Өнгөрдөг баасан гарагт дунд сургууль дээр очиж яриа сонсоод. Эцэг эх багш нарын зөвлөлөөс жилд хэдэн удаа ийм яриа хийдэг. Гаднаас хүн урьж авчирч яриулдаг.
Сэдэв нь янз бүр. Тухайн цаг үед ихээр яригдаж буй асуудал байх нь элбэг.
Энэ удаагийнх нь сургуулийн дүрэмт хувцасны тухай байлаа.
Сүүлийн үед ихэнх сургуулиуд дүрэмт хувцсаа шинэчилж байгаа юм байна. Би ч эгчийн өмсөж байсан дүрэмт хувцас солигдоогүй байсанд баярласан. Учир нь дүү нь өмсөнө. Хэмнэлт шүү дээ.
Одоо удахгүй элсэж орох ахлах сургуулийн дүрэмт хувцас бас л шинэчлэгдээгүй байгаасай гэж бодож байгаа. Гандан буурахгүй өмс гээд л зүтгэнэ дээ. Дүү бол мэдээж шинийг авахуулах сонирхолтой.
Тамирын хувцас харин шинэчлэгдсэн байсан. Худалдаж авсан. Өмнөхийгөө бодвол угаахад амар, хатахдаа хурдан байсан. Их зүгээр.
Тэгсэн чинь зүгээр л нэг шинэчилэх үү гээд шинэчилдэггүй юм байна. Их учир жанцантай гэнэ шүү.
Сүүлийн үед хүйсийн асуудал их яригдах болсон тийм үү? Бэлгийн цөөнх сурагчдад зориулж шинэчилдэг гэнэ шүү. Хэн ч өмсөж болохоор, биед эвтэйхэн байхаар гэх мэтээр бодож, судалж, сурагчдаасаа асууж, бэлгийн цөөнх хүмүүсийг сургуульдаа урьж авчран яриа хийлгэж, эцэг эх асран хамгаалагчдад энэ мэтээр урьдчилан хэлж ярьж, ойлгуулж, мэдлэгжүүлж байж шинэчлэх тухайгаа шийддэг байх нь.
Жишээ хэлж өгсөн.
Нэг сурагч багадаа "охин" гэж эмч хэлсэн, хүйс нь ч охин гэж явдаг байж. Харин уг хүүхэд өөрийгөө хэзээ ч охин гэж бодож байгаагүй, эрэгтэй л гэж боддог байсан. Багадаа ч яахад богино өмд, цамц өмсөөд яваад болдог байж.
Тэгсэн дунд сургуульд орох болсон чинь нэг толгойны өвчин гарч ирсэн нь тухайн сургуулийн дүрэмт хувцас. Юбка өмсөх шаардлага гарсан. Энэ тухайгаа багшдаа өмсмөөргүй байна гэж хэлсэн чинь өөдөөс нь эмэгтэй болж төрсөн юм чинь өмсөхөөс өөр аргагүй шүү дээ гэж.
Ингээд л юбка өмсөж сургуульд явах нь түүнд асар их дарамт болж ирсэн гэнэ.
Тэгэхээр бэлгийн цөөнх болсон цөөхөн сурагчдынхаа төлөө ингэж санаа тавьж, сэтгэл гаргаж, асуудлыг шийдээд явж байна өө.
Тэгсэн манайх уламжлал, дархлаа яриад ирээдүйд улс эх орныг нь авч явах бяцхан жаалуудаа хөхөө өвлийн хүйтэнд морь унуулж уралдуулна гээд зүтгэх. Хөдөө өссөн хажуудах хүртэл дархлаа яриад, "морь унаж үзээгүй чи дуугай бай" гэж үү?
Гэдэн хөдлөөд байгаа. Өөрөө морь унаж үзсэн байж болно, гэхдээ хөхөө өвлийн хүйтэнд уралдаж үзээгүй л байгаа байхгүй юу? Хэсэгтээ дуугарахгүй ээ, энэ нөхөртэй. Ха ха.
Уламжлалыг бол үгүйсгэхгүй байгаа, харин цаг үетэйгээ тааруулаад, зохицоод, улам хөгжингүй, боловсронгуй болгоод явах ёстой юмыг л балар эртнийхээ уламжлалаар явах гэж зүтгээд, түүнээс нь болоод хүүхдүүд бэртээд, гэмтээд, нас бараад байхад л...
Тэгснээ өөрийнхөө хүүхдүүдийг унуулахгүй, жаахан ядарсан, ар гэр нь боломж муу, унаад бэртлээ гэхэд, нас барлаа гэхэд заргалдаад гүйгээд байхааргүй мэдлэг, боловсрол тааруухан хүмүүсийн хүүхдүүдийг л "ашиглаад" байхад.
Хэдийгээр эцэг эх, асран хамгаалагч нь мэдлэг, боловсролгүй, хэл ам хийгээд байхааргүй байж болно. Харин тухайн хүүхэд ирээдүйд ямар ч хүн болж болно. Том болоод, мориноос унаад бэртсэндээ харамсаад, ээж аавыгаа буруутгах л байх даа.
За за сонссон мэдсэн зүйлээ бичиж байсан хүн чинь монголын өнөөгийн сэвээд буй сэдэв рүү хальчихлаа.
Иймэрхүү яриа сонсохоороо "миний асуудал биш бусдын л асуудал" гэж боддогүй, хэрэв өөрт минь иймэрхүү зүйл тохиолдвол яах вэ? Хэрхэн хүлээж авах вэ гэж их боддог болжээ.
Тэгээд ч хэлж мэдэхгүй шүү дээ тийм үү? Хамгийн чухал нь харилцан бие биенээ ойлгох, хүндлэх, адилхан л хүн гэдэг өнцгөөс нь харж сурах ёстой юм шиг...
Мэдээд, сонсоод, суралцаад, хөгжөөд л явахгүй бол ч...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.