2023年9月12日火曜日

Усанд явсан нь

Ижий аав хоёр минь хотын зах руу гэр хороололд байдаг юм. Нэг тэнд оччихвол буцаад хотын төв гарах гэж, нэг хотын төв орчихвол буцаад гэртээ ирэх гэж бас л асуудал байсан. Хэ хэ. 

Түгжрээ түгжрээ, дээрээс нь настай хүнийг элэг барьсан жолоочид. Том том машинаараа шахаж, бараг мөргөж орж ирдэг жолоочид муухай байсан.

Бага зулзагаа дагуулаад л усанд явлаа нэг өдөр. Гэхдээ худаг хүртэл алхаагүй ээ. Машинаар явчихна. Хэ хэ. 

Усанд явсан гэж хэлэхэд бэрх үү. Гэхдээ байна шүү дээ, хөдөөнийхөн ч гэсэн малдаа мотоциклээр, машинаар явж харагдсан шүү. 

Юм болгон нь л машин, мотоцикл гэх мэт болчихсон байсан. 

Зулзага гайхаад л байх шиг байсан. Хажууд нь өөрийнх нь насны хоёр эгч өөрсдөөс нь ганц нэг насны л болов уу зөрүүтэй дүүгээ дагуулчихсан ус авах гээд ирсэн. 

Миниий хайр хүрчихсэн. Би хажууд нь тансаглаад машинаар ус авч энэ тэр. 

Тэгсэн энэ жаалуудыг хар л даа. Түрдэг тэрэгтэй, хажууд нь асран хамгаалах том хүн байхгүй, дээрээс нь дүүгээ дагуулчихсан. 

Насандаа баймгүй эр зориг, хүч чадал, ухаан. 

Гэтэл манай зулзагууд хажууд нь нялзрай нь дэндсэн, нялцгай нь дэндсэн гэж бодож амжсан. 

Бас нэг таалагдсан нь худгийн гадаах энэ цэцгийн мандал. Энхэлгэнэ цэцэг. Ижий минь мөн хашаандаа тарьсан байсан. Зун цагт монголын хөрсөнд их л тохирдог бололтой санагдсан. 

Их хөөрхөн өндөр өндөр ургасан харагдана лээ. 

Би цаг завтай байсан бол энэ жаахан охидтой хууч хөөрөлдмөөр л байсан. Даанч надад цаг зав их хомс байсан. 

Хүмүүс урьж залаад, ирж очоод, би гал тогоо барихгүй бол болохгүй. Ганц удаа ч болов аяга тавгийг нь угааж өгөх санаатай, хэрэндээ хичээсэн. Усаа халаадаг халаагч нь бас тохиргоо нь хэцүү юм билээ. Шалзлам халуун гоожоод, аргаа олох гэж бас л хөөрхөн хэд хэдэн удаа халцгай халцгай болсон. 

Гэр хорооллынхон усыг асар их хэмнэдэг шүү. Хотын цамаан та нар усаа сайн гамнаарай, хэмнээрэй, хайрлаарай...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2023年9月11日月曜日

Элсэн манхан

Хөгнө Хаан уулын баруун талаар сунаж тогтсон элсэн манхан байна. Элсэн тасархайн нэгээхэн хэсэг. 80-д км үргэлжилдэг Элсэн тасархайн нэгээхэн хэсэг.

Их гоё тогтоцтой юм билээ. Би Элсэн тасархай орж үзээгүй, сонссоноос цаашгүй. Жуулчидтай явж байхдаа замаас хазайхаасаа төвөгшөөгөөд очоогүй өнгөрсөн удаатай. 

Төвөгшөөх ч юу байхав, хойшоо цаг нартай ажилдаа л яарсан хэрэг.  

Тэгсэн энэ жил ингэж нэгээхэн хэсгээс нь үзэж, аялах, зугаалах, хөгжилдөх хувь заяатай байжээ. 

Гэрээрээ, дотны хүмүүстэйгээ аялах сайхан тийм ээ? Хүүхдүүд элсэн дээр хөл нүцгэн гүйлдээд. Холоо гэгч нь оччихоод, бас хүн айлгаад. Төөрчихнө гэж сандраад. Бүрэнхий ч болж байсан. 

Суугуул нутагт минь элсэн манхан бий. Даваад цаана нь гарахад япон тэнгис үргэлжилдэг. 

Бэлэгшээв. Айлынхаа ах эгчийг манай суугуул нутагт айлчлаарай гэж урив. 

Орой сэрүү ороод, элсэн хээ хатуураад дагтаршаад, жаахан ухахад хүйтэн байсан. 

Мөрөө гаргацгааж, хонь ямаа, үхрийн мөр олж харан баясалдав, хүүхдүүд. Мөн хоргол харагдсан. Бага зулзага гэдэс нь жаахан эвгүй байсан, шингэвтэр баасан. 

Тэгснээ түүнийгээ элсээр нуугаад байна аа, бас. Нэг сурсан нь тэр. Хүндэрчихээд, шороогоор булдаг. Хэ хэ. 

Бид олуулаа явсан тул 2 хэсэгт хуваагдаж, нэг хэсэг нь элсээн манханаар зугаалах. Нөгөө хэсэг нь арай өөр хөтөлбөртэй. Хэ хэ. Бичих гэхээр зөв бурууг мэддэггүй ээ. 

Нум сум харвасан гэе дээ. Хи хи. 

Би харвамаар л байсан. Бага зулзага хаа ч явсан ээж гэж орилоод, тувт зүүгдээстэй байсан. Арга ч үгүй байх, хэлийг нь ойлгохгүй баахан хүмүүс дунд үлдэхээсээ айсан байх. 

Монгол хэлээр маш сайн ойлгоод байгаа хэрнээ эргүүлээд өөрөө хариулах гэхээр чадахгүй, японоор л хариулна. Цаадуул нь ойлгохгүй. Хэцүү байсан байх, хөөрхий минь. 

Бидэн хоёр хаа ч явсан хамтдаа л явлаа. Нэг бодлын өрөвдмөөр. Хайр хүрмээр...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2023年9月10日日曜日

Хөгнө Хаан уул

Бид Хөгнө Хан уулын бэлд шахуу малчин айлд очсон. Дамаа таньдаг байсан эх эгч нартайгаа биечлэн уулзаж, сайхан дайлуулж цайлуулж, ахаа эгээ болсон. 

Ёстой сайхан зочломтгой айл саахалтууд байсан. Тойроод 2 ч дүүгийнхээр нь ороод амжсан.

Гүүнийх нь зэлний ойрхон майхнаа барьж эрхэлсэн байдаг юм. Очсон өдрөө бага зулзага машинд ядраад, шууд нам. Би ч тэр чигт нь дарж аваад, маргааш өглөө нь сайхан сэргэлэн босоод ирсэн. 

Аавтайгаа морь унаад сүрхий. Бүр буумааргүй байна гээд. Өхөөрдмөөр...

Номхон борьдоо бэлдчихсэн, бидэнд зориулж. Манайхан л жаал ноолох шив дээ. О.зулзага морьноос унасан. Яаж зүгээр байхав. Хэ хэ. Тухайн үедээ жаахан урвайсан ч сүүлд хөөрхөн дурсаж яриад, өөрийгөө их мундаг зөөлөн унасаныгаа гайхаад л... Ккк. 

Тохой нь, мөр нь бага зэрэг шалбарсан байсан. Огцом уруу газар байсан. Унасан морь нь уруудахад бараг анх удаагаа унаж байгаа хүн тэнцвэрээ алдсан байх.

Майхан дотроосоо. Алсыг ширтэж, ингээд явж байгаагаа зүүд ч билүү гэж бодсон шиг. Хи хи.
 
Тэр цаана дүнхийн харагдах нь Хөгнө Хаан уул шүү. Би ч анх удаагаа очив. Мөн энэ уулын талаар худалч хүнд анх удаагаа сонирхож үзэв. Бас л үүх түүх бүхий л уул юм билээ. 

Халхын өндөр гэгээн Занабазар, Ойрадын Галдан бошгот нартай холбоотой. Нэрнийх нь хаан гэдэг үг нь Галдан бошгот хаантай уялддаг юм байна. 

Дэлгэрэнгүй сонирхвол өөрсдөө хайж уншаарай, мэдээлэл байсан шүү.

Ямартай ч эх орныхоо нэгэн сайхан газарт очиж амраад ирсэндээ сэтгэл тун тааламжтай болой. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

Жич: ...Хөгнөхаан уулын нэрний тухайд нэгэн хууч яриа байх агаад уулын тагтад Халхын өндөр гэгээн Занабазар өөрийн хэдэн шавь нарын хамт нэгэн гайхамшигтай дуганыг босгожээ. Тэр дуган алтан ганжиртай, зун цагт хурал ном хурдаг, даяанч лам нарын шавилан суудаг ариун номын газар байв.  Гэтэл цагийн байдал ороо бусгаа болж Халх Ойрадын хооронд дайн дэгдэж Галдан бошигтын цэргүүд Хөгнөхан уулын ойр орчинд Өндөр гэгээн Занабазарын албат лам нарын суудаг Өвгөн сүмийг хайж ирэхэд сүмийн лам нар алтан ганжирыг навтсаар боон далдалсан учир цэргүүд ололгүй буцжээ. Гэтэл нэгэн эмгэн “цэргүүд буцаад явчихлаа, одоо энэ муухай навтсан боодлыг авъя” гэжээ. Цэргүүд хайрханаас бууж зэргэлдээх уулын оройгоор явж байтал нуугдаж хоцорсон Өвгөн сүмийн алтан ганжир өглөөний ургах наранд гялалзаж байхыг хараад эргэн ирж сүмийг олоод 100 орчим лам нарыг баривчлан хүзүүгээр нь хөгнөн холбож амийг нь хороогоод сүмийг галдан шатаасан түүхтэй...

2023年9月9日土曜日

Хорхог, боодог, гэдэс

Хань ижил ирэв ээ. Тэгээд л ер нь бидний "хорхог" ажиллагаа эхэлсэн. Хэ хэ. Хадмынд, манайд, найз нөхөд гээд л. Хэдэн ч хөөрхөн халуун хошуутай малын амийг таслав. Уучлаарай...

Аминдаа бидэндээ халуун чулуу атгуулж ядаргааг минь тайлах гэж зүтгээд л. Сэтгэл нь сайхан. Ганц нэгт нь хань ижил, дүү минь ханцуй шамлан хийлцэнэ. Ганц нэгийг нь биднийг гар хүргэлгүй л амжуулчихна. Баярлалаа, та нартаа.

Зээ, энэ миний өөрөө гэдсийг нь шувтарч хийсэн, чанасан гургалдай. Авга эгчийн минь охин гэж ажилсаг, аманцар эгчээрээ заалгаж аваад л шувтарсан. Ха ха. Хөгжилтэй байсан. 

Хотод өссөн би энэ мэт зүйлсээс хол хөндий өслөө шүү дээ. Дажгүй сайн арилгаж байна гэж магтуулсан шүү. Хэ хэ.

Зээ, үүнийг хуурай дүү нар хийж дайлсан биднийг. Ёстой зөөлөн, ялз чаначихсан, амттай ч гэж юүхэв. За тэр гурил бол ч янзтай. Өдөр очоод л шөнө дөл болтол суугаад, зарим нэг хүмүүс бүр унтаагүй, дурсамжтай нэг өдөр байсан.Хо хо. 

Эндээс төгсөөд явсан 2 хөөрхөн залуу найз охидоо дагуулж ирсэн. 

Мөн хань ижлийн бас нэг танил дүү ирж нэлээд буу халж суусан. Зөндөө гоё монгол бэлэг өгсөн. Баярлалаа бүгдэд нь.

Үүнийг аманцар ажилсаг эгч маань надад зориулж хийж өгсөн. Тансаг амттай юм билээ. Элэгийг сэмж өөхөнд нь ороож байгаад чанаад, дараа нь хальт шарж идвэл бүр ч тасраад л явчих юм билээ. 

Бид олуулаа бужигнаад, шарж амжаагүй ч үнэндээ л тансаг амттай, хань ижил бид 2 булаацалдан барин идсэн. Ха ха.

Хөдөө идсэн тансаглал. Гэхдээ энэ их орой идсэн. Бид өдөр нь өөр нэг айлд хорхог гэдэс идээд. Элсэн манхан явж зугаалаад, нэлээд орой харанхуй болсон хойно очиж идсэн. 

Тэгээд нэг их сайн идэж чадаагүй ээ. Одоо бодх нь ээ цохиж  байдаг байж гэхгүй юу. Ха ха.

Асар их ажиллагаатай хоолоор биднийгээ дайлсан та бүхэндээ маш их баярлалаа. Архиан бага ууж, айргаан тааваараа уугаарай гэж хөдөөнийхөө та нартаа захиж хэлье ээ. 

Орсон гарсныг байгаагаараа дайлдаг, буцахад минь юу байгаагаа барьж гүйдэг сэтгэл нь цагаахан та нартайгаа дахин уулзахын ерөөл дэвшүүлье ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье ээ.

2023年9月8日金曜日

Цагаан идээ мину зэ

Цахим хуудсандаа чихэрт дургүй шүү, ааруул цагаан идээнд дуртай гэж бичдэгийнхээ буянд зөндөө ааруул, ээзгий, өрөм тос, хайлмаг идсэн. 

Тавгийн чихэр биш, тавгийн ааруу бэлдсэн айл их байсан. Ижий минь тавгийн чихэрээ хөргөгчиндөө хийчихсэн, гаргахгүй хөөрхөн. 

Гэхдээ бусад хүмүүс орж ирэхэд гаргаж тавихаар нь би бас дуугай байгаагүй үглээд л авсан. 

-Битгий авч бай, тэгэхээр чинь гаргахгүй шүү дээ. Бусдын хүүхдүүд ч гэсэн эрүүл саруул байг. 

-Уг нь тийм. Гэхдээ одооны хүүхдүүд ааруул, ээзгий тоохгүй байна, чихэр хүсээд байдаг, бас хааяа ааруул олдохгүй, хотын бидэнд.

-Хоосон байж болно шүү дээ, цай аягалаад л. 

-Тэгж бас болдоггүй юм аа.

Мэдэхгүй юм даа. Би энд хүүхдүүдэд чихэр тавагладаггүй. Цай, ундаа өгнө, хоолны дараагаар зайрмаг өгнө. Ааруул байвал тавина. 

Түүн шигээ л санаад. Гэхдээ л өөрчлөх хэрэгтэй биз дээ? Гадаад явж галуу швууны мах идсэнгүүд нь. Хэ хэ. 

Мөн эндээс би ганц ч чихэр авч яваагүй. Энэ бол том дэвшил байлаа. Түүнээс хань ижил чихэр чихэр гээд байдаг юм. Бохь авч явсан. Одоо бохио ч больмоор санагддаг. Хэ хэ.

За тэгээд л өглөөдөө хар талхан дээр өрөм, хайлмаг түрхэж идээд л. Тансаг байлаа. Харин зулзагуудад жаахан хэцүү байсан. Жимсний чанамал түрхэж өгнө талхан дээр. 

Хар талх бас иддэггүй ээ. Цагаан талх авна. Хааяа боорцог өгнө. Монголын талх хатуу байна гэсэн. Эндхийн хөвсгөр талх л идмээр байсан байх. Хэ хэ.

Хуурай дүүгийндээ очоод тавагтай өрмийг нь ганцаараа идсэн байвал яах уу? Гоё сонгинотой боорцогтой. Гэхдээ бас эрүүл мэндээ бодоод өөрийгөө цэгнэнэ ээ. Пологтоод, цөс энэ тэр чинь өвдчих вий гэж ижий аав минь санаа нь зовоостой. Хэ хэ.

Одоо бодоход хангалттай сайн иджээ. Яг тухайн үедээ өвдөж барьсангүй. Ашгүй. Харьж ирээд угаасаа нэг их тостой өөхтэй юм идэх биш дээ. Харин эсрэгээрээ санаад эхэлсэн. 

Бид буцахдаа өрөм, хайлмаг авч ирээгүй ээ. Төрөл бүрийн ааруултай л ирсэн. Жилийн хэрэглээ бий байх шүү. Бага багаар гаргаж ирээд идэж байгаа. Хатууг нь дэвтээчихнэ. Гоё...

Хусам. Хөдөө идсэн. Надад зориулж өдөр бүр сүү хөөрүүлж шинэ өрөмтэй. Тансаг тансаг. 

Хотын та нар минь ээ, цагаан идээгээ сайн идэж байгаарай. Гадны элдэв орцтой чихэр жимс бага идээрэй. 

11 жилийн өмнөхөөс эрс сайжирсан зүйл нь ундандаа цэвэр ус их хэрэглэх болжээ. Айлд орохоор ус өгдөг ч айл байсан. Би үүнд олзуурхсан. Мөн өөрсдийн найруулсан сахарын орц харьцангуй бага чацаргана, нэрсний ундаагаар дайлуулсан. 

Өмнө нь үйлдвэрийн ундаагаар л угжаад байсан юм. Орсон айл болгон ундаа өгөөд, зулзагуудад минь. Энэ удаад харин асууж байгаад л ус бол ус, цай бол цай өгнө гоё. 

Огт өөрчлөгдөөгүй, хүүхдүүдэд ундаа өгсөн улсууд ч байсан байсан. Гял цал савлагаатай ундаа, тараг. Охид бол нэг их уухгүй, амсаж үзээд л шууд уухгүй ээ гээд надад өгнө. Би тэрийг нь хүний нүд хариулж байгаад асгана. Уучлаарай.

Сүүлдээ онгойлгохгүй шууд л ээждээ өгнө. Хэ хэ. Тэрийг нь би ээждээ гулгуулна. Угтаа бол өгмөөргүй, асгачихмаар. Гэхдээ нүдэн дээр нь асгаад байх бас эвгүй...

Би ч яг ингэнэ гэж мэдээд 2 багынхаа усны савыг авч яваад ийш тийш явахдаа тувт ус, нэг бол эндээс авч очсон цайгаа найруулж авч явсан. Сүүтэй цай уудаггүй бидэнд их л зүгээр байсан. 

За тэгээд эндхийн ээжүүдийн зөвлөж бичсэнийг уншиж байгаад гэдэсний эм, ханиадны эм, будааныхаа хольц энэ тэрийг авч яваад ийш тийш явахдаа будаагаа бөөрөнхийлж аваад л явна. Баярлалаа, ээжүүд ээ. 

Хүүхдүүд өвдчихвөл эргэн тойрныхон минь санаа нь зовчихно, тэд ч амарч чадахгүй гэж болгоомжилсон  нь оносон оносон. 

Хань ижил бидэн 2 л айраг маш сайн уув. Дуртай өрөм, хайлмаг, тараг, ааруулаа ч маш сайн идэв.  

За нэг иймэрхүү, эргэн дурсаж сийрүүлбэл...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2023年9月7日木曜日

Хөдөө нутаг минь уу зэ

5-лаа нийлж аваад хөдөө явсан. Булган аймгийн Гурван булаг сум. Малчин айлд очсон. Олуулаа явсан. 

Замдаа овоон дээр зогсож, гэр гуанзны хуушуур идсэн шиг. Хөгжилтэй явсан. 

Ийм л үүлтэй тэнгэрийг харах гэж, мэдрэх гэж энэ холоос өч төчнөөн мөнгө төлөөд ирсэн шүү дээ гэж бодон бодон тэнгэр ширтээстэй, алсыг ширтээстэй, салхи үнэрлээстэй явсан би ч. 


Үүл үүл нь нийлэн харагдаад... 

Гэдэг дуу байдаг, мэдэх үү та нар. Хэ хэ. Яг л тийм байсан шүү. Үүл бүр нь өөрийн гэсэн дүрс хэлбэртэй, ааш араншинтай мэт мэдрэгдсэн. 

Хамгийн гоё нь хөх мөнх тэнгэр. Нэг тийм үгээр илэрхийлэхийн аргагүй. 

Хань ижил машин бариад л, гэрээрээ нэг машинд. Ойрд гэрээрээ ингэж яваагүй, ёстой сайхан байсан. 


Үүлний сүүдэр бас л өвөрмөц тийм ээ. Би энд барагтаа ийм үүлний сүүдэр харж байснаа санахгүй байна л даа. Харж байсан ч байж магад, үгүйсгэхгүй. Гэхдээ эх орных гэдэг утгаараа бүхий л зүйл нь сайхан байсан. 

Зулзагууддаа ийм л тал нутгийг, ийм л тэнгэрийг үзүүлэх гэж зорьсон. 


Үүлшээд, нэлээд цаахан талд ширүүн бороо орсон. Бидний замд бол үүлэрхэг ч цэлмэг сайхан байлаа. 

Би маш олон үүлний зураг дарсан. Бүгд л ямар нэг амьтны дүрс хэлбэртэй харагдаад байсан. Нэг үүлийг бид үлэг гүрвэлийн хэлбэртэй байна гэж хүртэл харсан. Хи хи. 


Ай тал нутаг сайхан байгаа биз? Олон жилийн дараа ингэж гэр бүлээрээ аялаж байгаа нь өөрөө аз жаргалтай байсан. Сүүлд дурсах сайхан дурсамжтай үлдсэн. 

Ижий аав минь ч баярласан байх. 

Улаанбаатараас илүүтэй хөдөө нутаг нь жорлонгийн асуудал багатай. Нийтийн жорлонд үнэхээр хэцүү байсан тул сүүлдээ охид байгальдаа биеэ зассан нь хамаагүй цэвэр байна гэж байхав дээ. 

Аргагүй л үнэн тийм ээ. Бүгдээрээ бас нийтийн жорлонд бие засах урлаг, соёлд суралцмаар л санагдсан...

Түр баяртай, бүгдэд нь амжлт хүсье. Эх орноо хайрлаарай... 

2023年9月6日水曜日

Ном бас дахин ном

Хань ижлээсээ түрүүлж ирчихээд, хайрцагтай номнуудаа ухсан. Аавтайгаа нийлээд л. Үнэн кайфтай байсан. Би бүр наранд түлэгдсэн байсан. Хэ хэ. 

Сонин сонин ном ч харагдсан. Дурсгалтай, дурсамжтай ном ч байсан. 

Хэрэгтэй хэрэггүйгээр нь ялгасан. Лениний боть байсан. Аав таньдаг ном зардаг найздаа аваачиж өгнө гэх шиг болсон. 

Ээжийн ажил мэргэжилтэй холбоотой ном ч байсан. Ээж өөрөө учрыг нь олно гэсэн. Би ч өөрийн гэсэн хайрцгаа бага зэрэг цөөлсөн. 

Дээхний номны зарим нэгийг сөхөж харахад үсэг нь их бүдэг байсан. Элэгдээд тийм болчихов уу? Эсвэл би тийм бүдэг гаргацтай ном уншаад байв уу? Санадаггүй ээ. 

Ганц нэг дүүдээ миний авч явах номнууд гээд үзүүлсэн чинь "юу вэ, арай юу? гэсэн. Хи хи. 

Нэгэнт энд авч ирж чадахгүйгээс хойш буцаагаад л хайрцаглав. Аав гэхдээ өөртөө ойр байлгаад, завтай үедээ ганц нэгийг нь уншина гэсэн. Би ч хүнд алдчихав аа гэж үглэж үглэж ирсэн. Ха ха. 

Номны хулгайг хулгайд тооцдоггүй гээд нэг үг байдаг даа. Би өөрөө харин "голруулчихвал ч голруучихна шүү". Ха ха. 

Гэснээс номын дэлгүүр хэснэ гэж мөрөөдөж байсан тааллаар болоогүй ээ. Дараа даагаа нэхнэ дээ. Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2023年9月5日火曜日

Ээ Гончигсумлаа минь

Улаанбаатарт борооноор нэг оройхон гадуур явж таарсан. Найзынхаа зуслангаас доош уруудаад, аав минь жолооч. Аймар, аймар. Эсэн мэнд гэртээ хүрэх минь гэж бодсон. 

Замын хөдөлгөөнд оролцогчид бүгд шахуу их бүдүүлэг, бусдадаа төвөг удахаа юман чинь ээ боддоггүй санагдсан. 

70 шүргэж яваа хүн хотын тэр их эр зориг шаардсан замын хөдөлгөөнд оролцож байна гээд төсөөл дөө. Хөөрхий минь хичээсэн. 

Бага зулзага зуслангийн замд жаахан зайлагдсан уу? Бөөлжөөд. Борооноор бид түр зогсож бөөлжөөд. Хөөрхий аав минь бүр сандарчихсан. Одоо бодохоор өрөвдөөд, нулимс цийлэгнээд...

Аавыгаа яаралгүй, сандралгүй яваарай бид зүгээр гэж замын турш тайвшруулж байж арайхийн гэртээ эсэн мэнд хүрсэн. Тэр хооронд дүү маань тувт залгаастай, хаана байна? гээд л. Аавыгаа айгаад, сандарчихаж байгаа гэж мэдсэн хэрэг...

Тэгсэн хамаатнуудын ганц нэг нь аав руу минь яриад, зүгээр үү? Харьж амжсан уу? Үер болж байна гэнэ гээд, бид зурагтаа асаагаад мэдээ харсан чинь юу вэ? Бидний дайрч өнгөрсөн, Дарь эхийн зам битүү ус, том автобус хойшоо урсах нь халаг, жижиг тэрэг бол зүгээр л хөвж харагдсан.  

Аав минь мэдээ үзээд бас л сандарчихсан, азтайд л тооцлоо, өөрсдийгөө. 

Түүнээс ч 50 нэлээд гарчихсан хойноо жолооч болсон, угийн жаахан аймхай аавд минь бол тэр үер ус бол сүнсийг нь аваад хаячихна биз дээ?

Үүнийг уншиж буй монголд байгаа жолооч нар настай хүмүүс машин барьж байвал жаахан хүлээцтэй хандаж сураарай л гэж хүсэх байна.

За тэгээд үнэндээ бид өөрсдөө үнэн соёлгүй юм билээ. Би заримаас нь гуйна, заримтай нь шөргөөцөлдсөн. 

Мэдээж аргаа барсан үедээ, цаад талын буруу үед шөргөөцөлдөнө. 

Зарим нэг том ганган машинтай залуус, ах нар, хүүхнүүд, эгч нарын ухамсар дорой байна гэж дүгнэсэн. "Би би-гээсээ салаагүй. 

Нэг жишээ: Бид грашнаас гараад жаахан явж байтал өөдөөс нэг том машинтай ах орж ирснээ, ухрахгүй тулаад зогсчихсон. Бидний араас хэд хэдэн машин бас гарах гээд зогсоостой. 

Өнөөх өөдөөс ирсэн ахын ард хэн ч байхгүй. Гүрийгээд л зогсоод байна. Ээж маань бүр буугаад хэлсэн, учирласан. 

-Чи залуу хүн байна, ухраад энэ машинуудаа явуулчих. 

-Би грааш руугаа ормоор байна. 

-Би граашнаасаа гармаар байна. 

Сүүлдээ ээж маань бас гэдэн нь хөдлөөд, манай хүн буугаад том дуугарах гэж үзээд. Зүгээр ярихдаа ч чанга дуутай хүн л дээ. Ха ха. 

Өнөөх ах чинь олон хүний өмнөөс ганцаараа гэдгээ мэдсэн шиг ухраад, би яг харц тулгарч таараад, баярлалаа ах аа гэж эелдгээр мишээгээд л зөрөв. Бүр албаар мишээж, талархсанаа хэлсэн. Ккк. 

Ихэнх тауны гадаах машины зогсоол бол үнэндээ л арай хэтэрхий давчуу, бөгс эргэх зайгүй, хүүхдүүд болон хөгшдөд халтай юм билээ. Улаанбаатарчууд та нар яаж тэсдэг байна аа. Бахархам...

Хоёр жишээ: Нэг нэгхэн урсгалтай зам. Эсрэг усргалын нэг машин зам дээр машинаа зогсоочихоод жолооч нь алга. Хажууханд нь нэг жижиг дэлгүүр. Бодвол тийшээ орсон байх. Тэгсэн арынх нь машин бидний явж байсан зам буюу урсгал сөрж орох гэж зүтгээд. 

Бид чинь дүрмийнхээ дагуу явж байж мөргүүлчихээгүй золтой л. Би ч тэсэлгүй "хүүе та хүлээж байгаад гарах ёстой шүү дээ. Аашлаад хараамаар бол буугаад урдах машиныхаа жолоочийг тэр дэлгүүрээс нь гаргаж ирээд хараа" гэж мөчөөрхсөн. 

Зам дээр машинаа зогсоочихоод алга болчихдог, хүнтэй буу халаад зогчихдогоо л больчихмоор. Нэг их олон урсгалтай өргөн замтай юм шиг л аашлахаа больчих хэрэгтэй...

Гэх мэт замын хөдөлгөөний дүрмийн талаар шүүмжлээд, бухимдахаар зүйл их байсан. 

Аяа тэр түгжрэл бол үнэхээр хүсэхийн биш. Зулзагууд бие засмаар байдаг, охид бол тэсээд л гүрийсэн. Арай ч өмдөндөө авчихаагүй. Бага нь эр юм болохоор шил зэрэгт аргалж байгаа юм. 

Хотод машиндаа шил, коршонк, зөөврийн жорлон авч явдаг гэхээр үнэндээ л өрөвдөлтэй санагдсан. Ингэж хэлэхээр өөрөө монголд байгаагүй юм шиг гэх байх. 

Үнэн үнэн, намайг байхад арай ч ингэж түгжирч байгаагүй юм өө...

Урдаа машин оруулалгүй урагшилна гэж л эр зориг шаарддаг юм билээ тийм ээ? Хүн бүгд л яарч байгаа, тэгэхээр урдаа нэг ч машин оруулахгүйн тулд бүр тулж ирээд л зогсоно, шүргэх нь холгүй зөрнө гээд л аймар аймар. 

Би ч орилохгүйг маш их хичээсэн. Жолоочид халтайг маш сайн ойлгоно шүү дээ. Ха ха. 

Сайн, сайхан зүйлийн хажуугаар энэ мэт хэцүү зүйл байсан шүү. Худлаа хоосон магтаад ч яалтай. Хэлж ярьж засна шүү дээ...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2023年9月4日月曜日

Хорхог бас дахин хорхог

Эх орон элгэн садандаа очоод ирсэн сонин сайхангаа эндээ ч мөн бичиж үлээх санаатай. 
Бид 5 хоёр хуваагдаж явсан. Хань ижил, о.зулзага сүүлдэж, үлдсэн 3 нь түрүүлээд ниссэн. Дунд зулзага дургүй ниссэн. Дунд сургуульд ороод удаагүй, гэрийн даалгавар их, дугуйлангийн уралдаан тэмцээндээ оролцож чадахгүй бла бла. 
 
Гээд яасан? Ууртай хүнийн чемадан цүнхэнд олигтой ч бэлэг сэлт хийж чадаагүй. 
Би өөрөө мэднэ, нэг л том дуугарсан хүн. Бид ч олон юмыг нь хойш тавиулан дагуулж яваа болохор тэсээстэй...

Ижий аав хоёр минь охиндоо, зээ нартаа гараа гаргаж хоол хийж өгнө. Хүссэн амттанг нь авч өгнө. 

Толгой шийр чанаж өгсөн. Зулзагууд бол үнэндээ идэхгүй байсан. Ганц нэг махнаас нь огтолж хүчээр шахуу идүүлнэ. Би өөрөө бол амаа олохгүй идсэн. Жин мин ярьшиг цаашаа шүү. Ха ха.

Ганцаараа цохьчихсон. Хи хи. Хэл ус минь сайжраад, хэлэмгий долмгой болох байх. Тагнай идээд л дан ганц аяга угаагч нэхэхдээ л сайн болсон хүн чинь. Ха ха. 

Гэснээс монгол төмс цаанаа л нэг амт сайтай тийм ээ. Лууван ч мөн адил.
 
За тэгээд монголдоо байгаа, монголдоо өсч өндийж байгаа жаахан маамаанууд ч гэсэн толгой шийр байтугай мах ч идэхгүй нь мэр сэр байсан шүү. Энд төрж өссөн манайх чинь тэгэхээр арга ч үгүй юм гэж дотогшоо би өмөөрөв. Хи хи. 
 
Гэхдээ хаа очиж маханд бол сайн, махчин талдаа...

Хорхогны тогоо, 40-ийн бидон авчирмаар л байсан. Ха ха. Эндээ хааяа ангийн мах иддэг улс чинь. Энэ хорхогны бидон ч төрөл, загвар нь сонголттой болосн харагдсан. 

Гадаадад байгаа та нарын арааны шүлс асгарч байна уу? Хэ хэ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2023年9月3日日曜日

Байтаг Богдын нүргээн

За их эрт надад ирсэн ном. Цагаан бороог нь ч бараг гарсан даруйд нь шуудангаар авчруулж байлаа. Даанч уншаагүй л байна. Сэтгэл сэртхийлгэм үйл явдал гардаг гэхээр нь айгаад уншихгүй тойрч гүйгээд л явна. 

Харин энэ "Байтаг Богдын нүргээн" нь харьцангүй гайгүй гэсэн тул, мөн жижигхэн хөөрхөн ном байсан тул зориглон авч цүнхлээд, хэдхэн өдөрт уншаад дуусгав. 

Хилчид гэж маш гавъяатай улс юм байна шүү дээ. Тэд байгаагүй бол гайхан шагшдаг энхрий хайрт эх орон минь хэний гарт орчихсон ч яваа билээ гээд чухам хайр хүрэв. 

1940-өөд оноос хойш чинь чухам энх тайван тогтоод, орос ах нарынхаа нөмөр нөөлгөнд айх аюулгүй байсан гэж бодож байсан чинь. 

Юу вэ? Маш их зөрчилдөөн, алаан, талаан, буудалцаан, урвалт болж байсан байна шүү дээ. 

Түүх нэг их сонирхоод байдаггүйн гор байх даа. Энэ талаар мэдэх зүйл ховор. 

Дандар баатрын хэлсэн үг бас л айхавтар. "Дайн гэдэг хүсэх юм биш, гэвч тулаад ирэхэд няцах ч юм биш".
 
Нээрээ л дайныг хэн хүсдэг байна аа. Одоо ч байлдаад байгаа улсын иргэд дээрх үгийн адил хүсээгүй ч тулаад ирчихсэн болохоор няцаж чадахгүй, эх орноо гээд л үзэлцдэг байх нь. 
 
Гэхдээ байна шүү дээ, тухайн үед амиараа хамгаалсан энэ нутаг шороо нь одоо хятадын нутаг гэж байна шүү дээ. Үнэхээрийн бүр үнэхээрий гунигтайяа...
 
Амьд хэл олж ирнэ гэдэг бол асар хариуцлагатай, амь дүйсэн хэрэг байжээ. Мөн "хээрийн шүүх" гэж одоогоор бол жаахан явцгүй бодлого байна. "Багахан алдаа"-наас нь өлгөж аваад хороочихдог...

Одоогийн бидэнд багахан алдаа мэт боловч тухайн цаг үед алдаа гаргаж болохгүй, алдааг хүлээн зөвшөөрөх ёсгүй тийм л хатуу хяхарган цаг үе байжээ нэг өмөөрөх...

Түүхийн ном уншихаар сэтгэл нэг л хачин болчихдог тул аль болох тойрч гүйдэг юм. Гуниг төрнө, өрөвдөнө, зэвүү хүрнэ, бухимдана, гашуудна гээд л...

Бидэнд эх орных нь тусгаар тогтнол, эрх чөлөө, газар шороо нь ямар их үнэ цэнээр олдсоныг ойлгуулдаг, ухааруулдаг зохиолчид, судлаачдадаа маш их баярлалаа.Ажил үйлсэд нь амжилт хүсье. Мөн эрүү энхийг хүсье. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье ээ. Удахгүй сэрүүсэх байгаа гээд л хичээж байна өө.

2023年9月2日土曜日

Хүн байх эрхгүй

Харьж ирчихээд амжуулсан цаадах чинь. Өнөөдрийг хүртэл 2 ч жижиг ном уншчихаж. Сүрхий юу? Хэ хэ. 

Эх хэлээр нь уншчих юмсан гэж олон жил бодсон л доо. Гэхдээ уддаг тул, тэсэлгүй орчуулгыг нь захиж авчруулаад уншчихсан. 

Том зулзага харвал шууд загнана. Монголд хальт номын дэлгүүрээс нэгэн япон зохиолчийн ном худалдаж авч байгааг харчихаад, япон хэлээр нь уншаач ээ, ингэж аваад мөнгө үрээд байхдаа яадаг юм гэж загнасан. Хо хо. 

Дуугай байхгүй, эх хэлээрээ унших нь сэтгэлийн таашаал эдлүүлдэг юм аа гэж зөрөөд л авсан. Ямар ном болохыг нь хэлэмз. 

За тэгээд энэ удаагийн ном бас л асар нихилист хүний тухай гарна. Зохиолчийн хувийн амьдралаас сэдэвлэсэн гэдэг юм билээ. 

Японы ихэнх зохиолуудад гардаг амиа хорлолт гарна. Нэг бодлын ядаргаатэй. Хүний газар амьдрах гэж хичээж байгаа надад, яагаад ингэж амархан үхэхийг хүсээд байдаг байна аа гэж бодогдохоор. Хи хи. 

Зохиолч нь ч өөрөө энэ зохиолоо бичсэнийхээ сарын дараагаар амиа егүүтгэсэн гэсэн. Юу ч гэж хэлэхэв дээ. 

Хүний сэтгэлээ гэж. Зарим нь амьдрах гэж үхэн хатан зүтгэнэ. Зарим нь зүгээр л яваад өгнө. 

Нэг бодлын хүмүүс сэтгэлдээ юу ч гэж бодож болох. Наанаа маш эрч хүчтэй, идэвхитэй, сэргэлэн цовоо гэх мэт хүмүүс ганцаараа байх үедээ ч юм уу эсвэл сэтгэл дотроо иймэрхүү гутранги, нихилист, яах гэж амьдраад байгаагаа мэдэхгүй, сөрөгөөр боддог байж мэдэх. 

Одоогийн нийгэмд, цаг үед сул дорой байх нь сул тал, байж боломгүй мэт болчихсон учир иймэрхүү үзэл санаа, байр байдал, үзэл санаа, үйлдэл ямагт бусдад таалагдах гэсэн үг үйлдлийг өөрийн эрхгүй л тухайн хүнээс өөрийн эрхгүй шаардах байх. 

Ямартай ч анх удаа нэрт зохиолчийн зохиолоос уншлаа. Бусад зохиолыг нь уншина аа, нэг нартай сайхан өдөр. Эхлээд монголоос авчирсан номнуудаа уншиж дуусгах. Хо хо. 

Бас л өвөрмөц шүү энэ японы уран зохиол. Та бүхэн ч гэсэн сонирхож үзээрэй. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2023年9月1日金曜日

Мэнд ээ

Шинэ сарын мэнд ээ. 

1 сар алга болчихож. Хаачсан бэ?

Ойлгомжтой дөө. Эх орон элгэн садандаа оччихоод ирсэн. Мэдээж сарын хугацаатай яваагүй л дээ. 

Ирээд аялалын ядаргаагаа тайлах гэж, хичээл ном гэж жигдрэх гэж, мөн эмогоосоо гарах гэж явсаар удчихлаа. 

За тэгээд зураг хөрөгтэй ганц нэг бичвэр оруулахыг хичээнэ ээ. 

Гол нь энд ямар айхтар халуун байна аа. Сэрүүхэн сайхан эх орон минь юутай тансаг юм бэ? Шөнө унтахдаа тог үрэхгүй. Эсрэгээрээ даарах янзтай. 

Энд үгүйлэгддэг монгол салхи, монгол амт, монгол заншил гээд бүгдийг нь мэдрэхийг хүссэн. Мэдэрсэн. 

Эсрэгээрээ үүнийгээ бид засчих юмсан, сайжруулчих юмсан гэсэн зүйл ч их байсан. Нуугаад яахав. 

Миний мэдэх олон танил хүмүүс эх орондоо очиж эрч хүч аваад ирсэн. Бүгд л олон жил хариагүй улс. Зарим нэгтэй нь онгоцонд таарав. 

Гэснээс бид гэр бүлээрээ явсан нь бүр 11 жилийн өмнө, дунд зулзага дөнгөж ой өнгөрөөд л явсан байв. 

Бага зулзага сураггүй. Хэ хэ. Уг нь төрснийх нь дараа ой хүргээд явна гэж байсан чинь цар тахал гараад дашийн шог болжээ. 

5-лаа нисэж, их ч мөнгө үрэв. Өнөөх хэмнэлт хэмнэлт гэдэг би ч сүүлдээ цайрсан, цагаандаа гарсан. Монголд юмны үнэ ч өндөр байна. Японоос үнэтэй байна. Монголчуудын хэрэглээ өндөр байна. Тэд баян байна. Хи хи. 

Ээж аав, ах дүү нартаа эрхэлсэн, бүгд л биднийг тавтай сайхан амраах гэж, зугаатай аялуулах гэж хичээсэн. Бүгдэд нь баярлалаа. Хайртай шүү. 

Мөнгийг багц багцаар нь олж байгаад ойрхон ойрхон нисээд очихыг хичээнэ ээ. Гол нь бүгдээрээ эрүүл саруул байх юм шүү. 

За түр баяртай. Блогоо гялалзуулаад өгнө өө. Бүгдэд нь эрүүл энх, амжилтыг хүсье.

2023年8月1日火曜日

Шоша

За та нар энд тэндхийн "ой" хэсээд л явна уу? Тэр хооронд өрсөлдөгч чинь Нобелийн шагналт зохиол уншчихлаа. Энэ 7 сар гарсаар ямар ч олон ном уншив даа. Та нарыг найр наадам гээд явж байх хооронд. Ха ха. 

Гэхдээ ингэж уншсанаараа өнөөх нь цоороод, орлого нь 10 дахин өсөөд, жин нь хасагддаг бол ч сайхан л байна тийм үү? 

Эдгээр өөрчлөлт, ололт амжилтуудын аль нь ч байхгүй гэж бодохоор та нарын аялах, наадамлах, ой хэсэх чинь харин ч зугаатай шүү. Сайн хэсээрэй, сайхан баярлаарай. Хи хи.

Зээ, энэ номыг эндээс буюу японоос нэгэн бүсгүйгээс бас бус номын хамт худалдаж авсан. Уншилгүй явсаар, энэ удаад зориглон барьж дэлгэмой...

Сүүлийн үед их л яригдаж, бичигдэх болсон еврейчүүдийн тухай гарна өө. Энэ еврей хүмүүс гэж ер нь яачихсан хүмүүс байна? Их л магтан дуулж байна, тэдгээрийг тийм ээ? 

Дэлхийн 2 дугаар дайн гэж түүхэнд маш хараар, ялангуяа энэ үндэстний түүхэнд хав хараар үлдсэн тийм ээ? 

Их олон мянган жил улирч байж бага зэрэг бүдгэрэх байх даа тийм ээ? 

Уншсан хүн олон биз ээ? Орчуулга нь их мундаг байсан. Нобелийн шагналт зохиол орчуулна гэдэг бол угтаа асар их зориг, асар хариуцлага... 

Сүүлийн үед номыг нь амтархан уншдаг болоод байгаа Дашийн Оюунчимэг орчуулсан. 

Сүүлийн үед ном зохиол, орчуулга зэрэгт эмэгтэйчүүд түрэн орж ирж байгаад хувьдаа их олзуурхдаг. Зохиол бүтээлээс нь авч уншихыг хичээдэг. Бид уншвал, тэд ч бас хөгжинө шүү дээ, чанаржина гэж боддог. 

Уншигч ч, зохиолч, бүтээлч, орчуулагч ч бүгд хамтдаа ахина тийм үү? 

Шоша гэх бүсгүй гарна. Бие болон оюуны бага зэрэг хоцрогдолтой. Түүнд дурлалт залуу бий. Болно биздээ? Тэдгээр чинь бас хүн шүү дээ, эрүүл гэгддэг хүмүүсийн юу хүсдэгтэй, юу руу тэмүүлдэгтэй ав адил, ив ижил...

Аорон Грейдингер нь Шошагийн дурласан залуу, сүүлд нөхөр нь болно. Багадаа нэг байранд тоглож өссөн, хоорондоо их сайн байсан зэрэг нь 20 жилийн дараа уулзсан огтоосоо ч бүдгэрээгүй байна. Тэгээд л сууна. 

Мэдээж эргэн тойрныхон нь эсэргүүцнэ, гайхна, эгдүүцнэ.

Нэг зүйл мэдэж авсан нь еврейчүүд дотно хүмүүсээ, өхөөрдөхөөрөө хүний нэрний ард "ле" залгадаг юм байна, тийм үү? Дараа еврей хүнтэй таарвал асууна аа. 

Жишээ нь Шошеле, Ареле гэх мэт. Ээжийгээ ээжиле ч гэх юм уу? 

Би нэг хэсэг зулзагуудаа бас дуудахдаа араас нь "маа" залгадаг байж билээ. Одоо ч хааяа сайхан зантай үедээ "маа"-гаа залгана өө. Хи хи. 

Гэснээс Сталин гээч хүний нэр их гарна өө. Яагаав, өнөөх их хэлмэгдлийн үеийн дарангуйлагч. Хөөрхий олон еврейчүүд Гитлерээс гадна Сталингийн бодлогын золиос болж хэлмэгдэнэ. 

Хэдийгээр зохиол мэт боловч үнэний хувь байж л таараа. Тэгэхээр олон хүн л хэмэгдсэн байх. 

За тэгээд зохиолын үйл явдлыг мэдмээр байвал өөрөө л уншсан нь дээр байх өө? 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.