2021年7月31日土曜日

Ургац арвин

Ургац арвинтай. Өөрсдөө тарьсан юм шиг очиж иддэг. Харьж ирэхдээ тор дүүрэн авч ирдэг. 

Хань ижил "Хөдөөний оюутан хүүхэд хөдөө гэртээ харьж ирэхдээ гэрээсээ шуудай дүүрэн хүнстэй ирдэг шиг л" гэж зүйрлэдэг юм. Хи хи. 

Хөдөөний хүүхэд хотод оюутан болж ирээд, хааяа нэг харихдаа жаал боорцог, ааруултай ирээд, орой ирэхэд дуусчихсан байдаг байсан гэж ярьдаг юм. Дотуур байранд нэг жил болохдоо их л юм үзсэн дээ гэж дурсан ярина аа.

Нэр усыг нь хэлүүлтгүй биз дээ? Энэ жижиг нь өргөст хэмх. Өөрсдөө тариалдаг гэхэд их мундаг өө. Өдөр бүр жаахныг хурааж аваад, жижиг дэлгүүр, цайны газарт аваачиж тавьдаг. 

Оройд зарагдсан ногооныхоо мөнгийг, үлдсэн ногоотойгоо авчраад хоолондоо хийчихдэг юм билээ. 

70 гарчихсан өвөө эмээ хоёр шүү дээ. Мундаг гэхээс өөр юу гэхэв.

Энэ өвөрмөц ногоон өнгөтэй, гонзгойг нь японоор ゴーヤ, англиар Bitter melon гэдэг гэнэ. Монголоор хэлж мэдэхгүй байна. 

Гашуун амттай. Нетээс хайж үзээрэй, хэлтэй устай манайхан. Нимгэн хэрчээд, махтай хуураад идчихдэг би. Зулзагууд дургүй, гашуун гээд. Хүчээр ганц нэг хэрчмийг идүүлнэ. 

Бага зулзага бол огт идэхгүй ээ. Томрохоороо идэх байх.

Үүнийг бас тарина. Олон төрлийн ногоо тарьж байна уу? Биширмээр хоёр хөгшин бий. 

Бид очихоороо мэдээж ажилд нь туслана. Ярьж хөөрнө. Хүний мөрөөсөл болсон байдаг юм. Оройд ганц хундага тулгацгаана.

Мэдээж нас дээр гарсан болохоор элдэв хууч бий. Өвгөн нь зайлуул бага зэрэг догоноцож алхдаг болсон. Хөлөндөө мэс засал хийлгэсэн гэх тэм. 

Гэхдээ л зүгээр суухгүй, зүгээр суувал бүр дордоно гэж үздэг вм билээ. 

Гэтэл манайхан ижий аавыгаа, эмээ өвөөгөө аль болох зүгээр суулгах дуртай тийм ээ? Энэ чинь буруу юм билээ шүү. Өөрт нь тохирсон ажил, хөдөлгөөн хийлгэж байх хэрэгтэй гэсэн шүү. 

Нэг иймэрхүү, түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年7月30日金曜日

Зовлонгоо өөрчлөх бясалгал

Өнөөх "Амьдралдаа Зен Буддизмын сургаалиас хэвшүүлснээр амар амгалан хүрэлцэн ирнэ" гэдэг номноос ганц нэг бясалгах аргыг нь хөрвуулж хүргээд байгаа ухаантай шүү.

Номын нэрнээс авахуулаад орчуулга маань сэтгэлд нэг л хүрэхгүй байгаа. Утгаар нь ойлгоод явчихаарай.

Энэ удаагийн бясалгал нь "Өөрийн зовлонг өөрчлөх бясалгал" гэдэг гарчиг байна. 

Зовлонт мэдрэмжээ хүлээн зөвшөөрч, түүнтэйгээ найрамдахын тулд дараах бясалгалыг хийж үзээрэй.

1. Амьсгалаа авангаа өөрийн биед анхаарлаа төвлөрүүлэх. 

Амьсгалаа гаргангаа өөрийн биед инээмсэглэл бэлэглэх.

2. Амьсгалаа авангаа өөрийн биеийн өвдөлтөнд анхаарлаа төвлөрүүлэх.

Амьсгалаа гаргангаа өөрийн биеийн өвдөлтөнд инээмсэглэл бэлэглэх. 

3. Амьсгалаа авангаа өөрийн сэтгэлийн зовлонд анхаарлаа төвлөрүүлэх.

Амьсгалаа гаргангаа өөрийн сэтгэлийн зовлонд инээмсэглэл бэлэглэх. 

4. Амьсгалаа авангаа сэтгэл дэх айдастаа анхаарлаа төвлөрүүлэх.

Амьсгалаа гаргангаа сэтгэл дэх айдастаа инээмсэглэл бэлэглэх. 

5. Амьсгалаа авангаа сэтгэл дэх санаа зовнилдоо анхаарлаа төвлөрүүлэх.

Амьсгалаа гаргангаа сэтгэл дэх санаа зовнилдоо инээмсэглэл бэлэглэх.

6. Амьсгалаа авангаа сэтгэл дэх уйтгар гунигтаа анхаарлаа төвлөрүүлэх.

Амьсгалаа гаргангаа сэтгэл дэх уйтгар гунигтаа инээмсэглэл бэлэглэх.

7. Амьсгалаа авангаа сэтгэл дэх уур хилэндээ анхаарлаа төвлөрүүлэх. 

Амьсгалаа гаргангаа сэтгэл дэх уур хилэндээ инээмсэглэл бэлэглэх.

8. Амьсгалаа авангаа сэтгэл дэх атаа жөтөөндөө анхаарлаа төвлөрүүлэх.

Амьсгалаа гаргангаа сэтгэл дэх атаа жөтөөндөө инээмсэглэл бэлэглэх.

Гэж бичжээ. Инээмсэглэл бэлэглэх гэдэг нь жишээ нь уур хилэнгээ нэг их үзэн ядалгүй зүгээр л нүүрэндээ инээмсэглэл тодруулах юм болов уу? Сайн мэдэхгүй л байна. 

Ютүбээр хөтөчтэй бясалгах аргууд байдаг гэсэн нээрээ. Бясалгал сонирхож байгуу улсууд орж үзнэ биз ээ. Тэгэхээр энд бичээд байгаа зүйлсийг зах зухаас нь ойлгож магад. 

Би ч үзэж амжаагүй явна өө. Ямартай ч энэ номоо уншиж дуусгаад, цаана нь дахин нэг Тич Нат Ханы ном бий. Түүнийг дуусгаад, ютүбээр жаал бясалгалын тухай хайж үзнэ гэж бодож байгаа. 

Дэс дараалалтай явахгүй бол толгойд есөн жорын юмс, бодол, төлөвлөгөө, ажил эргэлдээд. Дотор нь будлихгүйн үүднээс нэгийгээ дуусгаад нөгөөгөө эхлэх гэж зарчим баримтлана аа.  

Монголоор ч ганц нэг хүмүүс заасан байдаг гэсэн байх шүү. мэдвэл хэлж өгнө өө, та нартаа. Та нар бас мэддэг зүйлс байвал хэлж өгөөрэй. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年7月29日木曜日

Мөнгө ба жимс

"Мөнгө"-тэй боллоо тийм ээ? Баяртай л байгаа биз дээ?

Тэрхүү баярт мөчөө, сэтгэлийн хөөрлөө архиар бус, жимсээр тэмдэглээд. Мөн цагаан идээгээр. Гэгээрсэн байна уу? Биш ээ төрөл арилжиж уу? Хэ хэ.

Plum буюу лис. Бас хар чавга гэж орчуулдаг шиг байна. Prune-ийг бас хар чавга гэдэг тийм ээ? Лис гэдэг үгийг бараг анх удаагаа харж, уншиж байна өө. Өмнө нь монголоор юу гэдэг юм бол гэж хайж үзэж байгаагүй. 

Үнэн залхуу, хойрго, мэдье гэх чин хүсэлгүй, мулгуу байжээ. Хойшид энэ байдлаа засахыг хичээнэ ээ. 

Хөлдөөсөн гүзээлзгэнэ. Халуунд ингэж хөлдөөчихөөд идэх чинь бас л сайхан юм билээ. Ер нь энэ хөлдөөнө гэдэг чинь их сайхан санаа байна лээ шүү. Би хөлдөөж мэдэхгүй, заримдаа муутгаад байдаг юм. 

Аминдаа дор бүр нь идээд, уугаад явчих юмсан гэж боддогтой минь холбоотой байх даа. Жаахан арвин зүйлээ, удаах гээд байвал хөлдөөж байна аа.

Энэ жимсний нэрийг мэдэж чадсангүй. Хэлснийг нь би мартчихаж. Өршөөгтий. 

Нэг иймэрхүү олимпийн медалиудаа тэмдэглэж байна. Та бүхэн ч гэсэн архи ууж биш, жимс идэж, нэг бол цагаан идээгээр тэмдэглээрэй. Хи хи. 

Хажуугаар нь би тараг ууж, зайрмаг идсэн. Хааяадаа зайрмаг идэж, өөрийгөө баясгаж байгаа нь тэр.

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年7月28日水曜日

Хүрэл бас жимс

4 хоног сайхан амарчихаад ирлээ. Сайхан ууланд очиж, байгаль дэлхийтэйгээ ойрхон. 

Олимпийн нээлт, зохион байгуулалтандаа зориулж энд амралтын хуваарийг өөрчилсөн юм. Тэгээд л пүрэв, баасан, бямба, нямд амрав. 

Амралтаараа мэдээж, олимдийн нээлт үзэж, эх орныхоо тамирчдыг харж баясав.

Хоёр сайхан "ХҮРЭЛ" медалиа тэмдэглэв. Энэ удаад асар өөртөө хэрэгтэйгээр, эрүүлээр тэмдэглэсэн. Яаж гэдэг доорх зурагнуудаас харахад ойлгожмтой. Хэ хэ.

Тоор жимс. Улирал нь. Жаахан үнэтэй зарагддаг. Уулын япон ээж аав минь тариалдаг. Даанч энэ жил хамгийн сүүлчийн тариалалт. Ирэх жилээс ургаж хураахгүй. Модыг нь тайрч газраа амраана. Өөрсдөө ч амарна.

Уулынхны минь танил нь тарьдаг нэрс. Их том ширхэгтэй байсан. Хэдэн өдөр би үүнийг л хивэв шүү дээ. 

Энэ жил нэрс түүхээр яваагүй юм байна. Ирэх жил зулзагуудаа дагуулаад заавал явах юм шүү. 

Энд нэрстэй тараг, нэрстэй амттан, нэрсний чанамал их байдаг. Би бол ийм оригт нь илүү дуртай. Гэм нь нэг дор идчих гээд байдаг.

Инжир жимс. Суугуул нутагт минь бас тэр бүр харагдаад байдаггүй. Хаа нэгтээ дэлгүүрүүдэд зарагддаг ч нэг их тоодоггүй юм. Хэ хэ. Бага зэрэг үнэтэй эд ээ. 

Амралтын өдөр ч тэгээд идэж ууж өнгөрдөг дөө, энэ удаад харин үзэх вмтай сайхан байлаа. 

Хамгийн гол нь ууланд шөнөдөө сайхан сэрүүхэн. Сэнс, сэрүүцүүлэгч гэх мэт асаахгүй. Эхний шөнө би бараг даарсан шүү дээ. Өдөр нь халуун мөртлөө шөнөдөө тэгж элдэв зүйл асаалгүй хонох чинь яасан ч сайхан юм. 

Болдог бол шөнөдөө сайхан ууланд очиж хонодог баймаар байна өө. 

Олимпоо жаргаж үзээд, энэ хар халууныг давна даа. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年7月26日月曜日

Шулаганадаг болов

Дунд зулзага дүүгээ сүрхий ярьдаг болсныг гайхаад "Ингээд л юу ч хамаагүй ярьдаг болчих гэж" гэж өхөөрдсөн. 

Манай зулзагууд хурдан хэлд ордог юм билээ. Охид угаасаа хэлд орох нь хурдан гэдэг ч миний бага зулзага эр мөртлөө хурдан хэлд орсон.

Ингээд бодохоор хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой юм байна шүү. Жаахан оройтож хэлд орж байвал нэг их битгий сандраарай. Харин сайн ярилцдаг байгаарай. Ном сайн уншиж өгөөрэй. 

Нэг номыг олон дахин уншиж өгөх, нэлээд хэд уншсаны дараагаар зарим нэг үйлдлийг нь хүүхдээрээ хэлүүлж, харилцан ярьж уншиж байгаарай. 2 охин зулзагаа номонд дуртай болгосон миний туршлага шүү. 

Одоо бага зулзагаа уншдаг болгоно гэж үзнэ дээ. Эрэгтэй хүүхэд уг нь их уншдаг байвал сайн гэж мунхаг би боддог оо. 

Оршлоо дандаа урт бичдэг шүү золиг чинь. Ккк. 

Тэгсэн нээрээ л хэлэхгүй үг, ойлгодоггүй үг гэж байхаа больжээ энэ хүнд. Ганц нэг үгийг буруу хэлээд л эгдүү хүргээд байна. Мартахгүйн тулд блогтоо оруулав. 

Мирокон-Римокон буюу зурагтны удирдлага. 

Кэпотто-Покэтто буюу халаас.

Марухой-Марүфой буюу Харри Поттерийн Малфой. 

Гэснээс бид, худалч хүнд өдөрт зоолттой нэг удаа энэ Харри Поттерийн аль нэг ангийг үзэж байна. Харри Поттероос өөр дүр мэддэггүй шахам би хүртэл Малфой гэдэг нэртэй боллоо. Ха ха. 

Намэ-Дамэ буюу болохгүй, үгүй, боль гэх мэт их л олон утгаар хэрэглэдэг. 

Гован-Гохан буюу будаа. Зарим үед хоол гэдэг утгаар хэрэглэнэ.

За энэ үгнүүд нь зарим нэг англи үгийг японжуулсан дуудлагатай шүү. Гайхаад унав. Хи хи. 

Монгол хэлээ яасан бэ? гэж бодож байна уу? Мэдээж өдөр бүр сонсгож байгаа. Ор тас хэрэглэхгүй байна гэж байхгүй. Зарим нэг түргэн ууртай хүмүүс минь сайхан уртаар амьсгалаа авч, гаргангаа юмыг наанатай цаанатай бодож сураарай. Хэ хэ. 

 Яг ингээд бичсэн чинь санахгүй юм. Сонин шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年7月23日金曜日

Энэрэнгүй сэтгэлээр сонсох бясалгал

Эхнээс нь бясалгах аргуудаас нь бичихээр шийдлээ. Өөртөө зориулж шүү. Бусдад зориулах гэхээр орчуулга тал дээрээ маш их цаг, хөдөлмөр зарах гээд байна л даа. Хэ хэ. 

Тэгэхээр энэ удаад өөртөө зориулж гэдэг үгээр аргацаав. Хо хо. 

1. Амьсгалаа авангаа яг одоо амьсгалаа авч байна гэж бодох

 Амьсгалаа гарганаа яг одоо амьсгалаа гаргаж байна гэж бодох.

Амьсгалаа аваад, амьсгалаа гаргаад. 

2. Амьсгалаа авангаа биеэ тайвшруулна (сул тавина). 

Амьсгалаа гаргангаа инээмсэглэнэ. 

Биеэ тайвшруулж инээмсэглэнэ.

3. Амьсгалаа авангаа би зовж шаналж байна гэж бодох. 

Амьсгалаа гаргангаа нигүүлсэнгүй сэтгэлээр инээмсэглэх.

Миний зовлонг өрөвдөж нигүүлсэнгүй сэтгэлээр инээмсэглэх. 

4. Амьсгалаа авангаа чи ч бас зовж шаналж байна гэж бодох.

Амьсгалаа гаргангаа нигүүлсэнгүй сэтгэлээр инээмсэглэх. 

Чиний зовлонг өрөвдөж нигүүлсэнгүй сэтгэлээр инээмсэглэх. 

5. Амьсгалаа авангаа бид бүхэн зовж шаналж байна гэж бодох.

Амьсгалаа гаргангаа бидний хэнд ч шинэ боломж гараасай гэж бодох. 

Бидний зовлон шаналалд шинэ боломжийг...

6. Амьсгалаа авангаа сонороо хандуулъя гэж бодох. 

Амьсгалаа гаргангаа яриаг тань сонсъё гэж бодох.

Сонороо хандуулж, яриаг нь сонсох.

7. Амьсгалаа авангаа чиний зовлон шаналалыг сонсъё гэж бодох.

Амьсгалаа гаргангаа чамайг сэтгэл зүрхнээсээ хүлээн авъя гэж бодох.

Чиний энэлэлтийг хүлээн авах. 

8. Амьсгалаа авангаа чиний үл ойлголцлыг сонсъё гэж бодох.

Амьсгалаа гаргангаа уур хилэнд хэт автахгүй байх гэж бодох.

Үл ойлголцолд ч уурлан хилэгнэхгүй байх.

9. Амьсгалаа авангаа би чамайг зовоосон гэж бодох.

Амьсгалаа гаргангаа уучлаарай гэж бодох.

Чамайг зовоож шаналгасанд уучлаарай. 

10. Амьсгалаа авангаа сэтгэл зүрхээ нээе гэж бодох.

Амьсгалаа гаргангаа миний зүрх сэтгэлд чамайг хүлээн авах орон зай бий гэж бодох.

Сэтгэл зүрхээ нээн чамайг хүлээх авах.

11. Амьсгалаа авангаа би аз жаргалтай болмоор байна гэж бодох.

Амьсгалаа гаргангаа чи ч бас аз жаргалтай болооосой гэж бодох. 

Миний аз жаргал, чиний аз жаргал.

12. Амьсгалаа авангаа бид бүхэн аз жаргалтай буй дүр төрхийг бодох. 

Амьсгалаа гаргангаа энэ л миний чин хүслэн байсан юм гэж бодох.

Бидний аз жаргал, энэ л туйлын хүслэн.

Ёх, цуцчихлаа. Хэ хэ. Үг сонголт дээр жаахан дутмаг байж магад. 

Бодох гэдэг үгийг зарим хэсэгт нь төсөөлөх гэж бичиж болохоор санагдав. Мөн чиний гэдгийг зарим хэсэгт өөрийн гэж хэлж болохоор ч юм шиг. 

Бясалгана, бясалгаж байна гэхээр юу ч бодолгүй, чим чимээгүй хэдэн цагаар л суудаг гэдэг ойлголт минь бага багаар өөрчлөгдөж л байна. Өөрөө өөртэйгөө ярьж сурах, өөрийгөө болох өөрийн доторх бүхий мэдрэмж, сэтгэл хөөрлөө байгаагаар нь хүлээж авах.

Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гэдэг шиг л энэ хорвоо ертөнцийн бүхий л зүйлийг байгаагаар нь хүлээн авч сурах хэрэгтэй юм шиг байна тийм үү? 

Хүлээж аваад, түүндээ нэг их сэтгэлийн хөөрлөөр хариу үйлдэл үзүүлэхгүй байх чадварт суралцах ёстой гэж ойлгоод байна. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2021年7月22日木曜日

Эх болсон их газар

Уншиж буй номныхоо таалагдсан хэсгээс утгачилан хөрвуулж оруулав. Яг орчуулна гэдэг бол үнэндээ хэцүү зүйл. Үгийн баялаг, мэдлэг мэдээллээр би өөрөө маруухан байна. 

Бурхан шашны тухай нэг их уншдаггүй хүнд бол бүр ч хэцүү юм. Зарим нэг хэт шашинд автсан хүмүүсийг шүүмжилдэг, эсрэг байр суурьтай байдаг тул, энэ талаар нэг их унших гэж оролддоггүй байж. 

Миний мэдэхийн шашинд хэт автаад, шашны эд зүйлс ихээр цуглуулаад байдаг хүмүүсийг ойлгодоггүй. Наад захын шүтлэг бол байх хэрэгтэй, хэтрүүлж болохгүй л гэж боддог.

Гаднаас нь харахад бол асар их шүтлэгтэй, үгээр болон үйлдлээр нүгэл үйлддэггүй, үнэхээрийн амар амгалан улс байх гэж бодохоор. Гэтэл үг нь, үйлдэл нь нэлээд гажсан улс байдаг тийм ээ? 

Оршил их урт болж байна. Бичсэн зарим нэг бодлоо устгалаа. Зарим нэг хүмүүс ойлгохгүй байж магад гэж бодов.

Их газрын хөдлөшгүй бат бөх зан чанараас суралцах талаар ингэж бичжээ. 

Будда өөрийн хүү болох Рахулдаа сургасан нь: Их газар шороо өөр лүү нь юу ч шидэлж байсан тэр бүгдийг байгаагаар нь хүлээх авч эсрэгээрээ өөр ямар нэгэн зүйлд хувиргах чадалтай байдаг.

Их газар шороонд хог, цөмийн хаягдал зэргийг хаясан ч уурлаж хилэгнэлгүй хүлээн авдаг. Мөн ус, сүү гэх мэтийг асгасан ч түүнд эрдэж бардамнадаггүй. Их газар нь ямар ч таагүй зүйлийг хэдхэн долоо хоногт үзэсгэлэнт цэцэг, амтат ногоо болгон хувиргадаг.

Ямар ч муу муухай зүйлсийг, ямар ч үзэсгэлэн төгөлдөр зүйлсийг хүлээн авах чадвартай байдаг. Энэ нь их газрын гайхамшигтай сайн чанар юм. 

Бид ч үе үе ойр дотны хүмүүсээсээ уур хилэн, гомдол зүхэл, үл ойлголцлыг мэдэрдэг. Тэр үедээ энэ бүхнийг байгаагаар нь хүлээн авах чадваргүйгээсээ нэг бол өөр зүйлд хувиргах чадваргүйгээсээ болж хариу сөрөг үйлдэл үзүүлдэг. 

Элдэв таагүй зүйлийг мэдэрч хүлээж авахдаа өөрийгөө их газрын хүү, охин нь гэж бодох, санах юм бол тэрхүү их газар шигээ хүчтэй, тайван, хөдөлшгүй бат бөх байж чадах биз ээ?

Эх болсон их газраа сэтгэл оюундаа төсөөлөн, их газар шигээ бүгдийг байгаагаар нь хүлээн авч өөр зүйлд хувиргаж чаддаг болох хэрэгтэй. Ямар нэг зүйлд шаналахдаа сэтгэл дотроо их газар юугаан төсөөлөн, дараах үгийг хэлээд нэг үзээрэй. 

"Их газар минь миний бие машид ихээр шаналж байна. Энэхүү шаналалыг хүлээн авах хүч хайрлаач". 

Чиний бие их газартай салшгүй нягт холбоотой. Чи өөрөө их газар. Үүнийг хэрэгжүүлж дадвал чиний зовлон шаналал зөөлрөх буйз аа.

Эх болсон их газраасаа хөдлөшгүй бат бөх байх талаар суралцаад явбал юуг ч хүлээн авах чадвартай болно. Ингэж л чадвал дахин зовж шаналахгүй. Өвчин зовлон чинь өөр зүйлд хувирч, өөрийг чинь зовоох, шархлуулах зүйлдээ хандаж эелдгээр инээмсэглэж чаддаг болно.

Гэж сургасан байдаг юм байна. Тэгэхээр гаднаас ирж байгаа олон олон дарамт шахалт, зовлон, шаналалыг байгаагаар нь хүлээж аваад, тэдгээрт инээмсэглэл бэлэглээд, эсрэгээр нь тэдгээрийг өөр зүйлд хувиргаж чаддаг болох. 

Ингэж чаддаг бол мундаг аа. Нээрээ л таагүй үг хэлсэн, таагүй зүйл хийсэн гэх мэт хүмүүст тэдний хийсэнтэй адил үйлдэл хийх гээд байдаг тийм ээ. Би ч сүүлийн үед зүгээр хаяж сурч байгаа. Хо хо. 

Жишээ нь нүүрномынхоо найзаас хасаад хасаад явчихна. Тэгвэл амар юм билээ шүү дээ. Тэдгээр хүмүүсийн нэг их ухаантай хүн болж бичсэн нийтлэлүүд нь, сэтгэгдлүүд нь харагдахгүй, уншигдахгүй. 

Жинхэнэ үйлдэл нь, үг нь асар бохир мөртлөө олон нийтийн сүлжээнд нэг л их ариун цагаан хүмүүс их тийм ээ? Та нарт бас тийм танил бий биз дээ? Байвал зүгээр л аниад аниад явчихаарай. Ккк.

Мөн өө тэгж л байдаг юм гэж тоохгүй байж сурах гэж байгаа. Харин нийгмийн гаж үзэгдлийг шүүмжилдэг хэвээрээ. Нийгмээрээ засрахгүй бол ирээдүй минь бүрхэг болчих гээд байна л даа. Тийм үү? 

Журмын олон уншигчид минь ч өөрсдийн бурханлаг чанараа хөгжүүлж, тайван амгалан байдаг юм шүү. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年7月21日水曜日

7 сарын хөршийн холбоо

Хөршийн холбоо минь сайхан шүү. Халуунд аль аль нь жаахан лазантрий нь хөдлөөд л халж байна шүү гэчихээд л явж байна.

Алтан хөрш минь энэ сарын сүүлээр хороон дээр ийм бялууны сургалт зохион байгуулах юм гэсэн. Түүндээ бэлдэж гэртээ туршиж үзэж байгаа гэсэн. Би амт шалгагч болоод. 

Хэт нялуун биш, таалагдсан. Шошноос гаргаж авсан сүүгээр хийсэн гэсэн. Ажлын өдөр, хэдэн эмээ өвөө нар л очих байх даа. Бас гэрийн эзэгтэй нар. Би очиж амжихгүй. Хэ хэ.

Жаахан холын хөршийн өгсөн улаан лооль. Хэд хэдэн том бондгор сонгинотой хамт. Элдэв химийн хор энэ тэр хэрэглээгүй ориг гэсэн. Урд нь бас зөндөө сонгино, салатны байцаа өгч байсан. 

Салатны байцаанд нь дун хорхой явж харагдаад хоёр зулзага бараг л тэжээх гээд байсан шүү. Хи хи.

Алтан хөрш өгсөн. О.зулзага минь дуртай юм. Сармистай мисо амтлагч. Болсон будаан дээр бага шиг тавиад, түүхий өргөс хэмх зэрэгтэй хольж идвэл гоё. 

Гэрт дээр үед өгсөн нь байсан. Түүнийгээ бид өөрсдөө идээд, үүнийг о.зулзагатаа шуудандахаар яриад л сууж байна. Ойрд ачаа явуулаагүй. Шагар сонгино авмаар байна гэсэн. Түүнтэй нь хамт бас бус зүйл цуглуулж хийгээд шуудандана даа. 

Хөршийн холбоо мандтугай. Түр баяртай. Бүгдэд нь амжилт.

2021年7月20日火曜日

Гол нь бясалгал шиг байна

Тич Нат Ханы бас нэгэн ном. 3 ном зээлсэн гэж байсан даа. 2 дахиа уншаад эхэллээ.

Гарчгийг нь юу гэж орчуулахаа мэдэхгүй л байна. Нэг тийм уянгалаг орчуулга болгочих санаатай, жаал бодож явлаа. Хэ хэ.

"Амьдралдаа Зен Буддизмын сургаалиас хэвшүүлснээр амар амгалан хүрэлцэн ирнэ". 

За ёстой утгачлаад орчуулчихлаа. Англи, япон гарчгийг нь хэлтэй устай мундагууд өөр өөрийнхөөрөө ойлгоорой. 

Дөнгөж 50 дахь хуудсандаа явж байна. Ганц нэг бурхны үг хэллэг гарч байна шүү. Жишээ нь энэ Зен гэдэг ханз. 

Цөөхөн хэдэн ханзанд эргэлддэг наддаа мэддэггүй л ханз байлаа. Ингээд мэдэж авлаа. 

Ном уншихын нэг давуу тал нь шүү дээ. Мэддэггүй үг хэллэг, ханз гэх мэтийг мэдэж авна. Цээжлээд өөрийн болгоход жаал хугацаа шаарддаг ч гэлээ, хаа нэгтээ таарахад огт таарч байгаагүйгээс л дээр тийм үү?

Агуулгын хувьд өмнөх номынхоо агуулгатай төстэй. Нэг онцлог нь бясалгын дасгал нэлээд дэлгэрэнгүй бичигдэж. 

Бидний дотоод ертөнцөд энэрэл хайр, уур хилэн ижил тэгш оршиж байдаг. Аль нэгийг нь илүү услаад байдаг гэнэ. Ингэхээр эерэг сайхан талаа илүү усалж байхыг эрхэмлэх. 

Уур хилэн, хүчирхийлэл зэрэг зан чанараа үзэн ядах биш харин ч эсрэгээрээ тэдгээрийг ойлгож хүлээж авах. Уурлах гээд байна гэдгээ, хүчирхийлэл буюу жишээ нь хүүхдэдээ гар хүрчих гээд байна даа гэдгээ тухай бүрт нь ухамсарлаад, энэрэл, нигүүлсэл, хайраа дуудаж гаргаж ирэх гэж байна. 

Алхаандаа анхаарлаа төвлөрүүлж алхах бясалгалын тухай өмнөх номд гарсандаа. Энэ удаад хэд хэдэн төрлийн бясалгах арга гарч байна. Жишээ нь "Бусдыг энэрэнгүй сэтгэлээр сонсох бясалгал", "Сөрөг сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч түүнийгээ өөрчлөхийн төлөөх инээмсэглэлийн бясалгал", Эерэг сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч улам сайжруулах бясалгал", "Өөрийн сайн тал, бурханлаг чанараа марталгүй байх бясалгал". 

50 хүртэлх хуудсанд иймэрхүү зүйл бичигдэж. Ганц нэг бясалгах аргаас нь дараагийн бичлэгт оруулна аа. Өөрөө ч бас үе үе бясалгах гэж оролдоно оо. Яг одоогоор жаахан маамаатайгаа зууралдаад бясалгах цаг зав гарахгүй л байна. 

Ингэснээс бага зулзага насныхаа онцлогоос хамаарч их олон ааштай болж байна. Бүх зүйлийг нь ээж л хийж өгөхгүй бол сэтгэл нь ханахгүй байна. Ээж түүнд нь жаахан бухимдах гээд байна. 

Цаг хугацаа нь маш сайхан тохироод, их өвөрмөц ном уншаад байна, миний өөрийн ертөнцдөө сонин содон сэдэв шүү дээ. Зулзагууддаа, хань ижилдээ, нийгэмдээ уурлах гээд, бухимдах гээд байвал энэ удаагийн номоо, өмнөх номоо санангуутаа гэнэт инээмсэглэж үзнэ. 

Заримдаа уур бухимдал минь намдана, заримдаа ч үгүй ээ. Их л олон удаагийн оролдлого хэрэгтэй байх тийм үү? Өөртөө амжилт хүсье өө. 

Инээмсэглэх, амсьгалах, амьсгалаа гаргахдаа анхаарлаа төвлөрүүлэх. Одоогоор энэ хоёр зүйлд төвлөрөөд үзье. Журмын олон уншигчид минь бас оролдоод үзээрэй. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年7月19日月曜日

Хоол

Мартснаас наадмын мэнд хүргэ лүү? Хо хо.

Наадмаар хуушуурдсан. Энгийн хуушуурныхаа хажуугаар гуравхан ширхэг ийм дугуй хуушуур хийсэн. Ёстой бүтэхгүй юм билээ. Бөөнөөрөө хийж үзээд "за за төвөг төвөг, цаг ч их орно, бидний харих цаг болчих юм байна" гээд наадмын дугуй хуушуур газар аваагүй. Ккк.

Энэ царайлаг тал нь. Хэ хэ. Тос ч их уухаар юм билээ. Оройд цугласан агаа эгээ нар энгийн хуушуураа чимхэе өө, гээд элдэж чимхэж өгсөн. Хань ижил хайрсан. 

Гурил нь зузаан болох юм билээ. Зузаан гуриланд дургүй болохоороо дахиж лав хийж үзэхгүй ээ. Хийж чаддаг хүмүүсийг зүгээр л шүтнэм. Хи хи.

Царай муутай тал нь. Нар сар гэрэлтсэн бол болоогүй. Гуриланд их учир байх шиг... Нялцгай зуурсан л даа уг нь. Өндөг, давс гэх мэт зүйлс хольдог, зүгээр болдог гэж нүүр номоор л дүүрэн зөвлөгөө байсан. 

Дунд зулзагын хийсэн салат. Гэр ахуйн хичээлээрээ сурсан мэдсэн зүйл нь. Их амархан, лууван байцаагаа чанаад бусад ногоогоо түүхийгээр нь холиод, цуугаар амтлаад л болно.

Үе үе хийж өгч байна гэсэн. Нисээд явчихаас нь өмнө сайн хийлгэж байх юм шүү. Тийм ээ?

Хар халуунд шарсан хуурсан хоол ч бас л... 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年7月16日金曜日

Нэг шат ахисан нь

Зугаалгаасаа харьж ирсэн зулзага их л өөр болсон шиг санагдаад. Бие даахад суралцахад нэг шат ахисан ч юм шиг санагдаад. 

Сэтгэгдэл их өндөр харьж ирсэн. Явсан сонин сайхнаасаа ээждээ ярьж өгч байна гээд шулганаад л байсан. Үнэндээ зарим хэсгийг нь сайн ойлгоогүй. Хэ хэ. 

Учир нь би өөрөө хийж үзээгүй, нүдээр хараагүй зүйл учраас 100 хувь ойлгоогүй. Түүнээс аан нэг иймэрхүү зүйлийн тухай яриад байна гэдгийг нь бол нэг юм ойлгосон л доо. 

Ингээд л томчууд бид чинь хүүхдийнхээ ертөнцөөс холдоод байгаа ч юм шиг мэдрэмж төрж эхлэнэ дээ. 

Дүүгээ санасан бололтой. Үнсэж үлгээд сүйд. Өнөөх нь ч онгироод сүйд. Бодлоо, о.зулзага минь бас дүүгээ асар ихээр санаж байгаа байх даа гэж. 

Саяхан нэг мессеж бичсэн чинь, сайн, хичээлдээ дарагдаад л сууж байна гэсэн. Тэгэхээр нь садаа болоод яахав гэж бодоод тэр бүр залгахгүй, ярихгүйг хичээж байна. Үнэндээ бол ээжид ч тийм зав нь гарахгүй байна. 

Ажил-цэцэрлэг-гэр, ажил-гэр-цэцэрлэг, гэр-дэлгүүр, хоол хийх, хооллох, эрхлүүлэх, мөөмдөх-хоёр хөөрхөн гар нь тувт мөө рүү яваастай, энгэрт наалдаастай, унтуулах, унтах гээд л өдөр дуусч байна дөө.

За юу бичиж байлаа? Аан тийм. Сэвүүр хийсэн тухайгаа, магтуулсан тухайгаа ярьсан. 

Тусгайлан бэлдсэн хулс модондоо ийм япон цаасыг бүрж нааж сэвүүрээ хийсэн. Мэдээж нарийн ажиллагаатай. Энэ цэцгээ өөрөө санаж, хайчилж? наасан. Ээж нь энэ зуны гоёогоо болгоно оо гэсэн чинь их л

Мөн загас барьсан тухайгаа ярьсан. Урт нарийн загас юм уу даа. Гулжиганаад гулсаад барихад хэцүү байсан гэсэн.

60 гарсан эмээ өвөөгийнд хоносон. Бас 90 хэдэн насыг зооглож буй өвөө байсан. Өвөө нь шөнө унтах гэсэн чинь дуулаад эхэлсэн. Бид сонсоод инээдээ барьж ядаад, амаа таглаж байгаад инээсэн гэсэн. Хэ хэ.

Тэгээд л хэллээ, хүн хөгшрөхөөрөө хүүхэд шиг болдог, бид ч бас хөгшрөнө шүү дээ гэж...

Анх удаагаа найзуудтайгаа гэрээс гадуур хоносон нь зугаатай байсан бололтой, дахиад найзуудтайгаа хаа нэгтээ хономоор байна гэсэн. Аавд нь хэлсэн чинь гэртээ л хоносон нь дээр гэсэн. Хо хо. 

Энэ аавууд ер нь цаагуураа хүүхдүүдээ их харамладаг байх тийм үү?. Би ч бас багадаа хүүхдийн зуслан явж байгаагүй минь бараг аав л явуулдаггүй байсан байх гэж бодогдоод байгаа. 

Одоо тэр нутгийнхаа тухай сонссон мэдсэнээ ээж аавыг цугтаа байхад нь ярьж өгнө гэсэн. Ойрдоо хань ижил оройтоод, хамтдаа тухтайхан шиг ширээний ард суухгүй л байна. 

Нэг иймэрхүү, хааяа ингэж зулзагуудаа хаа нэгтээ явуулж байхад зүгээр санагдав. 

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2021年7月15日木曜日

Инээмсэглэлийг амилаахуй 5

За энэ удаад уур хилэнгийн тухай гарч байна. Оройд заавал нэг уурладаг хүн чинь энэ тухай бас ч бичиж үлдээхээр шийдлээ.

Энэ нь их ярвигтай зүйл. Шатаад дүрэлзээд, дараагаар нь заавал харамсах сэтгэл төрүүлдэг. Тухайн хүн уурлахад тэр хүн тамд байгаа юм байна гэж тодорхойлогддог. 

Там нь уур хилэн, үзэн ядалтаас үүсдэг. 

Юуны түрүүнд бид өөрийнхөө дотор орж өөрсдийгөө дотроос нь судлах хэрэгтэй.

Ухамсраа дуудаж уурынхаа хүрээлэлд оруулаад үзээрэй. Ухамсар нь уурыг хөөж, үзэн ядалгүйгээр зүгээр л ажиглах хэрэгтэй. Ухамсар бол шүүгч биш. Яг л дүүгээ аргадаж буй эгч шиг байна. 

Өөрийгөө хангалттай танихын тулд, мэдэхийн тулд зүрх сэтгэлээ амьсгалдаа төвлөрүүлэх хэрэгтэй. 

Уур бол бидний биеийн нэг энерги. Тэр энергийг өөр нэг энергинд хувиргах боломжтой. Өмхий үнэртэй бордоог ашиглан хэсэг хугацааны дараагаар үзэсгэлэнтэй цэцэг дэлбээлүүлдэг шиг. 

Тиймээс уур хилэнгээ үзэн ядаад, айгаад байх хэрэггүй. Бордоотой адил түүний цаад талд дахин  үзэсгэлэнтэй зан чанар дахин төрөх гээд нуугдаж байдаг. 

Бидэнд уур хэрэгтэй үе гэж бий. Уураа хэрхэн хүлээн авахаа мэдсэн бол таны сэтгэл зүрхэнд энхтайван, баяр баясал тун ойрхон ирсэн байна гэсэн үг. 

Уураа аажмаар энхтайван, хайр, ойлголцол болгон өөрчлөөд явбал болох нь тэр. 

Уур чинь хүрээд байвал гарч алхах бясалгал хийх. Цэвэр агаар, мод навч, ургамал бүхэн танд туслах болно. 

Бясалгалын дасгал.

Амьсгалаа аваад уур хилэн энд байна гэж ухамсарлах.

Амсьгалаа гаргангаа уур хилэн бол би гэж ухамсарлах.

Амьсгалаа авангаа уур бол онцгүй зүйл гэж ухамсрлах.

Амьсгалаа гарганаа уур бол тойроод л явчихдаг зүйл гэж ухамсарлах.

Амьсгалаа авангаа би бол тайван.

Амьсгалаа гаргангаа би бол энэ уурыг зоримогоор хүлээж авна.

"Уур"-ны авчирсан тэр таагүй мэдрэмжийг арилгахын тулд чин сэтгэлээсээ алхах бясалгал хийх. Алхаа амьсгал хоёроо нийлүүлж хөлийнхөө улаар эх газар гишгэх тэр мөчид хамаг анхаарлаа төвлөрүүлэх. 

Ингэж алхангаа дээрх шүлгийг уншаарай. Уураа намжтал, сэтгэл зүрхээ тайвширтал хүлээнэ.  

Амьсгалаа мэдрэн алхаандаа баясан, эргэн тойрныхоо үзэсгэлэнг мэдрэхэд л болно. Хэсэг хугацааны дараа уур чинь намдаж, өмнөхөөсөө ч илүү бат бөх болсон өөрийгөө мэдрэх болно. 

Тэр үед уураа ч олж харна, түүнийг ойлгох болно. 

Ухамсрын дулаан илч гэрлийн ачаар уур хилэнгийн үндэс болсон зүйлс харагдаад ирнэ. Бясалгал нь аливаа зүйлийн үндсэн мөн чанарыг олж харах арга юм. 

Уур хилэнгээ ажиглаж байтал цаад учир нь харагдана. Үл ойлголцол, бүтэлгүйтэл, шударга бус байдал, өс хонзон, сэтгэлийн хэт хөдлөл гэх мэт. Энэ бүхэн өөрийн чинь дотор байна гээд боддоо. 

Энэ бүхнийг ухамсарт сэтгэлээр ажиглавал цаад учир шалтгаан нь ил тод болоод ирнэ, ойлгож ирнэ. 

Ажиглалт, ойлголцлоор дамжуулж сэтгэлээ чөлөөлж, ингэснээр хайр, өршөөл нигүүлсэл лүү илүү гүнзгий орно. 

Амьсгалаа хянангаа уураа ажиглах үед, энэ дасгалыг сайн үр дүнтэй зүйл болгохын тулд анхаарлаа төвлөрүүлэх чадвар чухал. Иймээс анхаарал сарних зүйлсээс зайлсхийж, мод цэцэгс дунд дасгалаа, бясалгалаа хийвэл илүү үр дүнтэй.  

Бид амьсгалаа хянан, уураа ухамсарлаж чадвал уурын энерги огт өөр энергид хувирсан байх болно. 

За энэ уур гээчийг өдөр бүр л гаргаж байдаг дөө би ч. "Даалгавраа хийсэн үү? Хурдан хоолоо идээд өгөөчээ. Хурдан усандаа ороочээ. Эртхэн унтаачээ" гээд л урсаж өгнө.  

Яг уурлах гээд эхлэхээрээ гялс ухамсраа дуудаад, гүнзгий амьсгал авч гаргах хэрэгтэй гэж ойлголоо. Энгийн бөгөөд товчхон хэлбэл. Уран цэцэн үгээр хэлэлгүй шулуухан хэлэхэд л. 

Үе үе хэрэгжүүлээд байгаа, их зүгээр санагдсан. Нээрээ л хайран сайхан энерги. Тэр энергиэ арай өөр хэрэгтэй зүйлд зарцуулах гэсэн бодолтой ч одоохондоо тэгж амжилгүй, унтчихаад, нэг бол кино үзээд, нэг бол жаран чавганцын ажлаа хийгээд байна л даа. 

Өөрийгөө хөгжүүлэх тал дээр юу ч хийж амждаггүй ээ. Энэ хүмүүсийг амжуулаад байгаад атаархаад л сууна шүү. Хэ хэ.

Уншигч олон та бүхэн ч бас яг уурлах гээд байгаа тэр үедээ уртаа гэгчийн амьсгал авч, гаргаад нэг үзээрэй. Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2021年7月14日水曜日

Инээмсэглэлийг амилаахуй 4

Бичилгүй уншаад явчих гэснээ эндээ бичвэл илүү тогтоогдох юм шиг санагдаад. 

Мөн дараа нь номоо эргүүлж харах гэхээр байхгүй буцаагаад өгчихсөн байх тул гэх мэт олон учир шалтгааны улмаас ямартай ч энэ агуулгыг бичихээр шийдлээ. 

Сэтгэл хөдлөлөө өөрчлөх: Жишээ нь айдас. Энэхүү айдсыг дарах эхний алхам бол түүнийг гарсан даруйд нь анзаарч, ухамсарлах. Энэ үед ухамсрын сэтгэл зүрх нь гол баатар байх болно. 

Жишээлбэл айдас төрлөө гэж бодоход юуны түрүүнд ухамсрыг ажиллуулна. Сэтгэл доторх айдсаа хянаж, айдсаа байгаагаар нь хүлээж авна. Тэгж чавдал айдас гээч нь миний өөрийн дотроос төрж гарсан бөгөөд ухамсрын нэгэн адил миний сэтгэл зүрхний нэгээхэн хэсэг гэдгийг ойлгох болно. 

Айдас болон ухамсар аль аль нь чиний дотор орших бөгөөд хоорондоо дайсагнах биш харин ч нэг нь нөгөөгөө энэрэн хайрлах хэмжээний уялдаа холбоотой юм. 

Хоёрдахь алхам нь тухайн сэтгэл хөөрөл, мэдрэмжтэйгээ нэгдмэл нэг болж өгөх.  "Чи эндээс зайлаад өг, чи надад хэрэггүй, чамтай би холбоогүй" гэх мэтээр онцгүй харьцаж болохгүй. 

Харин ч эсрэгээр нь "Сайн уу? Айдас минь. Өнөөдрийн сэтгэл санаа ямар байна даа?" гэж хэлэн өөрийн доторх айдас ухамсар хоёроо зэрэг урин дуудна. Хооронд нь нөхөрсгөөр гар бариулан, нэгдмэл болгож өгнө. 

Эхэндээ ингэж хэлэхэд эвгүй, чадахгүй байж магад. Гэхдээ жижигхээн айдас гээч зүйлд ялагдах хүсэлгүй, өөртөө итгэлтэй л бол санаа зоволтгүй хэрэгжүүлээд үзээрэй. 

Ухамсар нь энэ үед айдсын чинь дэргэд байж, хань болох учир санаа амар байж болно. Энд нэг чухал зүйл нь амьсгалдаа анхаарлаа хандуулснаар ухамсраа хөгжүүлж, түүнийг үргэлж идэвхитэйгээр ажиллуулж сурах явдал юм. 

Эхэндээ энэ ухамсар нь сул, хүчгүй байх байх, хөгжүүлээд явбал яваандаа хүчтэй, бат бөх болж ирнэ. Ухамсар байгаа цагт айдаст автахгүй байж чадна. Айдас нөмрөн ирсэн тохиолдолд ухамрсаа дуудан, тэр даруйд айдсын мэдрэмж өөрчлөгдөж эхлэнэ.

Гурав дахь алхам нь сэтгэл хөдлөлөө намжаах. Ухамсраа ажиллуулангаа сэтгэлээ тайвшруулна. Аль болох уртаа гэгч амьсгал авч бие сэтгэлээ нэг болгож өгнө. Яг л эх хүн үрээ тэвэрч тайвшруулдаг шиг дэргэд нь л байхад болно. 

Сэтгэл хөдлөлөө үл тоож, түүнээс дөлөх биш харин ч дөхөж очин, амьсгалаа удаан гэгч нь гаргангаа сэтгэл хөдлөлөө нэг бүрчлэн тайвшруулаад явна. 

Дөрөв дэх алхам. Тухайн мэдрэмжээ зөнд нь орхих. Та дээрх гурван алхмыг хэрэгжүүлээд тайвширсан байх тул зөнд нь орхиход л болох юм. Түүнд инээмсэглэл хайрлаарай. 

Тав дахь ахлам. Удаан гэгч нь ажиглах. Эх хүн үрээ уйлахаа байсан ч удаан ажигладаг шиг сэтгэл хөдлөлийнхөө шалтгаан нь юу байв? Юунаас болов? гэдгийг нь сайтар ажиглах. 

Ингэж удаан ажигласнаар сэтгэл хөдлөлөө өөрчлөх боломжтой. Хүүхэд уйлахад гадаад, дотоод нөлөө гэж байдаг. Сэтгэл хөдлөлд ч мөн адил ийм гадаад  дотоод нөлөө гэж бий. 

Ухамсрын хүчийг ашиглан өөрийн доторх олон олон мэдрэмж, хөөрлөө өөрчлөхдөө эхлээд тухайн хөөрөл, мэдрэмжийг ойлгох, дараагаар нь нэгдмэл болгож өгөх, тэгээд тайвшруулан зөнд нь орхих. 

Тэгсний дараагаар учиг шалтгааныг нь гүнзгий ажиглах, ихэнхдээ сэтгэл хөөрөл нь буруу зүйлээс болж үүсэх нь олонтаа тул үүний шалтгааныг олж чадвал аяндаа сэтгэл хөөрөл өөрчлөгдөөд явдаг. 

За ерөнхий ойлгосноороо бичлээ шүү. Зарим нэг үгийг юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй л байлаа. Энгийн юм шиг хэрнээ бас нэлээд гүнзгий юм. 

Орчуулах чинь бас авъяас шаардаад байна. 

Ер нь бол өөрийгөө сайтар ажиглах, өөртэйгөө болон өөрийн амьсгалдаа ач холбогдол өгч, ухамсартайгаар хянаад явах юм байна гэж ойлголоо. Зөв эсэхийг хэлж мэдэхгүй. 

Англи, япон хэлтэй хүмүүс тухайн хэлээрээ олж уншихыг бодно биз дээ?

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年7月13日火曜日

Зугаалга

Бага сургуулийн ... дугаар ангийхан бөөндөө дадлага зугаалгаар явсан. Нэг хононо. Уг нь хоёр хоногоор явдаг гэсэн. 

Ко гуай гарснаас хойш сургуулийн элдэв арга хэмжээ зогсох нь зогсоод, хойшлогдох нь хойшлогдоод явж байна өө. 

Дунд зулзага хөөрч хөөрч явсан. Арга ч үгүй юм даа. Үеийн хүүхдүүд ээж ааваасаа хол шуугилдана гэхээр зугаатай байлгүй яахав тийм ээ. 

Монголд байсан бол хүүхдийн зуслан гээд л яриад явж байсан байх даа. Би ч бүр оюутан болсон хойноо явж байсан шүү дээ. Хөгжилтэй л байсан. Одоо нээрээ тэр хөөрхөн хүүхдүүд хаа явдаг бол? Хи хи.

Урд шөнө нь нойр нь хүрдэггүй, тийчилж тийчилж арай хийж нэг юм унтсан. 

Өглөө нь ганц дуудуулаад боссон. Түүнээс ганц минут гээд хэсэг хэвтдэг хүн чинь. Хэ хэ. 

А, Б хэсэгт хуваагдаад голоос загас барина. Модны аж ахуйн ажилтай танилцана. Мөн тухайн орон нутгийн тухай яриа сонсоно. Орой нь нутгийн иргэдтэй уулзаж хууч хөөрнө. 

Гурав дөрвөөрөө нэг нэг айлд хононо. Аминдаа хөдөөний аж ахуйтай танилцах зорилготой. Хэдийгээр хөдөө амьдардаг ч аймгийн төвдөө болохоор манайхаар бол бүр хөдөө мал дээр гарч хөдөөний айлтай танилцах юм даа. 

Бэлтгэл гэж бас хөөрхөн зүйл бэлдлээ. Усны түрийтэй гутал нь багадаад, өвөл ээжийнхээ гутлыг өмсөөд байсан хүн шинийг авна гэсээр өөрийнхөө мөнгөөр худалдаж авав. 

Голын усанд орохдоо өмсөх гутал ч яахав, эгчийнх нь багадсан гутал байсан тул, тэрийг аваад явсан. 

Ко гээд мужаасаа гарч аялж зугаалж чадахгүй байгаа болохоор хүүхдүүд хүртэл уйдаж байх шиг. 

Зуны амралтаар нь муж дотроо жаал дагуулж зугаалах бодолтой л байна. Бас далай явах төлөвлөгөөтэй. Өнгөрдөг жил яваагүй, хүн ихтэй гээд. Гэрийнхээ гадаа л хийлдэг бассейнд орцгоосон. 

Хүүхдүүд томроод л байна шүү. Удахгүй дунд сургуульд орох нь дээ. О.зулзага үүрнээсээ ниссэн ч дүү нар нь бага болохоор тэр бүр уйдах завгүй, санах завгүй л яваа болохоос. 

Дүү нар нь бас үүрнээсээ нисэхээр уйдах, санагалзах гээчийг өнгөтөөр нь амсах байх даа тийм ээ? 

За журмын олон уншчигчид хөдөө гадаа яваад завгүй л байна уу? Ингэхэд хаанаас, аль орноос олон уншигчид орж ирдэг бол гэж бодлоо. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年7月12日月曜日

Инээмсэглэлийг амилаахуй 3

Тич Нат Хан "Инээмсэглэлийг амилаахуй" номын хэсгээс...

Хооллолтын бясалгал: Хооллохдоо ч мөн адил анхаарлаа төвлөрүүлж, талархалтайгаар хооллох. Зурагтаа унтраан, сонингоо хойш тавин, өмнөх хоолондоо анхаарлаа хандуулж байх. 

Хооллох үедээ ч амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлэхээ мартахгүй байх. Мөн л гурван удаа удаан, тайван, анхааралтайгаар амсьгаагаа авч, гаргана. 
 
Ширээ тойрон суугаа хүмүүстээ инээмсэглэл бэлэглэхээ мартаж болохгүй шүү. 

Дэлхий дээр тан шиг ингээд ширээ тойрч суугаад хооллож чаддаг хүмүүс хэр олон билээ? Нэг зүсэм талх идэхдээ ч би энэ тухай бодож талархаж хооллодог. 

Зарим үед нам гүм, чимээгүйхэн хооллох их чухал. Хоорондоо элдэв зүйл ярилцалгүй. Мэдээж өдөр бүр ингэж чимээгүй хоолло гэж хэлэхгүй. Намдуу, аядуу дуу хоолойгоор сайхан сэдвийн тухай ярилцаж болно. 

Хоолны ширээний ард хүн муулахгүй байх, муу муухай сэдэв ярихгүй байхад л болно. 

Аяга тавгаа угаахдаа ч мөн адил таваг нэг бүрчлэн анхаарлаа төвлөрүүлж угаах. Мөн л амьсгалын дасгалаа марталгүй хийж байх. Аль болох уурлалгүй, инээмсэглэл тодруулан угаах. Нэг ёсондоо тухайн хийж буй үйлдэлдээ л анхаарлаа төвлөрүүлж, өөр зүйл бодохгүй байх.

Гэх мэт уншив. Дуусаагүй байгаа. 

Мөн утсаар ярихдаа, машинаар явахдаа ч инээмсэглэн, амьсгалын дасгалаа мартахгүй байх гэжээ. 

Сүүлийн үед би ч бас ухаалаг утсаа хэтрүүлж ухах гээд байгаагаа саналаа. Сонгууль дуусаад нүүрномыг нэг их ухахгүй байгаа ч япон хэлээр кино үзээд байна. Цуврал ангит кино. Ашгүй ихэнхийг нь дуусгаж авсан. Хэсэгтээ гайгүй байгаа. Хи хи. 

Машины тухайд заримдаа ямар ч хэрэгцээгүй үед машин унаад, хаа нэгтээ явах гээд байдаг. Машины хорт утаа зэрэг агаарын бохирдлоос болж олон сая мод үхэж байдгийг санан, машины хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Голын эргээр, цэцэрлэгт хүрээлэн гэх зэргээр алхаж байгаарай гэжээ. 

Аль 1995 онд бичигдсэн номонд ч утас, машины хэрэглээг багасгахыг зөвлөж л байж. Одоо хэр нь энэ асуудал шийдэгдээгүй, харин ч бүр дордсон гэхээр хүмүүн төрөлхтөн бид их л нүгэлтэй улс юм даа гэж...

Зарим үед нам гүм, чимээгүйхэн хооллож сурах. Энэ яг одоохондоо манайд хэрэгжихгүй байна. Бага зулзагаа хооллох гэж бөөн л юм болно. Эгч нь идэх гээд байна шүү, асгалгүй идээрэй, ногоо идээд өг л дөө гэх мэтээр, дунд нь бас уйлаан майлаан болно, яаж зүгээр байхав. 

Ямартай ч өдөрт гурван удаа амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлэн гүнзгий амьсгал авч гаргаж байхыг хичээнэ ээ. Үе үе уртаа гэгчээр амьсгалаа авч гаргадаг л даа. Үүнийгээ өдөр бүр дадал болгох...

Үргэлжлүүлж бичих эсэхээ бодно оо. Сонирхолтой санагдвал бичиж магад. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年7月11日日曜日

Инээмсэглэлийг амилаахуй 2

Тич Нат Хан "Инээмсэглэлийг амилаахуй" номын хэсгээс...

Бясалгал хийхийн тулд тусгай өрөөнд тусгай олбог дэвсэн суух, нэг бол бясалгалын төвд очих шаардлага ч байхгүй. Хаана ч байсан бясалгалыг хийж болдог. 

Ажил дээрээ ч, машиндаа ч, олон хүнтэй дэлгүүрт ч, банкны дугаарт зогсож байхдаа ч хийж болно. Ядарснаа мэдэрсэн тэр л цагтаа өөрийгөө эргүүлэн авч болдог. 

Амьсгалдаа анхаарлаа хандуулан, инээмсэглэхэд л болно. Энэ арга нь их энгийн бөгөөд хаа ч явсан газраа хийх боломжтой байгаа биз?  Заримдаа хүн өөрөө өөртэйгээ ярилцаж, асуудалтайгаа тулж ажиллах хэрэгцээ шаардлага гардаг. 

Мөн бясалгалыг ямар ч байрлалд хийж болно. Зогсож байхдаа, суугаад, хэвтээд, алхаад явж байхдаа ч хийж болно. Суугаад хийх боломжтой бол мэдээж суугаад хийсэн нь илүү аюулгүй. 

Алхангаа бясалгах: Байгалийн үзэсгэлэнтэй газраар ганцаараа эсвэл найз нөхөдтэйгөө алхах. Ингэж алхангаа бясалгахын гол зорилго нь ямар нэгэн газарт хүрэхийн тулд бус зүгээр л алхахын тулд алхана гэсэн үг юм. 

Алхаа нэг бүртээ анхаарлаа хандуулж, анхаарлаа төвлөрүүлж алхаа амсьгал хоёрынхоо хөгийг нийлүүлж өгнө. Нэг ёсондоо алхам бүрийн амтыг мэдэрч алхана. 

Өнгөрснөө бодож гутралгүйгээр, ирээдүйг бодож санаа зоволгүйгээр яг одоогийн энэ мөчийг мэдэрч алхана. Хүүхдийнхээ гараас хөтлөөд хамтдаа алхсан ч болно шүү дээ. 

Өөрийгөө энэ дэлхий дээрх хамгийн аз жаргалтай нэгэн гэж бодон алхана. 

Үнэндээ бид алхаж буй нэртэй ч гүйгээд байдаг. Ямар нэг зүйлд яарсан, сандарсан зэргээр гүйхээрээ алхдаг. Ингэж гүйн алхах нь айдас, түгших, харуусал зэрийг л эх газартаа сийлээд байх шиг.

Бид алхаж байхдаа эх дэлхийдээ энхтайван, нам гүм, амар амгалангийн мөр үлдээж байх хэрэгтэй. Бид сэтгэл гаргаж чадвал, сэтгэлтэйгээр хандвал дээр хэлсэн энхтайван, амар амгаланг үлдээж чадна. Үүнийг хүүхэд ч чадах ёстой. 

Эхний алхмаа бид ингэж талархалтайгаар гишгэлж чадвал дараа дараагийн алхмууд ч талархлыг дагуулна. Ингэж талархаж алхах нь бидний хүн төрөлхтний энхтайван, аз жаргалын төлөөх анхны алхам нь болж өгнө. 

Алхангаа бясалгах үеийн алхаа нь ердийн алхалтаас арай удаан байх хэрэгтэй. Ингэж алхангаа бясалгал хийх үед нэг удаагийн амьсгал авалтаараа гурван алхам алхана. Гаргахдаа мөн адил гурван алхам алхана. 

Ингэхдээ амьсгалаа "Аваад, аваад, аваад, гаргаад, гаргаад, гаргаад" гэж амандаа хэлэн алхана гэсэн үг. 

Мэдээж хүн бүрийн алхалтын хэмжээ өөр өөр байна. Жишээ нь амьсгал авахдаа гурав, гаргахдаа дөрөв байж болно. 

Энэхүү алхалт нь танд баяр баясал авчирч байвал зөв алхаж байна гэсэн үг. Эх газартайгаа хоёр хөлөөрөө харьцаж байна. Энэ мэдрэмжийг мэдэрч алхах хэрэгтэй.

Эх газрыг үнсэж буй мэт зөөлөн гишгэлж алхана. Бид үргэлж эх болсон газар дэлхийгээ гэмтээж, өвтгөж байдаг. Тиймээс энэ удаад эх газраа энэрэн хайрлан, энхтайван, амар амгаланг эргүүлэн өгч, харилцан биесээ хайрлаж байна гэж бодон төсөөлөн алхах. 

Хааяадаа нэг үзэсгэлэнтэй гэж бодсон зйүлдээ нүдээ бэлчээж байгаарай. Цэцэг, мод, цовоо цайлган хүүхэд гэх мэт зүйлсэд хараагаа шилжүүлж, удаан гэгч нь харж байгаарай. Ингэж харахдаа авч буй амьсгалаа зүрх сэтгэл, оюун бодлоосоо салгаж болохгүй шүү. 

Таны өөрийн алхалт бүрээс үзэсгэлэнт цэцэг дэлбээлүүлцгээе...

За нэг иймэрхүү зүйл уншлаа. Дуусаагүй л дээ. 

Лам хүний бичсэн ном гээд л их сүрдээд, баахан бурхны үг хэллэг гарах байх гээд айгаад байсан чинь их энгийн зүйл бичжээ. Гэхдээ дуусаагүй болохоор дараа дараагийн хуудсанд юу гэж гарах нь сонирхол татаастай...

Мөн тэр гүйхээраа шахам алхдаг гэж намайг хэлж шүү. Би чинь их хурдан хурдан алхана. Ер нь нэг тийм тайван алхдаггүй. Бага зулзагатайгаа алхахдаа л жаахан удаан алхана. Гэхдээ сэтгэл санаа шал өөр зүйлд явж байдаг. 

Энэ японд чинь цаг нартай уралдаад байгаа хэрнээ л ажил амждаггүй сонин. Гялс тэрийгээ хийчихье, шалавхан энийгээ хийчихье гээд шогшоод байгаа хэрнээ л амждаггүй. 

Одооноос алхахдаа анхаарлаа төвлөрүүлж сурахыг хичээнэ ээ...

Бүгдэд нь амжилт хүсээд түр баяртай.

2021年7月10日土曜日

Инээмсэглэлийг амилаахуй

Уншсаар л...

Номынхоо агуулгаас бага зэрэг танилцуулаад явчих уу? Тич Нат Ханы "Инээмсэглэлийг амилаахуй" номын агуулгаас...

Өглөө биднийг нүдээ нээхэд цоо шинэ 24 цаг угтаж байдаг. Энэ бол ямар сайхан бэлэг гээч? Бид энэхүү 24 цагаа бусдын сайн сайхны төлөө зориулах бүрэн чадалтай байдаг.

Бидний дотор "энх тайван" оршиж байдаг. Бид түүнийгээ олж мэдээгүй, нэг бол  өдөр тутмын завгүй амьдралдаа түүртээд анзаардаггүй.

Мөн хамгийн их анхаарлаа хандуулах ёстой зуйлээ тоодоггүй. Тэр бол бидний амьсгал. Өөрийн амьсгалдаа ихээхэн ач холбогдол өгч байх. Анхаарлаа төвлөрүүлээд гүнзгий амьсгал авдаг байх. Амьсгалаа гаргахдаа ч ач холбогдол өгч удаан гэгч нь гаргах.

Өдөр тутмын амьдралдаа инээмсэглэлийг бий болгож, нүүрэндээ үргэлж инээмсэглэл тодруулж явах. Инээмсэглэх нь нь бидний нүүрний булчинг зөөллөж өгдөг.

Өглөө бүр сэрэхдээ инээмсэглэлээ санахын тулд яах вэ? Заавал цонхныхоо тавцан дээрээ цэцэг тавих ётой юу? Ханандаа ямар нэг зүйл өлгөх ёстой юу?

Үгүй ээ, цонхоор сонсогдох шувуудын жиргээг сонсох, цонхоор тусах нарны гэрлийг хараад инээмсэглэхэд л болох юм.

Өглөө нүдээ нээгээд л инээмсэглэж сурах нь амар амгалан, намуухан тайван өдрийн эхлэл болдог. 

Амьсгалаа авахдаа анхаарлаа төвлөрүүлж удаан гэгч нь амьсгалаа авч, удаан гэгч нь амьсгалаа гаргаж, "би амьсгалж байна, би амьдарч байна" гэж амандаа хэлж, бодож амьсгалах.

Амьсгалдаа ач холбогдол өгч, тайван гэгч, удаан гэгч амьсгалахаар бидний тархин дахь элдэв бодол таягдан цөөрнө. Бид өдөржин ямар нэгэн бодол тээж явдаг. Тэр олон бодлын ихэнх нь ямар ч хэрэггүй бодлууд байдаг. 

Зогсолтгүй эргэж байдаг кассет аятай л эргэлдэж байдаг бодлоо болдог бол товчлуур дараад л унтраачихмаар.

Амьсгалаа анхаарах нь, амьсгалдаа төвлөрөх нь нэг ёсны "бясалгал" юм. Бясалгалын цаг богино байж болно, заавал тусгай бясалгалын өрөөтэй байх албагүй. Ажилдаа явахдаа, автобусанд явахдаа гэх мэтээр өөрөө хийж чадаж л байвал хаана ч байж болно. 

Бясалгалдаа дасаад ирэхээрээ бясалгалын явцад шүлэг унших гэх мэт байж болно. Өөрийн зохиосон шүлэг, эсвэл таалагддаг шүлэгээ уншиж болох юм гэж ойлгосон мунхаг би. 

1995 онд хэвлэгдсэн ном гэхэд бас л зурагтаар гарах элдэв хэрэгтэй хэрэггүй мэдээллийн талаар бичсэн байна лээ. Өөрсдөө үзээд зогсохгүй хүүхдүүддээ  үзүүлээд байдаг.

Ганц зурагтаар зогсохгүй эргэн тойрныхоо элдэв мэдээлэлд хэт автан бид өөрсдийгөө алдчихсан байдаг.

Өөрийгөө олж авахын тулд, гадны хор хөнөөлөөс өөрийгөө аврахын тулд амьсгалдаа анхаарлаа хандуулж, төвлөрч, бясалгал хийж дадах. Хааяадаа хотоос гарч цэнгэг агаарт зугаалах, найз нөхөдтэйгөө уулзах гэх мэтэд ач холбогдол өгөх

За энэ бясалгал гэдэг үгийг сүүлийн хэдэн жил их сонсож байна өө. Олон жилийн өмнө бол үүнийг цөөхөн хэдэн хүн хийдэг. Тэдгээр нь их л өвөрмөц, нэг тийм мундаг хүмүүс шиг санагддаг байж. 

Харин одоо их ойрхон ойрхон, мөн ойрхны хүрээллээс сонсоод, уншаад мэдээлэл ихтэй болоод, бясалгаж үзмээр санагддаг болж. Хэрэгжүүлээгүй л болохоос. 

Ер нь уншсан, сонссон, харсан, мэдсэн зүйлсээсээ хэрэгжүүлж буй нь нэгээхэн ч алга дөө. Яг яах учраа олохгүй байна, мөн дээр дурдсан шиг тусгай өрөө, орчин хүсээд байдаг байх. 

Дээрээс нь ёстой л өдөр тутмын завгүй амьдралдаа түүртээд юун дасгал хөдөлгөөн, юун бясалгал гээч болчихоод л гүйж явна. Над шиг ийм хүмүүс хэр олон бол? Хань татчихмаар байдаг. 

Хань татахгүй бол цаагуур чинь идэвхитэй, мундаг хүмсүүийн тоо олшроод би хоцрогдоод буй мэдрэмж төрөөд байна. Хэ хэ.

Үргэлжлүүлж бичнэ ээ. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年7月9日金曜日

Бороо, үер, онц байдал 2

Хотод маань бороо орсоор л. 

Өмнөх "Бороо, үер, онц байдал" бичлэгийг бичсэн өдрийг бодвол яг одоогоор бага зэрэг намжсан. 

Хоёр өдөр юу вэ? Ёстой л өнөөх нүүр нүдгүй шуурна гэгчээр нүүр нүдгүй шаагисан. Ядаж байхад салхитай тул гараад л шууд нороостой. 

Энд тэндхийн жижиг голууд үерлэсэн. Нэлээд олон иргэд хоргодох байранд хоргодосон. Бид энэ удаад арай ч хоргодох байр орчихолгүй гэртээ байлаа. 

Дунд зулзага тэр өдөр хичээлээсээ тарж ирэхдээ

-Ээж ээ, замын хажуугийн ус зайлуулах нүх бараг дүүрчихсэн байна, яах уу? Айгаад байна аа.

Гэсээр орж ирсэн. Тэрнээс хойш гараагүй болохоор тэр айдсаа мартчихсан л сууна. Пүрэв, баасанд сургууль цэцэрлэг амрав. Мэйл хаягаар гэрийн даалгавар нь ирэв. 

Хоёр өдөр хоёр зулзагаа хоёуланг нь гэрт нь өнжөөчихлөө. Нэг амрах гэснээ таван цаасаа бодоод, гүрийгээд л ажилдаа ирлээ. 

Богино түрийтэй усны гуталгүй хүн чинь хоёр ч гутал шалба норгов. Өнөөдөр урт түрийтэй усны гуталтай гарсан. Ажил дээрээ ирээд сандаал сольж өмсөв. 

Угаасан хувцас, норсон гуталнууд хатдаггүй лүд юм аа. 

Энд тэнд хөрс нураад гэж уншаад, сэтгэл түгшүүртэй л байна. 

Энэ гэрээс холгүй байх гол. Усны төвшин нэлээд дээшилсэн. Халиад эхлэхээс нь өмнө бороо татраасай. Энгийн үед ингэж ус нь харагдахгүй. Бас ийм шар ч биш. 

Хагас сайнаас бороо татрах юм гэсэн. Тэр болтол хичээнэ шүү гол минь. 

Ус зайлуулах хоолой, суваг энэ тэр сайтай тулдаа л нэг юм энэ их усыг яаж ийгээд аргалж байна. Төр засгийн бодлого сайтай байх үнэн хэрэгтэй юм. 

Хаа хаанаа эрүүл энх, элдэю осол, гамшиггүй л байх минь. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье...

2021年7月8日木曜日

Гэгээрчих санаатай

Цаадах чинь гэгээрчих санаатай, бурхан шашны ном уншиж эхэлсэн. Хэ хэ. 

Яагаад ийм ном унших болсон гэхээр гэж ирээд оршлоо бичихгүй бол болохгүй. 

Хүмүүст олж мэдсэнээ, уншсанаа танилцуулчих юмсан гээд зүтгэдэг хүмүүс байдаг тийм ээ? Тийм нэг хүний клаабхаус дахь номны тухай яриаг сонсоод. Өөрийгөө ер нь мэддэг, чаддаг зүйлээр хомс юм гэдгээ ухаараадөө. 

Нэр усыг нь хэлнэ ээ. Угаасаа тэр эгч өөрөө нэлээд нээлттэй бичдэг, их идэвхитэй л дээ. Орчуулсан 3 ч номыг нь уншсан. Үлдсэнийг нь тэгж байгаад олж уншина. 

Доржийн Болортуяа гээд хайхаар гараад ирнэ. Номыг их гоё танилцуулдаг, би тэр танилцуулгаас нь хэд хэдэн ном захиж уншсан. Таалагдсан. Би ч сүүлийн хэдэн номны тухай бичлэгтээ танилцуулсан даа.

За тэгээд танилцуулсан номыг нь англиар уншиж чадахгүй ч ямартай ч зохиолчийнх нь тухай олж мэдэхээр нетээс хайсан. Монголоор мэдээлэл цөөхөн байдаг юм билээ. 

Харин Н.Энхбаяр гуай "Миний жинхэнэ гэр орон" гэдэг номыг нь орчуулсан байдаг юм байна. Улс төр гэж чичрээд дайраад явахаар сайхан уулын аманд, зуслангийн байшиндаа ном орчуулаад суувал гэж бодоод байдаг юм. 

Орчуулгандаа их сайн гэж сонссон. Сайхан намбайгаад, аяга боргол хажуудаа тавьчихаад л суухад юу нь болохгүй байхав дээ тийм ээ? Олон жил төрд шунасных, хачин тансаг зуслангийн байшинтай л байлгүй бодвол. 

Төрд орох гээд чичрээд дайраад байдгийнх нь учир баяжихдаа л байдаг гэж ойлгоод байгаа. Тэр улс энэ тэр нь хөгжих эсэх ер падлийгүй ч юм шиг...

За хальсан бөлгөө. Ер нь юм бичихээр бас хальдаг юм байна шүү, журмын олон нөхөд ойлгоорой. Хэ хэ. 

Япон хэлээр бол нэлээд зүйлс байсан. Бичсэн номыг нь номын сангаас зээлсэн. 3 ном зээлээд, эхнээс нь уншаад л явж байна. Дундуур нь зулзагуудын номноос бас унших хэрэг гарчихаад байгааг өмнөх нэг бичлэгт өгүүлсэн дээ. 

Удахгүй энэ номны буцаах хугацаа дөхнө. Барьж очоод сунгуулна даа. Яг уншихыг хүссэн ном маань номын санд байхгүй байна лээ. Заавал худалдаж авах хэрэгтэй.  

Аминдаа хэмнэлт хийгээд, шинэ ном авалгүй номын сангаас зээлээд уншчих санаатай ч...

За дөнгөж эхлээд 10-д хуудас. Тич Нат Хан гэдэг буддын шашинтай лам хүний бичсэн "Инээмсэглэлийг амилаахуй" гэдэг ном. Яг юу гэж орчуулахаа мэдэхгүй л байна. 

Ямартай ч эхний хэдэн хуудаснаас харахад "инээмсэглэн" сэрж байх. 24 цагийг инээмсэглэлээр  угтаж, инээмсэглэлээр дүүргэж амьдрах тухай өгүүлж байна. Мөн бясалгалын тухай гарч байна. 

Агуулгыг дараа дараагийн бичлэгээрээ дэлгэрүүлж бичнэ ээ. Эхлээд энэ лам хүний тухай жаахан бичих үү? 

1926 оны 10 сарын 11-нд Вьетнамын төв хэсэгт орших жижиг тосгонд төрсөн. 10-д наснаасаа сүм хийдэд шавьлан сууж лам болох эхлэлээ тавьсан. Зэн болон Буддын ухааны их багш гэгддэг. Эдүгээ 95 насыг зооглож байгаа Бурханч лам, энх тайвны төлөө тэмцэгч.

Америк болон Францад голцуу явж лекц унших, энх тайвны хурал зөвлөгөөнд оролцох гэх мэт үйл ажиллагаагаа явуулдаг байжээ. 1967 онд Нобелийн Энхтайвны төлөөх шагналд нэр дэвшиж байж. 

1973 онд Парист болсон Энхтайвны энхийн хэлэлцээрт төлөөлөгчөөр орсон. Энэ онд түүнийг нутаг буцахыг нь хорьсон. Тэгээд л Францын өмнөд хэсэгт орших жижиг тосгонд аж төрдөг. 

Вьетнамынхаа төлөө, энх тайвны төлөө ихийг л хийсэн хүн бололтой. Бичсэн ном зохиол, сургааль, лекц зэрэг нь тоймгүй их байдаг юм байна өө. Зэвсгийн бус аргаар тэмцэгч, залуусыг энх тайванд уриалагч.

Лам хүний тухай япон хэлээр бараг анх удаа уншиж буй байх шүү. Үг хэллэгээс нь эхлүүлээд мэдэхгүй зүйл их гарах шинжтэй. Энэ ном ч өөрөө 1995 онд хэвлэгдсэн болохоор, эдний катакана үсгээр бичигдсэн гадаад үг хэллэг багатай юм. 

Нэг бодлын амар, нэг бодлын заримдаа тийм гадаад үг нь ихэвчлэн англи хэлнээс авсан үг байдаг тул, англи монгол тольноос хараад мэдчихэд дөхөмтэй л дөө. 

За за нэг номыг зүгээр уншчихгүй тийм ээ? Олон долоон юм яриад. Хо хо. Өөртөө амжилт хүсээд түр баяртай. Номоо уншлаа. Бүгдэд нь амжилт шүү.

2021年7月7日水曜日

Бороо, үер, онц байдал

Өнөөдрийн сонинг бичиж үлдээхээр шийдээд. 

Ойрд Японы ихэнх нутгаар бороо хур ихтэй, зарим газраар хөрсний нуралт болж олон хүн сураггүй, 7 хүн нас барсан гэж мэдээнээс уншив. Зурагт үзэхгүй, үзсэн ч Харри Поттер үзээд манай бага зулзага.

Тэгсэн суугуул хотоор минь бороо ихтэй. Хувингаар цутгасан шиг л орж байна. Гэтэл өнөөдөр ажил дээрээ сууж байтал цэцэрлэгээс, бага сургуулиас мессеж ирэв. 

Онц байдал зарласан, настай хүмүүс зэргийг хоргодох байр зэрэгт орохыг анхааруулсан. Энэ "зэрэг" гэдэг үгэнд бага насны хүүхэд бас ороод явчихдаг юм байна. 

Цэцэрлэг нь хурдан шуурхай ирж хүүхдүүдээ аваарай гэсэн байна. Би ч бараг ажил дээрээ ирээд удаагүй байсан болохоор өө л дөө ухааны юм бодоод, дарга цэрэгтээ хэлээд үдээс хойш амрахаа хэлчихлээ. 

Энэ хооронд цэцэрлэгээс нь дахиад л мессеж. 4, 5 насны ангийхан бага сургуульд хоргодохоор хөдлөөд, оччихлоо. Тэндээс очиж хүүхдээ аваарай гэж байв. Яг гарахад дахиад мессеж ирэв. Хартал 2,3 насныхан бага сургууль явсан. Тэндээс хүүхдээ аваарай гэжээ. 

Би ч шууд л бага сургууль орсон. Далимд нь дунд зулзагаа аваад харьчих юмсан ухааны юм бодоод л. Юу ч гэж миний санаснаар болохов. 

Сургуулийн гадаа очтол хөөрхий хэдэн цэцэрлэгийн багш нар шүхэр барьчихсан хэдий ч шалба норчихсон газарчлаад, сургуулийн тамирын заалны байр хэсэгт машинтайгаа яваад очихоор хүүхдийг нь гаргаж ирээд машинд нь суулгаад өгч байна. 

Эцэг эхүүд машиндаа, хүүхэд нь суунгуут л шууд хөдлөхөөр. Тэгэхгүй өөрсдөө бууж очоод хүүхдээ авна гэвэл шууд л түгжрэл үүснэ. Үүнийг бас их сайн бодолцож хурдан шуурхай ажиллаж байна өө. Бахархаад, бөхийгөөд л баярласан талархсанаа хэлээд л хөдөллөө. 

Ингэж хөдлөхдөө бас ухарч бариад явахгүй, шууд л цаашаа нэвт гарч байна лээ. Би тийшээ гардаг гэж мэдээгүй. Олон жил л энэ сургуультай холбогдож байж. Хэ хэ. Онц яаралтай үед машин нэвтрээд цаашаа гарчихдаг юм байна. 

Энгийн үед бол сургуулийн тамирын заал, сургуулийн дундуур машин явж өнгөрөх хориотой байдаг тул. Энд тамирын заал нь ихэвчлэн тусдаа, гэхдээ яг хажууд нь байрладаг.

Бага сургуулийн сурагчид өөрсдөө алхаж ирсэн. Гутал нь шалба нороод л орж ирсэн. 

Маргааш бага, дунд сургууль, зарим нэг цэцэрлэг амарна гэнэ. Баасан гарагт яахыг хотын, мужийн захиргааны шийдвэрийг харзнана гэнэ. 

Бодож сууна, эд нар байгалийн гамшиг ихтэй орон болохоороо маш сайн бодлоготойгоор үүндээ бэлддэг, сургадаг, боловсруулдаг тул сандарч, паанигтсан улс ховор, их л зохион байгуулалттайгаар хамтарч ажиллаж чадах юм даа гэж. 

Энэ нь ковидын үеэр ч мэдэгдээд явна. Нэг их сүржигнэлгүй, бодлого судалгаатайгаар хандаад, ямартай ч давж гараад, олимпоо зохион байгуулна гэж зүтгэж байна. 

Гэтэл манайх яалаа? өнгөрдөг жилээс худлаа сүржигнээж хамаг зүйлсээ хорьж цагдаад, одоо иргэд тэвчихийн аргагүй бухимдалд орж байна шүү дээ. Бас юу ч дарж аваагүй байж, зугаа цэнгэл яриад л. 

За за нэг юм бичихээрээ л хазайгаад, шүүмжлэх гээд байдаг тийм ээ? 

Ямартай ч бороо хурдан зогсоосой. Үер битий буугаасай. Хөрсний нуралт битгий болоосой гэж залбираад л сууна даа...

Жич: Энд бага сургуулийн байрыг ихэвчлэн түр хоргодох байр болгож ашигладаг. Тийм ч учраас сургуулийн байр газар хөдлөлтөд тэсвэртэй, ихэвчлэн өндөрлөг газар байрлах нь их. Мэдээж өндөрлөг газар барих боломжгүй нь ч их л дээ. Манайх нам дор газар байдаг...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт...

2021年7月6日火曜日

Мэлхий гүнж

Будаагаа тариалахдаа, бас нэг эмээгийн гэрийн хажуугийн тоглоомын талбайд таарсан мэлхий гүнж болон мэлхий агьнуудын зураг шүү. Хэ хэ. 

Эгч нь айхгүй, барьж ирээд, алган дээрээ тавиад үзүүлэхээр дүү нь бас айхгүй, хараад баясаад, өөрөө бас алган дээрээ тавина гэж зүтгээд. 

Авч хариад тэжээе гэсэн. За больж үзэх минь. Зулзагуудаа яая гэж байж бас мэлхий тэжээчих үү тэ? Хи хи. 

Нүүрномдоо оруулсан чинь хорхой шавьжны судлаач нэг танил өвөө тэжээх нь жаахан хэцүү, амьд тэжээл өгөхгүй бол болохгүй гэсэн. Бас зулзагуудыг минь мэлхийнээс айхгүй байгаад баярласан байсан. Хо хо.

Харих замдаа мэлхий гүнж гэж үлгэр байдаг, авч хариад тэжээвэл гүнж ч юмуу ханхүү болох байсан болов уу? гэж ярилцлаа. 

Нээрээ оройд бид ээлжлэн үлгэр ярьж өгч байгаа. Монгол япон хамаагүй. Мэлхий гүнжийг дахин нэг уншиж сэргээгээд ярьж өгнө өө. 

Унтахынхаа өмнө ихэвчлэн зурагт ном үзээд байсныгаа, хааяадаа ингэж үлгэр болгож өөрчлөх зүгээр юм билээ. Хамгийн гол нь аавыг энэ ажилдаа татан оруулах гэж хичээж байна. 

Учир нь аав клбахаус энэ тэр гээд сүүлдэж орондоо ороод. Заримдаа бүр шөнө дөл болтол унтахгүй, уур хүргээд байна л даа...

Зиак нэг иймэрхүү. Мэлхийг ч зүгээр байлгахгүй, зураг хөрөг авч блогтоо мөнхөлж үлдээх гэж маш их чармайлт гаргаж байна дөө би ч. Ккк. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年7月5日月曜日

Тутрагын талбай ба будаа

Энэ 6 сарын эхээр болсон "арга хэмжээ" шүү. Манайдаа л бас хөөрхөн дурсамж үлдээх, эргээд хүмүүжилд ч чухал арга хэмжээ л дээ. Сонирхолгүй бол алгасаарай. 

Дунд зулзагаа будаа тариалдаг аргыг мэдэж аваасай гэж бодоод Сүхбаатар өвөөгөө гуйсан. Будаагаа тариалахдаа жаахан хэсгийг бидэнд үлдээгээч гэж. Дуртай нь аргагүй зөвшөөрсөн. 

Том зулзагыг минь бас маш найрсагаар хүлээж аван, хэсэгхэн газар үлдээж, бид тэнд нь үрсэлгээ суулгаад, намар нь хурааж авч байлаа. Олон жилийн өмнө. Өмнөх блогт минь бичээстэй бий. Сонирхвол тийшээ орж уншина биз дээ?

Танин мэдэхүйд нь асар их үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Будааг нэг ч ширхэгийг үлдээлгүй иддэг. Дүү нараа үлдээхээр загнаад л түүлгэж харагддаг. 

Тиймээс дүүд нь бас хэрэгтэй юм болов уу? гэж бодон, гуйсан хэрэг. Ингээд хань ижил зулзагуудаа дагуулан явж будаагаа тарьсан. Будаагаа гэчихэж ээ. Хэ хэ. 

Манай тутрагын талбай шүү. Том байгаа биз? Ккк

Ээж яг тэр үед хоолой өвөөд, бага зэрэг бүлээнтэй, урвагар царайлсан байсан тул 80 дөхчихсөн өвөөд ханиад халдаагаад яахав гэж бодоод яваагүй.  

Тутрагын талбайгаа хагалж бариад, үрсэлгээгээ суулгах  л үлдсэн байсан. Зулзагууд хөл нүцгэн шавар дунд орохдоо дургүй байсан гэсэн. Бага зулзага бол ороогүй гэсөөн. 

Дунд зулзага өөрт нь зориулж үлдээсэн болохоор аргагүй эрхэнд л орж суулгацаа суулгасан. Эхэндээ ярвайж ирээд л, шавар шороо гэсэн байртай байснаа, дасаад ирэхээрээ гайгүй болсон гэсэн. 

Олон жилийн өмнө о.зулзагтайгаа ээж бас ингээд шавартай хутгалдсан нэг өдрийн дурсамж бий шүү дээ.

Явцын дунд мэлхий энэ тэр барьж тоглоод л, дүү нь тэнд боов боорцгоо гаргачихаад л монголын хөдөөний? хүүхэд шиг л байсан гэсэн. Аав нь зураг хөргийг нь авсан байна лээ. 

Энд чинь хичнээн хөдөө амьдардаг ч хүүхдүүд нь нүцгэн шалдан, эрчүүд нь ч дээгүүрээ нүцгэн шалдан яваад байдаггүй болохоор. Салхи савир ороод гоё байх шиг байсан гэсэн. Ха ха. 

Намар будаагаа хураана даа. Тэгэхдээ бас гэрээрээ очиж ургацаа хураана. Наана нь хийх элдэв арчилгааг өвөө маань хийгээд өгчихнө. Баярлалаа, өвөө эмээ нар минь. 

Японд хүүхэд өсгөхөд эргэн тойрныхон, тосгоныхон бөөнөөрөө л хөдөлж, оролцож байж хүмүүжүүлдэг гэж ярьдаг байсан юм билээ, эртнээсээ. Орчин үед л цаг өөр болоод эргэн тойрныхноосоо хөндийрөөд байгаа болохоос биш. 

Бага зулзагаа томрохоор бас ингэж будаа тариалах аргыг танилцуулна даа. Тэр болтол өвөө минь энт тунх байж, урт наслаарай. 

Дараа дуртай хуушуураар чинь дайлна аа...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年7月2日金曜日

Санаандгүй нэг ном

Ийм ном уншаад өө. Дунд зулзага бүр чин сэтгэлээсээ уншуулах хүсэлтэй. Барьж ирээд хажууд тавиад, уншиж байна уу? гэж асуугаад. 

Өөрөө ягаан хавтастайг нь уншиж байна. Би цэнхэр хавтастайг нь. Ангийнх нь охин уншиж байхаар нь хальт сөхөж үзсэн. Сонирхолтой санагдсан гээд хагас сайнд номын сан орохдоо энэ 3-ыг зээлсэн. 

"5 минутын дараах санаанд оромгүй төгсгөл" гэж орчуулах уу? Төгсгөл гэдгийг дүгнэлт, үзэл бодол гэж орчуулж болох ч юм шиг санагдаад, агуулгаас нь харахад.

Богино өгүүллэгүүдтэй. Агуулга нь нэг тийм өвөрмөц, заримдаа бага зэрэг аймар, заримдаа өрөвдөлтэй, заримдаа инээдтэй нэлээд хэдэн өгүүллэггүүд байсан. 

Заримдаа Аюурзана зохиолчийн Дурлалгүй ертөнцийн блюз шиг нэг тийм сонин санагдана. Би чинь анх Аюурзана зохиолчийн зохиолыг уншаад ямар өвөрмөц юм бэ? гэж бодож байснаа, заримынх нь агуулгыг нэх их сайн ойлгоогүйгээ санаад байдаг юм.

Одоо нэг уншвал гэж бодоод л. Монгол дахь гэрийнхээ хайрцагнуудыг ухах ажил гарна. Нэг нартай сайхан өдөр...

Нэг бодсон зүйл. Ээжтэйгээ нэг номны тухай ярилцмаар, нэг сэдвийн дагуу найз охид шиг хөөрөлдмөөр санагдсан шиг байгаа юм, зулзагат минь. 

Өөрөө уншихаар өөртөө л шинэ гэсэн сэдвийн 3 ном зээлчихсэн, бас нэг монгол ном эхлүүлсэн байсныгаа хойш нь тавиад л уншлаа. 

Явцын дунд асууж байна аа? 

-Хөөх ээж, бүр номынхоо амтанд орчихсон байх чинь? Сонирхолтой гэж хэлээ биз дээ? Миний уншиж байгааг дараагаар нь уншаарай, за. 

Ээж дотроо өө ээж нь ядраад байна аа, өөрийнхөө зээлсэн номоо уншмаар байна аа гэж бодоостой. Ил гаргаж хэлээгүй ээ. Өсөж яваа зулзага минь гомдчих вий гэж айгаад. 

Хүүхэд өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг чинь хатан ухаан шаардах юм тийм ээ?  

Дүүд нь хамаг анхаарал, халамжаа дэлгээд, охиныгоо тоохгүй байгаа бололтой. Үүнийг минь сануулаад л, өөрийнхөө хэмжээнд илэрхийлж байна гэж бодлоо. Дунд зулзагаа жаал анхаарч, эрхлүүлье дээ. 

За ном бичиж явснаа хүүхдийн хүмүүжил болоод л явж. Эмэгтэй хүний гэм биш зан гэж энэ байхдаа. Хэ хэ. 

Нэг зүйл хийж явснаа шаал өөр зүйл хийгээд эхэлдэг тийм ээ, дундуур нь. 

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай...

2021年7月1日木曜日

Баяртай, сайн уу?

6 сар минь баяртай. Наадамтай 7 сар минь сайн уу? Ганц нэг аймгууд наадам хийхгүй гэж уриалж байх шиг байна тийм ээ? Баярын нулимс унагаах шахав шүү.

Энд тэнд явахдаа цэцэгний зураг дарсан хэвээрээ. Дор нь нэрийг нь хэлж мэдэхгүй ч. Гэхдээ олон тааралдаж, нүдэлж байж хэлж мэддэг болно тийм үү?

Тоглоомын талбайн цэцгийн мандал. Нэр нь бичээстэй байсан ч мартсан байна аа. Хэ хэ. Өнгө алаглаад, жаахан маамаа нар дөхөж очоод л шулганах юм билээ. Би ч бага зулзагатаа цэцэг л гэж хэлэхээс цаашгүй...

Хүрхрээ явах замд. Жижигхэн мухлагийн гадаах цэцэг. Гадаа сууж амттанаа идсэн юм бид. Ямар гар хуруу зүгээр байх биш. Ухаалаг утас руугаа яваастай. Гадуур явахдаа харин 4жийгээ нэг их ашигладаггүй. Хэмнэж байгаа минь тэр. 

Тэгэхгүй бол интернет их гардаг. Гэртээ болон ажил дээр вайфай байдаг тул аль болох түүнийгээ л хэрэглэнэ. 

Зулзагууд харин гадаа гарахаасаа хорхой шавьж, шоргоолж хайж, байгальтай танилцсан шиг явна. Зурагтнаас хол байлгах гэж хичээж байна өө. Гэрт байхаар яаж ийгээд л зурагт асаагаад, ширтээд суучих юм энэ зулзагууд. 

2 жил гаран карантийлсан монгол хүүхдүүд минь хэцүүеэ. Өмнөөс нь харамсаад байдаг болсон. Мэдээж ээж аав нь хэдий айхтар ч гэсэн өдөрт бол яаж ийгээд л зурагт, гар утас, айпад гээд шагайж л байгаа гэж бодож байна. 

Энд өглөөнөөс орой болтол хичээллэдэг дунд зулзага яаж ийгээд сиймхий олоод л үзчихээд байхад...

За хадуураад, үглэх тал руугаа орчихлоо. Үглэхээсээ өмнө дуусгахгүй бол. Сайхан цэцэг хуар бичиж явсан хүн чинь. Ингэж сэдвээсээ хазайж үглэх нь насны онцлог уу ч гэх шиг. Ккк. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье...