2024年2月18日日曜日

Цаасан тогоруу

Зээ өнөөх цаасан тогоруу нь дотроо ийм хөндий. Дотор нь хөөрхөн яст мэлхий хийчихсэн байсан. 

Үүнийг дараа би өөрөө ютүбээс хайж, хийж сурна аа. Хааяа бас гарын үзүүрээ хөдөлгөж байх сайн гэсэн шүү, улсууд минь. Зөнөгрөх явцыг удаашруулж өгдөг гээд эмээ нар юм нэхэх, нугалах гээд хурууныхаа үзүүрийг их хөдөлгөдөг юм билээ. 

Наадаг цаасаар их биеийг нь наасан байсан юм. Түүнийг нь авахаар ингэж онгойно. Дотор нь бяцхан хөөрөн зүйл хийгээд бэлэглэж болохоор. 

Жишээ нь бэлзэг хөөрхөн бэлэг болчихоор. Сүйн бэлзэг энэ тэр биш ч, найз охид хоорондоо хөөрхөн жижигхэн бөгжнүүд солилцдог үе байдаг да. 

Энэ удаад нэг ийм амьтан гарч ирээд. Сайн харсан чинь яст мэлхий байсан. Ёстой хөөрхөн. Гар урлал. 

Багш өөрөө хийсэн. Оригами биш. Утсаар хийсэн. Ийм утаснууд тусгай нэршилтэй байх тийм ээ. Би хэлж мэдэхгүй байна өө. 

Тогоруу, яст мэлхий хоёр нь урт удаан наслалтыг бэлэгддэг. Мөн тогоруу нь эрүүл энхийг бэлэгдэнэ. Яагаав, Хирошима мужийн атмын бөмбөгдөлтөнд өртсөн охины дуунд гардаг даа. 

1000-ш нугалбал өвчнөөсөө сална гээд. Одоо цагт ч гэсэн жуулчид их нугалж очдог. Шилэн хоргонд хадгалдаг. Сүүлдээ бүр ихдээд, хотын захиргаа нь яаж хадгалахаа мэдэхгүй, асуудал болоод гэж хэдэн жилийн өмнө мэдээгээр гарч байсан. 

Гэснээс хайрын баяраа амжилттай давсан биз дээ? Миний хэлж заншиж байгаагаар бол "Шармаанийн өдөр". 

Бид ягаа ч үгүй ээ. Цагаан сараар алдагдсан хэмнэлдээ орох гэж ядаж байхад. Ха ха. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年2月17日土曜日

Шинэ зүйл

Шинэ зүйл сурсан. Ютүбээр хайгаад үзэхээр гарч ирнэ л дээ. Зорьж хайхгүй л байгаа болохоос. Саяхан нэгэн арга хэмжээнд орчуулга, шүүгч?-р оролцохдоо сурч авсан зүйл. 

Ооё шүүгч гэчихэж ээ. Зүгээр л сурагчдын ярьсан зохион бичлэгийн талаар санаа оноогоо хэлсэн юм. Хо хо. 

Орчуулга нь бол маш амархан. Энгийн л зүйл орчуулсан тул, сүрхий чадварлаг гээд бодчихов доо. 

Оригамигаар цаасан хайрцаг хийгээд. Багшаар заалгасан. Монгол дахь хүүхдүүдэд онлайнаар. Багш яг миний хажууд суугаад. 

Онгойлгохоор ийм. Дотор нь монгол чёко хийсэн. Зун монгол явсан нэг эмээ тараагаад бидэнд. Тэгэхээр нь ингээд дотор нь хийж зураг дарсан. 

Удахгүй хайрын өдөр болно, та нар ингэж дотор нь бэлгээ хийж өгч болно шүү дээ гэж хэлсэн чинь олзуурхаж л байх шиг байсан. 

Би өөрөө их олзуурхсан. Хэ хэ. Цахимын цаанаас сурагчид хэр дуртай байгааг сайн мэдээгүй ээ. 

Хүүхдүүд чинь даруухан гэх үү? Ичимхий гэх үү? 

Харин цагаан сараар ирсэн бүсгүйчүүлдээ зааж өгөөд, нэг нэг хайрцаг хийсэн. Олзуурхаж байсан. Гэрт байгаад, ойрд ашиглаагүй оригами цаасаа ашиглалаа. Бага зулзага сууж бүтээл туурвихгүй байна өө. Байлдаад гүйгээд байна. Хи хи. 

Та бүхэн ч гэсэн ютүбээс хайгаад хийж үзээрэй. Хөөрхөн болдог шүү. Амжилт хүсье. 

                                  
За энэ тогоруу. Энэ бас их учиртай тогоруу. Дараагийн дугаараар танилцууламз. Үүнийг бидэнд заагаагүй л дээ. Багш өөрөө хийж, тэнд цугласан хүмүүст бэлэглэсэн. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年2月16日金曜日

Гэгээн Шармаанийн өдөр

Би ийм нэр өгөөд хэдэн жил болж байна өө. Гэгээн Шармаанийн өдөр. Номыг нь уншсан хүмүүс бол мэдэж байгаа байх. 

Бас л дутахгүй өрөвдөлтэй түүх шүү дээ. Хайртдаа үнэнч, хадан цохион дээрээс хальчихдаг халхын сайхан бүсгүй. 

Бид яасан ч үгүй. Ажлын газрын 2 ч дарга бидэнд чёко бэлэглэсэн. 2-лаа эмэгтэй. 3 сарын 14-нд буцааж бэлэглэнэ. Ямар чёко сонгох вэ гэдэг том ажилтай боллоо. 

Хань ижлийн ажлынхан энэ амттан өгдөг явдлыг халаад бас овоо хэдэн жил боллоо. Их амар болсон. Буцааж хариу чёког нь өгөхдөө аятайхныг нь сонгох, бас түрийвчтэйгээ зөлөлдөх гээд л асуудал байдаг байлаа. 

Маш их цаг завыг минь хэмнэж өгнө. Учир нь нэг гараад авчихгүй, хэд хэдэн газраар орно гээд л. 

Харин бага зулзагын албаны нэг буланд хөөрхөн зүрхнүүд байсан. Зураг дараад нүүр номдоо оруулсан. Эрхлэгч багш нь нэхдэг гэж бичиж байсан даа. Хөөрхөн ягаан утсаар зүрх гэх мэтийг нэхээд чимэглэсэн байсан.

Ёстой хөөрхөн байгаа биз дээ? Ажлынхаа хажуугаар ингэж нэхнэ гэдэг асар их сэтгэл. Би бүр сар бүр өөр өөр нэхсэн зйүлсийг нь очиж хардаг, алмайрдаг. зураг дардаг. 

Дунд зулзага ганц нэг чёко авсан гэсэн. Эргээгээд өгнө дөө, мөнгөө цуглуулна аа, гэрт хийх ажил юу байна гээд, маш их санаачлагатай байгаа. Дараагаар нь хоёр гараа тосоод, тэдэн иен гээд нэхээд байна. 

Учир начирыг нь хэлсэн тийм ээ? Сар бүр хэрэглээний мөнгө гэж өгөлгүй, гэрийн ажилд тусалсан зүйлийг нь үнэлээд яваа юм. Заримдаа ч амар л байна. Үглүүлэхгүй цэвэрлээд. Хэ хэ. 

Би угаасаа охин хүүхэд үүрнээсээ нисээд явахаараа тэртээ тэргүй гэрийн ажил, эзэгтэйн ажил, ээжийн ажил гээд ундарч өгөх тул гэртээ заавал тэг ингэ гэхгүйг хичээдэг. 

"Далайн хясаа сувдаа нуудаг шиг хайрла" гэдэг шүлгийн дагуу. Би ч багадаа айхтар ажилсаг байгаагүй ээ, гэсэн ч яаж ийгээд болгоод л байна. Хань ижил нь хааяадаа тусалчихдаг болохоор. хэ хэ. 

Охидыгоо хараад өөрийнхөө залуу насаа хааяа дурсана аа. Сүртэй тэмдэглэж байгаагүй ч хэрэндээ хөөрхөн зүрх энэ тэр болж байсан үе байна аа. Ккк. 

За хэсэгтээ баяр завсарлах уу? Мартын 8 гэж бий тийм ээ. Ирэх сард манайх 2 ч төрсөн өдөртэй. Нэг нь бүр бялуугаа 2 сарын эхээр захиалчихсан байвал яах уу? 

Нөгөөх нь бас эрт захиалахгүй бол тийм ээ? л гээд байна. Бэлэгнүүдийг нь сонгоно гэдэг том ажил. Март ч яахав, ёслоод л өндөрлөх байх. Би гэхдээ хоолоо захиалчихсан, хань ижилдээ. Хи хи. 

За түр баяртай. Бүгдэд нь энэ олон баяруудаа амжилттай даваарай гэж хүсье. 

2024年2月15日木曜日

Өвлийг өнөтэй давах гээд л

Ирж яваа цаг. Дулаараасай гээд л сууж байна. 

Гэснээс монгол хүн юм чинь, хасах 30 хэмийн газраас ирсэн юм чинь японд даардаггүй биз дээ? гэж асуугаад байдаг хүмүүст зориулж ийм зураг оллоо. 

Оллоо ч гэж дээ, нүүрномд явж байхаар нь хадгаллаа. Дараа ашиглана аа. Хэ хэ. 

Нүүрномдоо оруулсан чинь ганц нэг япон өвөө зөвлөгөө өгсөн байсан. Хүзүүндээ ороолттой явдаг гэх мэт. Ха ха. Мөн амьсгалж чадах юм уу? гэж асуусан байсан. Хи хи. 

Ер нь японы өвөл, гэр дотроо жаахан тухгүй. Зөвхөн байгаа өрөөгөө халаадаг учраас, бусад өрөө нь жиндүү хүйтэн. Гадаа гарч жорлон орох дайны юм болно оо. 

Сүүлийн үед вьетнамчууд энд ихээр ирж ажиллаж байгаа тул өвөлдөө бас даардаг байх. Тэгээд тэд нэг иймэрхүү зүйл сэтгээд оруулаад байх шиг харагддаг юм. 

Ижил өнцгөөс нь харна, заримдаа эд нарыг.  

2024年2月14日水曜日

Шинийн 2 болон 3-ны мэнд ээ

Өө би идсэн уусан зургаа оруулах гээд л. СБА шүү. Шинийн 2-нд бид хуушуур хийж идсэн. 

Шинийн 1-нд бид буузаа хамтдаа чимхээд жигнээд, идсэн. Үлдсэн мах гурилаар нь хуушуур хийсэн. Хөөрхөн жижигхэн, час хийсэн амттай хуушуур болсон. 

Бүсгүйчүүд олуулаа хоол хийх амар юм өө. Ам нь ч хөдөлнө, гар нь ч хөдөлнө. Хэ хэ. Дор нь л чимхээд, хайрчихна. 

Түүнээс ганцаараа хуушуур хийх байсан бол бас л төвөгшөөнө шүү дээ. Хэ хэ.

Шинийн 3-нд гэрээрээ амарсан тул, хань ижил ингэж шарсан. Бууз шарж идэх амттай тийм ээ. 

Олон жилийн өмнө найз маань цагаан сараар гэрт нь очсон чинь шарж өгсөн нь одоо ч амтагддаг юм. Тийм болохоор хааяадаа шарж идмээр санагдана. 

Оройдоо виногоо халааж ууна аа. Яаж зүгээр байхав. Хамт уусан бүсгүйчүүд минь бас дуртай байсан шүү. 

За нэг иймэрхүү, өргөн дэлгэр шинэллээ. Түүнээс ч ажлын өдөр таарвал юун шинэлэх, бууз чимхэж, жигнэж идвэл их юм болдог юм. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2024年2月13日火曜日

Сар шинийн мэнд ээ

Сар шинийн мэнд ээ. Ямартай ч шинийн 8-ндаа орж ирж мэндчиллээ шүү. 

Гадаадад байгаа гэхээрээ л ёс мэдэхгүй, монголоо алдсан гэж бодуузай. Хэтрүүлэхгүй, туйлшрахгүй, боломжоороо тэмдэглэчихдэг юм. 

Мөр гаргахгүй. Ажилдаа, албандаа явцгаахдаа гэрээ нар зөв гараад л орой нь хариад ирдэг. 

Зээ, энэ тавгийн идээ минь хөөрхөн. Тэр цагаан үрлийг гийчид маань амттай байна гээд зөндөө идсэн. Зулзагууд минь бас хуурайлна аа, яаж зүгээр байхав. 

Шинийн 3-ныг хүлээлгүйгээр тэр оройдоо "боов"-ыг минь аваад идчихдэг. Хэ хэ. 

Миний гараа гаргаж хийсэн байцааны салат. Томчууд бол идсэн л дээ. Хөвгүүд нэг их сүртэй идэхгүй байсан. Мах, гурил их идэх юм чинь гээд би өөрөө сайн идсэн. 

Шинийн 2-нд ирсэн гийчид маань өөрсдөө хийж идсэн нийслэл салат. Хо хо. Гадуур зугаалж байсан бүсгүйчүүд ерөөсөө нийслэл салат хийж идэцгээе болоод, төмс, майонез, шилтэй өргөст хэмх авч хариад гялалзуулчихсан. 

Хань ижил "өө гоё" гэсэн. Ха ха. Учир нь, эхнэр нь хийж өгөхгүй байсан ч дотроо бол идмээр л байсан шиг байна лээ. Гэхдээ миний гарыг хараад зүгээр суух хүн биш  л дээ, угтаа. 

Хийе гэвэл хийчихнэ, надаасаа илүү. Гол нь гэрийн эзэгтэй хөдөлж дургүй бол онцгүй шд тийм ээ. Хи хи. 

За тэгээд амралтын өдрүүд таараад, нэлээд олуулаа золгохоор ирцгээгээд. Гэснээс нас ахиад, ирж золгодог дүү нар нэмэгдсээр...

Мөд удалгүй ууц тавина гээд явж байх вий дээ. Ха ха. 

Даалуудсан. Угтаа шагайгаа гаргаж ирж тоглох ёстой байсан байна лээ. Ил байснаар нь даалуудаад, 5 гар суугаад цай хураав. Ямар ч байсан өр ширэнд оролгүй өндөрлөв. Хи хи. 

Дуусгаж амжаагүй л дээ. Гэснээс би олон жилийн өмнө эмээтэйгээ даалууддаг, мастер байсан чинь энд ирснээсээ хойш тоглоогүй, мартсан байна лээ. Монгол руу аав руугаа утасдаж асуусан шд. Ккк. 

Айл хэсээд, амттан идсэн нь гэдэг зураг. Хэ хэ. Бусад гоё идээ будааны зураг дарсангүй ээ. Дээд талын нэрс нь их амттай байсан. 

За түр баяртай. Та бүгд ч "маш их тэгжийнаа" биз дээ. Хөөрхөн хүү, олон дахин үзсэн би. 

2024年2月7日水曜日

Миний нэр Улаан 3

Клубынхан маань номоо ярилцсан. Идэвхитэй уншигчид олон, уншиж амжаагүй ч мэдрэмж, мэдээллээ хуваалцдаг болжээ бид. 

Би ч ам мөчид уншиж дууссан. Эхний хэдэн бүлэг жаахан уйтай санагдсан ч, Хар, Шекюре хоёрын бие биелүүгээ тэмүүлэх тэмүүллийг унших явцад бусад дүрүүдийн бодрол, зүйрлэлүүд ч сонирхолтой болж ирнэ. 

Хайр дурлалын тухай ном биш ч үүнийг хоёр биен лүүгээ тэмүүлж буй хоёртой холбоод тухайн үеийн зураачдын тухай, уран зургийн соёлын тухай их урнаар өгүүлсэн ном байлаа. 

Гэснээс бусад гишүүд маань энэ Орхан Памукийн бусад зохиолуудыг ч олоод уншчихсан байх юм, би бүр мэл гайхсан.

Уншаад байгаа хэрнээ миний уншсан номын тоо тэдгээр уншигчдын дэргэд өчүүхэн. 

Номын сангаас зээлж уншихыг хичээнэ ээ. Гэхдээ үг хэллэг хэцүү, уран цэцэн зүйрлэл ихтэй номыг гадаад хэлээр уншина гэхээр миний бяд хүрэлцэхгүй байж магад.

Нөгөө талаар халшраад, хулгаад, тойрч гүйгээд байвал хэлний мэдлэг минь тэлэхгүй, хэдхэн үгийн дунд эргэлдээд, гацчихвал бас онцгүй юм, тийм ээ? Ерөөсөө зориглоод зээлж үзнэ ээ. 

Гэхдээ би номын сангаас зээлсэн 3 номоо дуусгаагүй, хугацааг нь хэтрүүлчихсэн. Удахгүй утасдах байх аа, яанам бэ? Тийшээ гүйх зав гардаггүй ээ. 

Учир нь би хагас бүтэн сайнд онлайн хичээлд суугаад, удахгүй дуусах юм л даа. 

"Зурна гэдэг нь хорвоо ертөнцийг бурхан хэрхэн хардаг болохыг дүрслэх гэсэн хувь зураачийн эрэл хайгуул..." 

"Би мод биш, модны утга учир байхыг хүснэ."

Дээрх 2 зүйрлэлийг нэгэн мэдрэмжтэй уншигч бичиж оруулсныг хуулчихлаа. 

Сүүлийн үед нүүрномд "Цас" гэх хөөрхөн хуудас нээгээд, түүндээ уншсан номныхоо тухай их "гоё"-оор бичээд, би уншсан байж ингэж мэдрээгүй шүү дээ, хаагуур нь өнгөрчихөв өө, ийм мөрт хаана уншлаа гэх мэтээр бодоод, уншиж дууссан номоо дахин сөхөх үү? Яах вэ? гэж бодтол, заримдаа бүр сөхөж хартал нь бичдэг бүсгүйн тэмдэглэл. 

Номонд хорхойтой хүмүүс орж уншдаг ч байж магад.

https://www.facebook.com/profile.php?id=100087548211243 шүү. Сонирхоорой. 

"Хүн байна гэдэг төөрөлдөнө гэсэн үг."

"Зураачийн сэтгэлийн гүнээс урган гарсан алдааг алдаа бус хэв маяг гэж ойлгох хэрэгтэй."

"Оюун ухааны хэдийнээ мэддэг зүйлийг нүд таньж нээхийг л гоо сайхан гэдэг юм."

Зээ, үүнийг нэгэн аварга уншигч санал болгож бичиж үлдээсэн. Их олон ном уншсан бүсгүй. Биширнэм. 

"Амьдрал гэх утга төгөлдөр аян замын төгсгөл хэн бүхэнд адилхан."

"Хэрвээ чи мөрөөддөггүй бол цаг хугацаа яахин өнгөрнө."

"Хүн аз жаргалыг зургаас бус амьдралаас эрж хайдаг билээ."

"Аугаа зураач хосгүй бүтээлээрээ биднийг зөвхөн гайхан бишрүүлэхээс гадна эцсийн дүндээ бидий ой тогтоомжийн зураглалыг өөрчилж дөнгөдөг."   

"Сахиусан тэнгэрүүд лугаа өөрсдөө өөрсдийгөө ихэд бодон ертөнцийн төвд өөрсдийгөө тахин шүтэж байна." 

"Сохор мэт байгсдад сохорт үзүүлэхээс илүү хүндэтгэл үзүүл."

"Насны намар гадаа ирэхэд эл хорвоод мөнхрөн үлдэх нь сонин биш болдог." 

Миний тэмдэглэж авсан нь энэ гурав. 

Клубынхаа охидын ярианаас хөөрхөн хөөрхөн мэдээлэл авдаг. Жишээ нь турк эрчүүд үнэн царайлаг, үнэн сэкси, аяга шаазан зэргийн хээ угалз үнэхээр гоёмсог, хивсийг үнэн тансаг урладаг...

Очиж үзмээр санагдсан. Жаргалтай мөнгөө нэмээд, зулзагууд томроод, цаг зав ихтэй болохоороо очиж үзэх газрын жагсаалтандаа нэмлээ.

За тэгээд энэхүү номд гардаг олон сайхан гар бичмэлүүд, хаадын тухай ном судар устаж үгүй болоогүй бол бидний өвөг дээдсийн тухай асар үнэтэй баримтууд ч ихээр агуулах байсан байх даа гэж бодон бодон номоо хураая даа. 

Уг нь аллагатай, алуурчинг хайсан, уран зургийн тухай тансаг ном юмсан. 

Түр баяртай, цагаан сардаа сайхан, түүртэлгүй бэлдээрэй, би ч хичээнэ ээ. Хи хи. 

2024年2月6日火曜日

1 сард орсон цас 2

Дахин ганц хоёр зураг эндээ үлдээх санаатай. Дулаарайсаа л гэж бодон сууна даа. Хүйтэнд халуун юм уугаад л, жорлон гүйх гэж бас л. Хи хи.

Ажилд явах замд байдаг айлын гэр. Гадаах мод нь ийм гоёмсог. Нэлээд мөнгөлөг айл байх өө. Үгүй ээ, маш ажилсаг айл байх өө. Хэдийд ч харсан ийм гоёмсогоороо.

Цас орсон ч улам романтик. Өөрийн эрхгүй утас луугаа гар яваад, зураг дарсан.

Зулзагын албаны гадаа. Гадаах зогсоолынхоо цасаа цэвэрлэчихсэн байгаа нь.

Өнгөрдөг зун монгол явж эмээ өвөөдээ эрхлэхдээ, нэг ийм шүхэртэй ирсэн. Хэврэг санагдсан ч нэг юм байгаад байна шүү дээ. Үүндээ их дуртай, үе үе киног нь үзээд байдаг болохоор тэр байх.

Цас маань хайлсан ч хүйтэн л байна, бууз ажиллагаа бас бодогдоод байх юм. 500 ч хүрэхгүй бууз хийх ингэж түүртэж байхад монгол дахь хүмүүс маш аз жаргалтайгаар буузаа хийсэн гэж ярихаар нь өөрийгөө яагаад ингэж түүртээд байна, үзүүлэх үү, харуулах уу? ч гэж бодох шиг. Ха ха. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年2月5日月曜日

Миний нэр Улаан 2

Энэ зузаан номоо уншаад л явна. Дуусах гээд л дуншаад байна. Дуусахгүй удаад байгаагийн шалтгаан нь гэртээ ном унших заваар ховор байна л даа. 

Цайныхаа цагийн 30 минутыг л уншлагандаа ашиглаж байна. Тэгэхээр чинь маш багаар л ахина гэсэн үг. Дээрээс нь уг зохиол өөрөө нэлээд анхаарлаа төвлөрүүлж уншихгүй бол юу билээ? гэж бодоод, уншиж буй бүлгийнхээ гарчгийг эргэж сөхөх хэрэг гарна. 

Турк улсын эртний байр байдал, хүмүүсийнх нь ааш араншиг, урлаг соёлыг нь номоор дамжуулж өчүүхэн ч гэсэн мэдэж авч л байна. Мянга сонсохоор нэг удаа үз гэдэгчлэн, нэг очоод үзчих юмсан тийм ээ? 

Бидний өвөг дээдсүүд ч тэдний урлаг соёлд ихээхэн нөлөөлсөн бололтой. Монгол бэхийн сав гэж нэлээд гарна. 

Мөн тэд европын зураачдын нөлөөнд автахаас үнэнхүү айдаг, эмээдэг байсан бололтой. Мэдээж европын зураачдын зурах арга барилыг дуурайдаг зураачид ч байж. 

Нэг сонин зүйрлэл олж уншсанаа бичих үү? Эр хүний өнөөхийг "эр хулс" гэж зүйрлэдэг юм байна. Ха ха. 

Эмэгтэйн умайг "бэхийн сав" хэмээн зүйрлэсэн байсан. 

Үзэсгэлэнт бүсгүй, эрэлхэг залуугийн хайр дурлал гарна. Тэр хоёрын бие бие лүүгээ тэмүүлж буй хэсэгт хэд хэдэн удаа энэ зүйрлэлийг уншсан. Би бүр шар өнгөөр тодруулсан. Хи хи. 

Иччихлээ. Ооё. 

Тэгээд л манай монголчууд юу гэдэг билээ гэж аяндаа бодсон. Шодой л гэж орж ирсэн. Өөр ямар нэгэн юмтай зүйрлэдэгийг нь уншиж байсан санаад байх юм. Санаанд орж ирдэггүй ээ. Ха ха.

За тэгээд гоё гоё ишлэлүүд гарна. Залуухан халуухан байхдаа тусгай дэвтэрт бичиж авдаг байж. Одоо ч шууд номон дээрээ тэмдэглэчихнэ. 

"Намайг төрөхөөс өмнө эхлэл үгүй цаг байсан, намайг үхсэн ч төгсгөл хязгааргүй цаг үргэлжилнэ."

"Эхлэл төгсгөлгүй түнэр харанхуйн дундах зурвасхан гэрэд байж, амьдрал минь." 

"Тэнгүй ачаа тэмээ малын зовлон, тэнцвэргүй амраг хоёр биеийн зовлон."

"Эхлээд хар, дараа нь үзсэн харснаа хуваалцаж, өөр хоорондоо шүүн хэлэлц гэж бурхан хэл яриа хайрласан."

"Атаархал бол амьдралын хамгийн сухал сэтгэл хөдлөл."

"Өөрийгөө орчлонгийн төв мэт санах нь нүгэл."

Гэх мэтээр тодруулжээ. Мөн сонин содон үгтэй их таарна. Дараа цаг зав гарвал хайж үзнэ ээ. 

Мөн тухайн үеийн зураачид урландаа, зурагтаа үнэнчээр зүтгээд насныхаа бөгсөнд "сохордог нь түгээмэл байж. Үүнийгээ их нэр төрийн зүйл гэж итгэдэг байж. 

Мөн зураачдын мэдрмэж гэж үнэхээр агуу юм өө. Зурж чаддагүй хүний атаархал ч бас л агуу шүү дээ. Хи хи. 

За дахин үргэлжлүүлж магад. Нобелийн шагналт гэсэндээ бас л уран цэцэн зүйрлэл их юм. Түүнийг нь бас эх хэлээрээ мэдэртэл нь орчуулсан орчуулга ч аугаа байлаа. Унших ёстой зохиол шүү.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年2月4日日曜日

1 сард орсон цас

1 сарын сүүлээр 2 өдөр айхтар цас орсон. Энэ жил харьцангуй дулаахан байна гэж ярилцаад, цаг агаарын мэдээгээр. Ашгүй цас орохгүй нь гэж бодож байсан юм. 

Тэгсэн ойрд ороогүй цас нэвсийтэл малгайллаа. 

Манай өөдөөс харсан хэдэн айлууд. Машинууд нь хөөрхөн харагдаж байгаа биз? За тэгээд ажил албандаа явахдаа энэ машин дээрх цасаа гөвнө гэдэг том ажил шүү дээ. 

Бөөн ажил, гутал хувцас нороод. Зутарна зутарна. Хоёрхон хоног орсон тулдаа амьдрал хэвийн өрнөж байна. Өвөлжнгөө цастай газрын хүмүүсийг биширнэм. Багадаа эх орондоо би яаж болдог байсан байна аа тийм ээ? 

Сормуус минь цантаад, дэрвийгээд цагаанаар будчихсан юм шиг байдагт нь дуртай байлаа. 

Миний машин дээрх цас. Эрчүүдийн нэг тийм үсний засалт байдаг даа.Плак засалт гэж хэлдэг билүү? Яг тэрэн шиг л. Би энд цасаа унагаах гэж байна гээд жаахан оролдчихсон, нуруу хүрдэггүй ээ. Намхан хүн чинь. 

Энэ өдөр том машинаа унаж таараад өө. Гайхуулсан уу? Хи хи. Өдөр тутамдаа өөртөө таарсан жижиг тэрэг унадаг л даа. Энэ өдөр сондгой дугаар явж болдоггүй өдөр гэж худлаа залахгүй юу? 

Нээрээ үе үе энэ тэгш сондгойгийн шийдвэрийг бодож бухимдана шүү дээ. Хаа байсан эндээс бухимдаад байдгийн учир нь ойлгомжтой. Тэндээс нэг ном аваад энд хүргээд өг гэж гуйх гэхээр өнөөх л түгжрэл, өнөөх л тэгш сондгүй дугаар. 

Үнэн тэнэг. 

Тэгэхэд энд эх орны минь хувьд бараг гамшгийн хэмжээнд гэж хэлэгдэхээр их цас орсон ч түгжрэхгүй, би л гэрээс гарах цагаа тохируулчихад л ажил дээрээ яг цагтаа бэлэн гозойж байгаа л байхгүй юу? 

Мөлхөөд байгаа шүү дээ, аминдаа. 

Цасаа буулгаж, дархан цолоо мандуулчихаад орж ирсэн нь. Гутлынхаа цасыг гөвчихсөн л дөө. 

Цас нь усархаг тул нэг иймэрхүү түрийтэй гутал их өмсөнө. Сүүлийн үед цасны түрийтэй гоё гуталнууд зарагдаж байна лээ. Худалдаж авах гэснээ, өмнөх энэ мэт гуталнуудаа тултал нь өмсөөд, муудахаар нь л болно доо гэж бодоод, гуталны тасгаар нүдээ аниад л өнгөрч байна. 

Гэгээрсэн байгаа биз дээ? Нэг шинэ зүйл худалдаж авахад байгаль орчноо төдий хэмжээгээр сүйтгэж байдаг гэж уншиж байлаа. Хамгийн наад зах нь миний өөрийн эдийн засагт ч хэмнэлттэй юм даа. 

Аль хэдийн хайлсан л даа. Энэ удаад бид цасан өвгөн энэ тэр хийж тоглоогүй ээ. Сонирхол буурсан. Хи хи. 

Удахгүй дулаарна гэхээс сэтгэл өег байна өө. 

Буузаа чимхэж л байна, бага багаар. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年2月3日土曜日

Согтоодог

Өнгөрдөг зун би нэг согтож билээ. Ха ха. 

Дүүгийндээ дайлуулаад цайлуулаад. Хатуу юм ууж чадах биш, ойрд солонгос их явдаг болсон улс чинь намайгаа, солонгос архар дайоав. 

Ингэж дайланхдаа "Сэнгүр" шар айрагтай холиод, тэгснээ нэг нарийхан төмрөөр дон хийлгээж цохиод байх шиг байсан. Би чинь шинэлэг юманд дуртай хүн чинь их л сонирхоод амттай байна гээд уугаад байсан юм. Сүүлдээ согтоод, унтаад өгсөн. 

Маргааш өглөө нь шартсан. Дахин шинэлэг юманд хууртахгүй юм шүү. Амсахын хувьд амсана аа амсана. 

Энэ шүү дээ, тэр согтоодог этгээд. Солонгос савангийн дууриуд дээр гардаг даа, эмэгтэй нь согтоод л эр нь үүрээд л. Хэрэв гадуур уугаад согтсон бол дүү маань үүрэх байсан болов уу? Ха ха. 

Дийлэхгүй л дээ, намайгаа. 

Үүнийг саяхан солонгос явж ирсэн бүсгүйгээс бэлгэнд авсан юм. Баярлалаа. 

Гэснээс энэ жилийн нэгэн том зорилт бол жингээ дор хаяж 5 кг хасах. Одоогийн байдлаар нэг ч грамм хасаагүй. 

Аргагүй шүү дээ, иймэрхүү зүйл уугаад байхаар.Хэ хэ. 

Та нар минь ч гэсэн идэж уухаа тохируулаарай даа. Нэг нэмчихбэл ч хасах гэж бас л...

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年2月2日金曜日

Багийн хурал

Хорооных биш багийн хурал болов. Хань ижилтэйгээ чи яв, би яв гэж зөрсөөр байгаад би дийлээд, хань ижил явав. 

Сайндаа ч биш ээ, манайд зочин ирэх байсан тул гэрээ цэвэрлэх гэх мэт ажил байсан юм. Бага зулзагаар хальт шатныхаа тоосыг арчуулав. Хөөрхөн арчаад байдаг шүү. Байсхийгээд л гүйж ирээд алчуур базаад өг гэнэ. Хэ хэ. 

Дунд зулзага угаасаа олдохоосоо өнгөрсөн. Дугуйлан, хичээл, даалгавар гээд. Гэрийн ажил хийх нь эрс багассан. Эрх биш өрөөгөө цэвэрлэж харагддаг. Би ч тэртэй тэргүй цэвэрлэх нь гарцаагүй тул гэртээ эрх дураараа байг л гэж боддог болсон. 

Өө тийм, би гарын мөнгө гэж өгдөггүй тул, жорлон цэвэрлэх, угаасан хувцас тээж өгчихөөд хөлс нэхдэг болсон. Ха ха. Аав нь жаахан дургүй, үүнд. Гэрийнхнийхээ төлөө хийсэн зүйлдээ хөлс нэхээд гээд. 

Ээж болохоор энэ тухай ном уншчихсан болохоор, гэрийн ажилд туслахад мөнгө өгдгийг нэг их үгүйсгэхгүй л байна. Туршилт явагдаж байна. Хо хо. 

Хань ижил нэлээд удаж удаж ирэхдээ нэг ийм томоо савтай бэнто буюу хоол барьсаар ирсэн. Болоогүй ээ бас, хэдэн ширхэг шар айрагтай. 1 сарын сүүлийн бүтэн сайнд зохиогдсон. 

Энэ жилийнхээ үйл ажиллагаа, хогоо хэрхэн хаях, элдэв арга хэмжээнд залуус идэвхитэй оролцох хэрэгтэй байна гэх мэт зүйл ярилцсан гэсэн. 

Бид ч зулзага ч бас гэж том боллоо, өглөөдөө эртхэн босоод гарч оролцож байя даа гэж ярилцав. Би чинь бага зулзагаараа далимдуулаад, өглөөдөө их хойрго болсон шүү дээ. 

Энэ жилээс жаахан эртэч болчих санаатай, хрэгжүүлж амжаагүй байтал 1 сар нь дуусчихлаа. Жавхлан юм аа...

Доторх нь нэг иймэрхүү. Түүхий загастай. Ер нь бол далайн гаралтай бүтээгдэхүүн, ногоо ихтэй. Амт нь нэлээд чихэрлэг талдаа. Томчууд бид л идсэн. Бага зулзага бол идэхгүй байна лээ. 

Тэр доор харагдаж буй 2 шаргал юм байна аа даа. Дотор нь будаатай, би дуртай биш. Охин дуртай, хоёуланг нь идчихнэ лээ. 

Яг халуунаараа амттай ч тэнпүра гээч хоол. Хөрчихөөрөө онцгүй. Гэхдээ эд хөрсөн хоол идэхдээ нэг их санаа зовохгүй ээ. Сонин, халуун орон болохоор тэр байх.

Энэ дээр нь харагдаж байгаа амттанг алтан хөрш хийсэн. Тэнд цугласан хүмүүст тараасан. Илүү гарсныг нь бидэндээ өгөөд явуулж. Алтан хөрш маань энэ жил багийн даргаар сонгогдсон юм. 

Нэлээд шулуухан, бага зэрэг босс зантай тул бусад бага зэрэг айдас хүйдэстэй байгаа байх гэж таамаглаад. Адаглаад л хог хаях өдөр хогоо аятайхан хүн шиг хаяна гэсэн үг. Хэ хэ. 

Энэ багийн үйл ажиллагаанд огт оролцдоггүй хүн гарууд бий. Ийм хүмүүсийн ихэнх нь ганц бие, ажил ихтэй нэлээд орой тардаг, нэг бол эрүүл мэндийн асуудалтай гэх мэт хүмүүс байдаг. 

Мөнгө төлдөггүй хүмүүс ч бий. Угтаа амьдарч байгаа бол мөнгөө төлөөд явбал гэж боддог юм. Тэр хавийн аюулгүй байдал, цэвэр цэмцгэр байдлыг иргэдийн оролцоотойгоор хангаж байдгийг мэдэхийн дээдээр л мэддэг баймаар, эд нар. 

Энэ жил бид ямар нэгэн үүрэгт албанд томилогдоогүй. 2 жилийн дараагаар ямар ч билээ албанд томилогдох ээлжтэй юм билээ. Хичээнэ дээ. 

Түр баяртай. Удахгүй цагаан ногоон сар ч боллоо доо. Амралтын өдөр таарна, зочид гийчид ихтэй байх нигуртай...

Бүгдэд нь амжилт хүсье.

2024年2月1日木曜日

1 сарын өнгө

Угтаа 1 сард зурсан зурагнууд. 1 сарын өнгө ногоон байлаа. Гадаа хүйтэн цастай байсан болохоор, даараад ногоон өнгийг санагалзсан юм болов уу? Хи хи. 

Өинөх зурагнуудыг бодвол илт сайжирсан байгаа биз дээ? 

Нэг харахад луу ч юм шиг. Нэг харад үнэг ч юм шиг. Хи хи. Төөрдөг зам гэсэн. Яаж ч яваад төөрөх юм бүү мэд. Хүүхдийн төсөөлөл гэж бас л хөөрхөн шүү. Юу ч гэж зохиогоод хэлчихээр. Эгдүүтэй. 

За энэ бол хөл гартай. Айхтар том монхор хамартай. Хүн гэхэд мөн ч юм шиг, биш ч юм шиг. Үс бол үнэн ганган. 

Хортой, хүчтэй этгээд гэсэн шүү. Хүн байж байгаад, ийм дүрстэй болсон гэсэн. 

Харваас ойлгомжтой. Үлэг гүрвэл. Одоохондоо үлэг гурвэлдээ дуртай хэвээрээ. Хажуугаар нь буу сэлэм дайрч орж ирнэ. Ха ха. 

Гэхдээ энэ зурагны тайлбар аймшгийн. Хортой тариагаар тариулаад хөл гар нь нэмэгдчихсэн гэсэн. Ий ий. Үзсэн киноных нь нөлөөлөл. 

Вилл Смитийн тоглосон нэг кино. Баахан робот гараад байдаг. Би тиймэрхүү кинонд сонирхолгүй юм болохоор нэр усыг нь хэлж мэддэггүй ээ. 

Энэ өнгийн палмастерууд нь удахгүй дуусах байх даа. Хамгийн аятайхан нь дууссан өнгийнхөө ганцхан ширхэгээр нь захиалж болдог. 

Зулзагуудынх нь уран бүтээлд амжилт хүсье. Түр баяртай.