2024年1月31日水曜日

Алтан жад загас буюу магүро ба цүна

Монгол хэлэнд загасны нэр ховор гэж боддог байлаа. Яасан дураараа юм бэ? Хэ хэ. 

Тэгээд сүүлийн үед толь бичигнээс олон загасны нэрийг мэдэж авдаг ч, тэр бүр цээжлэхгүй ээ. 

Өнгөрдөг жил монголд япон хэл сурч буй монгол сурагчдад загасны тухай танилцуулахаар болоод. Цахим толь бичигтэй найзалсан. Цээжилбэл цээжлэхээр л удлаа энэ улсад. Ха ха. 

Ажлаа дууссаны дараагаар бид юун төлөө энэ алтан жад загас ихээр олборлодог боомт хотод ирсэн билээ? Загас идэцгээе болоод. 

Нэгэн "өвөө" биднийг дайлсан. Өөрөө цагийн сайханд залуу зандан насандаа энэ магүро буюу алтан жад загасны эрлэг байсан гэсэн. Хи хи. 

Одоо хүү нь залгамжлаад, загасчин гэсэн. 

Далайн хавчны шөл. Энэ харагдаж буй хөл, их бие? нь идэхэд жаахан төвөгтэй. Өөрсдөө бол хачин сайхан амттайг нь гайхаад л иддэг. Хи хи. 

Энэ цагаан будаан дээр түүхий загасыг ходоодныхоо хэмжээгээр овоолж хийгээд иднэ. Би ч овоо овоолсон. Ха ха. Бүтэн нэг жилийнхээ түүхий загасны хэрэгцээгээ хангачих шиг болсон шүү. Хо хо. 

Цагаан будааг харагдахгүй болтол л хийсэн байна уу? 

Эрчүүд нь бүр нэмээд байсан. Би ч арай хийж барсан л даа. 

Энэ зун сурагчид ирэхээр дайлах юм гэсэн. Орон нутгаас ирэх хүүхдүүд идэж чадах байгаа? Санаа зовж л сууна. Холбогдох хүмүүстэйгээ ярилцаж байгаад, арай өөр хоолоор дайлна аа. 

Мэдээж загас. Усыг нь уувал ёсыг нь дага гэгчээр, түүхий загасыг амсаад үзэх л хэрэгтэй тийм үү? 

Гэснээс манай охид сүшинд их дуртай. Би ч сүүлийн үед гэртээ загас шарахгүй байгаа тул гадуур хооллох гэвэл сүши идэх үү л гэдэс болсон. Хэ хэ. 

Нээрээ ойрноос нэг загас авч шарна аа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年1月30日火曜日

Дуртай жимс

Өвөл цагийн жимс. Японоор кинкан. Англиар cumquat. Монголоор япон цитрус жимс. 

Би дуртай. Жижигхэн. Угаагаад хальстай нь иддэг. Дотроо ястай. Амт нь исгэлэндүү. 

Нэг идээд эхэлчихвэл хэсэгтээ гар яваад, зогсохоо мэдэхгүй болох янзтай юм билээ. 

Нэг том нээлт хийсэн. Өвөл цагийн жимснүүд ихэвчлэн улбар шар өнгөтэй байдаг юм билээ. Бэрсүүт жүрж, энэ япон цитрус, нимбэг гээд л. 

Манай чацаргана ч гэсэн улбар шар тийм үү? Нээрээ найруулж уудаг чацаргана бэлгэнд авсан юм байна шүү. Ууна аа. Ойрд хүйтнийг ч хэлэх үү? Аньс бас байгаа. 

Энд би ийм янзан бүрийн жимс идэхээрээ эх орондоо буй ижий аав, ах эгч, дүү нарыгаа боддог. Тэдэндээ өгөх юмсан гээд л. Бидний идэж чадахгүй байгаа ааруул ээзгий, гэдэс гүзээгээ сайн идээрэй л гэж захьдаг даа. Хи хи. 

Өвөл цагт манайхаар айлчилбал энэ улбар шар өнгөтэй жимс болгоноор дайлна аа та нарыгаа. 

Түр баяртай, бүгдэд нь эрүүл энхийг, амжилтыг хүсье ээ. 

2024年1月29日月曜日

Зургийн ертөнцөөр 2

Зулзагынхаа зурсан зурагнуудыг оруулж буй юм шүү. Сонирхолгүй бол алгасаарай. 

Аятайхан зурсаныг нь хадгална. Гэхдээ 3 зулзагын уран бүтээлийн уут гэж дүүрэн нэг уут зай эзлээд байна аа гэхгүй юу? Хо хо. 

Хальт нүд, ам зурсан зураг. Ажиглаад байхад бас их хөөрхөн сонголтууд хийсэн нь харагдана. Авангард байгаа биз дээ? Хи хи. 

Эгч нарыгаа бодвол их бага зураад байгаа юм шиг санагдаад л байгаа. зурах уу? гэхээр үгүй гээд л сэлэм буу барьж аваад байх юм. Заримдаа бараг хүчээр шахуу зуруулна. 

Монголын далбаа шиг харагдаад байгаа юм даа. Шар өнгө л нэмчихсэн бол яг л далбаа. 

Өдөр нь унтахаа больсон юм. Ширээгээ дэрлээд дуг хиймээр байвал дуг хийж болно. Нойр нь хүрэхгүй бол жижиг цаасан дээр зураг зуруулдаг шиг байна лээ. 

Одоо юм бүхэн цахимжаад, харилцах дэвтэр зэрэгт охидын үеийнх шиг урт зүйл бичихээ байсан. 

Яахав энэ нь багш нарынхаа ачааллыг багасгаж байгаа сайн талтай ч. Хүүхэд яг юу хийж өнжсөнийг мэдэхэд хангалтгүй. 

Авах гээд очихоор багш нь хааяа хэлж өгдөг л дөө. Хүн л болсон хойно мартана. Харин дэвтэрт бичсэн бол сүүлд уншихад хөөрхөн юм билээ. Эртээдхэн эгч нь өөрийнхөө дэвтрийг олж уншчихаад татаж унаад байсан. Хи хи. 

Одоо цагт болохоор нийтийн цахим хуудсанд өнөөдөр тийм арга хэмжээ болсон, тэгсэн ингэсэн гээд л биччихнэ. Хүүхэд нэг бүрчлэн бичихгүй. 

Улиралдаа нэг гэрэл зурагны худалдаа болно. Өөрийн хүүхдийнхээ гарсан зургийг сонгоод худалдаж авдаг юм. Энэ их зүгээр. Би бол цаашаа харсан зураг ч байсан хамаагүй авах гэж үзнэ ээ. 

Гэх мэтчилэн цэцэрлэг хүртэл цаг үетэйгээ хөл нийлүүлж алхаад хөгжөөд байна өө. Техникийн хөгжил хаа хүртэл явах юм болоо тийм ээ? 

Зулзагуудынх нь уран бүтээлд амжилт хүсье. Түр баяртай. 

2024年1月28日日曜日

Хятад хоол

Хятад хоолны газар орох дуртай юу? Бид дуртай. Би чинжүүний хуурга, халуун ногоотой дүүпүү гээд л бараг ихэнх хоолонд нь дуртай. 

Гэснээс буузаа хийж хөлдөөе гээп яриад яваа. Ажил хэрэг болгоогүй л байна. ажлаа тараад юун бууз хийх, хоолоо хийж идвэл их юм. Хэ хэ. 

Ер нь илүү хөдөлгөөн хийх их дургүй байна шүү. Тэгэхээр чинь яаж жин хасах вэ дээ тийм ээ? Мэдээд байгаа шүү, онгодоо бууж ирэхийг хүлээж буй болно. Хо хо. 

Банш. Бид хааяа банш чимхэж иднэ ээ, гэртээ. Жижигхэн болохоор ажиллагаа ихтэй. Цагаан сараар айлчин гийчин их ирдэг ижий аав хоёр минь банш хийж хөлдөөгөөд, буцалгаад таваглачихдаг. 

Хурдан болдог их амар гэсэн. Хажуугаар нь амтлагч тавьчихана. Буузны цаг хараад л өндөлзөөд байхгүй тийм ээ? 

Багад цагаан сараар буузны цаг явж өгөхгүй, хүмүүс хүлээгээд л суугаад байнаа. Өөрөө дотор нь ороод жигнээд хаячихмаар л болдог байж билээ. 
 

Гэснээс энэ цагаан сар баяраа их төсөр тэмдэглэдэг болчихмоор санагддаг. Олон жил ч үглэж байгаа, яахав архины хэрэглээ эрс багассан. Эрээнээс орж ирсэн хогийг бие биелүүгээ шидэлцэх нь эрс цөөрсөн гээд ахицтай ч...

Багачуудад эднийх шиг жижигхэн хөөрхөн дугтуйтай мөнгө өгөөд л болчих зүйл угтаа. 

Даанч манайхан чинь хэлбэр дүрсэнд ач холбогдол өгдөг болохоор жижигхэн юм өглөө гэж муу хэлнэ гэж санаа нь зовдог. Яахав дээ, эхний 2 жил л муу хэлнэ, яваандаа ойлгох зүйл гэж боддог. 

Би манайд золгох гэж ирсэн монгол хүүхдэд бэлэг өгдөггүй. Сайхан буузаар дайллаа, цайллаа. Хамтдаа сууж хөгжилдлөө. Хангалттай. Тэгээд ч энд байх 3 жилийнх нь хугацаанд чадлынхаа хэрээр дайлдаг, цайлдаг учраас цагаан сараар ямар бэлэг өгөх вэ гэж өөрийгөө бухимдуулдаггүй. Хи хи. 

Тэгээд ч залуу хойч үедээ ер нь жаахан өөрөөр сэтгэж, цомхон баярладаг болох хэрэгтэй гэж үлгэрлэх хэрэгтэй. Тийм үү? 

Бид яг юунд мөнгөө үрэхээ мэддэггүй, баярлахдаа учиргүй цацаад, өвдөхөөрөө учиргүй хэмнээд, эргэн тойрондоо төвөг удаад байдаг. 

За за хятад хоол ярьж байснаа юу ч ярьчихав. Өндөрлөе. 

Түр баяртай, бууз баншаа чимхэх ажилд нь амжилт хүсье. 

2024年1月27日土曜日

Өндөг шарах урлаг

Өндөг шарна гэдэг чинь бас л ур чадвар шаарддаг тийм ээ? Би нэг юм хольж хутгаад шарна өө. Харин энэ зураг дээрх шиг хуйлж шарж бол чадахгүй ээ. Чаддаг болох юмсан ч гэж боддоггүй ээ. 

Хань ижил, охид чадна. Яваандаа бага зулзагаа сургачихна даа. хэ хэ. 

Дунд зулзага туршлагажаад л байгаа. Мэдээж "өө онцгүй болчихлоо, өө алдчихлаа" гэж ирээд л дахин дахин оролдоно. 

Зуных нь амралтаар гэртээ ганцаараа үлддэг болсноор улам сайжирсан. Хажууд нь үглэж уурыг нь хүргэх хүнгүй бол өөрийн дураар тавтай тухтай оролдоод байдаг шиг байна лээ. 

За энэ цагаарч харагдаж байгаа нь бяслаг. Хааяа гахайн утсан хиам хавчуулж ороогоод шарна. Амттай ч гэж юүхэв. 

Өдрийн хоолонд энэ өндгөө заавал савандаа хийдэг юм энэ япон хүмүүс. Ер нь тэр бэнто буюу өдрийн хоол нь их гоё өнгө алаглана. Шар-өндөг, улаан-улаан лооль, ногоон-брокколи эсвэл өргөст хэмх, хүрэн-мах гэх мэтээр өнгө алаглуулж хийдэг. 

Тэрийг нь би чадахгүй ээ, түүртээд байдаг юм. Хи хи. Охид өөрсдөө л хийнэ. Харин сүүлийн үед дунд зулзага 24 цагийн дэлгүүрээс бэлэн тахианы мах худалдаж аваад байгаа. 

Улам л залхуу болоод байх шиг, би болон манай гэрийнхэн. Хо хо. 

За тэр ээжийн шарсныг харчихаарай. Хүнд харуулахаас ч ичмээр л дээ. Гэхдээ заавал эх хүн, эхнэр хүн, эмэгтэй хүн бүгдийг чаддаг байх албагүй биз дээ? Ганц ч гэсэн чаддгүй зүйл байхад яах вэ дээ? 

Миний хувьд чаддаггүй зүйл нь чаддагаасаа хавьгүй олон л доо. Ха ха. 

Миний чадахгүй зүйлийг гэрийнхэн чаддаг болчихдог юм байна. Их амар. 

Ээжүүд минь хааяа ээж нь чадахгүй нь ээ гээд сууж байгаарай. Тэгвэл хүүхэд чинь сурна, хөгжинө, бие даана. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年1月26日金曜日

Зургийн ертөнцөөр

Өнгөрдөг жилүүдэд зурсан зурагных нь зургийг эндээ дурсамж болгож үлдээх гээд өө. 

Нэг л өнгөөр дагнаад, үүнийгээ маш төвлөрч зурна. Зурна гэхээсээ илүү будах юм уу даа? 


Хар цагаан. Энэ өдөр хар өнгө давамгайлжээ. Нэг өнгөөр дагнаж их зурсан. Сонин. Одоогоор эгч нар шиг нь зургийн дугуйланд явуулах эсэхээ шийдээгүй байна. Багш нь нэлээд нас ахиж яваа, жаахан үглээ болоод байгаа сураг дуулдана лээ. 

Овоо өөр өнгө түрэн орж ирсэн. Энэ өнгөний хослол нь нэгэн киног санагдуулж байна уу? Хүн аалз гэдэг киног хэсэг үзсэн. Баатрынх нь хувцасны өнгийг зураад байгаа нь тэр байх. 

Асуухаар хүн аалз л гэдэг юм. Өөртөө бол хүн зурчихсан гэж л харж яваа үр минь. Чадварлаг зурсныг нь магтана. Урам өгнө. Хамар нь сархайгаад пээдгэр гэгч нь инээмсэглэнэ. 

Хайр хүрмээр. Яг нь энэ төрхийг нь сэтгэлдээ удаан гэгч нь хадгалмаар...

Энэ өдрийн өнгө шар. Хажуугаар нь бусад өнгө түрэн орж ирнэ. Яг юу зурсныг нь бол сайн мэдэхгүй байна өө, мартчихаж. Тухайн өдрөө угтаа ярилцдаг юм. 

Эдгээр зургийг цэцэрлэгтээ зураад, орой нь тарахдаа барьж гарч ирдэг, ангиасаа. Тэгээд л замдаа ярилцдаг. 

Заримдаа ч их сонин хариулт өгнө, Худлаа бурчихлаа даа гэж бодогдоно. Нэг тийм худлаа ярьдаг үе байдаг даа. Тэр нь байх даа л гэж хайр хүрнэ. 

Бүтээлийх нь зургийг цувралаар оруулна аа. 1 жилийн дотор хэрхэн хөгждөгийг хараарай. Тэгэхэд томчууд бид хэрхэн яаж хөгжив дөө? гэж өөрийн эрхгүй өөрөөсөө асуумаар санагддаг юм билээ шүү. Хо хо. 

Бяцхан жаалуудад нь эрүүл энхийг, мөн жаалуудынх нь уран бүтээлд амжилт шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年1月16日火曜日

Лимбэ

Зулзага лимбэ үлээж байгаа гэж хэллүү? 

Бүтэн сайнд хотын хэдэн дунд сургуулиудун сурагчдын үлээвэр найрал хөгжмийн дугуйлангийн хүүхдүүдийн фестибал концерт болоод. Очиж үзлээ.

Хөөрхөн л юм болдог юм байна. Их богино хугацаанд хичээллэж байгаа гэхэд дажгүй шүү үр минь. 

Их л ядардаг бололтой. Нойр хоолонд их сайн байна өө. Гэм нь жаахан сонин цагт унтаад, сонин цагт босоод, даалгавар энэ тэр хийж байна гэж суугаад, уур хүргээд байх юм. 

Өглөө сэрэх гэж бас л дуудуулна. Би ч өөрөө нойртойг хэлэх үү? 

Энэ шилжилтийн нас гэх үү? Өөрчлөлтийнх нь насыг аятайхан давчихмаар байдаг. О.зулзага яг яаж байсан юм бол доо? Хүн гэдэг амьтан чинь яасан ч мартамхай юм бэ дээ? 

Нэг эхээс төрчихөөд эсрэг тэсрэг ааш араншинтай хүмүүс байдаг даа, яг л тэр нь болж байх шиг байна. Хэ хэ. 

Заримдаа ч яаж харьцахаа мэдэхгүй, зүгээр л дуугай л аан за, аан тэгээ юу? гэж байна. Тэгэхээр тоосонгүй гэх. Тоодог баатар болоод үглээд эхлэхээр үглэлээ гэх. Хо хо. 

Юу бичих гэж орж ирлээ? Аан тийм, хичээж буй зүйлийх нь тухай магтах гэж. Магтах хэрэгтэй. Өөрт нь ил магтаж урамшуулах хэрэгтэй. Тийм үү? Заримдаа ч магтах аргаа бас олохгүй л байна. 

Жаахных шиг нь өө яасан хөөрхөн юм бэ? Өө яасан авъяастай юм бэ? гэж хэлчихэж чадахгүй, шууд л үглэхээ урдаа бариад байгаагаа мэдээд хэлээ хазна. 

Ямартай ч лимбээ хөөрхөн үлээдэг л болж. Тэрүүхэндээ хөөрхөн гунхаж энэ тэр. Хөгжмээ мэдрээд байх шиг байна шүү. Багш нь тэгж зөвлөсөн гэсэн. Тэгвэл өөртөө итгэлтэй, хөгжмээ мэдэрч буй мэт харагддаг гэсэн гэнэ. Хи хи. 

Эд нарын энэ дунд, ахлах сургуулиудын урлаг уран сайхан, спортын дугуйлангууд үнэн чадварлаг, худалч хүнд бараг мэргэжлийн гэж хэлж болохоор л чадварлаг сургана. 

Арга ч үгүй юм биз дээ? Өдөр бүр бага багаар нүдэх юм чинь тийм ээ? Амралтын өдөр бараг байдаггүй байсныг сүүлийн хэдэн жил ажиллах арга барилыг өөрчлөх тухай хуульчилж, сургуулийн багш нарын ачааллыг мөн багасгах зорилготойгоор заавал нэг амралтын өдөртэй болгосон. 

Мөн оройн цагаар эцэг эхчүүдийг сургууль руу утасдахыг цөөлөхийн тулд цаг заасан байсан. Жаахан л юм болоход сургууль руу утасдаад багш нарыг загнадаг эцэг эх их олон байдаг гэж сонссон. 

Гэснээс энэ хөгжмийн дугуйлангийн багш нь о.зулзагыг сурч байхад шилжиж ирсэн багш. Таниад сүрхий. Би тэгсэн мартчихсан байдаг шүү. Дүүг нь эгчтэйгээ их адилхан, хааяа нэрийг нь андуурч дуудаад байдаг гэж хэлсэн. Ккк. 

Энэ лимбэ хөгжим бас хөөрхөн аялгуутай юм тийм ээ? Нэг их тоодоггүй байсан чинь өөрийн зулзага үлээж эхлээд л юу билээ? гэж тоож эхлэв. Хи хи. 

О.зулзагын ачаар бас тэр trumpet хөгжмийг амьдаар нь харж мэддэг болсон. Энэ удаад энэхүү flute хөгжмийг мэддэг болов. 

Охид ч спортод нэг их ур чадваргүй, эсрэгээрээ урлаг уран сайханд дуртай, тэр чиглэлээр нь бага зэрэг хөгжүүлчих санаатай. Мэргэжлээ бол өөрөөр сонгоод байх шиг. 

Амьдрал нь тэр хэмжээгээрээ баялаг болох байх гэж найдах юм. Би өөрөө ямар ч урлаг уран сайхны авъяасгүй учир зурдаг, дуулдаг, хөгжимддөг хүмүүсийг биширдэг, атаархдаг, бахархдаг. 

Бага зулзагаа мөн ажиглаад л явж байна. 

Уншигчдынхаа зулзагуудад амжилт хүсье. Мөн ээж аавууддаа ч амжилт хүсье. 

Түр баяртай. 

2024年1月12日金曜日

Миний нэр Улаан

Ойрд ч орчуулгын номоор дагнаж байна тийм үү? 

Бидний 1 сард уншиж ярилцах ном. Зохиолчийнх нь "Цас" ном их уншигдсан байх, миний мэдэхийн. Би уншиж амжаагүй ээ. Боломж бүрдсэнгүй. 

Энэ ном булган сүүлтэй байг ээ. Нобелийн шагналт ч зохиолч юм билээ. Цаашид бусад номнуудаас нь унших болтугай.  

Хөөрхөн зузаан, олон хуудастай. Үсгийн хэмжээ жижиг болохоор нэг нүүр нь нэлээд урт юм билээ. 

За тэгээд агуулгыг дурдах нь илүүц биз дээ? Учир нь би номнуудаа нэлээд хойно нь уншаад явдаг болохоор.

Одоо ч тэгээд хэлтэй устай хүмүүс өөрийн чаддаг хэлээрээ олоод уншчихдаг болжээ. Бахархмаар. 

Хамгийн гоё нь нэг хэсэг блог их эрч хүчтэй байхад шилдэг блогчин гэгдэж явсан Гангаа эгчийн орчуулгаар хэвлэгдсэн нь. Мөн эхний хэсгүүдийг тэртээ 2008, 2009 онуудад уншиж байж. Мэдээж номоо дэлгээд уншихад олон жилийн өмнө ушсанаа мартсан байсан л даа. Хэ хэ. 

Уншиж эхлээд л энэ баруун зүгийнхэн үеэлүүд хоорондоо хайр сэтгэлтэй болчихдог явдалд одоо ч гайхсаар. Нагац ахынхаа охинд дурлаад, олон ах өө. Өнөөх үзэсгэлэнт охин нь ч бас түүнд дурлачихна. 

Сүүлийн үед манайд ч их байдаг гэж сонсоод, сууж болохгүй, үр удам чинь хэцүүднэ гээд хоёр талаас нь хориглоод бөөн л сүр дуулиан болдог гэсэн...

Монгол гэдэг үг гарна. Доголон Төмөр хаан гэж гарна. Ингээд бодохоор манай өвөг дээдсүүд Турк улсын соёл заншил, урлаг, сэтгэхүйд нөлөөлсөн нь гарцаагүй тийм ээ. 

1300 жилийн тэртээгээс л хоёр улс хоорондоо харилцаа холбоотой байсан гэж бодохоор, ямар нэгэн байдлаар харилцан бие биенийхээ соёлоос авсан зүйл байгаа л байх. 

Одоо ч бараг 2 дахь Эрээн болсон сурагтай байсан тийм ээ? Манайхан их ирж очдог, бараа таваар оруулдаг гэсэн. Би ч энд сонсохоос цаашгүй л сууж байна даа. 

Очиж үзэх юмсан гэж бодохын хувьд бодно оо бодно, хүн л болсон хойно. 

За байз? Агуулга бичихгүй гээд их  сонин юм бичээд байна шүү. Хо хо. 

Үүх түүх судалдаг хүмүүс хоёр улсын тухай их л гоё, содон зүйлс өгүүлэх байх даа?

Багадаа Султан хаан гээд л сонсдог, уншдаг байлаа. Уншаад явсан чинь нэг тийм "1001 шөнийн үлгэр"-т гардаг шиг торон гоёмсог алчуур дэрвээд л, нүүрээ алчуураар нууж хаасан гоё гоё бүсгүйчүүд гунхаад л гэдэг дүр зураг буугаад байх юм. 

Энэхүү номонд бас тийм зураач, номын чимэглэл зураач гэх мэт хүмүүсийн тухай гардаг болохоор тэгж бодогдоод буй байх. 

Ямартай ч тийм нэг гоёмсог мэдрэмж төрөхийн сацуу өвөг дээдсийн минь довтолгоон гараад бас сэтгэл санаа хоёрдоно оо. 

Дуусгаад нэг сэтгэгдлээ бичнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年1月11日木曜日

Халуун вино

Баярын хэд хоног халуун винотой л найзаллаа дөө. 

Зочид гийчид ч их байлаа. Монголоос ирсэн хуурай эгчдээ бэлэглэлээ. Өөр муж л даа, бид очиж уулзсан. Бэлгэнд 2 ном, аарц, чацарганы жүүс авсан. Баярлалаа. Үргэлж ном бэлэглэдэгт. 

1 сарынхаа ярилцах номынхоо зав зайгаар нь жижгээс нь уншина даа. 

Бичвэр бүртээ л ном гэж бичдэг, залхдаг уу? Та нар. Хэ хэ. 

Ном уншдаггүй хүмүүст сэдэл өгөх гээд л тэр шүү. Миний хэлснээр ч нэг их ном уншаад байхгүй л байх л даа. Юмыг яаж мэдэхэв гээд л. 

Юу бичиж байлаа? Аан ийм халуун вино. Мах ч их идсэнийг хэлэх үү? Махтай хамт улаан дарс уух сайн гэж уншсан билүү? Сонссон билүү? 

Буруу зөрүү бол хэлээд өгөөрэй, мэддэг хүмүүс нь. 
Саяхан манай энд нээгдсэн Калди гэдэг дэлгүүрээс энэ виног олж аваад. Тээр жил о.зулзага уг нь хольдог зүйлс нь тусдаа байдаг жижиг вино авчирч ээждээ бэлэглэж байсан юм. 

Би тиймийг хайгаад олохгүй, энэ болохоор найруулчихсан, шууд халаагаад л болно. 

Уг нь өөрөө найруулаад холиод уувал гоё тийм ээ?

Одоо баяр дууссан, вино ч дууссан. Хэд хоног уухгүй. Монголынхоо цагаан ногоон сараар ууж магад, уухгүй ч байж магад. Гэснээс яг сайхан хагас бүтэн таарах юм билээ. 

Хэдэн бууз чимхэж хөлдөөнө дөө. Зан сайтай юм болохоор хүн их цуглана шүү дээ. Хэ хэ. "Ан--гийн махтай хольж хийнэ дээ. Эх орондоо байсан бол сайхан адууны мах, гэдсээр хийсэн бууз идмээр л байна. 

Өнгөрдөг зун ижийнхээ жигнэж өгсөн гэдсээр хийсэн бууз идээд, тэр л амтагдаад байгаа, бодохоор л...

Энэ зун ч нисэж очоод, жигнүүлж идчихээд ирмээр л байна шүү. Нислэгийн тийзний үнэ жаахан ч болов хямдардаггүй юм байх даа. Борчууд бидэнд бас л хүнд тусах юм аа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. Хааяа вино халааж ууж байгаарай. Хи хи. 

2024年1月10日水曜日

Ажлын өдрийн баяр хөөр

Эндхийн цагаан ногоон сар гэж хэд хоног амраад. Дунд нь пүрэв, баасанд ажиллаад дахин 3 хоног дарааллан амраад. 

Яасан? Баахан ном уншина гэж төлөвлөсөн хүн, байдаггүй ээ. Гал тогоог эзэгнэнхэн төрөөд л амралтын өдрүүдийг өнгөрөөх шив дээ. 

Үгүй яахав чамлахаар чанга атга, Күсамакүра номоо дуусгаад, 1 сард ярилцах нэг номоо эхэлсэн. Зузаан талдаа, Нобелийн шагналт зохиолчийн ном. Төвлөрч уншихгүй бол гэж бодоод л сууж байна. 

Ажил эхлээд, миний бүр нэг нар гарч байна. Учир нь би цайныхаа цагийг ном уншихдаа ашиглана. Ганцаараа, тэрийг ч амжуулчих юмсан, энийг ч амжуулчих юмсан гэж анхаарал сарнихгүй. Гоё. 

Гадаа хүйтэн, цастай, бороотой бол бүр амар. Гадагшаа гарахгүй, 2 давхарт байдаг нэгэн байгууллагын уншлагын танхимд номоо уншаад суучихна. Аяга халуун борголоор дайлдаг юм. Ундаа ч ууж болно, би л ууддаггүй болохоос. 

Одоо 2 сар гартал илүү амралтын өдөр байхгүй. Бүр хагас бүтэн сайны өдрүүдэд нь би онлайнаар номын дуу сонсохоор бүртгүүлчихсэн. Ойрд номын дуу сонссонгүй, сонсголоо сайжруулахгүй бол. Ккк.

Мөн мэдлэгээ тэлэхгүй бол, хоцроод байгаа юм шиг мэдрэмж төрөөд, эргэн тойрноосоо. Хэ хэ.  

Гэснээс би энэ жил тэмдэглэлийн дэвтэр авч амжаагүй л байна. Өмнөх жилүүдэд 3 жилээр нь гаргачихсан дэвтэр аваад, эхний жил нь маш идэвхитэй хөтлөөд, 2 дахь жил нь алдаг оног, 3 дахь жил нь бүр огт хөтлөөгүй. 

Тэгж бодохоор тэмдэглэлийн дэвтэр авах эсэхдээ эргэлзээд. Ухаалаг утсан дээрх зургаа хараад, нүүр ном, инстагийнхаа зургийг хараад болсон үйл явдлуудаа санаад байгаа. Хо хо. 

Болох үйл явдлуудаа бас толгой дотроо саначихаад л, гэрийн бусад гишүүдийнхийг нийтийн том хуанли дээр бичээд гэх мэт. 

Мөн ойрд орж гарах томилолт энэ тэр ч байхгүй болоод ч тэр үү? Нэг л онгод бууж ирэхгүй л байна шүү. 

Тэгэхэд цаана чинь бүсгүйчүүд маш гоёмсог дэвтэр гаргаад, хөтлөөд байдаг. 

2024 оныхоо зорилт, зорилго, мөрөөдөл, ажил хэргээ тэмдэглээд, алсын хараагаа мөн тодорхойлчихсон байх юм. Сүрхийг нь гайхахаас өөр юм алга дөө.  

Би ч гөлийчихсөн юм уу хаашай юм. Ер тийм эрч хүч, зорилго мөрөөдөл байдаггүй ээ. Ямартай ч зулзагуудаа аятайхан хүмүүжүүлээд, нөхрөө өөрийн хэмжээнд халамжлаад, жилдээ дор хаяж 12 номоо уншаад явахад болох ч юм шиг. 

Олчихлоо, энэ жил өрөөстэй номнуудаа ихэнхийг нь уншина гэдэг л том зорилт тавия даа. 

Бүгдэд нь амжилт хүсээд түр баяртай. 

2024年1月8日月曜日

Гадаанаа мандарин

Гадаах гацуур модоо тайраад. Тайраад ч гэж дээ, хань ижил л тайраад хаячихсан. Бүр үндсээр нь сугалж аваад, хээр ууланд аваачиж хаясан. Мэдээж таньдаг хүнийхээ ууланд зөвшөөрөл авч байж хаяна. Оноос өмнө. 

2023 оны 12 сарын 30 хүртэл гадаанаа гэрэлтүүлж чимсэн л дээ. Уг нь хань ижил олон жил ингэж гадаанаа мод чимнэ гэж мөрөөдөж явсан юм. Гэрлээ худалдаж амч амжилгүй, өвлийг дуусгачихаад байсан юм. 

Энэ жил хүслээ биелүүлж, гэрлээ худалдаж авсан ч гэсэн. Ирэх жил модгүй. Хо хо. 

Тайрсан шалтгаан гэхээр улаан ч билүү төрлийн гацуур мод гээд их том тэлж ургадаг мод юм гэнэ. Үндэс нь ч маш их хүчтэй, цементийг сэтлээд гараад ирдэг, хажуу хавирганыхаа айлын газрыг цөмлөөд гараад ирвэл хэцүү гэнэ. 

Тэгээд тайрч хаяхаар шийдээд, хаврыг хүлээлгүй. Хавар өөр мод суулгана гэсэн. Мандарины мод их зүгээр санагдаад. Миний санаа, гаднаасаа мандарин түүгээд идчих санаатай. Хэ хэ. 

Тийм ч амархан ургахгүй байх л даа. Арчилж тордохгүй л бол тийм ээ. 3 жилээсээ жимсээ өгчихдөг гэсэн. Оноос өмнө хэсэг тор тороор нь холын хөршөөсөө авч идэж тансаглалаа. 

Тэгээд л ерөөсөө өөрсдөө гадаанаа мандарины мод тарьчих уу? гэж ярилцаад өө. Өвөө нар минь жимс өгөхгүй бол тэгээд л худалдаанаас авахаар бас хөөрхөн үнэтэй юм өө. Хи хи. 

Бүхий л зүйлийн үнэ нэмэгдээд байгаа эдүгээ цагт хөршүүдийн минь өгсөн гого зүйлс л аминд орж байна гэхгүй юу? Ха ха. 

За та нар минь ч гэсэн хөршийн холбоогоо зузаатгаад, амттай бүхнийг зооглоорой. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年1月7日日曜日

Залхуу би

Ойрд би их залхуу болж байна өө. Нэг хэсэг элдэв юм хийгээд л идэж уугаад байдаг байсан чинь. Сүүлийн үед юм хийнэ гэхээс л, онгод бууж ирдэггүй шүү. 

Өдөр тутмынхаа гэрийнхээ хоолыг нэг юм будаа ногоогоо эргэлдүүлчихнэ. Энэ л одоо "их юм" болж гийгүүлж байна дөө. Нарийн нандин хоол унд хийхээс залхуурдаг болж, улам л. 

Угаасаа ч анхнаасаа гал тогооны ажилдаа таарууг ч хэлэх үү?

Жишээ нь чөтгөр нимбэгний чанамал. Эхнэр нь хийсэн гээд, өгсөн юм. Хэдэн жилийн өмнө их олныг надад өгөөд, ориг жимсийг нь. Интернетээс харж байгаад чанамал хийснийг санаж байна уу? 

Сахар их ордог юм билээ. Сахарныхаа хэрэглээгээ багасгачих санаатай үзэж тарж байгаа надад бол онцгүй санагдаад. Хэ хэ. 

Сахаг их хийсэн ч уг жимс нь өөрөө нэлээд исгэлэн амттай тул гэрийнхэн бас нэг их идээд байхгүй. Би л идэж дуусгана. Тэгэхээр бүр л их хөвсийх нь ойлгомжтой тийм үү? 

Гэх мэт шалтгаанаас болоод гэртээ элдэв юм хийхээсээ халршаад байх болжээ. Цахим сүлжээгээр хүмүүсийн хийсэн зүйлийг ч үзэж харахаа больсон. Хийхгүйгээс хойш. 

Одоо энд японд цагаан сарын ул боов гэх мэтийг хүмүүс хийгээд л байгаа харагдана лээ. Ямар сүрхий юм бэ? гэж л бодно. Биширнэм зэ. 

Гэснээс бууз хийж хөлдөөнө дөө. Сар шинэ яг амралтын өдөр ч таарах юм билээ. Бяцхан хөөрхөн тавгийн идээгээ засна даа. Монголд ижий аав минь банш буузаа хийгээд авсан байна лээ. 

За бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай. 

2024年1月6日土曜日

Күсамакүра

Оноос өмнө уншина гэж төлөвлөсөн номны нэг. Ойрд би японы зохиолчдын номыг ихээр уншиж байна. Угтаа япон хэлээр нь унших ёстой байх. Гэхдээ монгол орчуулагчдаа бас дэмжих ёстой тийм үү?


Энэ удаагийн ном японы орчин үеийн уран зохиолыг үндэслэгч гэгддэг Нацүмэ Соосэки. Номын нэр "Күсамакүра". 


Зохиолч нь багадаа адармаатай харилцаат гэр бүлд төрж өссөн. Тэр нь хожмоо уран бүтээлд нь нэлээд нөлөөлсөн гэж үздэг юм байна. 1867 он 2 сарын 9-нд төрсөн. 1915 оны 12 сарын 9-д таалал төгссөн. 

1900 онд англид суралцах даалгавар авч 3 жил суралцсан. Нутагтаа буцаж ирээд бага сургуулийн багш, ахлах сургуулийн багш зэргээр ажилласан. Зохиолч болох мөрөөдөлдөө хөтлөгдөн 1907 онд багшийн ажлаа өгч, зохиол бичихэд анхаарлаа хандуулж төвлөрсөн. 

5 охин, 2 хүүтэй. 5 дахь охин нь ой гарантайдаа онош тодорхойгүй гэнэтийн өвчнөөр өөд болсон. Хожмоо Соосэкийг таалал төгсөхөд түүний цогцсыг нь задлан хийхэд бага охиных нь үхэл тодорхой хэмжээгээр үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг юм байна. 

За энэ мэдээллийг түүний намтрын тухай бичсэн wikipedia-гаас олж уншсан шүү. Дэлгэрэнгүй мэдмээр байвал өөрсдөө ороод уншина биз дээ? 

Монгол хэлэнд орчуулагдсан зохиолуудаас нь нэрлэвэл "Боччан", "Сэтгэл", "Муур миний өчил" гэх мэт. Миний бие "Сэтгэл", "Боччан"-ыг нь уншсан. "Муур миний өчил"-ийг япон хэлээр уншиж байсан. Одоо ингээд "Күсамакүра"-г нь уншиж байна. 

Хуучин ондоо багтааж уншиж дуусгана гэж бодсон амжаагүй ээ. Учир нь нэг өдөр нь би нэгэн бүсгүйтэй орж гарсан. Бусад өдрүүдэд нь зочинтой байсан. Бас нэг өдөр өөр муж яваад ирсэн. Тэгэхдээ захьсан байсан хоёр номоо олж ирсэн. Хэ хэ. 

Агуулга нь нэгэн зураач залуу халуун рашаан бүхий уулын бэлд ирнэ. Гол зорилго нь зургийн сэдэл олчих санаатай. Гэвч олж чадалгүй хэдэн өдөр тэр хавиар сэлгүүцнэ. Нутгийн хүмүүстэй ч уулзана. 

Халуун рашаанд ч орно. Нэг ёсондоо байгалийн үзэсгэлэнг харж баясан, шүлэг тэрлэнэ. Ингэхдээ мэдээж дээр үеийн Хятад, Европ гэх мэт орны алдартай зураач, зохиолчдын бүтээлээс иш татна. 

Өрнөл буюу үйл явдал бараг байхгүй, уран бүтээлч хүний нэг тийм "ойлгомжгүй" сэтгэл сэрлээр аялсаар байгаад зохиол дуусах шахна. Төгсгөл хэсэгт зургийнх нь гол баатарт дутагдаад байсан зүйлийг олж харна. 

Ингээд л зохиод төгсөнө. 

Орчуулагчийг нь харин манайхан маш сайн мэднэ байх. Сүүлийн хэдэн жил олон олон нийтлэлээрээ танигдаад байгаа Болушка. Би ч хаа нэгтээ нийтлэлтэй нь таарахаараа уншина. 

Зарим нийтлэл нь таалагдана, зарим нь таалагдахгүй. Мэдээж надад 100 хувь таалагдах албагүй. 

Мөн энэ орчуулгаа орчуулгын хяналтгүй хэвлэсэн. Их л олон шалтгаанаар гэж байна. Бас л айхтар зориг гэх үү? Өөртөө итгэх итгэл гэх үү? Биширье өө. 

Угаасаа эх хэлээрээ ч нэлээд хүнд буюу эртний хэллэгээр бичигдсэн тул уншихад хэцүү гэгддэг. Мөн роман гэхээсээ илүү зохиолч өөрийн дотоод сэтгэлийн дүр зургаа өгүүлсэн гэж ч үздэг. 

Ямартай ч япончууд ч өөрсдөө уншаад тэр бүр ойлгоод байдаггүй бүтээлээс нь бидэнд орчуулж хүргэсэн орчуулагчид баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年1月5日金曜日

Сар шинийн мэнд ээ 2

Шинийн 2 буюу 1 сарын 2-ны мэнд ээ. 

Би чинь чухам номнуудаа уншаад, амжвал япон хэлээр ч уншаад гэж зээлснийг яана?

Тэгсэн, яасан байх нь уу? 

Бага зулзага хамт тоглоё гэж шалаад бид 2 хамаг л тоглоомоор нь тоглосон. Оны эхний өдөр бол дээгүүрээ унтлаганыхаа хувцастай өнжсөн шүү дээ. Мээмдүүлж. Ха ха.     

Япон улс маань энэ өдөр ч жаахан асуудалтай байсан. Үдээс хойш Ханэда нисэн онгоцны буудалд 2 онгоц мөргөлдөөд, гал гараад.

Зорчигч тээврийн онгоцонд явсан нисгэгч оролцуулаад нийт 379 хүн амьд мэнд зугтаж чадсан. 18 минутанд бүх хүмүүсээ шатаж буй онгоцноос гаргаад, хоргодох байр луу шилжүүлж чадсан онгоцны багийнхан маш чадварлаг ажиллаж тийм үү? 

Мөн зорчигчид ч гэсэн паанигталгүй, шийдвэр гаргаж буй нислэгийн багийнхны зааврыг яс биелүүлсэн, сахилга бат сайтай байлаа тийм үү? 

Нөгөө нэг онгоц нь газар хөдлөлт болсон мужууд руу тусламжийн хүнс хүргэхээр нисэх гэж байсан бололтой. Энэ онгоцны 6 хүнээс 5 хүн нь эндсэн харамсалтай явдал болсон. Сайн төрөлдөө эргэн төрөөрэй. 

Одоо ослын шалтгаан чухам юунд байв гээд л холбогдох хүмүүс судлаад, хэлэлцээд л байж байна. 

Луу гэж тийм айхтар ууртай, догшин амьтан билүү? Хэ хэ. Манайхан чинь япон улсын өнгийг аль хэзээний тодорхойлоод эхэлчихсэн байсан тийм ээ? 

Яг миний эргэн тойронд луу жилтэй хүн байдаггүй ээ. Луу жил гэж яг ямаршуу өнгө төрхтэй амьтан байдгийг хэлж мэддэггүй ээ. Хи хи. Хамаатнууд дунд бол луу жилтэн бий бий. 

Иймэрхүү байгалийн гамшиг, аваар осол гараад, түүнд хандаж буй япончуудын хандлага, авч буй бодлого зэргийг хараад хар багаас нь сургуулилалт хийгээд, сэтгэл зүйг нь сайтар бэлддэгт байдаг гэж боддог.

Учир нь бага зулзага албанаасаа ирэхдээ сард нэг удаа өнөөдөр сургуулилалт болсон. Газар хөдлөлтийн тухай, гал гарлаа гэж, цүнами ирлээ гэж бид сургуулилалт хийсэн гэж тайлагнадаг. 

Боддог юм, би яг иймэрхүү зүйлтэй тааралдвал яаж мангартах бол гэж. Учир нь би багадаа ямар ч сургуулилалт хийж байгаагүй. Паанигтаад, хоргодох байр луугаа яваж гэж тийм ч юмаа мартлаа, ийм ч юмаа мартлаа гэж эргэж хэд эргэж буцах бол?

Гэж бодохоор өнөөх бэлдэж тавь гэдэг цүнхийг нь бэлдэж тавихаар шийдээд л сууж байна. Гамшгийн үед шууд л үүрээд гарахад бэлэн, дотор нь хэрэгтэй гэсэн зүйлс бүгдийг бэлэн байлгадаг цүнх. 

Японд ажиллаж, суралцдаг, амьдардаг та бүхэн ч гэсэн мэдээтэй байх хэрэгтэй шүү. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年1月4日木曜日

Шинэ оны мэнд ээ

Эрхэм уншигчдадаа шинэ оны мэнд хүргэе ээ. 

Япон улсад цагаан сар нь болоод луу жил гарав.

Луу жил ч нэлээд ширүүхэн л эхэлж байна. Шинийн нэгэн буюу 1 сарын 1-нд хойд нутгаар газар хөдлөв. Энэ удаагийнх Япон тэнгисийн эрэг хавийн мужууд. Түүнд нь суугуул нутаг минь багтана. 

Гэртээ хоолоо бэлдээд сууж байсан газар хөдөлсөн. Эхлээд толгой эргэв үү дээ гэж бодсон. Хэсэг үргэлжлэхээр нь гэрлийн бүрхүүлээ харсан чинь ганхаад, газөр хөдлөлт гэж мэдсэн. 

Хийцгүйрсэн хүн монгол руу аав руугаа залгаж гэрлийн бүрхүүлээ харуулж газар хөдлөөд гэж хэлсэн. Тэгсэн монгол дахь дүүгээс шууд мэссэж ирсэн. Цүнами болно гэнэ, та хэд зүгээр үү? 

Бид чинь иймэрхүү мэдээллээ монголоосоо авчихдаг болсон шүү дээ, манайхан маш түргэн шуурхай. Хэ хэ. 

Яг энэ үеэр зулзага зурагт үзээд, юун намайг мэдээ үзүүлэх. Одоохон дууслаа гээд, би ч ухаалаг утсаараа мэдээ харав. 

Суугуул нутгийн минь хоёр ч боомт хотод бага хэмжээний цүнами болсон. Далайн эрэгтэй ойрхон амьдардаг айлууд хоргодох байр луу явсан гэсэн. 

Тэгээд л бодлоо, гэрийнхээ эд хогшлыг эргүүлж тойруулж нэг хараад. Энэ олон юмсаас би юу ч авч явж чадахгүй, зузаан адиал л хэрэгтэй дээ гэж. Тэгэхээр гэрт хэрэгтэй хэрэггүй юмс огтхон ч хэрэггүй юм даа, цөөлнө өө гэж бодсон. 

Гацуур мод маань ч засаастай байсныг хэлэх үү? Зулзагын тоглоомууд ч хөглөрч байсныг хэлэх үү? Хэ хэ. 

Нэгэнт цуглачихсан юмсыг хаяхад жаахан хэцүү юм билээ. Сэтгэл хоргодоод. Тийм болохоор шинээр л худалдаж авахгүй байх. Энэ жил ч гэсэн би хямдрал гэж дэлгүүр хэсээгүй. Шинэ жилийн элдэв хямдарсан тоглоом аваагүй. Сүүлийн 3 жил ийнхүү амжилттай хэрэгжүүлж байна. 

Энэ хуанлиг сүүлийн 3 жил хэрэглэж байна. Ийм амттантай ирдэг юм. Жорлондоо өлгөдөг. Бага зулзага зургийг нь харж элдэв асуултаар булдаг.

Өнөөдөртөө нэг иймэрхүү. Түр баяртай. Амжилт хүсье. 

Өөтийм, бид гайгүй. Санаа тавьсан та бүхэндээ баярлалаа.