2023年3月4日土曜日

Төгс тоо

Зээ би энэ номны эх хувийг нь уншчихсан шүү дээ, угтаа. Гэхдээ хүмүүсийн сэтгэгдлийг сонссон чинь ерөөсөө монгол хэлээрээ унших минь гэж бодогдоод. 

"Эрдэмтний хайртай томъёо" гэж орчуулаад бяцхан тэмдэглэл бичиж байж. Математикийн томъёонуудын орчуулга, бэйсболын үг хэллэг нь хэлцүү санагдаж байсан юм. 

Тэгээд ганц нэг үгийг нь асуусан, та нар надад хэлж өгөөгүй шүү дээ, өөдгүй. Ха ха. Тэгээд л өөрөө олж мэдэхээр монгол орчуулгыг нь захьчихсан. Мэдсэнээ бусдад хэлж өгдөггүй хүмүүс "баба" шүү. Дутагдлаа засаарай та нар...

Тэгээд байвал би бас та нарт номны тухай танилцуулахаа больчихно шүү. Хо хо. Айлгасан уу, агсам тавьсан уу? Надаас айх уу даа та нар. Ккк

За тэгээд зөндөө л сэтгэгдэл энд тэнд яваа байх. Мөн орчуулагчийн ярилцсан подкаст ч бий шүү. Олж уншаарай. Би энэ удаад ингэсгээд л орхилоо шүү. 

Гэснээс номын дэлгүүрийн ажилчдын уншигчдадаа хамгийн ихээр санал болгох номын жагсаалтад тэргүүлсэн номнуудаа түүж уншиж байснаа орхигдуулсан байна аа. 

Хэдэн оныхыг уншаад зогслоо? Мөн түрүү жилийнхийг худалдаж авчихаад уншаагүй, өрөөстэй байна. Энэ жилийнх нь шалгаруулалт эхэлчихсэн, хэд хэдэн номыг дэвшүүлсэн байсан. 

Энэ "Төгс тоо" ном тэр арга хэмжээний эхний жилийн нэгт жагссан ном гэхээр сонирхолтой байх нь аргагүй тийм үү? Тоонд дурлана...

Би багадаа тооны хичээлээ тоолгүй хаясандаа бараг анх удаагаа харамссан. Яг энэ эрдэмтэн өвөө шиг хүн заагаад чиглүүлээд өгсөн бол ч алаад өгөхгүй юу? Хэ хэ. 

Багш нар минь сурагчдадаа анхаарал хандуулж, хүсэл зоригийг нь бадраадаггүй юм аа гэхэд унтраачихалгүй л байгаарай гэж хэлье дөө, одооны энэ өндөрлөгөөс. Хи хи.

Зохиолч нь Огава Ёоко. Энэ номыг нь уншчихаад бусад зохиолоос нь зээлж уншина гэж ганц нэгийг зээлээд хэсэг цүнхэлж явснаа нээж ч амжаагүй буцаагаад өгчихөж билээ. 

Энэ далимыг ашиглаж заавал унших юм шүү. Гэснээс яг одоо 2 ч япон ном цүнхлээд яваад байна аа. 

Яг хэзээ зээлж уншихыг хэлж мэдэхгүй байна шүү. 

Төгс тоо номыг англи хэлдээр орчуулахдаа "Гэрийн үйлчлэгч" гэх мэт нэртэйгээр орчуулсан байсан гэсэн. 

Одоо бодоод байхад энэ "Төгс тоо" гэдэг орчуулга нь уран сайхан, номыг агуулгыг улам чимсэн орчуулга болсон шиг санагдаад байгаа. Оросоор "Эрдэмтний хайртай тэгшитгэл" гэж орчуулсан байдаг гэсэн шүү. 

Тэгэхээр монголоос ном авах боломжгүй бол мэддэг хэлээрээ уншихад болох нь тийм ээ? 

Унших явцдаа энэ үгийг япон хэлээр нь юу гэдэг билээ? Юу гэдэг үг байсан юм бол? Гэж бас бодно. Гэм нь японыг нь номын санд буцаачихсан болохоор, яг тийм үг таарахаар харьцуулаад шууд харж чадахгүй л байна. 

Чадварлаг залуус олноор төрөн гарч байна тийм ээ? Одоо монгол зохиолуудаа харь хэлээр орчуулдаг болбол тийм ээ? гэж бодсон шиг. Хо хо. 

Математикт, тоонд нэг их дурлаж өгөхгүй байгаа зулзагууддаа нэг уншуулчихад гэмгүй хөөрхөн агуулгатай шүү. Тэр чигээрээ "хайр" мэдрэгдэнэ. 

Өнөөх чинь "Хайрын дөчин дүрэм" номыг уншсанаас хойш юм болгоныг хайр гэж хардаг болж байгаа гэхгүй юу? Ха ха. Наргиа шүү. Дараагийнхаа номыг уншаад эхлэв үү? Үгүй юу? Өмнөх ном бага зэрэг мартагдана. Уншиж буй номондоо төвлөрөхийн тулд албаар мартана. Хи хи. 

За тэгээд 10 жилд байхад тоондоо гавал хүүхдүүдийг биширдэг байлаа шүү дээ. Нэг тийм цаанаасаа өөр толгойтой төрчихсөн юм шиг санагддаг байж билээ. Үгүй байсан. Би тоондоо шимтэж суралцсан бол, тооны багш нар жаахан л урам хайрлачихсан бол гэж бодогдоод. 

Бодоод байсан чинь нулимс цийлэгнээд, өвгөн профессор дээр гүйгээд оччихмоор санагдана. Хэнд ч юм нэг тийм гомдсон сэтгэл...

Япон хэлээр нь уншсан тэмдэглэлдээ агуулгыг нь хальт бичсэн тул энд нуршихгүй. Мөн асуусан асуултаа өөрөө олоод авчихлаа. Зүтгэлтэй золиг шүү би ч. Хэ хэ. 

Ёстой хөөрхөн ном орчуулж хэвлүүлсэнд орчуулагчид нь баярлалаа. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт болон хайрыг хамтад нь хүсье.

Жич: Төгс тоо гэж хайсан чинь ийм нэг нийтлэл гарч ирсэн тул тэр чигт нь эндээ хуулаад оруулчихлаа. 

Төгс тоонуудын талаар. (Perfect numbers)
Жил бүрийн зун 6 сарын сүүлч, 7 сарын эхээр МУИС дээр доктор, профессор, Монгол Улсын гавъяат багш Ц. Дашдорж багшийн маань “Төгс тоо” төвийн сургалт явагддагыг математикийн багш нар андахгүй мэднэ. Ингэхэд төгс тоо гэж чухам ямар тоо билээ? Энэ талаар бяцхан мэдээлэл өгөхийг зорив.
Бүх натурал тоон хуваагчдынх нь нийлбэр өөрөөс нь 2 дахин их байдаг натурал тоог төгс тоо гэнэ. (ө.х хэрэв натурал тоо n-ийн бүх хуваагчдын нийлбэрийг s(n)-ээр тэмдэглэвэл s(n)=2n байдаг тоо.)
Жишээлбэл 6 төгс тоо мөн. Үнэхээр 6-ын натурал тоон хуваагчид: 1, 2, 3, 6 бөгөөд 1+2+3+6=12=2x6.
Төгс тооны тодорхойлолтыг өөрөөр “Өөрөөс нь ялгаатай бүх хуваагчдын (жинхэнэ хуваагчдын) нь нийлбэр өөртөй нь тэнцүү байдаг тоог төгс тоо гэнэ” гэж томьёолж болно.
Хамгийн эхний төгс тоонууд 6, 28, 496, 8128, 33550336, ... болно.
Төгс тооны талаар эртний ном судруудад үлдсэн тэмдэглэлүүд арвин таардаг байна. Эртний Грек, Ромд төгс тоог ид шид, бурхан шашинтай холбон тайлбарлаж байжээ.
Төгс тоонууд нь хүмүүсийг тооны нууц руу даллан дуудаж байв.
Боэций (475-524) De Institutione Arithmetica бүтээлдээ s(n)>2n байх тоонуудыг хэтэрсэн тоо , харин s(n)<2n байх тоонуудыг дутмаг тоо гэж тодорхойлжээ. Тэрээр бичихдээ:
“Дутмаг бөгөөд хэтэрсэн хоёр зүйлийн хооронд байгаа мэт энэ хоёр төрлийн тоонуудын хооронд, төгс тоо нь хоёр туйлын хооронд хувь тавилангаа эрэлхийлэгч мэт байрлажээ”гэсэн байдаг.
Аугистин хамба (354-430) Бурханы хот бүтээлдээ
“Зургаа өөрөө анхнаасаа төгс тоо учраас Бурхан бүх зүйлийг зургаан хоногт бүтээсэн” гэжээ. (Библийн сударт Ертөнцийн эзэн бүх зүйлийг 6 хоногт бүтээсэн гэж бичсэн байдаг аж.)
Тэгш төгс тооны талаар Эвклид (Эртний Грекийн математикч МЭӨ 300 оны үед амьдарч байсан) нухацтай баримт үлдээсэн байдаг.
Теорем 1. (Эвклид)Хэрэв М_к нь Мерсений анхны тоо бол n= 2^(k-1)*М_к төгс тоо мөн.
Бүүр хожуу Леонард Эйлер (1707-1783 Шведийн математикч, физикч, одон оронч, газар зүйч, инженер,...) дараах үр дүнг баталжээ.
Теорем 2. (Эйлер) Тэгш төгс тоо бүр 2^(k-1)*М_к хэлбэртэй байна.
Эдгээр теоремуудын баталгаа хүнд биш тул бие даан батлаж үзэхийг зөвлөе.
Төгс тооны 2-тын тооллын систем дэх бичлэгийн талаар дурдая.
n= 2^(k-1)*М_к төгс тоо болог. Тэгвэл түүний 2-тын бичлэг нь k ширхэг 1-ээр эхлээд k-1 ширхэг 0-ээр төгссөн тоо хэлбэртэй байна. Жишээлбэл
6 = 2^2+ 2^1 = 110
28= 2^4+ 2^3 + 2^2 = 11100
496= 2^8+ 2^7 + 2^6 + 2^5 + 2^4 = 111110000
8128= 2^12+ 2^11 + 2^10 + 2^9 + 2^8 + 2^7+ 2^6 = 1111111000000 гэх мэт.
Төгс тоотой холбоотой олон сонирхолтой бодлогууд байдаг. Тухайлбал
Бодлого 1. Төгс тоо бүтэн квадрат болж чадахгүйг батал.
Бодлого 2. Хэрэв сондгой төгс тоо байдаг бол тэр нь 105-д хуваагдахгүйг батал.
Бодлого 3. Тэгш төгс тоонууд “гурвалжин” тоо болохыг батал.(эхний дэс дараалсан натурал тоонуудын нийлбэрт задардаг тоог гурвалжин тоо гэнэ)
Бодлого 4. Хэрэв n тэгш төгс тоо бол 8n+1 бүтэн квадрат гэдгийг батал.
Бодлого 5. Хэрэв к сондгой натурал тоо бол 2^(k-1)*M_k тоог эхний 2^((k-1)/2) ширхэг сондгой натурал тоонуудын кубуудын нийлбэрт задлаж болохыг батал. Тухайн тохиолдолд төгс тоо ийм шинж чанартай.
Жишээлбэл 28=1^3+3^3, 496=1^3+3^3+5^3+7^3 .
Төгс тоо төгсгөлгүй олон уу? Сондгой төгс тоо бий юу? Зэрэг асуудлууд математикийн шинжлэх ухаанд өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа онц сонирхолтой асуудлуудын нэг юм. (Ц. Дашдорж Математикийн Мэргэжлийн Курс -1 номноос)
Олимпиад Математик Төв

2023年3月3日金曜日

Leverage хичээл хийх арга

Энэ удаагийн ном "Leverage хичээл хийх арга" гэдэг нэртэй. Зохиогч нь Хонда Наоюки. 

Өнөөх ном унших аргын тухай уншиж явахдаа энэ номыг мэдэж аваад. Зулзагууддаа үглэхдээ ашиглах гэж зээлсэн юм өө. Түүнээс би өөрөө нэг их хичээл хийгээд сүйд болохгүй байх өө. Өрсөлдөгчид минь тайван байцгааж болно. Ха ха.

Гэж хэлснээ нууцаар хичээл хийгээд л гүйхгүй юу тийм ээ? Хи хи. 10 жилд, оюутан байхад даалгавраа хийсэн үү? Шалгалтын сэдвээ уншсан уу? гээд л асуухаар "өө үгүй" гэснээ мундаг дүн аваад л, асуугдаад онц аваад л байдаг хүүхдүүд байдаг даа. Тэрэн шиг л. Хи хи.

Мэдлэгийнхээ хүрээг тэлэх гэж уншиж байна өө. Бас их дажгүй хөөрхөн хөөрхөн санаанууд гарч байна. 

Санхүү, бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлийн үг хэллэг, санаа оноо нэлээд байна. Эртхэн олж унших минь яалаа даа гэж бодов. 

Одоо чинь тэгээд ямар чиглэлээр, ирээдүйд намайг тэрбумтан болгох бизнесийн санаа оноо юу байна гэж бодогдоод болдоггүй. Хо хо.

Ямар чиглэлээр барьж аваад хичээл хийвэл хойшид нэг их алдахгүй, үнэ цэнэтэй, үр өгөөжөө өгөх вэ гэдэг дээр зохиогч өөрийн саналаа бичжээ. Гол нь энэ ном аль 2007 онд хэвлэгдсэн гэхээр тэр салбарт нь аль хэзээний хүмүүс хөлөө олдгоо олоод, баяжаад, тэрбумтан болчихсон байдаг. 

Тэгэхээр би арай л өөр сэдэв барьж авахгүй бол тийм ээ?

Гэснээс бага сургуулийн захирлуудтай хааяа нэг уулзаад яриа хөөрөөг нь сонсох нь ээ "ирээдүйд 50 гаран төрлийн мэргэжил үгүй болно. Тэр хэмжээгээр шинэ мэргэжил гарч ирнэ, багш нар бид сурагчдадаа юу заах билээ?" гэх юм билээ. 

Эхнээсээ дэлгүүрт кассан дээр зогсдог хүн ховор болж байна. Бүгд техник...

Юу вэ? Энэ ном өөрөө 2007 оны 10 сард хэвлэгдэж гарсан гэхээр чинь одоо бүхэл бүтэн нэг "жаран" өнгөрчихсөн юм биш үү? Ха ха. Тухайн жилийнхээ 11 сард бүр 6 дахь хэвлэл нь гарсан юм байна. 

Шуугиулж байсан байх нь. Би блогоо бичиж эхэлсэн он. Гэхдээ энэ номны тухай сонсож дуулаагүй ээ, үнэнийг хэлэхэд. Урдах ажлаа сайн мэдэхгүй, ухнатаад, япон хэл усаа сайжруулчих санаатай л мунгинаж явсан үе байх нь. 

Бас нэг зулзагын ээж, нэг ханийн гэргий гээд хийх ажил мундахгүй байж. Япон хэлээр роман уншдаг болтлоо их уджээ, одоо ч дуржиганатал уншдаггүй гээд бодохоор ай хорвоо, Жавхлан юм даа хөөрхий. 

За тэгээд уншиж дуусахаараа та бүхэндээ хэрэгтэй гэсэн зүйлсээс нь бичихийг хичээнэ ээ. Нэг ёсондоо өөртөө л бичнэ л дээ, би ч бас санаж баймаар байна. Тэрбумтан болмоор байна. 

Өнөөдөртөө оршил маягийн зүйл биччихлээ. 

Түр баяртай, бүгдэд нь хайрыг хүсье.

2023年3月2日木曜日

Талханд дуртай шувуу

Зулзагуудтайгаа үе үе зугаална аа. Энэ харагдаж буй шувуудад, мөрөг загасанд хааяа талх хаяж өгдөг. Уралдаад л идэж харагддаг. 

Төгөлдөр хуурын багшийн гэртэй ойрхон юм. Тэнгэр хангай сайхан өдөр бага зулзага загасанд талх өгье өө гэж шална. Би арын ажлаа бодоод өө амжихгүй нь дараа дараа гэнэ. 

Харц нь урамгүй болж ирэхээр өр өвдөнө. 

Тэгээд л за нэг их удахгүй шүү гэж ам мөчгийг нь авна. Мэдээж нэг их удна. Хэ хэ. Үе үе тагтаа ирнэ. Будаа өгнө. Хүн зоноос айж мэдэхгүй, үргэх ч үгүй. Гандангийн тагтааг бодвол цөөхөн л дөө. 

Хавар болоод өдөр уртассан чинь бүр л их шалаад байна өө. Өнөөдөр талх авч гарах уу? гээд л. Өвөл номын сан луу гүйдэлтэй. Эгчийгээ хүлээх зуураа дулаахан номын санд цаг нөгцөөнө. 

Гэснээс шувууныхаа нэрийг хэлж мэддэггүй ээ. Уучлаарай.

Түр баяртай, бүгдэд нь хайрыг хүсье. 

2023年3月1日水曜日

Хайрын 40 дүрэм

Шинэ сарын мэнд ээ. 1, 2 сар ямар ч хурдан өнгөрчихөв дөө тийм ээ? 2 сард уншсан ном мину зээ. Номын клубынхны маань 3 сард унших ном. Түрүүлээд уншихчлаа. хэ хэ. 

2 сарын номоо би олж авч уншиж чадаагүй. Япон хэлээр нь унших гэж захиалаад, цагтаа амжиж ирээгүй. 

Саяхан ирсэн. Нөхөж уншина. Зургийг нь орууламз. Гэснээс ном ном гэдэг өвчин минь сэдрээд. Ха ха. Монголд 8 ширхэг ном аваад тавьчихлаа. Наашаа ирэх хүн хайгаастай. Хи хи. 

Өлсөцгөөе номныхоо агуулгыг нэг их сүртэй хэрэгжүүлж гавьсан юм алга л байна. Ядаж байхад цагаан ногоон сар, бууз, бэрээс гээд л...

Хайрын сар энэ тэр гээд амттан идсэн идсэн. Яаж зүгээр байхав. Ккк

Энэ сараас ёстой үзүүлээд өгнө гэсэн чинь юу вэ? Март 8 энэ тэр, зулзагуудын төрсөн өдөр энэ тэр явж өгнө. 

Ноён нуруу хугарчихаад байх юм аа. Нуруугаа хугарахаас хамгаалж бүс олж зүүх үү? Яах уу? Гялс хариу?

Гол зүйлээ бичээ. Номны агуулга таалагдсан. Учиргүй хайрыг тэг ингэ, хайрыг олбол алдаж болохгүй гэж бичсэн байх юм болов уу? гэж бодсон тэс өмнөө бичигдсэн байлаа. 

Өөр шашин, өөр соёлтой танилцсан. Явж явж энэ шашнууд чинь нэг л зүйлийг номлоод байна. "Хайр". Үүндээ ашиглаж буй хэл ус, бичиг нь л өөр болохоос бүгд л хоосон чанар, хайр, аливаа юмсаас өөрийгөө чөлөөлөх, амар амгаланг олох тухай л яриад байх шиг. 

Исламын шашин гэхээр л эмэгтэйчүүдэд харгис хэрцгий, террорист халдлага ихтэй, сахал үс болсон буу зэвсэгтэй эрчүүд, нүүрэндээ хар хар гивлүүртэй бүсгүйчүүд зэргээр төсөөлөөд огт сонирхдоггүй, уншихгүй тойроод л явдаг, бараг ад үзэх шахуу болдог байж. 

Гэтэл тэд чинь ч бас хүн, өөрсдийн гэсэн соёлтой, уламжлалтай, заншилтай, үзэл бодолтой, шүтээнтэй гэдгийг мэдрүүлж өгсөн, ойлгуулж өгсөн, нэгийг бодогдуулсан ном байлаа.  

Нас яваад тэр үү? Уншсан ном болгон нэгийг бодогдуулдаг болжээ гэхгүй юу. Хэ хэ.

За тэгээд зөндөө л зүйл бичмээр байв чиг, юуны түрүүнд Турк явж үзмээр ч санагдах шиг. Үеэл минь амьдарч байгаа юмсан. Бас тэр хэдийгээ нүдэндээ төсөөлөөд байна аа. 

Тэр тойрог болоод л бүждэг бүжгийг нь бүжиж үзсэн болов уу ч гэж бодов. Хэ хэ. 

Зэвүүн зэвүүн мөртүүд зөндөө байсан. Олон янзын байр суурьны бүсгүйчүүдийн тухай гарна. Бүгд л нэг л зүйлийг хүснэ. "хайр"...

Өөрийгөө хайрла, өөрийнхөө үнэт зүйлийг ол, өөрөөрөө байж сур...

Бүгдийг хайрла, дайснаа ч хайрла, өрсөлдөгчөө ч хайрла. 

Шашин ч тэгээд адармаатай дөө. Ялангуяа бид сүүлийн үед хэт шашинлаг болчихоод, заримдаа бухимддагийг ч хэлэх үү? Хүн төрөлхтнийг хэт харгис хэрцгий байхаас, хэт чөлөөтэй байхаас сэргийлж хандыг нь бага зэрэг дарж өгдөг учир байх ёстой зүйл гэж боддог.  

Гэхдээ уг зохиолд хэдий шүтлэгтэй ч хэрцгий, чөтгөрлөг, мунхаг дүрүүд гарна. Тэгэхээр энэ шашин гээч юм чинь байгаад хэрэгтэй ч юм уу гэж бодогдоно. 

Өнөөдөртөө ингээд дуусгая. Санаж байвал ганц нэг таалагдсан ишлэлүүдээсээ бичнэ ээ. Баахан л цаас нааж, тодруулсан. Хэ хэ. 

Түр баяртай, бүгдэд нь хайрыг хүсье.

2023年2月28日火曜日

Ном ба буу

Бага зулзагынхаа тухай бичих үү дээ? Томроод байна. Сахал үс нь ургаад байна. Ха ха. Нэг мэдсэн дуу хоолой нь баргилтаад ирэх юм шиг байна. Найзуудын яриагаар бол мөдхөн гэнэ. 

Ай хорвоо минь, одоо л сайн үнгэж, базаж, тэвэрч, энгэртээ нааж, мөөмдуулж авах юм шүү...

Энэ зураг бид хоёрын хэсэгхэн мөчийн тоглоом. Тэр шар гонзгой буу хагарсан. Өвөөдөө үзүүлж буу захина гэсэн. Аав нь нааж өгсөн. Одоохондоо болгоод л байна. 

Тэр жижиг хар буу нь сумтай. Гэхдээ сумнууд нь хаана яваан бүү мэд. Өвөө тэнд сумтай буугаар байлдсанаас хойш нэхсэн. Нэг дэлгүүр орсон чинь хаанаас ч юм олоод тэвэрчихсэн, "өвөө тэнд сумтай буутай, байлдаад би ялагдаад байна" ухааны юм ярьж, ээжийг хуга панаалдаад авахуулсан. 

Ээж хариад өвөөгөөс нь бууных нь мөнгийг нэхсэн. Одоогоор мөнгөө олж аваагүй л байна. Ха ха. Утасны хоёр талаас буугаар, нэг бол сэлмээр байлддаг хоёр шүү дээ.

За тэр сэлэм хэд дэх нь юм бүү мэд. Яахав, 108 иений дэлгүүрээс авдаг тулдаа л дампуурчихалгүйхэн шиг болгоод байна. 

Дээхэн 1080 иений сэлэм авч өгсөн чинь маргааш нь л цуулаад хаячихна лээ. Модон, тэгсэн мөртлөө хариугүй юм, зугаалж явахдаа л сэтгэлийн хөөрлөөр аав нь авч өгсөн. 

Цуулчихаар нь аавыг л жаал загнах шив дээ. Хэ хэ. Цуулсан хүнээ огтхон ч загнаагүй. Энэ одоо ариун явдал уу?

За тэгээд үлэг гүрвэлүүдийнх нь ганц нэг нь харагдаж байна. Өөрөө хамгийн хүчтэйг авна, бидэнд өвсөн тэжээлтэйг нь өгч тулалдана. Ойлгомжтой биз дээ, хэн ялах нь. Энэ одоо ариун явдал уу?

Хамгийн чухал хэсэг нь энэ шар шар том номнууд. "Хүүхдийн явуулын цаасан жүжиг буюу камишибай" гэж орчуулдаг юм байна. Хөөрхөн модон жижиг тайз хүртэл байдаг.

Би ээжийгээ ажилладаг байхад нь өгч байсан. Ээж минь дуурайлгаж 4 ширхэгийг хийгээд, жаалуудад уншиж өгдөг байлаа. Одоо байгаа эсэхийг нь асууя байз...

Монгол харихаараа хамаатныхаа бяцхан жаалуудад уншиж өгнө дөө гэж бодож явсаар байтал өнөөдүүл нь дэнхийчихлээ. Хэ хэ. 

Энэ камишибай-г уншуулах маш их дуртай. Үлэг гүрвэлтэй нь тэр бүр таарахгүй. Тэгэхээр энэ үлэг гүрвэл гээчид хөвгүүд ихээхэн дуртай нь харагдаж байгаа биз? Би номын сан орох болгондоо хардаг юм. Байхгүй шүү. 

Ээж амьтан болгоных нь дүрд хувилж дуу хоолойгоо өөрчилж уншдагт дуртай юм шиг байна лээ. Аавыгаа уншихаар голоод байдаг юм. 

Нэг өдөр бүр ядраад 

-Чихиро багш нь ядраад байна түр завсарлах уу?

-Чихиро багш ядарлаа гэж хэлдэггүй шд.

-...

Цэцэрлэгийн багш сурагч болж тоглож байсан юм. Би Чихиро багш болж ном уншиж өгөөд л, өнөөх маань өөрийгөө тойруулж үлэг гүрвэл тэргүүтэй тоглоомуудаа суулгачихаад, томоотой сонсоорой гэчихэж байгаа юм аа бас. 

Хамгийн томоогүй нь өөрөө л байсан. Янз бүр болж хөдлөөд, үг болгон дээр наадах чинь тэгдэг ингэдэг гэж яриа тасалж орж ирээд л. Хэ хэ. 

Цэцэрлэгийн багш нарыг ад үзэх гээд байдаг хүмүүс минь ээ, тэд нарыг хүндэтгэж, ажлыг нь ойлгож байгаарай. Би бол тэднийг биширдэг. Өөрийнхөө эрх ганцынхаа ая эвийг олох гэж зүдэрч байхад түмний тэр олон эрх жаалуудын ая эвийг олоод байдаг гэж бодохоор л...

Хүүхдүүдийнхээ өмнө ядарлаа гэж хэлэхгүй ч гэртээ хариад л ядарснаа мэддэг байх даа зайлуул...

За нэг ийм эрх зулзагатайгаа өдөр хоногийг нүд ирмэхийн зуур өнгөрөөж байна даа. 

Түр баяртайг бүгдэд нь амжилт хүсье.

2023年2月27日月曜日

Бэлэг 2

Шавь авчирч өгсөн бэлэг. Өвөл 12 сард монгол хариад он гаргаад ирсэн юм. Буцмааргүй санагдсан гэсэн. Хэ хэ. Яг тэгдэг шүү. Ингээд үлдчих юмсан гэж бодно. 

Жаахан хатуу байдаг юм билээ. Би тас хазчихаад байсан. Хэ хэ. Түүнээс бас хөөрхөн бэлэг болох юм билээ. Харин яаж хатууруулахгүй байх вэ? гэдгийг судлах хэрэгтэй байх...

Ийм үрэлнүүд дажгүй санагдсан. Охин бол дуртай нь аргагүй идсэн. Чёкотой нь жаахан онцгүй санагдсан. Хэт нялуун...

Нэг хөөрхөн нь "Алибаба" гээд ууттай чёко байдаг даа. Тэрийг сонин болгож авчирсан байсан. Багадаа өөрөө бас иддэг байсан гэж байна лээ. 

Ингээд бодоход багадаа маш их сахар иддэг байжээ. Шүдээ оройд угаадаг байсан эсэхээ санахгүй л байгаа юм даа. Одоо бол зулзагуудаа тувт сайн угаа энэ тэр гэж үглээстэй. 

Охид хорхойтой шүд байхгүй. Бага зулзагын үүдэн шүдэнд ээж хариуцлагагүй загнаад, насан туршийн шүд нь ургахаар маш сайн анхаарна даа, одоо ч анхаарсаар л даа...

Таныг аарууланд дуртай болохоор, жаахныг л авчирлаа. Ачаа их байсан гэсэн. Аргагүй шүү дээ. Би л гэхэд том жижиг 7 номоо дайгаад заавал авчир гээд хэлчихээр чинь тийм ээ? 

Яахав өөрөө надаас хааяа ном авч уншдаг юм. Гэхдээ халхын сайн эр мэр гардаг зохиол голцуу л зээлж уншдаг. 

Гэснээс энэ бөөрөнхий ааруул нь гурилтай санагдсан. Аманд орчихоод нэг тийм зунгааралдаад, бутарч өгөхгүй сонин. Хань ижил бид 2 энэ яг гурилтай байх аа л гэж ярилцсан. 

Шавь хөөрхий, худалдаанаас л авсан гэсэн...

Хатуу ааруул гоё байсан. Усанд дүрээд тавьчихна. Зөөлрөхөөр нь мэрнэ. Хэ хэ. Шүүсийг нь уучихна. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年2月26日日曜日

Бэлэг

Монголоос авсан бэлэг. Дүү нар бэлэг өгмөөр байна гээд, ноолууран ороолтны зураг явуулсан, өнгөө сонго гээд. 

Бушуухан шиг л "хүүе, ороолт хэрэггүй ээ, ер нь ноолууран юм юу ч хэрэггүй ээ" гэж хариулсан. Учир нь ороолтноос их юм алга. Ноолууран ороолт ч хэд хэд бий. Барагтаа зүүхгүй, гараад л машин, жаахан алхахаараа халууцаад байдаг юм энд.

Тэгээд ч ноолууран эдлэлийг тултал нь арчилж, хамгаалж чадахгүй хорхойд идүүлчихээд байдаг би л лав. Энэ гоё ганган хүүхнүүдийн хөдөлмөрийг үнэн биширдэг. Хэ хэ. 

Тэгээд бодож бодож энэ оймснуудыг захьсан. Хань ижилд их таалагдаад. Дулаахан гэж юүхэв гэж байсныг нь гэнэт санаад. 

Түүнээс яг юу захих уу? гэхээр нь тулгамдаад мартчихдаг. Мөн тэр холоос төвөг удаад юм хум захиад яахав гэдэг үзэлтэй. Хэ хэ.

Ном бол тусдаа шүү. Сүүлийн үед өөрөө номоо авчихаад, зүгээр л дайгаад, аваад ир тэгэх үү? гэж хүсдэг болсон. Бас нэг дэвшил мөн биз дээ? Хаа хаанаа эдийн засаг хэцүү байхад, юмны үнэ нэмэгдээд хэцүү байхад албатай юм шиг ном авахуулахгүй байх санаатай...

Хүүхнүүд болон бага зулзагад ирсэн оймс. Охин бол шууд өмссөн. Би хайрлаад, цагаан сараар гаргаж ирсэн өмссөн. Шинэ дээл хувцас өмсөх ёстой гэдэг билүү? Дээл гэж өмсөх биш, оймсоо л өмсчихсөн. 

Амттан. Дандаа л "Алтан говь" гэж байхаар, арай өөрийг өгч явууллаа шүү гэсэн. Маш их сэтгэл шүү. Дотроо 2 янз юм билээ. Томчууд хар чёког нь таалсан. Багачууд борыг нь таалсан. 

Бор нь арвайн гурилтай юм билээ. Гашуун амт арай бага. Тэгээд л багачууд таалсан байх. Би ч аль болох какао өндөртэйд нь дуртай. 

Дүү нар хэлсэн "та нар бидний идэж үзээгүй монгол амтыг аль хэзээний л олоод амсчихсан байх юм аа" гэж. Хэ хэ. Үнэн үнэн. Гадаад явахдаа хүмүүс мэдээж аль монгол л гэсэн зүйлсийг авч ирдэг. Бид тэрнээс нь яаж ийгээд олоод амсчихдаг. Хо хо. 

Ингээд бодохоор миний харилцаа холбоо өргөн байгаа биз дээ? Уг нь гайгүй нийтэч, мэдээж үе үе солонгон аашаа гаргаж зарим нэг хүнд бухимдана. Дандаа л хайлмаг шиг явна гэж юу байхав. Хи хи. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 
 
Гэснээс та бүхний ходоод гэдэс гайгүй юу? Хэхрэхээр бууз, нийслэл салат амтагдаж байна уу? Ха ха.

2023年2月25日土曜日

Цуглуулсан алт мөнгө минь

Алт мөнгөнөөсөө ганц нэгийг танилцуулах уу? Суугуул нутгийн баруун бүсийн харъяа "манга" зохиолчийн баатрын зурагтай амттан. 

Мизүги Шигэрү гээд хайхаар гараад ирэх байх. Өвөрмөц баатруудтай манга бичдэгээрээ алдартай. Өндөр насыг зооглоод 93-тайдаа өөд болсон. За за өөрсдөө гүүглэдчих. Маш дэлгэрэнгүй байх ёстой.

Гаднах боодол цаас нь. Энэ нэг зохиолынх нь гол баатар. Нэг нүдтэй хүүг Гэгэгэ но Китаро. Наана байгаа жижиг өндөн толгойтыг Мэдама ояжи. Ингээд бичээд хайвал бас л гараад ирнэ шүү. 

Үнэн залхуу байна аа би. Нэг юм бичих гээд байгаа юм бол дэлгэрэнгүй танилцуулчихгүй тийм ээ? 

Гэхдээ би бас та нарт бэлэнчлэх сэтгэлгээ суулгамааргүй байна л даа. Ха ха.

Дотроо бас ийм гялгар ууттай. Овоо хэдэн ширхэгтэй. Зураг авахын зуургүй шүүрээд л авна лээ нэг хүн.

Уутыг задлахад ийм хэдэн янзын баатрын зурагтай. Дундаа кремний хавчуургатай. Бутарч унасан жигнэмэг байлаа. Хар борголтой хамт идэхэд амттай байсан. Дангаар нь идвэл нялуун.

Гэснээс энэ жил нүүрномоор их сэвснийх үү? Бэлгэнд мөнгө бэлэглэх айл их байсан гэж дүү хэлсэн. Олзуурхсан. Цуглуулж байгаад хэрэгтэй юм аа худалдаад авчихна тийм ээ? 

Монгол харьж шинэлмээр санагдсан. Мөнгөнд дуртай золиг чинь. Ха ха.

Түр баяртай. Алт мөнгөнийхөө сонин сайханг хуваалцаарай. Бүгдэд нь амжилт хүсье.

2023年2月24日金曜日

Сар шинийн мэнд ээ

Үзэсгэлэнтэй болгодог жил гарч байгаа гэсэн тийм ээ? Нэг их хөдөлмөр заралгүйгээр хөвсгөрөөсөө салчих юм биш биз дээ? Хэ хэ.

Бяцхан хөөрхөн тавгийн идээ засдаг болоод 3 дахь жилтэйгээ золгож байна.

Энэ хөөрхөн идээг минь нэгэн хөөрхөн эгдүү чинь хуурайлаад, үрэлнээс нь хүний нүд хариулж байгаад ам руугаа явуулаад байсан. Ха ха. Мэдээгүй л гэж бодож байгаа байх даа, буруу зүйл хийчихлээ дээ гэхээрээ эдний нүд, нүүрний хувирал харваас андашгүй тийм ээ.

Шинийн нэгэнд бид айл хэссэн. Мэдээж айл хэссэн улс чинь алт мөнгөтэй харьсан. Тавгийн идээ амттай байсан. Хайлмагийг нь би хуурайлж, ааруулыг нь зулзага хуурайлсан. Хэ хэ. Уучлаарай.

Буузны дараагаар бид найзынхаа гараа гаргаж хийсэн амттанг амтархан идсэн. Зулзагууд зайрмагнаас нь нэммээр байсан гэсэн. Хо хо. Нэрэлхээд хэлээгүй шиг байна лээ. 

Эгч нь даалгавраа хиймээр байна аа гэж ярвайгаад тухтай суулгаагүй. Гайгүй ээ, дараа жилээс чамайг айл хэсэхдээ дагуулж явахгүй мэдэв үү? Алт мөнгө цуглуулж чадахгүй л хоцорно шүү дээ, тийм ээ? Хи хи. 

Энэ жил өргөн шинэлгээ болж байх шиг байна тийм ээ? Би ч ээжийнхээ өмнөөс ядраад л байгаа. Гал тогоо, аяга шанага. Аавынхаа өмнөөс бас эрүүл мэндэд нь санаа зовоод л суугаа. 

Бууз, архи. Яахав би нүүрномдоо элдэв юм түгээж ад болдгийн хувьд архи барьж золгосон хүмүүс харьцангуй цөөн байсан гэсэн. 

Настан буурлууддаа, нэг нэгэндээ хор хөнөөл нь их цагаан архи өгчихөөд, өвдөхөөр нь худлаа халаглаж суудгаа больмоор санагдаад байдаг юм. 

Үглэхээсээ өмнө үтэр түргэн энэ мэндчилгээгээ өндөрлөв. 

Түр баяртай, сайхан шинэлээрэй. Бүгдэд нь амжилт хүсье.

2023年2月20日月曜日

Зүгээр л

Өнөөдөр жаахан хөнгөн зүйл бичнэ ээ. Дан ном бичсэн чинь ядарчихлаа. Хэ хэ. 

Уншиж буй та нар минь ч бас ядарч байгаа биз дээ? Нэг бол бяцхан атаархаад. Энэ нэг юм одоо ямар их ном уншдаг юм бэ? гээд л. Ха ха. 

Номноос бусдаар ч нам тайван дөө. Нам тайван ч бас биш юм аа. Хэд хэдэн удаа сургууль оров. Төгсөлт, элсэлт. Дахиад л хичээлийн бэлтгэл...

Гэснээс төгсөлтийн арга хэмжээндээ сурагчид амны хаалтгүй оролцож болно. Харин гадны зочид, эцэг эх, асран хамгаалагчид амны хаалттайгаа оролцоно. 

Засгийн газрын шийдвэр нь иргэдээ амны хаалт зүүх эсэхээ өөрсдөө мэд гээд хувь хүнд хариуцуулчихаж байх шиг байна. Эмнэлэг, настангуудын асрамжийн газраар явахдаа амны хаалтаа зүү гэсэн. 

Энэ 2 болон 3 сард зарим нэг хагас бүтэн сайнд ажиллана. Уг нь бүтэн, бүх өдөр ажиллах гэсэн чинь заавал нэг өдөр амарсан байх ёстой гээд, 7 хоногт. Би чинь таван цаасаа бодоод алаад өгье гэж бодсон юм. Хо хо. 

Монголоос ажлаар ирсэн хүмүүстэй танилцаж нэг өдөр хамтдаа ойр зуур гарав. Монгол чёко бэлгэнд авав. 

Хайрцаг сав харьцангуй сайжраад л байна тийм ээ? Одоо амтанд нь бага зэрэг дэвшилт гаргавал гэж боддог. Ёс болгоод амсдаг. Их нялуун санагддаг. За хэдэн грамм сахар идчихэв дээ гэж өөрийн эрхгүй боддог болчихсон байна лээ. 

Хэлбэр ч хөөрхөн санагдсан. Түр гарчихаад ирэх хооронд дүү нь хоёрхныг үлдээсэн гээд жавтий хүртсэн байсан. 30 минут ээжээ гэж уйлсан гэсэн. Ха ха. Уг нь бүгд нэг нэгийг амссан юм, мань хүн эгчийн нүдийг хариулж байгаад идчихсэн хэрэг.

Гэснээс би ойрд дан ганц ном аваагүй, өөр бэлэг зөндөө авсан. Зураг оруулъя байз. Энэ зүгээр, энэ ч дээ ч гэдэг юм уу? санаа оноогоо хэлээд. Та нар санаа авцгаана биз? Хэ хэ. 

Гэхдээ өөрөө захиж авдаг болохоор, энэ ч дээ гэсэн бэлэг бараг байхгүй дээ. Юу захих вэ? гэж асуудаг хүмүүстээ их баярладаг шүү. Үргэлж талархнам...

Хавар айсуй гэсэн чинь бороотой сэрүүхэн байна. Эртээд бүр цас хаялсан.

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年2月19日日曜日

Яруу найраг

Яруу найрагч, шүлэгч охинтой болохоо шахсан шүү дээ. Хэ хэ. 

Одоо гэхдээ юун шүлэг байна л даа. Хичээл ном гээд. 

Өнгөрсөн онд нэг шагнал авсан юм. Нэг ч биш л дээ, нэлээд хэд. Тэгэхээр нь ээж яахав улам давраад, улам ихийг хүсээд баахан ном зээлж ирсэн. 

Бага ангийнханд зориулсан Хайкү шүлэг тэрлэх тухай, Танка буюу богино дуу? шүлэг зохиох тухай номнууд зээлж ирээд хүчээр унш гээд л өгчихсөн. Нүд нь орой дээрээ гараад л, за гээд л авсан. 

Уншсан л юм шиг байна лээ. Би буцааж өгөхийнхөө өмнө сөхөж харах санаатай хоёр өдөр цүнхэлж явснаа амжилгүй буцаагаад өгчихсөн. Бүр сүүлд унших ном олдохгүй, хийцгүйрэх үедээ зээлж уншина гэж бодов. 

Тэгэхдаа санаж байхын тулд эндээ зураг оруулав. Энд байдаг, бага ангийн хүүхэдтэй ээж аавууд миний блогийг олж уншвал хүүхдэдээ зээлж уншаалаарай. Сонирхолтой санагдаж магад. 

Насны ангилаллаар шүлгийн уралдаан явуулдаг юм билээ. Шагнал гардуулах ёслол нь цомхон болсон. Сонинд нэр ус нь гараад, таньдаг эмээ өвөө нар олоод уншчихсан. Баяр хүргээд л байсан. 

Өөрөө бол ичээд, их даруухан загнасан. Гэхдээ ирэх жил оролцоно оо гэчихсэн явна лээ. Бас нэг цайны компанийн шалгаруулалт бичиж өгөх юм гэсэн. Өгсөн эсэхийг нь мэдээгүй л явна. Хэ хэ. 

Аав нь урамшуулж мөнгө өгсөн. Бөөн баяр байсан. Бараг дахиж тэгж мөнгө авах санаатай л уралдаанд орох гээд байх шиг санагдсан. Ха ха. 

Хүүхэд томроод мөнгөнд дуртай болж ирсэн. Дуртай юмаа авна гэдэг болсон. Дуртай юмыг нь сонсоод ээж бас дуугай байхгүй ээ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年2月18日土曜日

Өлсөцгөөе 3

Энэ бичвэрээр ингээд энэ номыг дуусгана шүү. Зарим нэг хэсгийг "Сахар" номыг уншихад болох байх. Бүр уншмаар хорхойсоод байвал монгол хэлээр "Мацаг" гээд хайгаад үзнэ биз дээ? 

Өлсөнө, мацаг барина гэхээр "өө тэр бүтэхгүй, чадахгүй" гэх хүмүүс бий. Гэхдээ миний танилцуулах энэ арга харьцангүй хялбар. 

Нэлээд уншиж, судалж, өвчтнүүдээ ажигласны үндсэн дээр 16 цаг өлөн байх буюу юм идэхгүй байх нь хамгийн тохиромжтой. Ингэхдээ унтаж буй цагаа хамт тооцоод  оролцуулчихвал бүр хялбар. 


Ажлын өдөр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, боломжгүй гэж үзвэл амралтын өдөр хэрэгжүүлж болно. 

Яагаад заавал 16 цаг гэж? Учир нь сүүлд юм идсэний дараа 10 цаг өнгөрөхөд элгэн дэх сахар алга болж өөх задарна. Ингэснээр энерги үүснэ. 16 цаг өнгөрөхөд Autophagy явагдана. Хүний биед ойролцоогоор 60 их наяд? эс байдаг. 

Эс нь ихэвчлэн уургаас бүрддэг. Ямар нэгэн байдлаар гэмтсэн уураг гадагшилдаг. Гадагшилж чадаагүй эс нь хүний биед муугаар нөлөөлдөг. Нэг ёсондоо өвдөж эхэлдэг. 

Бид хоол шим тэжээлээр уураг авдаг. Уураг авч чадахгүй болсон үед бидний бие уургаа өөрөө бүтээх гэж үздэг. Тэгээд хуучирсан, гэмтсэн эсийн доторх уургийг цуглуулж, задалж, тэдгээрээс уураг үүсгэх гэдэг. 

Эс болгонд mitochondrion гэж байдаг. Гээд зөндөө зүйл бичжээ. Би нь мэргэжлийн энэ үг хэллэг сайн мэдэхгүй, орчуулж хайя гэсэн үнэндээ төвлөрөхгүй байна өө. Уучилна биз?

Энэ Autophagy-н тухай дэлгэрэнгүй бичсэнийг уншмаар байвал ийшээ орж уншаарай. Дэлгэрэнгүй тайлбарлажээ. Аль 2016 онд.

https://medium.com/@MandakhnaranDavaadorj/2016-оны-нобелийн-шагналыг-анагаах-ухааны-салбарт-авсан-бүтээлийн-тухай-a9d7aa14762e

Өөрөөр хэлбэл Autophagy нь хуучин эсийг бие дотор нь шинэ эс болгон өөрчлөх үйл явц гэж ойлгож болно. Шинэ эс бий болоход хүн мэдээж эрүүл байна, залуу байна. 

Энэхүү Autophagy-н нэг онцлог нь шим тэжээл их байвал явагддаггүй. Яагаад гэвэл бие болон эс нь хүчтэй стрессдэхээр л амьд үлдэхийн төлөөх хүний биед үүсдэг тогтолцоо тул эс н өлсгөлөн байдалд орсон нэг бол бага хүчилтөрөгчтэй үедл хөдөлгөөнд орж эрчимждэг. 

Товчхондоо хамгийн сүүлд юм идээд 16 цаг өнгөрч Autophagy- байж ажиллаж эхлэнэ гэсэн үг. 

Ядаж долоо хоногтоо нэг удаа ингэж 16 цаг юм идэхгүй байвал дотоод эрхтэн амрах, өөхлөлт багасах, цусны эргэлт сайжрах гэх олон сайн талтай. Мөн дээрээс нь бид шинэ эстэй болно. 

Хамгийн энгийн арга нь хэрэв та хоногт 8 цаг унтдаг бол тэр цагаа оруулаад унтахын өмнөх болон сэрсний дараах 2-3 цаг юм идэхгүй байх. Өлсөөд байвал самрын төрөл идэж болно. 

Мөн ингэж өлөн байсны дараагаар амттан идмээр, гурилан юм идмээр санагдаж магад. Аяндаа дасаад ирэхээр цаанаасаа дээрх зүйлийг идэх дур бууна. 

За тэгээд хүн бүрийн амьдралын хэв маяг, ажлын онцлог өөр өөр тул өөрсдийнхөө хэв маягт тохируулаад л 16 цаг юм идэхгүй байх юм байна. Эмч өөрөө ганц хоёр цагийн ялгаатай арга бичсэн байсан. 

Жишээ нь өглөө 6 цагт босоод өглөөний цайг уулаа. Тэгснээ бүр оройны 22 цагт оройн хоолоо идээд, 24 цагт унтах гэж байсан. Энэ арга жаахан тохиромжгүй санагдав. Доорх зураг шиг.

Нэг хэсэг манайхан мацаг гэж шуугисан даа. Ер нь бол мацаг юм байна гэж ойлгосон. Яахав эмч өөрөө мацаг гэдэг үг хэрэглэхгүй өлөн байх гээд юм идэхгүй байх цагаа уртасгах гэж бичээд явсан байна лээ. 

Хагас бүтэн сайн гэсэн амралтын өдрүүдэд 24 цаг юм идэхгүй байх нь бас их зүгээр. Харин 24 цагаас дээш өлсөх гэж байгаа бол заавал эмчийн зөвлөгөөний дагуу хийх ёстой шүү. 

Ингэж өлсөхийн сайн тал гэвэл тоочоод баршгүй. Дотор эрхтний үйл ажиллагаа сайжирна, өтгөн хаталт арилна, алерги үгүй болно, ядаргаа арилна. Өөх задарч цусны эргэлт сайжирна, амьдралын хэв маягаас шалтгаалж үүсэх өвчин багасна. Цусан дахь сахарын хэмжээг 20%-р бууруулж чадна. Хавдар зэрэг өвчин тусах эрсдлийг багасгана.

Мөн залуу байдлаа удаан хадгална. Альхаймер хэлбэрийн зөнөгрөх өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Арьс толийж сайхан болно. 

За бас хэд хэдэн мэргэжлийн үг хэллэгтэй сайн тал гэж бичсэн байсан. Орчуулж дийлшгүй нь. Өөрсдөө олж уншигтий...

Сул талыг нь дурдахгүй өнгөрч болохгүй. Жин хасаж, өөх задарсантай уялдаатайгаар булчин ч бас сулардаг. Тэгэхээр амархан, өөрт хүндрэлгүй дасгал хөдөлгөөн хийх ёстой. 

Ялангуяа настай хүмүүс анхаарах хэрэгтэй. Дасгал хөдөлгөөнийг тусгай зориулалтын танхимд хичээллэхгүй бол болохгүй гэж хүндээр хүлээж авалгүй өдөр тутмын амьдралдаа л оруулаад өгөхөд болно. 

Жишээ нь шатаар өгсөх уруудах. Гэдэсний таталт, гар дээр суниах, squat хийх. 60 кг жинтэй хүн 20 минут шатаар өгсөж уруудахад 100 ккалор шатаадаг. 

Сахарын тухай бичсэн байсан. Орчин үед бол бидний сахарын хэрэглээ асар өндөр юм байна өө. Энэ талаар өөрсдөө олж уншина биз дээ? 

Ингээд урт настай удаан жаргалтай номныхоо тухай дуусгана аа. Аль болох энгийн хэллэгээр бичих гэж хичээлээ. Эсрэгээрээ ойлгомжгүй болчих шиг боллоо. 

Өнгөрдөг жил баахан ном авчирсан хүн чинь, уншиж барахгүй байж л дараагийнхаа номыг захиастай, төлөвлөөстэй. 

Залхаасанд уучлаарай, ном ярьж. Хэ хэ. Гэхдээ дугуй дугуйгаа олж нөхөрлөдөг гэдэг дээ, блогийг минь ч номонд хорхойтой хүмүүс уншдаг байх тийм үү? Хо хо. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

Жич: Зураг1-Оройн хоолоо 18 цагаас өмнө идээд маргааш өглөөний 10 цах хүртэл юм идэхгүй.

Зураг2-Өглөөний 6 цагаас оройн 22 цаг хүртэл юм идэхгүй. 22 цагт оройн хоолоо иднэ.

2023年2月16日木曜日

Өлсөцгөөе 2

Номныхоо нэрийг бичээгүй байна лээ тийм ээ? Хэ хэ. 

"Өлөн байх нь хамгийн хүчтэй эм" гэдэг гарчигтай шүү. Монгол хэл дээр "Мацаг" гэдэг гарчигтайгаар орчуулагдсан байсан. Сонирхож байвал олж уншаарай. 

Японд ч энэхүү өдрийн 3 удаа хооллох заншил нэлээд сүүлд дэлгэрсэн гэнэ. 1657 оны үе буюу Эдогийн засаглалын үед барилга, бүтээн байгуулалт ид өрнөж, ажилчдад олгодог өглөө оройн хоолноос гадна өдрийн хоол гэж олгодог болсон.

Мөн Мэйжигийн шинэчлэлийн дараа засгаас цэргүүдийг өдөрт 3 хооллодог болсон зэрэг нөлөөлж өдөрт 3 хооллох заншил үүссэн гэж үздэг гэнэ. 

Энгийн ард иргэд өдөрт 2 л удаа хооллодог байсан гэнэ шүү. Манайхан чинь бас дээхэндээ нэг их олон хооллоод байдаггүй л байсан гэж ярилцдаг тийм ээ? 

Мөн 1935 онд япон эрэгтэй хүний өдрийн авах ёстой илчлэгийн хэмжээ 2500-2700 гээд тогтоочихож. Угтаа энэ их тоо гэнэ. Учир нь өдгөө ихэнх гэрийн ажил, унаа унаш гээд автомат болчихсон. Харьцангуй бага хөдлөөд байна, хүмүүс. 

Бодсон чинь нээрээ л тийм. Угаалгын машин, тоос сорогч гэдэг сайхан зүйл гарчихаж. Мөн гурил зуурч элдэх нь ч цөөрч. Гэрэл, зурагт гээд л бүгд шахуу удирдлагатай. Ер нь гэртээ бол бараг хөдлөхгүй байх шиг байна тийм үү?

Тэгсэн хэрнээ л ядраад байгаагаа гайхаад л би ч...

30-49 насны эрэгтэй хүн 1500, эмэгтэй хүн 1170,50-69 насныхан 1350, 1110, 70-с дээш насныхан 1220, 1010 хэмжээтэй байхад болох юм. Харин хүнд хүчир ажил хийдэг, тамираар хичээллэдэг хүмүүс 1800-2200 орчим байханд хангалттай гэжээ. 

Хооллосны дараагаар ядардаг, нозоордог, нойр хүрдэг гэх мэт шинж илэрдэг хүмүүс анхаарах хэрэгтэй. Хэтрүүлж идэх нь дотоод эрхтнүүдийг цуцаадаг. Өлсөөгүй байж ар араас нь хивэхгүй байх. 

Гурил будаа, гоймон талх хэтрүүлэх нь сая хэлдэг, нойр хүрэх, ядрах гэсэн шинжүүд илүү элбэг. Мөн эдгээр хүнсний хэрэглээ их байх тусам цусан дахь сахар огцом ихэсдэг. Улмаар цөс нь инсулин ялгаруулж цусан дахь сахарын хэмжээг бууруулах гэж үзэж  тарна. 

За сүүлийн үед энэ "инсулин" гээчийн талаар их ярьж бичдэг болсон тул та бүхэн өөрсдөө хайж уншаарай...

"Буруу дадал зуршил, үлбэгэр хайнга байдлаа таягдан хаяж, өөрийн биеийн дууг хоолойг чагнах. Энэ бол өөрийгөө хайрлах, гамнах эхний алхам".

  • Эртнээсээ л ийм байсан, ингэж дадсан гэх бодол, баримтлалаа эргэн нэг харах. Жишээ нь өдөрт 3 удаа хооллоод л ирсэн шүү дээ, муудчихаагүй байна гэх үзэл.
  • Хаа нэгтээ ууж идэхээр очихдоо гарсан болгоныг хэнэггүй гэгч нь амандаа хийх.
  • Гэрийнхнийхээ үлдээсэн хоол хүнсийг хайран юм гээд идэх.

За энэ 3 үйлдлийг хийдэг хүмүүс анхаарлаа хандуулах хэрэгтэй шүү. 

Нас ахих тусам идэх хэмжээ, чанарт анхаарах. Өдөрт заавал 3 удаа хооллох шаардлагагүй.  Өдөрт 3 хооллох нь дотоод эрхтэнд амрах хугацаа өгөлгүй, сульдаадаг. 

Хоол боловсруулахад 2-3 цаг, тос өөх ихтэй хоолыг боловсруулахад 3-4 цаг орчим ходоодонд байж, зарцуулдаг. Нарийн гэдсэнд 5-8 цаг орчим зарцуулж байж боловсруулдаг. 

Бүдүүн гэдсэнд нарийн гэдсэнд шимэгдээгүй ус нь 15-20 цаг зарцуулж байж шингэдэг.

Ингээд цагаар тооцоод үзэхэд бидний гэдэс ходоодонд орсон хүнс буюу хоолыг бүрэн боловсорч, шингэж, гадагшилж амжаагүй байхад дээрээс нь нэмж идээд оруулаад байхаар бүхий л дотоод эрхтэн ядарч сульддаг. 

За тэгээд ходоод муу байх нь хүний арьс болон үсэнд муу нөлөөтэй. 

Хамгийн их ачаалалтай байдаг эрхтэн нь "элэг". Бид элгийг зөвхөн архи уусан үед, шартсан үедээ л ачаалалтай байна, муудна гэж үздэг. Гэтэл бидний элэг маш хичээнгүй, ажилсаг эрхтэн юм. Маш олон үйлдлийг зэрэг хийдэг эрхтэн. 

Боловсруулах, хуримтлуулах, задлах, ялгаруулах, задлах гэх мэт. 

"Бидэнд амралт хэрэгтэй байдгийн адилаар эрхтнүүдэд маань ч амралт зайлшгүй шаардлагатай".

Тогтмол нэг цагт хооллох нь эрүүл бөгөөд зөв мэт санагдаж магад. Гэвч хүний бие тухайн өдөр өдөртөө өөр өөр байдаг. Жишээ нь урд өдөр нь нэлээд илчлэг ихтэй хоол идсэн, их хэмжээгээр идсэн гэж үзэхэд маргааш нь тогтсон цагтаа идэх нь зөв гэж хэлэхэд бэрх. 

Харин хоолоо бүрэн шингээд, өлслөө гэж мэдэрсэн үедээ идэх нь илүү зохимжтой. 

Хэтрүүлж идэх нь ДНХ болон эсийг ихээхэн гэмтээдэг. Мөн "Reactive Oxygen Species, ROS" нэмэгдүүлдэг. Энэ "Reactive Oxygen Species, ROS" -нь хүний биеийг хүчиллэг болгох буюу зэврүүлдэг чадалтай. Тэгснээр хүний бие дэх вирус гэх мэтийг дардаг ч эсрэгээрээ ДНХ-г гэмтээдэг аюултай.

Энэ хүчилтөрөгч ихэсдэг нэг шалтгаан нь стресс, нарны хэт ягаан туяа, вирусын гаралтай бактери, элдэв хортой зүйлийн хэрэглээ. Мөн хэт их хөдөлгөөн гэх мэт олон шалтгаан байдгийн нэг нь "хэтрүүлж идэх". 

Энэ даамжирвал хөгшрөлт эрт явагдах, үрчлээ ихсэх, сэвхтэх, улмаар хорт хавдар тусах эрсдэл дагуулдаг.

За мэргэжлийн үг хэллэгээ эмч дүүгээсээ асуудаг юм. Уриалгахан гэгч нь дэлгэрэнгүй хэлж өгдөг дүүдээ баярлалаа. Хойшид ч болгоогоорой. 

Яг "Reactive Oxygen Species, ROS"-ын тухай яг нарийн ойлгож чадсангүй. Монгол орчуулгыг нь авах билүү? гэж бодоод л сууж байна.

Өөх тос, сахарын хэрэглээнээс үүсэх хор уршгийг бас тайлбарласан байсан. 

Жишээ нь өөх нь 2 янз байна. Арьсан дорх өөх, дотоод эрхтний өөхлөлт. Өөх нэмэгдсэнээр цусны болон тунгалагын эсийн эргэлт муудна. Хэдийгээр бид өөхийг жин хасахад туйлын хэрэгцээгүй лайсан мэтээр үздэг ч үнэндээ сайн тал ч бий. 

1. Энерги хурилмтлуулна.

2. Биеийн дулааныг хадгална.

3. Дотоод эрхтнүүдийн байрлалыг хадгална.

4. Зөөлөвч болж хүний биеийг гадны ямар нэг гэмтлээс хамгаална.

5. Даавар болон цөс ялгарах эс үүсвэр нь болдог.

6. Төрөл бүрийн витаминыг шингээхэд хэрэгтэй. 

Нэг ёсондоо хүний биед зайлшгүй байх ёстой хүчин зүйл байх нь.

Мэдээж ихэдхээрээ сөрөг нөлөөтэй. Жин нэмнэ. Хөл, нурууны ачаалал ихсэнэ. Хүзүү хавиар өөх нэмэгдвэл нойр муудна, унтаж байхад амьсгал түгжрэх аюултай. Улмаар цусны эргэлт муудах, тунгалагын эс дарагдах, зүрхэнд ачаалал өгөх, даралт ихсэх, зүрхний хэм алдалт, хавагнах гээд олон сөрөг талтай. 

Зээ, энэ талаар хайхаар илүү дэлгэрэнгүй гарч ирэх байх, хайж уншаарай...

Дараагийн нэг бичвэрээр энэ номоо дуусгана аа. Нэг амттай ном эхлүүлчихсэн чинь энэ өлсөх мөлсөх чинь "цаашаа шүү" гээч л болчихлоо. Хэ хэ. 

Түр баяртай. бүгдэд нь амжилт хүсье.