2023年9月30日土曜日

Хатаасан усан үзэм

Энэ тухай бичиж үлдээхгүй бол гар загатнаад байна аа. 

Уулынхандаа очиж сайхан дайлуулж цайлуулаад, сонин сайхан ярилцаад, бэлэг сэлтээ гардуулаад ирсэн. 

Жил бүрийн өдийд очиж усан үзэм иддэг дээ, байнгын уншигчид минь бол мэдэж байгаа даа. 

Тэгсэн өнөө хэд маань усан үзмээ хатааж үзнэ гээд тусгай хатаагч авчихсан байсан. Хөөх гээд л гайхаад, хамт хийлцсэн. 

Усан үзмээ голоор нь хэрчээд өрж тавина. Энэ дотроо 12 ширхэг тавцантай. Эхний 6-д нь усан үзмээ дээш нь харуулж өрсөн. Доод талын 6-д нь доош нь харуулж өрсөн. 

Хатсаных нь дараагаар хооронд нь харьцуулж үзэх гэж тэр. Тогонд залгаад 24 цаг хүлээнэ. 

Тогтсон цаг болоод гаргаад ирсэн байдал. Энэ зураг доош нь харуулж өрсөн нь. 

Хорчийгоод жижгэрч байгаа биз? Яг л үзэм шиг. Гэхдээ үзмийг бодвол хэмжээний хувьд том.

Энэ дээш нь харуулж өрсөн нь. Голынх нь цагаан зураасыг харахад л ойлгомжтой. 

2 янзаар өрсөн ялгаа гэвэл доош нь харуулж өрсөн нь энэ төмөр тавцангаас салгаж авахад хэцүү, учир нь наалдсан байсан. Дээш нь харуулж өрсөн нь бол амархан, сэгсрээд л таваглачихна. 

Тавагласан байдал. Амттай харагдаж байна уу? Мэдээж маш амттай байсан. Ингэж зарж болох юм байна гэж ярилцаж байна лээ. Мэдээж үнэтэй зарна. Угаасаа хатаасан жимс энд их үнэтэй байдаг. 

Би ч амталж байгаа нэртэй ихийг идсэн. Хэ хэ. 

Номын клубын ангийн дарга энэ зургийг минь хараад хатааж үзэхээр шийдээд, дуковондоо хатааж үзсэн гэсэн шүү. Ангийн бусад гишүүд ч хатааж үзнэ гэсэн. 

Би ч сэтгэлийн хөөрлөөр бараг ийм хатаагч авахыг шахсан шүү. Ха ха. Аваагүй л дээ. Амазонд 40,000 орчим иен байна гэсэн. Мэдээж дээш доош хэлбэлзэх байх. 

Тултал нь ашиглаж чадахгүйгээ мэдээд худалдаж аваагүй л дээ. Урдах талх баригч, тосгүйгээр төмс шарагч нар минь үзмэр болоод тоосонд даруулаад байж буй тул. Яг үзмэр болгоно тийм ээ?

Төмс шарагч ч ёндооных л доо. Нэг газар сугалаа сугалсан чинь таарчихсан. Хи хи. Талх баригчийг хуурай эгчээсээ шахаанд худалдаад авчихсан. Ккк. 

Мөнгө гуай чамайг даа номоо уншиж л байгаа, сэтгэлийн хөөрлөөр худалдаа хийхгүй байх, орлогоос минь зарлага илүү гарахгүй байх. Байнга өөртөө сануулж буй үг. Энэ удаад сэтгэлийн хөөрлөө маш сайн дарж чадсан. Хо хо. 

Энэ жилийн шинэ содон мэдэж авсан зүйл гэвэл усан үзмийг ингэж хатааж болдог байх нь гэж. Монголд бол хуурай орон юм чинь хатчих байх өө, ийм хатаагчтай хатаагчгүй. Ааруул сэрвээдэг шиг ээ л өрөөд тавьчихад хатчих юм болов уу? 

Туршиж үзээрэй, манайхаан. Тэгээд хэлээрэй наддаан. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2023年9月29日金曜日

Цэцэг ба сонин сайхан

Хэд хоног бичихгүй байхаар бичмээр санагддаг болчихож муу блогоо. Хэрэгтэй зүйл ховор ч өөрт минь сэтгэлийн нэгэн тайтгарал олгодог тул бичмээр санагддаг байх даа. 

Мөн худлаа үнэн бичиж суухад адаглаад дүрмийн алдаа гаргачих вий гэж санаа зовж, тархиа ажиллуулна. Хэ хэ. Айхтар ажиллуулж байна уу, энэ тархийг. 

Бас хүн шагайгаад гарсан ч хөнгөн, ойлгомжтой бичих хэрэгтэй гэж бодон бичнэ шүү дээ. Нэгэнт л бичиж байгаа юм чинь тийм ээ? 

Ойрд нам тайван дөө, ганц нэг бичгийн орчуулга хийсэн юм байна. Эхлээд гүүгл орчуулга юм аа, хараад өгөөч гээд. Ажлын газраар дамжаад. Нэг босс амарч таарсан тул, нэг ажилтан маань хүлээж аваад надад өгчихсэн хэрэг. 

Мэдээж эхнээс нь орчуулсан. Гүүгл орчуулга богино өгүүлбэрт бол зүгээр байж магад л даа. Урт бөгөөд уянгын халилтай орчуулганд жаахан тохиромжгүй. 

Тэгсэн маргааш нь дахиад нэг нүүр орчуулга хараад өгөөч гэсэн гэнэ. Манай босс өө энэ чинь тусдаа үнэлгээтэй, тэгээд ч манай хүний үндсэн ажлын агуулгад орчуулга гэж заагаагүй тул үнэлээд орчуулуул гэсэн. 

Ачаар нь би таван цаас авна. Хэ хэ. Мөнгө гуайг болгож өгөх гэж байгаа хүн чинь буцахгүй биз дээ. Өмнөх 2 нүүр орчуулгынхаа мөнгийг ч гэсэн авмаар л байсан. Ха ха. 

Яахав заримдаа 2 улсынхаа найрамдалт харилцааны төлөө сайн дурын ажил хийлгүй л яахав гэж боддогийнхоо хүчинд сэтгэл санаа өөдрөг л байна. 

Мэдээж орчуулга хийхээр шинэ үг, хэллэг мэдэж авдаг. Энэ удаад ч ялгаагүй. Түүнийгээ гол нь ашиглаж өөрийн болгох. 2 удаа хэрэглэж үзсэн. Хүмүүс яасан мундаг юм бэ? гэж магтсан. Ха ха. 

Магтсан хүүхэн хуримандаа гэгчээр дараа мартчихна л даа. Хэлүүлэлтгүй. Гэхдээ байна аа, хүний тархины гол ажил нь мартах гэсэн биз дээ. Мартаад л санаад л...

За тэгээл бурхангүй газрын бумба гэгч нь шүү. Түүнээс чадалтай орчуулагч нарын хажууд үнэн жулдрай. Ичээд байдаг...

Сэрүү орох гээд л байна. Гэхдээ л нэг тийм бүгчим халуун. Саун л гэсэн үг. Хөлрөөд л, хувцас биед наалдаад л. Байгууллагын сэрүүцүүлэгч цаанаасаа хаагддаг юм. Тэгсэн тэсэхээ байсан уу? Бусад байгууллага гомдол мэдүүлсэн үү, хэд хоног асаагаад, сэрүүхэн сайхан л байлаа. 

Энд ч албан газрууд тог цахилгаан гэх мэт зардлаа хэмнээд, бас их тохиргоо хийнэ. 

Нүүрномоор эх орныхоо тухай жаал харах юм даа. Эмгэнэлтэй, харамсалтай үйл явдал нь давамгайлах юм даа. 

Нэг эхнэр нөхөр 2 салсан юм даг уу даа...

30 жилийн өмнөх ногоон автобусыг улсын нууцад хамруулж байгаад л худалдаж авсан юм даг уу даа. Чухам шилэн данс, шилэн тооцоо, ил тод байдал гээд л тунхаглаад байдаг биш билүү? Ингээд идээд уугаад байхаар улс эх орон минь улам л шившигээ тарих юм дөө. 

Энд би мянга өмөөрөөд, дийлэхээ байж байна шүү. Аминдаа монгол хүн ийм шүү гэж харуулах гэж их хичээх юм. Ооё...

Нэгэн гоё цэцгээр блогоо чимнэ ээ. Зураггүй болохоор бичсэн болохгүй байна. Хи хи. 
Эмээ нарын сонирхол. Тэтгэвэрийн насны хөгшчүүл л харагддаг. Чимж, хичээллэж байгааг нь харахад. 

Тэгээд л бодно. Манайх хэзээ ингээд л тэтгэврийн насны хөгшид нь түлээ нүүрсэндээ санаа зовохгүй, өөрсдийн сонирхлоороо цуглаад цагийг үр бүтээлтэй өнгөрөөдөг болох бол? гэж. 
Ахмадын баяр нь бас их л өвөрмөц болдог шиг... Манай хөгшчүүл хороон дээрээ очоод халуун савтай цай уух, сто грамм татах...
Энэ их өвөрмөц санагдаад. Өмнө нь ийм цэцэгний зураг оруулж байсан бол уучлаарай. 

Олон л зураг оруулдаг тул мартах тохиолдол гарах бөлгөө. 

Намар цаг айсуй... 

10 сард нэлээд завгүй байхаар зурхайд буусан тул бага бичих байх шүү. Эртхэн сануулчихая... Ккк

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. Үнжий билүү? Хи хи.

2023年9月26日火曜日

Мөнгө гуай чамайг даа

Зээ ийм нэгэн номыг хуурай дүү минь өгөөд. Ёстой цаг үеээ олсон гоё бэлэг байлаа. Бас зөндөө мөнгө бэлэглэсэн. Зөндөө ном авч уншина аа. Хэ хэ. Маш их баярлалаа. 

Ямартай ч санхүүгийн мэдлэг мэдээллээ дээшлүүлэх санаатай. Энэ сэдвээр ганц нэг ном уншиж эхэлж л байна. Уншсан номнуудынхаа зургийг оруулсан даа санаж байгаа биз дээ?

Мөнгийг маш сайн хадгал гэдэг ойлголт минь бага багаар өөрчлөгдөх гээд л байна. Гүйлгээнд оруулах. Ингэхдээ маш их унших, судлах, мэдлэгтэй болох гэж байна шүү. 

Мөнгө гээч зүйл ямар их үүрэгтэйг, хүмүүсийн харилцааг яаж эвддэгийг өөрийн биеэр амсаад л явж байна дөө. Зээлдүүлсэн мөнгөө нэхэхээс би өөрөө санаа зовоод л. Ха ха.

Япончууд энэ тал дээр маш нухацтай ханддаг юм билээ. Арга ч үгүй биз? Олон туршлага байдаг биз? Бүр нэг гэрийнхэн, насан багын найзууд гээд л аль болох хоорондоо мөнгөний асуудалгүй байх гэдэг юм билээ. 

За тэр ч яахав, ямартай ч эхлээд бага сага хадгаламжтай болох, тэгээд түүнийгээ зөв зарцуулах, мөн орлогоосоо зардлаа давуулахгүй байх...

Хадгаламж минь о.зулзагыг оюутан болоход хэрэглэчихсэн. Энэ талаар хэдий хэмжээний мөнгө хэрэг болдгийг бичээд явсан даа. Эхний нэг жил бол овоо хэдэн төгрөг урсана. 

За тэгээд 2 дахь жил, 3 дахь жилдээ харьцангуй гайгүй, мэдээж төлбөрийг нь бол төлнө. Аар саар мөнгөө өөрөө цагийн ажил хийн болгоно.  

Мөн энэ зун гэрээрээ харьчихаад ирсэн. Гээд л цуглуулсан хэдэн иен дууссан дууссан. Ккк. 

Тэгээд л ийм төрлийн ном уншихаар сэтгэл санаа шулуудаад байгаа юм шүү дээ. Яаж хэрхэн орлогоо нэмэгдүүлэх вэ? 

Дунд зулзага 6 гаран жилийн дараа оюутан болоод л үүрнээсээ ниснэ. Тэгэхээр яалт ч үгүй хадгаламж хэрэгтэй, мөнгө гэж бодож эхэлж байна л даа. Ер нь мөнгө боддоггүй хүн ч гэж үгүй биз дээ?

Бага зулзага? Эгч нарт нь даатгана даа гэсэн шүү юм бодоод л. Ха ха.

Угтаа өөрийгөө мөнгөний асуудалд нэлээд харамч, чанга гэж боддог ч бас өрөвч зан хөдлөөд "тараачихдаг" тал бий. Эргээд харахад овоо хэдэн тооны мөнгийг "хамаатан садан"-даа зарцуулсан байдаг юм. 

За ээж аавыг оролцуулалгүйгээр шүү. Хол байдаг, тэр бүр гүйгээд оччихож чаддаггүй гэдэг утгаараа мөнгөөр л тусалж байна гэж өөрсдийгөө тайтгаруулдаг тал бий бий. 

Хурим найр, баяр цэнгэлд нэг их өгөөмөр хандахгүй л дээ. Өвчин, уй гашуудалд бол аль болох буян болох юмсан гэдэг хандлагатай, хань ижил бидэн хоёр. Заримдаа тэр занг минь ашиглачих гээд байдаг хүмүүс мэр сэр бий бий...

За энэ ч яахав, миний орлогоо нэмэгдүүлэх юмсан, хөрөнгөтэй болох юмсан гэдэг бодлоос ангид байх л даа. 

Сүүлийн нэг жилд ийм төрлийн ном уншихдаа олж мэдсэн хамгийн чухал зүйл гэвэл "баячуудыг үзэн ядахгүй байх, тэднээс суралцах". Хо хо. 

Дэлхийн мөнгөтэй хүмүүсээс суралцах юм даа. Монголд бол жаахан хэцүү л дээ. Мэдээж хөдөлмөрлөж буй хүмүүс бий л дээ. Үгүйсгэхгүй...

Тэдгээр хүмүүсээс суралцахын зэрэгцээ санхүүгийн тухай, эдийн засгийн тухай уншина даа. Мөн өөрийн болгох. Хи хи. 

Хараахан дуусаагүй л байна. Их нухацтай, удаан, тогтож уншихгүй бол толгойд үлдэх нь жаахан хойрго талдаа л байна. Юу билээ? гэж бодон эргэн сөхөж харах гээд л цаг нэлээд орох янзтай. 

Мөнгөтэй хүмүүсийн араас гэлдэрнэ ээ, та нар харин хурдаа жаахан сааруулбал тийм ээ? Хэ хэ. 

Гэснээс энэ залуугийн богино хэмжээний бичлэгийг үе үе үзчихээд байгаа. Загнуулах дургүй хүн чинь хааяадаа алгасна. Ха ха. Жоохон юм байж сүрхий залуу вэ л гэж хардаг. 

Дуусгаад дахин ганц нэг зүйл сараачиж магад.

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2023年9月25日月曜日

Хараацайн төгөл

Багадаа уншсан энэ номны нэг үзэгдэл сэтгэлд их тод үлдсэн байдаг юм. 

Агуулга нь нэг бүтэлгүй охин гарна. Яваандаа анги хамт олон, багш, эргэн тойрны хүмүүсийн хүчин зүтгэлээр зөв замаа олоод, ухааждаг тухай. 

Сая хайрцагнуудаа онгичихдоо бүгдийг нь сөхөж харах завгүй тул энэ л байх гэсэн номоо авч уншсан. Монголд байхдаа эхлүүлээд, дуусгаж амжилгүй, тэгээд эндээ аваад ирсэн.  

харьж ирсэнийхээ дараагаар бас уншиж төдөлгүй явсаар сая бүр хэрэг болгон уншиж дуусгалаа. 

Хэлж байсан даа, хуучны ном зарим нэг хуудасны хор нь их бүдэг юм гэж. Хэвлэлийн л алдаа байх даа. 

Нэг бол он жилийн элэгдэлд орчихов уу? Энэ номыг дахин хэвлүүлээсэй. Яахав, тухайн үеийн намын үзэл суртал гардаг ч гэсэн. 

Багш хүний сэтгэл, зүтгэл, сурагчдаа хаяж чаддаггүй тухай гарна. Мэдээж "муу" багш ч гарна л даа. 

Товч агуулга: Өсвөр насны охид хөвгүүд гарна. Нэгэн сургуулийн нэгэн ангийн хүүхдүүд. Ганц нэг буруу замаар явах гээд, буруу хүмүүстэй нөхөрлөх гээд, ээж аав нь буруу эрхлүүлчихсэн охин, хөвгүүний тухай гарна. 

Байгал охин буруу замаар хэсэг яваад уйгаггүй багш, анги хамт олон, хайр сэтгэл гээд л олон зүйлийн хүчээр "хүмүүжнэ, засарна". 

Нэг хахир багшийн хэлсэн үгэнд эмзэглээд, харамсаад оргоно. Замдаа чонотой тааралдаж хамаг хувцсаа шатаагаад, сэмхэн харж явдаг ангийн хөвгүүн, ангийн багш нь ирж аврагддаг. Яг энэ хэсэг миний ой ухаанд маш тод үлдсэн зураглал байсан юм. 

Яг тэр номоо олж аваад эндээ авчирсан байлаа. Яг энэ үйл явдал гардаг хэсгийг уншаад, маш их олзуурхаж, эрлээ олсондоо баяртай байна. 

"Мянган захидал" номтой адил сайхан төгсгөлтэй. Байгал сэтгэл хархүү Баасансүрэнтэйгээ гэрлэнэ. Гэснээс Баасансүрэн нь ч Байгалд маш их сайн, хээр хөдөө чармай нүцгэн айж сандарчихсан явахад нь багш Дашдорж нь түүний хайр сэтгэлийг олж мэдээд олзуурхана.

Энэ дунд мэдээж Балган Хоролмаа мэтийн дүр гарна. Багш хүн байж маш зэвүүн Балган ч байна. Түүнийгээ дагаад Хоромаа ч байна. 

Эдүгээ үед ч энэ Балган Хоролмаанууд их гэж бодохоор үнэн хэцүү. Хэ хэ. Гэхдээ эдгээр дүрүүд үгүй бол амьдрал бас уйтай ч юм уу гэж бодох...

Гэснээс энэ зураг гоё байна уу? Майханд амарч хэвтэхдээ уншсан байдал. Хажуудах нь айраг. Булганын айраг гэж яриад байдаг, аргагүй л сайхан юм билээ. 

Уухад урамтай. Тэр нь гоё, энэ нь гоё гэж би сайн хэлж мэдэхгүй я ямартай ч уухад зөөлөн, би уугаад л байсан гэхийг бодоход хоолойгоор гоё ороод байсан байх нь. Хэ хэ. 

Ирэх жил ч гэсэн яваад, айраг гүд гүд залгилж байгаад ирэх юмсан дөө. Зоос зоос хурай хурай, миний түрийвчинд нисээд ороод ир...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

Өө тийм, энэ номыг дахин хэвлэвэл гэж бодогдсон. Их бүдэг үсэгнүүд нь. Зарим газар бүр харагдахгүй болтлоо хуучирчээ. Эсвэл миний ном л тийм юм уу? Гэхдээ энэ номны тухай хайхаар гарч ирэхгүй. 

Төв билүү номын санд бий гэсэн мэдээллээс цаашгүй юм билээ. Тэгэхээр дахин хэвлээд хүмүүс уншвал тийм ээ...

2023年9月24日日曜日

Яанам бэ?

Эх оронд минь автын осол үнэн хэцүү юм аа тийм ээ? 

Гарцаар гарч байсан охид, эгчийгээ нисэх дээр гаргаж өгчихөөд харьж явахдаа осолд орсон залуухан сайн бүсгүй гээд л их олон жишээ сонслоо, энэ жил. 

Үнэндээ би ч их л айж байсан. Дүүгээ, аавыгаа машин барихад нь болгоомжтой гээд л, хааяа бол үглэлгүй, дуугай л дотроо залбирч явсан. Жолоочийн хажууд уулга алдаад байхаар жолоочид хэцүү хэцүү. 

Японд ч мөн автын осол их гарна. Нэг ялгаатай нь хууль нь яс үйлчлээд, хуулиасаа илүүтэй нийгэм нь илүүд үзэн яддаг. 

Зөвхөн жолоочоос гадна түүний гэр бүл, үр хүүхэд нь байж суух газаргүй болоод, эхнэр нь ч юм уу нөхөр нь салаад, овгоо солиод, тухайн газраас нүүж өөр газарт очиж амьдрах тохиодол их гэж сонссон. 

Бүр жолооныхоо үнэмлэхийг сунгуулах гээд нэмэлт хичээлд сууж байхад тийм богино хэмжээний кино үзүүлчихдэг юм билээ. Олон зүйл нуршилгүй, нэг залуу халамцуугаар машин барьж яваад, хүн мөргөөд, тэгээд яг дээрх шиг зүйл болоод, хамаг амьрал нь сүйрдэг тухай...

Мэдээж хайртай хүнээ дайруулж, алдсан гэр бүл ч сэтгэлийн тамд унана. Дайрч алсан нь ч сэтгэлийн тамд унана. Ингэхдээ ганцаараа биш, гэр бүлээрээ, ээж аав, үр хүүхэд нь хүртэл...

Согтуугаар машин барихыг хатуу хуульчилж, хамт ууцгаасан хүмүүс нь хүртэл арга хэмжээ авахуулдаг болсон гээд энд тэнд албан газрууд ууж идэхдээ дарга нар нь машинаа унахгүй байх, дуудлагын жолооч дуудах мэтээр зохицуулаарай гэж байнга сануулдаг. 

Бүр дугуйтай ч явж болохгүй, хэрэв уусан тохиолдолд дугуйгаа түрээд явцгаана. 

Бид өөрсдөө л соёлжмоор санагддаг даа. Дүрмээ баримтлаад л, нэг нэгэндээ хүндэтгэлтэй харьцахад болох ч юм шиг. Мөн ойр зуур алхдаг болчихвол, мөн нийтийн унааг олшруулмаар, хөгжүүлмээр тийм ээ? 

Ингээд бичих ч амархан л байх. Заримдаа ч үнэндээ төр засгийг хараамаар санагддаг, бухимддаг үе бий бий. 

Өглөөд сэрээд ээж аав руугаа мэнд мэдэж асууна, дүүгийнхээ гэр бүлийн сонин сайхныг асууна. Зулзагуудынх нь хичээл ном сайн эсэхийг асууна. Аминдаа санаа зовж буй нь тэр. 

Сургууль нь ойр юм уу? Онцын ажилгүй бол орж гарах гэсний хэрэггүй шүү гэж аавдаа байнга захина. Ахимаг насны та минь хүний элдэв гуйлганд бага яваарай гэж хүснэ. 

Өнөөдөр надаас, танаас хол өнгөрсөн энэ ослууд хэзээ нэгэн өдөр дайрахыг мэдэхгүй шүү дээ, тэгэхээр уг нь ярьж хэлж, нэгэнт болчихсон тохиолдолд хуулийн хариуцлагыг нь яс тас хүлээлгэдэг баймаар байна тийм үү? 

Тэгш эрхтэй л хариуцлага тооцдог, хариуцлага хүлээдэг иргэд, нийгэмтэй болмоор санагдах юм дөө. 

2023年9月20日水曜日

Вэн хот

За номын баяр болоод өнгөрлөө тийм ээ. Энэ жилийн сонин содон гэвэл хятадын зохиолч Үй Хуа ирлээ. 

Бид яг энэ сар түүний нэгэн зохиол болох Вэн хотыг уншиж ярилцах байсан. Зун уулзахдаа тэгж тохиролцсон юм. Сонин тохиол байна уу? 

За тэгээд мэдээж өмнөх номнуудтайгаа төстэй, хятадын энгийн ард түмний амьдралыг хүүрнэн өгүүлнэ. 

Энэ хятад хүмүүс дотор ийм хүн чанар сайтай хүн байдаг л юм байх даа гэж бодно. Ха ха. 

Түүнээс хятадууд бол хүний муу муухай бүхнийг агуулсан мэтээр сонсож өслөө шүү дээ. 

За тэр дээрэмчдийн хэрцгий үйлдэл бол зэвүүн, балиар, аймар, хүний ёсонд ийм зүйл байдаг аа гэж бодно. 

Гэснээс манайхныг шийтгэдэг тэр 9 эрүү энэ тэр чинь урд зүгээс гаралтай тийм ээ? Ёстой жигшин зэвүүцмээр...

Тэргүүн бүлгийн гол дүр Шяньфу үхчихдэг, зайлуул. Мөн түүнийг тойрсон хүмүүс үхэж үрэгдэх нь олон. 

Харин их зөв хүнтэй нөхөрлөж, ахуй амьдрал нь сайхан цэцэглэнэ. 

Эрдэмтэй, гартаа ур дүйтэй хүн хөрөнгөтэй байснаас ч илүү ирээдүйтэй гэж эцэг эх нь сургадаг нь чухам үнэнийг хэлчихсэн. Өөрөө ч түүнийг амьдралдаа хэрэгжүүлнэ. 

Төрсөн охиноо хаяад явчихдаг ээжийг нь хайсаар, сүүлд нь дээрэмчний гарт амиа алдчихдаг гунигтай. 

Охиноо хаяад өөр нэг эр дагаад явчихдаг бүсгүй Шиао Мэй. Эхэндээ ч өө ямар толгой нь эргэчихсэн хүүхэн бэ гэж бодон бодон уншина. Дэд бүлэгт түүний бага нас, төрж өссөн тосгон, айлд зарцлагдаж очих, тухайн айлд эзлэх түүний байр суурь зэргийг уншаад бас өрөвдчихнө. 

Үе үед, зуун зуунд охин хүүхдийн, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь их хэцүү байсан гэж бодохоор энэ цаг үед төрсөндөө баярлана. Охидыг нээрээ арай л бас дорд үздэг байжээ. 

Их сонирхолтой өрнөнө, цаашаа яах бол гэсээр л уншиж дууссан. Мэдээж уран зохиол тул зарим нэг зүйлд хэтрүүлэг орсныг үгүйсгэхгүй ч, бас гэнэн хонгор ард их юм аа л гэж бодон бодон уншлаа. 

Түүнээс хятад хүмүүсийн тэр зальжин ухааныг барж идэхгүй бла бла гээд л бид их ярьж бичдэг дээ. Муулж суухаар тэдний тухай унш, судал гэж бичээд байгаа даа, сүүлийн үед. 

Зөв л гэж боддог. 70 хэдэн жил оросыг уншлаа. Одоо өөр зүйл унших хэрэгтэй байх өө, тийм ээ. 

Сонирхолтой тул уншаарай гэж санал болгоно шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. Уншдаг үндэстэн болцгооно шүү цугаараа...

2023年9月19日火曜日

Бэлэг

За тэгээд эх орондоо очсон хүмүүс чинь зөндөө л бэлэг өгч авалцана биз дээ? Хо хо. 

Бид ч эндээс ачааны кг заачихсан юм болохоор бохь, нүдний дусаагуур, ногоон цай, витамин, виски, залуучуудад өгөх ганц нэг жижигхэн хөөрхөн зүйлс, будааны хольц, ганц нэг цамц, ганц нэг усны сав, за тэгээд хүмүүсийн ганц нэг захиас гээд л цүнх нь дүүрчихнэ. 

Тэгээд очоод ганц бохь өгчихөөд л оронд нь үнэтэй бэлэг авахаар санаа зовоод байх юм билээ. Хэ хэ. Монголд юмных нь үнэтэйг ч хэлэх үү. 

Манайд ирэхээр нь гоё бэлэг өгнө өө л гээд байлаа. Хэ хэ. 

Эндээс явж байгаа хүмүүсийн нэг хэцүү нь бэлэг тийм ээ. Аав ээж, ах дүү, хамаатан садан гээд олон хүнтэй уулзах тул бүгдэд нь л жаахан жаахан юмтай оччих санаатай. 

Хамгийн түрүүнд бэлдсэн зүйл минь мэдээж аяга угаагч минь байсан. Худалч хүнд бараг 200-дыг нэхэж бэлдсэн байх. Сүүлд номын клубынхаа ганц нэг бүсгүйчүүлд хүрээгүй, дараа өгнө өө гэж бодож байгаа шүү. 

Аяга угаагчныхаа үнэнч фенүүдэд олон ширхэгийг өгсөн. Бараг нэг жилийн хэрэгцээ нь байна гэсэн шүү. Аштайв даа гээд би ч өөрөө баярласан. 

Харин голдог хүмүүст өгөөгүй ээ, өөр өөрсдийнхөө хэрэглэж дадсан зүйлсээ л хэрэглэцгээе тийм ээ. 

Үүнийг хэн өглөө санадаггүй ээ. Нэг туршлага суусан нь дараа очоод хүмүүс бэлэг өгөхөд нь бэлгийг нь бариулаад хамтдаа зураг татуулах нь зүйтэй гэж бодсон. 

Эхнээс нь хэн өгсөн билээ? гээд хольж хутгаад байх юм билээ. Ха ха. 

Зоосон мөнгөний хэрэглээ өндөртэй энд их зүгээр. Хэмжээ нь яг таарсан. Урд нь бэлгэнд авч байсан нь жаахан жижигхэн байсан. Хадгалчихсан, хааяа улсаа танилцуулах өдөрлөгт гаргаж ирдэг юм. 

Сүүлийн үеийн иймэрхүү бэлэгний хээ угалз нь энд арай л хурцдаад байдаг. Ялгуун билүү алчуур байна, силкэн ноолууран ороолтнууд, гар цүнх гээд л. Би зарим нэгийг нь ээждээ бэлэглэчихсэн. Хэ хэ. 

Кошлонкыг нь харин хэрэглэдэг. Том жижиг. Бас нэг иймэрхүү зурагтай кошлонкийг о.зулзага аваад явсан. Хэдэн жилийн өмнө л дөө. 

За тэгээд дансаа өг гэж байгаад л бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө өгсөн эгч, дүү нартаа баярлалаа. Ном худалдаж авсан шүү, мөн эндээс онлайнаар захиалчихна үлдсэн мөнгөөрөө. Хэ хэ. 

Зулзагууд ганц нэг эвлүүлдэг модон сувинер авсан, онгоцны буудал дээрээс. 

Ийм зурагтай аягануудтай болсон. Хүүхэд жаахан байхад угаасаа аяга их хагардаг даа. Ийм хэлбэртэй аяга маань цөөрчихсөн байсан тул аваад ирсэн. Увсаас, Номин их дэлгүүрээс гээд хүмүүс авч өгсөн. Баярлалаа. Хагалчихгүйхэн шиг удаан хэрэглэнэ ээ. 

Өөр ямар бэлэгтэй ирлээ? Нүүр номдоо оруулсан нь энэ л байна. Дараа дахин зураг оруулна аа. Хөөрхөн хөөрхөн зүйл байсан. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2023年9月18日月曜日

Тайван дөө

За баахан л бурлаа. Хэ хэ. Зарим нэг хүмүүст сонирхолгүй байсан бол уучлаарай. 

Амьдрал буцалж байна өө, бидний. Монголд хотод байгаа та хэдийг бодвол ч айхтар буцлахгүй л дээ. Пор пор хийж. 

Наддаа л буцлаад байна. 

2 ч хагас сайн өдөр дарааллан зулзагуудын тамирын өдөрлөг болов. Дунд зулзага дунд ангид дэвшсэний анхных нь. Нэлээд хариуцлага өндөр байх шиг байсан. Бас нэлээд галзуу талдаа юм аа гэж дүгнэв. 

Монголд хүмүүс бас тэгээд байсан. Аавын юм байна, амиа аргалахтайгаа л юм байна, цагаа тулбал. Дуу чангатай юм билээ. 

Гэж хүмүүсээс сонссон. Өөдөөс цор цор гээд байдаг нь ч угаасаа дуу чанга чанга. Нүд нь эргэлдээд л, уруул нь цорвойж ирээд л урдаас тайлбар тавихдаа гаргуун...

Зулзагууд томроод лүд ч болох шинжтэй. Харин ч о.зулзага минь хамгийн даруухан нь болж таарах гээд байна шүү. Чанга талдаа, дүү нараа базсан шиг. Нэг бодлын амар амар. Хэ хэ. 

Анги нь нийт дүнгээрээ тэргүүлсэн. Ангийн дарга тул зулзага төлөөлж урд гарч шагналаа авсан. Эргэж харснаа "авчихлаа шүү дээ" гэж нэг их чанга орилж энэ тэр. Угтаа бусад дээд ангийнхны эрчүүд нь л орилоод байх шиг байсан юм. 

Гэснээс нэг анги 2 ангийн даргатай. Эрэгтэй, эмэгтэй гэж. Зүгээр ч юм шиг санагдсан. Ханиндаа...

Бага зулзага маш дэвшилттэй. Түрүү жилийнх дээр уйлж чарлаагүй ч тувт нэг багшийн гараас хөтлөөстэй оролцсон юм. Багш л гараас нь хальт чирээстэй гэж хэлэхэд тохиромжтой шахуу л оролцсон юм. 

Энэ жил яасан? Бүр нэг "хүн шиг" оролцов. Гүйж харайгаад л, гар хөлөө даллаад л ээж аавыгаа олж харахаараа. Хэ хэ. Бүр нэг хайр хүрэм байлаа. 

Наана нь ч өөрөө би хичээж гүйж байгаа тул, ирж үзээрэй гэж томроод л  байсан. Бид ч за даа, тухайн өдөр нь харж байя даа гэж хоорондоо яриастай.

Өөрт нь болохоор, өө тэгэлгүй яахав, үр минь. Заавал очиж үзээд дэмжинэ шүү дээ гэж урам зориг өгнө. Өнөөх минь хөөрөөстэй, нүд нь гялалзаад л... 

Дуусаад багшаасаа хөөрхөн бяцхан бэлэг авцгаагаад, ээж аавдаа хөтлүүлсэн баатрууд додьгор гэгч нь харьцгааж харагдсан. Хэ хэ. 

Арга хэмжээ дуусаад, ээж ажил руугаа. Ээжийн ажил дуусгаад бүгд уул руугаа. Ойрд яваагүй, монголоос авчирсан бэлэгээ ч өгөх гээд, хамгийн гол нь очиж усан үзмээ идэх гээд өө. Хи хи. 

За түр баяртай. Нэлээд завгүй болох төлөвтэй, угаасаа бидний ажил дандаа л яг сайхан давхцдаг. Сонин шүү. Огт төлөвлөгөөгүй үедээ юу ч байхгүй, хийцгүйрсэн улс байна. 

Давхцахаараа бүр яг дээрээс тааруулаад байгаа юм шиг санагддаг шүү, заримдаа ч. Ха ха. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2023年9月17日日曜日

Муу хүн идсэн ээ 2

Идсэн тухай сэдвээ дуусгая гэсэн чинь хамгаас дуртай идээнийхээ зургийг оруулахгүй бол тэр минь гомдчих гээд өө. Хэ хэ. 

Ай хайлмаг минь, хайлмаг минь. 

Нүүр номд долоон булчирхайгаа тоочиж байдгийнхаа ачаар очсон айл болгон минь гоё хайлмагтай, өрөмтэй, ааруултай. 

Хөдөө үзэм тэр бүр байхгүй учир үзэмгүй ч гэсэн янзын сайхан амттай хайлмаг хийх юм өө. Талхан дээр хуруу зузаан, бүр тэрнээс ч зузаан түрхэж идээд л...

Хажуунаас хүмүүс пологтов оо гэж сануулаад л. Хүний үг авалгүй, бага зэрэг бачимдаад авсан, яаж зүгээр байхав. 

Стүжингийн маань сүүлийн хэрчим. Зураг даралгүй байж чадаагүй. Хэ хэ. 

Шинэхэн өрөм. Боорцог. Гоё хослол биз дээ. Эх орноо танилцуулахдаа өрөм боорцог гэж ирээд л ярьдаг юм. Тэгж ярьж гайхуулдгаа санан санан идсэн дээ. 

Элгэн тараг. Сахар хийхгүй л ууна. Би элдэв юманд сахар хийх дургүй талдаа. 

Мөн л эндхийн багачуудад манай улс чинь цагаан идээгээр арвин баялаг орон шүү гэж ирээд л гайхуулдаг хүн чинь өөрөө сайн идсэн нь дээр биз дээ. Нэрэлхээд нэрээ идэх биш. ккк

За ингээд ёстой жинхнээсээ идсэн уусан гэсэн сэдэв өндөрлөж байгааг албан ёсоор мэдэгдэхэд таатай байна. 

Гэхдээ арай өөр уусан идсэн сэдэв гаргаж ирээд л бичих байх шүү. Угаасаа энэ блогт би өөр юу бичих билээ? Ха ха. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2023年9月16日土曜日

Муу хүн идсэн ээ

Би муу хүн шүү. Нэг их сайн хүн лав биш, ойлгомжтой биз дээ? Байнга л идсэн уусан бичвэр. Ха ха.

Найзынхаа лагерьт очиж дайлуулсан. Зөндөө гоё хоол хийгээд хүлээж байсан. Улаан дарстайгаа. Найз минь дарсанд нугасгүй. Дараа 1 шилийг ууна аа. Хэ хэ. 

Би идсэн уусандаа жаахан пологтоод, бас машинд зайлагдсан уу? Идэх дур хүсэл муу байсан. 

Яагаад ч юм сайн идэж чадаагүй. Одоо бол гүйж очоод идмээр л байна. Хо хо.

Зээ, энэ ижий аав 2-н минь гараа гаргаж хийсэн хонины гэдсээр хийсэн бууз, банш. Жигнэсэн гурил. Гурил нь юутай ч билээ хольсон гэсэн. Хэд хэдэн удаа ч жигнүүлж идсэн. Ёстой сайхан байсан. Одоо санаад байна өө. 

Дахиад хэдэн жилийн дараа би шинэ шөл уух юм бүү мэд...

Жаахан өлссөн үед таарсан. Бэрийн минь гараа гаргаж хийсэн цуйван. Бид ёстой шуурхайлан ороод, дорхноо дуусчихсан. Хэ хэ. Бага зулзага хүртэл маш сайн идсэн. 

Хөдөө, гүүн зэлний хажууханд, майханд дүүгээрээ хоолоо зөөлгөж идсэн шиг жаргасан. Хэ хэ. Сайндаа ч биш ээ, ирсэн өдрөө бага зулзага машинд, хол замд яваад жаахан эвгүйрхсэн байх. 

Унжийгаад, нурмайгаад, намайг хажуудаа уячихаад. Тэгээд л би хоолоо, айргаа зөөлгөсөн. Түүнээс өөрөө л гүйж очоод иднэ шүү дээ. 

Монголд нэг сайхан нь нар их орой жаргана тийм ээ. Гэхдээ бас хүүхдүүдийн унтах цаг оройтоод байх юм билээ. 

Малчин айлын маань эгч хийсэн стүжин. Бид ёстой азтай. Стүжин хийснийх нь дараа өдөр нь очсон байна лээ. Хэ хэ. 

Түүнээс бас тэр бүр ойр ойрхон стүжин хийхгүй ээ л гэж байсан. Би ч дуртай юм болохоороо азтай азтай. Бас л олон жил идэхийг мөрөөдөж, арааны шүлс асгарсан шүү дээ. 

За ёстой японд юу ч идэж уудаггүй хүн шиг л баахан идсэн уусан тухай. Тун удахгүй дуусах байх аа, энэ сэдэв. Хи хи. 

Тэвчээртэй хүлээгээрэй. Түр баяртай. Бүгдэд нь амжилт. Гадны хүнс гэлтгүй, өөрсдийнхөө хүнсийг түлхүү хэрэглээрэй. 

2023年9月15日金曜日

Жимсчин болов

Өнгөрсөн дурсамжаа л тайлагнаад явчихаж, сүүлийн хэдэн бичвэр. 

Одоогийнхоо, эндэх үйл явдлаас ганц нэгийг сийрүүлье дээ, энэ чинь одоо. 

Хааяа нэг ууланд жимс түүж байна. Хүн хүч хэрэгтэй байна гэхээр нь очно. Түүнээс амралтын өдөр бүр дуудахгүй л дээ. 

Гэртээ зүгээр сууж байхаар, хөдөлгөөнгүй сууж байхаар гэж бодоод. Аминдаа хөдөлчих санаатай. Өө би хөдөллөө гээд гараад гүйчихэж чадахгүй л байна. Хэ хэ. 

За тэгээд ямар жимснээс хураалцаж байна гэхээр? 20 зууны лийр. Анх Чиба мужид тариалж эхэлсэн, одоо ч тарьдаг шиг байна лээ. 

Суугуул нутаг бол үүнийгээ бренд болгоод, намар өдийд сайн ч рекламдана. Ийш тийш нь явуулна. Захирагч нь ихээхэн ач холбогдол өгч сурталчилгааны ажилд гар бие оролцоно. 

Модондоо ийм цаасанд углаастай байна. Боловсроогүй байхад нь ууталдаг гэсэн. Би өөрийн нүдээр харж байгаагүй, дараа тэр уутлах ажилд нь ч гэсэн оролцож үзье гэж бодсон. Их хэцүү гэж сонссон. 


Цааснаас нь гаргаад, ангилна. Гаднаа өө сэв байна уу? Цохигдож уу? Өмхийрч ялзарсан байна уу гэх мэтээр нь ангилж тавина. 

Анхан шатны, цагийн ажилчдын ялгасныг ахмад ажилтнууд давхар шалгана. 

Тэгээд хэмжээгээр нь ангилаад, хайрцаглана. Том жижиг хэмжээгээрээ үнэ нь өөр өөр байна, мэдээж. Амт бол ижил. Хэмжээний хувьд 4-5 ангилаад байх шиг байсан. 

Ойроос харахад ногоон алим шиг. Амт нь мэдээж өөр. 

Энэ 20-р зууны лийр гэдэг нь шүүслэг, исгэлэндүү амттай. Нилээд чихэрлэг улаан лийр гэж байна. Хүмүүс янз янз, би энд нь дуртай ч гэх хүн бий. Өө би илүү чихэрлэгтэйд нь дуртай ч гэх хүн бий. 

Би юу? Бүгдэд нь дуртай. Хэ хэ. 

Жимс хураалцсаныхаа ачаар зөндөө жимстэй ирээд, зөндөө хүмүүст тараав. Би өөрөө тариад, өөрийн жимсээ хураасан хүн шиг л. Хэ хэ. 

Яагаад тийм ихээр нь надад өгсөн бэ гэхээр? Гаднах хэлбэр, хальсных нь өнгө өөр ч гэх юм уу? Нэг бол энд тэндаа жаахан хар толботой ч гэх юм уу? Тийм жимснүүд нь зайлуул зарагдахгүй, ихэнх нь хаягддаг гэсэн. 

Хайран биз дээ? Түүнээс арилгаад идэхэд амт бол сайхнаараа. Хөргөгчиндөө хийж хөргөж байгаад идэхэд янзын янзын. 

Бид жил бүр хэд хэдэн хайрцгийг худалдаж аваад, тухайн жилдээ бидэнд тусалсан дэмжсэн хүмүүстээ явуулдаг. О.зулзага бүр нэхэж ирээд л, тэдэн гэхэд ирүүлсэн байж амжих уу? гэж ирээд л хошуугаа унжуулахаар нь хүний л ээж аав болсон юм хойно шуурхайлан явууллаа шүү дээ. Амжсан гэсэн. Бодвол хүнд өгөх гэж байсан байх. Хо хо. 

За нэг иймэрхүү суугуул нутагтаа ч хачин идэвхитэй хүн байна өө. Ийш тийш эргэлдээд, гэм нь жин л хасаж өгөхгүй юм. Яалтай. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2023年9月14日木曜日

Номоо чирсээр л

Номоо чирсээр л. Хэ хэ. 

Гэхдээ байна аа, Интерном, Азхур гээд л номын дэлгүүрээр тухтайхан, таатайхан хэснэ гэсэн мөрөөдөл тээсээр л эх орондоо буусан. Амжаагүй ээ. Өнөөх л түгжрэлээс айгаад, бас төрөлх хот минь миний багадаа өссөн, дурсамжинд үлдсэн тэр л хотоос минь тэс өмнөө болчихсон угтсан. 

Хаана яваад байгаагаа мэдэхээргүй, тэгж л их өөрчлөгдсөн байсан даа. Хуучнаар тэнд явж байна гэхээр нь л өө тийм үү, гэж хавь орчноо гайхна. 

Энэ удаад шинэ хуучин нийлсэн овоо хэдэн номтой ирсэн. Найзууддаа эрхэлж захьсан ганц нэг ном, өөрөө худалдаж авсан 2 ном, ганц нэг хуучны ном. 

Харри Поттер 1,2 байсан. Би хураасан хайрцагнаасаа олж ирсэн юм. Тэгсэн хэвлэлийн алдаа гэх юм уу? Цавуу энэ тэр нь сонин байсан. Хальт уншаад эндээ хаячихна гэж бодож байгаа. Эвийг нь олоод уншихыг хичээнэ ээ. 

Эхнээс нь уншаад эхэлсэн. Бидний журмын нөхдийн 9 сард унших номонд нэг нь яваа юм. Ямар ном гэдэг нь удахгүй тодрох байх. Сонирхолтой санагдсан. 

Би хальт Емартын Хан-Уулын салбараар дайраад гарсан, тухтай саатаагүй, асуусан хэдэн номны минь 2 нь байсан. Бусдыг нь гандан буурахгүй, найзууддаа захиад л амжсан. Хэ хэ. 

Баярлалаа, та бүхэндээ. Буян нь түм бумаар нэмэгдэг. 

Сэрүү орох гээд л дуншаад байна, хаа нэгтээ ном шагайхад аятайхан улирал дөхөж л байна. Би ч гэхдээ улирал харгалзахгүй уншихыг хичээнэ ээ. Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь ажмилт. Уншдаг үндэстэн болцгооё. сонгууль ч дөхлөө. Ккк.

2023年9月13日水曜日

Уусан уусан

Дандаа л идээд яваагүй ээ, хажуугаар нь амжуулаад уусан. Ха ха. 

Банк орсон чинь дараалал ихтэй, сүүлдээ ам цангаад, ойрхон байсан CU-гээс аяга боргол авч уув. 

Тэгсэн бэлэн мөнгө байдаггүй ээ, дүүгээрээ даалгав. Хэ хэ. Монголд чинь дансаа өг дөө шилжүүлчихье гэдэг болсон байна лээ. Нэг бодлын амар. Нэг бодлын эрсдэлтэй. Хэ хэ. 

Нэг удаа ганцаараа таксидав. Таксины жолооч залууд хариулт мөнгө байдаггүй. Би өөрийнхөө дансны дугаарыг мэддэггүй, дүү рүүгээ утасдаж асуугаад, дүүгийн данс руу шилжүүлэх гэх мэт хөгтэй гэмээр зүйл тохиолдоно өө. 

Энэ чинь л монгол шүү дээ, гэж өөрийгөө хөгжөөнө. Хэ хэ. 

Энэ 3-ыг хольж уугаад, гостсон бөлгөө. Их гоё зөөлөн ороод л, би монгол шар айраг гээд л хөөрөөд уугаад байсан чинь байхгүй, маргааш нь дотор бас л эвгүй байсан шүү. Хи хи. 

Дараа дахин хууртахгүй ээ. Бас энэ солонгосчуудыг дуурайж найруулж уухгүй ээ, мэдэв үү? Ккк. 

Үүнийг найзындаа. Гэхдээ дуусгаж амжаагүй ээ. Найз минь жаахан гонсгор байсан байж магад. Дараа даагаа нэхнэ ээ. 

Яасан гэхээр ирээд удаагүй хүн чинь тос хайлмагаа ихдүүлсэн. Хэ хэ. Бага зэрэг дотор бэмбэгнээд. Бас машинд зайлагдсан юм болов уу? Одоо бодоод байхад. 

Хоол нэг л орж өгөхгүй байсан мөртлөө хайлмагтай талх идээд байгаа юм өнөөх чинь. 

Бүгдэд нь баярласан шүү. Ам цангахад ундаагаар дайлсанд, хэхэ. Дараагийн удаад би та нарыгаа дайлна аа. Амлая. Уг нь манайд хүрээд ирвэл ч гарынхаа ундаагаар дайлахгүй юу. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2023年9月12日火曜日

Усанд явсан нь

Ижий аав хоёр минь хотын зах руу гэр хороололд байдаг юм. Нэг тэнд оччихвол буцаад хотын төв гарах гэж, нэг хотын төв орчихвол буцаад гэртээ ирэх гэж бас л асуудал байсан. Хэ хэ. 

Түгжрээ түгжрээ, дээрээс нь настай хүнийг элэг барьсан жолоочид. Том том машинаараа шахаж, бараг мөргөж орж ирдэг жолоочид муухай байсан.

Бага зулзагаа дагуулаад л усанд явлаа нэг өдөр. Гэхдээ худаг хүртэл алхаагүй ээ. Машинаар явчихна. Хэ хэ. 

Усанд явсан гэж хэлэхэд бэрх үү. Гэхдээ байна шүү дээ, хөдөөнийхөн ч гэсэн малдаа мотоциклээр, машинаар явж харагдсан шүү. 

Юм болгон нь л машин, мотоцикл гэх мэт болчихсон байсан. 

Зулзага гайхаад л байх шиг байсан. Хажууд нь өөрийнх нь насны хоёр эгч өөрсдөөс нь ганц нэг насны л болов уу зөрүүтэй дүүгээ дагуулчихсан ус авах гээд ирсэн. 

Миниий хайр хүрчихсэн. Би хажууд нь тансаглаад машинаар ус авч энэ тэр. 

Тэгсэн энэ жаалуудыг хар л даа. Түрдэг тэрэгтэй, хажууд нь асран хамгаалах том хүн байхгүй, дээрээс нь дүүгээ дагуулчихсан. 

Насандаа баймгүй эр зориг, хүч чадал, ухаан. 

Гэтэл манай зулзагууд хажууд нь нялзрай нь дэндсэн, нялцгай нь дэндсэн гэж бодож амжсан. 

Бас нэг таалагдсан нь худгийн гадаах энэ цэцгийн мандал. Энхэлгэнэ цэцэг. Ижий минь мөн хашаандаа тарьсан байсан. Зун цагт монголын хөрсөнд их л тохирдог бололтой санагдсан. 

Их хөөрхөн өндөр өндөр ургасан харагдана лээ. 

Би цаг завтай байсан бол энэ жаахан охидтой хууч хөөрөлдмөөр л байсан. Даанч надад цаг зав их хомс байсан. 

Хүмүүс урьж залаад, ирж очоод, би гал тогоо барихгүй бол болохгүй. Ганц удаа ч болов аяга тавгийг нь угааж өгөх санаатай, хэрэндээ хичээсэн. Усаа халаадаг халаагч нь бас тохиргоо нь хэцүү юм билээ. Шалзлам халуун гоожоод, аргаа олох гэж бас л хөөрхөн хэд хэдэн удаа халцгай халцгай болсон. 

Гэр хорооллынхон усыг асар их хэмнэдэг шүү. Хотын цамаан та нар усаа сайн гамнаарай, хэмнээрэй, хайрлаарай...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2023年9月11日月曜日

Элсэн манхан

Хөгнө Хаан уулын баруун талаар сунаж тогтсон элсэн манхан байна. Элсэн тасархайн нэгээхэн хэсэг. 80-д км үргэлжилдэг Элсэн тасархайн нэгээхэн хэсэг.

Их гоё тогтоцтой юм билээ. Би Элсэн тасархай орж үзээгүй, сонссоноос цаашгүй. Жуулчидтай явж байхдаа замаас хазайхаасаа төвөгшөөгөөд очоогүй өнгөрсөн удаатай. 

Төвөгшөөх ч юу байхав, хойшоо цаг нартай ажилдаа л яарсан хэрэг.  

Тэгсэн энэ жил ингэж нэгээхэн хэсгээс нь үзэж, аялах, зугаалах, хөгжилдөх хувь заяатай байжээ. 

Гэрээрээ, дотны хүмүүстэйгээ аялах сайхан тийм ээ? Хүүхдүүд элсэн дээр хөл нүцгэн гүйлдээд. Холоо гэгч нь оччихоод, бас хүн айлгаад. Төөрчихнө гэж сандраад. Бүрэнхий ч болж байсан. 

Суугуул нутагт минь элсэн манхан бий. Даваад цаана нь гарахад япон тэнгис үргэлжилдэг. 

Бэлэгшээв. Айлынхаа ах эгчийг манай суугуул нутагт айлчлаарай гэж урив. 

Орой сэрүү ороод, элсэн хээ хатуураад дагтаршаад, жаахан ухахад хүйтэн байсан. 

Мөрөө гаргацгааж, хонь ямаа, үхрийн мөр олж харан баясалдав, хүүхдүүд. Мөн хоргол харагдсан. Бага зулзага гэдэс нь жаахан эвгүй байсан, шингэвтэр баасан. 

Тэгснээ түүнийгээ элсээр нуугаад байна аа, бас. Нэг сурсан нь тэр. Хүндэрчихээд, шороогоор булдаг. Хэ хэ. 

Бид олуулаа явсан тул 2 хэсэгт хуваагдаж, нэг хэсэг нь элсээн манханаар зугаалах. Нөгөө хэсэг нь арай өөр хөтөлбөртэй. Хэ хэ. Бичих гэхээр зөв бурууг мэддэггүй ээ. 

Нум сум харвасан гэе дээ. Хи хи. 

Би харвамаар л байсан. Бага зулзага хаа ч явсан ээж гэж орилоод, тувт зүүгдээстэй байсан. Арга ч үгүй байх, хэлийг нь ойлгохгүй баахан хүмүүс дунд үлдэхээсээ айсан байх. 

Монгол хэлээр маш сайн ойлгоод байгаа хэрнээ эргүүлээд өөрөө хариулах гэхээр чадахгүй, японоор л хариулна. Цаадуул нь ойлгохгүй. Хэцүү байсан байх, хөөрхий минь. 

Бидэн хоёр хаа ч явсан хамтдаа л явлаа. Нэг бодлын өрөвдмөөр. Хайр хүрмээр...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2023年9月10日日曜日

Хөгнө Хаан уул

Бид Хөгнө Хан уулын бэлд шахуу малчин айлд очсон. Дамаа таньдаг байсан эх эгч нартайгаа биечлэн уулзаж, сайхан дайлуулж цайлуулж, ахаа эгээ болсон. 

Ёстой сайхан зочломтгой айл саахалтууд байсан. Тойроод 2 ч дүүгийнхээр нь ороод амжсан.

Гүүнийх нь зэлний ойрхон майхнаа барьж эрхэлсэн байдаг юм. Очсон өдрөө бага зулзага машинд ядраад, шууд нам. Би ч тэр чигт нь дарж аваад, маргааш өглөө нь сайхан сэргэлэн босоод ирсэн. 

Аавтайгаа морь унаад сүрхий. Бүр буумааргүй байна гээд. Өхөөрдмөөр...

Номхон борьдоо бэлдчихсэн, бидэнд зориулж. Манайхан л жаал ноолох шив дээ. О.зулзага морьноос унасан. Яаж зүгээр байхав. Хэ хэ. Тухайн үедээ жаахан урвайсан ч сүүлд хөөрхөн дурсаж яриад, өөрийгөө их мундаг зөөлөн унасаныгаа гайхаад л... Ккк. 

Тохой нь, мөр нь бага зэрэг шалбарсан байсан. Огцом уруу газар байсан. Унасан морь нь уруудахад бараг анх удаагаа унаж байгаа хүн тэнцвэрээ алдсан байх.

Майхан дотроосоо. Алсыг ширтэж, ингээд явж байгаагаа зүүд ч билүү гэж бодсон шиг. Хи хи.
 
Тэр цаана дүнхийн харагдах нь Хөгнө Хаан уул шүү. Би ч анх удаагаа очив. Мөн энэ уулын талаар худалч хүнд анх удаагаа сонирхож үзэв. Бас л үүх түүх бүхий л уул юм билээ. 

Халхын өндөр гэгээн Занабазар, Ойрадын Галдан бошгот нартай холбоотой. Нэрнийх нь хаан гэдэг үг нь Галдан бошгот хаантай уялддаг юм байна. 

Дэлгэрэнгүй сонирхвол өөрсдөө хайж уншаарай, мэдээлэл байсан шүү.

Ямартай ч эх орныхоо нэгэн сайхан газарт очиж амраад ирсэндээ сэтгэл тун тааламжтай болой. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

Жич: ...Хөгнөхаан уулын нэрний тухайд нэгэн хууч яриа байх агаад уулын тагтад Халхын өндөр гэгээн Занабазар өөрийн хэдэн шавь нарын хамт нэгэн гайхамшигтай дуганыг босгожээ. Тэр дуган алтан ганжиртай, зун цагт хурал ном хурдаг, даяанч лам нарын шавилан суудаг ариун номын газар байв.  Гэтэл цагийн байдал ороо бусгаа болж Халх Ойрадын хооронд дайн дэгдэж Галдан бошигтын цэргүүд Хөгнөхан уулын ойр орчинд Өндөр гэгээн Занабазарын албат лам нарын суудаг Өвгөн сүмийг хайж ирэхэд сүмийн лам нар алтан ганжирыг навтсаар боон далдалсан учир цэргүүд ололгүй буцжээ. Гэтэл нэгэн эмгэн “цэргүүд буцаад явчихлаа, одоо энэ муухай навтсан боодлыг авъя” гэжээ. Цэргүүд хайрханаас бууж зэргэлдээх уулын оройгоор явж байтал нуугдаж хоцорсон Өвгөн сүмийн алтан ганжир өглөөний ургах наранд гялалзаж байхыг хараад эргэн ирж сүмийг олоод 100 орчим лам нарыг баривчлан хүзүүгээр нь хөгнөн холбож амийг нь хороогоод сүмийг галдан шатаасан түүхтэй...

2023年9月9日土曜日

Хорхог, боодог, гэдэс

Хань ижил ирэв ээ. Тэгээд л ер нь бидний "хорхог" ажиллагаа эхэлсэн. Хэ хэ. Хадмынд, манайд, найз нөхөд гээд л. Хэдэн ч хөөрхөн халуун хошуутай малын амийг таслав. Уучлаарай...

Аминдаа бидэндээ халуун чулуу атгуулж ядаргааг минь тайлах гэж зүтгээд л. Сэтгэл нь сайхан. Ганц нэгт нь хань ижил, дүү минь ханцуй шамлан хийлцэнэ. Ганц нэгийг нь биднийг гар хүргэлгүй л амжуулчихна. Баярлалаа, та нартаа.

Зээ, энэ миний өөрөө гэдсийг нь шувтарч хийсэн, чанасан гургалдай. Авга эгчийн минь охин гэж ажилсаг, аманцар эгчээрээ заалгаж аваад л шувтарсан. Ха ха. Хөгжилтэй байсан. 

Хотод өссөн би энэ мэт зүйлсээс хол хөндий өслөө шүү дээ. Дажгүй сайн арилгаж байна гэж магтуулсан шүү. Хэ хэ.

Зээ, үүнийг хуурай дүү нар хийж дайлсан биднийг. Ёстой зөөлөн, ялз чаначихсан, амттай ч гэж юүхэв. За тэр гурил бол ч янзтай. Өдөр очоод л шөнө дөл болтол суугаад, зарим нэг хүмүүс бүр унтаагүй, дурсамжтай нэг өдөр байсан.Хо хо. 

Эндээс төгсөөд явсан 2 хөөрхөн залуу найз охидоо дагуулж ирсэн. 

Мөн хань ижлийн бас нэг танил дүү ирж нэлээд буу халж суусан. Зөндөө гоё монгол бэлэг өгсөн. Баярлалаа бүгдэд нь.

Үүнийг аманцар ажилсаг эгч маань надад зориулж хийж өгсөн. Тансаг амттай юм билээ. Элэгийг сэмж өөхөнд нь ороож байгаад чанаад, дараа нь хальт шарж идвэл бүр ч тасраад л явчих юм билээ. 

Бид олуулаа бужигнаад, шарж амжаагүй ч үнэндээ л тансаг амттай, хань ижил бид 2 булаацалдан барин идсэн. Ха ха.

Хөдөө идсэн тансаглал. Гэхдээ энэ их орой идсэн. Бид өдөр нь өөр нэг айлд хорхог гэдэс идээд. Элсэн манхан явж зугаалаад, нэлээд орой харанхуй болсон хойно очиж идсэн. 

Тэгээд нэг их сайн идэж чадаагүй ээ. Одоо бодх нь ээ цохиж  байдаг байж гэхгүй юу. Ха ха.

Асар их ажиллагаатай хоолоор биднийгээ дайлсан та бүхэндээ маш их баярлалаа. Архиан бага ууж, айргаан тааваараа уугаарай гэж хөдөөнийхөө та нартаа захиж хэлье ээ. 

Орсон гарсныг байгаагаараа дайлдаг, буцахад минь юу байгаагаа барьж гүйдэг сэтгэл нь цагаахан та нартайгаа дахин уулзахын ерөөл дэвшүүлье ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье ээ.

2023年9月8日金曜日

Цагаан идээ мину зэ

Цахим хуудсандаа чихэрт дургүй шүү, ааруул цагаан идээнд дуртай гэж бичдэгийнхээ буянд зөндөө ааруул, ээзгий, өрөм тос, хайлмаг идсэн. 

Тавгийн чихэр биш, тавгийн ааруу бэлдсэн айл их байсан. Ижий минь тавгийн чихэрээ хөргөгчиндөө хийчихсэн, гаргахгүй хөөрхөн. 

Гэхдээ бусад хүмүүс орж ирэхэд гаргаж тавихаар нь би бас дуугай байгаагүй үглээд л авсан. 

-Битгий авч бай, тэгэхээр чинь гаргахгүй шүү дээ. Бусдын хүүхдүүд ч гэсэн эрүүл саруул байг. 

-Уг нь тийм. Гэхдээ одооны хүүхдүүд ааруул, ээзгий тоохгүй байна, чихэр хүсээд байдаг, бас хааяа ааруул олдохгүй, хотын бидэнд.

-Хоосон байж болно шүү дээ, цай аягалаад л. 

-Тэгж бас болдоггүй юм аа.

Мэдэхгүй юм даа. Би энд хүүхдүүдэд чихэр тавагладаггүй. Цай, ундаа өгнө, хоолны дараагаар зайрмаг өгнө. Ааруул байвал тавина. 

Түүн шигээ л санаад. Гэхдээ л өөрчлөх хэрэгтэй биз дээ? Гадаад явж галуу швууны мах идсэнгүүд нь. Хэ хэ. 

Мөн эндээс би ганц ч чихэр авч яваагүй. Энэ бол том дэвшил байлаа. Түүнээс хань ижил чихэр чихэр гээд байдаг юм. Бохь авч явсан. Одоо бохио ч больмоор санагддаг. Хэ хэ.

За тэгээд л өглөөдөө хар талхан дээр өрөм, хайлмаг түрхэж идээд л. Тансаг байлаа. Харин зулзагуудад жаахан хэцүү байсан. Жимсний чанамал түрхэж өгнө талхан дээр. 

Хар талх бас иддэггүй ээ. Цагаан талх авна. Хааяа боорцог өгнө. Монголын талх хатуу байна гэсэн. Эндхийн хөвсгөр талх л идмээр байсан байх. Хэ хэ.

Хуурай дүүгийндээ очоод тавагтай өрмийг нь ганцаараа идсэн байвал яах уу? Гоё сонгинотой боорцогтой. Гэхдээ бас эрүүл мэндээ бодоод өөрийгөө цэгнэнэ ээ. Пологтоод, цөс энэ тэр чинь өвдчих вий гэж ижий аав минь санаа нь зовоостой. Хэ хэ.

Одоо бодоход хангалттай сайн иджээ. Яг тухайн үедээ өвдөж барьсангүй. Ашгүй. Харьж ирээд угаасаа нэг их тостой өөхтэй юм идэх биш дээ. Харин эсрэгээрээ санаад эхэлсэн. 

Бид буцахдаа өрөм, хайлмаг авч ирээгүй ээ. Төрөл бүрийн ааруултай л ирсэн. Жилийн хэрэглээ бий байх шүү. Бага багаар гаргаж ирээд идэж байгаа. Хатууг нь дэвтээчихнэ. Гоё...

Хусам. Хөдөө идсэн. Надад зориулж өдөр бүр сүү хөөрүүлж шинэ өрөмтэй. Тансаг тансаг. 

Хотын та нар минь ээ, цагаан идээгээ сайн идэж байгаарай. Гадны элдэв орцтой чихэр жимс бага идээрэй. 

11 жилийн өмнөхөөс эрс сайжирсан зүйл нь ундандаа цэвэр ус их хэрэглэх болжээ. Айлд орохоор ус өгдөг ч айл байсан. Би үүнд олзуурхсан. Мөн өөрсдийн найруулсан сахарын орц харьцангуй бага чацаргана, нэрсний ундаагаар дайлуулсан. 

Өмнө нь үйлдвэрийн ундаагаар л угжаад байсан юм. Орсон айл болгон ундаа өгөөд, зулзагуудад минь. Энэ удаад харин асууж байгаад л ус бол ус, цай бол цай өгнө гоё. 

Огт өөрчлөгдөөгүй, хүүхдүүдэд ундаа өгсөн улсууд ч байсан байсан. Гял цал савлагаатай ундаа, тараг. Охид бол нэг их уухгүй, амсаж үзээд л шууд уухгүй ээ гээд надад өгнө. Би тэрийг нь хүний нүд хариулж байгаад асгана. Уучлаарай.

Сүүлдээ онгойлгохгүй шууд л ээждээ өгнө. Хэ хэ. Тэрийг нь би ээждээ гулгуулна. Угтаа бол өгмөөргүй, асгачихмаар. Гэхдээ нүдэн дээр нь асгаад байх бас эвгүй...

Би ч яг ингэнэ гэж мэдээд 2 багынхаа усны савыг авч яваад ийш тийш явахдаа тувт ус, нэг бол эндээс авч очсон цайгаа найруулж авч явсан. Сүүтэй цай уудаггүй бидэнд их л зүгээр байсан. 

За тэгээд эндхийн ээжүүдийн зөвлөж бичсэнийг уншиж байгаад гэдэсний эм, ханиадны эм, будааныхаа хольц энэ тэрийг авч яваад ийш тийш явахдаа будаагаа бөөрөнхийлж аваад л явна. Баярлалаа, ээжүүд ээ. 

Хүүхдүүд өвдчихвөл эргэн тойрныхон минь санаа нь зовчихно, тэд ч амарч чадахгүй гэж болгоомжилсон  нь оносон оносон. 

Хань ижил бидэн 2 л айраг маш сайн уув. Дуртай өрөм, хайлмаг, тараг, ааруулаа ч маш сайн идэв.  

За нэг иймэрхүү, эргэн дурсаж сийрүүлбэл...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2023年9月7日木曜日

Хөдөө нутаг минь уу зэ

5-лаа нийлж аваад хөдөө явсан. Булган аймгийн Гурван булаг сум. Малчин айлд очсон. Олуулаа явсан. 

Замдаа овоон дээр зогсож, гэр гуанзны хуушуур идсэн шиг. Хөгжилтэй явсан. 

Ийм л үүлтэй тэнгэрийг харах гэж, мэдрэх гэж энэ холоос өч төчнөөн мөнгө төлөөд ирсэн шүү дээ гэж бодон бодон тэнгэр ширтээстэй, алсыг ширтээстэй, салхи үнэрлээстэй явсан би ч. 


Үүл үүл нь нийлэн харагдаад... 

Гэдэг дуу байдаг, мэдэх үү та нар. Хэ хэ. Яг л тийм байсан шүү. Үүл бүр нь өөрийн гэсэн дүрс хэлбэртэй, ааш араншинтай мэт мэдрэгдсэн. 

Хамгийн гоё нь хөх мөнх тэнгэр. Нэг тийм үгээр илэрхийлэхийн аргагүй. 

Хань ижил машин бариад л, гэрээрээ нэг машинд. Ойрд гэрээрээ ингэж яваагүй, ёстой сайхан байсан. 


Үүлний сүүдэр бас л өвөрмөц тийм ээ. Би энд барагтаа ийм үүлний сүүдэр харж байснаа санахгүй байна л даа. Харж байсан ч байж магад, үгүйсгэхгүй. Гэхдээ эх орных гэдэг утгаараа бүхий л зүйл нь сайхан байсан. 

Зулзагууддаа ийм л тал нутгийг, ийм л тэнгэрийг үзүүлэх гэж зорьсон. 


Үүлшээд, нэлээд цаахан талд ширүүн бороо орсон. Бидний замд бол үүлэрхэг ч цэлмэг сайхан байлаа. 

Би маш олон үүлний зураг дарсан. Бүгд л ямар нэг амьтны дүрс хэлбэртэй харагдаад байсан. Нэг үүлийг бид үлэг гүрвэлийн хэлбэртэй байна гэж хүртэл харсан. Хи хи. 


Ай тал нутаг сайхан байгаа биз? Олон жилийн дараа ингэж гэр бүлээрээ аялаж байгаа нь өөрөө аз жаргалтай байсан. Сүүлд дурсах сайхан дурсамжтай үлдсэн. 

Ижий аав минь ч баярласан байх. 

Улаанбаатараас илүүтэй хөдөө нутаг нь жорлонгийн асуудал багатай. Нийтийн жорлонд үнэхээр хэцүү байсан тул сүүлдээ охид байгальдаа биеэ зассан нь хамаагүй цэвэр байна гэж байхав дээ. 

Аргагүй л үнэн тийм ээ. Бүгдээрээ бас нийтийн жорлонд бие засах урлаг, соёлд суралцмаар л санагдсан...

Түр баяртай, бүгдэд нь амжлт хүсье. Эх орноо хайрлаарай...