2022年11月30日水曜日

Урлагийн үзлэг

Дунд зулзагын урлагийн үзлэг болоод өндөрлөв. Нэг гэрээс хоёр л хүн очиж үзнэ. Бага зулзагаа үдээс өмнө албанд нь өгсөн. Хагас сайнд хагас өдөр өгөхөд бичиг сачиг гэхгүй амар. Харин бүтэн өдөр харуулахаар бол хотын захиргаанд бичиг өгдөг. 

Ийм ийм учир шалтгааны улмаас, хагас сайнд хүүхдийг минь цэцэрлэгт харж өгөөч ээ гэж. Барагтаа хагас сайнд өгдөггүй ч, яалт ч үгүй хувьсгалын ажилтай үед жилдээ тоотойхон л өгдөг.

Энэ яагаав? Гар хөлөө зэрэг өргөж байгаад, шалгараад дардаг төгөлдөр хуур нь. Хэ хэ. Нэг хэсэг сайн нүдсэн, гэртээ. Төгөлдөр хуурын дугуйлангийн багш ч сонсчихоод, санаачлагаараа нэмэлт хичээл орж давтуулсан. 

Нэмэлт төлбөр нэхээгүй, сэтгэл сайхан багш. Би дараагаар амттай боргол авч өгнө гэж бодож байгаа, талархсан сэтгэлээ илэрхийлж. Мэдээж үгээр бол байнга л "баярлалаа" гэж хэлнэ л дээ. 
Төгсөх ангийхан тамирынхаа зааланд хийсэн. Гэхдээ өмнө нь хэд дүгээр анги билээ? бас зааланд хийсэн. Бусад ангиуд анги ангидаа л тайлангаа хийсэн. 

Цаг сайхан үед бөөнөөрөө л энэ тамирынхаа зааланд хийчихдэг, ээж аавууд аятайхан газар суух гээд эртээ гэгч нь ирчихээд, бусад ангийнхны тоглолтыг ч үзчихдэг байсан. Хэ хэ. 

Цар тахлаас болоод цомхон тэмдэглэж сурч байна, эд нар. Эцэг эх бидэнд ч бас их амар санагдаад байгаа. Надад шүү дээ. Бусдад ямар санагдаж байгааг хэлж мэдэхгүй л байна. 
Заалныхаа үүдэн хэсэгт нэг иймэрхүү цаасан хайчилбар наагаад л болчисон. Сүртэй чимэглэл энэ тэр байсангүй. Би ч таалж байгаа. Улсын мөнгийг дэмий зүйлд үрэхгүй. 

Эцэг эхээс элдэв татаас авахгүй. Юмны үнэ өсөөд байгаа одоо цагт бол их л зөв хөдлөөд байх шиг, эд нар. Хэмнэлт, хэмнэлт...

Энэ хагас сайнд бага зулзагын урлагийн үзлэг. Хэрхэн оролцохыг бурхан л мэдэх байх даа. Хэ хэ. Өмнөх жилүүдийнхээр бол ч, бас л инээдтэй шүү дээ. Хи хи. 

Ээж аав нь очиж үзнэ шүү дээ, дуулж бүжиглээрэй дээ л гэж гуйсан хүмүүс, гэрээр. Өнөөх нь нэг л их зантай хүн энд байлдаж тоглоод л...

За түр баяртай, бороотой жиндүү хүйтэн өдөр байна, өнөөдөр. Өвөл айсуй...

Бүгдэд нь амжилт хүсье.

2022年11月27日日曜日

Бизнес санаа

Нүүрномдоо бизнес санаа гэж цуврал оруулаад байгаа шүү. Хо хо. 

Японд муж болгон, цаашлаад сум болгон өөрийн гэсэн нэрийн бараа бүтээгдэхүүнтэй, үйлчилгээтэй. Яагаав, манайхны Булганы айраг гэдэг шиг. 

Японд амьдардаг хүмүүс мэднэ дээ, Хирошима мужийг. Хирошима муж нь ийм навчин хэлбэртэй амттанаараа алдартай. "Момижи" буюу агч мод элбэг ургадаг байх. Яг таг сайн мэдэхгүй байна. 

Ямартай ч их авчирдаг. Дотроо вандуйны нухаштай. Сүүлийн үед энэ вандуйны нухшийг нь гич болон шоколат зэргээр орлуулдаг болсон. Дотроо гурван янзын амттайгаар гардаг болсон байна билээ. 
 
За тэгээд япон л болсон хойно гаднах цаас, савлагаа зэрэг нь тансаг өө тансаг. Хайрцгийг нь хадгалаад жижиг сажиг зүйлсээ хийдэг байсан нэг хэсэг. Харин сүүлийн үед хаяж сураад байгаа. Хайрцаг л байвал яаж ийгээд сонин сонин юмаар дүүрчихээд. Хэ хэ.

Дотроо ийм цаастай бас. Олон ширхэг. Ажлынханд тараачихаад, гэнэт санаж зураг дарсан. Өөртөө нэгийг авсан, мэдээж. 

Энэ зүгээр л дарсан зураг. Түүнээс би идээгүй. Аминдаа амттанаа багасгах санаатай. Эрс багассан л даа. Гэртээ авч ирээд байгаа, ажил дээр тараагдсан амттаныг. 

Бас энэ аягаа солих санаатай. Энэ аяганы зурган дээрх баавгай шиг болчих гээд байна гэж гэнэт ухаараад. Далдын хүчний гайхамшиг...

Яг амттан өөрийх нь дүрс ийм шүү. Энэ амттантайгаа уулзах гэж баахан цаас, хайрцаг, цаас задалж байж уулзана. Хэ хэ. 

Үүнийг дунд зулзага идсэн. Хо хо. Гэснээс энэ нөхөр амттан идэх "донтой" санагдаад, сүүлийн үед. Загнаад л, гэртээ аль болох амттан авахгүй байгаа. 

Хүмүүсийн өгсөн амттанг л иднэ. Ха ха. Гэхдээ зочин ирэхээр амттан авч тавгийн идээ засдаг шүү. Гэхдээ хатуу чихэр авдаггүй. Өөрийн дуртай шоколатаа авдаг. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2022年11月25日金曜日

Хөршийн холбоо

Хөршийн холбоо минь бат бөх амьтайгаар оршиж байна. Хонх дарахаар нь өөрийн эрхгүй "хэн байна" гэж хардаг болчихсон. Хэ хэ.

Зулзагууд хүртэл тэр сан байна гэж шаагилдана. Хо хо. 

Илжгэн чих. Саяхан бөөрөнхий хэлбэртэйг оруулж өгсөн. Зургийг нь дарж амжилгүй идэж дуусгав. Хамгийн азтай нь би л ганцаараа иддэг. Бусад гишүүд тоохгүй юм. Сонирхолтой. Дургүй бололтой. Хэ хэ. 
Яг энэ хэлбэртэйгээр орж ирсэн. Талыг нь яачихаа вэ? гэж асуултай нь биш тийм ээ? "Зэрэг нэмэхийн өмнөх" кинонд гардаг шиг л. Гэхдээ л амттай байсан. 

Би наргиан болгож бичиж байгааг минь уншигч олон минь ойлгож байгаа биз дээ? Түүнээс юу боллоо гэж тэгж шуналтахав дээ. Харин ч бидэнд илүүчлээд байгаад нь талархаж явдаг. 
Үүнийг би идэхгүй, зулзагууд дуртай иднэ. Доторх жимс нь ямар жимс бол гэж ирээд л. Гүзээлзгэнэтэй бол бөөн баяр болдог. Гадил, киви гэх мэт жимс байвал дурамжхан загначихна аа бас. 

Бодно оо, "Одооны энэ хүүхдүүд цамаан" гэж ирээд л. Үгээ залгичихдаг л болохоос. Хэ хэ. 

Гадаадад байдаг түмэн минь сайхан хөрштэй болбол алдаж болдоггүй юм шүү. Хо хо. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2022年11月24日木曜日

Будна чиг, зурна чиг

Карантийнд байгаа бид идээд л, уугаад л, унтаад л сайхан байна өө. Хэ хэ. 

Бага зулзагыг л саатуулах гэж хамаг эрдмээ барж байгаа шүү. Тавиур болгочихсон байсан хэдэн монгол үлгэрийн номнууд, зурагт номнууд аминд орж байна ашгүй.

Шинэ соргог байх шиг байна. Бүстэй хүүхэд чинь цаанаа л шал өөр ертөнц юм өө. Зурагт номны араатан амьтны архирсан хэсэгт их дуртай. 

"Аррррр, Харррррррррр", "Хав хав" гэх мэт үгсийг л хэлүүлж, яг дуурайж жүжиглэхийг хүсээд, шаардаад  байх юм. 

Зураг зурахдаа бас хөөрхөн төвлөрөөд сатаардаг. Буддаг ном, буддаг цаас бас аминд орж байна. 
Нэг иймэрхүү л будаж байна. Нэг өнгөөр дагнаж будахдаа ихэд дуртай. Сонин байна уу? Дунд зулзага бас ингэж буддаг байсан. 
Энэ удаагийнх нь нэг ийм өнгө. Сонирхолтой санагдаад. 

Дээрх хоёр зургийг цэцэрлэгтээ будсан гээд барьж ирсэн. Багш нар нь юу ч хэлэлгүй, ингээд л будуулдаг, сүрхий юм өө. Гэтэл бид...
Үүнийг гэртээ зурсан. Бид хажуунаас нь элдвээр үглэдэг болох нь тодорхой байна уу? 

"Нэг л өнгөөр будаад байвал гарахаа байчихна шүү дээ", "Ийм ч өнгө нь гоё юм биш үү?" гэх мэтээр үглээд, яаж ийгээд л өнгө алаглуулчихдаг байх нь гэж өөрийгөө зэмлэсэн. 

Дараа хажуугаас нь чимээгүй л хараад суух юм шүү гэж бодон бодон өнөөдрийн бичлэгийг бичин сууна. 

Зулзагуудтай уншигчдадаа өндөр амжилт хүсье. Түр баяртай. Маргааш уулзъя. 

2022年11月23日水曜日

Хэзээ нэгэн цагт

Ко тусах нь цаг хугацааны асуудал болчихоод байсан дөө. Гэрт ко гарсан. Хэ хэ. Одоогоор гэртээ эмчлүүлж, ойрын хавьтлууд нь бас гэртээ 5 хоног биеийн байдлаа харзнаж карантийлна. 

Ойрд угаасаа суугуул хотод их гарч байна. Энэ баасан гарагт бага сургууль явах ажил цуцлагдав. Жил бүр намайгаа нэр цохон дууддаг сургууль байсан юмсан. Ёстой харамсалтай юм боллоо. Ирэх жил даагаа нэхээд, явна даа. 

Харин бүтэн сайнд болох нэг арга хэмжээнд явж магад. Карантины хугацаа ч дуусах юм билээ. Гол нь тэр хүртэл ойрын хавьтлын гишүүд бүгд зүгээр байх болтугай гэж залбирах. 

Бүтэн сайнаас эхэлж шинж тэмдэг илэрсэн. Одоогоор халуун буурч, толгой ангалзах нь гайгүй болсон. Цэр гарах, гэдэс бага зэрэг эвгүйрхэх, хоолны дуршил жаахан муу гэх мэт шинж тэмдгүүд илэрч байна. 

Эм ууж байгаа, өндөр халуураад, өвдөлт ихтэй байвал уугаарай гэж халууны эм өгсөн. Нэгийг нь уусан. Гайгүй байхаар нь уугаагүй, халууныг бол шингэн юм сайн ууж буулгах гэсэн. 

Өрөөнөөсөө гарахдаа амны хаалтгүй гарч ирэх, шингэн юм олигтой ууж өгөхгүй байх зэргээр уурыг минь бага зэрэг хүргэж байгаа ч, өдий зэрэгтэй хөнгөн тусч байгаад нь бас ч гэж талархаад сууж байна өө. 

Ер нь бол бүх зүйлд талархаж сур чи гэж өөртөө хэлдэг болсон. Хэ хэ. 

Утсандаа апп суулгаад, өдөр бүр бөглөнө. Халуунаа, шинж тэмдэг зэргийг. 

Ирэх нэгдэхээс ажил албандаа. Гэнэт олдсон амралт буюу карантин чинь ёстой сонин юм байна. Хийцгүйрэх гэхэд хийцгүйрээгүй, орж гарч болохгүй, өглөө аажуу уужуу босно. 

Өдөржингөө л гал тогоог эзэгнэнэ. Өдөр юу идэх үү? Орой юу идэх үү? Одоо бол ядраад эхэлсэн. Бушуухан шиг ажил албандаа явмаар байна. Гадаах агаар амьсгалмаар байна. Хо хо. 

Бага зулзагатайгаа нэг ном уншина, нэг мөөмдөнө, нэг байлдаж тоглоно, нэг тэврэлдэнэ, нэг муудалцана, нэг загнуулна. Мань хүн ч цэцэрлэгтээ явахгүй юм уу гэж асууж энэ тэр. 

Яагаад амраад байгаагаа ч мэдэх юм алга. Хэ хэ. Нэг л их байлдаж тоглосон цоглог хүн. Хэдэн ч сэлэмтэй болчихов? Зориулалтын  сэлэм, зориулалтын бус  сэлэм байна. Ха ха. 

Эгч нарын хүүхэлдэйг бүгдийг нь монгол явуулдаг буруудсан байна лээ. Ядаж нэгийг авч үлдээд, өлгийдөж өгөөд, аавын үүрэг хариуцлага гэж мэгээд, өөрийнх нь өмөлзөж уйлаад сонсдог ботгоных нь дууг дуулуулж тоглох байсан байна лээ. Хэ хэ. 

Нээрээ ботгоныхоо дууг өөрөө хааяа аялчихсан явж байдаг. Үг нь жаахан ойлгомжгүй ч гэсэн ая бол ёстой хөөрхөн. 

Овоо аавыгаа дуурайсан сонсгол гайгүй, дуулж мэдэхээр юм билээ. Хи хи. 

За за хүн хүлээх зуур амжуулаад биччихлээ. Өнөөдрийнхийгөө. 

Бүгдэд нь амжилт хүсье. Бүгд эрүүл мэндээ сайн анхаараарай. Гар хөлөө сайн ариутгаарай. Амны хаалтаа сайн зүүгээрэй. 

2022年11月22日火曜日

Ижилсэх

Цэцгийн сав цэцэг хоёр ижилссэн байдал. Бас л өвөрмөц харагддаг юм билээ. Шар өнгө их тод, хүмүүсийн анхаарлыг их булааж байсан. 

Цэцгийн нэр бичээстэй байх шиг байна тийм ээ. Нэр усыг нь олоод биччих юмсан гэж хайв. Олдохгүй байна өө. Миний мэдлэгт ч хэрэгтэй юм тийм ээ?

Гэхдээ ингэж олж харсан цэцэгнийхээ нэрийг тэр бүр цээжлэхгүй ээ, мартчихдаг. Сарнайг л сайн мэдээд байгаа гэхгүй юу. 60 саяын гэдгээр нь. Хэ хэ. 

Ямартай ч англи нэрийг нь ч болтугай биччихье өө. Монголоор нь хэлж мэддэг бол сэтгэгдэл үлдээгээрэй. Statice, Bletilla striata, ханзаар бичсэн нь удвал юм шиг байна. 

Блог ч гэхдээ сайхан шүү, чимээгүй, нам гүм. "Дуугай", "Дотогшоо" ертөнц. Би өөрөө дотогшоо талдаа хүн юм билээ гэж дүгнэсэн. Эндээ ингээд л чимээгүй бичээд суух дуртай...


 Хөөрхөн хөөрхөн сэтгэх юм даа л гэж боддог. Угаасаа тэгээд юм хийдэг хүмүүс сэтгээд байдаг тийм ээ? Над шиг юу ч хийдэггүй хүн л сэтгэхгүй байх шиг...

Урдаас нь ингээд харсан чинь тэр цэцгийн сав зузаан ултай өсгийтэй гутал шиг харагдаж байна уу? Дуучид гэх мэт хүмүүс хааяа өмссөн харагддаг даа. 

Усан өнгөц шиг хэбэртэй харагдаж байна уу? Хэ хэ. 

За та нар минь бас энд тэнд цэцэг таарвал зогсоод нэг ажиглаад, зураг дарчихаж байгаарай. Бүгд л давтагдашгүй шүү дээ, тийм үү? 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年11月21日月曜日

Ногоон хавтаст ном

Ойрд Аюур ахын номноос уншсангүй. Унших тохироо бүрдэв. Нэгэн номын клубт давхиад орчихсон. Чаддаг байгаа гэж айна үе үе. Ямартай ч эхний уулзалтанд нь орсон. Номын хорхойтой олон бүсгүйчүүдтэй танилцсан. 

Эрчүүд ховор. Тэд хаа явна аа? Хэ хэ.

Азхурын хямдралаас ном авахдаа авсан. Хямдарсан байгаасай гэж хүссэн. Хямдраагүй байсан. 

Энэ сард уншиж ярилцах ном тул, хямдраагүй байсан ч худалдаж авсан. Хэ хэ. Түүнээс ч за за гээд хойшлуулж магад л байсан байх. 

Харин азаар яг манай нутагт монголоос нэгэн бүсгүй ирж таараад. Түүнийг нь эртний танил нэгэн эгч "Ном авмаар байгаа юм уу? Эгч нь хэлж өгөх үү? Одоо явах хүнд?" гэж захиа ирүүлээд. 

Би уярч хайлсан. Клубынхээ унших ёстой гэсэн 2 номыг нэг жижиг номын хамт дайсан. 

Сэтгэл гарган холбож өгсөн эртний танил эгчдээ ганц шоколат буцахад нь дайна даа, талархсан сэтгэлийн минь илэрхийлэл. Өөр юугаар илэрхийлэхээ мэдэхгүй л байна. 

Номоо уншаад эхэлсэн, 50 дахь хуудсан дээр явж байна. Уншина гээд гаргаж ирснийгээ түр хойш нь тавив. Уншиж байсан "Дуугай" номоо дуусгасан. Төгсгөл хэсэг нь сонирхолтой санагдсан. Дараа чадвал, амжвал тусад нь бичихийг хичээнэ ээ. 

Бас хоёр ном энд японд ирчихсэн яваа. Дараа уулзахаараа авахаар тохиролцсон. Бас японд ном зарж байсан нэгэн бүсгүйгээс 7 ном худалдаад авчихлаа. Ёх, ядаргаатай их ном авч байна уу? 

Та нар миний өмнөөс ядарч байна уу? Харин энэ жил яагаад ч юм, маш их ном худалдаад авчихлаа, уучлаарай. Хэ хэ. Би өөрөө ч санаа зовоод байна. Хи хи. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年11月20日日曜日

Намрын өнгө

Алтан шаргал намар. 

Ажлын газрын нэг дарга зарим өглөөдөө ингээд бэрсүүт жүрж, нимбэг жимс авчирч тараагаад байгаа. 

Гэрийнх нь гадаа ургадаг гэсэн. Тариалдаггүй, зүгээр ургадаг гэсэн шүү. Яавал эд нар шиг ийм күүл амьдрах уу? Хэ хэ. 

Ингээд хайрцгаар нь авчирдаг. Дураараа, зүгээр ургачихдаг айхтар жимснүүд. Хэ хэ. Энэ зурган дээр болохоор нимбэг нь ахиу байна. Өмнө нь бэрсүүт жүрж нь ахиу байсан. 

Миний хувь. Тарахдаа бас нимбэгнээс нь нэмсэн. Үлдчихсэн байхаар нь. Авчраад хэрчээд усандаа хийж уусан. Бусдыг нь хөлдөөсөн. Хааяа гаргаж гаргаж ирж цайндаа хийх гээд. 

Өвөл цагт алим, бэрсүүт жүрж, нимбэг гэх мэт жимсний улирал. Гэм нь үнэд ороод байна өө. Хөршийн холбоогоо л зузаатгаж үнэгүй л олж идэхгүй бол. Хэ хэ. 

Хөөрхий хол ойрын хөршүүд минь илжгэн чих барьж ирээд л байгаа, Гэрийнхэн нэг их идэхгүй, би л ганцаараа идэж байна. Тэгэхээр одоо хөвсийхөөс яахав тийм ээ? Хо хо. 

Гэрийнх нь гадаа өөрөө ургачихсан гэхэд маш амтлаг байсан. Дэргэдэх хүндээ ч өгөмгүй л байсан шүү. Гэхдээ олуулаа идэх сайхан. Би ч сүүлийн үед ажил дээр тараагдсан элдэв амттанаа гэрийхэндээ барьж ирээд байгаа. Өөрөө аль болох идэхгүйгээр.

Тэгээд гэртээ элдэв амттан авахгүй. Бас нэг төрлийн хэмнэлт. Хи хи. Түүнээс хүүхдүүд л болсон хойно огт амттан идэхгүй байна гэж байхгүй юм аа. Харьцангүй багасгаад байгаа ч гэсэн. Ядаж байхад ааруул минь дууссан. Шуудан авах эсэхээ бодоод л байна...

За тэгээд хөршийн холбоо мандтугай, танилын холбоо мандтугай...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年11月19日土曜日

Цэцгийн сав

Аль 10 сарын зураг. Хорооны баяраар хороон дээрээ очиход иргэдийн бүтээлийн танилцуулгад ийм цэцгийн урлагийн бүтээлүүд их байсан. 

Ганц нэгээс нь зураг орууллаа. Гол нь цэцгийн сав нь өвөрмөц байгаа биз? Ядаж байхад 60 саяын сарнай яригдаад тийм ээ? Хэ хэ. 

Уран нугараад байгаа нэг бол уран гулгаад байгаа үзэсгэлэн төгөлдөр бүсгүйг санагдуулахгүй байна гэж үү? Цагаан даашинзтай гуалиг бүсгүй шиг л. Миний урлагийн нүд тэгж харсан. Хэ хэ. 

Үүнийг юу гэж харсан бэ гэхээр? Хар цагаан хосолж байдаг хорвоод гэж мэгээд л. 

Нил ягаан өнгө нь сэтгэл татсан юм өө. Цэцгийн сав ч гэсэн мэдээж өвөрмөц байсан л даа.  
Энэ амьд цэцэг биш байсан. Цаасаар урласан бүтээл. Яг л амьд цэцэг шиг харагдаад би сэмээрхэн ирмэж үзсэн. 

Иймэрхүү цуглаанд настай эмэгтэйчүүд голцуу явдаг гэхээр бас л уран байгаа биз?

Энэ харин амьд цэцэг. Улаан цэцэг нь нэг тийм өвөрмөц санагдаад. Цэцэг гэхээр л заавал 5 дэлбээтэй байх алба ч биш тийм ээ. Билэг танхай санагдсан. Хо хо. 

Цаасан урлал байсан байх аа. Бас нөр их хөдөлмөр шингэж дээ гэж бодсон. Нэг инээдтэй нь бага зулзага жимсийг идэх гэж оролдсон. Идэх ч гэж дээ, барьж аваад зулгааж үзсэн. 

Би ч уулга алдаад л болиулсан. Азаар хүн хараагүй. Учир зүггүй загнахгүй л дээ. Гэхдээ л...

Бич энэ янзаараа тэтгэвэртээ гарахаараа цэцэгчин болох байх шүү. Нэг бол зурагчин. Хань ижлийн томоос том зургийн аппаратыг хүзүүндээ зүүгээд л явах байх даа. Хэ хэ. 

Та хэд ч бас тэтгэвэрт гарахаараа ямар нэгэн зүйл оролдохыг хичээгээрэй. Юу ч байж болно. Би бас ч гэж хоосонгүй юм байна. Блогоо бичих юм байна. Кэ кэ кэ.

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年11月18日金曜日

Гацуур ба юмны үнэ

Гадаа намар дуусаагүй байхад, дотор өвөл болчих юм. Ойрд дэлгүүр хоршоо ороогүйг ч хэлэх үү? Тэгсэн шинэ жилийн уур амьсгал оржээ, хэдийн. 

Ойрын хэд хоног сайхан налгар өдөр үргэлжилж байна. Яахав дунд нь ганц нэг бороо орно. Гэснээс нийтийн халаалт гэж байхгүй тул ажлын байр болон гэр хүйтэн байна. 

Удахгүй халаалтаа өгөөд, гэрээ халаагаад ирэхээр тогны үнэ талийж өгөх байх даа гэх айдас хүйдэс дагаастай...

Дунд зулзагын шагналыг гардаж авахаар хажуугийн хот ороод. Тэгсэн хотын улаан булан, номын сан байрладаг байрны гадаа ийм улаан мод сүндэрлээд, өөрийн эрхгүй хараа булаасан. 

Хараа булаахын зэрэгцээ гар шууд ухаалаг утас руугаа явна. Энэ бүр зуршил болсон байна лээ. Маш идэвхитэй байдаг бүхий л цахим хуудаснаа оруулах гэж тэр шүү дээ. 

Энэ хот уг нь 1 цаг гарангийн л зайтай. Тэр бүр очихгүй ээ, хажуугаар нь сүнгэнээд л байдаг болохоос. 

Шагнал гардуулах ёслол дуусгаад, харих замдаа зулзагаа эрхлүүлж дэлгүүр оров. Өөдөөс гацуур мод угтав. Хараад л шууд хөөх, бид бас гацуураа засахгүй бол тийм ээ? гэж ярилцав. 

Засаагүй байна өө одоогоор. 12 сар гаргаад засах санаатай. Бас л ажил орно шүү дээ. Амралтаар бид амарч чадахгүй байна л даа. Заавал нэг ажилтай байна өө. Энэ хагас бүтэн сайнд ч хувийн ажил их их. 

Дэлгүүр хоршоо гэдэг нь хүнсний дэлгүүр орж гялс ногоогоо авчихаад л гарна. Гэр лүүгээ яарна. Ар гэрийн ажил гэж их их. Ээжийн ажил ч их их. Цаг нартай уралдаад байгаа хэрнээ л...

Дэлгүүр хэсэхээ байх чинь их хэмнэлттэй. Гэрийн элдэв хэрэглэдэггүй зүйлс нэмэгдэхгүй. Гэм нь худалдаа хийхгүй байгаа хэрнээ л хөглөрөөд байна өө. Тэгэхээр сайн цуглуулсан байх гээд байна тийм үү?

Гацуур модны гоё гоё чимэглэл гарсан байна лээ. 330 иений дэлгүүр нээгдсэн байна лээ. Орж нүдээ баясгачихаад л гарсан. Худалдаа хийгээгүй, маш том амжилт. 

Угаасаа юмны үнэ асар хурдтай өсч байна. Өдөр тутамдаа авдаг хүнсний үнэ бол санхүүд минь мэдэгдээд, цаанаасаа хэмнэлт гэж толгойд буугаад хараа дээгүүр хээв нэг өнгөрөөж сурч байна. Хэ хэ. 

Тог цахилгаан, усны үнэ ч нэмэгдсэн. Яаж хэмнэх билээ? Эдгээрийг...

Картны барааны үеийнх шиг хагас өлөн зэлмэн байж сурах хэрэгтэй болох ч шиг. Угаасаа өлсгөлөн байх сайн гээд байгаа биз дээ, тийм ээ? Хо хо. 

За бултаараа энэ цар тахлыг аятайхан даваад гарчих юмсан тийм ээ? Ядаж байхад ямар тэнэг гарууд нь дайтаад байдаг байна аа? Ард иргэд нь хэцүүдлээ, дайтаагүй улс нь ингэж хэцүүдэж байхад тийм ээ? 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье ээ.

2022年11月17日木曜日

Хулуун хэлбэр?

Бага зулзагатайгаа энэ "хулуун хэлбэр"-т лонхны тухай үзэсгэлэн үзсэн юм. Япон хэлээр "хёотан" гэдэг юм яг энэ хэлбэрийг. Тэгээд монголоор юу гэж хэлэхээ мэддэггүй. 

Англиар нь хайж байгаад хулуун хэлбэр гэж олсон хэрэг. Нүүрномдоо бас асууж зураг оруулсан чинь, буруу ойлгогдоод гэрлийн бүрхүүл юм биш үү? гэсэн хүмүүс их байсан. 

Олон янзын хэлбэртэй болгоод, нүхлээд, гэрэлтүүлээд гэх мэтээр загвартай болгосон байсан. Түүнээс яг манай гэрт байдаг нь анхны хэлбэрээрээ л байдаг юм. 

Дараа зураг оруулна аа. Яг одоогоор алга. Бас өнөөхөө тоглоомын хайрцагнаас нь хайна гэдэг том ажил. Залхуу залхуу, бөөн тоглоом гаргаж ирэх болно. Хэ хэ. 

Гаргасан нүхнийх нь хээ нь хүртэл өөр өөр. Цэцгэн хэлбэртэй, зүгээр л бөөрөнхий нүхтэй гэх мэт. Ингээд гэрэлтүүлчихээр ургаад л явчихсаж байгаа биз? 

Бага зулзага бид хоёр, гэртээ байгаа хёотангаа ингэж будаж болох юм байна тийм ээ? гэж ярилцсаар харьсан. 

Энэ бүр ийм том онгорхой, дотор нь бас нэг хёотан хийчихсэн байсан. Оросын матрёшка шиг. Зулзагын анхаарлыг ихэд татсан нь энэ. Мөн гэрэлтүүлээд явчихаар сонирхолтой санагдсан байх, хүрч болохгүй гээд байхад л хуруу нь гозойж ирээд хүрчих гэж сандаргасан. 

Урлаг соёл, спортын улирал намар гээд хөл хөдөлгөөн ихтэй, энд тэнд элдэв арга хэмжээ их болж байна өө. Гэм нь гайхал корона чинь бас нэмэгдээд эхэлчихсэн. Яалтай. Хэзээ ч төгсөх юм, маскнаас хэзээ ч салах юм?

За энэ муухай тахлыг яаж ийгээд давах л байх тийм үү? Хүн төрөлхтөн бид. Өөдрөгөөр л хардаг байх даа? 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年11月16日水曜日

Тэл хэлтэн

За энэ үгийг мартах шахаж шүү. "Тэл хэлтэн". Саяхан Саруул-Эрдэнэ багш Токиогоор айлчлаад яваа сураг байна. Тэр тухай ганц нэг зүйл уншаад энэ "тэл хэлтэн" гэдэг үгээ эргэн санав. 

Аминдаа хичээгээд л явна. Хүчлэж заах биш, аль болох орчинг нь бүрдүүлж чихээр нь сургах санаатай. 

Урдах хичээлээ бас дийлэхгүй байхад нь гэж бодоод. Муу, залхуу ээж л болчихоод байна, бусдынхаар бол...

Үүнийг минь мэддэг найз ийм хөөрхөн бэлэг явуулсан байсан. Бөөн баяр. Бид өнгөрдөг жил ярьдаг цагаан толгойг захиад хүүхдийнхээ гар хүрэх газарт өлгөөд үе үе дарж сонсдон юм. 

Үүнийг тэр цагаан толгойнхоо яг хажууд өлгөчихлөө. Шинэхэн бөгөөд содхон болоод ч тэр үү байсхийгээд л очиж дараад байна, бага минь. 

Тэгсэн нэг үг чихэнд огтхон ч ээнэгшиж дасахгүй байна. "Алуурчин халим" энэ үгийг зүгээр махчин гэж болоогүй юм байх даа гэж бодоод. Алуурчин гэхээр чинь одоо хүн алж хүрээ талах гэж хэлэхэд л хэрэглэдэг биз дээ? 

Бид чинь хонь малаа муулах гээд цээрлэдэг биз дээ?

Мах иддэг араатан амьтдын махчин гэдэг биз дээ? Алуурчин гэдэггүй биз дээ? 

Бусад үг хэллэгийг нь гүйцэд сонсоогүй л байна. Бага зулзага яг тэр хэсгийг нь л байн байн очиж дараад байгаа. 

Энэ үг арай л хатуу, зэрлэг санагдаад. Зөөлөн аргаар тэл хэлтэн болгочих гээд үзэж тарж буй ээжид. Хэ хэ. 

Хүүхэд чинь тэгээд муу үгийг маш хурдан цээжилдэг тул энэ үгийг л түрүүлээд цээжилчих гээд байна, яах уу? Хи хи. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2022年11月15日火曜日

Сүмо хуанли

Эрхэм олон уншигч нар минь ээ. 12 сар хаяанд ирчихэж. Үгүй шинэ он буюу 2023 он хаяанд ирчихэж. Юу бодож байна аа? 

Та нар минь мэдэж байгаа биз дээ? Сүмо дүү нар, хуурай дүү нар байдгийг. Тэд нараас минь ийм хуанли ирдэг. Нэлээд хэд ирдэг. Тэрийг нь би боломж нь таарвал монгол руу хоёр аавдаа явуулдаг. 

Коронатай үед бол эндээ алтан мөнгөн хөршүүддээ тараадаг. Тэд ч баяртай авдаг. Дүү нарынхаа улаан ногоон фенүүдийг нэгээр ч гэсэн нэмж байвал тийм ээ? Өөрөөр яаж дэмжих билээ? 

Ах эгч 2-ыгоо марталгүй ингээд сар бүр "банзүкэ" гээч юм явуулдагт нь, оны сүүлээр ийм хуанли явуулдагт нь хөөрчихнө өө. 

Яахав сүмо болон монгол бөхөд жаахан шүүмжлэлтэй ханддаг ч гэсэн. Энд байхад нь зөндөө л зөвлөөд, сургуулиа айлдаж байсан болохоор, одоо тэгээд тэд нарын ухаан мэдэх юм даа тийм ээ? 

За энэ саяхан "жюүрёо" зиндаанд дэвшсэн Тува зулаагаас ирсэн гарын хээ. Өөрийнх нь нэр, гарын үсэг, гарын хээтэй. Хоймортоо зална даа. Гэхдээ том өрөөндөө өлгөдөггүй юм өө. 

Том өрөөнд минь бол зулзагуудын бүтээл заларна. Сүмочдын гарын хээ арай өөр өрөөнд заларна. 

Баярладаг шүү. Бүгдэд нь цаашдынх нь барилдаанд нь амжилт хүсье. Бэртэл авахгүйг хичээгээрэй. 

Уншигч олондоо ч амжилт хүсээд түр баяртай.