2024年10月7日月曜日

Зүүднээс ч чинагш уй

10 сарынхаа номыг эхлүүлэхээс өмнө жижигхэн, адтай, чөтгөрлөг гэсэн тодотголтой нимгэн номнуудаасаа уншиж, аль болох дуусгах санаатай. Төлөвлөгөөт номныхоо хажуугаар чадвал, амжвал өөр нэгэн ном уншаад явах зорилготой. Түүнийгээ дадал болгох...

Нимгэн ном бол их зүгээр, дорхноо дуусна. Харин зузаан ном амжихгүй тал бий. 

Энэ удаагийн ном "Зүүднээс ч чинагш уй". Зохиолч нь Нобелийн шагналт Петер Хандке. За даа бас л анх удаа бүтээлээс нь уншиж байгаа байх шүү. Юу билээ? 

Ээжийнхээ тухай бичсэн ном. Энэ жил чинь хоёр ч Нобелийн шагналт зохиолчийн ээж, аавынхаа тухай бичсэн дурдатгал зохиолуудыг уншлаа. Нэг их уран гоё үгээр магтаад, уянгалаад байхгүй, яг байгаагаар нь, ээжийнхээ тухай, аавынхаа тухай өөрөө юу гэж боддог, хардаг, үнэлдэг байсан тухайгаа л бичсэн болохоор олонд хүрээд байна уу? 

Нобелийн шагналт зохиолч гэхээр л чухам л гоё, чухам л тансаг, чухам л уран, чухам л цэцэн цэлмэг үг, хэллэг ашиглаж уянгалуулж бичсэн байх гэж боддог байсан бодол төсөөллүүдийг толгойноос минь авч хаяж байна дөө. 

Үгүй бололтой шүү, байгаа юмыг байгаагаар нь, харсан үзсэнээ нэг их чимж, давслалгүй бичих ёстой юм шиг байна. Арван хэдэн жил блог бичиж байгаа хүн чинь эд нарыг дуурайна аа ерөөсөө. Хо хо. 

За хошигнол ч яамай. Агуулгын хувьд цахимаар их яригдаж, цацагдаж байгаа тул энд бичих нь илүүц биз? 

Бодоод байх нь ээ, эмэгтэйчүүд бид аль ч цаг үед, ямар ч нийгэмд нэг тийм, яг юу гэж хэлэх үү? Хавчигдмал, баригдмал, ёстой л "хонхон шил"-энд байгаа хүүхэлдэй шиг, нэг бол торонд буй бяцхан шувуухай шиг мэдрэмжтэй байсан байгаа юм.

Одоо ч ийм мэдрэмжийг амсдаг, ганцаардмал, сэтгэлийн шаналантай бүсгүйчүүд, эмэгтэйчүүд оршсоор буй гэж бодохоор уйтайяа...

Тэр тусмаа дайны хүнд хэцүү, цөвүүн цагт эмэгтэй хүн болж төрөн, амьдарна гэдэг асар их тэвчээр шаарддаг чангахан хувь тавилан аж. Өөрөө өөрийнхөө үрийг хөндөв гэж уншаад аяа бас л зүрх лүү хатгаад авсан шүү. 

Эмэгтэй хүн ийм байх ёстой, тийм байх ёстой гэхээс гадна, хатан ухаан, эхийин зөн совин гээд л яригдана. Дээрээс нь үр хүүхэд тээж төрүүлнэ, түүнийгээ өсгөх гэж зүтгэнэ. Энэ бүхэн бидний сэтгэл гэдэг эрхтэнд асар хортойгоор нөлөөлдөг шиг. 

Иймэрхүү ном уншихаар өөрийн ижийгээ бас л их өрөвдөх юм. Нэг намын "дарангуйлал" дор хазгай гишгэх ч эрхгүй, ажил ажил гэж гүйсэн ижий минь. Үр хүүхэд биднийгээ осолдохгүй л гэдэс цатгалан байлгах гэж хичээсэн, зүтгэсэн. Өөрийн дур сонирхол, хүсэл эрмэлзлэл, тэмүүллээ бүгдийг нь хойш тавьсан ижий минь... 

Номд өгүүлсэн доорх мөрт шиг л юм болов уу? гэж өөрийн эрхгүй бодогдох...

"...Хүслээс ангид ээжийн минь амьдралд хөнгөн гунигтай өдөр хоногууд л олон байснаас хөхиүн жаргалтай нь ховор байжээ..." 

Мөн "...Өнөөдөр би эрх зоргоороо аашилж, өөртөө цамц худалдаж авсан...". Энэ өгүүлбэр аяа бас л нэгийг бодогдуулав. Ээж хүн, эх хүн өөртөө ямар нэгэн юм авахдаа яагаад ийн гэмийн мэдрэмж авах ёстой юм бэ? Тийм үү? 

Биднийг багад ижий минь ч цалингаас цалингийн хооронд хөдөлмөрлөж явахдаа чихэндээ нэг монетон ээмэг авах гэж "дур зоргоороо аашилсан"-ыг нь санаж байна. Эвий эвий, одоо тэр ээмгийг нь хэдийг л бол хэдийг бол аваад өгчихмөөр.

Ядаж байхад манайхан нэгнийгээ дандаа өмссөн зүүснээр нь дүгнэдэг, цамаан, давилуун зантай хүмүүс ихтэй. Бүр бэр нь болоод ирсэн нэгэн бүсгүйг чихэндээ алтан ч билүү ээмэггүй гээд хадам эх нь хялайж байсан хов яриаг сонсож л байлаа. Юутай гуниг, юутай харалган?

Би ч өөрөө өөрийгөө тансаглуулахдаа үе үе бас зулзагууд минь нүдэнд харагддаг л юм. Сургалтын төлбөр, бас дахин сургалтын төлбөр бодогдоод. Хэ хэ.

Энэ мэт нийгмийн дарамт, орчны дарамт, эргэн тойрныхны дарамтаас үүдэлтэй стресснээс болоод одооны охид бүсгүйчүүд хүнтэй суухгүй, хүүхэд гаргахгүй гэж ярих нь ихэссэн шиг. 

"...амьдралд хөл тавьсан хойноо олны нүдэнд гэр бүлдээ эвсэг найртай харагдуулах үүрэг аанай л бүсгүй хүнд оногддог аж."

"Хүсэл сэтгэл нь юунд ч юм татагдаж, долгисохгүй болохоор "сониуч байх" нь хүмүүний төрөлх араншин бус харин эм хүний саваагүй зан гэгдэнэ."

"Алс ирээдүйн талаарх мөрөөслөө орь залуудаа л гээчихсэн тул амьдралынх нь хоёр дахь хавар ирэхэд ээж минь хуучирсан түүхээ л арчилж тордох авай." 

"Цаг үргэлж хүчтэй байхаас өөр арга байгаагүй ч цавын цаанаа сул дорой байж үзмээр санагддаг байлаа."

Бодууштай, тунгаах ёстой асуудал юм даа. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年10月6日日曜日

1984 үргэлжлэл 2

Хүүе ээ, энэ 1984 ном санаанаас нэг хэсэгтээ гарахгүй нь ээ. Учир нь бид заримдаа энэ номын дагуу яваад байгаа ч юм шиг санагддаг болохоор тэр үү. 

Орос улсад нэг хэсэг энэ ном хэвлэхийг хорьдог байсан гэсэн. Харин хэдэн жилийн өмнөөс, орос хэлэнд орчуулагдан хэвлэгдээд, оросууд өөрсдийнхөө тухай олж уншаад их л шуугиан тарьсан гэж хаа нэгтээгээс уншсан.

Үнэн болов уу? 

Ямартай ч уншаад, дуусгасан 9 сарын дундуур. Дараагаар нь төлөвлөгөөт номоо ч уншаад амжсан шүү. Мөн энэ номны хажууд харагдаж буй "Байр суурь" номыг хүртэл уншаад амжсан. 

Энэ удаад юу бичих вэ? 

Номд өгүүлж буй зэвүүн зэвүүн ишлэлүүдээс оруулна аа. 

Зохиолч бидэнд энэ номоороо бидэнд сануулж, цаг үргэлж сонор сэрэмжтэй байхыг, хувийн орон зай, эрх чөлөөндөө хэзээ ч хөнгөн хуумгай хандаж, сул орхихгүй байхыг уриалсан юм. 

"...Үнэндээ бол гэр бүл нь Сэтгэхүйн цагдаагийн үргэлжлэл болжээ. Хүн бүрийг ойр дотнынхныхоо мэдээлэгч нь болгосон гэсэн үг".

Аймшигтай байна уу? Манайд ч их хэлмэгдүүлэлтийн үед хана хүртэл чихтэй гэдэг яриа гарсан гэдэг дээ. Арай ч үр хүүхэд нь эцэг эхээ мэдээллэчихдэг байгаагүй байх. Найз нөхөд нь, хөрш нь гээд л мэдээлэгч олон байсан гэдэг...

"...Засгийн газар "хүмүүсийг айдас хүйдэст барьж байхын" тулд л Лондон хотод хааяадаа пуужин унагадаг байж ч магадгүй..."

Ааяа, аюумшигтай юм бэ? Цар тахлын үеийн сүржин мэдээг эргэн саначихлаа. Цаанаасаа л нэг тийм айдас хүйдэстэй байж билээ. 

Ингээд бодоход энэ улс төр, засаг төр гэж итгэхэд бэрх засаглал, бүлэглэл юм аа гэж бодогдох. Орон нутгийн сонгууль ч болж буйг хэлэх үү? Сонгогдож буй зарим нэг хүмүүсийг харахаар гуниг төрөх...

"...Ухаарах чадваргүй хүмүүст Намын ертөнцийг үзэх үзлийг ойлгуулах нь харин ч хялбар байдаг бололтой..." 

Яг өнөөгийн цаг үе, нийгмийн биднийг хэлээд байх шиг санагдав. Би ч нэг их улс төр сонирхдоггүй ч улс төр надаар оролдоод гэдэг нь болж байх шиг...

"...Зорилго нь амьд үлдэхдээ бус, хүнээрээ үлдэхдээ юм..."

Зүрхэнд шигдсэн үг байгаа биз? Эцсийн эцэст бид амьд үлдэхээ л урьтал болгочихдог шиг...

Гэснээс энэ монголжуу царай гэдэг үгтэй хэд хэд таарна. Бага зэрэг ёжилсон өнгө аясаар хэлээд байх шиг санагдана. 

"...Дайны мөн чанар нь хүний амь насыг хөнөөгөөд зогсохгүй, хүний хөдөлмөрийн үр шимийг устгахад оршино. Дайн бол үй олон хүний аж амьдралыг сайжруулах, улмаар алсдаа ухаалаг болоход нөлөөлөх эд баялгийг зад дэлбэлж агаарт хийсгэх, далайн гүнд живүүлэх арга хэрэгсэл юм..."

Энэ дайтаад байгаа улс орнуудыг яалтай? Ард иргэд нь юунд итгэж, юуны төлөө дайтаад байгаагаа ухамсарлаж байгаа болов уу? гэж бодохоос л...

"...Бодит байдалд хүн амын хэрэгцээг үргэлж дарж үнэлдгээс амь зуулгын өдөр тутмын хэрэгцээт зүйлсийн тэн хагас нь байнга дутагддаг. Гэтэл энэ л чухам ашигтай байна гэж үздэг байна. Нийтлэг хомсдол нь ялихгүй эрх ямбаны ач холбогдлыг улам өсгөж, бүлэг хоорондын ялгааг ихэсгэдэг тул эрх мэдэл бүхий давхаргыг хүртэл гачигдал дутагдлын ирмэгт барьж байх зорилготой зориудын бодлого..."

Японд 9 сард цагаан будааны зохиомол хомсдол үүссэн. Гэнэт л лангуун дээрх өрөөтэй будаанууд алга болчихсон. Хоосон лангуунуудыг хараад бага байхад хоосон лангуунууд дурайдаг байсан санаанд орсон. 

10 сар гараад мэр сэр цагаан будаа болон бусад төрлийн будаа лангуун дээр харагдаж эхэлсэн. Бид танил тариаланчаас худалдаж авсан. Үнэд орсон. Нэлээд их хэмжээгээр үнэ нь нэмэгдсэн. 

Яалт ч үгүй зориудын, зохиомол хомсдол үүсгээд, үнэд оруулчих шиг санагдаад л...

"...Намын хамгийн жирийн гишүүн гэхэд л ажлаа мэддэг, хөдөлмөрч, тодорхой явцуухан заагт ухаалаг байх шаардлагатайгаас гадна мөн айдас, үзэн ядалт, бялдуучлал, солиорлын хий хөөрөл давамгайлсан сэтгэл зүрхтэй, гэнэн харанхуйгаар улайран бишрэгч байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, тэрээр дайны сэтгэлгээтэй байх шаардлагатай. Нэгэнт л бүрэн ялалт гэж үгүйгээс хойш хэрэг дээрээ дайн үргэлжилж байна уу, тэр нь амжилттай юу, үгүй юу гэдэг нь чухал биш, хамгийн гол нь дайны байдалд л байх шаардлагатай..."

Одооны олон олон цүнхчинг хэлчихсэн байгаа биз? Яг л оноод хэлчихсэн. Цүнхчид энэ номыг нэг уншаад, өөрсдийг нь хэлээд байгааг мэдээсэй. Эцсийн бүлэгтээ тэгээд ууршуулагдаад, огт байгаагүй хүн болж хувирна гэдгээ мэдээсэй, ухаараасай. Ха ха. 

За тэгээд энэ нам гээчийн тухай зөндөө л зүйл бичээстэй байсан. Хөөрхий Смит, Жулия хоёр хэрхсэнийг өөрсдөө уншина биз дээ. Ямартай ч гол дүрийн баатар маш ихээр, маш хэрцгийгээр байцаагдана, үйлдээгүй хэргээ хүлээнэ...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年10月5日土曜日

Ногоон цай буюу маччя

Ажлынхаа хажуугаар амжуулна аа гэж. Түр завсарласан юм. Монголчуудыгаа уруу татаж ногоон цай уугаад өө. 

Нэгэнт л тэр холоос зориод ирсэн улс, уламжлалт идээ ундаанаас нь бас амсаад авбал зүгээр шүү дээ тийм ээ? 

Дараа нь Итгэлт баян шиг "Тэр жил тэнд ууж үзсэн цай мөн байх шив дээ?" гээд л юм үзэж нүд тайлсан хүмүүс шиг л ярьвал болох нь тэр шүү дээ. Хэ хэ.

Цайны ёслолд энэхүү цайгаа аягалдаг шавар аягандаа их ач холбогдол өгдөг. Хэн гээч уран хүний бүтээл вэ? Хээ угалз нь хэр таарч вэ? гэж харна. 

Яг уухдаа аягаа нар зөв эргүүлж, аягыг магтангаа? уудаг. Үнэтэй ч зарагддаг юм билээ.

Мэлтэлзүүлж аягалахгүй ээ. Ёроолоор нь шахуу аягална. Манайхан шиг мэлтэлзүүлээд, өнөөх нь хальж асгараад, гар хөл түлчих гээд байхгүй нэг бодлын амар. Хэ хэ.

Хав халуун цайг мэлтэлзүүлээд аягалж өгөхөд та нар дуртай юу? Эсвэл над шиг эвгүй байдалд ордог уу? Хо хо.

Өмнөх бичвэрт дурдсан торгон бүтээлэг. Суусан ширээнийх ийм алтлаг, ногоон өнгө хосолсон байлаа. 

Энэ цай нь өөрөө нэлээд гашуундуу амттай тул уухаасаа өмнө заавал нэг тийм нялуундуу амттан иддэг уламжлалтай. Тэгэхээр аманд орох гашуун, чихэрлэг амт хоёр нийлээд яг л тохирсон амттай болдог гэж үздэг. 

Энэ өдөр амттаны сонголт байсан тул би уламжлалт амттан гэхээсээ илүүтэйгээр европ зүгийн амттан сонгосон. Хажууд нь харагдаж буй гялгар ууттайг бэлэг гэж өгсөн.

Ойрд ажлаар орж гараагүй хүнд сайхан байлаа. Орж гардаг ажлаа санаад байна өө. Тийм ажил гарвал хэлээрэй. Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年10月4日金曜日

Торгон бүтээлэг

Саяхан ажлаар явахдаа олж харсан зүйлээсээ бичнэ. Зураг хөрөг оруулаад. Хо хо. 

Манайхан цагаан сараар дээлнийхээ торгоор ширээний бүтээлэгний чимэг болгож нарийхан бүтээлэг их дэвсдэг болсон доо. Би ч шүүмжлэлтэй хандсан. Учир нь минималист болох гэж ядаж байхад, хүмүүс хорхой хүргээд байдагт оршино. Ха ха. 

Ээжийгээ л битгий дуурайгаарай даа, танд минь ажлын нэмэр шүү гэж үглэсэн. Чаддагаар нь хөөрхий ижий аавдаа л үглэнэ л дээ. Дэргэд нь байж чадахгүй байгаа муу охиныхоо үгэнд орно оо, манай хоёр. 

Тэгсэн нэг тосгоны бяцхан зоогийн газар ширээгээ ингэж чимсэн байлаа. Үндэсний хувцас болох кимоногийнхоо торгыг ингэж ашиглажээ. 

Энэ гэхдээ энгийн үед ингэж ширээгээ чимдэг эсэхийг мэдэхгүй л байна. Би олон улсын арга хэмжээгээр очсон юм. 

Уламжлалт цайны ёслолынх нь салшгүй нэг хэсэг болох өтгөн ногоон цай, амттанаар гадны зочдыг дайлсан юм. Тэгэхдээ энэхүү модон ширээгээ торгоор чимсэн байх.

Би ч хэдэн монголчуудаа дуудан өтгөн ногоо цай уулгасан. Ихэд сонирхож байсан, ахмад насны хүмүүс ч голцуу байсан. Хөөрхөн дуулгавартай гэгч нь ирж уусан. Харин амттанаас нь ганцыг биш хэд хэдийг аваад цайныхаа хажууд тавьчихсан байсан. Хи хи.

Арга ч үгүй дээ, хэд  хэдэн төрлийн амттан тавьчихаад, нэгийг аваарай гэхийг төрл бүрээс нь нэг нэгийг аваарай гээд ойлгочихсон шиг байна лээ. Би ажлаа дутуу хийсэн хэрэг байх даа. Ха ха.

Энэ өнгө, хээ хуар ихэд таалагдсан. Энэ ширээнд суух хүсэлтэй зочид их байсан. Би өөр ширээнд суусан л даа.

Мөн зуны кимоно буюу юката үнэгүй бэлэглэж байсан. Манайхан бүгд авсан байх, үзэж сонирхоод л байсан. Европ хүмүүс их сонирхоод, гэм нь ганц нэг хүнд урт богиноороо таарахгүй байх шиг харагдсан. 

Өндөрт хүмүүст япончууд шиг жижигхэн хүмүүсийн юката юу гэж таарахав дээ, тийм ээ? 

Зээ, дараагийн энэхүү арга хэмжээнд явах эсэхээ мэдэхгүй ч ирэх жил 5 сард болох юм билээ. Хувь хувьсгалын ажлаа зохицуулаад явахыг хичээнэ дээ. таньдаг хүн ирвэл номоо захиад л. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年10月3日木曜日

Байр суурь

Зээ өмнөх сард уншиж дуусгасан ном. 9 сард уншсан зузаан номнуудын дундуур дараалал, дугаар дайраад л ороод ирсэн, дүрмийн дагуу. Жижигхэн, нимгэхэн тул цөөн хоног уншаад дуусгасан.

Гэснээс зузаан  ном уншихаар дунд нь яахын аргагүй жаахан уйдаад байдаг юм өө. За тэгээд онц сонирхолтой уран зохиолын ном биш л бол.

Зурагнаас харахад тодорхой дөө, нэр ус нь. "Байр суурь" гэдэг ном. Зохиогч нь Францын Нобелийн шагналт зохиолч Анни Эрно. Энэ зохиолчийн тухай "Эмэгтэй" номыг нь уншиж байж мэдэж авсан. 

Хэрэв би Эмэгтэй номыг уншаагүй бол энэ зохиолчийн тухай мэдэлгүй л өнгөрөх байсан. 

Хэрэв би Болортуяа орчуулагчийн санаачлан, сардаа нэг уулзалдан номын тухай ярилцдаг номын бүлэгт элсээгүй бол Эмэгтэй номыг уншихгүй л өнгөрөх байсан. 

Аливаа юмс, үйл явдал, үзэгдэл гээч нь хоорондор ямар нэгэн учгаар холбогдож байдаг, ихээхэн учир жанцантай юм өө. Бүгдэд талархууштай. Баярлалаа, гялайлаа. 

Байр суурь номд зохиолч аавынхаа тухай өгүүлнэ. 4 дэх ном нь гэнэ. 

Эвий эвий. Би өөрөө аавдаа ихээхэн эрхэлж өссөн, одоо ч эрхэлдэг, хааяадаа аавыгаа загначихдаг "ааштай охин" тул аавыгаа нүдэндээ дүрслэн, үе үе аавыгаа өрөвдөн, үе үе аавыгаа буруутган, үе үе зохиолчийн аавтай өөрийнхөө аавыг харьцуулан бодож, уншсан. 

Миний аав уран зохиолд дуртай, уран зохиолын ном их уншдаг, уян зөөлөн хүн бий...

Өөрт итгэх итгэлийн хувьд Аннигийн аавтай адил, өөртөө итгэх итгэлээр бага, ажилчин анги явсандаа бага зэрэг сэтгэл дундуур байдаг шиг санагддаг. Охинд нь бол ажилчин ангиар нь бахархдаг, уран зохиол, ном уншихад дурладаг болсонд минь өндөр үүрэгтэй шүү, та минь...

Ямар ч цаг үе, ямар ч нийгэм, ямар ч улс орон бай, үеийн үед аав гэдэг хүмүүс үр хүүхдүүддээ адлагдахдаа адлагдаж, хүндлэгдэхдээ хүндлэгдсээр иржээ дээ. 

Монголчууд бид аавын тухай дуу, шүлэг, нийтлэл, зохиолдоо тувт л магтан дуулсан байдаг даа. Ганц аав ч биш, ээжийгээ ч мөн адил. 

Харин энэ гадаад улс оронд чинь дан ганц нэг талыг бариад хэт магтаад байдаггүй юм байна. Болохгүй, бүтэхгүй, сул талыг нь ил тод хэлчихдэг юм байна. 

Жишээ нь энэ япон улсад ч хүүхдүүд нь аавыгаа "элдвээр хэлж" байдаг. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд. Өмхий үнэртэй л гэнэ, төмс л гэнэ, ууртай л гэнэ, адайр л гэнэ, дуугай л гэнэ, гэртээ юу ч хийдэггүй л гэнэ. Ер нь л болж бүтэхгүйг нь олоод хэлнэ. 

Эхэндээ сонсоод асар ойлгомжгүй санагддаг байж билээ. Учир нь би өөрөө аав амьтай, аавтайгаа ээжээсээ илүү ярьдаг охин нь тул эдний ингэж аавыгаа муулсан ярианд нүд орой дээрээ гаран гайхдаг байлаа. 

Одоо бол олон талаас нь хараад, харах өнцөг өөрчлөгдөөд, охидын минь аавтайгаа харилцаж буй байдал, хань ижил охидтойгоо харьцаж буй байр байдал, хандлага зэргээс хараад, "арга ч үгүй юм даа" ингэж "ад үзэгдэх нь", "хажиглах нь", "зайгаа барих нь" гэж боддог болсон. Хэ хэ.

Яадгаа алдчихсан аавууд бол биш шүү дээ. Хүүхдийнхээ төлөө өөрийнхөө үндсэн чанарыг дараад, хүүхдэдээ аятай байхаар, найзуудад нь эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй байхаар, хүүхдийнхээ ирээдүйн төлөө хичээгээд байгаа нь арга барил талаасаа нөгөө талдаа "таалагддаггүй" байх талтай ч юм шиг ээ.

Мэдээж аавуудын зүгээс харахад өөрийн чадлаар, өөрийн боломжоор, өөрийн арга барилаар, өөрийн үзсэн харсан хэмжээнд, өөрийн хүмүүжсэн орчны нөлөөгөөр, өөрийн мэддэг хэмжээсээр хичээгээд л байгаа ухаантай, тийм ээ? Үүнээс илүү яалгах гээ вэ? гэж бодохоор, мөн тэгж хэлмээр л санагддаг биз, тэд? 

Бидний ээж аав ч анх удаагаа л ээж аав болж буй шүү дээ. Тэгэхээр мэдээж алдаа оноо бий. Япончууд "Хүүхэд төрөөд 1 нас хүрч байгаа бол ээж аав ч 1 настай гэсэн үг, учир нь анх удаагаа л ээж аав болж буй шүү дээ" гэж үе үе бичиж, ярих юм билээ. 

Их үнэний ортой тийм ээ. Дээхэн үед бол эцэг эхийн хүүхэдтэйгээ харьцах гарын авлага, ном гэх мэт зүйл байхгүй тул хүүхэдтэйгээ харьцах тал дээр алдаа нь онооноосоо их байсан байх өө. 

Ямартай ч энэхүү номыг уншаад, эрчүүдийг ойлгочих юмсан, аавыгаа ойлгочих юмсан гэж бодогдов. 

Эрчүүд ялангуяа аав хүмүүс нийгэмд эзлэх байр сууриасаа илүү гэр бүлдээ эзлэх байр суурь нь илүү чухал юм шиг бодогддог. Учир нь тэтгэвэрт гараад, нас ахиад ирэхээр түүний оршин байх орчин нь гэр бүл, гэр орон нь учраас...

Түүнээс нийгэмд чухам баатар, гавъяатан нэгэн байгаад, гэр бүл, үр хүүхэд, орон гэр, хань ижилгүй бол тэгээд л нас эцэслэхдээ жаргалгүй нэгэн болчихдог шиг...

Аавууд минь, энэ номыг нэг уншчихад илүүдэхгүй шүү. Наанаа аавыгаа гэдэг, аавынхаа өөдөөс дуугардаггүй, томоотой, танд хайртай үр хүүхдүүд чинь таныг сэтгэл дотроо хэрхэн бодож, хэрхэн шүүмжилж, хэрхэн үнэлж, та тэдэнд яаж харагддаг тухай мэдэж, мэдрэх болно шүү. 

"Надад ааваас сурах юу ч байхгүй гэж боддог байлаа". 

"Чамд хөгжим, ном чухал гэдгийг сайн ойлгож байна, гэхдээ миний амьдралд наадуул чинь хэрэггүй".

"Эд мөнгөнөөс илүү, үг хэл яриатай холбоотой бүхэн аавын минь тав тухыг алдуулж, хэдэрлэж хэргээр хойш суух шалтаг болдог байжээ гэдгийг би өнөө л ойлгож байх юм".

"Амьдралын хүндийг харгис ширүүн зангийнхаа ачаар туулж, түүгээрээ эр хүний омог бахдалаа мэдэрдэг байж л дээ".

Дээрх 4 ишлэлээр өндөрлөе дөө. Нэгийг бодож хоёрыг тунгаана биз дээ?

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年10月1日火曜日

Шинэ санаа

Хөдөө уулынхаа эмэгтэйчүүдийнх нь хийсэн хоолыг бид амтархан иднэ. Таалагдвал чухам яаж хийснийг нь асууна. Хэрэгжүүлж хийх нь цөөн л дөө. Хэ хэ. 

Энэ удаад мёога буюу zingiber myoga гэдэг ногоог амархнаар идэж болохыг мэдэж аваад олзуурхав. Монгол орчуулга хайгаад олоогүй. Япон цагаан гаа гэж хэлдэг бололтой.

Чанаад, бэлэн худалдааны кимчитэй холиод идчихэж бололх юм билээ. Учир нь зулзагууд идэж өгдөггүй тул хань ижилтэйгээ ингээд идэж болох нь. Гэхдээ бас хөөрхөн үнэтэй, хааяа л авч иднэ. 

Энд ч юмны үнэ тэнгэрт хадаж байна өө...

Шарсан загасаа ингэж жижиглээд агшаасан цагаан будаатайгаа холиод идэж болох нь. 

Энэ удаагийх нь японоор 鯛(たい)загас. Анлиар sea bream гэдэг загас. Монголоор далайн зоодой загас гэх юм болов уу? Хэлж мэдэхгүй байна өө.

Гэснээс загас түлхүү идэж байх санаатай ч нэг л боломж бүрдэхгүй  гэх үү? бүрдүүлж чадахгүй л байна. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年9月30日月曜日

Хөдөлмөрч улс

Уулын хэдийнхээ хөдөлмөрч зан чанарыг ихэд биширнэ ээ. Нэг очиход л нэг шинэ төрлийн ногоо цагаа тарьчихсан, судлаад сууж байна.

Нас сүүдэр 70 гарчихсан улс шүү дээ. Би 70 настайдаа ингээд явж чадах болов уу? Чадна л гэж үзнэ дээ.

Энэ зурган дээрх ногоо нь арай болоогүй, ургаж буй явц нь. Нэр нь итали цикори буюу навчит идрээ гэдэг  ногоо гэнэ ээ. Бүдэг хүрэн? өнгөтэй байцаатай төстэй болж ургадаг юм билээ. 

Англи болон франц хэлэнд улаан салатны навч буюу  red lettuce гэж нэрлэдэг гэнэ ээ. Япон хэлээр トレビス(trévise)гэдэг франц үгийг катакана үсгээрээ бичиж хэлдэг юм байна.

Цоохор майлз буюу celery. Би энэ ногоонуудын нэрийг бас яг сайн нэрлэж мэдэхгүй, ингээд блогтоо бичдэг ч мартчихна аа. Хэ хэ. Бид энэ ногоог бас нэг их идэхгүй. 

Зулзагууд идэхгүй болохоор тэр бүр нарийн ногоо авахгүй. Ганцаараа иднэ гэхээр заримдаа мартаад, муутгачихаад байдаг юм. Тэгэхээр нэг хэсэгтээ авч идэх юмсан гэж бодохоо больсон.

Киви жимс. Намар очиж идэхийг хичээнэ ээ. Хэ хэ. 

Улирал нь тохиромжтой ч юм даа тийм ээ? Ижий аав хоёр минь ч боломжийнхоо хэрээр жимс тарина л даа. Чацаргана, үхрийн нүд, мойл, нохойн хошуу. Нэг хэсэг нарийн навчит ногоо тарьдаг байсан. Мөн лууван байцаа тарьж үзэж байсан.

Гол нь эх орны маань цаг агаар хэцүү, хөлдөнө, хатна. Тэр бүр нэг их арчилгаа шаардахгүй жимсний хэдэн модтойгоо л үзэж тарж байна. 

Хураасан жимсээ ойр тойрныхоо хүмүүст тарааж, сэтгэлийн ханамж эдлэнэ. 

Гэхдээ байна аа, эргэн тойрных нь залуу гэр бүл хашаанд нь чацарганы мод байгаад, жимс нь ургаад байхад л хэцүүг нь гайхаад түүдэггүй гэж сонссон. Тэгснээ аавын минь өргөст хатгуулан байж түүсэн жимсийг хоёр гараа тосон авдаг сурагтай...

Залуус бид ийм залхуу байхаар чинь одоо яанам бэ? 

Хүн хэлэлтгүй, би өөрөө хичээнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье ээ.

2024年9月27日金曜日

Халбагадалт 2

Халбагадалт бичвэрт зулзагууд болон би уусан ундааны зураг байсан бол энэ удаад эрчүүдийн уусан зураг. 

Би машин барих байсан юм аа. Тэгээд л уугаагүй юм. Түүнээс ч халбага улаан дарс уумаар л байсан.

Яг энэ өдрүүдэд маш халуун байсан тул хүйтэн шар айраг л эрчүүдийн хань болж байх шиг. Хөлсөө асгартал ажиллачихаад л хуйтэн шар айраг залгилахад үнэхээрийн сайхан шүү л гэдэг юм, хань ижил.

Бидний орсон баар нь уулын мухарт, хүн ам цөөтэй газарт нээгдсэн жижигхэн газар. 

Энд бас хөдөөнөө хүн ам нь цөөрөөд, "Хөдөөгийн сэргэлт" шиг хөдөө нутагт нүүж суурьшвал хэд хэдэн дэмжлэг үзүүлээд эхэлсэн. Дараа энэ тухай судалж байгаад бичихийг хичээнэ ээ...

Бид усан үзэм авч очсон юм. Мөн жамц давс бэлэглэсэн. Хаа ч явсан эх орноо сурталчилна аа. Нэг ч гэсэн хүн эх орны минь тухай мэдэж, элэгтэй болбол тийм ээ?

Идээ эзнээ танихгүй ээ гэж ийм тавганд таваглаж өгсөн. Ургаад л явчихаж байгаа юм. Ингээд бодохоор чамин таваг, аяга цуглуулмаар ч юм шиг. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年9月26日木曜日

Говийн атаман

Эх орныхоо ганц урдаа барьдаг үйлдвэрлэлийн салбар болох "Говь"-ийн дэлгүүрээр ороод гарсан гэж байгаа. Яармаг дахь салбар.

Танилтайгаа уулзах гэж, бас шинэчлэгдсэн дэлгүүрийг нь сонирхох гэж. Гэхдээ шинэчлэгдсэн гэж мэдээгүй л дээ. Найзаараа жолооч хийлгээд, найз минь л дэлгүүр нь шинэчлэгдсэн орж сонирхох уу? гэж санал болгосон.

Хувийн захиалга авдаг салбар гэх үү? Тусдаа бие даасан салбар гэх үү? Тодорхой хэлж мэдэхгүй байна өө. Ямартай ч нэгэн цоглог, эрч хүчтэй эгч ажилладаг юм. 

Томчууд, "бүдүүн" дарга нар ирж захиалга өгч, өөрт янзтай таарсан, зохисон "бүтээл"-ийг захиалж хийлгүүлдэг юм билээ. Жишээ нь том том биетэй сүмо бөхчүүд. Ганц сүмо ч биш монгол бөхчүүд ч өргөнөөр үйлчлүүлдэг юм билээ.

Хуучны оёдлын машинууд. Гоё сэтгэсэн байгаа биз дээ? Бага байхад ийм нэг хар оёдлын машин гэрт байдаг, баяр ёслолоор ээж минь хүүхдүүдийн бүжгийн хувцас энэ тэр оёдог байлаа. 

Тод шар өнгөтэй дэрвэгэр банзлууд оёод л, сэтгэлд тод үлджээ. Цэцэрлэгийн бяцхан охид өмсөөд л бүждэг байж. Ижий минь ч ажлын төлөө хүн байж.

Энэ харагдаж буй буйдан дээр бага зулзага есөн жороор тарвалзсан. Хэ хэ. Биднийг очиход зочинтой байсан тул жаахан хүлээх зуур л тарвалзаж байгаа юм. 

Тэгсэн мэддэг хэлээр нь яриад байна шүү гэнэ. Тэрхүү зочин нь энд сүмо барилдаж байгаад зодог тайлсан нэгэн бөх байсан. Би ч хараад нэрлэж мэдээд байгаа юм. Учир нь ид барилдаж байхад нь хамт зураг хөргөө татуулж л явлаа. 

Одоо ч би сүм нэг их сонирхохоо байжээ. Наанаа нэг л их найраа энэ тэргүй барилдаад байгаа юм шиг хэрнээ хөшигний цаадах амьдрал нь тийм цэвэр ариун биш гэж сонсож, мэдээд тэр байх...

Хамтдаа дэлгүүр хэсэв. Нүд хараа булаасан тансаг тансаг хувцаснууд их байсан. Би ч ноолуураа энд цоолчихоод байдаг тул нэг их сонирхоогүй. Тэгээд ч ноолууран ороолт ихтэй хүн шүү дээ. 

Зарим нэг нь бүр шинээрээ хадгалаастай. Жилд нэг шинэ ороолт зүүж гангараад байна шүү. Үргэлж л үнэтэй, дулаахан сайхан ороолт бэлэглэдэг найз нөхөд, эгч дүү нартаа баярлалаа, гялайлаа. 

Япон хүмүүст ороолт, оймс, бээлий зэргийг бэлэглэбэл зүгээр санагддаг. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年9月25日水曜日

Халбагадалт

Саяхан өнгөрдөг хагас бүтэн сайн, нэгдэхэд гээд 3 хоног амрав. Бүх нийтийн амралт. 9 сарын гурав дахь долоо хоногийн даваа гарагийг "Ахмадын өдөр" болгон тэмдэглэдэг юм. 

Энэ жилийнх 9 сарын 16-нд таарав. Бид 16-нд нь зулзагын дугуйлантай тул хагас бүтэн сайнд нь уул явчихаад ирэв. Болоогүй ээ, хагас сайных нь дугуйланг амраачихсан. 

Их л олон юм ярьж байж амарсан. Дахиж амралт авч чадахгүй шүү гэж үглэсэн. Ээж нь охин, хүүдээ үглэж байгаа юм шиг л. Ха ха.

Аминдаа сургууль гэр дугуйлан гэсэн маршрутаас нь жаахан ч гэсэн холдуулж, хөдөөний уулын агаараар амьсгалуулчих санаатай л дагуулж явж байгаа юм. 

Уулынхаа хоёр хөгшинтэй нэг газар оров, оройд нь. Бааранд ороод. Ха ха. Манай хоёр хөгшин нас нь ахиад уух нь багассан, эрс. Аргагүй шүү дээ, миний ижий ааваас ч ах гээд бодохоор.

Харин ч эд нар тааруулаад уугаад идчихдэг болохоор хааяадаа хамт шар айраг залгилахад хөгжилтэй л байдаг юм. 

Түүнээс ч би одоо аавтайгаа хамт ууна гэвэл ч, манайхны эрчүүд жаахан давраад байдаг занг нь мэддэг тул аль болох битгий уу гэж үглэнэ. Дээрээс нь хатуу цагаан архиа л уухаар чинь тийм ээ? 

Ганц нэг шар айраг бол бас яая гэхэв гэхсэн...

Энэ бага зулзагын ундаа. Гэртээ тэр бүр жүүс уулгадаггүй тул, хааяа нэг гарч орохоор нь уухыг зөвшөөрдөг. Гэхдээ зөвхөн гэрээрээ гарч байгаа үед бол уулгахгүй. 

Найз нөхөд гэх мэт хүмүүстэй орж гарахаар хүмүүс авч өгдөг болохоор үглээд байхгүйг хичээнэ ээ. Гэхдээ л заримдаа бас үглэнэ ээ.

Дунд зулзага захиалсан. Чамин гэгч нь чимэглээд ирэхээр хүүхдүүд сонирхоод байх юм аа. Арга ч үгүй биз дээ? Бид ч бас хааяа тансаг орчинд хооллохоор, уухаар цаанаасаа л нэг сэтгэл сэргээд ирдэг дээ. 

Япон орныг хүмүүс уйтгартай л гэдэг юм. Гэхдээ харах өнцгөө өөрчлөөд, өөрсдөө найз нөхөдтэй болоод, санаачлагатай байвал харин ч зугаатай санагддаг шүү. 

Ирээд удаагүй, уйдаад байгаа нөхдүүд нэг тунгааж бодоод, бясалгаад, харах өнцгөө өөрчлөөд үзээрэй. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年9月19日木曜日

00 цаас

Энэ япончууд заримдаа ч ойлгомжгүй улс шүү. 

Хань ижил нэг газраар үйлчлүүлсэн чинь ганц ширхэг ийм 00 цаас бэлгэнд авсан байна. Өө ашгүй, 00 цаас гэж бодоод л өнгөрөв. Учир нь энд чинь юмны үнэ гэж тэнгэрт хадаад, бүсээ чангалах шаардлага тулгараад байгааг ч хэлэх үү? Хэ хэ.

Эхэндээ нэг их тоогоогүй, хуучин дэвсгэрт дээрх хүн нь байна даа гэж бодов. Үгүй тэгээд хуучин дэвсгэрт дээрх хүн байсан ч тухайн хүндээ бол их доромжилсон хэрэг тийм ээ? Манай монгол философиор бол.

Гэтэл эд нарын философиор бол тийм биш бололтой. Хэ хэ.

Ханзыг нь уншихад "Тэрбумтан" юм даа, утгаар нь.

Сайтар лавлаад харвал хуучин дэвсгэрт дээрх Фүкүзава Юкичи биш байна шүү. Сурган хүмүүжүүлэгч, философич хүн байсан юм. 

20 жилийн дараа буюу энэ жил шинэчлэгдэхдээ "Японы капитализмийн эцэг" гэгддэг "Шибүсава Эйичи"-гийн хөргийг залсан юм. За тэгээд энэ хүн нь эдийн засгийн олон олон шинэчлэлийг санаачлагч, мөн 500 орчим компанийг үүсгэн байгуулж, хөгжүүлэхэд гар бие оролцсон, банк санхүүгийн хөгжилд ч үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм билээ.  

Тийм хүнийхээ зургийг 00 цаасандаа хэвлэчихдэг нь болж байгаа ч юм уу даа. Ха ха.

Энэ тоо ч яахав дээ, бэлгэ дэмбэрэлтэй. Ийм тоо харсаар байгаад энэ тоо шигээ хадгаламжтай болох юм ч билүү? Хо хо. 

Монголчууд бид чинь амны бэлгээр ашдын бэлгэ гэж ярьдаг даа. Тийм болохоор ширээн дээрээ байлгаад, манайхны хэрэглэдэг бор 00 цаас шиг бүх юмаа л арчина гэж бодоод.

Тэр бор 00 цаас бас л агуу ашигтай цаас тийм ээ? Ширээгээ, гараа, амаа, гөбсөө, асгасан цутгасан юмаа, шалаа гээд л арчихгүй юмгүй л байдаг юм билээ. 

Ямар сайндаа түрүү жил монгол явсан нэг япон эмээ тэрхүү бор 00 цаасыг бүр бишрээд, бэлгэнд зөндөөг авчирсан байж билээ? Надад арай ч бэлэглэчихээгүй. Сонин болгож яриад, хамт явсан хүмүүс нь толгой дохиж суусан. Ха ха.

Гадаадад амьдарна гэдэг чинь заримдаа нүд орой дээрээ гарахыг хэлнэ ээ гэж...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年9月18日水曜日

Хүн аалз

Зээ бага зулзага монгол явж ирэхдээ ийм өмсгөлтэй ирсэн. Монголд онгоцноос буухдаа аавынхаа монгол малгайг өмсөөд л чухам монгол хүн газардсан юм. Тэр малгайг гэхдээ дахиж өмсөөгүй ээ. Маллаж явах гэж ээжид бол үнэн төвөгтэй байсан шүү. 

Аан өвөөтэйгөө золгохдоо нэг өмссөн юм байна, Цонжин Болдогт. Тэгээд л бусад өдрүүдэд өмсөөгүй, машинд юм хуманд дарагдаж хэв нь алдагдчих гээд үнэн ядаргаа байсан шүү. 

Угтаа гэрийн эзний малгайг бол асар их хүндэтгэж дээдлэх ёстой тийм ээ? Би чинь тиймэрхүү ёс заншил муу мэднэ, заримдаа ёс алдана. Гэхдээ сэтгэлдээ бол дээдэлдэг шүү. Ккк.

За юу бичиж байлаа? 

Харьж ирэхдээ тэр чигээрээ хүн аалз болоод хувирчихсан. Бэлгэнд авсан өдрөө хэд тайлж хэд өмссөн юм бүү мэд. Эмээ нь тоолоод, сүүлдээ тоогоо алдсан. Аргагүй шүү дээ, нелонон материалтай болохоор дорхноо л халууцна. Тэгээд л тайлна. 

Тэгснээ хорхой нь хүрээд, дахиад л өмсөнө. Одоо ч гэртээ нэг өмсөж, нэг тайлж тоглож байна. Хайр хүрээд байгаа, удахгүй л дуугаа хураасан том агаа болно доо гэж бодохоор өөрийн эрхгүй эрхлүүлээд л... 

Яг л энэ чигээр нь хэдэн жил байлгамаар ч юм шиг. Хи хи.

Хамгийн гол нь орчин их нөлөөлж байна тийм үү? Өө тийм, онгоцонд 00 орох гээд л явж байсан чинь замд өөрөөс нь хоёр нас нарангийн л дүү байх, нэг хөөрхөн жаал бас яг ийм хувцас өмсчихсөн сууж таараад. 

Зулзагын нүд гялалзаад л явчихсан. Ам л нээвэл хүн аалзны хувцас яриад, тэгээд дүү минь авч өгсөн. Бэрийг минь "ээж" гээд дуудчихна, монгол дахь ээж нь авч өгөөд. Хэ хэ.

Орчин гэсэн дээ, тэр нь зах, дэлгүүрээр дүүрэн эрээн мяраан тоглоом, хувцас. Яг аваад өгчих гэхээр бас яг энэ гээд авчих зүйл олдоггүй ээ, надад. Угаасаа ч би жаахан "нарийн" талдааг ч хэлэх үү? Ха ха. 

Би өөрөө хэзээ ч үүнийг авч өгөхгүй ээ. Бэр минь л ганц ирэхэд н ь гээд  эрхлүүлсэн. Дүү минь бүр нугасгүй, нэг л удаа жаахан ширүүн дуугарсан гэсэн. Тэр нь намайг дагаж орилоод, машины хаалга онгойлгох гээд байхаар нь боль гэж чангахан дуугараад, өнөөх нь гайхсан гэсэн. Хо хо. 

Би л ганцаараа монголд жаргаагүй ээ, зулзага ч өөрийн хэмжээнд жаргасан байх аа. Ха ха. Хүмүүс эрхлүүлээд л, бэлэг өгөөд л, зайрмаг авч өгөөд л...

Ирэх жил дахиад явна л гэсэн хүн байна. Ижий аав нь мөнгөө л цуглуулна даа. Гэснээс одооноос бүсээ чангална даа, олон олон арга хэмжээтэй бид. Цаг тухай бүрт нь бичээд явахыг хичээнэ ээ.

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年9月17日火曜日

1984 үргэлжлэл

Талд нь хүрсэн шүү. Унших тусам л аймар санагдаад байх юм. Нуруугаар хүйт оргино гэдэг билүү? 

Хайрын яам билүү? Бас л зэвүүн яам юм аа. Залуусыг дурлалцахыг хориглоно. Бэлгийн харьцаанд орохыг эсэргүүцнэ. Гэхдээ "Нам"ын зарим нэг нөхөд тусгай эрхтэй шиг байна лээ шүү. 

"Намын тулган хүлээлгэж буй худал хуурмаг бүрийг хүн болгон хүлээн зөвшөөрөх юм бол, бүх баримт бичгийг худал хуурмаг домгоор дүүргээд, дахин давтаад байх юм бол эдгээр нь түүхэнд үнэн болж үлдэхээс өөр яах юм?". 

"Хэн өнгөрснийг гартаа авна, тэр ирээдүйг ч атгана. Хэн өнөөдрийг гартаа авна, тэр өнгөрснийг бас атгана" гэсэн Намын лоозон бий. 

Зэвүүн лоозон байна уу? Миний багадаа үздэг байсан түүхийн хичээлийн тэн хагас нь худал зохиомол, домог шахуу зүйл их байсан гэж эдүгээ яригдаад байгаатай агаар нэг байгаа биз? Нэг намын дарангуйлал ийм л айхтар байх нь...

Зохиолын гол баатар болох Смит нь Таймс сонины алдааг засаж залруулах. Энэ ажил нь бас л зэвүүн ээ. Том ахын хэлсэн зүйлийг хэлээгүй болгож өөрчилнө, хэлээгүйг нь хэлсэн болгож залруулна гэх мэт. 

Бүр хуучны, хэдэн жилийн өмнөх дугаарыг ч өөрчилж болно, Нам эсвэл Том ах хүсвэл...

Жишээ нь "...Элбэгийн яам 4 дүгээр сард 145 сая хос гутал үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөө гаргажээ. Хэрэг дээрээ 62 сая гутал үйлдвэрлэсэн хэмээн мэдээлнэ. Смит төлөвлөгөөт зорилт 57 сая гутал байсан мэтээр засварлана, төлөвлөгөөг давуулан биелүүлсэн байдлаар харагдуулах ёстой шүү дээ..."

Энэ хэсгийг уншсан чинь биднийг багад 5 жилийн төлөвлөгөө гэж ирээд л их ярьдаг, бичдэг байсан нь цаагуураа энэ номд гардаг шиг байсан болов уу? гэж өөрийн эрхгүй бодогдоно. 

"Жинхэнэ итгэж үнэмшсэн хүн сэтгэхгүй гэсэн үг, тийм шаардлага байхгүй болох юм. Жинхэнэ итгэл үнэмшил бол ухаарал сэхээрэлгүй байдал мөн". 

Үнэн үг санагдаад, зарим нэг зүйлд эргэлзэж, юу билээ? гэж бодож үзэх ёстой гэж хаа нэгтээгээс уншсантай минь таараад. 

"Тэд ухаараагүй цагт хэзээ ч босохгүй, харин босохгүй бол хэзээ ч ухаарахгүй". 

"Өнгөрснийг баллуурдсан, баллуурдсанаа мартсан, худал хуурмагууд үнэн болж хувирсан". 

"Намын туйлын зорилго нь аварга, агуу, сүртэй: Ган, бетоны үйлдвэрлэл, асар том машин, хөнөөлт зэвсэг, адил сэтгэдэг, ижил лоозон хашхирдаг, цуцалтгүй ажилладаг, мохошгүй тэмцдэг, ёсолдог, мөрддөг, нэг эгнээгээр алхсан, нэг ижил нүүр царайтай гурван зуун сая хүн". 

Гэх мэтчилэн намтай холбоотой зүвүүн зэвүүн хэсгүүд их гарна. Болдог бол бүгдийг нь л түүгээд биччихмээр байдаг. 

Смит Жулия хүүхэнтэй болзоод, учир ургуулна аа. Болзох гээд явж байгаа нь, болзсон газар нь, болзоот газраа хүрэх зам нь, болзоот хүүхний зан авир, өөрийх нь гаргаж буй зан, үйлдэл зэргийг уншаад, одоо ч иймэрхүү улс оршдог гэж бодогдоод. 

Бидний сайн мэдэх Хойд Солонгос. Хойд Солонгосоосоо оргосон хүмүүсийн ном, тэмдэглэл зэргийг уншихад энд бичигдсэн шиг үйл явдлууд гараад байдаг юм. Чанга ярьж болохгүй, олны нүдэнд ил болзож болохгүй...

Болзоот бүсгүй нь нийгмийн идэвхи маш сайтай. Элдэв лекц, жагсаал цуглаан, бэлгийн харилцаанд орохын эсрэг залуусын холбооны ном тараах гээд л. Харин далдуур бол эсрэг үйлдлүүд үйлдэнэ. 

Одоогийн манай зарим нэг лам нар шиг. Ха ха. Наанаа маш уран чамин үгтэй, нүгэл үйлдэж болохгүй бла бла. Цаагуураа тамд очих дайны нүгэл үйлддэг шиг...

Өө тийм үзэн ядах долоо хоног, үзэх ядалтын хоёр минут гээд л сонин сонин зүйл их уншина шүү. Хэ хэ. 

Соц нийгмийнхэн хөрөнгөтний нийгмээ үзэж ядаж ярьж, ухуулдаг шиг. Угтаа төрийн дайсан. Гэхдээ теледэлгэцээр өдөр бүр ухуулах учир "ардын дайсан" болоод хувирчихаж байгаа юм.  Нэр нь хэн билээ? Голдштейн. 

Үлдсэн тал хэсгээ уншаад дахин нэг төгсгөл бичихийг хичээнэ ээ. Хэдийгээр талдаа орсон ч шантрах үе гарна. Тэр үед нь жижиг нимгэн ном гаргаж ирж уншина. 

Ямартай ч уншиж дуусгана, би чадна аа, нар мандана аа. Хэ хэ. 

Ойрд япон хэлээр ном уншсангүй шүү. Мартчих вий дээ. Хи хи.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.