Токсик гэдэг үг нь хортой гэдэг утгатай юм байна. Нэг ч гэсэн англи үг цээжлэхийн тулд гадаадаар нь бичлээ шүү, албаар. Монгол үгээ ашигла, бич, хэл, монгол сөнөлөө устлаа гэж загнаад унав аа. Олны танил хүн шиг л хэлсэн үү? Хи хи.
Дэлхий нийтэд хүүхэд хүмүүжүүлэх талаар уламжлалт нэг ойлголт байдаг юм байна. Тэр нь манайхаар "алганы амт үзүүлэх", "тоосыг нь гөвөх", "сардаа нэг суран бүсдэх", "таван салаа боов өгөх" гэх мэт арга.
"Саваагаа хайрлавал хүүхдээ эвдэнэ" гэдэг үг байдаг гэнэ, америкт.
Уг номонд хортой эцэг эхийн зан үйлдэл, ааш авираас болж хүүхдүүд нь ямар мэдрэмж амсдаг, ямар шархтай үлддэг тухай, мөн түүнийг хэрхэн эмчлэх, эцэг эхтэйгээ хэрхэн "сөргөөцөлдөх" тухай гарна.
Мөн мэдээж хэрхэн эдгэх, хэрхэн илаарших тухай заавар зөвлөгөө, дасгал ажил бий.
"Хортой эцэг эхтэй гэр бүлийн орчин бүгд ижилхан замбараагүй, тогтворгүй, хүүхэд насыг үгүй хийж байдаг нь бодит үнэн юм."
Зулзагуудаа гэртээ тайван амгалан, өөрийн гэсэн хувийн орон зайтай байгаасай гэж хүсдэг дээ. Мэдээж үе үе тэрхүү хувийн орон зай луу нь халдчих гээд байдаг л юм. Хэлээ хазаад, нэг гараараа нөгөө гараа базаад л өнгөрөхийг хичээдэг дээ.
Аймар зоддог ээж шиг байна уу? Хэ хэ. Гэхдээ огт гар хүрч үзээгүй гэж худлаа хэлэхгүй ээ. Уучлаарай зулзагууд минь.
За тэгээд биднийг багад ганц нэг л өрөөтэй байр, нэг бол нэг л өрөөтэй бөөрөнхий гэрт амьдардаг байхад өөрийн гэсэн хувийн орон зай гэх зүйл бараг байхгүй. Тийм ээ?
Би нэг өөрийн гэсэн шкафтай байлаа. Бүхий л нарийн нандин зүйлээ хийж цоожлоно оо өнөөхөө. Хэ хэ.
Түүнд минь хэн нэгэн гар хүрсэн байвал сүрхий уурладаг. Хичнээн ээж аав, гэр бүлийнхэн байсан ч. Одоо бодоход их л сүржигнэдэг байж гэж ичнэ ээ. Ха ха.
"Үнэндээ бол эцэг эхдээ хилэгнэж байгаа нь амьдралаа тэднээр удирдуулж буй бас нэг хэлбэр. Уур хилэндээ зарцуулж байгаа тэр их эрч хүчийг амьдралынхаа бусад зүйлд зориулах болмжтой байсан..."
Энэ их үнэн юм аа тийм үү? Төрснөөсөө хойш л соц нийгэмд өсөөд, хүмүүжсэн бидний эцэг эхийн зарим нэг үзэл бодол таалагддаггүй, зөрөлддөг тийм үү? Засах гэж, ойлгуулах гэж хичээх ч заримдаа үнэн их цаг авдаг шүү. Хо хо.
Аавын минь хэлдэг "Хүүхэд томрох ч лүд юм аа" гэдэг үгийг би одоо өөрөө хэлээд л, өөрөө зулзагууддаа загнуулдаг болж байна өө. Ай Жавхлан минь ээ. Хи хи.
"Өөрсдийн өсвөр насны он жилүүдийг марталгүй санадаг, эсэргүүцэл, сөргөлдөөнийг сэтгэл зүйн хөгжлийн хэвийн үе шат гэдгийг мэддэг, хүүхдээ ойлгодог эцэг эхчүүдийг "энэ насан дээрээ байгаа юм аа" гэж хэлдгээр нь таньж болно."
Яг одоо шилжилтийн насан дээрээ яваа нэг зулзага байна аа, манайд. Аминдаа ойлгох гэж үзээд байхад үе үе нэлээд "давраад" байх шиг санагдаад, зэвүү хүрээд л байгаа. Ха ха.
"Хортой эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ төдийлөн ойлгодоггүй. Хүүхдийнхээ хөтөвчинд сууж сурахаас авахуулаад өсвөр нас хүртэлх эсэргүүцэл, хувь хүний онцлогийг өөрсөд рүү нь чиглэн ирж буй дайралт гэж хүлээн авах хандлагатай. Тиймээс л биеэ хамгаалахын тулд хүүхдийнхээ өөрөөс нь хараат, дорой байдлыг хэвд нь хадгалах гэж зүтгэнэ. Эрүүл хөгжлийг дэмжихийн оронд өөрсдөө ч мэдэлгүй доош чангаах бөгөөд үүнийгээ "хүүхдийнхээ төлөө л хийж байна" гэж итгэцгээдэг. Тэд "хат суулгаж байна" гэх ч юм уу "хүүхэд зөв бурууг ялгаж сурах хэрэгтэй" гэх маягтай зүйлс ярьж байж ч болох юм. Гэвч тэдний энэ сөрөг байдал хүүхдийнх нь өөрийгөө үнэлэх үнэлэмжийг гэмтээж, бий болгох гэж зүдэж буй бие даасан байдлыг нь устгаж байдаг."
Иймэрхүү эцэг эх байдаг тийм ээ? Өөрсдийнхөө үгнээс гаргадаггүй, нэг л их бие биедээ санаа тавьсан, хэт их амьдралд нь оролцсон, тэрхүү хэт оролцоо нь бэр, хүргэнд нь ихээхэн дарамттай байдгийг ч гадарлахгүй, гадарлахыг ч хүсдэггүй.
Тийм ээж аавуудад ч энэхүү номыг уншуулмаар, өөрсдийг нь тольдуулмаар...
Хүн хэлэлтгүй би өөрөө, хажуудах хань ижлээ хортой эцэг эх болгочихолгүй хичээх юм шүү, номоо үе үе сөхөж байхыг хичээнэ ээ.
Үргэлжлэнэ...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.