2023年5月22日月曜日

Зургийн хичээл

Бага зулзага бидэн хоёрын зургийн хичээл үе үе явагдана аа. 

Гэхдээ байна шүү, эрэгтэй хүүхэд арай өөр байна аа. Зорьж зурахгүй байна аа. Эгч нар өөрсдөө л цаас дэлгээд харандаа барьчихсан суудаг байсан шиг санаад...

Гэтэл энэ бага зулзага үгүй ээ. Сэлэм буу, үсэрсэн харайсан...

Гэнэт онгод нь бууж ирэхээрээ ингэж өнгө алаглуулна. Эгч нарын үлдээсэн, хэрэглэж байсан гэх мэт тосон харандааг утгаар нь ашигладаг.

Ээж өмнөх зулзагууд дээрээ туршсан аргаа одоо ч хэрэглэдэг. Том том цаас олж ирээд тавьчихдаг. Зургийн дэвтэр худалдаж авдаггүй. Яахав хаа нэгтээ бэлгэнд авсан дэвтэр байдаг л даа.

Ихэвчлэн ингэж нэг өнгөөр зурдаг. Энэ бол могой гэсэн. Ээж бас зураг авъяасгүй тул ингэж могой энэ тэрхэн зурахдаа сайн. Ха ха. Та бүхэн мэдэж байгаа тийм ээ?

Үе үе иймэрхүү хүн дүрст зурна. Үүнийг ээж ч бас чадна. Дэргэд нь өөр цаасан дээр дуурайлгаж зурсан. Өөрийг нь магтаад, дуурайж дагаж зурахаар цаанаа нэг тийм пээдгэр ээ, өнөөх чинь...

Энэ овоо том цаас шүү дээ угтаа. Нэг зураад суухаараа бас хөөрөн төвлөрөөд байгаа ч юм шиг санагддаг. Ингэж суутлаа их уддаг л болохоос. 

Хойшид сургуульд ороод, ямар байх нь уу? гэх мэтээр ээж ажиглалтаа хийгээд л яваа.

Ээжийн бүтээл хамт яваа. Яг аль нь гэдгийг хэлэхгүй ээ. Иччихлээ. Хи хи. Элдэв дүрс зуруулах гэж бас үзнэ. Ихэнхдээ зурахгүй. 

Өөрийнхөө нэрийг бичих гэж оролддог болсон байна лээ. Мэдээ орсон цагаасаа л харсан болохоор. Хичээлийнх нь бүхий л зүйл дээр нэр нь бичээстэй байдаг тул аяндаа нүдэлдэг бололтой.

Үүнийг хэн зурсан нь хэлүүлэлтгүй, ойлгомжтой тийм ээ? Чаддаг хүмүүс нь их бооно оо, чаддаг зүйлээрээ. Ха ха. 

Бурхан яагаад зарим хүнд олон чадвар заяаж, надад ямар ч чадвар өгдөггүй байна аа? Багаас нь тулж ажиллаад хөгжүүлсэн бол ганц нэг чадвар эзэмших л байсан байх даа?

Тухайн үед чинь улсын ажил гэж гүйгээд, бид өөрсдөө өсчихсөн шиг санагдаад...

Иймэрхүү үндсэн ажлынхаа хажуугаар номоо уншдаг шүү. Хэ хэ. 

Түр баяртай, бүгдэд нь хамгийн сайн сайхныг хүсье.

2023年5月20日土曜日

Цэцгийн нэр

Ажлын газрын байрны доор нэг жижигхэн цэцгийн булан байдаг гэсэн дээ. Үе үе солигддог. 
Санахаараа очиж зураг авдаг юм. Жижигхэн хөөрхөн булан, сэтгэл баясгаад л...
Ягаан нь garnation буюу лиш цэцэг. Цэцэгсийн нэрсийг цээжлэх гэж, мартахгүй байх гэж аминдаа ингэж блогтоо оруулдаг юм. Мартчихна өө, гайхал тархи чинь.

Ээжүүдийн өдрөөр ээждээ бэлэглэдэг цэцэг. Америкийн ерөнхийлөгч хэн нь билээ дээ анх ээждээ өгснөөс үүдэлтэй гэж ярьдаг юм билээ. Энэ тухай хуучин блогтоо бичиж байсан. 
Дээрээс нь харахад ийм. Эхлээд заавал цэцгийн савных нь зургийг авдаг. Цэцэгнээсээ илүү анхаарал татна шүү зарим үед ч. 

За тэр нил өнгөтэй нь чимэглэлийн зориулалттай тариалдаг гэсэн байх шүү. Чимэглэлийн зориулалт бүхий ургамалдаа хамгийн алдартай нь гэж уншсан. Нэр ус нь allium sphaerocephalon буюу дугуй толгойт сонгино гэж олсон. хайж хайж. 

Хэр оновчтой орчуулга юм бүү мэд... 

Цагаан цэцгийг нь gypsophila, baby's breath буюу одон цэцэг гэдэг шиг байна. Японоор касүмисоо гэдэг гэнэ. 

Ногоон навчны нэрийг олж чадаагүй ээ. 
Ингээд нэрсийг нь хажууд нь бичээд тавьчихдаг юм билээ. Би л олж харахгүй, зөвхөн цэцгийг нь дараад байсан. Хэ хэ. Одооноос нэрсийг нь хамт дараад, ингэж хайж үзэж байна аа. 

Хово нандин цэцгийн нэрсээ байг гэхэд байнга тааралддаг цэцэгсийн нэрсийг цэцэгтэй нь хамт тогтоох юмсан тийм ээ? 

Өөрөө тарьж ургаалдаггүй болохоор цэцэгсээ бас танихдаа муу муу. Хичээнэ ээ...

Түр баяртай, бүгдэд нь хамгийн сайн сайхныг хүсье. 

2023年5月19日金曜日

Харизм

За жилийн өмнө шахуу бэлгэнд авсан ном шүү. Хамт бэлгэнд авсан 3 номны нэгийг нь уншсан. Энэ 2 дахь нь. Уншаад байгаа хэрнээ л уншаагүй ном зөндөө өрөөстэй байна лээ. 

Саяхан номын сангаа нэг янзалсан. Хамаа намаагүй өрөөд, зарим нь нэгийг нь давхарлаад байсныгаа эмхэлж цэгцэлсэн чинь зай гарсан шүү дээ. 

3 ном их ойрхон ирчихсэн яваа юмсан. Уулзалдах зав гардаггүй ээ. 

Харизм гэдэг үгийг хэдэн жилийн өмнөөс япон хэлээр их сонсоод л байсан. Зурагтаар амжилттай яваа захирлуудыг, дарга нарыг, бизнесмэнүүдийн тухай танилцуулахдаа их хэрэглээд байсан санагдана. 

Ойрд зурагт ерөөсөө үзэхгүй байгаа болохоор сүүлийн үед ямар үг хэллэг түлхүү хэрэглэгдэж байгаа юм бүү мэд. Зурагт асаахаар л бага зулзага өөрийн дуртай хүүхэлдэйн кино, нэг бол Харри Поттер үзээд байдаг юм. Аль болох асаахгүйг хичээж байгаа. 

Уншиж эхлээд эхэндээ жаахан ойлгомжгүй ч юм шиг санагдаад. Явцын дунд хэлэх гэсэн санааг нь ойлгож эхэлсэн.

Товчхондоо бол "Бусдыг өөртөө татах чадвар"-ыг "харизм" гээд байх шиг. Нэг ёсондоо бусдыг өөртөө соронздон татах урлаг, бараг шинжлэх ухаан гэсэн байна. 

За тэгээд энэ харизм нь төрөлхийн чанар бус өөрийгөө хөгжүүлж, боловсруулж, тусгайлан дадлага хийж байж олж авдаг, өөртөө суулгадаг чадвар юм байна.

Харизмыг эзэмшихийн тулд "харилцаж буй хүндээ анхаарлаа бүрэн хандуулах, халуун дотно мэдрэмж төрүүлэх, хүчирхэг байх" гэжээ. Энэ гурван чадварыг эзэмших.

Заримдаа бид хүнтэй ярьж байхдаа анхаарлаа шал өөр зүйлд явуулчихсан байдаг даа. Тэгснээ юу билээ гэж дахин асуух, лавлах үе гардаг даа. Үүнийгээ засах ёстой юм байна шүү.

Уулзаж буй хүндээ халуун дотно мэдрэмж төрүүлэх ч мэдээж чухал тийм ээ. Хааяа уулзсан хүн нэг тийм хөндий хүйтэн сэтгэгдэл төрүүлдэг дээ. Тэгэхэд бидэнд ямар байдаг билээ дээ? Хэрэв халуун дотно мэдрэмж авч чадахгүй бол дахин уулзах юмсан гэж бодогддоггүйтэй адил та ч мөн харилцаж буй хүндээ аятайхан мэдрэмж төрүүлэхийг хичээгээрэй...

 

Хүчирхэг байх тухайд бол мэдээж ойлгомжтой тийм ээ. Өөрийн гэсэн санхүүгийн боломжтой, өөрийн гэсэн байр суурьтай, хүчтэй, ухаантай, өөрийн хүрээллийн орчиндоо тодорхой нөлөө бүхий байх. 

Зарим нэг дасгал ажлууд нь дажгүй санагдсан. Тухайн үедээ хийж үзээгүй. 

Жишээ нь: "Таны дургүйг хүргэж байсан нэг хүнийг бодоорой". 

Өө миний дургүйг нэг байтугай хүн хүргэж байсан. 

Би ч өөрөө хүний дургүйг хүргэж байх магадлалтай. Үгүйсгэхгүй. Гэхдээ санаатайгаар бол биш л гэж найднам... Хэ хэ. 

"Хоосон цаас аваад тэр хүнд хэлсэндээ харамсаж явдаг зүйлсийг бичээрэй. Заавал бичээрэй. Бичлээ гээд буруудах зүйл огт үгүй. Үзэг бал аваад заавал гараараа бичих ээ мартав аа". 

 Юу хэлж байснаа санах юм алга өө. Ямартай ч тэдгээр хүмүүсийн хэлсэн үг, хийсэн үйлдэл нь зэвүүн гэдэг нь л санаанд тод.

"Бүх бодлоо цаасан дээр буулгасны дараа захиагаа хажуудаа тавиарай".

 Ингэж цаасан дээр буулгах дасгал хийсэнгүй ээ. Нэг зав гаргаж хийхийг хичээнэ ээ.

"Тэгээд шинэ цаасан дээр нөгөө хүнээ юу гэж хариулаасай гэж хүсэж байна тэрийгээ бичээрэй. Хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээж буйгаар, таныг гомдоосон зүйлдээ уучлалт гуйж байгаагаар бичиж болно. Хийсэн үйлдлийнх нь үнэн зөвийг та шүүх шаардлагагүй. Зүгээр л үйлдлээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж буйгаар бичихэд л хангалттай. Та өөрөө төсөөлж бичиж байгаа тул юу бичих нь таны л дур". 

Яг ингэж бичвэл ч харин нэг сайхан урамтай бичих байх шүү. Хи хи. Япон маягаар миний өмнө өвдгөн дээрээ суучихаад, "догэза" буюу шалан дээр духаа хүргэж уучлал гүйж байна гэж бичих юм шүү. Ха ха. 

"Дургүй хүндээ харизмтай хандах хэрэгтэй үе гарч болно. Хүнд муу санах нь харизмд муу нөлөөтэй, бодол санаа биеийн хэлэмжид сөргөөр нөлөөлдөг гэдгийг та мэдэх байх. Сөрөг бодол тээснээр таны бие л зовно. "Хүнд муу санах нь өөрөө хор уугаад өөр нэгнийг үхэхийг хүлээхтэй адил " гэсэн мэргэн үгэнд би их дуртай". гэжээ. 

Харин ч нэг санаж явмаар үг санагдлаа. 

Учиргүй уучиллаа гэж гүйж очоод, зууралдаад байх албагүй ч сэтгэл дотроо бол тоохгүй хаях, уучлаад орхих ёстой юм байна. Хэрэгжүүлнэ ээ. 

Өнөөдөртөө ингээд өндөрлөе. Үргэлжлэл бичиж магад...

Түр баяртай, бүгдэд нь хамгийн сайн сайхныг хүсье.

2023年5月16日火曜日

Ээжүүдийн баяраар

Баярын мэнд ээ. 

5/14-нд "Ээжүүдийн өдөр" гэж болов. Эд нар "өдөр" гэдэг үг хэрэглэдэг. Яг баяр гэдэг үг хэрэглэхгүй. Ямар ч баярын өдрөө, тийм юмны өдөр, ийм юмны өдөр гээд явчихдаг. 

Тэгээд хуанли дээрээ улаанаар бичиж тэмдэглэдэг. Би ч заримдаа юуных нь өдрийг хэлж мэддэггүй, улаан өдөр, ашгүй амарна гэж баярладаг. Хо хо.

Жишээ нь "Хүүхдийн өдөр", "Ногоон өдөр", "Далайн өдөр", "Үндсэн хуулийн тэмдэглэлт өдөр" гэх мэт. 

Баяр гэдэг үг ороогүй болохоор манайхан шиг учиргүй ач холбогдол өгч баярладаггүй юм болов уу? Хэ хэ. 

Би өөрийнхөө өдрөөр юу хийв гэвэл үд болтол унтсан. Манай хэд гал тогоонд төмпөн шанага хангинуулаад л байсан. 

Бага зулзага сармис, лууван арилгаж өгсөн гэнэ. Дунд зулзага гурил зуурч өгсөн гэнэ. Босоод очсон чинь мах татчихсан сууж байсан хань ижил. 

Өглөөнөөс хойш зууралдаад иймхэн ажил амжуулсан юм уу? гэж үглэв. Миний энэ ам уу? Ха ха. 

За тэгээд эд нарыг харвал бүтэхгүй юм байна гээд л шууд л ам гар хоёр минь зэрэг хөдөлсөн. Өдөр оройн хоолоо нэг мөсөн л идлээ. Хи хи. 

Чимхэхээсээ залхуурсан. Ёстой амар, гурил жаахан нялцгай, урмыг нь бодоод магтсан. Дахин зуурч өгөөрэй гэсэн өнөөх маань өө бүтэхгүй бүтэхгүй л гэж байна лээ. 

Монголд байсан бол өдөр бүр гурил зуурч байгаа шд үр минь ээ л гэлээ. 

Жаахан оройхон тийшээ эгч, ээжээ таны өдөр биз дээ? Амттан идэхгүй юм уу? гэж шалаад. Тэгсэн ашгүй алтан хөрш минь ийм бялуу 2 хэрчмийг оруулж өгсөн. Өөрөө хийсэн, мэдээж.
Тарагтай. Надад таалагдаад, бага зулзагат бас таалагддаг. Амттай. Өмнө нь ч хэд хэдэн удаа оруулж ирсэн өгсөн болохоор бид ч амтархан идсэн. Тэгсэн чинь эгч би тийм ч дуртай биш гэж хошуугаа унжуулаад. Аав нь ойрхон дэлгүүр гарсан. 

Тэгсэн ийм жижиг бялуу аваад ирсэн. Бяслагтай нь илүү амттай байлаа. Гэснээс бид ойрд том бялуу авахгүй байгаа. Иймэрхүү жижиг бялуугаар болгоод байгаа. 

Юм үнэд ороод том бялуу нэлээд үнэтэй санагдаад, дээрээс нь таргална, сахарын хэмжээ их гэж бодоод. Нэгэнт авчихсан юм чинь идэж л таарна, тэгэхээр иймэрхүү багаханыг авбал идэх хэмжээ нь ч гэсэн бага юм даа гэж бодогдоод... 

Зөв биз дээ? Гялс хариу...
Ээж үүнээс л ахиухан идсэн. Хи хи. Жаахан эсгэлэндүү ч эрүүл гээд л. Өөрсдийн нутагтаа тариалсан. Бүр суугуул нутгийх. Түүнээс японы хаа сайгүй л тариалдаг. Орохдоо мөнгө төлж ороод хүссэн хэмжээгээрээ түүж иддэг ч газар бий. 

Нэг дор бол их идэж чаддаггүй юм билээ, хүн гэдэг чинь их сонин. Хи хи.
Дарсгүйгээр баярыг төсөөлшгүй. Монгол хүний гэм биш зан юм даа. Жавхлан юм аа, жингээ хасах гэж байж. Хэ хэ. Хажуудах хань ижил бас их уруу татах юм аа...

Гэхдээ энэ улаан дарс шимихээ эрс цөөлсөн. Мэдээж тийм их үнэтэйг нь авч ууж чадахгүй ч үе үе авдаг байсныгаа сардаа ядаж нэг болгож цөөлсөн. Зарим нэг сар бүр уухгүйг хичээж байгаа. 

Ижий аав минь сонсвол ухаан алдах байх аа, зарим нэг сар уулгүй тэсдэг гэдгийг олоод уншчихвал ч. Хэ хэ. Та нар хэлчихэв ээ. Ккк. 

Гадуур лиш цэцэг ихээр зарагдсан байх. Ойрд дэлгүүр хэсээгүй ээ. Яг таг хэрэгтэй гэснийгээ аваад л гардаг. Илүү дутуу юунд ч нүд минь явахаа больсон. Угаасаа гэрийнхээ элдэв юмсыг хараад, хийх газар олдохгүй болохоор. 

Одоо өмсдөг хэдэн хувцсаа хүртэл ад үзээд байдаг болсон. Ха ха. Ажилтай гэрийн эзэгтэй нар шиг эвхэж шүүгээнд хийхгүй, нэг газар тохож байгаад л аваад өмсчихдөг болсон. Яанам бэ? Над шиг хүн хэр олон байдаг бол? Хань татмаар байна шүү. 

За ээжүүдийн өдрөөр жинхэнэ лазантрий хөдөлсөн, ам хөдөлсөн өдөр байлаа. Ажилдаа гарч л нэг юм нийгмийн нэг гишүүн гэдгээ мэдрэх юм даа, Түүнээс ч гэрт амрахаар бүр нэг сонин болчих юм...

Хавар цагийн ядаргаа одоо илрэх гээд байна тийм үү? 

За бүр баяртай. Бүгдэд нь хамгийн сайн сайхныг хүсье.

2023年5月14日日曜日

Мөнгөний боловсрол

Энэ удаагийн ном "Мөнгөний боловсрол хэрхэн олгох вэ?" гэдэг  ном. Санаандгүй тааралдаад зээлчихсэн. 

Бага, дунд сургуулийн эцэг эхийн хурал цуглааны лекцийн их эрэлт, хэрэгцээт сэдэв гэсэн байхаар нь сонирхов. 

Бага зулзага дээрээ л туршихаас, дээд 2 нь ч одоо лөөлөө болсон байх. Хэ хэ. 

Олон зүйл нуршихгүй ээ. Шууд эхэлнэ. Аль болох бага ангийн 1-3 ангид нь мөнгөтэй харьцуулж эхлэх. 

Ингэж өгөхдөө гэрийн ажлаас туслалцвал маш бага хэмжээгээр өгөх. Жишээ нь ванн угааж өгвөл 50 иен. Хог асгаж өгвөл 10 иен гэх мэт. 

Гэрийн ямар нэг ажилд туслалцуулаад мөнгө өгөхдөө аль болох бага хэмжээнээс эхлэх.

Үүрэгт хийх ёстой ажлаа цалгардуулсан, оромдсон гэх мэт үед мөнгө өгөлгүй өнжих. Энэ нь ямарваа нэг ажлыг муу хийвэл, сэтгэлээсээ хийхгүй бол мөнгө олддоггүй байх нь гэж ухаарна. 

Ингэж гэрийн ажилд туслалцуулаад мөнгө өгөх нь хэдийгээр мөнгө авч байгаа ч гэсэн гэрийнхэндээ багахан ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулж байна гэж итгэл төрнө. 

Мөнгөтэй харьцаад ирэхээр хүүхдийн тань өмнө нь харж байгаагүй зан чанар илэрнэ. "Хөөх манай энэ ийм харамч билүү? Ийм нарийн билүү?". Эсвэл "Ийм үрэлгэн билүү?, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй нь ээ" гэх мэт ааш араншинг нь олж харна.

Энэ мэт үүрэгт ажлаа сайн бөгөөд тогтмол хийгээд ирэхэд нь сар бүр тодорхой хэмжээний гарын мөнгө өгдөг болох. Энэ үед мэдээж анги ч дэвшинэ. Мэдээж гэрийн ажлыг үргэлжлүүлэн хийлгэнэ. 

Магтахаа мартаж болохгүй. 

Гарын мөнгөө өөрөө зохицуулж хүссэн юм аа авдаг болгох. Бага байхад нь бол ээж оролцох, үе үе өөрт нь тохирсон жижиг зүйлийг даалгах. Хамгийн их хүссэн зүйлээ авах. 

Юуг ээж аав авч өгөх, юуг өөрийн мөнгөөр авах гэх мэтийг ярилцаж тохиролцох. Сар бүр өгдөг мөнгө нь гэрийнх нь санхүүгээс илүүчилж өгдөг гэдгийг сайн ойлгуулах.

Мөнгөгүй болчихлоо гээд дараа сарынхаа мөнгийг урьдчилан авах гэхэд нь өгч болохгүй. Мөнгөгүй байх үеийн мэдрэмж, яагаад мөнгөө дуусгачихав? гэж тунгаадаг болно. 

Мөн ирэх сарын мөнгө өгтөл тэснэ, тэвчинэ, ирэх сарыг хүлээнэ гэх мэтээр хүүхэд тань хөгжиж байна л гэсэн үг.

Сар бүрийн мөнгөний хэмжээгээ нэмэхийг хүсэхэд нь учир шалтгааныг сайтар асуух, өөрөөр нь тайлбарлуулах. Томроод хэрэглээ ихэссэн байж мэднэ, нэг бол юмны үнэ нэмэгдсэн ч байж магад учир. 

Ингэхдээ гол нь таныг буулгаж авах, таныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэх тайлбар тавиулах хэрэгтэй шүү. 

Хүүхэд чинь мөнгөө дэмий зүйлд үрээд дуусчихсан, тэгсэн дахин хүссэн зүйд нь гарч ирээд түүнийгээ авч чадахгүй, мөнгө нь хүрэхгүй гэж урваганаад, уйтгарлаад, шалсан ч авч өгч болохгүй, мөнгө өгч болохгүй. Нэг ёсондоо өрөвдөж болохгүй. 

Алдаж онож байж хөгжинө. Энэ сарынхаа мөнгийг дэмий зүйлд үрчихлээ дээ, хойшид мөнгөө ариг гамтай хэрэглэнэ ээ гэж боддог болно. 

Хаа нэгтээ уур хүргэсэн тохиолдолд мөнгөний хэмжээг багасгаж болно. Жишээ нь хийх ёстой ажлаа цалгардуулсан гэх мэт тохиолдолд. 

Хүссэн болгоныг нь авч өгөхгүй байх. Хүний амьдралд хүссэн болгоноо авч чадахгүй байх, хүссэн болгон нь биелэхгүй байх нь их гэдгийг ойлгуулах. 

Хүүхэд ээж аавыгаа дуурайдаг учир та өөрийн мөнгөний хэрэглээндээ, мөнгөнд хандаж буй хандлагандаа ч мөн анхаарах. Хэрэв үрэлгэн зантай бол бүр ч болгоомжтой хандах хэрэгтэй...

Эмээ өвөө нар ач зээгээ эрхлүүлэх гээд байдаг тул гэр бүлийн дүрмээ сайн тайлбарлаж ойлгуулах. Нэг дор их мөнгө өгч болохгүй гэж хэлэх. Харин төрсөн өдөр, зул сарын баяраар жинтэйхэн бэлэг өгч болно гэж хэлэх. 

Хүүхэд заримдаа ээж аавын түрийвчнээс дур мэдэн мөнгө авчих тохиолдол байдаг. Энэ үед яагаад авсныг нь асууж ярилцах. 

Найзууд нь хүссэн зүйлээ авахуулдаг байхад би чаддаггүй, манай ээж аав авч өгдөггүй гэж гомдоллох тохиолдол байдаг. Энэ үед айл бүр өөр өөрийн гэсэн орлого зарлагатай, манай гэрийн хувьд ийм ийм байдаг, ийм ийм зүйлд мөнгө зардаг, ийм хэмжээний орлоготой гэх мэтээр ярьж ойлгуулах. 

Заавал шинэ зүйл гэлтгүй зарим үед хуучин зүйл худалдаж авч, хэрэглэсэн ч болно гэж ойлгуулах. 

Хүүхэддээ амласан бол та ч гэсэн амлалтаа биелүүлж байх. Ингэснээр хүүхэд тань танд итгэж, юмаа нуулгүй ярьдаг болох. 

Юм худалдаж авч өгөхдөө тэдэн төгрөг дотор л авч өгнө шүү гэж хэмжээ тогтоох. 

Мөнгөө хэрэглэсэн талаар нь дэвтэр хөтлүүлэх. Ингэснээр мөнгөнийхөө үлдэгдлийг мэдэж, худалдаж авах зүйлээ ч дэс дараалалд оруулж, зарим нэгийг нь больж сурна. 

Хадгаламж чухал гэдгийг хэлж ойлгуулах. Өөрийнх нь мөнгөнөөс тодорхой хэмжээг нь данс нээж хадгалах. Амьдралд юу ч тохиолдож болно гэдгийг хэлж ойлгуулах. Тэр үед хэнээс гуйлгүй өөрсдөө яаж ийгээд хадгаламжаараа төлөх хэрэг гардгийг ойлгуулах. 

Ирээдүйд нь мөнгө нэлээд хэмжээгээр хэрэг болох тухай, мөрөөдлөө биелүүлэхэд ч мөнгө тодорхой хэмжээгээр хэрэг болдог тухай ярилцаж, дэмжих.

Мөнгөнд талархаж сургах. 1 төгрөг байсан ч хүндэтгэлтэйгээр, талархаж хандахыг хэлж ойлгуулах. 

Гэх мэтээр бичжээ. Комик хэлбэрээр бас хөөрхөн ээж хүү, ээж охин, ээж аав хүүхэд, үе үе эмээ өвөө гарч ирнэ. Хэ хэ. Зохиолч нь Такэя Кимико. 2012.4.20-нд хэвлэгдэж гарсан ном. 

Өөрийнхөө мөнгөнд хандах хандлагыг нэг тунгаан бодлоо. Нэлээд хэмнэлттэй талдаа. Үрэлгэн зан нь гайгүй. Гэхдээ мэдээж үе үе доргино. Хэ хэ. Хадгалах хэрэгтэй гэж үглэдэг талдаа. Хэ хэ. 

О. зулзагадаа ахлах ангид ороход нь өгдөг болсон. Гэхдээ сар бүр тогтсон мөнгө ч бас биш юм байна. Хэрэгтэй үедээ хэлээд авдаг байсан. Одоо ганцаараа бие дааж амьдраад, залуу ч байна, үрэлгэн талдаа санагдсан. Ккк. 

Дунд зулзагын мөнгө овоо болсон. Жаахныг аваад бусдыг нь ээж хадгалдаг. Дансанд бол хийгээгүй л байна. Ээж ч авахгүйг хичээдэг. Заримдаа бэлэн мөнгө хэрэг болоод нууцаар авчихаад, маргааш нь гялс буцааж хийдэг. Хи хи. 

Бага зулзага одоогоор мэдэж юм алга, үлэг гүрвэл авахуулна, ээжид мөнгө байхгүй бол эмээ өвөөгөөс асууя гэдпэг. Хэ хэ. Азаар өнөөдүүл нь хол, дээрээс нь ханшны зөрүүтэй тул тэтгэврийн насны 2 хөгшинд ахдана. Ганц нэг хүмүүсийн өгсөн мөнгийг нь хадгалахыг хичээдэг. Төрөхөд нь өгсөн мөнгийг үрчихсэн. Жавхлан юм дөө. Одооноос хадгална аа яс.

За тэгээд хичээгээрэй, ижий аав, эмээ өвөө нар минь. Манай монгол хүүхдүүд харьцангуй гайгүй байх өө, хэт тансагуудыг эс тооцвол...

Түр баяртай, бүгдэд нь мөнгө, эрүүл энх, аз жаргал гээд бүхнийг хүсье.

2023年5月13日土曜日

Баярын амттан

Алтан долоо хоногоор мэдээж идсэн уусан. Гэхдээ насан багынх шигээ хамаа намаагүй ууж идээгүй ээ. Нас намбандаа байсан. Бас ч гэж танагтай. Хэ хэ. 

Суугуул нутгийн амттан. Baumkuchen. Амттай. Бид амаа олохгүй идсэн. Хи хи. Найзын бэлэг. 

Орцонд нь хэрэглэдэг өндөг нь нэлээд өндөр зэрэглэлийн чанартай өндөг ашигладаг гэдгээрээ алдартай газар. Баяраар дахиж очилтгүй, энгийн үед ч дараалал ихтэй газар чинь баярын өдөр бүр ч их хүнтэй байсан гэсэн. 
Окаяма мужийн бэлэг. Найз ахын охины бэлэг. Дараа заавал манайхаар ирээрэй. Хүлээж байя. 

Бид 2 талаас хөдөө өвөөгийндөө цугласан юм. 
Ийм олон ширхэгтэй. Би ч аль болох цөөхнийг идэх гэж оролдсон. Хэ хэ. Ёстой гоё амттай юм билээ. Дунд зулзага бүр өөрийнхийгөө нуугаад байсан, дүүгээсээ.

Манайд ирсэн агаа нарыг дайлсан. Учир нь олуулаа идвэл биед минь өөх болж хуримтлагдах нь цөөн юм даа тийм ээ. Хо хо.  
Энэ Кобэ хотын амттан. Гаднах цаасных нь зургийг дарж амжаагүй, хүмүүс задлаад хаячихсан байсан, цаасыг нь. 

Уулынханд өгсөн бэлэгнээс би амссан хэрэг. 
Бас л Окаяма мужийнх. Гаднах савлагааг нь дарж амжаагүй. Бас л хүмүүс задлаад цаасыг нь хаячихсан. Би эрийнхээ сайнд нэгийг олж идэв. Хэ хэ. 
Доторх нь ийм. Боргол уунгаа идсэн. Амттай байсан. 

Ямартай ч өмнө нь амсаж үзээгүй амттангаа сонин болгож амсдаг. Түүнээс сүүлийн үед уншсан номнуудын заалтаар бол амттангаа багасгах. Багасгаж байгаа л даа. 

Өөр газар нутгийн амттан гэхээр тэсэлгүй ганц хоёрыг идчихээд байгаа л болохоос. 

Дурсаж байхаар сүүлд, ингэж зураг хөрөг оруулдаг юм шүү. Ойлгоорой, мөн сонирхолгүй бол алгасаарай. Харин амттан хийдэг улс санаа аваарай. Хи хи. 

Түр баяртай, бүгдэд нь хамгийн сайн сайхныг хүсье. 

2023年5月12日金曜日

Цусны эргэлтээр бүхнийг зохицуулна

Зээ, ээлжит номоо уншаад дуусгалаа. Багаар болов ч уншаад л байна. 

Энэхүү номыг угтаа эх хэлээр нь уншина гээд жилийн өмнө авчихсан. Сөхөөгүй л болохоос. Зулзагуудаа унших байх гэж бас бодсон. Одоохондоо юун ном байна. Маш их ядарч байх шиг...
Сая хавар авсан 8 номны ихэнх нь эрүүл мэндийн холбогдолтой гэсэн дээ. Энэ 2 дахь нь. Эхнийх нь мацгийн тухай, япон номны орчуулга байсан даа. Энэ мөн л япон эмчийн бичсэн ном...

Хориэ Акиёши. Уламжлалт анагаах ухаанаар дагнасан. Мэдээж олон зүйлийг мэдэж авсан. 

Баахан л цаас нааж, тодруулж уншсан. Одоо гол нь амьдралдаа хэрэгжүүлэх...

Нэг номноос ядаж нэг зүйл хэрэгжүүлчих санаатай. Энэ удаад мисо шөлөө хийж идэж байна, залхууралгүй. Нэг хэсэг ном уншиж байна, жаахан завгүй байна, ядраад байна гээд гал тогооны ажил үнэндээ л муу явагдсан. 

Номоо унших явцдаа мисо шөл тун чиг дажгүй хоолны төрөлд орно, цэвэршилтийн үед их сайн гэсэн байхаар нь цэвэрших арай болоогүй ч ерөөсөө залхууралгүй мисо шөлөө хийж ууж идэж байх минь гэж шийдэв. 

Мөн өдөр бүр натто идэж байгаа. Заримдаа дууссаныг нь анзааралгүй ганц нэг өдөр өнжчихдөг...

За тэгээд эмэгтэйчүүд ямартай ч нэг уншсан байхад тун зүгээр. Цус багадалт, цусны эргэлт, цусаан төлжүүлэх гээд олон зүйл мэдэж авна шүү. Цаашлаад хооллолт, дасгал хөдөлгөөн, нойр, ходоод гэдэс гээд бүхий л эрхтний онцлог, түүн дотроо эмэгтэйчүүд бидний "цусан далай" гэгддэг эрхтэн умайн тухай, сарын тэмдгийн тухай, түүний зовиураас хэрхэн салах тухай гээд л урсаж өгнө. 

Энэ зураг бол ётсой нөгөө нэг онц сурлагатны дэвтэр шиг байна уу? Хэ хэ. Хэрэгжүүлж буй зүйл одоохондоо ховор ч, бага сага зүйл дээр, ганц нэгээр нь хэвшил болгохгүй бол. 

Нэг дор бүгдийг нь хэрэгжүүлдэг баатар болох гэж зүтгээд, чадахгүй, амжихгүй болохоороо эсрэгээрээ бухимдаж, сэтгэл санаагаа дордуулчих гээд... "Чөтгөрийн тойрог"...

Цус багадалттай нь гарцаагүй тул цус төлжүүлэх тал дээр арга хэмжээ авах хэрэгтэй юм байна. 

Дараагаар нь цусны эргэлтээ сайжруулах ёстой юм байна. 

Энэ талаар маш дэлгэрэнгүй тайлбарлаж, дээрх асуудлуудас гарах аргачлалыг нь бичсэн байсан тул олж уншина биз дээ. Нэг зүйлийн талаар бичих гэхээр л нөгөөг нь бичих болчихоод дуусахгүй бололтой. Ингэсгээд өндөрлөе...

Суугаа ажил хийдэг тул 00 орохдоо бага зэрэг дасгал хийдэг болсон. 50 минут тутамд босож, нурууныхаа чилээг гаргадаг болсон. Оройн хоолоо үе үе алгасдаг болсон. 

Гэснээс энэ номонд ч өлсөх тухай, хаа нэгтээ оройн хоолоо алгасаж байх тухай гардаг. Цадталаа идэхгүй байх чухал... Мөн л амттаны хэрэглээгээ багасгах тухай бичигдсэн...

Ямартай ч би олон олон монгол номныхоо нэгийг нь уншсан шүү гэж санаж байх зорилготой зураг оруулав. Хэ хэ.

Түр баяртай бүгдэд нь хамгийн сайн сайхныг хүсье.

2023年5月9日火曜日

Хөдөөний амт

Хөдөө яваад ирсэн гэсэн дээ. Хөдөөний амт цаанаа л нэг тансаг, аюулгүй. Амаа олохгүй л иднэ. Энэ юу вэ? Үүнийг юугаар хийсэн бэ? Яаж хийдэг вэ? гэж асууж ирээд л иднэ. 

Өөрөө хийчихдэг ч юм шиг... Хааяа л онгод бууж ирвэл хийх гэж оролдоно. Бүтэлгүйтнэ, болино. Хэ хэ.

Хар шош? Үүнийгээ нэг их нялуун амттай чанадаг юм. Энэ удаад надад тааруулаад давстай чанасан байна лээ. Намайгаа нялуун, хэт чихэрлэг юманд дургүйг мэдчихнэ ээ, хөөрхөн.

Амтат төмс. Тугалган цаасанд ороогоод, галд шардаг. Би бол ингэж шарж мэддэггүй, тэгээд ч тугалган цаас худалдаж авахаасаа нарийлаад. Ккк. Нимгэн хэрчээд хайруулын тавганд шараад, бага зэрэг давс цацаад иддэгийг байнгын уншигчид минь мэдэх байх, тийм ээ? 

Ингээд олныг шараад тавьчихсан байхаар нь амтархан идсэн. Зөөлөн, чихэрлэг амт нь анхандаа нялуун санагддаг байсан бол одоо овоо дасаад тэр байх, идчихдэг болсон байна лээ. 

Зэрлэг гахайн мах. Яг юуных нь хэсэг гэчихэв ээ? Гэснээс зэрлэг гахайн элэг зүрх бөөр, засааг нь хүртэл иддэг, энд ирэхээрээ. Би тэр засааг харин яагаад ч юм дурлаж идэхгүй байгаа. 

Амсаж үзсэн, амтыг нь мартчихаж... 

Үүнд бас дуртай. Даршилсан цагаан лууван. Өөрөө даршилж мэдэхгүй ч авч идэх дуртай. Цагаан лууванг ихэвчлэн шөлтэй хоолондоо хийчихдэг. Гэснээс ногоо цагаа их үнэтэй болж байна өө. 

Монголд хөдөөд өрөм ааруул, тараг айраг гээд бас л тансаг амт тийм ээ? 

Түр баяртай, бүгдэд нь хамгийн сайн сайхныг хүсье.

2023年5月8日月曜日

Дарс

4 сарын сүүлийн хагас бүтэн сайнаар бид танил ах, охидтой нь, тэдний гэр бүлтэй гээд 10 хэдүүлээ зугаалав. Жаахан маамаа нар зугаатай байсан. Шуугилдаад, уйлалдаад... Хэ хэ. 

Сүүлийн хэдэн жил яваагүй дарсны үйлдвэрээр оров. Үнэгүй амталгаа нь ийм савалгаатай болжээ. Өмнө нь том хувингаас шанагадаж уудаг байлаа. Хэ хэ. Хөөрхөн бяцхан шанага шүү...

Жолоо барьж явсан тул дуртай дарсаа амталсангүй. Ундаа л уув. 

За энэ ундаа. Бас л хувингаас шанагаддаг байсан бол ийм торхтой болжээ. Хүүхдүүд өөрсдөө уухад их боломжийн, гар нь хүрээд, их л дуртай уусан. Тэр бүр ундаа уудаггүй хүүхдүүд минь дуртай нь аргагүй уусан. 

Нэг удаадаа юм даа гэж бодов. Тэгээд ч хүмүүсээр далимдуулаад уугаад, идээд байдаг л даа, энэ зулзагууд. 

Уулынхаа хэдтэй ч уулзаагүй удсан тул, хөгжилдөв нэг оройг. Би ч дуртай дарсаа уусан. Хүмүүс элдэв л юм хольж хутгаад уусан байх. Хи хи. Бүсгүйчүүд бол угтаа нэг их уугаагүй л дээ...

Шиманэ мужийн Изүмо хотод байдаг виноны үйлдвэр. Хажууханд нь алдартай сүм байдаг. Түүгээр орох далимдаа, уух дуртай улс яахав дайраад гарсан хэрэг. Хи хи. 

Мөн баруун хэдэн мужийн амттан идсэн шиг л амарлаа. Маргаашнаас ажил эхлэнэ. Нэг жигдрэх байгаа. 

Түр баяртай. Бүгдэд нь хамгийн сайн сайхныг хүсье.

2023年5月7日日曜日

Ааруул

Ойрхон ойрхон ааруул аваад гоё байлаа, хэд хоног. Суурин дээр нь л дуусгачихдаг болохоос. Хэ хэ. 

Ийм ууттай ааруул. Амт нь чихэрлэг, зөөлөн. Гол нь гурилны хольцгүй. Гурил хольсон ааруул чинь ёстой муухай юм билээ. Аманд зунгааралдаад, бутрахгүй, хайлахгүй, шүдэнд наалдаад л... 

Би сүүлдээ амнаасаа гаргаж хаясан. Нууцаар л даа. Ёстой баба юм билээ шүү. Уламжлал, үндэсний үйлдвэрлэл гэж ярих дуртай байж, аарууландаа гурил битгий холио, манайхаан. Хүнээсээ их малтайгаа гайхдаг биз дээ? 

Дунд зулзага их таалсан. Ихэнхийг нь идсэн. Би угтаа чихэргүй, гашуун аарууланд дуртай л даа. Зулзагууд гашуунд нь нэг их дурлахгүй л байна. 

Корона гээд ааруул тасарсан 2 жил бага зулзага ааруулны амтыг мартаад, одоо ярвайгаад байна. Аминдаа л ааруул иддэг болгочих гээд...

Цагаан идээгээ энэ мэт борлуулаад байгаа нь сайхан байна өө. Жаахан үнэтэй гэж байсан. Гашуун ааруул бол бүр ч үнэтэй гэсэн байх шүү. Чихэр ч бага хольсон нь дээр дээ, бидэнд чихэр ихдээд байна, өөрийн мэдэлгүй л гэж уншаад сүүлийн хэдэн номноос...

Ааруул бэлэглэсэн найз ах эгч 2тоо баярлалаа. Дахин дахин өгөөрэй. Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь хамгийн сайн сайхныг хүсье. 

2023年5月3日水曜日

Цаасан аяга

Энд тэнд явахдаа боргол авч ууна аа. Нэг зүйл нь таалагдана аа. Хэ хэ. 

Нэг удаагийн цаасан аяга. Зураг хөрөг нь, мөн гарт баригдаж байгаа тэр мэдрэмж. Цаанаа л нэг тийм тааламжтай. Яагаад гэдгийг хэлж мэдэхгүй...

Виноны үйлдвэрийн гаднаас авч уусан. Дайлуулсан юм байна. Олуулаа явсан. Жаахан зулзагууд бужигналдаад зугаатай харагдаж байна лээ.

Хурдны зам дагуух түр буудаллах газраас авч уусан. Бас л дайлуулсан юм байна. Хэ хэ. Дайлуулах гоё тийм ээ. Дайлах ч гоё.

Нэг арга хэмжээнд зулзагуудаа дагуулж явсан. Бага зулзага хажууд нэг иймэрхү юм хийгээд л хүлээсэн. Оригами цаасаар хийснийг нь би нугалж өгсөн шүү. Одоогоор нугалж чадахгүй, ингэж...

Энэ цаасан аягануудыг уух явцдаа тойруулж харна. Хөөрхөн юм бэ гэж бодно. Хи хи. 

Заримдаа хаяж чадахгүй авч хариад, хэсэг машиндаа байлгана. Хогийн сав болгож. Зулзагуудын идэж уусан юмны цаас, нусаа арчсан цаас гэх мэтийг чихэж байгаад л дүүрэхээр нь.

Заримдаа угааж байгаад арай өөр зүйл хийж хэсэг байлгаж байгаад, гэнэт минималист онгод бууж ирэхээр хаяна. Ккк.

Гэснээс би минималист болох гэж боддог ч хэрэгжүүлж чадахгүй байна. Яавал дээр вэ? Гаргалгаа хайсаар...

Түр баяртай. Бүгдэд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

2023年5月2日火曜日

Тэрэлж цэцэг 2

5 дугаар сарын мэнд ээ. Гялс байна шүү. Шинэ сарынхаа бичвэрийг тэрэлж цэцгийн зургаар эхэлнэ ээ. Хагас, бүтэн сайнд уул явчихаад ирлээ. 

Замдаа элдэв зураг дарсаар...

Цагаан өнгө тансаг харагддаг юм билээ. 

Хурдны замд байрладаг түр амралтын зогсоол дээрх цэцэг. Жуулчдын нүдийг баясгаад л, тэнд түр буудалласан хүмүүс цэцэг хуар харангаа цай авч ууна, юм авч иднэ. 

Тухайн газарт хөөрхөн орлого оруулна...

Цагаан өнгө доторх ганц нэг ягаан өнгө. Энэ буудалласан газар нь нэлээд өндөрлөгт байрладаг. Цаана нь япон тэнгис цэлийж харагдана.

Зулзагатайгаа хорхой хайж явахдаа дарсан. Хорхой шавжинд дурладаг болж л байна. Аалзанд дургүй, хазуулчихвал аалз хүн болчихно гэж айгаад байх шиг. Саяхан киног нь үзсэн юм. Эгдүүтэй...

Ягаан өнгө бас хөөрхөн. Охид томроод ягаан өнгийг нэг их тоохоо болсон. Гэрт ч ягаан өнгө ховор болжээ. Хэ хэ.

Эмэгтэйлэг чанараа алдаж болохгүй шүү гэж хэлэх юм шүү. Дунд зулзага нэлээд эршүүд талдаа. О.зулзага эмэгтэйлэг...

За тэр цаана япон тэнгис нэг их сайн харагдахгүй л байх шиг. Дараа явахдаа тэнгистэй нь хамт зураг дарахыг хичээнэ ээ. Энэ удаад цэцгэнд хамаг анхаарал татагдаж.

Мөн энэ тэрэлж цэцэг арчилж ургуулахад хэцүү, ааштай цэцэг байна лээ гэж дүү бүсгүй хэлсэн. Хэ хэ.

Эх орон минь дулаарахгүй байна гэсэн тийм ээ? Хүүхдийн баяраар заримдаа цас ордог биз дээ, Тэгэхээр мөдгүй байх өө дулаарах нь...

Түр баяртай. Бүгдэд нь хамгийн сайн сайхныг хүсье.

2023年4月29日土曜日

Зугаалга

Корона гайхал багасаад, элдэв хориг тавигдаад эхэлсэн. Сургууль цэцэрлэгийн арга хэмжээ ч цаг сайхан үеийнхтэйгээ адилаар зохион байгуулагдаж эхлэх гээд л байна. 

Цэцэрлэгийн зугаалга болоод. Үдээс өмнө 2хон цаг нэг цэцэрлэгт хүрээлэнд очиж жаал алхаж байгаад ирлээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн нэр "Учралын ой". 

Гэснээс учрал гэж сонсохоор өнөөх дуулиант УИХын гишүүн бодогдоод болдоггүй. Ха ха.Гайхлыг чинь маниас хөгшин, нас намбатай байх ёстой доо гэж бодсон бацаан байдаг юм даа. Тэгээд хэлсэн ярьсныг нь сонсохоор заримдаа ичээд байдаг юм. Ха ха. 

Далийчихлаа, уучлаарай.

Үлэг гүрвэлэнд дуртай хүний сав ийм байхаас яахав, тийм ээ? 

Хажуугийнх нь монголоос ирсэн. Хүний үгэнд ордоггүй, өгнө гэснээ л өгчихдөг нэг хүн бий. Хо хо. Эндээс хэрэгтэй юмаа хэлж захиад ч хэрэггүй, тэс өмнөө л юм ирдэг. Тийм болохоор юу ч хэрэггүй ээ гэж хэлдэг ч энэ мэт зүйлс ирнэ ээ. Хаяж болохгүй тул, нэг ээлжинд хэрэглэж байна...

Муурын байшин шиг. Доторх нь бас налуу. Орохоор хазайгаад уначих гээд эвгүй. Багачуудын шаагиж байгааг. Бие биенээ харахаараа онгирохыг нь яана. Хөл толгойгүй л шаагиж байсан.

Төгсгөл хэсэгт ийм нохой нугалж наасан. Нэг хорхой нугалж болно гэсэн. Хэцүү санагдаад больчихсон. Энэ нохой чинь харин маш амархан. Нугалах аргыг нь хэвлэж гаргаад, наачихсан байсан.

Нэлээд өгсүүр замаар явж байснаа замд ийм цагиргатай таарна. Үүнийг цэцэрлэгээс бэлдсэн. Түүнээс цэцэрлэгт хүрээлэнд ийм цагираг байхгүй. Нэг багш зогсчихсон. За үүгээр үсэрч явна шүү гээд л хянана. Хи хи.

Хоёр эгнээ. Нэг эгнээгээр нь ээж аавууд, нөгөөхөөр нь хүүхдүүд нь үсэрч алхана. 

Багад чиртаа тоглодог байсан шиг л үсэрч дэвхцэнэ гэсэн үг. Өгсүүр замаар алхаж, амьсгаадаж очсоноо үсэрсэн чинь бараг чадахгүй байсан. Нас явж байна гэсэн үг үү? Хэ хэ.

Ээж үдээс хойш ажилтай тул,төгсгөл хэсэгт нь солигдоод, аав ийм бэнто бэлдэж ирээд, хамтдаа идчихээд, үдээс хойш албанд нь хүргэж өгсөн. Ногоон, улаан өнгө гэж алаглаагүй. Хэ хэ. Гэртээ тэр бүр ногоо идэж өгдөггүй тул албаар бэлдээгүй гэсэн.

3 жил завсарласан арга хэмжээ цомхон, гэхдээ часхийсэн агуулгатай зохион байгуулагдсан.

Өмнө нь бөөнөөрөө том автобус хөлслөөд, хамтдаа суугаад л явдаг байсныг энэ удаад өөрсдийн унаагаар шууд явж очсон. Нэг бодлын автобусны мөнгө гэж төлөхгүй сайн талтай ч багачууд тэр бүр суудаггүй том оврын автобусанд сууж хөөрч баясаагүй гэсэн сул талтай.

Ирэх жилээс уламжлалт зохион байгуулалтандаа орох байгаа. Мөнгө хэмнэх гэж улайралгүй, нэг аятайхан дурсамж үлдээсэй гэж бодов. Төгсөхөөс өмнө. Ирэх жил цэцэрлэгийн төгсөх анги гэж бодсон чинь цаг хугацаа чинь харвасан сум шиг л өнгөрч байна шүү...

Түр баяртай. Бүгдэд нь бүхий л сайн сайхныг хүсье.