр

Сая Даваа гарагт энд бүх нийтийн амралтын өдөр таарав. Бидний нэрлэж заншсанаар "улаан өдөр". Гэхдээ 7 сарын энэ амралтын өдрийг нэг юм мэдээд байгаа юм. Учир нь ганц л улаан өдөртэй. Тэгээд зун. 

Зун цаг гэхээр японд далай, тарвас, салют төсөөлөгдөнө. Тэгээд л шууд далайн өдөр гэж мэдээд, цээжилчихсэн. Бусад улаан өдрүүдийг яг юуных нь өдөр билээ? Шууд хэлж мэдэх нь цөөн. 

8 сарын нэг улаан өдрийг бас хэлж мэдэх юм байна. "Уулын өдөр". 

Энд нэг юм анзаарсан уу? Баяр биш, өдөр гэж нэрлэдэг. 

Зээ, дээрээс нь зуны амралт эхэлсэн тул, амарч байгаа, ганц нэг томчуудын төлөвлөгөөгүй өдрөө эрх жаахан зулзагадаа зориулж, цаг гаргах санаатай далай явцгаав. 

Бидний очдог эрэг их аятайхан газар байдаг юм. Яг эрэгтээ очтолоо жаахан бартаат зам туулдагийг эс тооцвол. За тэгээд гараад л шууд гэрийнх нь гадаа далайн эрэг байна гэж юу байхав дээ, тийм ээ? 

Хүн гэж амьтан ийм л давруу шүү. Бүх юм аа гэрийнхаа гадаа, гарынхаа дор байлгах санаатай шүү. 

Гэснээ бартаат зам туулаад тэгсэн үү? Миний шилбэ хүндүүр болжээ. Охин сонсчихоод, өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн хийдэггүй чинь л харагдаж байна даа, гэсэн. 

Гэхдээ байна аа, би шинэ ажилд ороод өдөр бүр л алхаад байгаа юмсан. Аминдаа өөрийгөө хөдлөөд байна гэж бодоод байсан чинь үгүй байжээ. Хэ хэ. 

Энэ өдөр далай маш тунгалаг, тэнгэр ч цэлмэг сайхан байлаа. Номин ногоон өнгө гэдэг дээ, тийм л өнгөтэй байсан. Хүүхдүүдэд үнэхээрийн сайхан байх шиг байсан. Уснаас гарч ирэхгүй, хальт өдрийн хоолоо идчихээд буцаад л ус руугаа шумбасан. 

Бүгчим халуунд далайн хүйтэн ус. Үдээс хойш нэлээд бүлээс ирсэн. Мөн бага зэрэг давалгаа ч гарч ирсэн. 

Жижигхэн хавч гэх мэт хорхой олоод, хөөж тоглоод, сургууль дээрх усанд сэлэлтийнхээ дасгалыг  давтаж байх шиг байсан. Одоогоор усанд дасах, толгойгоо далд ортол шумбаж сурах дасгал заалгаад, давтаад байгаа юм билээ. 

Ирэх жилээс сэлэхийг заах байх. Гэснээс усан бассейнд явуулах санаатай л байна. 4 сард хичээл эхлээд сургуульдаа дасах, хичээлдээ дасах гээд хэрэндээ хөөрхөн хичээж буй тул тохиромжтой цагийг хүлээгээд л харзнаж байна. 
Зурагны зүүн талын хаднаас нь эрчүүд үсэрч тоглодог. Ха ха. Япон эрэгтэй хүүхдүүд үсэрч харагддаг. Харин монгол насанд хүрсэн эрчүүд үсэрч харагддаг. Япон эрэгтэй хүн үсэрч байгааг хараагүй, жил бүр л ирдэг газар. 

Тэгэхээр манай эрчүүд үнэхээрийн баатарлаг, зоримог, дайчин, эрсдэлд дуртай, хүүхэд шиг болох нь ойлгомжтой байнауу? Нэг харсан чинь хадны цаагуур орчихоод харагддаггүй. Харж байхгүй бол гээд л хөхрөлдөв. 

Тэгсэн дүрмийн дагуу "шарх"-даад л авсан байна лээ. Нэг нь гараа эсгээд, нэг нь хаднаас үсэрч байна гээд толгойгоороо далайн ёроолд газар мөргөсөн байсан. Ха ха. 

Хажууд нь үр зулзагууд нь зүв зүгээр л усандаа шумбаад, сэрүүцээд тоглож байх жишээний. 

Эрчүүд минь багадаа ханаталаа сайн тоглоод аваарай. Ха ха. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年7月23日水曜日

Идсэн нь

6 сард томилолтоор монгол яваад ирсэн дээ. Ахлах ангийн сурагчидтай явсан юм. Саяхан нэг сургуулийх нь сурагчид монгол явсан тухайгаа бусаддаа тайлагнана, боломжтой бол ирээрэй гэж урьсан байсан.  

Томилолтоор явах дуртай юм болохоороо би ч баярлаад, уухайн тас зөвшөөрөөд, сэтгэл хөөрөөд очиж үзсэн. Ажлынхаа нэг ажилтантай хамт. Ажилтантай ч гэж дээ, яг миний дээд талын дарга. Хэ хэ. 

Захиалгаа өгчихөөд хүлээх зуур ирдэг зууш. 

Зүгээр явахгүй ээ. Томилолт бичүүлээд, нийтийн унаагаар, унааныхаа мөнгийг байгууллагаасаа гаргуулаад л явсан. Ингэхдээ сурагчдад бас нэмэр болоосой гэсэндээ монголынхоо ганц нэг зүйлсээс авч явав. 

Морин хуурь жижиг гэр, шагай, монгол хэлээр орчуулагдсан ном, дээл, хантааз гээд л. Далбаагаа ч авч явсан. 

Гэснээс унааны мөнгө маань сүүлд дансанд минь орж ирнэ ээ. Бараг сарын дараа л орж ирвэл их юм. Хэ хэ. 

Одэн буюу тусгай амталсан шөлөнд чанасан ногоонууд, өндөг гэх мэт

Орой нь хамт явсан багш нартай томчууд нэгэн уушийн газар цуглаж идэж уув. Мөн монгол явсан тухайгаа дурсан ярьцгаав. Хөгжилтэй байлаа. Дахин явцгаах юмсан гэж ярилцав. 

Жаал инээлээ, жаал уулаа, жаал идлээ. Монголд байхдаа ингэж томчуудаараа ууж идэж чадаагүй байна аа л гэцгээсэн улс байв. Монгол Чингис шар айраг уулгамаар л байсан гэлээ. 

Сэтгэгдэл маш өндөр байлаа. Би ч эх орныхоо нэр төрийг эрхэмлэн, аятайхан авч гарах гэж хэрэндээ хичээнэ ээ. 

Юу ч билээ нэртэй төмсний салат. Хэлбэр нь өвөрмөц санагдсан.

Аяга угаагчаасаа бэлэглэв. Мөн нэг нэг чацарганы охь, нэг нэг хушхан самар хамт хийж уутлаад, бэлэглэсэн. Бүгд их баярласан. Явах өдөр шийдэгдэнгүүт л нэхэж бэлдэнэ. Бас бус өгөх зүйлс юу байна? гэж бэлдэнэ. Хийж бэлэглэх уутаа худалдаж авна гээд л хэрэндээ хөөрхөн догдлон бэлдээд, хүлээнэ. 

Хүн тэгээд өөрийн гэсэн нэг брендтэй байх зүгээр юм тийм ээ? Чаддаг зүйлтэй байх нь ч мөн адил. Юу байна түүгээрээ дайлна гэдэг шиг юу чаддаг байна түүгээрээ эх орноо болон өөрийгөө олны газар аятайхан аваад л гарчихдаг байхад нэн тустай...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年7月22日火曜日

Цул мөнгөн гүүр

7 дугаар сарын төлөвлөгөөт ном. Өмнөх номнуудаа тувт дараагийнх нь сард чүүтэй айтай багтааж уншаад байсан хүн чинь нимгэн, жижигхэн ном уншихаар урамтай нь аргагүй уншигдах юм аа. Сардаа багтааж дуусгасандаа додьгор гэгч нь үүнийг бичиж сууна. Вино шимсэн шиг ээ...

Сардаа багтаагаад уншчихсан хүн чинь дараагийнхаа номыг гаргаад ирсэн, ширээн дээрээ "цэцэглүүлж" байна. Цэцэглүүлэх гэдэг нь их л гоё утгаар нь хэлж байгаа юм шүү. Түүнээс хөглөрүүлэх гэсэн утгаар хэрэглэдэг манай гэрт. 

Сөрөг үг амнаасаа унагахгүй байх санаатай. Хи хи. 

Зохиолч залуу надаас дүү юм аа. Зургийг нь харахад "хөөрхөн бор хүү" байх шиг байна лээ. Нас нэмээд одоо ч "хөөрхөн боловч эгчмэд бүсгүй" гэдэг дуу шиг л болж байна дөө. Ха ха. 

Энэ сарын "Цул мөнгөн гүүр" ном хөөрхөн гэгээлэг байлаа. Дурсамж ном. Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрж өссөн Ц.Гончиг зохиолчийн бага ахуй насных нь дурсамж зохиол. 

1 сард уншсан "Голын тэртээх гацааны хавар" номтой төстэй, хөөрхөн. 

Сүүлийн үед ингэж хөдөө төрж өссөн хүмүүсийн бага насны, нутгийнхаа тухай дурссан дурсамж ном уншихаар бяцхан атаархал төрөөд байх болжээ. Тэдгээр хүмүүст цаанаасаа нэг монгол ахуй, монгол соёл, монгол сэтгэлгээ бат бөх, цусанд нь шингэчихсэн байдаг шиг санагдаад л тэр байх. 

Би бээр хэдийгээр эх оронч, монгол ахуй соёлоо гэсэн сэтгэлтэй байв чиг зарим нэг зүйлийг мэдэхгүй, мэдэрдэггүй шиг байна лээ. Хажуу дахь хүний дүгнэлтээр. 

Тэгэхээр нь зэвүү дургүй хоёр зэрэг хүрнэ гэж юүхэв. "Би яачихаав? Адилхан л эх орноо гэсэн сэтгэлтэй, хөгжөөсэй, дэвжээсэй гэж боддог дог" гэж шаралхана. Хэ хэ. 

Хоёр ч шүлгийн түүвэр хэвлүүлсэн гэж байна. "Цул мөнгөн гүүр" ном гурав дахь бүтээл нь гэнэ. Сүүлийн үед гарч ирж буй монгол залуусынхаа бүтээлийг түлхүү уншаад, танилцаад, дэмжээд яваа өөрөөрөө бахархав. 

Өнгөрдөг жил 8 дугаар сард энэ номыг дэлгүүрээс худалдаж авах гэсэн чинь байдаггүй. Буцах дөхчихөөд, нэгэн найздаа захиад л үлдээлээ. Тэгсэн найз минь зохиолчтой нь холбогдоод хаа байсан Хөвсгөл аймгаас "шуудан"-гаар илгээж авсан. Зохиолч нь өөрөө гарын үсгээ зураад шүү. 

Маш их баярлалаа. Дараагийнх нь ном хэвлэгдсэн байсан тийм ээ? Авч уншина аа. Цаашдаа ч олон олон зохиол бичиж уншигч биднийхээ оюуныг баясгаарай. 

Зохиолын агуулга нь зохиолчийн бага насны дурсамж. Цаанаа л нэг тийм гэгээлэг. Цаанаа л нэг өхөөрдөм, цаанаа л нэг хайрламаар, цаанаа л нэг гэнэн цайлган агуулгатай байлаа. 

Хэдийгээр надаас дүү ч гэсэн тийм ч хол зөрүүтэй биш тул түүний багад тохиолдсон ганц нэг зүйлийг блог бичигч би бээр ч амссан, туулсан. 

Тог тасардаг хэсэг, шил түүж тушаадаг хэсэг, кино театрт кино үздэг хэсэг гээд л. 

Мэдээж хот хөдөөгийн ялгаа бий. Тэр бүх бага насны дурсамжаа энэ мэт зохиол болгоод хэвлэмээр ч санагдах шиг...

Гэснээс хотод төрж өсөөд, "хотын дурсамж?"-аа бичдэг нэг залуугийн номыг найздаа захьчихсан байгаа. Энэ сарын сүүлээр ирнэ. Уншина даа, тэсэн ядан хүлээнэ. Таньж мэддэг нэр ус гарахаар цаанаа л нэг гоё уншигдана гэж бодож байгаа. 

Хэдийгээр би хөдөө өсөөгүй ч хөдөө нутагт хайртай, малчин ардаа хүндэлдэг, биширдэг тул хөдөө нутаг, тал нутаг гардаг зохиолд дуртай. 

Нутгийн хөгшид, нутгийн уулс, нутгийн гол горхи, нутгийн нутгийн гэсэн өгүүлбэрүүд, дүрслэлүүд яагаад ч юм цаанаа л нэг дотно санагддаг. Багадаа аавынхаа төрж өссөн суманд очиж амарсан дурсамж, авга талынхаа хамаатныд очиж бяцхан горхины боргио сонсож, сарлагийн зузаан өрмийг шинэхэн барьсан талхан дээр түрхэн идэж амарсан тэр нэг сайхан зун цагийн дурсамж үүнд нөлөөлдөг байх. 

"Хүн дурсагдаж эхэлсэн цагаасаа дахин амьдараг."

Цавууны тухай бичсэн дурсамжийг уншаад цагаан цавуугаар туйлж өссөнөө эргэн дурсав. Аав минь хэвлэх үйлдвэрт ажилладаг тул багадаа цагаан цавуугаар тоглож өссөн дөө. Найзууддаа, багшдаа ч өгдөг байлаа. 

Бэхний саваар дүүргэж аваад л ангидаа ирнэ. Найзуудтайгаа гарынхаа алганд нимгэн түрхэж, хатсаных нь дараагаар хуулж тоглоно. Хэ хэ. 

Манайх ч мөн адил гэрийн нэг хана дүүрэн ном өрөөстэй байлаа. Уран зохиолын номонд дуртай байжээ. 

Зэвэг загас барьдаг, голын усанд шумбаж тоглодог, морь унаж давхидаг нь хотын биднээс ялгаатай ч гэнэн цагаахан хүүхэд нас. Бид хэрхэн тоглож, цагийг хэрхэн  өнгөрөөдөг байснаа нэг дурсаж бичнэ ээ. 

Цахим ертөнцгүй хүүхэд нас аюулгүй, эрүүл байж дээ гэж бодогддог л юм.

Ямартай ч хөөрхөн өнгө аясаар бичдэг залуугийн зохиолтой учирсандаа баяртай байна өө. "Тойром" романыг нь захиж авна аа.  

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年7月21日月曜日

Нэгдүгээр биеийн ганц тоо

Халуун байна аа. Бүгчим халуун байна аа. Нозоороод л, урсаад л, алхаад л, гүйгээд л, уншаад л, үзээд л...

Клубынхны маань 6 дугаар сарын төлөвлөгөөт ном. Өмнөх саруудынхаа номнуудыг хоцорч уншиж дуусгаад сар нэлээд гарчихсан хойно уншиж эхэлсэн ч дуусгачихлаа. Хаа очиж нимгэвтэр ном байлаа. Тэгээд л хажуугаар нь жижиг бөгөөд жинтэй номоо уншаад л явна. 

Мөн богино өгүүллэгийн ном тул, гарчигнаас нь харж байгаад сонирхолтой санагдсанаасаа уншина. Ингэхээр хурдан дуусах нь гарцаагүй. 

2020 онд хэвлэгдсэн номыг дор нь орчуулаад гаргачихсанаас харахад уг зохиолчийг сонирхон уншигчид олон байдаг нь тодорхой...


Мүраками Харүки "Нэгдүгээр биеийн ганц тоо" гэдэг ном. 

Мүракамигийн хоёр дахь номыг уншиж дуусгав. Нэлээд дээхэн "Норвегийн ой"-г нь уншиж байсан. 

Нэг их таалагдаагүй юм. Тэгээд л дахиж уншихгүй байх гэж бодож явсан юм. Тэгсэн чинь манай номын клубынхан минь уншина гэж товлоод. 

Далимд нь бас нэг ном авчихсан байгаа. Төлөвлөгөөт номнуудынхаа хажуугаар уншина даа. 

За номынхоо тухай бичье даа. 

Уншиж байх явцдаа зохиолч өөрийнхөө тухай, өөрийн дурамсжуудаас цуглуулан, дэлгэрүүлэн, уран яруугаар найруулан өөрийн тухай л бичсэн шиг санагдсан. Зохиолчийн төрөлх нутагт амьдарч буйн хувьд танил дүр төрх их тул яагаад ч юм тэгж бодогдсон. 

Мөн өмнө нь уншсан түүний ганц номынхоо агуулгаас харахад ч гэсэн иймэрхүү өнгө аястай бичих нь ч ойлгомжтой мэт санагдсан. 

Дурсамжаа бичсэн номтой их учирч, сүүлийн үед уншсан номнууд дурсамж, бодлогошрол дүүрэн ном дийлэнх хувийг эзлээд байх шиг...

Зүрх сэтгэлд тод үлдсэн, мартагддаггүй, үл арилдаг нэгээхэн хэсэг цаг мөч байдаг даа. Түүнийгээ уран яруу найруулаад биччих ч бас нэг бодлын тун аятайхан юм гээч. 

За тэгээд хүн нас ахих тусам өнгөрснөө дурсан санаж, түүнийгээ юм л бол бусдад ярьчих гээд байдаг шиг. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад. Хэ хэ. Би ч нас залуу л даа. Гэсэн ч дурсах, санах, бодлогошрох зүйл ихтэй ихтэй...

8 өгүүллэг дотроос хамгийн сонин содон санагдсан нь "Шинагавагийн сармагчны наманчлал" гэдэг өгүүллэг байлаа. Хөдөө нутгийн жижигхэн халуун рашааны дэн буудалд ажилтан нь гээд сармагчинтай тааралдана. 

Сармагчинтай шар айраг хувааж уунгаа "жаргал зовлон"-гоо хуваалцана. Сармагчны зовлонг унших нь ээ, инээдэмтэй ч юм шиг, аргагүй ч юм шиг, эвий ч юм шиг санагдав. 

Сармагчин эмэгтэй хүнд дурлаад, тэглээ гээд яаж ч чадахгүй. Тэгээд нэг арга олсон нь тухайн дурласан эмэгтэйнхээ "нэрийг хулгайлдаг", тэгээд тэр нэрээ хэлээд л дурсан санагалздаг. 

Мөн эмэгтэй хүнтэй уулзаж учирч явсан, тэдгээрийнхээ тухай дурсамжийг бичсэн нь нэлээд илэн далангүй байх шиг санагдсан. Хэдий зохиол гэж хүлээж авах хүн байв чиг, Мүраками өөрийнхөө тухай бичсэн гэж бодож буй хүмүүст бол ил тод бичсэн мэт санагдах нь гарцаагүй. 

Мөн бас нэг зүйл. Сонгодог болон жазз хөгжим нэлээд сонирхдог бололтой. Сонсож дуулаагүй хөгжмийн зохиолчид, хөгжимчдийн тухай их гарна. 

"Бид цаг хугацааг ямар ч тохиолдолд нандигнаж явах учиртай. Цаг хугацаа гэдэг зүйлтэй эвлэрч, зохицож, аль болох нандин дурсамж үлдээх нь юу юунаас илүү чухал."

"...үзэсгэлэн төгөлдөр биш ч, өөрөөсөө ямар нэгэн сэтгэл ханамж, гэрэл гэгээ олж харж чаддаг бүсгүй л жинхэнэ аз жаргалтай байдаг юм шиг."

"Би угийн нэг уншиж эхэлсэн номоо дуусгахгүй орхих дургүй хүн. Магадлал бага ч гэсэн" төгсгөлд нь гэнэт сонирхолтой юм гарч ирэх ч юм билүү?"

"Бид ч гэсэн ялгаагүй янз бүрийн баг зүүж л амьдардаг. Угтаа баггүй бол энэ хатуу ширүүн хорвоод" амьдрах боломжгүй. Буг чөтгөрийн баг дор сахиусан тэнгэрийн бодит дүр байдаг бол сахиусан тэнгэрийн баг дор буг чөтгөрийн амилал байх нь бий. Нэг нь нөгөөгүйгээр байх боломжгүй. Бид үргэлж л тийм байдаг."

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2025年7月20日日曜日

Мод чухал юм аа

Наадмаар бидний хэдэн монголчууд ууланд очиж мах шарж идсэн. Ой модтойгоо ойрхон, ойрхон ч гэж дээ модон дунд. Сайхан, зугаатай, хөгжилтай байлаа...

Доор хотын төвд "маш халуун" байхад ой модон дунд зүгээр л "халуун" байлаа. Тэгэхээр мод ямар чухал үүрэгтэй байх нь  вэ? Түүнийг айхтар айлын хүүхдүүд судлаад мэдчихсэн, тарьж ургуулаад байна аа.  

Уул руугаа явж байх замд. Битүү мод харагдаж байгаа биз? Заримдаа харахаар брокколи ногоо шиг харагдаад байдаг юм, энэ моддынх нь орой. Намар шаргалтаад ирэхээрээ бүр ч төстэй санагдана. 

Модон дундаа хорхой шавьж ихтэй. Үе үе буга, зэрлэг гахай ч гарч ирнэ. Сүүлийн үед баавгай айл хот руу дайрч, хүн гэмтээсэн гэдэг мэдээ их гарах болсон. 
Майхнаа босгох газраа сонгох гэж хөөрхөн удсан. Хажуудаа жижигхэн горхитой газрыг сонгосон. Байнга л уншиж байдаг, дэлгэц ширтэж байдаг бид тархиа, нүдээ амраачих санаатай хажуугаар нь. 

Наадамлаж байна гээд идэж уухдаа гол нь биш амрах санаатай байсан хэдий ч идэж уусаар байгаад л таарсан. Хэ хэ. Гэхдээ нэг өдөр сайхан мод, усны хажууд өнжиж, хоносон тул сэтгэлд өег байлаа. 

Заримдаа боддог юм, манай баярууд их ажиллагаатай, нүсэр, идэж уух нь дийлддэггүй гэж. Хоолнууд нь ч ажиллагаа ихтэй тийм ээ. Япончуудын будаагаа агшаагаад л багахан хольцтой аваад гарчихдаг нь нэг бодлын их амар санагддаг. 

Миний санаа бол зүгээр л горхины хажууд, модны сүүдэрт сайхан хавтаад, суугаад номоо дэлгэх. Нэг бол буу халж сууснаа зүүрмэглэх. 
Бид гэр гэртээ хуушуур хийж идсэн. Ууландаа ирж мах шарж идсэн. Мартаж санасан зүйл ихтэй, түүнийгээ хэд хэд очиж авч ирсэн. Блтгэлээ жаахан муу базаалаа. 

Дараа дараагийн цугларалтлаа анхаарна аа. 

За хамгийн гол хэлэх гэсэн санаа минь ой мод гээч зүйл ямар их хэрэгтэй болохыг л биеэрээ мэдэрсэн тул эндээ бичиж үлдээмээр санагдав. Ирээдүйд мод тарих гэсэн мөрөөдлөө мартчихаж магадгүй тул. Хэ хэ. 

Эх орондоо харихдаа ганц нэг мод тарина даа гэж мөрөөддөг юм өө. Зүгээр биз дээ? Нас ахих тусам алт мөнгө гэхээсээ илүү байгаль руугаа тэмүүлдэг гэж ярьдаг нь үнэн бололтой дог шүү. 

Та бүхэнд ч гэсэн мод тарих боломж, мөрөөдөл байдаг бол заавал мод тариарай гэж хүсье. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年7月19日土曜日

Чөтгөрийн бясалгал

Саяхан томилолтоор явахдаа галт тэргэнд уншсан ном. 6 сард ажлаар эх орондоо очихдоо авчирсан жижигхэн номнуудын нэг. Өнгөрдөг жил бас харьчихаад ирэхдээ "Хол биш" номыг нь авчирч байлаа. Сонгосон шалтгааны нэг нь жижигхэн. Цүнхлээд явахад амар. Яаж ийгээд л ачаа илүү гарчихдаг тул аль болох жижиг ном сонгоно. 

Харин ажлаар ч юм уу? Аялалаар ирж буй найз нөхөд, танилдаа зузаан том ном дайна.

Муухай "чөтгөрлөг" байгаа биз? Ийм муухай чөтгөрлөг зан гаргадаг нь байна аа даа? Тэд ачаа багатай ирдэг юм аа.

Эндээс худалдаа хийнэ гээд монголоос аль болох хоосон цүнхтэй ирдэг юм аа. Хэ хэ.  
За тэгээд номын агуулга аяа бас л зэвүүн гэж хэлэх ч багадахаар. Монгол хүмүүс минь уужуухан, гүндүүгүй, хүний мөс, хүнлэг зан чанараа хаана гээчихсэн юм бол? 

Хүн ийм муухай байж болох уу? Чаддаг л юм байх даа? 

Хүний наймааны золиос болсон охид, охиноо алдаад, олон хоног хайсны эцэст олоод, хариуцлагыг нь, шийтгэлийг нь хүртүүлэх гэж ганцаараа тэмцээд чадалгүй, хэн нэгний гарт амиа алдчихдаг аав. 

Сайн найз гэж итгэж явсан "найз"-даа хамаг үнэнээ ярьж, зовлонгоо хуваалцдаг байсан нь өөрийг нь маш эмгэнэлтэй хувь зохиолд хүргэх эрсдэл ч нуугдаж байдаг байх нь... 

Чихэндээ ч нүдэндээ ч итгэмээргүй зүйл олон байлаа. Араатанлаг. 

Араатанлаг гэдэг үг ч гоёдохоор юм байна аа. Бид нүдэн балай, чихэн дүлий байсаар сурчихаж. Яг өөрт минь тохиолдоогүй тул мэдэхийг ч хүсдэггүй юм байна. 

Өөрийн охидоо, өөрийн хүүгээ тэдгээр олон олон "золиос болсон хүүхдүүд"-ийн оронд гээд төсөөлөөд үзэх гэж оролдов. Төсөөлмөөргүй, чадмааргүй, бүр яагаад ч оронд нь тавьж бодмооргүй байлаа. Үнэхээрийн чадамгүй юм билээ. 

Өөрийн бие, эрүүл мэнд, цаг хугацаагаа золиослон байж монголд болж буй аймшгийн, зэвүүцмээр, ёс бус, хүний ёсноос гажууд, чөтгөрлөг, хүний мөсгүй үйлдлийн талаар бидэнд мэдүүлэх гэж, бидний сонорт хүргэх гэж, биднийг ойлгоосой гэж, биднийг тэмцээсэй гэж хүссэндээ л байх даа...

Та бүхнийг заавал нэг уншаасай гэж хүсч байна. Уншаад л өнгөрөх биш дор бүрнээ бага багаар өөрийн хэмжээнд тэмцээсэй гэж хүсч байна. 

Би эндээс хамаатан садныхаа хүмүүст хүүхдүүдээ, охидоо анхаарлаасаа алхам ч  холдуулж болохгүй гэж захиж хэлж байна аа. 

"Чөтгөр гээд байгаа маань чөтгөр ч биш, ерөөсөө л бидний өөрөө өөрөөсөөнуусан үнэн дүр төрх. Яаж ч нуусан байж л байдаг, мартъя гэвч мартаж чадаагүй тийм л зүйл. Түүнээс зугтах тусам зүрхэнд ирнэ. Түүнд ойртох тусам ходог одно. "

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. Амьдадаа бие биенээ хайрлацгааяа. 

2025年7月18日金曜日

Хааны зуслангийн ордон

Японы Цог жавхлант эзэн хаан эх оронд минь айлчлан буйтай холбоотой би ч бас эндээ ганц нэг өгүүлбэр тэрлэх гээд л. 

Гэж эхлээд бичиж оруулах гэсээр байтал эзэн хаан минь буцаад, халуухан сэдэв өндөрлөчихлөө. 

Мөн наадмын шүүмжүүд ч эхэлчихсэн. Би ч юугаар дутахав. Гаднаас нь харж буй тул бид асар их мөнгөөр баярлаад байна аа. Үргүй зардал их гаргаж байна өө. Яг хэрэгтэй зүйлдээ мөнгөө зарж чадахгүй байна аа. 

Тунгааж бодно биз дээ? 

Нэлээд дээхэн эзэн хааны зуслангийн ордны гадаах цэцэрлэгт хүрээлэн. Үүнийг тогтмол арчилдаг, тусгай цэцэрлэгч ажиллуулдаг. Цөөрөмд нь мөрөг загас байдаг. Хаа нэгтээ түүхэн кино авахдаа ашигладаг гэж дуулсан. 
1907 онд баригдсан ордон. Тухайн үеийн ханхүү ирж буудалладаг байсан. Хожмоо эзэн хаан болсон. Орчин үед элдэв арга хэмжээ зохион иргэддээ үйлчилдэг. 

Энэ өдөр хоёр дахь зулзагын сургууль хорооны оршин суугчдад зориулсан дуу, бүжиг, найрал хөгжмийн бяцхан тоглолт үзүүлсэн. 

Яг энэ цагаан ордон засвартай байсан. 

Энэ удаагийн суугуул нутгийн эзэн хааныг сайхан хүлээж авсанд тун их баяртай байна өө. Тусламжийг нь зөндөө л хүртэж байгаа улс. Ингэж хэлэхээр тархиа угаалгачихаж гэж хэлэх хүн байдаг. 

Дотроо байгаа сонин сонин "олны танил"-даа тархиа угаалгаад байгаа шүү л гэж хэлмээр байдаг даа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年7月9日水曜日

Софийн ертөнц 3

Үргэлжлэл. Энэ удаад гоё гоё ишлэлүүдээс нь ганц нэгийг түүв.

"...хэрэв хүмүүс өөрсдийн дотоод эргэцүүлэн бодох чадвараа ашиглах юм бол хүн бүр философийн үнэн мөнд хүрч болно. Эргэцүүлэх чадвараа буюу логик ухаанаа ашиглана гэдэг нь өөрийнхөө дотоод руу өнгийж, тэнд байгаа бүхнийг дайчлан ашиглана гэсэн үг юм." 

"Философич гэдэг нь жинхэнээрээ "мэргэн ухаанд дурлагч" гэсэн утгатай үг."

 "Жинхэнэ философич гэж маш багыг мэддэгээ сайн мэддэг учраас жинхэнэ сэхээрэлд, жинхэнэ ойлголтод хүрэхийн төлөө байнга чармайж явдаг хүнийг хэлдэг юм."

"Философич гэж олон зүйлийг ойлгож амжаагүй яваагаа мэддэг, үүндээ сэтгэл нь зовдог хүнийг л хэлдэг юм." 

Философич Плато нь "Эмэгтэйчүүдээ сургаж боловсруулдаггүй улс гүрэн бол зөвхөн баруун гараа л дасгалжуулдаг эрчүүдтэй адил." хэмээсэн нь үнэхээрийн супер байлаа. Гэхдээ өдгөө эрчүүдээ бас сургаж боловсруулмаар л болчихсон тийм ээ? 

"...Өнөөдрийн би өчигдрийнхтэйгөө адилгүй. "Энэ бол минийх" гэж юуг ч би хэлж чадахгүй. "Энэ бол Би" гэж би бас хэнийг ч хэлж чадахгүй гэж Будда хэлсэн. Өөрөөр хэлбэл, "Би" буюу хувирч өөрчлөгдөшгүй "Би" гэж үгүй."

"Философийн хүлээдэг гол үүргийн нэг нь хүмүүсийг яаран дүгнэлт хийхгүй байхыг сануулах юм. Энэ нь олон янзын мухар сүсэг рүү хөтлөх талтай учраас тэр."

"Дээр минь одот тэнгэр, дотор минь моралийн хууль." Э.Кант

"...Шинэ бүхэн сайн байх албагүй, хуучин болгоныг авч хаях ч учиргүй."

"Өнгөрсөн үеийнхээ үнэт зүйлс гэж үзэж байсан зүйлийн талаар жаахан шүүмжлэлтэй хандах нь чухал шүү."

Гэх мэтчилэн ухаж төнхвөл нэлээдийг бодогдуулах, эргэлзээ төрүүлэх онол, санал, үзэлтэй зөндөө таарна. Нэг бүрчлэн ухаад суувал цаг ч их орохоор, толгой ч их эргэхээр...

Ажилдаа ирж очихдоо алхангаа уншиж буй номынхоо тухай эргэцүүлнэ. Энэ алхах чинь их зүгээр юм өө. Заримдаа дуу аялана. Өдөр бүр 30 хэмээс дээш халаад, дуу аялангаа алхаж байна гэхээр цоглог байна уу? Хэ хэ. 

Аливааг харах өнцөг шүү дээ. Халуун байна гэвэл халуун, сэрүүхэн байна гэвэл сэрүүхэн. Ядарч байна гэвэл ядарна, цоглог байна гэвэл цоглог болно. Тархи гээч эрхтэн чинь их амархан хууртагдагддаг гээ биз дээ? 

Гэснээс номын төгсгөл их сонирхолтой байсан. Софи охин болон философич хоёр Хилде охины аавын бичсэн номын баатар болж хувирсан. Сүүлдээ энэ үе тэнгийн охидын яг хэн нь бодит, хэн нь номын дүр болох нь толгой эргүүлсэн ч гэсэн амжилттай уншиж дууссандаа баяртай байна өө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年7月8日火曜日

Чавганы дарс

6 дугаар сард хийсэн л дээ. Энэ жил үмэ буюу ногоон чавга сайхан арвин ургасан жил боллоо. Хэд хэдэн таньдаг өвөө нар үмэ жимс хэрэгтэй юу гэж асуусан. Би чинь энэ жил ургац арвинтай, өө тэр өвөөгөөс авчихсан гэж даналзаж энэ тэр. Хэ хэ. 

Ургаагүй жил нь царай алдаад л асуудаг юм байж. Хо хо. 

За тэгээд үнэгүй зүйлд нугасгүй, шуналтай хүн чинь очиж модноос нь арвин ихийг түүсэн. 

Жигмэд Тогмид хоёр жимсэнд хамт явжээ. 

Түүсээр байгаад бидний сав нь дүүрээд буцжээ. 

Гэж дууланхан, биесийнхээ шуналтайг гайхан гайхан түүсэн. Бид гэдэг нь хань ижил, би, гуравдахь зулзага гэсэн бүрэлдэхүүнтэй. Хоёрдахь зулзага бидэнтэй хамт явахаа байсан, өөрийн гэсэн ертөнцдөө умбанхан шумбанхан яваа. 

Модонд нь авираад түүсэн зураг бий л дээ. Түүнийгээ оруулах гэхээр зориг хэрэгтэй. Ха ха. 

Үүнээс ч олон шил байсан. Заримыг нь хоосон чигээр нь үлдээсэн. Учир нь миний монгол явах ажил давхцаад. Дахиж уулнаас түүж ирээгүй. Бага зэрэг үлдсэнийг нь хань ижил л гүйцээж, дарс, жимс болгосон. 

Яг гардаж дарс хийхийг нь ихэвчлэн хань ижил хийдэг юм өө. Би хийдэг гэж худлаа хэлээд яахав. Гэхдээ бэлтгэл ажлыг бол би сайн хангана өө. Жишээ нь шилээ угаах, түүж авчирсан жимсээ угааж хатаах, дэлгүүр хоршооноос мөсөн чихэр зэргээ худалдаж авах гээд л. 

Энэ бүгд арын ажлыг нь мэдэхгүй хүмүүс хань ижлийн л ажилсагийг гайхаад байхыг яана. Ха ха. "Ингээд л миний нэр байдаггүй" гэгч болно дөө, хаая ч.  
Монгол цагаан архиар ногоон чавга жимсээ дарахаар илүү гоё амттай болно. Уухад зөөлөн. Тийм болохоор бид манайд ирсэн найз нөхдийнхөө, зочдынхоо өгсөн цагаан архийг маш сайн цуглуулдаг. 

Угаасаа цагаан архи уудаггүй л дээ. Хаа нэгтээ л монголоос ирсэн гийчидтэйгээ хальт амсдаг. Би бол огт уухгүй ээ. Улаан дарсандаа үнэнч. Шар айраг ч нэг их уухгүй. 

Энэ зураг дээрх архины тоо бол зүгээр л наад захын жишээ шүү. Өөр зөндөө байсан. Бүгдийг нь "үмэ шю" буюу ногоон чавганы дарс болгочихсон. Амттай сайхан болог ээ. 

Овоо хэдэн шил суллаж хаялаа, архиа хадгалдаг газар минь овоо цэгцэрлээ. Дахин архины цуглуулгаа үргэлжлүүлнэ дээ. Сая монголоос наашаа ирэхдээ бас ганц нэг архиа үлдээчихсэн. Ачаа ихдээд. Дараа авчирна, аавыгаа битгий уучихаарай гээд байгаа юм аа. Наргиа шүү. Ха ха. 

Манайд ирвэл дарстай л угтах нь байна, та нарыг. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年7月7日月曜日

Софийн ертөнц 2

Энэ зузаан номыг үргэлжлүүлж бичихгүй бол алдас болох байх тийм ээ? 

Софи охин ээжээсээ нууцаар захидлаар харилцах гэж хөөрхөн л юм болно. Ээж хүн тэгээд агуу юм дөө. Үр хүүхдийнхээ нэг л биш, нэг л догдлонгуй байгааг мэдэрч л орхино. 

Тэгээд л ургуулан бодоод хардаж эхлэнэ. Нийлж буй найзууд нь, уулзаж учраад буй хөвгүүн нь гээд л ургуулан бодоод санаа зовнино. Хэ хэ. Би ч ээж хүн тул хамгийн түрүүнд Софийн ээжийн бодож буйг бодно, хардаж буйтай нь адил хардана. 

Захидлаар ирсэн асуултуудын эхэнд

1. Чи хэн бэ? 

2. Дэлхий хаанаас үүссэн бэ? 

3. Амьдралд юу хамгийн чухал вэ? 

Эдгээр асуултыг уншаад, тухайн цаг үеийн философичдын үзэл бодол, итгэл үнэмшлийг унших их сонирхолтой байлаа. 

Өдий насандаа уншихад шүү дээ. "Аан ийм өнцгөөс харахад ийм юм, аан тэр өнцгөөг харахад тийм юм" гэж өөрийн эрхгүй бодогдоно. Учир нь энэ асуултуудын тухай ингэж философич сэтгэлгээгээр хандаж, эргэцүүлж байсан удаа байхгүй. 

Ямартай ч нэлээд шашинлаг эргэцүүлэл бол хийж байсан. "Зүүний үзүүр дээр будаа тогтсонтой адил зүйрлэшгүй ховор хувь тохиол болох хүмүүн заяаг олж төрсөн тул утга учиртай амьдрахгүй бол" гэдэг ч юм уу?  

Бид тэр бүр философич сэтгэлгээгээр аливааг эргэцүүлж, тунгааж чаддаггүй, энэ тухай хүүхдүүдтэйгээ ярилцаж чаддаггүй тул энэ номыг хамтдаа уншаад, хамтдаа ярилцаж болох юм тийм ээ? 

Хоёр дахь зулзагатаа санал болгосон. Япон хэлээр унших тул, шууд очоод зээлсэнгүй. Номын санд бол байдаг шиг байна лээ. Нэг зээлж ирээд, ширээн дээрээ хэсэгтээ "хөглөрүүлнэ"-дээ. 

"Сайн философич болохын тулд бид аливааг гайхах чадвартай байх хэрэгтэй." 

"Чамайг би мэдлэгт тэмүүлсэн, оюун ухаантай, түүнийхээ үр шимийг хүртэж, утга учиртай амьдралаар амьдраасай гэж хүсэж байна."

Эртний философичдын үзэл бодол, гаргалгаа зэргийг дарааллаар нь тайлбарлаж бичсэн тул их л олон үе үеийн философичдын тухай гарна. Өмнө нь уншиж байсан хүн ч гарна. Нэрийг нь огтоос дуулж байгаагүй хүн ч гарна. 

За тэгээд зөндөө л гоё гоё үндэслэл, онол гарна. Бүгдийг нь л бичиж үлдээмээр блогтоо. Ямартай ч номон дээрээ шараар тодруулаад орхив. Чадвал үе үе сөхөж харна аа. 

Гэснээс ингэж сөхөж харна гэсэн ном зөндөө. Одоогоор нэгийг ньч сөхөж хараагүй. Учир нь шинэ ном олноороо өрөөстэй байна өө. Тэтгэвэрт гарахаараа сөхөж харах ч юм билүү? гэж мөрөөдсөөр. 

Дараагийн асуултууд. 

Хувь тавиланд итгэдэг үү?

Өвчин бурхдын гэсгээл мөн үү?

Түүхийн явцыг ямар хүчнүүд удирддаг вэ? 

За та нар юу гэж хариулах вэ? Би ч заримдаа хувь заяанд итгэнэ, заримдаа ч үгүй. Мөн өвчин ч ямар нэгэн үйлийн гэсгээл мэтээр хүлээж авах тохиолдол ч гарна. Хүн л болсон хойно. Сэтгэл санааны хувьд олон юм бодож, ухаан санаа орно оо гарна аа. Ха ха. 

Бас нэг зэвүүн бөгөөд гүн ухааны асуулттай таарна. 

Төрөлхийн даруу байж болох уу? 

Мэдэхгүйгээ мэддэг хүн хамгийн ухаантай...

Жинхэнэ ойлголт дотроосоо бий болдог.

Зөв гэж юу болохыг мэддэг хүн л зөв хийдэг.

Та нар бас л юу гэж боддог вэ? Гэх мэтээр баахан асуулт, түүний хариулт, эдгээр асуултуудын тухай эргэцүүлэл хөврөнө. Унших тусам толгой эргэнэ. Хэ хэ. 

Дараа дахин үргэлжлүүлнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年7月6日日曜日

Суугуул нутгийн аялал жуулчлал

Суугуул муж минь хүн ам цөөтэй, жижигхэн муж. Хүн амын тоо нь ч цөөрсөөр. Залуус нь хот газар явахаараа буцаж ирэх нь ховор. 

Гэсэн хэдий ч би энэ нутагтаа дуртай, хайртай. Олон л шалтгаан бий. Байгалийн гамшиг цөөн. Даисэн гэдэг өндөр хайрхан нь хар шуурга гэх мэт байгалийн гамшгаас хамгаалдаг гэж үздэг. 

Хүнсний бүтээгдэхүүн нь амттай. Жимс нь илүү амттай. Зураг хөргийг минь үзсээр байгаад та бүхэн ч мэдэх байх дөө. Би чинь жил бүр л жимсний зураг оруулдаг даа. 
Лийрний музей дэх лийр жимсний сахиус Нашший. 7 сарын 4-нд төрсөн өдөр н тохиосон. Хэ хэ. Тэр өдөр лийрний орцтой мөхөөлдөс 100 иенээр хямдарсан байв. 

Худалдааны жимсийг заримдаа голдог.Үнэн цамаан байна уу? Оригоор нь газар дээрээс нь аваад идээд байхаар бусад газрын худалдааны жимс цаанаа л нэг амт муутай санагддаг болчихдог шүү. Ойлгоорой. 

Жишээ нь хойд нутгийн Аомори мужийн алим гэвэл их амттай байдаг. Энэ мэтээр нутгийнхаа бүтээгдэхүүнийг брэнд болгочихдог юм.

Эх орон минь тун удахгүй ийм болох байх өө. Тэр аймагт үйлдвэрлэсэн, тариалсан бүтээгдэхүүн гээд л. Төв аймгийн, Булган аймгийн, Сэлэнгэ аймгийн гээд л тийм ээ? 

Би та нарт их гоё бизнес санаа өгөөд л байгаа шүү. Хэ хэ. Нэг зүйл уншаад, түүнээсээ санаа авдаг, суусан газраасаа шороо атгадаг байгаарай. Би шороо байтугай чулуу атгах гэж хичээгээд л яваа шүү. Хо хо. 

Саяхан шинээр ажилд орсон гадаад ажилчдаа аваад мужийнхаа аялал жуулчлалын газруудыг үзүүлсэн. Би ч яахав өмнө нь зөндөө үзсэн ч дахин үзмээр байна гээд хамт явсан. 

Аминдаа шинэ соргог зүйл олоод сонсчих санаатай. Мөн шинэ ажилчидтайгаа дотно танилцчих санаатай. Тэгсэн солонгосчууд нь дуу муутай. Хятадууд нь гайгүй. Би л ганцаараа аманцар нь. Хэ хэ. Сүртэй ярьж хөөрсөнгүй ээ. 
Лийрний музей жилийн турш 3 төрлйн сортын лийрний амталгаа үзүүлдэг үйлчилгээтэй. Тусгай хэмд хадгалдаг гэсэн. 

Жижигхэн муж минь аялал жуулчлалынхаа салбараар л орлого олж, жуулчдыг татах гэж үзэж тарж байна. 

Та бүхэн ч манай нутгаар заавал ирээрэй. Надтай уулзмаар байвал уулзаж болно шүү. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年7月4日金曜日

Софийн ертөнц

5 дугаар сарын маш хөөрхөн ном. 700 шахам хуудастай. Тэгсэн ч маш урамтай уншигдана. Удахгүй дуусгана даа. Тэгэхгүй бол 6 дугаар сарын ном хүлээгээд байна. Хэ хэ. 

Гээд бичиж эхлээд орхисон байв. 6 дугаар сар дуусаад бүр 7 сар гарчихлаа. 6 сарын ном энэ номыг бодвол арай нимгэндүү ном байсан тул энэ сар хоёр ном унших ёстой болов. 6 дугаар сарынхаа номыг, 7 дугаар сарынхаа номыг. 

Дундуур нь дугаар дайрч урдуур орох гэж зүтгэдэг ганц нэг номыг уншина. Ингээд бичихээр би ч яаж амжуулаад байна аа тийм ээ? Гэхдээ амжуулдаг хүмүүсийн хажууд өчүүхэн шүү дээ. 
Энэ ном байна аа даа нуль философи. 10 жилд байхдаа нийгмийн хичээлдээ тийм ч муу байгаагүй, тийм ч сайн байгаагүй. Гэхдээ багш нь надад тун дажгүй ханддаг байсан. 

Дурсамжаа эргэн санахад оюутан болохоор конкурс өгөхдөө нийгмийн шалгалтандаа бүтэн оноогоо авсан буюу 3 шалгалт дундаас хамгийн өндөр нь байж билээ. 

Мөн үе үе суут хүмүүсийн мэргэн үгсийг энд тэнд их бичиж, ярьдаг болсон доо. Мэддэг хүний тухай ч гарна. Нээрээ нэг ийм философич хүний тухай үзэж байсан даа, уншиж байсан даа гэж бүдэг бадаг л санах. 

700 гаран хуудастай зузаан ном тул тувт цүнхэлж явна. Янз бүрийн л газар хамтдаа зураг дарсан. Бүр монгол явахдаа хүртэл цүнхлээд явчих санаатай байсан ч ачаа минь яаж ийгээд л дүүрчихдэг болохоор орхисон. 

Харин сэтгэл санаа бол Софитой хамт л философийн ертөнцөд л явсан. 

Олон зүйлийг тунгаан бодоход хүргэнэ. Ялангуяа Софитой нас чацуу залуухан охид, хөвгүүд уншвал ихээхэн ач холбогдолтой, их зүйлийг эргэцүүлэн бодоход хүргэх агуулгатай ном байлаа. 

Эцэг эхчүүдэд, сурагчдад уншихыг зөвлөх номны нэг байлаа. Агуулгыг нь ярих илүүц мэт боловч хожим өөрөө санаж байхаар ганц нэг зүйлийг бичнэ ээ.

Тун удахгүй 15 нас хүрэх гэж буй Софи охинд үл мэдэх нэгнээс нэгэн захидал ирнэ. Тэрхүү захидалд "Би хэн бэ?" хэмээх асуулт бүхий. Асуултын тухай эргэцүүлэн бодох багахан хугацаа өгнө.

Хариулт нь маргааш өдөр нь ирнэ. Мэдээж хариулт нь яв цав доторхой хариулт биш хэд хэдэн өнцгөөс харж тайлбарласан байна. 

Ийнхүү Софи охин болон түүнд захидал илгээх философич хоёрын аливааг эргэцүүлэн тунгаах, ярилцах, мэтгэлцэх, хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх гэсэн аян эхэлдэг. 

Софи охиноор уншигч биднийг төлөөлүүлсэн мэт. Өдөр алгасалгүй ирэх захиагаар философийн адармаатай агуулгыг энгийнээр, хамгийн гол  нь уйдаахгүйгээр тайлбарлаж, ойлгуулах гэж, ухуулах гэж, эргэлзэнгүйгээр хандуулах гэж  бичсэнээрээ тун догь ном санагдлаа. 

Явцын дунд бас нэгэн охин гарч ирнэ. Энэ тухай үргэлжлэл бичвэртээ бичнэ ээ.  

"...бодит амьдралд бидний итгэж үнэмшиж ирсэн олон ойлголт дутуу дулимаг, худал хуурмаг, утгагүй байх магадлалтайг харуулна. Эгэл жирийн, гүндүүгүй сайхан гэж бодсон яриа хүртэл маш аюултай солиорол байж болдог нь ч үүний жишээ." 

"Философич болох нь мэдэхгүйгээс эхтэй. Асууна гэдэг нь мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрнө гэсэн үг."

"Гол нь аливааг мэдэхгүй байх нь муу биш, харин мэдэхгүйгээ мэдэх, үүн дээрээ үндэслээд цааш хэрхэн хөдлөх нь л чухал."

"Философийн хэлийг нутагшуулахын тулд бид амьдралд философичоор хандар хэрэгтэй. Бид бүгдээрээ асуух хэрэгтэй. Яагаад? гэж. Цааш ахин дахинасуух хэрэгтэй."

Оршлыг уншихад л асар их философи үнэртэж байгаа биз? 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年7月3日木曜日

Амжилттай

30 минутын минь яриа дажгүй болсон. Хүмүүсийг инээлгэж, аяга угаагчаа бэлэглэж, хэрэндээ л хичээлээ. Миний нэр ус яахав ээ? Монгол гэдэг 6 үсэгний минь нэр төр хаа юм бэ дээ, тийм ээ? 

Ядаж байхад сүүлийн үед энд Япон улсад элэг нэгтнүүд минь хулгай зэлгий, дээрэм тоноон, зодоон цохио их үйлдээд байх болжээ. Уур хүрч уушги савсайх л юм. 

Эцэс сүүлд нь 3.5-хан сая хүмүүсийг аятайхан амьдруулчихаж чадахгүй байгаа төр засагтаа буруугаа чихэх юм дөө. Яалтай? 

Нүүр номоос аваад ирсэн. Уншиж чадсан юм чинь. Хэ хэ. 

Гэснээс төрийн албан хаагчдын нэрийн хуудас крилл үсэг, хуучин монгол бичгээр гээд ар өвөрт нь бичсэн байсан. Би сая ганц хоёр хүнтэй нэрийн хуудсаа солилцсон юм. 
Өөрийн нэрийн хуудастаа нэммээр санагдав. Хо хо.

Ажлаа амжилттай гүйцэтгэсэн би сэтгэл ханамж 200 хувь. Энэ тухайгаа блогтоо мөнхлөх санаатай орж ирсэн юм аа. 

Халууныг эс тооцвол гурван хятад, хоёр солонгос хүмүүст хичээл заачихсан гээд бодохоор "монгол хүн өөр шүү" гэж омогших уу? 

Энэ айхтар халуунаас зугтаад дахин нэг монгол явчихаад ирэх юмсан дөө...

Ханэда нисэх онгоцны буудал. Наашаа ирдэг өдөр дарааллаа хүлээж нэлээд удсан байдаг юм. Дотоодын, гадаадын гээд л ээлжилж нисээд байсан. 

Аяга угаагчаа тараасан. Бүгд баярлалаа гээд авсан. Бүр болоогүй даргадаа, даргын туслахдаа ч өгөөд амжсан. Дараа бусад ажилчиддаа ч нэхэж өгнө дөө гээд бодчихсон яваа. 

Өдөр бүр нэхдэг, зав л гарвал хоёр зүйл барьж авдаг. Нэг нь энэ аяга угаагчийг нэхэх, нөгөөх нь ном унших. Энгийн дадал минь болчихсон. Энгийн бус дадалтай болно доо тэгж байгаад. 

Та бүхний энгийн бөгөөд гайхамшигт дадлыг чинь сонсмоор л байна шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年7月2日水曜日

Шинэ сартайгаа мэндлэе

7 сар гарсан тул мэнд мэдэв. Энэ сар ямартай ч наадамлана. Хорхог хийх үү? Хуушуур хийх үү? Ярилцаж л байна, манай фракцынхан. Ха ха. 

Наана нь хувьсгалын ажил нэлээд бий. Нэг дээр нь би 30 минутын яриа хийнэ. Дараагаар нь эндхийнхээ аялал жуулчлалын газруудаар явж танилцана. Угтаа мэддэг газрууд боловч ажлаар яваагүй уджээ. 

Шинэ соргог зүйл олж сонсоод, хойшдынхоо ажилд тусгаад явна гэсэн үг. Мөн зураг хөрөг ч дарна. 

Ирэх 7 хоногт мужийнхаа захирагчтай уулзана. Надаас гадна хоёр солонгос ажилтан. Шинээр ажилд орсон бидэн гурвыг мужийн захирагч хүлээж авч уулзах юм. Юу ярьж хуйхаа маажна аа. Хэ хэ. 

Нэг их олон юм яриулахгүй л дээ. Хичээгээрэй, хичээе ээ гээд л дуусах байх. 

Хамгийн их хүлээлттэй, бүр тэсэн ядаж буй нь сая хамт монгол явсан хэдтэйгээ уулзах өдөр. Өдрийн арга хэмжээ дуусгаад орой нь томчууд бид шар айраг тулгана. 

Дуртай гар чинь одооноос догдлоод, хоног тоолоод л сууж байна. Мөн тэдэндээ өөрийн нэхсэн аяга угаагчаасаа бэлэглэнэ гээд бэлдээд тавьчихсан. 

Гэснээс би энэ аяга угаагчаа ойрд маш олноор нь хүмүүст бэлэглэж байна. Монгол руу бараг 100 ширхэгийг авч явсан. Хүсэн хүлээдэг та нартаа баярлалаа. 

30 минутын яриа хийх арга хэмжээндээ ч мөн адил нэхээд, бэлэгний уутанд хийгээд бэлдчихсэн. 10 уут, нэг уутандаа 3 ширхэг. Үнэн хоббитой байна уу? Дуртай зүйлээ хийхээр цаанаасаа бүр нэг аз жаргалын даавар ялгараад байгаа юм. 

Дандаа ууж иднэ ч гэж юу байхав дээ? Тийм үү? Монгол улсынхаа, монгол хүний нэр төрийг цэвэр цэмцгэр авч явах гэж хичээж л явна дөө. 

Төр ариун бол...

Охид ариун бол... 

Хо хо. 

Болдог бол бүх уншигчиддаа ч гэсэн нэхэж бэлэглэх юмсан. Энд тэнд таарвал блогийг чинь уншдаг, аяга угаагчнаасаа гээд нэхээрэй. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.