2024年10月24日木曜日

Буудлын цонхоор

Хоёр 7 хоногийн өмнө юм уу даа? Гэрээсээ нэлээд зайтай гарчихаад ирсэн юм.

Энэ цаг хугацаа ямар ч хурдан өнгөрөөд байна вэ? Бичнэ дээ гэж бодож явсаар байтал агуулга нь хуучирсан байх жишээний. 

Блогтоо бичнэ гэж зөндөө л зураг авсан юм. Бага багаар оруулна аа. Сүүлд өөрт минь дурсгалтай...

Хувийн чанартай, гэхдээ бас хөөрхөн ажил амжуулангаа аялаад ирсэн. Өглөө эртлэн босоод ойр хавьтайгаа танилцаж алхсан. Тэнгэр хангай ч их сайхан байсан. Хэт халуун биш, хэт хүйтэн биш. 

Яг л нэг сайхан намрын налгар өдрүүд таарсан. 

Дээрх зураг дээрх завьны тайлбарыг дараа дараагийн "нийтлэл"-дээ танилцуулж бичнэ ээ.

Хуучивтар дэн буудалд буусан. Айлууд дунд, голын эрэг дээр, нам жим тун аятайхан байрлалтай юм билээ. Тэр цаана харагдаж буй улаан гүүр, мөн гол их учир жанцантай. Жанцан гэдэг чинь манай өвөө. Ха ха.

Бага зулзагаа дагуулаад явсан тул өнөөх минь бөөн баяр. Ижийтэйгээ хамт, тэгээд аялаад явахаар чинь хэн ч гэсэн баяр хөөр л байх байх тийм ээ?

Үүднээс гараад зүүн гар талд ийм хөөрхөн булантай. Хүмүүс их сууж, хууч хөөрдөг юм билээ. Би номоо дэлгээд жаахан суух юмсан гэж мөрөөдсөн ч амжаагүй ээ.

Баруун гар талд нь бас иймэрхүү сандал ширээтэй. Тэр нь гэхдээ гадны байгууллага ажиллуулдаг кофе шоп газар юм билээ. Нэг ёсондоо түрээслүүлдэг гэсэн үг. 

Хосууд, ажил хэрэгч хүмүүс, бага зэрэг амралт хэрэгтэй хүмүүс ирж үйлчүүлдэг юм билээ. 

3 хоногийн амралт таарсан тул хүмүүс ч их байсан. Гэхдээ л цаанаа нэг гоё нам гүм. Миний дуртай орчин.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年10月23日水曜日

Арван сарын тэнгэр дор

Чинагийн Галсан гуайн нэгэн "хөөрхөн" тууж. Жижигхэн атлаа агуу ном. 

Би энэ туужийг уншсан байна билээ. "Чинагийн Галсангийн туужууд" гэдэг номноос уншсан. 

Уншсанаа мартаад, монголоос бэлгэнд захьсан. Хэ хэ. Уншиж эхлээд л хаа нэгтээ уншсан санагдаад, блогоосоо хайв. Тэгсэн яг энэ номоор нь биш туужуудынх нь цувралд байсан зохиол болсон. 

Тэр номоо сөхөж хараагүй л дээ. Агуу хүний туужийг дахин уншихад илүүдэхгүй гэж бодон, шимтэн уншсан. 10 сард уншиж таарсан, сонин тохиол юм даа. 2 хоногийн бяцхан томилолт аялалаар явахдаа авч гараад, өглөөд уншиж эхлээд л, хаа нэгтээ уншсанаа санав.  

Туужийн тухай тэмдэглэл бичээгүй юм билээ. Ном болгож хэвлэснээр нь уншсан тул ийнхүү тэмдэглэл бичиж үлдээв.

1972 онд бичсэн, 1981 онд Герман хэлнээ, Герман улсад хэвлэгдсэн. 1988 онд монгол хэлнээ орчуулагдан, хэвлэгдсэн гэх. 

Туужийн агуулга нь гадны эрдэмтэд, зохиолчдод Монгол ахуй соёлыг танилцуулахаар хөдөө томилогдон яваа тухайгаа хэлмэрчийн өгүүлэх дурьдатгал зохиол. 

Би ч нэг хэсэг япон хүмүүстэй хамт хөдөө малчин айл, үзэсгэлэнт байгалиараа дагуулан явдаг байсан болохоор сэтгэлд ойр, дурсамж сэдрээсэн, мөн тухайн үед өөрийнхөө юу ч мэддэггүй ногооноороо байсныг нэхэн санагалзав. 

Ичмээр л дээ, монгол хүн байж... Малчин ахуй соёл, малын зүс, өвс ургамлын нэр усыг оноогоод хэлчихэж мэддэггүй тийм нэг хотын жижигхэн охин...

Унших нэг өөр, биеэрээ мэдрэн таних нэг өөр гэдгийг өнөөдрийн өндөрлөгөөс хараад яс махандаа тултал мэдрээд л сууж байна дөө. Хотынхон минь болж өгвөл зулзагуудаа дагуулан малчин айлаар орж гарч, хөдөө гадаатай өсгөөрэй гэж захиж байна шүү. 

10 сар гэхээр нэлээд сэрүү орчихсон, халуун дулаан орны "жуулчид" бол нэлээд даарч жиндэхээр улирал. Харин одот тэнгэр, цас малгайлан хаялсан тэр дүрслэл бол сэтгэл хөвсөлзүүлсэн, уянгалуулсан, романтик байсан байх. 

Дурьдатгал өгүүлж буй хэлмэрч, зурагчин бүсгүйтэй хамт амралтын газрын урд энгэр дэх модод дунд орох үед цас малгайлан орж буй хэсэг. "Галуун тавхай"  гэж нэрлэдэг байсан цас гэх. 

Энэхүү "галуун тавхай" гэх цас нь яг ямар цасыг хэлдэг юм бол? Мэдмээр санагдав. 

Мөн соньхон, содон санагдсан, нэгийг бодогдуулсан ишлэл, мөртүүдээс түүв. 

"Өнөөдөр чи ажлаа үнэнчээр хийвэл маргааш өлсөнө." Хятад хүн хүүхдээ сургахдаа ингэж хэлдэг гэнэ. 

"Хүнд новшны хэрэггүй, ажил дээр бол халагдахын, гэрт бол үхэхийн цагт дараа болдог юм байна."

"Жинхэнэ ухаан өөрийгөө захирахаас эхэлдэг юм гэдэг."

"-Ай даа, багачууд минь, та нар үгээ олж хэлмээр юм даа. "Овоо амттай", "наадахыг чинь" гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тавагтай идээгээ, тэр тусмаа цагаан идээг монголчууд эрхэмлэн дээдэлдэг, баргийн үгээр хэлдэггүй юм. Энэ цай, энэ өрөм хачирласан бяслагийг магтан хэлье гэхэд надад үг дутаад байна. Европ зүгийн бид мал аж ахуйн талаар гэхэд тэртэй тэргүй мах сүү гэсхийж, үлгэрлэвэл, зангахын арай л наагуур ярьдаг билээ. Монголчууд тэгэхэд малаас гардаг бүхнийг эд, эсээр нь салгаж ялгах шахам таньдаг ч, нэрлэдэг ч, даанч бид тэр бүгдийг нь мэдэхгүй юм даа." 

Энэ цугласан эрдэмтэд нь монгол судлаач эрдэмтэд шиг байгаа юм. Монголын ахуй соёлыг нэлээд гадарлаад байдгийг нь харахад. 

Тэртээх 1972 онд бичигдсэн гэхэд "овоо"-ны тухай гарна. Тэрхүү овоо нь бас элдэв хогоор тахигдсан байжээ гэдгийг уншаад, жаахан гонсойв. Түүнийг нь гадныхан хараад зураг аваад байдаг нь бас л зэвүүн. 

Үүнийгээ одоо больчихмоор тийм ээ? Чухам л магтан дуулаад байдаг байгаль эхээ бохирдуулаад байгаагаа ухаарцгаах хэрэгтэй л байх юм. 

"Ор нь төмөр, хөнжил нь даавуу, бүл нь олон байх тусмаа айлын амьдрал хэвийн байдаг юм."

Энэ сайхан монгол ахуйг анх герман хэлээр бичээд, дараа нь монгол руу хөрвүүлсэн гэж бодохоор зохиолчийн герман хэлийг эзэмшсэн чадварыг бишрэхийн аргагүй тийм ээ? 

Мөн хоёр сайхан бүсгүйн түүхийг өгүүлнэ. Хоёулаа л жаахан эмгэнэлтэй гэх юм уу, гунигтай амьдрал туулжээ. Нэг нь бүр золгүйгээр амиа алдчихна. Эвий эвий. 

Олон улсын хурал цуглаан ч яг хуралдаж байх үедээ "ширүүн, дориун, албархаг" байдаг ч хоол цай, хүлээн авалт зэргийн дараа болдог адал явдал нь тэртээх олон жилийн өмнөх, эдүгээ үеийнх хоорондоо нэлээд төстэй байгаа нь хачирхалтай санагдав. Хи хи. 

"Аливаа харь ард түмний хэлийг сурахдаа бас ёс горим, ааш араншныг нь цуг авчихдаг хэлмэрч хүний мэргэжлийн согог". 

Ай хөөрхий. Үнэний ортой үг ээ. Авчихгүйг хичээдэг ч аль хэзээний аваад, "дадал" болгочихсон тал бий бий, надад.

Зээ хө, иймэрхүү малчин ард түмний, адуун сүргийн тухай, жавартай өвлийн тухай уншихаараа би хэдийгээр хотод төрж өссөн ч нүүдэлчин ард түмнээ, нүүдлийн соёлоо өөрийн эрхгүй хайрлаад бахархах сэтгэл, мэдрэмж төрдөг нь урд төрөлдөө "хоньчин" байсан гэлтэй. Хэ хэ.

Ямартай ч уншихыг хүсье. Уншиж дууссан өдөр минь жиндүү, хүйтэн өдөр байсан хэдий ч нэг тийм дулаахан мэдрэмжээр өндөрлөж, номоо хааснаа нэхэн санав. 

Байгалийн тухай уран яруу, тансаг дүрслэл ихтэй, хүний сэтгэлийн, дотроо бодож явдаг зүйлсээ халамцуудаа гаргаж буй өвгөн хэлмэрчийн үг гээд л далд санаа ихтэй зохиол санагдав. 

Уншигч бидэнд хэлэх гээд, ойлгуулах гээд байгаа далд санаа ихтэй гэх юм уу? Эх хэлээ хайрлацгаая, төгс эзэмшцгээе...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2024年10月22日火曜日

Энгийн дадал 3

Энгийн дадлынхаа тухай ганц нэг өгүүлбэр холбочихоод номоо номын тавиуртаа өрөөд дараагийнхаа номыг сэтгэл амар уншмаар байна өө. 

Тэгэхгүй бол сэтгэл санаа тогтож өгөхгүй л байна шүү. Бас номнууд минь энд тэнд хөглөрөөд байна өө. Хи хи. 

"Сайн дадал хэвшүүлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол таны хүссэн зан төлөв нь хэвийн үзэгдэл болтлоо хэвшсэн тийм хүмүүсийн орчин хүрээлэлд ороход оршино." 

Туйлын үнэн. Жишээ нь бидний номын клубыг хэлж болно. Сард нэг удаа цахимаар уулзалдаж уншсан номоо ярилцдаг, ам нээвэл л тэр ном тийм ч сайхан, энэ ном ийм ч сайхан, тэр ном нь жаахан тиймхэн, энэ ном нь жаахан иймхэн гэж ярилцдаг. 

Ингэж уулздаг болоод 2 жид гаран болж байна. Энэ хугацаанд дор хаяж 20 ном бол уншсан. Ганц нэг сарыг амардаг учраас 24 ном биш 20 байх гэж таамаглаж байна. Төлөвлөгөөт ном шүү дээ энэ нь. Бүгд нэг ижил ном уншаад ярилцдаг. Энэ жил харин хобби нь дээд цэгтээ тулчихсан, номын цагаан солиотой гэгдэхээр шахуу гишүүд маань амралтгүй ном уншсан. Хо хо. 

Жишээ нь би төлөвлөгөөт номынхоо хажуугаар дор хаяж нэг ном, чадвал япон хэлээр нэг ном давхар уншаад явчих юмсан гэж боддог. Ойрд япон хэлээр уншаагүй байна. Нэг ном зээлж аваад, цүнхэлж яваад бараг сар боллоо шүү. 

Хэрэв би энэ бүлэгт элсээгүй бол донтон барин байж монголоос ном зөөхгүй нь мэдээж. Хаа нэгтээ ганц нэг хүнд захиж авчруулаад л унших байсан. Наашаа ирэх гэж буй хүн байна гэж чих дэлсэх л юм бол яаж ийгээд холбогдоод, тэдэн ном дайя болох уу? гэж гуйгаад л. Хэ хэ. 

Бэлгэнд ном ном гэж хэлээд л. Нэг зүйлийг маш сайн ойлгосон. Бэлгэнд ном захихаар хүмүүс их дуртай, номын цагаан мөр, ном дор мөргөмү гэж бид угтаа номыг их дээдэлдэг ард түмэн юм билээ. 

Гэм нь уншдаг нь л цөөхөн болохоос. Уншаарай, судлаарай, тархинд сайн гэсэн шүү. 

"Бид үнэндээ атаархаж явдаг хүнээ дуурайдаг." гэсэн байна. Гоё дадалтай, үр өгөөжтэй дадалтай хүнийг олж атаархаад, дуурайхыг хичээнэ ээ. Хи хи. 

"Дадал хэвшил нь санах ойн ачааллыг багасгаж, ухаан санааг чөлөөтэй болгоно. Ингэснээр та анхаарлаа өөр зүйлст хандуулах боломж бүрдэнэ." 

Миний элдэв цааснууд нэлээд эмх замбараагүй байдаг юм. Түүн дотроосоо заримдаа хэрэгтэй "цаас"-аа хайж олох гэж бөөн юм болно оо. Далимд нь хэрэггүй гэсэн цаасыг нэлээдгүй хаяж янзална.  

Энэ элдэв цаас цуглуулдаг муу зуршлаа үлдэн хөөгөөд, эмх замбараат дадлыг хэвшүүлэхийг хичээнэ ээ. 

"Шинэ дадал хэвшлийг баттай тогтоохоосоо өмнө бид одоо байгаа дадлаа хянаж сурах хэрэгтэй." 

Дээрх цаас цуглуулдаг зуршлаа хянах хэрэгтэй гэдэг нь үнэнд ойр боллоо шүү. Ялангуяа нэг тал нь цулгай хоосон цаасыг хаяж чаддаггүй, зулзагуудтайгаа хамт зураг зурна, цүнхэлж яваад энд тэнд сонин содон үг, хэллэгтэй таарахаараа бичиж тэмдэглэнэ. 

Тэгээд л түүнийгээ цуглуулчихдаг юм байна. Бага багаар цэгцлэх гэж хичээж байгаа л даа. Хо хо. 

"Ердийн хүн дунджаар 2 цагийг нийгмийн сүлжээнд өнгөрүүлдэг байна. Бүтэн жил хуримтлагдах 600 цагт та өөр юу хийж болох билээ?" 

Ёх, юу ч хийж болно шүү дээ, жишээ нь хэл ус үзэж болно, дасгал хөдөлгөөн хийж болно, ном уншиж болно...

"Худалдан авалтыг алгасах бүртээ түүнд зориулах байсан мөнгөө хадгал." 

Үрэлгэн хүмүүс минь бодолцоно биз дээ? Би ч хааяа шоколат авах мөнгөө хадгалдаг. Гэм нь тэр минь гэр ахуйн хэрэгцээнд л явчихдаг юм. Одооноос төмөр лаазанд хадгалж байдаг юм билүү? 

За тэгээд зөндөө л зүйл бичээстэй байсан. Худалч хүнд хуудас бүрт л таних тэмдэг болгон цаас нааж, шар өнгөөр тодруулсан байх юм. Блогтоо бичих гэхээр бүгдийг нь бичих болчих гээд байна л даа. 

Та нар өөрсдөө уншаад, өөрт таарсан дадал хэвшлийн арга замаа олоорой. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2024年10月21日月曜日

Сонирхолтой тоглоом

9 сард найзууд дээрээ очиж эрхэлж, ууж идсэн бөлгөө. Тэгэхдээ зүгээр л нэг идэж уугаагүй шүү. 

Гадуур зугаалсан, юм үзэж нүд тайлсан. 

Нэг ийм тун сонирхолтой тоглоом сурав. Багаасаа даалуу, шагайндаа мастер байсан надад тун чиг таалагдав. Хэ хэ. 

Хожингоо алдав. Хожигдчихсон л доо. 
Мэддэг хүн бий байх л даа. Хөзөр шиг байгаа биз? Гэхдээ яг хөзөр шиг биш юм аа. Даалуу шиг гэх юм уу даа. Тал болоод гэр барьцгаана. 

Эхэндээ ч бид тайлбарыг нь сонсож, тоглоомынхоо агуулгыг ойлгох гэж бөөн юм болно оо. Их ч инээлдэцгээв, их ч хөөрцгөөв, их ч хөгжилдөцгөөв. Хэ хэ. 

Ийм бөөрөнхий зүйлээр гэрээ барина. Хөзөр сугална. Сугалаад л энэ ногоон бөөрөнхийг бодож байгаад л тохиромжтой газар тавина. Бас хөөрхөн тархиа ажиллуулна. 

Буруу газар өрчихвөл "дайсны тал" гэрээ босгоод авна. Тэгвэл бид ялагдана. Хи хи. 

Дараа уулзахаараа дахин тоглоно шүү. Цүнхлээд л явдаг юм шүү, найзуудаа. 

Гэснээ би энэ зун монголд хоёр ч удаа 8 гар сууж хөзөрдөөд, нэгт нь хожоод, нөгөөхөд нь хожигдсон. 8 гар суух ч хөгжилтэй юм билээ. Дахин тоглоно оо. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年10月20日日曜日

Энэ жилийн бүтээлүүд 2

Хоёр хоноод цэцгээ өөрчилсөн. Бас хөөрхөн ажиллагаатай юм билээ. Яг сольж байхад нь таараад жаал харж зогссон. 

Жижигхэн хөөрхөн эмээ нар, кимоногоо өмсчихсөн, намбалаг гэж. Цэцгийн урлаг, цайны ёслол нь цаанаасаа нэг тийм намбалаг алхаа гишгээ, гар хөлийн уян налархай хөдөлгөөн шаарддаг шиг байна лээ. 

Цэцэг, навчных нь нэр усыг асууж, судалсангүй ээ, энэ удаад ч. Зүгээр л зураг дарав. Зүгээр л нүдээ баясгав. 

Сүүлийн үед заавал нэг уншсан, хайсан, судалсан, эрсэн, хайсан хүн болчихоод. Сиддхарта дээр гардаг шиг, юу нь мэдэгдэхгүй нэг юм эрж хайгаад байхаар сүүлдээ ядарна гэж бодоод. 

Заримдаа ч зүгээр  гөлиймөөр үе гарах юм өө. Гөлийгөөд л, бодлогошироод л, алмайраад л суумаар мэдрэмж төрнө өө. Юу билээ? Орно оо гарна аа гэдэг шиг л. Хэ хэ. 

Улаан шар өнгө гоё зохицож байгаа биз? Ингэж хослуулж хувцас авдаг ч юм билүү. Улаан өнгийн цамц бол бий. Шар өнгийн банзал худалдаж авах уу? Яах уу? Хи хи. 

Ногоон өнгийн банзал бол бий шүү. Улаан цамцтайгаа хослуулж байгаагүй юм байна. 

Сүүлийн үед хөвсгийгөөд бараан өнгийн хувцас л голлоод байна өө. Түүнээс ч цагийн сайханд тод өнгийн л хувцас өмсдөг байлаа шүү дээ.  

Ерөөсөө шар өнгийн банзал худалдаж авна аа. Тэгээд улаан цамцтайгаа хослуулаад, энд зургаа оруулна аа. 

Гэж худлаа хэлэхгүй юу. Мөн их горьдов оо. Хи хи. 

Цэцэгнийхээ нэрийг мэдээд авчихбал ч дээрх наргиа ч яамай. Нэг ч гэсэн зүйл мэдээд авчихбал тийм ээ? 

Бүр дээр бичсэнээ бас л үгүйсгэчихлээ тийм үү? Зүгээр л оршмоор байна. Яг яах гээд байгаа юм бэ, бүсгүй минь ээ. Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年10月19日土曜日

Монгол ундаа

Эх орон, элэг нэгтнүүд минь бэлэглэсэн ундаанууд. Сайхан юм өө, эх орны үнэртэй бэлэгнүүд. 

Нэлээд чихэрлэг санагдсан. Чихрийн орц найрлагыг нь бага зэрэг таначихвал ч тун дажгүй шүү. Хань ижилтэйгээ амтархан уусан. Аньс амтагдаж байна гэцгээгээд л. 

Аньс гэхээр л багын нэгэн дурсамж санаанд ордог юм. Нарийхан хүзүүтэй нэг их том шилэнд аньс дараад. Түүнийгээ нэг шүүгээнд хадгалаад, цоожтой. Чихэр хольчихсон аньсны амттайг. Одоо ч бодохоор арааны шүлс гоождог юм. 

Дүү нартайгаа үе үе тэр шүүгээний цоожийг эвтэйхэн хөшиж онгойлгоод, дарсан жимснээс бага зэргийг идчихнэ. Тухайн үед харьцангүй сахарын хэрэглээ бага байж. Юм ч ховор байж. Бид ч өлөн байж. Ха ха.  

Дараа гоё аньсыг оригоор нь иднэ ээ. Ижий аав хоёр минь аньс тарьдаггүй юм. Тарьж ургуулахад хэцүү юм болов уу? Аньсны мод авч өгдөг ч юм билүү? Хэ хэ. 

Чихэргүй, тун аятайхан. Ихэнхийг нь би өөрөө уусан. Хань ижилд ёс болгож дээжээс нь өгөөд, хамтдаа тулгаад л болсон байх шүү. Хо хо. Би л бага багаар шимсээр байтал нэг мэдсэн дууссан бөлгөө. 

Одоо яалтай, уралдаад уухгүй яасан юм. Багадаа ах эгч нартайгаа өрсөлдөж, булаацалдаж идэж уудаг, гоё байсан гээд л гайхдаг юм байж гэж би амыг нь тагласан.

Зээ хө, айраг нь хамгийн тансаг нь өө. Хи хи. Нутаг нутгийн айраг өөр байдаг бололтой. Би ч нэг их айрагны амт сайн мэдэхгүй ч амтархан уух дуртай. Хань ижил л их сайн мэдээд байдаг юм. 

Булганы тэр айраг ёстой сайхан гээд л. Бас энэ жилийн хөрөнгө нь түрүү жилийнхээсээ өөр байна тийм үү? гэж мэгээд асуугаад байдаг юм, гүүгээ барьсан айлуудаас. 

Аргагүй л айрганд дуртай хүн юм даа л гэж боддог. Би ч дагаад дурласан дурласан. Хор хөнөөл нь ихтэй хатуу юмнаас л дээр тийм ээ? 

Ямар сайндаа "Архиан бага ууж айргаан тааваараа уугаарай" гэж далай лам хэлэхэв дээ. Далай ламынхаа үгийг дагахгүй байна гэхээр бидний энэ сүшиг бишрэл ч дээ, нэг тийм хуурамч нь мэдэгдээд л байгаа юм. 

Монголоос ирсэн ундаагаа зүгээр ч нэг уучихгүй бас л олон долоон юм бла бла гэчих юм тийм ээ, энэ бүсгүй. Ха ха. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年10月18日金曜日

Нутгийн амттан идээ

9 сарын сүүлээр нэг тэмцээн болсон юм, олон улсын тэмцээн. Оролцохоор ирсэн гадны тамирчдад нутгийнхаа амттан бүтээгдэхүүнийг сурталчлан, тусгай худалдаа зохион байгуулсан. 

Төрийн албан хаагчид. Хариуцсан хэлтэс нь. Яг юу гэдэг нэртэй хэлтэс байсныг нь сонирхож асуусангүй ээ. Дараа нэг сонирхоно оо. 

Ийм хөөрхөн амталгаатай. Би үүнд дуртай тул амтархан амталсан. Хэ хэ. Манай монголчууд хөөрхий минь ганц нэг хүн л худалдаж авсан. Төгрөгөөр бодохоор бас хөөрхөн үнэтэй. 

Нутгийн идээ авч харьснаас ганц шил юм авч харих минь гэдэг юм билээ. Би ч бас ганц шил юм, хэд гурван бохь л авах байх. Учир нь манайд нутгийн идээ амсуулна, бэлэглэнэ гэдэг ойлголт өөрөө нутагшаагүй тул. 

Энэ цэлцэгнүүр, Хөөрхөн амсахад амар болгоод амсрыг нь хайчилчихсан байсан. Их дажгүй амттай. Хүүхдүүдэд их зүгээр. Лийрээрээ хийсэн. 9 сард хураадаг, байсхийгээд л зураг оруулдаг даа. 

Гэснээс энэ жилийн ургацын зураг оруулаагүй юм байна. Тэгж байгаад зураг орууламз...

Буянтай сайхан хүмүүсийн буянаар энэ жил ч зөндөөг идсэн. Баярлалаа. Мэдээж бид ч дуртай зүйлсийг нь буцааж бэлэглэдэг шүү. Алгаа тосоод л суудаг гээд буруугаар ойлгочихов оо. Хэ хэ. 

Данго буюу бөмбөлөг. Би нэг их дуртай биш. Хариуцаж байсан нэг өвөө худалдаж аваад тэнд ажиллаж байсан хэсэг гадаад хүмүүст амсуулаад. Би өөрийнхөө хувийг дунд зулзагатаа авчирч өгсөн. Зулзагууд энд төрж өсөж буй юм болохоор эдний амттанд дуртай байна өө. 

Ажлаа хийнгээ зүгээр байхгүй амаа хөдөлгөчихнө өө. Мэдээж элэг нэгтнүүддээ тайлбарлаж, таниулж, нэг ч гэсэн шинэлэг зүйл олоод мэдчихээсэй гэж хүсэн хүсэн ажилладаг шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年10月17日木曜日

Дарс

Нэг хэсэг би үмэшю буюу ногоон чавганы дарсанд орсон юм. Тэгээд сүүлийн хэдэн жил сахараа танах зорилготойгоор нэг их уухгүй байгаа юм. 

Харин манайд айлчлан ирсэн зочиддоо өөрсдийн дарсан чавганы дарсаа өгнө. Шахна. Хэ хэ. 

Найзууд, айлчин гийчид минь их дуртай байдаг. Зарим нь бүр ордог юм, энэ дарсанд. Амтанд нь орчихдог гэсэн үг. 

Энэ дээрх зургийг нэг өвөөгийнд уугаад. 5 жилийн өмнө дарсан гэнэ шүү. 80 гарчихсан хүн. Эхнэр нь асрамжийн газар байдаг. Ганцаараа амьдардаг гэхэд гэр орон нь манайхаас ч цэвэрхэн, цэмцгэр. Хэ хэ. 

Энэ ногоон шилтэй нь эрчүүдийн ундаа. Би уугаагүй. Цаад шилтэй нь тэр 5 жилийн өмнө дарсан ногоон чавганы дарс нь. Амттай байсан тул хоёр халбагыг уув, би. 

Байнга биш ч хааяа зүгээр гэж бодон шимсэн. Гэхдээ миний энэ "хааяа" маань хааяа биш өдөр бүр юм биш үү? л гэдэг юм, нөхдүүд. Хи хи. 

Энэ 9 сард найзууд дээрээ очихдоо хамтдаа тоглож, ууж наргисан үеийнх. Энэ арай өөр дарс. Худалдааных. Гэхдээ амт зөөлөн, их дажгүй. 

Тэр тоглоом их сонирхолтой байсан. Дараа тайлбарлаж зураг хөрөг оруулна аа. Худалдаж авах уу? Болих уу? гээд л эргэлзээстэй. 

Гэснээс бидний дарсан ногоон чавганы дарс дууссан. Ирэх зун олон олон шилээр нь дарна даа. Зарим нэг найзууд захиалга өгөөд байгааг ч хэлэх үү? Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年10月16日水曜日

Энэ жилийн бүтээлүүд

Минийх биш шүү. Хэсэг бүлгээрээ цуглаад хууч хөөрөнгөө амьд цэцгийн урлагийг сонирхдог настай эмэгтэйчүүдийн бүтээл. 

Өдөр бүр биш, 7 хоногт нэг өдөр л хичээллээд байх шиг байгаа юм.  

Үндэсний урлагаа сонирхдог хүмүүс нь цаанаасаа  л үндэснийхээ хувцсыг өмсмөөр болдог юм уу? Бүү мэд. Кимоно өмссөн намбалаг эмээ нар их таарна, тэр өдөр нь. 


Жилдээ нэг хамтарч бүтээлээрээ үзэсгэлэн гаргаад, ингэж олон нийтэд үзүүлнэ. Тухайн байгууллагаар үйлчлүүлж орсон гарсан хүмүүс үзэж сонирхоно. Цэцэг мэддэг нэгэн нь саатархан сонирхоод, хоорондоо ярилцаад, энэ цэцгийг ингэж оруулж өгсөн нь гоёмсог болж гэх мэтээр ярилцдаг юм билээ. 

Би ч гялс зураг аваад, инстаграмдаа, нүүрномдоо оруулж лайк цуглуулах санаатай ч тэр бүр хүмүүс эрхий хуруу болон зүрхээ харамлачихна аа. Тийм их завгүй байна гэж бодохгүй л байгаа. Зүгээр л тухайн хүний харамч зан юм даа. Ха ха. Хүн гоё сэтгэл гийгүүлсэн, урлагийн бүтээлийн зураг оруулаад байхад. 

Хэрүүл болон хувийн чанартай зүйлсийг маш ихээрээ орж үзэцгээдэг юм байж. Хэ хэ. 

За за наргиа шүү. Гэдэн нь хөдөлчихөв дөө. 

Тэртэй тэргүй харамгүй эрхий хуруу, зүрхээ хайрладаг үнэнч хэдэн нөхөд минь бий. Та нар шүү. Та нарын дараа би шүү. Бүгдээрээ хүмүүсийн лайкаар дутахгүйгээр гялалзана шүү. Ха ха. 

Би ч цэцгийг тансаг, гоё, сайхан, үзэсгэлэнтэй л гэж харна уу гэхээс, энэ навчтайгаа, ургамалтайгаа ингэж зохицоод улам өнгө орж гэж хэлж мэдэхгүй. Ямартай ч энэ зураг дээрх тэр далийж орж ирсэн иш мөчир тухайн өнгө өнгийн цэцгээ тодотгож, тодруулж өгч буй нь илт, тийм үү?

Энэ удаад нэр усыг нь хайж, судалсангүй ээ. Жаахан цаг зав багатай байлаа. Одоо ч зав муутай л байна л даа. 

Блогооо бичихгүй бол нэг л тайвширч өгөхгүй, мөн олон жил бичсэн дадал учраас бичих юмсан гээд сэтгэл санаа тогтож өгөхгүй болохоор нь зүгээр суухаар гээд цэцэгнийхээ зургийг оруулж буй нь энэ юм шүү. 

Сэрүү унаад, сайхан л байна. Элдэв сэрүүцүүлэгч, сэнс гэх мэтийг ашиглахгүйгээр амьсгална, оршино гэдэг ээ дээ мөн их аз жаргал юм байна шүү. 

Мөн цахилгаан тог, усанд ч хэмнэлттэй юм. 10 сард жаахан ч гэсэн бага төлбөр гарах нь өөрийн эрхгүй таатай байна өө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年10月11日金曜日

Франц Кафка Эцэгтээ бичсэн захидал 2

Захидлаа уншаад дууслаа. Мөн ч ихийг бодогдууллаа. 

Дахиад эхнээс нь "ээж" болмоор байна аа. 20 хэдэн жилийн өмнө буцаж очоод, о.зулзагаа төрүүлж байсан өдрөө буцаж очоод, эхнээс нь эхэлмээр байна өө. Хэ хэ. 

Тэгвэл их л олон зүйлийг өөрөөр шийдэж, өөр өнцгөөс харж, шинэлэг арга барилаар хүмүүжүүлэх байсан байх өө. 

Яадгаа алдсан ээж ч биш л дээ. Алдаа оноо бий. Тэрхүү алдаагаа л жаахан засчихмаар санагдаад өө...

"...болж өгвөл бушуу арилаад өгөхийг хүссэн, голцуу дотогшоогоо л өнгийж, гадна ертөнцөөс зугтсан хүүхдүүд болсон юм даа."

Ээж аав нь ширүүн бол хүүхдүүд нь гэрээсээ явахын түүс, ганцаараа бие дааж амьдрахын түүс болдог юм байна шүү. Эсрэгээрээ зөөлөн байх тусам гэртээ л ижий аавтайгаа хамт баймаар санагддаг бололтой. 

Мэдээж хоёр талтай л даа. Гэртээ л бүгсэн, ажил хийдэггүй, ээж ааваараа тэжээлгэсэн нэгэн болчих магадлал ч бас бий. 

Ингээд бодохоор хүүхэд хүмүүжүүлэх зөв арга гэж яг юуг хэлэх вэ? Яг тийм гарын авлага байна уу? гэвэл бас үгүй.

Учир нь хүүхэд бүр, нэг айлын 3 хүүхэд гэхэд л хоорондоо харилцан адилгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ хорвоогийн түмэн хүүхдүүдийг хүмүүжүүлэх цор ганц гарын авлага, сурах бичиг гэж байхгүй нь ойлгомжтой. 

"...Миний дэндүү сайхан амьдарч буйг, үргэлж халамжилж энхрийлж байсан тухайгаа сурсан зангаараа дандаа ярих гэж хичээдэг байж билээ. Үнэндээ тийм, гэвч таны ярьж байгаа шиг ийм нөхцөл бий болсон үед надад хэрэг болж чадсан гэж би хэлж чадахгүй." 

Одооны хүүхдүүдийн жаргалтай өсөн өндийж буйг шогшиж ирээд л ярьдаг даа. Бидний үед ийм тийм байсан гээд л. Тэгж ярихаа болино оо, одооноос. Ха ха. 

Бидний санаатай, санаандгүй хэлдэг улиг болсон сургааль, сургамжууд хүүхдүүдэд "зурагдсан пянз" шиг сонсогддог гэнэ шүү. Ер нь бол чихэнд чийртэй байх нь. Мөн тэдэнд гэм буруутай мэт мэдрэмжийг л төрүүлдэг гэнэ. 

"Таны надад өгсөн бүхнийг хүртэхдээ би баяртай байж болох байсан ч тийн баярлаж таашаахдаа хүртэл битүүхэндээ ичиж, өөрийн ядруу, сул доройгоо мэдэрч, гэмшдэг байсан. Би угаас түүнийг тань хүртэх эрхгүй учраас л хариу өчүүхэн талархдаг байсан юм."

"Танаас зугтана гэдэг гэр бүлээсээ, тэр ч бүү хэл ээжээсээ зугтана гэсэн үг."

"...гэр ахуйн ажилд зарцлагдаж, гэр бүлийн хэн л өвдөнө түүнд давхар сэтгэл шаналахаас гадна түүнийг хамгийн их зовоож зүдрээсэн зүйл бол түүнд оноогдсон та бидний дунд эвлэрүүлэн зуучлагч хийх үүрэг байж."

"Шунаг сэтгэл гээч нь аз жаргалын эрэлд хатсан хүний шинж тэмдгийн нэг..."

"Ер нь та хүүхдэдээ зааж сургахад бага зовж, харин үлгэр дуурайл болох дээр л санаа чилээх хэрэгтэй байсан юм."

Хүүе ээ, сонсож байна уу? Биш ээ уншиж байна уу? Яг л энэ шүү дээ. Та бид гэртээ ямар байх нь их чухал юм шиг. Түүнээс ажил дээрээ мянга сайн, үлгэр жишээч ажилтан, дарга цэрэг байгаад, гэртээ лаглайсан, хэлсэн амласнаа биелүүлдэггүй бол тэгээд л хүүхэд биднийг дуурайх нь аргагүй юм. 

Миний үлгэрлэдэг нэг зүйл гэвэл ном унших л байна даа. Энд тэнд гэрийн юм тавьчихаж болохоор л газар байвал л ном овоолоостой байна. Тэндээс зулзагууд яг тэр өдөр нүдэнд харагдсан номоо авч уншина. 

Жаахан томроод ирэхээр нь номын тавиур дээр номоо өрдөг болдог л юм билээ. Гэхдээ л уншиж байсан газраа орхиод босно, явна. Буцаж ирээд сөхнө. 

Мөн сүүлийн үед ухаалаг утсаа аль болох бага шагайж байна. Ялангуяа зулзагуудынхаа нүдэн дээр ил. Нууцаар гялс шагайчихаад буцааж хаагаад, нэг газар орхино. Тэгэхээр дэмий цаг үрэгдэх нь ч гайгүй юм билээ. 

"Гэрлэж, гэр бүл зохион, үр хүүхдээ энэ ороо бусгаа хорвоод өсгөж, тэднийг жаахан ч гэсэн чиглүүлээд өгөх нь миний итгэж буйгаар хүний амьдралын бүхий л ололт амжилтын оргил билээ. Өнгөц харахад хүн бүхэн ядах юмгүй хийж чадаад байгаа мэт санагдана."

Энэ ч юутай үнэн. Бид хэт зууралдаад байдаг тийм ээ? Амьдралд нь хэт оролцоод. Би зулзагуудаа томрохоор хэт оролцоод байхгүй юм шүү л гэж боддог юм. Бага зулзагаа харин яах бол? Ха ха. 

Гэх мэтчилэн зэвүүн зэвүүн өгүүлбэрүүдийг нь түүж бичлээ. Үе үе сөхөн харахыг хичээнэ ээ. 

Дараагийн номоо ёслол төгөлдөр эхлүүлье дөө. Агуулга нь "ай даа, хаашаа харж үхэх вэ" гэмээр ном байх гэж таамаглаж буй болно. Ккк.

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2024年10月10日木曜日

Энгийн дадал 2

Дадлынхаа үргэлжлэлээс бага зэрэг бичнэ ээ. 

"Агуу бүхэн өчүүхэн багаас эхэлдэг. Дадал бүхний үр нь ганц л шийдвэр байдаг. Тэрхүү шийдвэрээ давтан давтан хэрэгжүүлсний дүнд шинэ дадал соёолж, урган дэлгэрдэг."

Нээрээ л агуу бүхэн, гайхамшигт бүхэн бидний анзаараагүй өчүүхэн бага зүйлийн нэгдлээс үүсдэг тийм ээ? Сүүлийн үед зүв зүгээр сууж байгаад л баяжих гээд, жин хасах гээд, амжилтад хүрэх гээд л бодоод байгаа болохоос би...

"Зорилго гэдэг бол хүрэхийг хүссэн үр дүн. Арга зам бол тэдгээр үр дүнд хүрэх явц."

Үнэн, үнэн. Жин хасах гэдэг зорилготой ч түүндээ хүрэх арга замаа олохгүй л яваад байна энд нэг хүн. Аман дээрээ жин хасмаар байна гэж их сайхан ярина. Ачир дээрээ юу ч хийхгүй, халбагадалт зэргээс буцахгүй болохоор чинь яаж жин хасах вэ дээ? 

Нэг амжилт нь амттангаа эрс багасгасан явдал л юм даа. Дуртай шоколадныхаа хажуугаар нүдээ аниад өнгөрдөг болсон. Тэгээд ч миний худалдаж авдаг какао өндөртэй шоколадны үнэ тэнгэрт хадаж байна өө. Худалдаж авах хүсэл өөрийн эрхгүй төрөхгүй байна лээ. Хи хи. 

"Ялалт байгуулах цорын ганц зам бол өдөр бүр сайжрах явдал."

Өдөр бүр жингээ үзээд, өдөр бүр хэдхэн граммаар хасах явдал юм даа, миний хувьд. Мөн өдөр бүр ядаж нэг хуудас, цаашаа давраад таван хуудас унших дадлыг хэрэгжүүлээд нэлээд удаж байна. Энэ чинь одоо өдөр бүр сайжирч байгаа гэсэн үг биз дээ, таминь ээ.

Өдөр бүр ямарваа нэгэн зүйл амжуулсан гэдэг мэдрэмж авахаар урам зориг ордог юм билээ. 

"Дадал зуршлаа өөрчлөхөд бэрх байгаа нь хоёр шалтгаантай. 1. Бид буруу зүйлээ өөрчлөх гэж оролддог. 2. Бид дадал зуршлаа буруу аргаар өөрчлөх гэж оролддог."
 
"Тухайн хүний чанарт нийцээгүй дадал удаан хадгалагдахгүй."

Энэ үнэн байх өө, тэгээд л би монголын хууль гурав хоног болчихдог байх. Би өөрийнхөө үндсэн чанарт нийцээгүй зүйлийг дадал болгох гээд байдаг байх нь. Нэг тунгааж бодож үзнэ ээ.

"Би тийм юмыг хүсдэг ийм хүн гэж хэлэх нь нэг хэрэг. Би тийм юмыг хийдэг ийм л хүн гэж хэлэх тэс өөр хэрэг."

Онч үг байна өө. Би ном уншихыг хүсдэг хүн, би ном уншдаг хүн, би ном уудаг хүн. Энэ гурвын аль нь илүү үнэмшилтэй сонсогдож байна даа? Хэ хэ. 

"Та өөрт байгаа чанаруудынхаа аль нэгнээр нь бусдаас илүү бахархах тусам түүнтэй холбоотой дадал хэвшилдээ улам шийдмэг ханддаг."  

Үнэний ортой. Жишээ нь эргэн тойронд минь ном уншдаг хүн цөөн учир би энэ давуу талаараа бахархаж, зоримог гэгч нь номоо захиж авчруулдаг. 

Мөн аяга угаагчаа ч бахархалтайгаар нэхэж, хүмүүст бахархалтайгаар бэлэглэдэг. Учир нь би эрүүл мэндэд нь хэрэгтэй зүйл бэлэглээд байгаа  юм. Мөн өдөр тутамд нь хэрэгтэй зүйл бэлэглээд байна гэж өөрөөрөө бахархдаг. 

Түүнийг минь ойлгодоггүй хүн бий л дээ. Ха ха. 

"Өөрийнхөө төсөөлдөг хамгийн төгөлдөр хүн болъё гэвэл итгэл үнэмшлээ ямагт шинэчилж, өөрийгөө өргөжүүлэн тэлэх хэрэгтэй". 

"...таны дадал хэвшлүүд таны хувь хүний чанарт нөлөөлдөг цорын ганц зүйл биш ч үргэлж давтагдсаныхаа хүчээр хамгийн чухал нь болж хувирдаг." 

"Дадал бүхэн үр дүн авчраад зогсохгүй "өөртөө итгэ" гэсэн нэгэн чухал хичээлийг танд заадаг." 

Өөртөө итгэх итгэл чухал шүү, би одоо ч япон хэлээр мундгуудтай хамтарч ажил хийх гэхээр нэг л итгэлгүй болчихдог. Сүрдээд, өөрийгөө голоод, миний тархи, чадвар хүрэлцэхгүй тал ажиглагдаад...

Өнөөдөртөө ингээд дуусгая. Үргэлжлүүлж ганц хоёр "дугаар" бичихийг хичээнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年10月9日水曜日

Франц Кафка Эцэгтээ бичсэн захидал

Зээ хө, яасан айхтар агуулгатай захидал вэ? Тийм ээ? 

Хэрэв зулзагууд минь надад ийм агуулгатай захиа өгвөл ч "би хаашаа харж үхэх вэ?" л болох юм байна. Ядаж байхад энэ 10 сард бид "Токсик ээж аав"-ын тухай ном уншихыг ч хэлэх үү? 

Төлөвлөгөөт номоо уншиж эхлэхээс өмнө нэг жижиг бөгөөд адтай ном уншчих санаатай уг бяцхан номыг эхлүүлсэн юмсан. Тэгсэн чинь ёстой "чөтгөрлөг агуулга"-тай ном юм аа.

Хараахан уншиж дуусгаагүй ч, бичмээр санагдаад өө.

Хэдийгээр аавдаа бичсэн ч миний гаргадаг зарим нэг үг үйлдэл, хань ижлийн зарим нэг үйлдэл тэр чигтээ бичээстэй байвал яах вэ? 

Бидний хүүхэд хүмүүжүүлэх арга барил үнэн "тэнэг" юм байна аа. Болхи байна аа. 

Ингээд бодоход би өөрөө "хүүхэд" байхдаа хүүхэд гаргаад, ээж болчихожээ. 

Хүүхэд хэрхэн өсгөх, хүмүүжүүлэх талаар нэг ч зүйл уншаагүй, судлаагүй. Эртнээс уламжлагдаад ирсэн "балар эртний" гэж хэлж болохоор зарим нэг арга барилуудыг о.зулзагатаа хэрэгжүүлсэн байдаг юм аа. Жавхлан юм даа.  

Миний өссөн орчин, гэрийн хүмүүжил харьцангүй зөөлөн л  дөө. Ээж бол үглэдэг байсаан. Аав харин нэг их үглээд байхгүй, гэхдээ уурлахаараа ширүүн байсан байх. Сайн санадаггүй ээ. Хэ хэ.

Тэгээд ч би айлын том, аавын эрх охин, гэртээ бол нэлээд даам гар байсан л даа. Байсан ч гэж дээ, одоо ч эрх танхи, даам л даа. Хэ хэ. 

Аав гэхээр муу, муухай гэхээсээ илүү сайхан дурсамжууд л бий. Хөтлөлцөөд алхдаг байсан, ном авч өгдөг байсан, ажил дээрээ дагуулж очдог байсан, хааяа хоёулхнаа булагнадаг байсан гээд л. 

Мэдээж ээжийн тухай дурсамж ч мөн адил сайхан дурсамжууд их шүү. Хэт уянгалах дургүй болохоор, магтаж бичээгүй л болохоос, хоёр буурал минь намбатай сайхан өтөлж яваа хоёр. Хайртай шүү...

...Хань ижлийн өссөн орчин миний өссөн орчноос эсрэг байсан байж магад гэж бодогддог. Нэлээд ширүүн талдаа, үе үе уур, бухимдлаар аливаа асуудлыг "зохицуулах" гэдэг тал ажиглагддаг нь Кафкагийн аавтай бага зэрэг төстэй юм байна. 

Ээж аавын ачыг хариулах ёстой, ээж аав, ах дүүгээ бодох ёстой, хувиа хичээсэн гэж ирээд үглэдэг байсныг нь хэлж ойлгуулж засчих санаатай. Зулзагууд минь бидэнд өргүй ээ, бид хоёр л төрүүлнэ гэж төрүүлсэн шүү гэж хэлж ойлгуулах санаатай...

Сүүлийн үед харин харьцангуй үгэнд орж л байна. Ха ха. Эргэн тойронд минь ширүүн аав ч байна, зөөлөн аав ч байна. Найзууд дунд шүү дээ. Тэд нарын жишээ, яриаг сонсоод л үлгэр авчих санаатай л...

Уламжлалт арга болох "алганы амт үзүүлэх", "тоосыг нь гөвөх" гэх хүмүүжлийн аргыг хэрэглэчих гээд байх үе гарна гарна. Би ч өөрөө өндөг шиг өөгүй ээж биш л дээ. Мэдээж үе үе нэлээд ширүүхэн үглэнэ, загнана, дуугаа өндөрсгөнө. 

Мөн сүүлийн үед хүүхдийн хүмүүжлийн талаар, хүүхэдтэйгээ хэрхэн харьцах талаар уншаад, ихийг ойлгодог болсон. Миний арга барил, хүсдэг зүйлс, шаарддаг зүйлс, тулгадаг зүйлс гээд эргэж нэг харах юмс олон байсан. 

Алдаагаа бага багаар засаад л, үе үе мартаж үглэчихээд л явж байна даа. 

"Эцгийн үгэн хүчирхийлэл, уян зөөлөн сэтгэлийн цаана нуугдаж, энэ бүхнийг өөгшүүлэн даамжруулсан эхийн хам хүчирхийллийн хооронд хүүхэд хэрхэн тээнэгэлзэж, гэр бүлийн хортой харилцаанд гацаж, өөрийн хувь хүн гэх тодорхойлолт, эрх чөлөөг олж авахын төлөө ямар зовлон бэрхшээл туулдаг болоод сэтгэлийн гэмтэлтэй үлддэгийг Франц Кафкагийн уг захидлаас бэлхнээ унших боломжтой." 

Хүүе л дээ, би хам хүчирхийлэгч болмооргүй байна аа. Хань ижил гуай. Ха ха. 

Манай хүн зөөлөн, хүнд тусархаг. Гэхдээ өөрийн хүүхэд, ах дүү нартаа хатуу. Өөрсдийнх нь тусын тулд гэдэг. Энэхүү хатуу занг нь зөөллөх гэсэн би хам хүчирхийлэгч болох юм шиг байна. Жавхлан юм аа. 

"Надад жаахан урам зориг, нөхөрсөг харилцаа, өөрийн замаар замнах өчүүхэн ч гэсэн боломж л хэрэгтэй байсан." 

Одоо ч тэгээд ээж аавын үгээр явдаг хүүхэд цөөрсөн шиг ээ. О.зулзагаа ч өөрөө шийдээд л яваарай гэж хэлж байгаа. Гэртээ буй хоёрыгоо бага зэрэг чиглүүлсхийгээд, яваандаа тэгээд өөрсдөө өөрсдийнхөө зам мөрийг шийдээд явах байх өө. Тэгээсэй ч гэж хүсч байна өө. 

"...Хүүхэд байхдаа би ингэж бодоогүй, ингэж мэдэрсэн." 

Энэ өгүүлбэр асар гүн утгатай байгаа биз? Мэдрэмж бол насан турш үлддэг шиг санагддаг тул, зулзагууддаа таагүй, онцгүй, дарамттай мэдрэмж үлдээхгүй байх юмсан дөө гэж бодогдов, өөрийн эрхгүй. 

Аль хэзээний таагүй, онцгүй, муухай, зэвүүн мэдрэмжүүдийг үлдээчихсэн л яваа байх өө. Гол нь цаашид, хойшид хичээх минь л үлдлээ...

Үргэлжилнэ...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年10月8日火曜日

Энгийн дадал

9 сард уншихаар төлөвлөөд, уншиж дуусаад, ярилцсан ном. Мэдээж олон зүйлийг мэдэж, ойлгож, ухаарна. Гол нь хэрэгжүүлэх, дадал болгох нь чухал. 

Гишүүдийнхээ дадлуудыг сонсов. Мөн хойшид дадал болгоод, хэрэгжүүлмээр байгаа зүйлсийнх нь талаар ч сонсов. 

Би ч өөрийн дадлын талаар ярив. Одоогоор дадал болоод, гялс амжуулчихдаг зүйлс гэвэл блог бичих, аяга угаагч нэхэх, ном унших гэсэн зүйлс байна. Энэ бол өөрийгөө хөгжүүлэх, өөрт минь сэтгэл ханамж өгдөг дадлууд. 

Гэр орондоо, гэр бүлийнхнийхээ төлөө хийдэг дадал гэвэл бага зулзагын маргаашийнх нь бэлтгэлийг урд орой нь голцуу хийдэг. Жишээ нь нусны алчуур, өмсөх хувцсыг нь бэлддэг. Савх, шүдээ угаах хуванцар аягыг нь угааж бэлдэж хонодог. 

Учир нь би өглөөний хүн биш тул эрт босч бэлдэнэ гэдэг лөөлөө. Зулзага намайгаа мөөмдөөд, ээж нь хүүхдээ дараад жаахан хэвтдэг байхад, эсрэгээрээ хүүхэд нь ээжийгээ босгох дургүй, жижигхэн хөөрхөн гараа хоёр хөөрхөн мээмэн дээр минь тавиад унтдаг. Хэ хэ. 

Өглөөний хүн болчих санаатай хэсэг үзэж тарж байсан чинь багыгаа төрүүлээд, идэвхи зүтгэл минь даший шог. Үе үе эртлэн босох юмсан гэж эрч хүчтэй байсан үеэ дурсан санагалзана. 

За тэгээд номд өгүүлсэнчлэн муу дадлаа хэцүү болго, нүднээс далд байлга, сэтгэл татам бус болго. Сайн дадал болон, сайн үр дүнд хүргэх дадлыг нүдэнд ил байлга, сэтгэл татам болго, амархан болго, таатай орчныг нь бүрдүүл гэжээ. 

Жишээ нь удирдлагаа нуух, гар утсаа нүднээс далд хураах гэх мэт байж болно. Удирдлага бол манайд энд тэнд явж байдаг, зулзагууд өөрсдөө хаана тавьснаа мартаад, олохгүй үе гардаг. Ха ха. 

Барагтаа асаадаггүй, бага зулзагыг бас хянаад, нэг өдөр огт үзэхгүй, нэг өдөр нь нэг л кино үзнэ гэж дүрэм зохиогоод хэрэгжүүлнэ. Заримдаа биелүүлэхгүй. 

Гар утсыг харин яаж ийгээд л дэлгэчихээд байна. Гэхдээ л аль болох нээж харахгүйг хичээж байна. Ухамсартайгаар уг сайн үйлдлээ давтах нь чухал шиг. Үүнийг шагайж сууснаас номоо унших минь, юмаа нэхэх минь гэж тархиндаа автоматаар бодогдуулах. 

Тэгэхээр өөрийн эрхгүй гар утсаа хойш нь тавиад, аль нэг зүйлээ эхлүүлээд байна лээ шүү.

Мөн сүүлийн үед дадал болгож буй зүйлйин нэг бол нэг дор удаан суухгүй байх, дээд тал нь 40 минут хэртээ суусан л бол заавал нэг босч биеэ хөдөлгөх, нурууныхаа чилээг гаргахыг хичээж байна. Дадал болгон хэвшүүлэх нь чухал...

"Өчүүхэн өөрчлөлтүүд их өөрчлөлтийг авчирдаг."

"Дадал хэвшил бол хүүгийн хүү бодогдсон өөрийгөө төгөлдөршүүлэх үйл."

"Хэрэв та өдөр бүр нэг хувиар сайжирдаг бол жилийн эцэст 37 дахин сайжирсан байх болно."

"Сайн дадал нь цаг хугацааг таны анд нөхөд болгоно."

"Дадал хэвшил эхэндээ онцгой өөрчлөлт авчрахгүй мэт харагдавч ямар нэг онцгой давааг даван гарсны эцэст шинэ хүч чадлаа илрүүлдэг." 

Үргэлжлэл бий...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.