2021年11月28日日曜日

О.зулзага хийсэн хоол

О.зулзагынхаа ирүүлсэн хоолны зургийг оруулах гээд л. Ганцаараа үзээд яахав тийм ээ? Хэ хэ. 

Татсан мах өгч явуулсан гэсэн дээ, нэлээд дээр. Түүгээр л хийсэн гэх шиг болсон. Бяслагт дуртай хүн шүү дээ. 

Гратан гэх үү? Катакана үсгээр бичдэг, яг юу гэдэг хоол юм бүү мэд. Монголоор шүү дээ. Бяслагтай болохоор дуртай байсан би. Сүүлийн үед идэхгүй байгаа. О.зулзага бас дуртай. 

Энэ их сургуулийнх нь гуанзных юм болов уу? Осака их сургуулийн гуанзны хоолыг гүйцэхгүй юм байна гэж байсан байх шүү. Хэ хэ. 

Ахлах сургуульд байхдаа Осака их сургуулийг очиж үзэж байсан юм. Цагийн сайханд би бас хооллож байсан. Киото, Токүшима, Осака гээд л их сургуулийн гуанзны хоолноос идэж л явлаа. Хо хо. 

Илчлэг энэ тэр нь талон дээр нь бичээстэй байдаг. Бас л сүрхий шүү. Эхний өдөр маш өндөр илчлэгтэй хоол захиалж байсан улс чинь маргаашнаас нь эрс өөрчлөгдөнө шүү дээ. 

Хүүхнүүд л болсон хойно, тарга тэвээргэндээ анхаарал тавьж буй нь тэр. Ккк.

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年11月27日土曜日

Замдаа

Завгүй гүйгээд гэсэн дээ. Бага сургууль орж хичээл заагаад өө. Жил болгон явдаг даа өдийд. Энэ жил овоо хэдэн сургууль бий. Ихэнхийг нь даваад гарчихсан явж байна өө. 

Сургуульд орохдоо гар утсаа машиндаа орхичихоод байх юм. Зам зуур ганц нэг зураг дарсан шиг л явна. 

Энэ зурган дээрх дүр төрхийг бас 2 жилийн өмнө авч, эндээ оруулж байсан байж магад шүү. Нүүр ном лав сануулж байсан.  

Илжгэн чих жимсээ ингээд идэхгүй, хатаагаад, муутгаад байх юм, зарим нэг япон хүмүүс. Түүхгүй бол хэлчихгүй тийм ээ. Би дуртай нь аргагүй очоод түүчихнэ шүү дээ. 

Уул шаргалтаад, брокколи шиг болчихсон байгаа нь. Жаахан удаачихсан брокколи нэг иймэрхүү болдог доо. Хэ хэ. 

Би тоохгүй идчихдэг. Гайгүй байгаа? Үнэтэй авсан зүйлээ хаяж чадахгүй. Хи хи. 

Өнөөдөр бол хүйтэн байна өө, бороотой. Би номоо уншингаа үүнийг бичлээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье ээ. 

2021年11月26日金曜日

Зугаалга

Энэ бас хэд хоногийн өмнөх зугаалга шүү. Өвөл болж хүйтрэхээс өмнө гээд нартай өдрийг алгасахаа больсон. Хэ хэ. 

Холоос харахад нэг иймэрхүү харагдана. Бага зулзага баясаад, гүйсэн. Урд нь дандаа машинд явахдаа л хардаг байсан юм. Энэ удаад дэргэдээс нь харах гээд гүйж буй нь тэр. 

Бага багаар хорвоотой танилцаад л явна бид. Эгц дээшээ харсан чинь хүзүү нь сайн хойш гэдийж чадахгүй байсан, эгдүүтэй.

Салхин тээрэм байсан бяцхан толгодоос хотоо тольдсон нь. Тэр цаана цэнхэрлэн харагдаж байгаа нь Япон тэнгис шүү дээ. 

Нартай өдөр байсан тул сайхан харагдаж байна. Далай ч дөлгөөн байсан. 

Ойрд хүйтрээд онцгүй байна. Удахгүй цас орно гэсэн. Машиныхаа дугуйг сольцгоосон хүмүүс байна, эргэн тойронд. 

Би ч хань ижлээ л хүлээнэ дээ. Хэзээ сольж өгөх болдоо? гээд л... Хааяа бас үглүүлнэ ээ. "Надгүй бол яах хүмүүс вэ?" гэж. Хэ хэ. 

Түр баяртай. Ойрд ихээхэн завгүй л гүйж байна. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年11月23日火曜日

Хог түүв

7 хоногийн байн уу? өмнөх явдал өө. 

Дунд зулзагын хичээл. Гэрийн даалгаварт далайгаас гарсан хогноос түүж ирэх. Цэнхэр өнгийн хог түүж, дараагаар нь ангиараа түүж ирсэн хогоо бөөгнүүлж байгаад далайн ямар ч гэлээ амьтан хийх юм гэсэн. 

Есөн жорын хог байна аа. Тамхичид минь ээ? Өөрсдийгөө хохироохоосоо илүүтэйгээр эргэн тойрноо хохироохоо болино уу. 

Өнгө өнгөөрөө л байна. Эндхийн хүмүүс өөрсдөө ч хаясан байж магад. Гэхдээ далайгаас гарч ирсэн ч байж магад. Японд хаа очиж энд тэнд тамхи татах нь ховор болж байгаа. 

Их л хавчигдаж байх шиг тэд. Хэцүү байдаг шиг байна лээ. Хань ижил бас татдаг байсан. Нэлээд хэдэн жилийн өмнөөс хаясан. 

Монголд залуус минь нэгнийгээ буруу зүйлд битгий уруу татаарай, бас бусдын уруу таталтад бага автаарай...

Дулаахан өдөр байсан тул хоёр зулзага гутлаа тайлж аваад л алхсан. Элсэн дээрх мөр хөөрхөн байгаа биз? Элсэн хээ ч бас гоё л даа. Бид элсэн манхныхаа хавиар биш, арай жаахан зайтай далайн эрэг орсон. 

Ойрхон далайн хавчны жижиг музей байдаг. Түүгээр орж бага зулзагаа баясгаад. 

Энэ талаарх тайлангаа урлагийн үзлэгээрээ тайлагнасан. Яваандаа сонингийн сурвалжлагч энэ тэр ирэх юм гэсэн. 

Байгаль орчноо хамгаалах талаар л уншаад, судлаад яваа юм билээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2021年11月21日日曜日

Бичиг үсэггүй хүн

За энэ ном 10 сард наддаа ирсэн. Төгсөөд явсан агаа зуныхаа амралтаар харьж ирэхдээ мэссэж бичсэн. Эгчээ номоо захиарай гээд л. Хөөрхөн. Шуналтаад 2 ч ном захьсан. 

Нэгийг нь нэлээд тухтай сууж, нухацтай унших бодолтой. 

Энэ бол жижигхэн, цүнхлээд явж байхад амар байсан. Энд тэнд хүлээх багахан цаг гарахаар л уншаад явсан. Нэг мэдсэн дууссан. 

Гэхдээ их зүйл бодогдуулсан агуулгатай байлаа. 

Гэснээс ном цүнхлэн явахаа больдог ч юм билүү гэж бодсон. Яагаад гэхээр? О.зулзага намайгаа шүүмжилсэн. 

-Ээж, миний номноос уншиж болно шүү дээ.  (Учир нь гэртээ зөндөө номоо үлдээгээд явсан юм. Уран зохиолын, өөрийнх нь дуртай зохиолчдын ном. Япон хэл дээр.)

-За. 

-За за, нэг бол битгий уншаарай. Та ном уншиж байна гээд, худлаа цүнхлээд явдаг. Тэгээд ном минь муухай болчихно.

Хүүхэд томрохоор хүүхдүүдээсээ айдаг болох юм шиг. Миний ижий аав минь ч надаасаа айдаг гэсэн. Хэ хэ. 

Агота Кристоф гэж бас л өвөрмөц ертөнц байжээ. Ярилцлагыг нь уншсан чинь. 

Сурч буй хэлээ дайсны хэл, дайсан хэл гэж зоригтой хэлчихдэг хүн байж. Бүтээлээ туурвидаг байсан франц хэл нь хүртэл дайсан хэл. 

Шалтгаан нь эх хэл болох Унгар хэлийг нь хөнөөж буйтай холбоотой...

Энэ мөрийг уншаад би бодлоо. Япон хэл бол миний хувьд дайсны хэл болох? Монгол хэлээ мартахгүйн? тулд, ядаж л бичдэг байхын тулд би блог бичиж эхэлсэн. 

Мөн эх хэлээрээ унших нь ямар амар болохыг мэдэрдэг, ямар сайхан амралт болдог, ядаж л бичиг үсэгтэй хувь хүн байгааг минь мэдрүүлдэг болохоор тувт монголоос ном захиж уншдаг юм байна гэж. 

Зохиолчийн амьдарч байсан цаг үед интернет гэж зүйл байгаагүй болохоор, мөн оросын улс төрийн үзэл, баримтлал, ноёрхол, дарангуйлал байсан болохоор харь оронд дүрвэж гарсан ч бичиг үсэггүй хүн мэт сэтгэгдэл төрдөг байж...

10 жилдээ дурлан сурч байсан франц хэлийг "минь" шүүмжилсэн нь ямар ч хүнд эх хэлээс нь өөр яруу сайхан хэл гэж байдаггүйг нотлох шиг. 

Бид ч "Чихний чимэг болсон Аялгуу сайхан монгол хэл" гэж уянгалдагтай утга ижил тийм үү? 

Би ч мөн адил японд ирснээсээ хойш 10-д жилийн дараагаар л уран зохиолын ном уншихдаа нэг их түүртээд, тойрч гүйгээд, хойш тавиад, хойргон зан гаргах минь аажим аажмаар багасч л байна. 

Тухайн хэлийг бүрэн төгс биш юм аа гэхэд, дээр бичсэн шалтгаануудыг тоочилгүй "ном" барьж авдаг болоход дор хаяж 10 жил зарцуулдаг бололтой юм. Энгийн хүмүүст шүү дээ. 

За тэгээд бидний "ах" гэж хүндэлдэг оросуудыг бол айхтар хэлж, бичжээ. Гай нь ч бий, гавъяа нь ч бий гэдэг шиг, бидний чихэнд орос дуу, орох хэл дотно санагддаг болтол нь "дарангуйлахад" 70 жил зарцуулсан шиг дахин 70 жил зарцуулж байж бид оросын "нөлөөллөөс" гарах байх даа? 

Зохиолчийн бүтээл японд бас их уншигдсан гэж байна. Монголоор орчуулагдаагүй бусад зохиолыг нь амжвал япон хэлээр уншмаар санагдлаа. Амжвал, мөн мартахгүй бол шүү дээ. 

Дараагаар уншина даа гэж бодсон номнуудаа мартчихаад байдаг болж. Ганц нэгийг нь тэмлэглэж авдаг л даа. Гэсэн ч...

Та бүхэн ч гэсэн энэ номыг нэг уншсан байхад тун дажгүй шүү. Их л зүйл бодогдох вий. Монголоос авч чадахгүй бол уншиж чадах хэлээрээ хайж уншаарай. 

Их олон хэлээр орчуулагдсан байдаг юм байна. Чихний чимэг болсон эх хэлээр минь орчуулж бидэнд хүргэсэн Доржийн Болортуяа эгчид баярлалаа...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2021年11月20日土曜日

Эгшин зуурын салхи бол 3

3 дахь дэвтэр лүүгээ орсон. Гэснээс өмнөх дэвтэрт Камия Шинжи хөвүүн маань дугуйлангийнаа даргаар томилогдоно. Ингэж ахлагч гэх юм уу? даргаар томилогдох чинь бас л хэцүү ажлын нэг тийм үү?

Багаа удирдаж нэгтгэнэ. Үлгэрлэнэ. Мань хүн гэхдээ ахынхаа бэртлээс болоод хэсэг энэ ажлыг цалгардуулаад амжсан гэж байгаа. 

Энэ 3 дахь дэвтэрт болохоор мэдээж мужаасаа шалгарах тэмцээн, шинэ тамирчдын хоорон дахь тэмцээн гэх мэт тэмцээнүүдийн тухай гарна. Багийнх нь сурагчид бас тус бүрийн чадвараас болоод, саадтай гүйлт, 100 м, 200 м, өндрийн харайлт гээд л байна. 

Шинээр орж ирсэн нэг хөвүүн бас л зан ааш, бусадтай харьцаж буй байр байдал гээд л толгойг нь өвтгөнө. 

Гэх мэт зохиол минь үргэлжилж байна аа. Өө тийм энэ спортоор хичээллэдэг тамирчдын хувьд бэртэл, гэмтэл чинь асар их дарамттай, сэтгэл санааг нь тавгүйтүүлдэг зүйл байдаг юм байна шүү дээ. 

Мэдээжийн юм биччихсэн үү? Хэ хэ. Бэртлээ дагаад тамирчид элдэв л ааш араншин, үйл хөдлөл гаргадаг юм байна. 

Ахтайгаа хэл амаа ололцоод эвлэрсэн, ах нь хагалгаанд ороод амжилттай болсон. Одоо байнгын дасгал хөдөлгөөний эмчилгээ хийлгээд явна, хөл бөмбөгийн талбайдаа хэдийд эргэн очих нь тодорхойгүй ч...

Нэг хөөрхөн нь миний хамгийн дуртай сэдэв болох хайр сэтгэл гарна. Дугуйлангийнхаа нэг охинд талтай байгаад, өнөөх нь бас өөрт нь хоосонгүй л юм шиг байна лээ. 

Яг ч одоогоор учир зүйгээ олчихоогүй, нийлчихээгүй л байна. Шинжи маань өөрөө жаахан ичингүйрэн балайраад л байгаа болохоос. Бусад найзууд нь бараг өөрөөс нь өмнө аль хэдийн "талтай" гэдгийг нь мэдчихээд байхад.

Гэснээс дасгалжуулагч багш нь ганц бие залуу. Хайр дурлалын асуудал хориотой шүү гэж хэлдэг ч, мэр сэр "нийлчихсэн" хосууд гарч ирнэ. Хэ хэ. Арга ч үгүй дээ, ид биесээ сонирхдог нас нь юм чинь тийм ээ? 

100 метрийг 10 секундэд гүйнэ гэдэг асар хурдан байна гэсэн үг үү? Гүйж мэдэхгүй болохоор. Хэсэг нөхөд 10 секунд хэдэн дойлын хооронд л өрсөлдөөд байна. 

Нэг хоёрхон дойлоор л урд хойноо ороод, нэг хоёр гурав дугаар байр эзлээд байна. Би өөрөө гүйж үздэг юм билүү? Нэг өдөр. Хэ хэ. Бондойчихоод яаж гүйх бол? Иччихлээ, болилоо...

Хэд хэдэн төрлөөр мужаасаа шалгараад бүсийн тэмцээнд оролцохоор явна. Мужийн тэмцээнд харин яахыг таашгүй...

Гэснээс нэг хөөрхөн охин энд гүйлтийн дугуйланд сурдаг. Хурдаг гүйдэг шиг байна лээ. Өнгөрдөг жил сургуулийнхаа буухиа гүйлтийг түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. 

Манай улсад хурдан бөгөөд чадвартай хүүхдүүд зөндөө байдаг байх даа. Эднийхэн шиг бүр цэцэрлэгээс нь тодруулаад гаргаад ирдэг бол тийм ээ? Тамирын өдөрлөгийн хамгийн сүүлд буухиа гүйлт болдог юм. 

Ихэвчлэн тэр буухиа гүйлтээр л тодроод гараад ирдэг шиг байсан. Тэгэхээр нь ээж аав, багш нар нь олж хараад, тэр чиглэлээр нь дугуйлан секцэд оруулдаг шиг. 

За нэг иймэрхүү. Энэ номыг ингээд өндөрлөе. Дахин бичихгүй ээ. Угаасаа дуусахд цөөхөн хэдэн хуудас үлдсэн. 

Түр баяртай. Бүгдэд  нь амжилт хүсье. 

2021年11月15日月曜日

О.зулзага хийсэн хоол

О.зулзага маань нам тайван дөө. Үе үе хийж идсэн хоолныхоо зургийг ээждээ өгнө. Өлсөөгүй шүү, хоолоо сайн хийж идэж байгаа шүү гэсэн санаагаа илэрхийлж өгч байгаа юм. 

Дээр өгч явуулсан татсан махаар иймэрхүү хоол хийж идээд байгаа сурагтай. Гэснээс би дээр үед хийж идэж байсан шүү дээ. Хань ижил нэг их таалаагүй. Дахиж хийгээгүй. Таалаагүй хоолыг нь дахин хийж мийхгүй шүү дээ. 

Иймэрхүү япон маркийн хоол хийхдээ сайн цаадах чинь. Ээжээс илүү. Энэ зургийг явуулснаа "өө би будаагаа агшаагаагүй байна шдээ" гэж авсан. 

Бас нэг зураг энд оруулсан байсан чинь устгаад хаячихлаа. Хуруу хальтрав. Ингээд өндөрлөхөөс. Дараа хэд хэдэн зургийг нь сонирхуулна аа. Миний о.зулзага хоол цайнд сайн бэр болох байх шүү. 

Том залуутай ээж аав байвал эртхэн хэлээрэй. Гэхдээ нэлээд чанга хатуу талдаа шүү. Эртхэн хэлчихье. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье ээ. 

2021年11月14日日曜日

Өвөл цэцэг

Өвөл цаг дөхөж байхад цэцэг навч ургуулаад байдаг улс шүү дээ. Ганц нэг зураг оруулах уу?

Энэ жил цас хэр орох бол? гэж ярьсан улс байна. Хагас бүтэн сайнд дулаахан, нартай байвал ойр зуур гарч орохоороо цэцэг хуараа дараад яваа шүү...

Шүдний эмнэлэгийн гадаах цэцэг. Саяхан бага зулзага өнөөх шүдээ эмчлүүлээд. Унаад шинэ шүд ургатал овоо хэдэн жилийн зай байгаа тул, дараагийн үзлэгээр ломбодно гэсэн. Оройд сайн угаах. Уйлаан майлаан болно оо, яаж зүгээр байхав?

Хүүхдийн байгууллагын гадаах цэцэг. Ойрд бид энэ байгууллагаар занималдаад байгаа. Яагаав, өнөөх япон цаасан дээр зураг зурдаг арга хэмжээг явуулсан байгууллага. 

Гадаах цаг нь цаг тутамд дуугардаг, бүжиглэдэг юм. Түүнийг нь бага зулзага харж баясаад байгаа.

Ажлын газрын нэг давхарт гарсан цэцгийн үзэсгэлэнгийн нэг хэсэг. Нүүр номдоо оруулсан чинь би хийсэн юм шиг сэтгэгдэл төрүүлчихсэн байна лээ. Ккк. Үлдээсэн сэтгэгдлүүдэд хариу бичиж амжаагүй л явна. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年11月13日土曜日

Усан будаг, тосон харандаа

Зулзагууд минь үе үе усан будаг гаргаж ирж зурна аа. Би ч багадаа усан будгаар туйлдаг байлаа. Онцлог нь зурж чаддаггүй байсан л даа. Хэ хэ. Тийм болоод ч тэр үү? Зулзагуудаа зурдаг болоосой гэж боддог оо.

Дүүгээ үстэй байх үед нь зурсан. Дараа нь харснаа Майкл Жексон шиг болчихож гэсэн. Зурж чаддаггүй ээжид бол үнэн гоё л зурсан санагдсан. Ямар сайндаа зураг дарах вэ дээ?

Дүү нь нэг иймэрхүү бүтээл туурвисан. Энэ чинь бас л их авъяас биз дээ? Хи хи.

Цэцэрлэг, сургуульд нь усан будгаар, тосон харандаагаар зурах хичээл харьцангуй олон давтамжтай юм билээ. 

Гэснээс хичээл дээрээ зурсан нэг зураг нь сургуулиасаа шалгараад, үзэсгэлэнд гарсан. Бид очиж үзсэн. 

Энэ тосон харандаагаар зуржээ. Манайд о.зулзагын үеэс л байсан тосон харандаанууд жижигхэн болчихсон ч хаялгүй хадгалаастай байдаг. Үе үе тийм шалаар нэг цаас дэлгэж байгаад зурна шүү дээ. 

Үлэг гүрвэл зуруулна гэж лүндэн буулгана аа. Ийм үед эгч нар л аминд орно шүү дээ. Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年11月12日金曜日

Хорвоотой танилцаад л 2

Дун хорхой, царцаа хоёртой танилцдаг өдөр нэг газар очсон юм. Тэр газартаа бас хөөрхөн хорвоотой танилцаад амжсан. 

Хэд хэдэн морьтой, хүүхдүүдэд голцуу үйлчилдэг газар байдаг юм. Бид хааяадаа очно. Хэсэг залуус нь монгол явж байсан, хань ижилтэй монголд танилцаж, ганц чаддаг зүйлээрээ туслаад, морь унах, орой нь гитар хальт дараад нэлээд од болж байсан юм байх. 

Тийм учрал ерөөлтэйгөөр танилцсан улс юм аа. Биднийг очихоор найрсаг сайхнаар угтана. Зулзагуудад минь хааяа морь унуулна.  

Төлбөртэй. Бид хааяа очихдоо үнэгүй л уначихдаг. Гэхдээ би ичээд, санаа зовоод гуйдаггүй. Хань ижил л очихоороо зохицуулна. Ха ха.

Энэ удаад бага зулзага минь жаахан тул, жаахан морь унуулаад. Их номхон, даруухан, хөөрхөн морь байсан. 

Унуулахад нь ийм хамгаалалтын малгай өмсүүлнэ. Сүртэй улс шүү. Тэгэхэд монголд морины жаалууд яадаг билээ? Хамгаалалтын малгай өмсдөг ч болчихлуу?

Буцах замдаа жаахан хазайгаад, бэлчиж буй үхэр үзүүлж харуулаад. Энэ тэгсэн яг наашаа харж таарсан. Бага зулзага хөөрхөн мөөрөөд байна лээ. Бид монголоор мөөрөхийг зааж өгсөн л дөө. 

Японд үхэр нь моомоо гэж мөөрдөг. Манайд чинь өмбүү өмбүү гэдэг тэ? Хи хи.

Том сэнс харсан л даа. Салхин тээрэм. Дараа амжвал зураг оруулна аа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年11月11日木曜日

Хорвоотой танилцаад л

Бага зулзага минь хорвоотой танилцаад л яваа. Намрын налгар өдөр аль болохоор дагуулж гарах санаатай. Ойрхон ч байсан хамаагүй хөтлөөд гарна. Аалзтай хүртэл найз болоод авсныг санаж байгаа биз дээ? 

Энэ удаад дун хорхойтой найз болсон. Аав нь уул явахдаа авчирч өгсөн. Даанч өнөөх нь ясан дотроо орчихоод гарч ирдэггүй. Дун хорхойны тухай нэг хөөрхөн дуу байдаг юм, хүүхдийн дуу. Тэр дууг бид өдөржингөө дуулсан. 

Гараад ирэх болов уу? гэж харсан хөөрхий минь. Агаар, орчин өөрчлөгдөөд өнөөх нь биеэ хамгаалах гээд гарч ирэхгүй, буцаагаад ойд нь тавьсан. Том далбагар навчин дээр.

Дараагийнх нь царцаа. Очсон газрын залуу царцаа олж ирээд, өгсөн чинь бага зулзага айгаад. 

Гэхдээ ингээд сандал дээр тавьчихаар бас хуруу нь яваад байгаа юм аа. Нисэхээр нь огцом хуруугаа татаж ухраад л. 

Царцаа гэдэг үгийг хоёр хэлээр зааж өглөө. Японыг нь түрүүлж цээжлээд, монголыг нь сайн хэлж чадахгүй л байна. Байн байн давтуулж хэлүүлэх гэж хичээж байна. 

Та бүхэн ч гэсэн намрын налгар өдөр олдох л юм бол байгальдаа ойрхон орж гараарай. Насны намараа гэж...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年11月10日水曜日

Эгшин зуурын салхи бол 2

"Эгшин зуурын салхи бол" номоо уншаад л явна. Дуусдаггүй ээ. Одоо хоёр дахь боть дээрээ явж байна. Нэг номын сангийнх нь хугацаа дуусаад. Буцаагаад өгчихлөө. Нөгөө нэг номын сангаас нь дахиад зээлчихлээ. Хэ хэ. 

Ерөнхий агуулга нь ахлах сургуулийн гүйлтийн дугуйлангийн сурагчдын тухай гэж хэлсэн дээ. 

Ингэхэд зохиолчийнх нь нэрийг хэллүү? Сато Такако. Зохиолч. Олон бүтээл туурвижээ. Чадвал түүж уншина аа. 

Ингэж бодсон тохиолдол олон олон. Хэрэгжүүлж амжаагүй л болохоос. Тэтгэвэрт гарахаараа заавал уншина гэж зорилт тавихаас дөө. 

За юу ярьж байлаа? Аан тийм. 2 дахь хэсэгт нь гол дүрийн хөвүүн маань гүйж эхлээд овоо зүгширч байтал ах нь осолд орно. Тэмцээнтэй байсан тэрээр тэмцээнээ дуусаад, тэр чигтээ эмнэлэг яваад очтол...

Ослын шоконд орсон ах нь дүүгээ чанга дуугаар загнана. Бэлтгэлийн хувцастайгаа ирдэг чинь яаж байгаа юм бэ? Эндээс зайл...

Шиничи бас ахынхаа үгэнд гомдоно. Гомдсон гэхээсээ илүү төрөлхийн авъяастай ах нь хөлөө гэмтээгээд, хагалгаа хийлгэх шаардлагатай, ирээдүйд хөл бөмбөг тоглох чадах эсэх нь эргэлзээтэй гэдэгт нь харамсаад, оронд нь ямар ч авъяасгүй өөрийгөө осолд орсон ч болоосой гэж бодно. 

Гүйлтийнхээ дугуйланд явахгүй хэсэг хугацааг өнгөрөөнө. Ах нь, гэрийнхэн нь, ангийнхан нь, дугуйлангийнх нь найзууд иргэн ирээсэй гэж хүснэ, гуйна. 

Ерөнхий гол агуулга нь нэг иймэрхүү. Энэ хооронд ахынхаа тэмцээнийг үзэхээр дугуйлангийнхаа нэг охинтой хамт галт тэргээр явна. Ичэнгүйрэн балайрна. Хэ хэ. 

Стадионд ээжтэйгээ тааралдана. Ээж нь найз охин нь гэж бодно. Хөвүүн бас л ичэнгүйрнэ. Гэхдээ бас ч гэж хоосонгүй юм шиг байна лээ. Үе үе тэр охиныг бодоод байдаг юм. Харин өнөөх нь ямарыг сайн мэдээгүй л байна, одоогоор. 

Мэдээж ямар ямар тэмцээнд орохоор бэлтгэл хийдэг? Ямаршуухан бэлтгэлийг яаж хийдэг? Дасгалжуулагч багш нь сурагчид нэг бүрийнхээ онцлог, хэдэн метрт гүйх зэргээс нь хамаарч бэлтгэлийн агуулгыг нь хэрхэн боловсруулж, бодолцдог тухай гарна. 

За ингээд 2 дахь дэвтэр дууссан. Одоо 3 дахийг нь эхэлчихсэн явж байна. 

Та нар ч мөн адил номоо уншаад яваа биз дээ? Гэснээс надад унших ном зөндөө байдаг, би л ганцаардаад байна шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年11月9日火曜日

Аалзны тор

За хэлсэн ёсоороо аалзны тухай бичнэ ээ. Аалзны тухай дэлгэрэнгүй биш шүү. Зүгээр л аалз харахаараа аалз аалз гэж орилоод, сүрийг бадруулаад байгаа юм. Би дургүй ч дагаж баясаад, зураг энэ тэр аваад, дараа нь хоёулаа үзэж баясана. 

За энд тэр аалз нь харагдаж байна уу? Бас аалзны тор. Навчиндаа нуугдаад, харагдахгүй байна. Олж харсан нь лайк. Хи хи.  

За энд аалзны тор нэлээд тод харагдаж байна. Дунд зулзага дарж өгсөн зураг. Аалз нь ч бас харагдаж байгаа гэсэн шүү. 

Энэ их тод гарсан нь байна. Заман дээр тороо татчихсан юм шиг харагдаж байгаа биз? Амьд амьтан л болсон хойно, тороо татах гэж их л хүч хөдөлмөр, цаг зав гаргасан л байгаа тийм ээ? 

Аалзыг тойроод хөөрхөн хөөрхөн харилцан яриа болно оо. Маамаа нарын яриа их хөөрхөөн, хайр хүргэнэ. Бараг л аваачаад тэжээе гэх нь холгүй. Тэр замаараа дахин явахаар аалзаа санаж энэ тэр. Аалз маань байгаа болов уу? гээд л. 

Жаахан маамаатай ээж аавууд минь аалз ч гэсэн хорвоогийн нэг эд эс шүү дээ. Аалз албал  мөнгө олно гэдэг чинь дивангаравын яриа шүү. Бага байхад тэгж ярьдаг байсан уу? 

Аалз албал арван тамтай ч билүү? гэж сонсож байсан уу бас. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2021年11月8日月曜日

Өвөл цэцэг

Өвлийн цагт цэцэг ургуулаад байдаг гайхалтай улс шүү, эд нар. Дунд зулзага явдаг бага сургуулийн гадаах цэцэгний зураг шүү. Сайндаа ч биш зөгий дүнгэнээд, бага зулзага сонирхоод. 


Энэ өнөөх космос цэцэг. Монгол нэр нь Энхэлгэнэ. Юу билээ? Буруу санаад байна уу? Өмнөх бичлэгээ нэг сөхөж харна аа. 

Сарнай цэцгийнх гэж бодож байна. Дэлбээлж амжаагүй байгаа нь. Ягаан сарнай гарах юм болов уу? Уг нь цагаан л цэцэг харагдсан. Доорх цэцэг шиг. 

Энэ өнөөх зөгий. Цэцгийн балыг сорж өгч байх шиг. Гэснээс энэ цагаан цэцэг сарнай юу? Танихаа байчихлаа. 

Бага зулзагын минь үгийн сан "зөгий" гэдэг япон монгол үгээр нэмэгдсэн. Энэ багачууд сайн бөгөөд шууд тогтооно тийм ээ? 

Сүүлийн үед аалзаар амьсгалж байгаа. Дараагийн бичлэгт аалзны тухай шүү. Хэ хэ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2021年11月7日日曜日

Урлаг уран сайхан

Намар болохоор сайхан сэрүүсээд, урлаг уран сайхан, спортынхон хөл хөдөлгөөнд орно. Тэмцээн уралдаан, үзвэр ший ихсэнэ.

Нэг хөөрхөн арга хэмжээ болоод. Хоёр зулзагаа санамсаргүй оролцуулаад. 

Порлоныг дуртай өнгөндөө дүрж байгаад, дарна. Цаас нь их учиртай. Ваши гэдэг нэртэй японы уламжлалт зузаан, барзгар цаасан дээр дуртай зургаа зурна. 

Бага зулзага эхэндээ их сонирхоод, хүчтэй хүчтэй дарсан. Сүүлдээ сонирхол нь буураад, өөр тоглоом руу гүйгээд алга болсон. 

Ийм урт нарийн ширээнд цаасаа дэлгээд, будгаа найруулаад зураач шиг л суусан, дунд зулзага. 

Тэр солонгороод байгааг нь дунд зулзага зурсан шүү. Уусгаж ирээд л, тунгааж бодоод л, их л ач холбогдол өгөөд байсан. 

Зурсан зургийг нь энэ төмөр арааманд зүүж, гэр бүтээнэ гэсэн. Дуусахаар нь очиж үзнэ дээ. Зөндөө л олон багачууд зурж харагдсан. Тэр цаана хатаах дэлгэсэн харагдаж байна. 

Удахгүй сургуулийн урлагийн үзлэг болно. 

Нэг иймэрхүү, түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2021年11月6日土曜日

Тахилга

Суугуул нутгийнхаа хайрханд очсон гэсэн дээ. Намрын өнгө аясыг, байгалийн үзэсгэлэнг харж мэлмий юугаан баясгаад, сэтгэл зүрхээ ариусгаад ирсэн гэж бичсэн дээ. 

За энд хайрхан минь харагдаж байна. Наана нь манай ирээдүйн зуслангийн байшин харагдаж байна. 

Энэ зүрх дарсан газар айлын жаахан маамаанууд нарлаад. Бөмбөг хөөж гүйгээд. 

Бид бас юу гэж дутахав? Агаарын теннис тоглов. Бөмбөг хөөж гүйв. 

Уулын нөгөө тал нь Япон тэнгис. Наана нь ганц мод торойгоод. Нартай өдөр бол дор нь орж сэрүүсэхээр. 
Бид гарах гэж нэлээд удаад, үдээс хойш тоглож наадсан. Болоогүй ээ, тэндээ хоолны газарт орж мах шарж идсэн. 
Хайрхны минь ар тал. Шаргалтаад, улайгаад үзэсгэлэнтэй байсан. 

Дотроо уул усандаа талархаж, шивнээд ирсэн. Түүнээс монголд болдог шиг сүртэй тахиж бариагүй ээ. Сүү өргөөгүй ээ. Оронд тэндхийнхээ сүүгээр хийсэн өтгөн сайхан зайрмаг авч идсэн. 

Би ч идээгүй л дээ, манай хэд идсэн. Би чинь амттанаас зугтаах гэж үзэж тарж байгаа. Чадахгүй л байна. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2021年11月5日金曜日

Улаан, шаргал намар

Ойрд намрын налгар өдрүүд үргэлжилж байна. 11 сарын 3-нд "Соёлын өдөр" гээд амрав. 

Хань ижлээ уул хад явахгүй шүү, бидэнд цаг гаргана шүү гэж лүндэн буулгаж байж, дөрвүүлээ баруун тийш гараад давхив.

Баруун тийш байдаг суугуул нутгийнхаа хайрхныг зорив. Хайрхан маань намар цагт нэлэнхүйдээ улайгаад, шаргалтаад өнгө алагладаг юм. 

Тэрхүү байгалийн үзэсгэлэнг үзэж, нүд сэтгэлээ баясгах гэж нутгийн иргэд, гаднаас гээд жуулчид тасрахгүй.

Өнөөх илжгэн чих жимсийг ингэж хатаадаг. Хальслаад, өлгөнө. Илүү амттай, илүү чихэрлэг, илүү үнэтэй зарагддаг. Хөдөөний нэг айл ингэж өлгөсөн харагдахаар нь тэсэлгүй зураг дарсан нь энэ.

Ингэж ул улаан болдог мод байна. Шаргал модны зураг аваагүй. Эх оронд минь илүү гоё шаргалтсан мод ихтэй шиг санагдаад.

Бага байхад модны навчис шав шар болдог л сэтгэлд тод үлдэж дээ. Тийм болохоор эндхийн шар навчис цаанаа л өөр шар өнгөтэй мэт санагддаг. Юуных вэ?

Насны намар гадаа иржээ...

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.