2020年5月31日日曜日

Абэно масүкү

Энд "Абэно масүкү" гэдэг үг моодонд орсон. Моодонд орсон ч гэж дээ ерөнхий сайд нь нэг өрхөд 2 ширхэг амны хаалт тараана гэж шуугиад. Энэ талаар нэг бичсэн дээ.

Түүндээ цаглашгүй их төсөв тогтоогоод, бөөн шуугиан болов. Тарааж эхлэв. Тэгсэн шаардлага хангахгүй байна, хог явж байна, үс явж байна гэж шүүмжлүүлээд. Түүнийгээ эрүүл мэндийн байгууллагаар нэг бүрчлэн шалгуулж, шаардлага хангаснаас нь эхлээд тарааж эхлэв.

Ингэж дахин шалгуулахад бас л цаглашгүй их мөнгө зарав. Сонин хэвлэлээр их шуугив. Баахан донгодуулав.

Тараахдаа бас учиртай. Ахмадуудад, жирэмсэн хүмүүст гэсэн дараалалтай. 4 сард дунд зулзагын сургуульд амны хаалт тараасан. Өнөөх гайхал "Абэно масүкү" гэнэ. Зулзага түүнийгээ үдийн хоол идэхдээ хэрэглэдэг амны хаалтандаа ашиглана гэсэн. Энгийн үед аавынхаа оёж өгсөн гоё гоё хээтэйгээ зүүж байгаа.

Анх 5 ам бүлтэй хүнд хоёрхон амны хаалт тараахаар бусад нь яах болж байна гэж бодож байсан чинь сурагчдад ингэж тусад нь тараасан. Үүнийгээ товч бөгөөд  тодорхой хэлчихгүй. Элдвээрээ хэлүүлээд. Хэ хэ.

Хэсэг хугацааны дараа том зулзагын сургуульд тараагдсан.

Гэснээс манайд ирэх ёстой 2 ширхэг нь одоог хүртэл ирээгүй. Ха ха. Гадуур бага багаар амны хаалт зарагдаж эхэлсэн. Суугуул мужийн захиргаанаас арван ширхэг амны хаалтыг 500 иенээр худалдаж авах эрхийн бичиг шуудангаар ирсэн. Хоёр удаа ашиглах боломжтой. Гэхдээ бид түүнийг ашиглахгүй гэж бодож байгаа. Үнэтэй санагдаад.

Хань ижлийн оёсон нэлээд хэд, бас дээр таньдаг хүн өгсөн 10 ширхэгтэй, мөн дотроо 7 ширхэгтэй амны хаалт 2 хайрцаг бий. Айхтар чинь овоо жоортой байна уу? Хи хи.

Гадуур зарагдаж эхэлсэн амны хаалт 50 ширхэгтэй нэг хайрцаг нь 3000 иен хавьцаа. Үүндээ НӨТ-аа нэмнэ. Тэгэхээр 3000 гараад талийж өгнө. Урд нь 60 ширхэгтэйг 600 иен орчмоор л авдаг байсан болохоор. Уур хүрээд. Хэ хэ. Үнэ нь шалдаа буутал худалдаж авахгүй юм шүү гэж бодоод эгдүүцээд л явж байна. Овоо зөрүүд гар байна уу? бас л

Ашгүй ажлын газар амны хаалт тарааж өгсөн. Овоо олдсон юм шиг байгаа юм. Урд нь тарааж өгмөөр байвч олдоогүй. Нэг зүйл мэдэж авсан нь олон ширхэгтэйгээрээ зарагддаг амны хаалт тоондоо хүрэхгүй байх, нэг бол илүү байх тохиолдол байдаг юм байна гэж...

Яаж мэдсэн гэхээр. Ажлын газрынхан нэг ажилтандаа өгөхөөр нэг хайрцгийг онгойлгоод, жижиглэн уутлав. Тэгсэн дутаад. Ажлын маань өөр нэг салбарын тоолсонд тоо нь бүр 11 ширхэгээр илүү байсан. Бас нэг салбарын ажилтны тоолсноос нэг хайрцаг бүр 15 ширхэгээр дутуу байсан гэж.

Хятадад үйлдвэрлэсэн амны хаалт. Бас л өнөөх хятад хүмүүсийн хариуцлагагүй энэ тэрийг хоорондоо жиг жуг ярилцав. Манайд чинь хоёр ч хятад ажилладаг. Эх орных нь иймэрхүү хариуцлагагүй зүйл гарахаар хэцүү тийм ээ? Би ч бас иймэрхүү байдалд орно оо. За яахав ээ, удахгүй та нараас ч мундаг болно оо л гэдэг. Ха ха.

Монголчууд минь аливаа зүйлийг хийхдээ маш хариуцлагатай багаарай. Эх орны чинь нэр гардаг юм шүү...

Хойшид олон ширхэгтэй зүйл худалдаж авахдаа тоолж байдаг юм билүү гэж ч бодох шиг. Гэхдээ яг хажууд нь тоолж авахгүй бол бас л итгэхэд бэрх. Сүүлийн үед худлаа заргач хүмүүс ихэссэн тул.

За бүгдэд нь амжилт. Наадам энэ тэр цаашаа шүү. Төсөв мөнгө ч хэмнэгдэнэ. Нэг жил наадамлах тэр их мөнгөөрөө хүүхдүүд очоод тоглочихдог аятайхан, хөөрхөн, хамгийн гол нь аюулгүй нэг тийм ногоон цэцэрлэг бүхий талбай байгуулбал тийм ээ? Нэг тунгааж бодож үзээрэй...

2020年5月30日土曜日

Маш том ажил 2

Маш том ажил минь шувтрах шатандаа. Сэргэр хөх минь жижгэрээд л. Түүнийгээ харж сэтгэлээр жаахан унаад л. Хэ хэ.

Бага зулзага минь яасан? Үе үе харц энгэр цээж рүү минь яваастай. Тэврэхээр булцгар хөөрхөн гар нь ч мөөмөө тэмтрээстэй.

Шингэн зүйл сайн уулгаж байна даа.

Мээмнээс гаргах болсон нэгэн том алтгаан гэвэл шүд. Одоогоор 8 шүдтэй. Дээрээ дөрөв, доороо дөрөв. Тэгсэн дээд шүдний нэг нь жаахан хар толбо үүсчихсэн яваад байлаа. Мөөмнөөс гаргах өдрөө санаандгүй харсан чинь тэр хар толботой шүд нь зах хэсгээрээ жаахан эмтэрчихсэн байсан.

За энэ яг хорхой идэж эхэлж байна гэж мэдсэн. Мээмнээс нь гаргахаар эрс шийдсэн. Гэрийн ойрхон, дунд зулзага үзүүлдэг шүдний эмнэлэгт мээмнээс гаргаад гурав дахь өдрөө захиалга өгсөн. Санаа зовоод болдоггүй.

Шөнө унтаж байхдаа угжуулдаг, мөөмддөг хүүхдийн дээд шүд хорхойтохдоо маш хурдан гэж сонсож байсан тул шөнө чихэрлэг сүү өгөөд байгаадаа өөрийгөө буруутгаад л байсан юм.

Ер нь л санаа зовсон минь ч оносон. Эмч үзээд одоогоор эмчлэх шаардлагагүй. Эм түрхэнэ. 6 сард дахин нэг ирээрэй, дахин түрхээд байдлыг ажиглана гэсэн. Мөн шүдийг нь сайн угааж өгөхөөс өөр арга хэмжээ байхгүй шүү, хичээгээрэй гэсэн.

Жаахан болохоор уйлаан майлаан болсоон. Ээж чанга байвал бусад нь дагаад чангарна гэдэг үзэлтэй хүн болохоор тоогоогүй. Эрүүл болохын төлөөх уйлалт юм чинь тэ?

Шинээр хоёр төрлийн сойз авсан. Нэг нь бага зулзага өөрөө шүдээ угаах, нөгөөх нь ээж аав нь нэмэлт угаалга хийх сойз. Энэ нэмэлт угаалга хийх сойзны иш нь нэлээд урт байдаг.

Орой нь шүдийг нь уйлуулан байж угааж өгсөн. Дээш нь харуулж хэвтүүлж байгаад, урт иштэй богино үстэй сойзоороо угаасан. Яг тэр хорхойтсон шүд нь ядаж байхад их жаахан, богинохон гэх юм уу даа. Хэсэг хугацааны дараа цус гараад, тэгэхээр нь л болилоо.

Гэснээс эндхийн эрүүл мэндийн байгууллагын салбар ажилтнуудын урьдчилан сэргийлэх ажлаа сайн хийдгийн үр дүнд том, дунд зулзага шүд их сайтай. Том зулзага бол сүр бага сургуульд орохын өмнхөн л ганц хоёр удаа шүдний эмнэлэгт очиж байсан. Түүнээс хойш дахин яваагүй. Сургууль дээрх үзлэгээр "нэг ч шүд хорхойгүй байна. Ямар хөөрхөн шүдтэй юм бэ?" гэж эмч хэлсэн гэсээр л ирдэг юм.

Дунд зулзага хоёр жилийн өмнө билүү дээ нэг шүд янзлуулаад авсан. Сүүлдээ ээж үглэсэн. Эрүүл саруул төрүүлээд, шүдээ угаа гэж үглээд, оо сойзоор нь хангаад байхад өөрсдийн залхуугаас болоод шүдээ хорхойд идүүлбэл би дахин дагуулж эмнэлэг явахгүй шүү бла бла. Хэ хэ.

За нэг иймэрхүү. Бага зулзагын шүдийг сайтар харж хандаж байхгүй бол ч. Аавд даатгана даа. Хэ хэ.

Байсхийгээд л шүд гэсэн бичлэг оруулдаг тийм ээ? СБА шүү... Бүгдэд нь амжилт...

2020年5月29日金曜日

Татварын тав дугаар сар

Японд 5 сард баахан татвар төлдөг сар. Машин, үл хөдлөх, хотын ойршин суугчийн татвар гэх мэт.

Манайх бас баахан татвар төлнө. Муусайн феодал юм болохоор. Хэ хэ. Жаахан хөрөнгөтэй улсыг муусайн феодал гэдэг үг нэг хэсэг моодонд орлуу? яалаа?

Энд автомашины хөдөлгүүрийн хоёр төрөл байна. Дугаарынх нь пайзны арын өнгө нь шар цагаан гэж. Шар өнгөтэй нь хөдөлгүүрийн хэмжээ бага. Бинзен бага иднэ гэсэн үг. Энэ нь татварт бас нөлөөлнө. Бага татвартай.

Цагаан өнгөтэй нь хөдөлгүүрийн багтаамж өндөртэй. Татвар ч өндөр, бинзен ч их иднэ.

За яг хэдэн сс-н багтаамжтай энэ тэрийг ёстой хэлж мэдэхгүй юм байна. Ямар сайндаа байнга шоолуулдаг нөхөртөө. Жолооны үнэмлэх яг яаж авсан хүн бэ гээд л гайхаад байдаг. Хи хи. Монгол жолооны үнэмлэх байхгүй, энд сурч авсан. Мэдэхгүй өөрөө ч гайхаад л байдаг юм. Ккк.

Японы хөдөөний айлууд ихэнх нь хоёр машинтай. Дээрх хоёр төрлийн нэг нэг машин. Ойр зуураа жижиг хөдөлгүүртэй машинаа, хол аялалаар явах гэх мэт үедээ том машинаа унана гэх мэт.

Манайх бас тийм. Хань ижил томыгоо, би жижгийгээ. Тэгээд л би чинь машин техник сайн мэдэхгүй болохоор энэ төрлийн зүйлээ бүгдийг нь хань ижилдээ даатгана. Энэ машин гэдэг гайхал чинь бас их зардалтай юм билээ шүү дээ. Эрэгтэй хүмүүс чинь харин машинаа ухаж төнхөөд л, арчиж зүлгэхдээ хачин дуртай тийм ээ? Гайхлыг минь төрүүлдэг зүйлийн нэг. Хэ хэ.

Бас тэр цулуулдаг зүйлс нь үнэн сонин. Мэддэггүй хүн харахад цахилгааны утас шиг тасархй утас, хаалганы ямар юмны ч билээ товч? гээд ёстой л эрээн цоохор л юм цуглуулаад байдаг юм. Тэрнийгээ монгол руу хааяа явуулна, тэндэх хүмүүст асар хэрэгтэй зүйлс байдаг гэсэн. 

За за татвар ярьж явснаа машины сэлбэг болоод явчихлаа. Машины татвараа шөнийн дэлгүүр гэж нэрлэж заншсан конбинид тушаачихаж болдог нь амар. Заавал хотын захиргаа, банк энэ тэр гэхгүй. Маш их ажлыг хөнгөвчилдөг шүү, энэ нь.

Харин үл хөдлөхийн татварыг банкинд тушаадаг. Мөнгөн дүн нь ч их тул, улиралаар нь хувааж төлж болдог гэсэн. Гэх мэтээр иргэдээ бодсон, тэдэнд чиглэсэн үйлчилгээ нь сайтай нь авууштай.

Төрийн албан хаагчид ч энэ  тухай их сайн санал асуулга энэ тэр явуулж байж шийддэг. Иргэдээс ирсэн санал асуулгаар дутагдалтай гэж гарсан зүйлсээ ирэх жилдээ заавал тусгаад, сайжруулаад явдаг юм билээ.

Ямартай ч тушаачихлаа. Ирэх сар хүртэл юугаа идэж хуйхаа маажих вэ гээд л сууж байна. Цалин буутал даанч хол байна даа гэж...

Бүгдэд нь амжилт. Өглөө босоод л хар бараан мэдээ. 4 хөөрхөн үрс, ирээдүй минь салхинд хийсчихлээ шүү дээ. Төрийн томчууд аа, дарга нар аа...

2020年5月28日木曜日

Дайны талбар дахь сувилагч 2

Сувилагчийн мэргэжлийг та бүхэн юу гэж боддог вэ? Би хувьдаа хүндэтгэдэг. Хамаг л хэцүү, хүндийг тэд хийдэг. Японд ч тэдний ажлыг үнэлдэг, хүндэтгэдэг гэж боддог. Мэдээж би өөрийн очиж үзсэн газруудаараа л жишээ авч буй тул, 100 хувь баталгаатай гэж хэлж чадахгүй...

Харин монголд арай өөр тийм ээ? "Өө нэг муу сувилагч" гэж хандах хандлага их өндөр шиг санагддаг. Эмч л бол мундаг бла бла, сувилагч ч дээ гэх хандлага ажиглагдаад байдаг.

Гэснээс японд олон жил ажиллачихсан сувилагч нар бол эмчээ загнаад загнаад явчихдаг юм билээ. Эмч нар ч тэд нарынхаа үгийг их сайн сонсдог эмнэлэг байдаг юм билээ.

Мэдээж өндөр ур чадвар шаардана, тэд нараас, тэд нар ч орчноо нэлээд сонгож ажилд орно.

Хүүхдүүдийг ч бүр багаас нь энэ тухай ойлголттой болоход ном их нөлөөлнө. Флоренс Найтингейлийн тухай ном ч их байна. Түүгээр сувилагч хүн гэж ямар их хэрэгцээтэй, энэрэнгүй, бусдын төлөө хүн бэ? гээд л магтан дуулсан? байдаг тул охид ялангуяа их автана. Тэгээд л ирээдүйд сувилагч болно гэж шийдэх нь олонтаа.

Охид минь ч иймэрхүү номыг зөндөө л зээлж уншиж байсан. Ээж түүгээр нь дамжуулж мэдлэгийнхээ санг арвижуулна. Хэ хэ. Түүнээс би энд ирэхдээ мэддэггүй л байсан, үнэнийг хэлэхэд.

Сонирхуулж хэлэхэд 5 сарын 12-нд Олон улсын сувилагчдын өдөр гэж тэмдэглэдэг. Энэ өдөр нь Флоренс Найтингейлийн төрсөн өдөр бөлгөө.

За оршил их урт болчихлоо. Номын зохиогч Ширакава Юүко нийт 8 жилийн хугацаанд 17 удаагийн томилолтоор Сири, Ирак, Йемен, Өмнөд Сүдан, Палестин Газын зурвас зэрэг улсад очсон. Хаана л дайн, үймээн болж байна, тэдгээр газарт томилогдоно.

Ингэж томилогдох тоолонд ээж аав нь маш их санаа зовно, тэр мэдээж. Явал болсноо хэлэх гэж нэлээд халшрана. Мэдээж тэ? Хэн л охиноо дайн дажин луу илгээхийг хүсэв гэж?

MSF-хэн аль болох эрсдэл багатай гэсэн газар штабаа байгуулна. Энэ бидний зурагтаар үе үе хардаг цагаан даавуун дээвэртэй майхан? байх нь ч бий. Айлын хашаа, айлын гэрт байрлах нь ч бий. Азтай тохиолдолд эмнэлгийн барилгад үйл ажиллагаа нь төвлөрөх нь ч бий.

Агаараас онгоц нисэж ирээд л бөмбөгдөнө, газарт мийнь булна. Буу үүрсэн элдэв бүлгийнхэн. Энэ бүхнээс зугтаж, өөрийн болон хайртай хүмүүсийнхээ амь насыг аврах гэж шөнө дөлөөр зугтана. Ингэх явцдаа дээр хэлсэн зүйлд өртөн, амь насаа алдана, аль нэг эрхтнээ алдана, хайртай хүмүүсээ алдана.

Одоо чинь хэддүгээр зуун билээ? гэж бодох үе ч байлаа.

Бид мэдээгээр тэдэн хүн нас барлаа, буудуулав, алуулав гэж сонссоор байгаад бараг дөжирчихсөн байдаг юм байна. Тэдгээр хүмүүс тус бүр өөрийн гэсэн нэртэй устай, өөрийн гэсэн гэр бүлтэй, өөрийн гэсэн түүхтэй, өөрийн гэсэн итгэл үнэмжшилтэй, өөрийн гэсэн мөрөөдөлтэй.

Нэг бүрийнх нь яаж яваад өрөөсөн гар хөлөө алдчихав? яаж яваад хоёр хөлөө тайруулахдаа хүрчихэв?, яаж яваад гэр бүлийнхнийгээ бүгдийг нэг өдөр буудуулчихав гэдгийг уншаад, үнэхээрийн аймшигтай санагдсан.

Хамгийн их өртдөг нь өнөөх л охид эмэгтэйчүүд, ямар ч гэм буруугүй хүүхдүүд. Тэд өдрийн цагаар гадаа тоглодоггүй. Хүүхэд болсон хойно гүйж харайх гэнэ. Орой үдшийн цагаар нар жаргахаар гарч тоглоно. Энэ бас л эрсдэлтэй. Мэдэхгүй минь өшиглөж тоглоод нэг дор найман хөвгүүн өртөөд, гар хөлөө тайруулна.

Сонсоход, уншихад аймар байна уу? Итгэмээргүй байна уу? Шуналтай, боловсролгүй, хэрцгий цөөн тооны томчуудаас болж хүүхдүүд, бүр цаашлаад улс үндэстнээрээ хохироод, сүйрээд дуусах юм...

Өөрийн эрхгүй хүн зон, таван хошуу мал нь найлаагаад амар амгалангийн туйл болсон Монгол оронд хүн болж төрсөндөө баярлана, талархана.

Гол нь бид хэт их нутаг ус, жалга дов бололгүй, нэг л монгол улс гэдгээ ухамсарлаж, хүүхдүүдээ элдэв дайн байлдаантай, харгис хэрцгий кино ший, тоглоомоос холхон  өр зөөлөн хүн болгож өсгөн хүмүүжүүлэх хэрэгтэй юм болов уу? гэж бодон бодон уншиж дуусгалаа.

Зохиогч энэ номоороо нэг ч гэсэн хүн дайн гэдэг чинь хүсэх зүйл биш байна, дайн хийснээр ямар ч ашиг байхгүй, асар их хохирол амсана гэдгийг ойлгоосой гэж хүссэн нь лавтай... Зүрх шимширмээр кэйс буюу жишээ? бичих гэснээ болилоо. Хөл гараа тайруулсан, буудуулсан гэхээр ер нь ойлгомжтой, ямар хэцүү зүйл болохыг ургуулан төсөөлөөрэй.

Бүгдэд нь амжилт. Эх оронд минь сонгууль зөв, сахилга баттай болж өндөрлөөсэй гэж залбирнам...

2020年5月27日水曜日

Маш том ажил

Энэ долоо хоногт төлөвлөсөн маш том ажлаа танилцуулах уу?

Жаахан маамаагаа мөөмнөөс гаргах. Монгол дахь эмээгийн зөвлөснөөр билгийн тооллын шинийн 3. Балжиннямтай өдөр. Хэ хэ.

Өглөө нь хэвийн мөөмөө өгсөн. Өдөр нь албандаа явах тул нэхээд байхгүй. Гол нь орой. Тарж ирээд наалдан пад болчихдог хоёр хэцүү л байлаа. Хөөрхий минь мээмээ гэж нэхээд.

-Мээмээ баяртай, мээмээ байхгүй.

Аймаар сонин харснаа өмөлзөж уйлсан. Хэсэг чимээгүй байснаа дахиад л гар нь мээм рүүгээ. Тэр тоолонд л мээмээ баяртай, мээмээ болохгүй гэж хэлээд л уйлууллаа. Өрөвдмөөр юм аа. Ноён нуруу хугарах гээд л...

Олон жилийн өмнө том зулзагаа мээмнээс гаргах гэж бас л бөөн уйлаан майлаан болж билээ. Өвөө нь ч өнөөг хүртэл ярьдаг. Энэ удаад бас мессеж бичиж байсан, нүдэнд харагдаад, өрөвдөөд байдаг юм гэж бичсэн байсан. Том зулзагат минь амь шүү дээ өвөө.

Өдөр бүр шахуу зээ нартайгаа ярьдаг хоёр байдаггүй ээ. Орой нь яаж байгаа бол гэж бодоод, өрөвдөөд, ярихаасаа халшраад байна гэж мессеждээ бичсэн байсан. Ккк. Хаа хол монголд бас хүмүүсийн ноён нуруу хугарах гээд байна шүү.

Орой боллоо. Аав нь унтуулна гээд л аваад явсан. Нэг их уйлалгүй унтлаа. Тэгсэн хэсэг хугацааны дараа уйллаа. Мөөмөө хайж байгаа нь ойлгомжтой. Би чинь ааа гэнгүүт нь хөхүүлчихдэг байсан болохоор муу зан сурчихсан. Үлгээд л унтдаг юм. Энэ муу зангийн гор нь одоо гарч байна.

Мэдээд байсан хэрнээ л ид нойрон дунд уйлахаар нь өөрийн мэдэлгүй л мээмээ өгчихдөг байлаа. За тэгээд хичээж буй ээж хүнд зөв гаргалгаа ер нь ховор шиг санагддаг. Тухайн үеийн нөхцөл байдалдаа тааруулаад л арга хэмжээ аваад явах нь элбэг тийм ээ?

Санасныг бодоход эхний шөнөө гайгүй давсан. Мэдээж үе үе сэрж уйлсан л даа. Маргааш өглөө нь сэрэхэд ээж нь дэргэд нь хэвтэхийг хараад илт нүд нь сэргээд л ирсэн.
-Мээмээ
-Мээмээ баяртай, мээмээ болохгүй.

Нүүрээ дараад өмөлзөж уйлсан. Ээждээ гомдож ирээд л уйлж байна. Өдөр нь албандаа явчихаж байгаа болохоор бас ч гэж гайгүй. Хоёр дахь оройгоо бас л аятайхан давлаа. Хоёр удаа байна уу даа сэрсэн. Эхний удаагийнхыг нь мэдсэн. Хоёр гурав дахийг нь мэдээгүй, нам унтсан байна лээ. Бүтэн нойртой хоносон? гэсэн үг. Хи хи.

Гэснээс би нь одоогоор маш гоё сэргэр хөхтэй хүн л гүйж байна. Ха ха. Үе үе саана аа, тэхгүй бол чинэрээд хэцүү хэцүү... Сүү татраад ирэхээр шалчийлсан юм болно л доо. Гэхдээ л огт мөөмгүй хүнээс дээр шүү. Ккк.

За долоо хоногийн дараа дахин мөөмний тухай бичнэ ээ. Хэ хэ. Тэр болтол түр баяртай...

2020年5月26日火曜日

Дайны талбар дахь сувилагч

Нэг ийм ном уншив. Унших тусам дайн дажингүй оронд төрсөндөө үнэнхүү талархана.

Номын зохиолч япон хүүхэн 7 настайдаа "Хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг(MSF-Médecins Sans Frontières)" гэдэг үгтэй тааралдана. Тэр үг түүний бяцхан тархинд кодлогдоод үлдсэн байдаг.

Ахлах сургуульдаа ирээдүйд ямар ажил хийх, ямар мэргэжилтэй болох тухайгаа шийдэхдээ ангийнхаа хүүхдийн хэлсэн "би сувилагч болно" гэдгийг сонсоод өөрийн яг юу хүсээд яваад байсныгаа олж мэднэ.

За тэгээд эх орондоо сувилагчийн сургуульд суралцана. Улсын шалгалт өгч сувилагчийн эрхийн үнэмлэхээ гардан аваад, доторхой хугацаанд мэргэжлээрээ ажиллана.

Дээрх нийгэмлэгийн Токио дахь салбарт нь очоод, хэл сурах ёстойгоо мэднэ. Австрали улсад очиж суралцана. Төгсөөд тэндээ хэсэг ажиллана. Овоо хэдэн жилийн дараагаар эх орондоо буцаж  ирнэ. MSF-д бүртгүүлнэ. Анхны томилолт ирнэ.

Эхний хэдэн хуудас хөнгөн уншигдсан. Хойшоо унших тусам зүрх шимширнэ. Зарим хэсэгт нулимс цийлэгнэнэ. Зулзагууд минь нүдэнд харагдана, ижий аав минь, садан төрөл, эх орон минь нүдний өмнүүр жирэлзээд өнгөрнө.

Дайны хохирол амсаж буй хүний оронд өөрийгөө тавьж нэг үзнэ, дотны хүмүүсээ нэг тавьж үзнэ. Ер нь л аймаар. Сэтгэлийн хөөрөл ихтэй хүн бол уншилтгүй.

Монгол эх орон минь, таван хошуу мал минь налайгаад , хүн зонгүй амгалан тайван дүр зураг үүрд мөнх хадгалагдан үлдээсэй гэж хүснэ, залбирна.

Гол дүр маань ямар ямар оронд томилогдон ажиллаж, ямар ямар хүнд тохиолдлыг үзэж харсан тухай дараагийн бичлэгт өгүүлнэ ээ.

Маргааш болтол түр баяртай. Сонгуулиа өгч, зөв хүнээ сонгож, ирээдүйгээ гэрэлтүүлцгээе. Бүгдэд нь амжилт...

Жич: MSF гэдэг үгийг хараахан сонсож амжаагүй хүн, дүү нар байвал хайгаад үзээрэй. Цахим орчинд мэдээлэл бол хангалттай бий шүү. Мөн боломжтой бол хандив өгсөн ч болдог...

2020年5月25日月曜日

Цуцлагдаад...

Коронагаас болоод япон улс даяар зохиогддог олон тэмцээн уралдаан, урлаг соёлын үйл ажиллагаа эхнээсээ цуцлагдах нь цуцлагдаад, хойшлогдох нь хойшлогдов оо.

Хамгийн их анхаарлын төвд, сонин хэвлэлээр шуугиад байгаа нь ахлах сургуулийн хоорондын тамирын болон урлагийн тэмцээн уралдаан.

Анхаарал татаад байгаагийн гол шалтгаан нь тухайн спортоороо, тухайн хөгжмийн зэмсгээрээ дагнаад ирээдүйд тамирчин болно, хөгжимчин болно гэсэн хүүхдүүдийн ирээдүй. Тухайн тэмцээн уралдаанд хэрхэн амжилт үзүүлснээс нь шалтгаалаад мэргэжлийн багууд нь шууд өөрийн багтаа элсүүлэх, их дээд сургуулиуд өөрийн сургуульдаа шалгалтгүй? элсэх урилга өгөх гээд л их шийдвэрлэх тэмцээнүүд болдог болохоор тэр.

Тэр тухай сонин гарчиглаж суухдаа энд ирсэн монгол хүүхдүүдийнхээ тухай л болож суув. Суугуул хотын нэгэн хувийн ахлах сургуульд сүүлийн хэдэн жил сүмогоос гадна нэлээд хэдэн монгол хүүхдүүд ирж суралцаж төгсөөд японд үлдэх нь үлдээд, монгол явах нь яваад, бүгд л сайн сайхан явдаг.

Мэдээж сэтгэл санааны болон бие бялдрын олон бэрхшээл, давааг туулж байж шүү дээ...

Энэ жил төгсөх ангийн хоёр ч хүүхэд бий. Нэг нь хөл бөмбөг, нэг нь сүмо. Яг яахыг хэлж мэдэхгүй л байна. Их сургуульд элсэн орох? Нэг бол мэргэжилд орох? Гол нь дасгалжуулагч нарын хараанд өртдөг ганц алтан боломж нь үгүй болчихлоо. Сэтгэлээр унасан хүүхдүүд л байх шиг.

Ядаж байхад ганц монгол багш нь үнэн дүфф гар бий. Ха ха. Яавч эрүүл биш, ёс суртахууны гоо сайхан гэж үгүй санагддаг. Үнэн шуналтай, пялдага гар бий. Монгол сурагчдыг үнэн дарамталж чаддаг. Энэ тухай бичих гэхээр хүн муулсан, сайн сайхан яваа нэгнээ ад үзсэн болчих тул ингэсгээд л дуусгая. Хэ хэ. Нарийн ширийнийг нь мэддэггүй хөндлөнгийн хүмүүст бол үнэн сайн багш. Ха ха.

Ямартай ч монгол хүүхдүүдэд хүний газар хань болж, ах эгчийн журмаар тав арван үг хэлж л сууя даа. Үлдээхийг нь үлдээгээд, хаяхыг нь хаях нь тэдний эрх. Нээрээ маш хүмүүжил сайтай хүүхдүүд ирдэг. Хөөрхөн ахаа эгчээ, тэгэх үү? ингэх үү? гээд л.

Хааяахан олддог уулзах боломжоороо хоорондоо их найрсаг харилцана бид чинь. Сургуулийнхаа талаар, япон хүмүүсийн талаар, эх орныхоо талаар, монгол дахь дурсамжийнхаа талаар, ганц нэг хүний талаар гээд л муулна, сайлна, бахархана, голно гэх мэтээр сайхан яриа өрнүүлнэ.

Ингэж тэдэнтэй ярилцахад тэд маш их дуртай. Төгсөөд явсан хүүхдүүд, одоо бол мундаг том залуучууд болсон л доо. "Танайд очоод яриад суухаар их сайхан, сэтгэл сайхан онгойдог байж билээ. Та хоёр бол шаал өөр хүмүүс, одоо цагт ховрын хүмүүс шүү дээ." гэж хэлдэг юм. За за өөрийгөө баахан магтчихлаа. Энэ хэсгийг уншилгүй алгасчихна биз дээ? Ккк.

Эх орноосоо, ээж аав элгэн саднаасаа хол тэдгээр монгол хүүхдүүдийнхээ ирээдүйд сайн сайхныг хүсье өө. Цаашид зөндөө л уралдаан тэмцээнд оролцох юм чинь энэ удаагийн давааг зоригтойгоор, итгэлтэйгээр туулаарай...

Та нарт бас амжилт шүү. Дор бүрнээ хичээе ээ...

2020年5月24日日曜日

Гарын дорх

Гарын дорх зүйлсээ ашиглаж тоглох, ямар нэгэн зүйл хийж сурах хэрэгтэй гэж боддог минь энэ коронагийн үеэр улам баталгаажлаа.

Жишээ нь оёод сурчихсан байх. Монгол ухаанаар бол хөх зүү хөндлөн бариад сурчих. Гэхдээ би хөх зүү хөндлөн барьж сураагүй нэгэн. Азаар юм юм сурчихсан хүнийг хань ижлээ болгоод хажуудаа уячихсан. Хэ хэ.

Багад сурсан эрдэм биед шингэж үлдэж хоцрохдоо сайн байдаг шиг. Сурсан эрдмийг чинь би аваад үхчихгүй гэж үглэдэг ч бас толгой руу ёнк гээд л орох үе байдаг тийм ээ?

Бичих гэсэн санаанаасаа далийгаад байна аа. Гарын дорх материалаа ашиглаж тоглож сурах гэдэг бас л ухаан билээ. Би нэг их тоглоом аваад сүйд болж байгаагүй зулзагууддаа. Тэртэй тэргүй цэцэрлэгт яваад, олон төрлийн тоглоомоор тоглож байна. Мөн эдний цэцэрлэг гарын дорх зүйлс ашиглаж хөөрхөн хөөрхөн тоглоом хийлгэж тоглуулдаг.

Тэр арга ухаанаас нь суралцаад л, өөрөө хийхгүй ч амаараа бусдыг хөдөлгөөд л явж байна. Хэ хэ.
00-н цаасны гол. Дунд зулзага дүүдээ зурж хийж өгсөн. Будаж барьчихвал бүр л ургаад өгөхөөр байгаа биз? Зурдаг хүмүүст бас атаархаад байдаг юм. Юу л бол юу хийж болж байна аа. Одоогоор гэхдээ зулзагууд тийм цаг заваар хомс. Хичээл хичээл, ном ном гээд.

Гэснээс сургуулийн дугуйлан секцүүд эхэлж л байна, эхнээсээ. Сагсны дугуйлан эхэлсэн. Би бөөн баяр. Тэгэхгүй бол үнэхээр хөдөлгөөний дутагдалд ордог юм байна. Болдогсон бол ээж оронд нь заал тойрч гүйгээд, бөмбөг залаад гүймээр л байна. Үнэгүй -2 км болно биз дээ?
Халуун өдөр ингэж усаар тоглов. Хүүхдүүд усаар тоглох дуртай байдаг даа. Багахан зулзага минь ч адил. Одоогоор шүхрээ даадаггүй ээ. Хэ хэ. Яагаад шүхэрний зураг оруулж байна? гэхээр дунд зулзагатаа шүхэр худалдаж авсан паянг минь санаж байна уу?

Гэснээс бид эгээ нарын ягаан өнгө орсон зүйлсийг бага багаар монгол явуулах гээд баглаж байгаа. Цаг сайхан болохоор монгол явуулна даа. Хөдөөний хамаатан садны минь хүүхдүүд баярлаад авдаг гэсэн. Ойрхон бол зөндөө л зүйл өгөөд явуулчихмаар байдаг юм. Гэрийн минь хогшил үнэн их байна аа? Цөөлөх гэхээр бас яаж цөөлөхөө сайн мэдэхгүй  байна. Аминдаа өөрийгөө их хэмнэлттэй гэж боддог ч...

За ингээд зун болчихлоо шүү. Далай явж чадахгүй байх гээд хийлдэг бассейн худалдаад авчихсан. Ха ха. Дараа зураг хөрөг орууламз.

Маргааш болтол баяртай. Амны хаалтаа сайн зүүгээд, амьтан хүн ихтэй газраас дөлсгээд явцгаагаарай таминь ээ... Амжилт.

2020年5月23日土曜日

Бага зулзага ба ном

Бага зулзага минь хүн юм гэсэндээ ном цуглуулаад эхэлсээн. Монгол хүн байна даа, номыг уншаад уншаад, бүр идээд явчихна шүү гэсэн хүн байна.

Цэцэрлэгээсээ ном захиалж худалдаж авдаг. Сар бүр нэг ном ирдэг. Эгч нарынхаа захиалсан номтой давхцаж ирэх тохиолд бол байж магад гэж бодсон ч тэссэнгүй захиалчихсан.

Эгч нарынх нь ихэнх номыг монгол ачуулчихсан. Нэг нартай өдөр монгол явахаараа хамаатныхаа жаахан маамаа нарт нэг нэгээр нь тарааж өгнө гэж бодож байгаа. Юмыг яаж мэдэхэв ирээдүйд япон хэл сурах ч юм билүү? тэд минь.
4,5,6 сарын ном. Нэг номын үнэ 420 иен. 0-2 настанд зориулсан, үсэг багатай, өрнөл багатай. Би ийм номонд учиргүй дуртай. Хамаатныхаа залуухан ээжүүдэд бас зөвлөдөг. Учиргүй номонд дуртай, уншдаг хүүхэд болгох гэж наснаас нь хэтэрсэн ном авч өгөөд хэрэггүй ээ. Өрнөл маш бага, үсэг өгүүлбэрийн тоо бага, эрээн мяраан зураг багатай ном сонгоорой гэж номонд дуртай охид өсгөсөн туршлагаасаа хэлж зөвлөдөг.
Дуунд дуртай болов оо би гэдэг шиг л гэрт минь хөглөрдөг дуут ном. Гэрт минь хамгийн дуунд муу, сонсгол муу хүн нь би. Бусад гишүүд бүгд дуулаад байна, хөгжимдөөд байна, сонсоод байна.

Бага зулзага минь "Хажуугийн Тоторо"-д хачин дуртай. Оройд энэ олон дуут номон дээрх дууг нь байнга дарж сонсдог. Өдрийн хэд ч сонсдог юм бүү мэд. Заримдаа залхах шинжтэй ч. Хүмүүжүүлэх арга барилдаа аль болох бага дээр нь дуртай зүйлсийг нь дураар нь хийлгэх санаа байдаг тул, асар тэвчээртэй хүлээж авна шүү дээ.

Ганц монгол дуут номыгоо хажууд нь байнга байлгаж, үе үе сэмээрхэн дарчихдаг. Хэ хэ. Энэ их хөөрхөн дуу багтсан байдаг. Бага зулзагат минь найзууд бэлэглэсэн. Амь бөхтэй оршсоор л байна.

Ээжийг завилж суулгаад, өөрөө бөгсөө өгч ирээд л ээжийнхээ урд сууна. тухалж аваад номоо хэд дахин уншуулдаг, багахан минь. Өхөөрдөм, хайр хүрэм. Ингээд бичээд суусан чинь барьж аваад, базаад базаад үнсчихмээр санагдаад болдоггүй ээ. Хи хи.

За нэг иймэрхүү, номон дунд амьдарч байна. Хоёр эгч нь бас тус тусдаа час хийсэн номын тавиуртай, тодорхой хэмжээний  номтой. Одоо бага зулзагатаа номын тавиур бэлдэх шаардлага гарлаа...

За маргааш болтол баяртай. Ном уншиж, эх орны минь ирээдүй номтой, гэгээтэй байгаасай. Бүгдэд нь амжилт шүү.

2020年5月22日金曜日

Далайн хишиг

Хань ижил гэр орноо тэжээх гэж үзэж тарж байна дөө. Хэ хэ.

Хангайн хишиг ч олоод ирнэ. Далайн хишгийг харамгүй хүртээж байна. Түүнийг нь би? хэрхэн хоол болгох вэ? гэж толгойгоо гашилгаастай.Ха ха.

Гашилаад сүйд болсон зүйл байхгүй ээ, сүрийг бадруулах зүгээр тийм ээ? хааяадаа ч...
Японоор ажи, англиар horse mackerel, монголоор хар амар загас гэнэ ээ. Гэснээс энэ олон загасны нэрийг тэр бүр тогтоохгүй ээ. Худалдаж авахдаа өнгө үзэмж, нэр усыг нь харж байгаад худалдаад авчихдаг. Монголоор яг хэлэх гэхээр юу билээ? гээд гацчихна.

За энэ удаагийн хишгээ сайхан гэдэс дотрыг нь цэвэрлэж байгаад шарж идсэн. Өдрийн хоол, оройн хоолондоо хүртсэн. Өдийд өөх тос ихтэй, амттай байдаг гэнэ. Загас хүртэл манай хонь шиг л өөх тостой амттай улирал гэж байна, хөөе. Мэдээжийн зүйл хэлчихсэн үү?
Энэ эртээдийн Squid- зөөлөн биетийн үлдэгдэл. Хөргөгчинд удаачих гээд болохгүй, ингээд нэг дор шараад идчихсэн. Энэ гэхдээ хадгалалт сайн даадаг гэсэн. Удаан хадгалж болдог болохоор амар.

Гэх мэтчилэн махчин хүмүүс үе үе ингэж далайн хишиг хүртэх зүгээр ээ.

Бид ингэж ярилцав. Коронаг нам дарагдсаны дараагаар ямар ямар хоолны газар орж хооллохоо ярив. Хань ижил-рамён. Том зулзага-европ хоол. Дунд зулзага-наашаа цаашаа. Би-сүши. Бага зулзага-мээмээ, хэхэ. Хөөрхий минь удахгүй мээмнээс нь гаргана...

Сүүлийн үед идсэн уусан бичлэг ихэслээ шүү. Яах уу? Бичээд байх уу? Болих уу? Гялс хариу? Ха ха.

Дараа юу идэх үү? Энд зураг хөргийг нь оруулахын тулд. Ккк. Санаа оноо байвал хэлээрэй. Шэйр шэйр гээд л Идэрээгийн хэлдгээр. Хо хо.

За түр баяртай. Амны хаалтаа зүүгээрэй. Сонгуульд нэр дэвшсэн хүмүүсээ сайн судлаарай. Зөв сонголт хийгээрэй...

2020年5月21日木曜日

Таатай мэдрэмж

Нэг зүйлд таатай мэдрэм их авна аа би чинь. Юу вэ гэвэл хэн нэгэн хүнд ямар нэгэн зүйл өгөөд, тэр минь цаад хүндээ таалагдахад сэтгэл минь баяр баяслаар дүүрдэг.

Мэдээж авахдаа ч адил л даа. Хи хи.

Өнгөрдөг жилийн 12 сараас л хань ижил, дотны найзад минь илгээмж явуулах гэж надаас илүү зүтгээд, үглээд. Сүүлдээ би "энэ чинь одоо юу болоод байна?" гэж хардах ч шиг. Ха ха.

Япон хүүхнүүдтэй бол тоож хардахгүй л дээ. Яахав мэдээж гоё охид хүүхнүүд байлгүй л яахав. Гэхдээ монгол хүүхнүүд, охид үзэсгэлэнтэй шүү үнэхээрийн. Хэ хэ.

Юу бичиж явлаа? Аан тийм. Найз минь солонгост ажилладаг. Хайртай хүмүүсээсээ хол ганцаараа хичээж байгаа найздаа жаахаан ч гэсэн сэтгэлийн дэм өгөх гэсэн миний санааг хань ижил 200 хувь дэмжээд.

Яахав, би жаран чавганцын ажилдаа түүртээд, элдэв шалтаг тоочоод хойшлуулаад байсныг минь сануулж үглэж байсан нь л тэр. Миний муу хань ижил. Би л тэрийг нь цаашлуулж, шоолоод, хошигноод байгаа нь тэр л дээ. Та нар бас буруугаар ойлгочихов доо. Ха ха.
5 жилийн өмнө байна уу даа, над дээр ирсэн юм. Тухайн үед идэж ууж байсан зүйлсээсээ дахин амсуулах санаатай. Мэдээж дан идэх зүйл хийгээгүй л дээ. Өөрийн урласан аяга угаагчнаасаа, номын хавчуурганаасаа, хань ижлийн оёсон амны хаалтнаас гээд л хийсэн. Өөр бас бус зүйл ч хийсэн.
Хамгийн гол нь энэ чавганы дарсыг хийж явуулчихаад чадвал төрсөн өдрөөр нь онлайнаар "төлөө" гээд л тогтооно гэж бодсон чинь. Алкахолын хэмжээ нь тэд байх ёстой, цаад хүлээж авах хүн нь согтууруулах ундаа тул татвар төлж авах ёстой, ер нь ийм цаг үед архи дэмий байх аа гэж шуудангийн хүн зөвлөсөн болохоор нь буцааж аваад, оронд нь өөр зүйл хийсэн.

Орой нь жаахан гонсгор амьтан өөрөө уучихсан. Хань ижилд амсуулсан.
-Миний хань өөрөө уух гээд л худалдаад авчихсан юм аа даа.
гэж хэлүүлсэн. Хэ хэ. Ойрд ийм чихэрлэг дарс уугаагүй, амттай байсан.

Цагийн сайханд, монголоос ирсэн найз нөхөд, зочид төлөөлөгчидтэй үүнийг ууж наргиж л явлаа шүү дээ. Хо хо.

Өө тийм. Шуудан маань их хурдан яваад хүрсэн. Удаж магад, учир нь онгоц цөөрсөн тул гэсэн чинь дөрөв шахуу хоногт хүрчихэж. Төрсөн өдрөөс нь өмнө. Ихэд баярлав.

Хайртай хүмүүстээ тун удахгүй очно, зорьсон зорилго нь 200 хувь даваад л биелчихнэ гэдэгт итгэл төгс шүү найз нь. Тэврэлдээд уулзах өдрийг тэсэн ядан хүлээнэ ээ...

ТӨРСӨН ӨДРИЙН ХАЛУУН БАЯРЫГ ХҮРГЭЕ ЭЭ. ХАМТДАА ТЭМДЭГЛЭХ ӨДРИЙН БАЯРТ МӨЧИЙГ СЭТГЭЛ ЗҮРХЭНДЭЭ ТЭЭГЭЭД, ҮРГЭЛЖ ИНЭЭМСЭГЛЭЖ ЯВААРАЙ НАЙЗ МИНЬ.

2020年5月20日水曜日

Мэлрэг цэцэг

Гэрийн гадаах мэлрэг цэцэг. Том зулзагын төрсөн өдрөөр зургийн дугуйлангийн багш бэлэглэсэн. Хайртай ээж минь түрүү жил буцахаасаа өмнө ингэж гадаа суулгаж өгсөн.
Бага багаар нэмэгдээд л байна. Бас их хурдан хагдардаг юм билээ. Эхнээсээ хагдраад, дараагийнх нь цэцэглээд л...
Урт мөлхөө ургах шинжтэй юм билээ. Сайн анхаарч, халамжилж, асарч чадахгүй л байна. Бүхэл бүтэн гурвын гурван хүн асарч, халамжилж, маллаж байна гэж өөрийгөө хөөргөөд. Хэ хэ. Хань ижилтэй нийлээд дөрвийн дөрвөн хүн...
Ойроос харахад ийм. Нэг тийм эмзэг цэцэг шиг байна лээ. Жаахан салхилахаар, жаахан бороо орохоор л уначихсан харагдана.

Сая бүтэн сайнд ойр хавийнх нь зэрлэгийг зулгаасан. Багыгаа салхилуулах санаатай гараад. Хоёр бага зулзага усаар тоглож, ээж зэрлэг зулгааж, аав уул руугаа хавх энэ тэрээ эргэж, том зулзага хувцас хунараа угааж, тээж байхад дарсан зураг нэг иймэрхүү.

Суугуул нутагт дахин нэмэгдээгүй, гурван хүн маань бараг эдгээд гарсан байх шүү. Хөл хорио бага багаар тавигдаж л байна. Гэхдээ л амны хаалтаа зүүгээстэй. Халаад амьсгалахад хэцүү болж эхэллээ. Зуны хэрхэн давах уу? гэдэг шинэ асуудал тулгарлаа гэж...

За бүр баяртай. Бүх зүйлд нь амжилт шүү...

2020年5月19日火曜日

Хоол оо гэж

-2 кг болох гэж хэрэндээ хичээж байна өө. Оройтлоо гэхэд 7 цагаас хойш идэж уулгүй байх санаатай. Гэхдээ улаан вино, хааяа хань ижлийн шар айрагнаас ганц хоёр халбагадчихаад байна. Яанам бэ? Хэ хэ.
Соёолж гэдэг ногоог өндөг, asparagus буюу хэрээний нүд?-ийг хуураад иднэ. Амталгааг  өөрийн дуртай зүйлээрээ хийж болно. Би жаахан давс перц цацаад л тавьчихдаг.
Өргөст хэмхийг дарсан байгаа байдал. Тусдаа дардаг цуу байдаг юм. Амт дажгүй. Үндсэн хоолноосоо идэлгүй иймэрхүү л зүйлээр хоол хийх гээд. Хань ижил дуугай байхгүй ээ. Амттай зүйл хамж шимлээ, ингэхээр яаж -2 болдог юм гээд л. Хэ хэ. Улаан аягатай нь халаасан тараг. Унтахын өмнө халааж уух сайн гэж сонссон. Өтгөн хаталт энэ тэрд...
Хаш ногоо. Би дуртай. Тосонд шараад л бас дуртай зүйлээрээ амталчидаг. Ингэж дангаар нь шарахаар дунд зулзага пүү паа болоод байдаг болохоор ихэвчлэн жижиг хэрчээд махтайгаа цуг хуурчихдаг. Тэгэхээр иднэ, цаадуул чинь. Хэ хэ.

Гэх мэтчилэн ногоо цагаа голцуу идээд байгаа хэрнээ л үр дүн муутай...

Хичээнэ ээ, гэнэт огцом  биш бага багаар эрүүлээр хасах нь чухал тийм ээ?

Гэснээс баба вирус эх оронд минь зуу хол гараад явчихсан. Сэтгэл санаа жаахан онцгүй байгаа шүү, таминь ээ. Анхаарлаа сулруулж болохгүй шүү. Ядаж байхад яр гэдэг шиг, ядаж байхад энэ сонгууль бас хүмүүний сэтгэл санааг мангартуулаад байх юм тэ?

Маргааш болтол баяртай...

2020年5月18日月曜日

Коронагийн эргэн тойронд

Баба вирус гарснаас хойш сонин хачин зүйл их л болж байна тэ, эргэн тойронд. Жирийн нэгэн иргэн, жирийн нэгэн ээжийн, жирийн нэгэн эзэгтэйн, жирийн нэгэн эмэгтэйн, жирийн нэгэн ажилтны зүгээс бичлээ.

Түүнээс Идэрээгийн посткадаар орж буй оролцогчдын яриаг сонсохоор заримдаа ч их сүрдэх юм аа. Хэ хэ. За тэгээд СБА шүү.

Амны хаалт. Өмнөх жилүүдэд 50-60 ширхэгтэй нь 700 иен хавьцаа зарагддаг байсан амны хаалт 50 ширхэгтэй нь 3000 иенээс дээш үнээр зарагдаж эхэлж байна. Оронгуут шууд нүдэнд өртдөг газар, уул овоо шиг л өрөөстэй айдаг байлаа. Тэгсэн одоо яаж байна?

Нэг хэсэг огт олдохгүй байсан бол одоо бага багаар энд тэндхийн дэлгүүрүүдэд зарагдаж эхэлж байна. Би одоогоор тааралдаагүй. Авна гэсэн хүнсээ л авдаг тул илүү зүйл харахгүй байна л даа. Маш хэмнэлттэй. Хэ хэ.

Мужийн захиргаанаас тодорхой заасан дэлгүүрүүдээс 10 ширхэг амны хаалт худалдаж авах эрхийн бичиг? ирсэн. Шуудангаар. Тэр ирсэн бичгийг үзүүлээд хоёр удаа худалдаж авч болно. Гэхдээ бид худалдаж авахгүй гэж бодож байгаа.

Хань ижлийн хийсэн хэд хэдэн ээлжийн амны хаалт, мөн нэг удаагийнх нэлээд байна. Юмыг яаж мэдэхэв гээд байлгаж байгаа, нэг удаагийн амны хаалтаа.

Хүнс. Урд нь тэр бүр зарагддаггүй хүнснүүд үнэд орж, эрэлт нэмэгдэж байна. Гоймон, паста, hotcake-ний гурил, гурил зэрэг бүтээгдэхүүний лангуу хоосров. Би ямар азаар дээхэн хэдэн уутыг авсан байсан юм. Түүгээрээ алтан долоо хоногийн амралтаар ганц нэг монгол хоол хийж идэв шүү дээ.

Нээрээ гурил махыг нэг дор хольж идэх муу гэж сонссон тул, аль болох бага хийж идэхийг зорьж байна. Хааяа л нэг монгол хоол хийж иддэг. Мөн төмс мах хоёрыг цугт нь идэж болохгүй, өргөст хэмх, улаан лоолийг цугт нь идэж болохгүй гээд зөндөө...

Их сонсох, их унших нь энэ мэт мэдлэг мэдээллийг их өгөх юм тийм ээ? Нэг бодлын зүдэрнэ ээ, дассан зүйлийг халж, шинэ хэвшил, дадал тогтоох гэж...

Орлого. Энгийн нэгэн ажилтан тул яг одоогоор цалингаа аваад л явж байна. Бт бонус авдаггүй тул одоогоор мэдэгдэх зүйл алга. Жилдээ хоёр удаа бонус авдаг улс энэ зун 7 сард мэдэгдэх байх. Зарим нэг газар бонус өгч чадахгүй, төрийн албан хаагчдын бонусыг багасгана энэ тэр гэсэн мэдээ явж байсан.

Зарлага. Нэг их өөрчлөгдөөгүй л дээ. Гэхдээ цалингаа буухаар нэг доргиж гадуур хооллодог байсан минь зогссон. Бас ч гэж хэмнэлттэй. Нэг удаа гадуур хооллох мөнгөөрөө материалаа аваад гэртээ хоолоо хийж идэх нь хамаагүй их хэмнэлттэй гэж мэддэг ч. Ээж хүн, эзэгтэй хүн чинь хааяа нэг гал тогооноос хөндийрмөөр үе байдаг юм шүү, хөлдүү төмснүүдээ. Ха ха.

Хөлдүү төмснууд нь үүнийг жаахан мэдрээд, үе үе гал тогоо, тогоо шанаганаас нэг өдөр ч болтугай хол байлгаж байгаарай гэж зөвлөе дөө. Би өөрөө гадуур ажилтай гээд явчихаараа гал тогоо цаашаа шүү болдог хөөн. Мөн хагас бүтэн сайнд аль болох гал тогоондоо бага цаг үрэхийг хичээдэг.

Зулзагуудын дугуйлангууд нэг хоёр удаа карантийлаад, түүнийгээ дагаад төлбөрийнхөө талыг нь төлсөн гэх мэт бага зэрэг багассан. Карантийтай үед л дээ. Байдал хэвийн болохоор төлбөр ч бүтэн төлөгдөнө.

Гэртээ байхаар тог, усны мөнгө жаахан нэмэгдэх янзтай. Тогоо хэмнэ, усаа хэмнэ гэж үглэдэг минь ихэссэн. Жишээ нь гэрийн 00 цонхтой, мөн ванны өрөө бас цонхтой. Өдөр шээж баах, усанд орохоор бол гэрлээ асаахгүй гэх мэтээр хэмнэ гэж үглэж байна. Би бол өөрөө тэгдэг.

Нарийн чимхлүүр ажил хийх гэж байгаа биш, тийм ээ. Зүү утас сүвлэх гэж байгаа биш, хангалттай гэрэлтэй байдаг.

Ариун цэвэр. Гараа сайтар угааж сурч байна. Ккк. Ялангуяа зулзагууд, хань ижил. Хэ хэ. Хүн хэлэлтгүй би ч өөрөө. Урд нь усанд хальт булхсан болоод л угаасан нэр зүүдэг байлаа. Одоо яаж байна, савандаж өгч байна. Үүнийг дагаад саван, гарын тос бас эрэлттэй болж байна. Хи хи.

Ханиахдаа, найтаахдаа бас их учир жанцантай найтааж байна. Гараараа биш, алчуур, амны цаас гэх мэтийг амандаа авчирч байгаад ханиана, найтаана. Бүр юу ч байхгүй бол ханцуйндаа найтаа гэж заалгасан. Хэ хэ.

Нийтийн сүлжээ. Хоолны бүлэг маш идэвхижээд, төрөл бүрийн хоолны зураг харж байна. Яг ч дагаж хийгээд шинэ зүйл сурчихаагүй л байна. Учир нь бид яг карантийлагдаагүй тул. Цаг зав нь бага гэсэн үг. Өрөм харин загсаагаад сурна шүү, заавал.

Өөр зөндөө л бүлэг байна. Хальт гүйлгэж харна. Номынхоо бүлгүүдийг идэвхитэй орж харна шүү. Ямар ном хэвлэгдэж байна гэж. Худалдаж авах юмсан гэсэн ном зөндөө. Жагсаалт нэмэгдээд л байна. Жагсаалтынхаа үргэлжлэл бичлэгийг хийнэ ээ.

За нэг иймэрхүү. Өөр юу билээ? Дараа санавал бичимз...

Маргааш болтол баяртай. Хичээнэ шүү...

2020年5月17日日曜日

5 сарын цэцэг

Ээлжит цэцэгний зураг. 5 сард суугуул хот минь бас л өнгө алаглаж байна шүү. Дагаад сэтгэл санаа ч сайхан болох юм. Баба вирусыг эс тоцвол. Мөн биеийнхээ жинг эс тооцвол. Хэ хэ.
Хаа сайгүй, гудамж бүр, замын хажуу бүр ийм улаан голцуу цэцэг. Энэ нь бас ягаан, цагаан өнгө байх юм билээ.
Машинаа зогсоочоод ажил руугаа алхах зуур. Ийм цэцгийн мандалтай зөндөө таарна. Өөрийн эрхгүй зогсож, гар утсаа гаргаж ирээд зураг дарна. Угтаа ажил руугаа яарч байж. Хэ хэ.
Замд бас нэг ийм жижигхээн гол таарна. Хачин цэвэрхэн. Хоёр талаар нь цэцэг алаглаад л. Хог ч харагдахгүй. Энэ хоггүй байх асуудал цэвэр иргэдийн, оршин суугчдын ухамсарын асуудал шиг санагддаг. Тийм ээ? Улаанбаатао минь ч хоггүй байж чадна гэж боддог...

Өө тийм, цэцгийн нэр нь азалия. Монгол нэрийг нь яг таг сайн хэлж мэдэхгүй юм өө. Гэхдээ тэрэлж цэцэг гэж хаанаас ч билээ уншиж байсан.

Та ч бас эргэн тойрноо нэг сайн хараарай. Сэтгэл гижигдсэн, сэтгэл хөдөлгөсөн, сэтгэл булаасан, сэтгэл татсан, сэтгэл баясгасан, өөр сэтгэлийг яасан сайхан үгс юу байдаг билээ? Тийм зүйлсийг харж дархлаагаа сэргээгээрэй. Амжилт шүү...

2020年5月16日土曜日

Багахан зулзага

Алхаад сүйд. Энд тэнд яваад, элдэв зүйлд гар нь хүрээд. Нүдээ салгахгүй, ширтэж байхгүй бол болохоон байж байна. Маажийсан хөлийг нь харахаар хайр хүрнэ. Би майга гэдэг нэг шүлэг байдаг даа. Тэр л санаанд ороод байгаа, араас нь хөлийг нь харахаар. Ккк

Шинэ цэцэрлэгтээ дасаж л байна. Өглөөдөө уйлах нь багассан. Баяртай гэж үлдэх өдрүүд нэмэгдэж байна. Дунд нь нэлээд хэдэн өдөр амарчихвал харин уйлна шүү. Ижий рүүгээ тэмүүлээд. Өрөвдөнө гэж юүхэв.

Өөрийн хүссэн зүйлд гар нь хүрэхгүй бол, авах гэсэн зүйл нь ямар нэгэн зүйлд тээглээд авагдахгүй бол аан аааан гээд орилно. Аваад өгөөч ээ гэж байгаа нь тэр.

Хөөрхөн хөөрхөн эрдэм сурсан. Надаа гэж хоёр гараа тосно. Баярлалаа, уучлаарай, болгооно уу гээрэй гэхээр хальт тонголзоно. Цэцэрлэгээс сурч буй эрдмийн нэгт япон хэлийг сүрхий ойлгоод байдаг шүү.

Сайхан хооллоорой, сайхан хооллолоо гэх мэт үйлдлүүдийг сайн хийнэ. 2 гарын алгыг нийлүүлж ирээд л толгойгоо хальт мулт хөдөлгөнө. Хэ хэ.

Хоолоо өөрөө халбагадаж идээд эхэлсэн. Мэдээж асгана цутгана. Их тэвчээртэй хандаж байгаа. Тэгж байж л сурах юм чинь. Гэхдээ одоогоор мэдээж том хүний туслалцаа хэрэгтэй тул хааяа халбагадаж өгнө.

Эгч нар нь өхөөрдөд заримдаа ч залхтал нь эрдмийг нь хийлгэнэ. Өнөөх нь уурлаж харагдана. Заримдаа тоохгүй, өөр зүйлд анхаарал нь явна.

Ихэнх харилцан яриа япон хэлээр явагдаад байна. Ээж л хамгийн идэвхитэй монгол хэлээрээ ярина. Монгол хэлээр ном уншиж өгнө. Үүний ачаар аав аа, мөөмөө, аниа, ээж ээ гэдэг үгсийг их ойлгомжтой дөхүүлж хэлж байгаа.

Хамгийн эгдүүтэй нь хүн панаалдаж сурч байна. Хэн заагаад өгчихдөг юм бүү мэд. Малийж ирээд л.

Долоовор хуруу бол маш идэвхитэй. Харсан зүг рүүгээ заагаад л, за тэр долоовор хуруу заасан зүг бол сөрж болохгүй айлдвар. Хэ хэ. Аав л хамгийн их өртөнө дөө, тэр тушаалд. Хи хи. Элэг барихад амархан хүн шиг байгаа юм. Ккк.

Гэснээс өнөөх ботгоны дуугаа сонсохоор уйлдаг хэвээрээ. Гэрийнх нь хэн нэгэн дуулж өгөхөөр уйлахгүй л дээ. Жаахан сонин болно. Харин ютүбээс жаахан хүүхдийн дуулсныг нь сонсгохоор учиргүй өмөлзөж ирээд, нэг тийм сонин чин сэтгэлээсээ уйлаад байгаа.

Аан тийм сармагчин үе дээрээ явж байгаа. Дунд зулзага бас их сонин сонин хөдөлгөөн зааж өгөөд, өнөөх нь даган дуурайна. Саяхан тахиа болж байна гээд нэг гараа толгой дээрээ, нэг гараа нуруундаа аваад алхсан чинь дагаж хийгээд алхаад байсан. Бөөн эгдүү. Нэг гараа өргөчихөөд л, нуруундаа авах гар бол арай л чадахгүй, зүгээр л хажуудаа. Хэ хэ.

Гэх мэтчилэн оройд багыгаа тойрон баясаад л, бужигнаад л нэг мэдэхэд унтах цаг. Хүүя хаая гээд орондоо. Тэгээд л нэг мэдэхэд өглөө...

2020年5月15日金曜日

Сургуулийн эргэн тойронд

Охидын сургуулиудын эргэн тойронд болж буй зүйлсийг бичиж үлдээе ээ.

Дунд зулзагын сургууль буюу бага сургууль. Алтан долоо хоног дуусаад сургууль эхлээд долоо хоног өнгөрч байна.

Нэг ангийг А, Б гээд бүлэгт хуваасан. Зулзага А бүлэгт орсон. Даваа гарагт үдээс өмнө, мягмар гарагт үдээс хойш, лхагва гарагт үдээс өмнө, пүрэв гарагт үдээс хойш, баасан гарагт үдээс хойш гэж явна.

Б бүлэг нь зөрөөд явна гэсэн үг. Нэг авууштай нь үдийн хоолоо сургууль дээрээ иднэ. Үдийн хоолны цагаар ангиараа цуглаж шуугилдаж аваад, үдээс өмнөх хэсэг нь хоолоо идсэний дараагаар шууд тарна. Үдээс хойших хэсэг нь үдийн хоолоо тааруулж ирнэ. Үргэлжлүүлээд хичээлдээ сууна.

Заавал маскаа зүүж явна. Гараа хэд хэдэн удаа угаана.

Том зулзагын сургууль буюу ахлах сургууль. Сая лхагва гарагт гэртээ бие даалт хий гэж амарсан. Би ажилтай тул яг бие даалтаа хийсэн эсэхийг мэдэхгүй. Хэ хэ.

Өсвөр насны хүүхдийг гэрт нь ганцааранг нь орхих жаахан санаа зовоосон асуудлын нэг болж байгаа. Найз банди энэ тэртэй байх вий энэ тэр гээд л. Хүүхэд томрох тусам асуудал ч томроно. Хүүхэд томрох ч лүд юм аа гээд л зөндөө үгс байдаг, тийм ээ.

Химийн сонгон тул хичээл ихтэй байдаг. Шалгалтны төлөө амьдраад байх шиг байна гээд хааяа үглэж харагддаг. Хэ хэ. Хэзээ нэгэн цагт үр дүнгээ өгнө өө миний зулзага минь гэж би тайвшруулаад л явж байна даа.

Өдрийн хоолоо өөрсдөө бэлдэж авч явна. том зулзага өөрөө л хийдгээрээ хийнэ. Заримдаа босохгүй, эрт. Тэр үед нь мөнгө өгч явуулна.

Карантины ачаар хүмүүс сургуулийн ач тус, багшийн алдар гавъяаг үнэнхүү ойлгож байна тийм ээ. Би ч угаасаа ардын багш нарыг үргэлж магтан дуулдаг. Хэ хэ.

Урьд өмнө нь тулгарч байгаагүй асуудалтай тулгарчихсан дээд доодгүй сандарч л байна. Дэлхий нийтээрээ л сандарч байна тийм ээ. Хэдий хэр хугацаанд тэсэх шаардлагатайг хэлж мэдэхгүй ч, нэг бол дасаад байгаа ч юм шиг, нэг бол стрессдээд байгаа ч юм шиг. Жүжигчин Хүрлээгийн "- ч байгаа юм шиг" гэдэг хошин яриа байдаг даа. Яг л түүн шиг...

Жин хасах ажиллагаа ямар ч үр дүнгүй байна. Үр дүн гаргахаар дорвитой үйл ажиллагаа ч явуулаагүй л байна л даа. Хэ ха. Идэш уушаа л жаахан танах санаатай. Элдэв амттан идээгүй долоо хонох гэж байна. Хатаасан үзэм идээд байгаа, нээрээ. 

Өөр ч зүйлгүй дээ. Түр баяртай. Маргааш болтол баяртай юм уу? Өдөр бүр бичих тул. Хи хи.

Хичээнэ шүү, бултаараа...

2020年5月14日木曜日

Хөршийн холбоо

Хөршийн холбоо минь бат бөх хэвээрээ л байгаа шүү. Хэ хэ.
Үүнийг байнга биднийгээ гэдэг хөрш эмээ өгсөн. Зулзаган хулсны тэнпүра. Цагийн сайханд, хэдэн эмээ өвөө минь ч насан залуу байхдаа их дагуулж зулзаган хулс ойгоос очиж аваад, чанаж иддэг байлаа. Нас ахиад хөдөлгөөн нь ч хумигдаад ирж байна, тэд нар минь.
Үүнийг нэлээд зайтай байдаг хөрш өгсөн. Эмээ нь голцуу тарьдаг, бууцай? Худалдаанд гаргаж болохооргүй жаахан томхон хэсгээс нь чанаад авчирлаа гэсэн.

Энд ногоо цагаагаа худалдаанд гаргах гэж их ярвигтай юм шиг байгаа юм. Стандарт хэмжээ, өнгө үзэмж гээд л борлуулах цэгүүд шаардлага өндөр тавьдаг гэсэн.

Ямар сайндаа сүүний тослогийг хүртэл идэш уушаар нь хянаад, танаад байхав.
Хойд айлын залуу өгсөн. Вакамэ гээд далайн ургамал. Мисо шөл, ногоотой шөлөндөө хийчихдэг би.
 
Амралтраар нэмсэн жингээ хасахад харин хэрэгтэй ногоо голцуу юу үгүй юу тэ? Энд халаад эхэлсэн. Гадуурх хувцсаа тайолж буй тул жинхнээсээ жингээ хасахгүй бол ч. Хайрын бариул энэ тэр ч алингаа алдлаа шүү.

Өөртөө томоохон зорилт тавьлаа. Одоогоор үр дүн алга. Хэрэгжүүлж буй олигтойхон арга хэмжээ ч алга. Үнэн залхуу юм аа би, энэ дасгал хөдөлгөөнд...

Идэш уушаа жаахан танана аа. Нүүр номын элдэв хоолны бүлгээс гардаг ч юм билүү? Хэ хэ. Амттай хоолны зураг харагдахаар л дагаж намирчих гээд.

Оройн хоолныхоо оронд бүрсэн тарагаа нэрстэй уугаад л үзье дөө, хэд хоног. Үр дүн гарвал хэлнэ ээ...

Бүгдэд нь амжилт шүү. Одоо багахаан хугацаа л үлдсэн гэдэгт найднам...

2020年5月13日水曜日

Хэн гэдгээ үзүүлээд өг

Хачин сүртэй нэртэй ном уншлаа.

Дунд сургуулиа төгсөөд явчихсан шавиасаа зээлээд. -Багшаа, нэг тийм загнаад байдаг ном. Та унших уу?
-Тэгье. Аваад ирээрэй.

Нэлээд өндөр найдлага тавьж эхлүүлсэн. Ганц хоёр мөр уншиж эхлээд л шууд бөөс түүгээд эхэлсэн. Хэ хэ. Бүр улаан бал барьж байгаад шүү.

Ийм алдаа мадагтай номыг уншихаар, энэ эх орноосоо гараад, эх хэлнийх нь хичээл нь тасалдчихсан залуус уншаад, тэр алдаатай чигээр нь л толгойдоо суулгана. Гэж бодоод, уур хүрээд л, тэгсэн хэрнээ яахав уншаад дуусгачихсан.

Өгөх гээд байгаа санаа, сэдэл нь уг нь зөв.

Нүүр номоос хайж үзэв. Гарч ирж байна аа. Дахин хэвлэгдэв, захиалга авна энэ тэр гэсэн байна шүү. Нил алдаа байна лээ гэж үглэсэн хүн алга аа. Гайхав. Гэхдээ тууштай хайгаагүй л дээ. Хальт л хайсан.

Ядаж байхад би асар сайн ном уншсаныхаа дараахан эхлүүлснийг ч хэлэх үү? Чадаад байх юм, энэ улсууд. Сонин сонин зүйл бичээд, мөр нийлүүлээд хэвлээд, зараад...

Блогоосоо хэдэн жинтэй бичлэгээ сонгоод, хэвлүүлчихмээр ч санагдах. Нэг найз минь хэлээд л байгаа. Заавал ном болгож хэвлүүлээрэй гээд. Би наана нь өөрийгөө жаахан голоод байгаа шүү дээ. Мундаг, сүрхий хүмүүсийн хажууд, жул санагдаад...

За мөрөөдөл минь биелэх өдөр ойрхон буй за...

Монгол ном эхлүүлсэнгүй, жаахан гүрийлээ. Түүнээс гар загатнаад л, хөл номын тавиур луугаа нэг алхаад л. Хүчээр хойшлуулаад байгаа. Учир нь эхлүүлчихсэн япон номоо дуусгая даа, энэ чинь одоо. Монгол хүн байна даа.

Бүр хоёр япон ном эхлүүлчихсэн. Нэг нь яагаав, нэг хөөрхөн эмээгийн хэлсэн суут үгсийн цуглуулга ном. Бурхан болчихсон л доо, эмээ. Зарим хүмүүс бурхан болсон ч үнэ цэнээ алдахгүй юм тэ. Дуусах гээл л, суут үгс болохоор утгыг нь ойлгож унших гээд нухаад байгаа учраас удаад байна л даа.

Нөгөө нэг нь нууц. Ккк. Худлаа худлаа, уншаад дуусахаараа зураг оруулна аа...

Бүгдэд нь амжилт шүү... Баба вирус хурдан нам дарагдаасай тийм ээ? Би ч хичээнэ ээ...

2020年5月12日火曜日

Өрөм зүүдэлсэн амралт

За энэ хагас бүтэн сайнд өрөм зүүдлэж, өрмөө харамлаж өнгөрүүлсэн өдрүүд байлаа. Хэ хэ.

Японд ажиллаж, амьдардаг гэрийн эзэгтэй голцуу хүмүүсийн бүлэг байдаг юм. Амар хялбар хоол гэдэг нэртэй. Гэхдээ амар хялбар хоол орох нь ховор. Ихэвчлэн хийхэд хэцүү, ажиллагаа ихтэй, ховрын хоолны зураг их ордог. 

Нэлээд идэвхи муутай бүлэг байсан. Карантины ачаар маш идэвхитэй болсон. Ээжүүд маш идэвхитэй зураг хөрөг оруулж байна. Би яаж дутахав, ганц нэг зураг оруулаад амжсан.

Хань ижлийнхээ хийсэн хоолыг заримдаа ч өөрөө хийсэн юм шиг оруулна шүү дээ. Хэ хэ.

Хамгийн сүүлийн давалгаа нь өрөм загсаах. Эндхийн сүү тослог багатай учир whipping cream хийдэг гэж мэдэж авлаа.

Өнгөрдөг жил сүүний фермэрээс өглөөний шинэхэн сүү авчруулж байгаад л уулын хэддээ өрөм идүүлдэг баатар болсон юм. Тэгсэн энэ whipping cream-ыг хийдэг гэж мэдээгүй тул олигтой болоогүй л дээ.

Бүлгийн сүрхий ээжүүдийн зөвлөснөөр загсаав. Ид сайхан самарч байх үед бага зулзага хөлнөөс зүүгдээд, самралтаа хүчээр шахуу зогсоочихсон. Самралт цөөн болсон гэж дотроо дүгнээд.
Энэ самраад хөргөж байх явцын зураг. Уг нь шаргалтаад, арааны шүлс гоожмоор байгаа биз? Байн байн очиж өнгийж харсан шүү.
-Ёстой гоё шаргалтаад, зузаан болох нь ээ тийм ээ?
гэж хэдэн ч удаа хэлсэн юм бүү мэд. Хань ижил шоолоод жуумалзаад л байсан.
Зүүдлэн зүүдлэн, харамлан харамлан байж өглөө нь өрмөө авсан байдал. Хэнээс харамласан гэхээр хань ижил би тестлээд өгнө өө гээд намайгаа явуулаад байсан юм.

Хань ижлийн хэлснээр бол манай хүн чинь хөдөө өрмөнд шумбаж өссөн хүн шүү дээ. Гурил хольж хутгах уу? гэхээр үгүй ээ л гэсэн. Аминдаа гурил хийхгүй санаатай үзэж тарсан чинь нимгэн л боллоо. Дараа өрмөнд шумбаж өссөн хүний зөвлөснөөр гурил хольж үзнэ ээ.

Нүүр ном дээр аюумшиггүйгээр зураг оруулсан чинь нэг найз эгч цагаан будаа холиод самардаг гэнэ. Асууж лавлана аа. Түүхий будаа юм уу? Болсон будаа юм уу? гээд л.

Багадаа эмээгийн, ээжийн, хамаатны эгч нарын загсаасан өрмийг амаа олохгүй л идэж байснаас, загсаах аргыг нь сонирхож асууж, сурч байгаагүй өөртөө л гомдохоос...

Нэмж үглэхэд хийцгүйрээд байгаа хотынхон минь ээ, хөдөө гарч уламжлалт нүүдлийн ахуй соёлоосоо суралц аа. Тэгэхгүй бол нас ахиад ирэхээрээ над шиг харамсана шүү.

За бүгдэд нь амжилт...

2020年5月11日月曜日

Эртний үгэнд 4

Зарим нэг эртний үг нь инээдтэй санагдаж байна уу. Хэ хэ. Мөн зарим нь монгол хэлэнд ч байдаг. Орчуулагч утгыг голчилж авч бичсэн үү? Эсвэл үнэхээр тэгж бичээстэй байсан уу? Хэлж мэдэхгүй л байна. Хятад хэлтэй хүмүүс хэлэх байх аа...

61. Барсаас айсан бух гурвалжин баас алдмуй.

62. Хөлчүүрэн согтвоос хөх огторгуй цэлэмгэр. Хөнтрөн балгаваас өдөр хоног урт.

63. Архины халуунд ёсыг алдуузай.

64. Хүлгийн чадлыг мэдэхэд хялбар. Хүмүүний сэтгэлийг мэдэхүйеэ бэрх.

65. Биеийн сүнс биед үгүй. Билгийн ухаан цээжинд үгүй болох.

66. Гэрээс гарсан хүн хилэн уурыг цээрлэ.

67. Үйл нь ирсэн хулгана муурын сахлыг шувтармой.

68. Атаа жөтөөг алдаргахаас бус зангидаж үл болмой.

69. Нөхрийг мянган газарт үдэвч эгнэгт салах цаг буй.

70. Хоол идэхэд зангирахаас хичээ. Хол замнахад бэдрэхээс болгоомжил.

71. Өтлөтлөө ухаангүй буцалтлаа шөлгүй.

72. Бэргэн нөхрийн дүү хоёр харилцан өчихгүй.

73. Анх гэрлэхэд эцэг эхийг дагамуй. Ахин гэрлэхэд өөрийн толгойг мэдмүй.

74. Амьдын жаргалыг хүсвээс үхлээс ухарч үл болмой.

75. Айваас бүү хий. Хийвээс бүү ай.

76. Өвсийг арилгахад үндсийг нь таславаас болмой.

77. Үхсэний хойноос дагаад үхэж болдоггүй.

78. Жаргалын туйлд хүрвээс зовлон үүсмүй. Түгшүүрийн туйл дуусваас тайван болмой.

79. Өшөө байваас хариулах. Өр байваас цайруулах.

80. Хуялтанг бариваас хосоор. Хулгайг бариваас эдтэй нь. Хүн алсныг хүүртэй нь барих хэрэгтэй.

За ингээд нэгдүгээр боть өндөрлөв. Удахгүй хоёр дугаар ботио эхлэнэ дээ.

Гэснээс энэ номон дээр эрвээхэй, дашрамд гэж хуучнаар нь бичсэн байсан. Танил дотно санагдаад хичнээн сайхан. Хянан тохиолдуулга сайн нь харагдаж байсан. Алдаа маш цөөхөн. Ганц нэг хэвлэлийн алдаа юм болов уу гэмээр зүйлс байсан л даа.

Та нар бас зөндөө ном "идэж" байгаа биз дээ? Амжилт шүү...

2020年5月10日日曜日

Зүгээр л

Зүгээр шахуу бичлэг дөө. Өдөр бүр бич гэсэн болохоор. Хэ хэ.
Хүүхдийн баяраар. Том, дунд хоёр зулзага ээлжилж энэ майханд ном уншсан. Бас хамтдаа сууж зайрмагаа идсэн. Уг майханг түрүү жил худалдаж авсан. Угтаа худалдаж авах төлөвлөгөөгүй байсан юм.

Ээжийн санаагаар бол гэртээ тавьчихаад, дотор нь ороод суудаг хөөрхөн жижиг ордон энэ тэр шиг байдаг даа. Хааяадаа зулзагууд минь дотор нь орж номоо уншиж байг гэж бодоод хань ижил, дунд зулзага хоёрыг дэлгүүр гаргасан чинь энэ майханг худалдаад авчихсан байсан.

Би ч хэлэх үг олдохгүй жаал шоолж инээсэн байхгүй юу. Тэгсэн энэ жил харин хэрэг нь гардаг байна шүү дээ. Манай хоёр их додьгор байсаан. Хи хи. Манайд ихээ том майхан байдаг, түүнийгээ нэг их ашиглаж чадалгүй зуныг дуусгачихаад байдаг юм. Тэгсэн ийм авсаархан майхан чинь бас хөөрхөн зугаацуулчихдаг эд байна шүү. Дэлгээд зооход ч амар.
Тарагаа бүрж л байгаа. Сүүлдээ залхуураад ахиухан шиг бүрчихээд байгаа. Том зулзага монгол нэрсээр зүрх зурах гэж оролдсон.
-Өө, зураг дарах байсан юм бол хэлэхгүй? Хичээж зурах байсан юм.
гэсэн. Дараа кофен дээр сүүгээр элдэв дүрс гаргаад л уудаг даа. Тэрэн шиг зурж өгнө гэсэн.

Гэснээс хүмүүс гэрээс гарахгүй, гадуур хооллохгүй, хүүхдүүд гэр зуур байхаар элдэв л хүнс эрэлттэй болдог шиг. Намайг тараг бүрээдэхэв үү гэсэн шиг сүүний үнэ бага багаар нэмэгдээд байна. Уур хүрчих юм. Лангуун дээр торойгоод байж байгаа нь их юм даа л гэж бодов. Тасарчихвал юун тарагтай манатай биз дээ?

Бага зулзага ярвайж ирээд л ганц нэг амсаад байгаа. Бага багаар өгч дасгана даа. Дэлгүүрийн элдэв хольцтой тарагнаас л дээр байх тийм ээ?

Ойрд япон дахь халдварлагчдын тоо буурч л байх шиг байна. Гэхдээ л тайвшрч болохгүй гэсэн. Онц байдлаа энэ сарын 31 хүртэл сунгасан байгаа.

Тэсдэг л юм шүү. Бүгдэд нь амжилт шүү...

2020年5月9日土曜日

Эртний үгэнд 3

Ёстой нэг мөлжиж байна аа. Энэ номыг. Хэ хэ.

41. Алмас мэт зориг үгүй бөгөөс амар жимэр сууж чадахгүй.

42. Хэрэм хашаа бэхлиг болвоос хээрийн нохой орж чадахгүй.

43. Алтыг нь авч авдрыг нь орхимуй.

44. Янаг сэтгэл цавуу мэт, амраг санаа бал лугаа адил.

45. Муу хэрэг модон улаатай.

46. Нуувч нуруу нь ил, далдлавч дал нь ил.

47. Салхи нэвтрэхгүй хэрэм гэж үгүй.

48. Өөрийн үйлдсэн нүгэл ёр нэг л цагт илрэхүйн цагт өвсөнд шургасан үнэг туулай цочиж, элсэнд нойрссон уран хажинг сэрээмүй.

49. Цэрэг ирвээс жанжингаар угтаж, үер ирээс шороогоор хашмой.

50. Толгойгүй могой гулгаж үл чадмой.

51. Найр талыг гүйцэтгэвээс Намсрай бурхан ч ялдар хаямуй.

52. Өртэй хүн наймаан дээр, өшөөтэй хүн даваан дээр.

53. Аманд орсон тарган махыг хэлээрээ түлхэх.

54. Сайн хүнд учирваас муу хүн холдмуй.

55. Гай газар дороос, гахай модон дотроос.

56. Нүдээр үзсэн хэргийг бас бүрэн магадлахуйяа бэрх атал далдуур хэлсэн үгийг хэрхин бүрэн итгэж болмой. Богд хүмүүн.

57. Ятган эрвээхэй дэнг унтраах гэж оролдсоор эцэст нь биеэ түлмүй.

58. Нэгэн үхрийн эвэр цохиход мянган үхрийн эвэр доргино.
Үүнийг нэгэн эврийн үхэр... гээд биччихсэн байсан. Би эндээ аюумшиггүй засчихлаа. Хэ хэ.

59. Ноёноос эмээхгүй, ноёлохоос эмээмүй.

60. Богино саравчинд зогссон хүн тэргүүн бөхийхгүй хэрхин болмой.

Үргэжлэл бий шүү. Дахин хорь гаран эртний үгс байсан. Илүү ч байж магад. 

Гэснээс дараагийнх нь хоёр боть номын санд минь өрөөстэй байдаг буян юм аа. Мөд дуусдаггүй болохоор нь барьж авахгүй  байна. Наана нь нэг их сүрхий нэртэй ном уншиж байгаа. Алдаа ихтэй, би тэрийг нь засаад л яваад байгаа. Хэ хэ. Зургийг нь орууламз.

За бүгдэд нь амжилт шүү. Эх оронд минь халдвар авсан хүний тоо нэмэгдээд санаа зовоож байгаа ч. Суугуул муж маань нэмэгдээгүй, бага зэрэг тайвшрах юм даа...

2020年5月8日金曜日

-2 кг үргэлжлэл

Юу идэж уугаад +2 болсноо бичиж байгаа юм шүү. Сонирхолгүй бол алгасаарай буюу СБА шүү. Хэ хэ.
Үүнийг "Ногоон өдөр" хийж идсэн хоол. Аминдаа ногоон ногоо их хэрэглэх гэж хичээсэн. Ккк. Өмнөх өдрийнхөө залхуу буузаа үлдэгдлийг нь халааж идсэн.
Дэлгүүрээс бэлэн даршилсан өргөст хэмх аваад бэконтой хольж идсэн. Амттай санагдсан. Яарсан, зочинтой үед хийж тавьбал зүгээр гэж бодов.
Хүүхдийн баяраар. Охид зайрмаг иднэ гэсэн. Би өөртөө авахгүй гээд авахуулаагүй ч хань ижлийнхээс хамжилцаж идсэн. Хэ хэ. Аминдаа элдэв амттангаа цөөлөх санаатай. Хажууд хүмүүс тамшаалаад л идээд байхаар бас ноён нуруу хугарах юм аа.

За нэг иймэрхүү. Аан тийм бас банш шарж идсэн. Анчин хань ижлийнхээ агнаж ирсэн буга, зэрлэг гахайн махаар л бууш хуушуур, банш зэргээ хийж идээд байгаа шүү дээ.

Өглөөний цайг бол урд орой нь мах голцуу идэж байгаа тул хөнгөн? иддэг бид.

Сүүлийн үед хүмүүс хоолныхоо зургийг их оруулж байна. Түүнийг нь харж байгаад л нээрээ ойрд энэ хоолыг хийж идээгүй юм байна гэж ирээд л хийдэг болсон. Хо хо.

Хамгийн сүүлд боорцог хийх аян өрнөөд байсан. Би ч залхуурсан. Яахав яахав, хааяа залхуу хүрэлгүй яахав.

Долоохон хоногт ингэж +2 болж байхад олон сар карантийнд байгаа ээжүүд ямар байна вэ? Яаж зохицуулж байна вэ? Зохицуулж чадаж буй ээжүүд та нар сүрхий шүү. Хи хи.

Одоо хэдэн сар хичээх хэрэгтэйг хэлж мэдэхгүй ч чармайна шүү бүгдээрээ...

2020年5月7日木曜日

-2 кг

Долоо хоногийн амралтаар +2 кг. Буян юм аа. Одоо үүнийгээ хасна гэж чармайх нь бас буян юм аа. Хи хи.

За юу юу идээд +2 болсноо зургаар тайлбарлачих уу? СБА шүү. Ккк
За нэг өдөр залхуу бууз хийж идсэн. Аминдаа 6 цагаас өмнө идэх гэж хичээсэн. Мөн бүхэл үрийн гурил энэ тэр хольсон. Гэхдээ л маргааш өглөө нь жингээ үзэхэд нэмэгдсэн байх юм даа гэж.

Гол нь хөдөлгөөн байх тийм үү? Орж гарахгүй болохоор. Таг гэртээ суугаад идээд байхаар нэмэгдэхээс ч яахав тийм ээ?
Япон цуйван. Гурил нь бэлэн байж байдаг, бүдүүн ширхэгтэй. Хааяа идэхэд зүгээр л дээ. Иймэрхүү бэлэн гурил, гоймонд нэг их дуртай биш ч ажил хөнгөлдөг болохоор заримдаа худалдаад авчих юм.

Гэснээс дэлгүүрүүдийн лангуун дээрх гурил, гоймон зэрэг зүйлс алга болсон байна лээ. Амралтаараа бүгд л идэж уух болохоор, аль болох амар хялбарыг нь сонгоод, бэлэн голцуу зүйлс зарагдаж дууссан харагдага лээ.
Жин нэмсэн нэг том шалтгаан бол энэ. Гоожуурын шар айраг гэдэг шиг гоожуурын вино. Усан үзмээр өөрсдөө хийсэн юм. Үүнийгээ үе үе гаргаж ирээд тулгаад уугаад байхаар яаж ч жин хасагдахав дээ?

За нэг иймэрхүү л идэж уух шив. Үргэлжлэл бий... Хэ хэ.

2020年5月6日水曜日

Эртний үгэнд 2

Эргүүлж мөлжихөд хүзүү сайхан. Гэж нэг үг байдаг даа.

Овоо зузаан номоо эргүүлж тойруулаад мөлжөөд л сууна. Хэ хэ. Нээрээ энэ номонд бас шүлэглэсэн мөрүүд их гарна аа. Зарим зүйрлэл энэ тэр нь бас л уянгын халил ихтэй. Яруу сайхан зүйрлэл ч ихтэй.

21. Зууч эмгэний зальхай аргаас мултарч чадах хүмүүн үгүй.

22. Муу хүмүүнд нүүр бүү өг. Мухар үхэрт худаг бүү үзүүл.
Энэ хэсэгт хэвлэлийн алдаа орсон уу? Муу хүнд нүүр өг гээд биччихсэн байсан. Би дур мэдэн бүү гэдэг үг нэмээд биччихлээ. Оносон байгаа?

23. Ачийг нь мэдээд хариулахгүй болвоос хүмүүнд тооцохуйяа бэрх.

24. Бодлого их болвоос буян бас их. Мэх үлэмж бөгөөс мөхөл бас хурдан.

25. Хүлчин чөтгөр мэт зальтай боловч хөл угаасан усыг уув.

26. Хүн мянган өдөр жаргахгүй. Цэцэг зуун хоног дэлгэрэхгүй.

27. Хол хэмээвээс түмэн бээрийн газар. Ойр хэмээвээс нүдний өмнө.

28. Хань нөхрийг хол үдэвч хагацан салах цаг буй.

29. Өөх өгсөн хүн лүгээ өглөө босоод заргалдав.

30. Орчлон дэлхийд луу явбаас үүл гарна. Барс явбаас салхи дэгдмүй.

31. Гадир жимс сайхан боловч гашууныг нь хэн мэдмүй.

32. Бие чийрэг нь бодлого хатууд үл хүрмүй.

33. Өөхөнд багласан чулуугаар өөдөөс шидэх.

34. Ойр ойр хэмээтэл орой дээр гармой.

35. Салхин гүйдэлтэй сайн хөлгийг тэнэг хүн унаж, сайхан төрсөн гуа авхайг тэнэг эр өвөртөлдөг.

36. Үүд алхан орвоос дэгжил буурлыг асуух хэрэггүй. Өнгө зүсийг шинжин үзмэгц даруй төсөөлөн мэдмүй.

37. Айл хүний амь нэг. Саахалт хүүмүүний санаа нэг.

38. Зөөлөн намуун явах нь биеийг бүтээх үндэс. Зөрүү хэдрээр үйлдэх нь зовлонг үүсгэх шалтгаан.

39. Нэгэн гийчин хоёр хүнд зочлогдож үл болмой.

40. Сайн цагийг хүлээж сайхан чимээг сонсмой.

Гэх мэтчилэн мөлжиж байна. Шууд номон дээрээ тодруулчихаж байгаа, амар. Сүүлд сөхөж харахад ч гэсэн цаг хэмнэнэ.

Гэснээс бас сонин сонин үг зөндөө гарсан. Дараагийн бичлэгээр, хэрэв залхуу хүрэхгүй бол тэр өвөрмөц үгнүүдээс түүж бичиж болох л юм тэ.

За бүгдэд нь амжилт шүү. Маргааш ажил эхлэнэ. Амралт дуусав аа гэж. Хичээнэ ээ би...

2020年5月5日火曜日

Хөөрхөн шийдэл

Энд тэнд явахдаа хөөрхөн хөөрхөн шийдэл харахаараа зураг хөрөг дардаг байж дээ. Цаг сайхан байж дээ.
Шат. Зүгээр л нэг шат хийчихээгүй. Ингэж мод? шиг хийсэн байгаа нь. Үүгээр хүүхдүүд зүгээр нэг өгсөөд, уруудаад явдаггүй юм билээ. Үсэрч харайгаад л, тоолж гүйгээд л, үржүүлж гүйгээд л. Их өгөөжтэй санагдсан.

Ганцхан энэ шатан дээр бид овоо хэдэн минутыг өнгөрөөсөн байсан. Энэ шаттай бид гэрээсээ жаахан зайтай, гол дагуух гудамжинд таарсан. Заавал мөнгө үрээд, хол яваад гоё шийдэлтэй таарах биш. Ойрхноос баяр баясал, зөв шийдэл, хайр халамж мэдрэнэ гэж л энэ шүү дээ. Хэ хэ.

Хол аялаагүй, хол яваагүй энэ жил нэг иймэрхүү, жижигхээн зүйл олж харчихаад баясаад л. Хааяа галзуурч байна гэж бодохоор, заримдаа гэгээрч байна гэж бодохоор. Хи хи.

Та нар батийм байна уу? Монголд бол их олон сараар карантийлж байгаа болохоор бас л хэцүү байна гэсэн шүү. Ялангуяа одонтой болон одонд ганц нэг тоо дутуу ээжүүд. Хо хо.

Гэснээс би ч бас одон авахад ганц тоо дутуу. Ккк. Одонд хүчээ үз гээд байгаа улсууд минь цаашаа шүү. Бүхэл бүтэн хүн төрүүлж, өсгөнө гэдэг чинь одонгоос илүү чухал, хариуцлагатай, хүч, мөнгө шаардана шүү. Одонг дагаж надад мөнгө ирэх үү? Одонгоо хараад би эрч хүчтэй болох уу? Ха ха.

За за шийдлийн тухай ярьж байсан хүн одон модон яриад...

Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг шиг ойрхноос өөр гого шийдэл олбол зураг авна аа. Та нартайгаа хуваалцана аа...

Одоо хэдхээн хоног хичээнэ шүү бүгдээрээ...

2020年5月4日月曜日

Бараг л алхлаа

Бага зулзага минь бараг алхчихлаа. Хоёр гараа дээш өргөж, тэнцвэрээ авч байгаад л хөлөө энд тэндгүй зөөж байна. Маш хөөрхөн, бөөн эгдүү.

Бид наашаа наашаа ээждээ ир, наашаа наашаа аавдаа ир, наашаа наашаа эгчдээ ир гэж ирээд л булаацалдах нь холгүй, баясаж байна.

Замд нь ямар нэгэн зүйл тааралдвал хаширлаад суучихаж байгаа юм. Аминдаа хайртай гэж...

Бусад маамаа нарыг бодвол жаахан оройтож хөлд орж байна. Хоёр эгч нь бас оройхон л хөлд орж байсан. Үүнд нэг их эмзэглэхгүй байгаа. Архаг ээж юм болохоор тэр. Анхны үр минь байсан бол сандраад, санаа зовоод л элдэв хүнээс асуух, нетээс ухаж төнхөж хайх л байсан байх...

Одоо гол асуудал мөөмнөөс нь гаргах асуудал үлдэж байна. Гэртээ өнжихөөрөө бидэн хоёр тувт зууралдаастай. Ээжийнхаа энгэрээс ёстой нэг зүүгдээстэй өнжиж байна аа.

Бувар бувар гээд мээмээ идэж байгаа хацрыг нь харахаар л өрөвдөөд, өхөөрдөөд, хайр хүрээд мөөмнөөс нь гаргахаа хойшлуулаад л сууж байна. Хань ижил харчихаад л
-Та хоёр энэ янзаараа мээмнээс гарахгүй ээ...
Гээд шоолоод байх юм.

Бодоод байсан охидоо маш шийдэмгий, дайчин, тууштайгаар мээмнээс нь гаргасан байх юм. Залуу ч байж, том зулзага дээрээ ээж өөрөө хүүхэд ч байж. Дунд зулзага дээрээ одоогоос есөн насаар залуу байж.

Одоо болохоор хожуу төрөлт. Нас ахиад, өрөвч зөөлөн болсон байх нь... Ккк

Алтан долоо хоногийн амралтаа, багыгаа харж баясаад л өнгөрөөж байна. Жаахан маамаа нэг жилд маш их зүйл сурч байхад томчууд бид юу сурч байна аа? гэж том зулзага хэлсэн. Хэ хэ.

Бодоод байсан нээрээ энэ нэг жилд би хэрхэн хөгжив? Миний тархи хэрхэн хөгжив? гэж жаал бодов.

Аягүй дарамттай байна уу? Зулзагаа зүгээр нэг хөлд оруулчихгүй бас хөгжил дэвшил яриад, өөрийгөө дарамтлаад байдаг тэ.

Энэ бол коронагийн ач шүү дээ. Учир нь хүмүүс гэр зуураа өнжиж, өөрөө өөртэйгөө ярих, гэрээрээ ярилцах цаг зав ихтэй болсон...

Гэх мэтээр мааш өөдрөг байна дөө гэж. Та бүхэндээ бас амжилт хүсье өө...

2020年5月3日日曜日

Алтан долоо хоног

Алтан долоо хоног болж байна. 4-5 хоног үргэлжилдэг амралт. Өмнөх бичлэгт бичэн дээ.

Үндсэн хуулийн өдөр, ногоон? өдөр, хүүхдийн баяр гэсэн баярууд дарааллан тохионо. Хэрэв тэр баярууд нь бүтэн сайн өдөр таарвал нөхөөд ажлын өдөр үргэлжлээд амарна.

Уламжлалт ёсоор бол хүмүүс гадаадад аялах, дотооддоо аялах, хөдөө орон нутаг дахь ээж аавдаа очих гэх мэтээр өнгөрөөдөг.

Харин энэ жил гэртээ байхыг, орж гарахгүй байхыг уриалж, хүсэж, шаардаж байгаа тул аялал жуулчлалын компаниуд, зочид буудлууд, хоолны газрынхан хэцүү л байх шиг байна.

Бид бас жил бүр уул явдаг даа. Энэ жил явж чадаагүй ээ. Гэр зуураа бужигнаад л, гарахаар бол гарч гэрээ нар зөв гурав тойрчихоод л орж ирж байна. Ха ха. Хүнсээ хань ижил бидэн хоёр ээлжилж гарч цуглуулна. Авдаг хүнс минь ч тоотой...

Гэрээ гурав тойр зугаалахдаа ганц нэг цэцэгтэй таарч зураг дарсан шиг л явж байна. 
Гэрийн гадаах цэцэг. Цээнэ цэцэг шиг санаж байна. Хүний урманд би ерөөсөө арчлахгүй юм дөө. Юун цэцэгтэй манатай. Бүхэл бүтэн хүн арчлаад завгүй байхад. Хань ижил л хааяа зэрлэгийг нь зулгааж харагддаг юм.
Бага зулзагын шив шинэхэн цэцэрлэгийн цонхны тавцан дээрх цэцэг. Цонх нь нээх хөөрхөн доор байрлалтай. Жаахан маамаа нар түшиж зогсоод л аан уун гэж заагаад хорвоотой танилцаж байна.
5 сард энд тэндхийн цэцгийн хүрээлэнд алтан зул цэцэг дэлгэрээд, өнгө алаглаад ёстой сайхан, дур булаам байдаг юм. Харамсалтай нь олон хөлийн газрууд хаалгаа барьсан байгаа тул, юун цэцгийн хүрээлэн орж нүдээ баясгах. Айлын хашааны гадаа ургасан ганц нэг цэцгийг харж л мэлмийгээ болон зүрх сэтгэлээ баясгаж байна дөө.

Аль болох эерэг зүйл харж, сонсож, ярьж дархлаагаа дэмжиж байна. Зурагтаар гялс мэдээ сонсоод л болоо. Суугуул нутагт минь халдвартай хүн гурав байна. Нэмэгдээгүй, ашгүй. Нэмэгдэхгүй байж цаг хугацаа хожоосой гэж залбираад л сууж байна.

Монголчууд минь хичээгээрэй. Итгэл, найдлага минь шүү эх орон минь...

2020年5月2日土曜日

Эртний үгэнд

За өнөөх мангар зузаан ном маань талаасаа өнгөрөөд л явж байна. Хятадын зохиол тул хятадын эртний үгнээс түүвэрлэх үү?

Хятад хэл сурч буй залуус, хүмүүст хэрэг болох ч юм билүү? Ганц хэрэгтэй бичлэг оруулъя даа энэ чинь одоо. Монгол хүн байна даа. Хэ хэ.

1. Уул хэдий өндөр ч хүмүүн оргилд нь мөрөө үлдээдэг. Нангиадын мэргэн үг

2. Өдөр бүр холдох тусам холдмой. Өдөр бүр ойртох тусам дотносмой.

3. Ноён лугаа өшөөтэй бол хонгогүй. Нохой лугаа өшөөтэй бол хормойгүй.

4. Өлсгөлөн хүн хоолыг голохгүй. Даарсан хүн дах дээл ялгахгүй. Сандарсан хүн салаа зам гэж хайхрахгүй. Ядарсан хүн ямар ч эхнэрийг шилэхгүй.

5. Дарс хэмээгч бага ууваас бал мэт. Баахан ууваас барцад болмой.

6. Сархад хэмээгч сайн үйлийг ч бүтээмүй. Саад эндлийг ч өдөөмүй.

7. Эрийг бүү бас. Далайг бүү янд.

8. Зоостой хүн чөтгөрийг зармой.

9. Өдөр сар өнгөрөх нь өдөт сум харвасан мэт.

10. Хоол идэхэд горойхоос сэргийл. Замд явахад бүдрэхээс сэрэмжил.

11. Энгийн цагт хүж шатаахгүй бөгөөтөл сандарсан үедээ Бурханы хөлийг тэвэрмүй.

12. Ханчиртай гэрт төрж ханат гэрт багталцан өссөн барилдлага.

13. Жавар эс нэвтрэх хэрэм гэж үгүй.

14. Авбаас зохихыг эс авбаас хойно нь гэмшивч оройтмуй.

15. Хувь ерөөл байваас хол хэмээвч учирмой. Хувь ерөөл үгүй бөгөөс хажууд байвч танихгүй.

16. Хойноос ирээд хот минийх. Хотонд ороод хуц минийх.

17. Яамны ноён зоос үзвээс цус үзсэн ялаа мэт.

18. Цэнгэлдэн найрлахуйяа шөнө охор санагдаж, гунин зовохуйяа үдэш урт болой.

19. Өнгөнд хүн санаатай бөгөөс хөдөөх эр ч хээнцэр. Улаан энгэсгэтэн сэтгэл өөр болбол эрхэмсэг хөвгүүн ч хөдөөх.

20. Гуа зүстэн чамд амраглаваас гал усны зовлон тулгаравч эмээхгүй. Сайхан хүн чамд сэтгэлгүй бөгөөс алтаар чимж, мөнгөөр гадарлавч ойшоохгүй.

Эхний удаад ийм хорин эртний үгийг орууллаа. Харамсалтай нь хятад хэл мэдэхгүй юм даа. Угтаа бол хятадтай нь хамт оруулсан бол тийм ээ? За яахав, сэтгэл гаргаад хайж үзнэ биз дээ?

Мөлжүүр ихтэй ном юм өө. Хэ хэ. Бүгдэд нь амжилт шүү...

2020年5月1日金曜日

Шинэ сарын мэнд

5 сар гарчихлаа шүү. Хүн төрөлхтөн нэг айхтар вирустай нүүр тулгараад бүтэн 6 сар. Их хугацаа. Айдас хүйдэстэй цаг хугацаа.

Ямар билээ нэг кинон дээр хүнгүй хот гараад л, амьд үлдсэнхүн нь хэн ч билээ дээ? Ганцаараа өөрөө өөртэйгөө яриад л тэ. Муу срын зүйл их хийхээр тэгж байгаа шүү дээ гэж бодогдох.

Бас нэг ном яригдаад байсан тэ. Вангийн нулимс гэсэн үү? Вирус энэ тэр гардаг юм уу даа. Бас муу ёр тэ. Хэ хэ.

Суугуул мужаар минь одоогоор Анх-Отгонтойгоо нийлээд гурван хүн байна. Нэмэгдээгүй. Нэмэгдэлгүй цаг хожоосой гэж залбирнам.

Ажлаар сонин сайхан гэвэл, ажилчдадаа нэг өдөр гэрээсээ ажиллах санал тавьж байгаа. Ганц нэг хүмүүс гэрээсээ ажиллана гэж нэг нэг өдөр амарч байх шиг байсан.

Би одоогоор гэрээсээ ажиллана гэж саналаа өгөөгүй л байна. Тэртэй тэргүй байдал хурцдаад, бага зулзагын цэцэрлэг карантийлчихвал хүссэн хүсээгүй би ажилдаа явж чадахгүй тул юмыг яаж мэдэхэв гээд нөөж байгаа нь тэр.

Хань ижлийн ажил бас одоогоор карантийлаагүй л байна. Илүү цаг хийлгэхгүй, амралтын ганц нэг өдөр ажиллаад өг гэж шаардахгүй амар л байна. Гэснээс илүү цаг ажиллахгүй, илүү цагийн мөнгө бодогдохгүй болохоор цалин пүнлүү илт багасаад явчихдаг нь жаахан харамсалтай. Хэ хэ. Эхнэрүүд мөнгөнд дуртайг ч хэлэх үү? Эхнэрүүд гээд олон тоон дээр биччихлээ. Нэг их буруудахгүй байх тийм үү? Хэ хэ.

Манайх бас гэрээр ном олгодог үйл ажиллагаагаа түр зогсоосон байгаа. Мужийнхаа төв номын сангаас авч буй арга хэмжээг ерөнхийд нь дагасхийгээд л явж байна. Япон хэлний сурах бичгийг захиалга өгсөн хүмүүст хугацааг нь уртасгаж гарван сараар зээлж байна.

Гадны ганц нэг оюутан нүд нь сэргэж ирээд л зээлэх юм. Манай монголчууд л байхгүй. Манайхан чинь нэг бол маш сайн мэддэг, нэг бол юу ч мэдэхгүй гэдэг шиг байх юм дөө.

Хамгийн идэвхитэй үйлчлүүлэгч нь манай гэрийнхэн. Мужийн, хотын номын сангууд хаагдчихсан. Дунд зулзага унших номгүй гээд, би давуу эрхээ ашиглаж ажлынхаа номын сангаас хэдэн ном зээлж авах шив дээ...

Гэхдээ манай монголчууд дор бүрнээ хичээж байгаа байх өө. Нэг тийм нууцлаг, нуугдмал, ганцаараа, бие даасан, ганцаараа хүчирхэг болох гээд хичээж байгаа байх өө. Амжилт хүсье өө...

Юу бичиж явлаа? Аан тийм шинэ сар. Өнөөдөр нэг ажиллачихвал 6-ныг дуустал амарна. Алтан долоо хоног...

За шинэ сардаа ч амны хаалтаа зүүгээд, гараа сайтар угаагаад, олон хөлийн газар явалгүй, дор бүрнээ хичээнэ шүү бүгдээрээ. Монгол хүн байна даа.