2026年5月21日木曜日

Нээлттэй хичээл

Дандаа л идэж уугаад явдаггүй шүү би. Хэ хэ. Бичсэн зүйлсээ эргээд харсан чинь нэг бол их л гэгээрсэн хүн, уншаад л. Нэг бол архины хамааралтай болчихсон юм уу? гэмээр л ууж идсэн зураг байх чинь вэ? 

Мэдэхгүй хүн бол АА-д явах хэрэгтэй хүн байна гэж бодох вий дээ? Ха ха. 

Хичээлийн шинэ жил эхлэхээр энд нээлттэй хичээл болдог. Хагас сайнд болсон. Ахлах, бага сургууль. нээрээ манайх нэг ахлах ангийн сурагчтай болсон, мэдэж байгаа байх тийм ээ? Удахгүй тэгээд оюутан болоод л явах байх даа. 
Энэ их хөөрхөн шүлэг. Гэрийн даалгаварт уран уншлагын даалгавар байдаг юм. Тухайн сард нэг шүлэг, сурах бичгээсээ нэг бяцхан хэмжээний бичвэр уншина. Түүнийг нь гэрийнхэн нь сонсоод, гарын үсэг зурна. 

Шүлгүүдийг нь сонсоод байхаар их хөөрхөн. Агуулга нь. Нэг тийм хүүхдэд зориулсан агуулгатай. Сонсоод би их хөөрнө өө. Зулзага минь хөөрч буй ээжийгээ хараад бас л хөөрнө. Хэ хэ. 
Ангийнхаа хананд бичиж хадсан байсан. Дуртай зүйлсээ, зорилгоо бичсэн. Хөөрхөн санагдаад, эгдүү хүрээд, хайр хүрээд...

1 дүгээр ангийнхандаа лидер байна гэнэ ээ. Анги дэвшсэнээ мэдэрчихсэн байна лээ. Хо хо. 

Төгөлдөр хуурандаа сайн гэчихэж ээ, өөрийгөө. хэ хэ. Хичээж л байна. Гэхдээ тийм ч сайн уу гэхээр, бас үгүй юм аа. Гэртээ давтахгүй юм чинь, яаж сайжрах вэ дээ. Бага зэрэг томроод, төгөлдөр хууртаа дурлаад ирэхээрээ сайжрах байх өө. 

Заримдаа ч даалгавраа хийгээд байгаа нь их юм гэж бодох...

Та нарын зулзагууд хэрхэн өөрчлөгдөж, өсч байна даа?

Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年5月20日水曜日

2+1=3

Интерномын 2+1=3 урамшуулалт худалдаа гэж тун аятайхан худалдаа байна тийм ээ? Саяхан болж өнгөрсөн уламжлалт урамшуулалт худалдаагаар нь 12 ширхэг ном худалдаж авав. 

Удахгүй үүгээр ирэх найздаа захив. Найз минь хотод буй хүүдээ даалгав. Хүүг нь би танина. Хөөрхөн даруухан, зөөлөн хүү бий. Уриалгахан гэгч нь "гүйж" өгөв. Япон амттан өгч явуулна аа, шагнаад. Баярлалаа. 

12 ширхэгийнх нь 4 нь үнэгүй гээд бодохоор дажгүй, яахав. Гололтгүй...
Зурган дээрх номнуудыг худалдаж авав. Нэг ном байхгүй, дууссан. Оронд нь "Хөгжмийн эгшиг"-ийг авав. Үнэ нь ч яг адилхан байв. Хөгжмийн эгшиг номын хуучин хэвлэл байгаа л даа. Хуучраад, сүүлийн ганц нэг хуудас урагдаад, дутуу байсан шиг санаад, дахин авав. 

Дахин уншиж амжаагүй байсан юм, ашгүй. 

Олдохгүй буюу интерномд байхгүй байсан ганц нэг номоо "Номын баяр"-аар ороод, хайгаад өгөөч гээд бас нэгэн найздаа даалгачихлаа. Шуналтай байна уу? Шуналтайдаа биш ээ, номын клубынхан минь унших юм энэ жилд. Оны сүүлээр байсан байх аа. 

Эхээр унших номнуудаа эхэлж захиад авчихсан, зарим нэгийг нь нэлээд дээхэн худалдаад авчихсан гэх мэтээр ном их цуглуулж байна өө.  

Яваандаа номоо түрээслэж уншуулна аа, эндэх монголчууддаа. Хо хо. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年5月19日火曜日

Хичээл сонирхолтой болох мөч

Саяхан ютүбээр хэний ч билээ бичвэрийг сонссон юм. Нэг номны тухай танилцуулга байсан. Солонгос хүний. Сүүлд дахин сонсох гээд, өнөөхөө олдоггүй. Номны тухай танилцуулдаг хэдэн хүнийхээ ютүбээс хайгаад ч олсонгүй ээ. 

Бүгдийг нь дуустал хайгаагүй л дээ. Тэгсгээд орхичихсон. Учир нь япон хэлээр нь унших гээд зээлчихсэн байсан юм. 4 дүгээр сард уншиж дууссан. Бичих гэсээр байтал 5 сар гараад талийж...

Маш олон сар цүнхэлж явсан. Үргэлжлүүлээд л зээлээд байсан. Уншиж дуусгаад санаа амрав. Уншихад амархан бичлэгтэй, агуулгатай, ханз энэ тэр нь ч хүнд биш байлаа. 

Агуулга нь ч хөөрхөн. Хаа нэгтээ агуулгыг нь зургийг нь дарж охиндоо явуулсан. Миний үглээд, хэлж ад болоод байдаг зүйлийг биччихсэн байсан тул. Хэ хэ. Ашгүй гэж ихэд олзуурхав. 

Пак Сонхёк гэдэг хүний бичсэн "Хичээл сонирхолтой болох мөч" гэдэг ном. Зохиолчийн нэрийг нь би япон хэлнээс монголчилсон шүү. Өөрөөр хэлж, бичдэг байж магад. 

Солонгостоо 450 мянган ширхэг борлуулагдсан, бестселлэр ном гэнэ. Зохиолч нь 4 уулын дунд байх нэгэн тосгонд төрж өссөн. 

Хичээлээс хол хөндий, залхуу нэгэн байсан гэнэ. Гэнэт л цоорсон юм байна. 15 наснаасаа юм дагуудаа.  

Тэр тухайгаа өөрийн туршлага дээрээ үндэслэн номоо бичсэн. Энэхүү номоо бичиж дуусгахад 8 жил зарцуулсан гэнэ. 

"Яагаад хичээл хийх ёстойгоо мэдчихвэл хэрхэн хичээл хийх тухай хариулт аяндаа л тодорно." гэжээ. 

Үнэн тийм ээ? Хүн ер нь яагаад хичээл хийх ёстой юм бэ? Энэ тухайгаа толгойндоо ёнк хийтэл нь хийгээд, ойлгоод авчихбал аяндаа л хичээл хийгээд эхлэнэ тийм ээ? 

"Чиний хамгийн том өрсөлдөгч бол чи өөрөө. Өчигдрийнхөө, өнгөрснийхөө өөртэйгээ өнөөдрийн өөрийгөө харьцуулах хэрэгтэй" гэсэн шүү. 

Би өчигдөр энэ номыг уншаагүй байсан бол өнөөдөр энэ номыг уншчихсан, номноосоо олон зүйл мэдээд авчихсан байх нь байна шүү дээ. Тийм үү? 

Нэг л амьдрах амьдралдаа сайхан амьдармаар байна шүү дээ. Үүний тулд хичээл хийх. Хичээл хийх нь ямар ашигтай вэ? Мэдээж нэг л амьдрах амьдралыг тань сэтгэл ханамжтай, таатай, аз жаргалтай болгоно. Тийм үү? 

Гэх мэтээр мэдээжийн зүйл бичсэн байсан. Мэдээжийн зүйл болов чиг бид налайгаад л, залхуураад л, утсаа маажаад л суудаг даа. 

Багадаа энэ мэт агуулгатай ном олж уншсан бол гэж бодогдох. Ижий минь л хичээлээ хий гэж үглэдэг байлаа. Өөрөөр ингэж "үглээд өгөх" хүнгүй, "үглээд өгчих ном"-гүй цаг үед өсчээ. 

Өнөөдөр бол эсрэгээрээ, ном, подкаст, ютүб, блог гээд л есөн жороороо л "хичээлээ хий, хэл ус сур" гээд л загнах нь холгүй, зарим нь ч шуудхан л загнаж байна шүү дээ. Тийм байхад л хичээл хийхгүй, унтаад л байдаг хүн байна, миний эргэн тойронд. Хэ хэ. 

Блогийг минь, үүнийг уншиж буй хүүхэд залуус байвал "өөрөөсөө яагаад би хичээл хийх хэрэгтэй вэ?" гэж нэг асуугаад үзээрэй. Нухацтайгаар асууна шүү. Мөн би хэдийд хичээл хийх ёстой вэ? Би ингээд л утсаа маажиж байх хооронд бусад хүүхдүүд аль хэдийн хичээлээ хийгээд эхэлчихсэн, ирээдүйд юу сурахаа, ямар мэргэжилтэй болохоо тодорхойлчихсон, надаас нэг биш нэлээд алхам урагшилчихсан байна гэж бодоод нэг үзээрэй. 

Хор шар чинь буцалж байна уу? Хэ хэ. Үргэлжлэлийг дараагийн "дугаар"-т...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年5月18日月曜日

Цэцэгс

Энд тэнд явахдаа мэлмийг минь баясгасан цэцэг таарвал зураг дардаг.  Өөрөө тарьж ургуулах завгүй, арчлах мэдлэггүй, залхуу хүн чинь хүний тарьж ургуулсныг л харж биширч, гайхширч, бахархдаг даа. 

Хорооны нэг хуралд суух үед, хорооны байрны үүдэнд байсан цэцэг. Их том ургасан байсан. Цэцгийн нэрсийг мэддэг бол бүр л гараад өгнө, тийм ээ? Тэр бүр асуугаад байх нь хаашаа ч юм гэж бодоод, нэрэлхээд өнгөрнө. Угтаа асуугаад, нэг ч гэсэн цэцэгний нэр мэдэж байвал хааяа нэг хийдэг орчуулгын ажилд минь хэрэгтэй л байх...
Цахирмаа цэцэг. Суугуул нутгийнхаа цэцгийн хүрээлэнд монголчуудаа дагуулаад явж байхдаа дарсан. Өнгө нь их чамин, гоёмсог байсан. Баяр ёслол, аливаа зүйлийн шинэ нээлт гэх мэт бэлгэдэлт үед бэлэглэдэг юм билээ. 

Энд тэнд шинээр дэлгүүр хоршоо нээгдсэн үед их харагддаг. Цагаан өнгө голцуу, мөн бүдэг ягаан өнгө их. Энэ нил ягаан өнгө ховор харагддаг. 
Нарцисс буюу сэрүү цэцэг болов уу? гэж бодож байна. Голых нь цагаан бас байдаг юм билээ. Тэр нь жинхэнэ сэрүү цэцэг байх. Дээхэн зургийг нь оруулсан даа. Хавар цагийн бас нэгэн гоёо юм билээ. 

Удахгүй борооны улирал эхлэнэ, мөн саун мэт халаад эхлэнэ гэж бодохоор ажлаа, хамаг юмаа хаяад сэрүүхэн сайхан эх орон, ижий аав луугаа нисчихмээр л байна шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年5月17日日曜日

Дайлав, цайлав

Орсон гарсныг дайлж цайлдаг хүн нь байна өө. Өөрөө ч дайлуулж, цайлуулах дуртай хүн нь байна өө. 

Үе үе япон монголгүй хүмүүсийг урьж залан дайлна. Хүмүүстээ тааруулж хоолоо хийнэ. Бууз, хуушууранд оруулчихсан япон хүмүүс нэлээд байна. Улс эх орныхоо нэрийг, монгол хүнийхээ нэрийг нэг их мандуулаад байдаггүй юм аа гэхэд дорд оруулчихгүй гэж үзэж тарж байхад. 

Хаа нэгтээ энд тэнд хэрэг төвөг тариад байгаа хүн мэдээгээр цацагдаад уур хүргэх л юм...

Хань ижил ингэж чимхэнэ. Олон янзаар чимхэж чадна л даа. Би зузаан гуриланд дургүй тул ингэж "цэцгэн" чимхэлтээр ихэвчлэн чимхэнэ. Мөн зулзагууддаа чимхэхийг заахдаа энэ чимхэлтээр эхлэнэ. Яваандаа уламжлалт чимхэлт, хуушуур зэргийг дажгүй хөөрхөн чимхдэг болдог. 

Ээж элдэх ажлыг л хар багаасаа нугалж ирсэн тул чимхэхдээ тун тааруу гэж байгаа. Бүгдийг чаддаг байх албагүй...
Зочид минь мэдээж гар хоосон ирэхгүй. Янз бүрийн амттан барьж ирнэ. Зайрмаг. Олуулаа амтархан идэв. Тэр цэнхэр өнгөтэй нь шинээр гарсан. Бага зулзага идсэн. Ам нь цэв цэнхэр болсон л харагдана лээ. 

Би ч ганцыг идсэн. Учир нь жилдээ л ганц иддэг газрын зайрмаг. Тийм болохоор боломжийг алдахыг хүсээгүй. Ха ха. 
Идэж уухынхаа хажуугаар амжуулдаг ажлын минь нэг. Зулзагуудыг төгөлдөр хуурынх нь хичээлд зөөх. Олон жил зөөж байна дөө. Мэргэжлийн төгөлдөр хуурч болох албагүй. Хамгийн чухал нь хөгжмийн боловсролтой болох, энд тэнд явахдаа сонгодгуудыг бага зэрэг мэддэг байх гэдэг утгаар нь багаас нь сургаад, зөөж байна өө. 

Төлбөр нь ч хөөрхөн өндөр талдаа. Гурван зулзагын, овоо хэдэн жилийн төлбөрийг тооцвол хэд болох бол? Гадаадад байгаа нэгнийгээ энэ мэтчилэн цалин цавуугаа зарцуулдаг гэж боддоггүй, цааш нь хадгалаад л суудаг гэдэг ойлголттой хүмүүст тооцоог нь гаргаад хэлчихмээр үе ч гардаг шүү. Хэ хэ. 

Тоог нь хэлчихвэл төгөлдөр хуурт ийм их мөнгө зарж байгаа юм чинь их л олдог байх гээд, улам ихийг хараад, билүү долоогоод унах юм болов уу? Ха ха. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年5月16日土曜日

Амттан

Яаж ийгээд л амттан идчих гээд байдаг юм. Идчих гээд биш ээ, энэ амттангууд намайг дагаад л явах юм, хаа ч явсан. Би их зугтаана өө. Яаж ийгээд л гүйцнэ, амттан нь, их хурдан гүйдэг. Эсвэл алхдаг ч юм уу? Ха ха. 

Яахав, дурсамж болгоод эндээ зураг оруулав. Олон жилийн дараа уншихад, харахад дурсгал болог. 

Энэ 3 дугаар сард ажлынхаа нэг залуутай хамт явахдаа идсэн. Даалгасан гэх нь онох байх. Дажгүй ах залуу байсан чинь, шилжилт хөдөлгөөнөөр шилжээд явчихсан. Хамт ажиллахад урамтай, хичээмтгий хүн байсан юмсан. 

Саяхан уулзаж, хамт шар айраг уусан. Монгол хариуцаж ажиллахад урамтай, хөгжилтэй байсан гэнэ. Удахгүй хувиараа монгол явна аа л гэсэн. 
Монголоос ирсэн хүмүүстэй хамт хооллохдоо идсэн. Таваг нь төмөр таваг байсан болохоор төмпөн шиг гарчихаж. Хэ хэ. 

Аминдаа монголоос ирсэн хүмүүст японы амттанг амсуулах зорилготой захиална. Хүүхнүүдтай хамт явбал бүр чиг. Хань ижил "далимдууд л" гэдэг юм. Үнэний ортой л доо. Хо хо. 
За үүнийг хэн өглөө дөө. Мартчихаж. Бодвол "Шармааний өдөр"-өөр хэн нэгэн хань ижилд бэлэглэсэн болов уу? 

Өөр зөндөө л зураг байна. Тэр бүгдийг нүүрном, инстадаа оруулж хүмүүст "гайхуулж" байна. Ха ха. Зарим нь дуртай, зарим нь дургүй байдаг байх өө. 

Харах өнцөг юм даа. Аан ийм савлагаатай, ууттай хийж болох нь ч юм уу? Аан дараа япон явахдаа ийм амттан идэж үзэх юм байна шүү, худалдаж авах юм байна шүү гэж санаа авдаг хүмүүс бий гэдэгт итгэж, найдан зураг оруулдаг даа. Хо хо. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年5月7日木曜日

Амралт

Алтан 7 хоног дуусав. Эхний гурван өдөр нь бороотой, жаахан онцгүй байлаа. Ойрд уулзалдаагүй хүмүүстэйгээ уулзалдаж, буу халж, хов базаж, ууж идэж өнгөрөөв. 

Сүүлийн хоёр хоногт нь "фракц"-аараа салхинд гарч, хорхог хийж идэв. Халуун чулуу атгав. 

Точиги мужаас илгээсэн мөөг. Шийтакэ мөөг. Англиар нь ч шийтакэ гэдэг юм байна тийм ээ. 
Гэрийнхэн минь мөөгний бүхий л төрөлд дуртай. Өдөр тутамдаа мөөг их иддэг. Сүүлийн үед шимэжи мөөг их идэж байна. Заримдаа эринги, эноки гээд л мөөгнүүд иднэ. 

Орчуулгуудыг нь сайн хэлж мэдэхгүй байна өө, мөөг л бол мөөг. Хэ хэ. 
Уулынхан маань ингээд бүрж шараад иддэг. Би бол гэртээ ингэж шардаггүй л дээ. Дараах тосоо яах билээ? гэж мэгээд л залхуурчихдаг. 

Дуртай юм болохоороо зөндөө л идлээ. Гэснээс юмны үнэ өсөөд энэ шийтакэ мөөг ч бас нэлээд үнэтэй болсон. Өдөрт тутамдаа өөр төрлийн мөөг идээд, үүнийг хааяа нэг, цалин буухаар, хямдарсан таарвал л худалдаж авч иддэг болсон. Жавхлан юм аа, нээрээ...
Тахианы махаа бас ингээд шарж их иднэ ээ. Би нь залхуу юм болохоороо бас л ингэж шардаггүй. Хааяа гарч раамэн идэхдээ хамт захиалж иддэг. 

Ногоотой хамт хуураад л, энгийн хоол л хийхдээ сайн шүү би. Хайрч хуурах ч үгүй, бага зэрэг жигнэсгээд л болдог. Аминдаа өдөр тутамдаа идэх ханасан тосоо багасгаж буй нь тэр. 

Тэртэй тэргүй олон янзын амтлагч байхад тийм ээ? Япон айлуудыг бодвол кетчуп иддэггүй, майонез идэхээ больсон гээд л хичээж л байна. 

Хааяадаа айлд, гадуур бол нэг их маяглаад байлгүй, амтархан идчихдэг. Дайлж цайлж буй айлынхаа хүмүүсийн хөдөлмөрийг хүндлээд л...

За нэг л их уусан, идсэн зүйл л бичдэг болчихсон ч гандан буурахгүй л бичих юм шүү. Өөр сэдэв ч алга л даа. Ха ха. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年5月6日水曜日

Саарал зөгийнүүд

4 дүгээр сарын төлөвлөгөөт ном минь. Иймэрхүү хөөрхөн агуулгатай ном уншвал болж байна шүү. Уншаад л байна. Нэг сарын хугацаанд нэжгээд ном унших байх шүү. Хэ хэ. 

Бид энэ оны 1 дүгээр сард билүү дээ энэ жил унших номнуудаа сонгоход энэхүү ном надад байгаагүй юм. Би ч түргэн шуурхай арга хэмжээ аван, 2 сард гартаа оруулсан байдаг юм. Үнэхээрийн сэргэлэн бүсгүй байна уу? Ха ха. 

Би сэргэлэндээ биш ээ, манай үүгээр ирж, буцаж буй буянтай сайхан хүмүүсийн ач гавъяа юм аа. Хүний дайвар авахад хэцүү болсон цаг дор ном дайхад хүмүүс харьцангуй цааргалаад байдаггүй аваад ирдэг юм. 

Түүнээс одоо ч хүнд юм дайх, өөрөө дайвар авах нь асар их эрсдэл дагуулдаг болжээ, тийм ээ? 

"Саарал зөгийнүүд" гэдэг ном. Нэг их онцгой үйл явдал ар араасаа хөврөөд байхгүй мөртлөө цаанаасаа нэг тийм хөөрхөн баатартай. Зохиолын баатрууд нь их гэнэн, цайлган хүмүүс санагдсан. 

Энгийн иргэд нь ч, хянан шалгаад байгаа байцаагч нар нь ч, дайтаад байгаа цэрэг эрс нь хүртэл цаанаа л нэг тийм "хүнээрээ" байгаад байх шиг. 

Ер нь энэ дайныг хэн эхлүүлчихэв ээ? Аль улс нь эхлүүлчихэв ээ? 

Мэдээж дайтаад байгаа учраас хүн үхнэ үрэгдэнэ. Гэхдээ энэ номонд тэр үхлийн тухай нэг их дэлгэрэнгүй гарахгүй. 

Ганц нэг хүн амь үрэгдэнэ л дээ. Эвий минь, эвий минь. 

Зохиолч нь Андрей Курков. Би анх удаагаа зохиолоос нь уншиж байгаа болов уу? Монгол хэлнээ орчуулагдсан, дээхэн үеийн ном байвал уншсан байж ч магад. Сайн санахгүй байна өө. Уншаагүй л болов уу?

Укриан гэж дэлхийн хамгийн үржил шимтэй хөрстэй гэнэ. 

Мөн "Байгалийн баялаг, газрын тос олборлодог гээд ирээдүйтэй орон болов чиг эдгээр нь олигархуудын мэдэлд болохоор шимийг нь улс орон нь хүртэж чаддаггүй" гэдэг өгүүлбэртай таарав.  

Эх оронтой минь агаар нэгэн юм даа гэж харамсав.

Зохиолч нь 1995 онд анхны романаа хэвлүүлсэн, өдгөө нийтдээ уран зохиолын чиглэлээр 19 роман, 9 хүүхдэд зориулсан ном, уран сайхны нийт 20 орчим кино зохиол бичсэн гэнэ. 65 орны 37 хэлээр орчуулагдсан байдаг гэнэ, бүтээлүүдээс нь. хамгийн алдартай нь "Үхэл ба оцон шувуу" хэмээх роман гэнэ. Бүтээл бүрдээ ямар нэгэн амьтан дүрсэлж, ёгт өнгө аяс оруулж, түүгээр дамжуулан утга санаагаа илэрхийлдэг онцлогтой юм байна.  

Энэхүү "Үхэл ба оцон шувуу"-г нь олж уншина аа. Бодвол монгол хэлээр орчуулагдсан байдаг байх тийм ээ?

Романы гол агуулга нь дайны үеэрх эгэл жирийн иргэд юу бодож, юуг мэдэрч, өдөр тутамдаа ямаршуухан амьдрал туулж буйг тод томруун өгүүлжээ. Укрианы Донбассын саарал бүсэд болж буй үйл явдал. 

Гол дүр болох Сергей Сергеич нь тосгондоо үлдсэн цөөхөн хэдэн оршин суугчдын нэг. Цөөхөн ч гэж дээ, хоёрхон л "оршин суугч" үлдсэн мэт. Нэг нь гол дүр, нөгөөх нь гол дүрийн "найсан" болох Пашка. 

"Найсан" гэдэг үг хөөрхөн. Дайсан, найз гэсэн хоёр үгийг нийлүүлчихсэн юм угтаа. Сергэй Сергеичийн өөрийнх нь бодож олсон үг. 

Пашкатайгаа үргэлжийн мөнхөд дайсагналцсан, жөтөөрхөлцөцгөөсөн хоёр байж. Тэгсэн дайн болоод, тосгондоо хоюулхнаа шахуу үлдчихсэн улс чинь мянга дайсагнаад хол явахгүй шүү дээ. Хэ хэ. 

Тийм болохоор одоохондоо хааяадаа ганц нэг үг солилцдог, хамтдаа сто грамм татчихдаг найз нь болчихсон тул "найсан" нь гэсэн үг. Хо хо. 

Гол амьжиргаагаа залгуудаг нь зөгийн аж ахуй. Зөгийнүүдээ бэлчээрлүүлэх, тайван аюулгүй газарт аваачихаар шийдэн, замд гарна. Замдаа олон л ааш араншинтэй хүнтай таарна. Хаа очиж бүр нэг айхтар зэрлэг, балмад хүмүүстэй таардаггүй.  

Ар араасаа хөвөрсөн элдэв үйл явдал тохиохгүй ч зохиолын гол дүрийн дотоод сэтгэл рүү их өнгийсэн, айдас, сэтгэл дэх тэмцэл, итгэл найдварын тухай өгүүлнэ. 

Зөгий гээд л уншсан чинь манайд хоёр од хүүхэн санаанд ороод болдоггүй. Томоко, Наараа хоёр. Ха ха. 

Зөгий  арчилгааны талаар нэг их гарахгүй болохоор, их л амархан юм шиг санагдаад, тэгээд л "хэл амтай, гавшгай"  эл хоёр бүсгүй зөгийгөө занималдаад, мөнгөжөөд байгаа юм бол болов уу? Би ч бас зөгийн үржүүлдэг юм билүү? ч гэж бодоод амжсан. Хо хо. 

За энэ наргиа ч яахав, ер нь энэ дайн хэнд хэрэгтэй вэ? Хамгийн их хохирол амсдаг нь мэдээж улиг болохоо шахаад, хүмүүс нэг их тоохоо байсан эгэл жирийн иргэд, байгаль дэлхий, ан амьтан...

Ингэж ярьж бичсээр байгаад дайтаж буй улс, дайн эхлүүлж буй шийдвэр гаргагчид "биднийг" тоохоо байчихсан мэт зэвүүн...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年5月3日日曜日

Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал-4

Шинэхэн сарын мэнд ээ. Алтан 7 хоног эхлээд, би нь уулын мухарт пс-гээ дэлгээд сууж байна. Бороотой, уйтай өдөр...

За юун дээр зогслоо? Нэг иймэрхүү агуулга нь хүнд ном унших бас л төвөгтэй юм тийм үү? Бичих гэхээр бас хүндрүүлж бичихгүй бол болохгүй. Ха ха. Тархи толгой доторх ч хүнд оргиод явчих юм. 

"Морь унасан толгойгүй хүн" шиг хөөрхөн ном олоод уншчихмаар байна шүү. 

За тэр ч яахав, бичихээс өөр замгүй... Бичих дадал чухал. 

4. Хамтдаа хож. 

Хожил-хожил бол хүний бүхий л харилцаанд харилцан ашигтай байдлыг эрхэмлэх мөн чанар юм. 

Хожил-хожил нь амьдралыг өрсөлдөөний дэвжээ бус харин хамтын ажиллагааны талбар гэж үздэг. 

Хамтдаа хожих дадал бол харилцан хамаарал бүхий манлайллын нэг хэсэг юм. Үүнийг хэрэгжүүлэхэд ухамсар, төсөөлөл, хүний мөс, хараат бус хүсэл эрмэлзэл гэсэн хүний төрөлхийн чадварууд шаардлагатай. 

Энэхүү win-win буюу хожил-хожил гэдэг дадал нь "Нийтийн ялалт" гэдэг бүлэгт гардаг. Бодоод байсан, би л ганцаараа ялах гээд үзээд байдаг шиг санагдаад өө. Гэр бүлийн харилцаанд би л ялах гэж үзэж тараад байдаг юм байна. Хосын харилцаанд ч тэр. Бүгд ээжийн зөв, бүгд эхнэрийн зөв. 

Зулзагууддаа харин сүүлийн үед буулт хийж сурч л байна. Хүүхэд хүмүүжлийн тухай ном овоо хэдийг уншаад сурсан мэдсэн зүйл минь "хүүхдийн ааш занг ойлгож, томчууд хүүхэд байж үзсэнээрээ бага зэрэг буулт хийгээд, зөөлөн дулаан харцаар ажиглах, харах..." гэдэг ерөнхий нэгэн ойлголтыг өөрийн тархиндаа суулгаж л явна. 

Харин хань ижилтэйгээ харьцахдаа ерөнхийдөө бол нэлээд захирангуй, дээрээс харьцаад байдаг шиг санагдав. Санагдав ч гэж дээ, өөрийн мэдэлгүй гаргадаг үйлдэл... 

Яагаав дээ өнөөх "баздаг" гэдэг нь. Хэ хэ. Мэдээж хааяадаа би өөрөө базагдана л даа. Хи хи. 

Алдаагаа засаад л явчихмаар байдаг, нэг л болж өгдөггүй ээ...

"Илтгэлцлийн данс" гээчийг хэрэгжүүлчихмээр... 

...Хамгийн үр дүн бүхий орлого бол шүүмжлэлгүйгээр, яриаг нь таслалгүйгээр, өөрийнхөө санааг хэлэлгүй зүгээр л түүнийг сонсох байж болно. Түүнийг ойлгох гэж хичээж сонсоорой. Түүнд хайр халамжаа мэдрүүлж, байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг гэдгээ ойлгуулаарай.

"Өөртөө тохиолдохыг хүсэхгүй зүйлээ бусдад бүү хий."

"Бүгдтэй нь өөр өөрөөр харьцах замаар бүгдэд нь адилхан ханд."

"Жижиг ч хамаагүй халамж, сайхан сэтгэл маш чухал."

"Хэрвээ нэгэнт бөхийх аваас дор бөхий."

"Эцсийн сохор зоосоороо ч хамаагүй төлөөсөө төл."

5. Эхлээд ойлго, дараа нь ойлгуул.

Үнэн сэтгэлээсээ сонсож сурах. Энэ нь ярилцаж буй хүнийхээ байр сууринд өөрийгөө тавьж, үзэл бодол хийгээд дотоод ертөнцийг нь өөрийн нүдээр харж, парадигмийг нь ойлгох явдал билээ. Гэдхээ үнэн сэтгэлээ гарганад гэдэг өрөвдөх гэсэн үг биш. Учир нь бусдыг өрөвдөнө гэдэг тэднийг шүүж, дүгнэж буй хэрэг.

...Та бусдыг үнэн сэтгэлээсээ сонссоноор тэдэнд "сэтгэлзүйн агаар" бэлэглэж байгаа хэрэг. 

Гэрийнхнийгээ, ойр дотныхныгоо үнэн сэтгэлээсээ ойлгох нь чухал юм байна өө, тийм үү? Сүүлийн үед чи ч ойлгохгүй л дээ гэж хэд хэдэн удаа хэлүүлчихсэн хүн нь байна өө. Тэгээд ч өөрт тохиолдоогүй уй гашууг тэр болгон сайн ойлгохгүй байх нь аргагүй шүү дээ гэж би өөрийгөө өмөөрөх. Би заавал ойр дотныхоо хэн нэгнийгээ алдаж байж бусдын уй гашууг ойлгох болж байна уу? гэж уур ч хүрэх...

Хувийн голцуу л асуудал дээрээ тусган уншлаа, энэ номыг. Учир нь ажил дээр япончуудтай ажиллахад нэг их бэрхшээл алга дөө, миний хувьд. Олон жил болж буй болоод ч тэр юм уу? Төрийн байгууллага болохоор ч тэр юмуу? Бүү мэд... Тийм болохоор хувийн асуудалдаа л тусгаж авч байна...

"...өндөр бүтээмжтэйгээр өөрийгөө ойлгуул. Гэхдээ эхлээд түүнийг ойлго, харах өнцгийг нь мэд. Харин дараа нь өөрийн үзэл бодлоо ойлгуулж улмаар хэн хэндээ хожил болох шийдэлд хүрэх нь чухал. "

6. Хүчээ нэгтгэ.

Хэрвээ зөв ойлгож чадвал хүчээ нэгтгэх үйл явц бол амьдралын хамгийн дээд үйл хэрэг болдог. 

Ялгаатай байдлаа үнэлэх нь хүчээ нэгтгэх үйл явцын амин сүнс юм. Энэ нь үзэл бодол, сэтгэл зүй болоод бие бялдрын ялгаатай байдлаа үнэлнэ гэсэн үг.

Хүчээ нэгтгэнэ гэдэг нь товчхондоо нийлбэр нь нэмэгдэхүүнүүдээсээ илүү гэсэн үг. 

Үнэндээ олон хүмүүс гэр бүлийн болон бусад нийгмийн харилцаандаа хүчээ нэгтгэх үйл явцыг ямар нэгэн хэмжээгээр мэдэрсэн байх нь ховор байдаг. Учир нь тэд өөрийгөө хамгаалсан, өмөөрсөн эсвэл бусдад итгэж болохгүй гэсэн үзэл бодолтой болж төлөвшсөн байдаг.

...Та бусдын оролцоог бий болгосноор тэд бэрхшээлийн мөн чанарыг ойлгож, зөв шийдлийг олоход тань туслах болно. Үр дүнд нь та шинэ бас нэгдмэл үорилго бий болгож, өмнө нь хэний ч төсөөлж байгаагүй тийм хүчтэй эерэг  өөрчлөлтийг бий болгох үйл явцыг эхлүүлнэ. Мөн хүн бүрийн оролцоотойгоор шинэ соёл ч бий болгох боломжтой. 

... Оролцоо хэдий чинээ чин сэтгэлийн байна төдий чинээ хүн хоорондын харилцаа бэхжиж, бүтээлч сэтгэлгээний шавхагдашгүй ундарга оргилох болно.

Өмнөх дадлууд ч энэ дадалд туслах нь мэдээж. Тэгэхээр өмнөх 5 дадлыг туршиж, өөрийн болгох, хэрэгжүүлэх чухал юм даа тийм ээ? Хэзээ нэг нартай өдөр хорвоогийн бүхий л эерэг дадлыг өөртөө хэрэгжүүлээд эхлэх юм шүү. Хэ хэ. 

За тэгээд ганц гэр бүл ч биш, хамт олон, үндэстэн гээд бүхий л хүмүүс хүчээ нэгтгээд эвтэй байвал тийм ээ, өвөг дээдсийн сургааль, домог ч үүнийг гэрчилнэ дөө, энд нуршаад яахав. 

7. Өөрийгөө хурцал.

Хүмүүн биднийг сэргээж өгдөг 4 хэмжээс байдаг. Бие бялдар,итгэл үнэмшил, оюун ухаан, нийгэм буюу сэтгэл хөдлөл гэсэн хэмжээсүүд байдаг. 

1. Бие бялдрын хэмжээст эрүүл хооллолт, амралт, тоготол дасгал хөдөлгөөн гэх мэт бие махбодын өндөр бүтээмж бүхий асаргаа ордог. 

Дасгал хөдөлгөөн хийх цаг зав байхгүй гэж ихэнх хүмүүс хэлдэг, тэр бол зүгээр л шалтаг гэжээ. Үнээн үнэн. Би ч тэдгээр хүмүүсийн нэг. Үүнд л өөртөө цаг гаргадаг болмоор байна өө. 

2. Итгэл үнэмшил бол таны цөм, таны мөн чанар, үнэт зүйлс тань билээ. Мөн хувь хүний хамгийн хувийн бөгөөд амин сүнс билээ. Чухамдаа итгэл үнэмшил таны урам зоригийг сэргээж, хүн төрөлхтний мөнхийн үнэнтэй холбож өгдөг гэж хэлж болно. 

Ингэхэд миний итгэл үнэмжшил юу юм бол? 

3. Оюун ухааны хэмжээс буюу төлөвшил нь бараг бүхэлдээ боловсролын тогтолцоогоор дамжиж бий болдог. 

Оюун ухааныхаа тусламжтайгаар үзэл бодлоо хөндлөнгөөс ажиглах нь хамгийн үнэ цэнэтэй бөгөөд эзэмших ёстой ур чадваруудын нэг билээ. 

Сард нэг ном унших зорилго тавьж, улмаар хоёр долоо хоногт нэг, эцэст нь нэг долоо хоногт нэгийг уншиж байхыг зөвлөх байна. "Ном уншдаггүй нэгэн уншиж чаддаггүй хүнээс ялгаагүй."

4. Нийгэм/зүрх сэтгэлийн хэмжээс. Бидний нийгэм болоод зүрх сэтгэлийн хэмжээсүүд харилцан хамааралтай байдаг. Учир нь бидний сэтгэл зүй бусадтай хийх бидний харилцаанаас урган гарч байдаг. 

"Хүнтэй байгаагаар нь харьцвал тэр тийм хэвээрээ л үлдэнэ. Харин түүнийг байгаагаасаа илүү нэгэн мэтээр харьцах аваас илүү нэгэн болдог." Гёте. 

Дээрх 4 хэмжээсээ тэнцвэртэйгээр дэмжиж байх ёстой. Аль нэгийг нь орхигдуулваас үлдсэн гуравтаа сөргөөр нөлөөлж байдаг. Тэнцвэртэйгээр сэргээж хөгжүүлж байх хэрэгтэй. 

Тэнцвэртэй сэргээлт гэдэг нь өөрөө хүчээ нэгтгэлт юм. 

Та хэдий чинээ бусдыг сайн ойлгоно тэр хэрээр хожил хожил гэсэн шийдэлд хүрч хүчээ нэгтгэнэ. Энэ нь дадал 4 болон 6. 

Зөвхөн дурсамжаараа бус харин төсөөллөөрөө амьдрах. 

Улам бүр өсөн дэвжихийн тулд суралцаж, тууштай байж, хийх энэ бүхнээ дахин дахин давтах хэрэгтэй. 

Ингээд номоо өндөрлөе дөө. Ингээд бичээд, ухаад үзсэн чинь ойлгохгүй ч юм шиг санагдаад байсан агуулгаа бага зэрэг ойлгох ч шиг...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年4月30日木曜日

Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал-3

Бичих гэхээр залхуу хүрээд байна өө. Хэ хэ. Гэхдээ зориглоод бичнэ ээ. Энэхүү залхуурлыг, түр зуурын сэтгэл санааны тайван бус байдлыг давахын тулд 5, 4, 3, 2, 1 гэж тоолоод л эхлэх. 

5 секундын дүрэм номын гол агуулгаас хааяадаа хэрэгжүүлэх гэж оролдоно оо. Яаж зүгээр байхав. Хо хо. 

1. Проактив бай гэсэн дадал. 

Энэ нь дан ганц санаачлагатай байх бус бүхий л амьдралдаа бүрэн хариуцлага хүлээх гэсэн өргөн утга, агуулгатай. 

Жишээ нь реактив хүмүүс сэтгэл хөдлөл, нөхцөл байдал, гадаад орчныхоо нөлөөнд байдаг бол проактив хүмүүс нухацтай тунгааж, болгоомжтой сонгож, дадал болгосон үнэт зүйлсдээ хөтлөгддөг. 

Өөр зөндөө л зүйл бичсэн байна. Товчхондоо санаачлагатай байх, эерэг хандлагатай байх, хариуцлага хүлээх чадвартай байх, идэвхтэй байх, тууштай байх, өөрийн гэсэн үнэт зүйлстэй байж түүндээ тохирсон, ухамсартай сонголтыг хийх юм байна. 

Ийм байхыг хичээсээр л ирсэн мэт боловч хангалтгүй юм шиг байна шүү. Ялангуяа энэ гэр бүл дэх харилцаанд...

2. Төгсгөлийг нь төлөвлөж эхэл. 

...яг энэ мөчөөс эхлээд таныг амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл бүхий л үйл хөдлөлөө тодорхойлох төсөөлөл эсвэл парадигмтай болгоход оршдог. Та амьдралынхаа бүхий л хэсгүүдээ буюу өнөөдрийн, маргаашийн, дараа долоо хоногийн, дараа сарын зан авираа өөрт тань хамгийн чухал зүйлтэйгээ уялдуулах хэрэгтэй.

Ийм байдлаар төгсгөлөө төлөвлөснөөр та хэдийд ч онц чухал хэмээн тодорхойлсон зарчмаа зөрчихгүйгээс гадна өдөр бүр амьдралынхаа туйлын зорилгын төлөө шаардлагатай алхмуудыг хийж чадна. 

Үүнтэй холбож бичсэн нь та өөрийнхөө оршуулгыг нэг төсөөл дөө, ямар байхыг хүсч байна, хэн ямар үг хэлээсэй гэж хүсч байна, дотны хүмүүстээ, найз нөхөддөө хэрхэн дурсагдахыг хүсч байна? Тэгвэл та одооноос үр бүтээмжтэй, зөв ямаьдрах. Мөн гэр бүлийнхэндээ цаг гаргаж чаддаг байх гэж уншсан юм. 

Бодууштай, тийм ээ? Бид энд ээж ааваасаа хол, тэр бүр амьд харилцаа үүсгэж чадахгүй байгаа ч уулзахаараа бол харин ч нэг дотно, гүн гүнзгий, биесээ гэсээр буцахыг хичээдэг дээ. 

Нэг гэрт байж хоорондоо үг солихгүй, олигтой ярилцахгүй гар утсаа маажсан хүмүүс их байдаг гэж уншиж, үзэж байна. Хааяа бид ч тийм үйлдэл гаргачихсан л сууж байдаг. 

Бага зулзага минь жаахан тулдаа л гэр орныг минь дуу шуу оруулж, инээлгэж, уур амьсгалыг зөөллөх юм даа. Түүнээс дан томчууд бол ч...

Зулзагатаа аль болох цаг гаргаж, хамт тоглож, хамт уншиж, тэвэрч, наалдаж, эрхэлж байхыг чухалчилж байна өө...

Гэх мэтчилэн миний амьдралын утга учир, нандин зүйлс, үнэт зүйлс юу вэ? гэж өөрөөсөө асуух цаг иржээ. 

Энд бас нэг аятайхан санагдсан нь хувь "Хүний тунхаглал бичиж, унших, цээжлэх" гэсэн байлаа. 

Өөрийнхөө төвийг тодорхойлох нь бас л чухал санагдав. Ингэхэд миний амьдралын төв юу юм бол? Үүнийг тодорхойлох нь тийм ч амар бус шиг санагдав. 

3. Хамгийн чухлыг эхэнд тавь.

За энэ дадал бол ерөнхийдөө цаг ашиглалтын талаар бичжээ. Дадлын гарчигнаас харахад л ойлгомжтой тийм ээ? Би хийх зүйлсээ чухлаас нь бус амархнаас нь эхэлж хийх гээд байдаг талтай. 

Яахав сүүлийн үед ач холбогдлоор нь дугаарлаад, тухайн өдөртөө алийг нь эхэлж хийх ёстойгоо бичиж тэмдэглээд, хэрэгжүүлдэг болоод л байна л даа. Тэгээд ч хувиараа бизнес эрхэлдэггүй болохоор хийх ёстой зүйлсүүд ерөнхийдөө нэг хэвийн. 

Өглөө бослоо, зулзагуудаа албанд нь явууллаа, өөрөө ажилдаа явлаа, орой ирлээ, хоолоо хийлээ, ус засанд орлоо, унтлаа гэсэн нэг хэвийн, уйтай ч юм шиг тойрогтой. Мэдээж дээрх өдөр тутмын ажлууд дундаа дуртай зүйлээ хийнэ, дургүй зүйлээ ч хийнэ. Утсаа маажаад ч амжина...

Өөрт минь үр бүтээмж авчрах зүйлсүүдийг хойш нь тавиад байгаадаа жаахан бухимддаг л даа. Тэр нь юу вэ? гэвэл дасгал хөдөлгөөн. Яахав, ажлаа сольж шинэ ажилд орсноор ирж очихдоо талдаа 25 минут алхаж байгаа минь нэг давуу тал юм даа.

Стевен Р.Кови "Амжилттэй яваа нэгэн амжилтгүй яваа нэгний хийх дургүй зүйлсийг хийдэг. Гэвч дуртайдаа хийдэг юм биш. Харин дургүй сэтгэлээ зорилгоороо дарж чаддаг ажээ" гэж бичсэн байна шүү. 

Япончууд хувийн болон хувьсгалын ажлаа төлөвлөж хийдэг тулдаа түүнээс нь суралцасхийгээд л явж буй хэдий ч яг өдөр тутамдаа, хувийн ажлаа маш сайн төлөвлөж сурмаар байна өө...

Ингэж чухлыг нь эхэнд тавьж эрэмбэлж дадсанаар эцсийн дүндээ өндөр бүтээмжтэй хүмүүс нь бэршхээл төвтэй бус харин ч "боломж" төвтэй байдаг ажээ.

Өнөөдөртөө дуусгая даа. Хэт урт зүйл бичихээр уншихгүй байх. Гол нь би өөрөө гарах ажилтай болчихлоо. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年4月29日水曜日

Зураг

Номны тухай бичих гэсэн чинь тархи цаанаасаа шууд блок хийж байна. Зүгээр л ганц нэг хөнгөн зураг оруулчихгүй юу дөө гэж байна. Дотоод дуу хоолой минь, чи минь ойрдоо их л цаас, пс шагайж байна, амар гэсэн. Хэ хэ. 

Тэгээд гар утаснаасаа зураг сонгоод оруулж байна. Сонирхолгүй бол алгасна биз дээ? Ухаалаг утсанд минь зөндөө л зураг байна өө. Бүдгийг нь блогтоо оруулж тайлбарлаж бичвэл яах бол? Хо хо. 

Барагдахгүй их ажил болох биз?

Ахлах сургуулийн цогцолборын голд байрлах мод. Нарс мод байх тийм үү? Яг таг хэлж мэддэггүй ээ. 
Газар нутаг багатай гэгддэг ч сургууль цэцэрлэгийн орчинг үнэхээрийн чадварлаг тохижуулж чаддаг. Гаднаа заавал тамирын заалтай байдаг. 

Энэхүү нарс модны хажууд шинээр элссэн сурагчид зургаа авахуулаад байсан. Би ч о.зулзагаа элсүүлж, төгсгөж байсан туршлагатай хүн тул хүмүүсийг харж нүдээ баясгаад л зогсов. 
Нэгэн хөдөө нутагт очих замдаа дарсан зураг. Хөдөө нутаг гээд, алслагдсан нутаг гээд орхилгүй харин ч нэг сэтгэл татмаар, замын хүн бууж саатмаар мод тарьж ургуулах юм өө эд нар. 

Биширмээр. Хүндэлмээр. Ингээд хэлчихээр хэт шүтсэн болчих байх л даа. Үнэндээ би чинь өөрөө гэрийнхээ гадаах нэг модыг нэг ч удаа арчилж байгаагүй болохоор, эдний мод, цэцэг тарих сэтгэлийг, техникийг биширдэг юм өө. 
Хөдөө тосгоны нэгэн эмээгийн тариан талбай дахь цэцэг. Бидэнд зулгааж бэлэглээд. Гэртээ вааранд хийж хэд хоносон. Өнгө орчихож байгаа юм. Хортой цэцэг. Хүүхэд нэг их ойртох гээд хэрэггүй байх. 

Бидний хэдэн монголчууд мэдэхгүй болохоороо баярлаад л авсан чинь орой ахлах ангийн зулзага минь хэлж сануулсан. Хортой шүү гэж. Нэр нь нарцисс буюу сэрүү цэцэг. 

Нэрийг нь мартчих гээд байдаг тул дахин дахин зураг оруулж, нэрийг нь бичдэг шүү. Цээжилтлээ л бичих болно оо. 

Өнөөдөр амралтын өдөр. Яг юуны баярын өдөр билээ? Мэддэггүй ээ. Хэ хэ. Сайхан амарч байна, хийцгүйрч...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年4月28日火曜日

Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал-2

Номын минь үргэлжлэл. Ерөнхийдөө дуусах дөхөж байна. Эхнээс нь бага багаар бичих санаатай. 

Хүнд заах нь заалгахаас, уншсанаа ярих нь эсвэл тэмлэглэл бичих нь дан ганц уншаад л байхаас илүүтэйгээр ойлгож, толгойд үлдэх нь их гэж уншсан хүн чинь ингээд л бичээд байдаг шүү. Хэр өгөөжтэйг нь сайн мэдэхгүй ч...

Мөн хэн нэгэнтэй ярилцчихвал бас зүгээр тийм ээ. 

Гэхдээ хажууд номын тухай ярилцах хүн үгүй. Номын клубынхантайгаа сардаа нэг уулзаж уншсан номоо ярилцах нь үнэхээр сонирхолтой байдаг. Гишүүд маань үнэхээрийн чадварлаг уншигчид. 

Маш олон талаас нь харж, мэдэрч уншдаг хүмүүс. Атаархам. Тэгэхэд би хажууд нь ерөнхийдөө үйл явдал хөөж уншина. Ярьж чаддаггүй талдаа хүн...

Зэвүүн зэвүүн өгүүлбэртэй тааралдсанаа түүгээд бичээдхэе, эхний ээлжинд. 

"Гар утаснаас уяатай манай нийгмийн амьдрал төвөгтэй, дарамттай байдгаас болж биднийг бүрэн туйлдуулахад хүргэдэг. "

Нээрээ л үнэхээрийн энэ гар утаснаас уяатай болчихлоо шүү тийм ээ? Яг хэрэгтэй зүйлээ олж аваад байна уу? гэхээр үгүй юм аа. Болсон болоогүй богино хэмжээний бичлэг л үзээд байх шиг. 

Бас энэ нетфликс гээчээр кино их үзэж байна өө би ч. Үүнийгээ багасгах гэж үзэж тарах л юм. Хоолоо хийнгээ үзэхээр үзэх биш сонсох л юм даа. Хэ хэ. 

"Үхлээ хүлээж буй хүмүүсийн хэд нь ажилдаа эсвэл зурагт үзэхэд илүү цаг зарцуулдаг байж гэж хамарсдаг вэ?" 

Яая бас л айхтар хэлж үү? Энэ номд "Төгсгөлийг нь эхэлж төлөвлө" гэж гардаг юм. Тэгэхээр жишээ нь хүн өнөө маргаашгүй хадан гэртээ очих гээд хэвтэж байхдаа гар утас, зурагт, ажил гэх мэт зүйлсийг боддоггүй байх тийм ээ? 

Гэрийнхэндээ, үр хүүхдэдээ, хань ижилдээ, ижий аавдаа илүү их цаг гаргадаг байж, эелдэг зөөлөн ханддаг байж, уучлал гуйх байж гэх мэтээр боддог, харамсдаг гэж зөндөө л уншаад байгаа хэрнээ, утсаа маажсаар л...

Бяцхан хөөрхөн зулзагатаа аль болох их цаг гаргаж, их нялуурч, ихийг уншиж өгч байхыг хичээж буй ч ажилдаа, өдөр тутмынхаа зүйлд ядраад үе үе хажиглачихсан л сууж байх. 

Гэнэт ухаараад, дуудаж ирээд хамт тоглоно. Мөн эгч нар нь удахгүй үүрнээсээ нисээд, гэрээсээ явчихна даа гэж бодон, амь харилцаа үүсгэхийг хичээж буй ч зулзагууд өөрсдөө найз нөхөд нь чухал цаг үедээ яваа тул ижий аавыг нэг их тоохгүй л байна. 

"Байнга давтан хийдэг үйлдэл маань биднийг тодорхойлдог. Тэгвэл амжилт гэдэг үйл хөдлөл бус дадал юм." Аристотел.

Дадал энэ үг үнэхээрийн хүчтэй юм аа. Бүхий л өөрийгөө хөгжүүлэх номонд гар ч байна өө. Энгийн дадал, 5 секундын дүрэм, мөн энэхүү ном гээд зөндөө л номонд байнга гарч буй үг. 

Миний өөрийн дадал олигтой дадал алга өө. Яахав сав л хийвэл ном дэлгэдэг нэг дадал байна. Гололтгүй. Мөн утас зүү харагдвал барьж аваад аяга угаагчаа нэхдэг нэг дадал байна. 00 орохдоо зүгээр суухгүй, ном барьж ордог нэг дадал байна. 

Бусдаар ашигтай дадал алга. Угтаа гэртээ байхдаа ганц нэг дасгал хийчихдэг дадалтай болмоор байна өө. Санахаараа л ганц нэг хөдөлгөөн хийсэн болчихоод л суудаг болж. 

Буйдан дээр суух бус, газар суудаг дадалтай болмоор байна. Ойр зуур сунгалт хийчихдэг дадалтай болмоор байна. Ойрхон ойрхон гэрээ цэвэрлэдэг дадалтай болмоор байна. 

Та нар ямар дадалтай болмоор байна вэ? 

Өө тийм блогоо бичдэг нэг дадалтай юм байна. Заримдаа онгод орно, заримдаа гарчихна. Гарчихна гэхээсээ илүү цаг зав гарахгүй, мартчихаад пс-гээ дэлгэхгүй байх нь гол шалтгаан нь.

"Өөрчлөлт танаас эхлэх ёстой шүү." 

Мэдээд байна аа, энэ өөрөө эхлээд өөрчлөгд гэдгийг. Гэхдээ хэрэгжүүлэхдээ л "хойрго" хандаад байна аа. Жишээлбэл гар утсаа бага маажих, эрт унтах, оройдоо бага идэх, халбага дарс уух тоогоо багасгах. Гэрээ өдөрт тутамдаа бага багаар цэвэрлэх. 00-оо өдөр бүр арчиж байх. 

Гээд дурдаад байвал дуусахгүй олон зүйл дээр өөрөө эхэлж хөдөлдөг, хандлагаа өөрчлөх, дадалтай болмоор байна өө. Хэ хэ. 

Бусдыгаа захиргаадах биш, үлгэрлэх чухал гэж мэдээд байгаа ч заримдаа ч үнэхээрийн ядраад байх юм. Хажуудах нь хүн нь, үр зулзагууд нь бага зэрэг санаачлагатай байвал тийм ээ? 

"Худалдан авалт хэзээ ч орлогоос давах ёсгүй."

Юмны үнэ асар хурдацтай өсч буй эдүгээ цагт их чухал үг байна уу? Ер нь бол хор нь гарчихсан би чинь нэг их худалдаа хийх гэж улайрахгүй л дээ. Гэхдээ яаж ийгээд л худалдаа хийнэ, нэг үрэхээрээ нэлээд хэдэн төгрөг үрчих гээд байдаг юм. 

Зулзагууд томроод, хэрэглээ нь ч томроод байна өө. Эсрэгээрээ ээжийн хэрэглээ улам багасаад л, ээж өөрөө "жилээс жилд жижгэрсэн жижигхэн буурал ээж минь" гэдэг дуу шиг л байна. Ха ха.

За энэ номныхоо 7 дадлын тухай бичих гэсэн чинь залхуу хүрээд байна өө. Хавар цаг нь гээч байх, тийм үү? 

Онгод минь бууж иртэл та бүхэн тэвчээртэй хүлээгээрэй. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年4月19日日曜日

Хүүхдээ өөрөө хичээл хийдэг болгож өсгөх ээжийн дадал 9

Төгсгөл. Ашгүй нэг дуусгах нь. Ширээн дээр минь хөглөрөөд буй ноорог цааснууд минь ашгүй цөөрөх нь. Гэрээр нэг цаас. Ноорог цаас хэрэгтэй бол хэлээрэй, гэхгүй юу? Хэ хэ.

Бас нэг хичээл хийхтэй холбоотой япон ном уншиж байгаа. Бас л олон хоног зээлж явсан. Хугацаа нь дуусахаар л очиж сунгуулж, буцааж өгөнгүүтээ дахин зээлсээр байтал 3 сарын хугацаатай зээлсэн байх шүү. Дуусгаад блогтоо бичнэ ээ. 

Нийгмийн хичээлийн хувьд нийгэмд тулгамдаж буй асуудал, болж буй үйл явдал зэргийг хамтдаа сонирхож, үздэг, уншдаг, сонсдог байх. Гэртээ зурагтнаас гадна газрын зураг, дэлхийн бөмбөрцөг, толь бичиг гэх мэт зүйлийг тавьж, үе үе үзэж харж, уншдаг байх. 

Энэ нь ямар нэг мэдэхгүй зүйл гарахад шууд л номноос хайж үзэх дадлыг суулгадаг. Мөн түүхэн он цагийг хүснэгт гаргаад цээжилбэл яваандаа их хэрэг болдог. Ингэхдээ төрөл, жанраар нь ангилж, улс төр, соёл, урлаг, түүх, газар зүй гэх мэт. 

Ингэхдээ харилцан бие биедээ асуулт өгч, асууж, хариулж дасгал ажиллавал зүгээр. Хүүхэд асуулт бэлдэхдээ дуртай байдаг. 

4 дүгээр анги хүртэл нь хотууд, аймаг, сумдын нэрсийг цээжлүүлээд, аль аймаг нь юугаараа алдартай гэх мэтийг цээжлүүлчихсэн байх нь тун сайн. 

3-6 нас хүртэл нь аль болох шантралгүй сууж сурах, хичээллэж сурах дадлыг эзэмшүүлсэн байх хэрэгтэй. Ээж аавыгаа харан дуурайж хийх, олон дахин оролдож, алдаж онож хийж сурах, суралцах гэдэг үйл явц өөрөө их тун чиг сонирхолтой юм байна гэдгийг ойлгуулах, өөртөө итгэлтэй байдлыг суулгах, баярлалаа уучлаарай гэж хэлүүлж сургах. Мөн сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлдэг болоход сургах. 

7-9 насны хооронд чаддаг зүйлсийг нь магтаж урамшуулдаг байх. Чаддаггүй байсан зүйлсээ ч хичээнгүй оролдож буйг нь магтах, урамшуулах. Үүнд ганц хичээл ч бус өдөр тутмын амьдралын дадал, спорт хөдөлгөөн гэх мэт ч хамаарна. 

Энэ одоо юу вэ гэдэг амны уншлага байдаг бол арилгахад анхаарах. Энэ үгний цаана "иймхэн зүйл байсан юм уу?" гэдэг санаа явж байдаг тул аль болох сэргийлж "тэр дор нь л" хүлээн авч, суралцах чиг хандлагыг суулгах нь чухал. 

Ёс бус үйлдал, зан авир гаргавал тэр даруйд нь хэлж ойлгуулж байх, загнах. 

Даалгаврыг яг цаг тухай бүрт нь хийлгэж сурах. Даалгаврын агуулгад нь бус өдөр тутамдаа хийж буй гэсэн дадал нь чухал бөгөөд маш сайн. 

Нийгэмд үйлчилдэг ёс зүй, дүрэм журмыг сайтар хэлж ярьж, зааж өгөх. 

Хүүхэдтэйгээ хөзөр, даам шатар сайн тоглож байх. Хүүхдийн ухаан тэлж байдаг. 

Хүүхэд сурсан мэдсэн зүйлээ өөрийн үгээр тайлбарладаг байх нь ач холбогдолтой. Тэгээд ч хүн "заалгахаасаа илүүтэйгээр өөрөө заахаараа илүү суралцаж байдаг" гэдэг шүү дээ. 

13-15 нас буюу дунд ангийнхан. Та болон таны хүүхэд хоорондын харилцаа эрс өөрчлөгдөнө. Та үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Цааглаад ойлгох хэрэгтэй. 

1-т хөндлөнгөөс оролцохгүй байх, харин ажиглана. Байр байдлыг, ярианых нь өнгө аяс, таны асуултанд хариулж буй хариулт зэргийг ажиглах. 

2-т чамд өрөөгөө зээлж байгаа шүү гэж хэлж ойлгуулах. Хүүхдийнхээ өрөөг түлхүүргүй байлгах. Энэ өрөөг чамд бүр өгч байгаа юм биш, түр хэрэглүүлж байгаа юм гэж хэлж ойлгуулах. 

Хичээлээ хийхдээ гар утсаа өөр өрөөнд тавих дадал хэвшүүлбэл их зүгээр. 

Шилжилтийн нас тул ээж аавын үгийг сонсохгүй байх, зөрөх, цор цор хийх тохиолдолд гарна. Энэ нь эрүүл өсөлт бойжилтийн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл хүүхэд тань өсч дэвжиж байна аа гэсэн үг. 

Хүүхэд чинь хүндэлдэг хүн, дээд ангийн хүүхэд гэх мэт яриа өрнүүлбэл түүнийг анхааралтай сонс. Хүлээн зөвшөөр. 

Та ч өөрөө бусад туршлагатай хүмүүсээс тусламж дэмжлэг, заавар зөвлөгөө авангаа хүүхдээ хүмүүжүүлэх нь зүгээр шүү

Зээ ийнхүү номын тухай тэмдэглэлээ дуусгая. Ээ бурхан минь ямар урт тэмдэглэл болов оо тийм ээ? 

Зулзагатай ээж аавуудад бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай. 

2026年4月18日土曜日

Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал

Тойроод л яваад байсныгаа зориглоод эхлүүлчихлээ. Гэхдээ нэг тийм урамтай, хөвөрч уншигдахгүй л байна. Ямартай ч эхлүүлсэн юм чинь уншиж дуусга гэж өөртөө хатуу шаардлага тавьж, уншиж байна. 

Тэгээд ч энэ жилээс өрөөстэй олон номоо цөөлөх зорилттой тул хамгийн чухал нь хойрго хандалгүй, зоригтой эхлүүлэх. 5 4 3 2 1 гэж тоолоод шууд нэг ном гартаа барьж аваад эхлүүлэх. 

Тухайн сардаа унших төлөвлөгөөт номоо мэдээж заавал уншина. 4 дүгээр сарын номоо уншаад дуусчихсан. Хөөрхөн ном байсан. Бичнэ дээ, эндээ. 

За тэгээд өдөрт цайныхаа цагаар, оройд хоолоо хуурах явцдаа гэх мэтээр бага багаар ахиулж байна. Морь унасан толгойгүй хүн шиг уншигдахгүй л дээ. Хайр дурлалын ном биш тул. Хэ хэ. 
Стефен Р. Кови "Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал" гэдэг ном. 

Анх энэ номын тухай клаабхаусаас сонсож мэдээд. Яг номны тухай ярилцаж билүү, уншиж байхад нь олигтой сонсож амжаагүй юм. 

Юүтүбээс Батцэцэгийн ярьсныг сонссон. Нэг л ахиж өгөхгүй болохоор нь дахиж сонсож үзэв. Ерөнхийдөө хэлэх гэсэн санаагаа их л тойруу замаар л бичээд байх шиг санагдсан. 

Бараг 30-д жилийн өмнө бичигдсэн ном юм билээ. 

Өөрт минь хэрэгтэй гэж үзсэний хувьд уншиж дуусгана. Зөндөө л зүйлийг тэмдэглэж цаас наав, тодруулав. Хэзээ нэгэн цагт дахин уншина даа. 

Хамгийн гол нь би хөгжмөөр байна л даа. Мөн бүтээмжтэй баймаар байгаа юм. 

Мөн амттанаа багасгах зорилгоор номныхоо хажууд гүзээлзгэнэ тавьсан шүү. Хэ хэ. Бүгдийг нь идээгүй нь ойлгомжтой. Гэрийнхэнтэйгээ хувааж идсэн. Нэг оройн хоолны дараах амттан. 

Санаачлагатай байх, төгсгөлийг нь төсөөл, хамгийн чухлыг нь эхэнд нь, хамтдаа хож, эхлээд ойлго дараа нь ойлгогд, хүчээ нэгтгэ, өөрийгөө хурцал гэсэн дадлуудыг өөртөө суулгаж, хэрхэн эзэмших тухай танилцуулсан байна. 

Дараагийнхаа бичвэрт дэлгэрүүлээд бичнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年4月17日金曜日

Цэцэгс

Хичээл ном эхлээд жигдрэх тийшээ хандаж л байна. 

Бүгд бор бүрнээ анги дэвшив. Үзүүлээд өгнө өө гэж бодоод байх шиг, бодит байдал дээр хаваршаад, нойр нь хүрээд байх шиг. Ижий яахав кофе ууж нойртойгоо тэмцээд, ямартай ч өдөртөө унтчихалгүй нэг юм оройд орлуугаа яаран яаран орж байна. 

Нэг мэдсэн л өглөө болчихсон байх юм. 

Урин дулаан хавар цаг юм болохоор энд тэнд гоёмсог цэцэгс өнгө алаглаж байна өө. Ажил руугаа алхах зуураа айлын гэрийн гадаах цэцэгсийг харж баясаад, зарим нэгийг нь ширлэн нүүрлээд дарсан. Яадаг юм. Хо хо. 

Түүнээс хувийн мэдээлэл, айлын гэрийг гаднаас нь хараад хүмүүс мэдчихнэ энэ тэр гээд сүржигнээд унаж мэдэх л хүмүүс. 

Энэ алтан зул цэцэг бас л тод гоёмсог өнгөтэй байх юм тийм ээ. Үнэхээрийн хараа булааж чадаж байна лээ. Алхаж байхад бас нэг айлын гадаах алтан зул хараа булаасан. Дараа санавал зураг оруулна аа.
Нэгэн танихгүй айлын гадаах хашааг давж ургасан цэцэг. Эд нар гэрээ тойруулаад мод тариад, тэр нь хашааны үүрэг гүйцэтгэх нь ч бий. Цемэнтээр хашаа хороо барьчихсан айл ч байдаг. 

Гэхдээ хичнээн цемэнт байлаа гээд заавал нэг мод суулгасан байна. Тухайн айлын гэрийн эзэгтэйн сонирхол яваад байх шиг. 
Цэцгээ ойроос дарсан нь. Нэр усыг нь хэлж мэдэхгүй байна өө. Цэцэгчин улсууд л сайн мэдэх байх. 

Би ч гэртээ байгаа ганц мөнхрөө цэцгээ үхүүлчих гээд сандаргаад байх юм. Хааяа нэг харахаар нэг мөчир нь муудчихсан байх юм. Байнга арчилж зүлгэж амжихгүй байна л даа. 

Хамгийн гол нь сонирхол, хүсэл зориг нөлөөлөөд байх шиг. Ном шигээ дурлах хэрэгтэй байх юм. Хичээнэ ээ. 

Та бүхэн ч гэсэн блогоор минь шагайж, гоёмсог цэцгээр мэлмийгээ баясгаарай. 
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年4月12日日曜日

Сакүрадсан нь

Уламжлалт бичлэг. Жил бүр сакүра цэцгийнхээ зургийг оруулж байж сэтгэл амардаг шүү. Энэ жил ч эрүүл саруул, амжилт бүтээлээр арвинтай, ямар ч байсан мэлмийгээ баясгаж чадлаа гэж урам зориг авна...

Энэ жил хэдэн монголчуудаараа цуглаж сакүрагаа үзэж баясцгаав. Шинэ оюутан гэр бүл нэмэгдсэн. Одоогоор ямаршуу ааш араншинтай улс болох, нөхөрлөж болохоор улс уу? Замын дундаас салцгаах нэгэн үү гэдгийг хэлж эс мэдэх. Олон жил хүний нутагт амьдрахдаа юу эсийг үзэхэв, эгч нь. Ха ха. 

Энэ л уулын бэлд олон хаврыг үдэж байна дөө. Олон ч монголчуудтай танилцаж, нөхөрлөсөн. Заримтай нь сайхан нөхөрлөж байна. Зарим нэгтэй нь замын дундаас салцгааж байна өө. 

Яахав шинээр ирсэн зарим нэгэнд нь мэддэг зүйлсээ хэлээд, боломж гарвал туслаад. Хүүхэдтэй бол бүр л их туслахыг хичээдэг дээ. 
Эрт цэцэглээд эрт хагдрах янзандаа орчихсон. Учир нь заавал дундуур нь салхитай, бороотой өдөр байх юм. Нэг өдөр чинь орд харш гэрийг минь хийсгэчих гээд айхтар салхилсан. 

Бүгд л гэр орноо нурах вий гэж санаа зовох бус харин биднийг цуглахаас өмнө сакүра цэцэг нь уначихлаа даа гэж санаа зовсон байгаа юм. 
Аргагүй шинээр ирсэн айл гэдэг нь мэдэгдээд монгол хоолоо хийж ирсэн. Удсан хүмүүс нь будаа мудаахан бөөрөнхийлсхийгээд л бэлэн хоол худалдаж аваад ирчихдэг юм. 

Гурил зуурч элдэнэ гэдэг чинь асар их хөдөлмөр, цаг зав шаардана. Ха ха. 

Бүр борцтой цуйван гэж байгаа. Хил гаалиар азаар ороод ирсэн байна лээ. Жаахан хүүхдүүдтэй явсан болохоор нь айхтар шалгаагүй байж магад гэж бодов. Хо хо. 

Ажилдаа ирж очихдоо мөн сакүра цэцгээ хараад, баяссан. Саяхан нэлээд хөдөө газар луу давхихдаа мөн үзэсгэлэнтэй цэцэгтэй таарсан. Зав гарвал зураг оруулна аа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年4月10日金曜日

Морь унасан толгойгүй хүн

Ном уншихыг үзүүлж өгч байна уу? Хэ хэ. 4 сард хоёр ч ном уншчихсан шүү. Одоо 3 дахь номоо уншиж байна. 4 дүгээр сар дуусах хаа ч байсан юм, дөрөв дэх ном, чадвал 5 дахь номоо ч унших юм шүү. 

Гэснээс та бүхэнд багадаа уншсан номноос чинь одоо хүртэл сэтгэлд чинь тод үлдсэн ном байдаг л биз дээ? Эгчид нь хэд хэдэн ном бий. Гэснээс хойшид эгч нь гээд бичээд явчихдаг юм билүү гэж бодоод. Ха ха. 

Нэг бол дүү нь ч юм уу? Эсвэл найз нь ч гэж бичвэл зохилтой юм болов уу? 

Сүүлийн үед энд сурахаар, сургалтанд хамрагдахаар ирж буй хүмүүс яалт ч үгүй дүү байгаад байна л даа. Жавхлан юм даа. Анх энд ирж байхад "юу ч мэдэхгүй мангар бацаан" гэж хэлүүлээд л явж байлаа шүү дээ. 

Тухайн үед тэгж хэлж байсан "аниа" чухам гэгээрчихсэн, нүүрномдоо ухаалаг ухаалаг үгс их бичдэг гэсэн. Би ч ямар орж үзэх биш, блоклоод хаячихсан. Ха ха. 

За тэр ч яахав. Багадаа "краш"-лаж байсан ахынхаа тухай уншаад. Чухам гэгэлзээд, догдлоод, хацар улаа бутраад ойрд мэдрээгүй мэдрэмж байлаа. Хи хи. 

Майн Рид "Морь унасан толгойгүй хүн" гэдэг ном. Миний үеийн болон, надаас дээд үеийнхэн бол бүгд мэднэ дээ. Доошоо 5 гаран дүү улсууд бас мэдэж магад л юм. 

Гол баатар болох Морис Жеральд. Моринд гарамгай, үнэнч шудрага, эрэлхэг зоригтой, хүн чанар сайтай, өрөвч зөөлөн сэтгэлтэй, эрүүл чийрэг биетэй. Хамгийн гол нь царайлаг. 

Бүсгүйчүүдийн хүсэмжит залуу мөнөөсөө мөн. 

Миний өрсөлдөгч болох бүсгүй нь Луиза Пойндекстер авхай. Мөн моринд гарамгай, өрөвч зөөлөн сэтгэлтэй, гэнэн хонгор, цэвэр ариун, үнэнч шударга. Хамгийн гол нь үзэсгэлэн төгөлдрийн туйл бүсгүй. 

Эрчүүдийн хүсэмжит бүсгүй мөнөөсөө мөн. 

Ийм гоо үзэсгэлэн төгөлдбөр бүсгүйтэй өрсөлдөөд л уншдаг байлаа шүү дээ. Номондоо орж уншдаг байсан гэнэн хонгор нас минь, хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байдаг бол ч дахин нэг очих юмсан. 

Агуулгыг дурдах илүүц байх тийм үү? Биднийг багад өнөөгийх шиг олон ном байгаагүй ээ. Байсан ч бид уншиж амжаагүй байх. Мэдээлэл авдаг суваг нь орос хэл л байлаа, энгийн ард надад. Орос хэлэндээ ч нойлын ногоон тэг байлаа. Ха ха. 

Нэг сонирхолтой нээлт нь би "моринд гарамгай" хүнтэй суусан нь чухам энэ л номны нөлөө бололтой дог шүү. Хань ижил моринд дуртай, адуун дэлэн дээр өссөн монгол эр хүн байхгүй юу? Хөдөөний хөөсөн мантуу ч юм уу? Ха ха. Олоод уншчих вий дээ? Гүндүүгүй нэгэн монгол эр шүү...

Залуудаа царайлаг ч залуу байлаа. Одоо ч уулыг цас, эрийг нас дарна гэгч л болсон. Хүүтэй минь хачин адилхан байсан, багых нь зургийг харсан чинь. Хэ хэ. Би чинь хүүдээ дурлачихсан шүү дээ. Тэгээд хань ижлийг багадаа ийм хөөрхөн байсан юм байх даа гэж бодож энэ тэр. Ккк. 

Ингээд бодохоор хүний далд ухамсарт тод үлдчихсэн байдаг бодол, үзэл, санаа гэж айхтар хүчтэй байгаа юм шүү. Багадаа уншдаг байсан номонд "морь" их гардаг даа. Би өөрөө хотод өссөн, морь унаад давхиж чадахгүй болохоор моринд гарамгай хүнд татагддаг байх нь. Энэхүү номыг уншсанаас хойш шүү дээ. 

За та нарын далд ухамсарт баттай суучихсан үзэл юу байна? Эргэж нэг өөрийгөө ажаарай. 

Энэ хоёр баатраас өөр дүр ч гарна. Хамгийн харамсалтай нь хар залуугаараа, нялхаараа шахуу хорон санаатны гарт амиа алдчихдаг Генри Пойндекстер залуу. Луйзагийн дүү залуу. Хэрцгийгээр алуулчихдаг. Толгойгоо...

За өөрсдөө уншина биз дээ. Үнэхээрийн сонирхолтой зохиол шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年4月8日水曜日

Хүүхдээ өөрөө хичээл хийдэг болгож өсгөх ээжийн дадал 8

Өмнөх бичвэрт уншлагын тухай бичиж эхлээд орхисон байна. Үргэжлүүлэх үү? 

Бага ангид байхад нь нэг номыг дахин адхин унших их чухал. Үр дүнтэй. Ингэснээр тухайн номоо гүн гүнзгий ойлгоход чухал үүрэгтэй. Тухайлбал номын баатрын сэтгэл санааны хувьсал, зохиолчийн хэлэх гэсэн санаа гэх мэтийг ойлгоно. Ганц удаа уншвал ерөнхий агуулгыг ойлгох ч дээрх шиг зохиолын цаад утга санааг ойлгохгүй өнгөрдөг сул талтай. Эхний удаад уншаад ойлгоогүй, анзаараагүй зүйлээ хоёр дахь уншилт, гурав дахь уншилтаар ойлгож, мэдэрч эхэлдэг. 

Мөн зохиолын дүрүүдэд өөрийгөө тавьж үзэх, олон дүрүүдийн өнцгөөр аливааг харах гэх мэт олон сайн талтай. Ном уншиж өгөхдөө энэ дүр, энэ баатар яагаад ингэх болов? Ямар шалтгаанаар тэгэх болов? гэх мэтээр ярилцангаа, асуунгаа уншиж өгөх нь зүйтэй. 

Номын тэмдэглэл хөтлөх, богино байсан ч хамаагүй тэмдэглэж бичих дадал суулгавал бас зүгээр. Ер нь урт тэмдэглэл, урт зохион бичлэг бичих нь сайн гэсэн үг биш юм. Тэгээд ч нэгэнт биччихсэн утга агуулгыг тэмдэглэлдээ нуршин бичих шаардлагагүй шүү дээ. 

Зохион бичлэг бичүүлэхдээ дуртай зүйлээ чөлөөтэй бич гэхээр хүүхэд юу бичихээ мэддэггүй. Хэрхэн бичих, юу бичихийг нь заагаагүй байж зүгээр л бич гэж хэлээд орхих нь буруу юм. Мэдээж сайн бичдэг хүүхэд байдаг л даа. Үүнийг үгүйсгэхгүй.

Хүүхдэд уншсанаа ойлгох чадварыг суулгахдаа эхлээд текст уншуулна. Дараагаар нь асуулт асууна. Тухайлбал хэвлэсэн асуулт дээр ажиллуулах гэх мэт. 

Хүүхэд өөрийн чадлаар мэдээллийг боловсруулж, зохицуулж, ангилж чаддаггүй. Энэ тал дээр эцэг эх, асран хамгаалагчид нь зааж, хэлж өгөх хэрэгтэй. 

Текст уншаад хариулах нь анх удаагаа мэдээллийг, нөхцөл байдлыг тархиндаа цэгцлэх гэдгийн утгыг мэдэж авах боломж болдог. Мэдээж нэг л удаа уншаад хариулж чадахгүй. Ингэхдээ асуултын хариу нуугдаж буй, хариулт агуулагдаж буй хуудсыг дахин сөхөж унших гэх мэтээр дагсал дээр ажиллана. Ийм дасгалыг олон дахин давтаж байж текст уншаад ойлгох чадвар сууна. Мөн уншингаа, ойлгонгоо цэгцлэнгээ унших чадвар сууна. 

Иймэрхүү дасгал дээр ажиллуулахдаа сонолттой асуулт асууж, хүүхдээрээ сонгуулж хариулуулах гэсэн арга бий. Жишээ нь 

1. Би энэ баатрын оронд байсан бол? "тунгаан бодуулах арга". 

2. Энэ номноос шинээр мэдсэн зүйл. "анхаарал чалгах арга".

3. Баяртай, гунигтай, хөгжилтэй байсан зүйлс? "мэдрэмж, сэтгэл хөдлөлөө анхаарах арга".

4. Сэтгэлд тод үлдсэн зүйл. "төвлөрүүлэх арга".

Гэсэн аргууд байж болно. Мэдээж үүнээс өөр олон арга чарга байж болно. 

Хими, физикийн хичээлд "угаасан хувцас яагаад хатдаг вэ?" гэх мэт өдөр тутамд тохиолддог энгийн мэт зүйлсийн талаарх асуулт их ирдэг. Аливаа зүйлийг шинжлэх ухаан талаас нь тайлбарлуулах зорилготой байдаг, эдгээр асуулт нь. 

Тэгэхээр өдөр тутамдаа хүүхэдтэйгээ ярихдаа дээрх шиг өдөр тутмын зүйлсийг шинжлэх ухаан талаас нь асуусан, дүгнэсэн, эргэлзсэн гэх мэт асуулт хариултаар харилцан ярих хэрэгтэй. Багаас нь шинжлэх ухаан гэгч юу болох, хүмүүсийн өдөр тутмын амьдралд шинжлэх ухааны чухлыг ойлгуулах, мэдрүүлэх нь чухал. 

Үүнд юу ч байж болно. Жишээ хүнсний ногоо тарьж ургуулах тухай, хэрхэн арчлах тухай гээд л маш өргөн сэдэв бий. Ингэхдээ хүчилж ерөөсөө болохгүй. Маш энгийнээр, санамсаргүй байдлаар, өдөрт бүрийнхээ харилцан ярианд оруулж өгөх. 

Туршилт хийсэн хичээлд нь ээж аав ч сонирхолтой хандах. Ямар туршил хийсэн бэ? Хөөх тийм үү? Дараа ээждээ, аавдаа зааж өгөөрэй гэх мэт. Мөн гэртээ гарын дорх зүйлсээр хийж болох туршилт байвал хийж болно. Жишээ нь усанд зоосон мөнгөний 1 иен хийхэд хөвдөг, түүн дээр нь аяга угаагч бодис хийхээр живдэг гэх мэт энгийн, хөөрхөн туршилтыг интернетээс хайж байгаад, хамтдаа туршиж үзэх нь хүүхдийн сонирхлыг төрүүлэхээс гадна шинжлэх ухаанд луртай болоход нь асар их чухал үүрэгтэй. 

Ээж аавын сонирхол нь хүүхдүүдийг ч мөн адил уруу татаж байдаг. Хэрэвэ манай хүүхэд химийн хичээлдээ тааруу гэж байвал түүний цаад шалтгаан нь ээж аав нь ч химид сонирхолгүй байх тохиолдол байдаг. 

Бодоод байсан чинь нээрээ л зулзагууд минь тооны хичээлд "нэг их дуртай биш" байсан. Ээж нь яриандаа тооны хичээлдээ тааруу байсныгаа ярьдаг, нэг их тоодоггүй байж. Хэ хэ. Үүнийгээ одооноос засна аа. Бага зулзагатаа ээж нь, аав нь бүх хичээлдээ дуртай гэж ярьж, хэлж, тоож байя. 

Энэ удаад ингээд өндөрлөе. Одоо цаана нь хэдхэн хуудас тэмдэглэл үдэж. Түүнийгээ дараа нэг бичвэр болгож бичээд энэ ном ерөнхийдөө дуусна. 

Бараг нэг номыг орчуулчихав уу? Яав. Хэ хэ. 

Хүүхдүүдтэйгээ сайн ярилцаж байгаарай, сайн уншиж өгч байгаарай. Цаг гаргаж байгаарай. Багад нь ингэж чадвал хүүхдээ томроод эдэв ааш суухад нь танд ирэх ачаалал багасна шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2026年4月7日火曜日

Амттан

Би амттанаас гарна гээд зарлачихсан байгаа юм л даа. Хэ хэ. 

Тэгсэн чинь чи ингээд амттанаа гар гэсэн шиг энд тэндээс амттан их ирж байна аа. Хаалга тогшоод л ороод ирнэ. Ха ха. 

Эргэн тойрныхон минь чи чадах уу? хэд хоног амттанаас хол байхыг чинь харна аа гэж мэгээд айлгаад байх юм. Ха ха. "Монголын хууль гурав хоног" болгочихгүй юмсан даа, нэрээ бодоод. 

Алтан хөршийн минь хийсэн кекс. Үе үе ингэж оруулж ирдэг юм. Ялангуяа зулзагуудыг минь шалгалт шүүлэгтэй үед хийж өгөх нь их. Зулзагуудынхаа буянд олон сайхан хүмүүсээр хүрээлэгдээд, төрөл бүрийн амттан идээд л. Хо хо. Элдэв чимэглэлтэй бялуу зэргээс энэхүү даруухан кекс нь илүү эрүүл хүнс юм даа тийм үү? 
Шига мужид амьдардаг найз дүү хүүхэн манайд ирэхдээ өөрөө хийж ирсэн. Сэтгэл гэж агуу юу? Би бол залхуураад л бэлэн юм л авчихна. Хэ хэ. Арвайн гурил, бүхэл үрийн гурил гээд л хольж хийсэн гэсэн. Чёко байхгүй байсан тул байсан зүйл нь тараг байхаар нь таргаар бүрсэн гэсэн. 

Бага зэрэг исгэлэндүү амттай, элдэв бодис холиогүй эрүүл хүнс байлаа. Баярлалаа, чамдаа. Бүх зүйлд нь амжилт хүсье. 
Ойрд боорцог идээгүй, хачин сайхан амттай байлаа. Нэг хэсэг бид ч боорцог хийж иддэг, бүр зардаг байлаа. Байнгын уншигчид минь мэднэ дээ. Улсаа танилцуулах арга хэмжээнд боорцог хийж байгаад л, монгол бөхчүүдийн иддэг өглөөний цай, тиймээс л манайхан танай сүмод хүчтэй байдаг энэ тэр гээд л. Ха ха. Сэргэлэн байна уу би нь? 

Ямартай ч хэд хоног амттан идэхгүй тэссэнээ дараа тайлагнана аа. Та нар ч бас бага шиг амттан идээрэй. Идсээр байвал нэг л өдөр над шиг хөвсгөрөө барьж дийлэхгүй үзэсглэнтэй болчихно шүү. Ха ха.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2026年4月6日月曜日

Зам

Овоо хэдэн жилийн өмнө аав минь охиндоо авчирч өгсөн ном. Аав минь багадаа уншиж байсан ном. Олон жил хадгалаад, саяхан зориглоод номын тавиур дээрээсээ буулгаад, ойрхон байлгаж байгаад, уншиж дуусгалаа. 

Багадаа ч юм уу? Соц нийгмийн үед уншсан бол нэлээд, бүр онц сонирхолтой байж магад л роман байлаа. Эдүгээ үед бол мэдээж агуулгын хувьд нэлээд үзэл сурталтай, орос ах нарыг магтан дуулсан агуулгатай. 

Ядаж байхад орос нь дайн зарлаад, дайтаад байгааг ч хэлэх үү? Өмнөх дайнаасаа сургамж авдаггүй юм байх даа? Хэнд хэрэгтэй гэж дайтнав? гэж мэгж бодсон шиг суугаа өдий цагт оросыг өмөөрөх хүсэл төрөхгүйд гол учир байх шиг ээ...

За гэхдээ ганц энэ роман ч бус юм аа. Дээхний ихэнх романууд заавал оросыг магтан дуулсан, ардын намыг магтан дуулсан л биш бол хэвлэдэггүй, боож хаадаг байсан болохоор бүгд шахуу л хойд хөршдөө, нам засагтаа тал засдаг байж дээ. Өрөвдмөөр ч юм шиг...

Намсрайн Банзрагч "Зам" роман. Уртын дуучин Норовбанзад гуайн нөхөр гэж байна шүү. 

Аав минь "За яасан? Хоцрогдсон агуулгатай байна уу?" гэж асуусан. Хэ хэ. 

Хоцрогдох ч юу байхав, түүх л юм даа тийм ээ? 

Агуулгын хувьд монголд анх удаагаа "машин", "чийчаан" орж ирж байсан тухай, мэдэхгүй түмэн олон яаж хүлээж авч байсан тухай гарна. 

1965-1966 онд бичигдсэн гэхээр аргагүй аав минь бага байжээ. Уншсан цаг хугацаа нь өсвөр насандаа л болов уу? Хөдөө орон нутагт ном сэтгүүл бага зэрэг оройтож хүрдэг байсныг үгүйсгэхгүй. 

Монгол Трансын анхны жолооч болох Торгон Жанцан гэдэг хүний бодит амьдралаас сэдэвлэн бичсэн гэнэ. Орос, Чех, Румин, Белорус гэсэн хэлнүүдэд орчуулагдсан байдаг гэнэ. Их эд ээ. Хэ хэ. 

Монголын уран зохиолын дээжис 108 боть номнуудын 61-т цуврал болон хэвлэгдсэн байдаг гэнэ. 

Өлзий гэх анчны ганц хүү Дугарын амьдралын тухай өгүүлнэ. Багаасаа өнчин өрөөсөн өссөн түүний амьдрал адал явдлаар дүүрэн гэж юүхэв. Угтаа зам тээврийн тухай хэдий мэт боловч хүмүүний "амьдралын зам"-ын тухай, тэрхүү замаа хэрхэн зөв сонгох, буруу зам сонговол хэрхэн бүтэлгүйтдэг тухай өгүүлсэн ном байлаа. 

Дугарын дүрээр хар буруу санаагүй, гэнэн хонгор, ёстой л монгол хүний уужим, тусч, эгэл бор зангийн тухай, Сүхбатын дүрээр атаархуу, зальжин, шунаг зангийн тухай өгүүлнэ. Мэдээж их олон дүр гарна. Насанхүү гэгч сайхан монгол эмэгтэйн дүр ч бий. 

Хүний амьдралын нандин учрал, хайр дурлал, ээнэгшин дасах, хагацал, зовлон, үзэн ядалт, баяр хөөр, уй гуниг, шунал хүсэл, атаа жөтөө гээд бүхий л зүйл гарна. Тэр бүрт "нээрээ л тийм дээ, өө мангар аа, харамсалтай юм аа" гэж тухайн дүрүүдэд орж уншина. Тархин доторх хар мянган бодлоосоо ангижирч бясалгал болдог гэдэг нь ингэж номондоо орж уншихыг л хэлдэг байх тийм ээ? 

Хүний мөс гээч зүйл үеийн үед их чухал юм даа гэж бодогдох. 

Дээхний ном тул гоё гоё ишлэлүүд их таарна. 

"Нуур амар бол нугас амар".

Энэхүү зүйр цэцэг үгийг уншаад өнөөгийн монголын минь нийгмийн элдэв үйл явдлуудад яг таарах зүйр үг байлаа. Нэг л биш ээ, улс төр. Түүнийгээ дагаад иргэд бид нь бас бухимдалтай, ууртай, ирээдүйдээ итгэлгүй ч болоод байх шиг...

Болдогсон бол нисэж очоод бүгдийг нь байр байранд нь тавьчихмаар, өөрөө би еөк болчихмоор. Ха ха. Та нарт бас тэгж санагддаг уу? Ний нуулгүй хэлээрэй.

Зам гэснээс бид ч хүний амьдралын нэгэн жимээр энд өөрсдийн гэсэн замаар л хорвоогийн тоос хөдөлгөж байна даа. Өөрсдийн сонгосон зам, шулуун дардан бус ч өөрсдийн минь зам...

...Мөн Японд хаа очиж засмал зам нь бат бөх, олон салаа, хүн зоныхоо ажуй амьдралд асар том үүрэгтэй юм даа. Яг одоо бид Туул голоо сэтлээд гэчихэв үү? Хашиж байгаад гэчихэв үү хурдны зам барих тухай яригдаад, халуун сэдэв болоод байгааг ч хэлэх үү? 

Цэвэр усны нөөцтэй нь асар ихээр холбоотой ганц голоо үгүй хийчих гээд байх юм тийм ээ? Мэргэжлийн бус хүн болохоор байгаль эхээ л хайрлацгаая гэж хэлмээр байна өө. 

Түгжрэлийг арай өөр аргаар зохицуулж болмоор. Жижигхэн хотдоо бас алхаад байж болмоор... Энэ алхах нь нэг л гаргалгаа нь шүү. Түүнээс бүгдийг нь алхацгаа гээд байгаа юм биш шүү. Ккк. 

Романы тухай бичиж явснаа ихэд халих юм даа гэж. 

Ном уншмаар, ном уншуулмаар байдаг хүмүүс минь нэг уншаарай. Эх орныхоо нэгэн түүхэн он цагийн уран зохиолтой танилана шүү. 

Аавдаа баярлалаа. Хайртай шүү. Номонд дурладаг болсон минь ижий аавын минь нөлөө шүү дээ...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.